Categories
мэдээ нийгэм

Арилжааны банкуудын зээл олголт нэмэгджээ

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш дотооддоо бонд гаргахгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ нь арилжааны банкуудын зээлийг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа дэмжих зорилготой байсан юм. Учир нь, Засгийн газар бонд гаргаж байх үед арилжааны банкууд гаргах зээлээ багасгаж Засгийн газрын бондыг худалдан авдаг байлаа. Засгийн газар ийнхүү бонд гаргахаа болсноор арилжааны банкуудын зээл олголт нэмэгджээ. Тодруулбал, 2018 оны эхний гурван сард арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжид 14.1 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.1 хувиар өссөн үзүүлэлт юм.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын хавар-2018” олон улсын найрал дууны наадам боллоо

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатарын Хавар-2018” олон улсын найрал дууны наадам энэ жил “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор нийгэмд тустай ажил зохион байгуулж байгаа билээ. Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” ТББ, Монголын Улсын Консерваторийн хамт олон өнөөдөр Монголын урлагийн ууган сургуулийн хашаан дотор хамт олноороо мод тарилаа.

Байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалахад иргэн бүрийн үүрэг оролцоо чухал байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлиг гарсанаар мод тарих үндэсний өдөртэй болж байгаа дэлхийн 33 дахь орон боллоо гэж Нийслэлийн Соёл Урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд орон нутагт ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрөөс эхлэн дөрөв хоногийн турш орон нутагт ажиллахаар мордлоо.

Ерөнхий сайд өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллах бол маргааш Баянхонгорт, лхагва гарагт Говь-Алтай аймагт ажиллахаар төлөвлөөд байна. Энэ хүрээнд Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон үржлийн технологит ажил үйлчилгээний жилийн ажлын нээлтийн арга хэмжээнд оролцох бөгөөд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцах аж. Мөн нутгийн малчин айлаар орж, аймгийн иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.
Ерөнхий сайд орон нутагт тавдугаар сарын 10-ныг хүртэл ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн өргөдөл, хүсэлтийг 90,75 хувьтай шийдвэрлэж байна

Дүүргийн Засаг даргын Тамгын газарт газарт 2018 оны 1 дүгээр сарын 02-ноос 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэдээс нийт411 өргөдөл, хүсэлт, санал ирсэн байна. Эдгээр өргөдөл, хүсэлтийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс холбогдох албан тушаалтан болон хэлтэс албадад танилцуулан, шилжүүлж ажилласан байна.

Өргөдөл, хүсэлтүүд ихэвчлэн www.smartcity.mn цахим өргөдөл гомдлын систем, 1800-1200 тусгай дугаарын утас, www.ub1200.mnцахим хуудас, Засгийн газрын 11-11 төв, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв , “Check My service”аппликейшнээр тус тус дамжин ирдэг юм.

Тэгвэл дээрх хугацаанд иргэдээс ирсэн өргөдөл, хүсэлт, санал, гомдлын 373 буюу 90,75 хувийг хугацаанд нь шийдвэрлэсэн байна. Харин шийдвэрлэх шатандаа 38 өргөдөл, бүртгэгджээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Андууд сити” лигийн анхны хожлоо авлаа

Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн “Мазала” үндэсний дээд лигийн 2-р тойргийн сүүлийн тоглолт “Андууд сити”, “Хангарьд” багуудын хооронд боллоо.

Улирлын өмнө нэрээ “Андууд сити” болгосон “Гоёо Эф Си” клуб өнөөдөр “Мазала” үндэсний дээд лигийн төдийгүй, шинэ нэртэй болсноосоо хойш анхны хожлоо авлаа. Хоёр баг эхний тойргоос хожил аваагүй учраас энэ тоглолтод тун хянуур тоглолтыг үзүүлж, эхний хагас гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн юм.

Тоглолтын хувь заяаг шийдсэн цор ганц гоолыг “Андууд сити”-ийн довтлогч Б.Хаш-Эрдэнэ хоёрдугаар үеийн 71 дэх минутад оруулав. Тийнхүү “Андууд сити” анхны хожлоо авсан бол Орхон аймгийн “Хангарьд” баг хоёр тойргийн дараа нэг тэнцээ, нэг хожигдолтой үлдлээ.

Categories
мэдээ цаг-үе

Нэгэн жарны тэртээ Бээжин хүртэл дугуйгаар аялсан Ц.Даржаа

Спортын алтан үеийнхний нэг, БНМАУ-ын Спортын гавьяат багш, дасгалжуулагч Ц.Даржаа энэ удаагийн “Танайд өнжье” буланд уригдлаа. 90 насны босго алхаж яваа тэрээр дугуйн спортын түүхэн амжилтуудыг үзүүлж, эл спортдоо нэрээ мөнхөлж чадсан нэгэн юм. Одоогоос 64 жилийн тэртээ “Улаанбаатар-Бээжин”, “Бээжин-Улаанбаатар”-ын хооронд 3000 км замыг унадаг дугуйгаар аялж, Монгол-Хятад хоёр улсыг биеийн тамир, спортын соёлоор холбох анхны үрийг суулгалцжээ. БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх Биеийн Тамир, спортын хэрэг эрхлэх хорооны орлогч дарга Цэдэвийн Дамбийгаар ахлуулсан төрөл бүрийн спортын шилдэг 13 тамирчин 1954 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр аялалдаа гарсан байна. Ц.Даржаа гуай “Тэр дугуйн аяллыг Монгол Улсын Засгийн газар, Биеийн тамирын хороо санаачилсан юм. Биднийг Сүхбаатарын талбайгаас олон орны Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд нар, тэр дундаа БНХАУ-ын Элчин сайд, дарга нар үдэн гаргасан. Энэхүү баярын цуглааныг цэрэг, цагдаагийнхан зохицуулж байсны зэрэгцээ Батлан хамгаалах яамны үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн төрөл бүрийн цоглог марш эгшиглүүлж байж билээ.

Тэрхүү аянд бидний төдийгүй хүрэлцэн ирсэн хүн бүрийн сэтгэл зүрх баясаж, бахархлыг төрүүлж байсан нь илт байсан. 50-иад оны зам гэдэг бартаа саад ихтэй. Худалдаачдын явдаг үхэр тэрэг, тэмээн жингийн жим л байсан. Бидний хэсэг тамирчид хуучны торгоны зам даган спортын төлөө гэсэн зүрх сэтгэл, зориг тэвчээрээрээ говийн элсэн шуурга, аадар бороог гэтлэн Өмнөд Монголын Шилийн гол, Жанчхүүгийн давааг дайран Бээжин хотноо хүрсэн юм.

Зам дагуух томоохон хотуудын засаг захиргааны удирдлагууд, ард түмэн биднийг халуун дотноор угтан авч байлаа. Дөрөвдүгээр сарын 29-ны өдөр Бээжин хотын талбайд очиход ард түмэн мөн л биднийг найрсгаар хүлээн авсан. Тэр бүү хэл “Монгол” хэмээн уухайлж байсан нь бидний сэтгэлийг ихээр хөдөлгөсөн, мартамгүй үйл явдал болж билээ. Энэ үед “Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар” биеийн тамир, спорт, соёлын аяллын тамирчдад зориулсан нээлтийн ёслолын үйл ажиллагаа эхэллээ.

