Categories
мэдээ улс-төр

“Жаст”-ын Ш.Батхүүгийн шүүх хурал өнөөдөр болно

Төрийн банкны нэхэмжлэлтэй “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох 51 тэрбум төгрөгийн асуудлаар шүүх хурал өнөөдөр 14.00 цагаас Баянзүрх дүүргийн шүүхэд болно. Шүүх хурал 14 хоногийн өмнө товлогдсон байсан ч уг хэрэгт холбогдогч Ш.Батхүү өөрийн биеэр оролцох хүсэлтийг гаргасан тул ийнхүү хойшлуулаад байсан юм. Ш.Батхүүг хорих ангиас түр авчирч шүүх хуралд оролцуулна, эсвэл онлайнаар оролцох бололтой. Төрийн банкны зүгээс уг 51 тэрбум төгрөгийг Г.Алтжингийн хүү Эдуард Сүрэнд гаргаж өгөх шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү шүүхэд хандсан аж.

Categories
мэдээ улс-төр

Стандартгүй учраас төсвөөс завшиж, нэмэлт зардал шургуулж байна

Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Тэрбээр:

-Шинэчлэх ухаан технологи хөгжиж, дэлхий нийтээрээ даяарчлагдаж байгаа өнөө үед төсвийн төлөвлөлтийг оновчтой болгох, төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах, төсвийн эрх захирагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх, дотоод хяналтыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Иймд улсын нэгдсэн төсвийн урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, зураг төслийг илүү бодитой болгохын тулд төсвийн зарлагын норм, батлагдсан стандарт, зураг төсөл, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан тооцож, төсвөө төлөвлөдөг, зарцуулдаг, хяналт тавьдаг болмоор байна.

Одоо мөрдөж байгаа Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Төсвийн зардал нь хөрөнгийн болон урсгал зардлаас бүрдэнэ. Төрийн болон орон нутгийн өмч бий болгох, худалдан авах, хуулийн этгээд үүсгэн байгуулах зардал зэрэг бүх төрлийн санхүүгийн хэрэгсэл нь тухайн шатны төсвийн зарлага байна. Татварын зарлагыг нэр төрөл, салбар бүрээр нь төлөвлөж, төсвийн гүйцэтгэлд тусган дэлгэрэнгүй тайлагнана” гэсэн эрхзүйн зохицуулалтай байгаа юм.

