Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Яг түүн шиг” шоу маргааш эхлэнэ

“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Тус шоуны оролцогчдыг өнгөрсөн бямба гаригт зарласан бөгөөд маргаашнаас эхлэн ням гариг бүр үзэгчдийн хүртээл болно. “Яг түүн шиг 2018” шоуны энэ жилийн дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, кино­ны жүжигчин М.Цэрэн­долгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакш­ны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцоно. “Яг түүн шиг” шоу нь Испани Улсад “Your Face Sound Familiar” хэмээх нэртэйгээр анх зохиогдож байжээ. Уг шоу нь дэлхийн 80 гаруй оронд албан ёсоор зохиогдож байгаа телевизийн томоохон шоуны нэг юм.

Categories
мэдээ нийгэм

75.7 хувь нь УИХ тарах ёстой гэж үзжээ

“УИХ-ыг тараах нь зөв үү?” хараат бус онлайн санал асуулгыг мэдээллийн сайт sonin.mn 4 сарын 27-ноос явуулж эхэлсэн. Долоо хоногийн байдлаар уг санал асуулгад 37091 хүн оролцсон бөгөөд оролцогчдын дийлэнхи буюу 75.7 хувь нь УИХ тарах нь зөв, 25.3 хувь нь УИХ тарах шаардлагагүй гэж үзжээ.


Categories
мэдээ нийгэм

Монголчуудын 45 хувь нь нийт газар нутгийнхаа 0.3 хувьд шахцалдан амьдардаг

Монгол Улсын хүн ам 3.3 саяд хүрээд байгаа. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 45 хувь, аж ахуйн нэгж, байгууллагын 66 хувь зөвхөн Улаанбаатар хотод суурьшиж байгаа статистик гарчээ.

Монгол Улсын нутгийн нийт талбай 1,566,000 хавтгай дөрвөлжин км. Бид нэг хүнд ногддог газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг.
Дэлхийн 200 гаруй орныг газар нутгийн хэмжээгээр жагсаахад Монгол Улс дээрээсээ 16-д багтдаг байна.

Манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг хэрнээ нийт хүн амын нь 45 хувь нь амьдарч буй Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээ 4.7 мянган ам метр буюу Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьтай тэнцдэг байна. Өөрөөр хэлбэл, монголчууд бид газар нутгийнхаа 0.3 хувьд шахцалдан амьдарч байна.

Хот суурингийн хүн амыг шаардлагатай цэвэр ус, дулаан хангамж, эрчим хүчээр хангаж буй өнөөгийн үйл ажиллагаа нь бохирдол, хог хаягдал үүсэх үндсэн нөхцөл, шалтгаан болж байна. Хүн амын энэ төвлөрлийг багасгахыг онцгой анхаарахаас илүүтэй үүнийг үр ашигтай ашиглах нь ойрын ирээдүйд нийслэл хотын хөгжилд хөшүүрэг болно.

Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно” олон улсын дадлага, сургуулилт Ховд аймагт болно

Онцгой байдлын ерөнхий газараас жил болгон зохион байгуулдаг “Говийн чоно” олон улсын дадлага, сургуулилт удахгүй болох гэж байна. Энэ удаагийн сургалт дадлагаа энэ сарын 28-наас зургадугаар сарын 8-ны өдрүүдэд Ховд аймагт “Бүсийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа“ сэдвийн хүрээнд зохион байгуулах юм байна. Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалын төлөөлөгчид өчигдөр “Говийн чоно-2018” сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлын уулзалтаа зохион байгуулжээ.

Тус олон улсын дадлага, сургуульд оролцогчдын тоо жилээс жилд өсч байгаа юм. Тухайлбал, Өнгөрсөн онд АНУ-ын оролцогчдоос гадна Япон, Непаль, Өмнөд Солонгос, Турк, Канад, Унгар, Бангладеш улс, НҮБ- ын Суурин зохицуулагчийн газар, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн зөн, Жайка, Японы хүүхдийг ивээх сан, Мерси кор, Олон улсын Улаан загалмайн-Улаан хавирган сар нийгэмлэг, Монголын Улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллагын нийт 210 гаруй төлөөлөл оролцсон юм. Энэ удаагийн сургалт, дадлага сургуульд 10 гаруй улс орныг оролцуулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн сургуулиар манай аврагчид АНУ-ын Аляскын үндэсний гвардын мэргэжлийн аврагч нартай урсгал ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийж туршлага солилцон ажиллана. Мөн гамшгийн үеийн нэрвэгдэгсдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургууль зохион байгуулагч талууд харилцан туршлага солилцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт сүү боловсруулах жижиг цехүүд байгуулж байна

Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн орон нутагт байгуулах сүү боловсруулах жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Уг төслийн дэд төсөл болох “Эмэгтэйчүүдийг дэмжих замаар орон нутгийн сүүний үйлдвэрлэлийг сайжруулах нь” (TCP/MON/3606) техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дөрвөн аймгийн зургаан суманд “Гэр гал тогоо” нэртэй сүү боловсруулах жижиг цех байгуулж өгөхөөр төлөвлөжээ. Үүнээс өнөөдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын “Сүүн цацал” бүлэг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Баяжих” холбоо гэсэн сүү үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийн бүлэгт цехийн тоног төхөөрөмжийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мустафа Синасеир гардуулж, үг хэллээ.

Энэхүү сүү боловсруулах жижиг цех нь өдөрт 500 хүртэлх литр сүү боловсруулах хүчин чадалтай, 5-6 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор үйлдвэрлэнэ. 10 орчим хүнийг ажлын байраар хангаж, жилд 127,9 сая төгрөгийн борлуулалт хийн 7,1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжтой гэдгээрээ орон нутгийн эмэгтэйчүүдийн бүлэг, хоршоодын үйл ажиллагааг дэмжсэн, тогтмол орлоготой болгох нөхцөл бүрдүүлж байна.

Тоног төхөөрөмжийн хувьд, цөцгий ялгагч сеператор, полиэтилен уут наагч машин, аяганы ам наагч машин, он.сар хэвлэгч машин, сүүний бидон, зэвэрдэггүй ган ажлын ширээ, цөцгийн тос цохигч, халаах тогоо, зэвэрдэггүй ган ааруул хатаагч гэсэн есөн иж бүрдэлтэй. Мөн төслөөс 12 хүнийг сургагч багш бэлтгэх сургалтад хамруулж, туршлага судлуулан, “Гэр гал тогоо” тоног төхөөрөмжийг ашиглан, уламжлалт цагаан идээг хүнсний стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн боловсруулах арга, туршлагыг орон нутгийн сүү үйлдвэрлэгч 6 бүлгийн 120 гаруй эмэгтэйчүүдэд зааж сургав. Түүнчлэн хөдөө орон нутагт сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орчин үеийн технологийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулахад дэмжлэг үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

​”Сайнаар өөрчлөх нэг санал”-д уриалж байна

“Хассуурь сан”-с санаачилж буй эерэг өөрчлөлтөнд бусдыг уриалж зөв манлайлалд үеийнхэнээ чиглүүлэх “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-т залуусыг урьж байна. “Сайнаар өөрчлөх нэг санал”-д Баянгол, Сонгинохайрхан дүүргийн харъяалалтай залуу боловсон хүчний нийгмийн манлайлыг нэмэгдүүлэх, хөгжлийн шинэ хандлагыг танилцуулах, хувь хүний анхан шатны ур чадварыг олгох, шинэ санал санаачлагад хөрөнгө оруулалт хийх зорилго бүхий богино хугацааны оролцоонд тулгуурласан хөтөлбөр юм. Залуучууд хөгжлийн хөтөлбөрт нэгдэн өөрийгөө хөгжүүлж, бусдыг байлдан дагуулж, өөрийн амьдарч буй дүүргийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад залуу хүн бүрийн оролцоо чухал билээ. Энэхүү уралдаан нь 35 сая хүртэлх шагналын сантай бөгөөд багийн болон хувийн гэсэн хоёр төрлөөр шагнал гардуулах аж. Хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 11-ний өдрийн 20:00 цагт дуусах юм байна.


Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрийн хойд уулзварыг хаана

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250м газарт барилга угсралтын ажил хийгдэнэ. Иймээс 2018 оны 05 сарын 09-ний 22:00 цагаас 2018 оны 09 сарын 03-ны 22:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлана гэж Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Эвер Банега Севияад хожил авчирлаа

Испанийн Ла лигийн 35 дугаар тойргийн эхний тоглолт болж өндөрлөлөө. Энэ улиралд Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарсан амжилт үзүүлээд буй Севияа талбайдаа Реал Сосидадтай тулж 1:0-ээр илүүрхсэн байна.

