Categories
мэдээ спорт

Пауэрлифтингийн тамирчид Азийн аваргаас алт, хүрэл медаль хүртжээ

Пауэрлифтингийн Азийн АШТ энэ сарын 01-05-ний өдрүүдэд Энэтхэг улсад зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнээс манай улсын хоёр тамирчин алт, хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Тухайлбал, тэмцээний М-1 ангиллын -120 А.Отгонбаяр суултын төрөлд 280 кг-ыг шахсан бол хэвтээгээс 230, газраас таталтаар 230 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн байна. Харин залуучуудын ангиллын 83 кг-ын жинд Х.Төртайван хэвтээгээс 137 кг-ыг шахсан бол газраас таталтаар 235 кг-ыг татснаар хүрэл медаль хүртжээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 23341 дуудлага, мэдээлэл ирсний 17895 нь зөрчлийн шинжтэй байна. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор өнгөрсөн сард сургалт, уулзалт, өдөрлөг, хэлэлцүүлэг зэргийг 315 удаа 27271 иргэнийг хамруулж, 338 удаагийн нэгдсэн болон хэсэгчилсэн үзлэг шалгалтыг зохион байгуулж, 841 зөрчил илрүүлж, 399 мэдэгдэл, шаардлага хүргүүлж биелэлтийг тооцон ажиллав. “Эмзэг цэг” хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээний батлагдсан хуваарийн дагуу өдөр бүр нийслэлийн Цагдаагийн газрын болон дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн алба хаагч нар шөнийн 02:00-06:00 цагийн хооронд тогтмол хяналт шалгалт хийн ажиллаж байна. Арга хэмжээ эхэлснээс одоог хүртэлх хугацаанд нийтийн орон сууц, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж, иргэдийн ая тух, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа баар, ресторан, цэнгээний 20991 газрыг /давхардсан тоогоор/ шалгаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн” гэлээ.

“Өнгөрсөн сарын 20-ны өдрөөс энэ сарын 3-ны өдөр хүртэл Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2647 дуудлага мэдээлэл хүлээн авч 770 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй дуудлага 117 бүртгэгдэж Зам тээврийн хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 142 хүн гэмтсэн байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол -23.5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байх бөгөөд нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхой үр дүнтэй зохион байгуулж ажилласан” гэж Замын цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмүрэн “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын танилцуулга” хийв. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 132, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 20, нийт 152 удаагийн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын хэлтэс, анги үүрэг гүйцэтгэж, 102 иргэнийг авран хамгаалсан.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны дуудлага 3 дахин өссөн, объектын гал түймрийн дуудлага 11.4 хувиар буурсан, нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 1.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/278 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, томоохон худалдааны төвийн барилга, байгууламжид НОБГ, НМХГ, НЦГ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт, шалгалтыг 2018 оны 04 дүгээр сарын 02-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтаар худалдааны төв 38, соёл урлаг, үзвэр үйлчилгээний 11 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 49 барилга, байгууламж хамрагдаж, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм нормативыг зөрчсөн нийт 386 зөрчил илрүүлэн, шалгалтын явцад 43 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 343 зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан шаардлага 36, мэдэгдэл 14-ийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Хяналт шалгалттай холбогдуулан шалгалтын дүн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2018 оны 05 дугаар сарын 03-ний өдөр танилцуулж, хэлэлцүүлсэн бөгөөд Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрэм, стандартыг зөрчсөн “Барс-1”, “Барс-2”, “Драгон”, “Баянзүрх” худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлийг арилгуулах шийдвэр гарсан” гэв.

“Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хяналт шалгалт Энхтайваны гүүрнээс замын цагдаагын уулзвар хүртэл нарны замын дагуу машин, дугуй ил задгай худалдаа эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг Нийслэлийн Газрын албатай хамтран газар дээр нь шалгаж Газрын тухай хуулийн 27.1, 27.4 дэх заалтыг зөрчин зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, үйлчилгээ эрхэлсэн зөрчлийг арилгуулах шаардах хуудас хүргүүллээ. Боловсролын хяналтын чиглэлээр 981 зөрчил илрүүлэн ажиллаж байна” гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчимэг танилцуулсан.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Шуурхай албадын автомашин чөлөөтэй зорчих, иргэдэд түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс гэр хороолол, орон сууцны хороолол доторх авто зам болон орц гарцын судалгааг нарийвчлан гаргаж, чөлөөлөх ажлыг зохион байгуулах, бүх нийтээр мод тарих өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, энэ ажилд иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж зохион байгуулах, 2018 оны тавдугаар сарын 19-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар марафон-2018” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэд нийт байгууллагуудыг идэвхтэй оролцуулах, төгсөгчдийн хонхны баярыг Эрдмийн баяр хэлбэрээр зохион байгуулж, арга хэмжээний үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэх, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Categories
энтертаймент-ертөнц

