Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Жаст”-ын Ш.Батхүүгийн шоронгоос бичсэн захидлыг “Өдрийн сонин” нийтэлжээ

“ЖАСТ”-ЫН ЗАХИРАЛ Ш.БАТХҮҮ ШОРОНГООС ЗАХИДАЛ БИЧЖЭЭ

Жаст группын захирал Ш.Батхүүг эмнэлэгт эмчлүүлж байхад нь цагдан хорьсон билээ.


Ш.Батхүү өөрийн шалгагдаж буй хэрэг болон Арбитрийн шүүхийн шийдвэр, түүнтэй холбоотой үйл явдлыг тодорхой өгүүлсэн захидал гомдлыг АТГын дарга Х.Энхжаргалд илгээжээ. Тэрбээр мөн манай сониноор дамжуулан дээрх захидлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, ТЕГын дарга Д.Гэрэл нарт хүргэхийг хүссэн юм.

Захидалд дурдсанаар энэ хэргийг ямар нэгэн улстөрийн нөлөөлөлгүй үнэн мөнийг нь олж, шударгаар шийдэж өгөхийг хүссэн байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийг Арбитрийн шүүхэд ялагдуулах сонирхол хэсэг хүмүүст байсан эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулж өгөхийг хүсчээ. Түүний гэр бүл болон өмгөөлөгч нь дээрх албан тушаалтнуудад мөн ийм хүсэлт гаргасан байна. Ш.Батхүүгийн захидлыг товчлон хүргэе.

Монгол Улсын иргэн, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү миний бие эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан таван жил шалгагдаж байгаа бөгөөд хэргийн бодит үнэнийг тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна.

НЭГ. СТАНДАРТ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТУХАЙ

Жаст групп нь 2009 онд Стандарт банкнаас 36.0 сая ам.долларын зээл авсан бөгөөд уг зээлийн үндсэн гэрээ болон барьцаа, баталгаанууд зөвхөн Стандарт банк, Жаст группын хооронд хийгдсэн юм.

Стандарт банкны шаардлагын дагуу “үүргийн гүйцэтгэлийг хангуулах”, Эрдэнэт үйлдвэр болон Жаст группын хооронд байгуулсан “Зэсийн баяжмал худалдах гэрээний эрх шилжүүлэх”, энэ гэрээтэй холбоотой “худалдааны авлагын дансыг удирдах” гэсэн гурван гэрээг Эрдэнэт үйлдвэр болон Стандарт банкны хооронд хийх хэрэгтэй болсон. Стандарт банкнаас ирүүлсэн уг гурван гэрээг аваад Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн удирдлагатай уулзахад саяхан журамд орсон өөрчлөлтийн дагуу ийм төрлийн гэрээнд гарын үсэг зурах боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ гэрээг байгуулах хэрэгцээ, шаардлага манай компанид маш их байгаа тухай тайлбарлахад Эрдэнэт үйлдвэр ямар ч санхүүгийн хариуцлага хүлээхгүй бол олон жилийн хамтын ажиллагаагаа бодоод хуулийн хүрээнд дэмжихээ илэрхийлсэн.

Тиймээс би дээрх гурван гэрээнээс Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн хариуцлага хүлээсэн заалтуудыг хасаад богиносгосон гурван гэрээг хэсэг хугацааны дараа Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтэст үзүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал Эрдэнэт үйлдвэр ямар ч санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэдэг заалтыг гурван гэрээнд нэмж оруулаад Ерөнхий захирлынхаа гарын үсгийг авсан.

Үүний дараа уг гэрээнүүдийг бүртгэн өөрийн хувийг авч үлдээд Стандарт банкны талаас гарын үсэг зурж баталгаажуулсны дараа бүх гэрээнүүдэд үйлдвэрийн тамга дарж өгнө гээд явуулсан. Ш.Батхүү миний бие Улаанбаатар хотод буцаж ирээд өөрт үлдсэн хувиуд дээрээ Эрдэнэт үйлдвэрийн дууриамал тамгыг дарсан.

Дараа нь гэрээнүүдийн бүртгэл хийсэн нүүр болон гарын үсэг, тамгатай сүүлийн хуудсуудыг Стандарт банкнаас ирүүлсэн гэрээнүүдэд сольж хийгээд, сүүлийн хуудаснаас бусад хуудсуудад Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргын гарын үсгийг дуурайлган зураад Стандарт банкинд өгч зээлээ авсан. Үүнээс хойш яг энэ асуудлыг Эрдэнэт үйлдвэртэй дахин ярьж байгаагүй.

Энэхүү зээлийн гэрээнд 2009 онд зээл авснаас хойш 4 удаагийн нэмэлт оруулсан, мөн 2010 онд авсан зээлд нэг удаа нэмэлт гэрээ хийсэн болно. Энэ бүх гэрээнүүд дээр байгаа гарын үсгүүд болон тамга тэмдэгүүд жинхэнэ биш гэдэг нь мөрдөн байцаах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн болон Лондонгийн арбитрийн шүүхийн явцад Европын хараат бус шинжээчдийн дүгнэлтүүдээр удаа дараа нотлогдсон бөгөөд эдгээр нь хавтаст хэрэгт байгаа.

ХОЁР. ЛОНДОН ХОТОД БОЛСОН АРБИТРИЙН ШҮҮХЭД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ САНААТАЙГААР ЯЛАГДУУЛСАН ТУХАЙ

Лондонгийн Арбитрийн шүүхийн ажиллагаанд Европын хөндлөнгийн шинжээч нь хамгийн эхний гурван гэрээнүүдийн сүүлийн хуудсан дахь гарын үсгээс бусад гарын үсгүүд, тамга тэмдэгүүд жинхэнэ биш байна гэдгийг нотолж тогтоосон тул товчхондоо гол зүйл нь энэ гурван гэрээний эргэн тойронд өрнөсөн байна лээ.

2013 оны тавдугаар сараас Стандарт банктай холбоотой зээлийн асуудал шуугиан дэгдээж, үүнийг Мөрдөн байцаах газар шалгаж байхад Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал өөрт үлдсэн байсан богино хэлбэрийн гурван гэрээг тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн хуулийнханд баримтжуулан хүлээлгэн өгсөн байдаг.

Эдгээр гэрээнүүдийн хоёр нь хавтаст хэрэгт авагдсан бөгөөд 2014 онд Мөрдөн байцаах газраас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээчийн дүгнэлт гаргах үйл ажиллагаанд ашиглагдаж байсан, одоо ч хавтаст хэрэгт байгаа.

Урьдчилсан бэлтгэл ажлууд хангагдаж, шинжээчдийн дүгнэлтийг гаргасны дараа 2015, 2016 онуудад болсон Арбитрийн шүүхийн явцад хурал даргалагч шүүгч нь удаа дараа “Эрдэнэт үйлдвэр санхүүгийн ямар ч хариуцлага хүлээхгүй” гэсэн заалттай гэрээнүүдийн эх хувийг шүүхэд гарган өгч шинжилгээнд оруулахыг шаардсан байдаг. Бүр сүүлдээ Эрдэнэт үйлдвэрийн өмгөөлөгч, хуулийн Вэссон Тэйлор компанийн төлөөлөгчдөд эх хувь байгаа эсэхийг өөрсдийн нүдээр харж, байгаа гэдгийг батлахыг хүссэн байдаг боловч тэдгээр нь энэ хүсэлтийг нь биелүүлээгүй.

Европын болон Монголын хуулиар шинжээчид дүгнэлт гаргахын тулд зөвхөн эх хувь дээр ажилладаг бөгөөд энэ тохиолдолд л хуулийн хувьд хүчин төгөлдөр болдог. Маш харамсалтай нь энэ бүх урт хугацааны туршид Эрдэнэт үйлдвэрийн зүгээс Лондонгийн шүүхэд эдгээр гэрээнүүдийн зөвхөн хуулбарыг (копи) гаргаж өгч байсан ба “жинхэнэ гэрээ олдохгүй байна” гэсэн хариу өгсөөр байгаад шүүхэд ялагдаж Эрдэнэт үйлдвэр нь өөрт хамааралгүй асуудлаар их хэмжээний төлбөр төлөх шүүхийн шийдвэр гаргуулсан болно.

Энэ тухай Лондонгийн Арбитрийн шүүхийн шийдвэр (187 дугаар заалт, 55 дугаар хуудас)-т тодорхой заасан бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн гэрээний эх хувийг гаргаж үзүүлээгүй. Тиймээс Стандарт банкинд байгаа санхүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн сүүлийн хуудаснаас бусад хуудсууд хуурамч гарын үсэг, тамгатай гэрээг үндэслэн анхны гэрээнүүдээр авсан 51.0 сая ам.доллар дээр хариуцлага хүлээнэ, бусад нэмэлтүүд дээр хариуцлага хүлээхгүй гэж шийдвэрлэсэн. Гэтэл Жаст групп нь Стандарт банкинд анхны гэрээнүүдээс 88.2 сая ам. доллар төлсөн. Үүнээс харахад Жаст групп Стандарт банкинд зээлээ аль хэдийнээ бүрэн төлсөн гэж үзэхээр байна.

Хэдийгээр Эрдэнэт үйлдвэр Арбитрт 99.99 хувийн ялах магадлалтай байсан боловч шүүх ажиллагаанд хуулийн байгууллагаас алга болсон гэх хамгийн чухал нотлох баримтаасаа болж ялагдсан. Гэсэн ч дахин давж заалдан ялах боломж маш өндөр байсан. Учир нь Арбитрийн шүүхэд давж заалдах хугацаа дуусаагүй үе буюу 2017 оны зун Авлигатай тэмцэх газар шилжиж ирсэн хэргийн материалтай танилцаж байхад нөгөө “алга болсон, олдохгүй байна” гэж байсан гэрээнүүд эх хувиараа байж байсан.

Хоёр жилийн хугацаанд үл ойлгогдох байдлаар олдохгүй байсан гэрээнүүд “азаар” олдоод гараад ирсэн. Эрдэнэт үйлдвэрийн хуулийнхан давж заалдах хугацаа дуусаагүй байсан учир шинээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн уг гэрээгээ үзүүлээд шинжилгээнд оруулж дүгнэлт гаргуулсан бол ялах магадлал асар өндөр байлаа. Харамсалтай нь, Эрдэнэт үйлдвэрийн энэ асуудлыг хариуцсан хуулийн мэргэжилтнүүд энэ талаар бодит зүйл хийхгүй байсаар давж заалдах хугацааг алдсан байна. Үүнд:

-Лондонгийн Арбитрийн шүүхийн шийдвэрт дээр дурдсанаар Эрдэнэт үйлдвэр зөвхөн эхний гэрээнүүдээр өгсөн 51.0 сая ам.долларын хариуцлага хүлээнэ, харин нэмэлтүүдээр авсан зээлд хариуцлага хүлээхгүй гэж шийдвэрлэсэн. Мөн Жаст группын зүгээс гаргаж өгсөн санхүүгийн баримтуудаас харахад эхний гэрээнүүдээр авсан 51.0 сая ам.долларын зээлээ бүрэн төлж барагдуулсан. Одоо төлөгдөөгүй үлдсэн дүн нь Эрдэнэт үйлдвэрийн хариуцлага хүлээх ёсгүй нэмэлтүүдээр авсан зээл гэдэг нь нотлогдсон.

