Categories
мэдээ цаг-үе

Х.Цэцэгдэлгэр: Хөдөө айлд очиж хагалгаа хийж олон ч эх хүүхдийн амь аварч байсан даа

Нийслэлийн “Амгалан” амаржих газрын төрөх тасгийн эрхлэгч Анагаах ухааны магистр, клиникийн профессор Х.Цэцэгдэлгэртэй ярилцлаа. Тэрээр олон улсын эмч нарын өдрөөр “Алтан чагнуур” шагналыг хүртээд байгаа юм.


-Олон улсын эмч нарын баярын өдрөөр “Алтан чагнуур” шагнал хүртсэн танд баяр хүргэе. Эрүүлийг хамгаалахын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?

-Баярлалаа. Монгол Улсын хэмжээнд ажиллаж буй бүх эмч нараас шилдгүүдийг шалгаруулж олгодог “Алтан Чагнуур”-ын эзэн болсондоо баяртай байна. Олон шилдэг эмч нар өрсөлддөг учраас их нэр хүндтэй шагнал. Миний хувьд “Эх барих эмэгтэйчүүд судлал” номинацид шилдгээр шалгарлаа. Эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 32 жил ажиллаж байна.

-Энэ мэргэжлийг яагаад сонгох болов. Ажил мэргэжлийн гараагаа хэрхэн хаанаас эхэлж байсан бэ?

-Миний 10 жилийн ангийнхан сурлага сайтай, дийлэнх нь химийн хичээлд сонирхолтой байсан л даа. Би ч мөн ялаагүй химийн хичээлд дуртай байсан учраас Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийг сонгож суралцсан. Манай 10 жилийн ангиас хэд хэдэн эмч нар төрсөн байдаг. Тэдний нэг Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн сэхээний тасгийн эрхэлэгч Ж.Ганбаатар надтай хамт “Алтан чагнуур” шагналаар энгэрээ мялаасан. Ажлынхаа гараагаа төрсөн нутаг Завхан аймгийн Тосонцэнгэл сумынхаа нэгдсэн эмнэлгийн төрөх тасгаас эхэлсэн. Харин сүүлийн 20 гаруй жил нийслэлийн Амгалан амаржих газарт ажиллаж байна. Энэ байгууллагад эх барих эмэгтэйчүүдийн эмч, төрөх тасгийн эрхэлэгч зэрэг албыг хашиж байна. Эх барих эмэгтэйчүүдийн эмч гэдэг эх нярай гэсэн хоёр хүний амь насыг хамгаалж байдаг их хариуцлагатай мэргэжил л дээ.

-Хүүхэд байхдаа л эмч болохыг зорьж байж ээ. Яагаад эх баригч эмэгтчэйчүүдийн мэргэжлийг сонгох болов?

-Ангагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангид бүх төрлийн л чиглэл байсан. Гэхдээ суралцаж байх явцад эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил миний сонирхлыг илүү татсан хэрэг. Зургаан жил суралцаж төгсөөд л сумандаа очиж эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж эхэлсэн дээ.

-Анх эмнэлгийн байгууллагын босгоор алхаж байсан үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-1987 онд энэ мэргэжлийг эзэмшээд сумынхаа эмнэлгийн төрөх тасагт ажиллахад хөгжилтэй явдал олон л тохиолдож байсан. Намайг эмч болж байхад тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл тун хомс эмч хүн авьяас, ур чадвараараа л эхийг амаржуулдаг байлаа. Бид гараа маш сайн угаагаад л эхэс гарддаг тийм үе байсан. Сумын эмнэлэгт байхдаа хөдөө айлд очиж олон ч хагалгаа амжилттай хийж эх хүүхдийн амь аварч байсан даа. Сүүлд Улаанбаатарт ирж олон эрдэмтэн багш нарын сургалтад сууж байсан ч хөдөө айлд очиж эх барьж, хагалгаа амжилттай хийж байсан үе маань их туршлага болж үлджээ.

-“Амгалан” амаржих газарт ажиллаад 20 орчим жил болж байна гэж та яриандаа дурдсан. Энэ байгууллагын талаар танилцуулахгүй юу?

-Улаанбаатар хотод “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” гэсэн гурван амаржих газар үйл ажиллагаа явуулдаг. Эх амгалан амаржиж, өвдөлт зовиургүй байгаасай гэсэн үүднээс бид эмнэлгээ 2014 онд “Амгалан” гэж нэрлэсэн. Энэ нь ч үр дүн өгсөн болов уу гэж боддог юм. “Амгалан” амаржих газарт жилд дунджаар 8000 гаруй эх амарждаг. Ачаалал ихтэй ажиллаж байна.

