Categories
мэдээ нийгэм

Б.Оюунцэцэг: Шүдээ өдөрт гурван удаа угааж хэвших хэрэгтэй

-ӨНГӨРСӨН 20 ЖИЛ ШҮДЭЭ ЗӨВ УГААХ БИШ ООТОЙ УСААР АМАА ЗАЙЛЖ ИРЖЭЭ-

Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж буй шүд цоорох өвчлөл нь бага насны хүүхдийг түлхүү хамарч буй бөгөөд олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтад Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл тавдугаар байрт оржээ. АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн Хүүхдийн нүүр, амны өвчин, урьдчилан сэргийлэлтийн тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Оюунцэцэгтэй шүдний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцав.


-Хүүхдийн шүдний цоорлын гол шалтгаан юу вэ?

-Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн бага ангийн хүүхдийн дунд шүд цоорох өвчин, цоорлын эрчмийн үзүүлэлт (нэг хүүхдийн аманд байх цоорсон, ломбодсон, авагдсан шүдний нийлбэр тоо) нь ДЭМБ-ын гаргасан шалгуураар “маш өндөр” ангилалд хамарч байгаа. Хүүхдийн шүд цоорох өвчнийг хэдий чинээ эрт эмчлэх, урьдчилан сэргийлэх тусмаа эмчилгээ үр дүнтэй. Шүд арчлах дадал зуршлыг анхнаас нь бага насанд нь зөв хэвшүүлж сургах нь зүйтэй. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэлтийг дөрвөн янзаар хийдэг. Анхны урьдчилан сэргийлэлт буюу өвдөхөөс нь өмнө сэргийлэх. Үүний эцэг, эх хийнэ. Шүд цоорч эмнэлэгт очиж эмчлүүлж буй бол хоёрдогч урьдчилан сэргийлэлт болдог. Харин шүдээ авахуулж буй нь гуравдагч сэргийлэлт, хиймэл шүд хийлгэж буй нь дөрөвдөгч урьдчилсан сэргийлэлтийг хийж байгаа гэж үздэг. Суурь анхдагч урьдчилан сэргийлэлтийн үед үүсгэгч шалтгаануудыг эхлээд арилгах ёстой. Манай улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн орчинд өгч буй хоол тэжээлийн нүүрс, ус хатуулагт нь анхаарах зүйлс ажиглагддаг. Тухайлбал, хүүхдийг хахаж болзошгүй гэж үзээд үдийн цайнд нь татсан махтай хоол өгч байна. Гэтэл монголчууд шүдний эмч бэлтгэж эхлээгүй, шүдээ тогтмол угааж хэвшээгүй байсан 1970-аад оныг хүртэл эрүүл, маш сайхан шүдтэй байсны учир гэвэл ам өөрөө цэвэрших буюу зажлууртай хоолыг сайн зажилж идэх тусам шүлсээрээ шүд нь өөрөө цэвэрлэгддэг байсан. 1990 он гарснаас хойш хотын хүүхдийн шүд муу, хөдөөний хүүхдийн яс, шүд нь сайн гэж байсан. 2010 оны байдлаар хотын хүүхдүүд шүд нь цоорсон ч эмчлүүлж, дараагийн урьдчилан сэргийлэлтэд хамрагдах хувь нь өндөр байгаа бол хөдөө орон нутагт шүдээ эмчлүүлэх байдал дутмаг байна. Манай улс шүдний өвчний урьдчилсан суурь сэргийлэлтийг бодлогын түвшинд авч үзэх ёстой.

-Хүүхдийн шүдийг өвчлүүлдэг гол шалтгаанд юу орох вэ. Ундаа, чихэрлэг идэж уух зүйл өгснөөс болж шүд нь өвддөг гэсэн ойлголт байдаг?

-Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө гэдэг шиг эх хүн бие давхар байхдаа чихэр, шүүс зэрэг өөрийн шүдийг муутгах зүйлийг хэрэглэхгүй байх нь зүйтэй. Сүүлийн үед зарим хүүхэд төрөхдөө шүд нь эрдэсжиж, хатуурч бэхжиж чадахгүй байдалтайгаар төрөх болсон. Үүнийг цоорлын бус гаралтай хатуу эдийн эмгэг гэж нэрлэдэг. Хүүхдийн эрүүний яс эхийн хэвлийд үүсэн бий болж байх үедээ л янз бүрийн шалтгаанаас болж хатуулаг байдлаа алдсан шүдтэй төрөх эрсдэл ажиглагдаж байгаа. Ингээд хүүхэд шүдлээд ирэх үед шүд үйрч унах эрсдэлтэй болдог. Ер нь хүүхдийн шүд үйрч унах үед үзүүрээсээ үйрч байна уу, эсвэл хүзүү хэсгээсээ үйрч байна уу гэдгийг эцэг, эх маш сайн анзаарч ялгаж харах хэрэгтэй. Хэрвээ хүзүү хэсгээсээ үйрч байвал хөхний сүүнээс болж үйрч байгаагийн илэрхийлэл. Таслах ирмэгээсээ үйрч байвал цоорлын бус гаралтай эмгэгт орно. Ийм эмгэгтэй хүүхдийн ээжүүдээс асуулга аваад үзэхэд жирэмсний маш хүнд хэлбэрийн хордлоготой, эсвэл жирэмсэн үедээ антибиотек эм, тариа хэрэглэсэн, маш хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан зэрэг шалтгаануудаас үүдэлтэйгээр хүүхэд шүдний паалангүй төрж байгаа юм. Тиймээс хүүхдийн шүдийг эхийн гэдсэнд байхаас нь эхлээд урьдчилан сэргийлэх ёстой.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг өвдсөн хойно нь эмнэлэгт дагуулж очихоосоо илүүтэй өмнө нь шүдний арчилгаа, урьдчилан сэргийлэлтийг хэрхэн хийх нь зүйтэй вэ?

-Эцэг, эхчүүд хүүхдийг эрүүл шүдтэй байлгахын тулд чихэрлэг зүйлсийг нь тохируулж өгч, шүдийг нь зөв угааж хэвшүүлэх хэрэгтэй. Хүүхдэд чихэр, жимс амттан огт өгч болохгүй гэж ярьдаг. Энэ нь буруу ойлголт. Хүүхэд өсч хөгжихдөө энергийнхээ 40 хувийг нь нүүрс, уснаас авдаг. Тэгэхээр тодорхой хэмжээний амттан, нүүрс ус хүүхдэд зайлшгүй хэрэгтэй байх нь. Нүүрс, ус агуулсан хүнсний бүтээгдэхүүн өгөхдөө шүд цооролтод нөлөөлөөд байгаа сахарын хэмжээ нь 10 хувиас хэтрэхээргүй байх ёстой. Гэтэл бид эрүүл мэндийн мэдлэг багатайгаасаа болж нэг бол огт өгч болохгүй, нэг бол болно гэж туйлширдаг. Хүүхэд чихэр идлээ гэхэд шүдээ угаадаг байх ёстой. Тухайлбал, шүүсийг шимж ууж болохгүй, соруулаар уух нь зүйтэй. Шүүсийг соруултай ууснаар шүдэнд наалдах нь бага гэж үздэг. Бүх ундааны үзүүлэлтээс харахад 2.8-3.5 хувь буюу хүчиллэг орчинтой байдаг. Хүүхдэдээ шүүс дандаа уулгаад байна гэдэг нь шүдийг хүчил дотор байлгаад байна гэсэн үг. Энэ мэт эрүүл ахуйн мэдээлллийг бодит эх сурвалжаас авч байх хэрэгтэй. Уг нь суурь анхны урьдчилан сэргийлэлтийг төр засгаас анхаарч бодлогоор хийдэг. Нэгэнт төрөөс хангалттай хийж чадахгүй бол эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг тогтмол шалгаж байхаас эхлэх хэрэгтэй. Шүдний өвчин бол гэнэтийн ирдэг өвчин биш. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг анхаарахын тулд эхлээд ажиглах хэрэгтэй. Шүд өвдөж эхлэхээсээ өмнө өнгө нь заавал өөрчлөгддөг. Үүний дараа жижигхэн нүх үүснэ. Энэ үеийг хүртэл тухайн хүүхдэд ямар ч зовиур ажиглагдахгүй. Цаашлаад шүдний тугалмай руу өвчлөл ороод ирэхээр чихэрлэг, хүчиллэг зүйлс идэх үед өвдөж эхэлдэг. Ингээд удалгүй шөнө уйлдаг болж, шүд нь байнгын зовиурлана. Шүд өвдөж өөрт мэдрэгдэж буй нь шүдний өвчлөл аль хэзээний мэдрэл рүү орчихсон гэсэн үг. Хэрвээ бид хүүхдийнхээ шүдний өвчлөл дөнгөж эхлэх үед буюу өнгө нь өөрчлөгдөж байгаа үед эмчилж чадвал шүд бүрэн үлдэж чадна. Шүд өвчин орж өвдөх мэдрэмж өгч байгаа нь шүдний хатуулаг хэсэг тэр чигтээ бараг байхгүй болчихсон байгаа гэсэн үг. 12 нас хүртэл нь буюу шүд нь хатуурч өөрийгөө хамгаалах чадваргүй байгаа үед нь гурван сар тутамд мэргэжлийн эмчид заавал үзүүлж хэвших хэрэгтэй гэж зөвлөдөг. Ингэж хоёрдогч сэргийлэлтийг эцэг, эх эмчтэй хамтран хийдэг.