-Хэрэв давж заалдах явцад Эрдэнэт үйлдвэрийн хуулийн мэргэжилтнүүд энэ асуудлыг зөвөөр гаргаж, мэргэжлийн өндөр түвшинд ажилласан бол Эрдэнэт үйлдвэр төлбөр төлөх, хариуцлага хүлээхгүй байх хууль зүйн боломжтой байсан юм.

-Лондонгийн шүүхийн эцсийн шийдвэрт бас нэг ноцтой зүйл байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн зүгээс энэ асуудлаар нэг ч удаа маргаж, эсэргүүцэж байгаагүй учир 48.0 сая ам.долларын хүү, торгууль, алданги оногдуулж төлүүлэхээр боллоо гэсэн шийдвэр юм.

Эрдэнэт үйлдвэр ялах бүрэн боломжтой шүүх хуралд санаатай үйлдлүүдийн уршгаар ялагдсан, мөн давж заалдах боломж байсаар байхад /шүүхийн шийдвэрт “хэрэв Эрдэнэт үйлдвэр ХХК санхүүгийн хүнд байдалд байгаа бол балансаа авчирч үзүүлсэн тохиолдолд баталгааны асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн”/балансаа гаргаж өгөлгүй боломжоо алдан 100 орчим сая ам.долларын төлбөр төлөхөөр болсон.

Гэсэн хэдий ч Эрдэнэт үйлдвэр үнэхээр буруугүй учир төлбөрийг хийхгүй байх хууль зүйн боломж одоо ч гэсэн байгаа.

1958 онд Нью-Йорк хотноо байгуулсан “Гадаадын арбитрийн байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай” конвенцид Монгол Улс 1994 онд нэгдэн орсон. Уг конвенцийн дагуу Лондонгийн Арбитрийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Монголын шүүхэд Арбитрийн шийдвэр болон тухайн шийдвэрийг гаргахад үндэслэл болгосон материалуудыг эх хувиар нь ирүүлж, Монголын шүүхийн шийдвэрээр баталгаажин түүнийг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагаар хэрэгжүүлэх ёстой.

Стандарт банкинд байгаа Эрдэнэт үйлдвэртэй холбоотой гурван гэрээ ирсэн үед тэдгээр нь хуурамч гэдгийг нотлох бүрэн бололцоотой. Энэ тохиолдолд Эрдэнэт үйлдвэр өөрийн буруугүй зүйлд төлбөр төлөх шаардлагагүй болно. Ийм хууль зүйн боломж байсаар байтал энэ асуудлыг олон нийтэд санаатайгаар мушгин гуйвуулж ойлгуулан, байдлыг дэвэргэн хурцатгаж, гүтгэлгийн шинж чанартай улс төржүүлж, олон улсын конвенци болон хуулиас гадуур яаран сандран Эрдэнэт үйлдвэр болон улс орныг хохироох замаар төлбөрийг гадаад руу хийлгэхээр улайрч байгаа нь түүнээс хувь хүртэх, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн маш том сонирхол байх магадлал өндөр байна.

Сүүлийн үед УИХ-ын хэсэг гишүүд Жаст группын Стандарт банкнаас авсан зээл Эрдэнэт үйлдвэрийн дансаар дамжсан мэтээр мэдэгдэл хийж байгаа нь огт үндэслэлгүй худал зүйл юм. Уг зээлийн нэг доллар ч Эрдэнэт үйлдвэрийн дансанд ороогүй бөгөөд энэ нь ч тогтоогдсон.Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж зээл авсан гэж ярьж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой гол барьцаа нь Жаст групп болон Эрдэнэт үйлдвэр хоёрын хооронд байгуулсан зэсийн баяжмалын гэрээ бөгөөд энэ гэрээнд нэг ширхэг ч хувьцаа барьцаалах тухай үг, өгүүлбэр байхгүй.

Стандарт банкинд гаргаж өгсөн Монгол, Оросын талын хувь нийлүүлэгчдийн шийдвэр нь хуурамч гэдэг нь нотлогдсон. Монголын тал Оросын талтай хамтын шийдвэр гаргалгүйгээр их хэмжээний зээл авах, батлан даалт гаргах, тэр тусмаа хувьцаа барьцаалах огт боломжгүй юм.

Гэмт хэргийн шинж чанартай дараахь ноцтой үйлдлүүдийг мөрдөн байцаалтын шатанд онцгой анхаарч, яаралтай шалгах шаардлагатай байна. Үүнд:

1.Эрдэнэт үйлдвэр өөрийн буруугүйг нотлох хамгийн гол баримт болох “Эрдэнэт үйлдвэр ямар ч санхүүгийн хариуцлага хүлээхгүй” гэсэн заалт бүхий гэрээнүүдийн эх хувийг ямар зорилго, сэдлээр Лондонгийн арбитрийн шүүхэд хоёр жилийн туршид гаргаж өгөөгүй, Вэссэн Тэйлор компанийн хуульчид юуны учир уг гэрээнүүдийг өөрсдийн нүдээр харж, баталгаажуулаагүй вэ? Улмаар бүрэн ялах боломжтой шүүх хуралд ялагдаж, улсыг асар их хэмжээний өөрт хамаагүй төлбөрийн дарамтад оруулах нь хэнд ашигтай байсан, тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, энэ ажлыг хариуцаж байсан эрх мэдэлтнүүд, тэдний хөлслөн авсан хуулийн компанийн үйл ажиллагааг шалгах,

Тэдний ярьж байгаагаар УМБГ хэргийн материалд авагдсан эх баримтуудыг хуулийн хүрээнд гаргаж өгөөгүй, ядахдаа хавтаст хэрэгт эх хувь байгаа гэдгийг нүдээр үзэж, баталгаажуулах боломжийг хоёр жилийн хугацаанд олгоогүй, ийм гэрээнүүд байхгүй гэж Эрдэнэт үйлдвэрийнхнийг төөрөгдүүлж байсан бол энэхүү санаатай үйлдлийг шалгах;

2. Лондонгийн Арбитрийн шүүхээс давж заалдах боломжийг олгосоор байхад тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн энэ ажлыг хариуцаж байсан эрх мэдэлтнүүд санаатайгаар давж заалдах хугацааг үхүүлж, Эрдэнэт үйлдвэрийн өөрт хамааралгүй төлбөрийн дарамтыг баталгаажуулсан үйлдлийг шалгах;

3.Эрдэнэт үйлдвэрийн тодорхой эрх мэдэлтнүүдийн үйлдлээс болж давж заалдах хугацааг үхүүлсэн ч өнөөдрийг хүртэл төлбөр төлөхгүй байх хуулийн боломж байгаа. Гэтэл 100,0 орчим сая ам.долларыг төр болон олон нийтийг илт төөрөлд оруулах замаар олон улсын конвенци болон хуулийн гадуур төлүүлж, түүнээсээ ашиг хүртэх гэсэн хууль бус оролдлого хэвлэл мэдээллийн зарим хэрэгслийн оролцоотойгоор хийгдэж байна. Энэ үйлдлийг шалгуулах;

4. Монголын хуулийн байгууллагуудаар таван жилийн турш шалгагдах явцад Эрдэнэт үйлдвэрийн нэг ч хувьцааны асуудал уг зээлтэй холбоогүй. Лондонгийн Арбитрийн шүүхийн ажиллагааны явцад ч ийм зүйл байхгүй нь нотлогдсон. Гэтэл санаатайгаар асуудлыг мушгин гуйвуулж, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн хувьцаагаа алдаж байгаа мэтээр худал сурталчилж, энэ зээлийг авахад ямар ч оролцоогүй байсан хүмүүсийг санаатайгаар гүтгэн доромжлох зохион байгуулалттай ажил хэрээс хэтэрч байна. Мөн олон нийтэд огт үндэслэлгүй мэдээлэл тараан дэврээж, нийгмийн сэтгэлзүйд үзэн ядалт төрүүлэх ажиллагааг зохион байгуулж, өдөөж байгаа этгээдүүд, тэдний энэ үйлдэл олон нийтийг бусад иргэд, төрийн эсрэг өдөөн турхирч, нийгмийн журмыг алдагдуулах санаархал байгаа эсэхийг шалгаж өгнө үү.

Ш.Батхүү миний бие нь чихрийн шижин өвчнөөр 35 гаруй жил өвдөж байгаа. 2013 онд есөн сар хоригдсоны улмаас энэ өвчний хүндрэлүүд илэрч, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдахад хүрсэн.

Би таван жилийн турш эрүүгийн хэргээр шалгагдан, бүх мэдүүлгээ өгсөн. Манай компанид татвар, нийгмийн даатгалын шалгалтуудыг хийж, банк санхүү болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан. Мөн олон улсын өндөр зэрэглэлийн шинжээчдийн дүгнэлт, Лондонгийн Арбитрийн шүүхийн явцад тухайн зээлүүдтэй холбоотой бүх тоонууд нэхэмжлэгч Стандарт банкныхтай таарч байгаа. Мөн энэ зээлийн мөнгө бүгд Жаст группын данс руу орж байсан, уг зээл Хадгаламж банк болон Олон Овоотын төсөлд зарцуулагдсан зэрэг нь санхүүгийн баримтуудаар тогтоогдсон. Стандарт банкнаас авсан уг зээлийг миний бие нь олон зуун мянган харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эрсдэлд оруулахгүйн тулд аргагүйн эрхэнд өөртөө бүх эрсдлийг үүрч, банкныхаа дүрмийн санг нэмж байсан.

Ийнхүү Хадгаламж банкинд оруулсан Стандарт банкны зээлийн мөнгөнөөс миний хувьд ямар ч ашиг олоогүй, хүртээгүй. Харин ч банкаа улсад хууль бусаар хураалгаснаар 97 сая гаруй ам.долларын шууд хохирол амссан. Гэтэл намайг залилан мэхлэх гэмт хэрэг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон, зөвхөн залилан мэхлэх аргаар амьдарч байсан мэтээр ял тулгаж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй.

