Categories
мэдээ спорт

Энтоны Девис 33 оноо авч багаа хожилд хөтлөв

Өнөө өглөө үндэсний сагсан бөмбөгийн холбооны талбайд плэе оффын хоёрдугаар шатны хоёр тоглолт болж өндөрлөлөө.

Өнгөрсөн улирлын аварга Голден Стет Уарриорс Нью Орлиан Пеликансын талбайд зочилж цувралын гуравдахь тоглолтоо хийсэн юм. Эхний хоёр тоглолтод илүүрхээд байсан аваргаа хамгаалагчид энэ удаа 100:119-өөр ялагджээ. Пеликанс тоглолтын эхний үед л 30:21-ээр илүүрхэж үүнийгээ тоглолтын төгсгөл хүртэл хадгалж чадсан юм. Энэ өдөр Энтони Девис 33 оноо, 18 самбар авч багаа хожилд хөтөлжээ. Мөн Жрү Холидей 21 оноо, Никола Миротич 16 оноо авч сайн тоглолт үзүүлсэн байна. Үүнээс гадна Иан Кларк хуучин багийнхаа эсрэг гялалзаж18 оноо авсан юм. Харин зочдоос Клэе Томпсон 26 оноо түүж багаа тэргүүлсэн бол Кевин Дурант 22 оноо, Стефен Карри 19 оноо авчээ. Ингэснээр Пеликанс цувралыг 2:1 болгож ойртууллаа.

Мөн энэ өдөр Өрнөд бүсийг тэргүүлсэн Хьюстен Рокетс Юта Жаззын талбайд зочилж 119:92-оор илүүрхэж цувралыг 2:1-ээр тэргүүлж эхэллээ. Хьюстен Рокетсоос Жемс Харден, Эрик Гордон нар 25 оноо авч багаа хожилд хөтөлсөн юм. Юта Жаззаас Донован Митчел 10 оноо авчээ. Тэрээр холын зайнаас долоон удаа довтолж хоёрыг нь л оноо болгосон юм. Цувралын дараагийн тоглолт Юта Жаззын талбайд явагдана.

О.ДАШНЯМ

Categories
гадаад мэдээ

Энэрэл нигүүсэлд хэрхэн хүрэх вэ?

Сэтгэл хөдлөлөө хянаж, энэрэл, нигүүлсэлд хүрэхийн ач холбогдлыг ойлгож ухаарахад шинжлэх ухаан, боловсрол тусална гэдгийг хүмүүс ойлговол ойрын 20 жилийн дотор дэлхий дахин амар амгаланд хүрч чадна хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгджээ. Тэрбээр энэ тухай Энэтхэгийн Дарамсала хотод Оросын эрдэмтэдтэй хийсэн бага хурлын үеэр хэлсэн байна.

“30-аас доош насныхан даян дэлхийн энэрэл нигүүлслийн ертөнцийг харж чадах байх. Бидний үеийхэнд үүнийг харах завшаан олдохгүй хэдий ч ийм ертөнцийг бүтээх нь бидний үүрэг хариуцлага юм. Өнөө үед дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал үүсэх болон цэргийн сөргөлдөөн гарсан хэвээр байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд Буддын шашны тэргүүнүүд эрдэмтэд, хүн төрөлхтний үзэл санаанд бий болоод буй эерэг өөрчлөлтийг харж байна. 1930-аад оны үед эрдэмтэд цөмийн зэвсгийн талаар ярихдаа ихээхэн сэтгэл хангалуун байдаг байсан. Гэтэл өнөө цагт эсрэгээрээ цөмийн зэвсгийн хүчин чадлыг бууруулах, цөмийн зэвсгээс ангижрахад чиглэгдсэн хандлага ажиглагдаж байгаа нь хүн төрөлхтний соёл иргэншил бүрэн боловсорч байгаагийн шинж юм” хэмээн Далай лам ярьжээ.
Categories
мэдээ нийгэм

ОУВС-гийнхан манай улсад ажиллаж байна

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дөрөв дэх шатны үнэлгээг хийх ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж эхлээд байна.

Ажлын хэсэг тавдугаар сарын 2-14-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тайлан мэдээлэл, тоон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, Засгийн газар, Монголбанкны албаны хүмүүстэй уулзах юм.

ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу тус сангаас хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутамд үнэлгээ хийж, дараа дараагийн шатны санхүүжилтийг олгодог. Хамгийн сүүлд гурав дахь шатны үнэлгээний дараа тус сангийн зүгээс манай улсад хэрэгжиж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай, үр дүнтэй хэрэгжиж байгааг дүгнээд ээлжит удаагийн 30.55 сая ам.долларын санхүүжилтийг баталсан юм.

