Categories
мэдээ спорт

Олимпоос анх медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Монголын баг тамирчид олимпийн наадмаас анхны медаль хүртсэний 50 жил, алтан медаль хүртсэний 10 жилийн түүхт ой 2018 онд тохиож байгаа билээ. 1968 онд Мексикийн нийслэл Мехикод болсон зуны XIX олимпийн их наадмаас Монголын чөлөөт бөхийн тамирчид болох хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат мөнгө, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын олимпийн медалийн буухиаг эхлүүлсэн түүхтэй. МҮОХ-ноос олимпоос медаль хүртсэний түүхт 50 жилийн ойг тохиолдуулан өчигдөр “Мехико-1968” олимпийн наадамд оролцсон тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

“Мюнхен-1972” олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнх, “Мехико-1968” олимпийн хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр нар оролцсон. Түүнчлэн гавьяат дасгалжуулагч Т.Мягмаржав, ОУХМ Д.Норолхоо, ОУХМ Амарсанаа нар хүрэлцэн ирж оюутан, тамирчин залуустай Мехикогийн олимпийн наадамд оролцсон түүхэн дурсамжаа хуваалцан, үнэтэй зөвлөгөө өгч, халуун дотно яриа өрнүүллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Яармагийн гүүрийн хойд уулзвараас ажилчны гудамж чиглэлийн замыг хаана

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250м газарт барилга угсралтын ажил хийгдэнэ.

Иймээс тавдугаар сарын 09-ны 22:00 цагаас есдүгээр сарын 03-ны 22:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

Эрхэм авто зам хэрэглэгчид Та бүхэн чиглэлээ зөв сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Уяачдын зөвлөгөөн боллоо

“Морин уралдааны уламжлал, шинэчлэл хөдөлгөөн”-өөс “МОНГОЛ НААДМАА АВАРЪЯ” уриан дор “УЯАЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН”-ийг өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд 21 аймаг, бүх сумдын уяачдын төлөөлөл болон адуу судлаач эрдэмтэд бүхий 400 орчим хүн цугласан байна. Монгол түмний зан заншлаас урган гарсан Үндэсний соёлын өвийг хойч үедээ зөв өвлүүлэн үлдээх, төлөвшүүлэх, хууль эрх зүйн шаардлагатай олон тулгамдсан асуудлыг зөв шийдвэрлэх нь талаар уяачдын санал бодлыг түлхүү тусгасан зөвлөгөөн болж өндөрлөлөө.

Зөвлөгөөнийг нээж “Морин уралдааны уламжлал, шинэчлэл хөдөлгөөн”-ий Ерөнхий зохицуулагч Н.Галбадрах хэлсэн үгэндээ Үндэсний соёлын өв уламжлалт морин уралдааныг хадгалах хамгаалах, мөн эрлийз монгол морьдыг маргаангүй ялгах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, наадамд оролцогчдын хариуцлага, уяачдын цол олгох үндэслэлийг өөрчлөх, унаач хүүхдүүдийн аюулгүй байдал зэргийг онцолсон юм.

Мөн уг зөвлөгөөнд “Монгол адууны соёлын өвийн тухай” сэдвээр адуу судлаач Н.Санжаадорж, “Монгол адууны удам зүй биологийн асуудал” сэдвээр доктор Г.Төмөрхадуур, “Монгол морин уралдааны хууль тогтоомж” сэдвээрХөдөлгөөний зохицуулагч М.Ариунболд, “Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал ба гадны орны жишээ” сэдвээр ХААИС-ийн МЗБТС-ийн зүахирал Шинжлэх ухааны доктор О.Баатарцогт нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Categories
мэдээ нийгэм

“УЛААНБААТАР МАРАФОН-2018” олон улсын гүйлтийн бүртгэл явагдаж байна

“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг 2018 оны тавдугаар сарын 19–ний өдөр нийслэл хотод тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өгсөн юм. Уг тэмцээн нь сонирхогчийн болоод марафон гүйлтээр хичээллэгчид гэсэн хоёр төрөл ангиллаар явагдах ба сонирхогчийн төрөлд 5000м гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн насны ангилал багтаж байгаа бол 1500м гүйлтэд гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /тэргэнцэртэй, хараагүй/ хамарна.

“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдарын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжсэн, гадаад, дотоодын нийтдээ 35 мянга гаруй иргэдийг хамруулсан, 2014 оноос эхлэн 3 удаа амжилттай зохион байгуулагдаж буй иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болоод байна.

Энэхүү гүйлтэд хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчдыг оролцуулах зорилгоор ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени зэрэг улс орнуудын тамирчдыг урьж урилга хүргүүлснээс Кенийн өндөр зэрэглэлтэй 6 тамирчин менежер болон дасгалжуулагчийн хамт оролцохоор саналаа ирүүлээд байгаа аж. Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Их Британи, АНУ, БНГУ, Австрали, Нидерланд, Финланд, Канад, Итали зэрэг 15 орны ЭСЯ-ны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл бүртгүүлжээ.

“Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг www.ub-marathon.ub.gov.mn сайтаар болон нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос томилогдсон мэргэжилтнүүд хариуцан явуулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ТИКА-гийн хөтөлбөрийн зохицуулагч Вэйсэл Чифтжи-г хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар хот дахь хөтөлбөрийн зохицуулагч Вэйсэл Чифтжи-г хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд “1994 оноос хойш ТИКА-гийн шугамаар Монгол Улсад 40 шахам сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжжээ. Эдгээр төсөл, хөтөлбөр монгол хүний сайн сайхны төлөө, хүүхэд багачуудын гэрэлт ирээдүйн тулд, ядарч зүтгэснийг асран тэтгэхэд голчлон чиглэж ирсэнд баяртай байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.Тэрбээр энэ оны гуравдугаар сард Туркийн Үндэсний Их Хурлын дарга И.Кахраманы урилгаар БНТУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоанд бараалхаж, хуучны дотно нөхрийн ёсоор уулзах үеэрээ хамтын ажиллагааны олон чухал асуудлыг хөндөж ярилцсан болон БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым, Шадар сайд Хакан Чавушолуге нар Монголд айлчилсан, Улаанбаатар хотноо Турк-Монголын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан болж, хоёр орны хамтын ажиллагааны ойрын үеийн үндсэн чиглэлийг тодорхойлсон зэргийг дурдаад, 2018 он Монгол, Туркийн харилцаанд онцгой жил болж байна гэлээ.

Түүнчлэн ирэх онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг шинэ ололт, амжилтаар угтана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат оролцсон бөгөөд ТИКА-гаас түүний сонгогдсон тойрогт хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлжээ.

ТИКА-гийн Улаанбаатар хот дахь хөтөлбөрийн зохицуулагч Вэйсэл Чифтжи цаг зав гарган хүлээн авч, уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод, хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлсээр байдагт нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад талархал илэрхийлэв.

Ноён Вэйсэл Чифтжи ТИКА-гийн Турк дэх төв оффист Монголыг хариуцсан ажилтнаар 3.5 жил ажиллаж байгаад Улаанбаатарт зохицуулагчаар томилогдсон хүн аж.

Тэрбээр Архангай, Булган, Говь-Алтай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв зэрэг аймаг, орон нутгуудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийн аж амьдралын тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж байдагтаа баяртай байдгаа илэрхийлэв.

Монгол анд нөхөд маань Турк орон, Туркийн ард түмний адил бэрхшээлтэй замыг туулж байгаа тул туслахыг, мэдлэг туршлагаа хуваалцахыг чин сэтгэлээсээ хүсдэг гэдгээ онцлов. ТИКА-гийн шугамаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, малын тоо толгойг өсгөх чиглэлээр малын тэжээлийн ургамал тариалах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран махны экспортыг дэмжих, орон нутагт фермерийн загвар аж ахуй хөгжүүлэх зэрэг олон төсөл хэрэгжүүлж байгаагаа тэрбээр танилцууллаа. Түүнчлэн “Бизнес хөгжлийн төв” байгуулж, Туркээс сургагч багш нар ажиллуулах, тус төвийн шугамаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, зөгийн аж ахуй байгуулан, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь монголчуудад туслах хүсэлтэй байдгаа илэрхийллээ.

Ноён Вэйсэл Чифтжи ТИКА-гийн Монголд үйл ажиллагаа явуулсан 20 гаруй жилийн түүхэнд жилд дунджаар 22-24 төсөл хэрэгждэг байсан бол сүүлийн 3 жилд 70-80 төсөл хэрэгждэг болсон нь бидний үйл ажиллагаа үр дүнд хүрч, монголчуудын дэмжлэгийг хүлээж байгаагийн илэрхийлэл юм гэлээ.

Тэрбээр Истанбул-ТИКА-Улаанбаатарын хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн 9 дүүрэгт Өрхийн эрүүл мэндийн 10 төв байгуулах төсөл удаашралтай байгаад дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын дарга М.Энхболдоос хүслээ.

УИХ-ын дарга М.Энхболд ТИКА-гийн үйл ажиллагаа цаашид ч үр дүнтэй, өгөөжтэй хэлбэрээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, УИХ-ын зүгээс болон хувиасаа бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах болно гэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд ТИКА-гийн хамт олонд талархал гардуулав.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ улс-төр

Гурван өдөрт хоёр хотод хийсэн ажил хэрэгч уулзалт

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хөх хотод ажлын айлчлал хийх хугацаандаа ӨМӨЗО-ны дэд дарга, Засгийн газрын намын бүлгийн гишүүн Ай Лихуатай уулзалт хийсэн. Хөх хотод хийсэн уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.

