Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн нутгаар аялахад үзэх газрууд

Зэргэлээ орхон аймаг зурган илэрцүүд1.Зэргэлээ

Орхон аймгийн Жаргалант сумын нутагт Эрдэнэт хотоос зүүн урагш 25км зайд, Чингэл гэдэг жижиг голын хойд эрэг дагуу орих араараа модтой толгод, тэгш дэвсэгүүдтэй 10 км үргэлжлэх газрыг Зэрэглээ хэмээнэ. Чингэлийн голын хөвөөгөөрөө Булган аймагтай хиллэдэг.

Голын урд эрэг нь өндөр толгой, модтой уулын ар хэсгээр хүрээлэгдсэн үзэсгэлэнтэй газар байдаг. Энэ газрын гол онцлог нь голын хойд хэсгийн дэвсэг толгодууд нь түүхийн үл хөдлөх дурсгал болох хүрэл ба төмрийн үе (НТӨ I-III), Түрэгийн үе (YI-YIII), дундад зууны (XII-XY зуун) үеийн булш, хиргисүүр, зэл чулуу (балбал), тахилын онгонууд элбэг байдаг. Олон эрин үе, зуунд хамаарах дурсгалууд нэг дор олноороо зэрэгцэн оршдог нь тус газрын гол онцлог бөгөөд 40 гаруй дурсгал байдаг. Засгийн газрын 2008 оны 175-р тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар хамгаалалтанд авсан байна.

2.Айргийн гозгорын Хүннүгийн бүлэг дурсгалт газар

Жаргалант сумын төвөөс зүүн тийш 7км зайд орших Айргийн гозгор гэдэг нүцгэн уулын өвөрт орших Хүннүгийн хожуу үеийн бүлэг дурсгал нь том жижиг нийлсэн 90 гаруй бүлэг дурсгал юм. Иймэрхүү Хүннүгийн хожуу үеийн бүлэг дурсгал ховор юм. Өвөрмонгол, Буриад, Тувагийн нутагт жижиг жирийн иргэдийн иймэрхүү бүлэг дурсгал илэрсэн. Энэхүү бүлэг дурсгалыг 2007 онд анх музейн ажилтан Л.Ганчимэг, Д.Эрдэнэбаатар, П.Баярбадрах нар нээн илрүүлж, анхны тодорхойлолт, хар зургийг үйлджээ. Энэхүү дурсгал нь аймгийн үл хөдлөх дурсгалын 2010 оны тооллогоор Хүннүгийн үед хамрах дурсгал байх магадлалтайг тогтоож Соёлын өвийн төвийн мэргэжилтэн Д.Даваацэрэнгийн хүсэлтээр аймгийн хамгаалалтанд 2010 онд авсан байна. 2014 онд Монголын үндэсний музейн хөрөнгө оруулалтаар, 2015 онд аймгийн хөрөнгө оруулалтаар малтлага хийж Хүннүгийн хожуу үе буюу Сяньбигийн үед хамаарах булш гэдгээрээ Монголын археологийн салбарт томоохон байр эзлэх дурсгал болохыг тодорхойлжээ.

3.Бөөрөнхий сайр хэмээх байгалийн тогтоц газар

Жаргалант сумын төвөөс зүүн урагш 8км зайд Намаржаагийн гозгор гэдэг толгойгоос баруун урагш 2-3 км газарт жалганы аманд байдаг бөөрөнхий чулуу юм. Нутгийнхан “Бөөрөнхий сайр” гэх ба цайвар шаргалдуу өнгөтэй, 3.8м өндөр, 5м урт өндөг шиг хэлбэртэй боржин чулуун хад юм. Хоёр талаас нь харахад ямар ч өөгүй аварга өндөр мэт харагддаг. Ил биш хонхор жалга маягийн газарт байдаг тул алс зайнаас харагддаггүй байна. Орчин тойронд нь өөр ямар ч хад чулуу байдаггүй нь сонин бөгөөд хэрхэн яаж энэ газарт бий болж тогтсон нь сонирхолтой юм.

Г. МӨНХЦАЦРАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш НӨАТ-ын урамшууллын тохирол явагдана

Зураг

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 4 дүгээр сарын сугалааны тохирол энэ сарын 15-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны гуравдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамран азтан болох боломжтой.

НӨАТ-ын урамшууллын системийн дагуу иргэд худалдан авалт хийсэн үнийн дүнгийнхээ хоёр хувийг буцаан авч, Ebarimt.mn сайтад бүртгүүлсэн баримтаараа сугалаанд оролцох болсон билээ.

Categories
мэдээ спорт

Таеквондоч П.Дүүрэнжаргал залуучуудын олимпийн эрх өвөртлөв

ЗурагТунис Улсын Хаммамет хотноо “Buenos Aires 2018” Залуучуудын зуны олимпийн их наадамд оролцох эрхийн тэмцээн буюу таеквондогийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болов.

Тус тэмцээнд оролцсон Монголын өсвөрийн баг тамирчдаас “Олимп клуб”-ын тамирчин П.Дүүрэнжаргал 48 кг-д дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн жиндээ шилдэг наймд шалгарснаар Залуучуудын зуны олимпийн их наадамд оролцох эрхээ авлаа. Энэ амжилт нь Монголын таеквондогийн түүхэнд авч байгаа хоёр дахь олимпийн эрх юм.

Өмнө нь “Рио-2016” зуны олимпийн их наадамд Монгол Улсаа төлөөлөн анх удаа таеквондогийн спортоор оролцсон үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин П.Тэмүүжин гайхамшигтай тулаануудыг хийж, шагналт тавдугаар байрт шалгарч байлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чоно” хамтлаг бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ

Зураг“Чоно” хамтлаг үнэнч сонсогч, фэнүүддээ зориулан бүрэн хэмжээний шоу тоглолтоо энэ сарын 20-нд “CROCUS Event Hall”-д хийхээр болов.
Тус хамтлагийн хувьд өнгөрсөн 18 жилийн хугацаанд “Залуу нас”, “Хайлж, урсаж байна”, “Энэ дурлал юм уу”, “Чамд таалагдахын тулд”, “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ”, “Үнэнч амраг” зэрэг дууг сонсогч, фенүүдийнхээ сэтгэлд хүргэж, хит болгон эгшиглүүлсэн юм. Харин сүүлийн жилүүдэд уран бүтээлдээ анхаарч “Хар сарнай” хамтлагтай хамтран “Бүтээнэ сөнөөнө” дууг шинэчлэн дуулсны зэрэгцээ “Эв нэгдэл”, “Чин үнэнч хайр”, “Уухай”, “Уучлаарай би чамд хайртай”, “Хүсэл” зэрэг уран бүтээлийг хүргэсээр байгаа юм.
Тоглолтод тус хамтлагийн хуучны сайхан хит дуунууд болон сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүд нь эгшиглэх аж.
Тоглолтын тасалбар нь 30, 70 мянган төгрөгийн үнэтэй байх юм. Онлайн тасалбар худалдааны www.TIX.mn сайтаар зочлон захиалгаа өгөх боломжтой.

