Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн саналыг хууль зүйн хувьд Улсын Их Хурал хэлэлцэх үндэслэлгүй хэмээн үзэв

Ерөнхийлөгчийн саналыг хууль зүйн хувьд Улсын Их Хурал хэлэлцэх үндэслэлгүй хэмээн үзэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.08) хуралдаан 10 цаг 10 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан нар санал хэллээ. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй байдаг. Тус дэд хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, зарим гишүүний гаргасан тодорхой саналыг хүлээн авч Байнгын хороо Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргээ гүйцэтгэх шаардлагатай гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар хэллээ. Мөн хуулийн хүрээнд явуулсан үйл ажиллагаанд үндэслэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдаж, удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж байгаа асуудлыг Хууль зүйн байнгын хороо анхааралдаа авах нь зүйтэй гэв. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрх нь зөрчигдөж буй талаар өргөдөл ирүүлэх ёстой гэдгийг сануулаад нэр бүхий гишүүдийн гаргасан саналын дагуу Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлтийг гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд нарыг ажиллуулахаар байгуулсан. Тус ажлын хэсэг ажиллаж байгаа талаар тайлбар өглөө.

Өнөөдрийн хуралдаанаар 2018 оны тавдугаар сарын 03-ны өдрийн Е/08 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг хэлэлцэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар санал хэлэв. Тэрбээр “Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулахтай холбоотой тодорхой зохицуулалт бий. Эдгээр албан тушаалтнууд нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхээр тогтоогдвол албан тушаалаас огцруулах зохицуулалттай. Харин Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараах гурван тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр хуульд заасан байгаа. Нэгдүгээрт, өөрөө хүсэлт гаргасан бол, хоёрдугаарт, биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд. Гуравдугаарт, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд гэж заасан. Одоогоор Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нар өөрсдөө хүсэлт гаргаагүй байна. Эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байгаа гэж ойлгож байна. Түүнчлэн эдгээр албан тушаалтнуудын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа юм. Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор дээрх албан тушаалтнуудыг томилох эсэх асуудлыг хэлэлцээд Авилгын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно” гэж заасныг үндэслэн шийдвэрээ гаргасан. Үүнийг холбогдох баримтаас харж болно. Зарим тайлбарт дурдагдаад байгаа шиг дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалт буюу нөхөн томилогдсон албан тушаалтны бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ гэдэг заалтыг үндэслээгүй. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийг зургаан жилийн хугацаатайгаа томилсон Улсын Их Хурлын шийдвэр тухайн үедээ гарсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1.2-т “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…” хэмээн заасан байдаг. Иймд дээрх албан тушаалтнуудын бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх хууль зүйн боломжгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал нь Авилгын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “…Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно…” гэж заасантай зөрчилдөж байгаа. Үүнээс улбаалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн уг санал Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 70.1-т “…Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино…” гэснийг зөрчсөн байж болзошгүй. Ийм нөхцөлд Хууль зүйн байнгын хороо уг саналыг хэлэлцэх, тодорхой санал, дүгнэлт гаргавал Улсын Их Хурал өөрөө Монгол Улсын Үндсэн хууль тэргүүтэй холбогдох хуулиудыг зөрчих болно. Иймээс өнөөдрийн хуралдаанаар Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна” гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хууль зүйн хувьд Улсын Их Хурал авч хэлэлцэх үндэслэлгүй хэмээн тайлбарлаад хууль зөрчсөн, агуулгын зөрчилтэй уг саналыг хэлэлцэхгүй байх горимын санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайханы гаргасан горимын саналаар санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон 15 гишүүний 80 хувь нь дэмжсэн.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжив

Ингээд хэлэлцэх асуудлаа баталснаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан юм. Уг горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 93.3 хувийн саналаар дэмжиж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

