Categories
мэдээ спорт

Хэвтээ шахалтын дэлхийн аваргаас хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ

Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад болсон “Equipped” буюу хувцас тоноглолтой хэвтээ шахалтын ДАШТ-ээс Монголын тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртжээ. Уг тэмцээн 2018 оны дөрөвдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд болж, монголын найман тамирчин өрсөлдсөн. Манай тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр тавдугаар байрт орсон юм. Энэ тухай Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбоо Спортын төв ордны хэвлэл мэдээллийн танхимд мэдэгдэл хийлээ.

Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга ярихдаа:

Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбоо Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад зохиогдсон хэвтээ шахалтын ДАШТ-нд амжилттай оролцоод ирлээ. Нийт найман тамирчин явснаас насанд хүрэгчдийн хоёр жинд алт, мөнгөн медаль, мастер ангиллын хоёр жинд бас алт мөнгөн медаль хүртсэн. 2017 оны Пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн рекорд, Ази тивийн гурван удаагийн аварга, 2017 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ -120 кг-ийн жингийн тамирчин Б.Чимэдцэрэн 2018 оны хэвтээ шахалтын ДАШТ-ээс “Дэлхийн аварга” гэдэг хүндтэй цолыг хүртлээ. Мөн +120 кг-д 2017 оны дэлхийн аварга, ОУХМ Б.Алтангэрэл +120кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ. Мастер1 ангиллын -105 кг жингийн тамирчин Пауэрлифтингийн мастер ангиллын хэвтээ шахалтын дэлхийн аварга, ОУХМ, Азийн аварга Д.Ууганбаяр 260 кг-ийг өргөж алтан медаль, Мастер1 ангиллын -120 кг жинд Спортын мастер, Азийн аварга Ц.Баярхүү 245 кг-ийг өргөж мөнгөн медаль хүртсэн. Багаараа насанд хүрэгчид тавдугаарт, мастер ангилалд зургаадугаар байрт орсон амжилт үзүүллээ. Нийт 38 орны 300 гаруй баг тамирчид өрсөлдөв. Тэмцээн зохион байгуулалт сайтай, допингийн контрол хийгдсэн. Манай тамирчид бүгд допингийн контролд хамрагдлаа. Энэ тэмцээнийг залгуулаад манай хоёр тамирчин Азийн аварга шалгаруулах тэмцээнээс А.Отгонбаяр -120 кг-д Азийн аварга, Х.Төртайван -83 кг-д таталт суултаар хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан. Монголд аравдугаар сарын 1-6-ны хооронд IPF (Интернэйшнл Пауэрлифтинг Федерэшн) гээд Олон улсын холбооны мастер ангиллын ДАШТ болно. Уг тэмцээнд манай холбоо бүхий л нөөц боломжоороо ач холбогдол өгч ажиллаж байгаа. Аль болох өндөр түвшинд зохион байгуулах, стандарт шаардагыг хангахаар зорьж байна. Энэ тэмцээнд зориулан холбооны өөрийн хөрөнгө оруулалтаар таван ком штанг авахаар захиалсан. Пауэрлифтингийн зориулалтын штанг энгийн штангаас өөр. Маш өндөр лааз савдаг штанг байдаг. Нэг ком штанг 11000 ёвро болдог. Таван сарын сүүлээр Японоос ирнэ. Бид шигшээ багаа долоодугаар сарын 5-7-ны хооронд болох Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг, хоёрдугаар багаа гаргана. Эх орондоо зохиож байгаа давуу талыг ашиглаад хоёр баг гаргах саналыг Олон улсын холбоонд тавьсан. Одоогоор удирдах зөвлөлөөр хэлэлцээд зөвшөөрсөн. Техникийн зөвөлгөөнөөр хэлэлцээд зөвшөөрвөл манай хоёр баг оролцоно. Тэмцээнийг АСА циркэд хийнэ. Тамирчдыг Баянгол зочид буудалд байрлуулахаар болсон. Манай холбоотой Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газар, Спортын яам хамтран ажиллаж байгаад талархаж байна гэв.

Мэдэгдлийн үеэр Спортын мастер, Азийн аварга Д.Ууганбаяртай ярилцлаа.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орны тамирчин байв?

