Categories
мэдээ нийгэм

Cайд нар Шивээ хүрэнгийн боомтод ажиллана

Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байна. Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй танхимын дөрвөн гишүүн Өвөрхангай, Баянхоногр, Говь-Алтай аймагт, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат нар Өмнөгөвь аймагт тус тус албан томилолттой байна.

Өмнөговь аймагт ажиллаж байгаа Засгийн газрын гишүүд Гурвантэс сум дахь Стратегийн ач холбогдолтой нүүрсний орд газрууд, Саус Гоби сэндс, Өсөх зоос, Монголын алт компаниудын ажилтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудал, шийдвэрлэх шаардлагатай зүйлсийн талаар ажилтан албан хаагчдаас мэдээлэл сонслоо. Мөн Гурван тэс сумын иргэдтэй уулзаж, Шивээ хүрэнгийн боомтод ажиллах юм.
Categories
мэдээ нийгэм

Автомашины худалдаа эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүллээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт зориулалтын бус ил задгай газарт автомашины худалдаа эрхэлж буй 101 газарт хяналт шалгалт явуулж, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах тухай мэдэгдэл шаардлага хүргүүлэн ажиллажээ. Хяналт шалгалтын үеэр аж ахуйн нэгжүүдийн газрын зориулалтыг шалгахад автомашин худалдаалах зориулалтаар газар эзэмшүүлээгүй иргэний ахуйн, орон сууц, аж ахуйн, үйлдвэрлэл, үйлчилгээ, гэх мэт зориулалтын газарт автомашин худалдан борлуулж байсан зөрчлүүд илэрсэн юм. Мэдэгдэл хүргүүлж ажилласны үр дүнд 51 газар зөрчлөө арилгасан байна. Иймд зөрчлөө арилгаагүй 50 аж ахуйн нэгж иргэдэд дахин мэдэгдэл хүргүүлсэн байна.

НМХГ-ын дэд даргын ахалсан ажлын хэсэг зөрчлөө арилгаагүй ил задгай автомашины худалдаа үйлчилгээ эрхэлж буй газруудад гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллалаа. Тус шалгалтын үеэр автомашины зогсоол, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтай газарт автомашины худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд 3 хоногийн хугацаатай газар чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүллээ. Энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлах саналыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн ажиллах юм гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хөдөө аж ахуйн технологи, инноваци 2018” форум боллоо

Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Инновацийн 7 хоног-2018” арга хэмжээ 2018 оны 5 дугаар сарын 07-13-ны өдрүүдэд болж байна. Уг арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймагт 2018 оны 5 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” форум, үзэсгэлэнг ХХААХҮЯ нь БСШУСЯ, Шинжлэх ухаан, технологийн сан, Дархан хотын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.

Дархан-Уул аймгийн “Залуучууд театр”-ын хурлын танхимд болсон форумд ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Долгорсүрэн нар үг хэлж, Улаанбаатар хот, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдын төлөөлөл болсон 450 гаруй хүн оролцсон юм. Форумын үеэр хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт, амжилт, биет бүтээгдэхүүн, үр дүнгүүдийн талаар илтгэл хэлэлцүүлсэн.

Мөн “Залуучууд театр”-ын танхимд “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” үзэсгэлэн болж, хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан, технологи, цөм технологиийн болон инновацийн төслийн үр дүнд бий болсон биологийн идэвхит бүтээгдэхүүн, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжүүлсэн мал аж ахуй, малын үүлдэр угсаа, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж зэрэг 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулсан юм.

Ийнхүү орон нутгийн засаг захиргааны байгууллагыг бүс нутгийн онцлогтой уялдуулан шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн харилцаанд татан оролцуулснаар хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн салбарт шинжлэх ухаан, технологи, инноваци нэвтрүүлэх, энэ талаар санаачилга гаргаж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих нөхцөл бүрдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ахмадуудад “Ebarimt-аа хэрхэн бүртгүүлэх вэ?” сургалт хийв

Монгол Улсын Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” хэмээн зарлаж, татвар төлөгчиддөө талархал илэрхийлдэг. Эдүгээ 19 дэх жилдээ тэмдэглэж буй “Татвар төлөгчдийн өдрүүд”-ээр “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриаг дэвшүүлж буй бөгөөд өнөөдөр сургалт, зөвлөгөө, үйлчилгээ өгөх үйл ажиллагаагаар үргэлжилж байна.