-Зургаан наснаас эхлэн хүүхдийн шүд унаж дахин ургадаг. Дахин шинэ шүд ургах үеэс нь шүдний арчилгааг сайн явуулбал хэр үр дүнтэй байх уу?

-Олон улсад хийсэн судалгаагаар гурван насандаа эрүүл шүдтэй байсан хүүхэд 12 настайдаа цоорсон ясан шүдний тоо гурав байдаг. Харин гурван настайдаа зургаагаас дээш цоорхой шүдтэй байсан бол 12 насандаа цоорсон шүд нь хоёроос гурав дахин их буюу зургаагаас есөн шүд нь цоорхой байдаг гэж үздэг. Шүд цоорох өвчин бол халдварт өвчин. Шүдний хорхой нь нэг шүднээс нөгөө шүд рүү буюу эрүүл шүдэндээ халддаг. Хэрвээ хүүхэд зургаан нас хүртлээ тэр болгон зажилж, тасалж идэж чаддаггүй бол шүдний гажигтай болох нь шууд ойлгомжтой. Арван жилийн өмнөх зөвлөгөөгөөр бүх шүд нь шүдэлсний дараагаар давхар соёо, гажгийг засна гэж үздэг байсан бол олон улсад хийгдсэн судалгааны үр дүнгээс үзэхэд арван наснаас нь өмнө эрүү, нүүр, шүдний гажгийг засч чадах юм бол үр дүн өндөртэй, өртөг нь хямд байна гэж үздэг болжээ. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн Нийгэм соёлын хороотой хамтран 2017 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотод харьяалагддаг есөн дүүргийн 5-6 нас, 10-12 насны хүүхдүүдэд шүдний цоорол болон эрүү нүүрний гажгийн судалгаа хийж үзэхэд нийт хүүхдүүдийн 60 хувь нь цооролтой, нүд эрүү нүүрний гажиг нь 44 хувьтай байсан. Уг нь зургаан наснаас сүүн шүд нь солигдож унасаар 10-12 насанд нь 28 ясан шүд нь гарч ирж бүх шүд нь эрүүл байх ёстой нас байдаг. Гэтэл 60 хувь нь шүд нь цоорчихсон байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь эрүү нүүрний гажигтай байгаа нь аюулын харанга дэлдсэн асуудал яах аргагүй мөн.

-Шүдээ хэрхэн зөв угааж хэвших талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