-Таны хувь төрөх тасгийн эрхлэгчээр ажилладаг шүү дээ. Ажлынхаа арга барилын онцлогоосоо хуваалцахгүй юу?

-Бид төрөхөөр ирж буй эхийг маш сайн үзэх ёстой. Ер нь эх барих эмчийн гол эзэмших ёстой чадвар нь төрөхийн эрсдлийг урьдчилж тооцоолох байдаг. Хэрэв эрсдлийг олж тооцоолсон бол дараагийн буюу хагалгааны аргаар нярайг эсэн мэнд төрүүлэх аргыг төлөвлөх ёстой. Энэ бол ганц миний ч биш, бүх эх баригч эмч нарын эрхэм зорилго нь юм. Үүнээс гадна төрж буй эхтэй дотно байж, хараа хяналт салгаж болохгүй. Жирэмсэн болсон эх хүүхдээ төрүүлээд 42 долоо хоногийн хугацаанд эмчийн хяналтад байх шаардлагатай. Амаржаад эмнэлгээс гарсны дараа өрхийн эмч хяналт тавьж байх хэрэгтэй.

-Сүүлийн үед амаржиж буй эхчүүдэд тохиолддог гол хүндрэл юу бол?

-Бид жил болгон статистикийн дүн мэдээллээс харж улсын хэмжээндэх хүндрэлүүдийг цуглуулж судалгаа шинжилгээ хийдэг. Үүнээс үзэхэд хамгийн түгээмэл тохиолдож байгаа нь төрсний дараах цус алдалт байдаг. Энэ нь жирэмсний хугацаанд тээгч эхэд ямар нэгэн эмгэг байсныг л харуулж байгаа хэрэг. Жишээлбэл, элэгний үрэвсэл, жирэмсний хожуу үеийн хордлого, ямар нэгэн вирусийн халдвар зэрэг зүйлс нөлөөлж болно. Энэ бүх эрсдлийг эх баригч эмч нар бид зөв тооцож бэлэн байх шаардлагатай. Хэрэв хүндрэл гарсан тохиолдолд арга хэмжээгээ зөв авч дараагийн хүндрэлээс сэргийлж ажиллах хэрэгтэй. Гэхдээ энэ эрсдлийг тойрч гарахын тулд жирэмсэн эхчүүд ч анхаарч, хүүхэд тээх хугацаандаа эрүүл байж, амралт, ажил амьдралаа зохицуулж, аль болох тайван байх ёстой. Манай ээжүүдэд төрөлтөндөө бэлтгэдэггүй сул тал ажиглагддаг. Тэд төрөлтөд яаж бэлтгэх вэ, ямар хугацаанд өвдөхөд юунд анхаарах вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Манай эрүүл мэндийн боловсрол олгох төв ажлын ачааллаас шалтгаалж жирэмсэн эхчүүдийг сургалтад хамруулж амжихгүй байгаа.

-Жирэмсэн эхчүүд ямар төрлийн хоол, хүнс хэрэглэх шаардлагатай вэ?

-Жирэмсний үед эрүүл л хоол, хүнс хэрэглэх шаардлагатай. Энэ нь уураг, амин дэмээр баялаг, шингэц сайтай хоол гэсэн үг л дээ. Мах махан бүтээгдэхүүн гэхээс илүүтэй, жимс, ногоо түлхүү хэрэглэх нь ач тустай. Мах уурагтай боловч үүнийг зохицуулж л хэрэглэх нь зүйтэй. Жирэмсэн эх орой хүнд идэхээс татгалзах хэрэгтэй. Ер нь жирэмсэн биш байсан ч энэ дэглэмийг барих нь эрүүл амьдрахад тустай.

-Сүүлийн жилүүдэд эх дутуу төрөх нь олширсон. Энэ юутай холбоотой вэ?

