Categories
мэдээ цаг-үе

Б.Түвшинбат: Гадны театрт ажиллаж байгаад эх орондоо сэтгэлийн дуудлагаар ирсэн

УДБЭТ-ын Уран сайхны удирдагч Б.Түвшинбаттай ярилцлаа.


-Дэлхийн бүжгийн өдрийг өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. УДБЭТ-ын уран бүтээлчид сонирхолтой хөтөлбөр гаргаж үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барьсан гэж байгаа. Ямар арга хэмжээ болж өнгөрөв?

-ЮНЕСКО-гийн шийдвэрээр 1982 оноос дэлхийн улс орнуудад бүжгийн өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. “Дэлхийн орчин үеийн балетын эцэг” хэмээн нэрлэдэг Францын нэрт балетмейстер Жан-Жорж Новер 1727 оны дөрөвдүгээр сарын 29-нд мэндэлсэн. Энэ хүн бүжгийн онолыг шинжлэх ухааны хэмжээнд боловсруулсан хүн юм. Өөрөөр хэлбэл, бүжгийн урлагийг мэргэжлийн хэмжээнд хүртэл хөгжих хэлбэрт нь оруулсан гэсэн үг. Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан бид дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Ф.Шопены ”Щопениана” Л.Минкусын “Пахита” балетыг Монголд тавьсаны 25 жилийн ойн тоглолтыг зохион байгууллаа. Харин дөрөвдүгээр сарын 29-ны өдөр “Балетын үдэш” гала тоглолт хийлээ. Эдгээр арга хэмжээнд Монголын бүжгийн урлагт хүчин зүтгэж яваа бүх байгууллагын мэргэжил нэгт нөхдөө урьж оролцуулсан. Энэ тоглолтоороо “Аутизмтай хүүхдүүдийн төлөө хамтдаа” уриаг зорилгоо болгон аутизмтай хүүхдүүд болон тэдний эцэг, эхчүүдэд урам зориг өгөх, энэ эмгэгийн талаар уран бүтээлээрээ дамжуулан таниулж мэдээлэл өгөх сайн үйлсэд нэгдэн ажилласан. Мөн “Хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад багаас нь урлагийн боловсрол олгоход хамтран ажиллаж байна.

-Энэ зуны хөтөлбөрөөр театрт ямар сонин содон бүтээлүүд тавигдах вэ. Тухайлбал, Улаанбаатар хотноо бүжгэн жүжгийн томоохон тоглолт, уралдааныг зохион байгуулах гэж байгаа гэв үү?

-Дуурийн театрын хөтөлбөр жилийн хугацаагаар төлөвлөгөөтэй гарчихдаг. Яг ямар бүтээл тоглогдох нь үзэгчиддээ сюрприз байлгах үүднээс дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байдаг. Тавдугаар сарын 28-30-ны өдрүүдэд үндэсний балетын хоёрдугаар уралдаан болно. Үүний дараа тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 2-ны хооронд балетын олон улсын анхны тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон. Эдгээр уралдааныг театрын зүгээс бодлогоор дэмжиж байгаа. Уралдааны үеэр тоглох байсан “Дон Жуан” дуурийг хааж, зарим төлөвлөсөн ажлаа цуцалсан. Манай театрын залуу бүжигчид уралдаанд оролцохоор бэлтгэлээ илүү сайн хийж байна. Мөн зургадугаар сарын сүүлчээр “Богема”, “Чио чиа сан” дуурийг гадны удирдаач удирдаж тоглоно. “Тэнгэрийн ташуур” үндэсний балет бас тоглогдоно. Жил болгон задгай талбайд болдог сонгодог урлагийн хөтөлбөрийг энэ жил үргэлжлүүлнэ гэж төлөвлөсөн байна. Түүний дараа Италийн урлагийнхантай маш сонирхолтой нэгэн сюрпризийг үзэгчдэдээ барихаар төлөвлөж байна.

-Таныг гадны нэр хүндтэй тайзан дээр чамгүй олон жил бүжиглэсэн, Монголынхоо нэрийг гаргаж явсан гэдгээр нь урлагийнхан андахгүй мэднэ. Та Монголдоо хэзээ ирэв?

