Categories
мэдээ нийгэм

Япон, Хятад болон Өмнөд Солонгосын удирдагчид гурван талын хэлэлцээ хийв

Япон, Хятад болон Өмнөд Солонгосын удирдагчид Токио хотноо уулзаж, хэлэлцээ хийсэн тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өнөө өглөө Токио хотноо 2015 оноос хойшхи тус гурван улс хоорондын анхны уулзалтыг хийсэн байна.

Ли Көцян нь сүүлийн долоон жилийн хугацаанд Японд хөл тавьж буй Хятадын анхны ерөнхий сайд бол Мүн Жэ Ин нь сүүлийн 6.5 жилийн хугацаанд Японд айлчилж буй Өмнөд Солонгосын анхны удирдагч юм.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун саяхан Хятад улсад хоёр дахь айлчлалаа хийсниийг гурван талын хэлэлцээний эхэнд Ш.Абэ дурдаад “Умард Солонгосыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс нь эргэлт буцалтгүйгээр бүрэн татгалзуулах боломж бидэнд байна” гэжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Цөмийн зэвсгээсээ татгалзах дорвитой үйлдэл хийхийг Умард Солонгосоос шаардахын тулд Япон, Хятад болон Өмнөд Солонгос олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах хэрэгтэй. Мөн олон арван жилийн өмнө Умард Солонгосын тагнуулчдад хулгайлагдсан Японы иргэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд улс орнууд хамтран ажиллах хэрэгтэй ” гэсэн байна.

Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Солонгосын хойг болоод Зүүн Хойд Азид энх тайван байдлыг цогцлооход Япон болон Хятадын дэмжлэг туслалцаа маш чухал” гэж онцлон тэмдэглэсэн бол Хятад улсын Ерөнхий сайд Ли Көцян “Дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахын тулд бүс нутгийн энх тайван болоод тогтвортой байдлыг хангаж, сахин хамгаалахын төлөө манай гурван улс илүү нягт хамтран ажиллах нь зүйтэй” гэжээ.

Гурван улсын удирдагчид мөн эдийн засгийн асуудлаар хамтран ажиллах арга замуудыг авч хэлэлцжээ.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга “Спорт ба эрүүл монгол үндэстэн” хэлэлцүүлгийг нээж үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Спорт ба эрүүл монгол үндэстэн” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Д.Үүрийнтуяа болон биеийн тамир, спортын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, тамирчин, дасгалжуулагч, иргэдийн төлөөлөгчид оролцов.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж:

Та бүхэнд өглөөний мэнд хүргэе.

Монгол Улс анх удаагаа спортоор хичээллэдэг, гавьяат тамирчин, улсын шигшээ багт байсан Ерөнхийлөгчтэй болсон. Тэгэхээр “Спорт ба эрүүл монгол үндэстэн” сэдэв нь танин мэдүүлж, ойлгуулах хэмжээний хэцүү сэдэв биш. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа үед биеийн тамир спортын холбоод бусад хороод хэрхэн надтай хамтран ажиллах вэ гэдэг нь л өнөөдрийн гол сэдэв байх болно.

Би 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөртөө спорттой холбоотой хэд, хэдэн зүйл тусгасан байдаг юм. Та бүхэнд танилцуулъя.

Миний мөрийн хөтөлбөрт:

  • Монгол хүний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг Монгол төрийн бодлогын үндсэн цөмд байлгах зарчим баримтална…. хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл чийрэг бие бялдартай болгон хөгжүүлэх бодлогод онцгой анхаарч ажиллах.
  • Нийтийн биеийн тамир, спортын дэд бүтцийг сайжруулан, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний спортын өв соёл болон спортын анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эх орныхоо нэрийг өндөрт өргөн амжилт гаргасан баг, тамирчдаа тогтвортой бодлогоор урамшуулан дэмжих төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын төлөө ажиллах талаар тодорхой заалтууд оруулсан байгаа.

Эдгээр зорилтоо амьдралд хэрэгжүүлэхэд минь өнөөдрийн зохион байгуулж байгаа хэлэлцүүлгээс гарах санал, дүгнэлт ихээхэн тус болно гэж би үзэж байна.

