Categories
мэдээ нийгэм

Нийслэлд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах хөдөлгөөнт бүлгүүд ажиллаж байна

Нийслэл хотод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр “Хөдөлгөөний зохицуулалт-Хяналт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Уг арга хэмжээ нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, замын хөдөлгөөнийг зохицуулах, хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах, нийслэлийн дүүргийн нутаг дэвсгэрт явганаар эсвэл тээврийн хэрэгсэлтэйгээр болон хяналтын техник, төхөөрөмж ашиглан замын хөдөлгөөнд тавих хяналтыг эрчимжүүлэх зорилготой явагдаж байгаа бөгөөд өнөөдөр /2018.05.08-ны өдөр/ СБД-ийн нутаг 32-ын тойргоос 7-н буудал, Хайлаастын буудлаас 7-н буудал чиглэлийн автозамд хяналт шалгалтыг эрчимжүүлж, хөдөлгөөний дэг журмыг тогтоон ажиллаж байна.

Хяналт шалгалтын үеэр зохиомол түгжрэл саатлыг үүсгэж байгаа гол шалтгаанууд болох гэрэл дохио зөрчих, уулзвар нэвтрэх журам зөрчих, эгнээ байр буруу эзлэх түүнчлэн зогсох зогсоолын журам зөрчиж тээврийн хэрэгслээ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байрлуулсан мөн ногоон байгууламж, явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан зэрэг зөрчлүүдийг газар дээр нь арилгуулах, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах, мөн жолооч нарт хуулийн зүйл заалт, хүлээлгэх хариуцлагын талаар тайлбарлаж, хууль сануулан ажиллав.

Иргэдэд жолооч нарын дүрэм зөрчих, том оврын ачааны болон автобусны утаа ихээр ялгарах, жолооч нар автомашинаа явган хүний зам дээр мөн автозамын зорчих хэсэг дээр байрлуулдаг, явган хүний замаар зорчдог зэрэг нь ихээхэн бухимдал үүсгэдэг асуудлын нэг болсон байх бөгөөд тэд энэхүү үйл ажиллагааг ихээхэн дэмжиж хамтран ажиллаж байна.

Мөн цаашид дүүргүүдийн захын гэр хороолол, хяналт сул цэгүүдэд эргүүл хяналт шалгалтыг эрчимжүүлэх, гудамж замын хөдөлгөөнийг биечилсэн болон теле камерын хяналтыг уялдуулан хосолсон хэлбэрээр нэгтгэн зохион байгуулах, техник хяналт, замын зохион байгуулалтын чиглэлээр холбогдох үзлэг шалгалтыг хийж, зохион байгуулах ажлын зураглал, судалгаа, санал зэргийг боловсруулан холбогдох байгууллагуудад танилцуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ улс-төр

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг үүрэг, чиглэл өглөө

Орон нутагт ажиллаж байгаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл орон даяар явуулж байгаатай холбогдуулан яамнаас гаргасан ажлын төлөвлөлтийн дагуу ажлаа цаг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах мөн уг ажлын хүрээнд хорогдсон малын сэг зэмийг устгах үүрэг даалгавар өглөө. Мөн аймаг, орон нутгийн удирдлагуудыг “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г үр дүнтэй явуулахад анхаарч ажиллахыг даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Үүлэнд зориудаар нөлөөлснөөр Хөвсгөлийн ихэнх нутгаар цас орлоо

Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын “Мөрөн бороо-1” экспедиц өнгөрсөн шөнө 02 цаг 10 минутанд Цагаан бургасын давааны аманд түр байрлаж тунадас нэмэгдүүлэх зорилгоор 3 пуужин харвасны үр дүнд Рэнчинлхүмбэ Цагааннуураас бусад бүх суманд 0,5-18 см цас оржээ. “Явуулын экспедиц Мөрөн, Алаг-Эрдэнэ, Түнэл, Цагаан-Үүр, Эрдэнэбулган гэсэн сумдын нутаг дахь үүлний шилжилтийн дагуу тунадас нэмэгдүүлэх арга хэмжээг авчээ.