-Дутуу төрөх хандлага сүүлийн үед нэлээн ажиглагдах болсон. Улсын хэмжээний дутуу төрөлтийг Эх нялхасын төвд авагддаг. Манайх 34 долоо хоногоос дээш байвал хүлээж авна. Дутуу төрсөн нярайг асрахад эх болон, айл гэрт багагүй хүндрэлтэй учраас аль болох гүйцэд тээж төрөх нь чухал. Эх дутуу төрөхөд хууч өвчнөөс авахуулаад олон зүйл нөлөөлнө л дөө. Эхчүүд заавал эмчээс мэдээлэл авах биш, мэдээллийн эрин зуунд ном, сэтгүүл, интернетээс эрсдэлгүй төрөх талаар мэдээлэл авах нь чухал. Эхчүүд жирэмсэн болоод тогтмол эмчийн хяналтанд байвал нь энэ эрсдлээс тойрч гарах бүрэн боломжтой. Хамгийн гол нь тээгч эх эрүүл байх ёстой. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө.

-Залуу ээжүүд хүүхдийг өсгөж бойжуулахдаа юуг анхаарах вэ. Жишээ нь хүүхдлийг хөлд оруулагч ашиглах нь зөв, буруу гэсэн ойлголт байдаг юм байна лээ. Энэ дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Хүүхдээс хараа хяналтаа огтхон ч салгаж болохгүй. Хөлд оруулагчийг зарим хүмүүс муу, нөгөө хэсэг нь сайн л гэж хэлдэг юм байна лээ. Миний хувьд хөлд оруулагчийг ач, зээ нартаа хэрэглүүлэхэд зүгээр л санагдсан. Энэ маань хүүхдийг ямар нэгэн эрсдлээс хамгаалаад байна шүү дээ. Хөлд орж буй хүүхэд унаж тархи толгойгоо доргиох эрсдэл өндөр байдаг.

-32 жил эрүүл мэндийн салбарт ажилласан эмчийн хувьд залуу эмч нарт юуг зөвлөх вэ?

-Эмч хүн ёс зүйтэй байх хэрэгтэй. Манай зарим эмч нар их ачаалалтай ажилладаг учраас төрсөн эхчүүдийн ар гэрийнхэнд мэдээлэл өгч амждаггүй. Үүнээс шалтгаалж эмч нь гарч ирж уулзсангүй гэх асуудал гардаг. Хэрэв төрөлт хүндэрсэн тохиолдолд эмч зав гаргаад ар гэрийнхэнд маш зөвөөр тайлбарлаж, авсан арга хэмжээгээ ойлгуулж байх хэрэгтэй. Тайлбарлаж ойлгуулаагүйн улмаас ар гэрийнхэн нь бухимдаад байдаг.

Харин энгийн төрсөн тохиолдолд ар гэрийнхэн манайх цөөхөн амаржих газартай, ачаалал ихтэй ажилладгийг ухамсарлах хэрэгтэй.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

“Байтаг Богд” кино түүхэн уянгаар үзэгчдийг уйлуулж, хуйлруулж байна

Дэлгэцийн томоохон уран бүтээл “Маш нууц-1” уран сайхны кино 2015 онд үзэгчдэд хүрч байсан билээ. “Жийж” болон “Фантастик” продакшны уран бүтээлчдийн санаачлан хэрэгжүүлж буй “Маш нууц” төслийн анхны уран бүтээл болох тус кино нь 1960-1970 оны үеийн Дархан хотын бүтээн байгуулалтад оролцож байсан барилгын цэргийн ангид болсон үнэн бодит түүхээс сэдэвлэн бүтээгдэж байсан. Тэгвэл уг төслийн хоёр дахь уран бүтээл болох “Маш нууц-2” буюу “Байтаг Богд” уран сайхны кино өнгөрөгч гуравдугаар сарын 1-ний өдрөөс дэлгэцнээ гарснаас хойш үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа юм. Эл кино төрлийн хувьд түүхэн, тулаант, дайны сэдвээр бичигдсэн уран бүтээл болжээ. Киноны продюсерээр Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяа, зохиолч, ерөнхий найруулагчаар гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, өөрийн хүү, соёлын тэргүүний ажилтан, найруулагч Б.Тамирынхаа хамт ажилласан байна. Уг кино одоо Улаанбаатарын бүх кино театруудаар гарч байгаа. Үзэгчдийн сэтгэл догдолж, нүдэндээ нулимстай гарахдаа “Бид чинь ямар агуу их, бас өр өвдөм, уярам түүхтэй улс вэ” гэсэн уярал, бахархал, шимшрэл, бодлогошролыг тээж байгаа нь сайшаалтай. Байтаг Богдын тулалдааны түүхт далан жилийн ой энэ онд тохиож байгаа.