УИХ-аас ажлын хэсэг байгуулах хүсэлтийг танилцууллаа

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлт гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хүсэлт танилцууллаа. Байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор дээрх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлийн холбогдох шийдвэрийг судалсан байна. Тус шийдвэрт эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг олон улсын ажиглагчдыг оролцуулан нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар Олон Улсын Парламентын Холбоонд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрийг хуулбарлан авах, холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг хөндсөн аж. Эдгээр асуудал нь хяналт, шалгалтын чиглэлээр Байнгын хорооноос байгуулагддаг ажлын хэсгийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн. Түүнчлэн Олон Улсын Парламентын Холбооноос ирүүлсэн бичигт парламентынхаа дэргэд “Парламентын мөрдөн шалгах түр хороо” байгуулах асуудлыг тусгасан бөгөөд энэ тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөнө. Иймд дээрх чиглэлээр судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлаас байгуулах, эсхүл уг асуудлаар Улсын Их Хурлын дэргэд түр хороо байгуулан ажиллуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн болохыг Х.Нямбаатар гишүүн танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Байнгын хорооны хуралдаанаа хаалттай горимд шилжүүлэх юм уу, эсвэл С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн шүүх хурлын шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцох, нөхцөл байдалтай танилцах, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх уулзалтыг Байнгын хорооны түвшинд хийх шаардлага үүсээд байна. “Нууц” гээд парламентад үзүүлдэггүй материалуудыг нэг сэтгүүлчээр дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж тавьж байна. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдаж байна, заналхийлж байна, дээрх хэргийн өмгөөлөгч нь үг дуугарч чаддаггүй, яллагч нь “нууц” гээд байсан материалуудаа хэвлэлийн байгууллагад дэлгээд нэг талын тайлбар хийгээд сууж байна. Үндсэн хуулийн шүүхийн тогтолцоо нурж байгаагийн илрэл гэж би хувьдаа харж байна. Хууль хяналтын байгууллагатай Улсын Их Хурлыг төлөөлөн харилцдаг ганц Байнгын хорооны хувьд, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаатай холбоотой асуудал ноцтой хөндөгдөөд байгаа нөхцөлд Хууль зүйн байнгын хороо нөхцөл байдлыг тодруулж, байр сууриа нэгтгэн, төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүний хувиар төдийгүй Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар хэлье” гэлээ. Ингээд хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцээд эхний удаад уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн санал солилцох уулзалтыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд шаардлагаа өгөхөөр суулт хийж байна

Иргэний нийгмийн хөдөлгөөний төлөөллүүд Оюутолгойн гэрээг цуцлах, түүнтэй холбоотой асуудлаар шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ. “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-ийн тэргүүн, “Оюутолгойн гэрээг өнөөдөр эргэн ярьж байна. Ард түмний эрх ашигт нийцэх гэрээ хийгээгүй гэдгийг ард түмэн ч ярьж байна. Монголчууд газрын доорх баялгаа гадныханд лиценз нэрээр өгчихөөд энэ баялгаа үнэлж чадахгүй байна. Лиценз нэрээр гадныханд баялгаа өмчлүүлдэг асуудал байж болохгүй. Тэндээс гарч байгаа баялгийг нэг тонныг нь хэдэн төгрөгөөр үнэлэх вэ гэдгийг тогтоохгүйгээр лиценз олгож болохгүй. Иймд “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-ий зүгээс Оюутолгойд дараах шаардах бичгийг хүргэж байна. Уг шаардах бичгийн гол асуудал нь, “Үндсэн хуульд заасан хэд хэдэн заалтыг энд дурьдаж болно.

Тухайлбал, Үндсэн хуулийн 6.1-т “Байгалийн бусад баялаг ард түмний мэдэлд болон төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Оюутолгойн гэрээ энэ мэт Үнсэн хуульд заасан олон заатыг зөрчсөн. Оюутолгойн гэрээг ард нийтээр хэлэлцүүлэхгүйгээр өөрсдийн эрх ашгаар гэрээг хийсэн. Гэрээн дээр 34 хувийг шууд зээмших буюу роялти татвар авна гэж бодож байсан ч тийм гэрээ хийгдсэнгүй. Тиймээс Оюутолгойн 51 хувийг эзэмших эрхээ эдлэх шаардлага бичгийг хүргүүлж байна” гэв.

Мөн УИХ-аас гаргасан Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очирыг сольсон. Иргэний нийгмийн байгууллагаас хоёр хүнийг ажлын хэсэгт багтаасан ч дахин энэ асуудлыг ил тод нээлттэй хэлэлцэж, ажлын хэсгийн гишүүдийг томилох асуудалд иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд яг одоо “Моннис тауэр”-т байрлах Оюутолгойн оффист шаардлагаа өгөхөөр суулт хийгээд байна.

