Categories
мэдээ нийгэм

420 орчим хаяг, самбарыг буулгаад байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулах тухай” А/242 дугаар тушаал, “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан өнгө үзэмжгүй, замын хөдөлгөөний үзэгдэх орчин хязгааралсан хувь хүн хуулийн этгээдийн зөвшөөрөлгүйгээр байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламж, хаяг, хаягийн байгууламжуудыг албадан буулгах үйл ажиллагааг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Жигжидийн уулзвараас 4 буудал хүртэл замын 2 талаар, Доржийн гудамж дагуу замын 2 талаар зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, шаардлага хангаагүй, бүртгэлгүй зарлалын самбар болох 2 тулгуурт байгууламж, 170 хаяг хаягын байгууламж, 250 орчим цаасан болон хулдаасан зарлалын хуудсыг албадан буулгасан байна. Цаашид 4 буудлаас 32-ийн тойрог, 32 тойргоос Баянбүрдийн аюулгүй тойрог, Дарь-Эхийн гудамж, Ногоон нуурын гудамжуудыг үе шаттайгаар буулгах ажлыг зохион байгуулан ажиллахаар төлөвлөөд байна.

Байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ойр орчимдоо зөвшөөрөлгүйгээр хаяг хаягын байгууламж, зарлал, сурталчилгааны самбар байрлуулахгүй байхыг уриалж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хорооны ажилтнуудад батлан хамгаалах хууль, тогтоомж суртчлах сургалт зохион байгуулагдлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/196 дугаар тушаалаар батлан хамгаалах хууль, тогтоомжуудыг сурталчлах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгээс хорооны албан тушаалтнуудын батлан хамгаалах хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабтай хамтран тус дүүргийн 23 хорооны зохион байгуулагч, 208 хэсгийн ахлагч нарт батлан хамгаалах хууль, тогтоомж сурталчлах ажлыг өнөөдөр зохион байгууллаа. Засаг захиргааны анхан шатанд ажиллаж байгаа зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт батлан хамгаалах хуулиудын шинэчлэлийг танилцуулж, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлсэн ач холбогдолтой сургалт болсон гэж нийслэлийн Цэргийн штабаас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Ангарагаас ирсэн эмэгтэй” +18 модерн драм тоглогдоно

Хошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлд түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа тун удахгүй шинэ бүтээлээ үзэгчдэд өргөн барихаар бэлэн болгоод буй юм. “U film” уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл Бүсгүйчүүдийн аз жаргалыг эрчүүдийн зүрхэнд үйлдвэрлэдэг. “АНГАРАГААС ИРСЭН ЭМЭГТЭЙ” +18 модерн драм ирэх сарын 4-17-ныг дуустал “АСЕМ ВИЛЛА” -д тоглогдох аж. Тус жүжиг дан эмэгтэй уран бүтээлчдээс бүрдэж буйгаараа онцлогтой юм байна.

Жүжгийн зохиолыг Р.Эмүжин, найруулагчаар Ц.Баясгалан, хөгжмийн зохиолчоор Б.Ангирмаа, хувцас дизайныг Ариунаа Сүри, жүжгийн гол дүр Г.Ундармаа болон шинэ залуу үеийн төлөөл жүжигчин С.Идэрмаа нар тогложээ.

Categories
мэдээ нийгэм

“Ирээдүйн эзэд-2018” аян Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгонд боллоо

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Жаргалант тосгоны 74, 121 дүгээр сургуулийн 125 ахлах ангийн сурагчийг хамруулан “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аяны ээлжилт сургалтыг зохион байгууллаа.

Аян нийслэлийн бусад дүүргүүдэд амжилттай хэрэгжсэн бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, СХД-ийн ЗДТГ, СХД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэсхамтран уг аяныг Сонгинохайрхан дүүргийн нийт 22 сургуулийн 5300 гаруй ахлах ангийн сурагчийг хамруулан энэ сарын 9-23 хүртэл зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус үйл ажиллагааны үеэр сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтэн мэдээлэл, зөвлөгөө өглөө. Тухайлбал сурагчид мэргэжил сонгохдоо дараах алдаануудыг гаргадаг байна.