Categories
мэдээ спорт

​Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ болж байна

ЖҮДОГИЙН УАШТ-Д 200 ГАРУЙ зурган илэрцүүдЖүдо бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны УАШТ-ий нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар ОУХМ Л.Отгонбаатар, ОУХМ Д.Алтансүх, Монголын жүдо академийн дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ тэргүүтэй МЖБХ-ны тамирчин, дасгалжуулагч, шүүгч нарт Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртээлээ.

Баасан гарагт Спортын төв ордны “А” танхимд эхэлсэн УАШТ-д 200 гаруй тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 81, 90, -100, +100 кг, эмэгтэй 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорсон.

Өнөөдөр эрэгтэй 60, 66, 73 кг, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Энэ жилийн улсын аварга тэмцээний ерөнхий шүүгчээр Европын жүдо бөхийн холбооны спорт хариуцсан захирал, олимпийн зэрэглэлийн шүүгч, Австри улсын иргэн Арнолд Гмэйнер ажиллаж байна.

Өчигдөр цөөнгүй сонирхолтой барилдаан гарсан бөгөөд олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн бөхчүүдээс эхний тойргоос хасагдсан бол шилдэг жүдочид ч аварга цолоо хамгааллаа.

Тухайлбал, эмэгтэйчүүдийн 70 кг-д “Гуанжоу-2010”, “Инчеон-2014” Азийн наадмын хүрэл медальт, Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, ХУД, “Женко” клубын тамирчин ОУХМ Ц. Наранжаргал найм дахь түрүүгээ хүртсэн бол +78 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхтуяа дөрөв дэх удаагаа улсын аварга болов.

Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-д цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Алтанбагана, -100 кг-д “Инчеон-2014” наадмын хүрэл медальт, Абу-Дабигийн “Их дуулга”-ын аварга, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Л.Отгонбаатар, +100 кг-д залуучуудын болон цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн -78 кг-д Увс аймгийн тамирчин, спортын мастер Ц.Батцэцэг улсын хошой аварга болсон юм.

Эхний өдрийн алт, мөнгө, хүрэл медалийн эздийг танилцуулахад,

Эрэгтэйчүүдийн: 90 кг-д (16 жүдоч): алт Г.Алтанбагана (Алдар), мөнгө Б.Бат-Эрдэнэ (Хилчин), хүрэл Б.Тэнгис (Женко), Р.Анхбаатар (ТЕГ-ын “Эрч” клуб)

-100 кг-д (17): Л.Отгонбаатар (Сүлд), Б.Жанчивдорж (Хүч), Д.Цэрэнням (ТЕГ-ын “Эрч” клуб), Л.Энхтүвшин (Сүлд)

+100 кг-д (25): Ө.Дүүрэнбаяр (Алдар), А.Давааням, Г.Пүрэвбаатар (хоёул Сүлд), Д.Пүрэвдорж (Женко)

Эмэгтэй: 70 кг-д (12): Ц.Наранжаргал (Хан-Уул дүүрэг, “Женко”), Б.Хонгорзул (Хилчин), С.Адилцэцэг (Алдар), А.Бадамгарав (Баянхонгор),

-78 кг-д (10):Ц.Батцэцэг (Увс, “Шинэ бадрах” дэвжээ), А.Батзул (Хан-Уул дүүрэг, “Женко”), Ц.Буянжаргал (Хан-Уул дүүрэг, “Женко”), Л.Уранчимэг (Хилчин)

+78 кг-д (9): Б.Мөнхтуяа (Хилчин), Ш.Сэржмядаг (Алдар), 3.Э.Гандиймаа (Хилчин), А.Адъяасүрэн (ТСБТСДуС) нар УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтан боллоо.
Өнөөдөр олон шилдэг бөхчүүд дэвжээнд гарах бөгөөд жин тус бүрт олон бөх барилдаж байна. Тодруулбал, эрэгтэй 60 кг-д 52 бөх барилдах бол 66 кг-д 32 бөх бүртгүүлжээ. Мөн 73, 81 кг-д тус бүр 28 бөх барилдана. Спортын төв ордны “А” зааланд болж буй жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг С1, ETV телевиз шууд дамжуулан хүргэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хачигт халдвараас сэргийлэхийг зөвлөв

ХАЧИГТ ХАЛДВАР зурган илэрцүүд

Хачигт халдварын идэвхжлийн үе эхэллээ.