Categories
мэдээ нийгэм

В.Путины тангараг өргөх ёслолын содон зочин Стивен Сигалын эхнэр Б.Эрдэнэтуяа байлаа

Өнгөрсөн даваа гаригт Кремлийн ордны Андревскийн их танхимд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тангаргаа өргөсөн билээ. Түүний тангараг өргөх ёслолын арга хэмжээнд бөмбөрцгийн хэдэн арван мянган зочид төлөөлөгч хүрэлцэн очиж, түүнд баяр хүргэсэн талаар дэлхийн хэвлэлүүд онцолж байна.

Зочдын дунд нэгэн содон зочин байсан нь Холливудын нэрт жүжигчин Стивен Сигалын эхнэр Батсүхийн Эрдэнэтуяа байжээ. Тэрбээр шаргал өнгөтэй монгол дээрээ гоёж очсон нь олны анхаарлыг ихэд татсан байна.

Б.Эрдэнэтуяа ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд оролцохоор монгол дээлээрээ гоёсон талаараа өөрийн цахим хуудастаа бичжээ. Тэрбээр “Монгол дээлээрээ гоёсоор Кремлийн ордонг зорьж явна. “Агуу их хүмүүн” хэмээх тодотголыг алдар нэрийнхээ өмнө мөнхөлж оршоосон хүмүн энэхэн хорвоод хэдий олон билээ!

Усан цэрэг аавтай, үйлдвэрийн ажилчин ээжтэй эгэл жирийн хөвүүн өдгөө алдар суугаа мандуулсан Агуу Их Хүмүүн болж, алтан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Дэлхийн Их Удирдагч болжээ! Олон олон дайн дэгдсэн ороо бусгаа энэ цагт алтан дэлхий хөрвөж, амьтай бүхэн зовнин түгшиж байхад Агуу Их Орос гүрнийг Монголд минь ээлтэй энэ хүмүүн удирдаж байгаа гэж бодоход сэтгэл цаанаа л амрах…

Үнэхээр дэлхийн геополитикийн хүчний тэнцвэрийг Орос оронгүйгээр тогтоон барихын аргагүй, дэлхийн улс төрийн бодлогыг энэ хүний оролцоогүйгээр чиглүүлэхийн аргагүй мэт!

Ханийн минь дотны анд, хөрш их гүрний минь төрийн тэргүүн Владимир Владимирович Путины Орос Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох энэхүү эрхэм урилгыг хүлээн авсандаа туйлын их баяртай байна. Ийм хүндтэй завшаан, нэр төрийн хэрэг хүний амьдралд хэдий олон тохиолдох билээ” хэмээн бичжээ.

erdenetuya

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн хүн угаартаж нас баржээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XIII хороонд 8х6 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 10:12 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу очиж галыг унтраасан бөгөөд харамсалтай нь гэрт байсан дөрвөн хүн угаартаж амиа алдсан байжээ.

Тодруулбал түймэрт иргэн 61 настай, эрэгтэй Н, 58 настай, эрэгтэй Т, 56 настай, эрэгтэй Э, 56 настай, эмэгтэй Д нар угаартаж нас барсан тул цогцсыг гаргаж нийслэлийн Цагдаагийн газрын удирдлага зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Эл хэргийг цагдаанар шалгаж байна. Уг айлын зургаан настай хүүхэд байшингийнхаа амбаар хэсэгт цаас шатааж тоглож байгаад галд алдсаны улмаас энэхүү харамсалтай хэрэг гарсан байж магадгүй гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Мөрөөдлийн аялал-2” сайн үйлсийн аян боллоо

Өнгөрсөн ням гаригт “Монголын Альфард, Вэллфайр эзэмшигчдийн холбоо” ТББ-аас нэгэн сайн үйлсийн аяныг хийлээ. Тэд энэ удаад 29-р тусгай дунд сургуулийн дотуур байрны сурагчдыг Манзуширийн хийдтэй танилцуулах аяллыг зохион байгуулсан юм. 29-р сургуулийн дотуур байранд голдуухан хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд амьдардаг юм байна. Тэд зөвхөн л сургууль, дотуур байр гэсэн өдөр тутмын хэмнэлтэй байдаг бол энэ удаа Монголын түүхэн газар болох Манзуширийн хийдээр танилцах аялалд оролцсондоо их л сэтгэл хангалуун байсныг хэлэх хэрэгтэй байх.