Categories
мэдээ нийгэм

2017 оны байдлаар 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэжээ

Сүүлийн жилүүдэд болж буй уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалан мөнх цас, мөсөн голын усны нөөцийн хэмжээ 30 орчим хувиар багассан болохыг судлаачид тогтоожээ. 2017 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэсэн байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усан гадаргын ууршилт Монгол орны хэмжээнд 2016-2035 оны хооронд жилд дунджаар 107-165 мм, 2050 онд 96-364 мм, 2080 онд 150-370 мм-ээр нэмэгдэх судалгааны дүн гарчээ. Үүнтэй холбоотойгоор гол мөрний эх болсон мөнх цас, мөсөн голын хайлалт хурдацтай нэмэгдэж болзошгүй гэж судлаачид үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Өөрчлөлтөд хэн нээлттэй, бүтээлч хандана, түүнд боломж нээгдэнэ

Монголын Залуучуудын холбооноос Next Stop ёслол хүндэтгэлийн наадмын нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарын шилдэгээр тодорсон эрхэмүүдийн “Оны залуу” лекцийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Шилжилтийн 25 жилийн Эдийн засаг, бизнесийн ТОП залуугаар шалгарсан М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргалыг төлөөлөн Группийн Ерөнхийлөгч Ж.Од “25 жил: Өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт илтгэлийг танилцууллаа.

“25 жил: Өнгөрсөн ба ирээдүй” илтгэлд өнгөрсөн 25 жилд олсон амжилт, гаргасан алдаа оноог цэгнэж дүгнээд зогсохгүй ирэх 25 жилд М-Си-Эс Группийн төдийгүй нийт монголчуудын өмнө тулгарах шинэ сорилт, боломжууд юу байхыг төсөөлж, түүнд хэрхэн бэлтгэх, юунд анхаарч, ямар зорилго, тэмүүлэлтэй байх талаар бодлоо илэрхийлсэн байна.

1990-ээд оны эхэн үе бол хямрал ид газар авсан, дотоодын нийт бүтээгдэхүүний уналт доод цэгтээ хүрч нэг тэрбум доллараас бага болсон, инфляци жилд 250 хувьд хүрсэн, аж үйлдвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц зэрэг эдийн засгийн гол салбарууд гүнзгий хямралд өртсөн цаг үе. Ийм л хүнд хэцүү үеэс эхтэй шилжилтийн хэмээн тодорхойлсон 20 гаруй жилд монголчууд эдийн засгаа 10 дахин тэлж, хувийн өмчгүй шахам байсан социалист тогтолцооноос өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 80 шахам хувийг бүрдүүлж буй хувийн хэвшил гэсэн маш том салбартай болж, хувийн хэвшил нь улс орныхоо эдийн засгийн ачааны хүндийг үүрэх тэнхээтэй болж чадсан нь өнгөрсөн 25 жилийн ололт юм.

Тэгвэл хурдацтай хөгжиж буй энэ цаг үед технологийн хөгжил даяаршлыг дараагийн шатанд аваачиж, хүн төрөлхтний түүхэнд урд өмнө нь байгаагүй том хувьсал өөрчлөлтийг авчирч байна.

Дижитал эрин үед интернэт сүлжээ бидний өмнө гурван сая биш олон тэрбум хүнтэй асар том дэлхийн зах зээлийг нээж өгч байна. Ирэх жилүүдэд өөрчлөлтийн үр шимийг эдийн засагтаа шингээхийн тулд ирээдүйд уул уурхай, аялал жуулчлал, органик хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэн ажлын байр бий болгож, гадаадын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг нэвтрүүлбэл өнгөрсөн 25 жилд эдийн засгаа 10 дахин өсгөж чадсан шиг ирэх 25 жилд дахиад 10 дахин өсгөх бүрэн боломжтой юм. “Улам бүр хурдасч буй хувьсал, өөрчлөлтөд хэн нээлттэй, бүтээлчээр хандаж чадна, түүнд боломж нээгдэх болно” гэдгийг онцолж байлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийн үнэр 50-60 хувь буурна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх хэт авайн төхөөрөмж, цэвэрлэгээний түвшин, лаг боловсруулалтыг сайжруулах зорилгоор суурилуулсан төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны захирамжаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах төсөл, арга хэмжээ авах ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд лагийн 44 карт бүхий 15 га талбайд үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилгах, үнэрийг дарах арга хэмжээ авахыг тусгажээ. Мөн төв цэвэрлэх байгууламжийн урд 50 га талбай бүхий олон жил тогтсон хиймэл нуурыг цэнгэгжүүлэх, технологийн үйл ажиллагааг дэмжиж, засвар хийж, тоног төхөөрөмж шинэчлэх зэрэг 25 ажил тусгагджээ. Өнгөрсөн жилийн хугацаанд 23 ажил 100 хувь гүйцэтгэлтэй, 2 ажил он дамжин хэрэгжиж дуусжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “2016-2017 оны нийслэлийн төсөвт Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх, цэвэрлэгээний түвшинг сайжруулах чиглэлээр нийслэлээс хөрөнгө гаргаж хийсэн ажлаа өнөөдөр хүлээн авч байна. Хэт авиан төхөөрөмжөөр бохирдлыг боловсруулан гаргахад лагийн үнэр 50-60 хувь хүртэл буурах боломжтой төхөөрөмж суурилуулсан. Энэ ажилд “Шимт газар” ХХК шалгарсан. Нийслэлийн төсвөөс 2.1 тэрбум төгрөгийг шийдсэн.

