Categories
мэдээ нийгэм

Амьдрах орчноо сайжруулж, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр 9 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан бөгөөд нийслэлийн иргэдээ “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийтийн эзэмшлийн талбай, өөрийн хашаандаа мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр амьдрах орчноо сайжруулж, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, орон сууцны орчны газар ашиглалтыг сайжруулж, төлөвлөлтийн дагуу тохижилт хийх боломжийг бүрдүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хорооллын ойр орчмын нийтийн эдэлбэрийн газрыг харьяалах Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд шилжүүлэх “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүлсэн билээ.

Бүх нийтээр мод тарих өдрийг угтаж “Тарьц, суулгац-2018” үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ой судалгаа хөгжлийн төв хамтран зохион байгуулж, 40 гаруй аж ахуйн нэгж оролцон 20 гаруй зүйлийн модлог, 50 гаруй зүйл цэцэгт ургамлын худалдаа хийгдсэн. Харин тавдугаар сарын 12-ны өдөр дүүрэг бүрт “Тарьц суулгац-2018” үзэсгэлэн худалдаа зохиогдоно.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монгол наадам цогцолбор, УСУГ-ны харьяа төв цэвэрлэх байгууламжийн талбайд мод тарих үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Явуулын сургалтын танхимыг аймгаар аялуулав

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн багш, ажилтнууд Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажиллалаа. Тус төвийн багш нар хүүхэд, багачууд, иргэдэд газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, утаат орчин, хорт хий, утаанаас хэрхэн өөрийгөө хамгаалах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг дадлага, сургуулийг явуулын сургалтын танхимыг ашиглан зохион байгуулсан нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн ажил болжээ.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 1000 орчим иргэн гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны чадварыг эзэмшлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ОУВС-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр (2018.05.09) Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн 4 дэх шатны үнэлгээг хийхээр манай улсад ажиллаж буй Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб, тус сангийн Монгол дах суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн байдал болон ирээдүйн хандлагын талаар ярилцаж, санал солилцов

Уулзалтад Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн эдийн засагчид болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсгийн гишүүд түрээсийн орон сууц хөтөлбөрийн явцтай танилцлаа

УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, М.Билэгт нар “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг эргэн харах, иргэдийн хүсэлт хүлээн авах, бүртгэх, гэрээ байгуулах зэргийг нэг цонхны үйлчилгээний зарчимд шилжүүлэх, орон сууц хүлээлцэх, түрээсийн орлого, түүнийг захиран зарцуулж байгаа байдал, ахмадын болон түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэд тухайн байрандаа амьдарч байгаа эсэхтэй газар дээр нь танилцахаар өнөөдөр /2018.05.09/ “Буянт-Ухаа II” хороололд ажиллалаа.
УИХ-ын гишүүд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу “Буянт-Ухаа II” хорооллын оршин суугч, Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдсан өндөр настан Н.Дорждэрэм болон иргэн Г.Түмэнжаргал нарынхаар зочилж, тэдний нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Дараа нь “Буянт-Ухаа II” хорооллын дунд баригдсан 250 хүүхдийн цэцэрлэг дээр тус хорооллын оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг эргэн харах нөхцөл шаардлагыг танилцуулж, иргэдийн асуултад нь хариулт өгөв.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ түрээсийн орон сууц зорилтот бүлэгтээ очих ёстой. Гэтэл 2012-2014 оны байдлыг харахад зорилтот бүлэгтээ биш зорилго, санаатайгаар өөр хүмүүсийг хамруулсан явдал байгааг тэмдэглээд, Өргөдлийн байнгын хороонд хаяглаж, ахмадын болон түрээсийн орон сууцанд хамруулж өгөхийг хүссэн 600 гаруй өргөдөл ирээд байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүд, аймаг, хотын удирдлагуудад олон тооны өргөдөл байна. Тиймээс иргэдийн хүсэлт хүлээн авах, бүртгэх, гэрээ байгуулах зэргийг нэг цонхны үйлчилгээний зарчимд шилжүүлэх шаардлагатай гэлээ.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа II” хорооллын хоёрдугаар ээлжийн 972 айлын түрээсийн орон сууц энэ ондоо багтаж ашиглалтад орохоор байгаа. Газар дээр нь ажиллаад иргэдтэй уулзахад олон санал гарч байна. Тухайлбал, шинээр баригдсан хорооллын хувьд ус зайлуулах хоолой, автомашины зогсоол, граж, СӨХ-ийн үйлчилгээ хангалтгүй, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хүрэлцээгүй байгааг хөндөж, цаашид цогцоор нь анхаарахыг сануулж байна. Түүнчлэн зарим иргэд орон сууцаа хувьчилж авах сонирхолтой байгаа бол зарим нь түрээсийн босгыг багасгаж өгөхийг хүсэж байна гэв.
Улсын Их Хурлын гишүүдтэй Барилга, хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпораци (ТОСК), Нийслэлийн орон сууцны корпорацийн холбогдох албаны хүмүүс явлаа.
Засгийн газрын 2018 оны 81 дүгээр тогтоолоор “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах тухай” тогтоол батлагдан “ТОСК” ТӨҮГ-ын захиалгын дагуу баригдаж байгаа нийт 1562 айлын орон сууцны барилгыг Хөгжлийн банкны санхүүжилтээр 2018 оны 10 сард багтаан барьж дуусгахаар төлөвлөж байна. Үүнд “Буянт-Ухаа 2”-ын 2 дугаар ээлжийн 972, Говь-Алтай аймгийн 120, Дундговь аймгийн 20, Орхон аймгийн 315, Хөвсгөл аймгийн 135 айлын орон сууц хамаарч байгаа гэж ТОСК-аас мэдээлэв.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн мэдээлэлд Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдан газраа чөлөөлж, түрээсийн байранд амьдарч байгаа 491 айл, өрхөөс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 132 өрх, 14-р хороонд 50 өрх, түр оршин суух байргүй, газраа чөлөөлсөн 182 өрхийн 86 өрхийг нийслэл, компаниудаас тус тус хамруулсан, мөн 2018 оны 2 дугаар улиралд 154 айлын орон сууцыг ашиглалтад оруулан газраа чөлөөлсөн 223 айлаас 154 өрхийг түр оршин суух байраар хангаж үлдсэн 69 иргэдийн асуудлыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороолол Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч Моннис Урбан девелопмент ХХК-ийн баригдаж байгаа 336 айлын орон сууцнаас шийдвэрлэхээр төлөвлөж байна гэсэн мэдээлэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Олон хүүхэд үрчилж авсан эмэгтэйг баривчлав

