Categories
мэдээ нийгэм

Бумбат, Цэцээ гүний ам руу салдаг замыг засварлаж эхэллээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хорооллоос Хонхор чиглэлийн авто зам дагуу Бумбат, Цэцээ гүний ам руу салдаг уулзварын баруун талын зорчих хэсгийн ус зайлуулах хоолой эвдэрсэн байна. Үүнээс болж, авто зам ч эвдрэн аюултай болжээ. Тиймээс тавдугаар сарын 5-наас тус хэсгийн замыг түр хугацаанд хааж, засварын ажлыг эхлүүлжээ. Ингэхдээ түр зам гаргасан байгаа тул түүнийг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтойг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний жилийн ажлын нээлт боллоо

Өвөрхангай аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, дагалдан яваа Засгийн газрын нэр бүхий гишүүд “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний жилийн нээлтэд оролцлоо.

Монгол Улс өнөөдрөөс эхэлж мал сүргээ өвчилсөн үед нь тэмцдэг бус өвчлөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг бүх нийтийн ажил болгон хэрэгжүүлж байна.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Засгийн газар эдийн засгийн тулгуур болсон мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг бий болгон, иргэдээ баталгаатай, чанартай хүнсээр хангаж, цаашдаа “Хүнс экспортлогч улс” болох зорилт тавьсан. Мал сүргээ болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх нь өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэх үндэс. Иймээс энэ ажлыг өнөөдрөөс бүх аймаг, нийслэл, сум бүрт эхлүүлж байна” гэв.

Энэ ажлын хүрээнд Засгийн газрын болон Онцгой комиссын гишүүд нэг нэг аймаг хариуцан, тухайн аймагт улиралд хоёроос доошгүй очиж явц, үр дүнтэй нь танилцан, шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх юм. Мөн аймаг, сумдад Ажлын хэсэг ажиллана. Энэ сарын нэгнээс 10 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд улсын хэмжээнд давхардсан тоогоор 67 сая толгой малд өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг орон даяар явуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн юм.

Өвөрхангай аймгийн хувьд таван суманд халдварт өвчний 7 голомт бүртгэгдэж 29 өрхийн 308 үхэр, 50 хонь, 86 ямаа, 94 гахай, нийт 538 толгой малыг зориудаар устгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрдэмтэн, судлаачид “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг: тулгамдсан асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр хуралдана

“Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг: тулгамдсан асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 16-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно.

Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль сахиулахын их сургууль, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангаас хамтран зохион байгуулж буй тус хурал нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдсан асуудлыг тодорхойлох, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлэх зорилготой аж. Мөн энэхүү “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг: тулгамдсан асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, эрдэмтэн, судлаач, албан хаагчдын шинжлэх ухаанч санал, дүгнэлтийг сонсож, зөвлөмж гаргах юм байна.

“Суурийн Жанцан сан” нь Монгол Улсын гавьяат хуульч, профессор Суурийн Жанцан агсаны нэр алдрыг мөнхжүүлэх, эрүүгийн салбарын эрх зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, залуу эрдэмтэн, судлаачдыг дэмжих, гадаад, дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан. Тус сангийн санаачилгаар Хууль сахиулахын их сургууль 2014 оноос эхлэн гавьяат хуульч, профессор С.Жанцан агсаны нэрэмжит эрдэм шинжилгээний болон бусад арга хэмжээг жил бүр ХБНГУ-ын “Ханнс-Зайделийн сан”, Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль зүйн их, дээд сургуультай хамтран зохион байгуулж ирсэн билээ.

Тухайлбал 2014 онд “Хууль сахиулах үйл ажиллагаанд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, 2015 онд “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа-онол, практик” сэдэвт шилдэг эрдэм шинжилгээний нийтлэлийн уралдаан, 2016 онд “Танхайрах гэмт явдал” сэдэвт эрдэмтэн, судлаачдын уулзалт-хэлэлцүүлэг, 2017 онд “Үндсэн хууль дахь эрүүгийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр эрдэмтэн, судлаачдын дугуй ширээний хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулжээ.

Харин энэ удаад холбогдох байгууллагуудтай хамтран “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг: тулгамдсан асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Яг түүн шиг-3” шоуны эхний дугаарын ялагчаар Б.Нацагдорж тодорлоо

“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. Тус шоуны энэ жилийн дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, кино­ны жүжигчин М.Цэрэн­долгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакш­ны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцож байгаа юм. Харин энэ жилийн “Яг түүн шиг-3 ”шоуны эхний дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл болж шоуны эхний дугаарын ялагчаар дуучин, ая зохиогч Б.Нацагдорж тодорсон юм.