-Хүмүүс шүдний оо хамгийн чухал нь гэж ойлгодог. Шүдний ооноос илүүтэй шүдний сойзоо зөв сонгох ёстой. Шүд цоорох өвчний гол шалтгааныг аваад үзэх юм бол өнгөр хэсэг буюу шүдэн дээр наалдсан хогийг гүйцэд цэвэрлэж чадаагүйгээс үүдэлтэй. Шүдийг зөв угаахын тулд эхлээд шүдэн дээрээ наалдсан өнгөрийг зайлуулна. Ингэхийн тулд оо түрхэлгүй сойзоороо шүүрдэх хэрэгтэй. Үүний дараа оо түрхэж хөөсрүүлэн угаах ёстой. Шүдний оо маш олон төрөл, найрлагаараа харилцан адилгүй. Зарим оогоор угаахаар шүд цайрдаг гэдэг нь зүлгүүр бодис агуулж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь оо болгон сэрүүцүүлэгчтэй буюу сэнгэнэсэн мэдрэмж төрүүлдэг. Гэтэл сэнгэнэж буй мэдрэмжийг шүдний паалангаараа биш амны салстаараа мэдэрдэг. Амны салст сэрүүцүүлэгчийг мэдрээд ирэхээр тархинд автоматаар ам цэвэрхэн болчихсон гэсэн мэдрэмж төрчихдөг. Ийм мэдрэмжээс шалтгаалж оогоор амаа зайлсныгаа шүдний өнгөр бүрэн арилчихлаа гэж эндүүрдэг. Тухайлбал, шүдээ бат бөх байлгах гэсэн зорилгоор фтортой оог сурталчилж худалдаанд гаргадаг. Гэтэл фтор хэзээ шүд рүү нэвчиж ордог вэ гэвэл ямар ч өнгөргүй буюу цэвэрхэн шүдэн дээр сойзны таарсан хэмжээнд оо түрхэж, 2-3 минутын турш угаахад шүдний паалан руу фтор нэвчиж орох ёстой. Гэтэл бид нэг минут ч хүрэхгүй хугацаанд хөөсрүүлж угаагаад дараа нь усаар удаа дараа зайлаад асгаад байхаад нөгөө үнэтэй авсан шүд бэхжүүлэгчтэй оо маань зөвхөн ам цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэх болдог. Ингэж ооны шүд эрүүлжүүлэх, хамгаалах зүйл нь хийгдэхгүй үлдэж байна. Тийм учраас хүмүүс шүдээ өдөрт гурван удаа буюу гурван хоолны дараа угаах ёстой. Өглөө босч цайгаа уучихаад дараа нь шүдээ угаа. Өглөө цаг бага учраас шууд оогоор угааж амны үнэрийг дарж амаа цэвэрлэчих нь зүйтэй. Өдөр хоолны дараагаар зөв угаачих. Эхлээд сойзоороо угааж өнгөрөө гүйцэд арилгана. Дараа нь шүдний оогоор угаана. Оройн хоолны дараа бас угаана. Өндөр хөгжсөн орнуудын шүд угаах зөвлөгөөнөөс үзэхэд өдөрт ядаж нэг удаа буюу оройн хоолны дараа зөв угаах хэрэгтэй гэдэг юм билээ. Зөв угаана гэдэг нь эхэлж сойзоор угааж өнгөрөө арилгана, үүний дараа хэлээрээ тэмтэрч мэдрэнэ. Хэлээрээ тэмтэрч үзээд барзгар санагдвал хэдэн минут, цаг нь хамаагүй сойзоороо угаагаад л байх хэрэгтэй. Гөлгөр мэдрэмж төрснийн дараа өнгөр арилсан гэж үзэж болно. Ингэсний дараа сойзныхоо толгойны гуравны нэг хэсэгт оо түрхэж массажлаж угаана. Ингэхдээ хоёр шүдний завсар, шүдний хүзүү, араа шүдний хонхорхой хэсэгтээ аль болох оогоо түрхэж өгнө. 2-3 минутын турш оог түрхэж нэвчүүлнэ. Аяндаа шүлс ялгарч байгаа учраас шүлсээ нэг л удаа хаячихаад дахин усаар зайлахгүй унтвал нөгөө ооны рекламанд гардаг шиг шүд нь фтортой, ооны сайн талыг нь шингээнэ. Хүүхэд, том хүнгүй ингэж өдөрт гурван удаа угааж хэвших хэрэгтэй. Харамсалтай нь бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд сайн мэдэхгүйгээсээ болж шүдээ стандартаар нь зөв сайн угаах биш, оотой усаар амаа зайлж асгаад л явж ирсэн дээ.

-Амны хөндийн эрүүл мэндээс улбаалж бусад өөр төрлийн өвчин үүсдэг гэдэг. Энэ талаар…?

-Шүд эрүүл бол бие эрүүл гэсэн үг байдаг. Манай анагаахын хэлээр дотрын өвчний 50 хувь нь амны хөндийн өвчлөлөөс эхэлдэг гэж үздэг. Шүд цоорох өвчин нь хоолойны ангина, ходоод гэдэс, бөөр, зүрхний өвчлөл зэрэг олон өвчний эхлэл үүсгэл болдог. Ер нь олон шүд цоорхой байх тусмаа хоолоо гүйцэд зажилж чадахгүй. Зажилж чадахгүй байгаа нь ид өсч хөгжиж буй насандаа өсөлт нь дутуу явагдах, эрүү нүүрний гажигтай болох зэрэг эрсдэл өндөртэй байдаг. Шүдний гажгийг шүд нааш, цаашаа байхыг хэлдэг гэсэн өрөөсгөл ойлголт нийтлэг бас байдаг талтай. Зөвхөн шүд биш, эрүү нүүрний эргээд засч болохооргүй гажиг үүсэх магадлалтай. Анагаах ухаан хөгжөөд шүдний гажигийг аппарат зүүлгээд дор нь засч болно. Харин нүүрний хэлбэрийг хэзээ ч засах боломжгүй. Шүд, эрүү нүүрний эрхтэн хөгждөг 12 нас хүртэл нь шүдний цооролгүй, нүүрний гажиггүй байлгаж чадах юм бол тухайн хүүхдийн төрх хамгийн зөв, хөөрхөн царайлаг төрхтэй болно.