Төсвийн зарлагын норм, норматив, стандартад зураг төслийг баримтлан, төсвийн урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх заалт байхгүйгээс алдаа гарч байгааг бид мэдэж байгаа. Мөн төсвийн зарцуулалтад ч гэсэн зөрчил их гарч байгааг аудитын шалгалтын дүн харуулж байна. Иймд төрийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, татвар төлөгчдөөс улсын төсөвт төлөврүүлсэн үр ашгийг дээшлүүлэх үүднээс Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн заалтыг өөрчлөх саналыг оруулж байна гэлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Төсвийн норм, норматив гэж байх зүйл. Хуучин Төлөвлөгөөний комисс гэж байхад би норм, нормативын газрын даргаар би таван жил ажилласан. Захиргаадалтын үе гээд хоцорсон байж магадгүй ч шинжлэх ухааны үндэс суурь байгаа байх. Төсвийн төлөвлөлтийг сайжруулъя гэж байгаа нь зүйтэй. Харин Засгийн газраас өгсөн саналыг дагуулсан өөрчлөлт хуульд нийцэхгүй болж байгаа юм биш биз. Стандартыг заавал мөрдөх ёстой. Тиймээс аль тохирохыг үндэслэнэ гэдэг буруу ойлголт юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Ч.Улаан гишүүний саналыг дэмжиж байна. Ажлын хэсэг дээр яриад явъя. Норм, норматив стандарт үнэхээр доголдож байгаа. Эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт аймаг бүрт ялгаатай байгаа. Дээр нь барилгууд. Зарим дүүрэгт баригдаж байгаа сургуулийн барилга 14 тэрбум, заримын нь 2-3 тэрбум төгрөг. Тиймээс Н.Учрал гишүүний санаачилсан хууль зөв юм. Хэтэрхий хайрцаглах вий гэсэн үүднээс Засгийн газар санал өгсөн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Энэ төслийг дэмжиж байна. Стандартын дагуу зураг, төсөв хийгдэх ёстой. Стандарт дээр нарийвчлах зүйл бий. Японы тусламжаар баригдсан сургуулиудын стандарт болон манайхныг харахад асар зөрүүтэй. Будаг нь үнэргүй, шал нь хүртэл нарийн стандарттай. Манайд тийм зүйл байхгүй. Энэ нь нэг талаараа завших, нэмэлт зардал шургуулахын тулд стандартгүй байдаг юм болов уу гэж бодсон. Нарийн стандартай байсан бол үнийн зөрүү гарахгүй.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, санал хэлсний дараагаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараагаар нь Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгох боломжгүй гэж үзжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн 20 мянгыг нийт хүүхдийн 80 хувьд олгох шийдвэрийг гаргасан. Түр хугацаанд зогсолт хийгээд байсан хүүхдийн мөнгийг ирэх тавдугаар сарын 01-нээс эхлэн олгохоор болсон билээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүүхдийн мөнгө бол халамж биш. Хүн амаа өсгөх гэсэн бодлого юм. Тиймээс хүүхэд бүрт өгөх 20 мянган төгрөгийг бүх хүүхдэд олгох Хуулийн төслийг өргөн барьж байна” хэмээн энэ хаврын чуулганаар онцолж хуулийн төсөл өргөн барьсан юм. Харин Ерөнхийлөгчийн хуулийн төслийг МАН-ынхан хүлээж авсангүй нь. Өчигдөр МАН-ын УИХ дахь бүлэг ээлжит хурлаараа Хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох хуулийн төслийг хэлэлцэж, нийтийн хүүхдийн 80 хувьд нь олгох нь зөв хэмээн үзжээ. Учир нь “ОУВС-тай тохиролцсоны хүрээнд нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байгаа хүүхдийн мөнгийг 80 хувьд хүргэхээр болсон. Энэ чиглэлээ баримтлана. Мөн хүүхдийн мөнгийг 100 хувьд олгож байхад 90 хувь нь авдаг байсан нь судалгаагаар тогтоогдсон аж. Иймд нийт хүүхдийн 80 хувьд нь олгох нь зүйтэй” хэмээн үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Бөхийн өргөөнд болох байсан барилдаан хойшлогдож урлагийн тоглолтуудыг цуцаллаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд өрнөсөн үймээн самууны улмаас болж Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах үйл ажиллагаа болон урлагийн тоглолтуудыг цуцалсан байна. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагаас эхлэн түр хугацаагаар зогсоож, цагдаагийн хамгаалалтад авчээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн барилга байгууламж, хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй байх тул прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. Ингэснээр Бөхийн өргөөнд болох байсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр бөхчүүдийн “Сонгинохайрханы хишиг” барилдаан хойшлогдсон. Мөн дуучин П.Идэржавхлан, О.Гансувд, Б.Батболд нар тоглолтоо хийх боломжгүй болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭЕШ-ын хуваарь болон журмыг танилцууллаа

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох зорилготой элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар явагдаж өчигдөр дууслаа. Тодруулбал, бүртгэл 2018 оны хоёрдугаар сарын 05-ны өглөө 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 16-ны орой буюу өчигдрийн 18:00 цагт дууссан юм. Бүртгэлийн хугацаа болон цагийг дахин сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй болохыг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн юм. Харин ЭЕШ-д амжилттай бүртгүүлсэн шалгуулагчид бүртгэлийн хугацаанд дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмэх боломжтой байсан аж. Нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байх бөгөөд Монгол хэлбичгийн шалгалт нь шууд сонгогдох ба шалгалтын хураамжгүйгээр бүртгүүлсэн байх ёстой юм.

Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг БСШУСЯ-аар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд ирүүлсэн байх шаардлагатай. Мөн энэ онд ЕБС төгсөж буй сурагчид www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас “Бүртгэлийн хуудас” хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулсан байх юм. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авч болох аж.

Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 2018 оны тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авах аж. Шалгалт өгөхөөр ирэхдээ:

-Бүртгэлийн хуудас

-Суудлын хуваарь

-Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

-Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичигтэй ирэх зэрэг шаардлага тавигджээ.

ЭЕШ-ын дүн оноо, жагсаалт 2018 оны долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсаар нийтэд зарлагдах юм байна. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас харах юм байна.