Тэрбээр алдарт дуучин Beyonce-гийн дүрд тун чадварлаг хувирч, түүний “Love on top” дууг дуулан, гурван сая төгрөгийн эзэн боллоо.

Categories
мэдээ нийгэм

Төл бойжилт 95.7 хувьтай байна

Улсын хэмжээнд 28.2 сая хээлтэгчийн 52.1 хувь буюу 14 сая 540 мянган эх мал төллөж 13 сая 930.7 мянган төл бойжиж байна.

Энэ нь Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар 47.9 мянган ботго, 216 мянган унага, 506.9 мянган тугал, 7 сая 697 мянган хурга, 5 сая 460 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 95.7 хувьтай байна. Төлийн тоо өмнөх 7 хоногоос 2.7 саяар нэмэгджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэдийн санал, шүүмжлэлийг ажилдаа тусгаж байхыг Ерөнхий сайд үүрэг болгов

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай уулзав. Аймгийн Засаг дарга Г.Ганболд уулзалтын эхэнд нутаг орны нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.

Иргэдийн санал, шүүмжлэлийг ажилдаа тусгаж байхыг Ерөнхий сайд үүрэг болгов

Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Сахилга, хариуцлагын жил” болгосон. Үүнтэй холбогдуулан нэгдүгээрт, төрийн байгууллагын бүх шатанд, төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэн, хариуг нь тухай бүрт нь өгч байхыг Ерөнхий сайд онцгойлон анхаарууллаа. Иргэдээс тавьсан аливаа асуудлыг “Судлая” гэж бөөрөнхийлөн цаг алдалгүй боломжтой, боломжгүйг шууд хэлж байх, гэхдээ аль болох шийдвэрлэхийн төлөө ажиллахыг үүрэг болголоо. Хоёрдугаарт, Засгийн газрын гол зорилго бол эдийн засгийн өсөлтийг хангах явдал гэдгийг хэллээ. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьдрал ахуй ямар байх нь төрийн албан хаагчид та бүхнээс ихээхэн шалтгаална. Тиймээс иргэдтэйгээ ойр байж, санал, шүүмжлэлийг нь ажилдаа тусгаж ажиллахыг албан тушаалтнуудад даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт сүү боловсруулах жижиг цех ажиллуулна

Хувийн хэвшлийн оролцоотой мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд 500 хүртэлх литр сүү боловсруулах хүчин чадалтай сүү боловсруулах жижиг цехүүд ажиллаж эхэллээ.

Тодруулбал дээрх төслийн дэд төсөл болох “Эмэгтэйчүүдийг дэмжих замаар орон нутгийн сүүний үйлдвэрлэлийг сайжруулах нь” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дөрвөн аймгийн 6 суманд “Гэр гал тогоо” нэртэй сүү боловсруулах жижиг цех байгуулах юм. Энэ хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мустафа Синасеир өнгөрсөн баасан гарагт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын “Сүүн цацал” бүлэг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Баяжих” холбооны сүү үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийн бүлэгт цехийн тоног төхөөрөмж гардуулсан байна. Сүүний цехүүд 5-6 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор үйлдвэрлэх аж.

Ингэсэнээр 10 орчим хүнийг ажлын байраар хангаж, жилд 127.9 сая төгрөгийн борлуулалт хийн 7.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжтой гэдгээрээ орон нутгийн эмэгтэйчүүдийн бүлэг, хоршоодын үйл ажиллагааг дэмжсэн, тогтмол орлоготой болгох нөхцөл бүрдэж байна.

Тоног төхөөрөмжийн хувьд, цөцгий ялгагч сеператор, полиэтилен уут наагч машин, аяганы ам наагч машин, он сар хэвлэгч машин, сүүний бидон, зэвэрдэггүй ган ажлын ширээ, цөцгийн тос цохигч, халаах тогоо, зэвэрдэггүй ган ааруул хатаагч гэсэн есөн төрлийн иж бүрдэлтэй юм байна.

Мөн төслөөс 12 хүнийг сургагч багшаар бэлтгэх, “Гэр гал тогоо” тоног төхөөрөмжийг ашиглан, уламжлалт цагаан идээг хүнсний стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн боловсруулах арга туршлагаас зааж сургах юм байна.