-Миний хувьд 1985 онд Дуурийн театрт Соёлын яамны тушаалаар анх балетчин болж байлаа. Өдгөө 30 гаруй жил урлагаараа тууштай явж байна. Би Япон, Унгар, Герман, АНУ зэрэг улс орнуудад мэргэжлээрээ ажиллаж гадны улс орны тайзан дээр бүжиглэхдээ ихэвчлэн гоцлол бүжигчнээр ажиллалаа. Тухайлбал, сүүлийн 15 гаруй жил хугацаанд Нью-Иоркийн “Нью Жерси” театрт бүжигчин, багш, гадаад харилцааны менежерээр ажиллалаа. Гадны театр хэрхэн хөгжиж буйг судалж эх орондоо ирэхдээ би өөрийгөө чамгүй бэлдэж ирсэн болов уу. Ингээд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Дуурийн театртаа уран сайхны удирдагчаар ажиллаж байна. Эх орондоо зорьж ирсний тухайд бол 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадад байгаа монголчуудаа эх орондоо ирэхийг уриалж байсан. Төрөөс бодлогоор дэмжье, эх орондоо ирж ажиллана уу гэсэн уриалгыг сонсоод Монголдоо ирье гэж сэтгэл шулуудаж, өөрийн мэдлэг чадвараа театртаа зориулъя гэж бодсон.

-Дуурийн театр ямар чиг хандлагаар хөгжих нь зүйтэй харагдаж байна вэ?

-Манай ДБЭТ дэлхийн жишгээр академик талаасаа илүү их хөгжих ёстой. Монголдоо нэгдүгээр зэргийн алтан тайз гэж нэрлэгдэж, үнэлэгддэг. Тийм болохоор хэн дуртай нь хүссэн дуурь болгоноо тавих биш сонгодог болон үндэсний сонгодог бүжгэн жүжиг, дуурийг тавих ёстой. Ийм ч цензурээр явж ирсэн. Энэ театр бол Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Залуу үеийг балет, тайзны урлагт сонирхолтой болгох, татах үүргийг бас хүлээдэг. Мэргэжил, чанар чансааны хувьд манайхан үнэхээр мундаг чадвартай. Монголын ард түмэн өөрсдөө ч тэр чигээрээ авьяастай. Бид аугаа түүхтэй ард түмэн. Манай ахмад үе сонгодог урлагийг хөгжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан. Үндэснийхээ балет, дуурийг сонгодог хэлбэрт нэгэнт оруулсан учраас зөвхөн гадны дуурийг үнэлж шохоорхох биш Монголынхоо сайн сайн хүлээн зөвшөөрөгдсөн дуурийг сэргээж тавих нь зүйтэй юм. Тухайлбал, “Шарай голын гурван хаан”, “Жаргалын зам” гэх мэт агуу сайхан дууриуд байна. Саяхан Д.Лувсаншарав гуайн “Шивээ хиагт” дуурийг хэсэгчилж тавьсан. Монголын түүхийг харуулсан, маш сайхан уянгалаг дуутай дуурь юм.

-Таны гэр бүл урлагийн хүмүүс байв уу?

-Манай ээж н.Доржпалам Д.Мажигсүрэн гуайн үед уран нугараач байсан, урлагийн хүн байдаг. Аав маань мэс заслын их эмч Болд гэж олноо хүндлэгдсэн сайхан хүн бий.

Б.ОДМАА

Categories
мэдээ цаг-үе

Шагнах, шагнал хураах хэмээх дуулианы тухайд

Монгол Улсын иргэн өөрийн эзэмшсэн боловсрол, билэг авьяас, цэргийн эрдэм, улс орны болоод ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяа зүтгэлээ төр засгаараа үнэлүүлдэг ёс журам, уламжлалтай. Энэ нь тухайн орны аюулгүй байдал, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан гээд салбар бүрт оруулсан хувь нэмрийг нь үнэлж буй төр засгийн үнэлэмж, дээдийн хүндэтгэл юм. “Одон медаль, цол тэмдэг нь төр эрхэмсэг оршихуйн бэлгэдлийн нэгэн илэрхийлэл”гэж эрдэмтэд үзэх нь ч бий.

Манай орны хувьд 1925 оноос ЗХУ-ын одон медалийн системийг дуурайлган авч, өнөөг хүртэл ашигласаар ирсэн. Үндсэндээ Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын, гавьяат хэмээх энэ цолууд нь социалист дэглэмтэй байсан хийгээд одоо байгаа орнуудын олгодог шагнал.