Миний зүгээс гэмт хэрэг хийх ямар ч бодол, сэдэлгүй байхад дахин гэмт хэрэг хийж болзошгүй гэсэн огт үндэслэлгүй зүйлээр эмнэлэгт эмчлүүлж байхад хорьж саатуулсныг дараахь агуулгатай гэж үзэж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Миний эрүүл мэнд, амь насанд ноцтой эрсдэл үүсгэх;

Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэрийг Лондонгийн арбитрийн шүүхэд ялагдуулж, дараа нь санаатайгаар давж заалдах хугацааг үхүүлж, хуулийн гадуур 100 сая гаруй ам.доллараар улсыг хохироон завших боломж олгох;

Гуравдугаарт, Хэрэв миний амь нас эрсэдвэл дээрх тун ноцтой хэргийн шинжтэй этгээдүүдийн хэрэг замхарч, над руу хамаг бурууг чихэн, хийгээгүй хэргүүдэд гүжирдэн, асар их улсын мөнгө завших боломж үүсэхээр байна.

Миний бие энэхүү захидлыг илгээж байгаагаараа өөрийн гаргасан алдаа, гэм бурууд тохирсон хариуцлагыг хүлээхээс зайлсхийсэн зүйл байхгүй. Харин энэ хэрэгт огт хамааралгүй хүмүүсийг хэлмэгдүүлэх, хийгээгүй хэрэгт гүтгэн гүжирдэх нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй гэдгийг илэрхийлж байна. Миний хийсэн үйлдэл дээр дөрөөлж хууль, шударга ёсноос гадуур өөрсдийн гэм бурууг далдлах, улсыг хохироож ашиг хонжоо олох гэсэн хэсэг бүлэг этгээдүүдийн сонирхол байгааг үгүйсгэхгүй.

Жаст групп нь олон мянган ажилчид, тэдгээрийн гэр бүлийн ажил амьдралыг залгуулж, цаашлаад улсынхаа ачааг ч нуруун дээрээ үүрэлцэж явсан. Ингэхдээ би бизнесийн итгэлцэл, харилцагчийнхаа эрсдэлийг хамгаалах зарчмыг баримтлан ажиллаж байсан. Би жирийн нэгэн л бизнесмэн. Ямар ч бизнес эрсдэл дагуулдаг.

Бодит үнэн тогтоогдож, шударга ёс ялна гэдэгт эргэлзэхгүй байна.

Жич: 2018 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр С1 телевизээр гарсан сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлгийн талаар болон түүнд цөөн хэдэн үг хэлье гэж бодож байна.

Уг нь миний ярьсан зүйлийг бүтнээр нь гуравдугаар сарын 19-ний өдөр гаргахаар тохиролцож өөрийнх нь хүсэлтээр хоёр цаг орчим ярилцлага өгсөн. Харамсалтай нь, миний яриаг таслан эсрэг утгатай эвлүүлэг хийж гаргасанд туйлын их гайхаж байна.

Өөрийнх нь хэлснээр, эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж бодит үнэнийг олон түмэнд хүргэхээр ажиллаж байгаа гэсэн учир уулзаж, бичлэг хийлгэсэн билээ. Би бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байхдаа олон хүнд эргэх нэхэлгүйгээр бизнесийн хувьд хөл дээрээ босоход нь тусалж байсан. Тэдний нэг нь сэтгүүлч Л.Мөнхбаясгалан билээ. Дөнгөж бизнесээ эхлээд сандруу явахад нь хүний хувьд сэтгэлээсээ дэмжиж байсныг сэтгүүлч маань мартаагүй байх гэж найдаад түүний хүсэлтийг зөвшөөрсөн. Ийм учраас өгсөн ярилцлагыг эсрэг утгатай болгон, эвлүүлэг хийнэ гэж санаанд орсонгүй.

Уг ярилцлагыг 2018 оны гуравдугаар сарын 10-ны өдөр 20-22 цагийн хооронд Баянгол ресторанд өгсөн ба хэрэв хоригдвол олон нийтэд хэт тэнцвэргүй байдал үүсгэж болзошгүй гэж үзсэн тул өөрчлөлтгүйгээр гаргана гэж найдсан. Энэ хэрэг 2013 оноос таван жилийн турш шалгагдаж байгаа тул хууль хяналтын байгууллага нь байр сууриа үнэн бодитоор илэрхийлнэ гэж үзэж байсан учраас хэвлэл мэдээллийн байгууллагад огт хандаж байгаагүй.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд ахмад хүний хувьд хэлэхэд, амьдралын амаргүй үеийг туулж байгаа үед итгэж болох хүн гэж найдаж, болсон үйл явдлын талаар бүх мэдээллийг өгч, үгийг минь тэр чигээр нь хүргэнэ гэж бодсон. Ярилцлагыг хэсэгчлэн авч эсрэг утгатай болгон олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь бурхны номоор ч, сэтгүүлчийн ёс зүйн хувьд ч туйлын тоогүй үйлдэл бөгөөд өнөө маргаашдаа болж байгаа мэт санагдаж байвч алс хэтдээ буцахдаа шороо тээх зам гэдгийг анхааралдаа авах биз ээ.

Хүндэтгэсэн Ш.БАТХҮҮ

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга Б.Цэрэндоржийн гудамжийг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гарган Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг хэвээр үлдээн, иж бүрэн тохижуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Хотын даргын гаргасан захирамжид “Монголын барилгын үндэсний ассоциацтай байгуулсан Хамтран ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороны нутаг дэвсгэрт байрлах Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагад нийцүүлэн орчин үеийн архитектур төлөвлөлтийн шилдэг шийдлийн дагуу иж бүрэн тохижуулах ажлыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулах”-ыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон НХТЕТГ-т тус тус даалгасан байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: Агаарын тээврийн салбарт либериалчлал хийхийг Ерөнхий сайд дэмжиж байгаа

Ж.Бат-Эрдэнэ зурган илэрцүүдУИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-“МИАТ” ТӨХК-ийн захирлыг өөрчлөх тухай та ярьж байгаа. Хэзээ солих гэж байна вэ?

“МИАТ”ийн захирлын ажиллах хугацаа дуусах нь ирэх тавдугаар сарын 16ны өдөр. Миний хувьд үзэхдээ заавал хугацааг нь хүлээх шаардлагагүйгээр салбарынхаа хөгжлийн бодлогыг эн тэргүүнд тавьж дотоод бүтцийн өөрчлөлтийг хийгээд явъя гэж харж байгаа. Төрийн өмчийн хороонд МИАТ-ийн даргыг солих хүсэлтийг хүргэчихсэн байгаа. ТӨХ өнөөдөр хуралдаж байгаа.

-“МИАТ”-ийн гүйцэтгэх захирал Т.Тамирыг солих гэсэн нь ямар учиртай юм бэ. Захирлыг сольж өөрчлөх гэж байгаатай холбоотойгоор танд энд тэндээс шахалт ирж байх юм уу?

-Салбарыг шинэчилэх, хөгжүүлэх, либериалчлал явуулахад зарим нэг хүмүүсийн эрх ашиг яригдаад эхэлсэн. Шулуухан хэлэхэд энэ салбарт монопольчлогдсон, салбарт зүүгдэж амьдрах гэсэн хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх гээд байна л даа. Иргэний нисэхийн либериалчлалыг явуулахын тулд “МИАТ”ийн эрх ашиг хөндөгдөж байна. Өнөөдөр “МИАТ” гэдэг компанийг өргөж тойглож явах нь маш чухал уу, эсвэл тийзний үнийг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал уу. Үндэсний “МИАТ гэдэг компанитай байх ёстой юу гэвэл байх ёстой. Энэ компанид өөрчлөлт хийх, менежментийг сайжруулах зах зээлийн тогтолцоонд оруулахыг зорьж байна. Өнөөдөр “МИАТ”-ийн төлөөлөгч гэж Берлин, Сөүлд 78 хүн ажиллаж байх жишээтэй. Наад зах нь ийм олон хүн тэнд ажиллах шаардлагагүй. Бас л хэн нэгний шахаас, түлхээсүүд тэнд байгаа шүү дээ. Үнэндээ “МИАТ”ийн зардлыг багасгаад эхлэхээр зардал дээр тоглож байдаг бизнесийн шахаанууд хумигдаж алга болчих гээд байгаа хэрэг. “МИАТ” саяхан түрээсийн гэрээ хийхдээ алдаа гаргаснаас болж гадныханд гурван сая ам.доллар алдсан нь үнэн. Энэ бол буруу гэрээ хийсэн л асуудал. Онгоцоо буцаасан тохиолдолд хэрхэх вэ гэх мэт нөхцөл байдлаа хамгаалсан заалтыг гэрээндээ дутуу тусгасны харгай. Энэ мэт алдаа цөөнгүй гарч ирсэн. “МИАТ”ийн шатахуун нийлүүлэлт дээр гэхэд тендерийн шугамаар өрсөлдөөнийг бий болгож, шатахууны үнийг тодорхой хэмжээгээр буулгах ёстой. Одоогийн байдлаар “Сод Монгол” ХХК литр тутмыг 1100 ам.долларын өртгөөр нийлүүлж байна.

-“МИАТ”-ийн захирлыг солих тухай таны шийдвэрийг Засгийн тэргүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжиж байгаа юу?

-Элдэв янзын бодитой бус мэдээллүүд гарч байна л даа. Ерөнхий сайд энэ салбарт либериалчлал хийхийг харин чиг дэмжиж байгаа. Зүйтэй гэж үзэж байгаа. Зөвхөн Ерөнхий сайд төдийгүй УИХ-ын танхимын гишүүд агаарын тээврийн салбарт шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа.

-Энэ хаврын УИХ-ын чуулганаар Засгийн газрын нэр бүхий зургаан сайдыг өөрчлөх яриа сонстох боллоо. Таны нэр дунд нь байна?

-Сайд нарыг солих тухай дам яриа захиалгаар түгээд байгаа юм болов уу гэж би харж байна. Засгийн газар дээрээ шүүмжлээд ажил төрөл нь болохгүй гэх мэт яриа огт явагдаагүй. Энэ бодитой яриа биш. Миний хувьд яахав дээ. Хариулт хэлэхэд, манай салбарт өөрчлөлт шинэчлэлт хийх гэж “зодолдож” байсан сайд өнгөрсөн хугацаанд хичнээн байв. Салбараа сайн мэддэг ажлын туршлагатай нь бас хэд байв. Миний хувьд “МИАТ”-ийн ТУЗ-ийн дарга байхдаа ч асуудлыг дэвшүүлэн тавьдаг байсан. Салбарын шинэчлэлийг ярихтай зэрэгцээд эрх ашиг нь хөндөгдөх гээд байгаа хүмүүсийн дэмий яриа бас гарч л байна.

-“МИАТ” олон жилийн турш өрсөлдөөнгүй, үр ашиг багатай явж ирсэн гэдэг нь үнэн. Агаарын тээвэрт либериалчлалыг хийснээр тийзний үнэ хичнээн хувиар буурах вэ?

