Categories
мэдээ нийгэм

Smartcar системд 9 төрлийн үйлчилгээ шинээр нэвтрүүлнэ

Автомашин эзэмшигчид жилд нэг удаа тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй. Өмнө нь татвараа төлөхийн тулд банкинд дугаарлан цаг зав алддаг байсан. Харин одоо Smartcar.mn автотээврийн хэрэгслийн анхны цахим систем хэрэглээнд нэвтэрснээр хэрэглэгчид цаг заваа алдаж, банкинд дугаарладаг явдал эцэс болжээ.

Та ухаалаг утасны аппликейшн болон цахим хуудсаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр, зөрчлийн торгуулийг орон зайнаас үл хамааран онлайнаар төлөх боломжтой болсон.

Энэ он гарсаар 8200 орчим иргэн SMARTCAR аппликейшн болон www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан татвар хураамжаа төлсөн байна. Үүнээс үзэхэд шинээр нэвтрүүлсэн систем нь иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тэдний цаг завыг хэмнэсэн үйлчилгээ болж чадсан гэдэг нь харагдаж байна.

Цаашид Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас холбогдох байгууллагуудтай хамтран Smartcar.mn системд нэмэлт хөгжүүлэлтийг хийж 9 төрлийн үйлчилгээг шинээр хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

  1. Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргах үйлчилгээ;
  2. Тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй утсаар холбогдох үйлчилгээ;
  3. Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл хүргэх үйлчилгээ;
  4. Авто засварын үйлчилгээний байгууллагуудын мэдээллийн үйлчилгээ;
  5. ЕC зөвшөөрөл олгох үйлчилгээ;
  6. Жолоодох эрхийн оноо шалгах үйлчилгээ;
  7. Жуулчны тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох үйлчилгээ;
  8. Иргэд замын хөдөлгөөний зөрчлийг фото зураг, байршлын хамт SMARTCAR application-р мэдээллэх;
  9. Төлбөртэй зогсоолын мэдээлэл хүргэх зэрэг болно.

Эдгээр үйлчилгээг шат дараалан хэрэглээнд нэвтрүүлэх юм байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Гар утас хэрэглэгчдийн тоо 3.5 хувиар өсжээ

Манай улсын гар утас хэрэглэгчдийн 2 сая 439 мянга 236
хүн ухаалаг утас ашигладаг ажээ. Тодруулбал, харилцаа холбоо мэдээлэл
технологийн 2017 оны статистик үзүүлэлтээр энэхүү судалгааг гаргасан байна. Энэ
нь 2016 оноос 3.5 хувиар өссөн үзүүлэлттэй юм.

Ухаалаг утас хэрэглэгчдийн 71.90 хувь нь
андроид үйлдлийн системтэй утас ашигладаг бол 21.71 хувь нь
“Apple”-ын утсыг хэрэглэдэг байна. Ухаалаг утас хэрэглэгчдийн
тоог дагаад дата хэрэглээ ч мөн ихэссэн аж. Дата хэрэглээ 2017 онд өмнөх оноос 51 хувиар
өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын 10 иргэн хотын даргаас байрны түлхүүр гардан авлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30% төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм.

Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 400 м2-аас доошгүй байна гэж заасан. Эдгээр шаардлагуудаас гадна арилжааны банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх юм.

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас сүүлийн удаа 15 иргэн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ гардан авч байсан бол өнөөдөр 10 иргэн орон сууцныхаа түлхүүрээ хотын даргаас гардан авлаа.