-ЭЕШ-Д ШАЛГУУЛАГЧ 480 БОСГО ОНООГ ДАВАХ ШААРДЛАГАТАЙ-

Элсэлтийн Ерөнхий шалгалтын босго оноог 480 болгон өөрчилсөн. Тодруулбал, БСШУС-ын сайдын 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн А/195 тоот тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоосон юм. Ийнхүү босго оноог нэмснээр өмнөх жилд дээд сургуульд элсч байсан нийт хүүхдүүдийн тоотой харьцуулахад энэ жил их, дээд сургуульд элсэгчдийн тоо 18 хувь буурч, мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ. Харин хөдөө орон нутгийн сургуулиудаа дэмжих бодлого барьж орон нутгийн сургууль болон коллежийн оноог 400 хэвээр нь үлдээсэн билээ.

Categories
мэдээ спорт

Улсын цолтой бөхчүүдийн 15,2 хувь нь Архангай аймгийнх

БСШУСЯ, Үндэсний статистикийн хороотой хамтран Биеийн тамир, спортын анхдугаар тооллогыг явуулжээ. Ингэхдээ үндэсний спортын нэг болох Монгол үндэсний уламжлалт бөхийн барилдааныг онцлон хамруулсан ба сум, аймаг /цэрэг/, улсын цолтой бөхчүүдийн тоог тооллогоор болон Монголын Үндэсний бөхийн холбооны бүртгэлд үндэслэн тоолжээ.

Тооллогод сум, аймаг, улсын цолтой нийт 4729 бөх хамрагдсан байна. Үүнээс сумын цолтой бөх 3327 (70.4%), аймгийн (аймгийн дүнд цэргийн цол багтсан) цолтой бөх 1133 (24.0%), улсын цолтой бөх 269 (5.7%) байна.

СУМЫН ЦОЛТОЙ БӨХЧҮҮД

Энэхүү тооллогод 3327 сумын цолтой бөх хамрагдсаны 1406 (42.3%) нь начин цолтой, 94 (2.8%) нь харцага цолтой, 1827 (54.9%) нь заан цолтой бөх байгаа ба 3244 (98%) нь хөдөө орон нутагт тоологдсон байна. Улсын хэмжээнд 18-64 насны 10000 хүн тутамд сумын цолтой 36 бөх ногдож байна. Тэгвэл Говь-Алтай аймаг 10000 хүн тутамд сумын цолтой 198 бөх ногдож эрэмбийг тэргүүлж байгаа бол Баянхонгор, Увс, Өвөрхангай, Ховд аймгууд удаах эрэмбээр эхний тавд багтаж байна. Харин Улаанбаатар хот, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнод, Өмнөговь аймгууд улсын дунджаас доогуур байна.

Сумын цолтой 3327 бөхчүүд байгаагаас 1216 (36.5%) нь баруун бүс, 1303 (39.2%) нь хангайн бүс, 390 (11.7%) нь төвийн бүс, 418 (10.1%) зүүн бүсэд байна.

АЙМГИЙН ЦОЛТОЙ БӨХЧҮҮД

Тооллогоор 1133 аймгийн цолтой бөх хамрагдсанаас 549 (48.5%) нь начин, 131 (11.6%) нь харцага, 236 (20.8%) нь заан, 217 (19.1%) нь арслан цолтой бөх байна. Эдгээрийн 1106 (98%) нь хөдөө орон нутагт тоологджээ. Улсын хэмжээнд 18-64 насны 10000 хүн тутамд аймгийн цолтой 12 бөх ногдож байна. Тэгвэл Говь-Алтай аймаг 10000 хүн тутамд аймгийн цолтой 48 бөх ногдож эрэмбийг сумны дүнгийн адил тэргүүлж байгаа бол Увс, Дундговь, Завхан, Төв аймгууд удаах эрэмбээр эхний тавд багтаж байна. Харин Улаанбаатар хот, Орхон, Баян-Өлгий аймгууд улсын дунджаас доогуур байна.

