Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч маргааш Увс аймагт ажиллана

ЗурагМонгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ сарын 7-ны өдөр Увс аймагт ажиллах гэж байна.

Тэрбээр Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснийхээ дараагаар орон нутгийн 10 цагаас “Ойрад” хөгжимт драмын театрт ард иргэдтэй уулзалт хийх аж. Мөн аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж, цаг үеийн ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгөхөөс гадна зарим нэг байгууллагаар орж үйл ажиллагаатай нь танилцах юм байна.

Categories
мэдээ спорт

Баялжиням аваргын нэрэмжит жүдо бөхийн тэмцээн болж байна

Зураг

Наранбулаг сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавъяат тамирчин, Үндэсний бөхийн Улсын аварга Одвогийн Балжинямын нэрэмжит “Аваргын гараа” жүдо бөхийн олон хотын аварга шалгаруулах тэмцээн энэ өглөө аймгийн Спортын ордонд эхэллээ.

Тэмцээнд Увс, Завхан аймгийн 13 сумын зургаан сургуулийн 300 гаруй өсвөрийн жүдочид эрэгтэй 14, эмэгтэй 10 жинд хүч сорьж байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр Өвөрхангай аймгийн харъяат, жүдо бөхийн спортын мастер, ОУ-ын шүүгч Б.Ууганбаатар ажиллаж байна.

О.Балжинням аваргын нэрэмжит тэмцээнийг үзэж сонирхохоор түүний шавь Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, 2013 оны Рои дэлхийн аваргын мөнгөн медальт, “Женко” клуб, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавъяат тамирчин Д.Амартүвшин, Төв аймгийн Баянхангай сумын харъяат, 2017 оны Будапештын Дэлхийн аваргын хүрэл медальт, “Женко” клуб, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавъяат тамирчин Б.Мөнгөнчимэг нар хүрэлцэн иржээ.
Тэмцээн амралтын хоёр өдөр үргэлжилж дүнгээ гаргах аж.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын баруун аймгийн иргэдтэй хийх уулзалт өнөөдөр Ховд аймгийн төв Ховд хотын хөгжимт драмын театрт боллоо.

Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Баруун хязгаарын Ховд аймгийн хөдөлмөрчин иргэд та бүхэнд энэ оройн мэндийг хүргэе. Улаанбаатар хотын болоод аймгуудын иргэдтэй хийсэн уулзалтын талаар та бүхэн тухай бүрт нь мэдээлэл авч байгаа байх. Иргэдийн дэвшүүлсэн зарим асуудал эхнээсээ шийдэгдэж байгаа. Өнөөдрийн уулзалт бусад аймгуудын уулзалт шиг үр дүнтэй болох байх гэж бодож байна” гээд уулзалтыг эхлүүлэв.

Ховд аймагт өнөөдрийн байдлаар 87363 хүн амьдарч байгаа бөгөөд ДНБ нь 311.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн малын тоо толгой нь 3.4 саяд хүрч, өнгөрсөн оныхоос 168.3 мянган толгой мал буюу 5.1 хувиар өсчээ. 2017 онд аймгийн хэмжээнд 17 сумын 91 багт 7863 малчин өрх мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа юм байна.

Ховд аймаг жилд дунджаар 15.6 мянган тонн мах, 1.7 мянган тонн ноос, 514.1 тонн ноолуур, 300 мянган ширхэг арьс, шир үйлдвэрлэж, махны хэрэгцээгээ 100 хувь, төмсний хэрэгцээгээ 100 хувь, сүүний хэрэгцээгээ 85.6 хувь, хүнсний ногооны хэрэгцээгээ 100 хувь дотоодын үйлдвэрлэлээс хангаж байгаа юм байна.

Гэсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалтын үеэр Ховд аймгийн иргэд ажлын байр хомс, цалин тэтгэвэр байгаа зэрэг нийтлэг асуудлыг хөндөж байв.

Ховд аймгийн иргэн, ноос ноолуур угаах үйлдвэрийн захирал Г.Билгүүн:

Эрхэм Ерөнхийлөгч танд энэ өдрийн мэнд хүргэе. Би Ховд аймгийн залуу үеийн төлөөлөл байна. Ноос, ноолуурын чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг юм. Надтай адил энэ чиглэлээр ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг олон залуу Ховдод бий. Бид ноосны падаан гэгчийг болиулахыг санал нэгтэйгээр дэмжиж байгаа гэдгээ юун түрүүн хэлж, үүнийг ажил хэрэг болгоорой хэмээн захимаар байна.

Өнөөдөр Ховдод олон залуус ажил хийж, амьдралаа босгохоор хичээж байгаа ч залуусаа дэмжих бодлого дутагдаж байна. Тиймээс залуусаа дэмжиж, ажил хөдөлмөртэй болгомоор байна.

Ховд аймгийн Бугат сумын иргэн Наранбаатар:

Манай аймагт мөнгөгүй, танилгүй л бол боловсон ажил олддоггүй. Би гэхэд сүүлийн 10 жил барилгын ажил хийж байна. Барилгын ажил улирлын чанартай байдаг учраас жилийн 7, 8 сар ажилгүй болчихдог. Өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлье гэсэн ч насаар нь ялгаварлан гадуурхаж байна. 40 нас хүрсэн намайг хөгшин гэж байна. Дайн болоод цэрэгт явлаа гэхэд 40 настай намайг хөгшин гээд үлдээхгүй биз дээ. Надад ганцхан л зүйл хэрэгтэй байгаа нь өвөл, зунгүй хийж болох ажил. Ажлын байрыг нэмэгдүүлж өгөөч л гэж хүсмээр байна.

Дорноговь аймгийн ЗамынҮүд сумын иргэн Б.Мөнгөнтуул:

Би сүүлийн зургаан жил Ховд аймагт зам, барилгын компанид ажиллаж байсан эмэгтэй байна. Би замын компанид ажиллаад сардаа 300 мянган төгрөг авдаг байсан. Гэтэл манай компанийн хятад ажилчид, жолооч л гэхэд сардаа 6-8 орчим сая төгрөг авдаг байсан. Яагаад бидний цалин ийм ялгаатай, монголоор дүүрэн хятад ажиллах хүчин байгаа юм бэ. Өнөөдөр монгол залуус Солонгос улс руу явж байхад зөрөөд Хятадаас олон мянган хүн ажил хийхээр Монголд ирж байна. Энэ зохисгүй хөдөлмөрийн харилцааг өөрчилж, Монголоор дүүрэн ажилгүй хүн байхад Хятадаас ажиллах хүч авмааргүй байна.

Ховд аймгийн Хишигт багийн иргэн Жаргал:

Ховдод үйлдвэрлэл хэрэгтэй байна. Цементийн үйлдвэр, Усан цахилгаан станц, малын гаралтай түүхийн эдийн үйлдвэр, Ховд аймгийн утаа гэсэн дөрвөн асуудалд онцгой анхаармаар байгаа санагддаг. Өмнө нь манай аймагт цементийн үйлдвэр байсан. Үйлдвэрээс гарсан сайн чанарын цемент нь л гэхэд өнөөдрийг хүртэл хагараагүй байгаа. Маш чанартай цементтэй.

Тиймээс тэр үйлдвэрийг сэргээвэл холоос үнэтэй цемент зөөхгүй, эндээ хэрэглэхээс гадна баруун дөрвөн аймгийнхаа хэрэгцээг хангах боломжтой юм болов уу. Мөн өвөлдөө утаа ихтэй болж байгаа. Улаанбаатар хоттой адил хэмжээний утаатай болохгүйн тулд одооноос дэд бүтцийн асуудалд нь анхаарлаа хандуулж, үүрэг чиглэл өгмөөр байна.