Categories
мэдээ нийгэм

Галт уулын халуун лав иргэдийн орон сууцруу орж иржээ

Хавайн арлуудын хамгийн том арал дээр өнгөрсөн Пүрэв гарагаас эхлэн Килауеа галт уул дэлбэрч, халуун лаав иргэдийн эзэмшил газар руу урсан тэлсээр байгаа.

Сүүлийн байдлаар 26 айлын орон гэр сүйрч, 1,700 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Галт уулын халуун хайлмаг хүмүүсийг заналхийлж байгаагаас гадна газарт үүссэн ангалаас гарах хүхрийн хүчлийн хий хүн амьтдыг хордуулах аюултай байгаа гэнэ.

Орон гэрээсээ дүрвэсэн иргэд хэзээ эргэж харих нь тодорхойгүй байна.

Дараах дүрс бичлэгнээс галт уулын лаав буюу халуун хайлмаг хэрхэн иргэдийн эзэмшилд орж ирж байгаа, автомашиныг хэрхэн “залгиж” байгааг харж болно.

Categories
мэдээ спорт

Филадельфиа 76 эхний ялалтаа авав

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны плей оффын хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Дорнод бүсийн дэд байраар плей оффод шалгарсан Бостон Селтикс хоёрдугаар шатанд Филадельфиа 76 багтай өрсөлдөж байгаа. Багуудын цувралын гурав дахь тоглолт өнөө өглөө явагдаж 103-92 харьцаагаар Филадельфиа 76 ялалтбайгуулжээ.

Энэ өдөр Жоэл Эмбид 15 оноо, 13 самбар, Бен Симмонс 19 оноо, 13 самбар, таван дамжуулалт, Дарио Сарич 25 оноо, найман самбар авчээ. Филадельфигийн сэлгээнээсТ.Ж.Мкконеллгялалзаж 19 оноо, долоон самбар, таван дамжуулалт өгч гялалзжээ.

Харин Бостон Селтикс багаас Ал Хорфорд 10 оноо, 10 самбар, Жесон Татум 20 оноо, Терри Розер 11 оноо авсан байна.

Ингэснээр Филадельфи 76 цувралыг 3:1болгож ойртуулж байгаа юм.

Цувралын дараагийн тоглолт Пүрэв гарагт Бостон Селтиксийн талбайд явагдах юм.

Мөн энэ өдөр өнгөрсөн улирлын дэд аварга Кливланд Кавалерс талбайдаа Торонто рэпторсыг хүлээн авч 128:93-аар бут ниргэж Дорнод бүсийн аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Багийн лидер Леброн Жеймс энэ өдөр 29 оноо, 11 оновчтой дамжуулалт, Кевин Лав 23 оноо, Кайл Корвер 16 оноо, Ж.Р.Смит 15 оноо авчээ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн бөхчүүд “Хүүхдийн олимпийн эрх олгох” тэмцээнд мордлоо

Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 10-13-нд болно. Узбекистаны нийслэл Ташкент хотноо Хөвгүүдийн 20, охидын 17 дахь удаагийн тэмцээн болох юм. Монголын баг тамирчид бүтэн багаараа оролцохоор Өнөөдөр Чулуун хотыг (Ташкент гэдэг нь ийм утгатай) зорьж байна. Энэ удаагийн Азийн АШТ-ий хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жинд хүч үзнэ. Аравдугаар сарын 6-18-нд Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод болох Дэлхийн өсвөр үеийн зуны III олимпийн их наадмын эрхийг олгох юм. ДБНХ (UWW)-ноос гаргасан журмын дагуу сонгомол, чөлөөт бөхийн хөвгүүдийн ангилалд тус бүр 30, охидын ангилалд 50, нийт 110 тамирчин Аргентинд өрсөлдөнө. Тиймээс энэ жилийн Азийн АШТ-ий хөвгүүдийн ангилалд зөвхөн түрүүлсэн, охидын ангилалд эхний хоёр байрт орсон тамирчдад эрх олгох юм.

Categories
мэдээ нийгэм

Хөөтийн уурхайгаас лити зэрэг ховор элементүүд илэрчээ

Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хөөтийн уурхайтай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан энэ сарын 6-ны өдөр танилцлаа. Уурхайд геологи хайгуул, уул уурхайн ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай “Буман – Олз” ХХК ажиллаж байна. 2009 оноос хойш хөрс хуулалт, нүүрс олборлолт хийж байгаа тус компани ил уурхайн аргаар ашиглаж болох 11.1 сая тонн нүүрсний батлагдсан нөөцтэй аж. Өнгөрсөн жилийн байдлаар нийт 126.1 мянган тонн нүүрс олборлож, үүнээс 93.8 мянган тонныг нь БНХАУ руу экспортолж, үлдсэнийг нь дотоодын хэрэгцээнд нийлүүлжээ.

