Categories
мэдээ спорт

Ахмад бөхчүүд дөрвөн медаль өвөртлөлөө

Чөлөөт бөхийн ахмадын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн энэ сарын 10-15-нд Болгарын Пловдив хотод боллоо. Тус тэмцээнд манай улсаас 29 тамирчин оролцсоноос нэг алт, гурван хүрэл медаль хүртэв. “С” ангиллын 70 кг-ын жинд Олон Улсын Хэмжээний Мастер Хаянхирваагийн Нямдорж алтан медаль хүртэв. Тэрбээр ахмадын ДАШТ-д түрүүлсэн Монголын чөлөөт бөхийн тав дахь тамирчин болж байна. “В” ангиллын 130 кг-д спортын мастер Мөнхбаярын Улаанбаатар (өмнө нь М.Цанлиг нэртэй барилддаг байсан), “А” ангиллын 88 кг-д спортын мастер Батсайханы Идэрсайхан, 130 кг-д ОУХМ Баярсайханы Батжаргал нар хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн Архангай аймгийн Тариат сумын харьяат, улсын начин М.Улаанбаатар Пловдивийн дэвжээнээс хос медалийн эзэн боллоо. Тэрбээр сонгомол бөхийн “В” ангиллын 130 кг-ын жинд аварга болсон юм. Ирэх жилийн ДАШТ есдүгээр сарын 27-30-нд Македоны Скопи хотод болно.

Categories
мэдээ нийгэм

500 ажлын байр зарлагдлаа

Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нээлттэй ажлын байрууд зарлалаа.

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийн гол зорилго нь аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийн дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай ажилтныг олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох юм.

Нээлтийн үеэр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан байна. Үүнийг дагаад аялал жуулчлалын салбарт ажиллах хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Энэхүү хөдөлмөрийн яармаг нь оюутан залуучуудыг зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрөөх, мэдлэг чадвараа дээшлүүлэх, өөрийгөө нээн хөгжүүлэх боломжийг олгодог юм хэмээлээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуучуудад зориулсан аяллын хөтчийн анхан шатны мэдлэг олгох үнэ төлбөргүй сургалт тавдугаар сарын эхний долоо хоногт болно” гэж онцоллоо.

Хөдөлмөрийн яармаг нь арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар чуулгын 2 давхарт болж байна. Тус арга хэмжээний үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан, ажилд шалгаруулж авна.

Мөн “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудыг бүртгэж байна. Оюутан цагдаа нар нь жуулчны идэвхтэй улирлын хугацаанд буюу 6-8 дугаар саруудад гадаадын иргэд, жуулчдад нийслэл хот, Монголын түүх соёлоо сурталчлахын зэрэгцээ тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлж, хотын үзвэр, үйлчилгээ, гудамж, талбайд аялах, зорчих үед нь мэдээллээр хангаж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажилладаг билээ.

Тус арга хэмжээг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Залуучуудын хөгжлийн газар болон нийслэлийн Цагдаагийн газар Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

Улиастай-Алтай чиглэлийн Ганцын давааны замын цасыг цэвэрлэж тээврийн хэрэгсэл саадгүй зорчихоор болжээ

Зураг

“Завхан АЗЗА” ТӨХК нь өөрийн хариуцдаг А1103 дугаартай Улиастай-Алтай чиглэлийн Ганцын давааны замын цасыг цэвэрлэж, тээврийн хэрэгсэл саадгүй зорчихоор болголоо.

Учир нь Улиастай-Алтай чиглэлийн Ганцын давааны замд цас орж шуурсны улмаас тал газартаа 5-10 см, уулархаг газраараа 10-20 см, хунгар хэсэгтээ 30-40 см цасан бүрхүүл тогтож тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан билээ. Өнөөдөр 11.00 цагт давааны зам нээгдээд байна.