Ховд аймгийн иргэн Буянт:

Манай аймагт хоёр хурлын дарга байна. Үүнээсээ болоод л маргаан болдог. Дээшээгээ УИХ хүртэл төрийн талцсан хэрүүл маргаан олон болжээ. Энэ их хэл ам, хэрүүл тэмцэл, өнгө мөнгөний асуудалд нэр холбогдоод байгаа хүмүүсээсээ салмаар байна.

Харин энгийн иргэдээ ажил хийлгэдэг, ажлын байртай болгомоор байна. Манай аймгийн залуус ажил хийхгүй байна. Өглөө эрт гараад орой хүртэл биллъярд тоглож байгаад л шөнө дөлөөр харьж хүчирхийлэл үйлддэг юм шиг байгаа юм. Өмнө нь монголчууд залхуу, ядуу байхаасаа ичдэг байсан бол одоо үүгээрээ бахархдаг юм шиг л болж дээ. Би таныг илүү их бүтээгч хүн гэж хардаг. Тиймээс ажлын байр бүтээж, иргэдээ ажилтай орлоготой болгомоор байна.

Ховд аймгийн Дарви сумын иргэн Банзрагч:

Төрийн нэр хүнд маш муу байна. Төр уг нь иргэндээ үйлчилдэг байх ёстой. Гэтэл хүнд сурталтайн дээр, ямар ч нэр хүндгүй байгаа учраас төрийн албаны ажилчдын ёс зүй зэргийг дээшлүүлэх тал дээр анхаармаар байна. Хоёрдугаарт, оффшор авлига гээд л яриад байна. Хууль, шүүхийн байгууллагын нөлөөнд автдаг байдлыг зогсоож, явцыг нь түргэсгэхгүй бол үр дүн гарахгүй гэж харж байгаа. Би 67 наслахдаа хэд, хэдэн удаа хуулийн байгууллагад хандаж байсан. Ер нь л их удаан процесстой санагддаг. Түргэн шуурхай болгомоор байна.

Ховд аймгийн Буянт сумын иргэн Өлзий:

Би 10 гаруй хүүхэдтэй, улсад насаараа ажилласан. Хүүхдийн мөнгийг нэмэх хэрэгтэй гэж нэгдүгээрт хэлмээр байгаа юм. Хоёрдугаарт, МАН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар 200-300 заалттай мөрийн хөтөлбөр гаргаж, ахмадуудын тэтгэвэр нэмнэ гэсэн тэр амлалт алга.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийг санал, бодлоо хэлж дууссаны дараа иргэдийн асуултад хариулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж байгаа ажил, хуулийн төсөл, зарим хэрэгжүүлэхээр бэлтгэсэн хөтөлбөрүүдээ танилцууллаа. Мөн иргэдийн саналыг бичгээр авч цаашдын ажилдаа тусгаж ажиллана гэдгээ хэллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Саруул: Хүүхдээ тарчлаан зовоовол эцэг, эх байх эрхийг нь хуулиар хасна

Баянзүрх дүүрэгт байрлах хүнсний дэлгүүрт 17 настай А өөрийн төрсөн хүүгээ орхиж явсан хэрэг саяхан гарчээ. Тодруулбал, иргэн А нэг сар 20 хоногтой хүүгээ орхиод явсан аж. Ингээд тус дүүргийн цагдаагийн газар шуурхай ажиллаж, иргэн А-г барьсан байна. А цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Хүүгээ төрсөн эцэг гэх Э-д өгнө гээд орхиж явсан” гэжээ. Мөн Баянзүрх дүүргийн XXIV хороонд жирэмсэн эмэгтэй хүүхдээ бие засах газар унагаасан байна. Тэрээр Баян-Өлгий аймгийн харьяат, 26 настай эмэгтэй 52 см урттай, 2.8 кг амьгүй ургийг бие засаж байгаад унагажээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэнэ. Он гарснаас хойш Цагдаагийн байгууллагад амьгүй нярай хаясан тохиолдол дөрөв бүртгэгдээд байгаа гэв. Иймээс энэ талаар Хуулийн зөвлөх М.Саруулаас зарим зүйлийг тодрууллаа.


-Сүүлийн үед бага насны болон нярай хүүхдээ орхиж, хаяж явах тохиолдол их гарч байна. Иргэн хүн эцэг эх байх үүргээ ухамсарлахгүй байна гэсэн үг үү. Энэ талаарх хуулийн заалт ямар байдаг вэ?

-Он гарснаар бага насны хүүхдийг хогийн саванд хаясан, орхиж явсан гэсэн удаа дараагийн үйлдлүүд бүртгэгдсэн байна лээ. Монгол Улсын хүн бүр Үндсэн хуулиар хүүхдээ асран хамгаалах, үүргийг хүлээсэн байдаг. Эцэг, эх төрсөн хүүхдээ хогийн саванд хаяна гэдэг бол ёс суртахууны хувьд байж боломгүй асуудал. Үүнийг хуулиар зохицуулсан байдаг. Тодруулбал, Үндсэн хуульд иргэн бүрийн журамт үүрэг гэж бий. Мөн Гэр бүлийн тухайн хуулийн 26 дугаар зүйлд “Хүүхдээ хүмүүжүүлэх эрх үүрэг” гэж тодорхой заалт бий. 26 дугаар зүйлийн хоёрдугаар хэсэгт эцэг, эх дараахь үүргийг хүлээдэг. 26 дугаар зүйлийн хоёрдугаар хэсгийн нэгт “Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, хоёрдугаар хэсгийн хоёрт “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” , хоёрдугаар хэсгийн гуравт “Хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох” , хоёрдугаар хэсгийн гуравт, “Хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” гэж байна. 26 дугаар зүйлийн гуравдугаар хэсэгт, “Эцэг эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэдтэйгээ хэрцгий харилцах, эцэг эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг. Ийм хуулийн нарийн заалттай. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх нь иргэн хүн бүрийн үүрэг гэсэн үг. Мөн ухамсрын асуудал яригдана. Тухайн хүн өөрөө ухамсартай байж, би юу хийж байгаа билээ гэдгээ сайтар танин мэдэж, аливаа зүйлд ухаалаг хандах нь чухал юм.

-Энэ асуудлыг хуулиар зохицуулж өгөхөөс илүүтэй хувь хүний сэтгэл зүй, төлөвшил ямар байна вэ гэдгээс хамаарах юм байна…

-Эцэг, эх хүүхдээ хогийн саванд хаяна гэдгийг олон талаас нь авч үзэх хэрэгтэй. Тухайлбал, тэрхүү хүүхдээ орхиж явж буй эхийн сэтгэл зүй ямар түвшинд байна. Аль эсвэл нөхрөөсөө болж, сэтгэл санааны хямралд орсон уу, нийгмийн нөхцөл байдлаас ч хамааралтай байж болно. Хуульд хүүхдээ орхиж, хаяж явсан тохиолдолд хариуцлага ногдуулахыг нарийвчлан зааж өгсөн байдаг. Иргэн хүн бүр үүргээ ухамсарлаж, эрхээ эдэлж явах учиртай. Хуулийн мэдлэгээ ч сайжруулах шаардлагатай байна.