Өглөөний 10 цагийн байдлаар Цэцэрлэг, Баянзүрх суманд цас ороогүй онгойсон байгаа бөгөөд өдөртөө зүүн тийшээ шилжиж үдээс хойш нийт нутгаар хур тунадас орохгүй тэнгэр цэлмэнэ” гэдгийг Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Г.Адъяасүрэн мэдээллээ. Энэ сарын 7 буюу өчигдрийн байдлаар тус аймгийн 6 сум хуурайшилтын 4-р зэрэг буюу түймрийн эрсдэл нэн их нэн аюултай, 15 сум хуурайшилтын 3-р зэрэг түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд хүрсэн байсан бөгөөд тунадас нэмэгдүүлэх зорилготой үүлэнд нөлөөлсөн нь үр дүнтэй болж ихэнх нутгаар хур тунадас оржээ.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн салбарын ажилчид “цөхөрчээ”

Монголын эрүүл мэндийн салбарын ажилчид УДЭТ-ын өмнөх талбайд жагсаал хийлээ.Өнгөрсөн дөрөвдүгээр сард тэд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөрийн яаманд мэдэгдэл хүргүүлж, цалингаа нэмүүлэхийг шаардсан. Гэвч энэ шаардлагын хариу ирээгүй бололтой. Үүнийг сурвалжилахаар тус жагсаалыг зорьсон юм.

Хөдөө орон нутаг 21 аймаг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүрэг, нийслэл гээд бүх л газрын төлөөлөгч нийлсэн 1600 гаруй эмнэлгийн байгууллагын ажилчид цуглажээ. Нутаг нутгаараа, дүүрэг дүүргээрээ, ӨЭМТ-үүдээрээ эгнээ болон зогсож, зохион байгуулалт сайтай тайван жагсаал болж байлаа.

Жагсаалыг нээж Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар үг хэлэхдээ:

Монголын эрүүл мэндийн салбарынхан ямар хүчтэй, яаж эвлэлдэн нэгдэж чаддаг вэ гэдгээ харуулах цаг ирлээ. Бидний өмнөх тавьсан шаардлагын хариуг одоо болсон өгсөнгүй. Арга заль хэрэглэж явсаар өдийг хүрлээ. Бид цөхөрч байна. Яагаад бид энэ талбайг сонгосон бэ гэвэл өмнө нь бид Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах хүсэлт гаргаж байсан. Тэр өдөр нь өөр жагсаалтай гээд бидэнд ялалтын талбайн хэсэгхэн газар олгосон. Гэвч тэр өдөр нь ямар ч арга хэмжээ болоогүй. Бид үгээ хэлээд, аргаа бараад төрийн ордонг тойрч алхаад тарж байсан. Өнөөдөр бид төрийн түшээдийн өөдөөс харж зогсоод жагсаалаа албан ёсоор эхлүүлж байна. Гэхдээ бид энд үгээ хэлэхгүй. Эрүүл мэндийн яамны үүдэнд очиж хэлнэ. Тэр хүртэл бүгд машины араас дөрвөн эгнээ болон алхаж явна. Бидний ажилд цагдаагийн байгууллага хамтран ажиллаж байгаа. Зам хааж биднийг гаргаж өгөхөд тус болно. Эрүүл мэндийн салбарынхан ямар хүчтэй, ямар эвтэй, эвлэлдэн нэгдэж чаддаг гэдгийг дахин сануулья гэв.

Categories
мэдээ нийгэм

Аавууд орцондоо хүүхэлдэйн киноны баатруудыг “амилуулжээ”

БЗД-ийн II хорооны “Эрдэм хотхон”-ы байрны аавууд орцондоо хүүхэлдэйн киноны баатруудыг зуржээ. Энэ талаар аавуудын төлөөлөл Ш.Доржсүрэнгээс тодрууллаа.


-Орцоо гоёх санаа яаж төрсөн бэ?

-Манай байр ШУТИС-ийн багш ажилчдын 180 айлын орон сууц. СӨХ-оос орцнууд дунд “Орцоо хэрхэн тохижуулах вэ” гэсэн уралдаан зарласан. Орцныхоо аавуудтай ярьж байгаад зураг зурах санаа гаргасан.

-Яагаад хүүхэлдэйн киноны зураг зурах болов?

-Хүүхдэд зориулж юм хийх ёстой юм байна гэсэн үүднээс ханан дээр зураг зурах санааг аавууд нийлж гаргасан. Бидний дунд зураач хүн байхгүй. Эхлээд дүрсийг нь ханан дээр гаргаад тэгээд зурж эхэлсэн.

-Нийт хэдэн орцтой вэ?

-Нийт найман орцтой. Бид хамгийн түрүүнд дуусгасан. Эхний дөрвөн байр шалгаруулна. Хүүхдийн зурагтай орцон дотор хүмүүс хог хаяхгүй, тамхи татахгүй байх жишээтэй. Хүүхдүүд бол маш их дуртай байгаа. Бусад орцны хүүхдүүд ирж сонирхоод байгаа.

-Хэдүүлээ зурав?