УЛСЫН ЦОЛТОЙ БӨХЧҮҮД

Тооллогод 269 улсын цолтой бөх хамрагдсан бөгөөд 170 (63.2%) нь начин цолтой, 38 (14.1%) нь харцага цолтой, 27 (10.0%) нь заан цолтой, 10 (3.7%) нь гарьд цолтой, 14 (5.2%) нь арслан цолтой, 5 (1.9%) нь аварга цолтой, 5 (1.9%) нь дархан аварга цолтой бөх байна. Улсын хэмжээнд 18-64 насны 100000 хүн тутамд 29 улсын цолтой бөх ногдож байна. Тэгвэл Увс 100000 хүн тутамд 163 улсын цолтой бөх ногдож эрэмбийг тэргүүлж байгаа бол Архангай, Говь-Алтай, Завхан, Булган аймгууд удаах эрэмбээр эхний тавд багтаж байна. Харин Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Баян-Өлгий, Говьсүмбэр, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд улсын дунджаас доогуур байгааг зураг 1.4.7 -аас харж болно.

Улсын хэмжээнд нийт улсын цолтой бөхчүүдийн 15.2 хувь нь Архангай аймаг, 14.5 хувь нь Увс аймаг, 10.8 хувь нь Өвөрхангай аймагт байна.

Categories
мэдээ нийгэм

Худалдаа үйлчилгээний 29 объектоос 230 гаруй зөрчил илрүүлжээ

Нийслэлийн соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид хяналт шалгалт явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянзүрх, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн 29 аж ахуй нэгжийн барилга байгууламжид аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтын ажлын хэсэг нийт 232 зөрчил илрүүлэн газар дээр нь 24.5 хувийг арилгуулан бусад зөрчлийг засуулах талаар улсын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл зэрэг албан бичгийг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн таван иргэнийг 700.000, зургаан аж ахуй нэгж байгууллагыг 5.500.000 төгрөгөөр Зөрчлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ авч ажиллажээ.

Монгол улсын “Гамшгаас хамгаалах тухай” болон “Галын аюулгүй байдлын тухай” хууль, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн хяналт шалгалтыг зохион явуулан ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо өнөөдөр тус тус хуралдах хуваарьтай байна.

БОХХАА-н байнгын хорооны хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдээр Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэх аж. Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, Үндэсний аудитын газрын 2018, 2019 онд гүйцэтгэх “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл, Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Мөнхбат: Хууль зөрчсөн, алдаа гаргасан бол сайдуудтай хариуцлага ярих ёстой

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай ярилцлаа.


-Энэ хаврын улс төрийн өнгө танд ямар харагдаж байна вэ. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрыг огцруулах жагсаал болсон. Үүнээс өмнө Засгийн газрыг огцруулах гэж байна. Дөрвөн сайдыг солихоор боллоо гэдэг яриа гарсан?

-Жил бүрийн хавар жагсаал цуглаантай, хэл амтай эхэлдэг. Би ч гэсэн сөрөг хүчний гал тогоог удирдаж байхдаа дөрвөн хаврын чуулганыг жагсаалаар эхлүүлж байсан хүний нэг. Жагсаалын ард нийгмийн бухимдал тодорхой хэмжээгээр байдаг гэдэг нь харагддаг. Бүх зүйл тэгш сайхан байхад хүмүүс жагсаад байдаггүй шүү дээ. Иргэд ямар шаардлага тавиад юунаас болж жагсаж байна вэ гэдэг дээр Засгийн газар анхаарал тавих ёстой. Засгийн газрыг огцруулна, дөрвөн сайдыг сугална гэдэг мэдээллийг сүүлийн үед зарим мэдээллийн хэрэгслээс харж байна. Одоохондоо Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зураад, дөрвөн сайдыг солихоор албан бичиг өргөн баригдсан юм алга. Засгийн газрыг огцруулах бичиг өргөн баригдсан бол намын бүлэг, Удирдах зөвлөл дээрээ ярина. Миний хувьд тийм зүйл мэдээгүй л явж байна. Гэхдээ хууль зөрчсөн, алдаа гаргасан асуудал байгаа бол өнөөдрийн сайдуудтай хариуцлага яригдах нь зарчмын асуудал шүү дээ.

-Таныг ЗГХЭГ-ын дарга болж байх үед эдийн засаг үнэхээр амаргүй байсан шүү дээ. Одоо бол эдийн засаг 5.4 хувийн өсөлттэй гарч, Ерөнхий сайд БНХАУ-д айлчилж зээл авсан гээд шуугьж байна?