Биднийг Бээжин хотын Хөдөлмөрчдийн зуны ордонд хүлээн авч, Биеийн тамир спорт хорооны орлогч дарга нь үг хэлсэн юмдаг. Цуглаанд БНХАУ-ын Ерөнхий сайд Жөү Эн Лай, Бээжийн хотын дарга, Гадаад яам, Соёлын яамны дарга нар ирж хүндэтгэл үзүүлсэн. Ёслолын үйл ажиллагааны үеэр хоёр орон туг далбаагаа солилцоход бид өөрийн эрхгүй нулимс дуслуулж зогссонсон” хэмээн хуучлав. Улмаар тамирчид “Синь Хуа” тэргүүтэй Хятадын томоохон хэвлэлүүдийн сурвалжлагчидтай уулзжээ. Сэтгүүлчид тэднийг “Монгол Улсын “Ган хөлөгт, “Төмөр биет” тамирчид аян замдаа саадгүй явж ирэв үү” хэмээн угтсан нь томоохон шагналаас ч дутахгүй урам өгсөн гэдэг.

Ц.Даржаа гуай цай оочлонгоо амьдралд тохиолдсон хэзээ ч мартагдамгүй тэрхүү үйл явдлын талаар үргэлжлүүлэн хуучиллаа. “Бид Майн баярын өглөө буудаллаж байсан зочид буудлаасаа Бээжингийн “Тянь Ань Мин”-ий талбайд хүрч ирэхэд хэдэн мянган хөдөлмөрчдийн сүрт жагсаал жигдэрсэн байв. Энэ өдөр бидэнд БНХАУ-ыг байгуулсан их удирдагч Мао Зедуныг харах боломж олдсон юм. Тэрээр талбайн төвд байрлах индэр дээр гараа даллан хөдөлмөрчидтэйгөө мэндчиллээ.

Дараа нь “Коммунист намын дуулал” хөгжим эгшиглэсэн юм. Мөн биднээр тамирчдын жагсаалыг магнайлуулж хүндэтгэв. “БНМАУ-ын унадаг дугуйчдад баяр хүргэе. Хятад, Монгол хоёр орны ард түмэн болон тамирчид хоорондын эвдэршгүй, найрамдал мандтугай” гэсэн лоозон хоёр орны хэл дээр бичигджээ. Уг лоозонг тус улсын шилдэг дөрвөн тамирчин өндөрт өргөн бидний өмнө явсан юм. Их удирдагч Монголын унадаг дугуйгаар аялагчдаар ихэд бахархаж, талархаж байгаа нь илт байсан шүү. Улмаар бид 10 гаруй хоног Хятадын үзэсгэлэнт өргөн уудам нутгаар аялж, тавдугаар сарын 18-нд нутаг буцсан юмдаг. Хамтдаа хүнд хэцүү замыг туулж явсан ахан дүүс тамирчдаасаа би ганцаар үлджээ. Хоёр улсын нутаг дэвсгэрт хийсэн бичлэгийг баримтат кино болгон үлдээх хүсэл өвөртөлсөөр явна” хэмээн ярилаа.

Хөдөлмөрчдийн зуны төв ордонд Малинников, Ю.Цэдэнбал, Мао Зедун нарын хөргийг хүндэтгэлтэйгээр байршуулжээ. Мөн монгол дугуйчдыг угтан “Хятад ба Монгол хоёр улсын ард түмний эвдэршгүй нөхөрлөл мандтугай” гэсэн лоозон

Уг дугуйн аяллыг хоёр орны найрамдлын илэрхийлэл болгож Монголын тал санаачлан зохион байгуулж байжээ. Харин 64 жилийн дараа уг аяллыг сэргээхэд Хятадын тал сэтгэл гарган ажиллаж байгаа юм байна. Тодруулбал, уг үйл явдлын талаар Монгол Улсад суух Хятадын Коммунист намын төв хорооны сэтгүүлч Ян Тао “Ардын өдрийн сонин”-доо бичжээ. Тэрхүү нийтлэлийг олж уншсан “Гранд чайна спортс”-группийн Спорт, аялал жуулчлалын компанийн захирал Девид Даваа уг дугуйн спорт аяллыг сэргээж, үргэлжлүүлэхээр болсон байна. Ирэх есдүгээр сард хоёр орны тамирчид 1954 онд Монголын дугуйчдын аялсан тэрхүү замаар хамтарсан дугуйн аялал хийхээр болсонд Ц.Даржаа гуай ихэд баяртай байгаагаа дуулгасан юм.

Ц.Даржаа гуай 1929 онд Төв аймгийн Лүн сумын нутаг “Тойно-Өндөр” гэдэг газар өвөлжөөнд малчин ард Цэвгээгийн дөрөв дэх хүү нь болон мэндэлжээ. Тэрээр дөрвөн хүү, арван ач, зээтэй болжээ. Ц.Даржаа гуай эхнэр М.Долгорсүрэн, ач охин Э.Халиуны хамт Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд амьдардаг юм байна. Ц.Даржаа гуайгаас ханьтайгаа хэдийд танилцаж байсан талаар нь асуухад “За байз, хэдэн онд билээ дээ, хөгшөөн. Хэзээ тоонот гэрт толгой холбосноо мартатлаа л ханилж дээ хүү минь. Ямартай ч жаран жил болсон шүү” гэв. Түүний хань М.Долгорсүрэн “Би ч гэсэн дугуйн спортын шигшээ багийн тамирчин байсан. Биеийн тамирын сургуулиас шигшээ багийн тамирчнаар очсон юм. Өвгөн маань миний дугуйн спортын багш байлаа. Нэг спортын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй явсаар бид хоёр 1957 онд гэр бүл болцгоосон доо. Хүүхдүүд минь дасгалжуулагч, хуульч, автын инженер мэргэжилтэй. Гэхдээ бүгд л дугуйн спортоор сонирхон хичээллэсэн. Одоо бид хоёр үр хүүхдийнхээ буянд жаргаж л сууна. Тэр дундаа ач охин Халиун минь бид хоёрыг өдий хүртэл сайхан асарч байна. Охин минь мөн л хуульч мэргэжилтэй хүн бий” гэлээ.

Ц.Даржаа гуай 1941-1946 онд Төв аймгийн Бор-Өндөр сумын бага сургуульд сурч дараа нь бага ангийн багшаар ажиллаж байжээ. Харин 1947 онд ах Ц.Шаравыгаа дагаж ардын цэргийн албанд сайн дураар мордож, жагсаалын цэрэг болсон байна. “Бид цэргийн анги, нэгтгэлээрээ Сэлэнгэ аймгийн “Баруунбүрэн”-гийн САА-д намрын тариа хураалтад очсон юм. Би үхэр тэрэгний аралд шургаа мод хөндлөн бэхэлж, ачааны машины тэвшний дайны багтаамжтай болгосноор үр тариа ачиж зөөвөрлөх өдрийн ажлын нормыг 100-150 хувиар тогтмол биелүүлдэг байв. Дарга нар магтан сайшаана.