“Мөрөөдлийн аялал” нэртэй уг арга хэмжээний талаар “Монголын Альфард, Вэллфайр эзэмшигчдийн холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга С.Чинзориг , “Анх дөрвөн жилийн өмнө манай клуб нээгдэж байсан. Энэ жил яг дөрвөн жилийн ой тохиож байгаа. Жил болгон 2-3 удаа бид бүхэн сайн үйлсийн аяныг зохион байгуулдаг. Энэ удаа хаврын анхны сайн үйлсийн аянаараа 29-р тусгай дунд сургуулийн дотуур байрны сурагчдыг Манзуширийн хийдтэй танилцуулах, үзүүлэх “Мөрөөдлийн аялал-2” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Манай клуб фээсбүүкээр 24000 орчим, яг альфард болон вэллфайр машин эзэмшигч нь 365 орчим байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд 26 машин оролцож 130 гаран хүүхдийг Манзуширийн хийд үзүүлэхээр авчраад байгаа. Харин дараа дараагийн үйл ажиллагаанууд тодорхой хөтөлбөрийн дагуу гарсан. Энэ жилээс бид ТББ болсон. Бид машинуудаа аялал жуулчлал, сайн үйлсийн аян, мөн нийтийн үйлчилгээнд явуулахаар төлөвлөсөн. Санхүүжилтийн тал дээр бүх үйл ажиллагаа сайн дурын үндсэн дээр явагддаг. Үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг удирдах зөвлөлийн 13 гишүүн ерөнхийд нь зохион байгуулалтын асуудлыг зохицуулдаг. Гишүүд сайн дураараа машин тэргээрээ оролцоно, зарим зардлыг дундаасаа төвлөрүүлээд үйл ажиллагаандаа зарцуулж явна. Цаашдын үйл ажиллагааны хувьд машинтай аяллууд зохион байгуулна. Ер нь бол бид жилдээ дөрвөн удаа арга хэмжээ зохион байгуулдаг. Өвлийн аялал, мөсний баяр, тэгээд мэдээж сайн үйлсийн аян. “Мөрөөдлийн аялал” арга хэмжээг өмнө нь автомашины өөр нэг клубтэй хийж байсан. Энэ жилийн хувьд бидэнтэй хамтран хийж байна. Манай клубын гишүүдийн зүгээс яг иймэрхүү хэрнээ арай өөр арга хэмжээ зохион байгуулъя гэсэн санал багагүй ирдэг. Бид гишүүдээс ирж байгаа саналууддаа үндэслээд ирэх 6-р сарын 1-нд бас нэг саян үйлсийн аяныг хийх бодолтой байгаа. Энэ оны анхны арга хэмжээ маань сайн үйлсийн аянаар эхэлж байгаад манай клубын гишүүд их билэгшээж байгаа. Ер нь ийм арга хэмжээг хойшид илүү сайн зохион байгуулж оролцож байна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Клубын тухайд яг ингэж нэгдээд клубын зохион байгуулалттай байх нь гишүүдэд ч гэсэн олон талаар хэрэгтэй л дээ. Дор хаяж бид нар тухайн жилдээ тухайн тухайн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй ярилцаад тосоо хямдралтай үнээр солиулчих жишээтэй. Гишүүнчлэлийн хувьд нээлттэй. Машин тэргээ зарж сольсон ч гэсэн ТББ дээрээ гишүүнчлэлтэй хэвээр үлдэнэ. Өөр машинтай болсон ч гэлээ тосны өдөрлөг дээр ирээд тодорхой хувийн хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх боломжтой. Бид гол нь машинаа бүртгэх гэхээсээ илүү хүндээ хандсан байдлаар явж байгаа. ” гэлээ.

