Categories
мэдээ нийгэм

Сайншандын салхин парк анхны салхин турбины угсралтаа амжилттай хийлээ

Сайншандын салхин парк нь Монголын хамгийн том Салхин станц бөгөөд 55МВт суурилагдсан эрчим хүчийг ашиглалтад оруулснаар Засгийн газрын 2020 он гэхэд 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтод нийцэж байгаа билээ.

Сайншандын салхин парк төсөл нь 200 сая тонн хүлэмжийн хийг бууруулж, ногоон хөгжлийг дэмжиж байгаа төслийн нэг юм.

Бидний төслийн чухал үе шат болох, анхны салхин турбины угсралтын ажил амжилттайгаар болсныг, албан ёсоор мэдэгдэхэд таатай байна.

Шороон шуурга, цасан шуурга ба бусад байгалийн үзэгдлүүдийг даван гарч, Хөдөлмөр,аюулгүй байдлыг хэрэгжүүлснээр алдаа тотгоргүй, аваар осолгүй хэрэгжүүллээ.

“Гараа сайн бол бариа сайн” гэдэг шиг Сайншандын салхин парк төслөөс хамтарч ажиллаж байгаа инженерүүдэд ба байгууллагуудад цаашид инженерийн шийдэл, ур чадвараар цаашид баригдах 24 турбиныг амжилттай босгох ерөөлийг дэвшүүлье.

Ногоон хөгжлийн төлөө Сайншандын салхин станцын хамт олон

Categories
мэдээ нийгэм

Малтай өрхүүдийг зөвшөөрсөн бүсэд суурьшуулах ажлыг зохион байгуулж байна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”, Нийслэлийн Засаг даргын захирамжийн Чингэлтэй дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт буй 47 мал бүхий өрхүүдийг хориглосон бүсээс гаргаж, зөвшөөрсөн бүсэд суурьшуулах ажлыг зохион байгуулж байна.

Дээрх малтай өрхүүдийг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийны ферм, Ногоон толгой 335 дугаар гармын хэсэгт суурьшуулахаар шийдвэрлэсэн. Уг ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр дүүргийн 19 дүгээр хорооны Иргэний танхимд эдгээр 47 өрхтэй уулзалт зохион байгуулж, мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс нутаг руу нүүлгэх ажлын талаар танилцуулсан юм.

Одоогийн байдлаар Сонгино хайрхан дүүргийн байршилд суурьших хүсэлтэй 39, Баянзүрх дүүргийн байршилд суурьших хүсэлтэй 1, нийт 40 өрхийн малаа гаргах хүсэлтийг хүлээн авч тухайн дүүргүүдийн Газрын албатай хамтран газрыг оноох, суурьшуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 1-ний байдлаар дүүргийн нутаг дэвсгэрээс нийт мал бүхий 47 өрхөөс 31 өрх буюу 65 гаруй хувь нь малаа зөвшөөрсөн бүсэд гаргасан гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлынхан 15 шинэ машин авахаар болжээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхээр болсон юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас тендер зарлажээ. Тендерийн материал хүлээн авах хугацаа өчигдөр дууссан байна. Энэ төслийн хүрээнд гурван сая еврогийн өртөг бүхий гал унтраах зориулалтын дунд оврын 13 автомашин, удирдлагын зориулалттай нэг, шуурхай албаны нэг нийт 15 авто машин нийлүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь нь баталгаатай цэвэр усаар хангагджээ

Олон улсын холбогдох байгууллагуудын сүүлийн үеийн судалгаагаар дэлхий нийтийн 7.6 тэрбум хүн амын 8.7 хувь буюу 660 сая гаруй хүн баталгаатай цэвэр усны хүрэлцээгүй, усан хангамжийн дутагдалтай нөхцөлд амьдарч байгаа ажээ. Харин манай улсын хувьд баталгаатай цэвэр усаар хангагдсан хүн амын эзлэх хувь 2015 оны байдлаар 65 хувь байжээ. Өөрөөр хэлбэл манай улсын нэг сая орчим хүн баталгаагүй, ил задгай болон зөөврийн усыг ундандаа хэрэглэсээр байна. Энэ нь иргэдийн эрүүл мэнд тодорхой хэмжээнд өвчлөлд өртөх эрсдэлтэй гэсэн үг аж. Монгол Улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд 2020 он гэхэд хүн амынхаа 80 хувийг чанарын шаардлага хангасан, баталгаатай ундны усаар хангах зорилт тавьжээ.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр-Хаврын баяр 2018” маргааш болно

Монголд анх удаа “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр-Хаврын баяр 2018”-ыг энэ ням гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Хаврын баярыг Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ-аас санаачилж, МЗХ, СУИС, Сити Их Сургууль, Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулах аж. Дэлхийн паркуудын 7 хоногийг жил бүр Ази Номхон далайн бүс нутаг, Америк, Европын улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг бол 2018 онд 4-р сарын 28-аас 5-р сарын 6-ны хооронд дэлхийн улс орнуудад төрөл бүрийн арга хэмжээ болдог байна. Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдрөөр орон бүр өөрийн оронд зохион байгуулдаг арга хэмжээ, үйл ажиллагааны мэдээллийг www.worldurbanparks.org албан ёсны сайтад байршуулж олон нийтэд түгээн дэлгэрүүлдэг юм. Энэхүү өдрийг Монголд анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үзэсгэлэнгийн зорилго нь иргэд олон нийтэд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн соёл, ач холбогдлыг илүү таниулах, цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээг сайжруулахад сонирхогч талуудын анхаарлыг хандуулах, дэлхийн улс орнуудын сайн туршлагуудыг бусдад сурталчлах, “ногоон хариуцлага”-ын талаар ойлголт өгөх, эрүүл, цэвэр агаартай орчинд амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх сонирхолтой иргэдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэх юм.