Хачигт халдвар нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин. Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4-10 сарын турш бүртгэгддэг бөгөөд хачигт халдвар энэ үед ид идэвхжилтэй байдаг.
Монгол Улсын 21 аймаг 9 дүүрэг, бүх сумдад халдварын голомттой учраас ойн болон бэлчээр малын хачиг хамгийн элбэг байдаг. Монголд 43 зүйлийн хачигт халдвар байдгаас өнөөдрийн байдлаар хачигнаас үүдэлтэй 3 төрлийн халдварт өвчин оношлогдож тогтоогдоод байна.
Хачигт энцефалит өвчнийг дамжуулагч ойн хачгийн идэвхжил ихсэж байгаа тул ой модонд ажил эрхлэх, зугаалах, жимс, эмийн ургамал түүх, ууланд алхах үед ард иргэдэд, ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна. Урин дулаан, аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан сүүлийн үед хачигт халдварын эрсдэл нэмэгдэж байгаа учир иргэд энгийн аргаар өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хэрхэн хамгаалах, хачигт хазуулсан үедээ ямар арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргүүлэв.
Хачигт хазуулсны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоо тунгалагийн булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, бөөлжих зэрэг зовиур илэрдэг. Хачигт халдвараас сэргийлэх үндсэн арга нь хачигаас зайлсхийх, хачигт хазуулахгүй байх юм. Үүний тулд хачигтай газар явах үед биед хачиг орохооргүй битүү, гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас, түрийтэй гутал, малгай, алчуур хэрэглэх, ой, хээр, малд явахдаа өөртөө болон бие биендээ үзлэг хийж, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях, үргээгч бэлдмэл /түрхлэг, тос, аэрозоль гэх мэт/ хэрэглэхийг зөвлөв.
Хэрвээ хачиг биед шигдсэн бол зөв авах нь чухал. Үүний тулд хачиг дээр ургамлын тос түрхэж 1-2 минутын дараа хачгийн ил хэсгээс хавчаараар барьж, 45 хэмийн налуу өнцгөөр зөөлөн дээш татаж авна. Арьсанд шигдсэн хачигны хошууг нарийн утсаар оосорлож 2 үзүүрийг хачигийн ил хэсгийн хоёр талд үлдээнэ. Утасны 2 үзүүрийг хачигны хошууг тойруулж зангилаад зөөлөн ганхуулах замаар хошуутай нь сугалж авах нь зүйтэйг мэргэжилтнүүд хэллээ.
Categories
мэдээ нийгэм

Завхан аймгийн нутгаар аялахад үзэх газрууд

1.Отгонтэнгэр хайрхан зурган илэрцүүд

1.Отгонтэнгэр хайрхан

Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх 6-8р зуунд Түргүүд тахидаг байжээ. Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911онд Богд хаан жил бүр ламын шашины ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995 онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна.

Энэ хайрхан нь эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг ойр орчмын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтан биосфер, экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн, ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг.

Отгонтэнгэр уулын ноён оргил далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай билээ. Очирвааний оргилд ил байдаг уулсууд бүгдэд нь хормой, энгэргүй бүрхэж таван зүйлийн өнгө үнэр сүлэлдсэн арц ургадаг. Тэр дундаа хонин арц нь бүүр ч үнэр тансаг ажгуу. Арцыг гишгэх, мөчрийг нь гэмтээхийг эрс цээрлэнэ. Арцыг авахдаа ном ёсоор нь Очирвааний зүрхэн тарни хэлж хормой дэвсэн сөхөрч суугаад алга хавсран мөргөн гуйж авдаг уламжлалтай. Вансэмбэрүү хэмээх гайхамшигт ихэр цэцэг царам асга бараадан найман сарын дундуур дэлгэрэн ургана. Тэр бүр эрсэн хүнд олдохгүй. Үзэгдэх хүндээ 20, 30-аараа үзэгдэнэ гэж ярьдаг ажээ.

2.Хар нуур

Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, Аймгийн төвөөс 110 км оршдог. Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошийн сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Гүнээрээ 48 м, уртаашаа 30 орчим км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуур омоль, пельд загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600м өргөгдсөн их, бага 2 авгаш байдаг.

Нуур нь хойд талаараа элсээр хүрээлэгдсэн Хангайн сувд гэгддэг нуур. Урьд талаараа Товхош, Намаржаа, Хар хад гэсэн өндөр уулсаар хүрээлэгдсэн. Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь сайхан үзэсгэлэнтэй харагддаг.

Нуурын ус баруун өмнөөс хүрээлсэн манхан элсэн доогуур шурган, 10 гаруй булаг болон ундран шүүрч, Хүнгүйн голд нийлэх учраас ийнхүү давсгүй хужиргүй байдаг онцлогтой.

3.Загастайн давааны хүн чулуу

Эрт урьд цагт Монголчууд хятадад ноёрхож байхад юм гэнэ. Хятадууд бослого гарган Монгол хааны аминд хүрээд зогсохгүй үр удмаар нь хүйс тэмтрэх хорон санаа өвөрлөжээ. Хааны эхнэр нэгэн ламын туслалцаатайгаар Чингис хааны хойчийг залгамжлах бяцхан нуган үрээ аван санд мэнд зугтаж амжиж гэнэ. Босуул гурав тэмээ унан говь цөлийг туулан эх Монгол нутгаа тэмцжээ. Хятад түшмэд тэднийг барьсан хүнд их хэмжээний шагнал амлан 300 морьтон цэрэг илгээн тэдний араас мөрдүүлж гэнэ.

Хөөн ирсэн дайсанд гүйцэгддэгийн даваан дээр лам тэнгэр бурханд залбиран хур гуйсанд их цас орж морь унасан хятад цэрэг урагшилж үл чадан ард хоцорчээ. Ийнхүү тэд явсаар Загастайн даваанд дөхөж байтал мөрдөн хөөгчид дахин ойртож иржээ. Оргодол гурван Монголын толгойг тасдан аваачиж өндөр шан хүртэхийг горьдсон хятадуудын баясан хашгирах дуу араас нь улам ойртсоор л. Гэтэл давааны оройд гараад тамир нь барагдсан ламтан үхэдхийн унаж бурхны оронд оджээ.

Яахаа мэдэхээ байсан залуу хатан бяцхан хүүгээ дээш өргөн “Монгол газрын этүгэн эх дэлхий, бурхад минь ээ! Монгол хэмээх нэрийг даян дэлхийд цууриатуулсан агуу их хүний удмыг энэрэн соёрхож хайрла! Чингис хааны яс махны тасархайг үхлээс хэлтрүүлж соёрхооч! гэж гуйн хашгирсан байна. Тэгтэл түүний хажууд нэгэн бяцхан цагаан хулгана гарч ирээд хүний хэлээр намуухан дуу гарган: “Чамайг авруулахаар намайг илгээсэн болой. Айж тэвдэлгуй аян замаа үргэлжлүүлсүгэй. Хүүг чинь гайхамшигтай суу алдар, харин мөрдөн хөөгч нарыг үхэл хясал хүлээж буйг мэдтүгэй! хэмээжээ.

