Categories
мэдээ спорт

Сагсанбөмбөгийн 3×3 мэргэжлийн “Гран при” тэмцээнд “Улаанбаатар Гаруда” болон “Ховд” багууд амжилттай оролцлоо

Сагсанбөмбөгийн 3×3 шинэ улирлын мэргэжлийн анхны Гран при тэмцээн БНСУ-д энэ амралтын өдрүүдэд амжилттай болжээ.

Энэхүү тэмцээнд манай улсаас “Улаанбаатар Гаруда” болон “Ховд” гэсэн мэргэжлийн хоёр баг оролцож тав болон есдүгээр байрт шалгарлаа. “Ховд” баг урдчилсан хэсгийн эхний тоглолтоо Японы Токио хотын багийн эсрэг хийж 20:17-оор хожиж тэмцээнээ амжилттай эхлүүлж, хоёр дахь тоглолтоо ОХУ-ын Москва хотын багийг 21:19-өөр хугацаанаас нь өмнө хожиж шилдэг 12-т багтжээ.

Улмаар үндсэн хэсэгт Канадын Саскатоон, Сербийн Белград багуудтай нэг хэсэгт оржээ. Улмаар “Ховд” баг эхний тоглолтоо дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдсэн Сербийн Белград багтай хийж 16:17-оор хожсон ч дараагийн тоглолтондоо дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдсэн Канадын Саскатоон багт 21:10-аар хожигдсон байна.

Манай багийн хувьд Саскатоон болон Белград багуудын тоглолтоос хамааран хэсгээсээ гарах эсэх нь шийдэгдэх байв. Хэсгийн сүүлчийн тоглолтондоо Саскатоон баг 17:15-аар Белград багт хожигдож оноо тоолж манай баг хэсгээсээ гарч чадалгүй тус тэмцээний есдүгээр байрт шалгарсан юм.

Харин дэлхийн чансаанд 12 дугаарт эрэмбэлэгдэж буй “Улаанбаатар Гаруда” баг тэмцээний эхний тоглолтоо БНСУ-ын Сонгпа багийн эсрэг хийж 18:15-аар хожиж, дараагийн тоглолтдоо дэлхийн аваргын мөнгөн медальт Амстердам багт 21:15-аар хожигдсоноор хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд гарсан юм.
Улмаар хасагдах шатанд АНУ-ын Принцетон багтай тоглож 21:19-өөр хожигдон тэмцээний тавдугаар байрт шалгарсан юм. Манай мэргэжлийн багуудыг энэ сарын 21-22-нд Нанжины Гран при тэмцээн хүлээж байна.
Зураг
Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэг барих, хоёр сумыг шилэн кабeлиар холбох шийдвэр гаргав

Eрөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын гишүүд Дундговь аймагт ажиллаа. Eрөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үр дүнгийн талаар танилцуулж, Засгийн газрын гишүүдийнхээ хамт орон нутагт биeчлэн ажиллан тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхээр зорьж байгаагаа хэлэв. Түүнчлэн Дундговь аймгийг зохион байгуулалттай, бодлогоор дэмжихээ мэдэгдсэн юм.

Аймгаас дэвшүүлсэн санал хүсэлтээс 150 хүүхдийн хуучин цэцэрлэгийг нурааж, дахин барих төсвийг 2019 оны төсөвт суулгах, Дэлгэрхангай, Өлзийт хоёр сумыг шилэн кабeлиар холбох асуудлыг ажил хэрэг болгох үүргийг Сангийн сайдад өгөв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт суулгах шийдвэрийг уулзалтын үeэр гаргалаа.

Eрөнхий сайд болон Засгийн газрын гишүүд тус аймгийн зарим бүтээн байгуулалттай танилцаж, нутгийн иргэдтэй уулзалт хийснээр энэ удаагийн томилолт өндөрлөж, Улаанбаатарыг зорих юм.

Categories
мэдээ спорт

Байт харвааны тамирчид Оказаки хотод япон тамирчидтай хамт бэлтгэл хийнэ

Монголын байт харвааны тамирчид 2020 оны “Токиогийн олимп”-ын наадамд оролцох бэлтгэл сургуулилалтаа Оказаки хотод япон тамирчидтай хамт хийхээр болжээ. Тодруулбал, Монголын Байт харвааны холбооны ерөнхийлөгч Пунцагийн Цагаан Япон Улсын Аичи мужийн Оказаки хотын дарга Үчидо Ясүхиротай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн тэрбээр тус хотын хурлын дарга, байт харвааны удирдлагатай уулзаж, тамирчдынхаа байрлах байрны нөхцөл байдалтай танилцжээ.

Дашрамд дуулгахад, манай улсын тамирчид бэлтгэл хийх Оказаки хот 380 мянган оршин суугчтай бөгөөд байт харвааны сургууль, тамирчид, дасгалжуулагч, сургалтын байгууламжаараа улсдаа тэргүүлдэг юм байна.