Улсын баатар цолыг анх гучин дөрвөн онд тухайн үеийн Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс гаргасан бөгөөд хожим бараг бүх коммунист улсад жишиг болон тогтсон байдаг. Харин коммунист дэглэм нуран унасны дараа ихэнх улс орон улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолыг хүчингүй болгожээ. Өнөөдөр Орос болоод төв Азийн авторитар дэглэмтэй улсуудад л эдгээр цол оршиж байна. Харин ойрын гурав, дөрвөн зуун жилийн туршид капиталист байсан хөрөнгөтөн орнууд болох Америк, Англи, Франц, Япон зэрэг нь дэлхий дахинд маш нэр хүнд бүхий одон шагналтайг бид мэднэ. АНУ-ын аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, дэлхийн энх тайвныг хамгаалах, соёл болон нийгмийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн нэрэмжит “Эрх чөлөөний одон”-гоор шагнадаг.

Энэ нь манайхаар бол “Чингис хааны одон”-той төстэй гэж хэлж болох байх. Мөн ардчилал, энх тайван, хүний эрхийн үнэ цэнийг хадгалсан Конгрессын алтан медаль байна. Английн хатан хааны зарлигаар олгодог Рыцарийн одон, Францын эр зоригийн бэлгэдэл Легионы одон, Японы цог жавхлант эзэн хааны шагнал тэргүүн дээд зэргийн “Мандах нар” одон зэргийг нэрлэж болно. Монгол Улс, Богд хаант засгийн үед буюу 1913 оноос “Эрдэнийн очир” одонг олгодог байсан.

Манай шагнал зөвхөн нэр төрийнх байдаг. Улсын баатар, ардын цолтон, гавьяат болсноор амьдралд бодитоор нөлөөлөх зүйл байхгүй. Мөнгөн урамшуулал бараг байхгүй. Зөвхөн “гавьяат тэр” гэж цоллуулахад үр дүн нь оршиж байгаа. “Монгол Улсын баатар хүн хөдөлмөрийн баатар, ардын цолтонтой ижил сардаа 200 мянган төгрөг авдаг. Уул нь улсын баатар гэдэг чинь бусад цолтой хутгалдаад, тэр түвшинд үнэлэгдээд байхгүй том цол юм” гэж өдгөө амьд сэрүүн байгаа гурван улсын баатрын нэг хэлсэн. Монголоор дүүрэн гавьяатууд байна. Тэд жаран нас хүрч байж тэтгэвэр дээрээ 150 мянган төгрөг авах эрхтэй болдог. Гавьяатдаа төр засгаас өгч буй бодит үнэлэмж ердөө энэ.

Юуны учир шагналын өгүүлээд унав гэхээр саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ялаар шийтгүүлсэн Ч.Амарболд, П.Даш нарын “Хошууч генерал”, Т.Дашдэлэгийн “Бригадын генерал” цолыг тус тус хураасан. Мөн “Дүнжингарав” морин уралдаантай холбогдуулж хоёр уяачийн цолыг ч хураасан. Монголд өмнө нь, ялангуяа цэргийн цолоо хураалгасан тохиолдлыг мэдэхгүй юм. Одоо л үзэж байна.

Ял эдэлсэн генералууд цолоо хураалгаж, зөв буруу гэх нийгмийн дуулиан шуугиан намдаагүй байна. Цэргийн цол гэдэг тухайн иргэний хүмүүжил, хариуцлага, сахилга баттай холбоотой зүйл байдаг байх. Гэхдээ цолоо хураалгасан хүмүүсийн гомдлыг харж байхад бас цаанаа нарийн зүйл байдаг байна. Генерал цолоо хураалгаад байгаа Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан Т.Дашдэлэг “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа нэг зүйлийг онцолж хэлсэн.

“Эх орны дайны үед Власов генерал эх орноосоо урваад бууж өгсөн байдаг. Сталин дуудаж ирээд түүнийг буудаж хороосон. Тухайн үед цолыг нь хурааж авах асуудал яригдсан. Тэгэхэд Сталин “Цолыг нь хураагаад хэрэггүй. Армийн генерал цол бол энэ хүний өөрийнх нь туулж өнгөрүүлсэн өмнөх амьдралын түүх. Тиймээс өмнө нь хийсэн гавьяаг нь баллуурдаж болохгүй. Түүхэнд энэ хүн армийн генералаараа үлдэх ёстой. Харин эх орноосоо урвасных нь төлөө буудах ёстой гээд буудаж алсан” гэв. Мөн тэрээр “Цэргийн цол гэдэг ийм л эрхэм. Генерал цол миний гоёо биш. Миний цолыг хурааж авснаараа хэдэн зуун агаарын хүчний хүмүүсийг яллаж байна” гэж хэлсэн. Тэгэхээр тухайн хүнд өгсөн цолыг чухам ямар гавьяа байгуулахад нь өгсөн бэ гэдгээ хураах зарлиг гаргахдаа Монголын төр маш сайн анхаарах хэрэгтэй юм шиг байна.

