Categories
мэдээ нийгэм

“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ

Шалгалтын явцад сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрөөр тухайн өдөр түгээсэн хоолноос дээж авч Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын төв лабораторит илчлэг, шимт бодисын хэмжээг тодорхойлуулахаар нийт 44 дээж, цэвэрлэгээ, халдваргүйтгэл шалгах зорилгоор арчдас 166, ундны усны 35 дээж авч шинжлүүлж, дүгнэлт гаргажээ. Шалгалтаар илэрсэн зөрчилд нийт 8.600.000 төгрөгний шийтгэвэр ногдуулж барагдуулжээ. Хяналт шалгалтын дүнг нэгтгэж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн НЗДТГ, НБГ, НӨХГ, ШУТИС-тай хамтран 239 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, бага ангийн сурагчдын хоол хүнсний чанар, аюулгүй байдал, сургалтын орчин, сургуулийн цайны газруудад хэрэглэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтад нийслэлийн төрийн өмчийн 134, төрийн бус өмчийн 105 сургууль хамрагдлаа. Ерөнхий боловсролын сургуулийн цайны газруудын үйл ажиллагааг “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах” хяналтын хуудас, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг “Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцлийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгч ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Алга болсон хүүхдүүдийн хоёр нь осгожээ

Багануур дүүргийн тавдугаар хороонд иргэн Б-гийнд 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн 14:00 цагийн орчимд тоглож байсан Ч /5 настай, эрэгтэй/, М /5 настай, эрэгтэй/ Б /3 настай, эрэгтэй/ нар алга болсон гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 01:15 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн долоон алба хаагч, нэг автомашин, дүүргийн цагдаагийн хэлтсийн 61 алба хаагч, дөрвөн автомашин, ар гэрийн зургаан иргэн, нэг автомашин, нийт 72 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохиожээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр хүүхдүүдийн хоёр нь осгосон байдалтай олдож, нэг нь эсэн мэнд олдсон аж. Одоогийн байдлаар цасан шуурганд төөрсөн хүүд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг нэгтгэн, цогц зураглал гаргах” хэлэлцүүлэг эхэллээ

Улаанбаатар хотын агаарын бохирдол өнөөдөр нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдрал, эрүүл мэндэд нэн тулгамдсан асуудал болж байна. Агаарын бохирдлыг бууруулахын төлөө Монгол Улсын Засгийн газар болон НЗДТГ нь 73 арга хэмжээ, хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байна.

Өнөөдрийн энэхүү арга хэмжээг НЗДТГ, Дэлхийн банкны “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн Удирдах нэгжтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр салбар салбарын яамд, нийслэлийн засаг захиргаа, төрийн бус байгууллагууд болон олон улсын донор байгууллагуудын хамтын ажиллагаагаар агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийн нэгдмэл зураглал гаргах зорилготой юм.

Нэгдмэл зураглал гаргаснаар энэ чиглэлд үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох боломж бүрдэж буйн зэрэгцээгээр давхардал болон орхигдож буй орон зайг тодорхойлж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилтыг зохистой хуваарилах боломж бүрдэх юм. Энэхүү арга хэмжээнд ЭХЯ, БХБЯ, НЗДТГ, ЭМЯ, БОАЖЯ, Америкийн элчин сайдын яам, НҮБ гэх мэт төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцож байна гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

“Боловсролын сүпермаркет-2018” үзэсгэлэн болно

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас хамтран “Боловсролын супермаркет 2018” үзэсгэлэнг зохиохоор болжээ. Үзэсгэлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 14, 15-ны өдөр 11:00-18:00 цагийн хооронд МҮЭСТО болно. Бүх их, дээд сургууль, гадаадын тэтгэлэг хөтөлбөр, мэргэжлийн боловсролын коллеж, сургуулиуд оролцох юм. Мөн их дээд сургуулиудын мэдээллийг аваад зогсохгүй мэргэжлээ хэрхэн сонгох талаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.