1948 оны долдугаар сарын 8-ны өглөө Дамжигийн II сумангийн дарга Мадригаас үүрэг авч гарсан заставын хилийн манаанд улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар удирдуулсан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байв. Энэ үед хасгийн дээрэмчин Осван шилдэг 22 баатрынхаа өшөөг авах зорилготой “Баатар” Манат гэгчээр 120 орчим Гоминдааны цэрэг оролцсон хүнийг удирдуулан Сантуха тосгонд оршдог хуарангаасаа гаргасан байна. Дайсан 50, 75 мм-ийн миномёт дөрөв, арав орчим хүнд хөнгөн пулёмет, хоёр винтовын бөмбөг буудагч, америк винтовуудаар зэвсэглэсэн байжээ. Дайсан долдугаар сарын 8-ны өглөө Байтаг богдын Бүдүүнхаргайт голын эхээр улсын хилийг нэвтэрчээ. Ховдын хязгаар тэр үед Америк, ЗХУ, Гоминьданы анхаарлын төвд орсон стратегийн гол газар байв. Учир нь Байтаг Богдын орчимд ураны илэрц олдсон явдал харийнхны хомголзол шуналыг асаах гол хүчин зүйл болжээ. Тиймээс ч энэ хавийн газар нутгийн төлөө өнгөлзсөн дайсантай тэмцэж манай 240 орчим хилчин амь үрэгдээд байв.

Дээрэмчдийг хавцал уруудан, 400 метрт дөхөж ирэн хүчээ задлан давшиж эхлэхэд хилчдийн ахлагч Г.Хаянхярваа “Эцсээ хүртэл тулалдана, амьд баригдахгүй” гэж тушаагаад Чойжин, Баня, Гончигзэгвэ нарыг урдах өндөрлөгт, тасгийн дарга Гиваан, хөнгөн пулёметын наводчик Тэгшээ, туслах наводчик Даваадорж нарыг арын өндөрлөгт гарч байлд гэж хуваарилаад өөрөө Дандархайдавтай дундах онин дээр үлдэж, Архадаар морьдоо бариулж, хилчин Пэлжээд Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан 30 км-т орших суман руугаа холбоо бариулахаар явуулсан байна. Дайсан миномёт, пулёметоор буудаж морьтой болон явгаар давшиж эхлэв. Дайсны эхний галд байлдагч Архад, Баян нар алагдаж, бууны суманд байлдагч Дандархайдав шархтан, Хаянхярваагийн тушаалаар арын байрлал руу шилжих гэж яваад дайсанд амьдаараа баригдахгүйн тулд өөрийгөө буудан амь үрэгдсэн байна.

Хориглолтын баруун үзүүр болох оройн бяцхан товгор дээр хориглосон тасгийн дарга Гиваан, хөнгөн пулемётын наводчик Тэгшээ, Даваадорж нарыг дээрэмчид миномётын галын дэмжлэгээр давшин бүслэв. Хилчид үзэгдэц муутай газар хориглон байрласан тул дайсныг үзэгдвэл галлан устгаж, гэнэт тулж ирсэн дайсны өөдөөс гранат шидэж тулалдсан нь тодорхой байв. Отрядын дарга Ш.Зонров, улстөрийн орлогч Ж.Далхжав, тусгай ангийн дарга Ш.Базар нарын яриагаар энэ гурвын хориглож байсан 15 хавтгай дөрвөлжин метр орчим газарт 15 удаа мина тэсэрч, хүн бүр хоёр гурав шархтан, тэр хавь нэлэнхүйдээ цусаар будагджээ. Тэгшээгийн баруун хөл минанд тасарч зөвхөн борвиныхоо том шөрмөсөнд торж тогтсон төдийгүй шилбэний хугархай яс нь газар зурж чирэгдсээр мөлийж, нүхэнд нь шороо чулуу чихэгдсэн байжээ. Гурван баатар баруун хойш харан зэрэгцэн хэвтээд эцсийн гранатаа өөрсдөдөө зориулсан байв. Дунд нь байрлаж байсан Даваадорж амь үрэгдэхийнхээ өмнө эвлэлийн батлахаа чулуун дор нуугаад, пулемётоо хад савж эвдлэн элгэн дороо хавтгай чулуу хийж эцсийн гранатаа тэсэлсэн ба цогцос нь цээж бөгсөөрөө салж зургаан метр хэртэй хоёр тийш шидэгдсэн байжээ. Нөгөө хоёрынх нь тархи толгой танигдахын аргагүй гүзээтэй ус шиг булхалзсан юм болсон аж. Заставын улс төрийн орлогч Хаянхярваа, байлдагч Чойжин, Гончигзэгвэ нар бүслэлтээс буудалцан гарч нөхдөө галаар хамгаалахыг хичээсэн боловч газрын бартаа, хад чулуугаар далдлагдсан ашиггүй байрлалд байснаас туслалцаа үзүүлж чадсангүй. Тулгаралт хоёр цаг орчим үргэлжилж 09.30 минут гэхэд дайсан буцаж, үзэгдэх бараагүй болсон байлаа.