Тодруулбал, Татварын албаны ахмадууд “Ebarimt-аа хэрхэн бүртгүүлэх вэ?” сэдэвт сургалтыг сум, дүүргийн Хорооны байрандаа зохион байгуулж, тухайн орон нутгийнхаа ахмадуудыг сургалтад хамруулж байна. Сургалтыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Ахмадын хороо, ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ТЕГ-ын Татварын үйлчилгээний төвийн ТУАБ В.Цэнд-Аюуш, ТТХГ-ын ТУБ Н.Жаргалцэцэг нар чиглүүлэх аргазүйн сургалт хийж, гарын авлага сурталчилгааны материалаар хангаж байна.

Өнөөдөр Б.Норжинлхам, Х.Хурметхан нар Чингэлтэй дүүргийн ахмадуудад сургалт явуулсан бол ирэх өдрүүдэд Г.Лувсанцэрэн Сүхбаатар, Д.Банзрагч Баянгол, С.Даян Сонгинохайрхан, Д.Оюун Хан-Уул, Я.Аюушжав Баянзүрх дүүргийн сонгогдсон хороодод очиж, ахмадуудад сургалт явуулна.

Categories
мэдээ спорт

“Мазала” дээд лигийн гуравдугаар тойргийн өмнө

Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн “Мазала” үндэсний дээд лигийн гуравдугаар тойргийн таван тоглолт амралтын өдүүдэд болно.

УЛААНБААТАР СИТИ – ЖИПРО

Өнгөрсөн жил үндэсний дээд лигээс мөнгөн медаль хүртэж, МХБХ-ны цомыг өргөн, шинэ улирлын эхэнд “Супер цом”-ыг тэргүүндээ залсан “Улаанбаатар сити” клуб “Мазала” үндэсний дээд лигийг тааруу амжилтаар эхлүүлээд байгаа билээ. Эхний тойрогт лигийн шинэ цэрэг “Арвис”-тай 1:1-ээр тэнцэж, хоёрдугаар долоо хоногт “Эрчим”-д эцсийн мөчид хожигдсон “Хотынхон” бямба гарагийн 14:00 цагт “Жипро”-той гурав дахь тоглолтоо хийнэ. Дээд лигийн утаа анх удаа үнэрлэж байгаа “Жипро”-ийн залуус хоёр тойргийн дараагаар хаалгандаа есөн гоол алдаж, нэгийг ч оруулж амжаагүй яваа. Тиймээс хэн хэн нь тааруу үзүүлэлтээ эцэс болгож, лигийн анхны хожлоо авахын төлөө талбайд гарна.

Шууд үзэх холбоос: https://mycujoo.tv/video/mongolia-football-federat…

АНДУУД СИТИ – СЭЛЭНГЭПРЕСС

Өнгөрсөн тойрогт “Мазала” үндэсний дээд лигийн анхны хожлоо авцгаасан “Андууд сити”, “Сэлэнгэпресс” багуудын тоглолт энэ тойргийн нэгэн чимэг болох нь дамжиггүй. “Андууд сити” 2017 оны улиралд “Гоёо Эф Си” нэрээр “Сэлэнгэпресс”-тэй хоёр тоглохдоо 1:0, 0:1 гэсэн үр дүнгүүдээр буулган авч байжээ. Шинэ дасгалжуулагч, шинэ өнгө төрхтэйгөөр “Мазала” үндэсний дээд лигийг эхлүүлсэн “Сэлэнгэпресс” тоглолт таардаггүй Г.Даваа-Очир дасгалжуулагчийн багтай таарчээ.

Шууд үзэх холбоос: https://mycujoo.tv/video/mongolia-football-federat…

ЭФ СИ УЛААНБААТАР – ХАНГАРЬД

Үндэсний дээд лигийн туршлагатай багуудын том тулаан бямба гарагийн 20:00 цагт болно. “Эф Си Улаанбаатар” багийн ахлагч О.Баяржаргалын оруулсан хоёр гоолын ачаар дөрвөн оноотой яваа бол “Хангарьд”-ын залуус хараахан хожил авч амжаагүй байна. Өнгөрсөн жил тус хоёр багийн тоглолтод нийт 13 гоол орсон.