Үе үеийн Ерөнхийлөгчид 2002-2015 оны хооронд биеийн тамир, спортын чиглэлээр таван зарлиг гаргасан байдаг юм байна. Тухайлбал:

  • 2002 онд – “Үндэсний сурын харвааг хөгжүүлэх тухай”
  • 2010 онд “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай”
  • 2012 онд “Тамирчдын олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр олгох мөнгөн урамшуулал”-ын тухай. Энэ зарлиг олон хүнд урам өгсөн бас шүүмжлэл дагуулдаг.
  • 2014 онд “Өвлийн спортыг хөгжүүлэх тухай”
  • 2015 онд “Багийн спортыг хөгжүүлэх тухай” зарлиг тус тус гаргасан байдаг юм байна.

Евразийн дунд оршдог, хүн ам цөөтэй манай улс тив, дэлхий олимпод чамгүй амжилт гаргаж байгаа. Энэ нь өөрөө бидэнд эх оронч үзэл, Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлах том салбар. Бид энэ салбараа орхигдуулж болохгүй. Гэвч төсөв, мөнгөндөө баригдаад, аль ч спортын төсвийн асуудал л яригдаад байдаг. Гэвч, спортын төрийн бус байгууллагуудыг толгойлж байгаа ерөнхийлөгч нар идэвхтэй ажиллах хэрэгтэй. Тэр хүмүүс идэвхтэй байхын тулд нэгдүгээрт холбоогоо маш сайн мэддэг байх ёстой. Холбоогоо мэдэхгүй, мөнгөтэй хүнийг холбооныхоо ерөнхийлөгчөөр сонгочихвол мэдлэггүйгээс болоод тэр салбарын хөгжилд нэмэр болдоггүй юм шүү. Холбоод хурлаа хийхдээ зарчимтай, эвлэлдэн нэгдээд энэ сэдвээр ярилцах ёстой. Төрийн бус байгууллага, нөгөө талдаа төсөв буюу улсын шигшээ баг, холбоодын ерөнхийлөгч нар эвтэй байж, эвлэлдэх юм бол спортын амжилт гарах том түлхэц болно.

Жишээ нь, сүүлийн үед Монголын хөлбөмбөгийн холбоо сайн ажиллаж байна. Саяхан мөн сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа финалд үлдлээ. Мөн нутагтаа зохион байгуулсан тэмцээнд Австралийн багтай тоголж түрүүлсэн. Харамсалтай нь Сагсан бөмбөгийн холбоо нь хоёр салчихсан. Энэ холбоод нэгдэх ёстой. Ямар нэг тайлбаргүйгээр нэгдэх ёстой шүү. Чөлөөт бөхийн холбоо гэхэд байнгын хэрүүлтэй байна. Ийм байхад спортын амжилт гарахгүй. Үндэсний бөхийн холбоо хүртэл 20 гаруй жил хагаралдаж байна. Морь, бөх, сурыг монголчууд бид эрийн гурван наадам гэж ярьдаг. Морины холбоо нь морин уралдаанаа зохион байгуулж чадахаа больсон. Морьдыг шөнө уралдуулж байна. Тэгэхээр бид өөрсдөө ухамсартай байж тухайн спортод залуу насаа зориулж байсан хүмүүс хэрүүл, тэмцлээ зогсоож “Бид яах ёстой вэ?” гэдгээ ярилцмаар байна. Бид эвлэлдэн нэгдэх гэдэг зүйлээ спортын холбоодоос тэр дундаа Үндэсний бөхийн холбооноос эхлэх ёстой. Үндэсний бөх бол олон мянган жилийн түүхтэй, ард түмнээ цэнгэн баярлуулдаг спорт. Би энэ тал дээр анхаарч ажиллана. Холбоодод дахин хэлэхэд бид эвлэлдэн нэгдэж байж амжилтад хүрнэ шүү.

Спортын холбоод эвлэлдэн нэгдээд, ач холбогдол өгөөд нэг шийдэл надад өгөх юм бол би дэмжихэд бэлэн байна. Спорт бол эх оронч хүмүүжил бөгөөд дэлхий дахинаа улс орноо сурталчлах том салбар юм. Та бүхэн өнөөдрийн хэлэлцүүлгээ үр дүнтэй өнгөрүүлж, эвлэлдэн нэгдэх хэрэгтэй гэж дахин хэлье.