Тиймдээ ч орой бүр нэмэгдэл хоол тусгайлан өгч байхыг цэргийн гал тогооны даамал “Ахлах түрүүч” Ёндонжамцад үүрэг болгосон байж билээ. Миний бие 1953 онд Монгол Улсын Их Сургуулийн “Марксизм-Ленинизмын тэнхим”-д зураачаар ажиллаж, тус сургуулийн лекц болон уншлагын танхимуудад байрлах эрдэмтдийн хөрөг зургийг зурж бүтээдэг байлаа. Гэхдээ түүнээс өмнө буюу 1948 онд Цэргийн Ерөнхий Сургуульд суралцаж байхдаа БНМАУ-ын Бүх Цэргийн Явдлын Яамны жагсаалын цэргийн бүрэн зэвсэг, хэрэгсэлтэй 20 км-ийн явган маршинд оролцож, түрүүлээд “Бүх цэргийн жанжны тушаал”-аар сайшаагдсан юм. Энэ л миний спортын гараа болсон доо” хэмээн тэрээр дурссан.

1957 онд Хятадын дугуйчид анх удаа Монголд ирж, Ц.Даржаа тэргүүтэй шигшээ багийн тамирчидтай хурд хүчээ сорьсон байна. Тэрхүү уралдаанд Ц.Даржаа гуай тэргүүн байрыг эзэлсэн бол түүний гэргий М.Долгорсүрэн гуравдугаар байрт орж байжээ. Энэ тухай гэрийн эзэн “Уралдаан болохын өмнөхөн Биеийн тамир спорт хорооны дарга Жанжин н.Лхагвасүрэн гуай “Миний дайнд орж байсан туршлагаас харахад эхний галлалт их хэцүү байдаг юм. Та нар тэсэхийг л бодоорой. Даржаа, Пагмажав хоёр түрүүлэх хэрэгтэй шүү. Бусад дугуйчид салхийг нь хааж, дугуй нь эвдэрвэл өөрсдийнхөө дугуйг өгөөрэй” гэж билээ. Мэдээж их гүрний шилдэг тамирчид хойно сайн бэлтгэгдсэн байсан. Бариа руу гурван хятад дугуйчинтай уралдаад л орлоо. Хүмүүс Даржаа түрүүллээ гэтэл хятадууд хэл ам хийгээд сүрхий юм болов. Азаар яг барианд орох мөчид дарсан зураг намайг түрүүлснийг гэрчилсэн дээ. Хагас дугуйгаар л түрүүлсэн байж билээ” гэсэн юм. Тэрхүү үйл явдлыг “Үнэн” сонины сэтгүүлч н.Лхамлхүндэв “Зуун зүүний хэмжээгээр түрүүллээ” хэмээн бичиж байсан түүхтэй аж.

Монголын дугуйчдыг БНХАУ-ын Биеийн тамир, спорт хорооны орлогч дарга Вэй Чуэн Бээжин хотын Хөдөлмөрчдийн зуны ордондоо хүлээн авч, баяр хүргэж буй нь.

Түүний дараа 1960 оны есдүгээр сард Хятад, Монголын дугуйчдын хоёр дахь түүхэн уралдаан болжээ. “Тухайн үед 15 сая хүн амтай тэдний найман сая нь дугуй унадаг гэгдэж байсан Бээжин хотод бид очлоо. “Ажилчны төв цэнгэлдэх” хүрээлэнд мянга, мянган үзэгчдийн өмнө БНХАУ-ын 30 гаруй муж улсаас онцгойлон шалгарсан аварга дугуйчид ирсэн байв. Шилдгийн шилдэг тэдгээр тамирчидтай бидний хэдэн нөхөд хурд хүчээ дайчилж өрсөлдсөн.

Уралдааны үеэр миний бие чамгүй л уралдаж байлаа. Гэтэл барианд орох дөхөж байтал бие нэг л эвгүй болоод ирдэг юм байна. Ерөөсөө гэрэл унтрах шиг л болчихсон. Хүн багатайхан газар л очиж уная гэсэн юм бодоод аажуухан урагшлаад байлаа. Гэтэл хажуугаар Монголын далбаатай хар машин өнгөрөх нь тэр. Манай Элчингийнхэн намайг цуцаж байгааг хараад ирсэн нь тэр байх. Монголынхоо далбааг харсан хүн чинь гэнэтхэн л огшоод ирсэн шүү. Ямар ч байсан хичээе гэсэн бодол төрсөн. Хамаг чадлаараа жийсээр байгаад л тэр тэмцээнд түрүүлсэн. Хэсэг зуур бахардсан шиг байгаа юм” хэмээн Ц.Даржаа гуай дурслаа.

Мөн тэрээр Польшийн Лодъзе хотноо болсон дугуйн “Налуу ханан тойрог зам”-ын төрөлд “Шилдэг арав”-т шалгарч байжээ. Энэ нь “Монголын дугуйн спортын түүх”-нд “Налуу ханан тойрог зам”-ын олон улсын уралдаанд амжилттай оролцсон анхны тохиолдол болсон түүхтэй аж. Түүний хувьд тэшүүр, дугуйн спортоор Биеийн Тамир Спортын сайн дурын нийгэмлэг, хот, улс, Монголын бүх ард түмний спортын Их наадмууд, олон улс, тив дэлхийн уралдаан тэмцээнд нийт 20 гаруй удаа уралдаж түүхэн амжилтууд гаргаж байжээ. Тухайлбал, 1957-1970 оны хооронд “Улсын аварга тэшүүрчин” алдрыг есөн удаа хүртсэн байна. Мөн Варшав, Прага, Берлин хотуудыг дамжин өнгөрдөг олон улсын дугуйчдын хагас сар үргэлжилдэг 2346 км-ийн марафонд Монголын тамирчдыг Ази тивээс анхлан оролцуулжээ.

Тэрбээр 1953-1957 онд Москва хотноо И.В.Сталины нэрэмжит Биеийн тамирын дээд сургуулийн дэргэдэх “Дасгалжуулагч-Багш”-ийн сургуулийг “Тэшүүр, Дугуйн спорт”-ын мэргэжлээр дүүргэжээ. 1957 оноос БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх Биеийн тамир спортын хэрэг эрхлэх хороонд Жанжин Ж.Лхагвасүрэнгийн удирдлага дор ажиллаж эхэлснээр Биеийн тамир, спортын салбарт 60 гаруй жил зүтгэсээр ирсэн байна. Энэ хугацаанд “Унадаг дугуйн спорт”, “Спортын мөнхийн алдартан” , “Дугуйт ертөнц” хэмээх номуудаа бичиж, туурвисан аж.