-Гол нь энэ салбарт өрсөлдөөнийг л бий болгоно. Манайд хямдхан нислэгүүд орж ирэх бололцоотой. Ачаа багатайгаар, хоол унд заавал өгөхгүйгээр хямдхан нислэг хийдэг газрууд гадны улс орнуудад бий. Би “МИАТ”-тай холбоотойгоор зарим нэг эрх ашгийн тухай ярья л даа. Төрөөс иргэний агаарын тээвэрт баримтлах 2020 он гэсэн бичиг баримтад Сөүл, Бээжин рүү ганцхан тээвэрлэгч ниснэ гээд тусгачихсан байгаа. Энэ заалтыг тухайн үеийн УИХ баталсан. МИАТ-ийг ганцхан явуулах энэ шийдвэр монопольчлол мөн биз дээ. Би үүнийг болиулна. Хоёрдогч, гуравдагч тээвэрлэгч орж ирэх ёстой. Өрсөлдөөн бий болохоор тийзний үнэ буурна. Гэтэл “МИАТ” өнөөдрийг болтол өрсөлдөгч битгий оруулж ирээч, бид унах гээд байна гээд уйлаад гүйгээд байна шүү дээ. “МИАТ”-ийг өрсөлдөгчгүй байлгах нь чухал уу, эсвэл өрсөлдөөн бий болгож тийзний үнийг бууруулах нь хэрэгтэй юу. “МИАТ”-ийг зах зээлийн өрсөлдөөнд оруулахгүй байх гэрээг хэн хийсэн гээч.

-Хэн гэж?

-2013-2014 онд энэ салбарын сайд байсан хүн хийсэн. Сөүл, Бээжин рүү дан ганц нисч буй “МИАТ”-ийн ноёрхлыг нь одоо болиулна. Ийшээ нисэх саналтай компаниуд саналаа ирүүлээд ороод ир. Үүний зэрэгцээгээр авиа компаниуд өрсөлдөөнөөр орж ирэхийг нь дэмжих хэрэгтэй. Одоо манайд “Эйр Чайна”, “Корэйн Эйр”, “Туркиш”, “Эйр Бусан” гэсэн авиа компаниуд нисч байна. Өрсөлдөөн бий болох үед “МИАТ” болон дээрх компаниуд бүгд зардлаа танаж эхэлнэ. Дандаа татаасаар явж ирсэн орон нутгийн онгоцны буудлыг хувийн хэвшлийнхэнд менежментээр яагаад өгч болохгүй гэж. Энэ мэтчилэн либериалчлал нэрийн ард хийгдэх олон ажлууд бидний өмнө хүлээгдэж байна. Төмөр зам, иргэний нисэх гэх мэт салбар болгонд дотоодын эх орныхоо бүтээгдэхүүнийг авч ашиглах сайдын тушаалыг би өмнө нь гаргасан байсан юм. “МИАТ”-ийн хувьд гэхэд чихэр печень, ундаа шүүснээсээ эхлээд дотоодоосоо яагаад хэрэглэж болохгүй гэж. Бодит байдлаас үзэхэд ундаа, шүүснээсээ эхлээд хэн нэгэн нь гаднаас оруулж ирж нийлүүлж байгаа хэрэг шүү дээ.

-Тухайлбал, “Туркиш Эйрлайнз” орж ирэхээр санал тавиад байгаа билүү. Үүний цаана үндэсний тээвэрлэгч компанийг унагах эрсдэл бий талаар бас яригдаж байгаа. Та үүнд ямар хариулт хэлэх вэ?

-Нислэгийн тоо нэмэх санал тавьж байгаа. Үндсэндээ Европын орноос нислэгийн нэг том өрсөлдөөн л бий болно. Саяхан манайд болсон эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон аялал жуулчлалын салбарынхан либериалчлалыг хоёр гараа өргөөд дэмжиж байна лээ. Нэг сая жуулчин орж ирж нэг хүн 1000 ам.доллар үлдээнэ гэж тооцоход Монголд наад зах нь нэг тэрбум ам.долларын ашиг орлого орж ирнэ гэсэн тооцоолол гарсан байна. Гэтэл “МИАТ” жилдээ 50-хан тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Иймд “МИАТ”-ийн эрх ашгийг эхлээд ярих ёстой юм уу эсвэл тэрбум ам.доллар орж ирэх бололцоотой Монгол Улсын эдийн засгийн үр өгөөжийг бодох ёстой юу. Өнөөдөр агаарын тээвэрт либериалчлал хийх гээд байгаагийн цаана улс орны өөрийн эрх ашиг, ард түмний эрх ашиг нэгдүгээрт яригдана. Аялал жуулчлал хөгжихөд гэртээ сууж буй нэг хөгшин ч ганц дээл зарж орлого олог. Нэг рестораны эзэн жуулчдад нэг таваг хоол зараг. Эх орондоо шингэх үр өгөөж ингэж нэмэгдэнэ. Ямартаа ч манай аялал жуулчлалынхан тийзний үнэ буурах аваас жуулчдыг хангалттай авчирч чадна гэдгээ хэлж байна. Иргэд ч гэсэн хямд үнэтэйгээр гадагшаа явах эрхтэй байг. “МИАТ” манай улсын үндэсний ганцхан компани биш шүү дээ. “Хүннү эйр”, “Аэр Монгол” гэх мэт үндэсний хувийн компаниуд бий. Дотооддоо өрсөлдөөнийг шударгаар оруулж ирье. Гаднаас санал тавьж байгааг нь бодлоготойгоо уяж бас дэмжиж өгье. Гадаад урсгал аль болох чөлөөтэй байх ёстой. Аль болох тийзний үнэ хямдхан өртөгтэй байх ёстой. Үүний тулд гадаад, дотооддоо ч үүд хаалгаа нээж өгцгөөе. Алийн болгон “МИАТ” гэдэг компанийн оршин тогтнох тухай санаа зовнисоор салбарыг өрсөлдөөнгүй, үнэ өндөртэй байлгаж явах ёстой гэж.

-Одоо манайх хичнээн улс руу шууд нислэг үйлдэж байна вэ. Гадаад урсгал нэмэгдэх бололцоо бий юу?

-Одоо Берлин, Москва, Сөүл, Бээжин, Япон, Хонгконк, Бусан руу шууд нислэг хийж байна. Банкокийн нислэг хаагдахдаа тулсан. Одоо Турк, Казакстан руу нисэх саналууд ирж байна. Нислэгийн чиглэлийн тоог нэмэх ёстой нь үнэн. Өнгөрсөн хугацаанд “МИАТ” дампуурчихна гэсэн үндэслэл дүгнэлтээс болж зарим нэг нислэгүүд хаалттай байсан нь үнэн.

-Шинэ Нисэх буудал ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Ямар цар хүрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулах вэ?

-Шинэ Нисэх буудлыг энэ оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр ашиглалтад өгнө гэж тооцож байгаа. Шинэ нисэх буудлын менежментийг концессын гэрээний дагуу менемжентийг манай улс Японы талтай хамтарч авч явна. Японы тал 51 хувь, Монголын тал 49 хувийг эзэмшинэ. Одоо Японы талаас гаргасан байгаа 500 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 30 жилийн хугацаанд төлсөн байхуйц үр ашигтай ажилласан байх гэсэн гол болзлыг тавьж байгаа. Одоогийн тооцооллоор шинэ нисэх буудал дээр хураамж багахан хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байгаа. Хуучин нисэх буудлыг манайхан дотооддоо нисэх буудлаар ашиглах эсвэл сургалтын төв байдлаар ашиглах тухай ярьж байна. Гэхдээ ямар байдлаар ашиглах вэ гэдэг дээр судалгаа хийгдэж оновчтойг нь сонгоно.

-Салбарт барьж буй гол бодлогуудыг асууя. Монголын төмөр замд ямар бодлого барьж байна вэ?

-Анх Монголын төмөр замыг барихдаа аливаа хөрөнгө оруулалтыг дотооддоо шингээхийн тулд үндэсний компанитай болъё гэж зорьж “Монголын төмөр зам” ХХК-ийг байгуулсан. “Улаанбаатар Төмөр зам”-ын хувьд оросуудтай санал зөрөлдөх зүйл гарвал гэх байдлаар үндэсний компанийг тусдаа байгуулсан хэрэг. Өнөөдөр бидний барьж буй гол бодлого бол дотооддоо хэрхэн үр ашигтайгаар шийдвэрлэх вэ гэдгийг барьж байна. Удахгүй хуульд нэгэн өөрчлөлтийг оруулахаар төлөвлөж байгаа. Олон улсын зарчмаар төмөр зам нь нэг тусдаа өмч байдаг, зам дээр гүйж байгаа хөдлөх бүрэлдэхүүнүүд бас тусдаа өөр компанийн өмч байдаг. Ингэж суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн хоёрыг тус тусад нь салгаж үздэг. Одоо бол хоёулаа “Улаанбаатар Төмөр зам”-ын өмч байгаа. Яваандаа ингэж салах ёстой. Төмөр зам дээр хэний ачаа явж байна вэ гэдгээс шалтгаалж төмөр зам барих асуудал яригдана. Таван толгойгоос гарч буй нүүрс “Эрдэнэс Таван толгойн” өмч. Зүй нь “Эрдэнэс Таван толгой” нүүрсээ гадагшаа зөөхийн тулд мөнгөө гаргаж төмөр замаа барих ёстой. Бид улсаас 200 гаруй сая ам.доллар гаргаад төмөр зам барьчихсан байгаа ч дахин нэмж 300-400 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг өөрсдөө хийж байж ашиглалтад оруулна. Нэмж хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа бол нүүрс авч буй тал төмөр замыг үргэлжлүүлэн барьж болно. Тэгэхээр нэг бол одоо нүүрс экспортолж байгаа компаниуд нэгдэж замаа бариад нүүрсээ зөөх, эсвэл нүүрс худалдаж авах хэн нэгэн хөрөнгө оруулалт хийж зам тавиулаад түүгээрээ нүүрсээ зөөж таарна. Засгийн газраас тун удахгүй Таван толгойг хэрхэн ямар байдлаар яаж ашиглах, дэд бүтцийн гэх мэт гол бодлого шийдвэрийг гаргахаар зэхэж байна.

-Хоёр хөрш оронтой дамжин өнгөрөх тээврийн тарифын асуудлаар зөвшилцөлд бүрэн хүрсэн гэж байгаа. Энэ талаар…?