Япон дахь монголчууд хаврын баяраа тэмдэглэж Хакүхо засуул хийв

Японд амьдардаг монголчууд жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрийг “Алтан долоо хоног” хэмээн нэрлэж, хаврын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Тэд “Монголчуудын хаврын баяр” арга хэмжээг 20 дахь жилдээ зохион байгуулав. Энэ баярыг 1998 онд Япон дахь Монгол оюутны холбооноос анхлан зохион байгуулж байжээ. Хаврын баярт оролцогчдын хамгийн ихээр шимтэн үздэг зүйл нь үндэсний бөхийн барилдаан юм.

Энэ баярын хүрээнд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулсан бөгөөд түрүү бөхөөр аймгийн арслан Б.Дамба тодорчээ. Зүүний магнай бөх Б.Дамба арслангийн цолыг мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга, ёкозүна Хакүхо М.Даваажаргал дуудсан нь хурсан олонд гайхалтай сюрприз болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

ДОХИО!!!ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

Өнөө шөнө Баян-Өлгий, Увсын нутаг, Ховдын хойд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Сэлэнгийн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

МАЛЧИД, АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Тавдугаар сарын 7,8-нд ихэнх нутгаар агаарын хуурайшилт ихсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 ОНЫ ТАВДУГААР САРЫН 07-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 26-31 градус, бусад нутгаар 15-20 дулаан байна

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус дулаан, өдөртөө Дархадын хотгороор 5-10 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Улз, Халх голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 18-23 градус, нутгийн баруун хэсгээр 24-29 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөсөө хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулгад уран зураг бэлэглэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Баян-Өлгий аймгийн иргэдтэй Өлгий хотын Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт уулзсан юм.

Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагсан хүлээж авсан аж. Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн удирдлагуудтай уулзаж, аймаг орон нутагт тулгамдаж байгаа асуудлаар санал солилцож ярилцсан юм. Тус үеэр хамгийн залуу, цорын ганц эмэгтэй бүргэдчин Н.Айшолпан өөрийнхөө зурагтай жаазийг төрийн тэргүүнд гардуулж өгчээ. Тэрбээр “Би Казакын даруухан айлын охин Айшолпан байна. Би энэ зургийг танд дурсгал болгохыг хүссэн юм. Та бүргэд шиг билгэн нүдтэй байж ард түмний түшиг тулгуур нь болж явахыг хүсэн ерөөн хэмээн зургаа бэлэглэжээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдүүдийн шүдний цооролт 76.1 хувьтай байна

Манай Улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа шүд цоорох өвчин нь ихэвчлэн бага насны хүүхдийг түлхүү хамарч байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байна.

Олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтад Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл тавдугаар байрт жагссан байдаг. Амны хөндийн өвчлөл нь зүрх судас, бөөр, хоолойны ангина гэх мэт элбэг тохиолдох өвчний суурь болдог. 2015 онд хийсэн “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээгээр нийслэлийн хэмжээнд 5-6 насны хүүхдийн шүдний цоорлын тархалт 76,1 хувьтай байгаа нь шүд цоорлын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ зэрэг нь хангалтгүй түвшинд байгааг харуулсан.

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байгаа аж. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулна” хэмээн тусгасан. Энэ дагуу бага насны хүүхдийн амны хөндийг эрүүл байлгах асуудалд ихээхэн анхаарч сургалт, сурталчилгааг өргөжүүлэн, эрүүлжүүлэх ажлыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулага, бусад хамтрагч байгууллага эрчимжүүлжээ.