Ганцын даваанд өчигдрөөс шуурхай хэсэг гарч цасыг түрж, зорчих хэсгийг чөлөөлж байгаа юм. Гэсэн хэдий ч нойтон цас хайлмагтаж мeханизм хий эргэлт ихтэй, огцом өгсүүр болон уруу хэсэгт жолоодлого алдаж замын хажуу руу гулгаж орох болон хөндөлдөж зогсох гэх мэт аюултай байдал үүсээд байгаа. Иймд замын хөдөлгөөнд оролцож байгаа зорчигч, тээвэрчид засвар арчлалт хийж байгаа хэсэгт мeханизмтай зөрөх болон гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд хүлээцтэй, соёлтой оролцохыг Завхан АЗЗА ТӨХК-аас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өвгөн нам “дотоож”-оо солих осолтой гэж үзэв

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай шуугиан нийгмийг донсолгож байна. Хүчингийн хэрэгт холбогдсон түүнийг сошиал сүлжээгээр элдвээр хочилж байгаа. Монголчуудын дунд хэдийнээ “Гандааш” гэж цоллуулах болсон Д.Гантулга гишүүний тохогдсон асуудлыг бид эерүүгээр “дотоожны хэрэг” гэе. Зуун жилийн настай өвгөн нам олны өмнө “дотоож”-оо солих осолтой гэж үзэв бололтой. Өвгөн нам байтугай өтөл настай хүн дотоожоо сольсон ч цаанаас нь юу гялалзах билээ, хэн мэдхэв.

Монгол ардын нам Д.Гантулгыгаа солихгүй гүрийсээр байгаад өнгөрөх өнгөндөө орлоо. Энэ асуудал 2020 оны сонгуулийн үеэр тэдэнд хасах оноо авчрах нь ойлгомжтой. Сонгуулийн кампанит ажлын үеэр өрсөлдөгч намууд хар пиар цацаж, нийгэмд ч нэлээд хэл ам дэгдэнэ байх. Гэхдээ Д.Гантулга гишүүнийг татаад нөхөн сонгууль явуулах нь бүр ч эрсдэлтэй гэж МАН харсан бололтой. Хэрэв нөхөн сонгууль боллоо гэхэд Хэнтий аймгийн тойрогт үсэргэнэ. Энд МАХН-ын дарга Н.Энхбаярыг дийлэх хүн байтугай чөтгөр ч одоохондоо алга. Яагаад гэвэл Хэнтий аймаг Н.Энхбаярын ээжийнх нь нутаг. Тиймээс хэнтийчүүд нутгийн хүүгээ уухайлан дэмжих нь гарцаагүй. Естой л нэг гар дамжуулан бөмбөрүүлнэ дээ. Нөхөн сонгууль зарлагдаад Н.Энхбаяр нэр дэвшлээ гэж бодоход Хэнтийн ард түмэн “Нутгийн хүү минь шоронд сууж хэлмэгдсэн юм байгаа. Шинэ Үндсэн хууль батлуулах гэж зүтгэж яваа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж, газрын доорх баялгийг бидэнд авч өгөх хүн юм шүү дээ” гээд л сүйд болцгооно. Ингээд Н.Энхбаяр үнэмлэхгүй ялалтаар УИХ-д ороод ирнэ. Үүний горыг эрх баригчид л амсана. Өвгөн нам “дотоож”-оо сольж маягласан биш парламентад дийлдэхгүй дайсантай учирна.

Одоогийн сөрөг хүчний мангуунуудын дэргэд парламентад сөрөг хүчин яаж ажилладгийг бие, хэл, үйлдэл, ухаанаараа үзүүлсэн шиг үзүүлэх хүн бол Н.Энхбаяр. Тэрбээр энэ Их хурлын бүрэн эрхт хугацааны үлдэж байгаа хоёр жилд өвгөн намыг хагалгаад зогсохгүй гишүүдийнх нь тэн хагасыг өөртөө элсүүлчихсэн байж ч мэднэ. Гэтэл өнөөдрийн сөрөг хүчин ч дээ, чааваас. Намынх нь гишүүдийг хоморголон баривчилж, улс төрийн ял тулгаж байхад “Хаваржилт ямар байна” гээд асуугаад сууж байх юм. Ийм хүмүүсийг мангуунууд гэхээс ч яахав дээ. Үнэндээ хаваржилтын нөхцөл байдлыг ажаад суух нь сөрөг хүчний хийдэг ажил биш. Тэд ингэж дэмий зуйрганаж байхын оронд эрх баригчдад ташуур өгөөд, ард түмний индэр болсон сөрөг хүчнийхээ дуу хоолойг цуурайтуулж баймаар юм. Харин Н.Энхбаяр гараад ирвэл МАН-ыг нэг өдөр, минут ч зүгээр суулгахгүй. Ийм дайсантай байснаас “дотоож”-тойгоо үлдсэн нь дээр гэж өвгөн нам үзэв бололтой.