Хатан хулгана руу үл итгэсэн харцаар харж “300 морьтон дайчныг өчүүхэн жижиг хулгана дийлнэ гэж үү” хэмээн асууужээ. Гэнэт тэнгэр нижигнэж аянга цахилан асар том хадан цохио хагаран нурж доороос өгсөн ирж байсан морьтон эрсийг бяц даран хаман оджээ. Тэгээд өнөө бяцхан хулгана хадан дээр үсрэн гараад:

– Би бол Загастайн эзэн савдаг байна. Би бурхадын ивээлд байдаг хүчирхэг нэгэн билээ, харин чи ид шидэт хулгана миний хүч чадалд эргэлзсэний чинь төлөө Загастайн даваа энэ өдрөөс зөвхөн нүгэлт хүмүүст ч бус, басхүү буянт хүмүүн нарт саад тотгор учруулах болмуй” гэжээ.

Энэ цагаас хойш үүгээр явагсад Загастайн даваанаас аюун сүрдэх болсон түүхтэй байна.

4.Бор хярын элсэн манхан, Мухартын гол

Баруун Зүүн Монгол хэмээх хоёр уулын өмнөхөн байдаг бөгөөд Завхан аймгийн Ургамал сумын араар зүүн тийш үргэлжлэн, Хунгийн голыг хөвөөлдөг. Тэндээс Эрдэнэ хайрхан сумын хойгуур өгсөж, Яруу нутаг хүртэл тэлж тариан шаргал үтрэм шиг санагдах 300 орчим км урт үргэлжилнэ. Эл манхан элсийг хөндлөн туулах Монгол хотгор.

Олгой, Цэцэний сүв гэж бий. Элсэн манхан далай болсон энэ алтан шижир элсийг ирээдүйн Монголын барагдашгүй алтан чулууд гэж нутгийн олон хэлцдэг байна.

5.Их хайрхан уул

Эрдэнэхайрхан сумын нутагт байх, эртний далайн ёроол бүхий тогтоцтой, шохойн чулуун уулыг Их Хайрхан уул хэмээдэг. Уг уул цавчим өндөр байц хад бүхий хавцлуудтай, 10-15 метр урт аж. 108 хадан агуй, төрөл бүрийн модлог бутлаг ургамал, олон зүйлийн ан амьтантай, унаган төрхөө жинхэнээр нь хадгалсан байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ уулыг зоригсдын тоо жилээс жилд нэмэгдсээр буй аж.

Нутгийн ард иргэд ч уг уулыг Манзушир бурхны орон буюу Алтан тэвш уул хэмээн хүндэтгэн нэрлэж тахин шүтсээр иржээ. Түүний 108 агуйн дотроос хамгийн том нь Эхийн, Намширын, Бага гэж нэрлэгддэг агуйнууд юм.

Эхийн агуй нь 137 метр урт бөгөөд агуйн аман дээр хадаг яндар бүхий том овоо босгосон байдаг. 70 орчим метр газрыг босоогоор явж, цаашлах тусам бөхийж, мөлхөж явсаар мухарт хүрэх ба агуйн адагт сэндэр шороо байх аж. Энэ шороог эртнээс нааш Монголчууд яр шарханд түрхэх байдлаар хэрэглэж ирсэн аж.

6.Дааган дэлийн буган чулуун хөшөө

Шилүүстэй сумын нутаг Дааган дэл уулын хойд энгэртийн уужим дэвсэг дээр хоёр эгнээ найман буган хөшөө бий. Эдгээр хөшөө чулууд нь Завхан аймгаас Баянхонгор орох төв замын дагууд байрлах бөгөөд холоос тод харагдана. Үүнийг Дааган дэлийн буган хөшөө гэж судлаачид нэрлэдэг.

Эдгээр найман хөшөөний хоёр нь газарт ойчсон байна. Хөшөөнүүдийг ягаавтар өнгийн боржин чулууг сайтар засч, бугын дүрсийг гоёмсогоор дүрсэлсэн байх нь хөшөөнүүд дээр ажиглагддаг. Мөн хөшөө чулуунуудын доод бие буюу бүслүүрт нь нум сум, чинжаал хутга, бамбай, сүх мэтийг дүрсэлсэн байгаа нь тод ажиглагдана.

Хөшөө чулуунуудын ерөнхий хадгалагдаж үлдсэн байдал нь нилээд сайн, зураг дүрслэлүүд нь тод сайн харагдаж байлаа. Дааган дэлийн хөшөө чулуунаас холгүй мөн 8 ширхэг хөшөө чулуу тал дээр байдаг. Эдгээр найман хөшөө чулуу нь хэмжээгээр жижиг, мөн л ягаавтар өнгийн боржин чулууш засч хийсэн байх бөгөөд зураг дүрслэлийн хадгалагдаж үлдсэн байдал нь нилээд тааруу, бараг мэдэгдэхгүй шахам байдаг. Дааган дэл орчим энэ жижиг бүс нутагт мөн буган чулуу хөшөө хиргисүүр тархсан байдал нь нь нилээд өндөр, мөн Завхан аймгийн Отгон сумын төв дээр нилээд олон буган чулуун хөшөө, хиргисүүрүүдийг үзэж харж болно.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлсэн иргэдийн анхааралд

2018 оны дөрөвдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд дор дурдсан цагийн хуваарийн дагуу Засгийн газрын 11 дүгээр байранд Ерөнхий мэдлэгийн болон Ур чадварын шалгалтыг цахим хэлбэр (компьютер)-ээр авна.

  • Зарласан хугацаанаас хоцорсон иргэнийг уг шалгалтад оруулах боломжгүй гэдгийг анхаарна уу.
  • Ерөнхий мэдлэгийн шалгалт эхлэхээс 15 минутын өмнө бэлэн байна уу.
  • Ерөнхий мэдлэгийн шалгалтад орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ үү.
  • Бүртгэлийн дугаар буюу шифрийг шалгалтад ирэхэд комиссоос тарааж өгнө.

http://csc.gov.mn/uploads/Exam/20180413.htm хуваарийг энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад ЭРЭЛТТЭЙ болон ИЛҮҮДЭЛТЭЙ байгаа мэргэжлүүд

Монгол Улсад ЭРЭЛТТЭЙ болон ИЛҮҮДЭЛТЭЙ байгаа мэргэжлүүд зурган илэрцүүд

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очиртой мэргэжил сонголтын талаар ярилцлаа.