Ер нь гэмт хэрэгт холбогдогчид гэр хороололд амьдардаг, амьдралын доогуур түвшинтэй хүмүүс, оюутнууд жирэмсэн болж алдаа гаргах тохиолдол их байна. Тэгэхээр энэ тал дээр анхаарч, эрүүл мэндийн хичээл, бэлгийн харилцаанд орох талын боловсрол, хүмүүжилд анхаарах хэрэгтэй юм. Хуулийг чангатгахаас илүүтэй хувь хүний суурь хүмүүжил чухал. Нийгэмд сэтгэл зүйчид хэрэгтэй байна. Нийгмийн ажилтан, хороо дүүргийн ажилчид айл өрхөөр сайтар явж, судалгаа хийх нь зөв. Тухайн гэр бүлийн ямар гишүүнд илүү сэтгэл зүй талаас нь зөвлөгөө өгөх хэрэгтэй байна вэ гэдгийг гаргаж ирэх ёстой. Боловсролын системийг сайжруулж, бага насны хүүхдийн хүмүүжилд ямагт анхаарал хандуулах, эерэг харилцааг бий болгох ёстой болов уу. Хүүхэд хүмүүжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо, идэвх, зүтгэл хэрэгтэй юм шүү.

-Бага насны хүүхдийг гэрт нь ганцааранг нь орхиж явснаас болж, тагтан дээрээсээ үсэрсэн тохиолдол ч гарч байсан…

-Хүүхэдтэй холбоотой хууль тогтоомж нарийн заалтуудтай байдаг. Тухайлбал, хүүхэд төрсний дараа эх нь хогийн саванд хийж орхичихсон. Ингээд хүүхэд эндвэл эх нь хүүхдээ алсан гээд гэмт хэрэгт холбогдоно. Энэ нь хүнд гэмт хэрэг. Тиймээс ял оноох үндэслэлтэй. Үүнээс гадна хүүхдээ төөрүүлсэн, гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад өртөх зэрэг нь Гэр бүлийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулиар ч гэсэн хариуцлага хүлээлгэнэ. Хүүхдэд хайхрамжгүй хандах, анхаарахгүй орхиход Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс илүү эцэг эх байх эрхийг нь хязгаарлах, түр хугацаагаар эцэг эх байх эрхийг нь хасах зэрэг арга хэмжээнүүдийг авдаг.

-Ямар тохиолдолд тухайн иргэний эцэг эх байх эрхийг нь хязгаарлаж, хасдаг юм бэ?

-Тухайн эцэг, эх байх үүргээ ухамсарлахгүй тохиолдолд буюу хүүхдээ асран хамгаалахгүй, хараа хяналтгүй орхивол хуулийн дагуу шийтгэнэ. Ингэхдээ А гэх хүүхдийн ээж нь аавыг нь эцэг байх үүргээ биелүүлэхгүй байна гэсэн гомдол гаргахад эрхийг нь хязгаарладаг. Өөр хөндлөнгийн хүн ч гэсэн гомдол гаргаж болно. Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Эцэг, эх байх эрхийг нь хязгаарлах” гэж байна. Үүний нэгдүгээр хэсэгт “Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар хязгаарлаж болно” гэж заасан байдаг. Хэрвээ тухайн хүүхдийн аав, ээж нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан бол хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх ёстой. Харин эцэг эх байх эрхээ урвуулан ашиглавал эцэг эх байх эрхийг нь шууд хасдаг. Тодруулбал, хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэрэг үйлдэл юм. Мөн хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, хүүхдийг бэлгийн харьцаанд оруулахыг завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг бол эцэг эх байх эрхийг нь хугацаагүйгээр хасна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Агаар амьсгал болохуй”-д амьдралыг бид ойлгоно

Гүн ухаангүйгээр бодоход амьдрахуйн утга учир юусан билээ. Юу ч биш байх аа даа. Тэр л юу ч бишийг уншиж, урагдаж буй уушгиных нь бөглөрч байгаа амьсгааг мэдэрсэндээ гунинам. Гэхдээ би гуниглаагүй ээ. Энэ буландаа дэлхийн сонгодог зохиолч Германы Патрик Зюсландын “Сүрчиг”, 1933 оны Нобелийн шагналт зохиолч Оросын их хөвүүн Иван Бунины “Арсеньевагийн аж төрөл” хэмээх алдарт романуудыг оруулъя гэж өчнөөн бодсоон.

Энэ зохиолуудыг агуу их орчуулагч Орхунт Ц.Гомбосүрэн, Ононгийн Чинзориг нар эх монгол хэлнээ аялгуу сайхан орчуулсан. “Аз хур” хэвлэлийн компаниас надад хагас сая төгрөгийн үнэтэй номын санал өгөв. (Би ч номын ертөнцөд үнэндээ нэг ганц удаа тонгочиж үзсэн шүү). Тэгэхэд “Болор судар” хэвлэлийн газрын ажилтан, зохиолч, яруу найрагч Сэрээнэнгийн Сосор найз маань ямар сайхан номууд надад санал болгосон гээч. Тэр дунд Пол Каланитийн “Амьсгал агаар болохуйд” хэмээх номыг аваач гэв. Ний нуугүй хэлэхэд гайхаж л байсан.

Дэлхийн өчнөөн л сонгодгийг авсан л даа. Харин тэр номуудын дунд мөнөөх ном арай л балчирдаад байв. Гэсэн хэдий ч тэр ном дэлхийн дөчөөд хэлнээ шилдэг болсон ном юм байна. Уншаад үзсэн чинь уйлахаас аргагүй гунигийн түүх юм билээ. Тэр номыг уншихад

“Уйтгар гуниг төгөлийн цаадах сар шиг байдаг

Уянгалагч тэр алс руу сэтгэл зүрхийг минь дуудаач!” гэсэн Оросын агуу их яруу найрагч Александр Фетийн үг санаанд ороод байв. Гуниг бол гуниг л байдаг биз.

Пол Каланити тархины агуу их мэс засалч атлаа уушгины хорт хавдар тусаад хоног өдөр нь мөч хормоор тоологдсоор байхад амьдралын төлөө ямар гайхамшигтай тэмцснийг өөрийнх нь тэмдэглэл хүн төрөлхтөнд ойлгуулна.

Тэр хүний өөрийнхөө тухай өчил намтрыг уншаад хорвоогийн эрээн бараан, уйтгар гуниг, баяр баяслыг мэдрэх нь таны сонголт юм даа. Хэрвээ бид 36-хан насандаа хорт хавдар туссан бол энэ хүн шиг утга төгөлдөр амьдарч чадаа ч уу, үгүй юу.

“Амьсгал агаар болохуйд” нэртэй ном дэлхийн дөч гаруй хэлнээ орчуулагдан олон улсын бестселлер болсон. Пол Каланити 36-хан наслахдаа хүнээс дээд бурхны хэмжээнд амьдарчээ. Бид ч тэгж чадна гэж бодож байна. Каланити бүгдийг мэдэрч байсан. Тэр охин Кэйдидээ зориулж, сүүлчийн амьсгалаа дуустал эл номыг бичсэн ч хүн төрөлхтөн түүнд сэтгэл зүрхээрээ мэхийсээр байх билээ.


Categories
мэдээ цаг-үе

И.Буян-Өлзий: Хөдөө орон нутгийн иргэдийг мэдээлэл багатайгаар нь далимдуулж залилж байна

“Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэж буй залилах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга замууд” сэдэвт сургалт, зөвлөгөөн өчигдөр боллоо. Энэ талаар ЦЕГ-ын Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Буян-Өлзийтэй ярилцлаа.