Categories
мэдээ спорт

“Их Монголын Хүчтэн дэвжээ”-ний тэргүүнээр Асашёорюү Д.Дагвадорж сонгогдлоо

Зураг“Шинэ Өвөрхангай” төслийн нээлтэд зориулсан бөхийн барилдааны үеэр Өвөрхангай аймгийн “Их Монголын Хүчтэн дэвжээ”-ний тэргүүнээр Асашёорюү Д.Дагвадорж сонгогдон, тамгаа гардаж авсан байна.

Энэхүү үндэсний бөхийн барилдаан өнгөрсөн ням гарагт Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотноо болжээ. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, улсын заан Н.Жаргалбаяр долоо даван түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харъяат, улсын гарьд Б.Гончигдамба зургаа даван үзүүрлэв.

Харин их шөвөгт аварга Ч.Санжаадамба, арслан Р.Пүрэвдагва нар шалгарсан байна. Уг барилдааны түрүү бөхийг таван сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Бат-Эрдэнэ: Өнөөгийн дэлхий ертөнцийн төрх, ирээдүйн хөгжлийн төлөв хандлага

МУИС-ийн захирал асан доктор Р.Бат-Эрдэнийн яриаг хүргэж байна. Тэрбээр томоохон think tank байгууллагуудын судалгаанд түшиглэн, дэлхийн хөгжлийн хандлага, үүнтэй холбоотойгоор ажил эрхлэлт хэрхэн өөрчлөгдөх, ийм өөрчлөлтийн үед хүүхдийг ямар чадварт сургах талаар ярьсан юм. Түүний яриаг тоймлон хүргэж байна.

Өнөөдөр бид эргэлтийн, хурдтай өөрчлөлтийн цаг үед амьдарч байна. Хүмүүсийн сэтгэл санаа ч хачин болж. Сүүлийн үед сургуулийн орчинд буудалцах явдал Америкт гарах нь бараг хэвийн үзэгдэл шахуу болсон. Нэлээд тайван Австралид хүртэл ийм юм гарч байна. Радио, телевизээр цацагдаж байгаа мэдээллийг харахад хүмүүс зэрлэгшээд байгаа юм уу гэж бодогдоно. Хүнлэг харилцаа алдагдаж, богино хугацаанд бушуухан шиг олон юмнаас зуурч, ашиглаж авъя гэсэн өрсөлдөөн хурцадсан. Түүндээ хүрэхийн тулд ямар ч арга хэрэглэхээс буцахаа байжээ. Үүнийгээ зөвтгөх нь олонтаа. Чадаж байгаа юманд арга байхгүй гэсэн хандлага монголчуудаас гадна дэлхий даяар байх шиг. Хүний ухааныг мөнгөөр хэмждэг болчихлоо шүү дээ. Чи ухаантай юм уу, тэгвэл мөнгө чинь хаана байгаа юм бэ гэдэг. Үүнийгээ үнэний туйл гэж ойлгодог бололтой. Технологи дэндүү хурдтайгаар дэвшиж, олон юмыг өөрчилж байна. Ийм эргэлтийн цаг үед боловсролын салбарт ажилладаг хүмүүс юу хийж байна вэ? Цалин авахын тулд өглөө ажилдаа ирээд, орой харьж байна уу. Эсвэл мэргэжлийнхээ үүднээс тав, арав, хорин жилийн дараа миний хүүхэд, миний хүүхэдтэй адил залуусыг энэ нийгэмд амьдрахад нь бэлтгэе гэсэн сэтгэлээр хандаж байна уу. Энэ талаар санаа аваг гэж доорх сэдвийг бэлтгэлээ. Ухаантай олон хүний хэлсэн ярьсаныг цуглуулсан юм шүү.

Энэ сэдвийг хоёр хэсэгт хувааж байгаа юм. Өнөөдөр дэлхий ертөнц ямархуу дүр төрхтэй байна вэ. Ойрын ирээдүйд хаашаа явж байна вэ. Хөгжлийн асуудлаар судалгаа хийдэг байгууллагууд яаж харж байна гэдгийг “будаа идсэн” юм. Энэ нь сургууль, боловсролын байгууллагын мөн чанартай уялдахаараа ямархуу үр нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Боловсрол гэдэг хүмүүс цаашдаа ажил хөдөлмөр эрхлэх чадвар суулгах бэлтгэх зорилготой. Үүнтэйгээ авцалдаж байгаа юм уу. Эдгээрийг холбож дээрх сэдвээр тоймлох гэж оролдлоо.

Дэлхийн эдийн засгийн форумын чиглэлээр хийсэн судалгааны ажлуудыг бас хүмүүс анхаарах нь хэрэгтэй болов уу.

Өнөөдрийн дэлхий ертөнц ямар байгааг базаж дүгнэлт хийсэн нийтлэлд анхаарал хандуулъя.