А.ЗОЛБОО

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын 380 жилийн ойг зохион байгуулах хорооны хурал боллоо

Улаанбаатар хотын 380 жилийн ой ирэх жил болно. Нийслэлийн тэгш жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг НИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн сарын сүүлчээр баталсан юм. Уг тогтоолоор байгуулагдсан ойг зохион байгуулах хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хуралдааны эхэнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол болон ойг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг танилцууллаа.

Хуралдаанд Улаанбаатар хотын 380 жилийн ойн арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг урьдчилсан байдлаар танилцуулж, хорооны гишүүдээс саналыг сонссон юм. Гишүүдээс нийслэлийнхээ тэгш жилийн ойг бүтэн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө гарган батлуулж, шаардлагатай төсөв санхүүг ирэх 2019 оны төсөвт суулгах нь зүйтэй гэсэн санал гаргаж байлаа. Мөн иргэд рүүгээ хандсан олон ажил санаачлан хийх, дүүрэг бүр бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болох, Улаанбаатар хотод зочлох жил болгох зэргээр олон санал санаачлага гаргав.

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах хорооны орлогч дарга, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хуралдааны төгсгөлд “жилийн ажлын төлөвлөгөөнд тусгуулах өөрсдийн хийж хэрэгжүүлэх ажлын саналаа ирүүлэх, дүүргүүд дор бүрнээ ажлын хэсэг байгуулан жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлэх, жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд иргэдээс санал авах” зэрэг үүрэг чиглэлийг хорооны гишүүдэд өглөө гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МУИС-ийн багш, доктор Л.Оюун: Олсноороо баяждаггүй, хэмнэснээрээ баяждаг

МУИС-ийн багш, доктор Л.Оюуны “Хадгаламж, хуримтлал, өрхийн төсөв” лекцийг хүргэж байна. Тэрбээр энэ тухай Хан-Уул дүүрэгт болсон“Жорлонгоо өөрчилье” сургалтын оролцогчдод зориулж ярьсан юм.

Санхүүгийн боловсролгүй хүн их зардал гаргаж, бага ашиг олдог.

Бидэнд нэг асуудал бий. Мөнгө байхгүй гээд суугаад байдаг. Яаж мөнгөтэй болох вэ? Монгол өрхийн зарлага их, орлого бага, хадгалах мөнгө байхгүй гэцгээдэг.

Хадгаламжийн томъёо хэлье. Манайхан орлого орж ирэхэд зарцуулаад үлдсэнийг нь хадгална гэж ойлгодог. Энэ бол буруу.

Хязгаарлагдмал мөнгөн орлогоор яаж хязгааргүй хэрэглээг санхүүжүүлэх вэ?

Харин үүний оронд орлого орж ирмэгц тодорхой хэсгийг нь хадгалаад үлдсэнийг нь хэрэглэх зарчмыг хэвшүүлье. Энэ бол хадгаламжийн зөв томъёо. Орлого олонгуутаа юу авах вэ гэж боддог. Үүний оронд орлого олоод хадгалаад үлдсэн мөнгөөр нь өөрийгөө баярлуулах ёстой. Олсон орлого бүрийнхээ 5-20 хувийг нь хадгалж сурах учиртай. Олсоноо зарцуулаад үлдсэнийг нь хадгаламжиндаа хийнэ гэвэл үлгэрийн далай болно.

