Categories
мэдээ нийгэм

1700 сурагч ‘’Миний нутаг’’ шүлгийг уншив

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч, хөгжсөний 93 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. Иймд Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн 1700 сурагч хүүхдийн байгууллагыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн ‘’Миний нутаг’’ шүлгийг нэгэн дуугаар уншиж хүндэтгэл үзүүллээ.

Баянзүрх дүүрэг энэ жилийг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн хэмжээнд анх удаа уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Арга хэмжээнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа, 97 дугаар сургуулийн захирал Д.Эрдэнэцог болон хүүхэд, багачууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд баяр хүргэсэн захидал илгээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орж буйтай нь холбогдуулан баяр хүргэж захидал илгээлээ.

ЗАХИДАЛД:

“Эрхэм хүндэт Владимир Владимирович,

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орж буйтай холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэе.

Та Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Оросын ард түмнээс Танд үзүүлсэн өндөр итгэлийг дааж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргахын зэрэгцээ Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажилагаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна.

Аугаа эх орны дайны хүнд он жилүүдийг манай хоёр ард түмэн хамтран туулж ирсэн түүхтэй билээ. Удахгүй болох Их Ялалтын 73 жилийн ойг тохиолдуулан Танд болон Оросын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлье.

Энэхүү завшааныг ашиглан, Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт, Оросын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлийг хүсье.

Гүнээ хүндэтгэсэн,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Би хариуцлагатай аав, ээж” зөвөлгөөн боллоо

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ойн хүрээнд хүүхдийн төлөө байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн удирдлагууд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Мөн нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Би хариуцлагатай аав, ээж” нийслэлийн зөвлөгөөнийг Монголын Хүүхдийн ордонд зохион байгууллаа. Зөвлөгөөний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.

Зөвлөгөөнөөр хүүхдийн хүмүүжил төлөвшил, гэр бүлийн эерэг харилцаа, хүмүүжлийн эерэг арга хэлбэрийг олон нийтэд танилцуулан хүүхдийн төлөө хүн бүр хариуцлагатай байхыг уриалах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хот хүүхдийн байгууллагын тэгш ойг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь “Би хариуцлагатай аав, ээж” зөвлөгөөн юм. Түүнчлэн нийслэлийн удирдлагын зүгээс хүүхдийн асуудалд онцгойлон анхаарч ажиллана. Миний бие Улаанбаатар хотын хүүхдийн төлөө зөвлөлийг удирдан ажилладаг. Энэ зөвлөл ээлжит хурлаа хийж тодорхой асуудлууд дээр шийдвэр гарган ажиллаж байна. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулсан үүрэн телефоны комданиудын антенуудыг буулгаж, хэт долгионоос хүүхдүүдээ хамгаалах, шаардлага хангахгүй байгаа цахим тоглоомын газруудыг цэгцэлж, хяналтыг сайжруулах үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст өгсөн. Хүүхдээ сонсох өдөртэй болж, хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих хөтөлбөрийг НИТХ-аар батлуулан хэрэгжүүллээ. Түүнчлэн хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийг эрчимжүүлэн ажиллаж байгааг та бүхэнд хэлэхэд таатай байна. Улаанбаатар хот хүүхдийн хүчирхийлэлгүй хот байхын төлөө бүхий л шатанд чармайн ажиллана” хэмээн онцолж байв.

Зөвлөгөөний үеэр Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг “Гэр бүлийн чанартай цаг”, ОУ-ын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоо”, МУБИС-ийн Нийгмийн ажил, аргазүйн тэнхмийн ахлах багш М.Нямдорж “Гэр бүл дэх хүүхэд хамгаалал” сэдвээр илтгэл тавив. Үүний дараа хэлэлцүүлэг өрнүүлж, уриалгаа гаргах юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Суралцагчаас төлбөр, хураамж, хандив авахыг хориглоно

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Нийслэлийн Боловсролын газар болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт 2017-2018 оны хичээлийн жилийн үлдэж буй хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, өгөөжийг сайжруулах, ойрын хугацаанд анхаарах зарим асуудлын талаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд чиглэл хүргүүлсэн билээ. Үүнд, төгсөлтийн үйл ажиллагааг эцэг, эх асран хамгаалагч, багш нартаа суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах, боловсролын баримт бичиг гардуулах ёслол болгон тэмдэглэн өнгөрүүлэх, ой хээрийн түймэр болон аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын албан даалгавар гаргаж, дараах зүйлсийг тусган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон.