Дэлхийд таван чиглэлээр өөрчлөлт явж байна гэж энд үзжээ. Хамгийн нэгдүгээрт дэлхий даяар тэгш бус байдал өсч байгаа юм биш үү гэж дүгнэсэн. Дэлхий нийтийн том тоо баримт судалгаанд үндэслэн ийм дүгнэлт хийжээ. Баян болон өмч хөрөнгөгүй хүмүүсийн хоорондох зай томорч байна. Хамгийн баян найман хүний эзэмшиж байгаа баялаг 3,6 тэрбум хүний эзэмшиж байгаатай тэнцлээ. Дэлхийн нийт хүн амын талаас илүүгийнх нь арай хийж цуглуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний баялаг наймхан хүний гарт төвлөрсөн байна. 2015 оны байдлаар дэлхийн хүн амыг ядуугаас нь эхлээд баян хүртэл орлогоор нь хуваах юм бол хамгийн өндөр орлоготой нэг хувь нь бусад 99 хувьтайгаа тэнцүү хэмжээний баялагийг эзэмшиж байна гэсэн тоо баримт бий. Дэлхийн баялгийг атгагчид түүгээрээ дамжуулж, дээд хэмжээнд гарч байгаа шийдвэрүүд, хүчний байгууллагуудын хөдөлгөөнд нөлөөлөөд байна уу гэсэн асуудал хөнджээ.

Дэлхийн улс оруудын тэгш бус байдал харьцангуй багасч байна. Харин улс доторх баян ядуу, тэгш бус байдал улам бүр гүнзгийрч байна.

Улс болгон баячуудтай болсон. Тэд нь бусдаасаа тасарч байна. Яваандаа эрх мэдэл хөрөнгөтэй хүмүүсийн гарт төвлөрөх, тэдний эрхшээлд орох дүр төрх нийтлэг харагдаж байна.

Хоёрдугаарт технологийн дэвшил хүмүүсийн эрхэлж байгаа ажил хөдөлмөрийг маш ихээр өөрчилж байна.

НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал гэж байгууллагын хийсэн судалгаагаар ойрын жилүүдэд хөгжиж байгаа улсуудад хүмүүсийн эрхэлж байгаа ажлын гуравны хоёрыг нь робот хийдэг болно. Хөгжиж байгаа орон гэхээр харьцангуй бага цалинтай ажлууд шүү дээ. Тэр ажлуудыг ойрын жилүүдэд робот авах нь ээ. Тэгэхээр энэ ажлыг хийж байсан хүмүүс ажилгүй болж, өөр шинэ төрлийн ажил эрхлэх юм. McКinsey-гийн саяхны судалгаа байна. Энэ байгууллага манайд төмөр замын ТЭЗҮ хийж өгсөн гэдгээрээ жаахан муу нэртэй. Гэхдээ хөгжлийн асуудлыг судалдаг хүчирхэг аналитик байгууллага, дэлхийн томоохон think tank байгууллагад багтдаг. McKinsey-гийн судалгаагаар өнөөдөр ажил эрхэлж байгаа хөдөлмөрийн насны хүмүүсийн 45 хувь нь ажилгүй буюу дутуу ажиллаж байна. Бүрэн ажиллаж чадахгүй байна. Тийм байхад мөнөөх ажлыг нь хүн биш робот булаах нөхцөл бий болж магадгүй.

2007 онд Petrochina, Exxon Mobil, Ceneral Electric, China Mobile, Bank of China дэлхийд тэргүүлж байсан. Гэтэл 2017 он гэхэд буюу арван жилийн дараа Apple, Alphabet, Microsoft, Facebook, Amazon зэрэг компаниуд дэлхийд тэргүүлэх болсон шүү дээ. Хөрөнгө технологийн компаниудад орж байна. Өнөөдөр үнэлгээ нь өсч байгаа компаниуд технологийнх байна. Цаашдаа тэд зах зээлд ноёлох төлөвтэй.

Өмнө нь дэлхийн таван том компани 1,3 сая хүнийг ажиллуулж, цалин олгож байсан бол одоогийн тэргүүлж буй технологийн таван компани 718 мянган хүн ажиллуулж байна. Бараг хоёр дахин бага хүн ажиллуулж байгаа ч өмнөх таваас хамаагүй их хөрөнгө цуглуулсан.

Гурав дахь том хөдөлгөөн хөрөнгөлөг орнууд өөрсдийгөө хамгаалж эхэллээ. Нээлттэй, хамтардаг байдлаасаа буцаад өөрийнхөө эрх ашгийг тэргүүлэх байр сууринд тавих хандлагаа ил тод зарлах боллоо. G20–ын орнууд хүртэл өөрийгөө тусгаарлаж, хамгаалах бодлого явуулж эхэллээ. АНУ-г энд дурдаж болно. Европын холбоо гэж тивийн хэмжээний хамтлаг үүсч байсан. Тэндээс Англи гарчихаж байна. Дараагийн орнууд ч холбооноос гарах асуудал яригдсаар. Өнөөдөр Трамп ах АНУ-ын зах зээлийг бага хөлсөөр мөлжигч Хятад, бусад зах зээлээс бүрэн тусгаарлаж, хана барих тухай хүртэл ярьж байна. Их 20-ын орнуудын 2009 оноос хойш гаргасан шийдвэрүүдийг харахад хамтын ажиллагааг дэмжсэн шийдвэрүүдээс илүү өөрийн зах зээлийг хамгаалсан шийдвэр хоёр дахин их байгаа биз.