Түүнчлэн хөдөө орон нутагт сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орчин үеийн технологийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулахад дэмжлэг үзүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын азтанууд батламжаа гардлаа

НӨАТ-ын супер шагналын энэ оны анхны азтанууд тодорлоо. Супер шагнал буюу 100 сая төгрөгийн азтанаар хоёр хүн тодорсон нь нийслэлийн Баянгол дүүргийн 18- дугаар хорооны иргэн С.Энхжаргал, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн Э.Туул нар байв. Тэд журам ёсоор дээрх шагналыг тэнцүү хуваан авч байгаа юм. Супер шагналын хувьд энэ оны анхны азтанууд тодорч байгаа нь энэ юм. Мөн сугалааны 4 дүгээр сарын тохирлын азтануудад өнөөдөр ТЕГ батламж гардуулсан бөгөөд 10 сая төгрөгийн азтанаар нэг хүн тодорсон нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Г.Чинзориг байв.

Азтануудад батламжийг нь Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал, болон албаны удирдлагууд гардуулав. Өнгөрөгч 4 дүгээр сарын сугалаагаар 5 сая төгрөгийн азтанаар 15 хүн тодорчээ. Он гарсаар НӨАТ-ын нийт 108.4 сая баримт хэвлэгдэж, үүнээс 71.9 сая нь баталгаажсан байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын их, дээд сургуулиуд дижитал менежментийг хэрэглэх тал дээр шинэчлэл хийж байна

Өнөөдөр Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль дээр Европын холбооны санхүүжилттэй ERASMUS+ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй TACTIC (Through Academic Cooperation Towards Innovative Capacity) төслийн хэрэгжилтийг хэлэлцэх хурал зохион байгуулагдаж байна. Энэ төслийн хүрээнд Ази, Зүүн болон баруун Европын дээд боловсролын байгууллагын удирдлага, судалгааны байгууллагын судлаачид хүрэлцэн ирж “Дээд боловсролын байгууллага дахь дижитал хэрэглээг удирдлагад ашиглах нь, түүний тулгамдаж буй асуудлууд” сэдвийн хүрээнд чуулга уулзалт хийн туршлага солилцож байгаа юм.

Төслийг хэрэгжүүлэгч Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Монгол улсын Их Сургууль, Чех улсын Мазарикийн Их Сургууль, Брногийн Технологийн их сургууль, Франц улсын Ферпигнаны их сургууль, Эстон Улсын Талинны Технологийн их сургууль, Вьетнам улсын Ханойн Технологийн их сургууль, Хо Чи минь хотын технологийн их сургууль, Лаос улсын Баттамбаны их сургууль, Минчэйгийн их сургууль нар хамтран их, дээд сургуулийн захиргааны албан хаагчдын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх төслийг 2015-2018 хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дээд боловсролын удирдах албан тушаалтан, захиргааны ажилчдын чадавхыг бэхжүүлэх нь дээд боловсролын байгууллагын чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах бэхжүүлэхэд тун чухал үүрэгтэй тул энэхүү төсөл чухал ач холбогдолтой төсөл боллоо. Манай улсын томоохон их дээд сургууль ийнхүү бүс нутгийн хэмжээнд дээд боловсролын байгууллагын тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг хайх эрэл хайгуулд глобаль хамтын ажиллагааг өргөн ашиглаж байна.

Энэ удаад бүс нутгийн хэмжээний уулзалт, эрдэм шинжилгээний хурлыг ХИС, МУИС хамтран зохион байгуулж байна.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан хувьсгалын анхдагчдад тэтгэмж олгох хуулийн төслийг дэмжсэнгүй

УИХ дахь МАН-ын бүлэг С.Эрдэнэ гишүүний өргөн барьсан Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд мөн дэмжих боломжгүй гэж үзжээ. Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дэмжсэн ч энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байсан нь ийм шалтгаантай байсан бололтой.

Ардчилсан хувьсгалын анхдагчид гэсэн тодотголтой 1500 орчим хүн байгаа ажээ. Эдгээр иргэдэд 40-45 мвк талбайтай орон сууц, эсвэл түүнтэй тэнцэх мөнгөн дэмжлэг олгохоор хуулийн төсөлд тусгаад байгаа юм. Үүнд нийтдээ 70 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.