  1. Суралцагчаас хуульд заагаагүй аливаа төлбөр, хураамж, хандив авахыг хориглох
  2. Анги дэвших болон улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор хичээл заадаг багш тухайн ордог хичээлээрээ суралцагчдад төлбөртэй давтлага өгөх, ном, гарын авлага, материал худалдан авахыг шаардах, шахахыг хориглох
  3. Сурагчдын зөвлөл, эцэг, эхийн зөвлөлийн үүсгэл санаачилга нэрээр мөнгө татаж, багшид бэлэг өгөх, эцэг, эхэд санхүүгийн дарамт учруулахыг таслан зогсоох
  4. Хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад амралт, зугаалга зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглох гэх мэт чиглэлийг ханган ажиллахыг даалгасан байна.

Түүнчлэн 2017-2018 оны хичээлийн жилд БСШУСЯ-наас дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд нарийвчлан гаргаж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ирэх хичээлийн жилд дэвшүүлэх зорилтын төслийг боловсруулах, анги дэвших, төгсөх болон элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтыг хангаж, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, багш нарт үнэн зөв мэдээлэл хүргэж, иргэдийг төөрөгдүүлсэн аливаа худал мэдээллээс урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгаа явуулах чиглэлээр орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, кибер аюулгүй байдлыг хангахад анхаарах чиглэл өгсөн.

Мөн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэлийг иргэдэд чирэгдэл, хүндрэлгүй зохион байгуулж, хүүхэд нь нэгдүгээр ангид элсэн орж буй эцэг, эх, асран хамгаалагчдад нээлттэй мэдээлэл өгөх, зөвлөмж, сургалт зохион байгуулахыг даалгалаа. Үүнээс гадна, “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан зөвлөмжийн нутгийн захиргааны байгууллагад хамаарах хэсгийн хэрэгжилтийг хангахад санаачилгатай ажиллаж, тус яамнаас шинээр батлагдсан дүрэм, журмыг сургууль, багш нарт хүргэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангаж ажиллахад анхаарах чиглэл өглөө. Улмаар ерөнхий боловсролын сургуулийн анги танхим, ариун цэврийн байгууламж, гадна талбайн засвар, үйлчилгээг энэ оны зургадугаар сарын 18-ны дотор дуусгахаар зохион байгуулах, боловсролын байгууллагын ногоон байгууламж, орчны тохижилт, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болгосон юм.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн улсын шалгалтын хуваарь гарлаа

Ерөнхий боловсролын дунд сургуулийн V, IX, XII ангийн сурагчдаас авах улсын шалгалтын хуваарь гарлаа. Улсын шалгалт энэ сарын 28-нд тавдугаар ангийн монгол хэлний шалгалтаар эхэлнэ. Математик, монгол хэл, байгалийн ухаан, гадаад хэл, сонгосон хичээлээр авах улсын шалгалт зургаадугаар сарын 8 хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Мөнгөний бодлогын хорооны шинэ гишүүдтэй уулзлаа

Нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 273 дугаар зүйлээр Мөнгөний бодлогын хороо байгуулах тухай зохицуулалтыг тусгасан ба үүгээр Мөнгөний бодлогын шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч давуу эрхтэйгээр гаргадаг байсныг өөрчилж, олон улсын жишгийн дагуу хамтын удирдлагын зарчимд шилжүүлснээр гишүүдийн оролцоо жигд хангагдахаар болж байна.

Хуульд зааснаар Мөнгөний бодлогын хороо долоон гишүүнтэй байх бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэнэ.

Мөнгөний бодлогын хороо нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэж байх ба жилд дөрвөөс доошгүй удаа хуралдана. Монголбанкны Ерөнхийлөгч, эсхүл хорооны гурваас доошгүй гишүүн санал гаргасан бол ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж байх юм. Мөн Мөнгөний бодлогын хорооны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулж байхаар хуульд зохицуулжээ.