Categories
мэдээ нийгэм

ФОТО: Даяар дуурсагдах дархан аваргыг сүүлийн замд нь үдлээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний баяр наадамд 6 удаа түрүүлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 77 насандаа бурхны оронд заларсан билээ. Ж.Мөнхбат аваргыг сүүлчийн замд нь үдэх ёслол өнөөдөр /2018.04.13/ 04:00-06:00 цагт Спортын төв ордонд боллоо.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцанд гал гарчээ

Орон сууцанд гал гарчээ зурган илэрцүүд

Арвангурав дугаар дугаар хороололд буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 67 дугаар байрны 5 давхарын монсарт шатаж байна гэх дуудлага өнөө өглөөний 08:44 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

“Дуудлагын дагуу гал унтраах хоёр ангийн гурван тасаг ажиллаж байна. Одоогийн байдлаар бэртэж, гэмтсэн хүн байхгүй байна” гэж Нийслэлийн онцгой байдлын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хоёр хүүхэд осгож нас баржээ

Багануур дүүргийн V хорооны иргэн Б-гийнд энэ сарын 11-ны өдрийн 14:00 цагийн орчимд тоглож байсан Ч /5 настай, эрэгтэй/, М /5 настай, эрэгтэй/ Б /3 настай, эрэгтэй/ нар алга боллоо гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 01:15 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн долоон алба хаагч, нэг автомашин, дүүргийн цагдаагийн хэлтсийн 61 алба хаагч, дөрвөн автомашин, ар гэрийн зургаан иргэн, нэг автомашин, нийт 72 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр хүүхдүүдийн хоёр нь осгож, нас барсан байдалтай олдсон бол нэг нь эсэн мэнд олджээ.

Categories
мэдээ нийгэм

Их цэвэрлэгээ хойшиллоо

Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн улмаас “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж, дөрөвдүгээр сарын 21-ний Бямба гаригт зохион байгуулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөс шийдвэрлэлээ.

Бүх нийтийн Их цэвэрлэгээнд хугацаа хойшилсноос өөр ямар нэг өөрчлөлт орохгүй болохыг мэдэгдэж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлт дөрөвдүгээр сарын 21-нд 10:30 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд 11:00-12:30 минутын хооронд нийслэлийн хэмжээнд өрнөх юм. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн харьяа газар, агентлагийн бүх ажилтан албан хаагч, ЕБС-ын Эко клубийн сурагчид, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн ажилтан, албан хаагчид болон үйл ажиллагааг сурталчлахаар автомашины болон мото спорт, ууланд авирагчдын клубууд оролцоно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г. Ундармаа: Жилд болдог онцгой хоёрхон баярын маань нэг нь “Итгэлийн танхим”-ын ажил

Жүжигчин СТА Г.Ундармаа долоо дахь сайн үйлсийн аяны хүрээнд “Сэтгэл зүйн зөвөлгөө өгөх танхим”-ыг тохижуулан Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төвд хүлээлгэн өглөө. Нээлтэд СЗСҮТ-ийн дарга Ц.Ганчимэг, жүжигчин СТА Г.Ундармаа, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, “Оюу толгой” ХХК-ны хэрэг эрхлэх газрын дарга, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Цэрэнхүү, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл оролцов.

Төслийг санаачлан хэрэгжүүлэгч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Жүжигчин Г.Ундармаатай ярилцлаа.

Юуны өмнө танд баярлалаа бас баяр хүргэе! 2013 онд төрийн бус байгууллагаа байгуулаад хэд дэх сайн үйлсээ хийж байна вэ?

-Төрийн хүрч чадахгүй байгаа ард иргэддээ эрүүл мэнд эмнэлгийн байгууллагуудыг өөрийнхөө хэмжээнд ойртуулахаар боломжоороо тусалж эхэлсэн. Энэ ажил маань жил ирэх тусам томорч, өргөжин явсаар байгаа. Анх “Яаралтай түргэн тусламжийн төв”-ийн хүлээн авах тасаг болох 200 м.кв өрөөг тохижуулья гэж бодож эхэлсэн. Харин өнөөдөр долоо дахь тохижилтын ажлаа хийж дуусгаад хүлээлгэн өгч байна. Анх хийе гээд сэдэл төрж байхад би өөрөө л ганцаараа л хийх юм байна даа. Яаж хийнэ дээ гэж бодож эхлүүлж байсан. Тэгээд facebook дээрээ ийм ажил хийхээр төлөвлөж байна гээд пост хийв. Гэтэл маш олон хувь хүмүүс, компаниуд дэмжиж хамтран ажиллах, хандив тусламж өгөх санал ирсэн. Барилгын компанитай нь барилгын материал, хаалга үйлпвэрлэдэг нь хаалга, цонх үйлдвэрлэдэг нь цонх хандивлаж, юу байна түүгээрээ гэдэг шиг намайг дэмжиж урам өгч байв. Энэ бүхнээс харахад бид нэг нэгэндээ тусалья, сайн үйл бүтээе гэж зориход манай монголчууд нэгнийгээ дэмжиж чаддаг, урам хайрлаж ажиллах эрч хүчийг өгч чаддаг юм байна гэж дүгнэсэн дээ.