Цэвэрлэгээний түвшин, лагийн боловсруулалтыг сайжруулах, тоног төхөөрөмж нийлүүлэн суурилуулах ажилд мөн 1.7 тэрбум төгрөг шийдэж өгсөн. Энэ нь бохирдсон усыг боловсруулаад лаг, ус хоёрыг салгах боломжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр лагийн талбайн дүүргэлт багасна. Олон жил аргацаасан байдалтай ажиллаж байсан бол энэ технологиуд үнэр багасгах, бохирдол цэвэрлэх нэг том шийдэл юм. Хуучин франц улсын боловсруулсан ТЭЗҮ дээр дахин ажиллаад 250 мянган м.куб ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжтай болвол ойрын 15 жилийн ачаалал даах боломжтой. Цэвэрлэх байгууламжид ахуйн уснаас гадна үйлдвэрийн ус, химийн хэт бохирдолтой ус ирж байгаагаас ашигтай бактериудыг устган бактериуд үнэр дарах чадваргүй болж байна. Улаанбаатар хотоос арьс ширний үйлдвэрүүдийг ялангуяа өлөн боловсруулах үйлдвэрийг гаргах хэрэгтэй юм” гэлээ.

Лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх зорилгоор биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч нянг устгах, халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зорилгоор хоногт 1200-1500 м.куб лаг халдваргүйжүүлэх хүчин чадалтай Герман улсын “Тюбэреактор” хэт авиан төхөөрөмжийг суурилуулсан. Энэ төхөөрөмж нь биомасс задралыг нэмэгдүүлэн өвчин үүсгэгч нянг устган, халдваргүйжүүлэх, үнэр бууруулах, лагийн талбайд шахагдсан лагийн ус хурдан ялгарч, хурдан хатаах боломжтой юм. Төхөөрөмжөөр дамжсан лагийн үнэр 50-60 хувь хүртэл буурна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт төлийн тоо 2.7 саяар нэмэгджээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мал төллөлтийн мэдээг долоо хоног бүр гаргаж байна. Одоогийн байдлаар 28.2 сая мал төллөхөөс 52.1 хувь буюу 14 сая 540 мянга нь төллөж 13 сая 930 мянган төл бойжиж байгаа ажээ. Тодруулбал, 47.9 мянган ботго, 216 мянган унага, 506.9 мянган тугал, долоо сая 697 мянган хурга, таван сая 460 мянган ишиг бойжиж байна. Төлийн тоо өмнөх долоо хоногоос 2.7 саяар нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Ажил хэрэгч бүсгүйн дулаан улиралд өмсдөг зургаан төрлийн гутал

Ихэнх бүсгүйчүүд оффис дээрээ цэмцгэр, дэгжин харагдах хүслийн дагуу хөлд тийм ч эвтэйхэн биш, өндөр өсгийтэй гутал сонгон өдрийн турш багагүй хэмжээний “зовлон” туулдаг. Маркетингийн хэлтсийнхэнтэй уулзсаны дараа нягтлангийнхаа өрөө рүү хэд, хэдэн удаа нааш, цааш явахад, мөн гэнэтийн ажлаар гадуур хүнтэй уулзах шаардлагатай үед загварын төлөө золиос гаргасандаа харамсах удаа нэг биш гардаг билээ. Аз болж орчин үед биед эвтэйхэн чөлөөт стиль илүү үнэлэгдэж, дизайнерууд өргөн сонголттой загварууд танилцуулдаг болсон тул ажил хэрэгч бүсгүйчүүд маань загварлаг атлаа практикт тустай гутал сонгох бүрэн боломжтой болсон. Ингээд өглөөнөөс үдэш хүртэл ажил хэрэг хөөцөлдөхөд дэм болох зургаан төрлийн гутлыг хамтдаа харцгаая.