Уг ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургууль болон “Гүүд нэйборс” олон улсын байгууллагатай хамтран хүн ам, тэр дундаа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн талаархи сургалт сурталчилгааг насны онцлогт тохируулан тогтмол явуулах, тэдэнд амны хөндийн эрүүл мэндийг зөв сахих аргад сургах, хоол хүнсний зүйлийг зөв зохистой сонгон хэрэглэх дадал заншилтай болгох зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж эхэлсэн байна. ЕБС-ийн 1-5 дугаар ангийн багш, сурган хүмүүжүүлэгчдээр дамжуулан бага насны хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгоход чухал ач холбогдолтой гарын авлагыг боловсруулан хэвлүүлжээ.

Энэ хүрээнд 2017 оны 11 дүгээр сард нийслэлийн 50, 62-р сургуулийн 1-5-р ангийн нийт 120 багшид тус гарын авлагатай холбогдуулан сургалт хийсэн бөгөөд тэднээр дамжуулан сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгож, хүүхдүүдэд үдийн цайгаа уусны дараа шүдээ угаах нөхцлийг нь бүрдүүлж өгчээ.

Одоогоор СХД, БГД, ХУД, БЗД-ийн нийт 79 ЕБС-ийн 1-5-р ангийн 2400 гаруй багшийг сургалтанд хамруулаад байна. Тэгвэл өнөөдөр /2018.05.07/ энэхүү ээлжит сургалтаа ЧД-ийн ЕБС-ийн бага ангийн 320 гаруй багш нарт хийж эхэлжээ. Тус сургалтын нээлтэд Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч, Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-иудын ойр орчмын замд тэмдэг, тэмдэглэгээ хийнэ

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулсан. Энэ төслийн хүрээнд Замын цагдаагийн албанаас нийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулиудыг “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж тодорхойлсон юм. Тиймээс Ерөнхий боловсролын эдгээр сургуулиудын зогсоолын талбайг тохижуулж, дэржигнүүр хурд сааруулагч, лед самбар, хайс, гэрлэн дохио байрлуулж, тэмдэг тэмдэглээ хийн аюулгүй байдлыг сайжрууллаа. Ингэснээр сурагчид зам, тээврийн осолд өртөж бэртэж, гэмтэх, амиа алдах тохиолдол тодорхой хувиар буурчээ. Энэ онд нийслэлийн Баянгол дүүргийн 113, “Сэтгэмж” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 84, 111, Сонгинохайрхан дүүргийн 65,107,122, Сүхбаатар дүүргийн 71, Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулиудийн орчныг аюулгүй болгохоор төлөвлөөд байна. Сургууль орчны тохижилтын ажил 8 дугаар сарын 20 гэхэд хийгдэж дуусна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Монгол базальт” 16.9 сая ширхэг хувьцаа гаргалаа

Хуралдаанаар нийт 25 асуудал хэлэлцсэний дотор “Монгол Базальт” хаалттай ХК нь нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан тус компанийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 56.4 сая ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, тогтоол гаргалаа. Үүний 30 хувь буюу 16.9 сая ширхэг хувьцааг тус бүрийг 380 төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон худалдахыг “Монгол Базальт” ХК-д зөвшөөрөв. Гэхдээ нийтэд санал болгон худалдаалах хувьцааг зах зээлд 100 хувь арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцно. Иймд анхдагч зах зээлийн арилжааг хариуцлагатайгаар зохион байгуулахыг үнэт цаас гаргагч болон андеррайтингийн ба бусад үйлчилгээ үзүүлэгч нарт даалгалаа.

Орон сууцны санхүүжилтийн “МИК ОССК” ХХК-иас хүсэлт ирүүлсний дагуу шинээр байгуулагдсан “МИК актив арван тав” тусгай зориулалтын компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгон, тус компаний гаргаж буй 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1,364,896 ширхэг баталгаат үнэт цаасыг бүртгэж, тогтоол гаргалаа. Тогтоолоор, баталгаат үнэт цаасаар баталгаажсан зээлийн багцад буй зээлдэгчдийг “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын дагуу ипотекийн даатгалд бүрэн хамруулах, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хөрөнгийн багцыг тусгай тэмдэглэл хийх, бүртгэх тухай журам”-д заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллага дахь барьцааны бүртгэлд бүртгүүлж, эргэн мэдэгдэх, анх бүртгүүлсэн барьцаа хөрөнгийн үнэлгээний нийлбэр дүн, хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасны урт хугацаатай өглөгийн дүн, үндсэн болон хүүгийн төлбөр төлөлтийн талаарх мэдээллийг сар бүр тогтмол Хороонд ирүүлж байхыг “МИК ОССК” ХХК болон “МИК актив арван тав” тусгай зориулалтын компанид үүрэг болгов. Мөн, анхны үүрэг гүйцэтгүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгч банкинд хяналт тавьж, ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийн зориулалт, ашиглалт, эргэн төлөлтөд тавьж буй хяналт шалгалтын тайлан, мэдээг Хороонд ирүүлж байх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны санхүүжилтийн эх үүсвэрийн зардлыг төсөвт дарамт учруулахгүйгээр шийдвэрлэж, зах зээлийн зарчмаар хөгжүүлэх чиглэлд анхаарал хандуулж ажиллахыг Монголбанк болон Сангийн яаманд зөвлөлөө.