-Пауэрлифтингийн спортод бүх л тамирчид хүчтэй өрсөлдөгч байдаг. 2016 оны дэлхийн аварга болсон Чех Улсын тамирчин мөнгөн медаль хүртсэн. Чехийн тамирчин хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Манай жингийн 2017 оны ДАШТ-ний мөнгө, хүрэл медальтай Францын хоёр тамирчин медалиас мултарсан.

-Шинэ залуу тамирчид хэр гарч ирж байна?

-Энэ жил олон шинэ залуу тамирчид манай ангилал руу орж ирсэн байна. Түүнийгээ дагаад тэмцээн их өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон.

-Энэ оны 12-р сарын 1-6-нд Дэлхийн аваргын мастерс ангиллын тэмцээнийг Монголд зохиохоор болоод байгаа. Энэ тэмцээний бэлтгэлдээ орсон уу?

-Ер нь Дэлхийн аваргын бэлтгэлдээ орсон гэж хэлж болно. Долоодугаар сард дэлхийн аваргад орох эрхийн тэмцээн зохиогдоно. Үүнд их ач холбогдол өгч эрхээ авахын төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Энэ тэмцээнээс эрхээ авч байж дэлхийн аваргад орох эрх нээгдэнэ.

-Хэвтээ шахалтын гурван оролтоороо хэд хэдэн кг-ийг шахсан бэ?

-Эхний оролтоороо 255 кг-ийг, хоёр дах оролтоор 260 кг, сүүлийн оролтоороо 270 кг-ийг шахаж алтан медалийн болзол хангалаа.

-Өмнө нь гаргаж байсан амжилтаасаа сонирхуулаач?

-2017 онд Индонез улсад болсон Азийн аваргын гурван төрөлтийн тэмцээнд түрүүлсэн. Үүний дараа “Бест литтер” буюу “Азийн шилдэг тамирчин” цолны эзэн болсон. 2017 оны арван сард мастерийн ДАШТ-ний 105 кг-ийн жинд шахалтын төрөлд алтан медаль гэх мэт амжилт гаргаад байна хэмээн ярив.

Үргэлжлээд Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбоо 2018 оны тавдугаар сарын 13-19-ний өдрүүдэд Финлянд улсын Вантаа хотноо классик хэвтээ шахалтын гурав дахь удаагийн ДАШТ-нд таван тамирчин,

2018 оны зургаадугаар сарын 5-17-ны хооронд Канад улсын Калгари хотод болох зургаа дахь удаагийн классик пауэрлифтингийн ДАШТ-нд зургаан тамирчин илгээх юм.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм

В.Путиний тангараг өргөх ёслолд сонгуулийн кампанит ажилд нь тусалсан хөдөлгөөн, байгууллагын төлөөлөгчдийг урьжээ

Өнөөдөр болох ОХУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хэрхэн явагдах талаархи дэлгэрэнгүй мэдээллийг тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков өгчээ.

Д.Песковын мэдэгдсэнээр, ёслолын эхэнд ерөнхийлөгч В.Путин Кремлийн их ордонд очиж, Георгийн болон Александрын танхимаар дамжин Андрейн танхимд тангараг өргөх бөгөөд хожим нь Сүмийн талбайд болох Кремлийн торгон цэргийн хорооны жагсаалыг үзэж сонирхох юм байна. Дараа нь уламжлал ёсоор Благовещенскийн сүмд шашны ёслолд оролцоно.

Тангараг өргөх ёслолд ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн хүмүүс болон ерөнхийлөгчийн ажил хэрэг, түүний сонгуулийн кампанит ажилд тусалсан янз бүрийн хөдөлгөөн, байгууллагын төлөөлөгчдийг урьжээ.

В.Путин гуравдугаар сард болсон сонгуульд 76 хувийн саналаар ялсан билээ. Үндсэн хуулийн дагуу өнөөдөр тангараг өргөсний дараа тэрбээр төрийн тэргүүний албан тушаалыг 6 жил буюу 2024 он хүртэл хаших эрхтэй болох юм.

Categories
мэдээ нийгэм

“Аврагчийн гараас -Амьдрал цэцэглэнэ” хөшөөт цогцолбор нээлтээ хийнэ

ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдийн дунд зохион байгуулж буй спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-19-ний өдрүүдэд Дорнод аймагт болно.