Лофер

Бид юуны түрүүнд мэдээж хэрэг лофер загварыг онцлохыг хүслээ. Энэ нь ямар ч хувцастай зохицдог, бүх нөхцөлд цэмцгэр харагддаг, бүх цаг үеийн сонгодог гутал гарцаагүй мөн юм.

Цэмцгэр кет


Долоо хоногийн сүүл өдрүүдэд, эсвэл өдөржингөө гадуур уулзалттай үед цэмцгэр загвартай кетнээс илүү төгс сонголт гэж үгүй.

Жижиг өсгийтэй туфли

Хамгийн энгийн жийнсэн өмдийг хүртэл хормын зуур илүү эмэгтэйлэг, дэгжин харагдуулах чадвартай гутал бол мэдээж хэрэг туфли юм. Гэхдээ ажил хэрэгч бүсгүй хамгийн жижиг өсгийтэй хувилбарыг сонгодгийг бүү мартаарай. Тэгээд ч энэ нь сүүлийн жилүүдэд сонгодог өсгийтэй туфлинээс ч илүү загварлаг хэмээн тооцогдож байгаа тренд юм.

Дөрвөлжин өсгийтэй mules

Мэдээж хэрэг бүсгүйчүүд заримдаа өндөр өсгийт өмсөхийг хүснэ. Ийм тохиолдолд өндөр атлаа дөрвөлжин өсгийтэй mules гутал сонгох хэрэгтэй. Энэхүү гутал нь хөлд эвтэйхэн атлаа таныг илүү өндөр бөгөөд гуалиг харагдуулж, олон төрлийн хувцастай сайхан зохицно.

Шөвгөр хоншоортой балерина гутал

Балерина гутал сонгохдоо шөвгөр хоншоортойг худалдан авахыг зөвлөх байна. Учир нь ийм загвар хөлийг илүү урт, нарийхан харагдуулж, илүү цэгцтэй төрх бүрдүүлнэ.

Гоёмсог загварын углааш

Аагим халуун өдрүүдэд гоёмсог загвартай углааш таны аврал болно. Өмнө нь углааш гэх төрөл нь зөвхөн ажлын бус цагаар өмсдөг, тийм ч загварлаг биш гуталд тооцогддог байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Дизайнерууд гоёмсог хувилбаруудыг төрөл бүрээр нь гаргаж байгаа.


Categories
мэдээ нийгэм

Үхэшгүй мөнхийн “Цагаан уул” цэцэг

Өнө эрт цагт хорвоо дэлхий дээр өвөл, зун гэсэн хоёр улирал ээлжлэн ирдэг байсан цаг үед нэгэн хаан хатан хоёр үзэсгэлэнт сайхан гүнжийнхээ хамт амьдран суудаг байжээ. Гоо үзэсгэлэн төгөлдөр гүнж охиныг эхнэр болгохыг хүссэн олон хаан хөвгүүд, эрэлхэг баатар эрс ирж сүй тавихыг гуйдаг байв. Бүсгүйд ямар ч эр таалагдаагүй учраас гуйж ирсэн бүх эрчүүдээс татгалзжээ. Эцэст нь гүнж “надад хосгүй үзэсгэлэнт Цагаан уул цэцэг авчирч өгсөн хунтайжтай гэрлэнэ” хэмээн мэдэгджээ. Гүнжийн болзол холын хол, мянган уулсын цаадах улс гүрнүүдээр тархаж, тэр ховор гайхамшигт цэцгийг олж авчрахаар олон баатар эрс, хунтайж нар мордоцгоож гэнэ. Сарьдаг өндөр уулын оройд ургадаг тэр цэцэг рүү хүрч очих зам байхгүй, их л бартаа саадтай газар байдаг ажээ. Гэтэл нэгэн цөс ихтэй, омог бардам залуу тэрхүү цэцгийг олж ирэхээ амлаад аян замд гарчээ. Өнөөх залуу түмэн бээрийг туулж, саад бэрхшээлийг давсаар үзэсгэлэнт Цагаан уул цэцгийг авч чадаад хааны ордонд ирсэн боловч өнөөх гүнж нь Цагаан уул цэцэг авчирч өгөх хунтайжийг хүлээсээр байгаад өтөл эмгэн болсон байна гэнэ. Харин өнөөх эрэлхэг залуу Цагаан уул цэцгэнд хүрч чадсан тул хааны ордон руу явах зам зууртаа бага багаар залуужиж идэр сайхан зүсээ эргүүлэн олж гэнэ. Баатар эр эмгэн болсон гүнжтэй гэрлэхээс татгалзаж адал явдал хайн дахин холын аянд гарчээ. Тэр цагаас хойш хосгүй ховор Цагаан уул цэцгэнд хүрч чадсан хэн боловч үргэлж аз хиймороор гийж байдаг гэсэн домогтой болжээ.