-Сэтгэл зүйн зөвөлгөө өгөхөд тохилог орчин хэрэгтэй шүү дээ. Яагаад заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажил хийхээр зорив?

-Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан ажил хийх юмсан гэж боддог байсан. Хүн гэдэг яг зориод л хүүе нааш ир гэхгүй л бол урдах ажлаа дийлдэггүй шүү дээ. Тэгээд өөр газрыг тохижуулаад явж байтал Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа СЗСҮТ-өөс надтай холбогдсон. Миний дотроо бодож явсан ажил болохоор шууд л хийе гээд зөвшөөрсөн. Өнгөрсөн оны арван сард бид анх уулзаад ярилцаж эхэлж байсан бол өнөөдөр хийгээд дуусчихлаа. Яагаад заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэтгэл зүйн зөвөлгөө өгөх газрыг сонгосон бэ? гэвэл манай улсын хэмжээнд стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх, хүртээмжтэй орчныг бий болгох нөхцөл маш дутмаг. Манай төслийн баг эхлээд судалгаа хийсэн. Судалгаагаар хэдхэн үйлчилгээний байгууллага стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчныг бүрдүүлсэн. Тэр нь гарын арван хуруунд ч хүрэхгүй цөөхөн. Тэгээд манай төслийн баг ярилцаад нэг зүйлийг биш олон зүйл хийе гэж зорилго тавьсан. Энэ ажил маань хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулсан эхний ажил болж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нийгмээс гадуурхагдаж байна, тэдэнтэй харилцах хүмүүсийн харилцаа ялгавартай байна, хүртээмжтэй орчныг бий болгоё, ганцаараа гэрээсээ гараад явж чадахгүй тэрнээсээ болоод сэтгэл зүйн дарамтад ордог. Үүнээсээ болоод амьдрах итгэл төрөхгүй, хүн шиг амьдрах итгэлгүй гээд тоочоод байдал маш олон шалтгаан байгаа. Энэ талаас нь харж энэхүү танхимаа тохижуулж байгаа юм.

-Зөвөлгөө, тэр дундаа сэтгэл зүйн зөвөлгөө өгөхөд байгаа орчин их нөлөөлдөг. Үүнийг тохижуулахдаа мэргэжлийн хүнээс зөвөлгөө авсан уу?

– Мэдээж эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэний сэтгэл зүйн онцлог, тэдний орчин нөхцөл ямар байх ёстой гээд судалгаа хийсэн. Дараа нь СЗСҮТ-ийн сэтгэл зүйч нараас мэргэжлийн онцлог орчин нь ямар байх ярилцаж хамтран гүйцэтгэсэн. Бид энэ ажлыг сарын хугацаанд хийлээ. Урьд нь Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн нэг жигүүрийг тохижуулсан. 500 м.кв маш том талбайг гурван сарын хугацаатай хийсэн. Энэ сэтгэл зүйн зөвөлгөө өгөх танхим маань 55 м.кв болохоор нэг сарын хугацаанд хийчихлээ.

-Төслийн багтайгаа бүх сайн үйлсийн аяндаа хамтран орсон уу?

-Загвараа хараад засварын баг, зургийн баг гээд бид бүх ажлаа хуваарилаад хийдэг. Одоо харахад манай баг бүрдчихжээ. Чанартай хийдэг болж. Урд нь уйлаад хийсэн шалаа хуулаад хайран таван сая төгрөг гээд харамсаж байсан үе байлаа. Харин өнөөдөр би заавал хажууд нь байж яаж байна, болж байна уу гээд байн байн гүйхээ больж. Энэ төслийн ажил дуустал таван удаа л ирсэн байх. Багаа бүрдүүлээд ажлаа танилцуулаад, материалыг нь авч өгөөд бараа материал хандивласан байгууллага руугаа явдаг ийм л ажил хийлээ. Энэ ажил маань ч их амархан хурдан чанартай болсон. Хүнд зөв юм хийгээд, сайн үйл бүтээгээд бүтээл болгоныхоо ард гараад маш их сэтгэлийн таашаал авч байна. Олон ажлыг хамтран хийгээд байхаар нэг нэгэндээ уусдаг юм байна. Надтай хамт бусад хүмүүсийг аз жаргалтай байлгахын төлөө үргэлж хамтран ажилладагт баярлалаа гэж багийнхаа хамт олонд хэлье. Миний хувьд нэг жилд онцгой хоёр гуравхан баяр болдог. Нэг нь миний уран бүтээлийн нээлт, нэг нь “Итгэлийн танхим”-ын ажлаа хийж дуусгаад хүлээлгэж өгөх юм даа.