Спортын ач холбогдол, нийтийн биеийн тамир чухал учраас хөхүүлэн дэмжинэ. Ингэж байж “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг өвгөдийн сургаалийг биелүүлж, эрүүл чийрэг байж Монгол үндэстэн оршино тогтноно” гээд “Спорт ба эрүүл Монгол үндэстэн” сэдэв хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүсэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид өмнөх Ерөнхийлөгч нарын гаргаж байсан спорттой холбоотой зарлигийн хэрэгжилт ямар түвшинд байгаа, биеийн тамир, спортын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцсан юм. Мөн спортын чиглэлээр ажиллаж байгаа биеийн тамирын төрийн байгууллага, нийгэмд үйлчлэх олон төрийн бус байгууллагын төлөөллүүд, их дээд сургуулийн багш, оюутан, судлаачид, тамирчин, дасгалжуулагч, иргэдийн төлөөллүүд дээрх зарлигийн хэрэгжилтэд дүгнэлт хийн 10 илтгэл, мэдээллийг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд гарсан санал, үр дүнтэй яриа, дүгнэлт, зөвлөмжийг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган, зарим асуудлыг Засгийн газар чиглэл өгөн шийдвэрлэн ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа өнөөдөр дууслаа

Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй. Тэднийг Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүх гурав гурваар нь санал болгон УИХ-аар хэлэлцүүлэн зургаан жилийн хугацаатайгаар томилуулдаг. Өнгөрсөн онд Цэцийн гишүүн Н.Жанцан, Д.Наранчимэг нарын бүрэн эрхийн хугацаа дууссан. Тэднийг Ерөнхийлөгч 2011 онд санал болгон томилуулж байв. Тиймээс тэдний оронд хэнийг томилохоо Ерөнхийлөгч шийдвэрлэх ёстой. Өнгөрсөн намар Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар парламентад өргөн барьсан боловч Байнгын хороо дэмжээгүй. Тиймээс Ерөнхийлөгч саналаа эргүүлэн татсан юм. Түүнээс хойш Цэцийн гишүүнд хэн нэгнийг нэр дэвшүүлээгүй. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан гишүүдийн оронд хэнийг томилохоо шийдээгүй явсаар байтал дараагийн хүмүүсийнх нь бүрэн эрхийн хугацаа дууслаа. Тодруулбал, өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Д.Сугар нарын бүрэн эрхийн хугацаад дуусч байна. Т.Лхагвааг 2012 онд Ерөнхийлөгч санал болгон томилуулж байсан бол Д.Сугарыг УИХ санал болгон томилуулж байв. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн томилуулсан гурав, УИХ-ын томилуулж нэг хүний бүрэн эрхийн хугацаа дууслаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Цэцийн гишүүнээр хэнийг томилохоо шийдвэрлэхдээ АТГ-ын даргад нэр дэвшигчдийг тодруулсан шигээ олон нийтийн дунд санал асуулга явуулах тухай ярилцаж байгаагаа онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн мисст оролцох Монгол бүсгүйчүүдийг бүртгэж эхэллээ

“Miss World 2018” тэмцээний тов зарлагдаж, энэ жил БНХАУ-ын Саньяа 11 дүгээр сарын 9-нөөс эхлэхээр болсон байна. Тиймээс Дэлхийн Мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох сонирхолтой бүсгүйчүүдийг бүртгэж эхэлжээ.

Урьдчилсан шатны шалгаруулалт 6-р сарын туршид үргэлжлэх бөгөөд бүртгэл энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Тэмцээнд оролцох хүсэлтэй бүсгүйчүүд арьс өнгө, итгэл үнэмшил, шашин шүтлэг, угсаа гарлыг үл харгалзан ялгаварлалгүйгээр оролцох боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Англи хэл дээр бөглөсөн application
  • Эрүүл мэндийн бичиг
  • Эцэг эх болон хууль ёсны асран хамгаалагчийн тодорхойлолт
  • Усны хувцастай зураг 1% А5 хэмжээтэй
  • Гоёлын даашинзтай зураг 1% А5 хэмжээтэй /Чөлөөт хувцастай байж болно/
  • Нүүрний хэсгийг тод харуулсан зураг 1% А5 хэмжээтэй
  • Бүртгэлийн хураамж 50,000 төгрөг байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг хамгийн өндөр рейтингтэй тэмцээн болох “Miss World” 2016 онд АНУ-ын Вашингтон хотноо, харин 2017 онд БНХАУ-ын Саньяа хотноо болсон билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг болон Ц.Энхжин нар “People’s Choice Awards-г тэргүүлж, шилдэг 11 болон 15-т шалгарсан билээ.