Уг арга хэмжээнд төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, урлаг соёл, боловсролын салбарынхан уригдсан бөгөөд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээж үг хэлэх юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохиогдох хаврын баярын өдөр олон нийтийг хамарсан төрөл бүрийн хөтөлбөр зохиогдох ба дэмжигч байгууллагуудын баярын жагсаал, “Ногоон экспо” үр бордоо, суулгацын худалдаа, зөвлөгөө өгөх, хүүхэд залуучуудын урлагийн тоглолт, соёлын болон мэдээлэл түгээх нөлөөллийн ажлууд зохиогдоно. Сонирхсон хүн бүхэн арга хэмжээг зорин очих боломжтой ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Мөнхмандах: Монголын сонинуудыг судалгааны бүх жилүүдэд “Өдрийн сонин” тэргүүлсээр байна

Өчигдөр Монголын хэвлэлийн хүрээлэнд “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” мониторингийн 19 дэх жилийн тайланг танилцууллаа. Тухайн тайланд 2017 оны хэвлэл мэдээллийн маш нарийн тоон мэдээлэл багтжээ. Тухайлбал, 2017-2018 онд үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын бүрэн мэдээлэл, хаяг, холбоо барих утас зэрэг нь багтжээ. Мөн тус хүрээлэн өнгөрсөн лхагва гаригт хэвлэлийн тав дахь засаглалын тухай гадаад, дотоодын мэргэжилтнүүдийг оролцуулсан сонирхолтой хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэ тухай Монголын хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандахтай ярилцлаа.


-Өнгөрсөн лхагва гаригт та бүхэн хэвлэлийн тав дах засаглалын тухай танилцуулсан. өнөөдөр (өчигдөр) “монголын хэвлэл мэдээлэл” тайлангаа танилцууллаа?

-Тийм ээ. Өнөөдөр монголчуудад танил биш хэвлэлийн тав дахь засаглалын тухай ойлголтыг иргэд болон улстөрчдөд таниулах нь тулгамдсан асуудал болоод байна.

-Яагаад?

-Нийгэм хөгжихийн хэрээр техник технологийн дэвшил хүн бүрт үзэл бодлоо илэрхийлэх боломж олгож байгаа нь эерэг болон сөрөг олон нөлөө үзүүлэх болсон. Энэ бүхэнд хэрхэн зохицох талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан.

-Бидэнд хэвлэлийн дөрөв дэх засаглал маш танил. Харин хэвлэлийн тав дахь засаглалын тухай ойлголт алга?

-Шүүх засаглал, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхийг хянадаг хэвлэл мэдээллийн хэрэгслийг бид дөрөв дэх засаглал гэж үздэг. Харин тав дахь засаглал гэдэг ойлголт сүүлийн жилүүдэд дэлхийд нэлээн түгээмэл болсон. Өнөөдөр сошиал хөгжсөнөөр хэн ч нийгэмд үзэл бодлоо хүргэх боломжтой болсон. Энэ нь зөвхөн нийгэмд биш. Шийдвэр гаргагчдад үгээ хүргэх боломж олгож байгаа юм. Үүнийг л тав дах засаглал гэж нэрлээд байгаа. Тав дахь засаглал дөрөв дэх засаглалтай адил хэмжээнд асуудлыг нийгэмд хүргэх чадвартай болсон.

-Тав дахь засаглал манай улсад ямар түвшинд байгаа юм бол?

-Иргэд сошиалаар өөрсдийн хэмжээнд олны анхааралд хүргэхийг оролдож байна.

-Жишээлбэл?

-“Утааны эсрэг аав, ээжүүдийн хөдөлгөөн”, “Бэлгийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаал” гэх зэргээр хөдөлгөөнүүд үүсч байна. Гэхдээ нөгөө талдаа хуурамч мэдээлэл түгээж нийгмийн эсрэг турхирах, элдэв бусармаг зүйлд уриалах боломж бас нээлттэй байгааг мартаж болохгүй. Сошиалын нэг онцлог нь алив нэг зорилготой хуурамч мэдээлэл үү, хувь хүний дүрээр аль нэгэн байгууллага сурталчилгаа хийж байна уу, эсвэл үнэхээр хувь хүн өөрийн итгэл үнэмшлээр үзэл бодлоо бичээд байна уу гэдгийг ялгах аргагүй. Бид өнөөдөр тав дахь засаглал гэж шуугихын зэрэгцээ иргэддээ сошиалд соёлтой хандах боловсролд сургах хэрэгтэй байгаа юм.

-Дэлхийн түвшинд сошиалын хэрэглээ ямар байгаа бол?

-Дэлхийн хэмжээнд судалгаа явуулдаг “Фрийдом хауз” байгууллагын 2018 оны судалгаа гарсан. Тайлант хугацаанд улс орны Засгийн газрууд интернэтийн хэрэглээг хязгаарлах оролдлого нэмэгдсэн. Засгийн газар энэ хэрэглээг хязгаарлах гэж оролдож байгаа нь зарим талаараа иргэдээ мөн нийгмийн аюулгүй байдлыг хангах оролдлого гэж үзэж болно.