ӨМӨЗО-ны дэд дарга, Засгийн газрын намын бүлгийн гишүүн нь БНХАУ-даа нөлөө бүхий улстөрч эмэгтэй. Тэрбээр ӨМӨЗО-ны Улаанхад хотын Ү-дан багшийн их сургуулийн багшаас өгсүүлээд Засгийн газрын намын бүлгийн гишүүн, дэд дарга хүртлээ дэвшсэн. ӨМӨЗО-ны Радио, телевизийн захирал, Хэвлэл, кино, телевизийн дарга, Ү-хай хотын намын дэд дарга, хотын даргаар ажиллаж байсан түүхтэй.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн Хөх хотод хийсэн айлчлал өндөрлөөд удаагүй байхад ӨМӨЗО-ны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцсан ажлуудаа батжуулж байгаад талархаж байна. Энэ оны долоодугаар сарын 6-8-ны хооронд Улаанбаатар хотноо “Мөнх тэнгэр” сэдвийн дор Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг зохион байгуулна. Энэ наадамд ӨМӨЗО-ны соёл, урлагийн байгууллагын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцуулахыг хүсч байна.

Түүнчлэн Хөх хотын нэрэмжит ногоон байгууламж бүхий гудамж байгуулахад онцгойлон анхаарч ажиллах, аялал жуулчлалын салбарт ч ахиц гаргахын төлөө хоёр тал үр дүнтэй ажиллаж чадна гэж бодож байна. Хүй долоон худагт байрлах “Монгол наадам цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах саналтай байна” гэлээ. ӨМӨЗО-ны дэд дарга Ай Лихуа “Найрсаг сайхан угтаж авсан Улаанбаатар хотын дарга танд талархлаа. Гурав хоногийн дотор та бид Хөх хот, Улаанбаатар хотод харилцан хоёр удаагийн ажил хэрэгч уулзалт амжилттай хийж байна. Энэ удаагийн айлчлалдаа Баяннуур хотын дэд дарга Гуо Ган, ӨМӨЗО -ны аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жэн Ипин нарыг зориуд бүрэлдэхүүндээ багтаасан. Баяннуур хот нь газар тариалан, сэргээгдэх эрчим хүч өндөр хөгжсөн хот. Энэ салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бидэнд бий. Мөн аялал жуулчлалын салбарт таны хэлсэнчлэн бизнес, иргэд, эрүүл мэндийн чиглэлээр хөгжүүлэх боломж бий“ гэсэн юм. Тэрбээр Монголын сайхан оронд урьж, өвс ногоо цухуйж байгаа энэ сайхан улиралд зочилж байгаадаа баяртайгаа байгаагаа хэллээ. Ийнхүү ӨМӨЗО -ны дэд дарга Ай Лихуа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар 3 хоногт, хоёр хотод ажил хэрэгч яриа хэлэлцээг амжилттай хийлээ.

Хатагтай Ай Лихуа нь Гадаад хэргийн яамны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 3 хоногийн хугацаанд айлчлахдаа Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатартай албан уулзалт хийж, Дорноговь аймгийн Сайншанд хотод зочилно. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Ц.Цэрэнбаттай уулзах хөтөлбөртэй гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Уих-ын гишүүн Хаянгаагийн Болорчулуун танаа ил захидал

Эрхэм гишүүн танд энэ өдрийн мэндийг хүргэе.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун та санаачлан нэр бүхий 8 гишүүн Монгол төрийн баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан үндэсний эрх ашиг, өв соёл, үеийн үед дээдэлж ирсэн үнэт зүйл, итгэл үнэмшлийнхээ үүднээс хэдэн зүйлийг хэлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Сайхан Монгол орныхоо уулс дунд нь би, уужим талд нь та төрсөн биз ээ. Жижиг сонирхол,жижиг эрх ашгийн цаана” том эрх ашиг” бүдгэрсээр байгааг эх орны баруун зүүн хязгаар нутагт төрсөн та бид хоёр ч ялгаагүй хамтдаа харж байна. Монголчууд бид өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, бахархах түүхтэй, үнэт зүйлтэй, өв соёлтой ард түмээн. Хэдхэн жилийн өмнө Монгол бөх, морио геннесийн номонд бүртгүүлж, монголчууд бид дор бүрнээ бахархаж баярлаж байсаан.

Гэвч өдгөө эв эеээ хичээхгүй байдал хаа сайгүй ажиглагдах болжээ. Нам улс төр,бизнесийн бүлэглэл болон хуваагдаж талцаж байгааг энд дурдахыг хүссэнгүй. Гэхдээ талцал хуваагдалд ашиглаж болдоггүй “үнэт зүйл” гэж байдгийг танд ойлгуулахыг хүсч байна. Өнөөдөр Монгол бөх морио ярьж хагаралдах байдал ажиглагдаж байгаад үнэн голоосоо эмзэглэж байгаа. Монгол төрийн баяр наадмын тухай хуулинд зургаан насны морь гэж байсан. Зургаан насны морио уралдуулж баяр наадмаа хийж монгол ёс заншлаа дээдэлж хөдөлмөрлөж амжилт гаргасан уяачдыг төр засаг урамшуулж төрийн цол чимэг хайрлаж байсан уламжлалыг эвдэж эрлийз гурван насыг нэмсэн. Энэ хууль дүрмээр сүүлийн хэдэн жил Монгол түмэн баяр наадмаа хийж хэл ам хэрүүл тэмцэлд Монгол уяачдын цог хийморь бүдгэрч түмэн олон гайхшралд автав.