Богино хугацаанд болсон энэ тулгаралтад дайсан хүн хүчээр 13 дахин олон байсан бөгөөд манай хилчдийн хориглолтын метр газар бүрт миномётын хоёр сум туссанаас үзэхэд маш хүч тэнцвэргүй байлдаан болсон нь илэрхий. Дайсантай баатарлагаар тулалдан амь үрэгдсэн Увс аймгийн Өмнөговь сумын V багийн харьяат Бэгзийн Гиваан, Ховд аймгийн Чандмань сумын IV багийн харьяат Баянбалын Тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэн сумын II багийн харьяат Лхүнровын Даваадорж нарт БНМАУ-ын баатар цолыг хожим нэхэн олгосон бөгөөд Булган аймгийн Хутаг сумын харьяат ахлах дэслэгч Гомбожавын Хаянхярваа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Найдангийн Дандархайдав, мөн аймгийн Сонгино сумын харьяат Энхийн Архад, Увс аймгийн Өмнөговь сумын Түвшингийн Баян нарыг Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор, Баянхонгор аймгийн Мандал сумын харьяат хилчин Доржийн Чойжин, мөн аймгийн Богд сумын харьяат Лувсангийн Гончигзэгвэ нарыг Цэргийн гавьяаны одонгоор, Сумандаа богино хугацаанд хэл хүргэсэн Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат хилчин Чойжилсүрэнгийн Пэлжээг Байлдааны медалиар тус тус нэхэн шагнасан билээ. Энэ тухай “Монгол Улсын хил хамгаалалтын түүхэн тэмдэглэл”, хурандаа Ч.Алтангэрэлийн “Ховд хязгаарын хил хамгаалалтын товч түүх” зэрэг номуудад тодорхой өгүүлжээ. Киноны түүхийн зөвлөх, цэргийн шинжлэх ухааны доктор Даваадорж ч үүргээ сайн гүйцэтгэсэн нь анзаарагдсан. Дашрамд дурдахад амь үрэгдсэн баатрууд хугацаат цэргийн албаа хаасан ч хилийн будлиан тасрахгүй байгаа учраас сайн дураараа албаа үргэлжлүүлэн хаая гэж санал гаргасан эх орончид байжээ.

Өнөө бидний амьдарч байгаа эх орон, газар нутгийг маань бүрэн бүтэн үлдээхийн тулд өвөг дээдэс минь юуг даван туулсныг шинэ цагийн залуус заавал мэдэх учиртай билээ. Тиймээс тусгаар тогтнол, эх орон, газар шороо гэж ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг марталгүй, үргэлж санаж явах ёстой хэмээн “Жийж” продакшн болон “Фантастик” продакшны уран бүтээлчдийн “Байтаг богд” уран сайхны кино түүхэн үнэнийг гажуудуулалгүйгээр, үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөх гайхамшигтай нэгэн бүтээл болж чаджээ. Эх орны эрэлхэг хилчдийн гэгээн дурсгалд зориулсан уг киноны арван баатрын дүр гэхэд үзсэн хэний ч сэтгэлд хоногшихоор амьдаас амьд болжээ. Тухайлбал, Тэгшээд жүжигчин Э.Одбаяр, Гиваанд Ж.Алтаншагай, Даваад Б.Барслхагва, Хярваад Г.Эрхэмбаяр, Архадад Б.Батсайхан, Гончигт Э.Алдар, Дандарт Э.Мөнхбат, Чойжинд Т.Төгөлдөр, Пэлжээд Э.Баярмагнай, Баянд Э.Содбаяр нар тогложээ. Гоминьданий цэргийн эрхтэн Фун Ван Ки, Кан Си Зан нарын дүрийг Б.Тамир, М.Баярбат нар, харийн нутгаас ээжийнхээ мөрөөдлийг биелүүлэн эх нутагтаа ирж буй цагаач торгууд бүсгүй Буянхишигийн дүрийг жүжигчин Ц.Алдармаа нар маш сайн амилуулж чадлаа. Маршал Х.Чойбалсан, сумангийн дарга нарт соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, гавьяат жүжигчин Г.Золбоот нарын авьяаслаг жүжигчид тоглосон нь уг киноны яах аргагүй шигтгээ чимэг болжээ.