-Магадгүй хүмүүс Г.Ундармаа дараачийн удаа юу хийх бол хэмээн сонирхож байгаа байх?

-Би сарын өмнө facebook-ээс нэг зураг харсан. Эх нялхсын хүлээн авах өрөөний зураг. 11 билүү найман хүлээн авахтай. Дарга нь зохион байгуулаад уг нь янзалсан ч хаалгаар нь орохоор хүүхэд том хүнгүй бүгд холилдоод хэцүү. Өвчтнүүдэд их хүндрэлтэй байгаа харагдсан. Манай хотын агаар ямар билээ. Зундаа тоос шороотой, өвөлдөө утаатай. Ийм нөхцөлд хүүхэд том хүнгүй эмнэлгийнхээ үүдэнд шахцалдсан байдалтай байх нь хэцүү. Тиймээс эх нялхсын хүлээн авах өрөөнүүдийг янзалж өгөхөөр төлөвлөөд сарын өмнөөс хийгээд одоо хоёр гуравхан хоногийн дараа дуусгаад хүлээлгэж өгөх гээд ажиллаж байна.

-Энэ цуврал ажлын чинь дараагийнх нь төлөвлөсөн зүйл нь юу вэ?

-Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ орлоготой болох гарцыг ольё, мэргэшилтэй болгоё гэдэг үүднээс гар урлалын сургалтыг СЗСҮТ хийдэг юм байна лээ. Түүнийг нь дэмжээд хэрэглэгдэх материал, хэрэгслийг нь бэлдэж өгсөн. Өчигдөр манай менежер надруу уйлах шахан залгаад манай сүүлийн дөрвөн төсөлтэй хамтран ажиллаж байгаа Заяа гээд залуу байдаг юм. Модоор юм хийдэг. Тэгсэн ханын бариулыг цагаан өнгөөр будаад хэлбэрийг нь өөрчлөөд маш гоёор хийгээд ирсэн байсан. Энэ мэт бааз материалаа ашиглан сургалтыг иргэддээ түгээж орлого олох эх үүсвэрийг нь бүрдүүлж өгөх бодол байна.

-Таны хийсэн ажил бүр нийгмийн сайн сайхны төлөө байдаг. Энэ бүх хийсэн ажлынхаа дараа ард иргэдээс хэр их сэтгэлийн үг сонсож энерги авч байна?

-Хамгийн гол нь бид яагаад ингээд хийгээд байдаг вэ гэхээр нэгдүгээрт бид олон хүнийг тухтай орчинд ажиллуулж, амьдруулах, эмчлүүлэх, зөвөлгөө өгүүлэх гэх мэт. Хоёрдугаарт төрийн үйлчилгээ хүрч чадахгүй байгаа хүмүүст жоохон ч гэсэн ойртуулах, хүртээмжтэй орчныг бий болгох үүднээс хийгээд байгаа. Бид энэ төсөл ажлуудаа цаашид үргэлжлүүлэн хийх болно. Хамгийн гол нь бидний хийсэн ажилд жишиг тогтож эхэлж байна. Бидний хийсэн ажлыг араас маань хүмүүс ярьж байна. Юу гэж ярих вэ гэхээр манай урьдны авдаг гэрэл шатаад байдаг энэ шатахгүй байна. хаанаас авсан ямар гэрэл вэ. Манайд засвар орж байгаа энэ өнгөнөөс нь арай өөр будгаар будаад байх юм. Энэ өнгө нь зохицохгүй байна гэх жишээний ярьсаар байгаа. Энэ нь бидний ажлыг хүндэлсэн стандарт тогтоосон чанартай материалаар сайн юм хийж байгааг минь мэдэрдэг мэддэг болж. Зүгээр нэг бор хаалга битгий суулга. Гэрэлтэй гэгээтэй өө сэвгүй цагаан хаалга хий. Хүмүүс хүрэхдээ хүртэл халтар гараараа хүрчихвий гэж хайрладаг болно. Үргэлж тусалж дэмждэг компаниуддаа баярлалаа. “Тепло монтаж”, “Анун” компани өнөөдрийг хүртэл долоон төсөл дээр маань 100 хувь чанартай бараа бүтээгдэхүүнээр хандив өргөн хийсээр ирсэн. “Тепло монтаж” цахилгааны бүх ажлуудыг чанартай материалаар хийж өгдөг. Өнөөдрийн энэ төсөлд нийт 33 сая төгрөг гарсан байна. Үүнээс 12 саяыг “Оюу толгой” компани, манай “U Film”-ээс 12 сая төгрөг бэлнээр гарсан. Үлдсэн есөн сая төгрөгийг бараа материалаар компани, хувь хүмүүс хандивлан өгсөн байгаа.