Тус тэмцээнд нийт 15 багийн 300 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Мөн энэ үеэр Дорнод аймгийн Онцгой байдлын газраас санаачлан байгуулж байгаа “Аврагчийн гараас-Амьдрал цэцэглэнэ” хөшөөт цогцолборын нээлт болох юм.

Албан үүргээ гүйцэтгэж аваад амь үрэгдсэн баатруудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, үе үеийн аврагч, гал сөнөөгчдийг алдаршуулах, баатарлаг үйлсийг нь ард иргэдэд сурталчлах, шинэ үеийн залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор бүтээж буй тус хөшөө Дорнод аймгийн төв Хэрлэн сумын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэнэ.

Түүнчлэн хөшөөг босгох хандивын аян үргэлжилж байгаа бөгөөд та сэтгэлийн хандиваа өргөх бол Хаан банкны 5422227096 тоот дансанд хандивыг хүлээж авч байна хэмээн Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэрэлт гудамжийг тавдугаар сарын 11-нд нээнэ

2018 оны зуны гэрэлт гудамжийн нээлт тавдугаар сарын 11-нд болохоор төлөвлөгджээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилтыг тусгасан.

Энэхүү зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулсан билээ.

Тодруулбал, циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгосон юм. Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Уг тэтгэлгэг нь мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, нийгмийн идэвх, авьяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнуудыг дэмжих зорилготой юм. Бүтэн жилийн турш хэрэгжих уг хөтөлбөрийн онцлог нь тэтгэлгээс гадна хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж, сурсан мэдлэгээ бусадтай хуваалцах, дадлага хийх, хүүхэдтэй ажиллах боломжтой.

Тэтгэлэгт хөтөлбөрт

  • Нийгмийн ажилтны чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд 3.2 ба түүнээс дээш голчтой бакалаврын өдрийн ангийн оюутан байх,
  • Төрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх,
  • Аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх,
  • Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог байх,
  • Хүүхдийн зусланд ажиллах, өөрийгөө нээн хөгжүүлэх, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй байх шаардлага хангасан тохиолдолд хамрагдана.

Хөтөлбөрийн хүрээнд хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдаж, ур чадвараа дээшлүүлэх, хүүхдийн зусланд багшаар ажиллаж багаар ажиллах чадвар, сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх ажлын туршлагатай болох, “Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох” судалгаанд хамтран ажиллах юм.

Шалгаруулалт:

  1. Нэг жилд нийт 15 хүртэлх оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ 2,000,000 төгрөг байна. (1,500,000 нь мөнгөн дүнгээр сар бүр олгогдох, 500,000 төгрөг нь сургалт хэлбэрээр олгогдоно)
  2. Эхний шатны шалгаруулалт: НХГБХГазрын байранд зохион байгуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, тавигдах шаардлага, хүсэлт, эссэг харгалзан үзнэ.
  3. Хоёр дугаар шатны шалгаруулалт: Эхний шатанд тэнцсэн 30 оюутантай ярилцлага хийж 15 хүртэлх оюутанг шалгаруулна.

Бүртгэл 2018 оны тавдугаар сарын 8-15 хооронд нийслэлийн хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газарт бүртгэнэ гэж нийслэлийн хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүрэг хот болон хөгжих эдийн засгийн үндэс суурь бий болно

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар мэдээлэл хийсэн.

Налайх дүүрэг 10547 өрхийн 37 мянган хүн амтай. Хүн амын дийлэнх хувийг хөдөлмөрийн насныхан болон хүүхэд, залуучууд эзэлдэг. Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркийг ажиллагаанд оруулснаар 120 га газарт 1500 гаруй ажлын байр шинээр бий болж, улсын хэмжээний барилгын материал үйлдвэрлэл 2 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэж, барилгын өртөг буурч, Налайх дүүрэг хот болон хөгжих эдийн засгийн үндэс суурь бий болно гэдгийг тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар онцоллоо.

Тэрбээр үргэлжлүүлэн “40 шахам мянган иргэдээ төлөөлж нэн тэргүүнд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг хэлье. Налайх дүүрэгт дулаан хангамжийн асуудал хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа. Налайхын Дулааны станц ашиглалтад орсон цагаасаа хойш засвар хийгдээгүй, хүчин чадлаа дийлэхээ больж, өвлийн цагт дүүргийн маань иргэд хөлдүү байранд амьдарч байна. Дулааны станц 3.4 км дулаан дамжуулах төв шугамаар хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг түгээж байгаа хэдий ч төв шугамын нэвтрүүлэх чадвар муудаж байгаагаас дулаан түгээлт хүрэлцэхгүй, мөн өвлийн оргил ачааллын үед зуух хүчин чадлаараа буюу бэлтгэл зуухгүйгээр галлагаа хийж 2016, 2017 оны өвлийг давсан. Цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээг нэмж холбох ямар ч боломжгүй дөнгөж л гал залгуулж байна. Бид Дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөлийн зураг төсвийн ажлыг хийлгэж байна.