Монгол оронд Сибирийн ангилалд багтах дөрвөн зүйл Цагаан уул цэцэг ургадаг. Сибирийн Цагаан уул цэцэг нь нэг нэгээрээ цэцэглэдэг онцлогтой. Навч нь цувраа байрлалтай, цэцгийн хамт гадуураа үсэрхэг бүрхүүлтэй. Монголчууд эртнээс нааш Цагаан түрүү, Уул өвс, Ул өвс, Суйх гэх мэтээр нэрлэж ирсэн. Бусад цэцгийн адил зуны улиралд цэцэглэж, намар ганддаг ч жилийн дөрвөн улирлын туршид нэг л өнгөөрөө байдаг учраас “үхэлгүй мөнхийн бэлгэдэл Цагаан уул” хэмээн онцолж ирсэн. Хүйтэнд тэсвэртэй, чийгэнд дуртай, олон наст ургамал бөгөөд уулын хээр, ойт хээр, хээрийн бүсэд хад чулуурхаг ууланд тархан ургадаг. Мөн эмийн ургамлын бүлэгт багтах ба булчирхайн үрэвсэл, цус алдах өвчинд тустай. Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байсан тунгийн хэмжээ тодорхойгүй ч цэцгийг хатааж халуун усанд хандлаад өвдсөн хүнд уулгадаг байсан аж.

Ахмад настнууд үндсийг нь гэмтээхгүйгээр газарт үлдээж, цэцгийг нь түүж аваад цусны даралтыг бууруулах зорилгоор “дэр” хийж дэрлэхээс гадна гутал дотроо дэвсэж хэрэглэдэг байна. Гаднах үсэрхэг хөвөнг авч гал асаахад хэрэглэж ирснээс гадна хүний биенд туурах “могойн яр” хэмээх арьсны өвчинд хөвөнг цахиж хүхэр үнэртүүлэн эдгээдэг дом байсан хэмээн хэлэлцдэг. Харин малчид болохоор Цагаан уул элбэг ургасан газарт малаа бэлчээвэл малын гэдэс дүүрнэ хэмээн үзэж аль болох өөр газарт малаа бэлчээрлүүлдэг байжээ.

Францын ургамал судлаач Жан Поль, Виржини Лусс нар гэрлийн янз бүрийн спекторт Цагаан уул цэцэгний зургийг авч хэт ягаан туяаг бүрэн шингээдэг болохыг баталжээ. Түүний үсэрхэг бүрхүүл нь хүчирхэг шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг болохыг хожим эрдэмтэд электрон микроскопоор илрүүлсэн нь ба “нано” бүтэцтэй нарны тос бий болгоход гол түүхий эд нь болжээ.

Цагаан уул цэцгийг Ази, европын 16 оронд хуулиар хамгаалдаг ба Франц, Германд “үнэнч хайрын бэлгэдэл” болгон шүтдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Хөшөөг сүйтгэсэн этгээдүүдийг илрүүлж, хохирлыг барагдуулахыг хүслээ

Хот чимэглэлийн баримлыг гэмтээсэн тул яаралтай арга хэмжээ авч ажиллах талаар албан бичгийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Нийслэлийн Цагдаагийн Газарт хандан хүргүүлжээ.

Албан бичигт “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжинд байрлах “Аз жаргалтай Улаанбаатар” хот чимэглэлийн нэг ширхэг баримлыг 2018 оны тавдугаар сарын 03-ны шөнө үл мэдэгдэх хүмүүс танхайн сэдэлтээр гэмтээсэн байна.
Энэхүү баримал болон 45-р сургуулийн өмнө байрлуулсан хот чимэглэлийн гэр бүлийн дүрс бүхий баримлыг 2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгө 20 сая төгрөгөөр барьж суурилуулсан болно. Иймд гэмт этгээдүүдийг илрүүлэх хохирлыг барагдуулах арга хэмжээг яаралтай авч ажиллана уу” гэжээ.