Өөрийгөө дутуу үнэлэх. Өөртөө итгэлгүй байдал нь залуучуудад мэргэжлээ сонгохдоо гаргадаг хамгийн том нийтлэг алдаа юм. Мөн өөрийн чадавх боломжоо бодитой үнэлж чадахгүй тохиолдол ч байдаг. Хэрэв өөрийгөө бүрэн дайчилж чадна гэвэл ямар ч мэргэжилд өөрийг сорьж үзэх нь чухал ажээ.

Мөнгөнд үндэслэж сонголт хийх. Тухайн мэргэжлээр дамжуулан хэдий хэмжээний мөнгө олохдоо биш, харин өөрийн сонирхолдоо, мөн чадавхад үндэслэн сонгох хэрэгтэй. Зөвхөн тухайн үеийн нэр хүнд, цалин хангамжийг бодож сонголт хийх нь буруу зүйл юм.

Урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлийн төлөвлөгөөгүй байх. Ер нь богино хугацааны ахархан бодлоор аливаа төлөвлөгөөг хийж болохгүй. Мэргэжлээ сонгохдоо хэзээ ч сольж болно гэсэн бодлоор хандах нь буруу юм. Энэ мэргэжлийг эзэмшсэнээр төсөөлж, төлөвлөж байгаа ирээдүйдээ хүрч чадна гэдэгтээ илтгэлтэй байна уу? гэх зэрэг ирээдүйн төлөвлөгөөгөө бодох хэрэгтэй.

Эцэг, эхийн сонголтоор шийдвэр гаргадаг. Бусдын нөлөөнд автаж сонголт хийх нь алдаатай сонголт болох магадлал өндөр. Мэдээж эцэг эх, ахмад хүмүүс, багш, мэргэжлийн зөвлөхүүдтэй санал бодлоо солилцож шийдвэр гаргах нь зөв боловч эцэг, эх нь хүүхдэдээ сонголт хийх боломж олголгүй “Миний хүү, охин ерөөсөө л эмч бол манайхан бүгд эмч мэргэжилтэй”. Эсвэл “Цалин өндөртэй мэргэжил сонго” гэж тулгах нь бас алдаа болдог талтай. Хамгийн гол нь мэргэжлээ сонгох гэж буй хүн өөрийгөө зөв таних, мөн сонгох гэж байгаа мэргэжлээ сайн судалсан байх хэрэгтэй.

Өмнөх ажлын туршлагад суурилж шийдвэр гаргах. Урьд нь хийж байсан ажлаас олж авсан туршлага хүнд хэрэгтэй боловч урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлийг сонгоход тийм ч чухал биш юм. Ажил мэргэжлийг сайтар судлахгүйгээр сонголт хийх нь буруу. Зуны амралтаар нэг удаа хийж үзсэн ажлаа би чадах юм байна гэж бодох нь өрөөсгөл зүйл.

Хичээлийг мэргэжилтэй адилтган сонгох. Хичээлийн сонголт хийж байгаатай адил мэргэжлээ сонгох нь эрсдэлтэй. Жишээ нь химийн хичээлд сайн байлаа гээд эмч мэргэжил сонгох нь учир дутагдалтай.

Мөн найз нөхдөө даган дуурайж мэргэжлээ сонгох гэх мэт нийтлэг алдаанууд гаргадаг. Мэргэжлээ сонгохдоо эхлээд энэ мэргэжил таны хувьд ямар утга учир, ач холбогдолтой вэ? Сонгосон мэргэжилдээ өөрийн чадавх боломжоо бүрэн дүүрэн зориулж чадах уу? Цаашид өсөж хөгжих замаа төсөөлж байна уу? хэмээн сайтар бодох хэрэгтэй. Нухацтай бодож шийдвэр гаргахгүй дургүй, сонирхолгүй мэргэжлээ сонговол 4-6 жил буюу 1460-2190 хоногийг боловсрол эзэмшихэд зарцуулж, цаашид тухайн мэргэжлээрээ ажиллавал дунджаар 40 жилийг дургүй, сонирхолгүй зүйлдээ зарцуулах магадлалтай. Энэ нь маш уйтгартай, бас амжилтгүй амьдралыг танд өгөх болно. Тиймээс мэргэжил сонголт бол маш чухал шийдвэрүүдийн нэг учраас нухацтай, хариуцлагатай хандах хэрэгтэй гэж сурагчдад зөвлөв.