-Дамжин өнгөрөх тээврийн тарифын асуудлаар хоёр хөрштэйгөө тарифын хэлэлцээр хийж байгаа. ОХУ-тай 2009 оноос хойш хэлэлцсээр сая шийдэлд хүрлээ. Монголоос Ванина, Владивосток боомт хүрэх үнэ, урдуур Тяньжин хүртэл нүүрс тээвэрлэх үнэтэй өрсөлдөхүйц, ижил байна. Урд үнэ хямд байвал бид оросуудтай ярилцаж тэр хямд үнийг баримтлах л том тохиролцоонд есөн жилийн дараа хүрлээ. Тяньжин руу болон Ванинагаар дамжин Влидивостокоор далайд гарах нэгжийн үнэ адилхан байх ёстой. Үүнийг Оросын талтай тохирсон. Энэ гэрээ ирэх тавдугаар сард албан ёсоор гарын үсэг зурагдаж баталгаажина гэж ойлгож байгаа. БНХАУ-ын талд саналуудаа өгсөн байгаа. Энэ нь мэдээж геополитекийн өргөн хүрээнд харж шийдэгдэх асуудал. Ямартаа ч хоёр хөрштэйгөө гарын үсэг зурж буй зорилго нь далайн боомтод хүрэх ижил тэгш харилцааг бий болгохыг зорьж байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

Дуучин Чулууны Батцэнгэл: Дэлхийн дуучин Пүрэвдорж багштайгаа шавь барилдсан азтай хүн дээ, би

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Монгол Улсын консерваторийн дуулах ур зүйн багш, дуучин Чулууны Батцэнгэлтэй уулзаж хөөрөлдлөө. Тэрээр бие даасан тав дахь тоглолтоо дөрөвдүгээр сарын 20-нд толилуулахаар бэлтгэлдээ ороод байгаа аж.


-Монголын Дуурь, бүжгийн эрдмийн театрт нэлээд олон жил дуулсан дуучин маань аль нутгийн хүн билээ?

-Миний өвөг дээдсийн нутаг бол Завхан аймгийн Шилүүстэй сум. Хуучнаар Засагт хан аймгийн Хошууч бэйсийн хошуу. Завханы урд талын дөрөв таван сум, Говь-Алтайн хойд талын Дэлгэр, Тайшир сумд багтах жишээний. Баянхонгорын Баянбулагийн зарим хэсэг ч ордог юм шиг байгаа юм. Үндсэндээ Отгонтэнгэр хайрханы өвөр талд идээшиж ирсэн өвөг дээдсийн удам. Жараад оны дундуур аав, ээж хоёр минь айл гэр болж аймгийн төвд суурьшсан. Аавыг маань жолооч Чулуун гэхээр Завханыхан андахгүй. Тухайн үедээ сум дундын эмчийн анхны жолооч байсан гэдэг. Аймагт ирснээр худалдааны байгууллагад аав сүүний тэрэгний жолооч, ээж Лхамхүү маань худалдагчаар ажиллаж эхэлсэн байдаг. Ээжийн минь нэгэн гавьяа нь долоогийн долоон хүү төрүүлсэн айлын дархан бэр. Би отгон хүү нь юм. Эртний түүхт Улиастай хотод төрсөн дөө. Гэхдээ би Шилүүстэй сумаараа овоглодог.

-Танай сумаас чинь төрийн шагналт яруу найрагч Б.Цэнддоо, Цогдоржийн Бавуудорж нарын алдартнууд төрсөн байх аа?

-Би Завханы 90 жилийн ойд уригдаж дуулахдаа “Жил дараалаад төрдөг төрийн соёрхолтонтой аймаг ховор байх. Тэгэхэд манай сумаас хоёр соёрхолтон төрнө гэдэг гайхамшиг” гэж хэлсэн. Манай Шилүүстэйгээс чинь томоохон бизнесмэн ховор. Хивсний эх бэлдсэн зураач Түмэнбаяр гуай манай сумынх. “Болор цом”-ын түрүү найрагчид Янжинлхам бурхан бүтээж өгдөг Вандандорж гуайн ах шүү дээ. Тэмээчин баатар Бумбаа, хоньчин баатар Нацагдорж нарын ажилсаг мундаг хүмүүс төрсөн нутаг. Нацагдорж гуай бол миний нагац талын хүн. Ууган ах минь Орост сургуульд яваад, удаах нь Дарханд цэрэгт очоод эхний гурван хүү нь амьдралын хөдөлгөөнд оролцоод ирэхэд манайх намайг зургаан настай байхад Дарханд суурьшсан. Ухаан орох цагаасаа л Хараа голын хөвөөн дээр өслөө дөө.

-Урлагт хэдий үеэс шимтэх болов?

-Арван гурав дөрөвтэйгөөсөө урлагт дурласан даа. Би их бүрэг хүүхэд байсан юм. Манай хэдэн гудам Махын хороолол нэртэй. Дарханы Мах комбинатын ойролцоо л гудмууд байхгүй юу. Хүүхдийн баяраар ажилчдын хүүхдүүд Мах комбинат руу аав, ээжийнхээ нэрийг хэлж ороод тэмцээнд оролцоно. Талбайн зургийн, дууны, шүлэг, бүжгийн гээд маш олон тэмцээн явагдана. Зургадугаар ангид байхдаа эхнэр нь тэнд ажилладаг Ёндонжамц гуайн Батсүхийн нэрээр би орж долоон тэмцээнд түрүүлж, долоон бэлэгтэй ирж байлаа. Цаанаасаа л нэг увдис ч гэх юм уу нэг зүйл намайг ингэж урлагт татаж эхэлсэн. Зургадугаар ангиасаа драмын дугуйланд явлаа. Наймдугаар ангид ордог ерээд оны эхээр Дарханы “Залуучууд” театр бараг эзгүйрч эхэллээ. Алдарт Бужгар, И.Нямгаваа, Магсаржав нар хот руугаа яваад үндсэндээ жүжигчидгүй болчихгүй юу. Дараа үеэ бэлдэх бодлого ч байсан юм дугуйлангийн сурагчдаасаа дагалдан жүжигчин авдаг юм. Тэгэхэд би “Наймдугаар ангиа төгсчихсөн” гэж гавьяат жүжигчин “цоохор” Мижиддорж гуайн хүү Цогт найруулагчид худлаа ярьж байж жүжигчнээр орсон. Аав их уурласаан, намайг тэнд жүжигчнээр ороход. Оройгоор аравдугаар анги төгслөө. Дарханы театрт намайг дагалдангаар ажиллаж байхад яруу найрагч Жамьянгийн Болд-Эрдэнэ зураачаар ажиллаж байлаа. Тэр үед намайг утга зохиолд дурлуулсан нэг өгүүллэг байдаг юм.

-Ямар өгүүллэг билээ?

-Зургадугаар ангидаа Сэнгийн Эрдэнийн “Хулан бид хоёр”-ыг уншаад номонд дурласан. Сүүлдээ Чехов, Достоевский гээд дэлхийн сонгодгуудын зохиолд орж эхэлж байгаа юм. Тэгээд л СУИС-д оръё гэж сэтгэл шулуудлаа.

-СУИС-д хэдэн онд элсэв?

-Ерэн тав, ерэн зургаан онд хоёр жил конкурстээд үсэрч байгаа юм. Тэнд хэн бид хоёр үсрээд байна вэ гэхээр найруулагч Жанчивдоржийн Сэнгэдорж бид хоёр байгаа юм. Наймаа төгсөөд мань эр Хүүхдийн театрт гэрэлтүүлэгч хийж байсан юм билээ. Би бас тэр театрт хүүхэлдэйн жүжигчин болно гэж урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч А.Чойсон гуайн шавиар нэг жил ажиллаж байхдаа Сэнгээтэйгээ танилцахгүй юу. Ерэн долоон онд Со ахын дуулдаг “Тогосын цагаан овоо” дууг дууллаа. Шүүгчээр Сугар, Лхасүрэн нарыг сууж байхад нь толгой дээгүүр нь аваад хаячихлаа. Тэгсэн Лайхансүрэнгийн Лхасүрэн багш “Чи жүжигчин болно оо. Нэг л юм хайран байна. Чиний хоолой ямар гоё юм. Чи хоёр давхарт гараад шалгуулаад үз” гэлээ. Дуулаачид бүртгүүлчихлээ. Зуугаад хүүхдээс найм, есөөр шалгарч ямар ч байсан орчихлоо. Хайдав, Пүрэвдорж, Жамьянжав нарын цаст уул шиг ланжгарууд сууж байгаа юм чинь. Багш нар хуваарилсан чинь би багшгүй болчихлоо. Манай ангийн Буриадын ардын жүжигчин Мөнхзул, “Номинталст”-ын Дэлгэрмөрөн, Ариунбаатар нар чинь хөдөлмөрийн баатар Пүрэвдорж багштай хавраас бэлдээд орчихож байгаа юм. Дуучин Хишигбаяр “Тодбаяр жилийн чөлөө авсан. Пүрэвдорж багш нэг хүүхэд авна гэсэн” гэж байна. Уянгаа гавьяат эд нар чинь дасгал уншаад л хачин сайхан байгаа юм чинь. Манай ангид Бат-Эрдэнэ гавьяат, “Классик Жем”-ийн Мөнхбат, Хишигбаяр, Оюумаа нарын авьяастнууд байлаа. Манай анги чинь Дуурийн театрт ангиараа урилгаар орсон юм шүү. Багшийг хар машинтайгаа өглөө ирэхээр л уулздаг ажилтай.

-Хичээл эхэлдэггүй ээ?

-Хорин нэг хоноод уулзтал “Чи надаас ноотоо ав” л гэж байна. Хагас жил явсан чинь миний хоолой болдоггүй ээ. Дуулаачийн хоолойг эмчлэх мэргэжлээр Орост төгссөн хүн Монголд Лхамсүрэн гэж ганцхан эмч байдаг юм. Бусад нь зүгээр хамар-хоолойн эмч нар. Пүүжээ багш “Голын эрэг дээр насаараа архи уучихсан өвгөчүүл дуулж байгаа юм шиг наад хоолой чинь пажигнаад болохоо байлаа” гээд тэр хүн рүү явууллаа. Долоо хоног эмчлүүлсний дараа Сүхбаатар жанжинд тоглодог Дашнамжил гуайн дэргэд “Чи одоо зүгээр” гэж хэллээ.

-Ямар эмчилгээ хийв?

-Хамрын хөндийд байдаг дууны хөвч гэж хоёрхон судас байдаг юм. Тэр рүү тарихгүйгээр цагаан нунтаг эм цацаад, чацарганы тос хийгээд байсан. Хагас жилийн шалгалтаараа гайгүй ч дууллаа. Тэр үед ч бас жүжигчний ангид урвачих санаатай л байгаа юм. Найдандорж найруулагчийн удирдсан Нарансолонго эд нарын анги л даа. Доржсамбуу найруулагч Драмын театрт түүхэндээ жүжигчний мэргэжилгүй хоёрхон хүн авсан байдаг. Нэг нь Баянхонгорын театраас Дорлигжав гуайг, нөгөөх нь Завханы декатаас Завханы Шилүүстэйн сахал Ж.Пүрэвдорж ахыг авчирсан юм билээ. Пүүжээ ах дээрээ давхиж очоод “Би жүжигчин болмоор байна” гэлээ. Алтан-Өлзий гавьяат тэр хоёр ярилцаад ардын жүжигчин Жамсранжав гуайтай уулзууллаа. Би этюд үзүүлээд, дууллаа, шүлэг уншлаа. Ангиа солих гээд байгаа царай нь шүү дээ. Жаамаа тэгэхэд аймаар үг хэлсэн шүү.