Санаатайгаар худлаа мэдээ цацах, аливаа асуудлаас анхаарлыг холдуулах зэрэг оролдлого хийхдээ төлбөртэй мэдээллийг иргэдийн сэтгэгдэл хэлбэрээр тараадаг хэлбэр үүссэн. “Фрийдом хауз”-ын 60 оронд хийсэн судалгаанд 30 оронд төлбөртэй сэтгэгдлүүд байгаа нь илэрсэн. 2017 онд 18 оронд болсон сонгуульд нийгмийн сэтгэхүйд сошиал ашиглан буруу мэдээлэл түгээж нөлөөлсөн гэдэг судалгаа гарсан.

Мөн өсвөр насныханд асар их сөрөг нөлөө үзүүлж байгаа тухай ярилцсан. Энэ бүхнийг хэрхэн зохицуулах талаар бид хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн өнөөдөр тав дахь засаглалын тухай ойлголтыг нийгэмд, шийдвэр гаргагчдад өгөх зорилготой.

-“Монголын хэвлэл мэдээлэл- Өнөөдөр” тайланд ямар өөрчлөлт гарав?

-Монголын хэвлэлийн хүрээлэнгээс 1999 оноос эхлэн өнөөг хүртэл жил бүр хэвлэл мэдээллийн хэрэгслийн статистик судалгааг гаргаж байна. Энэ удаа өнгөрсөн оны тайланг гаргаж байгаа. Тайланд хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрөл бүрээр ямар өөрчлөлт гарсан. Боловсон хүчний өөрчлөлт, өдөр тутам, долоо хоног тутмын борлуулалт захиалгад ямар өөрчлөлт орсон зэрэг нарийвчилсан статистикийг гаргадаг.

-Ямар нэгэн онцгой өөрчлөлт гарсан уу?

-Сүүлийн таван жилийн турш хэвлэл мэдээллийн тоо буурч байгаа. Уламжлалт мэдээллийн хэрэгсэл буюу телевиз, сонин, сэтгүүл, радиогийн тоо буурч байна. Харин сайтуудын тоо нэмэгдэж байна. Тэр дотроо радиогийн тоо огцом буурч байна.

-Яагаад?

-Зах зээл багатай учраас санхүүгийн асуудалд орж байгаа байх. Сүүлийн гурван радиогийн тоо жил бүр арваар буурсан. Өнөөдөр 21 аймгийн арав нь радио байхгүй. Сэтгүүл, сонинууд цахим хэлбэрт шилжих нь нэмэгдэж байна. Өнгөрсөн онд 13 сэтгүүл цахимаар унших боломжтой болсон.

-Иргэд ямар мэдээллийг илүү сонирхож байгаа судалгаа байдаг уу?

-Бий. Монголын хэвлэлийн хүрээлэнгээс жил бүр хэрэглэгчдийн судалгааг явуулдаг. Судалгаагаар хэвлэл мэдээллийн ямар хэрэгслийг, ямар төрлийн мэдээллийг сонирхож байгааг тогтоодог. Дэлхий нийтийн сонирхдог жишиг байдаг. Ер нь нийгэм улс төр, эдийн засгийн мэдээ, боловсрол, хөгжөөнт нэвтрүүлэг илүү сонирхдог гэдэг. Гэхдээ бодит байдал дээр эхний ээлжинд цаг үеийн мэдээлэл, дараа нь кино, спорт, цэнгээнт нэвтрүүлэг орж байгаа юм.

-Харин манайд…

-Яг адил-хан. Телевизээр хамгийн их үздэг зүйл нь мэдээллийн хөтөлбөр дараа нь кино, шоу, цэнгээнт нэвтрүүлэг орж байна. Хэрэв энэ байдлаараа цааш үргэлжилбэл мэдээллийн хэрэгсэл маань зугаа цэнгээний мэдээллийн хэрэгсэл болж хувирна. Үүнийг арилжааны хэрэгсэл гэж үздэг. Өөрөөр хэлбэл хөнгөн хэлбэрийн нэвтрүүлгүүд санхүүжүүлэгч болж хувирч байгаа юм.

-Юу муу гэж?

-Мэдээллийн хэрэгсэл өөрөө нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг нийгмийг мэдээллээр хангах, гэгээрүүлэх үүрэг хүлээдэг. Энэ бүхэн байхгүй болно.

-Өдөр тутмын сонинуудын байдал ямар байна?

-Цаасан сонин сайн менежмэнт хийж чадвал ойрын арван жилд оршин тогтнохоор барахгүй, захиалга нэмэгдэх боломжтой. Гэхдээ дэд бүтэц гэх мэтийн асуудал бий.

-Хэвлэлийн хүрээлэнгээс сонинуудын судалгааг тогтмол гаргаж олон нийтэд зарладаг…?

-Тийм ээ, судалгаа хийж эхэлсэн цагаас өнөөг хүртэл Монголын өдөр тутмын сонинуудыг “Өдрийн сонин” тэргүүлсээр байгаа.

Categories
мэдээ нийгэм

Мод тарих зөвлөмж

-МОД, СӨӨГ ТАРИХ АРГАЧЛАЛ-

Мод, сөөгний суулгацыг зөв сонгож авах, тээвэрлэх,нүх ухах, мод тарих хөрс бэлтгэх, суулгах, арчилгааг тогтмол хийх зэрэг технологийн ажлуудыг мэргэжлийн хүмүүсийн оролцоотой, тэдний зөвлөгөөгөөр зөв хийж гүйцэтгэх хэрэгтэй. Тиймээс мод тарихдаа юуг анхаарах ёстойг бэлтгэн хүргэж байна.

ТАРИХ ХУГАЦАА

-Хаврын улиралд дөрөвдүгээр 25-наас тавдугаар сарын 25, намрын улиралд есдүгээр сарын 20-ноос аравдугаар 10-ны хооронд мод тарихад тохиромжтой.