Мэргэжил сонголтын талаар ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ сайтат зочлон сонирхоорой. Мөн 7013-8004 дугаарт холбогдон тодруулж болно. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэвэрч-Баянзүрх аян эхэллээ

Цэвэрч-Баянзүрх аян эхэллээЭнэ оныг ‘’Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах’’ жил болгон зарласантай холбогдуулан иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуй нэгж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үүсч байгаа хог хаягдлыг арилгах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилгоор Цэвэрч-Баянзүрх аяныг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.

Дүүргийн Засаг даргын Захирамжийн дагуу зохион байгуулагдаж буй уг аянд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуй нэгж байгууллага, иргэд оролцох юм. Цэвэрч-Баянзүрх аян энэ оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд долоо хоног бүрийн Бямба гаригт цэвэрлэгээг зохион байгуулж ажлын хэсэг тайлан мэдээг тухай бүр нь нэгтгэн дүгнэнэ.

Түүнчлэн аяны хүрээнд Гудамж зам талбайг тохижуулах, Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Байгууллага, аж ахуйн нэгжийн гадна хаяг, хаягийн байгууламжийг холбогдох журамд нийцүүлэх, Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах, Гудамж зам талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зэрэг тохижилтийн ажлуудыг зохион байгуулна. .

Цэвэрлэгээний явцад ажлын хэсэг бүрэн хяналт тавих бөгөөд хангалтгүй оролцсон байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авах юм. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгж, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан аппликейшныг бүтээлээ

Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харилцаанд туслах “ШУВУУ 1.0” тусгай зориулалтын аппликейшныг бүтээлээ. Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байгаа бөгөөд 200сая хүн үйлдлийн бэрхшээлтэй амьдарч байна. Тэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, боловсролд хамрагдалт хангалтгүй, эдийн засгийн оролцоо бага байгаа нь ядууралд өртөх шалтгаан болж өндөр хөгжилтэй, хөгжиж буй аль ч нийгэмд эрх, эрх чөлөө нь ноцтой зөрчигдсөөр ирсэн нийгмийн бүлэг болоод байна. Тэдэнд хийж бүтээх, сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгмийн үйл хэрэгт оролцох, найзалж нөхөрлөх, гэр бүл зохиох, үр хүүхдээ өсгөх, эмнэлэг, сургууль, дэлгүүр, банк зэрэг үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх хэрэгцээ шаардлагууд байгаа ч улсын бодлого хангалтгүй, хандлага сөрөг, үйлчилгээний хангамж дутмаг, үйлчилгээ авахад асуудалтай, дэд бүтэц шийдэгдээгүй, хүртээмж дутмаг байсаар байна.

Хүн зөвхөн согог, гэмтлийнхээ улмаас хөгжлийн бэрхшээлтэй болдоггүй бөгөөд бие эрхтний согог, гэмтэл нь нийгмийн орчин, хандлага, хязгаарлалттай нэгдэн хөгжлийг илүү бэрхшээлтэй болгож байна. Жишээ нь: тэргэнцэртэй хүн тэргэн дээр сууж байгаа болохоор ажил хийж чадахгүй байгаа зүйл огт биш юм, харин эсрэгээрээ ажил олгогч нь тэргэнцэртэй иргэн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлээгүйгээс тэргэнцэртэй иргэн ажиллах чадамжгүй гэсэн ангилалд автоматаар орж байгаа юм.

Төрөлхийн, гэнэтийн тохиолдлоор аль ч насны хүн хөгжлийн бэрхшээлтэй болж болох ч тэр хөгжлийн бэрхшээлтэй чигээр амьдарч, нийгмээс тусгаарлагдаж, түүний хувь тавилан үүнээс болж буруугаар эргэх ёсгүй.