-Сайн үйлсийнхээ хажуугаар уран бүтээлийнхээ ажилд анхаарч чадаж байна? сүүлийн үед хийж байгаа уран бүтээлээсээ сонирхуулаач?

-“Single ladies-3” киноныхоо нээлтээс хойш уран бүтээлээ түр завсарласан. Зэрэг зэрэг хийж эхэлсэн тохижилтын ажлуудаа эхлээд цэгцлэх хэрэгтэй. Гэхдээ удахгүй ард түмэнтэйгээ шинэ уран бүтээлээрээ учран золгоно.

-Таны нөхөр энэхүү ажлыг чинь хэр дэмждэг вэ?

-Мэдээж сайн уран бүтээлчийн ард сайн хань үргэлж байдаг (өөрийгөө сайн уран бүтээлч гээд магтчихсан уу) Миний хань намайг хийе гээд зорисон бүхнийг үргэлж дэмжиж ирсэн. Надтай цуг санаа зовж,надтай хамт баярлаж, хийсэн ажил бүрд минь урам өгч, намайг зоригжуулж, шантрах үед урам хайрлаж, баярлах үед минь надаас илүү баярладаг хүн.

Энэ танхимын нээлтэд сэтгэл хангалуун байгаагаа эцэг эхчүүд хэлсэн юм. Хүүхдүүд нь сэтгэл зүйн зөвөлгөө аваад арай өөр өнцгөөс амьдралыг хардаг болох байх. Итгэл нь сэргэж, бидэнд ч гэсэн нөлөөлөл нь мэдэгдэх сайхан ажил хийж байна гээд жүжигчин Г.Ундармаад баярлаж байгаагаа дахин дахин хэлж байв.

СЗСҮТ-ийн дарга Ц.Ганчимэг ярихдаа

-“Манай байгууллага тавь гаруй жилийн түүхтэй. Энд ганцхан үйлчилгээ үзүүлэх биш сэргээн засах, эмчлэх, мэргэжлийн ур чадвар олгох сургалт, нийгмийн сэргээн засах үйлчилгээ үзүүлэх хамт олон гээд үндсэн цогц үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Бид төрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цогцоор нь хүргэх тал дээр ажилладаг. Мэргэжлийн ур чадвар олгох сургууль бол дөч гаруй жилийн түүхтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэргэжлийн дамжаанд сургах үндэслэлээр анх байгуулагдсан. Жил бүр арав гаруй мэргэжлээр 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг төгсгөдөг. Энэ дашрамд бидэнд сэтгэл зүйн танхим их дутагдаж байсан. Бидний саналыг хүлээн авч ийм сайхан “Сэтгэл зүйн зөвөлгөө өгөх танхим”-ыг тохижуулж өгсөн жүжигчин Г.Ундармаа болон хамтран ажилласан байгууллага хувь хүмүүст баярласнаа илэрхийлье” гэж хэлэв.

СЗСҮТ-ийн сэтгэл зүйч Г.Энхбаяр ярихдаа

-“Хөгжлийн бэрхшээл гэдэг маш олон төрөл. Бид сонголгой хүнд дохионы хэлээр, видео бичлэгээр гэх мэтээр мэргэжлийн үүднээс зөвөлгөөгөө өгнө. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэтгэл зүй энгийн хүмүүсийнхээс хамаагүй өөр. Тийм болохоор тэдэнд өөртөө итгэх итгэлийг суулгах, өөрийгөө ямар үнэ цэнэтэй болохыг ойлгуулах, сэтгэл заслын эмчилгээнүүд маш хэрэгтэй байдаг. Манай нөхцөл боломж их дутмаг байсан. Харин ийм сайхан орчинд хүмүүс зөвөлгөө аваад сэтгэл заслын эмчилгээ хийлгээд ирэхээр амьдралыг үзэх үзэл нь өөрчлөгдөж, өөртөө итгэх итгэлтэй болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсан юм

Үндэсний статистикийн газраас 2017 онд гаргасан судалгаагаар манай улсын хэмжээнд нийт 103,630 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.