“Буман- Олз” ХХК-ний лицензийн талбайд лити зэрэг ховор элементүүд илэрсэн тул геологийн ажлыг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа захирал Д.Цогтжаргал хэлж байв. Мөн тэрбээр “Матад сумын төвөөс 40 км зайд манай уурхай байрлаж байгаа тул сумыг шинээр төлөвлөн, барьж байгуулах ажлыг бүрэн дэмжиж байгаа. Төрөөс ямар шийдвэр гарна бид түүнийг дагах болно” гэлээ.

Сайд Д.Сумъяабазарын зүгээс Матад сумыг жишиг сум болгон хөгжүүлэх боломжтой талаар хэлсэн юм.

УИХ-ын 2010 оны 32-р тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Мөн ОХУ, Монгол, БНХАУ гурван улсын төрийн тэргүүн нар 2016 онд Узбекстан улсад байгуулсан “Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд хавсралтаар баталсан 32 төслийн жагсаалтад төмөр замын зүүн коридорын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй бол хэрэгжүүлэхээр тохирсон билээ.

Дээрх бодлого, бичиг баримтын хүрээнд тусгагдсан Хөөт- Бичигтийн чиглэлийн 234 км төмөр зам, 34 км төмөр зам ашиглалтад орвол байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурч, бүс нутгийн хөгжил дэвшилд эерэгээр нөлөөлж, ажлын байр нэмэгдэх, бүтээмж өсөх зэрэг олон давуу тал бий болохыг компанийн удирдлагууд хэлсэн.

Одоогийн байдлаар компанид 130 гаруй монгол хүн ажиллаж байна. Цаашид уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж жилд 45-50 сая м3 уулын цул олборлож, жилд 7-10 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх нь” онол практикийн хурал болж байна

Манай улс гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэж буй арга хэлбэрээс шалтгаалан цагдаагийн байгууллага уламжлалт арга барилаар гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй болж, шинэлэг арга барил, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээр ажиллах шаардлага бий болж байна.

Үүнтэй холбогдуулан, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх нь” онол практикийн хурлыг хэрэг бүртгэх албанаас санаачлан ХЗДХЯ, ЦЕГ-тай хамтран улсын хэмжээнд 2 үе шаттай зохион байгууллаа.

Эхний үе шатанд хангай, говийн баруун зуун бүсийн аймгуудыг бүсчилсэн байдлаар увааж “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх нь онол рактикийн хурлыг зохион байгуулж бус тус бүрээс шалгарсан илтгэлүүдийг хоёрдугаар шатанд ирүүлсэн.

Нийтдээ 109 илтгэл хэлэлцэгдсэнээс хоёрдугаар шатанд 62 илтгэлийг ХСИС-ийн новацийн төв”-ийн эрдэмтэн багш нар бүрэлдхүүнтэй ажлын хэсэг уншиж танилцан алгуур үзүүлэлтээр шалгаруулсан байна.

Өнөөдөр хоёрдугаар шатнаас шалгарсан илтгэлийг хэлэлцүүлж байна.

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн яам, ГХУСАЗЗ, УЕП, ЦЕГ-ын дарга хэлтсийн алба хаагчид, нийслэл дvргvvд дэх цагдаагийн газар, хэлтсийн дарга, албан хаагчид, ШШҮХ, ХСИС, ШУТИС, Орхон Ис, Улаанбаатар их сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн эрдэмтэн багш, судлаачид Харилцаа холбооны зохицуулах хороо, Гаалийн ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, иргэдийн төлөөлөлийн 60 хүн оролцож илтгэл хэлэлцүүллээ.

Шалгарсан илтгэл нь шинжлэх ухаан технологийн хувьд шинэлэг, практикт хэрэгжих, хууль сахиулах үйл ажиллагаанд дэвшилт гаргаж чадахуйц байх явдал юм. Мөн Хууль сахиулах байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааг сайжруулж, хамтарсан сургалт эрдэмтэн судлаачдын багийг байгуулан туршилт судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, мэргэжилтнүүдийг сургах нь чухал юм байна.

Categories
мэдээ спорт

Футзалын хоёрдугаар зэрэглэлтэй дасгалжуулагчид батламжаа гардан авлаа

2017 оны зургаадугаар сарын 05-11-ий хооронд Азийн Хөлбөмбөгийн Холбооны футзалын хоёрдугаар зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад оролцсон дасгалжуулагчид батламжаа гардан авлаа.