Түүнээс гадна ирэх өвөл хаяанд ирэхэд иргэд маань өнөөх л янзаараа хөлдүү байранд хөдсөн дээлээ нөмөрч өвөлжих асуудал дахин угтана. Ийм байдал гаргахгүйн тулд нэн тулгамдсан асуудал болох орон сууцны байрны 1300 м гадна шугам сүлжээний хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг НИТХ-ын дарга, Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, холбогдох хэлтсүүдэд, мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын комисст удаа дараа уламжилсан. Дүүргийн 2 дугаар хорооны орон сууцны 48-67 дугаар байранд 609 өрхийн 3045 хүн ам амьдардаг. Эдгээр байрны гадна сүлжээ нь 1985 онд ашиглалтад орсноос хойш 33 жил засвар үйлчилгээ хийгдээгүй. Хэрэгцээний халуун усны шугам нь 1990 онд хөлдөж ашиглалтгүй болсноос айлууд их хэмжээний ус гоожуулан халуун хэрэглэж ирсэн. Гадна шугамууд нь хуучирч муудан, нэвтрүүлэх чадваргүй болсноос бөглөрсөн, мөн 14 хэсэгт цооролт үүссэн. Уг цооролт үүссэн хэсгүүд нь гагнуур авах боломжгүй, их хэмжээний зэвэнд идэгдсэн байдгийг мэргэжлийн хүмүүс тогтоосон.

Дараагийн тулгамдаж байгаа асуудал бол орон сууцны дахин төлөвлөлт юм. Дүүргийн хэмжээнд инженерийн хийцтэй 101 барилга байгууламж байна. 1956-1957 онд ашиглалтад орсон төмөр бетон суурьтай, тоосгон өрөгт, модон дам нуруу, хучилттай 2 давхар барилга 32 байна. Энэ барилгуудыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны долоодугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаартай шийдвэрээр байнгын ашиглалтыг хориглосон байдаг. Юу юугүй нурах дөхсөн эдгээр байранд одоо ч олон иргэд аж төрж амьдарч байгаа нь үнэхээр санаа зовоосон асуудал юм” гэв.

Мөн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч танилцуулга бүхий видео тайлангаа удирдах ажилтнуудад үзүүлсний зэрэгцээ хотын удирдлагуудад зураг төсөв бэлэн, хөрөнгө санхүү дутагдалтай байгаа болон тулгамдаж байгаа асуудлуудаа танилцууллаа гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл цахимаар явагдана

2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн жилийнхтэй адил цахимаар явагдана. Бүртгэлийн хугацаа наймдугаар сард тодорхой болно.

Мөн нэгдүгээр ангид орох багачуудын хамран сургах тойрог энэ сарын 15-н гэхэд тодорхой болно” гэв.

Өнгөрсөн жил хоёр настай хүүхдүүдийг цахимаар, 3-5 насны улсын цэцэрлэгт шинээр элсэж буй хүүхдүүдийг уламжлалт аргаар бүртгэж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

“Адуунчулуун”-ны уурхай лицензын давхардлаас үүдэн, олборлолт явуулах боломжгүй болжээ

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын зүүн аймгуудад хий буй айлчлал “Адуунчулуун”-ы уурхайгаас үргэлжилсэн юм. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК-ийг 63 жилийн турш эрчим хүчний нүүрсээр тасралтгүй хангаж байгаа “Адуунчулуун”-ы нүүрсний уурхай дээр очлоо. Уурхай нээгдсэн цагаасаа ил болон далд аргаар олборлолт явуулж, 28.4 сая шоо метр хөрс хуулж, 14.9 сая тонн нүүрс олборложээ. “ДБЭХС” ХК-аас гадна аймгийнхаа аж ахуй нэгж байгууллага, айл өрхүүдийг нүүрсээр хангадаг байна. 2017 оны байдлаар нүүрсний уурхайгаас улсын төсөвт тэрбум 157 сая төгрөгийг төвлөрүүлжээ.