2018 оны байдлаар харааны, сонсголын, хэл ярианы, хөдөлгөөний, сэтгэцийн, хавсарсан бэрхшээлтэй, мөн эрүүл мэндийн улмаас бэрхшээлтэй болсон, дауны хам шинж, аутизмын хүрээний эмгэг, генетикийн гаралтай зэрэг бэрхшээлүүдийг хамруулан Монгол улсад 120 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Хөгжлийн бэрхшээлд хамгийн түгээмэл тохиолддог асуудал нь харилцаа юм. Монгол улс 2009 онд НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай конвенцид нэгдэн орсон нь хөгжлийн бэрхшээлгүйгээр амьдрахад хандлагаа чиглүүлж байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл харилцааны асуудлууд шийдэлгүй хэвээр байна. Үүний хирээр Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчид нэгдэн нийлж олон арван ТББ байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг тод жишээ нь аутизмын эмгэгтэй болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн харилцаанд оролцоход гол гүүр болж буй “Аутизм Монгол – Анд”, “Монголын аутизмын холбоо” ТББ-иуд бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харилцаанд туслах аппликейшн бүтээх санаачилгыг гаргасан билээ.

Тус санаачилгыг дэмжин хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийн харилцаанд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зорилготой “Шувуу хөгжүүлэгчид” ТББ 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харилцаанд туслах, харилцааны хүндрэл бэрхшээлийг даван туулах, дэмжлэг үзүүлэх, эрхийг хангаж хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах, үйлчилгээг ялгаваргүй хүртээх зорилтын хүрээнд “Шувуу” харилцаанд туслах тусгай зориулалтын аппликейшныг бүтээхээр санхүүжилт босгосон. Хөгжлийн бэрхшээлийг ойлгодог, эерэг хандлагатай олон сайхан хүмүүс, байгууллагуудад хандсан олон удаагийн уулзалтын үр дүнд оюуны болон санхүүгийн дэмжлэг, туслалцаа авч “Шувуу 1.0” харилцаанд туслах тусгай зориулалтын аппликейшнийг Монголд анх удаа гаргаад байна. Дэлхий дахинд энэ төрлийн 4,000 орчим аппликейшн байдаг.

Монголын дауны холбоо, Аутизм Монгол-Анд, Монголын аутизмын холбоо, Улаанбаатар Ротари клуб, Redpath Mongolia, Namuunzet продакшн, Dualzet студи, Procraft студи, LEAD хөтөлбөрийн залуус, IFC, ikon.mn, trends.mn, Цэрэн турс, Бяцхан агаар төсөл, Зориг сангийн Байгаль орчны манлайлагчид хөтөлбөрийн төгсөгч залуус болон хувь хүмүүсийн үнэлж баршгүй дэмжлэгээр энэхүү аппликейшн бүтсэн юм.

“Шувуу 1.0” нийт 230 гаруй үгсийн сантай, Android/IOS системтэй бүх төхөөрөмж дээр ашиглагдах бөгөөд татаж авсны дараа интернэтгүй орчинд ажиллах боломжтой, үйлдлийн систем нь ашиглахад маш хялбараас гадна хэрэглэгч өөрийн хэрэгцээнд нийцүүлж үгсийн сан, зураглалыг баяжуулах боломжтой. Мөн тухайн үг, өгүүлбэрийг аудио хэлбэрээр сонсох боломжтой.

“Шувуу 1.0” аппликейшныг 30,000 хүн хэрэглэх боломжтой бөгөөд жилээс жилд үгсийн сан, зураглалыг нэмэгдүүлж сайжруулах тул хувь хүн, албан байгууллагуудтай хамтран ажиллах боломжууд үргэлж нээлттэй байх болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Замын цагдаагийн уулзвараас “HOME PLAZA” хүртэлх замыг хаалаа

Замын цагдаагийн урд гүүрэн гарц барих ажлын хүрээнд олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс хязгаарлалаа.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 16-ны 05:00 цагаас эхлэн Замын цагдаагийн урд уулзвараас урагш Home plaza төвийн зүүн хойд уулзвар буюу Оддын хотхон хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Иймд иргэд та бүхэн Соёолж төвийн нүхэн гарц болон 40 жилийн өндөрлөгөөс хойш Нарны зам руу зорчих боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Удирдлагын зөвлөлийн хуралдаан болов

Удирдлагын зөвлөлийн хуралдаан болов

Баянзүрх дүүргийн удирдлагын зөвлөлийн 4 дүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдаанаар хаврын хуурайшилтын улирал эхэлж буйтай холбогдуулан дүүргийн ногоон бүсэд Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр боллоо.