Тоглолтын цорын ганц гоолыг хоёрдугаар үеийн 47 дахь минутанд Эвер Банега торгуулийн цохилтоос оруулжээ. Аргентин хагас хамгаалагч Ла лигт энэ улирлын зургаа дахь гоолоо бүртгүүлсэн нь энэ юм.

Ингэснээр Севияа 35 тойргийн дараах байдлаар 51 оноотойгоор лигийн хүснэгтийн долоодугаарт бичигдэж байна.

Сонирхуулахад нэгэн цагт Манчестер Юнайтедийн гараанд гарч ирээдүйн “од” гэж нэрлэгдэж байсан Белги тамирчин Аднан Янузай Реал Сосидадын довтолгоонд гарч тоглосон ч хараахан гоол оруулж чадаагүй юм. Тэрээр энэ улиралд 17 тоглолтод оролцож 10 гоол оруулаад байгаа аж. Ялагдал хүлээсэн Реал Сосидад 46 оноотой хүснэгтийн 10 дугаарт бичигдэж байна.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлагын эхний ээлж эхэллээ

Цэргийн жинхэнэ албаны 2018 оны I ээлжийн татлага нийслэлийн Засаг даргын 2018 оны А/292 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд өнөөдөр эхэллээ. Цэрэг татлага энэ сарын 6-ыг хүртэл Баянгол 96, Баянзүрх 53, Сүхбаатар 31, Сонгинохайрхан 83, Хан-Уул 34, Чингэлтэй дүүргийн 24, Багануур дүүргийн Гүн галуутай сургуулийн байранд тус тус зохион байгуулагдана. Иймд цэргийн алба хаагаагүй 18-25 насны иргэд заасан хугацаанд харьяа дүүргийнхээ “Цэрэг татлагын байр”-нд очиж иргэний цэргийн үүргээ биелүүлж, цэрэг татлагад орохыг сануулж байна. Иргэн та цэрэг татлагад хамрагдсанаар,

-Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлнэ.

-Эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана. /эрүүл мэнддээ дүгнэлт гаргуулна/

-Цэргийн жинхэнэ албанд татагдаж, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангана.

-Зарим төрлийн төрийн үйлчилгээг авна. /нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гм/ гэж нийслэлийн Цэргийн штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн “Жишиг өдөрлөг” боллоо

“Ардчилсан намын нээлттэй өдөрлөг”-ийг орон даяар 21 аймаг, 330 сум, нийслэлийн 152 хороонд 2018 оны тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны хооронд буюу нэг сарын хугацаанд зохион байгуулна. Үндэсний хэмжээнд зохион байгуулагдах тус аяны хүрээнд өнөөдөр /2018.05.05/ Баянгол дүүргийн Ардчилсан намын хорооноос “Жишиг нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Өдөрлөгт УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны Ерөнхийлөгч, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон бусад холбогдох хүмүүс оролцож, илтгэл тавьж, үг хэлсэн юм.
“Жишиг нээлттэй өдөрлөг”-т орон нутаг болон нийслэлийн намын үүрийн дарга, гишүүд, Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны иргэд оролцож, Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсч, санал бодлоо илэрхийллээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Жишиг нээлттэй өдөрлөг”-т оролцож, хэлсэн үгэндээ сонгуулийн бус цагаар улстөрийн намуудаас анх удаа үндэсний хэмжээний томоохон арга хэмжээг зохион байгуулах гэж байгааг онцолсон юм. Тэрбээр цааш нь “Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн. Улстөрийн намуудын хувьд өнөөдөр анхан шатнаасаа хэт тасарсан, намын бодлого, шийдвэрийн талаар шат, шатандаа өөр ойлголттой байна. Тиймээс ч Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын хүрээнд анхан шатны намуудтайгаа нягт уялдаа холбоотой ажиллах, бодлого, шийдвэрээ гаргахдаа нухацтай хандах, алдаа багатай ажиллах нөхцлийг бий болгох зорилгоор “Нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээг эхлүүлж байна” гэв.
“Жишиг нээлттэй өдөрлөг” 2018 оны тавдугаар сарын 06, 07-нд Төв аймгийн Батсүмбэр суманд үргэлжилнэ