-Цагдаагийн ерөнхий газар энэхүү зөвлөгөөнийг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

-Залилах гэмт хэргээс үүдэлтэй цагдаагийн байгууллагуудад өнөөдөр их ачаалал бий болгож байна. Нэг хэрэг дээр ганц хүн биш ажлын хэсгүүд гарч ажиллаж байж үр дүн гарна. Зарим залилах гэмт хэргүүд хэдэн сар, жилээс дээш хугацаанд шалгагдаад явж байна. Иймэрхүү гэмт хэргүүд ихээр үйлдэгдэж байгаа учраас ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албатай хамтраад урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ сард “Залилах гэмт хэргээс сэргийлэх аян” зохион байгуулж байна. Урьдчилан сэргийлэх аян маань нэлээн үр дүнгээ өгч чадаж байгаа. Өнөөдрийн сургалт, зөвлөгөөнөөр мэргэжлийн зөвлөгөөг өгч, санхүүгийн зохицуулах хороо, прокурорын зөрчилд хяналт тавих хэлтэстэй зөвлөлдөх болно. Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа биш гэмт хэргийн бэлтгэлийн үед урьдчилан сэргийлж таслан зогсоох нь бидний гол зорилго юм. Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажиллавал сүлжээний бизнесээс ард иргэдийгээ хамгаалах, хохирол учруулахгүй байх, гэмт хэргээс сэргийлэх бүрэн боломжтой.

-Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын арга гэж юу вэ?

– Дэлхийд 1920-иод оны үед анх бий болсон.Энэ шинжлэх ухааны нэр томьёо биш Чалз Понзи гэх Итали гаралт АНУ-ын иргэний хүний нэрээр нэрлэгдсэн Понзийн схем болон пирамид тогтолцооны луйврын арга юм. Энэ аргыг олон улсад 1960-1970-аад оны үед хориглож эхэлсэн. Харин Монгол Улсын Их хурлаас 2001 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн найм дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт зааснаар олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаар үйл ажиллагаа явуулахыг хориглож хуульчилсан. Энэ нь өөрөө бизнес биш, цэвэр луйврын шинжтэй учраас хориглож байгаа юм. Пирамидын оройд гарсан хүмүүс их хэмжээний ашиг хонжоо олж амжилтад хүрч байгаа мэт харагддаг. Гэхдээ үнэн хэрэгтээ 2, 3, 4 дүгээр шатлалд орсон хүмүүсийн мөнгийг л аваад байгаа гэсэн үг. Доод шатлалд байгаа хүмүүс дээр байгаа хүмүүст л мөнгөө алдаад байна гэж ойлгож болно.

-Пирамид луйврын нуран ундаг гол шалтгаан юу вэ?

-Бодит бараа бүтээгдэхүүн үйлчилгээ эрхэлдэггүй, гишүүнээр элсэх хүнгүй болж улмаар пирамид нурдаг.Иймээс иргэд аль аль талаасаа хохирдог учраас хуулиараа хориглодог байна. Өмнөх пирамид үүсээд нурсны дараа дараагийн гарч ирсэн пирамид луйварт иргэд итгэдэг. Учир нь залилагч нэрээ өөрчилдөг, өндөр цалин урамшуулал амладаг, бараа бүтээгдэхүүнээр өнгөлөн далдлагдсан хэлбэрт шилжиж арга нь нарийсч байгаатай холбоотой.

Пирамид тогтолцооны луйврын аргаар бусдаас мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлдэг. Мөн түүнээс урамшуулал, цалин гэх зэргээр ашиг хүртэж байгаа хүмүүс хэзээ ч амжилтад хүрч байгаагүй. Гишүүнчлэл тасралтгүй эргэлдэж байх хугацаанд ашигтай, цалинтай, орлоготой мэт байдаг. Гэвч удаан хугацаанд үргэлжлэхгүй, тогтворгүй, өөрөөр хэлбэл гишүүнээр элсэх хүнгүй болдог. Түүнчлэн бодиттой бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй учир эргэлтгүй болж пирамид нурдаг.

-Пирамид тогтолцооны залилан ямар байдлаар илэрч байна вэ?

– Манай улсын иргэдийн ихэнх нь нийслэл хотод төвлөрсөн байдаг. Иймээс нийслэлд ажилгүйдэл их байгаа. Ингэснээр айл бүрт мөнгөний асуудал, гачигдал үүсдэг. Үүнийг ашиглан залилан хийх тохиолдол элбэг байна. Залилангийн төрөл дотроос хамгийн их хохиролтой, олон хүнийг хамарч анхаарал татдаг залилан бол олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаар хийдэг луйвар юм. Энэ төрлийн луйвар нь арга зохион байгуулалтын хувьд их нарийн тогтолцоотой байдаг. Пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо өсөхөд үүнээс шууд хамааралтайгаар хохирлын хэмжээ нэмэгдэж байна. Энэ нь иргэдийн санхүүгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх гол шалтгаан болдог. Иймээс цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх зүй ёсны шаардлага гарч байгаа юм.

-Энэ төрлийн залиланд хэчнээн иргэн хохироод байна вэ?

-Монгол Улсад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн сүүлийн гурван жилийн статистик мэдээнээс харахад залилах гэмт хэрэг нь 2016 онд бүртгэгдсэн гэмт хэргийн 7,9 хувийг эзэлсэн байна. Харин 2017 онд 9,2 хувь бол энэ оны эхний гурван сарын байдлаар 12,7 хувийг эзэлсэн байдаг.Ингэхээр энэ төрлийн гэмт хэрэг байнга өссөн дүнтэй байгаа юм. Мөн энэ төрлийн аргаар үйлдэгдэх залилах гэмт хэргийн улмаас 35 мянга гаруй иргэнд 56,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг. Сүлжээний гэх тодотголтой залилах гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн 40-45 хувь нь 22-30 насны залуучууд, 75 хувь эмэгтэйчүүд эзэлж байна. Харин ямар үйл ажиллагаанд оролцож байгаагаа мэдэлгүй гишүүнээр бүртгүүлсэн иргэд 16-20 хувийг эзэлсэн байгаа. Үүнээс 15-20 хувь нь ашиг, урамшуулал авсан иргэд, 80-85 хувь нь хохирсон иргэд эзэлж байна.

-Залилан хийсэн этгээдүүд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бол?

-Залилангийн гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-12 жилийн хугацаанд хорих ял шийтгэхээр заасан байгаа. Мөн пирамид нурсан тохиолдолд асуудал үүсдэг. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад анх оруулсан мөнгөн дүнгээс давсан цалин, урамшуулал авсан хүмүүс иргэний хариуцагчаар татагдаг. Эдгээр иргэн оруулсан мөнгөн хөрөнгөнөөсөө давсан хэмжээгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээдэг юм. Ингэхээр залилан гэдгийг мэдэхгүй орсон ч хариуцлга хүлээдэг гэж болно. Пирамид тогтолцооны луйврын аргаар 2007-2012 онуудад өөрөөр хэлбэл сүлжээний гэх тодотголтой хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоолоо. Мөн 7600 гаруй иргэдэд 4,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 36 иргэнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоосон. Хэд хэдэн жишээ дурдахад Жавхланг Бадруулагч, Шинэ Санаа Төв, Глобал Ньюс, Байгалийн Нөхөр Сан, Гүн галуутын Оюун-Эрдэнэ сан зэрэг байна.

– Цагдаагийн байгууллага, төрийн бусад байгууллагаас сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсээр байхад иргэд яагаад энэ гэмт хэрэгт өртөж хохироод байна?

-Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах явцад дараахь шалтгаантай байна гэж үзэж байгаа юм. Нэгт, дэлхийн аль нэг улсад сүлжээний гэх тодотголтой пирамид луйврын аргыг Монгол Улсад оруулж, иргэдийг элсүүлэн ашиг хонжоо олж байгаа хэсэг хүмүүс байна. Хоёрт, иргэдийн дунд “Сүлжээ” гэж нэрлэгдэх болсон пирамид луйврын аргаар залилах гэмт хэрэг үйлдэж хүмүүс иргэдийн мөнгөн хөрөнгийг татах, гишүүнээр элсүүлэхийн тулд аргаа улам нарийсгаж байна. Жишээ нь, хуучин нэрээ өөрчлөх, өндөр ногдол ашиг, урамшууллын болзол тавих, гадаадын хөрөнгө оруулалттай гэх нэр барих, Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч байгууллага, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй хэрнээ бодитой бараатай мэт, бараа бүтээгдэхүүнээр өнгөлөн далдлагдах, гадаад улс руу аялуулах зэрэгт иргэд хууртаж хохирч байна. Гуравт, манай иргэдийн өөрсдийнх нь маш богино хугацаанд өндөр ашигтай ажиллаж амар хялбар аргаар мөнгөө өсгөх гэсэн сэдэл, бодол санаанд тулгуурлаж байна. Гэр бүл, хамаатан садан, найз нөхдийнхөө ятгалга, гуйлтаар хөгшчүүд тэтгэврийн хэдэн төгрөг, тэтгэврийн зээл авч мөнгөө оруулж хохирдог. Дөрөвт, иргэд нэн хайхрамжгүй ханддаг асуудал бол залилагч нар “сүлжээ биш” гэхээр л сонирхож эхэлдэг.Ингээд дээрх хэлсэн аргуудад итгэж мөнгөө оруулж хохирч байна. Тавд, хөдөө орон нутгийн иргэдийг мэдээлэл багатайгаар нь далимдуулж хөдөөд чиглэдэг. Мал мах үнэтэй үед, хавар ямааны ноолуураа борлуулж хэдэн төгрөгтэй болох энэ үеэр хөдөөд гарч хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр шалтгаанаас иргэд залилангийн хэрэгт их өртөж байдаг.


Categories
мэдээ цаг-үе

Гавьяат багш Н.Дариймаагийн авьяаслаг шавь нар

Гомбын Золжаргал, Лунтангийн Болормаа гэх сэтгүүлчид шиг болох хүсэл өвөртлөж нутаг нутгаас цугларсан 15 залуу Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежийн босгоор алхасан цагаас хойш найман он улирчээ. Бид “нэг ангийхан” булангийн хойморт энэ удаа “Хэвлэлийн хүрээлэн”-гийн дэргэдэх “Сэтгүүч” дээд сургуулийн 10 дахь төгсөлтийн хамт олныг онцолж байна.

“Анх элсэхэд коллеж байсан сургууль маань 2014 онд төгсөх жил дээд сургууль болж цар хүрээгээ тэлээд биднийг үдэж өгсөндөө. 15 уулаа байсан бид ч бүл нэмж 23 уулаа болж сэтгүүл зүйн гал тогооруу орсон” гэж ангийн дарга З.Батхуяг хэлж байлаа.

Шударга үнэний дуу хоолой болох үүрэг хүлээдэг хариуцлагатай мэргэжил сонгосон эдний ангийн хамт олны нийтэч, нэг нэгнээ гэсэн сэтгэлийг багш нар нь бахдаж ярьдаг юм билээ.

Дөнгөж нэгдүгээр курст ороод байсан сэтгүүл зүйн ангийн хамт олон сургуулийн захиргаанаас зохион байгуулсан “Оюутны бүтээлч ажиллагаа” уралдаанд түрүүлж 100 мянган төгрөгөөр шагнуулж сургуулийнхаа урд талын Өвөрмонгол ресторанд ангиараа орж хооллож байжээ. “Оюутны бүтээлж ажиллагаа уралдааныг товчлоод “ОБА” гэж нэрлэдэг байсан юм. Манай ангийнхан “Оюунаа багшийн ажил” гэж хошигноно. Анх оролцоод л бид чинь 100 мянган төгрөгөөр шагнуулаад баяжсан хүмүүс сургуулийнхаа хоолны газрыг голж бүр ресторанд хоол идэж байсан юм даа. Сүүлд нөгөө голсон сургуулийнхаа гуанзнаас манай ангийнхан зээл хийж ходоодоо олон удаа баярлуулсан даа. Би л гэхэд 26 мянган төгрөгний өртэй төгссөн юмдаг” гэж ангийн дарга З.Батхуяг оюутан цагийнхаа гэгээн дурсамжаас хуваалцсан юм.

Хоёругаар курст ордог жил нь “Сэтгүүлч” дээд сургуулийн бахархал болсон багш Н.Дариймаа сэтгүүл зүйн салбарын гавьяат багш цолоор шагнуулж шавь нарынхаа магнайг нь хагартал баярлуулж байжээ. “Манай ангийнхан оюутан ахуйдаа гавьяат багшаар сэтгүүл зүйн онол заалгуулсан азтай улс. Гавьяат багшийнхаа заасан сургасан бүгдийг ажил мэргэжилдээ хэрэгжүүлж дор бүртээ хичээж ажиллаж явдаг юм” гэж ангийн төлөөллүүд ярьж байсан юм.

Энэ ангийн оюутнууд “Ирээдүйн сэтгүүлчдэд хэлэх үг” лекцээс их юм сурсан талаараа ярих дуртай.

“Манай сургуулиас “Ирээдүйн сэтгүүлчдэд хэлэх үг” лекцийг тогтмол зохион байгуулж Монголын сэтгүүл зүйн сор болсон эрхмүүдтэй оюутнуудыг уулзуулдаг байсан юм. Бид өөрсдөө зурагтаар харж биширч өссөн Гомбын Золжаргал гэж мундаг хүний сургаалийг энэ лекцээрээ дамжуулж сонссон. Их ч зүйлийг сурч, ухаарсан даа. Г.Золжаргал гуайгаас гадна“Тархан суурилсан Монголчууд” төрийн бус байгууллагын тэргүүн төрийн соёрхолт Х.Санчир, Монголын үндэсний телевизийн шилдэг сэтгүүлчдийн нэг Л.Мөнхтөр нарын үнэтэй зөвлөгөөг “Ирээдүйн сэтгүүлчид хэлэх үг” лекцээр дамжуулж сонсч байсан бид азтай ангийнхан” гэж ангийн нөхдийн төлөөлөл дурдсан юм.

Багаар ажиллах чадварт гаргууд сайн байсан сэтгүүл зүйн ангийн хамт олон сургуулийнхаа спортын тэмцээн уралдаанд жил алгасалгүй түрүүлдэг байсан талаараа энэ өдөр ярьж байв. Мөн урлагаараа ч тэд манлайлагч байж сургуулийн урлагийн үзлэгээр тэргүүлдэг байж. Отгон-Эрдэнэ, Мандахнар, Өсөхбаяр нарын хөвгүүд нь тухайн үед хит болж байсан охидын Энимоне хамтлагийн дүрд хувирч дууг нь дуулж хөглөж явсан түүх тэдэнд бий.

Мөн сургуулийнхаа 10 жилийн ойд зориулж З.Батхуяг

“Үерхэл хайр амьдрал минь болсон

Үзэгний чимээтэй миний сургууль” гэж шүлэглэсэн нь өнөөдөр сургуулийн сүлд дуу болж эгшиглэж байгаа юм. Үзэгний чимээтэй сургууль дууны шүлгийг нь “Өргөө” хамтлагийн Волож бичиж байжээ.