Categories
мэдээ спорт

Конор МакГрегор​, Флойд Мэйведер​ нар холимог дүрмээр дахин тулалдана

floyd conor mcgregor octacon зурган илэрцүүд

Холимог тулааны хаан Конор МакГрегор, агуу боксчин Флойд Мэйведер нар 2017 оны наймдугаар сард боксын тулаан хийж Флойд техникийн нокаутаар ялсан билээ. Харин тэдний хариу тоглолт болж магадгүй аж. Энэ удаад тулаанчид октагонд тулалдах юм. Гэхдээ холимог тулаан биш гэнэ.

“The Sports Journal” сэтгүүлийн редактор Омар Аль Раиси “Өвөрмөц ёстой л “холимог” дүрмээр тулаан явагдана. Бокс, холимог тулааны холимог дүрэм” гэж бичжээ.
Ингээд дүрмийг танилцуулья:
• Тамирчид торонд хөл нүцгэн, холимог тулааны бээлийтэй тоглоно.
• Хөлөөр өшиглөх, өвдөг, тохойгоор цохихыг хориглоно.
• Клинчийг зөвшөөрнө.
• 5 минутаар 5 үе тулалдана.
• 70 кг-ийн жин буюу Конорын жинд үзэлцэнэ.

Энэ тулааныг UFC, Mayweather Promotions, McGregor Entertainment гэсэн гурван газар зохион байгуулах аж.

Холимог дүрэм нь Мэйведерт ашигтай. Учир нь холимог тулааны жинхэнэ дүрмээр тогловол Флойдод ямар ч боломж байхгүй билээ.

Categories
мэдээ спорт

Рассэл Вэстбрүүк хоёр улирал дараалан трипл дабль дунджилсан анхны тоглогч боллоо

Өнгөрсөн улирлын үнэ цэнэтэй тоглогч Уэстбрүүк нь трипль дабль дунджилсан үзүүлэлтээр түүхэн дэх хоёр дахь тоглогч болсон билээ.

Тэгвэл өнөөдөр тэрээр “Мэмфис Гризлис” багийн эсрэг хийсэн тоглолтод 20 с.б.а хийснээр албан ёсоор хоёр улирал трипль дабл дунджилсан анхны тоглогч болж түүхэнд нэрээ мөнхлөн үлдээлээ.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулсан зөрчлийн талаарх мэдээллийг 70128012 дугаарт мэдэгдээрэй

зогсоол зурган илэрцүүд

Жолоочид дэлгүүрт орлого оруулсныхаа төлөө, зах худалдааны төвийг нь сонгон үйлчлүүлснийхээ төлөө 500-3000 төгрөг төлж, автомашинаа зогсоолд байрлуулж байна. Гэтэл ЭНД нэрлэсэн 27 зогсоолоос бусад нийтийн эзэмшлийн зам талбайд жолоочид үнэ төлбөргүй машинаа байрлуулах эрхтэй.

Тэгвэл нийтийн эзэмшлийн зам, талбайн орц, гарцыг хааж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулсан зөрчлийн талаарх мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын утсаар өгч болох юм байна.

Categories
мэдээ спорт

ФИБА 3х3 мэргэжлийн лигийн тэмцээнд “Улаанбаатар Гаруда”, “Ховд” багууд оролцоно

ФИБА 3х3 мэргэжлийн лиг зурган илэрцүүд

Өчигдөр Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос ‘Happiness center’-т сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр дэлхийн өндөр түвшинд тоглон амжилт гаргаж байгаа баг тамирчдад сагсан бөмбөг гардуулах арга хэмжээ болсон юм. Энэ төрлөөр олон улсын тэмцээнд амжилт гаргаж байгаа тамирчдад бөмбөгийг гардуулж, тэдэнд спортын өндөр амжилтыг хүслээ.

Манай тамирчдын тэмцээн ирэх амралтын өдөр БНСУ-ын Сөүл хотод болох мэргэжлийн лигийн тэмцээний гранпри тэмцээнээр шинэ улирал эхлэх гэж байна. ФИБА 3х3 мэргэжлийн лигийн тэмцээнд “Улаанбаатар Гаруда”, “Ховд” гэсэн хоёр баг оролцох бөгөөд баг тамирчид өнөөдөр БНСУ-ыг зорилоо. Тамирчид тус тэмцээний дараагаас БНХАУ-ын Нанжинд болох гранпри гээд цуврал тэмцээнүүд цааш үргэлжлэх юм.