Монголд ер нь сүүлийн жилүүдэд ямар мэргэжил хамгийн эрэлттэй байна вэ? Их, дээд сургуулийн төгсөгчид түлхүү аль салбарынхан байна вэ?

Юуны өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүр, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Ирээдүйн эзэд -2018” мэргэжил сонголтын аяны үеэр энэ сэдвээр ярилцлага авч буй iKon.mn-д талархал илэрхийлье.

Шилдэг мэргэжил гэж байхгүй, шилдэг мэргэжилтэн л байдаг. Аливаа хүн ямар ч мэргэжил сонгож, хөдөлмөр эрхэлж болно. Гагцхүү энэхүү мэргэлжилдээ чадварлаг болох нь хамгийн чухал зүйл гэж бодож байна. Үүнтэй холбогдож сонгох гэж буй мэргэжлээ сайтар судалж, тухайн мэргэжлийн мөн чанарыг мэдсэн байх нь чухал юм.

2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийг 40,841 сурагч төгсөж байна. Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаанаас авч үзэхэд, төгсөгчдийн 82.2 хувь нь “мэргэжлийн чиг баримжаа олгох, тухайн мэргэжлийн талаарх мэдээлэл олгох сургалтууд шаардлагатай” гэж хариулсантай холбогдуулж “Ирээдүйн эзэд – 2018” мэргэжил сонголтын аяныг улсын хэмжээнд ЕБС төгсөж буй нийт сурагчдад зориулж зохион байгуулж байна.

Мэргэжил сонголт хийхдээ эхний ээлжинд тухайн хүний өөрийн хүсэл сонирхол, нөөц чадавх, боломжоо таньж мэдэх нь чухал юм. Зөвхөн ээж аавынхаа сонго гэснээр, эсхүл найз нь ямар мэргэжил сонгож байгаатай нийцүүлж мэргэжлээ сонгож болохгүй. Өөрийгөө сайтар танин мэдсэний үндсэн дээр өөрт нийцэх ямар мэргэжил байгааг судалж, нөөц чадавхидаа нийцүүлэн ирээдүйд хоолоо олж идэх, хөдөлмөр эрхлэх гол хэрэгсэл болох мэргэжлээ сонгох нь зүйтэй юм.

Хүн амьдралдаа алхам тутамдаа сонголт хийх шаардлагатай байдаг. Түүний дотор хамгийн чухал сонголтод тооцогдох нь мэргэжил сонголт юм. Иймд сайтар судалж, хариуцлагатай хандах нь чухал тул эцэх эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, хүүхдээ зөв ойлгож, сонголтоо зөв хийхэд нь дэмжлэг үзүүлэх нь чухал.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс 2017 онд хийсэн судалгаанд их, дээд сургууль төгсөгчдийн 60 гаруй хувийг бизнесийн удирдлага, багш, боловсрол судлал, олон улсын харилцаа, анагаах ухаан, бүх төрлийн инженерийн чиглэлээр төгсөгчид эзэлж байна.

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээр ойрын 5 жилд ЭРЭЛТТЭЙ байх мэргэжлийн жагсаалт:

  1. Маркетингийн менежер
  2. Мэдээлэл технологийн мэргэжилтэн
  3. Өндөр зэрэглэлийн тогооч
  4. Барилгын инженер
  5. Авто барилгын инженер
  6. Гоо сайхны мэс засалч
  7. Уул уурхайн инженер
  8. Архитектор
  9. Геологич
  10. Төслийн менежер

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээрх ИЛҮҮДЭЛТЭЙ мэргэжлийн жагсаалт:

  1. Хуульч
  2. Эдийн засагч
  3. Нягтлан бодогч, санхүү
  4. Түүхч, философич, улс төр судлаач
  5. Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага

Олон улсад эрэлттэй байх мэргэжлийн жагсаалт:

  1. Шүдний эмч
  2. Сувилагч
  3. Эм зүйч
  4. Статистикч
  5. Хиймэл шүдний эмч
  6. Нойрсуулагч эмч
  7. Компьютерийн систем, мэдээллийн технологийн мэргэжилтэн
  8. Эх барих эмч
  9. Эрүү, нүүрний гажиг заслын эмч
  10. Хүүхдийн эмч гэсэн мэргэжлүүд байна гэж 2017 онд НЗДТГ-аас гаргасан гарын авлагад дурдсан байна.

-Зарим мэргэжил, тухайлбал компьютер, мэдээлэл технологийн салбараас төгсөх нь их багасаж буй мэт. Энэ салбар манайд яагаад хүчээ алдаж байна. Залуучуудыг энэ чиглэлээр хөгжүүлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?

Мэдээллийн технологийн салбар /IT/ бол орон зайг үл хамааран, ажлын цагаа өөрөө зохицуулан ажиллаж, хөдөлмөрлөх боломжтой өвөрмөц салбар. Өөрөөр хэлбэл дэлхийн аль ч өнцгөөс ажлаа хийх боломжтой мэргэжил гэсэн үг юм. Харамсалтай нь манайд энэ салбарт хөдөлмөр эрхлэх ажлын байр хомс, зах зээл жижиг, мэргэжлээрээ тогтвортой ажиллах боломж бололцоо хомс байдаг тул сүүлийн жилүүдэд энэ мэргэжлээр төгсөгчдийн тоо улам багасаж байгаа.

Бид мэдээллийн технологийн салбарыг богино хугацаанд улс орны эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийн бий болгох бүрэн бололцоотой салбар гэж үзэж байна. Өнөөгийн эдийн засгийн гол ачааг нуруун дээрээ үүрч буй уул уурхайн салбарыг орлох шинэ боломж бололцоо гэж харж байгаа юм. Мэдлэгт суурилсан эдийн засгийг мэдээллийн технологийн салбараар хөгжүүлэх бүрэн бололцоо бидэнд байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар залуучуудын хөгжлийн асуудлыг дангаараа эрхлэх төрийн байгууллагын хувьд нийслэлийн залуучуудаа мэдээллийн технологийн салбарт түлхүү мэргэшүүлж, инкубатор төвөөр дамжуулан залуучуудыг бойжуулж, улмаар мэргэшсэн боловсон хүчиндээ гадаадын зах зээлээс аутсорсинг захиалга авч гүйцэтгэл хийх боломж бололцоог бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг өнгөрсөн жил нээсэн.