МОД, СӨӨГ ТАРИХАД БЭЛТГЭЛ АЖИЛ

-Мод, сөөг суулгахын өмнө мод тарих нүхийг урьдчилан заавал ухаж бэлтгэнэ. Нүхийг усаар дүүргэж, чийгийн хангамжийг сайжруулах нь зүйтэй.

Түүнчлэн мод тарихад хэрэглэгдэх хар шороо, элс, 2-3 жил өнжсөн хөх бууц зэргийг бэлтгэх, мод тарих хүрз, жоотуу, шуудай, хувин зэрэг багаж хэрэгсэл, мод услах ус зэргээ бэлдсэн байх шаардлагатай.

МОДНЫ НҮХ УХАХ

-Мод, сөөгний нүхийг ухаж байхдаа үржил шимтэй өнгөн шороог нүхний нэг талд, доод талын үржил шимгүй шороог нүхний нөгөө талд тус тусад нь овоолж, 70-80 см-ийн голчтой, 50-60 см-ийн гүнтэй ухна.

МОД ТАРИХ

-Мод тарих нүхэндээ 50 хувьд нь хар шороо, 30 хувьд нь элс, 20 хувьд нь хөх бууц сайтар хольж хөрсөө бэлдэнэ. Бэлдсэн хөрсний гол хэсэгт модныхоо үндсийг тараан байрлуулж, шороогоор хучиж, гишиглэн шороог нягтруулж, агаар орохгүйгээр чигжиж өгнө. Тарьсан модны үндэс нугалраагүй шулуун, үндэсний үзүүр доош чиглэсэн байх ёстой. Тарьц, суулгацыг нүхний ёроолд хэтэрхий гүн суулгаж болохгүй. Модны үндэсний хүзүү нүхний ирмэгийн төвшнөөс 10-15 см доор байрлах нь зөв.

УСАЛГААГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Мод, сөөгийг ургуулахад хамгийн чухал зүйл бол усалгаа юм. Шанагаар услах, хайрцаглах аргаар услах,тогоогоор услах гэх мэтийн аргууд бий.

Модыг тарьсан өдөртөө 0-60 литр, сөөгийг 20-30 литр усаар заавал услах шаардлагатай. Усалгааг өглөө, орой хийдэг. Анх суулгасан модны иш орчим хэт даралттай усаар усалж болохгүй. Усалгааг нүхний дотор талын ханыг дагуулан зөөлөн услах хэрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Оюунчимэг: Эрүүл нийгэм хөгжихөд хэвлэлийн эрх чөлөө хамгийн чухал

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Өнөөдөр (өчигдөр) Дэлхийн хэвлэл эрх чөлөөний өдөр тохиож байна. Та сэтгүүл зүйн салбарт олон жил ажилласан. Монголд хэвлэлийн эрх чөлөө байна уу. Өмнө нь та сэтгүүл зүйн салбарынхаа гал тогоонд байсан. Одоо төрийн түшээ болсон. Ажиллаж байсан салбараа эргээд харахад ямар байна вэ. Манайхан бол хагас эрх чөлөөтэй гэж ярьдаг?

-Намайг сэтгүүл зүйн салбарт ид ажиллаж байсан үеийг бодоход өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө улам хумигдаж байна. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйлийг мэргэжлийн сэтгүүл зүйд илүүтэй хамаатуулан хэлж байгаа юм шүү.

Байгууллага бүр өөрийн дотоод журамтай. Тэр журмаараа хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өгөхгүй, гэрэл зураг авахуулахгүй, дотогшоо нэвтрүүлэхгүй гэдэг. Уг нь “Өдрийн сонины сэтгүүлч Энхболд байна аа” гэж хэлээд, хэнээс ямар мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа тайлбарлаад шууд нэвтрэх эрхтэй. Харамсалтай нь өнөөдөр бүх л зүйл хаалттай болж байгууллагын дотоод журмаар зохицуулсан гээд хаалт хийчихдэг болсон. Ийм байж болохгүй.

Тухайлбал, АНУ-д 100 жилийн өмнө Үндсэн хуулиндаа хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг Үндсэн хуулийн дагуу суурь болгон явна гээд суулгаад өгчихсөн. Тиймээс ямар ч албан байгууллагын дотоод журам нөлөөлдөггүй. Маргаан үүслээ гэхэд Үндсэн хуулиараа л шийддэг. Гэтэл манайд тийм биш. Тэр утгаараа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж мэргэжлийн байгууллагын эрх чөлөөг нээсэн, ажиллах боломжоор хангасан хууль гаргах цаг болсон. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль 1998 онд батлагдсанаас хойш бараг салхи орсонгүй. Өмнө нь Т.Баасансүрэн даргын үед Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл маш сайн ажиллаж ирсэн. Өнөөдөр мэргэжлийн сэтгүүлчдийн байгууллага маань хүчтэй, Үйлдвэрчний эвлэлүүд нь сайн ажиллах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн холбоод нэгдэж, мэргэжлийн хүмүүсийн нүдээр харж байгаад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө бэлдээд Их хуралд өргөн барьчихмаар байна. Их хуралд хэвлэл мэдээллийн салбараас төрсөн түшээд нэлээд бий. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад шаардлагатай гэвэл Их хуралд лобби бүлэг байгуулаад явбал орох гишүүд ч байгаа. Энэ боломжоо бид ашиглах ёстой. Хэвлэл мэдээллийнхэн маань өөрсдөө санаачилгатай байх хэрэгтэй. Ленинградын Их сургуульд таван жил сэтгүүл зүйн мэргэжлээр суралцаж, Дойче веле телевиз, АНУ-д очиж мастер хамгаалсан мэргэжлийн сэтгүүлчийн хувьд энэ салбараа маш их хайрлаж, харамладаг.