Хүмүүс надаас яаж мөнгөтэй болох вэ, мөнгөө хэрхэн хадгалах вэ гэж асуусаар байгаад би санхүүгийн боловсрол руу орсон юм. Би ч залуудаа замбараагүй үрдэг байсан. Өрхийн төсөв хөтлөөд хүмүүжсэн дээ. Би охидын ээж. Охидоо багад өнгийн трико харагдмагц авах дуртай байлаа. Нөхөр маань нэг удаа “Манай гурван хүүхэд жаран хөлт юм уу” гэж билээ.

“Би аз жаргалтайгаар үрдэг” гэдэг лекцийг би уншдаг юм.

Орлого орж ирэхээр хадгаламжиндаа хийгээд, үлдсэнийг нь би жаргалтайгаар үрдэг юм. Тогтмол орлогын 15 хувийг хадгаламжиндаа хийж, харин нэмэгдэл орлогын 50-60 хувийг цааш нь хийдэг.

Би ач зээ нартаа бэлэг авч өгөх дуртай. Зарим хүн мөнгөө хадгалах ёстой гээд атираад, үрчийгээд явдаг. Амьд яваадаа, хадгалж чадаж байгаадаа баярлах учиртай.

Хадгаламж хийх боломж байна уу гэж хүмүүсээс асуухад “Байхгүй ээ” гэдэг юм. Лекц уншсаны дараа асуухаар “Байгаа юм байна аа” гэцгээдэг.

Хадгаламжийн алтан дүрэм:

Аль болох эрт,

Аль болох ихийг,

Аль болох өндөр хүүтэй хадгаламжинд хадгалах.

Орлого орж ирсэн өдрөө хадгална.

Маргааш гэвэл мөнгө хаашаа ч юм алга болчихдог.

Лекц уншсаны дараа нэг хүн ирээд ингэж ярьсан. “Мөнгө хадгалах ёстой гээд сар бүр 50 мянган төгрөг хадгалдаг. Төд удалгүй мөнгөний хэрэг гараад авчихдаг” гэсэн.

Ийм хүмүүст хандсан хадгаламжийн хэлбэрүүд бий.

Хүүгээ зарлагдаж болдог хадгаламж байдаг. Хадгаламжийн сертификат авч болно. Ийм тохиолдолд хугацааг нь дуустал мөнгөө авч болдоггүй. Үнэт цаасны зах зээлд сертификатаа зарж болно. Зарсан тохиолдолд өгөөж нь бага. Капитрон банкинд бол 5 сая төгрөг хийгээд, үүнээс илүү гарсныг нь авч болдог гэх мэт үйлчилгээнүүд бий. Санхүүгийн боловсролтой хүн санхүүгийн байгууллагуудын бүтээгдэхүүнийг хэрэгцээтэй үедээ сонгож хэрэглэж чаддаг. Санхүүгийн боловсрол гэдэг нь мөнгөө удирдах чадвар юм.

Хадгаламжийн хүү бол банкнаас танд өгч байгаа бэлэг юм шүү. Японд банкинд мөнгө хадгалуулсныхаа төлөө төлбөр төлдөг болчихсон.

Жижиг банк харилцагчдаа татахын тулд өндөр хүү амладаг. Банк дампуурчих вий гэж айж байна уу?

Хадгаламжийн даатгал гэж байдаг шүү дээ.

Хадгаламж, хуримтлал хоёрыг хүмүүс нэг гэж боддог.

Хадгаламж гэдэг мөнгө гэнэт хэрэг болсон үед хэрэглэх мөнгө. Гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан үед манайхан хадгаламжийнхаа хугацааг эвдээд “Би мөнгө хадгалж чадахгүй нь” гэдэг. Харин хуримтлал өсгөх зорилготой мөнгө.

Хуримтлалын философи

Нэгдүгээр хувин-Санхүүгийн хамгаалалт.

Хэвийн амьдралаа хангахад шаардлагатай бэлэн мөнгө. Мөнгөний гэнэтийн хэрэгцээ гардаг гэдгийг хүн бүр мэднэ. Хэвийн амьдралаа хангах хэмжээний мөнгийг нэгдүгээр хувиндаа хийнэ. Үүнээс давсан мөнгийг хадгаламжиндаа оруулна.