ФИБА буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 төрлийг мэргэжлийн болон олон улсын гэсэн ангиллаар тэмцээн зохион байгуулдаг. Одоо шинэ улирал эхэлж байгаа бөгөөд олон улсын ангилалд нийт зургаан тэмцээн болно.

Монголын шигшээ багууд 2017 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн “Их дуулга” болох гранпри тэмцээнүүдэд амжилттай оролцсоноор 2018 оны Дэлхийн аваргад оролцох эрхээ аваад байгаа билээ. Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсын Манила хотноо ирэх зургадугаар сарын 08-наас 12-ны хооронд болох бөгөөд шигшээ баг “С” хэсэгт ОХУ, Бразил, Канад, Филиппин улсын шигшээ багуудтай багтсан. Мөн ФИБА буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 төрлийг мэргэжлийн болон олон улсын гэсэн хоёр ангиллаар тэмцээн уралдааныг зохион явуулдаг бөгөөд манай баг тамирчид энэ жил дараах олон улсын тэмцээнд оролцохоор болоод байгаа юм.

“Токио-2020” зуны олимпийн наадмын үндсэн төрөлд сагсан бөмбөгийн 3х3 төрөл багтсан билээ. Манай улсын шигшээ багууд өнгөрсөн улиралд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Дэлхийн “Их дуулга” Гран при тэмцээнд амжилттай оролцож 2018 оны ДАШТ-д оролцох эрхээ аваад байгаа юм.

3Х3 ШИГШЭЭ БАГИЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ХУВААРЬ

ФИБА 3х3 Ази тивийн аварга БНХАУ 04/27-05/01

ФИБА 3х3 Дэлхийн аварга Филиппин 06/06-12/

FISU 3х3 Оюутны Ази тивийн аварга 07/11-14/

3х3 Азийн наадам Индонез Жакарта 08/-18/10-02/

ФИБА 3х3 U18 Ази тивийн аварга Малайз 09/-06-09/

Хүүхдийн олимп 3х3 U18 Аргентин 10/-06-18/

Харин мэргэжлийн лиг энэ амралтын өдөр БНСУ-ын Сөүл хотноо болох Дэлхийн гранпри тэмцээнээр эхлэх гэж байна. Монгол улсаас ФИБА 3х3 мэргэжлийн лигийн тэмцээнд “Улаанбаатар Гаруда” болон ‘Ховд’ гэсэн хоёр баг өрсөлдөнө.

3Х3 МЭРГЭЖЛИЙН ЛИГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ХУВААРЬ

Goyang 3×3 дэлхийн гранпри тэмцээн БНСУ 04/14-15/

Nanjing 3×3 дэлхийн гранпри тэмцээн БНХАУ 04/21-22/

Penang 3×3 дэлхийн гранпри тэмцээн Малайз 04/05-06/

Wuxi 3×3 дэлхийн гранпри тэмцээн БНХАУ Шанхай 05/05-06/

Hui An 3×3 дэлхийн гранпри тэмцээн БНХАУ 05/12-13/

Moscow 3×3 дэлхийн гранпри тэмцээн ОХУ 05/18-19/

Sydney 3×3 дэлхийн гранпри тэмцээн Австрали 05/19-20/

Chengdu 3×3 дэлхийн гранпри тэмцээн БНХАУ 05/19-20/

Ulaanbaatar 3×3 дэлхийн гранпри тэмцээн Монгол 06/02-03/

Hang Zou 3×3 дэлхийн гранпри тэмцээн БНХАУ 06/16-17/

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхийлөгчийн сонгуульд хоёр эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөж байна

Зураг

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхийлөгчөөр сонгогдохоор хоёр эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөж байна гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Гондурас улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Мэри Элизабет Флорес Флэйк, Эквадор улсын Гадаад харилцааны сайд Мария Фернанда Эспиноса Гарсис нар энэ оны зургадугаар сарын 5-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа аж.