Эрүүл нийгэм хөгжихөд хэвлэлийн эрх чөлөө хамгийн чухал. Гэтэл манайд хэвлэлийн эрх чөлөө хумигдаад байна гэдэг чинь авлигад хэт автсан, бүлэглэлд орсон, нийгмийн ялгаа хэт гаарч байгаа нь эрүүл сэтгүүл зүй дутагдаж буйн нэг илрэл. Ардаа асуудалтай, хуулийг гууль болгосон нөхдүүд хэвлэлийнхнээс эмээдэг. Тиймээс аль болох хэвлэлийн эрх чөлөөг хааж, боомилох тухай ярьдаг. Асуудал дэвшүүлж үнэнийг ил болгох, гутаан доромжлох, гүтгэх гэдэг тусдаа ойлголтууд. Сэтгүүлчид маань үүнийг мэргэжлийн түвшинд ялгаж гаргаж ирэх ёстой.

-Сошиал, сэтгүүл зүйг холих болсон. Сэтгүүлчид сайн, муугаараа дуудуулаад эцсийн мөч хүртэл зүтгэж, мэдээллийн үнэн зөвийг тогтоохын тулд ажилладаг. Сэтгүүлчдийг буруутгаж байгаа нэг шалтгаан нь мэдлэг, боловсролын асуудал байна…

-Маш чухал зүйлийг та асуулаа. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх, тэр хүмүүсийн өмнө асууж буй асуулт, бичиж буй нийтлэл, нэвтрүүлгээрээ ялгарах ёстой. Хойно оюутнууд үнэгүй сурдаг байсан даа. Хамгийн сүүлчийн цэрэг нь би. Надаас хойш төлбөрөө төлж сурдаг болсон. Тиймээс суралцах боломж дутмаг болж эхэлсэн. Мэдлэг, боловсрол нимгэнээсээ болоод сэтгүүлчдийн нэр хүнд унаж байгаа тал бий. Үүн дээр дөрөөлөн тэс хөндлөнгийн хүмүүс орж ирж, сэтгүүл зүйн гурван сарын курст сурч сайт байгуулан, тэрний, энэний хэвлэлийн ажилтан гээд салбарын нэр хүндийг гутаагаад явж байна. Хэвлэл мэдээллийн байгууллага редакцитай байна гэдэг хамгийн чухал. “Өдрийн сонин” гэж маш том гал тогоо редакци бий. МҮОНРТВ гэдэг байгууллага нь байгаа гэх мэтчилэн редакцитай газруудад редакцийн соёл илүү төлөвшсөн байдаг. Гэтэл тийм биш хүмүүс олширсон. Хуульчид шалгуур давж өмгөөлөх эрх авдаг шиг сэтгүүлчдийг мөн шалгууртай болговол сэтгүүл зүйн орчин өөрчлөгдөнө. Сэтгүүлчдийн цалин нэмэгдэх, хэвлэлийн байгууллагуудын санхүүжилтийг өргөтгөх боломжууд бий. Эрүүл сэтгүүл зүйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэсэн газрууд байдаг. Тиймээс бид нэгдээд орох ёстой. Мэргэжлийн шалгалт өгдөг газар, зөвлөлийг бий болгомоор байна. Би Фридрих Эбертийн сангийнхантай уулзсан. Германд өнгөрсөн оны аравдугаар сараас Цахим зохицуулалтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Сэтгүүлч хардах эрхийнхээ хүрээнд асуудал дэвшүүлэн бичсэн нийтлэлийг нь зөрчил гээд хуулийн байгууллагатаа өгч хэвлэлийн байгууллагын үйл ажиллагааг зогсоох гэсэн оролдлого гарч байна гэсэн шүүмжлэл явж байгаа юм билээ. Нөгөө талаасаа Үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн, өрсөлдөгчөө огт үндэслэлгүй гутаан доромжилсон зүйлсийг яаж ялгах вэ гэдэг дээр шүүмжлэл өрнөж байгаа юм байна. Бид ч гэсэн энэ зүйлийг ярьж байгаа. Тиймээс бид мэргэжлийн гэдэг зүйлээ сайн зааглаж оруулж өгөх хэрэгтэй байгаа юм. Сэтгүүлчдийг бэлтгэх тал дээр анхаарах цаг болсон. Ёстой л төрмөл авьяасаараа явж байна шүү дээ. Сэтгүүлчид маань үргэлж бусдын төлөө гүйдэг шигээ өөрсдөдөө хааяа ч болов цаг зав гаргаж байх хэрэгтэй. Манайхан машинд нь л анхаараад байдгаас биш, машиныг жолоодож яваа сэтгүүлч, техникийн ажилчдаа анхаарахаа больсон. Энэ хүмүүс мэргэшсэн чадварлаг байж салбар эрүүл, хүчтэй байна. МСНЭ, хэвлэлийн байгууллагууд хүмүүсээ мэргэшүүлэх, санхүүгийн тал дээр бие даасан байх тал дээр нь хамтдаа анхааръя. Ингэсэн тохиолдолд бид салбараа хүчтэй байлгаж чадна.