Энэхүү төвийг нээхэд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг КОИКА-гийн төслийг гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” мэдээллийн технологийн сургалтын төвтэй 2017 оноос эхлүүлэх хамтран ажилласан бөгөөд одоогийн байдлаар хамгийн сүүлийн үеийн үзүүлэлттэй 76 компьютер бүхий 4 сургалтын танхим нээж, мэдээллийн технологийн чиглэлээр 8 төрлийн нарийн мэргэжлийн сургалтуудын үнэ төлбөргүйгээр зохион байгуулж ирлээ.

Өнгөрсөн жил 1,800 гаруй залуучуудыг мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, 40 залууг шинээр ажлын байраар хангаж, 9 залууг инкубатор төвд бойжуулан сар бүр тус тус 440,000 төгрөгийн тэтгэлэг олгож, дэмжин ажиллаж байна. Сургалтын танхимын засварын зардал болон компьютер техник төхөөрөмжүүдийг БНСУ-ын Засгийн газрын КОИКА-гийн буцалтгүй тусламжтайгаар авсан бөгөөд энэхүү төсөл нь 2019 оныг дуустал манай газар дээр хэрэгжих юм.

Энэ чиглэлээр мэргэшсэн залуучуудыг гадаадын зах зээлээс аутсорсинг захиалга авахад нь холбож өгөх зорилгоор 2017 оны 5 дугаар сард БНСУ-ын мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулах 7 аж ахуйн нэгжийн оролцоотойгоор мэдээллийн технологийн салбарт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх үзэсгэлэн яармаг зохион байгуулав. Зөвхөн БНСУ-ын мэдээллийн технологийн салбарт гэхэд 30 гаруй мянган ажлын байр бэлэн байгаа, аутсорсинг захиалгыг Монголоос авах бүрэн бололцоотой байгаа талаар тус яармагт оролцохоор ирсэн БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл мэдээлэл өгч байв.

“Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-өөр дамжуулан гадаадын зах зээлээс аутсорсинг захиалга авах боломж бололцоог нээж ажиллаж байгаа тул манай сургалтад хамрагдсан эсэхийг үл хамааран энэ салбарт мэргэшсэн залуучуудыг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Эх орондоо аж төрөнгөө өндөр цалинтай ажил хийх боломж бололцоог хангах чиглэлээр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар ажиллаж байгааг танилцуулахад таатай байна.

Робот гүйцэтгэж чадахгүй нарийн мэргэжил, мэргэшлийг эзэмшсэн хэн ч үнэ цэнэтэй хэвээр байх болно

– Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар өөр олон байгууллагууд хамтран Мэргэжил сонголтын аяныг зохион байгуулаад тодорхой хугацаа өнгөрлөө. Үр дүн хэр байна?

– Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ХНХЯ, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ 2018 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны тавдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” уулзалтыг зохион байгуулж, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа. Судалгаан дээр суурилж, эрэлт хэрэгцээнд нь нийцүүлж энэхүү аяныг зохион байгуулж байгаа тул үр дүнгийн хувьд сайн байгаа гэж дүгнэж байна. Мэдээж 100 хувь хангалттай гэж дүгнэх нь өрөөсгөл хэдий ч тус аянд хамрагдсан ахлах ангийн сурагчдаас санал асуулга, судалгаа авч байгаа тул аян хэрэгжиж дууссаны дараа судалгааны дүн нэгтгэгдэж, олон нийтэд танилцуулах болно.

“Ахлах ангийн сурагчид өөрийгөө сайтар танин мэдэх нь чухал”

– Мэргэжил сонголт хүний амьдралд маш чухал үе байдаг. Тэгэхээр эрэлттэй мэргэжил сонгож байна гээд өөрийнхөө чадахгүй, сонирхолгүй зүйл рүү ордог тал бий. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

– Тийм. Тантай санал нэг байна. Эрэлттэй мэргэжил дунд миний өөрийн хүсэл сонирхол байгаа эсэх нь хамгийн чухал юм. Хүн өөрийнхөө дуртай зүйлд сэтгэл гаргаж хийдэг талтай. Дургүй зүйлд хүчгүй гэдэг шиг ахлах ангийн сурагчид маань өөрийгөө сайтар танин мэдэх нь нэгдүгээрт чухал зүйл болж байна. Дараа нь өөрийн сонгох гэж буй мэргэжлээ сайтар судалж, сонголтоо хийх нь зүйтэй юм.

Өөрийгөө дутуу үнэлэх. Өөртөө итгэлгүй байдал нь залуучуудад мэргэжлээ сонгохдоо гаргадаг хамгийн том нийтлэг алдаа юм. Мөн өөрийн чадавх боломжоо бодитой үнэлж чадахгүй тохиолдол ч байдаг. Хэрэв өөрийгөө бүрэн дайчилж чадна гэвэл ямар ч мэргэжилд өөрийг сорьж үзэх нь чухал гэж бодож байна.

Мөнгөнд үндэслэж сонголт хийх. Тухайн мэргэжлээр дамжуулан хэдий хэмжээний мөнгө олохдоо биш, харин өөрийн сонирхолдоо, мөн чадавхдаа үндэслэн сонгох хэрэгтэй. Зөвхөн тухайн үеийн нэр хүнд, цалин хангамжийг бодож сонголт хийх нь буруу зүйл юм.

Урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлийн төлөвлөгөөгүй байх. Ер нь богино хугацааны ахархан бодлоор аливаа төлөвлөгөөг хийж болохгүй. Мэргэжлээ сонгохдоо хэзээ ч сольж болно гэсэн бодлоор хандах нь буруу юм. Энэ мэргэжлийг эзэмшсэнээр төсөөлж, төлөвлөж байгаа ирээдүйдээ хүрч чадна гэдэгтээ илтгэлтэй байна уу? гэх зэрэг ирээдүйн төлөвлөгөөгөө бодох хэрэгтэй гэж бодно.