Энэ үеэр 29-р тусгай дунд сургуулийн дотуур байрны багш Эрдэнэбаяраас энэ арга хэмжээний талаар, ““Мөрөөдлийн аялал” нэртэй арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнө нь 2015 анхны аялал болсон. Нэг жил алгасаад энэ жил хоёрдахийг нь зохион байгууллаа. Бид“Монголын Альфард, Вэллфайр эзэмшигчдийн холбоо” ТББ-д санал тавьсан. Тэд ч мөн манай саналыг хүлээн авч арга хэмжээгээ амжилттай зохион байгууллаа. Манай сургуулийн дотуур байрны 130 орчим хүүхэд арга хэмжээнд хамрагдаж оролцож байгаа. Дотуур байрны багш нар болон асрагчид хүүхдүүдтэйгээ хамт Манзуширийн хийдийг үзэх аялалд оролцож байна. Үйл ажиллагаа төсөөлж байснаас илүү сайхан болж өнгөрлөө. Хүүхдүүдийн сэтгэл үнэхээр хангалуун сайхан байгаа. Яагаад гэвэл дотуур байрны хүүхдүүд маань сургууль байр гэсэн л байдлаар байдаг бол энэ удаа харьцангуй өөр газрыг үзэж сонирхож байгаа нь тун тааламжтай байна. Мөн дотуур байрны хүүхдүүд маань голдуухан хөдөө орон нутгаас ирж суралцдаг хүүхдүүд байдаг. Тиймээс хүүхдүүдээ түүх соёлын энэ мэт арга хэмжээнд хамруулах нь аль аль талаасаа ач холбогдол өндөртэй. Энэ арга хэмжээд мөн “NBA Talk” нэвтрүүлгийн залуус ус ундаагаар тусаллаа. Биднийг дэмжиж хамтран ажилласан байгууллагуудаа үнэхээр талархаж байгаагаа илэрхийлмээр байна.” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Хятадын хилийн эрүүл ахуй хорио цээрийн хамтарсан хурал боллоо

Монгол Хятадын хилийн эрүүл ахуй хорио цээрийн хамтарсан хурал 2018 оны 5-р сарын 3-4-нд, Өвөр Монголын Эрээн хотод зохион байгуулагдав.

Тус удааны хуралд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, Монгол улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Эрүүл ахуйн хорио цээрийн академи, Монгол улсын Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Хятад Монгол хилийн боомтын удирдлага, мэргэжилтнүүд зэрэг нийт 33 хүн оролцлоо.

Хоёр тал нь 2016 оны “Монгол-Хятадын хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд, боомтын нутаг дэвсгэрт мэрэгчээр дамжих зоонозын халдварт өвчний хамтарсан тандалт болон судалгааны хамтын ажиллагаа зохион байгуулж, халдварт өвчин тархалтын байдлын тухай мэдээлэл солилцох, боомтын үндсэн чадавхийг бэхжүүлэх туршлага солилцох, хил дамнасан халдварт өвчний тархалтыг урьдчилан сэргийлэх зэрэг ажилд дүгнэлт хийж, 2018 оны цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцээр хийсэн. Мөн мэрэгчээр дамжих зоонозын халдварт өвчний хамтарсан тандалтын ажлыг гүнзгийрүүлэх, олон улсын эрүүл ахуйн хуурай боомтыг бүтээн байгуулахыг эрэлхийлэх, эрүүл ахуй хорио цээрийн олон улсын харилцааг сайжруулах, хил дамнасан мэрэгчээр дамжих зоонозын халдварт өвчний тандалтын стандартыг судланболовсруулах,“Нэг бүс Нэг зам” –ын дагуу улс орнуудын эрүүл ахуйн хамтын ажиллагааг түлхэн ахиулах зэрэг талд хоёр талаараа нэгдсэн саналд хүрлээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын айл өрхийн нохойд мал эмнэлгийн цогц арга хэмжээ авч байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтран Баянгол, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх, үржил хязгаарлах ажлыг өнгөрсөн сарын 30-аас хэрэгжүүлж эхэлсэн. Баянгол дүүргийн 21, 9, 10, 11 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 4, 5, 8, 13, 14,дугаар хорооны гэр хорооллын нохойг бүртгэж, гэрчилгээ, хүзүүвч, пайз олгох, үржил хязгаарлахтай холбоотойгоор нохойд эрүүл мэндийн үзлэг хийх, галзуугаас сэргийлэх вакцин тарих, цагаан хорхойн туулгалт өгөх, байр тоног хэрэгсэлд халдваргүйтгэл хийж, иргэдэд зөвлөгөө өгөх зэрэг мал эмнэлгийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Баянгол дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний “Комлуу ” ХХК-ийн мал эмнэлгээс 3 баг 3024 нохой, Хан-Уул дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний “Ганган буга” ХХК, “Түда” ХХК , “Гүн тэрэм” ХХК-ийн мал эмнэлгээс 6 баг 5976 нохой, нийт 9 баг, 9000 эзэнтэй нохойг бүртгэж, тэдгээрт мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус арга хэмжээ 34.7 хувьтай явагдаж байгаа бөгөөд ирэх сарын 10-ныг хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна гэж нийслэлийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