-Сэтгүүлч баримт гаргаад бичихээр байгууллага, хувь хүний нууцад халдлаа гэдэг. Тэгээд сэтгүүлчийг хоёр сая, байгууллагыг 20 сая төгрөгөөр торгодог. Хуучин шүүхээр орж асуудлаа шийддэг байсан бол Зөрчлийн хуулиар нэг цагдаа бүхнийг шийддэг болсон. Нэг үгээр хэлбэл цагдаагийн үзэмжээр асуудал явж байна…

-Эрүү, Зөрчлийн хуулийг зайлшгүй эргэж харах ёстой. Хуулиараа сэтгүүлчдийн амыг барих гээд байна. Сошиалаар хуурамч нэр хаягнаас хүн гүтгэх, та Энхболд гэдэг нэрээрээ нийтлэл гаргаж байгаа энэ хоёр тусдаа асуудлыг ялгаж салгаж өгөх ёстой. Тэгэхгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг сошиал мэт ойлгож болохгүй.

Цагдаа, шүүхийнхэн маань өөрсдөө “Энэ хүн гүтгэсэн үү, үгүй юу. Сэтгүүлч мэргэжлийн түвшинд баримттай бичсэн үү, гутаан доромжилсон уу гэдгийг яаж шүүх вэ, хэцүү байна” гэдгийг уулзахад ярьж байсан. Хэвлэлийн зөвлөлд хандаад мэргэжлийн зөвлөгөө өгөөч гэдэг юм байна. Хэвлэлийн зөвлөл нь сэтгүүлчийн бүтээл, редакцийн энэ зөв буруу, үүнийг шийтгэ гэх эрх байхгүй гэдэг тул яалт ч үгүй зохицуулалт хэрэгтэй байна. Хэвлэл мэдээллийн талаар ямар ч мэдлэггүй шүүгч яаж буруутай, буруугүйг ялгаж шүүх юм. Бүр болохгүй бол хуульч сэтгүүлчдийг бодлогоор гаргаж ирэх хэрэгтэй. Зөрчлийн хуулийг засах ёстой.

-Хэвлэлийн байгууллагууд санхүүжилт тун хэцүү байгаа. Зарим хэвлэлүүд хаалгаа барьж байна. Бодлогоор яаж дэмжих ёстой вэ?

-Гурван сая хүн амтай манай улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий. Гэтэл 100 сая хүн амтай улсад телевиз, сонин нийлээд 5-10 байх жишээтэй. Манайд олдохоороо өлдөнө гэдэг шиг хэвлэлийн нэр хүндийг унагаасан байгууллагууд байгаа тул чадалтай нь үлдэх зарчим үйлчлэх ёстой. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн мэргэжлийн бус хүмүүс хэвлэлийн нэрээр үйл ажиллагаа явуулж байгааг буруу гээд байгаа юм. Өдрийн сонин, Өнөөдөр сонин гээд цөөн хэдэн сонин үлдлээ гэхэд тал бүрт тарааж рекламаа өгдөг газрууд цөөн хэдэн хэвлэлдээ өгч, тэр нь хэвлэлийн байгууллагадаа маш том дэмжлэг болно. Өдрийн сонины нэгдүгээр нүүрт ганц мэдээ гаргахад 10 сая төгрөгөөр үнэлж болох тийм боломж байгааг үгүйсгэх аргагүй. Шигшигдээд мэргэжлийн байгууллагууд нь үлдвэл үнэлэмж ч дээшилнэ. Үүнийгээ хуульчилж, журамлаад өгөх хэрэгтэй байна.

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа, үзэг нэгт нөхөддөө хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе. Үзэг нь хурц, ухаан нь мэргэн, сэтгүүлчид маань чадварлаг, үнэ цэнэтэй байх болтугай.


Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар Марафон” тав дахь жилдээ зохиогдоно

“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг 2018 оны тавдугаар сарын 19–ний өдөр нийслэл хотод тав дахь удаагаа зохиогдох гэж байна. Уг тэмцээн нь сонирхогчийн болоод марафон гүйлтээр хичээллэгчид гэсэн хоёр ангиллаар явагдах юм. Сонирхогчийн төрөлд 5000м гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн насны ангилал багтаж байгаа бол 1500м гүйлтэд гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /тэргэнцэртэй, хараагүй/ хамаарах юм.

“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдарын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжсэн, гадаад, дотоодын нийтдээ 35 мянга гаруй иргэдийг хамруулсан, 2014 оноос эхлэн 3 удаа амжилттай зохиогдож буй иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг юм.

Энэхүү гүйлтэд хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчдыг оролцуулах зорилгоор ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени зэрэг улс орнуудын тамирчдыг урьж урилга хүргүүлснээс Кенийн өндөр зэрэглэлтэй 6 тамирчин менежер болон дасгалжуулагчийн хамт оролцохоор саналаа ирүүлээд байгаа аж. Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Их Британи, АНУ, БНГУ, Австрали, Нидерланд, Финланд, Канад, Итали зэрэг 15 орны ЭСЯ-ны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл бүртгүүлжээ.

“Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг www.ub-marathon.ub.gov.mn сайтаар болон нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос томилогдсон мэргэжилтнүүд хариуцан явуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ложистик төвиийн бүтээн байгуулалтын ажил 78 хувьтай байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн энэ удаагийн айлчлалын үр дүнг Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц ач холбогдолтой боллоо гэж судлаачид ам сайтай байна. Хоёр улсын Засгийн газрын түвшинд яригдсан хамгийн чухал асуудал нь Монгол Хятадын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх талаар хөндөгдөв. Өнөөдрийнхөө түвшинг 60 гаруй хувиар өсгөх ийм том зорилтод хүрэхийн тулд экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Энэ хүрээнд хил, гаалиар нэвтрэх ачаа, барааны урсгалыг сайжруулах асуудал нэн тэргүүнд тавигдаж байна.