Монголчуудын түүхэнд цол чимгийн тухайд ямар бодлого барьж ирснийг эргэн сөхье. Манжийн үеийн цол хэргэмүүдийг сайн мэдэхгүй юм. Ван, бэйл, бэйс, гүн гээд л цол хэргэм өгдөг байсан тухай бий. Түүнээ шагначихаад буцааж хураадаг байсан эсэхийг мэдэхгүй юм. Харин монголчууд бидэнд хамгийн эх сурвалжтай мэдэгдэж байгаа нь Чингисийн үеийн цол чимэг. Монголын нууц товчооны 203 дугаар зүйлд буюу 1206 онд Монгол үндэстнээ нэгтгэж Чингисийг хаан ширээнд өргөмжлөх үед эзэн хаан Шихихутагт “Чи миний зургадугаар дүү биш үү. Өргөмөл дүү чамд өөрийн дүү нарын адилаар өмч хувийг олгоё. Бас чиний хүргэсэн ач тусыг бодож есөн ослыг хэлтрүүлэх болгоё” хэмээн зарлиг болгосон байдаг.

Тийн зарлиг болгоод зогсохгүй “Надтай зөвлөж, Шихихутагийн цагаан цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй” хэмээн сануулж цол чимгийнх нь баталгаа, дархлааг нь тогтоож өгсөн байна.

Эзэн хааны зарлигт ингэж нарийн тусгаж өгөхгүй бол цол чимгийг өгөхийн хэрэггүй гэдгийг тэртээ XIII зуунд ойлгодог байж. Шихихутаг эзэн хааны дараа хаан ширээг нь өвлөж авсан хан хөвгүүдтэй ам зөрөх төдий л цол чимэг нь хураагдана. Түүнийх нь баталгаа болгож “есөн ослыг хэлтрүүлье” гэдгийг зарлигласан учиртай.

Монгол төрийн эрт цагийн энэ уламжлалыг одоо үед ийн зарлигдан зааж, ил тод зарлаж, хуульчилдаггүй юм аа гэхэд төр засгийн бодлого барьж буй эрхмүүд сайтар бодох хэрэгтэй.

Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Санамсаргүй нэг асуудлаас болоод шоронд орчихдог. Тэгвэл өмнө нь байгуулсан бүх гавьяаг нь хэн нэг хүн баллуурдах хэрэг үү. Онолоор бол “Та гэмт хэрэгт яах гэж холбогдсон юм. Ариун шударга явах учиртай” гэж үзэх нь мэдээж. Гэвч амьдрал баян, ёстой юу ч тохиож болно. “Амарболд үүргээ гүйцэтгэж, тушаал хэрэгжүүлж яваад буруудсан. Түүнийг төр өөрөө хэлмэгдүүлж байгаа. Төр өөрийнхөө гаргасан шийдвэрийн өмнөөс хүнээ өмөөрч чадахгүй байна гэдэг арчаагүйн шинж. Амарболд “хүн бууд” гэсэн тушаал өгөөгүй, түүнийг өнөө хүртэл нотолсон хэн байгаа юм. Энэ бол монгол төрийн шинэ цагийн өгөршсөн хэлмэгдүүлэлт” гэж хэлэх хүмүүс олон байна.