Шууд үзэх холбоос: https://mycujoo.tv/video/mongolia-football-federat…

ЭРЧИМ – АТЛЕТИК 220

Үндэсний дээд лигийн өнгөрсөн улирлын аварга “Эрчим”, хүрэл медальт “Атлетик 220” багуудын тоглолт 3-р тойргийн оргил тулаанаар нэрлэгдэж байна. Ням гарагт болох энэ тоглолт “Мазала” үндэсний дээд лигийн 2018 оны улирлын эхний хагасыг тэргүүлэх багийг тодорхойлно гэхэд хилсдэхгүй. Жил бүр өндөр амжилттай тоглодог “Эрчим”-ээс хэн оноо салгаж чадсан нь тухайн улиралдаа медаль хүртдэг гэсэн үзүүлэлт бий. Өнгөрсөн жил “Эрчим”-тэй тэнцсэн “Улаанбаатар сити”, “Атлетик 220”, түүний өмнөх улиралд “Хангарьд”, “Хоромхон” багууд мөн л “Эрчим”-ийг хожсон нь чухал нөлөө үзүүлж мөн медалийн тавцанд хүрсэн юм. Тиймээс энэ тоглолт талбайн эзэн “Эрчим”-ээс илүү зочлон тоглох “Атлетик 220”-ийн залууст маш чухал тулаан байх болно.

Шууд үзэх холбоос: https://mycujoo.tv/video/mongolia-football-federat…

АРВИС – ДЭРЭН

Нэгдүгээр тойрогт “Улаанбаатар сити”-ээс оноо салгасан ч өнгөрсөн долоо хоногт “Атлетик 220”-д 3:0-ээр хожигдсон “Арвис”-ын залуус “Мазала” үндэсний дээд лигийн гурав дахь тоглолтоо “Дэрэн” клубтэй хийнэ. Жил бүр тогтмол амжилт үзүүлж буйн нэг шалтгаан нь “Дэрэн” клуб том багуудын эсрэг хүчтэй өрсөлдөөн үзүүлэхээс гадна ижил түвшний багуудаас оноо салгадаг явдал юм. Дээд лигт тоглож сурсан “Дэрэн”-ийн эсрэг дээд лигт анх удаа хүч үзэж байгаа “Арвис” багуудын тоглолт ням гарагт 16:00 цагт МХБХ-ны талбайд эхэлнэ. Тоглолтуудыг MNB sport суваг шууд дамжуулах ажээ.

Шууд үзэх холбоос: https://mycujoo.tv/video/mongolia-football-federat…

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Гуалингаас бусад бусад түлшний модыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх саналыг дэмжлээ

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.09) хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийлээ.Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан хуулийн төсөлд “Гуалингаас бусад түлшний модыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсы Их Хурлын гишүүн О.Батнасан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулахаар болов.

Үргэлжлүүлэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийгтус тус хийлээ. Уг хуулийн төсөлд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцэд ногдлуулсан гааль, НӨАТ-ыг татвар төлөгчид буцаан олгохоор тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрмод, модон бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлсөн татвараа буцаан авахад нийт хэчнээн төгрөг зарцуулах талаар судалгаа хийсэн эсэхийг Гаалийн ерөнхий газрынхнаас тодруулав.

Ажлын хэсгийн зүгээс, импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн ахуйн нэгжүүдийг өнгөрсөн 5 жилийн хугацаанд гааль, НӨАТ-аас чөлөөлөхөд, нийтдээ 19 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, таван жилийн дунджаар үзэхэд жилдээ энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүд 2.5-3 тэрбум төгрөгийн татвар төлдөг гэсэн судалгаа бий. 2018 оны эхний улирал буюу 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл аж ахуйн нэгжүүд энэ төрлийн татварт 97,8 сая төгрөг төлсөнбайна хэмээн хариулж байлаа.

Анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс үг хэлэх, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан “Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах” горимыг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.АНУ-ын Мянганы сорилтын корпораци нь (МСК) Монгол Улстай Компакт гэрээ байгуулах мэдэгдлийг АНУ-ын Конгресст 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн ба мөн сарын 19-ний өдөр МСК-ийн Хөрөнгө оруулалтын менежментийн хороогоор Компакт гэрээгээр хэрэгжүүлэх хөтөлбөрийн саналыг хэлэлцэн дэмжиж, төслийн саналаа Монголын талд ирүүлжээ. Компакт гэрээний төслийг УИХ, холбогдох Байнгын хороотой зөвшилцсөний дараа гэрээний төслийг МСК-д хүргүүлэх юм. Энэхүү Компакт гэрээний хүрээнд нийт 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулах юм байна. Тухайлбал, Улаанбаатар хотын газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрийн зориулалтаар ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж, холбогдох бусад ажлыг гүйцэтгэх аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Ч.Улаан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хөтөлбөрийн нийт санхүүжилт урьдчилсан байдлаар 461 сая ам.доллар болж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хариуцах 111.7 сая ам.долларын хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргахаар төлөвлөсөн, худаг ус гаргах газрын асуудлыг бүрэн шийдсэн эсэхийг илүүтэй тодруулав.

АНУ-ын Мянганы сорилтын тухай хуулийн дагуу хоёр дахь Компакт гэрээ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газар нийт хөрөнгө оруулалтын 15 хувиас багагүй хэмжээний хөрөнгийг хариуцан гаргана. Хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв болон бусад олон улсын банк санхүүгийн байгуулагатай яриа хэлэлцээр хийх замаар шийдвэрлэнэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулав. Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хариултдаа, энэ удаагийн буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын ундны усны хангамжийг сайжруулахад чиглүүлсэн. ТЭЗҮ судлагаа бэлэн, усны шинэ эх үүсвэр гаргах худаг барихад газрын маргаантай асуудал байхгүй гэдгийг онцолж байлаа.

Ингээд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэн тул Байнгын хороо санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болсон.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр таницлуулгадаа, Төсвийн хүрээний мэдэгдэлд татвар төлөгчдөд хөгжин дэвших орон зайг өгөх, бүртгэлийн тогтолцоог сайжруулах замаар татварын суурийг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг бодитойгоор төлөвлөх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх, төсвийн тэгш бус хуваарилалтыг арилгаж, ил тод байдлыг хангах, төсвийг үр ашигтай хуваарилахад чиглэсэн техникийн дэвшлийг нэвтрүүлэх, нийгмийн халамжийн шилжүүлгийг оновчтой хуваарилах, төсвийн үр ашгийг сайжруулахад чиглэсэн өөрчлөлтийг хийх, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээг хэрэгжүүлэх,Засгийн газрын нийт өр болон өрийн үйлчилгээний зардлыг багасгаж, хүүгийн төлбөрийн дарамтыг бууруулах, гадаадын зээлийн эх үүсвэрийг дэд бүтцийн төсөл, арга хэмжээнд зарцуулах, төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцлоо.

Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн нийт орлого 2018 онтой харьцуулахад 2019 онд 1.9 их наяд орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх, сүүлийн жилүүдэд 4 оронгоор хэмжигдэж байсан зээлийн үйлчилгээний төлбөр 300 орчим тэрбум төгрөгөөр буурч 860 гаран тэрбум төгрөг болох, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 10 орчим хувиар буурч, ДНБ-ий 55 гаруй хувьд хүрэх, Засгийн газрын дотоод нийт өр дунд хугацаанд тогтмол буурах,хөрөнгө оруулалтын зардал болон цэвэр зээл 760 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх, төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар дотоодын бонд гаргахгүй байх зэрэг эерэг нөхцөл байдлууд бүрдэнэ гэж төсөөллөө гэдгийг онцлов. Нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2019 онд -6.1, 2020 онд -4.3, 2021 онд -2.5 байхаар тус тус тооцжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Батзандан, Б.Баттөмөр, О.Содбилэг, Ч.Улаан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Засгийн газар эдийн засгаа уул уурхайгаас үл хамааралтай болгохын төлөөажиллаж байгаа эсэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулахад хэрхэн ажиллаж байгаа талаар илүүтэй тодруулж байлаа. Дэлхийн зах зээлдээр алт, зэс, нүүрснийүнэ өссөн, мөн олборлолтын хэмжээг нэмэгдүүлж төсвийн орлогыг тооцсон. Өмнө нь орлогоо хэт өндөр тооцож, зарлагаа нэмснээр зөрүү нь өр болон үлддэг байсан тул бид энэ жил төсвийн орлогоо бодитой тооцоолсон. Төсвийн орлого 2019 оны жилийн сүүлээр 1,9 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн тооцоо байна. Түүнчлэн 2017 оны 10 сараас эхлээд Засгийн газар арилжааны банкуудаас өндөр хүүтэй, богино хугацаатай зээл аваагүй. Мөн Засгийн газар уул уурхайд тулгуурласан эдийн засгаа тэлэхийн тулд зээлийн хүүгээ бууруулах, зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэх, төгрөгийн ханш тогтвортой байлгах, аж ахуйн нэгжээ сайн дэмжиж ажиллахаар зорьж байна. 2019 он гэхэд татварын багц хуулийг оруулж хэлэлцүүлнэ. Тухайлбал, жилийн 1,5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгох төслийг боловсруулаад байна хэмээнСангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулж байлаа.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр “Санхүүгийн зах зээл, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх алхмуудаа тодорхой болгох, инфильяци 8 хувь байгааг багасгах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан “Төсвийн хүрээний мэдэгдлийг харахад эдийн засгийн гол үзүүлэлтүүд нэмэгдсэн, өрийн ачаалал буурсан, хөрөнгө оруулалт өссөн байна. Энэ сайн хандлага. Хэлэлцүүлгийн явцад төсвийн зарлагаа бууруулахад анхаарч хэлэлцэх нь зүйтэй” гэсэн саналыг хэлэв.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ.Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын ой” цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавилаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын ой” цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү цэцэрлэг хүрээлэн нь Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн болох бөгөөд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Дамбардаржаад байрлах Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт байгуулагдаж байгаа юм. Ёслолын үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон, БНСУ-ын Ойн ерөнхий газрын төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөллүүд оролцлоо. “Улаанбаатар хотын ой” цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл 2016-2022 хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНСУ-ын Ойн ерөнхий газрын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд хэрэгжинэ.

Улаанбаатар хотын ой нь нийт 3 тэрбум воны санхүүжилттэй, 40 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийнэ. Мөн цэцэрлэгт хүрээлэнд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай зэргийг байгуулах бөгөөд 100 гаруй нэр төрлийн мод, ургамлыг тарьж, хотын ой байгуулах, ногоон байгууламжийг хөгжүүлэх, иргэдийн соёл, амралтын ногоон байгууламж байгуулах юм гэж Сүхбаатар дүүргийн Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн Прокурорын газар тэргүүлэв

Нийслэлийн Прокурорын байгууллагын нэгж газруудын дунд хоёр жил тутам зохион байгуулагддаг ‘’Спортын бага наадам-2018’’ арга хэмжээ болж Баянзүрх дүүргийн Прокурорын газар амжилттай оролцлоо.

Уг спортын бага наадам нь ажилтан, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж спортын салбарт шударгаар өрсөлдөх, харилцан ойлголцох, эвсэг хамт олонч байдлыг бий болгох, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилготой билээ. Тэгвэл тус наадамд нийт 11 багийн 240 тамирчин Шатар, Даам, Снукер бильярд, Дартс, Ширээний теннис, Гар бөмбөг, Сагсан бөмбөг гэсэн 7 төрлөөр өрсөлдөж авьяас билэг, хурд хүч, авхаалж самбайгаа сорьсон юм.

Тэмцээнд нэгдсэн дүнгээр Баянзүрх дүүргийн Прокурорын газар тэргүүлсэн бол Сонгино хайрхан дүүргийн Прокурорын газар удаалсан байна. Харин гутгаар байранд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын баг тамирчид шалгарчээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭТТ: Ирээдүйн өв сангаас нэг иргэнд 300,000 төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан билээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар компанийн удирдлагуудыг санаачилгатай ажиллахыг шаардаж, долоо хоногийн хугацаанд иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар хувилбар гаргаж өөрт нь танилцуулахыг үүрэг болгосон юм.