Түүний шавь нараас Монгол Улсын спортын гавьяат тамирчин долоо, дугуйн спортын олон улсын хэмжээний мастер 22, тэшүүрийн спортын мастер 16 төрсөн байна.

90 насны босгыг алхаж яваа хоёр буурайтай амьдралынх нь түүх тэр дундаа их спортын талаар хичнээн удаан ярьсан ч дуусамгүй арвин биз ээ. Нэгэн жарны турш нэгэндээ өмөг түшиг болон, үр хүүхэдээ хүний дайтай өсгөж хүмүүжүүлж, Монголын дугуйн спортын хөгжилд хувь нэмрээ оруулснаа дурсан ярих энэ хоёр буурайгаар бахархаж сууснаа нуух юун. БНМАУ-ын Спортын гавьяат багш, дасгалжуулагч Ц.Даржаа гуай ярианыхаа төгсгөлд залуучууддаа хандан “Хятад хүмүүс гэрт байх ахмад хүмүүсээ манай гэрийн эрдэнэс хэмээдэг. Эрдэнэстэй айл хэзээ ч эндэж, доройтдоггүй гэлцдэг юм билээ. Харин манайд ахмадаа хүндлэх, тэднээс суралцах ёс бага багаар алсраад байх шиг санагдах юм. Тэднээс сурах дуулах юм их бий гэдгийг л онцлон хэлмээр байна” гэснийг энд уламжилъя.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Баян-Өлгий аймгийн иргэдтэй Өлгий хотын Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт уулзлаа.

Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагссан юм. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн удирдлагуудтай уулзаж, аймаг орон нутагт тулгамдаж байгаа асуудлаар санал солилцож ярилцав.

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгийд 101.5 мянган хүн амьдарч байгаа бол малын тоо толгой нь 2.2 сая болж нэмэгджээ. Мөн статистик мэдээллээр 1000 гаруй иргэн идэвхтэйгээр ажил хайж бүртгүүлсэн бөгөөд тэдний дийлэнх нь 15-34 насны залуус юм байна.

Мөн Монголбанкны мэдээгээр энэ оны эхээр тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын зээлийн өрийн үлдэгдэл 132.6 тэрбум төгрөг болсон байна. Үүний 4.5 тэрбум нь хугацаа хэтэрсэн зээл бөгөөд чанаргүй зээлийн хэмжээ 1.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 86.4 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.5 хувиар өссөн дүн юм байна.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэн Баянхан:

Одоо сум бүрт байдаг сумын хурал гэдэг бүтцийг төр засаг эргэж хараад анхаарал хандуулмаар байна. Хэдхэн мянган хүн амтай сумдад энэ хурлаас болж нам, засгаараа талцаж байна. Хоёрдугаарт, ажил хөдөлмөр эрхлэхэд хүртэл танил тал гэдэг болжээ. Өнөөдөр манай аймагт ажилгүй олон залуу бий. Уг нь, МАН-ынхан мөрийн хөтөлбөртөө нэг өрх, нэг ажлын байр гэдэг хөтөлбөр багтаасан ч хэрэгжихгүй байна. Дарга нарын танил тал эсвэл хөрөнгө мөнгөтэй хүн л ажилд орж байна. 18 жилийн өмнө дээд сургуулиа төгссөн миний охин одоо хүртэл ажилд орж чадахгүй байна. Гэтэл танилтай хүн хэдхэн өдрийн дотор ажилд ороод байна. Иймэрхүү шударга бус байдлыг таслан зогсоох хэрэгтэй байна.

Баян-Өлгий аймгийн иргэн Гүлболд:

Хүүхдийн мөнгийг ялгаварлан өгч байгаад сэтгэл зовинож байгаа олон эмэгтэйн төлөөлөл болж үгээ хэлмээр байна. Өнөөдөр хүн бүр Монголын үрс маш олон болтугай гэж ярьдаг ч хүүхдүүдийг багаас нь ялгаварлан гадуурхаж байна. Үүнийг зогсоож хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгож, тэгш эрхтэй байлгах ёстой. Мөн хүүхдийн мөнгөнөөс, хадгаламжаас татвар авахаа болих хэрэгтэй. Миний хүүхдийн хадгаламжаас ашгийн татвар гээд авсан байсан. Хадгаламжийн хүү нь 1.3 хувьтай мөртлөө зээлийн хүү нь хоёр гаруй хувьтай байна. Одоо энэ зээлийн хүүгийн асуудалд төр засаг анхаарч, хуулиар зохицуулах хэрэгтэй байна.

Баян-Өлгий аймгийн иргэн:

Төр засаг бизнес эрхлэгчдийг дэмжихгүй байна. Хэцүү олон асуудал байгаа ч хамгийн хэцүү дарамт нь банкны зээл болоод байгаа. Би бизнес эрхэлсэн 20 жилийн хугацаандаа байгууллагынхаа бичиг баримтыг банкны барьцаанд л байлгасаар ирсэн. Одоо арилжааны банкуудын зээлийн хүү 2 хувиас дээш боллоо. Энэ зээлийн хүүгийн асуудалд онцгой анхаармаар байна. Ядаж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол илүү дэмжмээр байх юм.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад хариулж, УИХ-д оруулахаар бэлтгэж байгаа хуулийн төслийн үзэл баримтлал болоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв.

Categories
мэдээ улс-төр

УИХ “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” хэлэлцэнэ

УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх чуулган, байнгын хорооны хуралдааны хуваарийг баталжээ. Үүнд:

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

5 дугаар сарын 07-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

5 дугаар сарын 07-ны Даваа гарагт:

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг 14.00 цагаас Төрийн орон сууцны корпорацийн үйл ажиллагаатай танилцана;
  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.

5 дугаар сарын 08-ны Мягмар гарагт:

  • “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид тавих зорилт” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө Политехникийн Коллеж, Дархан МСҮТ, Дархан Уул уурхай, Эрчим хүчний Политехникийн Коллежийн үйл ажиллагаатай танилцана.

5 дугаар сарын 09-ний Лхагва гарагт:

  • “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдэвт хэлэлцүүлэг 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
  • “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэг төсөл болгон Байнгын хороо, чуулганы хуралдаанд бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

5 дугаар сарын 08-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “B” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2018.04.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

5 дугаар сарын 09-ний Лхагва гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайлан;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Бусад.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнгийн талаархи Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

5 дугаар сарын 10, 11-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2018.04.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн урагмлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 07-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.30 цагт Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуульд Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн боловсролын газартай хамтран “Амны хөндийн эрүүл мэнд” сургалт зохион байгуулна.

10.00 цагт БСШУСЯ-нд “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

10.00 цагт ШУА-ийн гуравдугаар байранд “Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал болно.

10.30 цагт ТЕГ-т “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Спортын төв ордонд пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-ээс хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн Монголын баг тамирчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын Хүний төлөө намаас Ард түмний шүүх байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт “Чингис Соосэ” их сургуулийн өмнөх Ялалтын баярт зориулсан хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.