Чулуундоржийн Хашчулуун /Эдийн засгийн ухааны доктор/

Боловсрол:

1984-1989 | ЗХУ-ын Москвагийн Улсын Их Сургууль, улс төрийн эдийн засагч, багш,

1992-1994 | Япон улсын Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль, аспирантурын бэлтгэл,

1994-1996 | Япон улсын Йокохама хотын Их Сургууль, эдийн засгийн магистр,

1996-2003 | Япон улсын Токиогийн Кейо Их Сургууль, эдийн засгийн ухааны доктор

Ажлын туршлага

1989-1992 | МУИС-ийн Эдийн засгийн факультетын эдийн засгийн онолын тэнхимд багш,

1998-2000 | Монгол улсын Засгийн газар, Японы ЖАЙКА-аас хамтран хэрэгжүүлж байсан “Монгол улсын дунд хугацааны хөгжлийн стратеги болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн зөвлөх,

2003-2004 | МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд эрдэм шинжилгээ хариуцсан орлогч захирал,

2004 | МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн захирал,

2006 | Монголбанкны Захирлуудын зөвлөлийн орон тооны бус гишүүн,

2008 | Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга,

2011 | Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн орон тооны бус гишүүн

Цэрэндоржийн Батсүх /Эдийн засгийн ухааны доктор/

Боловсрол:

1987-1992 | МУИС-ийн Математикийн факультет – математикч /бакалавр/

1996-1998 | МУИС-ийн Аспирантур – Эдийн засгийн ухааны доктор

Ажлын туршлага

1992 | ШУА-ын Математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан

1995 | МУИС-ийн ЭЗС-ийн мэдээлэлзүйн тэнхимд багш

1996 | МУЗГХЭГ-ын Гадаад зээл тусламжийг зохицуулах албанд мэргэжилтэн

1998 | ГХЯ-ны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтин

1998 | СЭЗДС-ийн Математик, мэдээлэлзүйн тэнхимд багш

2000| Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Экономиксийн тэнхимийн эрхлэгч, профессор

Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр /Эдийн засгийн ухааны магистр/

Боловсрол

1997-2001 | Улаанбаатар, Монгол Улс, МУИС-ийн Эдийн засгийн сургууль – Эдийн засгийн ухааны бакалавр

2005-2006 | Токио, Япон – Үндэсний бодлого, судлалын институт /GRIPS/ – төрийн удирдлагын магистр

2013-2017 | Канберра, Австрали – Австралийн Үндэсний Их Сургууль, Бизнес Эдийн засгийн коллеж, Санхүүгийн Магистр

Ажлын Туршлага:

2001-2017 | Сангийн яам, ЗГ-ын холимог зээллэг хариуцсан мэргэжилтэн, ЗГҮЦ буюу дотоодын өрийн удирдлага хариуцсан мэргэжилтэн, Төрийн сангийн удирдлага хариуцсан мэргэжилтэн, Төсвийн бодлогын газар, Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн

2006-2016 | Монголбанкны төлбөрийн тэнцлийн статистик, судалгааны хэлтсийн ахлах эдийн засагч, төлбөрийн тэнцлийн статистик, судалгааны хэлтсийн захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, Судалгаа, статистикийн газрын захирал

2016/09 | Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн

2016/09 | УИХ-ын даргын эдийн засгийн зөвлөх

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж:Нууц гээд УИХ-д үзүүлдэггүй материалуудыг нэг сэтгүүлчээр дамжуулан мэдээллийн хэрэгслээр гаргаж байна

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.08) хуралдаан 10 цаг 10 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан нар санал хэллээ. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй байдаг. Тус дэд хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, зарим гишүүний гаргасан тодорхой саналыг хүлээн авч Байнгын хороо Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргээ гүйцэтгэх шаардлагатай гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар хэллээ. Мөн хуулийн хүрээнд явуулсан үйл ажиллагаанд үндэслэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдаж, удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж байгаа асуудлыг Хууль зүйн байнгын хороо анхааралдаа авах нь зүйтэй гэв. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрх нь зөрчигдөж буй талаар өргөдөл ирүүлэх ёстой гэдгийг сануулаад нэр бүхий гишүүдийн гаргасан саналын дагуу Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлтийг гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд нарыг ажиллуулахаар байгуулсан. Тус ажлын хэсэг ажиллаж байгаа талаар тайлбар өглөө.