Өнгөрсөн жилийн Монгол Улсын баяр наадмын комиссын дарга Монгол наадамд монгол морь уралдуулах тухайгаатунхаглаж үүнд монголын малчин түмэн магнай хагартал баярлаж байсан. Дараа жилийн наадам даанч холыг дурсан нааддаг монгол түмэн энэ жилийн наадам дахин эрлийзгүй болохыг хүсэмжилжитгэж сууна. Урьд жилийн баяр наадмын комиссын морины үүлдэрлэг асуудлыг хариуцсан, яамны газрын даргаар ажиллаж байсан хүн өнөөдөр ажилгүй байгаа.Монгол морьдоо уралдуулсаныхаа төлөө эрлийз морь хассаны төлөө ийм зэмлэл шийтгэл хүлээжөнөөдөр ажилгүй болсонгэж би иргэн хүнийхээ эрхийн хүрээнд хардаж суудаг. Түүн рүү чиглэсэн яриа наадмын дараа эрлийз адуутай уяачдын ам дамжиж том дарга нарын чихэнд хүрч өнөөдөр ажилгүй болсон ч Төрийн наадмын тухай хуулиа биелүүлж олон жил ужигарсан явдлыг эцэс болгох эхлэлийг тавилцсан түүнд түмэн олон баярлах цаг ирнэ гэдэгт би итгэдэг. Монгол морины уралдаанд дүүрэн сайхан хүлгүүд тоосоо өргөдөг. Гэтэл эрлийз арван морь уралдуулж түрүүлүүлээд тэр хүн Монгол Улсын цол чимэг авчихаж байна. Энэ шударга ёс мөн үү? Энэ асуудлаас болж монголын малчин ард түмэн, нүүдэлчний соёл түүх ахуйг бүтээсэн энэ ард түмний олон зуун жил хийж ирсэн хөдөлмөрийг үгүй хийж, хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшлийг нь мохоож байна.

Монгол хүн монголын түүх монгол адуутай салшгүй холбоотой бөгөөд төрийн сүлдэндээ дээдлэн залсан ард түмэн билээ бид. Үлгэрт мөнхөрсөн цолмон хонгор унагатай цуутын цагаагч гүү, нууц товчооны хүлэг морьд, эх орны дайнд эрэмгий чадлаараа түүхэнд монгол адуу бичигдэж үлджээ. Монголчуудын ёс уламжлал, түүх соёл, итгэл үнэмшил, хийморь лундаа энэ л адууны соёлоор дамжиж өдгөө хүрсэн. Хурдан морь уях ур ухаан, адууны дагалдах тоног, түүнээс улбаатаймонголчуудын түүх, өв уламжлал, ёс заншлыг аргамжиж хойч үедээ үлдээх арга боладууны их соёл түүнийг зөв зүгт залах жолоо, хөтлөх цулбуур ньэнэ цаг үед Та бүгдийн батлах хууль юм шүү. Эрхэм гишүүд та бүгдийн ашдын зорилгодоо хүрэх эмээлт хүлэг чинь эрлийз байх аваас урт холын замдаа цуцаж мэдэх,орон нутгийн сонгочид тань танихгүй байж магадгүй л юм шүү. Одоо бүр сүүлдээ учраа олохоо болиод аль нь зөв буруу мэтээр ард түмнийг талцуулах боллоо. Үе дамжиж ирсэн үнэт зүйлсээрээ оролдож явцуу хэдэн хүний хүрээнд хийгддэг “эрлийз” адууны далд бизнесийг хамгаалж ,улс төр бизнесийн бүлэглэлд тал засахдаа төрийнхээ сүлдэнд байдаг морин эрдэнээ монголоо шахаж хүчгүйдүүлэх болсонтой эвлэр ч ердөө ч чадахгүй нь ээ. Та бид хоёр адилхан морь малын зах зухаас мэдэх, уяж уралдуулж, урд хойноо орж сайхан нөхөрлөж явсан улс. Монгол Улсын алдарт уяачийнхаа хувиар ч, найз нөхдийнхөө хувиар ч эрхэм гишүүн тантай хоёр ч удаа уулзаж энэ сэдвээр ярилцаад тус нэмэр болсонгүй .