1999 онд хувьчлагдсан “Адуунчулуун”-ны уурхайн хувьд өнөөдөр лицензийн маргаантай байдал томоохон асуудал болоод байгааг сайд Д.Сумъяабазарт дуулгав. Тодруулбал, “Адуунчулуун” ХК-ийн эзэмшлийн 029А лицензтэй 400 га талбайгаас 2009 онд 134 га газрыг МАК ХХК-д давхцуулан олгожээ. МАК ХК-ийн хувьд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт 5104.3 га газрыг хамарсан хоёр лицезийг эзэмшиж, уг талбай дээрээ одоогоор хөрс хуулалтын ажлыг явуулж байна. “Адуунчулуун” ХК лицензын маргаанаас болж давхардсан газартаа олборлолт явуулах боломжгүй болжээ. Хэрвээ асуудлаа шийдвэрлэж чадвал дахиад 30-40 жил үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Учир нь уг давхардсан лицензтэй талбайг 40-50 сая тонн нүүрсний нөөцтэй хэмээн таамаглажээ.

“Адуунчулуун”-ны нүүрсний уурхайн гүйцэтгэх захирал ““Адуунчулуун”-ы нүүрсний уурхай олборлолт явуулах талбайгүй болж, Дорнодын цахилгаан станц нүүрсний нөөцгүй болох, цаашлаад эрчим хүчний хязгаарлалт хийх хүнд байдалд орсон. Хүнд байдалд орсон үед уурхайн үйл ажиллагаа, уулын техник технологитой газар дээр нь салбарын сайдыг өргөн бүрэлдэхүүнтэй ирж танилцаж байгаад талархаж байна” гэв. Иймд Ашигт малтмал газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хуулийн 62.4, 62.5, 62.6 дахь заалтаар зохих шийдвэрээ хугацаа алдалгүй гаргахыг компанийн удирдлагуудаас хүслээ.

Сайд Д.Сумъяабазар “Адуунчулуун” ХК-ийн удирдлагуудыг лицензийн асуудалтай холбоотой хүсэлт, бичиг баримтуудаа яаралтай гаргаж өгөхийг хэлж, үүнээс болж эрчим хүч доголдож болохгүй гэлээ.

УУХҮ-ийн сайдын ажлын айлчлал “Петрочайна Дачин Тамсаг”, “Цайрт минерал” зэрэг компанудад очиж ажилласнаар үргэлжилсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт газар хөдлөжээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн Балгасан голын Булаг хаяа гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 42 км-т/, тавдугаар сарын 7-ны өдрийн 04:26 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, ИТХ-ын дарга нараас тодруулжээ. Тухайн газар нь хоёр малчин айл нутагладаг бөгөөд иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэлт мэдрэгдээгүй, хохирол учраагүй хэмээн мэдэгджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Сайханбилэг: Гурван парламент дамжсан асуудлын дэнсийг гурван шүүгчид даатгаж болохгүй

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хорихоос захидал бичжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

ИЛ ЗАХИДАЛ

Ч.Сайханбилэг миний бие Та бүхэнд 461-р хаалттай хорих ангиас хандан энэхүү Ил захидлыг бичиж байна.

Хорих ангийн алхах гишгэх зайгүй жижиг умгар өрөөнд өргөст торны цаана өдөр хоногийг өнгөрөөн бие, сэтгэлийн там эдлэн суухын зовлон хэцүүг хичнээн дүрслэн тайлбарлаад ч энд орж үзээгүй хүмүүс ойлгохгүй буй за.

Үнэхээр идсэн уусан, эрүүгийн хэрэг хийсэн бол төрийн цээрлэлийг эдлээд л гарна. Харин Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж, эх орондоо хэрэгтэй том төсөл хөдөлгөсөнийхөө төлөө ингэж суух нь үнэхээр эгдүүцмээр.

Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөснөөр юуны өмнө 2016 оны сүүлээр учрах байсан, одоо ч ярихгүй байгаа төсөв, санхүүгийн default-аас Монгол улс зайлж чадсан юм. Өнөөдрийн 5 хувийн эдийн засгийн өсөлтийн талаас илүүг буюу 3 орчим хувийг Оюутолгой бүтээн байгуулалт хангаж байна. 3000 хүртэл буурсан Монгол ажилчид өнөөдөр 14000-д хүрч, мянга илүү аж ахуйн нэгж, 41000 хүн бизнесээ тэлэх боломж оллоо. Жилдээ хасах 200 сая доллар хүрч буурч байсан гадаадын хөрөнгө оруулалт 1,5 тэрбум доллар болж өсөн, үүний 3 доллар тутмын хоёрыг нь Оюутолгой гүний уурхайн хөрөнгө оруулалт хангаж байна.

Хэрэв 2015 онд энэ төслийг хөдөлгөөгүй бол жил бүр 400 орчим сая долларын хэмнэлт орлогоо бид алдах байлаа. Хамгийн гол нь 2015 онд хөдөлгөөгүй бол 2020 онд гүний уурхайн олборлолт эхлэхгүй байх байлаа. Тэр үед эхлүүлээгүй бол өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харсан ч хамгийн өөдрөг, хурданаар төсөөлөхөд 2025 он, түүнээс цааш л гүний уурхайн олборлолт эхлэхээр байсан нь улам тодорхой болж байна. Хамгийн багаар бодоход 5-10 жил түүнээс ч их хугацаа алдахаар байжээ. Үүнийгээ жилийн 400 сая доллараар үржүүлээд үздээ. Бидний шийдвэр гараагүй байсан бол алдах орлогын зөвхөн нэг хэсэг. Үүнийг манайд хэн ч нэхдэггүй, хэн ч хариуцлага тооцохыг шаарддаггүй.

Оюутолгой гүний уурхайн төслийг хөдөлгө гэдэг даалгаврыг Ерөнхий сайдын хувьд би Ард түмнээсээ авсан юм. 450,0 мянга орчим иргэн мессэжээр анх удаа саналаа өгч энэ төслийг түргэн эхлүүлэхийг 60 гаруй хувь нь даалгасан билээ. Тухайн үеийн УИХ хоёр ч удаа тогтоол гарган Оюутолгойн гүний уурхайн төслийг эхлүүлэх даалгаварыг Засгийн газарт өгсөн. Урт удаан хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн явцад Засгийн газар уг асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцэж, эцэст нь Санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтнуудад олгосон юм.

Энэхүү төслийг хөдөлгөх шийдвэрийг тухайн үед Парламентад суудалтай улс төрийн бүх нам хүчин оролцсон Хамтарсан Засгийн газрын үед гаргаснаараа онцлог билээ. Дараа нь УИХ-д албан ёсоор танилцуулж, сонирхсон бүх гишүүдийн асуултанд хариулсан болно. Мөн хамтарсан Засгийн газар буусны дараа 2015 оны Намрын чуулганд нэр бүхий гишүүдээс уг асуудлаар тавьсан Асуулгын хариуг Чуулганы нэгдсэн хуралдаан дээр өгч, мөн сонирхсон бүх гишүүдийн асуултад хариулсан.

Үүнээс гадна уг асуудлаар УИХ дахь цөөнхөөс Засгийн газрыг огцруулах саналыг 2016 оны 1 сард өргөн барьж, Оюутолгой гүний уурхайн төслийг хөдөлгөсөн асуудлаар Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагагүй гэж УИХ-ын гишүүдийн олонхоор шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл уг асуудалд УИХ ач холбогдол өгч хангалттай цаг хугацаа зарцуулж байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Энд нэг зүйлийг онцлон дурдах ёстой. Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөх эсэх, яаж хөдөлгөх зэрэг асуудлууд нь цэвэр бодлогын бөгөөд УЛС ТӨРИЙН шийдвэр юм. Уг төслийн төлбөр тооцоог хэрхэн шийдэх, зардалаа хэрхэн тооцох, санхүүгийн тайлан хүлээж авах эсэх нь гүйцэтгэх засаглалын хүрээнд шийдэх улс төрийн шийдвэрийн асуудлууд байсан. Хэрэв Засгийн газрын тогтоол захирамж нь хууль тогтоомжинд нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэж Үндсэн хуулийн 45.2-т мөн холбогдох хуулиудад тодорхой заасан байдаг. /Тухайн үед УИХ дээр ийм асуудал үүсч байгаагүй болно/ Өөрөөр хэлбэл бодлогын буюу улс төрийн шийдвэрийн зөв бурууг Үндсэн хуулиар өөр хэн ч биш зөвхөн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагууд өөрсдөө тогтооно. Энэ үндсэн эрх мэдлээ шүүх засаглал руу шилжүүлбэл засаглал хуваах зарчим алдагдаж жинхэнээсээ Үндсэн хуулийн хямрал руу шилжинэ гэсэн үг. Америк, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад улс төрийн шинжтэй асуудлыг шүүх хянаж үздэггүй зарчим тогтсон байдаг юм.