Та тэмцээний бүртгэлтэй холбоотой мэдээллийг 90990111 дугаараас холбогдон авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Компьютерын үндсэн хэрэглээний программын ээлжит сургалт эхэллээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койкагийн (KOICA) санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтуудаас гадна компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг иргэдэд үнэ төлбөргүй явуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд зохион байгуулдаг компьютерын үндсэн хэрэглээний сургалт өнөөдөр эхэллээ.

Үндсэн хэрэглээний сургалтын хөтөлбөр нэг сарын хугацаанд үргэлжилдэг бөгөөд энэ удаагийн сургалтад нийт 22 суралцагч хамрагдаж, 06-р сарын 07-ны өдөр төгсөлтөө хийнэ. Сургалт Даваа, Лхагва, Баасан гарагт 18:30-19:50 цагийн хооронд хичээллэдэг тул хамрагдах сонирхолтой иргэд 9712-5557, 7012-2999 дугаарын утсаар холбогдоно уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Төлбөргүй сургалт:

  1. Үндсэн хэрэглээ (30 хүн*12 элсэлт=360 хүн)

Нэг сарын сургалт долоо хоногт 3 удаа 1 цаг 30 минутаар нийт 13 өдрийн сургалттай. Нэг ээлжид 30 сурагчтайгаар үндсэн хэрэглээний программ зааж жилд 360 хүн сургах зорилготой байна.

  1. Жава хөгжүүлэгч (20 хүн*4 элсэлт=80 хүн)

Энэхүү мэргэшүүлэх сургалт нь компьютерын суурь мэдлэгтэй элсэгчдийг сонгон шалгаруулж, 3 сарын практик сургалт зохион байгуулах бөгөөд долоо хоногт 3 удаа, 2 цаг 30 минутаар хичээллэх юм. Нийт 39 өдрийн сургалттай. Нэг ээлжид 20 сурагчтайгаар Java программын хэл зааж, жилд 80 хүн сургах зорилготой.

  1. Веб хөгжүүлэгч (20 хүн*4 элсэлт=80 хүн)

Энэхүү мэргэшүүлэх сургалт нь компьютерын суурь мэдлэгтэй элсэгчдийг сонгон шалгаруулж, 3 сарын хугацаанд практик сургалтаар долоо хоногт 3 удаа 2 цаг 30 минутаар хичээллэх бөгөөд нийт 39 өдрийн сургалттай. Нэг ээлжид 20 сурагчтайгаар Веб программын хэл зааж, жилд 80 хүн сургах зорилготой.

  1. Вэбийн дизайн (15 хүн*4 элсэлт=80хүн)

Энэхүү 3 сарын практик сургалт нь долоо хоногт 1 удаа 4 цагаар нийт 12 өдөр хичээллэх бөгөөд нэг ээлжид 15 сурагчтайгаар Дизайн хийхэд ашиглагдах хэрэгслүүдийг зааж, жилд 60 хүн сургах зорилготой байна.

  1. Систем администратор (10 хүн*6 элсэлт=60хүн)

Энэхүү 2 сарын практик сургалт нь долоо хоногт 1 удаа 2 цагаар хичээллэнэ. Нийт 8 өдрийн сургалттай. Нэг ээлжид 10 сурагчтайгаар Систем администратор чиглэлээр сургалт зохион байгуулна. Жилд 60 хүн сургах зорилготой байна.

  1. Өгөгдлийн сан (10 хүн*6 элсэлт=60хүн)

Энэхүү практик сургалт нь 2 сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд долоо хоногт 1 удаа, 2 цагаар нийт 8 өдөр хичээллэнэ. Нэг ээлжид 10 сурагчтайгаар Өгөгдлийн сангийн чиглэлээр сургалт зохион байгуулж, жилд 60 хүн сургах зорилготой байна.

  1. Солонгос хэл анхан шат (Сайн дурын анги)

Зөвхөн мэргэжлийн ангид суралцаж байгаа сурагчид сайн дураар сонгож суралцана. Нийт 3 сарын хугацаатай. Долоо хоногт 3 удаа, 1 цагаар 39 өдрийн хичээл орно.

  1. Бизнес инкубатор төв (Сонгон шалгаруулна)

Манай сургалтыг амжилттай төгссөн 10 сурагчдад бизнес инкубатор орчинг бүрдүүлэн өгч, өөрсдийн хэрэгжүүлэх төслийн болон Солонгосын зах зээл дээрх аутсорсингийн ажлуудад хамруулах зорилготой ажиллана.