Монгол Хятадын худалдааны эргэлтийг хангадаг төв хаалга бол Замын-Үүд юм. Энэ боомтоор өдөрт 500-600 автомашин нэвтэрдэг гэсэн судалгаа бий. Үүний тодорхой хувийг хүнд даацын тээврийн хэрэгсэл эзэлдэг юм билээ. Харин төмөр замаар орж, гардаг ачааны тухайд энэ оны эхний улирлын байдлаар нийт 1061 галт тэрэг, 48375 вагоныг Эрээнээс хүлээж авчээ. Энэ нь өмнөх оныхоос 146.5 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Тэгвэл Замын-Үүдээс Эрээн рүү 974 галт тэрэг, 47735 вагон нэвтэрчээ. Мөн л өмнөх оныхоос 142.8 хувиар өссөн дүнтэй байна лээ. Ер нь эдгээр ачааны нийт жинг сонирхуулбал, эхний дөрвөн сарын байдлаар Хятадын талаас 183.2 мянган тн импортын бараа хүлээн авчээ. Манай талаас хоёр сая 476.3 мянган тн уул уурхайн болон бусад бараа таваарыг экспортолсон дүн мэдээ байна. Европ болон ОХУ-аас манай улсаар дамжаад Эрээн рүү 739.5 мянган тн ачаа гарчээ. Эндээс харвал Замын-Үүдийн боомтын ачаалал эрс өсөөд байгаа юм. Манай улсын экспорт, импортын гол гүүр төдийгүй, транзит тээврийн дамжлага болсон Замын-Үүд боомтод нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар зорилоо. Биднийг галт тэрэгнээс буухад цаг агаар тийм ч таатай бус, шороо боссон, салхитай байв. “Говь нутгийн хаврын урт өдрүүд ёстой л ингэж үргэлжилдэг дээ” гэсэн бодол тээсээр хилийн “Хаалт” хүрэв. Тэнд автомашины өнөөх урт дараалал хэвээр байна билээ. Ингээд Замын-Үүд дэх ачаа, барааг “Шилжүүлэн ачих анги” буюу “МЧ-1”, “МЧ-2”-ын үйл ажиллагаатай танилцсан юм. Айлын талаас автомашин болон чингэлгээр ирж байгаа бараа тээврийг УБТЗ-ын харьяа “МЧ-1” талбайд хүлээн авч, гаалийн хяналт бүрдүүлэлт хийдэг байна. Харин “МЧ-2” нь МТЗ-ын харьяа бөгөөд төмөр замаар тээвэрлэж байгаа дамжуулан өнгөрүүлэх экспортын бараа, тээврийн хэрэгсэлд эцсийн бүрдүүлэлт, гаалийн хяналт шалгалт хийх үйл ажиллагаа явуулдаг аж. Биднийг энэ талбайд очиход чингэлэг зөөж, ачих зориулалтын гурван механизм харагдав. Хоёр нь сул зогсолтын байдалтай, нэг нь галт тэрэгнээс чингэлгүүдийг тавцан руу шилжүүлэн буулгаж байсан. Тэндээсээ бид “МЧ-1” рүү очив. Энэ талбайд хүрэхийн тулд төмөр замын гармаар гардаг юм билээ. Биднийг тэнд очиход арав гаруй хүнд даацын тээврийн хэрэгсэл хашааны гадна зогсч байсан. Урд өдөр нь шуургатай, үзэгдэх орчин муу байсан болохоор шилжүүлэн ачилт хийгдээгүй гэнэ. Тиймээс жолооч нар машиндаа хоноцгоожээ. Тэд “Тээвэр хийж байгаа бидэнд цаг бол алт. Гэтэл Замын-Үүд ерөнхийдөө ийм салхитай, шуургатай байдаг. Хаврын улиралд цаг агаарын хүндрэлээс болж хугацаа алдах тохиолдол байдаг. Дээрээс нь Шилжүүлэн ачих цогцолборын зай талбай хүрэлцээгүй болохоор ийм хүлээлт үүсдэг. Бид ямар хүний ачааг хээр буулгаад орхилтой биш дээ. Иймэрхүү нөхцөл байдал үүсэхэд хүлээлтийн байдалд байгаа жолооч бид нарт хүндрэлтэй. Ойрхон цайны газар, бие засах газар байхгүй. Заавал сумын төв рүү орох болно. Хүний ачаа бараа хаяад явчихдаг, дараа нь дутаж, хорогдоод өөрсдөө өрөнд орох эрсдэлтэй. Харин хэдэн жилийн өмнөөс баригдаж эхэлсэн Замын-Үүдийн ложистикийн төв ашиглалтад орчихвол иймэрхүү асуудал гарахгүй” гээд сумын төвийн баруун хойд зүгт харагдах улбар шар өнгийн байгууламжийг заав. Ложистикийн төв ашиглалтад орвол одоогийн үүсч байгаа хүндрэлүүд арилаад зогсохгүй Замын-Үүд боомтын хяналт шалгалтын цэг, ачаа дамжин өнгөрүүлэх газрын ачаалал эрс багасах юм билээ. Ингээд Замын-Үүд дэх ложистик төвийн бүтээн байгуулалт хэрхэн өрнөж байгааг сонирхохоор хөдлөв.

ЛОЖИСТИК ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 78 ХУВЬТАЙ БАЙНА

Засгийн газрын хувьд эдийн засгаа солонгоруулж, олон тулгууртай хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Эдийн засаг өсөн тэлэх нэг гарц нь худалдааны эргэлт хурдацтай нэмэгдэх явдал. Дан ганц уул уурхайн бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэйгээр хүнс, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн экспортыг нэмэгдүүлэх нь чухал. Тиймээс төр алсын хараатайгаар хэд хэдэн томоохон төсөл барьж авсны нэг нь “Замын-Үүд ложистикийн төв” юм. Энэ төв ашиглалтад орсноор шилжүүлэн ачих урсгал нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах нь тодорхой юм.