Өнөөдрийн хуралдаанаар 2018 оны тавдугаар сарын 03-ны өдрийн Е/08 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг хэлэлцэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар санал хэлэв. Тэрбээр “Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулахтай холбоотой тодорхой зохицуулалт бий. Эдгээр албан тушаалтнууд нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхээр тогтоогдвол албан тушаалаас огцруулах зохицуулалттай. Харин Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараах гурван тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр хуульд заасан байгаа. Нэгдүгээрт, өөрөө хүсэлт гаргасан бол, хоёрдугаарт, биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд. Гуравдугаарт, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд гэж заасан. Одоогоор Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нар өөрсдөө хүсэлт гаргаагүй байна. Эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байгаа гэж ойлгож байна. Түүнчлэн эдгээр албан тушаалтнуудын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа юм. Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор дээрх албан тушаалтнуудыг томилох эсэх асуудлыг хэлэлцээд Авилгын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно” гэж заасныг үндэслэн шийдвэрээ гаргасан. Үүнийг холбогдох баримтаас харж болно. Зарим тайлбарт дурдагдаад байгаа шиг дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалт буюу нөхөн томилогдсон албан тушаалтны бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ гэдэг заалтыг үндэслээгүй. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийг зургаан жилийн хугацаатайгаа томилсон Улсын Их Хурлын шийдвэр тухайн үедээ гарсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1.2-т “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…” хэмээн заасан байдаг. Иймд дээрх албан тушаалтнуудын бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх хууль зүйн боломжгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал нь Авилгын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “…Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно…” гэж заасантай зөрчилдөж байгаа. Үүнээс улбаалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн уг санал Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 70.1-т “…Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино…” гэснийг зөрчсөн байж болзошгүй. Ийм нөхцөлд Хууль зүйн байнгын хороо уг саналыг хэлэлцэх, тодорхой санал, дүгнэлт гаргавал Улсын Их Хурал өөрөө Монгол Улсын Үндсэн хууль тэргүүтэй холбогдох хуулиудыг зөрчих болно. Иймээс өнөөдрийн хуралдаанаар Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна” гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хууль зүйн хувьд Улсын Их Хурал авч хэлэлцэх үндэслэлгүй хэмээн тайлбарлаад хууль зөрчсөн, агуулгын зөрчилтэй уг саналыг хэлэлцэхгүй байх горимын санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайханы гаргасан горимын саналаар санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон 15 гишүүний 80 хувь нь дэмжсэн.

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР НЬ БАТЛУУЛАХЫГ ДЭМЖИВ

Ингээд хэлэлцэх асуудлаа баталснаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан юм. Уг горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 93.3 хувийн саналаар дэмжиж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


УИХ-ААС АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлт гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хүсэлт танилцууллаа. Байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор дээрх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлийн холбогдох шийдвэрийг судалсан байна. Тус шийдвэрт эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг олон улсын ажиглагчдыг оролцуулан нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар Олон Улсын Парламентын Холбоонд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрийг хуулбарлан авах, холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг хөндсөн аж. Эдгээр асуудал нь хяналт, шалгалтын чиглэлээр Байнгын хорооноос байгуулагддаг ажлын хэсгийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн. Түүнчлэн Олон Улсын Парламентын Холбооноос ирүүлсэн бичигт парламентынхаа дэргэд “Парламентын мөрдөн шалгах түр хороо” байгуулах асуудлыг тусгасан бөгөөд энэ тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөнө. Иймд дээрх чиглэлээр судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлаас байгуулах, эсхүл уг асуудлаар Улсын Их Хурлын дэргэд түр хороо байгуулан ажиллуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн болохыг Х.Нямбаатар гишүүн танилцуулав.


Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Байнгын хорооны хуралдаанаа хаалттай горимд шилжүүлэх юм уу, эсвэл С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн шүүх хурлын шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцох, нөхцөл байдалтай танилцах, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх уулзалтыг Байнгын хорооны түвшинд хийх шаардлага үүсээд байна. “Нууц” гээд парламентад үзүүлдэггүй материалуудыг нэг сэтгүүлчээр дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж тавьж байна. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдаж байна, заналхийлж байна, дээрх хэргийн өмгөөлөгч нь үг дуугарч чаддаггүй, яллагч нь “нууц” гээд байсан материалуудаа хэвлэлийн байгууллагад дэлгээд нэг талын тайлбар хийгээд сууж байна. Үндсэн хуулийн шүүхийн тогтолцоо нурж байгаагийн илрэл гэж би хувьдаа харж байна. Хууль хяналтын байгууллагатай Улсын Их Хурлыг төлөөлөн харилцдаг ганц Байнгын хорооны хувьд, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаатай холбоотой асуудал ноцтой хөндөгдөөд байгаа нөхцөлд Хууль зүйн байнгын хороо нөхцөл байдлыг тодруулж, байр сууриа нэгтгэн, төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүний хувиар төдийгүй Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар хэлье” гэлээ. Ингээд хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцээд эхний удаад уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн санал солилцох уулзалтыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлээд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарцын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хийгдэх авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарцын борооны ус зайлуулах шугам, худаг угсрах ажил хийнэ. Тиймээс 2018 оны тавдугаар сарын 8-ны 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цаг хүртэл нүхэн гарцын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар боллоо. Эрхэм авто зам хэрэглэгч Та бүхэн дээрх хугацаанд өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу. Тус ажлын гүйцэтгэгчээр Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ ажиллах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сувилагч Х.Болормаа: Нэг сувилагч 2-3 хүний ажлыг хийдэг ч цалин бага