ХӨВСГӨЛ нуурт химийн хорт нэгдэл агуулсан хуванцар ихээр агуулагдсаныг Швейцарийн эрдэмтэд тогтоолоо

Хөвсгөл нуурыг хуванцар хог хаягдлаар бохирдуулан, түүний экосистем, нуурын амьтан ургамлыг сүйтгэж байгааг Женевийн Их сургуулийн эрдэмтэд судлан тогтоосон байна.

ВВС агентлагийн өнгөрсөн сарын 30-ны нийтлэлд хуванцар хог хаягдлын судалгааг далай, тэнгист хийж байсан бөгөөд анх удаа цэнгэг уст, эртний нууруудад хийхэд дэлхий хуванцар хог хаягдлаас үүссэн химийн хорт бодист эзлэгдсэн байна хэмээн эрдэмтэд хүлээн зөвшөөрлөө гэжээ.

Швейцарын Женев нуурын хэдэн арван эрэг орчмын хог хаягдлыг түүж түүний химийн хорт элементүүдийг судалж 3,000 дээжээс 670 –г шинжлэхэд бичил хуванцар буюу 5 мм-ээс бага хэмжээтэй хуванцар нь нуурын амьтдын залгиур хоолойг бөглөх, хоол боловсруулах эрхтэнд тээглэх, улмаар ходоодны хүчлийн нөлөөгөөр хорт элементүүд хурдан задрах, тухайн хордсон амьтны үлдэгдлээс нууранд хорт бодис ихээр алдагдах зэргээр нуурыг бохирдуулдагийг тогтоожээ.

Мөн бичил хуванцрын химийн нэгдлийг судлахад хар тугалга, мөнгөн ус зэрэг маш хүчтэй хорт бодис илэрч байгааг тогтоосон аж. Женевийн нуурын эрэг орчмоос дээжилж авсан хуванцруудын ихэнхийг одоо хэрэглэхээ больсон бүтээгдэхүүнүүд эзэлж байжээ. Хэдийгээр одоо хэрэглэгдэхгүй байгаа ч хуванцар байгаль дээр хэдэн арван жилээр хорт бодисоо ялгаруулсаар байдаг аж. Энэ нь хуванцар хэдэн зуун жилээр байгаль орчныг хордуулсаар байх нь ойлгомжтой болов.

Зөвхөн Женевийн нууранд гэлтгүй дэлхийд цэнгэг уст эртний нуурууд гэгдэх Италийн Гарда, Монголын Хөвсгөл нууруудад энэ судалгааг хийснээрээ онцлогтой.

Бусад нуур ч Женевийн нууртай төстэй бохирдолтын төвшинг харуулж байна. Гарда нуурт 1 кв.км 1,000 том хуванцар хог 450 бичил хуванцар агуулагдаж байна. Энэ хуванцар хог хаягдлыг шинжлэхэд одоо Англид хэрэглэхийг хориглосон материалтай хувцас, гоо сайхны хэрэгслийн хэсгүүдээс хорт бодис ихээр агуулсан болох нь тогтоогджээ. Микропластик буюу бичил хуванцар нь ундны ус, пиво, зөгийн балд хүртэл илэрсэн хэмээжээ. Эдгээр нь хүний биед хэрхэн нөлөөлж буй судалгаа одоогоор хийгдээгүй байна.

Хөвсгөл нуурын тухайд Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл дэлхийн 17 эртний нуурын нэг, хоёр сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.

Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1,000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.

Алслагдсан Монгол нуур Хөвсгөлд хийсэн судалгаа нь Женевийн нуурын бохирдлоос их буюу 1 кв.км талбайд оногдож байгаа нь 48,146 бол Женевийн нуурынх 44,435 агуулагдаж байгаад санаа зовж буйгаа эрдэмтэд хэлжээ.

Ихэвчлэн хүн ам ихээр төвлөрсөн газруудын хог хаягдал салхинд туугдан нуурт хүрдэг бөгөөд эдгээрийн ихэнх нь үйлдвэрлэлийн хог хаягдал байх нь ч бий.

Хуванцар хэрэглээнээс дэлхий нийтээрээ салах арга зам хайх тухай ярьж эхлээд буй.

НҮБ-аас саяхан хуванцар хог хаягдал нь “Манай гарагийн хямрал” хэмээн томьёолж хуванцрыг ялган цэвэрлэх технологи боловсруулах тухай ярьж байгаа ч дэлхий аль хэдийнээ хуванцар хог хаягдалдаа эзлэгдчихээд хуванцраас үүдэлтэй химийн хортой нэгдэл ундны уснаас ч илрэх боллоо хэмээн эрдэмтэд ВВС-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Бэлтгэсэн Б.Булгамаа, UPDOWN.mn

Categories
мэдээ спорт

Александр Овечкин Вашингтоныг хожилд хөтөллөө

NHL-ийн плей-оффын “Дорнод” бүсийн хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна.

Оросын супер од Александр Овечкинээр ахлуулсан “Вашингтон Кэпиталз” өнгөрсөн жилийн Стэнлийн цомын аварга “Питтсбург Пингвинз”-ийн талбайд нь зояилж 2:1-ээр илүүрхэж цувралд 4:2-оор тэргүүлж Дорнод бүсийн шигшээд шалгарчээ. Энэ өдөр тоглолтын нэмэлт цагтЕвгений Кузнецов, Александр Овечкин, Дмитрий Орлов Орос залуусын довтолгоо амжилтай болж Вашингтоныг ялалтад хөтөлсөн. Ингэснээр Вашигтон 20 жилийн дараа бүсийн шигшээд шалгарч байгаа юм.

Тэд Дорнод бүсийн аваргын төлөө “Тампа-Бэй Лайтнинг”-тэй тулна.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

“Петротранс” компанийн үйл ажиллагаатай танилцлаа

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, үүрэг даалгавар өгсөн билээ. Үүний дараа туслан гүйцэтгэгч, 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай “Петротранс” компани дээр очлоо.

Тус компани газрын тосны дотоод тээвэр, ердийн ачаа тээвэр, тамсаг 19, 21-р талбайн шавхалтын ажил, засварын үйлчилгээ хийдэг байна. Мөн “Петротранс” компанид 100 хувь монгол ажилтнууд ажиллаж байгаа аж. Үүний тулд ажилтнуудаа “Дачин ойлфилд”-ийн цооног механикийн сургалтын төв болон өөрсдийнхөө сургалтын төв дээр сургаж, мэргэшүүлжээ. Одоогийн байдлаар 100 гаруй хүн ажиллуулж буй юм.

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19, 21-р талбайд хийж буй газрын тосны шавхалтын ажлаа байнга давуулан биелүүлдэг талаараа компанийн захирал Б.Отгонпүрэв хэлэв. Мөн тэрбээр “Бид маш олон стандарт, шаардлагыг хангасны дүнд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч болж чадсан. Цаашид ч дараа дараагийн Монгол компаниудаа мөн адил ажиллуулах үүднээс бид алдах эрхгүй, маш сайн ажиллахыг хичээж байна” гэв.

Тус компани Монгол Улсын газрын тосны анхдагч, жишиг компани болохоор зорилго тавин ажиллаж, монголчуудыгаа сургаж мэргэшүүлдэн ажиллуулж буйд салбарын сайд сайшаалтай хандаж байгаагаа хэллээ. Сайд Д.Сумъяабазар “Засгийн газраас дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөсөн байгаа энэ үед олборлолт хийх мэргэжлийн боловсон хүчин хамгаас чухал” гэв.