-Долоон аав зурсан.

– Зурах ажлаа яаж санхүүжүүлэв?

-Бид өөрсдөө санхүүгээ шийдсэн. Нэг орцонд 25 айл байдаг. Нэг айлаас 15000 төгрөг цуглуулаад будаг хэрэгсэл бүх юмаа авсан. Долоон хүн мөнгөө цуглуулаад нэг давхраас эхлээд зурж эхэлсэн. Хүмүүс хараад оролцохгүй ч гэсэн мөнгөө нэмэрлээд эхэлсэн. Шат болгоны хажууд зураг зурсан байгаа.

-Хэр хугацаанд зурсан бэ?

-Ес хоногийн хугацаанд зурж дууссан. Өдөр нь бид ажилтай учраас орой 19:00 цагаас хойш зурдаг байсан. Будахад ээжүүд, хүүхдүүд оролцсон.

-Монгол Улсын газрын зургийг нэг давхарт зурсан байсан?

-Танин мэдэхүйн зорилгоор зурсан. Хүүхдүүдийг ном харуулаад цээжлүүлэх гэхээр амаргүй. Нүдэнд нь дасал болгох зорилгоор зурсан. Бид газрын зургаа зураад аймгуудыг хуваагаад орхисон. Хүүхдүүд өнгө ялгаад будсан. Гэрийн ханан дээр янз бүрийн зүйл эрээчдэг тэд маань орцны ханан дээр зурахдаа дуртай байсан.

-Цаашдаа орцондоо юу хийх төлөвлөгөөтэй байна?

Шатны гишгүүрийн зайд хүүхдүүдэд зориулсан мэдээлэл өгөх зүйл хийх гэж байгаа. Жишээ нь таван давхар шатаар гарлаа гэхэд хэдэн клори шатаасан байна гэх зэрэг. Бид дундаа нэг үйлчлэгчтэй. Хоёроос гурав хоноод цэвэрлэдэг байсан. Одоо бол “Танай орцыг цэвэрлэх дуртай” гэсэн. Хүмүүс сайхан үгс хэлж байгаа.

Харин СӨХ-ны дарга Х.Баттулга ярихдаа:

Манай байр ШУТИС-ийн багш ажилчдын байр. Би энэ байрны СӨХ-г хариуцаад таван сар болж байна. Сууц өмчлөгчдийг холбооноос “Орцоо хэрхэн тохижуулах вэ” гэсэн уралдаан зарласан. Найман орцтой учраас дөрвөн байр шалгаруулъя гэсэн санал гаргасан. Эхний байранд 100 хувь, хоёр 80 хувь, гурав 50 хувь, дөрөв 30 хувь гаргасан төлбөрийг буцаан олгоно. Эхний орцны ажил дууссан. Бид багш, ажилчдынхаа ажлын цаг завыг харж байгаад зургадугаар сарын 10-нд шалгаруулалтаа хийнэ. Энэ орцонд залуу гэр бүлүүд ихэнх нь. Доод тал нь нэгээс хоёр хүүхэдтэй хүмүүс амьдардаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ саналыг сонсоод хүүхэлдэйн киноны баатрууд зурахаар шийдсэн. Мөн хаалганы өнгөтэй ижилхэн бор өнгөөр шатны бариул будсан. Цонхны тавцан бүрт хоёр цэцэг тавьж байгаа. Орц тохижуулах төслийг хувийн хөрөнгөөрөө гаргаад, дээд тал нь 200 мянган төгрөгт багтаах үүрэг өгсөн. Яагаад өөрсдөөс нь гаргасан бэ гэхээр дундын эзэмшлийг өөрийн юм шиг хайрлах хэрэгтэй гэдэг үүднээс. Хүмүүс ихэвчлэн шат, коридорыг СӨХ-ны өмч юм шиг ханддаг. Тохижуулчихаар хүмүүс өөрөөр хараад эхэлж байна. Өөрийн хийсэн зүйлээ хүн муухай болгохыг хүсэхгүй. Нийтийн эзэмшилдээ өөриймсөг сэтгэлээр хандах хэрэгтэй. Тохижилт үйлчилгээнд оролцдоггүй хүмүүс хүний сэтгэлээр хандаад байгаа юм л даа гэв.