14.00 цагт Монгол-Япон төвд Япон улсын “Палтетте” ТББ-аас “Оршин суугаа газартаа хүн бүр утга учиртай амьдрах орчныг бүрдүүлэх нь” лекц зохион байгуулна.

Categories
мэдээ цаг-үе

П.Даш: Генерал цол хурааж байгааг сонсоод надад цочирдох юм уу, эсвэл гайхсан ямар ч мэдрэмж төрөөгүй

-ГЕНЕРАЛ ЦОЛЫГ БИ ГУЙЖ АВААГҮЙ. ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАД ХИЙЖ БҮТЭЭСЭН ЗҮЙЛИЙГ МИНЬ ҮНЭЛЖ ӨГСӨН ЮМ-

Ерөнхийлөгч Х.Баттулга цол хураах тухай зарлиг гаргаж, Ч.Амарболд, П.Даш нарт хүртээсэн хошууч генерал, Т.Дашдэлэгт хүртээсэн бригадын генерал цолыг хураах шийдвэр гаргасан билээ. Хил манасан байлдагчаас хошууч генерал болтлоо хилийн цэрэгт зүтгэж, Онцгой байдлын ерөнхий газрын тулгын чулууг анх тавьсан хошууч генерал асан П.Даштай ярилцлаа.


-Ерөнхийлөгч зарлиг гаргаж таны цолыг хураах шийдвэр гаргасан. Цолыг тань хурааж авч байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ мэдээг яаж хүлээж авсан бэ?

-Манай хүүхэд сайт дээр тийм мэдээлэл тавигдсан байна гэж ээждээ анх хэлсэн байсан. Надад “Гурван генералын цолыг хураасан байна. Чиний нэр байна гэнэ” гэж хэлсэн. Мэдээлэл анх тавигдсан сайт руу орж үзээд энэ тухай уншсан. Цол хураах зарлиг гарсан гэдгийг мэдээд надад ямар мэдрэмж төрсөн талаар асууж байх шиг байна. Үнэндээ надад ямар нэгэн цочирдох юм уу, эсвэл гайхсан ямар ч мэдрэмж төрөөгүй. Долоо буудуулсан чоно гэдэг шиг л болчихдог бололтой. Хар бага наснаасаа хэлмэгдэж, албан тушаалаа ч өгч, хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд хүртэл орчихсон шүү дээ. Тэгээд ч генерал цол гэдэг миний гоёл чимэглэл, идэх хоол, өмсөх хувцас ч биш. Авдаг юм бол авна л биз. Надад бодогдсон нэг зүйл юу вэ гэхээр энэ хүмүүс хуулиа хэрхэн мөрдөж, яаж ашиглаж байгаа юм бол гэж бодогдож байна лээ. Тэгсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар учраас цол хурааж авсан талаар ярилцлага өгч байгаа харагдсан. Түүний телевизэд өгсөн ярилцлагыг үзсэн. Гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн, гадаад улс орны харьяат болсон цэргийн алба хаагчийн цолыг анх цол олгосон хүн нь хураана гэсэн хуулийн заалтыг ярьж байна. Тэгсэн миний бие одоо цэргийн алба хаагч биш юм. би 2004 онд Онцгой байдлын ерөнхий газрыг анх байгуулаад Хилийн цэргээс гарахдаа л цэргийн алба хаагч биш болсон. Онцгой байдлын тухай хуульд өөрийн гэсэн цол, дүрэмт хувцас, таних тэмдэгтэй байна гээд заачихсан байдаг. Өөрөөр хэлбэл, Онцгой байдлын ерөнхий газрын даргаар томилогдож ажилласан өдрөөс хойш миний бие цэргийн цол хэрэглэхээ больсон гэсэн үг. Тэгсэн тэтгэвэртээ хэдийнэ суучихсан хөгшний цолыг авчихлаа. Шуудхан хэлэхэд энэ хүмүүс хуулиа мэдэхгүй байна. Эсвэл улстөржүүлж байна гэж ойлгогдохоор дүр зураг харагдаж байгаа. Цаанаа ямар нэг утга санаатай зүйл хийгдэж байгаа байлгүй дээ. Хэн нэгний цолыг хурааж авлаа гээд энэ улс орон хөгжих юм уу. Сахилга бат, хариуцлага сайжрах уу. Улс оронд ямар үр өгөөжтэй зүйл хийж байгаа юм бэ гээд бодохоор сайн тал юу ч харагдахгүй байгаа юм. Сүрхий хариуцлагатай байгаа дүр эсгэх гээд байгаа юм уу, нэг бол намайг аль нэг намд харьяалуулаад байдаг. Би 1990 оноос хойш аль ч намд элсээгүй. Тэгэхээр намчирхаж ийм үйлдэл хийж байж ч болох талтай. Генерал цолыг хилийн цэрэгт байхдаа авсан. Энд нэг зүйлийг дахиад онцолж хэлмээр байна. Генерал цолыг би гуйж аваагүй. Хил хамгаалах байгууллагад хийж бүтээсэн зүйлийг минь үнэлж өгсөн. Эргүүлээд хураагаад авахад надад харамсах зүйл огт байхгүй. Эх орноосоо хөөгдөж байгаа биш, гэр оронгүй болж байгаа биш. Үүнд сандарч сүйд болоод байх зүйл даанч алга.

ХИЛИЙН ЦЭРЭГТ АЖИЛЛАХДАА МАШИНААР 1.3 САЯ КИЛОМЕТР ЯВЖ, ДЭЛХИЙГ ГУРАВ ТОЙРОХХЭМЖЭЭНД ЯВСАН ГЭХ СУДАЛГАА ГАРГАСАН

-Хоёулаа цол хураасан асуудлыг түр хойш нь тавих уу. Таныг хилийн цэрэгтэй амьдралаа хэрхэн холбож байсан, шинэхэн цэрэг торгон хил дээр нар мандахыг хараад зогсож байсан үеийн талаар асуумаар байна. Таныг ямар замнал туулж генерал цол хүртсэн бэ гэдгийг уншигчтай хуваалцах гэсэн юм?

-Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Пүрэв гэдэг хүний хүүхэд. Аравдугаар ангиа 1971 онд төгсөөд их сургуулийн Геологи инженерийн ангид суралцах хуваарь авдаг юм. Тэгсэн манай нэг найз Цэргийн их сургуульд суралцах хуваарь аваад эрүүл мэндийн шалтгаанаар хасагдчихдаг юм байна. Тэгээд Цэргийн сургуульд суралцах боллоо. Ингээд сургалтад суугаад явах гэж байтал дахиж эрүүл мэндийн үзлэг хийгээд намайг хасчихсан. Таних мэдэх хүнгүй хотод ирсэн хөдөөний хүүхэд яах учраа олохгүй байлаа. Гэгээрлийн яам ороод дарга нартай нь уулзлаа. Цэргийн сургуульд нь орж чаддаггүй юм бол өөр сургуульд ормоор байгаагаа хэллээ. Тэгсэн “Өөр сургуульд оруулах ямар ч боломж байхгүй. Харин ЗХУруу геологийн чиглэлээр хоёр жилийн ТМС-д яв” гэж байна. Геологийнх нь инженерийн сургуульд сураагүй байж тэр сургууль руу нь явахгүй гэж бодогдлоо. Тэгээд хувийн хэргээ ч авч чадахгүй нутаг руугаа буцсан. Өмнөговь аймгийн төв ганцхан арван жилийн сургуультай байсан. Тэгсэн найман жилийн сургууль шинээр нээгдээд боловсон хүчин дутмаг байснаас болоод намайг бага ангийн багшаар ажилд авсан. Хөдөө сумдад хүртэл очиж багшилж байлаа. Ингээд тэндээсээ цэрэгт татагдаад 1972 онд Хилийн цэрэгт овоотын отрядад очсон доо. Ингэж л хилийн цэрэгтэй амьдралаа холбосон түүхтэй. Хилийн цэрэг 1953 онд татан буугдсан байдаг. Ингээд 1967 онд дахин хилийн цэргийг байгуулсан. Намайг цэрэгт очих үед хилийн цэрэг боловсон хүчингүй болчихсон. Татан буугдах үед ажиллаж байсан хүмүүсийг эргүүлж ажилд авч байлаа. Богино хугацаанд жилийн курсээр офицер бэлтгэх сургалт хийж байсан. Тэр үед Хятад, Монголын харилцаа муу байсан. Монгол Улс социалист нөхөрлөлийн орнуудын хамгийн урд хэсгийн хилийг хамгаалж байгаа улс байсан. Харин Хятад социалист системтэй улс. Манай орон маш чухал хилтэй орон байлаа, тухайн үед. ЗХУ-аас сургуульд үнэгүй сургасан.

Жилд зуун хүүхэд явж байлаа, орос руу. Зуун хүүхдээс арвыг нь дээд сургуульд, 80-ыг нь дунд сургуульд сургасан. Ингэж Орос руу хилийн цэргийн сургуульд явсан юм.

-Сургуулиа төгсөж ирээд шууд заставын даргаар томилогдсон байдаг бил үү?

-Монгол Улсын хамгийн урд цэг буюу орвог гашууны бор толгойн заставын даргаар томилогдож очсон. Нэг зүйл санаанаас огт гардаггүй юм. 1981 оны гуравдугаар сарын 22-нд хил дээр заставын даргаар ажиллаж байв. Радио өргөн нэвтрүүлэг сонсоод л байж байлаа. Тэгсэн гэнэтхэн радио шөнийн 03:00 цаг хүртэл үргэлжилнэ гэдэг юм байна. 1979 онд Хятад вьетнам руу довтолж байсан. лут том дайсан гэж яригдаж байсан юм. Дотроо дайн зарлах гэж байгаа юм байна гэсэн бодол төрсөн юм. Тэгээд хоёр орлогчтойгоо радио сонсоод хүлээгээд суучихсан. Тэгсэн “Анхаараарай. Монгол хүн сансарт нислээ” гэж хэлж байсан. Дотор бөөгнөрсөн хар юм алга болох шиг л болсон. Тэгсэн “Сансарт ниссэн хүн маань эсэн мэнд ирээсэй” гэж бодож байлаа. Мөн Хятадын хилийн цэргийнхэнтэй хил гарч уулзалт хийгээд эргэж ирэхэд нутгийн минь газар зөөлхөн юм шиг санагддаг байв. Тэр үед надад хүнд төрөлхийн эх орноо гэсэн сэтгэл зүрх байдаг юм байна гэх бодол төрж байсан даа. Хүйтэн дайны үед буюу намайг застав, отръядын даргаар ажиллаж байхад янз бүрийн зүйлс тохиолдож байсан. Урд хилийнхэн тэмээ унана. Газар нутгаа өөрөө сайн мэдэх ёстой. Цэргүүд ч газар нутгаа сайн мэдэх шаардлагатай байдаг. Нэг хилийн баганаас нөгөө багана хүрэхдээ чулуу авдаг. Авсан чулуугаа цэргүүдэд таниулга хийнэ. Энэ чулуу хэддүгээр баганаас авсан чулуу вэ. Тэр хилийн багана хүрэхэд хэдэн километр байдаг вэ. Ямар нэртэй газрын чулуу вэ гээд л таалгаж таниулдаг. Нэг орой Хятадын талаас таван машин Монголын хил рүү чиглээд ирж байна. Хэт богино долгионы станцтай болчихсон байлаа. Станцаараа хэл хүргэчихээд цэргүүдээ байлдааны бэлэн байдалтай болгосон. Бүх цэрэгтээ сум, зэвсэг тарааж өгчихөөд хүлээгээд байлаа. Цувраад явж байсан машин хилийн шугам дээр дөнгөж тулах шахаад л эгнээд зогслоо. Одоо л давших нь гээд бодож байлаа. Машинаас хятад цэргүүд буугаад хоорондоо дохиж яриад байх юм. Ингээд машинтайгаа дахиад наашаа хөдөлж явснаа дугуйрч зогсож байгаад эргээд цаашаа явчихсан. түүнээс удалгүй нэг өглөө босоод иртэл Хятадын хилийн ойролцоо цагаан байшин шиг юм босчихсон байна. Бид байшин барьчихсан байна гэж дурандаад байгаа. Хятадын том том асар шувуун нуруутай байшин шиг хийцтэй. Байшин шиг харагддаг юм билээ. Хилийн цаана хятадууд тэсэлгээ хийнэ. тэгэхээр хилээс 30 гаруй километрийн гүнд байгаа заставын барилгын цонх хүртэл хагардаг байсан. Иймэрхүү зүйл зөндөө болдог байлаа. Тэр нь бидний сонор сэрэмжийг их дээшлүүлдэг байсан. Би хилийн цэрэгт байсан хугацаагаа бодож үзсэн. Машинаар хэдэн километр явсан байна, хэдэн шөнө нойргүй хонож байсан бэ гэдгээ барагцаалсан байдлаар тооцоолж үзсэн. Тэгэхэд машинаар 1.3 сая километр явсан байна. Өөрөөр хэлбэл, дэлхийг гурав тойрох хэмжээнд явсан байна лээ. Харин хоёр жил гаруйн хугацаанд нойргүй буюу нойр хагасалж хоносон гэдэг тооцоо гаргасан. Ганцаараа застав дээр ажиллаж байсан, хил дээр манаатай байснаас эхлээд олон удаа нойргүй хонож байсан байгаа юм. Хүнээс хариуцлага нэхэхийн тулд өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй биз дээ.