Дөрөв дэх том асуудал шилжилт хөдөлгөөн, дүрвэлт.

Үүний гол шалтгаан дайн байлдаан, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, нийгмийн тэгш бус байдал. Дүрвэгчид өөрсдийн эх орон дахь зовлонг харьцангуй тогтвортой байсан улс оронд халдааж байна. Ялангуяа Африк, Дундад Ази, Ойрхи Дорнодоос дүрвэж байгаа хүмүүс. Том хэмжээний шилжилт хөдөлгөөнүүд улс орнуудын тогтвортой байдалд нөлөөлж эхэллээ. Ийм үед сөрөг хандлага, гадуурхах, фашист маягийн бүлэглэлүүдийн нөлөө сэргэх төлөв ажиглагдаж байна.

Тав дахь нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл сошиал медиа. Үнэний дараах ертөнц гэж ярьж байна. Дэлхийн хүн амын 51 хувь нь онлайнд нэвтэрч, нийгмийн сүлжээнээс мэдээлэл авч байна. Нийгмийн сүлжээнд мэдээлэл маш хурдан түгж, хүмүүсийн сэтгэл санаа, үйл хөдлөл, харилцаанд нөлөөлөх хүчин зүйл болж хувирчээ. АНУ-д 2016 онд болсон сонгуулийн үеэрх фэйсбүүкийн мэдээллийн урсгалыг энэ графикт харуулсан байна. Харьцангуй шалгагдсан, үнэн бодитой мэдээлэл сонгуулийн хугацаанд буурч, гүтгэлэг, зохиомол мэдээлэл өссөн. Энэ нь сонгогчдын сонголтонд шууд нөлөөлсөн гэхэд хэцүү. Гэхдээ нөлөөлөөгүй гэж бас хэлж чадахгүй. Ийм нөлөөн доор бид байна. Өнөөдрийн бидний амьдарч байгаа орчин иймэрхүү байна.

Сэтгэл хөдлөлд авталгүйгээр бодит судалгаа хийдэг байгууллагууд бий. Тэдний нэг нь Австралид байрлаж, хатан хааны ивээлд байдаг орнуудын хөгжлийн асуудалд төвлөрч судалгаа хийдэг think tank байгууллага болох CSIRO. Дэлхийд томоохонд тооцогддог think tank байгууллагуудаас дэлхий ертөнц хаашаа явж, ямархуу байдалд хүрэх талаар судалгаа хийдэг. Энэ байгууллага 2016 онд гаргасан тайлангаа ийм хэдэн мегатренд харагдаж байна хэмээн тодорхойлсон. Мегатренд гэдэг нь улс орны хил хязгаарт харьяалагдахгүйгээр дэлхий нийтээр өрнөх өөрчлөлтийн төлөв байдал юм. Энд хүмүүс бид хэрэглээгээ дэндүү их нэмэгдүүлснийг онцолжээ. Манай дэлхийн нөөц шавхагдаж байна. Байгалийн баялагаас гадна эрчим хүч, ус, хоол хүнс, хүрээлэн байгаа орчинтой холбоотой өөрчлөлтүүд явагдана. Байгалийн төрөл зүйлүүд устаж үгүй болох, цөөрөх, шинэ мутациуд үүснэ.

Өмнөх дүгнэлтэнд улс орнууд өөрийнхөө эрх ашгийг хамгаалсан маягаар тусгаарлаад байна гэсэн бол энд хүссэн хүсээгүй эдийн засгийн хамтын ажиллагаа, солилцоо улам бүр өсөн нэмэгдэнэ. Санаачилга гаргаж байгаа хэсэг нь өөрийн коридор, сувгуудыг үүсгэх нь. (Жишээлбэл манай урд хөрш байна). Үүний үр дүнд баруунаас зүүн, хойноос урагшаа чиглэсэн бараа үйлчилгээ, солилцоо эрчимжих төлөвтэйг тэмдэглэжээ.

Нэг сонирхолтой хандлага бол дэлхийн хүн ам насжиж байна. Энэ бол бүхэлдээ муу гэсэн үг биш. Амьдралыг таньж мэдсэн, туршлагатай хүмүүсийн хувь хэмжээ нэмэгдэх нь. Ер нь том хөдөлгөөн, хөгжлийн хандлагыг ямар нэг байдлаар тооцох, энд байгаа боломжуудыг аль болох ашиглах эрмэлзлээр алсыг харж, ирээдүйгээ төлөвлөх нь нэмэгдэж байгаа бололтой юм.