Төслийн хүрээнд Замын-Үүд сумыг ложистикийн төвтэй автозам болон гүүрэн байгууламжаар холбожээ. Суудлын болон хүнд даацын тээврийн хэрэгсэл тус бүрийн зориулалтын замаар ложистикийн төвд хүрэх юм байна. Мэдээж хүнд даацын тээврийн хэрэгсэл хүний хөл хөдөлгөөн ихтэй суурин газрын дундуур зорчих нь аюултай. Боомтоор орж ирсэн тээврийн хэрэгсэлийг сумын төвийн хойгуур тавьсан хүнд даацын автозам хөтөлсөөр ложистикийн төвд авчрах ажээ. Ингэснээр ачаа, барааны урсгал автозамаар шууд ложистикийн төвд хүрэх боломжтой. Нэг онцлог нь одоогийнх шиг төмөр замын гармаар туулах шаардлагагүй болох юм байна. Энэ асуудлыг гүүрэн байгууламжаар шийджээ. Хоёр урсгалтай уг гүүр нь ложистикийн төв рүү орох төмөр замтай огтлолцож байв. Гүүрэн дээрээс ложистикийн төвийн бүтээн байгуулалтын үйл явц алган дээр тавьсан мэт ил тод байна лээ. Эндээс Эрээн хотын шөнийн гэрэл хачин гоё харагддаг болохоор нутгийн иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар нь болжээ. Үүгээр зогсохгүй шинийн 1-ний өглөө мандсан нарыг нутгийн зон олон энэ гүүрэн дээрээсээ хурайлан угтсан гэж таксины жолооч бидэнд хуучлав. Сумын төвөөс ердөө тавхан минут ч хүрэхгүй хугацаанд ложистикийн төвийн бүтээн байгуулалтын талбайд ирсэн юм. Энэ цогцолбор төв нийт 128 га талбайг хамарчээ. Анхнаасаа төсөлд тусгагдсан чингэлгийн, хүнд даацын, агуулахын гэж бүсчилсэн бүтээн байгуулалтын ажлууд нэлээд шувтарсан харагдав. Одоогийн байдлаар ложистикийн төвийн өргөн болон нарийн царигийн нийт 11.5 км төмөр замын ажил бүрэн дуусчээ. Мөн захиргаа, гаалийн барилга, жолооч, ажилчдын амралтын байр зэргийг бэлэн болгосон байв. Ложистикийн төвийн захиргааны барилга нь гурван давхар. Гаднаа ажилчдын болон энэ төвөөр үйлчлүүлэгчдийн машины зогсоолтой. Сонирхуулахад, захиргааны байрыг ачих, буулгах талбайгаас хашаагаар зааглаж, автомашины орц, гарц нь хүртэл тусдаа байх юм билээ. Энэ том цогцолбор бүхэлдээ интернетэд холбогдсон байв. Ложистикийн төв ашиглалтад орвол жолооч нарын хувьд машиндаа нойр, хоолгүй шахам хонож, өнждөг бэрхшээлүүд ард хоцрох нь ээ. Дотроо цайны газар, ариун цэврийн өрөө бүхий амралтын байранд тэд тухлахын зэрэгцээ интернэт орчноор чөлөөтэй аялах бүрэн боломжтой. Үндсэндээ ложистикийн төвийн газар доорх байгууламжууд, дэд бүтцийн асуудлууд бүрэн цэгцэрчээ. Галын болон цэвэр бохир усны хоолой, цахилгааны кабелийн суваг шуудууны ажлууд бүгд дууссан байв. Дулаан хангамжаа авах уурын зуух болон нүүрсний агуулах, цэвэр усны нөөц бүхий усан сан, бохирын асуудлыг шийдэх цэвэрлэх байгууламж, засварын төв гээд олон бүтээн байгуулалтыг энд өрнүүлсэн байв. Харин одоо тэдгээр байгууламжуудад ашиглах тоног, төхөөрөмжүүдийг угсрах ажил л үлдсэн аж.

Ложистикийн төв бол 24 цагийн турш байнгын үйл ажиллагаатай байх ёстой газар. Тиймээс эрчим хүчний эх үүсвэрээ хоёр газраас хангажээ. Нэг нь Замын-Үүдийн цахилгаан хангамжийн өртөөнөөс ложистикийн төв рүү 110 КВт-ын шугам татаж, эрчим хүчний дэд станцыг байгуулж улсад хүлээлгэн өгчээ. Нөгөө эх үүсвэр нь “УБТЗ” ТӨХК-иас авсан цахилгаан дамжуулах шугам гэнэ.

“Замын-Үүд ложистикийн төв”-ийн төсөл эхэлснээс хойш нийтдээ арав орчим туслан гүйцэтгэгч компани дээрх бүтээн байгуулалтыг өрнүүлжээ. Биднийг барилгын талбайд очиход 200 гаруй хүн ажиллаж байв. Тэд зам, талбай, зогсоолын хучилт, хавтан, хэв хашмалын өрөлтийн ажлыг хийж байлаа. “Ерөнхийдөө ложистик төвийн барилгын ажил 78 орчим хувьтай байна. Суурь ажлуудынхаа ард гарчихсан. Одоо чимхлүүр ажил үлдээд байна. Төслийн хугацаа энэ онд дуусна. Бид бүхэн наймдугаар сард ашиглалтад өгөхөөр зорьж ажиллаж байгаа” гэж төслийн гүйцэтгэгч “China Railway 21st Bureau Group”-ийнхэн бидэнд дуулгасан юм.