-Ямар үг хэлж байх юм?

-“Хонины нэхийг шар устай ганд хийгээд элддэг үү, тэгдэг. Гүйцэд ганд хийгээгүй дутуу идээлүүлсэн арьсыг одоо химийн лабораторид оруулбал жүжигчин болох бол уу, яах бол. Тэрнээс чамд өгөгдөл байна. Шууд чамайг химийн лабораторид оруулчихвал гүйцэд боловсрохгүй бол яахав. Монгол аргаараа гандахаас аргагүй” гэж байгаа юм. Гадаа, тухайн үеийн од жүжигчин, миний найз Дэмидбаатар Пүүжээ ахад “За, та нар хүний амьдрал алчихав” гээд бас санаа тавиастай. Тухайн үед Дэмидбаатар, Одончимэг, Энхтуул нар чинь жинхэнэ одууд байлаа шүү дээ. Пүүжээ багшийнхаа урмаар дуулаачийн ангидаа цаашаа сурсан даа. Пүүжээ багш чинь хүнийг ил магтахгүй шүү дээ. Манай курсээс Хишигбаяр бид хоёр багшийн удирдлагаар сурсан. Их Чайковскийн наадмын шүүгч хүн чинь тийм том байхаас ч яахав. Багшаас үг сонсоно гэдэг хэцүү. Золбин үг сонсоно гэдэг шиг л юм болно доо. Намайг нэг удаа ангидаа дуулж байсан чинь өөрийн шавь Долгормаа гавьяат, Доржхорлоо гавьяат нарт “Манай энэ онгойчихсон байгаа биз” гэхийг сэмээрхэн сонсчихоод мөн ч их баярлаж билээ. Хишигбаяр ч гэсэн миний өмнөөс их баярлаж гарч ирж байлаа.

-Тэр агуу дуучны шавь мундаг байхаас л аргагүй юм байна даа?

-“Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг” гэдэг шиг би өөрийгөө соёлын өв тээгч л хүн гэж бодож явдаг. Зураач, яруу найрагч, хөгжмийн зохиолч чинь урлагийн жинхэнэ бүтээгчид. Энэ нүүдэлчдийн уудам талд дураар омголон өссөн хүүхдүүдийг дэлхийн тайзнаа гарахад гүүр нь болох юм сан гэж бодож багшилж байна. Дуурийн театртаа арваад жил ажилласан.

-СУИС-иа төгсүүт мэргэжлийн театрт ажиллахгүй нийтийн дуу дуулаад явчихсан бол олон түмний танил дуучин болчих байж дээ гэсэн харамсал төрдөг үү?

-Сургууль төгсөх үед урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од багш маань Шанхайн хөгжмийн дээд сургууль дүүргэж ирээд Бат-Эрдэнэ бид хоёрт “Нанжиний намар”, “Хүүдээ” гэсэн хоёр дуу сонсгоод “Чамд энэ таарна” гээд өгсөн юм. Бат-Эрдэнэ “Хонхны нулимс”-ыг, би “Хүүдээ”-г дуулсан чинь хоёулаа хит болж байлаа. Багын найз Сэнгэдорж маань клип хийж өгч байлаа. Ая зохиогч, дуучин Норовын Баасандорж одоо “Чи “Хүүдээ”-гээ дуулсныхаа дараа хэдэн дуу дуулчихсан бол од болох байсан” гэдэг юм. Пүүжээ багш минь “Чи Юндэнд дуулна шүү. “Ламбагуайн нулимс” дуурийн Лодон гэвшид тоглоно шүү” гээд итгэл хүлээлгэсэн болохоор дуурьтаа үнэнчээр үлдсэн дээ.

-Гэхдээ дууриас олсон зүйл их биз?

-Асар их юм олсон. Тэр том айл, асар том хөгжмийн ай саваас их юм ололгүй яахав. Улсын филармонийн оркестр, дуурьтай нийлээд Туулайхүү удирдаад Зундуйн Хангалын “Салхич шувуу” бүтээлийг тоглоход тайзны хөшигний хажуугаас сонсож байгаад өөрийн эрхгүй уйлсан шүү. Юу гэж бодсон бэ гэхээр орчлонд ямар ч их мөнгөтэй, том бизнесмен болсон бай хэрвээ би урлагийн хүн болж төрөөгүй бол ертөнцийн энэ гайхамшгийг мэдрэхгүй байж гэж уйлсан. Урлагийн гайхамшиг үүндээ л байдаг. Зундуйн Хангал гэж хөгжмийн зохиолч арав хорин жилийн өмнө ардчилал гэдэг юмыг зөгнөж үнэрлээд бичсэн бүтээл шүү дээ. Сонсоход л цагаан азарга дэлээ хийсгэн давхиж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Монголын дуурийг дэлхийд гаргасан Ганбат ах, гавьяат Ганхуяг, дуучин Оюунчулуун, Баясгалан нарын сайхан ах нар биднийг их сайхан хүмүүжүүлж өгсөн. 2007 онд төрийн шагналт, ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит “Учиртай гурван толгой”-н улсын уралдаан боллоо. СУИС-ийн айхтар хоолойтой оюутан хүү надтай үлдэж Юндэнгийн дүрд би түрүүлсэн юм.

Тэр хүү бол өнөөгийн дэлхийн дуучин Амартүвшин байлаа. Миний найз нар одоо “Дэлхийд тоосгүй дуучны анхны тоос нь чинийх шүү” гэж намайг дооглодог юм. Амартүвшин дүү маань Ерөө багшийнхаа найранд нэг ширээнд суухдаа “Ардын жүжигчин Гантөмөр гуай үлгэр жишээ Лодон гэвш байсан гэж ярьдаг. Би үзэж амжаагүй. Харин миний үлгэр жишээ Лодон бол Батцэнгэл ах шүү” гэхэд баярласан шүү.

-Төрийн шагналт хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргалын “Ламбагуайн нулимс” ч гайхамшигтай монгол дуурь гэж хөгжим судлаачид, мэргэжлийн хүрээнийхэн шагширдаг. Та гол дүрд нь хэзээ тоглов?

-2008 онд гол дүр Лодон гэвшид тоглосон. Дүрдээ орохын тулд хуйх наадаг байхгүй юу. Үсгүй болгоод цавуудчихдаг болохоор тэр нь таталдаад их хэцүү л дээ. Тоглохоос гурав хоногийн өмнө үсчин рүү ороод үсээ хусуулсан. Ламд тоглохын тулд маань мэгзэм сурч байгаа юм. Тоглолт дууссаны дараа Билэгжаргал ах маань ардын жүжигчин Долгор эгч ч “Энэ бол жинхэнэ лам байлаа” гэж байлаа. Энэ хэтэрхий өөрийгөө магтсан болчихгүй байгаа. Дүрдээ ач холбогдол өгснөө л хэлж байгаа нь энэ л дээ.

-Уран бүтээлийн кино концертоо цомог болгон гаргасан байх аа?

-Нутгийнхаа төрийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудоржтойгоо хамтарч олон уран бүтээл хийсэн.

Анх “Очирваань уулын цагаан үүл нь

Орчлонд намайг дагаж нүүдэг

Мөнхийн ногоон арц нь хүртэл

Мөр замыг минь хучиж ургадаг” гэсэн шүлэгт хөгжмийн зохиолч Даваабазарын Батсүх маань аялгуу зохиож бас ч нэг дууны наадамд тэргүүн байр эзэлж байлаа. Анхны тоглолтоо 2003 онд хийхдээ энэ уран бүтээлээрээ нэрлэсэн. Бөхийн өргөөнд Бавуу бидний шүтдэг амьд хувилгаан Андиа гэгээний үр хүүхдүүд хүртэл ирж үзсэн байсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн Чойгивын Сангидорж багшаасаа 1971 онд яруу найрагч Д.Банзрагчтай хамтран хийсэн “Отгонтэнгэр” дууг нь авч дууллаа.

-“Дорнын намуун Отгонтэнгэр” цомогт олон дуу орсон уу?

-Гавьяат жүжигчин С.Батсүхийн хөгжим, төрийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн шүлэг “Дорнын намуухан Отгонтэнгэр” дуугаар нэрлэсэн цомог л доо. Саяхан гавьяат болсон Намсрайн Лутбаярын шүлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн ая “Бадар хундага”, төрийн шагналт ардын жүжигчин Л.Мөрдоржийн ая, Д.Доржсүрэнгийн шүлэг “Отгонтэнгэр”, Бавуу бид хоёрын “Андиа гэгээн”, Д.Бэхбатын ая, Л.Гаваасүрэнгийн шүлэг “Отгонтэнгэр ууландаа би хайртай”, төрийн соёрхолт Б.Шарав, Ц.Бавуудорж “Наробанчэн гэгээн”, Ш.Өлзийбаяр, Ч.Алтантүлхүүр хоёрын “Мөнх тэнгэрийн уул”, хөгжмийн зохиолч Д.Сүхбаатар, Ц.Бавуудорж хоёрын “Ялгуусан хутагтын уул” гээд нэлээд дуу энэ цомогт минь орсон доо. “Отгонтэнгэр ууландаа би хайртай” дуу гэхэд өчнөөн олон жилийн өмнө зохиогдсон дуу шүү дээ.

“Гурван хангайд дуурсах аялгуу

Гунан бугын урамдах дуутай

Орчлонд мэндэлсэн миний өлгий

Отгонтэнгэр ууландаа би хайртай” гэсэн сайхан үгтэй дуу байдаг даа.

-Тоглолтоо хэзээ хийх гэж байна даа?

-Тав дахь бие даасан тоглолтоо дөрөвдүгээр сарын 20-ны 19 цагт “Ulaanbaa­tar palace”-ын концертын их танхимд үзэгчдэдээ толилуулахаар бэлтгэл ажилдаа ороод явж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

ОХУ-аас импортолж буй эмнүүдийг Монголд үйлдвэрлэх боломжтой

МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч Доктор О.Одгэрэлтэй ярилцаа.


-Биотехнологич, генийн инженер мэргэжлийг яагаад эзэмших болов. Биологийн хичээлд илүү сонирхолтой хүүхэд байв уу?