Энд Hay Group гээд өөр нэг tnink tank байна. Тэд Жон Нэйсбит гэж хүний аргачлалд үндэслэж ажилладаг. Энэ хүний “Мегатрендс” гэж ном монгол хэлээр орчуулагдсан. 1982 онд энэ номоо анх хэвлүүлжээ. Ирээдүй судлал гэж ярьдаг. Энэ бол мэрэг төлөг, зөн совин биш л дээ. Технологийн дэвшил, хүмүүс хоорондын харилцаа, улс орнуудын хөгжлийн түүх, боломж дээрээс анализ хийж, ирээдүйг таамагладаг. Үүнийг анх гаргаж ирсэн хүн бол Жон Нэйсбит. Энэ хүний аргачлалд үндэслэж, Ирээдүй судлалын олон улсын нийгэмлэг үүссэн. Тэрний салбар нь Монголд байгуулагдсан юм. IQ Ц.Дэмбэрэл ирээдүй судлалыг Монголд оруулж ирсэн нь монголчуудад хүргэсэн том тус гэж боддог. Ирээдүй судлалын нийгэмлэгийн шугамаар олон судалгааны материалыг орчуулж, монголчуудад хүргэж байгаа хүн дээ. Энэ шугамаар Жон Нэйсбитийн ном орчуулагдсан шүү. Дээрх аргачлалаар 2030 он хүртэл дэлхийд юу болох талаар судалж, илтгэл гаргадаг багийн тайлан юм. Дүгнэлт нь бас л дээр ярьсантай төстэй. Яагаад олон судалгаа тайлангаас иш татаад байна гэхээр газар газрын хөгжлийн асуудал, ирээдүйг таамаглаж төсөөлж байгаа хүмүүсийн дүгнэлтүүд хоорондоо хэр нийлж салж байгааг анзаараасай гэсэн юм.

-Энд глобальчлалыг онцолжээ. Хөгжил Европ, Хойд Америкаас илүү өмнө зүг рүүгээ төвлөрч байна. 2050 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг Хятад болно. Дараагийн том эдийн засаг нь Энэтхэг гэсэн байна лээ. Америк дөнгөж гуравдугаарт орж ирж байгаа. Индонез, Бразил, Орос байна. Хамгийн том эдийн засаг гэхээр Америкаас бусад нь Азид байна.

Бидний эргэн тойронд дэлхийн бүх баялаг хуримтлагдах гэж байна шүү дээ.

Уг нь бид асар хурдтай томорч байгаа зах зээлийн дэргэд байгаа. Дэлхийн бусад өнцөг буланд байгаа улсуудын мөрөөдлийн байрлалд бид байна. Үүнийг ашиглаж чадахгүй бол “хохь нь” гэхээс биш яах вэ.

-Байгаль орчны асуудал хямрал руу явж байна шүү гэдгийг тэд бас сануулж байна.

-Хөдөлмөр эрхлэлтийн байдал үндсээрээ өөрчлөгдөх гэж байгаа юм биш үү. Олон ажилтантай, том нүсэр байгууллагууд цаашдаа байх юм уу, үгүй юу. Хүмүүс хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох юм шиг байна шүү.

-Хүн ам насжиж байна. Өндөр настай хүмүүсийн хувь хэмжээ нэмэгдэнэ. Төрөлт буурахаар хөгжлийг тэтгэх авьяастнуудын эх булаг хумигдаж эхлэнэ. Авьяастай хүмүүсийн төлөөх өрсөлдөөн ширүүснэ.

-Технологи, дижиталчлалаас гадна хоорондоо нэгдэх, урьд хожид төсөөлж байгаагүй шийдлүүд гарч эхэлнэ. Нано технологи, биотехнологи, мэдээллийн технологи, танин мэдэхүйн шинжлэх ухаанд дэвшил гарч, хүнийг хиймэл хүнээс ялгах аргагүй болно. Энэ тохиолдолд хүний өрсөлдөгч хэн байх юм. Амьдрал юуны төлөө байх вэ гэдэг асуултыг хүмүүсийн өмнө тавих нь. Өнөөдөр сургууль, гэр бүл юу хийх вэ. Төр засаг Оюутолгойн татварыг л ярьж суух уу? Эсвэл 2025-2030 онд Монгол ямар улс байхыг ярьж суух ёстой юм уу? Өнөөдөр тэд юу ярьж байна вэ?

Энд Sitra гэж Финляндын бас нэг tnink tank байгууллага байна.Энэ бол жил болгон мегатрендийн тайлан гаргадаг байгууллага. Дэлхийд болж байгаа үйл явдлыг 2016 оны байдлаар гурван гол трэнд байна гэж тоймлосон байна лээ. Энэ бас өмнөхтэй төстэй.