Эцэг, эхийн сонголтоор шийдвэр гаргадаг. Бусдын нөлөөнд автаж сонголт хийх нь алдаатай сонголт болох магадлал өндөр. Мэдээж эцэг эх, ахмадууд, багш, мэргэжлийн зөвлөхүүдтэй санал бодлоо солилцож шийдвэр гаргалгүй яахав . Гэхдээ эцэг, эх нь хүүхдэдээ сонголт хийх боломж олголгүй “Миний хүү, охин ерөөсөө л эмч бол манайхан бүгд эмч мэргэжилтэй”. Эсвэл “Цалин өндөртэй мэргэжил сонго” гэж тулгах нь бас алдаа болдог талтай. Хамгийн гол мэргэжлээ сонгох гэж буй хүн өөрийгөө зөв таних, мөн сонгох гэж байгаа мэргэжлээ сайн судалсан байх хэрэгтэй.

Өмнөх ажлын туршлагад суурилж шийдвэр гаргах. Урьд өмнө нь хийж байсан ажлаас олж авсан туршлага хүнд хэрэгтэй боловч урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлийг сонгоход тийм ч чухал биш юм. Ажил мэргэжлийг сайтар судлахгүйгээр сонголт хийх нь буруу. Зуны амралтаар нэг удаа хийж үзсэн ажлаа би чадах юм байна гэж бодох нь өрөөсгөл зүйл.

Мөн хичээлийг мэргэжилтэй адилтган сонгох явдал байдаг. Хичээлийн сонголт бол харьцангуй жижиг сонголт гэж хэлж болно. Хичээлийн сонголт хийж байгаатай адил мэргэжлээ сонгох нь эрсдэлтэй. Жишээ нь химийн хичээлд сайн байлаа гээд л эмч мэргэжил сонгох нь учир дутагдалтай.

Мөн найз нөхдөө даган дуурайж мэргэжлээ сонгох гэх мэт нийтлэг алдаанууд гаргадаг. Мэргэжлээ сонгохдоо эхлээд энэ мэргэжил таны хувьд ямар утга учир, ач холбогдолтой вэ? Сонгосон мэргэжилдээ өөрийн чадавх боломжоо бүрэн дүүрэн зориулж чадах уу? Энэ мэргэжилдээ цаашид өсөж хөгжих замаа төсөөлж байна уу? хэмээн сайтар бодох хэрэгтэй. Нухацтай бодож шийдвэр гаргахгүй дургүй, сонирхолгүй мэргэжлээ сонговол 4-6 жил буюу 1,460-2,190 хоногийг боловсрол эзэмшихэд зарцуулж, цаашид тухайн мэргэжлээрээ ажиллавал дунджаар 40 жилийг дургүй, сонирхолгүй зүйлдээ зарцуулах магадлалтай. Энэ нь маш уйтгартай, бас амжилтгүй амьдралыг танд өгөх болно.

-Мэргэжлийг хослуулж эзэмших үү, эсвэл нарийвчлан дагнаж мэргэшихийн аль нь зөв сонголт болох бол? Ээж, аав нар хүүхдээ зөв чиглүүлэхийн тулд яах ёстой вэ?

– Эхлээд миний хүүхдэд тухайн мэргэжлээр ажиллах чадавх боломж нь байна уу гэдгийг харах ёстой. Дэлхий дээр 9,000 гаруй мэргэжил байдаг бөгөөд эдгээр мэргэжлийг Оросын эрдэмтэн сэтгэл зүйч Е.А.Климов мэргэжлийг үйл ажиллагааных нь онцлогоор 5 бүлэгт хувааж үзсэн байдаг. Тухайлбал хүн хүнтэйгээ харилцах, байгальтай харилцах, техниктэй, тэмдэгтийн системтэй, урлаг уран сайхны дүртэй харилцах гэсэн 5 бүлэгт хувааж үздэг. Өөрөөр хэлбэл энэ 5 бүлгийн аль чиглэлд нь таарах мэргэжлийг сонговол миний хүүхдэд боломж байна вэ? гэдгийг бодох ёстой.

Шилдэг мэргэжил гэж байхгүй, шилдэг мэргэжилтэн л байдаг.

Мөн мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран хүүхдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, сонгох гэж байгаа мэргэжлийнх нь хүмүүстэй уулзуулж тухайн мэргэжлийг судлахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ганцхан мэргэжил сонгуулах нь учир дутагдалтай. Аль нэг тохирох бүлгийн мэргэжлээс 2-3 хувилбартайгаар мэргэжил сонгуулах нь зүйтэй. Мэргэжилтнүүд 30 мэргэжил сонгон судалж, үзээд 4-5 янзын хувилбар байж болохоор сонгох нь зүйтэй гэдэг. Технологийн дэвшил хүний ажлыг орлох үзэгдэл гарч байна.

Магадгүй хэдэн жилийн дараа “банкны теллер”-ийн ажлыг хүн хийхгүй ч болох юм билүү. Цаашид энэ байдал улам газар авна. Тиймээс бид орлуулагдашгүй үнэ цэнэтэй мэргэжилтэн болох шаардлагатай. Робот гүйцэтгэж чадахгүй нарийн мэргэжил, мэргэшлийг эзэмшсэн хэн ч үнэ цэнэтэй хэвээр байх болно. Тиймээс нэгдүгээрт өөрийн сонирхолд үндэслэн хөрвөх чадвартай мэргэжил сонгох, сонгосон аливаа мэргэжилдээ нарийн мэргэших явдал чухал юм.

Миний бие БНСУ-ын их дээд сургуульд шалгалт өгч орохдоо анх компьютерийн инженерийн мэргэжлийг сонгож байсан түүхтэй. Тэрхүү мэргэжлээ сонголтгүй хийж байсан тул, мөн миний өөрийн хийхийг хүсэн мөрөөдөж байсан мэргэжил биш байсан тул дунд нь 1 жилийн чөлөө авч мэргэжлээ дахин сонгож, улстөр олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж төгссөн. Өөрөөр хэлбэл тухайн үед мэргэжлээ буруу сонгосны улмаас 1 жилийн хугацааг алдаж байсан юм. Ийм алдааг залуучууд маань гаргаж болохгүй. Бусдын алдаан дээр суралцаж, дүгнэлт гаргаж сураарай.

“их дээд сургууль төгсөгчдийн 54.6 хувь нь төрийн өмчийн, 45.4 хувь нь хувийн сургууль төгсдөг”

-Амжилтад хүрэхийн тулд өөрийн зан чанартаа тохирсон мэргэжил сонгох ёстой юу?