АХБХ-ны футзалын өндөр дасгалжуулагчийн сургалтад 14 дасгалжуулагч оролцсоноос бүгд тэнцэж, өндөр чанартай үр дүн үзүүлэв. Тэнцсэн дасгалжуулагчдаас С.Эрдэнэ-Очир, Э.Ганзориг, Ц.Ганболд нар илүү дүн авч дотооддоо футзалын дасгалжуулагч бэлдэхэд бэлэн хэмээн үнэлэгдсэн байна.

Тус сургалт нь 2017 онд анх удаа манай улсад болсон ба оролцсон дасгалжуулагчид 100 хувь тэнцэнэ гэдэг мөн ховор тохиолдол. Монголын футзалын үндэсний шигшээ, 20 хүртэлх насны шигшээ багууд сүүлийн жилүүдэд Ази тивд амжилттай тоглох болсон. Дасгалжуулагчдын боловсрол чанар чансаа нэмэгдсэн нь дотоодын хөлбөмбөгчид, цаашлаад шигшээ багийн амжилтад эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй хэмээн МХБХ-ноос мэдэгдлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бидний театр” жүжгийн уралдаан үргэлжилж байна

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран нийслэлийн есөн дүүргийн дунд театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилго бүхий “Бидний театр” жүжгийн уралдааныг зарлажээ.

“Бидний театр” жүжгийн уралдаанд есөн дүүрэг тус бүр нэг жүжиг бэлтгэн оролцож байгаа бөгөөд УДЭТ-аас сонгосон есөн найруулагч жүжгүүдээ тайзнаа амилуулах юм. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас жүжгийн багийг бүрдүүлж байгаагаараа энэхүү уралдаан ихээхэн онцлогтой. Дүүрэг бүрийн хамгийн шилдэг гэсэн авьяаслаг сурагчдаас бүрдсэн жүжгийн баг өөрийн дүүргийг төлөөлөн бусад дүүргүүдтэй өрсөлдөнө. Жүжгийн уралдаан хоёр үе шаттай явагдах бөгөөд нэгдүгээр шат, дүүргийн ерөнхий боловсролын сургууль тус бүрээс 100 хүүхдэд тухайн жүжгээ үзүүлэх үзлэгийн шатыг зохион байгуулна. Хоёрдугаар шат, нийслэлийн Улаанбаатар чуулгад тавдугаар сарын 8, 9-ний өдөр явагдана. Уралдааны шүүлтийг театрын урлагийн нэрт зүтгэлтнүүд шүүн жүжиг тус бүрт үнэлгээ өгч шүүн явуулна. Тус уралдаанаар шилдэг жүжиг 1, 2, 3 дугаар байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг найруулагчийг тус тус тодруулах юм байна.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз уралдаанд оролцож буй жүжгүүдийг телевизийн контент болгохоос гадна театрын урлаг, үзэгчийн соёлын асуудлаар нэвтрүүлгүүдийг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгон ажиллах ажээ.

Categories
гадаад мэдээ

В.Путин дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчаар нэрлэгджээ

Герман, Франц болон Италийн оршин суугчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дэлхийн хамгийн хүчирхэг удирдагч хэмээн үздэг ажээ. Үүнийг Оросын Sputnik агентлагийн захиалгаар Францын “IFop” социологийн компаниас явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харуулна. Санал асуулгад оролцсон германчуудын 34%, францчуудын 34%, италичуудын 38% нь Путиныг өнөө үеийн дэлхийн хамгийн хүчирхэг удирдагч гэж нэрлэжээ. Харин британичуудын 26%, америкчуудын 23% нь ийм саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

Хоёрдугаар байрт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп орсон ба санал асуулгад оролцсон францчуудын 25%, германчуудын 27%, италичуудын 29%, британичуудын 33%, америкчуудын 43% нь түүнийг дэлхийн удирдагчид дотроос хамгийн хүчтэй нь хэмээн дүгнэжээ.

Гуравдугаар байрт БНХАУ-ын дарга Си Жиньпин орсон ба санал асуулгад оролцсон францчуудын 17%, германчуудын 19%, италичуудын 13%, британичуудын 9%, америкчуудын 4% нь түүнийг дэлхийн хамгийн хүчтэй удирдагч хэмээн үздэг аж.

Дөрөвдүгээр байрт Германы Канцлер Ангела Меркель жагссан ба францчуудын 9%, германчуудын 12%, италичуудын 13%, британичуудын 9%, америкчуудын 4% нь түүнийг дэлхийн хамгийн хүчтэй удирдагч хэмээн үзсэн байна.