Эхнийх нь технологи бүхнийг өөрчилж байна гэжээ. Дижиталчлал, хиймэл оюун ухаан анагаах ухааны салбарт орж ирсэн. Робот мэс засал хийж байна шүү дээ. Эрчим хүчний технологи, блокчейн, дэлхийг хамарсан мэдээллийн технологийн дэд бүтэц байна. Саяхан болтол хүмүүс ажлаа хөнгөвчлөхийн тулд робот хийдэг байсан. Юуг роботоор хийлгэж болмоор байна гэдэг байсан бол өнөөдөр роботоор юу хийлгэж болох, юуг болохгүй гэсэн асуудлыг шийдэх хэрэгтэй болжээ. Үндсэндээ роботын хийж чадахгүй юм гэж байхгүй. Хүн өөрийгөө хамгаалахын тулд хаана хязгаарлалт тавих вэ гэдэг асуудал тавигдах боллоо. Технологи, уур амьсгал, хүмүүс хоорондын харилцаа ёс зүй, хүмүүсийн мөн чанарт өөрчлөлт орж байгаа юм биш үү?

Ажил хөдөлмөр эрхлэнэ гэж юу юм бэ? Өглөө найман цагт ирээд орой 18 цагт тарахын нэр юм уу? Хүн яаж амиа зогоох вэ, юунаас орлого олох вэ? Хүмүүс хооронд үүсээд байгаа тэгш бус байдал үргэлжлэх үү, яаж зогсоох вэ гэдэг асуултуудад хариу өгөх цаг ирчихжээ. Хамгийн гол нь энд яригдаж байгаа бүх зүйлс хүмүүсийн хувь заяанд нөлөөлөх учраас ирээдүйтэй холбоотой шийдвэр гаргахдаа хүн болгоны дуу хоолойг сонсох нөхцөл, механизм бий болгохоос аргагүй. Бусад олон мянган хүний хувь заяаг хэдхэн хүн шийддэг байдлыг өөрчлөх ёстой гэлээ. Төлөөллийн ардчилал асуудалд орж байна шүү.

Бид хөгжлийг эдийн засгийн өсөлтөөр хэмждэг. Гэтэл амьдралын чанар гол үзүүлэлт болсон. Carl Benedikt Frey хэмээх Охсфордын их сургуулийн судлаач 1950 онд анх компьютер бий болсон бол жараад жилийн дараа өнөөдөр жолоочгүй машин явж байна хэмээн онцолжээ. Mike Moradi- Тэнгэр баганадсан барилгуудыг ирээдүйд микро организмууд, бактериуд барина хэмээжээ. Энэ бүх өөрчлөлт, технологийн дэвшил Монголд орж иртэл би “нүд аньчих” юм байна гэж ойлгож болохгүй. “Дэлхийн шилдэг групп Дэнцүгийн хиймэл оюун ухааны компани Улаанбаатарт 400 инженер ажиллуулна” гэсэн мэдээллийг саяхан та бүхэн уншсан байх. “Ай түүлс” компанийнхан Монголд дата төвийн бизнес хөгжих ирээдүйн тухай ярьж байгаа бол Лэнд.мн-ий Ч.Анар “Филиппин, Индонезэд хиймэл оюун ашиглаж шинэ үеийн банкны үйлчилгээ нэвтрүүлэх” тухай ярьж байна.

Ажил & карьерийн өөрчлөлт

Урьд нь хүн их сургууль төгсчихөөд, насаараа нэг албан байгууллагатай амьдралаа холбодог байсан бол өдгөө тийм биш болсон.

-Их Британид хүн амьдралынхаа туршид 13 ажил сольж байгаа бол

-АНУ-д хүн амьдралынхаа турш 10.6 ажил сольж, дөрвөн мэргэжил эзэмших боллоо.

Япончууд өмнө нь “Тогтвортой ажил эрхлэлтийн бодлого” ярьж байсан бол өдгөө “урсамтгай ажил” (labor fluidity) болгох тухай онцолж байна. (Абеномикс) Станфордын их сургуулийн Paul Kim XXI зуунд бичиг үсэггүй хүн гэж дахин шинээр сурч чаддаггүй хүнийг хэлнэ гэжээ. Өнөөдөр бага ангид сурч байгаа хүүхэд төгсөхдөө өдгөө байхгүй байгаа цоо шинэ мэргэжил эзэмших болно. Ийнхүү өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд хүүхдэд ямар чадвар эзэмшүүлэх учиртай вэ?

Хүүхдийг бүтээлч байлгаж, сониуч, айж эмээлгүйгээр асуудаг хандлагыг өөгшүүлэх учиртай.

2-5 насандаа хүүхэд дунджаар 40 000 асуулт тавьдаг байна.

Global Human Capital Report (WEF, 2017)–д өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд хүүхэд дараах чадвар эзэмшүүлэх талаар онцолсон.

-Санаачилгатай байх,

-Амаар болон бичгээр өөрийгөө зөв илэрхийлдэг байх.

-Сониуч зантай байх,

-төсөөлөх чадвартай байх зэргийг онцолжээ.

Лондоны эдийн засгийн сургуулийн захирал Minouche Shafik “Олон дахин давтагддаг ажлыг хүн хийхээ болино” хэмээн Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хэлжээ.