Дашдэлэгийг гэхэд агаарын довтолгооноос хамгаалах командлагч байхдаа алдаа гаргасан бол цолыг нь хурааж болно. Гэвч ажлаа өгөөд, тэтгэвэртээ суугаад арван жил болсных нь дараа шоронд орсон гэх шалтгаанаар цолыг нь хураана гэдэг учир дутагдалтай санагдаад байгаа юм. Ер нь тэгээд төрийн эрхэнд нэг хүн гарч ирээд өмнөх нэгнийхээ өгсөн цол чимгийг хураагаад байвал хүмүүс цол авахаас татгалзаж эхлэх юм биш үү. Урд нь өгсөн хааны зарлиг одоогийнхоор Ерөнхийлөгчийн зарлиг дараагийн хүндээ хамаарахгүй болохоор хүмүүст айдас төрүүлж эхэлнэ. “Яршиг яршиг, нүдний булай, наад цолыг чинь аваад юу хийх юм. Амьдралд таван төгрөгийн нэмэртэй биш. Дараагийн хүн нь гарч ирээд янз бүрээр гоочилж байгаад хураагаад авчихна биз” гээд хойш ухрах хандлага давамгайлахыг үгүйсгэх аргагүй.Тэгэхээр аливаа цол чимгийг хураана гэдэг олгохоосоо илүү нарийн, машид анхаарч, анзаарууштай зүйл гэдэг нь мэдрэгдэж байна. Эх орноосоо урвасан генералыг буудсан хэрнээ цолыг нь хураагаагүйг санах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Гуравхан хуушуурын үнээр Таван толгойгоо татаж унагах уу” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” буланд “Өнөр бүлийн тэргүүн, ахмад сэтгүүлч С.ЦАМБАЖАВ гуайнх” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ардчиллыг нулимахын оронд үр шимийг нь зүй ёсоор үнэлэх ёстой” хэмээн ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Гуравхан хуушуурын үнээр Таван толгойгоо татаж унагах уу” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Өдрийн сонин”-д Бурхантай хөшөөний хашаан дотор баригдсан барилгыг цагдаагийн хамгаалалт доор буулгаж байгаатай холбогдуулан барилгын эзэн, иргэн Б.Дайчинхүүтэй ярилцжээ. Тэрээр “Баримт, үйл явдал” нүүрт “Зөвшөөрөлтэй барилгыг хүчээр буулгах гэсэн албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулна” хэмээн ярьсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч амралтын өдрүүдээр баруун аймгийн иргэдтэй уулзсан. Энэ талаар “Улс төр” нүүрт “Ерөнхийлөгч Х.Баттулга томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажил хийлгэхийн тулд Засгийн газрыг шахаж ажиллана гэв” хэмээн өгүүлжээ.

“Уран бүтээлч” нүүрээс Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат “Бурхан миний хувь тавиланг ивээж харж явсан” хэмээн ярьсныг хүлээн авч уншаарай.

Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Оюунцэцэг “Шүдээ өдөрт гурван удаа угааж хэвших хэрэгтэй” хэмээн “Эрүүл мэнд” нүүрт ярьсан байна.

Улсын манлай засуул Х.Пүрэв “Миний мөрнөөс төрийн наадмын 16 түрүү тодорсон” хэмээн “Спорт” ярьжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“iPhone”-ий шилдэг аппликейшн 2

Image result for iphone top appЭнэ зуунд бидний амьдрал ухаалаг утастай нягт холбоотой болжээ. Ухаалаг утас хөгжихийн хэрээр түүнд зориулсан олон төрлийн аппликейшн бүтээгдэж байна. Ингээд “iPhone” барьдаг хүмүүст зориулсан шилдэг аппликейшнуудийг цувралаар танилцуулж байна.

“WSH LST”


Ухаалаг утастай хүн бүр өөрсдийн хүссэн аппликейшнийг өөрийн утсандаа суулгахыг хүсдэг. Гэхдээ үүн дээр ч эдийн засгийн хэмнэлтийг гаргаж цаг хугацаа хэмнэх хэрэгтэй. Авахыг хүссэн аппликешн чинь үнэтэй байна уу? Үнэ нь буурахыг хүлээж байн байн орж шалгах түвэгтэй байгаа биз! Энэ асуудлыг тань шийдэх аппликейшн бий. Өөрийн хүслийн жагсаалтанд хүссэн бүх л аппликейшнээ хийчих. Таны цаг завыг хэмнэнэ. Энэхүү аппликшнийг хэрэглэснээр таны цаг зав болоод сэтгэл ханамжийн баталгааг бүрэн дүүрэн хангах юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Гайхалтай бүтээлүүд 2- Хувийн зураглаач

Хувийн зураглаач (Flimbo Phone Dock)Барууны орнуудад хэдийн нэвтрээд буй гайхалтай бүтээлүүдийг та бүхэнд цувралаар хүргэхээр шийдлээ.

Ингээд танд хэрэгтэй бөгөөд гайхмаар шинэ бүтээлийг танилцуулъя.