Эдний хамт олон зөвхөн урлаг, спорт бус хичээл сурлагаараа ч шилдэг оюутнууд байж. Батдорж сангаас зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдаанд Энхзулын бичсэн материал гуравдугаар байр эзэлж байжээ. Мөн монголын сэтгүүл зүйн салбарын шилдгүүд бүтээлээ сойдог Балдоржийн нэрэмжит уралдаанд Г.Баттүшигийн бүтээл шилдэг 10-т шалгарч байсан аж. Тэрээр өнөөдөр Монголын толгой сайтуудын нэг NEWS.mn сайтад ажилладаг юм байна. “Манай Түшигээ видео контент бэлдэж тусдаа булан ажиллуулдаг юм. Яагаав нөгөө цахим ертөнцөд шугиан тариад байдаг Осоржамаа гэж залуутай богино хэмжээний ярилцлага хийсэн нь олон хүнд хүрсэн шүү дээ” гэж ангийн нөхөд нь ярьж байв.

Мөн “Улстөрч” хэвлэл мэдээллийн байгууллагад З.Батхуяг, Ч.Мандахнар, Пагмасүрэн нар ажиллаж байгаа аж. Сонин, сайт, сэтгүүл гаргадаг энэ хэвлэл мэдээллийн байгууллагын орлогч эрхлэгчийн албыг З.Батхуяг хашиж байна. Хамгийн анх ангийн даргаар сонгогдож байсан Мөнх-Эрдэний талаар ангийн нөхөд нь “Манай Мөнгөөнөө оюутан байхдаа том зорилго тавиад түүнийхээ төлөө тууштай тэмцэж хүрдэг байсан. Төгсөөд сэтгүүлчээр ажиллаж байгаад одоогоор хамгийн том мэргэжлээ сонгож эмэгтэй хүний үүргээ биелүүлж ээж болсон байгаа гэж ангийнхан нь хэлсэн юм.

“UBS” телевизийн хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч Зэндмэнэ-Эрдэнэ мөн л энэ ангиас төрөн гарсан авьяаслаг сэтгүүлчдийн нэг.

Сургуулийн оюутны зөвлөлийн даргаар ажиллаж байсан Х.Өсөхбаяр сэтгүүлчээр ажиллаж байсан ч одоогоор хувийн бизнес эрхэлж байгаа аж. Мөн Биндэрьяагийн эрхэлж буй бизнес амжилттай яваад ангийн нөхөд нь ам сайтай байна лээ.

“Манай Э.Пүрэвжаргал “SBN” телевизд ажиллаж байгаад одоогоор БНСУ-д амьдарч, мэргэжил дээшлүүлж байгаа. Баярмаа бас мэргэжил дээшлүүлэхээр хилийн чанадыг зориод байгаа” гэж ангийхан нь хэлж байв.

Эдний ангийн Отгон-Эрдэнэ эр цэргийн албаа амжилттай хааж өнөөдөр дотоодын цэргийн албанд ажиллаж байгаа юм. Харин гавьяат багш Н.Дариймаагийн зээ охин Б.Халиунаа Баянгол дүүрэгт цэцэрлэгийн багшаар ажиллаж, төрийн албан хаагч болсон аж.

О.ДАШ

Categories
мэдээ цаг-үе

Э.Зоригтбаатар: Аливаа нэг зүйлийн төлөө дөрвөн жил тууштай хөдөлмөрлөхөд амжилт заавал ирдэг

Пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер Э.Зоригтбаатартай ярилцлаа. Тэрээр WPC холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд суулт, шахалт, таталтын нийлбэр 875 кг-ыг өргөж дээд амжилт тогтоосон юм.


-Өнгөрсөн оны аравдугаар сард пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэхдээ нийлбэр 875 кг-ыг өргөж дээд амжилт тогтоожээ. Танд баяр хүргэе. Тус тэмцээний талаар ярилцлагаа эхлүүлье?

-Өнгөрсөн онд пауэрлифтингийн WPC (Мэргэжлийн тамирчдын холбоо) холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -140кг-ийн жинд амжилттай оролцож алтан медаль хүртсэн. 80 орчим орны 2000 гаруй тамирчид оролцсон тэмцээний Классик Рау төрлийн суултад 350 кг, шахалтад 225 кг, таталтаар 300 кг нийлбэр 875 кг-аар дээд амжилт тогтоосон. Энэ батламжийг дэлхийн пауэрлифтингийн зөвлөлөөс энэ сарын 23-нд надад гардууллаа. Миний хувьд тус тэмцээнээс долоо хоногийн өмнө өөр холбооны тэмцээнд оролцож түрүүлээд байсан учраас нэлээн ядралттай дэвжээнд гарсан. Гэхдээ энэ амжилт маань 33-39 насны ангилалд шинэчилсэн. Монголын баг тамирчдаас дөрвөн алтан медаль хүртэж өндөр амжилт гаргасан даа.

-Өмнөх нь өөр холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан юм уу. Та дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн удаа оролцож байсан бэ?

-Тийм. WRPF холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 370 кг-д сууж 235 кг-д шахаад, 300 кг-д татаад нийлбэр 905 кг-аар бүх тамирчдыг тэргүүлсэн. Энэ үзүүлэлтээр үнэмлэхгүй аваргын цомыг Монголын тамирчдаас анх удаагаа өргөсөн. Дараа нь залгуулаад WPC холбооны дэлхийн аваргад түрүүлсэн. Би өмнө сонирхогчдын ангиллын тэмцээнд орж дөрвөн удаа шинэ дээд амжилт тогтоогоод шат ахиулж өрсөлдөх сонирхол төрсөн дөө.

-Дэлхийд пауэрлифтингийн хэдэн холбоо байдаг вэ. Та хэдэн холбооны тэмцээнд нь оролцож байв. Гаргасан амжилтуудынхаа тухай яривал?

-Дэлхийд нийт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг зургаан холбоо байдаг. Би хоёр холбооных нь тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль авлаа. Өнгөрсөн жил дотоод гадаадын есөн тэмцээнд оролцож бүгдэнд нь түрүүлсэн дээ. Дэлхийн дээд амжилтыг таван удаа шинэчилж тогтоосон. Дан ганц би ч биш дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байгаа хэд хэдэн монгол тамирчид байдаг. Хувцас хэрэглэлтэй төрөлд олон улсын хэмжээний мастер Батаагийн Чимэдцэрэн цээжин дээрээ 362,5-ыг шахаж дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байгаа. Энэ бол гайхамшигтай үзүүлэлт шүү.

-Пауэрлифтингийн төрлийг хувцастай, хувцас хэрэглэлгүй гэж хоёр ангилдаг. Та аль ангилалд нь өрсөлддөг вэ?

-Би хувцас хэрэглэлгүй төрлийн тэмцээн уралдаанд түлхүү оролцдог. Хувцас хэрэглэлтэй өргөхөд дасч өгөхгүй байсан. Тиймээс хүссэн амжилтаа үзүүлээгүй. Энэ төрлийн тэмцээн Монголд явагдаж эхлээд гурван жил орчим л болж байна.

-Энэ спортын онцлог давуу талын тухайд?

-Хүний хүч ямар өндөр түвшинд байж болох вэ гэдгийг л хэмжих зорилготой спорт. Хүний цээж, хөл, нурууны булчингийн хүчийг хэмждэг онцлогтой. Үүнээс гадна чөлөөт бөх, жүдо бөх, боксын спортод өрсөлдөгч нь бэртэхэд гоц мөргөөд даваа аваад байдаг. Харин пауэрлифтингэд тийм юм байхгүй. Захиалсан оролдлогоо амжилттай гүйцэтгэж медаль зүүдэг шударга спорт. Энд нэг зүйлийг хэлэхэд хэвтээ шахалт, суулт, таталт гурав нийлээд пауэрлифтингийн спорт болдог. Монголд шахалт юм уу таталтаар нь медаль авчихаад “пауэрлифтингийн дэлхийн аваргаас медаль хүртлээ” гээд явдаг хүмүүс бий. Энэ явдал нь олон нийтэд буруу ойлголт төрүүлээд байгаа. Үүгээр тамирчдын хөдөлмөрийг үгүйсгэх гэсэнгүй. Хүмүүс зөв ойлготтой байх хэрэгтэй.