2027 он гэхэд робот багш нар багшлах болно гэж Английн боловсролын эксперт Anthony Seldon хэлсэн байна. Робот багш ажил хаяхгүй, хүүхдийг ялгаварлахгүй, хүүхэд бүрийн онцлогт тохируулж ажиллаж чадна. Гэтэл хүүхэд нэг бүрт хандах боломж хүнд байхгүй шүү дээ.

Ирээдүйн ажил хөдөлмөр бол “хөдөлгөөнт бай” гэсэн үг.

Их сургуулийн үүрэг:

-оюутнаа нийгмийн олон төрлийн өөрчлөлт, сорилт шаардлагад хариу өгөх чадвартай болгон бэлтгэх,

-нийт иргэд байнгын суралцагч байж мэдлэг, ур чадвараа үргэлж шинэчлэн ахиулж, сайжруулахад үйлчлэх юм.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гэсэн баримт бичгийг та бүхэн харж байна. Энд болж өгвөл хүний хөгжлийн үзүүлэлт байвал зүгээр. Монгол Улс яг хаана очих гэж байгааг эндээс олж уншихад бэрх хэмээн илтгэгч хэллээ. Тэрбээр энэхүү яриагаа төгсгөж Robin Sharma –гийн “Өөрчлөлт хийхэд эхэндээ хүнд, дунд үедээ холион бантан, төгсгөлд нь бахархалтай” гэснийг иш татсан юм.

Categories
мэдээ нийгэм

​”Их эв нам”-ыг улсын бүртгэлд бүртгтгэхээс татгалзжээ

Дээд шүүх зурган илэрцүүд

“Их эв нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.

Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөрийн тухай хуулийн төслөөр ажлын хэсэг байгуулжээ

АН бүлэг зурган илэрцүүд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Засгийн газраас өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцүүлгийн шатанд явж байгаа билээ. Энэхүү хуулийн төсөл нь ажил олгогчдыг дэмжих заалт тусгагдаагүй, ажилчдын бөөнөөр нь ажлаас нь халах зөвшөөрсөн, хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг дээшлүүлэх тухай асуудлууд өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр гишүүдээс санал гарсан юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс уг хуулийн төслийг эргэн харж, засч сайжруулах нь зүйтэй гэж санал нэгдсэн байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн төслөөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, Бүлгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Баасан: Авилгыг таслан зогсоох ард иргэдийн ИНДЭР болж ажиллахаа мэдэгдэж байна

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс “Авлигачдыг илчлэхэд албан тушаалтнуудаас айх хэрэггүй боллоо” сэдэвт хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан ярихдаа: Монгол Улсын Ерөнхийлөгч 38 тоот зарлиг гаргаж, 2018-2019 оныг Авилгаас татгалзах, илчлэх, авилгын гэрч, хохирогчийг хамгаалах жил болгон зарласан. АТГ-ын дэргэдэх ОНЗ нь авилгыг таслан зогсоох ард иргэдийн индэр болж ажиллахаа мэдэгдэж байна. Авилгыг илчлэх, гэрчлэх, мэдээлэх хөдөлгөөнийг Монгол орон даяар өрнүүлж байгаа. Монгол Улсын авилгын цар хүрээ ямар хэмжээнд байгаа талаар олон улсын байгууллагын дүн шинжилгээ гарсан. Аймаг, дүүрэг, сум, хороо, баг, хэсэг, төрийн албан байгууллага бүрт авлига авч байгаа, албан тушаалтан дур зоргоороо авирлаж, хууль зөрчиж, дарамт шахалт үзүүлж байгаа үйлдлүүдийг илчлэх, мэдээлэх, авилгатай тэмцэх сайн дурын бүлэг байгуулан ОНЗ-д бүртгүүлж,хамтран ажиллахыг уриалж байна. Бид хүчээ нэгтгэж байж авилгыг зогсооно. Олон нийтийн зөвлөлд хүмүүсээс гомдол их ирсэн. Авилгал, хууль зөрчсөн үйлдлүүдийг хянаж өгөөч гэсэн гомдол ирсэн. Одоогоор Зорчигч тээврийн нэгтгэлийн даргыг яллагдагчаар татсан боловч ажлаа хийсээр байгаа гэлээ.

Олон нийтийн зөвлөлийн гишүүн, улс төр судлаач А.Саруул ярихдаа: Манайд авилга үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очсон. АТГ 14 тэрбумын төсөвтэй ч ажлаа хийхгүй байна. Авилгыг илчилсэнээр нэр хүнд гутаасан гэх хэрэгт өөрөө мөрдөгддөг. Мэдээлэгч, гэрч хүмүүс хохирогч болдог. Авилгын эсрэг хууль хэн ч тоодоггүй цаас. Гэрч хохирогчийг хамгаалах хууль хэрэгждэггүй. Хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр гэрч мэдээлэгчийг хохирогч болгохоо боль хэмээн АТГ-т шаардлага тавина гэв.