Хятадын хойд хэсгийн Хэбэй мужийн засаг захиргаа 118 хүүхдийн ээж Ли Лижуан гэх эмэгтэйг баривчилжээ. Тэрбээр үрчилж авсан хүүхдүүдийнхээ тусламжтайгаар мөнгөжиж байсан аж. “Global Times”-д мэдээлснээр Ли Лижуан 1996 оноос хүүхэд үрчилж авч эхэлжээ. Тэрбээр есөн жилийн дараа “Хайрын тосгон” гэх хувийн асрамжийн газар байгуулсан байна.

22 жилийн дотор 118 хүүхэд үрчилж авсан түүнийг Хятад төдийгүй дэлхий даяар биширч байжээ. Харин Ли Лижуан хүмүүнлэгийн байгууллагадаа Засгийн газраасаа мөнгө авч, түүнийгээ өөртөө хадгалдаг байсан аж.

Эмэгтэйн үрчилж авсан хүүхдүүд нь бүгд өнчин байгаагүй гэнэ. Ли бүсгүй зарим хүүхдийн нэрийг ашиглаж мөнгө олж байжээ. Түүний асрамжийн газраас 74 хүүхдийг гаргаж аваад байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны сайд элчин сайд Элизабет Барсакыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Элизабет Барсакыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаанд ойрын үед төлөвлөгдөж буй айлчлал, арга хэмжээний талаар мэдээлэл, санал солилцжээ. Түүнчлэн Элчин сайд Э.Барсак олон талт хамтын ажиллагааны хүрээнд Франц Улсын Засгийн газраас санаачилсан “Байгаль орчны төлөөх Дэлхийн гэрээ” санаачлагын талаар мэдээлж, хамтарч ажиллахыг хүссэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Инновацийн нээлттэй үзэсгэлэн 2018” болно

БСШУСЯ, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухааны академи, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран “Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Инновацийн долоо хоногийн хүрээнд “Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үе ба Монгол Улсын хөгжлийн асуудлууд”, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” онол практикийн бага хурал, “Инновацийн түншлэл-Хөгжлийн гарц” чуулган, “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” форум, “Инновацийн үзэсгэлэн” зэрэг арав гаруй арга хэмжээ зохиогдох юм.

Уг арга хэмжээний нэг хэсэг болох “Инновацийн үзэсгэлэн” 2018 оны тавдугаар сарын 11,12-ны өдрүүдэд 11:00-18:00 цагт “Улаанбатар чуулга”-ын байранд болно. “Инновацийн нээлттэй үзэсгэлэн” нь Монгол улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд төр, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн түншлэлийг бэхжүүлэн нийгэмд энтрепрёнер сэтгэлгээ, инновацийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулагдах юм.Судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах хүрээнд үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 60 гаруй байгууллага оролцоно. Үзэсгэлэнд 13 эрдэм шинжилгээний байгууллага, 6 Төрийн байгууллага, 41 хувийн хэвшлийн байгууллага тус тус оролцох юм. Үзэсгэлэнд уг байгууллагууд хэд хэдэн чиглэлээр оролцох бөгөөд Үүнд:

  1. Инновацийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж,
  2. Мэдээллийн технологийн бүтээгэхүүн үйлчилгээ,
  3. Төрийн үйлчилгээний инноваци
  4. Нийгэм, соёлын инноваци
  5. Гоо сайхны, эм, био бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн
  6. Инновацийн дэд бүтэц,
  7. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох нийт 7 чиглэлийн 200 гаруй инновацийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд дэлгэн харуулахаар төлөвлөөд байна.