Иргэдэд байрны түлхүүр гардуулж өгөх үеэрээ хотын дарга Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн удирдлагууд 2017 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх”, “нийслэл рүү чиглэсэн иргэдийн шилжих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгах”, “хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангах” гэх мэт олон ажлууд авч хэрэгжүүлжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү ажил энэ жил ч үргэлжлэх болно” гэдгийг хэллээ.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн А.Бямбасүрэн “Нийслэлийн Засаг даргын санаачилсан энэхүү хөтөлбөрт хамрагдаад байртай болсондоо баяртай байна. Цаашид олон иргэн тус хөтөлбөрийн үр шимийг хүртэж, “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас байрны урьдчилгаагаа шийдвэрлүүлэх болтугай” гэв.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн н.Хишигмаа “Манайх Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 11 жил амьдарч байна. Гэр бүлийн маань сүүлийн 5 жилийн мөрөөдөл орон сууцтай болох. Өнөөдөр энэ хүсэл биеллээ олж, түлхүүрээ гардан авч байгаад маш их баяртай байна. Нийслэлийн Засаг дарга болон Тамгын газар, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын хамт олонд баярласнаа илэрхийлэе. Ажлын өндөр амжилтыг хүсье. 621 ам метр газрыг гурван өрөө байрны 30 хувийн урьдчилгаанд өгч байна. Зах зээлийн ханшаар бодоод үзвэл манай газрыг байрны урьдчилгаатай дүйцэхүйц мөнгөөр худалдан авах хүн олдох эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Тиймээс иргэдийг энэхүү сантай холбогдож, орон сууцтай болоорой гэж уриалж байна” гэлээ.

Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан юм. Үүгээр дамжуулан зах зээл дээр борлуулагдаагүй орон сууцнуудыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байгаагаа хотын дарга хэлээд, энэхүү сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа арилжааны банкнуудад мөн талархаж байгаагаа илэрхийлсэн.

Гэр хорооллын хөгжүүлэх сангийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Зүүн бүсийн аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээн боллоо

Зүүн бүсийнхэн спортын аваргуудаа шалгаруулав

Алба хаагчдын ажил үүрэг гүйцэтгэх, бие бялдрын бэлэн байдал, биеийн тамир, спортоор хичээллэх идэвхи сонирхлыг өрнүүлэх зорилгоор Зүүн бүсийн аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээнийг Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт боллоо.

Тэмцээн гар бөмбөг, олс таталт, ширээний теннис гэсэн төрлүүдээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын Онцгой байдлын газруудын эрэгтэй, эмэгтэй багийн нийт 50 орчим тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд нэгдүгээр байранд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 42-р анги, хоёрдугаар байранд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 52-р ангийн баг тамирчид шалгарсан бол эмэгтэй төрөлд нэгдүгээр байранд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, хоёрдугаар байранд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид шалгарлаа.

Харин олс таталтын тэмцээнд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 52-р анги нэгдүгээр байр, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 32-р ангийн баг тамирчид хоёрдугаар байр эзэлсэн юм.

Ширээний теннисний ганцаарчилсан эрэгтэй төрөлд нэгдүгээр байранд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32-р ангийн аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Г.Баттулга, хоёрдугаар байранд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын дарга ахлах дэслэгч Г.Мөнхсайхан, эмэгтэй төрөлд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 42-р ангийн дуудлага хүлээн авагч, дэд ахлагч н.Аягул, хоёрдугаар байранд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32-р ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал нар шалгарлаа.

Мөн холимог хосын төрөлд нэгдүгээр байранд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32-р ангийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч А.Шинэбаяр, дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал нар, хоёрдугаар байранд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52-р ангийн жолооч холбоочин, дэд ахлагч М.Болортөгс, Улсын нөөцийн салбарын шатахуун түгээх станцын түгээгч Э.Ижилмөрөн нар тус тус шалгарч, Онцгой байдлын байгууллагын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

БНТУ-ын тэтгэлгийн шалгаруулалтад тэнцүүлнэ гэсэн амлалтад итгэхгүй байхыг анхааруулав

Зураг

БНТУ-ын Засгийн газрын 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулж тус улсын ЭСЯ-наас анхааруулга гаргажээ.