Монголын эрүүл мэндийн салбарын ажилчид УДЭТ-ын өмнөх талбайд жагсаал хийлээ.Өнгөрсөн дөрөвдүгээр сард тэд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөрийн яаманд мэдэгдэл хүргүүлж, цалингаа нэмүүлэхийг шаардсан. Гэвч эдорвитой хариу ирээгүй гэж үйлдвэрчний эвлэлийн холбоо үзэж байна.

Хөдөө орон нутаг 21 аймаг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүрэг, нийслэлийг төлөөлсөн 5000 гаруй эмнэлгийн байгууллагын ажилчид цугласан гэж зохион байгуулагчид ярив. Нутаг нутгаараа, дүүрэг дүүргээрээ, ӨЭМТ-үүдээрээ эгнээ болон зогсож, зохион байгуулалт сайтай тайван жагсаал боллоо.

Жагсаалыг нээж Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар хэлэхдээ:

-Монголын эрүүл мэндийн салбарынхан ямар хүчтэй, яаж эвлэлдэн нэгдэж чаддаг вэ гэдгээ харуулах цаг ирлээ. Бидний өмнөх тавьсан шаардлагын хариуг одоо болтол өгсөнгүй. Арга заль хэрэглэж явсаар өдийг хүрлээ. Бид цөхөрч байна. Яагаад бид энэ талбайг сонгосон бэ гэвэл өмнө нь бид Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах хүсэлт гаргаж байсан. Тэр өдөр нь өөр жагсаалтай гээд бидэнд ялалтын талбайн хэсэгхэн газар олгосон. Гэвч тэр өдөр нь талбай дээр ямар ч арга хэмжээ болоогүй. Бид үгээ хэлээд, аргаа бараад төрийн ордонг тойрч алхаад тарж байсан. Өнөөдөр бид төрийн түшээдийн өөдөөс харж зогсоод жагсаалаа албан ёсоор эхлүүлж байна. Гэхдээ бид энд үгээ хэлэхгүй. Эрүүл мэндийн яамны үүдэнд очиж хэлнэ. Тэр хүртэл бүгд машины араас дөрвөн эгнээ болон алхаж явна. Бидэнтэй цагдаагийн байгууллага хамтран ажиллаж байгаа. Зам хааж биднийг гаргаж өгөхөд тус болно. Эрүүл мэндийн салбарынхан ямар хүчтэй, ямар эвтэй, эвлэлдэн нэгдэж чаддаг гэдгийг дахин сануулъя гэв.

Түүнийг үг хэлэх үеэр жагсагчид уухайлан түрж байлаа. Ингээд бүгд эгнээ барин, Эрүүл мэндийн яамны зүг алхсан юм. Энэ үеэр Нийслэлийн өргөө амаржих газрын сувилагч Х.Болормаагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Та аль байгууллагыг төлөөлж жагсаалд оролцож байгаа вэ?

-Би Нийслэлийн өргөө ажиржих газар 13 жил, эрүүл мэндийн салбарт 25 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд бэрхшээл их тулгарч байсан. Одоогийн нөхцөлд ажиллахад үнэхээр хүнд. Нэг сувилагч 2-3 хүний ажлыг зэрэг хийдэг. Ачаалал ихтэй, хүний нөөц хомс байна.

-Ажиллах орчин нөхцөл хэр вэ?