Энэ дагуу өнөөдөр “Эрдэнэс Монгол” компанийн захирал Ц.Түмэнцогт, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг, тус компанийн Хөрөнгө оруулалтын газрын захирал С.Ашидмөнх нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар бэлтгэсэн саналуудаа танилцуулав.

Компанийн зүгээс иргэдэд ногдол ашиг тараах хоёр санал бэлтгэсэн бөгөөд эхнийх нь ЭТТ ХК-ийн хувьцааны одоогийн эзэмшлийн дагуу иргэн бүрт 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараах, үүний тулд 300 орчим сая м.куб уулын цул хөдөлгөж, 60 сая тонн нүүрс олборлож, борлуулах шаардлагатай юм байна. Гэсэн ч компани 2017 онд 47 сая м.куб уулын цул хөдөлгөж, 10.1 сая тонн нүүрс олборлож, 8.5 сая тонн борлуулсан тул үйлдвэрлэлийн энэ хэмжээг ойрын хугацаанд нэмэгдүүлэх боломжгүй юм байна.

Тэдний санал болгосон нөгөө хувилбар нь, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу иргэдэд ногдол ашиг тараах боломжтой гэж судалжээ. Энэ нь төрийн өмчит уул уурхайн компаниудын орлогоос хуримтлагдаж, одоогоор зарцуулахгүй хадгалж байгаа сангаас хуваарилалт хийх хувилбар юм. Ингэхийн тулд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг өөрчилж, тус санд хуримтлагдсан ашгийг ногдол ашиг болгож тараах замыг нээх боломжтой юм байна. Энэ тооцоогоор нэг иргэнд 123 мянган төгрөг хуваарилах боломжтой бөгөөд компанийн өртгийг бууруулснаар нэг иргэнд 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо хийжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний саналыг сонссоны дараа Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзах үеэр иргэд баялгийн хуваарилалтын асуудлыг их хөндөж байгааг сануулж, иргэдэд ногдол ашиг тараах боломж байгааг сайшаав.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн 6.1-т “… байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсний дагуу байгалийн баялгаас ард иргэдэд ногдол ашиг тараах асуудлаар санаачилгатай ажиллаж байгаа болоод удахгүй УИХ-д энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барина гэдгээ хэллээ.

Энэ хуулийн төсөлд ЭТТ ХК-ийн төрийн эзэмшлийн 85 хувийг иргэдэд шилжүүлэх замаар иргэн бүрт очих ногдол ашгийн хэмжээг өсгөх болоод иргэдийн хувьцааг хамгаалах асуудал тусгагдаж байгаа юм.

Уулзалтын төгсгөлд ЭТТ ХК-ийн удирдлагууд иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар гарсан аливаа саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

“Хүн болох багаасаа” хүмүүжлийн аяны хүрээнд сургалт зохион байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бөгөөд дүүргийн хүүхдийн элч Ж.Сандагсүрэнгийн нэрэмжит “Хүн болох багаасаа” хүмүүжлийн аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран “Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал”, “Бага насны хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог”, “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалтыг дүүргийн цэцэрлэгүүдэд зохион байгууллаа.

Уг сургалтыг 110, 38, 99, 196, 78, 148, 84, 195, 79, 107, 118, 112, 101, 91, 125, 105, 253, 111, 214, 80, 163, 113, 215, 127, 227-р цэцэрлэгийн нийт 1750 багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч нарт зохион байгуулсан байна. Сургалтаар цэцэрлэгийн багш, ажилтнуудад “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай”, “Зөрчлийн тухай”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулиудын холбогдох заалтуудыг танилцуулж, мөн хамтарсан багийн тухай мэдээ мэдээлэл өгч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт “Бага насны хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог”, “Өдөр тутам хэрэглэх хүүхэд хүмүүжлийн эерэг арга”, “Ахуйн хүрээн дэх осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ” сэдэвт сургалтыг хүргэлээ.