Жишээ дуръдая. 2017 онд Монгол улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж шинээр 2,7 тэр бум долларын өр зээл авах уу, эсхүл алт, нүүрс, зэсийн үнэ нэмэгдэж төсвийн орлого сайжирч байгаа учраас хөтөлбөрт хамрагдалгүй явах уу гэдэг УЛС ТӨРИЙН шийдвэрийн буруу зөвийг 2017 оны нөхцөл байдлыг ойлгохгүй дараагийн УИХ ажлын хэсэг гаргаж шалгана гэвэл яах вэ? Буруу зөвийг нь хууль шүүхийн байгууллага тогтоох уу? Хэнийгээ бас барьж хорино гэх вэ?

Саяхан Монгол улсын Ерөнхий сайд Таван толгойн төслийг хөдөлгөх улс төрийн шийдвэрээ удахгүй танилцуулна гэсэн. УИХ нэг дуугаар, санал нэгтэй дэмжиж чадах уу? Санал зөрөлдсөнөө бас хууль шүүхээр шийдүүлнэ гэхүү? Хорьж шалгах ажил дараа нь бас үргэлжлэх үү? Оюутолгой гүний уурхайн асуудал яг дээрх хоёр жишээтэй адилхан юм. Гурван парламент дамжсан асуудлын дэнсийг гурван шүүгчид даатгаад орхиж болохгүй ээ. УЛС ТӨРИЙН шийдвэрийн зөв бурууг шүүх тогтоож эхлэх л юм бол Монгол улсад улс төрийн хоригдолууд л шинээр төрж эхэлнэ. Өнөөдөр Монгол улсын хоёр ч Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс холбогдох албан тушаалтнууд улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө эрх чөлөөгөө хасуулан цагдан хоригдож байна.

Ийм учраас энэхүү ил захидлаараа миний бие та бүхэнд хандан дараахь хүсэлт, санал бодлоо хүргэж байна.

Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар болон УИХ, Засгийн газрын нийт гишүүдэд:

1. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүн үүрэгт ажлаа гүйцэтгэж, Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР гаргасныхаа төлөө урт хугацаанд хоригдох залхаан цээрлүүлэлт -“Вышинский”-н аргын амьд хохирогч болж байгаад ҮАБЗ-ийн гишүүдийн хувьд анхаарлаа хандуулахыг хүсье.

2. УИХ-ын танхимд нам, бүлгээрээ улс төржиж, маргаж мэтгэлцэн олонх, цөөнхөөрөө аливаа бодлого улс төрийн асуудлаар шийдвэрээ гаргадаг нь Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн нэг билээ. Харин хууль тогтоох,гүйцэтгэх засаглалаас бүрэн эрхээ гуравдагч засаглалд санаатай санаандгүй шилжүүлэх үү гэсэн асуудал өнөөдөр үүслээ. Цаашил УИХ, Засгийн газар улс төр, эдийн засгийн том асуудлуудаа бие даан аливаа гадны нөлөөгүй шийдвэрлэж чадах уу гэдэг асуудал боллоо. Асуудлын зөв бурууг Шүүх бус УИХ шийдэх учиртай. УИХ-ын нийт гишүүдийг нам эвсэл үл харгалзан энэ асуудлаар нэгдмэл нэг хатуу байр суурьтай байхыг хүсч байна.

3. Оюутолгойн асуудлаар байгуулсан УИХ-ын Ажлын хэсэг нэг талыг барьж ажиллахгүй гэдэгт найдаж байна. Дүгнэлтээ гаргахаасаа өмнө хэлэлцээрт оролцсон ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж тэдний байр суурийг шорон оронд бус албан өрөөнд сонсож, тодруулахыг хүсэж байна.