-Бид өнөөг хүртэл дуугүй явсаар үнэхээр цөхөрч байна. Одоо бол бид дуу хоолойгоо нэгтгэх цаг болсон. Бидний ихэнх нь банкны зээлтэй, байрны лизингтэй байгаа. Тэгээд авч байгаа цалин нь хаанаа ч хүрдэггүй. Ажлын ачаалал их, орон тооны хүрэлцээ багатай нөхцөлд ажилладаг.

-Цалин хэдийг авдаг вэ, хэдэн хувиар нэмэхийг шаардав?

-Одоо миний үндсэн цалин 490 мянган төгрөг. Үүнээс суутгагдаад гар дээр 340-360 мянган төгрөг авдаг. Энэ нь амьдралд хүрэлцээ багатай. Цалингаас цалингийн хооронд өр тавьж амьдарч байна. 50-иас дутуугүй хувиар нэмүүлэх шаардлага тавьсан. Ер нь бол эрүүл мэндийн салбарынхныг төр засгаас харж үзэх цаг болсон гэж бодож байна гэв.

Эмч, сувилагч, асрагч нар оролцсон уг жагсаал УДЭТ-ын өмнөх талбайг нар зөв тойрч Эрүүл мэндийн яамыг чиглэлээ. Энэ үеэр жагсаалыг зохион байгуулах хорооны гишүүн Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн дэд дарга Ч.Нарантуяатай ярилцлаа:

-Эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардан жагсаал хийхэд дагаад сувилагч нарын цалинг нэмсэн үү?

-Ер нь бол улс орны эдийн засгийн байдал хүнд гэдэг шалтгаанаар 2014 оноос хойш цалин нэмээгүй. Оны өмнө гал унтраах маягаар төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг тараасан. Тэр нь яг 300 мянгаараа ирээгүй. Суутгалууд хийж явсаар яг гар дээр хоёр зуу гаран мянган төгрөг л ирсэн. Энэ бол цалин нэмсэн хэрэг биш нэг удаагийн мөнгөн тэтгэмж маягаар өгсөн. Эрүүл мэндийн салбарын хүмүүс зүрх сэтгэлээрээ л ажиллаж байгаа даа.

-Өмнө нь өгсөн шаардлагын хариу ирсэн үү?

-Ирэх нь ирсэн. Гэхдээ цаг хугацаа хожих гэсэн, өдөр хоног зогоосон, арга саам хийсэн тодорхой бус хариу ирсэн. 2014 оноос хойш иймэрхүү хариу ирүүлсээр өдийг хүрлээ. Дөрвөн жил цалин нэмсэнгүй.

-Өмнө нь олон улсын сувилагч нарын өдрөөр дорвитой хариу өгөхгүй бол ажил хаяна гэж байсан. Гэтэл яагаад өнөөдөр жагсаал хийх болов?

-Тавдугаар сарын 12 олон улсын сувилагч нарын эрхийг хамгаалах өдөр байдаг. Ажил хаях мэдэгдэл авсан байгууллагууд яг энэ өдөр том том арга хэмжээ зохион байгуулдаг учир тухайн өдөр боломжгүй болсон. Тиймээс өнөөдрийг сонгон авч давхардуулахгүй гэдэг үүднээс жагсаж байгаа. Энэ жагсаалын хариуг ажлын гурван хоногт багтаан тавдугаар сарын 11-ний дотор авахыг шаардсан. Хэрэв 11-нд хариу ирэхгүй бол дараагийн шатны тэмцлийн арга хэмжээг авна гэдэг шийдвэрийг гүйцэтгэх зөвлөлийн хурлаар гаргалаа.

-Энд хичнээн эмнэлгийн байгууллагын ажилчид цугласан бэ?

-21 аймаг, аймгийн төвүүдээс алслагдсан сумдын эмнэлгүүд, есөн дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажилчид ирсэн. 70-80-аад эмнэлгийн төлөөлөл, нийт 5000 гаруй хүн цугласан байгаа.

-Жагсаалаа хэзээнээс хийхээр төлөвлөв, зөвшөөрлөө хаанаас авсан бэ?