Анхааруулгад тэтгэлгийн шалгаруулалтад ирсэн бүх өргөдлийг тухайн оюутан, сурагчийн сурлагын дүн, ярилцлагын шалгалтын амжилт зэргийг үндэслэн Турк Улсын холбогдох дээд байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд үнэлдэг. Энэ үйл явцад гадны ямар нэгэн хувь хүн, байгууллага нөлөөлөх боломжгүй. Харин дээрх хувь хүн, байгууллагууд нь тэтгэлэгт бүртгүүлсэн оюутан, сурагчдыг буруу чиглүүлэх нь тэтгэлэгт тэнцэх магадлалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг зөвлөсөн байна.

Мөн нөгөө талаас тэтгэлгийн сонгон шалгаруулалтын аль ч шатанд Турк Улсын холбогдох дээд байгууллагаас шаардсан бичиг баримтыг гадаад хэлэнд орчуулах шаардлагагүй бөгөөд монгол хэл дээрх бичиг баримтыг хүлээн зөвшөөрдөг. Туркийн тэтгэлгийн аль ч шатанд төлбөр төлөх шаардлагагүй.

Иймд тэтгэлгийн бүртгэлд туслалцаа үзүүлэх, тэтгэлгийн шалгаруулалтанд тэнцүүлэх зэрэг амлалт өгч төлбөр нэхэж буй хүмүүст итгэл үзүүлэхгүй байхын зэрэгцээ Турк Улсын холбогдох дээд байгууллагын зүгээс олгосон хувийн хэрэглэгчийн нэр, нууц үг зэргийг гуравдагч этгээдтэй хуваалцахгүй байх нь хохирлоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Нууц үгээ бусадтай хуваалцсан бол нэн даруй солих шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, тэтгэлгийн шалгаруулалтад тэнцүүлэх амлалт өгч төлбөр нэхэж буй хувь хүн болон байгууллагад итгэхгүй байхыг сануулжээ. Бүртгэл ирэх сарын 14-нийг хүртэл үргэлжлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн Сагсай суманд нийт төлийн 30,8 хувь нь хорогджээ

Зураг

Баян-Өлгий аймгийн Сагсай суманд гарсан нийт төлийн 30,8 хувь нь хорогдсон байна. Одоогоор 58561 толгой хээлтэгчээс 40499 төл бойжоод байгаа ажээ.

Төлийн хорогдолд тус сумын мал төллүүлдэг гол нутаг болох Даянд хаваржилт хүндэрсэн нь нөлөөлжээ. Сагсай сумын Засаг дарга С.Хонаевын тайлбарласнаар тус нутагт өнөөдрийн байдлаар 547 өрхийн 100,4 мянган толгой мал хаваржиж байгаа ба цас их орж, мал бэлчих боломжгүй байдалтай байгаа гэнэ.

Харин аймгийн хэмжээнд 395813 толгой төл бойжиж, мал төллөлт 46,4 хувьтай, төл бойжилт 93,2 хувьтай байна.

Үүнээс Алтай, Булган, Ногооннуур, Сагсай, Толбо сумдад оны эхэнд тоологдсон нийт хээлтэгчийн 55,4-75,4 хувь нь, Дэлүүн сумд 24,1 Бугат сумд 27,1, бусад сумдад 40-44 хувь нь төллөсөн гэсэн мэдээллийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгөөд байна.

Categories
мэдээ нийгэм

“Мөрөн хотын үүсэл хөгжил, өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