МОНГОЛЫН ХИЛ ХАМГААЛАХ УРЛАГИЙН ТҮҮХЭНД АНХ УДАА ХИЛИЙН ОПЕРАЦ ГЭДЭГ ЗҮЙЛ ХИЙСЭН

Та 1995 онд генерал цолоо авсан гэсэн. Тэр үед хилээр машин хууль бусаар оруулж ирэх гэмт хэрэг гаарчихсан байсан үе гэдэг байх аа. Хилийн цэрэг анх удаа таны санаачлагаар хилийн операц хийсэн гэж түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн байдаг?

-Хил хамгаалах ерөнхий газарт татагдаж ирэх болсон шалтгаан нь отрядын хил хамгаалалт ийм байх ёстой гэсэн төлөвлөгөө гаргасан явдал. Газар дээр нь туршаад ажил хэрэг болгож чадсан. Харуулын алба гэдгийг бий болгож, бүх хилийн заставт нэвтрүүлсэн. Онолынх нь судалгааг нарийвчлан хийж эрдмийн зэрэг хүртэл хамгаалсан. одоо ч гэсэн миний хийсэн онолоор хил хамгаалах үйл ажиллагаа хийгдээд явж байна. Хууль, дүрэм журамд нь хүртэл тусчихсан шүү дээ. Миний хийсэн энэ мэт олон санаачилсан ажлуудыг харгалзан үзээд ийм зиндаанд ажиллаж байгаа хүн генерал байх ёстой юм гээд л 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон. Дэлхий нийт цэргийн алба хаагчдаа генерал цолыг ийм л байдлаар өгдөг юм. Генерал цол авч байсан талаараа бас ярих нь зүйтэй болов уу. 1995 онд ХХЕГ-ын дарга бие бүрэлдэхүүнээ цуглуул гэсэн үүрэг даалгавар өгдөг юм байна. Цуглуулчихаад зогсож байтал намайг генерал цолоор шагнаж байгаа гэдгийг албан ёсоор хэлсэн. Тэгээд л цолоо авч байсан даа. Генерал цол авах үед машины хулгайн наймаа ид цэцэглэж байсан юм. Цадигаа алдсан зүйл болсон. Анх европоос манайхан машин оруулж ирээд боомтоор гаргадаг байлаа. Тэгсэн хятадууд хилээрээ орж байгаа худалдаалах машины татварыг 200 дахин нэмсэн. Тэгээд боомтгүй газраас хил давуулж машинаа гаргах болсон. Машины хууль бусаар хил давуулан худалдаалах наймаа хэрээс хэтэрч хилийнхэн хүртэл оролцдог болсон. Тухайн үед хил хамгаалах байгууллага хүн хүч, машин техник тааруу байсан үе. Тэгээд УИХ-ын гишүүн байсан генерал Д.Базарсад, П.Сүндэв генералтай ярилцаж байгаад хэрхэн зогсоох талаар арга хэмжээ авахаар боллоо. Оросын хил хамгаалах урлагт хилийн операц гэдэг зүйл байсан. Үүнийг зохион байгуулж, энэ хөдөлгөөнийг зогсооё гэсэн шийдэлд хүрсэн. Тухайн үед Д.Базарсад генерал УИХ-ын гишүүн байсан юм. Тэгээд маш нууцаар төлөвлөгөө боловсруулсан. Прокурор, тагнуул, шүүхийг энэ ажиллагаандаа татан оролцуулах ажил хүртэл хийсэн. Маш нууц төлөвлөгөөгөө Монгол Улсын ерөнхийлөгчөөр батлуулсан. Энэ ажлыг бид гурваас гадна ерөнхийлөгч, тагнуул, прокурорын дарга нар л мэдэж байсан. Бэлтгэлээ хангаж байхдаа даргад нь Овоотын чиглэлд ажиллана гэж хэлдэг. Тэгээд чи цэргүүддээ Завхан руу явна гэж хэлээрэй гэдэг. Ингээд бэлтгэл сайтар хангагдсан. Нисдэг тэргээр явж үзлэг хийгээд нууц ажиллагаа явуулж чадсан. 40 гаруй хил зөрчигч, 20 гаруй машин хурааж авсан. Тэгж Монголын хил хамгаалах урлагийн түүхэнд анх удаа хилийн операц гэдэг зүйл хийсэн дээ.

Та ОБЕГ-ын анхны даргаар томилогдож ажилласан байдаг. Энэ албанд хэрхэн томилогдож байсан бэ?

-Тийм ээ. 2003 оны есдүгээр сард энэтхэгт курст явсан юм. Төгсөх дөхөөд байж байтал УИХ-ын гишүүн асан Д.Идэвхтэн над руу залгаад “Ерөнхий сайд Н.Энхбаяр таныг хүрээд ир” гэж байна гэж хэлсэн. Тэгээд шалгалт энэ тэрээ өгчихөөд ирсэн. 2004 он дөнгөж гараад байтал Засгийн газрын хуралдааны нэгдүгээр тогтоолоор онцгой байдлын ерөнхий газрыг байгуулсан. Харин хоёрдугаар тогтоолоор намайг даргаар нь томилсон. Тэгээд л ажлаа аваад Гал түймэртэй тэмцэх газар, Иргэний хамгаалалттай тэмцэх газар, улсын нөөцийн газрыг татан буулгасан байсан. Бүх дарга нарыг ажлаас нь халчихсан байсан. тэгэхээр нь халагдсан дарга нарыг түр тушаалаар орлогчоор томилж байгаад дахин байгуулсан. Шинэ газар байгуулж байгаа болохоор маргаантай, муудалцаантай зөндөө л юм болсон. Гэхдээ маш түргэн хугацаанд бүгдийг хийж чадсан. Гамшгаас хамгаалах хууль батлагдаад зургаан сар болж байсан. Хууль огт хэрэгжээгүй. удалгүй сонгууль болж онцгой байдал эрхэлсэн сайдаар У.Хүрэлсүх томилогдож ирээд бид хоёр гар нийлж ажилласан. У.Хүрэлбүх ч засгийн газар, УИХ дээрх асуудлыг шийдээд явна. Дотоод асуудалд огт оролцохгүй гэж хэлсэн. Ингээд хийе гэж бодож байсан бүх зүйлээ хийж амжуулж чадсан. Гамшгаас хамгаалах тухай хуульд хүн амын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчин бүгдийг хамгаалах тухай оруулахыг хичээсэн. Гэтэл хүнээ хамгаалах талаар олигтой юм хийж чадаагүй. Ард түмнийг аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Энэ хамгийн гол зүйл. аврагчдыг хүн авардаг чиглэлээр бэлтгэх гэж хичээсэн. Гэвч чадаагүй. Саад бэрхшээл даанч их байсан. Тэр үед нам хоорондын зөрчил, улс төрийн нөлөөнөөс болоод хийж чадаагүй юм.

ТА НАР ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН ХҮНИЙГ ӨРШӨӨДӨГ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ. БИ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЭГҮЙ, ӨРШӨӨЛД ХАМРАГДАХГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД ӨРШӨӨЛД ХАМРАГДААГҮЙ

Та ОБЕГ-т ажиллаж байхдаа авлигын хэрэгт буруутгагдаж, хорих ялаар шийтгүүлсэн. Таныг зарим хүмүүс хэлмэгдүүлсэн гэж ярьдаг. Бас эрх мэдлээ ашиглаж улсад хохирол учруулсан гэж үзэх хүмүүс ч байдаг?