Авилгатай тэмцэх бүлэг, бүлгэмээс ирүүлсэн авлигын шинжтэй мэдээлэл, албан тушаалтны бусармаг үйлдэл бүрийг тогтмол сонорт хүргэж, авилгад өртөж буй төрийн албан хаагчийг нээлттэй зарлаж, холбогдох хариуцлагыг шуурхай шийдвэрлүүлэх үр дүн шаардаж ажиллана гэдгээ дурдав.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Шүлхийн вакциныг аймгуудад хүргүүлж эхэлжээ

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Хатанбулаг, Булган аймгийн Булган, Бугат, Сайхан, Архангай аймгийн Хотонт, Өгийнуур сумыг дамнасан голомт, Их тамир, Өвөрхангай аймгийн Өлзийт сум, Нийслэлийн Сонгинхайрхан дүүрэг зэрэг таван аймаг, есөн суманд хорио цээрийн дэглэмтэй байна. Малын гоц халдварт өвчний тархалтыг хязгаарлах, өвчнийг бүрэн хяналтад авах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу, ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбооны төвөөс нийт 7,2 сая тун шүлхийн вакцин шууд худалдан авах гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу эхний ээлжийн 0.5 сая тун вакциныг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авсан бол II дахь ээлжийн 4 сая тун вакцинийг 4 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд хүлээн авчээ. Тиймээс вакциныг орон нутагт шуурхай хүргүүлэх, богино хугацаанд дархлаажуулах ажлыг Улсын Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, аймаг, нийслэлийн нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм. Одоогоор Төв болон говийн аймгуудад хүргүүлээд байна. III ээлжийн 2.8 сая тун вакцин ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбоотой хийсэн гэрээний дагуу 2018 оны тавдугаар 9-ний өдөр ирэх юм.

Categories
мэдээ нийгэм

“Алтанбулаг” чөлөөт бүсийн асуудлаар Монгол, Оросын ажил хэргийн уулзалт боллоо

Монгол Улсын хойт хил дээрх эдийн засгийн чөлөөт бүс – “Алтанбулаг” 2014 онд нээгдэж, 2016 онд “Алтанбулаг Экспо” олон улсын форум, үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулж байсан бол сүүлийн үед үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд нэлээд анхаарч байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайдын Ажлын албасанаачлан Гадаад харилцааны яам, ОХУ-аас Монголд суугаа Худалдааны төлөөлөгчийн газартай хамтран Монгол, Оросын ажил хэргийн уулзалтыг “Алтанбулаг” чөлөөт бүсэд зохион байгууллаа.

Уулзалтад ОХУ-ын Буриадын Засгийн газрын даргын эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч И.И.Зураев, ОХУ-ын Алс дорнодын бүс нутагт хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих “Алс Дорнод” агентлагийн төлөөлөгчид, Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны ажилтнууд, Дархан хотод суугаа ОХУ-ын Ерөнхий консул, Монголтой олон жилийн уламжлалт харилцаатай Эрхүү мужийн Эдийн засгийн хөгжлийн яам болон ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Дорнод Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, “Алтанбулаг” чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа ОХУ-ын зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл урилгаар оролцов.

Манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Шадар сайдын Ажлын албаны дарга, зөвлөхүүд, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Барилга, хот байгуулалтын яам, МҮХАҮТ, Хил хамгаалах болон Гаалийн ерөнхий газрын төлөөлөл, Монгол Улсаас Улаан-Үдэд суугаа Ерөнхий консул, “Алтанбулаг” чөлөөт бүсийн удирдлага багтаж ажиллав.

Ажил хэргийн уулзалтаар “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, ойрын зорилт, хэтийн төлөв болон хөрөнгө оруулагчид, худалдаачид ямар давуу тал, хөнгөлөлтийг эдлэх боломжтой талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Мөн Монголын талаас Ази,Европыг холбох олон улсын AH3 ангиллын хурдны авто зам, төмөр замын төв коридор зэрэг дэд бүтцийн томоохон төслийн маршрут “Алтанбулаг” чөлөөт бүсээр дамжин өнгөрөх давуу талуудыг оросын төлөөлөгчдөд тайлбарлахын сацуу тус чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийвэл бараа, бүтээгдэхүүнээ Made in Mongolia шошготойгоор Монголтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан Европын холбоо болон Японы зах зээлд нэн тааламжтай нөхцлөөр экспортлох боломжийн талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд ОХУ-ын Хиагт боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тухайлбал, тус бүсэд нэвтрэх тусгай гарц нээх, мөн Монгол-Оросын хамтарсан тээвэр, ложистикийн төвийг Алтанбулагт байгуулахад хамтран ажиллах санал тавьсныг ОХУ-ын төлөөлөгчид хүлээн авч дэмжиж буйгаа илэрхийллээ.

Уулзалтын явцад Сэлэнгэ аймгийн хөрөнгө оруулалтын орчин, тус аймаг, “Алтанбулаг” чөлөөт бүсийн хамтын ажиллагааны талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа мэдээлэл хийв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.