Энэ оны гуравдугаар сарын 22-27-нд явуулсан уг санал асуулгад 18-аас дээш насны таван мянга гаруй хүн оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл бус хоол хүнсний зар сурталчилгаанд тавих хяналтыг сайжруулъя

Хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдал нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний үндэс суурь энэ насанд тавигддагыг судлаачид тогтоожээ.

НЭМҮТ-ийн 2013 онд хийсэн “ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох” судалгаагаар 12 ба түүнээс доош насны сурагчдын илүүдэл жин 3.6 хувь,таргалалт 15.9 хувь байсан бол 2016 оны “Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгаагаар 6-11 насны хүүхдийн 28.6 хувь нь илүүдэл жинтэй, 6.4 хувь нь таргалалттай буюу 2 дахин нэмэгдсэн байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна.

Мөн 6-11 насны хүүхдийн 99 хувь нь 7 хоногт нэгээс илүү удаа эрүүл бус хүнс, өсвөр насныхны 80.9 хувь нь чихэрлэг ундаа, 77.3 хувь нь их тосонд шарж болгосон хоол хүнс, 97.8 хувь нь амтлаг чихэрлэг хүнсийг 7 хоногт нэгээс илүү удаа хэрэглэдэг аж.

Хүүхдүүдийн хоол хүнсний сонголт, хооллох хэв маягт нөлөөлөх олон хүчин зүйл байгаа хэдий ч хүүхдийн хооллолт, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд зар сурталчилгаа чухал нөлөө үзүүлдэг байна. Хүүхэд 12 хүртлээ аливаа нөлөөнд автамтгай, итгэмтгий байдаг тул зар сурталчилгаа тэдний сэтгэцэд нь сөрөг нөлөөлдөг аж. 2015 онд хийсэн “ЕБС, түүний орчинд борлуулагдаж буй хоол хүнсний чанар,аюулгүй байдал” судалгаагаар 12 хүртэлх насны сурагчдын 10.1 хувь нь хоол хүнсний сонголтод зар сурталчилгаа нөлөөлсөн гэж хариулжээ.

“Суруулийн хоол хүнсний орчин, зар сурталчилгаа, түүний хүртээмж-2012” судалгаагаар сургуулийн орчин дахь 250 м зайд байрлах зар сурталчилгааны нягтрал 100м2 тутамд 0.9 ш байсан ба эрүүл бус хоол хүнсний сурталчилгаа дийлэнх хэсгийг эзлэж байсан аж. Сургуулийн гадна орчинд байрлаж буй хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгааны 92 хувь нь эрүүл бус хоол хүнсийг сурталчилж байсан ба дунджаар 2.1 ш сурталчилгааны зурагт хуудас сургууль дотор байрлаж, эрүүл хоол хүнсний сурталчилгаа 1.0ш, эрүүл бус хүнсний сурталчилгаа 1.8ш байжээ.

Дэлхийн улс орнууд хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, халдварын бус өвчин (ХБӨ)-өөс сэргийлэхийн тулд юуны түрүүнд сургуулийн орчинд сурагчдын хэрэглэж байгаа болон худалдаалж буй хоол хүнсний нэр төрөл, шим тэжээллэг чанарт стандарт тогтоон хяналт тавьж ажилладаг.

Манай улсад ч мөн адил сургууль цэцэрлэгийн орчинд хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан журмыг баримталж ажилладаг байна.

Судалгаанаас харахад сургууль дотор журмаар хориглосон хоол, хүнснийг худалдаалах нь харьцангүй цөөн боловч сургуулийн ойролцоох хүнсний дэлгүүр,цэгээс хориглосон бүтээгдэхүүнүүдийг худалдан авах тохиолдол түгээмэл байна. Иймд сургууль цэцэрлэгээс 150-200 м-т байрлаж буй хүнсний дэлгүүрүүдэд худалдаалахыг хориглох, хязгаартай худалдах бүтээгдэхүүний жагсаалтыг шинэлэн боловсруулах,эрүүл бус хүнсний зар сурталчилгааг хязгаарлах асуудлыг илүү өргөн цар хүрээг хамруулж хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Тухайлбал телевиз олон нийтийн мэдээллийн хэрэгслэл болон гудамж талбайд байгаа эрүүл бус хоол хүнсний зар сурталчилгаанд тавих хяналтыг сайжруулах, хязгаарлах, хориглох шаардлага байгааг дээрх хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд батлан харуулж байна.