Та бүхний санаачилж байгаа хуулийн төсөлтэй хуульч хүнийхээ хувьд дахин танилцаж хэд хэдэн удаа ч харлаа. Эрлийз Монгол морины маргааныг тасалж хуульчилж цэгцлэх нь зөв. Ийм үүрэг ч төрд бий. Гэхдээ үүргээ ухамсарласан дүр эсгэж хэдхэн хүний бизнесийн эрх ашгийг хуульчлах гэж байгаад харамсаж байна. Эрхэм гишүүн та хэлэхдээ “Би зөвхөн морины сэрвээг тогтоогоод сэрвээгээр хэмжээдявах ёстой гэж ойлгож байгаа. Харин үүлдэрлэг байдлыг тогтоох боломжгүй” хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Хуулийн үзэл санаанд ч яг ийм заалтыг оруулжээ. Өнөөдөр сэрвээ намхантай адууг эрлийзжүүлээд бараг 25 хувь руу орчихсон, сэрвээ намхан эрлийз адуунууд нэгэнт бий болсон гэдгийг эрхэм гишүүн та мэдээгүй судлаагүй байна уу, эсвэл мэдэн будилаад байгаа юу? Үүлдэрлэг шинжийг ялгах боломжгүй гэж хэлж байгаа таньд Монголоо гэх сэтгэл алга уу? Хэрвээ танд сэтгэл зүрх, монгол тэмүүлэл байгаа бол аргачлал олдож л таараа. Намайг ялгаж чадахгүй гэж хэлэх нэг өөр.

Харин Монголын олон арван мянган малчин уяач удмынхныг тэгж доромжилж болохгүй гэдгийг эрхэм гишүүнд анхааруулья. Би ч, малчин түмэн маань ч хараад л мэднэ. Сүүл нь шингэн, дэл нь шингэн, хошуу нь шөвгөр эрлийз адууны дэргэд том толгойтой, өтгөн дэл сүүлтэй монгол морио танихгүй болтлоо төрөл арилжчихсан гэжүү?Гэтэл монгол адууг цусаар нь дамжуулж устгах бодлогыг та монгол төрөөр нь хуульчлуулах гээд явж л байдаг. Баян чинээлэг цөөн хүмүүсийн далд бизнесийг дэмжихээр улайран зүтгэж байгаа та нөхдийн хуулиар Монголын жирийн малчин уяач иргэд сум аймгийнхаа наадамд ч монгол морио уралдуулж айраг түрүү авч чадахгүй гутамшигтай байдалд хүрэхнээ.

Үүнийг л үндэсний гутрал гэдэг юм даа. Тэдний жилийн дөрвөн улирлын хөдөлмөр, уламжлал соёл итгэл үнэмшлийг үгүй хийх оролдлогоо зогсоож хуулиа судалгаа нотолгоо итгэл үнэмшил үндэсний үзэл баримтлалдаа тулгуурлаж монгол морь уралдуулдаг уяачдынхаа санал бодлыг сонсож хуулиа боловсруулахыг эрхэм гишүүд та бүхэнд хичээнгүйлэн хүсье. Бас монгол мориныхоо үүлдэрлэг байдлыг хуулийнхаа зүйл заалтаар тодорхойлж өгөх учиртай. Монгол төрийн баяр наадамд уламжлал ёсоор зургаан насны морь л уралдах ёстой. Есөн насны морь уралддаг эрлийз адууны бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төр бодлогоор дэмжиж байгаа нь монгол улсын тусгаар тогтнолын эсрэг үйлдэл хэмээн үзэж байна. Эрлийз морь төрийн баяр наадамд уралдуулдгийг хуулиар нэг мөр хаах ёстой. Тэгж байж монгол мориныхоо соёл, ёс заншил, тусгаар тогтнолоо авч үлдэнэ.Төрийн түшээдийн дэмжлэгтэйгээр үржүүлсэн эрлийз адууны бизнес эрхэлж байгаа цөөн хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Тэр хүмүүс өндөр бооцоот уралдаанаа зохион байгуулаад явахдэлхийн эрлийз морьдын уралдаанд хүчээ үзэх эрх нээлттэй шүү.

Ардчилсан нийгэмд хүний эд хөрөнгөрүү хэн ч халдах учиргүй гэдгийг миний бие сайн мэднэ. Цэр нь цээжинд бөөр нь бөгсөнд байвал болох нь тэр. Эрлийз адууг бодлогоор дэмждэг Морин спорт Уяачдын холбооноос монгол морины үүлдэр угсааг сайжруулсан гэж ярьдаг. Монгол морь угаасаа эрч хүч сайтай ясанд нь ясан чанар, цусанд нь цусан чанар дамжсан удам үүлдэр угсаа сайтай дэлхийн шилдэг адуу юмаа. Чингис хаан Монгол морио унаад дэлхийн хаан болж байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн монгол морьтой холбоотой түүхийг та ч мэднэ. Тэсвэр хатуужилтай хүч чадалтайгаараа гайхагдсан. Үнэхээр үүлдэр угсаа сайжруулах гээд байгаа нөхдүүдэд хонь ямаагаа аваад ирээ. Үхэр, тэмээнийхээ үүлдрийг сайжруулаачээ гэж зөвлөх байна. Уяачдын холбооны судалгаагаагаар Монгол Улсад 70-аас 80 мянган уяач бий хэмээн бахархан ярьдаг. Тэгвэл 70000 уяачаас үсрээд 70 хүн л үүнийг хийж байна. Яг эрлийз морь зохион байгуулалттай үржүүлж байгаа 10 хуруунд багтах хүн л бий. Тэднээс өгч авалцдагтайгаа нийлээд ердөө л 70 хүн. Монгол төр өнөөдөр улс төр бизнесийн эрх ашиг бүхий 70 хүний эрх ашгийг дэмжих үү? 70000 уяачийнхаа хөдөлмөр соёлыг дэмжихүү гэдэг дээр тулж ирлээ. Энэ бол Монголын соёл уламжлал, зан заншил, итгэл үнэмшил, сүлд хийморь, үндэсний орь хүслэн, тусгаар тогтнолын тухай асуудал учраас эрхэм гишүүн танд хаяглан энэхүү захидлыг илгээлээ.