Хоёр. Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нар Танаа:

1. УИХ-ын танхимд өрнөдөг улс төрийн зовлонтой олон асуудлуудыг дүүргийн шүүхийн танхимд шилжүүлэн улс төртэй хутгалдах хүсэл сонирхол мэдээж та бүхэнд байхгүй гэдэгт итгэж байна. Иймд энэ асуудлыг дахин гаргуулахгүйн үүднээс эхнээс нь тодорхой байр суурь баримтлахыг Та бүхнээс хүсье.

2. Тухайн асуудлаар хоригдож буй хүмүүс оргон зайлаагүй, зайлахгүй албан тушаал одоогоор хашаагүй байгаа учраас дахин хэрэг үйлдэх боломжгүй, хуулийн байгууллагуудыг хүндэтгэн бүх талаар хамтран ажиллана гэдгээ удаа дараа илэрхийлсэн билээ. Гэвч зарим хүмүүсийг дахин үргэлжлүүлэн хорих шийдвэрээ ахин гаргалаа. Иймд нийгэмд ч ойлгомжгүй байгаа, бидэнд ч ойлгомгүй байгаа, ямар ч үр дүн авчрахгүй залхаан цээрлүүлэлт болсон цагдан хорих шийдвэрээ эргэн харж, холбогдох шийдвэр гаргахыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.

3. Оюутолгойн төслийг анх эхлүүлэхэд, мөн үргэлжлүүлэхэд гадны нээлттэй хяналттай том компаниас Монгол төрийн ямар ч албан тушаалтан авлига аваагүй гэдэгт миний бие 100 хувь итгэлтэй байна. Хэрвээ ингэсэн бол ямар ч ял шийтгэл хүлээхэд бэлэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.

Гурав. Хэвлэл мэдээллийн бүх байгууллагууд, нийт сэтгүүлчид, сонин сэтгүүл, ТВ радио болон цахим хуудас, сошиал ертөнцйн мянга мянган идэвхитэй хэрэглэгч Танаа:

Миний бие Монгол төрөө хүндэтгэн дуудсан цагт нь төрсөн дүүгийнхээ хорт хавдарынх нь эмчилгээг дуусгалгүй эргэн ирж шалгуулсан. Намайг хорьж шалгах ямар ч шаардлага байхгүй байхад 30 хоног хориход ганц үг гадагшаа дуугараагүй. Сар гаран хугацаанд хоригдохдоо уг асуудлаар ганц удаа л байцаалт өглөө. Мэдээж, хүн л юм чинь нэг ч гэсэн өдрийн өмнө настай аавынхаа сэтгэлийг амраахыг, эхнэр хүүхдүүдээ эрхлүүлж нэг үнсэхийг, өнөөдрийг хүртэл аавыгаа эмнэлэгт хэвтсэн гэдэгт итгэж хоног тоолон хүлээж суугаа амьдралыг гүйцэд таниагүй бага охиноо тэврэн авч өвөртөлж нэг унтахыг хүсэлгүй л яахав. Гэхдээ энэ бол энд хоригдож байгаа миний болон 4,5 хувь хүний асуудал биш юм аа. Монгол улсад цаашид улс төрийн хоригдолууд бий болох уу, үгүй юу, Үндсэн хуулийн суурь зарчмууд ганхах уу, үгүй юу, УИХ, Засгийн газар цаашид хэвийн ажиллаж чадах уу, үгүй юу, хөгжлийг авчрах том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх шийдвэрүүдээ гаргаж чадах уу, үгүй юу, цаашид Та бидний үр хүүхдүүд ямар нийгэмд амьдрах вэ гэдэг асуудал болон хөндөгдөж байна. Хүн ёс, шударга ёс, хууль ёсыг эрхэмлэгчид хөлсний бичээчдээс хамаагүй олон гэдэгт гүн гүнзгий итгэж явдгийн хувьд дээр дурдсан асуудлуудыг зөв шийдвэрлэх, мөн улс орон, эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн Оюутолгойн энэ том төслийг саадгүй үргэлжлүүлж, Цаашид Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр Та бүхнийг мэдээ сурвалжлагаараа, нэвтрүүлэг нийтлэлээрээ, постоороо жиргээгээрээ идэвхтэй дэмжиж өгөхийг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна.

Хүндэтгэсэн,

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

2018 оны 05 сарын 02-ны өдөр