Тухайлбал Хуурайшилтын үед дүүргийн ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт болон суурин пост ажиллуулж, сургалт дадлагыг тогтмол зохион байгуулахаар болсон юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин журмаа мөрдөнө

Улаанбаатар хотын хэмжээнд авто замын томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулж, долоо хоногт хоёр удаа авто машины дугаарын хязгаарлалт хийх нь зүйтэй гэж нийслэлээс үзэн, иргэдээс санал авсан. Гэвч иргэд долоо хоногт хоёр удаа дугаарын хязгаарлалт хийхийг дэмжээгүй тул хуучин журмаа мөрдөхөөр болжээ.

Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр энэ тухай мэдээлэл өглөө. Тэрбээр ‘Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөнө.

Харин түр замуудаараа зохицуулалт хийнэ. Хөдөлгөөн хэвийн болно гэж үзэж байгаа. Нарны зам дээр 3-4 газар буцаж эргэх гарцыг нээж хөдөлгөөнийг эрчимжүүлж байна.

Төмөр замын аюулгүй байдлыг хангах зорилгоор Махатма Гандигийн гудамжнаас Нарны зам руу холбогдох зам дээр төмөр замын гарам байгаа. Ирэх пүрэв гаригт 22:00 цагаас даваа гаригийн өглөөний 07:00 цаг хүртэл энэ хэсгийг хаахаар төлөвлөсөн байгаа. Энэ хугацаанд хуучин замын цагдаагийн гүүрэн гарцан дээр байгаа төмөр замынхаа автомат тоноглолуудыг шилжүүлж суурилуулах ажил хийгдэнэ. Тоноглол хийгдэж дуустал хоёр цагдаагийн алба хаагч болон дохиочид байнга ажиллана.

Мөн хүнд даацын автомашинуудын явах маршрутыг өөрчлөх, бөөний төв, захуудын цагийн хуваарийг өөрчлөх зэрэг зохион байгуулалтууд хийнэ. Захуудын цагийн хуваарийн тухайд одоогоор олон төрлийн саналууд гарч байгаа, үүнийг Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ’ гэлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дүүргийн “Язгуур урлагийн наадам” болов

ДҮҮРГИЙН “ЯЗГУУР УРЛАГИЙН НААДАМ” БОЛОВ

Хүүхэд, залуучууд, өсвөр үеийнхэнд үндэсний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлж тэдний авьяас чадварыг хөгжүүлэх зорилготой “Язгуур урлагийн наадам”-ыг дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, дүүргийн Усан спорт сургалтын төв болон Цөм сургалт судалгааны төв хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн Язгуур урлагийн наадам Ардын дуу, Ардын гоцлол бүжиг, Хамтлаг бүжиг, Ардын хөгжмийн гоцлол зэрэг төрлөөр явагдаж шилдгүүдээ шалгаруулсан юм. Тухайлбал Ардын дууны төрөлд 33 дугаар сургуулийн сурагч Б.Отгонгэрэл “Багаан зан” дуугаар тэргүүн байр эзэлсэн бол Ардын бүжгийн гоцлол төрөлд 92 дугаар сургуулийн сурагч Б.Соёл “Торгууд биелгээ” бүжгээр түрүүлсэн юм. Харин Хамтлаг бүжгийн төрөлд ‘’Шавь’’ цогцолбор сургуулийн “Төвөргөөн’’ бүжиг шалгарсан байна.

Дашрамд дурдахад энэхүү наадамд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 17 сургуулийн нийт 213 сурагч оролцсон юм. Уг наадмыг СУИС-ийн хүндэт профессор МУУГЗ Б.Одсүрэн, МУГЖ Л.Чулуунчимэг, доктор профессор судлаач МҮОНТ-ийн редактор Д.Энхцэцэг болон СУИС-ийн багш МУСТА С.Нарангэрэл нар шүүн явууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.