Categories
мэдээ нийгэм

“Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчид алтан медаль хүртлээ

Жил бүрийн 05 дугаар сарын 09-ний өдрийг Ялалтын баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан ОХУ-ын Элчин сайдын ивээл дор “Жудо бөхийн залуучуудын аварга шалгаруулах лигийн тэмцээн” ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хороонд боллоо.

Тэмцээнд нийт 13 багийн 200 гаруй тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны баг тамирчид, хоёрдугаар байранд Монголын жудо академийн баг тамирчид, гуравдугаар байранд ШШГЕГ-ын “Сүлд спорт” хорооны баг тамирчид болон Дархан-Уул аймгийн биеийн тамир спорт хорооны тамирчид тус тус шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэвлэлийн газруудыг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд бага боловсролын чанарыг ахиулахад туслах, ялангуяа эх хэл, математик, байгалийн ухааны хичээлийн чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн төв болоод сумын 500 сургуулийн бага ангид зориулсан хүүхдийн шилдэг бүтээлийн каталог боловсруулж, улмаар бага ангийн багш, сурагчид каталогоос ном сонгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд хүүхдийн номын каталогт ном санал болгох үйл ажиллагаанд хэвлэлийн газруудыг оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

Сонирхсон хэвлэлийн газрууд оролцох хүсэлтээ илэрхийлсэн албан захидлыг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16.00 цагт багтаан доорх хаягаар биеэр ирүүлнэ үү.

Хаяг: “Сонсголгүйн боловсрол” ТББ Сүхбаатар дүүрэг 10-р хороо Их тойруу 44-р байр 6 тоот

(Авто плазагын шинэ уулзварын замын хойд тал, 3-р сургуулийн зүүн хойд талд 12 давхар шар байр) Холбогдох утас: 70001220, 99055727

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн өсөлт хөгжилтөд шар лууван эерэгээр нөлөөлж байгааг судалгаагаар тогтоов

ХХААХҮЯ-ны санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Монгол ногоо” төсөл, Нийслэлийн боловсролын газартай хамтран эх орны хөрсөнд тарьж ургуулсан “Naval” сортын шар лууванг цэцэрлэгийн хүнсний хангамжид гурван сарын хугацаанд нийлүүлэх замаар “Хүүхдийн өсөлт хөгжилтөд шар луувангийн нөлөөлөх байдлын” судалгааг хийлээ.

2017 оны 12 дугаар сард эхэлсэн судалгаанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн хүүхдийг хамруулсан. Энэ хоёр цэцэрлэгийг Нийслэлийн боловсролын газраас санал болгосон байна. Сонгогдсон цэцэрлэг тус бүрээс 3-5 насны 50 хүүхэд сонгон авч, өдөрт 100 мл шар луувангийн шүүс, луувангаар баяжуулсан төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн, хэрэглээгүй хүүхдийн ялгааг харуулахыг зорьжээ.

Ийнхүү гурван сарын турш үргэлжилсэн судалгаа амжилттай дуусч, өнөөдөр (2018.05.08) Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгт судалгааны үр дүнгээ танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа. Арга хэмжээг нээж, ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон хэлсэн. Тэрбээр, “ХХААХҮЯ-ны зүгээс хүн амыг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах үүднээс олон арга хэмжээ авч байна. Тухайлбал, “Мах, сүүний анхдугаар аян”, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хоол хүнсээр дамжуулж, хүний эрүүл мэндийг тэтгэх, хамгаалах асуудал сүүлийн үед хөндөгдөх болсон. Тиймээс хүүхдийн өсөлт хөгжилт, эрүүл мэнд, шим тэжээлийн байдалд анхаарах нь зүйтэй гэдэг үүднээс уг судалгааны ажлыг санаачлан өнөөдөр үр дүнгээ тайлагнаж байгаа юм. Цаашид “Naval” сортын шар лууванг цэцэрлэгийн хүнсний хангамжид нийлүүлэх, импортын орлох дотоодын шүүсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой ажиллаж байна” гэлээ.

ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон

“Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл маркетинг” төслийн удирдагч Т.Төрмандах: “2016 оноос хэрэгжиж эхэлсэн “Монгол ногоо” төсөл нь эх орны хөрсөнд ургуулсан ногоогоор хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилготой. Энэ ч үүднээс 10 гаруй шинэ сортыг судалсны үр дүнд гол үүсгэдэггүй, шүүсний гарц сайтай “Naval” сортын шар лууванг цэцэрлэгийн хүнсний хангамжид нийлүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд Дархан-Уул аймгийн ургамал газар тариалангийн хүрээлэнгийн туршилтын талбайд Голландын “Naval F1” шүүслэг сортын 1 тонн шар лууванг тарьж ургуулсан” гэдгээ хэлж, Сэлэнгэ аймгийн Хушаат суманд 5 га талбайд тарих болсноо дуулгалаа.

Арга хэмжээнд ”Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Нарантуяа, Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Гэрэлцэцэг нар оролцож, хүүхдэд луувангийн шүүс бэлдэхээс гадна луувангаар баяжуулсан жигнэмэг, мантуу, хайлмаг зэргийг хийж өгнө, хүүхдүүд амтархан иддэг, судалгаа маш үр өгөөжтэй байсан учраас үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хүсч байлаа. Мөн судалгаанд цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөл хүүхэд нь өсөж, яс, шүд нь бэхжин, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нь сайжирсан талаар хэлсэн.

ЧД-ийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Нарантуяа, БЗД-ийн 115 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Гэрэлцэцэг, 56 дугаар цэцэрлэгийн хүүхдийн ээж н.Очтуяа нар

Энэ үеэр “Монгол ногоо” төслийн зөвлөх, судлаач Н.Оюундарь судалгааны үр дүнгээ танилцуулж, хүүхэд багачуудад луувангийн шүүс, төрөл бүрийн луувангаар баяжуулсан хоол, хүнс бэлтгэн өгч байхыг зөвлөсөн. “Naval F1” сортын шар лууванг судалгаанд хэрэглэхийн өмнө дээжийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлж, хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэх аюулгүй байдлыг баталгаажуулсан болохыг тэрээр дурдсан.

“Монгол ногоо” төслийн зүгээс луувангийн шүүс шахах машин, дагалдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон шүүс гаргах “Naval” сортын шар лууванг судалгааны хугацаанд сонгогдсон хоёр цэцэрлэгт тус бүр 500 кг-ийг нийлүүлжээ. Ингээд цэцэрлэгийн тогооч нарт хүнсний ногооны хадгалалт, боловсруулалт, зохистой хэрэглээ, хүүхдийн хоолны шим тэжээлийн талаар онолын мэдлэг олгож, ногооны шүүс гаргах, шар луувангаар баяжуулсан төрөл бүрийн хүүхдийн хоол бэлтгэх арга технологийг эзэмшүүлсэн байна.

“Монгол ногоо” төслийн зөвлөх, судлаач Н.Оюундарь

Шар лууван нь эмчилгээ, сувиллын болон хүүхдийн хоол, унданд хэрэглэхэд нэн тохиромжтой төдийгүй хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй хэрэгтэй эслэг, нийлмэл нүүрс ус, антиоксидантууд, эрдэс бодис, аминдэмээр нэн баялаг. Тийм ч учраас хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих, нүдний хараа сайжруулах, биеийн өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, амны хөндийг цэвэрлэх, шүлс ялгаралтыг дэмжих, шүд цоорлоос сэргийлэх зэрэг олон талын ач тустай хүнсний ногоо юм. Цаашлаад хорт хавдар, цусны даралт ихсэх зэрэг өвчнөөс сэргийлэх боломжтой.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн бие бялдрын хэмжилтүүдийг шар луувангийн шүүс болон баяжуулсан бүтээгдэхүүн өгөхийн өмнө болон 3 сар хэрэглэсний дараа хийж, тэдний өсөлт хөгжилт, шим тэжээлийн байдлыг үнэлсэн бөгөөд ингэхдээ ДЭМБ-аас 2006 онд шинэчлэн боловсруулсан “Хүүхдийн өсөлтийн стандарт”-ыг баримталсан байна. Судалгааны үр дүнд шар луувангийн шүүсийг гурван сарын турш хэрэглэсэн хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтөд эерэг нөлөөлсөн гэж “Монгол ногоо” төслийн зөвлөх, судлаач Н.Оюундарь дүгнэж байна.