Энэ жилийн инновацийн үзэсгэлэн нь хоёр хоног үргэлжлэх юм. Инновацийн талаарх хязгаарлагдмал ойлголтыг өөрчлөх үүднээс мэдээллийн технологи, нийгэм, соёлын инноваци, төрийн үйлчилгээний инноваци зэрэг инновацийн олон төрлүүдтэй бодитоор танилцах боломжийг олон нийтэд олгож байгаа юм. Түүнчлэн энэ үеэр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд амжилттайгаар яаж нэвтрүүлэх талаар маркетингийн зөвлөгөө өгөх бөгөөд тус үзэсгэлэн нь их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, бизнесийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд, төр, засгийн байгууллагууд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод зэрэг өргөн цар хүрээг хамарч байгаагаараа онцлогтой.

Categories
мэдээ нийгэм

ШУТИС-ийн бизнесийн ахисан түвшний сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд 2018 оны тавдугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин нар төрийн байгууллага, их дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг сайжруулж түншлэлийг бий болгох чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг төр, хувийн хэвшил, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын олон талт хамтын инновацид түшиглэн хөгжүүлэх, нийслэлийн дүүрэг бүрийн тэргүүлэх чиглэлийн салбар бүтээгдэхүүнийг тодорхойлох, үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний чанар, дизайныг сайжруулах, чадавхыг дээшлүүлэхэд сургалт зохион байгуулах зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр талууд хамтарч ажиллах юм. Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ төр, хувийн хэвшил, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлоод талууд үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах нэгдсэн дадлага сургуулилт хийв

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн Байгаль орчны газар, Улаан загалмайн хороо хамтран ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах нэгдсэн дадлага сургалтыг 19 дүгээр хороо, Гүнтийн даваанд зохион байгуулав. Сургалтад Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгчид, 17, 19 дүгээр хорооны Гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүн, байгаль хамгаалагч, морин эргүүлүүд зэрэг нийт 145 хүн хамрагдлаа. Энэхүү сургалт нь ой, хээрийн түймэр гарсан үед богино хугацаанд хохирол багатай унтраах, хор уршгийг арилгахад чухал ач холбогдолтой юм. Сургалтаар ой, хээрийн түймэр гарсан үед зохион байгуулалтын нэгж дамжлагаар нутгийн иргэдийг түшиглэн идэвхтэн байгаль хамгаалагч болон морьт эргүүлүүд байгаль хамгаалагч нарт мэдэгдэж, мэргэжлийн байгууллагыг иртэл түймэр унтраах, түймрийн дэгдэлтийг хязгаарлах, цурманд оруулах арга техникийг зааж сургалаа гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ бямба гаригт болно

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг энэ жил хэзээ зохион байгуулах вэ?

-Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ сарын 12-ны бямба гаригт болно. Энэхүү арга хэмжээг 2010 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай хот болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн байдаг. Тиймээс уг арга хэмжээнд нийслэлийн төр захиргааны байгууллагууд болон бусад аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог жил бүр нэмэгдүүлэн ажиллаж байна.

-Энэ жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих уу?

-Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 3 газарт мод тарихаар төлөвлөсөн. Жил бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьдаг. Үүнээс гадна “Монгол наадам” цогцолбор болон цэвэрлэх лагийн талбайд УСУГ-ын зохион байгуулалттайгаар мод тарих юм. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд чирэгдэл учруулахгүйн тулд дүүрэг бүрт мөн арга хэмжээ зохион байгуулна. Мод тарьж буй бүх газарт үзэсгэлэн худалдаа давхар явагдах болно.

-Энэхүү өдрийг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд хэчнээн мод тариад байна вэ?

-2010-2017 оны хооронд нийт 2 сая 22 мянган мод тарьсан байна. Модыг тарьж болно. Гэхдээ эргээд арчилж, хамгаалан ургуулах нь хамгийн том ажил байдаг. Тэгэхээр иргэдийг тарьсан модоо цаашид арчилж хамгаалан ургуулаарай гэж уриалж байна. Мод тарьснаар ногоон байгууламж нэмэгдэхээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэх, хөрсний бохирдол, хүнд металлуудыг задлах зэрэг маш их эерэг ач холбогдолтой. Тэр тусмаа нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл өөртөө барьдаг чанар нь хүн амын төвлөрөл ихтэй нийслэл хотын орчны бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.