-Онцгой байдлын газар бий болоод ажил нь жигдэрчихсэн үе. Үйл ажиллагаа нь ингэж сайн явж байгаа юм чинь үүний цаана идэж уусан зүйл байгаа байх гэсэн хардлага сэрдэлт байсан. Намайг энэ албанаас зайлуулж, дарга болох гэсэн хүмүүсийн ажил эрчимжсэн. Мөн зүгээр нэг хувь хүний биш, улс төрийн асуудал болсон. Намайг 17 зүйлээр гүтгэж, АТГ-т өгсөн. Ингээд хоёр гэрээг сугалж аваад буруутгасан. Цаг нь болж шударга шүүх бий болохоор гэм буруугүй гэдгийг минь тогтоогоод өгөх байх гэж итгэдэг. Экспортын үрийн буудайны үнийг дотоодын буудайны үнэтэй харьцуулаад зөрүү гаргадаг. Бүр чанар муутай таваарын будаатай харьцуулж зөрүү гаргасан. Ингээд улс хохирсон байна гэдэг. Нөгөөх нь шатахуун нийлүүлсэн компанийн шатахууны тооцоог өөр аргачлалаар бодоод зөрүү гаргасан. Ийм маягаар надад ял оноосон. Би эрхзүйч мэргэжил эзэмшсэн хүн. Таван жил гаруйн хугацаанд байцаагдахдаа олон зүйл мэдэж авсан. Надад инээдэмтэй зүйлээр хүчээр ял өгсөн. Хамгийн сүүлд болсон шүүх хурал хохирогч байхгүй, гэрч байхгүй, ганцхан өмгөөлөгч бид хоёр суусан. Шүүгч нар цонх руу харж сууж байгаад л ял өгчихсөн. Тэртэй тэргүй үнэн мөн нь тогтоогдох асуудал. Үүнд эмзэглэж байгаагүй. Өөрийгөө гэмт буруугүй гэдгийг мэдэж байгаа болохоор хэнээс ч айхгүй зоригтой байдаг. Тийм ч болоод мөрдөн байцаагч, прокуроруудыг мөн ч их загнаж тэрсэлдсэн. Үүний хариу ч байж мэднэ. Намайг бүр өршөөлд хамруулах шийдвэр гарч байсан. Би хүлээн зөвшөөрөөгүй. Та нар гэмт хэрэг хийсэн хүнийг өршөөдөг юм байгаа биз дээ. Би гэмт хэрэг үйлдээгүй, өршөөлд хамрагдахгүй гэсэн. Анхнаасаа намайг өршөөлд хамруулах гээд байсан. Би үгүй гэж хэлсэн. Шүүх хурлаар хүртэл өршөөсөн. Би тэр шийдвэрийг хүлээж аваагүй. Намайг хүмүүс зөрүүд гэдэг юм. энэ бол миний өөрийн итгэл үнэмшил. Энэ бол зөрүүд зан биш шүү дээ. Энэ бүгдээс хараад байхад хууль, шүүхийн байгууллага өөр өөрсдийн оногдсон үүргийг хуулийн дагуу гүйцэтгээд явах юм бол хэлмэгдүүлэлт гарахгүй. Гэтэл одоо хууль, хяналтын тогтолцоо ямар болчихсон бэ гэхээр мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар нэг тал болоод хуйвалдаанд орчихдог болж. Энэ асуудал хуулийг гажуудуулж байна. Үүнээс болоод их хэлмэгдүүлэлт явагдаж байна. Намайг хэлмэгдүүлсэн гэдгийг Монголын ард түмэн мэднэ.

-Хуульд цэргийн цол хурааж авахыг юу гэж заасан байдаг юм бол. Та энэ талаар судалж үзсэн үү?

-Хил хамгаалах ерөнхий газраас шинэ ажилд томилогдож ирээд онцгой байдлын шинэ цол авсан. Үүний дараа хэлмэгдүүлсэн хэрэгт орсон шүү дээ. Өөрөөр хэлбэл, хилийн цэрэгтэй ямар ч хамааралгүй болчихсон байх үед улстөрчдийн явуулгаар хэрэгт холбогдсон. Гэтэл генерал цолтой байхдаа хэрэгт холбогдсон гэж худлаа яриад байна лээ. Хуулиндаа бол цэргийн цол хураана гэдэг шал өөр зүйл. Цэргийн албанд ажиллаж байгаа хүний цолыг хураадаг болохоос тэтгэвэрт гарчихсан хөгшинд хүлээлгэдэг шийтгэл биш. Цэргийн цол хурааж авах хуулиндаа гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн болон монгол Улсын харьяатаас гарсан цэргийн алба хаагчийн цолыг цол олгосон албан тушаалтны шийдвэрээр хурааж авна гээд заачихсан байгаа. Тэгвэл цэргийн алба хаагч гэж хэнийг хэлж байгаа юм бэ гэдэг асуулт гараад ирнэ. Цэргийн жинхэнэ албан хаагч гэж цэргийн байгууллагад биеэр алба хааж байгаа Монгол Улсын иргэнийг хэлнэ гэж маш тодорхой заачихсан байгаа. Би цэргийн байгууллагад одоо ажиллаагүй шүү дээ. Би албанаасаа чөлөөлөгдчихсөн. Одоо энгийн хүн болчихсон шүү дээ.

-Та өөрийгөө хэлмэгдүүлсэн гэж ярьсан. Хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдсон гэдгийг тогтоолгож нэрээ цэвэрлэж авахгүй юм уу?

-Цолоо хураалгасан гурван хүнийг дахин хэлмэгдүүлсэн гэдгийг хэлмээр байна. Бид хийгээгүй хэргийнхээ төлөө хэлмэгдэж шоронд хоригдсон уу, үгүй юү гэдгийг шүүх тогтооно. Гэхдээ одоогийн цаг үед биднийг хэлмэгдүүлж байгааг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр нь тогтоож өгөх чадамжгүй байна. АТГ нь ямар нүүр царайтай ажиллаж байна. Шүүх, прокурорын үнэн нүүр төрх ямар байгааг Монголын ард түмэн бүгдээрээ мэдэж байгаа. Бид хийгээгүй хэргийнхээ төлөө ял авсан гэдгийг тогтоож цагаадах цаг нь болоогүй байна. Хууль хяналтын байгууллага нэг нэгийгээ хянаж шалгахаа болиод нэг халаастай болоод нэгдчихсэн байгаа цагт цагаадах талаар яриад ч хэрэггүй. Бас бусдыг хэлмэгдүүлдэг хүмүүс одоо ч гэсэн төрд байна. Цаг нь ирэхээр миний бие хэлмэгдүүлсэн гэдгээ тогтоолгоно гэдэгтээ бүрэн итгэлтэй явдаг.