-Өөрийн чадавхи, боломж, зан чанар, дур сонирхол бүх зүйлээ бодох хэрэгтэй. Хүн сонирхолтой зүйлээ хэзээ ч хүнээр шахуулахгүй, албадахгүй хийж чаддаг. Хүүхдүүд тоглоом тоглохоороо хэдэн цаг өнгөрснийг мэдэрдэггүй учир нь дур сонирхолдоо хөтлөгдөөд тоглоомоо тоглоод ядарснаа ч мэддэггүй. Тэгэхээр эцэг эхчүүд мөн хүүхдүүддээ мэргэжил сонголт хийхэд нь энэ тал дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу. Тухайн хүн чадавх, дур, сонирхолдоо тохирох мэргэжил сонгох нь маш чухал.

– Зарим залуучууд мэргэжил эзэмшихээр зорьж сурчхаад, яагаад түүгээрээ ажиллахгүй байна вэ?

-Хэрэв сонгон сурсан мэргэжлээрээ ажиллахгүй байгаа бол дээр дурдсан мэргэжил сонгохдоо гаргадаг нийтлэг алдаануудыг гаргасан байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүсээгүй, дургүй байдлаар мэргэжлээ сонгосон гэсэн үг. Тиймээс хатуухан хэлэхэд 4 жил “унтаж” өнгөрөөсөн хүн ажлын байран дээр очоод гологддог. Эсхүл цаг алдаж, 2-3 жил сурчхаад, дахиад өөр мэргэжил сонгож, нэгдүгээр дамжаанаасаа суралцах, мэргэжлээ солих явдал гарна. Мөн хөдөлмөрийн зах зээл дээр илүүдэлтэй мэргэжил сонгох зэрэг олон шалтгаанууд байж болох юм.

Нэг тоо баримтаас жишээ авч танилцуулахад, манай улсын их дээд сургууль төгсөгчдийн 54.6 хувь нь төрийн өмчийн, 45.4 хувь нь хувийн сургууль төгсдөг байна. Хувийн их дээд сургууль төгсөгчдийн 44.2 хувь нь бизнесийн удирдлагын мэргэжлийн чиглэлээр төгссөн байгаа нь бараг 2 төгсөгч тутмын 1 нь энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн байна.

2017 онд 4,000 гаруй төгсөгчдөөс хийсэн судалгаанд тэдний өөрсдийн тодорхойлсноор ажил эрхлэхэд дутагдаж буй ур чадварыг багаар ажиллах чадвар, харилцааны ур чадвар, гадаад хэлний мэдлэг, математик сэтгэлгээ, тооцоолон бодох зэрэг хувь хүний хөгжлийн ур чадваруудыг юуны түрүүнд нэрлэсэн байна. Мөн ажил олгогч нар ялгаагүй дээрх чадварууд дутмаг байна хэмээн санал нэгджээ.

Төгсөгчдийг ЕБС сургууль төгсөхөөс өмнө мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрт хамруулах, мэргэжил сонголтод нь анхаарах хэрэгтэй байна. Мэргэжил сонголтоо зөв хийгээгүйгээс үүдэлтэй мэргэжилд тохирох ажлаа олж чадаагүй шалтгааны улмаас ажилгүй, эзэмшсэн боловсрол, мэргэжил, ур чадварт тохирохгүй ажил хийж байгаа төгсөгчид цөөнгүй байна.

Нөгөөтээгүүр бүгдээрээ их, дээд сургууль төгсөх албагүй юм. МСҮТ-д сурч, мэргэжил эзэмшсэн ур чадвартай сайтай тогооч сард 2-3 сая төгрөг, сайн гагнуурчин 1.5 сая төгрөгийн цалин авдаг. Хийн гагнуур хийдэг мэргэшсэн боловсон хүчний цалин цагаараа хэмжигддэг. Гэтэл ийм сайн мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээл дээр хомс байдаг, ажлын байр нь байнгын эрэлттэй байдаг гэдгийг жишээ болгон дурдаж болох юм.

Мэргэжил сонгохдоо мэргэжлийн зөвлөхүүдтэй заавал уулзаж зөвлөгөө авах нь чухал. Та ирээдүйн идэвхтэй амьдралынхаа 40-50 жилийг аз жаргалтай, амжилт бүтээлтэй байх уу? Үгүй юу? гэдгийг шийдэх сонголтоо хийж байгаа тул маш их хариуцлагатай хандаарай гэж хэлье. Залуучууддаа амжилт хүсье.

Мэргэжил сонголтын талаар ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ сайтад зочлон сонирхоорой.
Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймаг шөвөг яр өвчний 280,0 мянган тун вакцинын татан авалт хийжээ

Зураг

Өмнөговь аймгийн хэмжээнд шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх 280,0 мянган тун вакциныг татан авалт хийж мал эмнэлгийн салбарууддаа хуваарилаад байна.

Хавар мал төлөлттэй зэрэгцэн шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй болдог билээ. Тиймээс ийнхүү дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил ийн эхлээд байна. Тус аймагт нийт төллөх малын 14,5 хувь буюу 151.7 мянган толгой хээлтэгч төллөж, төл хорогдож төл бойжилт 99,5 хувьтай байгаа гэсэн мэдээг албаны хүмүүс өгөөд байгаа юм.

Өмнөговь аймагт халдварт өвчөөс сэргийлэх үйл ажиллагааны зардалд орон нутгийн төстөөс 287,0 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Зооантропонооз өвчнөөс эрүүлжүүлэх шинжилгээнд 9,5 мянган толгой мал хамруулжээ. Мөн тэмээний бруцеллёз өвчний шинжилгээнд 2016-2017 онуудад шинжилгээгээр эерэг урвал үзүүлсэн Булган, Сэврэй, Мандал-Овоо, Цогт-Овоо сумдын дөрвөн мянган тэмээнд түүвэрлэн тандах шинжилгээг зохион байгуулж байгаа юм байна.

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын ажлыг Цогт-овоо, Цогтцэций, Манлай зэрэг сумдын мэдрэмтгий мал сүргийг хамруулан зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 304 өрхийн 161874 мянган толгой малыг хамруулан тарилгын ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна гэж тус аймгийн ХХААГазраас мэдээллээ.