Хоёрдугаар хувин -Санхүүгийн аюулгүй байдал. Орлого гэнэт тасалдахад (ажилгүй болоход, өвдөхөд) хэвийн амьдралаа наад зах нь гурван сар авч явахад зарцуулах мөнгө.

Гуравдугаар хувин- Гачигдалгүй амьдрал, санхүүгийн эрх чөлөө.

Яаж хэвийн амьдралаа хангахад шаардлагатай мөнгийг тодорхойлох вэ?

Нэгдүгээр хувингийнхаа хэмжээг мэдэхийн тулд өдөр бүр зардлаа тэмдэглэнэ. Өдөрт хэрэгтэй мөнгөнийхөө хэмжээг мэдэж авна.

Долоо хоног бүр зардлаа бичнэ. Долоо хоногийнхоо мөнгөний хэрэгцээг мэднэ.

Тууштай хүнийг амьдрал шагнадаг.

Хүмүүс өөрөөсөө бусдыг өөрчлөх гэж хичээдэг. Эхнэрээ, нөхрөө, Засаг даргаа, УИХ-ыг өөрчлөхийг хүсдэг. Өөрийгөө өөрчлөөд дараа нь эргэн тойрноо өөрчил. Тэгвэл дэлхий өөрчлөгдөнө. Залхууралгүй зардлаа бич!

Хэрэв зарим өдөр зардлаа тэмдэглэж амжихгүй бол тасарсан өдрөөсөө үргэлжлүүлэн бичээрэй. Ийм тэмдэглэл хөтөлснөөр юунд илүү мөнгө зарцуулдагаа хянах боломжтой болно.

Надад нэг хүн хандаж зөвлөгөө хүссэн юм. “Хүү маань дөч хүрлээ, авгай авдаггүй, ажил хийдэггүй” гэнэ. “Та эхлээд өөрийгөө өөрчил” гэсэн чинь “Би яагаад өөрийгөө өөрчлөх ёстой юм бэ” гэж асуулаа. “Та хүүгээ битгий тэжээ. Хэдэн төгрөг олдвол хадгаламжиндаа хий, өөртөө зарцуул” гэсэн.

Хэн нэгэн сэтгэлд чинь таарахгүй бол тэр хүнийг өөрчлөх гэхийн оронд өөрийгөө өөрчил. Өнөөдрөөс өрхийн орлого зарлагаа бичээд яваарай.

Эдийн засгийн сэтгэлзүйчид дэлхийн хүмүүсийг мөнгөө хэрхэн зарцуулах байдлаар нь зургаа ангилжээ.

Та аль ангилалд нь багтах вэ, өөрийгөө олоорой.

1.Замбараагүй хэрэглэгчид.

Мөнгө байхгүй ч байсан бусдаас зээлж байгаад юм худалдаад авчихдаг хүмүүс.

2. Дуурайгчид

Энэ тийм хувцас өмсчихөж, машин аваад уначихаж гэдэг. Бусад хүн яаж орлого олж байгааг дуурайдаггүй хэрнээ хэрхэн зарлага гаргаж байгааг нь дуурайдаг хүмүүс.

3. Зар сурталчилгааны хохирогчид

Нөхөр маань уг нь дэмий юманд мөнгө зардаггүй хүн. Нэг удаа загасанд явахад тохиромжтой малгай интернэтээр захиалсан чинь цаас шиг нимгэн юм ирж билээ.

4. Яадаг юм нэг удаа!

Нэг удаагийн сэтгэл ханамжаас татгалздаггүй хүмүүс. Яадаг юм, нэг удаа л гэдэг.

5. Харамч

Нэг хүн надад ингэж ярьсан юм. “Надад мөнгө байна. Амьдралын баяр баясгалан алга. Би мөнгөө хадгалах гэж үргэлж хичээж ирсэн. Эхнэр хүүхэдтэйгээ мөнхийн дайтдаг. Таны ярихыг сонсоод хэрэглэхийгээ хэрэглээд, хадгалахыгаа хадгалах ёстойг ойлголоо” гэсэн юм даа.