-Тийм ээ. 10 жилийн сурагч байхдаа биологийн хичээлд илүү сонирхолтой байсан. Тийм ч учраас энэ чиглэлийн мэргэжил сонгож их сургуульд орсон. Тэр үед Баярлхагва, Мөнгөнсүх багш нар маань энэ генетикийн салбарт илүү дур сонирхолтой болгосон доо. Хичээлээ их өвөрмөц байдлаар заадаг байсан.

-Энэ мэргэжлийн талаар товч таницуулахгүй юу?

-Генийг өөрчилж хувиргаад, генээс бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйл явцыг хийдэг гэж ойлгож болно. Энэ төрлийн мэргэжилтнүүд Монголд олон байдаг ч яг ажиллаж буй нь цөөн. Сүүлийн үед генетикийн инженерийн мэргэжлийг сонирхож суралцаж байгаа оюутнууд олон болсон нь сайшаалтай. Бүр дунд сургуулийн хүүхдүүд ч надаас энэ мэргэжлийн талаар асууж зөвлөгөө авч байсан удаа олон. Олон улсад генетикийн инженерийн мэргэжлээр суралцах сонирхолтой оюутнууд ч байдаг.

-Та энэ салбарын залуу эрдэмтэн хүн. Хийж бүтээсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд олон байгаа болов уу. Энэ талаараа танилцуулахгүй юу?

-Германд докторт суралцаж байхдаа эрдэмтэдтэй хамтарч хийсэн ажлууд гэж хэсэг юм бий. Яг өөрөө санхүүжилтээ босгоод, оюутнуудтай хамтарч ажиллаад бүтээсэн ажил ч байгаа. Энэ ажлууд хоорондоо их өөр ялгаатай л даа. Германд хийсэн ажил гэвэл хулганы генийг өөрчилж, тухайн өөрчилсөн генээс шалтгаалж хулганад ямар өөрчлөлт явагдаж буйг судалдаг ажил байсан. Энэ илүү суурь судалгааны чиглэл байсан гэж хэлж болно. Хажуугаар нь стем селл вөөдл эсийн судалгаануудыг хийдэг байсан. Ийм ажлууд Монголд хийгдэх шаардлагагүй л дээ. Миний Монголд ирээд хийж буй хамгийн том ажил бол анх удаа генийн инженерчлэлийн технологиор энтерпром гэж эм бүтээсэн явдал. Энэ нь хүний цагаан эсээс ялгардаг уураг. Энэ уургийг хавдрын өвчин, янз бүрийн вируст халдварын үед эм болгож хэрэглэдэг. Үүнийг бүтээснээрээ монгол эрдэмтэд хамтраад генийн инженерчлэлийн аргаар ямар нэгэн бүтээгдэхүүн хийх, үйлдвэрлэх чадвартай боллоо гэдэгээ харуулсан. Үүнийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн био бэлдмэлийн үйлдвэрт үйлвэрлүүлж олон улсын стандартын дагуу хөндлөнгийн лабораториор баталгаажуулаад сертификатаа аваад байгаа. Улмаар бид энэ үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг хийлээ. Үйлдвэрийн технологи зураглалыг хийсэн. Энэ ажлуудыг Эрүүл мэндийн яам, БСШУсЯ-аас хэрэгжүүлж буй цөм технологийн төслийн хүрээнд гүйцэтгэсэн.

-Хулганы генийг өөрчилсөн гэхлээр сонирхолтой санагдаж байна. Энэ судалгааг хэр хугацаанд хийсэн бэ. Ач холбогдол, зорилго нь юу байсан бол?

-Энэ суурь судалгаа л даа. Хулганы VSIJ 1 гэсэн генийг дотор нь устгана. Гэхдээ эхлээд констрактуудыг хийгээд вөөдл эсрүү шилжүүлж үүнийг хөврөл рүү оруулаад хулгана гаргаж авдаг. Улмаар хулгануудаа үржүүлж гаргадаг юм л даа. Энэ бол 11 жилийн хугацаа шаардсан ажил. VSIJ гэсэн хулганыг гаргаж авахад хулганы биед юу болж байгааг судалдаг. Үүнийг үзэхэд ходоодонд нь хавдар үүссэн байсан. Ингээд үзэхэд VSIJ нь ходоодны хавдырг дарангуйлж буй гень болох нь харагдаж байгаа юм. Яваандаа энэ нь ходоодны вөөдл эст нийлэгждэг ген болох нь тодорхой болсон. Хүн 22600 орчим мянган гентэй. Тэр бүхний үүргийг мэдэх ёстой байдаг. Ерөнхийдөө биологийн шинжлэх ухааны хамгийн анхны зорилго энэ. Шинэ мэдлэг үүсгэж байна гэсэн үг шүү дээ. Үүнд л хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Монголд иймэрхүү ажлыг хийх шаардлага байхгүй. Бид илүү мөнгө олох ажилд явах шаардлагатай. Монголчууд гаднаас юу худалдаж авч байна, хамгийн том валютын гадагшлах урсгал юунд зарцуулагдаж байна гэдгийг судалж тухайн технологийн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх ёстой.

-Та судалж гаргасан эмээ илүү тодорхой танилцуулахгүй юу. Ач тус нь юу бол?

-Элэгний “C” вирусийн эм Монголд орж ирэхээс өмнө өндөр ач холбогдолтой байсан. “C” вирусийн эм 2014 онд орж ирээд үндсэндээ ач холбогдол нь унасан. Олон улсад ч ялгаагүй л дээ. Үүнээс өмнө “С” болон “D” вирусийг устгахад тогтмол хэрэглэдэг байсан. Жишээ нь, Эбола вирус 2014 онд дэгдсэн шүү дээ. тэр үед бидний бүтээсэн энтерпроор л эмчилж байсан. Үүнийг цусны цагаан эсийн хавдрын үед хэрэглэдэг. Энэ нь хүний дархлааг дэмжиж, вирусийн халдвар авсан эсүүдийг цагаан эсд барьж өгдөг. Хоёрдугаарт, эрүүл эс өвчтэй эс хоёрын хооронд хил тогтоож өгөөд хамгаалдаг үйл ажиллагаатай эм.

-Хийж бүтээсэн ажил олон байгаа юм байна. Монголын генетикийн эрдэмтдийн ур чадвар олон улсад аль хэр үнэлэгддэг вэ?

-Бусад улстай харьцуулаад шалгаж байгаагүй л дээ. Гэхдээ их хоцрогдоод байгаа асуудал байхгүй. Монгол эрдэмтэд хилийн чанадад очоод сурахдаа бусад орны эрдэмтдийг бодвол илүү хурдан суралцдаг сайн талтай. Харамсалтай нь яваандаа “зэврэх” гээд байдаг талтай.

-Энэ юутай холбоотой вэ. Олон улсын хэмжээнд боловсрол эзэмшсэн эрдэмтдээ дэмжээд, ажиллах нөхцөл боломжоор хангаж өгдөг үү. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Жишээ нь, БНХАУ Монгол хоёрыг харьцуулъя л даа. Сүүлийн үед БНХАУ-ын их дээд сургуулиас боловсорч гарсан, био технологийн үйлдвэрийн эрдэмтэд хүчтэй гарч ирж байна. Энэ нь Хятад хүн онцгой ухаантай даа биш. Тэд системийн хүрээнд үүнийг хараад бий болгож чадаж байна. Хүн бол тухайн системийн нэг л хэсэг. Тиймээс эрдэмтдээ харьцуулахад дундаж монгол эрдэмтэд дундаж Хятад эрдэмтнээс илүү. Гэхдээ системийг ингэж босгож байгаагийн хувьд Хятадын төр, нөөц бололцоо чадал нь өөр. Тиймээс тухайн био технологи, генетикийн инженерийн салбарыг хөгжүүлнэ гэдэг зөвхөн эрдэмтдээс хамаардаг зүйл биш. Тиймээс төр засаг биднийг огт дэмжихгүй байна гэж хэлж болохгүй. Боломжийнхоо хүрээнд дэмжиж байгаа. Гэхдээ боломжгүй зүйл гэж байна шүү дээ. Бид суурь судалгааны чиглэл хөгжүүлээд алдагдалтай л даа. Үндэсний стратеги гэдэг утгаараа ашигтай байж болох ч мөнгөний хувьд алдагдалтай. Тэр мөнгөний алдагдлыг нөхөх хэмжээний хөрөнгө манайд байхгүй. 1990-ээд онд ОХУ манайх хоёрын био технологи бараг ижил түвшинд байсан. В.Путин гарч ирээд Ростехнологи компанийн харьяанд олон жилийн түүхтэй Эфитимлогийн хүрээлэнг шууд оруулсан байна лээ. Энэ хүрээлэн нь судалгаагаа хийхийн хажуугаар, үйлдвэрлэл явуулаад эхэлж байгаа юм л даа. Одоо Монголд зарагдаж байгаа ихэнх молекул биологийн оношлуурууд бүгд Эфитимлогийн хүрээлэнгийн инновацийн бүтээгдэхүүн. Үүнийг л манайхан авч хэрэглэдэг. Гэтэл манайд үүнийг хийх бүрэн боломжтой, их амархан. Гагцхүү зохион байгуулалтын л асуудлууд байгаа.

-Энэ мэргэжлийн давуу тал, онцлог юу вэ?

-Магадгүй гадаадад энэ мэргэжлийг эзэмшсэн хүн өндөр цалин авдаг байх. Манайд бол хөдөө аж ахуйн салбарт их анхаарч байна шүү дээ. Малын гаралтай түүхий эд боловсруулах, малын вакцин хийх гэх мэт. Үүнд энэ төрлийн мэргэжилтнүүд шаардлагатай байгаа. Хиймэл үр тогтоох, ихэрлүүлэх технологиуд дээр ажиллаж болдог. Эсвэл мах, сүү хадгалалтын технолги дээр ч ажиллах боломжтой. Био технологич хүн энэ салбарт хэрэгцээтэй байдаг.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

Тэгсэнд орвол тэгсэн нь дээр

-ФЕЛЬЕТОН-

Ард түмэн эсэргүүцэж байна.

-Шинэ барилга барина гэнэ үү, тэр буруу. Тэгсэнд орвол хуучин барилгаа нураагаад эргүүлж барихыг шаардаж байна.Хуучнаасаа салах нь шинэчлэлийн үндэс гэдэг сургаалыг санацгаая.

-Цалин нэмэх гэж байгаа нь буруу. Энэ буруу үйлдлийг даруйхан зогсоогоод, түүнийхээ оронд ажлын хөлсийг нэмэгдүүлэх ёстой.

-Хуучин барилгаа нурааж байна гэсэн үү? Ард түмээн, түүхийн дурсгалаа хамтдаа хамгаалцгаая. Дэлхийн хөгжингүй орнуудад хуучин барилгаа нураахын оронд шинэ барилга барьдаг. Дэлхийн жишгээр хөгжихийг хатуу сануулж байна.