Хөх Монголын минь буян заяат Монгол уяачдын цог хийморь бадарч, Төрийн минь сүлд өршөө.

Таныг хүндэтгэсэн:

МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ, СЭТГҮҮЛЧ, ХУУЛЬЧ

ШИРНЭНБАНЬДИЙН АДЬШАА

2018 оны 05 сарын 04

Улаанбаатар хот

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын сугалаа 20-нд болно

НӨАТ-ын урамшууллын 2018 оны тавдугаар сарын сугалааны тохирол тавдугаар сарын 20-ны ням гаригт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны дөрөвдүгээр сарын 1- 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Инновацийн долоо хоног болно

БСШУСЯ-наас ирэх долоо хоног буюу тавдугаар сарын 07-13-ны өдрүүдэд “Инновацийн долоо хоног-2018” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.Энэхүү долоо хоногийн үйл ажиллагаа нь нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд мэдлэгийн эдийн засаг, инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацийн түншлэлийг өргөжүүлэх замаар улс оронд мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх, хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэхэд зорилготой ажээ.

Инновацийн долоо хоногийн хүрээнд “Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үе ба Монгол Улсын хөгжлийн асуудлууд”, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” онол практикийн бага хурал, “Инновацийн түншлэл-Хөгжлийн гарц” чуулган, “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” форум, үзэсгэлэн зэрэг арав гаруй арга хэмжээ зохиогдох юм байна.

Categories
мэдээ нийгэм

С.Эрдэнэцэцэг: Улс төрөөс боловсрол ангид байвал чичиргээ нь багасна

МУБИС-аас жил бүр уламжлал болгон зохиодог олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ жил “Боловсролын чанар, үр дүн” сэдвийн хүрээнд 2018 оны тавдугаар сарын 4-5-ний өдрүүдэд Blue Sky зочид буудалд болж байна. Энэ үеэр хуралд илтгэгчээр оролцож байгаа МУБИС-ийн Насан туршийн боловсрол, зайн тэнхимийн сургалтын багш С.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.

-Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг төгсөгчдийн боловсролын чанар өнөөгийн түвшинд ямар байгаа вэ?

-МУБИС Монгол оронд багш бэлтгэх ажлыг олон жилийн турш дангаар хариуцан ирсэн. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш бидэнтэй хамтрагч байгууллагууд олширсон. 97 их дээд сургуулийн 42 нь багш бэлтгэж байна. Тийм учраас Монгол Улсын багш бэлтгэх өнөөгийн байдал дээр дангаараа хариулт өгч болохгүй гэж үзэж байна.

МУБИС-ийн багш бэлтгэж байгаа түвшинд юу хийж байна вэ гэдэг тал дээр хариулт өгье. Манай сургууль багш боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх ажилд анхаарлаа хандуулж ажилладаг. Тийм учраас багш бэлтгэх бакалаврын түвшний хөтөлбөрөө сайжруулах ажлыг тасралтгүй хийсээр ирсэн. Хамгийн сүүлийн том шинэчлэл 2004 оноос хойш хийгдсэн. 2008 онд иж бүрэн шинэчлэл хийсэн. Хөтөлбөр шинэчилнэ гэсэн асуудал тасралтгүй явагдаж байдаг учраас одоо хөтөлбөрийн дотроо үнэлгээний шинэчлэлээ яаж хийх үү гэдэг асуудал яригдаж байна. Яагаад энэ олон шинэчлэлүүдийг гэнэт яриад байна вэ гэвэл нийгмээс боловсон хүчиндээ тавигдаж байгаа шаардлага нь байнга өөрчлөгддөг. Тэр шаардлагад нийцүүлээд мэргэжилтнээ бэлтгэнэ гэдэг тасралтгүй шинэчлэгдэнэ гэсэн үг. Төгсөөд гарч байгаа багш нарын хувьд янз бүрийн санаануудыг хэлдэг. Нэгдүгээрт ажлын байрны хангалт, хоёрдугаарт нийгмийн өөрчлөлт, гуравдугаарт багшилж байгаа хүмүүсийн ажлын байрны чанарын тухай асуудал ярина. Манай сургуулийн бага боловсролын сургуулийг төгсөж байгаа багш нар төгсөөд хэрэгцээ шаардлага өндөр байгаа учраас 100 хувь ажлын байртай болдог. Энэ юутай холбоотой вэ гэвэл нийгэмд гарч байгаа ажлын байрны урсгалтай холбоотой. Манай багш нар гадаад руу их шилжиж байгаа. Энэ нь ажлын байрны урсгалыг ихээр нэмэгдүүлж байна. Сүүлийн үед хүн амын өсөлт, төрөлт нэмэгдсэн. Энэ хэрэгцээ шаардлага нь багшийн тоог нэмэгдүүлэхийг аяндаа шаарддаг. Гэтэл зарим мэргэжлийн багшийн ажил жилд маш цөөхөн гарч байдаг. Жишээлбэл Монгол хэлний мэргэжлийн багш. Энэ чиглэлийн багш нар тогтвортой ажиллах боломжтой байх гэх мэтээр төгсөгчийн ажлын байртай болох боломжид нөлөөлдөг нэгдүгээр хүчин зүйл. Хоёрдугаарт хөтөлбөрийн чанар төгсөгчдийн боловсролын чанарт нөлөөдөг. Хөтөлбөрийн чанар гэдгийн цаана бид МУБИС-аас үзүүлж байгаа боловсролын үйлчилгээний чанарыг авч үздэг. Зах зээлийн аль ч орны боловсролын үйлчилгээг харахад хөтөлбөр сонгож мэргэжлээ сонгодог. Тийм учраас манай сургуулийн хөтөлбөр чанартай болж байгаагийн хэрээр элсэгчийн тоо өсөх хандлагатай болсон. Төрөөс барьж байгаа бодлого нь багшаар сурч байгаа суралцагчдад тэтгэлэг олгодог болж. 650-аас дээш оноотой, 700-аас дээш оноотой гээд түвшинчилээд тэтгэлэг өгч байгаа нь багшийн чиглэлээр сурч байгаа хүмүүсийн тоог нэмэгдүүлж байгаа. Үүнийг дагаад багш нар маш их өөрчлөгдөж байна. Элсэгч маань ЭЕШ-ын оноо өндөртэй орж ирж байгаа нь хичээлийн чанар, багшид өөрчлөлт гарч байгаа. Тийм учраас МУБИС эрчимтэй хөгжлийнхөө үе шатан дээр явж байгаа гэж боддог.