Энэ хоёр хүний нэг нь 2017 оны есдүгээр сард болсон сонгуулиар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Словакийн дипломатч Мирослав Лайчакийн халааг авна. 1945 оноос хойш Ерөнхий Ассамблейн тэргүүнээр ердөө гурван л эмэгтэй сонгогдож байжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүнийг жил тутам тус ассамблейн төлөөлөгчдийн саналаар сонгодог байна. Ерөнхий Ассамблей нь НҮБ-ын бодлого боловсруулах, улс орнуудын төлөөлөгчдийн санаа бодлыг сонсдог гол газар билээ. НҮБ-ын гишүүн 193 улс орноос бүрддэг тус газар нь олон улсын асуудлууд, тухайлбал энх тайван ба аюулгүй байдлын асуудлаар олон талт хэлэлцүүлэг өрнүүлдэг юм.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрөгч дөрөв хоногийн хугацаанд зам тээврийн ослын 700 дуудлага бүртгэгдсэн байна

Холбоотой Зураг

Нийслэл Улаанбаатар хотод өнгөрөгч хоногт их хэмжээний нойтон цас орсны улмаас зам халтиргаатай байгаа тул жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцож, зуны дугуйтай бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө. Орон нутгийн замд Улаанбаатараас Төв аймгийн Баянчандмань сумын хооронд цасан шуурга шуурч байна.

Энэ сарын 9-13-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1,003 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 700 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 27 хүн гэмтэж бэртжээ. Үүний 13 нь бага насны хүүхэд тэр дундаа явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өрстөн байна. Осолд өртсөн хүүхдийн найм нь ганцаараа явж байсан бол хоёр нь эцэг, эхийн хамт явж байсан. Түүнчлэн орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон бөгөөд гарсан осол хэргээс дурдвал Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн нутагт 35 дугаар автобааз гэх газар асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 69 настай эрэгтэй Л-г мөргөж амь нас нь хохирсон хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 137 зөрчлийг илрүүлсэн бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ. Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 29 осол, мөргөлдөх хэлбэрээр 30 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн ослыг өмнөх долоо хоногтой харьцуулахад нийт дуудлага 12,7 хувиар, зам тээврийн осол 19 хувиар буурч, осолд өртсөн хүүхэд нэг дахин өссөн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын багш нар Баян-Өлгий аймгийн сургуулиудад хичээл зааж байна

ЗурагОХУ-ын Горно-Алтайскийн Улсын Их Сургуулийн багш, оюутнууд Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд хичээл зааж байна.

Багш, оюутнуудын багийг тус сургуулийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд захирал Н.А.Юркова ахалж Өлгий хотод энэ сарын 2-ны өдөр иржээ.

Уг асуудлаар Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Орос хэлний төвийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Х.Жулдызаас тодруулахад: “Багш нар манай аймагт нэг сарын хугацаагаар ирсэн. Энэ бол тус сургуулийн зүгээс хэрэгжүүлж буй “Баруун Монголд орос хэлийг сурталчлах төсөл”-ийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм. Одоо тэд тодорхой хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад орос хэлний хичээл зааж байна. Түүнчлэн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын удирдлага, мэргэжилтнүүд болон аймгийн төвийн сургуулиудын захирал, орос хэлний багш нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан байгаа ” гэлээ.

Мөн Баян-Өлгий аймгийн хүүхдүүдийг зуны улиралд ОХУ-д амраах, Горно-Алтайскийн Улсын Их Сургуульд оюутан элсүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар урьдчилсан байдлаар тохиролцоод байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

​Сүхбаатар аймагт бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг он гарснаас хойш хоёр удаа үйлдэгджээ

Зураг

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2018 оны эхний гурван сарын байдлаар бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг хоёр үйлдэгджээ. Хэргийн эзэн холбогдогчдыг тогтоож, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

“Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг улсын хэмжээнд олны анхаарлыг татах асуудал болсон бол орон нутагт ч мөн адил үйлдэгдэж байна. Он гарсаар хоёр ч тохиолдол бүртгэгдээд байгаа нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хүчингийн хэргийг үйлдэгчид нь ихэвчлэн хойд эцэг эсвэл ах дүү, төрөл садан эсвэл эцэг эхийнх нь найзууд байдаг. Энэ төрлийн хэрэг үйлдэгдэж буй гол шалтгаан бол эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ тавих хараа хяналт сул байгаагийнх. Ер нь хүүхдийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам бол цэцэг эхчүүд хараа хяналтаа, хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлэх явдал юм.” гэж аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Г.Ганхуяг хэллээ.

Хүчиндэх гэмт хэргээс гадна хүүхдүүд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй байдаг аж.