-Монгол хүний биеийн онцлогт хэр тохиромжтой спорт вэ. Манай тамирчдын онцлогийн талаар ярихүй юу?

-Монгол хүний бие организмд тохиромжтой спорт шүү. Манайхан шиг тэвчээртэй, аливаа ажлыг гүйцэтгэлтэй сайн хийдэг чанар нь пауэрлифтингэд хэрэг болдог. Олон улсын тэмцээнд очиход гадаадын тамирчид том том булчинтай, өндөр биеийн хөгжлөөр хамаагүй илүү харагддаг. Манайхан бол жижигхэн, зузаан биетэйгээрээ онцгойрдог. Миний болоор яс сайтай байдаг шиг санагддаг. Монголд пауэрлифтинг хурдацтай хөгжиж байгаа. Албан байгууллагууд хүндийг өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг болсон.

-Та спортын сууриа үндэсний бөхөөр тавьж байсан гэсэн. Энэ таны давуу тал болдог уу?

-Би 1999 онд Хөдөлмөр нийгэмлэгт Нэргүй багшийн удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэж спортын сууриа тавьж байсан. Дараагаар нь “Их шавь”-ийн дээд сургуульд элсч улсын харцага Г.Элбэг багшийн удирдлагад үндэсний бөхийн бэлтгэл хийж эхэлсэн. Улмаар 2006 онд Дорнод аймгийн баяр наадамд багштайгаа үлдэж түрүүлж аймгийн арслан цол хүртсэн дээ. Багш маань намайг үндэсний бөхөөр сайн барилдаж улсын цолонд хүрнэ гэж найдаад дэмжсэн хэрэг л дээ. Би гэж хүн багшийнхаа тэр сайхан итгэлийг хөсөрдүүлээд цолоо ахиулж чадалгүй явсаар өнөөдөртэй золгож байна. Энэ дашрамд Г.Элбэг багшаасаа уучлал хүсье. Үндэсний бөхийн бэлтгэл сургуулилт хийж хөлсөө урсгаж байсан минь энэ амжилт үзүүлэхэд түлхэц үзүүлсэн шүү.

-Пауэрлифтингийн спортоор хичээллэх болсон шалтгаан нь юу вэ?

-Үндэсний бөхийн бэлтгэл сургуулилтын хажуугаар пауэрлифтингийн спортоор давхар хичээллэдэг байсан. Намайг пауэрлифтингийн спорт руу хөтөлж оруулсан Мөнх-Эрдэнэ гэж Ази тивийн аварга хүн байдаг. Надад энэ спортын бүх л гоё сайхныг мэдрүүж өгсөн буянтай эрхэм. Энэ спортоос авсан хүмүүжлээр л амьдаралдаа алдчилгүй зөв замаар явж байна.

-Тэмцээнд оролцох бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангадаг вэ?

-Би 2006 оноос хойш энэ спортоор хичээллэж байгаад хувийн шалтгаанаар түр холдсон. Таван жил хэртэй завсарлаж Баттөмөр багшийнхаа удирдлагад Гансүх, Анхбаяр гээд эрч хүчтэй залуучуудтай хамт бэлтгэл сургуулилтаа хийж зорьсон амжилтандаа хүрлээ. Энэ амжилтад хүрэхэд олон сайхан найзууд минь дэмжиж байсанд их талархдаг юм. Итгэлийг нь алдаагүйдээ сэтгэл уужуу явдаг юм даа.

-Пауэрлифтинг өртөг хэр өндөртэй спорт бол?

-Өртөг өндөртэй спорт л доо. Би гэхэд л сард сая 500 мянган төгрөгийн уураг, нэмэлт тэжээл хэрэглэдэг. Бүтэн жилийн хэрэглээ 18 сая төгрөг, тэмцээнд явах зардал гээд их хэмжээний хөрөнгө шаардлагтай болно. Энэ бүхэнд багш, найз нар, хамаатан садан минь хамжиж дэмжээд гаргаж өгсөн. Манай тамирчид “Төр засаг дэмжихгүй байна, аймаг орон нутаг ивээн тэтгэхгүй байна” гэх хандлага гаргаад байдаг. Тамирчин хүн өөрийнхөө дуртай юмыг хийж байж дээрээс нь мөнгө нэхээд байдаг нь утгагүй санагддаг. Тамирчдад хандаж хэлэхэд “Өөрийнхөө дуртай зүйлийг хийж байж, өрөөл бусдаас юм нэхэхээ боль” гэж хэлмээр байна. Тамирчин бид өөрөөс шалтгаалах бүх зүйлээ дайчилж эх орныхоо нэрийг өндөрт өргөх үүрэгтэй. Тэр цагт амжилт чинь чиний өмнөөс дуугарна.

-Та гар барилдааны спортоор хичээллэж олон улсын тэмцээнд амжилттай оролцож байсан санагдаж байна. Энэ талаараа ярихгүй юу?

-2009 онд Монголд гар барилдааны тэмцээнүүд болоход нь оролцож түрүүлсэн. Тэмцээн зохион байгуулж байсан холбооны үйл ажиллагаа доголдоход нь өөрөө бие дааж холбоо байгуулаад олон улсын тэмцээнд өрсөлдсөн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстанд болоход нь оролцож гурав ялж хоёр ялагдаад дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Харин дараа нь ОХУ-ын тамирчнаас допинг илэрч медаль нь надад ирсэн. Тухайн үед ээж маань өнгөрөөд байсан болохоор олон нийтэд мэдэгдээгүй. Энэ спортод их дуртай.

-Спортоор хичээлэж буй залуу тамирчдад хандаж юу зөвлөх вэ?

-Залуу тамирчдад зөвлөхөд нэг зүйлийн төлөө тууштай дөрвөн жилийн хугацаанд хөдөлмөрлөхөд амжилт заавал ирдэг юм шүү. Гагцхүү өөрөөс шалтгаалах бүх хүч нөөц бололцоог дайчилж байх ёстой.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

Монголын 36 иргэн зорчиж явсан Эрээнээс Бээжин хотын чиглэлийн автобус шатжээ

Image result for автобус шатжээ

Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 4-ний өдрийн 23:00 цагийн орчимд БНХАУ-ын Эрээнээс Бээжин хотын чиглэлд зорчиж явсан хот хоорондын автобус шатжээ. Уг автобусанд Монгол Улсын 36 иргэн зорчиж явсан байна.

Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Өнгөрсөн шөнө 23:00 цагийн орчимд Эрээн-Бээжингийн чиглэлд зорчиж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус Хөбэй мужийн Жанчхүү хотоос 30 км-ийн зайд орших орон нутгийн хурдны зам дээр шатсан. Автобусанд Монгол Улсын 36 иргэн сууж явсан бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна” гэв.