“Мөрөн хотын үүсэл хөгжил, өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Хөвсгөл аймгийн Мөрөн суманд боллоо. Хурлыг төрийн соёрхолт, түүхч, доктор Ч.Өлзийбаатар удирдан явуулсан бөгөөд түүх, археологи, шашин судлалын 20 гаруй эрдэмтэн, судлаач оролцсон байна. Мөрөн сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулсан уг эрдэм шинжилгээний хуралд архелогич, доктор Я.Цэрэндагва, Ц.Төрбат, Ц.Амгалантөгс, А.Энхтөр, түүхч, доктор Д.Тод, доктор, профессор О.Сүхбаатар, гэвш лам Д.Хоролбат, докторант П.Гантуяа, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Н.Бямбадорж, чөлөөт уран бүтээлч Х.Баян-Очир, Мөрөн хотын дарга асан Д.Төмөр нарын эрдэмтэн, судлаачид дээрх сэдвийн дагуу илтгэл тавьсан юм. Эрдэм шинжилгээний хурлын үеэр археологичид “1765 онд үүссэн Мөрөнгийн хүрээний туурийг одоогийн Мөрөн хотын баруун талд буй “Ирээдүй-21” сургуулийн баруун хойд хэсэг мөн” хэмээн санал дэвшүүлжээ. Учир нь тэрхүү газраас ваарны хэлтэрхий, хөх тоосго, модон байшингийн суурь, тоосго шатааж байсан зуухны үлдэгдэл зэрэг археологийн олдворууд олдсон байна. Улмаар түүхчид, шашин судлаачид ч дээрх саналыг дэмжин Мөрөнгийн хүрээ 1765-1810 он хүртэл 45 жил дээрх газарт суурьшиж байхдаа ноёны жас, тамгын газар, өргөө, цогчэн хурлын сургууль, Дүйнхор, Бадма-Ёга дацан байгуулж байсныг түүхийн эх сурвалж, бичгүүдээр давхар нотолсон байна. Харин 1810 онд түүнээс холгүйхэн буюу зүүн урд зүгт Мөрөнгийн хүрээг нүүлгэж шинээр байгуулахдаа Гандандаржайлин хэмээх нэр өгөн он цагийн товчоогоо хөтлөх болжээ. Ер нь Мөрөнгийн хүрээ Дулаан хан уулын өвөр, Дэлгэрмөрөний дэнжид байгуулагдаж тэрхүү газраасаа төдий л олон удаа нүүдэллээгүй байна. Эрдэмтдийн хэлж буйгаар суурин иргэншил үүссэн он цагаар тооцоолбол Мөрөн хот эдүгээ 253 жилийн түүхтэй ажээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийхгүй

Зураг

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгээс хэвлэлийнхэнд мэдээлэл хийхгүй юм байна. Харин МАН-ын бүлэг одоо хуралдаж байгаа бөгөөд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн танилцуулгыг сонсож байна.

Мөн намрын чуулганы завсарлагаанаар гишүүдийн тойрогтоо ажилласан тайлан сонсох аж. Хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэж эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ энэ долоо хоногт эдгээр асуудлыг хэлэлцэнэ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

4 дүгээр сарын 16-ны Даваа гарагт 10 цагаас:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

4 дүгээр сарын 16-ны Даваа гарагт:

  • Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;
  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
  • Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчныг бүрдүүлэх талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагуудад чиглэл өгөх тухай шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангийн өрөөнд.

4 дүгээр сарын 18-ны Лхагва гарагт:

  • Төрөөс нийгмийн ажлын талаар баримтлах нэгдсэн бодлогыг шинэчлэх, мэргэжлийн тогтолцоо болон нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтыг боловсронгуй болгох, нийгмийн ажил үйлчилгээг сайжруулах талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулан Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Улсын Их Хурлын даргын 2018 оны 60 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

4 дүгээр сарын 17-ны Мягмар гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4 дүгээр сарын 18-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчинг бүрдүүлэх талаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;
  • Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайлан.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
  • “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төсөл /Засгийн газар 2018.04.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэЗасгийн газар 2018.04.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төсөл /Засгийн газар 2018.04.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төсөл /Засгийн газар 2018.04.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Батлан хамгаалах тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;
  • Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2018.04.04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
  • “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төсөл /Засгийн газар 2018.04.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
  • “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төсөл /Засгийн газар 2018.04.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
  • “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төсөл /Засгийн газар 2018.04.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;

4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

4 дүгээр сарын 19, 20-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна зурган илэрцүүд

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна. Энэ сарын 16-17-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас, 19-нд нутгийн төв хэсгээр бороо, хур тунадас орно.

Салхи 16, 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-19-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 19-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.