Судалгааны явцад дээр дурдсан хоёр цэцэрлэгийн нэг өдрийн хоолонд агуулагдах шим тэжээлийн агууламжийг ДЭМБ-аас гаргасан зөвлөмжтэй харьцуулаад үзэхэд зайлшгүй шаардлагатай зарим аминдэм, эрдэс бодисыг авч чадахгүй байгаа нь тогтоогджээ. Тиймээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэсийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулж, жимс, хүнсний ногоог түлхүү оруулах шаардлагатай гэж судалгааны багийнхан үзэж байна. Нөгөөтэйгүүр эцэг, эхчүүд зохистой хооллолтын талаар мэдлэгтэй байж, хүүхэддээ аль болох чихэрлэг амттан, тос ихтэй, шарсан, хуурсан хоол хүнс хэрэглүүлэхгүй байхыг зөвлөлөө.

Судалгааг санаачлагч, хамтран зохион байгуулагч, оролцогчид

Арга хэмжээний үеэр БЗД-ийн 115 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд мэндчилгээ дэвшүүлэв

Цэцэрлэгийн тогооч нар өөрсдийн хийсэн луувангийн шүүс, луувангаар баяжуулсан хоол хүнсээ танилцууллаа

ХҮҮХДИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛТӨД ШАР ЛУУВАНГИЙН НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН СУДАЛГААНААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ

  • ЕБС, цэцэрлэгүүдийн гал тогоог ногоо, жимсний шүүс гаргадаг тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, тогооч нарыг ногоо, жимсний шүүс гаргах, хүүхдийн хоолыг төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, жимсгэнээр баяжуулах талаар сургаж дадлагажуулах
  • Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд агуулагдах илчлэг, шим тэжээлийн бодисын агууламжийг зөвлөмж хэмжээнд нийцүүлсэн хоолны цэсийг нэгдсэн байдлаар боловсруулан баталж, улсын хэмжээний бүх цэцэрлэгт мөрдүүлж хэвшүүлэх
  • Хүүхдийн өсөлт хөгжилтийн байдлыг антропометрийн хэмжилтүүдээр нарийвчлан судалж, өсөлт хоцрох эрсдэлтэй хүүхдүүдийн хоол, асаргаанд нэмэлт анхаарал тавих
  • Хүүхдийг хэрхэн зөв зохистой хооллох талаар цэцэрлэгийн багш нар болон эцэг эхчүүдийн мэдлэгийг дээшлүүлж, хандлагыг нь өөрчлөх
  • Хүүхдийн хооллолт, эрүүл мэндийн байдал, оюун ухаан, бие бялдрын өсөлт хөгжилтийг хэвийн байлгахад цэцэрлэг болон эцэг эхчүүд нягт хамтран ажилладаг байх
Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймаг 1.2 сая толгой малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ

Малын эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах ажлыг уламжлал болгоно.

Монгол улсын Ерөнхий сайдын орон нутгийн албан томилолтын бүрэлдэхүүнд Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ажиллаж аймаг орон нутгийн Хүнс ,Хөдөө аж ахуйн газруудынхаа ажлыг эрчимжүүлж байна.

Өнгөрөгч оны мал тооллогын дүнгээр Баянхонгор аймаг 4 сая 600 мянга орчим толгой мал тоолуулж улсад эхний 5 дугаар байрт ямааны тоогоороо тэргүүлсэн юм. Малын генетик нөөцийн тухай хууль болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиуд ирэх 6-р сарын нэгнээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Засгийн газрын тэргүүн,зарим гишүүдийн бүрэлдэхүүн Баянхонгор аймагт ажиллаж байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, үүлдэр угсааг сайжруулах ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөхөөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажиллалаа.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тус аймгийн ХХААГ-ын ажилтан, мэргэжлийн албан хаагчдад үйл ажиллагаагаа олон нийтэд ойлгуулах сурталчлах, малчид иргэдийн идэвх санаачилгыг салбарын үйл ажиллагаандаа татан оролцуулах шинээр батлагдан гарсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиудын хэрэгжилтийг хангах бэлтгэлээ сайтар базаах үүрэг чиглэл өглөө.

Баянхонгор аймгийн ХХААГ энэ онд 1,2 сая толгой малыг вакцинжуулж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилт тавин төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа салбарын сайдад танилцууллаа.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогтыг Ёс зүйн дэд хорооны даргаар томилов

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэв. Ёс зүйн дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон юм. Ёс зүйн дэд хорооны даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар өрсөлдөв.

Санал хураалтаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ёс зүйн дэд хорооны даргаар томиллоо.