Хувийн зураглаач (Flimbo Phone Dock)

Өөрийн сайхан гарсан зургийг ёошиал ертөнцөд тавихыг хүсдэггүй хүн гэж үгүй. Хүн бүр л сайхан харагдахыг, сайхан зураг даруулахыг хүсдэг. Гэхдээ таны зургийг дарах хэн нэгэн байхгүй үед та яах вэ? Мөн гоё бүжиглэж байгаа, тоглож байгаа бичлэгээ хиймээр байсан ч ганцаараа үед яах вэ? Ганцаараа гэлтгүй олуулаа байсан ч нэг нь бичлэг хийх хэрэг гардаг. Уг нь тэр хүн ч бас бичлэгэнд ормоор байгаа гэдэгт мөрийцсөн ч болно. Харин уг асуудлуудыг шийдвэрлэх авсаархан, зөөврийн утасны тавиур гарчээ. Өөрөөр хэлбэл таны хувийн зураглаач юм. Таны хөдөлгөөнийг мэдэрч дагадаг тул хийгдсэн бичлэг нь ч чанартай болдог байна. 1 удаа цэнэглээд 8-н цагийн бичлэг дагах чадалтай. Энэхүү технологи нь 130-550$-ын үнэтэй зарагддаг аж.

Categories
мэдээ нийгэм

Говь талын нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй

Image result for гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй

Өнөөдөр баруун зүгийн нутгаар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь талын нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Маргааш баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгаар, 9-нд зүүн аймгуудын нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 7-нд баруун зүгийн нутгаар, 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

“Ургах наран”-Хонхор чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хаана

Image result for

Баянзүрх дүүргийн 11-р хороо, “Ургах наран” хорооллоос Хонхор чиглэлийн авто зам дагуу Бумбат, Цэцээ гүний ам руу салдаг уулзварын баруун талын зорчих хэсгийн ус зайлуулах хоолой эвдэрсэн тул, тус хэсгийг түр хугацаанд хааж, засварын ажил хийхээр боллоо. Тиймээс Авто замын хөдөлгөөнд оролцогч зорчигчид шинээр гаргасан түр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 13 аймгийн 43 суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан

Image result for малын гоц халдварт шүлхий өвчин гарсан

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эрүүл мал–Эрсдэлгүй бүтээгдэхүүн” сэдэвт сарын аяныг энэ сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү сарын аяныг малын гоц халдварт, халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр малчид, мал бүхий иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сарын аяны хүрээнд малчид, мал бүхий иргэдэд малын эмийг зөв зохистой хэрэглэх, зүй бусаар үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг устгах, булшлах, халдваргүйжүүлэх арга хэмжээний ач холбогдол, мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, уг өвчин гарсан үед малчин хүний хүлээх үүрэг, тэдний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, сурталчлах, сэрэмжлүүлэх, Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах зэрэг асуудлуудад анхаарч, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана.

Сүүлийн жилүүдэд малын гоц халдварт шүлхий, мялзан, цэцэг, халдварт боом, галзуу зэрэг малаас хүнд халддаг зооноз өвчний гаралт буурахгүй байна. 2018 он гарсаар 13 аймгийн 43 суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч 614 өрхийн 7653 толгой мал өвчилж, үүнээс 5817 толгой малыг устгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудын нутгаар цаг агаарын онц аюултай үзэгдэл болно

Related image

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цаг агаарын онц аюултай үзэгдэл болох тул сэрэмжтэй байхыг малчид, хөдөлмөрчдөд анхааруулж байна. Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 7, 8-нд ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 05 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хот: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 22-24 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 42 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна

Categories
мэдээ улс-төр

Сайд Д.Сумъяабазар Зүүн аймгуудад ажиллаж байна

Image result for Сайд Д.Сумъяабазар

-ЗАРИМ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШИЙДВЭРЛЭВ –

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 4-6-ны өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймагт байрлах холимог металл, нүүрсний уурхай болон газрын тосны олборлолт явуулж буй компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, УУХҮЯ, АМГТГ-ын дэд дарга нар болон, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд явсан юм.

Зүүн аймгуудад хийсэн салбарын сайдын ажлын эхний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байрлах Улаан болон Мухарын ордоос хар тугалга, цайрын хүдэр олборлолт, баяжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК-аас эхлэв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд тус компанийн баяжмал боловсруулах цех, хаягдлын далан, далд уурхай болон ажилчдын амьдарч буй нөхцөл байдалтай танилцлаа.