Түүнчлэн хуралдаанаар, “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 113,286 ширхэг хувьцааг нэг бүр нь 1,000 төгрөг болгон өөрчилж, улмаар уг хувьцааг 100 хувааж 11,328,600 ширхэг энгийн хувьцаа болголоо. Ингэснээр уг хувьцааны хөрвөх чадвар сайжирч, хоёрдогч зах зээлийн арилжааны эргэлт нэмэгдэх юм. Хувьцааны үнэд өөрчлөлт орууллах болон хувьцааг хуваахтай холбоотой ажиллагааг ажлын 10 өдөрт багтаан гүйцэтгэхийг Хорооны Үнэт цаасны газар, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болгов.

“Хаан даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 563.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчдийн бүтцийг өөрчиллөө. Ингэснээр тус компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 5.1 тэрбум төгрөг болж буй бөгөөд Хорооноос тогтоосон доод хэмжээнд хувь нийлүүлсэн хөрөнгөө хүргэж нэмэгдүүлсэн ердийн даатгалын тав дахь компани болж байна.

Хадгаламж зээлийн хоёр хоршоо, банк бус санхүүгийн дөрвөн байгууллагад тусгай зөвшөөрөл шинээр олгож, нэг аж ахуйн нэгжийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв. Түүнчлэн найман ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг зохих журмын дагуу гурван жилээр сунгалаа.

Мөн, “Тэгш сонголт эстимэйт” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн, “Зэргэд ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны дилерийн, “Элтизэ ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.

Categories
гадаад мэдээ

Пакистаны дотоод хэргийн сайдыг буудан шархдуулжээ

Өчигдөр орой Пакистаны зүүн нутгийн Панжаб мужид болсон жагсаалын үеэр тус улсын Дотоод хэргийн сайд Ахсан Икбалыг буудан шархдуулсан хэрэг гарчээ. Энэ тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Тус мужийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “Сайдыг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн. Түүний биеийн байдал тогтвортой байна. Амь наснаас нь холуур өнгөрлөө” гэжээ.

22 настай этгээд 10-12 метр зайтай газраас сайдыг буудсан бөгөөд сум сайдын баруун гарыг оносон гэнэ. Сэжигтнийг баривчлан саатуулсан байна.

Ийм хэрэг үйлдсэн этгээдийг тус улсын улс төрийн бүх намын удирдагчид эрс зэмлэн буруушаахын сацуу улс төрчид болоод энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахыг засгийн газартаа уриалжээ.

Пакистанд ирэх долдугаар сарын 15-нд бүх нийтийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор улс төрийн намуудын гишүүд тойрогтоо ажиллаж, жагсаал цуглаан зохион байгуулах нь нэмэгдэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

ТЕГ-ын нэрийг барьж залилан хийсэн этгээдийг саатуулжээ

ТЕГ-ын нэрийг барьж бусдаас их хэмжээний мөнгө, эд зүйл залилан мэхэлсэн байж болзошгүй этгээдийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст саатуулан шалгаж байна. Уг хэрэгтэй холбогдуулан Тагнуулын байгууллагын алба хаагчийн нэр барьж бусдыг залилан мэхлэх, дарамт үзүүлэх, эрхэлж буй ажилд нь саад учруулах зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүднээс иргэд, хуулийн этгээдийн талаарх мэдээлэл, энэ төрлийн сэжигтэй үйлдэл илэрсэн даруйд Тагнуулын ерөнхий газрын 263017, 264017 дугаарын утсаар мэдэгдэхийг санууллаа. Мөн ийм байдлаар хохирсон иргэд ТЕГ-ын 51263017, 51264017 утсанд холбогдож мэдээлэл өгөхийг ТЕГ-аас хүслээ.