Мөн ЭСЯ-ны зүгээс уг автобусанд зорчиж явсан Монгол Улсын иргэдийн хохирлыг яаралтай барагдуулахаар Хятадын талын холбогдох тээврийн компанитай холбогдон ажиллаж байгаа аж.
Иргэдийг хот хооронд зорчихдоо аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслийг сонгож, анхаарал болгоомжтой зорчиж байхыг ЭСЯ-ны зүгээс анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Pink walk 2018” хөхний хавдрын эсрэг алхалт болно

Манай улсад 2016 онд 16500 орчим хүн аймаг, дүүргийн хавдрын эмчийн хяналтанд бүртгэгдсэнээс 5200 нь хорт хавдраас эдгэсэн буюу тав ба түүнээс дээш жил амьдарч байгаа тухай судалгаа байна. Өөрөөр хэлбэл хорт хавдрыг эрт үед нь илрүүлбэл эмчлэгдэх боломжтой өвчин боловч нийт оношлогдож байгаа тохиолдлын талаас дээш хувь нь хожуу шатандаа илэрч байна. Тухайлбал 2016 оны байдлаар хөх, умайн хүзүүний хавдрын 51, 57 хувь нь хавдрын III, IV шатандаа оношлогджээ.

Иймээс хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн ач холбогдлын тухай таниулан сурталчлах нь нийт эрүүл мэндийн байгууллага төдийгүй, хувь хүн олон нийтийн байгууллагын дэмжин оролцох асуудал юм. Дэлхийн улс орнуудад энэ хүрээнд бүх нийтийн ЯГААН туузны алхалтыг зохион байгуулдаг бөгөөд Монгол улсад анх удаа Ахиллис Монгол ОУБ, Хавдар судлалын үндэсний төвөөс санаачлан эхлүүлж байна.

50-с дээш насны 30 эмэгтэй тутмын гурав нь хөхний хорт хавдар тусах магадлал өндөр байдаг байна. Үүний шалтгаан нь “Цэвэршилт” юм. 55 болон түүнээс дээш насанд цэвэршиж байгаа эмэгтэй эрт цэвэршилт явагдсан эмэгтэйг бодвол хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл ихтэй байдаг. Энэ нь эстрогений өөрчлөлт нэмэгдсэнтэй холбоотой байдаг байна.

Хөхний хорт хавдрын талаарх сонирхолтой найман фактыг хүргэж байна.
1.Хөхний хорт хавдрыг “Гэлэнмаан өвчин”гэж нэрийддэг байв.
2.Уг өвчин нь нохой болон мууранд ч тохиолдож болдог бөгөөд мууранд илүү хүндээр тусдаг.
3.Зөгийн өтгийг хөхний хорт хавдрын эмчилгээнд ашигладаг байсан. Эртний Египетэд үнээний тархи болон зөгийн ялгадасыг хольж бэрсүүн дээрээ дөрөв хоног тавьдаг байсан.Амьтны гаралтай арга дундад зуун хүртэл түгээмэл байжээ.
4.Анхны хөхний хорт хавдрын хөх тайрах ажиллагаа 1500 жилийн өмнө Бизантын хаанчлалын үед Тёдорт болж байсан.
5.Эрэгтэйчүүд ч мөн хөхний хорт хавдар тусдаг бөгөөд энэ нь 1000д нэг тохиолддог.
6.Хөхний хорт хавдар баруун хөхнөөс илүү зүүн хөхөнд тохиолдох нь илүү элбэг байдаг.
7.Орчин үеийн олон эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн ачаар Америк, Япон гэх мэт өндөр хөгжилтэй улсуудад хорт хавдрыг хүмүүсийн 80% нь бүр мөсөн ялж чаддаг.
8.Шөнийн ээлжинд 30-аас дээш жил ажиллах нь хөхний хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг.

Хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлбэл эмчлэгдэх боломжтой өвчин боловч харамсалтай нь нийт оношлогдож байгаа тохиолдлын талаас дээш хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Pink Walk буюу Ягаан туузын алхалтыг манай улсад анх удаа зохион байгуулах гэж байна. Ягаан тууз нь дэлхий нийтэд хөхний хавдраас урдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй тэмцэхийн билэгдэл болсон байдаг.

Энэхүү үйл ажиллагаанд хамтран ажиллаж буй байгууллагуудаас алхалтанд ирсэн хүмүүст дараах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

Хүчирхэг Хөвгүүд ТББ:

1. Сэтгэлзүйн сорилд хамрагдаж, өөрийнхөө зан төлөвийг тодорхойлуулна.
2. Хөвгүүдэд зориулсан буухиа тоглоом
3. Хосын харилцааны талаар зөвлөгөө авна

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв:

1. Умайн хүзүүн шинжилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл
2. Хөхний эрүүл мэндийн анхан шатны шинжилгээнд хамрагдана
3. Хөхний эрүүл мэндийн үнэ, зөвлөгөө авна.

Эрүүл Мэнд-Инээмсэглэл сэтгүүл:
1. Хөдөлгөөн-эрүүл мэндийн тоглоомд оролцож СПИННИНГ-ийн хөнгөлөлттэй эрхийн бичиг
2. Охидтой хэрхэн ажиллах талаар зөвлөмжүүд авнө

Хөхний эрүүл мэндийн төв:

1. 50 000 үнэ бүхий хөхний ЭХО-д үнэгүй харуулах (зориулалтын тоноглол бүхий машинд үзлэг хийлгэнэ)
2. Хөхний эрүүл мэндийн анхан шатны шинжилгээнд хамрагдана
3. Хөхний эрүүл мэндийн үнэ зөвлөгөө авна

Юнимед эмнэлэг:
1. Эмэгтэйчүүд, үргүйдлийн үнэ төлбөргүй зөвлөгөө
2. Эхний 50 эмэгтэйд эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг
3. Дараагийн 50 эмэгтэйд 50% хөнгөлөлттэй үнээр эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамрагдах эрхийн бичиг олгоно
4. Хөгжөөнт тэмцээн уралдаанд оролцож эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх багц шинжилгээнд (136.000₮) хамрагдах эрхийн бичиг 3 эмэгтэйд олгоно.
5. Бэлгийн ариун цэвэр сахихын ач холбогдол, эмэгтэйчүүдийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай сувилагчийн зөвлөгөө
6. Озон эмчилгээ, эмэгтэйчүүдийн физик эмчилгээ ТРИМА, үтрээ чангалах лазер эмчилгээ EVERO тухай мэдээлэл
7. Үр шилжүүлэн суулгах төв, Дурангийн мэс заслын төвүүдийн үйл ажиллагааны тухай танилцах боломжтой.

Хавдар Судлалын Үндэсний Төв:

1. Сэтгэлзүйч эмчийн зөвлөгөө,
2. Хавдарын эмчийн зөвлөгөө
3. Даван туулагчдын зөвлөгөө

Ногоон гэр төслийн баг:
1. Хумсаа будуулах
2. Нүүрэн дээрээ зураг зуруулах
3. Ягаан туузан чимэглэл авах
4. Асуулт хариултын тэмцээнд орж Болор гадаад хэлний сургалтын төвийн эрхийн бичиг хожих, Сүлд фитнес клубын эрхийн бичиг, AQUA фитнессийн эрхийн бичиг хожих боломжтой

Нийгмийн эрүүл мэндийн төв:

1. Сэтгэлзүйн сорилд хамрагдах
2. Урьдчилан сэргийлэх зөвлөгөө авах
3. Биеийн жингийн индексийн ба зөв хооллолтийн зөвлөгөө

Ахиллис Монгол Клуб:
1. Спортоор хичээллэх ач тус ба Ахиллис Клубын тухай мэдээлэл
2. Уулын алхалт, марафонд бэлтгэх- зөвлөгөө
3. Ахиллис Монгол клубт бүртгүүлэх

Хавдрын эсрэг “Ягаан туузны алхалт” маргааш буюу тавдугаар сарын 6-ны 09:00 цагаас Хавдар судлалын үндэсний төвөөс Сүхбаатарын талбай хүртэл гурван км газар ягаан тууз, подволкоор гоён алхах юм байна.