Улсын хэмжээнд сэтгэл зүйн зөвөлгөө, үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд цөөнгүй. Эдгээр нь дэд бүтэц, орчны хүртээмж, боловсон хүчний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэж чаддаггүй. Тухайлбал сонсголын бэрхшээлтэй хүн үйлчлүүлэхэд дохионы хэлээр зөвөлгөө өгөх, тэргэнцэртэй хүн үйлчлүүлэхэд налуу зам лифт байдаггүй. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил нийгэмд оролцох, зөвөлгөө мэдээлэл авах эрх нь хязгаарлагдмал байна.

Иймээс “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагад Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн Төв санал тавьснаар “Сэтгэл зүйн зөвөлгөө өгөх танхим”-ыг тохижуулан өгчээ. Энэхүү төсөл 2017 оны 10-р сард эхэлсэн. “Итгэлийн танхим”, “Оюу Толгой” ХХК, “Анун”, “Тепло монтаж” зэрэг арав гаруй аж ахуй нэгж, хувь хүний оролцоотой 33 сая төгрөгийн тохижилтыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм

Инчёоны нисэх буудлын нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсээс туршлага судаллаа

БНСУ-ын Инчеоны олон улсын нисэх буудлын Иргэний нисэхийн академид болсон “Агаарын навигаци” сэдэвт сургалтад ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын хэлтэс, түүний харъяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Техник хангалт, навигацийн үйлчилгээний алба, Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, Нислэгийн журам боловсруулалтын албаны удирдах ажилтнууд оролцлоо.

Дээрх сургалтаар Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-аас гаргасан Олон улсын агаарын навигацийн төлөвлөгөө /GANP/, түүнийг бүс нутгийн хэмжээнд хэрэгжилтийг хангах, Нисэхийн системийг хэсэгчлэн хөгжүүлэх төлөвлөгөө /ASBU/, түүний модулиуд болон хэрэгжилтийг сайжруулах бүсүүд /PIA/-ээр агаарын навигацийн болон нисэх буудлын үйл ажиллагаанд хэрэгжих арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлснээр гарах эерэг үр дүнгийн талаар мэдээлэл, мэдлэг авч суралцсан байна.

Нисэхийн системийг хэсэгчлэн хөгжүүлэх төлөвлөгөө /ASBU/-г БНСУ-ын иргэний нисэхийн системд, агаарын зай, агаарын замууд, аеродром, нисэх буудал, нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагаа, нисэхийн мэдээллийн үйлчилгээ, холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээ, агаарын тээвэрлэгч, хууль, эрхзүй, хүний нөөцийн удирдлагад хэрхэн хэрэгжүүлсэн талаар туршлага, жишээнд үндэслэн тайлбарлаж танилцуулсан нь чухал үр дүнтэй сургалт болжээ.

Түүнчлэн БНСУ-ын агаарын навигацийн холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээ, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний өнөөгийн байдал, тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг өгч, Инчеон болон Гимпо нисэх буудлуудын агаарын навигацийн үйлчилгээ, цаашид тус нисэх буудлуудад хэрэгжүүлхээр төлөвлөж байгаа дунд хугацааны навигацийн төлөвлөлтийн талаар танилцуулсан. Сургалтын явцад оролцогчдоос тавьсан хүсэлтийн дагуу Инчёоны нисэх буудлын бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсийн /RACC/ үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах боломжийг академийн зүгээс олгожээ. Тус бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүс нь 2016 онд ашиглалтанд орсон байна. Сургалтын бүрэлдэхүүнийг бүсийн дарга Жан Хүүн Ки хүлээн авч, тус бүсийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, нислэгийн хөдөлгөөний, нисэхийн мэдээллийн, холбоо, навигаци,ажиглалтын үйлчилгээний үйл ажиллагаатай танилцуулсан. Холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээний хувьд нисэхийн аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, ажлын байрны гэрэлтүүлэг, агааржуулалтын систем, бүсийн байрны цахилгаан хангалтын систем зэрэг нь орчин үеийн бүхий л шаардлагыг хангасан байгаагаас суралцагчид туршлага судалж, өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлмээр байна гэсэн санаачлагыг илэрхийллээ.