6. Оновчтой хэрэглэгчид

(Би энэ тодорхойлолтыг хараад бараг шоконд орсон)

Төлөвлөгөөнөөс гадуур зардал гаргадаггүй хүмүүс. Төлөвлөгөөтэй амьдрахад амжилтанд хүрдэг.

Та энэ зургаагийн аль нь вэ? Өөрийгөө олбол яаж зарцуулалт хийхээ мэднэ гэсэн үг.

Аль алинд нь та хамрагдаж байгаа мэт санагдаж болно. Хамгийн их давтамжтай нь та шүү.

Хүн бүр санхүүгийн шийдвэр гаргадаг. Удахгүй орж ирэх мөнгөөрөө юу худалдаж авах вэ гэдгийг бус хэдийг нь хадгалах вэ гэдгээ бодох нь чухал.

Аз жаргалд хүрэх зам

Нэгдүгээр зам. Мөнгөө хэмнэх, хэмнэсэн мөнгөө хадгалах.

Өдөрт хайрцаг тамхи татдаг хүн байлаа гэхэд тамхинаас гараад, өдөр бүр 3000 төгрөг хэмнэсэнээ өөр юманд зарцуулчихвал үр дүнгүй. Хэмнэж л байгаа бол хадгал. Хэмнэлтийн утга учир энэ. Олсноороо баяждаггүй, хэмнэснээрээ баяждаг гэдэг.

Хоёрдугаар зам. Орлогоо нэмэгдүүлэх.

Монголчууд ихэвчлэн цалин, хөдөлмөрийн хөлсөөрөө амьдардаг. Цаана нь хүү, түрээс, бизнес гэж бий.

Хүмүүс, зээлийг өр гэж бодоод байдаг.

Захиран зарцуулах эрх нь чамд байгаа мөнгийг орлого гэдэг. Зээлийн мөн чанар нь орлого бүтээх. Зээлийг зөв ашиглавал орлого нэмэгдүүлдэг.

Бидний хийсэн хадгаламж зээл болж бизнес эрхлэгчдэд очдог.

Зүгээр л хадгаламжиндаа мөнгө хийхэд улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг.

Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан.

Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Уг хууль нь төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг тухайн үеийнхээ нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шаардлагад нийцүүлэн зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн хамтын гэрээ, хэлэлцээр, хамтын маргаан, ажил олгогч, ажилтан хоорондоо хөдөлмөрийн харилцааны нөхцөлөө тохиролцох, хөдөлмөрийн удирдлагын хоёр болон гурван талт зөвшлийн эрх зүйн үндсийг бий болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хууль нь шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ хангалттай биелүүлж ирсэн хэдий ч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа хөдөлмөрийн харилцааны шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэх хэд хэдэн шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсрууллаа гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулгадаа дурдав.

Хуулийн төсөлд, ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрх, ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүрэг, эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглох, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тохиолдлыг тодорхой болгож, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, жасаагаар ажиллах зэрэг харилцааны онцлог, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоог бий болгох, бүтэн бус цагаар ажиллах ажилтны цалин хөлс, ээлжийн амралт зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тус тус тусгаж өгчээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо дөрөвүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулийн төсөлд хөдөлмөрийн дотоод журмын үйлчлэх хүрээ, хамаарах асуудлыг тодорхойлсон эсэх, жендерийн эрх тэгш байдлыг хэрхэн зохицуулсан, УИХ-ын гишүүн Х.Баделхан байгууллага бүр үйлдвэрчний эвлэлийн салбар нэгжтэй байх тухай, хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлийг хуулийн төсөлд хэрхэн тодорхойлсон, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг гадаадад ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хэрхэн зохицуулж байгаа талаар, УИХ-ын гишүүн М.Билэгт Монголын үйлдвэрчний эвлэлийн санхүүжилт, чиг үүргийн талаар асуулт асууж, хариулт авлаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр, хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ–ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн гэж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа дурдлаа.