-Төрийн албаны орон тоог цөөрүүлэх нь буруу. Манай төр дандаа буруу юм хийх гээд байгаа нь харамсалтай. Тэгсэнд орвол төрд ажиллаж байгаа хүмүүсийн тоог цөөлөх ёстой. Эсвэл улсын төсвөөс цалинждаг ажлын байруудыг багасгасан ч болно.

-Гүүр барих гэж байгаа нь тодорхой боллоо. Гүүр барихыг бол эрс эсэргүүцнэ. Тэрний оронд гүүр тавих ёстой.

-Уул уурхай ашиглахыг хатуу эсэргүүцэж байна. Тэгсэнд орвол баялгаа ухсан нь хамаагүй дээр.

-Гадаадын зээл тусламж хэмээх шившигт явдлыг зогсоохыг шаардана. Тэгсэнд орвол баян орнуудаас мөнгө гуйсан нь хамаагүй дээр.

-Хулгайчийн гарыг тасалдаг хуулийг сэргээхийг шаардаж байна. “Үзүүрийг таслахаар үндсийг тасалдаг төртэй байхыг хүснэ”. Гар байгаа учраас л халаасны хулгай гардаг гэсэн судалгаа байна. Хулгайчийн гарыг таслаад иргэдийн халаасыг оёчихвол хамаг асуудал үндсээрээ шийдэгдэнэ.

-Согтуу хүмүүсийг эрүүлжүүлж байгааг төрөөс зогсоох ёстой. Хүн өөрийн санаачилгаараа эрүүл бус болж байхад чинь. Эргүүлээд эрүүлжүүлдэг нь юү гэсэн үг вэ? Хүний эрх зөрчин эрүүлжүүлсэн иргэдээ эргүүлж согтоон хуучин хэвд нь оруулж байхыг шаардъя.

-АТГ луйварчдыг барьж байна гэнэ үү? Тэр буруу. Даргыг нь солих хэрэгтэй. Авлигачдыг барих биш тавих ёстой. Хэд сайн тавиад өгөхөөр хулхи нь буухгүй хаачдаг юм бэ, муусайн авлигачид.

-Дэлгүүрт “Хүүхдийн сүү” зарж байгааг эсэргүүцэж байна. Хүүхдийг саах нь муухай. Тэгсэнд орвол “Насанд хүрсэн хүний сүү” зарах нь хамаагүй хүмүүнлэг. Бодвоос, том хүнээс их ч сүү гарна.

-Машиныг дугаараар явуулна гэнэ үү? Эсэргүүцэж байна. Тэгсэнд орвол дугуйгаар нь явуулбал хамаагүй хямд тусна.

-Хятадууд орж ирж байгааг эргүүцэж байна. Монголын төр хятадуудыг ирүүлэхгүй оруулах арга бодож олох ёстой. Тэгж чадахгүй бол ядахнаа тэднийг оруулахгүйгээр ирүүлэхийг шаардаж байна.

-Машины дугаарын тэгш сондгойгоор явуулах гэж байгаа нь тэнэг үйлдэл. Тэгсэнд орвол нэг өдөр нь тэгш тооны машиныг хөдөлгөөнд оролцуулаад, маргааш нь хотод явж байгаа машины нийлбэр сондгой тоотой байхаар зохицуулбал хамаагүй хямд тусна.

-Тэр “Жорлонгоо өөрчилье” гэнэ үү? Тэрийг сайн ойлгоогүй ч гэсэн эсэргүүцэж байна. Ер нь ойлгож ядаад байх юмгүй, буруу л байж таарна. Жорлонгоо өөрчилсөнд орвол бие засалтаа өөрчлөх нь, бие засалтаа өөрчилсөнд орвол идэхээ өөрчилсөн нь хамаагүй дээр.

-Бас тэр “Хөрсний бохирдол” яриад байгаа хүмүүст “Хөрсний бохирдолтой тэмцсэнд орвол агаарын бохирдолтой тэмцсэн нь хамаагүй дээр” гэдгийг сануулъя. Харин “Агаарын бохирдолтой тэмцэх хороо”-ныхонд “Хөрсний бохирдол их байхад та нарын наад хийж байгаа чинь ямар ч нэмэргүй” гэдгийг сануулах юун.

-Цөөн хэдэн хүн төрийн өмчийг хулгайлж байгааг эсэргүүцэж байна. Олонх нь тэгээд яах болж байна.

-Ерөнхийлөгч “авлигачидтай тэмцэнэ” гэж байна. Тэдэнтэй нийлж оогт болохгүй. Тэм-цэх гэж байгаа бол авлигачидтай биш, бидэнтэй хамт тэмцэх хэрэгтэй. “ленин бидэнтэй”, “Нам ард түмэнтэй”…мэднэ ээ?

МИАТ-ыг хувьчилна гэнэ үү? Тэр болохгүй. МИАТ-ыг хувьчилж идэх гэж байгаа юм. МИАТ-ыг идэж болохгүй, тэгсэнд орвол уусан нь хамаагүй дээр.

Эрдэнэтийг яана гэнэв, тэр ёстой буруу. Яасанд орвол яасан нь хамаагүй зөв.

-Ард түмэн жагсах гээд төв талбай дээр ирэхээр тэнд нь ард түмэн жагсаж байдаг энэ замбараагүй байдлыг эцэслэхийг бас шаардаж байна.

-Эцэст нь, эсэргүүцмээр юм ч олдохоо байсныг эсэргүүцэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Жаст”-ын захирал Батхүү Эрдэнэт үйлдвэрийг Лондонгийн арбитрийн шүүхэд ялагдуулах нь хэнд ашигтай вэ хэмээн шоронгоос захидал бичжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы Пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Баримт, үйл явдал” нүүрт Жаст группын захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэрийг Лондонгийн Арбитрийн шүүхэд ялагдуулах нь хэнд ашигтай вэ?” хэмээн шоронгоос бичсэн захидалдаа өгүүлжээ. Түүний захидлыг “Өдрийн сонин” уншигч та бүхэнд товчлон хүргэж байна. Ш.Батхүүг эмнэлэгт эмчлүүлж байхад нь цагдан хорьсон билээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Улс төрийн хүчнүүд ашиг хонжоо хайх үүднээс “засаг огцорно” гэдэг яриа гаргаж байж магадгүй” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Өдрийн сонин”-ы “Үйл явдлын мөрөөр” буланд “Дархан цаазтай бугыг төрийн тусгай хамгаалалттай газарт агнасаар байх уу” хэмээн өгүүлсэн байна.

“Улс төр” нүүрээс Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэж харах цаг болсон” хэмээн ярьсныг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Тэгсэнд орвол тэгсэн нь дээр” хэмээн өгүүлжээ.

Ардчилсан намын Улс төрийн бодлогын нарийн бичгийн дарга П.Нүрзэд “Ротаци бол дүрмийн хүрээнд хийж байгаа намын дотоод ажил” хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Өөрөөс нь…” нүүрт Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар “Л.Чинбат бол МҮБХ-ны албан ёсны тэргүүн” хэмээн ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагвагаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Залуучууд судлал- 2017” эмхэтгэлийн нээлт боллоо

Монголын залуучуудын холбоо НҮБ-аас зарласан “Тогтвортой хөгжлийн бодлого”-ын хүрээнд “Сошиал ертөнц дэх сэтгэцийн эмгэгийн илэрц”, “Боловсрол- Хэрэглээгүй боловсрол”, “Хүний эрх- Эрх бол хөгжихүйн үндэс”, “Хөдөлмөр эрхлэлт- Ажил олгогчид юу хүсдэг вэ?”, “Жендерийн мэдрэмжтэй залуу хүн”, “Залуучуудын нийгмийн оролцоо” гэсэн зургаан сэдвээр эрдэм шинжилгээний уралдаан зарласан. Залуучуудын өмнө тулгамдаж буй асуудалд гарц шийдэл олохоор илтгэлд ирүүлсэн материалуудаас судалгаа сайн хийсэн шийдэл олсон шилдэг санаануудыг шүүж авжээ.

Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй:

-“Бидэнд Монголын хүн амын гуравны нэг нь залуучууд гэхээс өөр тоймтой тоо хэлэх зүйл байхгүй. Ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй, боловсролын түвшин гэх мэт нарийвчилсан судалгаагүй. Харин залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг дэмжих бодлогын хүрээнд “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний уралдааныг зохион явуулдаг болсон” хэмээн ярив.

Уралдааны шилдэг бүтээлийн нэгээр шалгарсан “Отгонтэнгэр” хууль зүйн сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Э.Баасансүрэн илтгэлийнхээ талаар.

-“Би “Хүний эрх- Эрх бол хөгжихүйн үндэс” сэдвийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын эрх, тулгамдаж буй асуудал”-ын талаар илтгэлээ бэлтгэсэн. Энэ сэдвийн хүрээнд 100 хөгжлийн бэрхшээлтэй залуусын дунд судалгаа хийж сурах орчин, нөхцөл ямар байгааг судалсан. Сурч боловсрох орчны таатай нөхцөл хамгийн дутмаг. Тусгай сургууль тэргэнцэртэй хүнд зориулсан налуу замтай өөр сургуулиудад тийм зам байхгүй. Соёл урлагийн их сургууль тумгай зориулалтын замтай болж тэнд сурдаг хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад сурахад дөхөм болсон. Гэвч сургууль дотроо шатаар гарах бие засахад их хүндрэл учирдаг гэдгийг судалгаанд оролцсон хүмүүс хэлсэн” гэж ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төв, захуудад шалгалт хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ сарын 2-ны өдөр захирамж гарган Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлаг, үзвэр, үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд шалгалт хийхийг үүрэг болголоо. Мөн захирамжаар дээрх чиглэлээр шалгалт явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон шалгалтад хамрагдах барилга байгууламжийн хуваарийг баталсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан шалгалт явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 4-23-ны өдрүүдэд хуваарьт газруудад шалгалт хийх аж.

Галын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын шалгалтад нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрлах томоохон 50 худалдааны төв, зах хамрагдах юм. Тухайлбал, Скай худалдааны төв, Бөхийн өргөө, Нарантуул ОУХТ, Шөнийн зах, Драгон худалдааны төв, Алтжин бөмбөгөр, Дүнжингарав, Оргил, Номин, Хоме Плаза, Тэнгис кинотеатр, Улсын цирк зэрэг байгууллагад шалгалт хийнэ. Энэхүү шалгалтад хамрагдах барилга байгууламжийн хуваарь, нэрсийг олон нийтэд нээлттэй мэдээлж байна гэж НЗДТГын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

​Туркийн Ерөнхий сайд Монголд айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым 2018 оны 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, түүний дотор хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, зам, тээвэр зэрэг харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцоно.

Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсад хийх айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболдод тус тус бараалхана.