Б.НОМИН-ЭРДЭНЭ



Categories
мэдээ нийгэм

Б.Хурц, Д.Цогтбаатар нарын шүүх хурал гурав дахь удаагаа хойшилжээ

Image result for шүүхТЕГ-ын хурандаа Д.Цогтбаатар нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо гүтгэн, нэр төрд халдсан гэж шүүхэд өгсөн билээ. Энэ хурал 2018 оны тавдугаар сарын 2-нд ХУД-ийн шүүхэд болсон ч Б.Хурцын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хурал тодорхойгүй хугацаагаар дахин хойшилсон байна. Өмнө нь 2018 оны гуравдугаар сарын 14-нд болсон шүүх хурал нотлох баримтыг үнэлэх шаардлагатай гэж үзэн хойшилсон бол мөн сарын 28-нд болсон хурлаар Б.Хурцын тал өмгөөлөгч нэмж авах хүсэлт гаргаснаар шүүх хурал дахин хойшилж байжээ. Ингэснээр энэ хэргийн шүүх хурал гурав дахь удаагаа хойшилж байна.

Categories
мэдээ улс-төр

Олон улсын гэрээг соёрхон батлахыг дэмжиж, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулав

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.05.08) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаан 9 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлсэн юм. Байнгын хорооны дарга О.Содбилэг тусгай ажилтай байсан тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил даргалав. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле танилцуулсан юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар дэлхий дахины хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ (ХХААУГНОУГ)-г 2001 онд баталж, 2004 оноос үйлчилж эхэлсэн агаад одоогийн байдлаар дэлхийн 144 орон нэгдээд байгаа аж. Энэхүү гэрээ нь хүнс хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг хадгалах, сургалт, судалгаа, шинэ сорт бүтээх зорилгоор тогтвортой ашиглах, түүнийг ашигласнаас бий болсон ашгийг Биологийн олон янз байдлын конвенцийн зарчимтай уялдуулан шударга, тэгш хуваарилах замаар хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэжээ. өрс, уур амьсгалын өөр өөр бүсэд дасан зохицсон таримал болон тэдгээрийн зэрлэг овог, төрөл зүйлийн генетик нөөцийг хамгаалах, хадгалах, ашиглах, мэдээллийн сан байгуулах ажлыг эрчимжүүлэхэд төрөөс тодорхой бодлогоор дэмжихээс гадна олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг хүртэх боломжийг бүрдүүлж ажиллах зайлшгүй шаардлагатай гэж Засгийн газар үзсэний үндсэн дээр уг асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөн, улмаар гэрээг соёрхон батлуулахаар оруулж ирсэн байна.

Уг гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган халуун, өвчин хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, чанартай хүнс, тэжээлийн шинэ таримал, түүний сортуудыг бий болгох, сайжруулахад дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах, мөн гэрээний дэргэдэх сангаас хөрөнгө, санхүүжилт авах боломж бүрдэнэ. Түүнчлэн ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник, технологийн дэмжлэг авах, боловсон хүчнээ чадавхижуулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэг болон бусад донор байгууллагуудын дэмжлэг хүртэх өргөн боломж нээгдэнэ Засгийн газар үзэж байгаа аж. Хуулийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Энх-Амгалан, Н.Оюундарь, Д.Лүндээжанцан нар салбарын яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Мөн уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, санал хэлсэн гишүүд дэлхий дахинд хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнсний асуудал чухалчлагдаж байгаа ийм үед цөөн хүн амтай манай улсын тухайд бусад улс орны хүнсний ургамлын, тэр дундаа генетик нөөцийг өргөн ашиглах, хилээр оруулж гаргахыг нээлттэй болгох нь зохистой эсэхийг сайн нягтлах, үүний оронд харин өөрийн орны хөрсөнд тарьж ургуулсан, байгаль, цаг ууртаа дасан зохицсон үр, сортоо улам баталгаажуулж хүн амынхаа хүнсний хэрэгцээг бүрэн хангах, түүнчлэн хүн амын удмын санд сөргөөр нөлөөлөхүйц хүнс, ургамлын үр, сортоос сэргийлэхийн тулд олон улсын чанарын шаардлага хангасан лабориторитой болоход салбарын яам онцгой анхаарах нь чухал гэдгийг сануулж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ гэрээ соёрхон батлагдсанаар дэлхий дахины ургамлын гаралтай хүнсний 84 хувийг хангаж байгаа таримал ургамлын 64 төрлийн генетик нөөцийг манай улс гишүүн орны хувьд дэлхийн таримал ургамлын генбанкнаас авч ашиглах замаар өөрийн орны байгаль, цаг уурын онцлогт тохирсон шинэ сорт бий болгох чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг өргөн хүрээтэй хийх, энэ үндсэн дээр хүн амынхаа хүнсний хангамж, тариалангийн нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, дээрх 64 төрлийн таримал ургамлын генетик нөөцөөс шилж сонгон авч селекци хийх замаар өөрийн орны байгаль, цаг уурын онцлогт зохицсон, ган, зарим өвчин, хортонд тэсвэртэй шинэ сорт бий болгох боломж бүрдэнэ, тийм шаардлага ч тулгарч байгаа гэлээ. Мөн Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Генетик нөөцийн секторын эрхлэгч Т.Атарсайхан дэлхийн хэмжээнд эрдэмтэн судлаачдын гуч гаруй жилийн судалгааны үр дүнд таримал ургамлын 70 орчим төрлийн 20500 генетик нөөц бүхий генбанк бүрдсэн байдаг. Энэ гэрээ нь гишүүн орнууд дээрх генетик нөөцийн цуглуулгаас шилж сонгон авч судалгаа, селекцийн эх материал болгон ашиглахад чиглэж байгаа юм гэсэн хариулт өгсөн бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун манай улсын тухайд үр тарианы 26, төмс, хүнсний ногооны 80 гаруй сорт байдаг. Ургац алдсан тохиолдолд итгэмжлэгдсэн лабориториудаар шинжилгээ хийлгэсний үндсэн дээр гаднаас үр, бордоо оруулж ирж хэрэглэдэг. Манай лабориториуд ерөнхий шинжилгээг сайн хийж байгаа, харин нарийвчилсан шинжилгээнд хүрэлцээ, чадамж, чанарын баталгаа хангалттай бус гэдгийг хэлж байв.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуулийн төслийг соёрхон батлуулахаар тогтов.