-Ерөнхий Боловсролын Сургуулийг төгсөж байгаа сурагчдын чанар хэр байгаа вэ?

-Нийгмээрээ ЕБС-ийн сургалтын чанар муу, их сургууль муу гэж ярьдаг. Би 30 гаруй жил боловсролын салбарт ажиллахдаа юуг анхаарах ёстой вэ гэдгийг харсан.

Хүүхдүүдийн чанар муу байна гэж байгаа бол бэлтгэж байгаа багш муу байна гэсэн үг. Энэ бол тогтолцооны асуудал, үүний нэг элемент. Тогтолцооны нэг элемент нь сайн байгаад тогтолцоо нь муу байна гэж үзэх боломжгүй. Энэ юутай холбоотой вэ гэвэл ЕБС-ийн суудлын тоо хүнийхээ тоонд хүрдэггүй. Нэг ангид байгаа суралцагчдын тоо хэтэрсэн. Нэг багшийн ажлын ачаалал маш их нэмэгдсэн. Багшийн өөрийгөө хөгжүүлэх, өөртөө цаг гаргах, боловсролын чанараа дээшлүүлэх, судалгаа шинжилгээ хийх цагууд нь хумигдсан. Дээр нь багшийн цалин нэмэгдэхгүй байгаа. ЕБС-ийн багш нарыг ажлын байрандаа хөгжих боломжийг дэмжиж байгаа боловч бие дааж хөгжих боломж нь ачааллын хувьд зөрүүтэй байгаа байдал нь чанарт нөлөөлж байгаа. Нийгэм өөрчлөгдсөнтэй холбоотой хүнд тавигдаж байгаа шаардлага нь зөвхөн шинжлэх ухааны мэдлэгээр хязгаарлагдахаа больсон. Нийгэмшэхүйн тодорхой чадваруудыг нэхдэг болж. Ийм цаг үе болсон учраас тэр тал нь орхигдоод байгаа юм болов уу. Тэгэхээр хүмүүс тэр хүнийг чанаргүй гэж бусад нь ойлгоод байдаг байж магадгүй гэж боддог. Тийм учраас манайд ирж байгаа хүүхдийг чанартай чанаргүй гэдэг ойлголтыг аль өнцгөөс хараад, хэн тайлбарлаад байна гэхээс бас их холбоо байна.

-Боловсролын үнэлгээг орчин үеийн стандартад нийцүүлэн яаж гаргадаг болсон бэ?

-Боловсрол өөрөө даяарших явцын нэг гол хүчин зүйл. Монголчууд бид Монгол Улсын хөгжлийг тодорхойлохдоо дэлхийн боловсролын түвшингээр хаана явж байна гэдгээр л тодорхойлно. Тэгэхээр төрийн зүгээс та нар дэлхийн боловсролын түвшинд хүрсэн байх ёстой гэж хэлээд, бодлого гаргаж, хууль тогтоочихоод энэ ажил боллоо гэж бодвол түүн шиг худлаа зүйл байхгүй. Бид дэлхийн боловсролын стандартад хүрье гэж бодож байгаа бол тэр түвшний орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх шаардлагатай. Стандартад нийцсэн ямар номын сантай байх ёстой юм, ямар ажлын үнэлэмжтэй байх ёстой юм, нэг багшид хэдэн хүүхэд ногдох ёстой юм, нэг сургуульд сурч байгаа суралцагчийн тоог яаж бууруулах гэх мэт ийм чиглэлүүдийг анхаарах ёстой. Сүүлийн үед сургууль цэцэрлэг нэмж барина гэж их ярих болсон. Тэгэхээр энэ байдал 4-5 жилийн дараа сайжрах байх гэж найдаж байна.