-Бид дөрөвдүгээр сарын 30-нд салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн зургаадугаар их хуралдаанаа хийсэн. Энэ хуралдаанаас өмнөх тавьсан шаардлагын хариу биднийг үл хүндэтгэсэн, тавьсан шаардлагад нийцэхгүй хариу ирүүлжээ гэж үзсэн. Тиймээс энэ үл хүндэтгэсэн байдлыг таслан зогсооё, шийдвэртэй хариу авмаар байна гэсэн шийдвэр гаргасан. Түүнээс хойш бэлтгэлээ хангаж байгаад жагсаалаа хийлээ. Жагсаал хийхэд мэдээж зөвшөөрөл авна. Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Засаг даргаас зөвшөөрлөө авсан.

-Энэ гурав хоногт шаардлагын хариу ирэхгүй бол ажил хэзээнээс хаях вэ? Тодорхой хугацаа заасан уу?

-Ажил хаялт хуулийн хугацаатай байдаг. Гэхдээ төр засаг шийдвэр гаргахгүй биднийг үл ойшоож байгаа учир хугацаа алдалгүй даруй эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. 11-нд ямар хариу ирэхээс шалтгаалж, нааштай хариу ирээгүй тохиолдолд ажил хаялтыг шууд эхлүүлнэ. Төр засаг хэлэлцээрийн ширээнд сууж, олон мянган хүний эрх ашиг хөндөгдсөн энэ асуудлыг нааштайгаар шийдээсэй гэж хүсэж байна.

-Сувилагч нар Солонгос руу гурван сарын визээр их гарах болсон гэж байсан. Тэр урсгал шаардлага тавьснаас хойш багассан уу?

-Бүр нэмэгдэж байна. Одоо бүр Солонгост байгаа хүмүүсээс ч энэ жагсаалыг дэмжсэн захидал бичиг ирж байгаа. Ээлжийн амралтаараа яваад ирье гэсэн хүн зургаан сард авдаг цалингаа нэг сарын дотор авч байна. Тиймээс цалин, цалингийн үнэлэмжийг нэмэхгүй бол энэ урсгал хэзээ ч багасахгүй.

-Гурван сарын визээр гадаадад гарсан эмч сувилагч нар “харлаж” үлдэх тохиолдол бий юу?

-Хүний амьдрал юм чинь амьдралаа өнгөтэй өөдтэй авч явахын тулд тэнд үлдэх нь их болсон. Хүүхдийн сургалтын төлбөр, байрны лизинг, банкны зээл гээд бүх л хүн асуудалтай байгаа гэлээ.

Жагсаал цааш үргэлжилж эрүүл мэндийн яамыг чиглэсэн. Эрүүл мэндийн салбарын ажилчид бүгд нэг дуугаар шаардлагаа уншиж, замын цагдаа нар зам хааж өгч байв.

С.ОТГОНБАЯР


Categories
гадаад мэдээ

Сирид ОХУ-ын “Ка-52” нисдэг тэрэг сүйрчээ

ru

Сирийн нутаг дэвсгэрт ОХУ-ын “Ка-52” нисдэг тэрэг сүйрч, хоёр нисгэгч нь амиа алджээ. Энэ талаар өнгөрсөн даваа гаригт ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас сэтгүүлчдэд мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Мэдээлэлд, “ОХУ-ын “Ка-52” нисдэг тэрэг Арабын бүгд найрамдах Сири улсын зүүн бүсэд төлөвлөсөн нислэг хийх үедээ сүйрч, хоёр нисгэгчийн амь үрэгдлээ гэж бичжээ. Эрэн хайх, аврах баг нисгэгчдийн цогцсыг Оросын цэргийн баазын нисэх буудалд хүргэж өгсөн байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Урьдчилсан мэдээллээр нисдэг тэрэг сүйрсэн шалтгаан нь техникийн доголдолтой холбоотой байж болзошгүй” гэж мэдээлжээ.

Тавдугаар сарын 3-ны өдөр “ОХУ-ын Су-30СМ” сөнөөгч онгоц Хмеймимийн нисэх буудлаас хөөрч, Газар дундын тэнгис дээгүүр нисч байх үедээ сүйрч, хоёр нисгэгч нь амиа алдсан билээ. Тус улсын Батлан хамгаалах яамнаас “Ослын шалтгаан нь онгоцны хөдөлгүүрт шувуу орсон байж болзошгүй. Онгоцонд гал гарах ямар ч нөхцөл байхгүй” гэж мэдээлжээ. Энэ нь ОХУ-ын цэргийн нисэх хүчний түүхэнд “Су-30СМ” сөнөөгч онгоц сүйрсэн анхны тохиолдол болсон байна.