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив. Засгийн газраас өнгөрсөн сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн тул уг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулан байгуулахаар зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар боллоо.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах гишүүдийн нэрсийг тодорхой болгосны дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг маргаашийн хуралдаанаар хийхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

УЛААНБААТАР ХОТ: Оройдоо эрс сэрүүснэ

Оройдоо эрс сэрүүснэ зурган илэрцүүд

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Маргааш оройдоо ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойш эргэж секундэд 6-11 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан, оройдоо эрс сэрүүснэ.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар, өдөртөө солигдмол үүлтэй, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Өвөрхангай, Төв аймгийн нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Арц-Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 9-14 хэм, өдөртөө Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

ОУВС-ГИЙН АЖЛЫН ХЭСЭГ МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дөрөв дэх шатны үнэлгээг хийх ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж эхлээд байна. Ажлын хэсэг тавдугаар сарын 2-14-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тайлан мэдээлэл, тоон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, Засгийн газар, Монголбанкны албаны хүмүүстэй уулзалт хийж байна. ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу тус сангаас хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутамд үнэлгээ хийж, дараа дараагийн шатны санхүүжилтийг олгодог. Хамгийн сүүлд гурав дахь шатны үнэлгээний дараа тус сангийн зүгээс манай улсад хэрэгжиж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай, үр дүнтэй хэрэгжиж байгааг дүгнээд ээлжит удаагийн 30.55 сая ам.долларын санхүүжилтийг баталсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдлыг хэлэлцлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.05.08/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг удирдаж, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Б.Ундармаа, Н.Оюундарь, Б.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Бямбадорж болон холбогдох яамд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцлоо. Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал сэдвээр илтгэл тавьсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал, доктор Л.Насанцэнгэл монгол эрчүүдэд гол төлөв архаг ядаргаа, органик бус нойргүйдэл, архинд донтох эмгэг, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал ихээхэн тохиолдож байгааг онцолсон бол эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагааны талаар илтгэсэн анагаах ухааны доктор Э.Одхүү монгол эрчүүдийн 7.5 хувь нь үргүйдэлтэй байна гээд, түүнд тамхи, архины хэрэглээ, химийн хорт нэгдэл, бэлгийн замын халдарт өвчин ихээхэн нөлөөлж байна гэлээ. Илтгэгчдийн мэдээллээс үзэхэд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.1 байгаа бол эрэгтэйчүүдийнх 65.5 байгаа нь дэлхийн дундажаас 2.5 дахин их зөрүүтэй байгаа аж. Монгол Улсад жилд дундажаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд шалтгаанаар нь ангилбал 33.1 хувийг зүрх судасны тогтолцооны өвчин, 25.6 хувийг хавдрын шалтгаан эзэлсэн байна. Түүнчлэн 20-45 насны эрэгтэйчүүдийн 80 хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй гэсэн судалгаа гарчээ.
Ийнхүү өрх гэрийн ноён нуруу, улс орны сүр хүч болсон эрчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдлыг тал талаас нь ярилцаж, цаашид жендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлттэй үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.