-Хөтөлбөрийг яаж өөрчилбөл сургалтын чанар сайжрах вэ?

-Өнөөдөр хүмүүс сургалтын хөтөлбөр хурдан өөрчлөгдөөд байна, үр дүн гарахгүй байна гээд байдаг. Багш нар ч хурдан өөрчлөгдөөд байна гээд байдаг.Ер нь яг хөтөлбөр судалдаг, боловсрол судалдаг хүмүүсийн өнцгөөс харах юм бол хуучнаараа амьдрах боломжгүй хурдан өөрчлөгдөж байгаа учраас түүнийг дагаад бид бас хурдаа нэмэхээс өөр аргагүй. Хөтөлбөрийг хөгжүүлье гэдэг үйл явц маань нэг хөтөлбөр гаргаад хүлээгээд л байж байгаад арван жил болчихдог зүйл биш. Энэ бол тасралтгүй сайжирч байдаг, өргөтгөгдөж байдаг, гүнзгийрч байдаг үйл явц. Цэцэг услах тусам ургаж, хүн хооллох унтах тусам өсөж байдагтай адил тасралтгүй хөгжиж байдаг ийм үйл явцыг ямар нэгэн чанарт нөлөөлж байгаа буруу үзэгдэл мэт ойлгодог. Ингэж харах нь олон нийтийн дунд их байгаа нь харамсал төрүүлдэг. Тиймээс бид тасралтгүй сайжирч хөтөлбөрөө шинэчилж байж тэр хүнд тохирдог гэдгийг ойлгох ёстой. Яагаад гэвэл өнөөдөр бидний урд сууж байгаа хүүхэд тасралтгүй хөгжиж байгаа. Өчигдөр найман настай байсан маргааш есөн настай болно гэж бодохын аргагүй. Танин мэдэхүйн нь байнга өөрчлөгдөж байдаг тул бид энэ зүйлүүдийг анхаарч хөтөлбөрөө байнга шинэчлэхээс өөр аргагүйд хүрдэг. Харин бид энэ шинэчлэлд өөрсдөө бэлэн байх шаардлагатай. Нийгэм хурдан дасан зохицож, өөрчлөлтийг хүлээн авдаг байх, үүнийг хүлээж аваад дэмждэг уур амьсгал бас хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд жил бүр сурах бичиг солигддог боллоо гэсэн шүүмж их байх болж. Энэ нь хөтөлбөрөө дагаад шинэчлэгдэж байх ёстой юу?

-Сурах бичиг гэдгийг бид цаасан дээр бичсэн үг үсэг төдий гэж ойлгох нь харамсалтай. Харин сурах бичгийг найдвартай тогтвортой нэлээд удаан ашиглагдахаар хийх ёстой. Боловсруулах үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлагатай. Жил бүр сурах бичиг нь өөрчлөгддөг биш, сурах бичиг нь байж байдаг түүнийгээ өөрийнхөө нөхцөл байдалд тохируулан хэрэглэдэг арга зүй хэрэгтэй. Яагаад гэвэл манайх ядуу орон. Гэтэл жил болгон сурах бичгүүдийг дахин дахин шинэчлэхийн оронд чанартай сурах бичгээ боловсруулаад түүнийгээ хэрэгцээндээ тохируулан хэрэглэх соёлыг нэвтрүүлмээр байгаа юм. Энэ дахин дахин хэвлэснээс илүү үр дүнтэй гэж би ойлгодог.

-Байн байн сурах бичгийг шинэчлэх нь юутай холбоотой вэ?

-Нэгдүгээрт өмнөх сурах бичгээ хэрэглэх боломж нь хязгаарлагддаг байх. Хоёрдугаарт боловсролд улс төр их хутгалддаг болж. Тийм учраас гарч ирж байгаа Засгийн газар болгон бодлогоо хэрэгжүүлнэ гэх нэрээр боловсролыг дэмжихээс илүү хөдөлгөөнд оруулах байдал их болж. Улстөрөөс ангид байвал боловсролд чичиргээ багасна. Энэ чичиргээ багасахын хэрээр урт хугацааны сурах бичгүүд, арга хэмжээнүүд бий болно гэж харж байна хэмээн ярив.

МУБИС-ийн зүгээс уг хуралд өндөр ач холбогдол өгч байгаа. Хурлаас гарсан судалгааны дүнд тулгуурлан сургалтын үйл ажиллагаа сайжруулах, гадаадын их дээд сургуультай судалгааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилт тавьжээ.

С.ОТГОНБАЯР