Төслийн үзэл баримтлал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Хөдөлмөрийн тухай хууль нь нийт хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг бүрэн хамгаалж чадаж байгаа эсэх, гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулсан, 13 настай хүүхэд хөдөлмөр эрхэлж болохоор хуульд тусгасныг нь тодруул байлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Засгийн газраас гадаадад хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ хөдөлмөрийн харилцааг зохицуулахад анхаарал хандуулж ирсэн. БНСУ-тай нийгмийн хамгааллын хэлэлцээр хийснээр тус улсад ажиллаж байсан иргэд хөдөлмөр эрхэлсэн хугацаанд дахь төлсөн даатгалын тэтгэмжээ авч байгаа. Мөн Чех, Польш, Унгар, Турк улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Эдгээр орнуудад ажилласан хугацаанаасаа хамаарч даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авах, тэтгэврийн даатгалд хамрагдаж төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ авах эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлээ ногдохуйц тэтгэвэр тогтоолгох хэлэлцээрийг хийж байна гэж хариулав.

Мөн тэрбээр, Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөр эрхлэгч болон ажил олгогч хоорондын гэрээ байгуулсан харилцааг зохицуулахаар тусгасан. Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол Улсад нэг сая 200 мянган ажиллагсад байгаагийн 400 гаруй мянга нь албан бус хөдөлмөр эрхлэгчид байгаа. Өөрөөр хэлбэл, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн асуудлыг уг хуулиар бүрэн зохицуулж чадаагүй байгаа хэмээн хариулж байлаа.

Ажлын хэсгийн зүгээс, Хөдөлмөрийн тухай хуульд 15 нас хүрсэн, суурь боловсрол эзэмшсэн хүүхэд, эцэг, эх асран хамгаалагчдын зөвшөөрлийн бичигтэй бол хөдөлмөрийн харилцаанд орж болно гэж заасан байгаа. Харин 13 нас хүрсэн хүүхэд сурч боловсроход саад учруулахгүйгээр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангасан хөнгөн ажлыг эцэг, эхийн зөвшөөрлийн бичигтэйгээр эрхэлж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмжийн дагуу мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байгаа хүүхдүүд мэргэжлийн чиг баримжаа олох, дадлага хийх боломжийг олгох үүднээс ийм заалт оруулсан гэж байлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Уг хуулийн хамрах хүрээг өргөжүүлж, албан бусаар хөдөлмөр эрхэлж байгаа 400 гаруй мянган иргэдийн эрх ашгийг хамгаалж, зохицуулах”, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нийтээр амрах өдөр нь амралтын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нөхөн амраана гэсэн заалтыг хасах”, УИХ-ын гишүүн М.Билэгт “Ажил олгогчдын эрх ашгийг хамгаалсан тодорхой заалтуудыг нэмэх шаардлагатай байна” зэргээр байр сууриа илэрхийлж байлаа.

Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75.6 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Тайван хот-Таны оролцоо

“Хэв журмын урамшилт эргүүлийн үйл ажиллагаанд анхаарвал зохих асуудлууд” сэдэвт зөвлөгөөн боллоо. Нийслэлийн иргэний танхимд болсон уг зөвлөгөөнд гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээ мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай өгч цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилладаг 500 урамшилт эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг иргэд оролцож тулгамдаж буй асуудал, санал хүсэлтээ илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлав.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий, Сүхбаатар, Төв, Өмнөговь аймгийн нутгаар зорчихгүй байхыг анхааруулав

Зураг

Хэнтий, Сүхбаатар, Төв, Өмнөговь аймгийн нутгаар цасан шуурга шуурч, зам даваа хаагдах нөхцөл байдал үүсч байгаа тул иргэдийг дээрх чиглэлд зорчихгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулав.

Хүчтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүсч, хальтиргааны улмаас зам тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, холбоо тасрах, зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтай юм. Зайлшгүй зорчих шаардлагатай тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар хангах, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг анхааруулж байна.
Categories
мэдээ спорт

Жудо бөхийн Улсын аварга эхэллээ

2018 оны жүдо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 09:00 цагт Спортын төв ордоны “А” танхимд эхэлнэ.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй 81, 90, -100, +100, эмэгтэй 70, -78, +78 кг-ын жингийн барилдаанууд явагдах бол маргааш эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн аваргууд тодорно.