-2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар ажлаа авч байхад эдийн засаг хасах баланс руугаа орчихсон, уутныхаа амыг урвуу нь харуулаад гөвчихсөн тийм эдийн засгийг хүлээн авч байсан. Хөгжлийн банкнаас эхлээд Чингис, Дим Сам бонд зэрэг маш олон өр зээлийг төлөх цаг хаяанд ирчихсэн байлаа. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар ийм хүнд үед сайн ажилласан. Шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар одоо л зургаа дахь сарынхаа нүүрийг үзэх гэж байна л даа. Миний хувьд Засгийн газрын үйл ажиллагааг зургаан сарын дотор дүгнэх биш, зургаан сарын нүүр үзэх ёстой гэж боддог. Одоо бол таван сар гаруй болж байна. Тавдугаар сар гарснаар энэ Засгийн газрын амлалт хэрхэн хэрэгжиж байна вэ, сонгогчдын өмнө хүлээсэн тэр олон хүлээлтэд хэр нийцэж байна вэ гэдэг дээр дүн тавих хэрэгтэй. Одоо бол арай л эрт байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэсэн дүгнэлт 2017 оны сүүлээр оны эхээр гарсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 43 хувь, эдийн засгийн өсөлт 5.4 хувьтай гарлаа гэж байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар аравдугаар сарын сүүлээр солигдсон. Тэгэхээр энэ дүгнэлт бол өмнөх Засгийн газрын үр дүн байсан байх. Харин тэр дүгнэлтээс хойш өнөөдөр ямар ахиц гарав, ямар ажлыг амжуулав гэдгийг тавдугаар сарын нэгнээс хойш дүгнэж эхэлнэ.

-Хаврын улс төрийн өөр нэг зүйл нь баривчилгаа гэж харахаар байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт гээд улстөрчдийг баривчлан хорьж байна л даа. Энэ дүр зургийг харж байхад танд ямар бодол төрж байна вэ. Оюу толгойн гэрээтэй холбогдуулан шалгаж байгаа гэдэг…

-Оюу толгойн, Дубайн гэрээтэй холбогдуулан төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хорьж байна. Үүнийг хоёр өнцгөөс харж байгаа. Нэгдүгээрт, улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт, улс төрийн тоглолт байж болохгүй. Хоёрдугаарт, Дубайн гэрээтэй холбоотой маш том эргэлзээ нийгэмд байдаг. Оюу толгойн гэрээтэй холбогдуулан ажлын хэсэг гарч гэрээг шалгаж эхэлсэн. Өмнө нь албан ёсоор хоёр ч ажлын хэсэг УИХ, Засгийн газрын бүтцээс гарч ажиллаж байсан. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад тухайн үеийн Шадар сайд, Сангийн сайд нар оролцсон комисс гарч Оюу толгойн гэрээний хэрэгжилт, гүйцэтгэлийн дүнтэй танилцсан байдаг юм билээ. Уг шалгалтаар хангалтгүй дүн гарсан байдаг. Оюу толгой гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, Монгол Улсын 20 гаруй хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг ноцтой дүгнэлт гарсан. Үүний дараа Дубайн гэрээ хийгдсэн. Тухайн үеийн цөөнх буюу МАН-ын бүлэг одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж шалгасан. Дубайн гэрээ нь Монгол Улсад хохиролтой, буруу хийгдсэн гэдэг дүгнэлтийг МАН-ын цөөнхийн бүлгийн ажлын хэсэг гаргаж байсан.

-Ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар гарын үсгээ зураагүй гээд сүүлд хэл ам болоод байсан тэр процессийг яриад байна уу, та?

-Тийм. Дубайн гэрээг Монгол Улсад хор хохиролтой муу гэрээ болсон гэдэг дүгнэлт дээр ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар гарын үсэг зураагүй ч ажлын хэсгийн дөрвөн гишүүн нь гарын үсгээ зураад явсан. Засгийн газрын болон УИХ дахь цөөнхийн бүлгийн ажлын хэсгээс Оюу толгойн болон Дубайн гэрээг хангалтгүй хэрэгжиж байна гээд Дубайн гэрээг ялангуяа хангалтгүй муу гэрээ болсон гэдэг. Ядаж л 2019 оноос эхэлж Монголд үр өгөөжөө өгөх байсан хугацаа хойшилж 2037 он болсон тул үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц гэрээ болсон гэдэг олон ноцтой дүгнэлт гарч байсан. Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайн гэрээг байгуулна гээд кабинетийнхаа гишүүдтэй маргалдан, энэ гэрээ муу болох юм бол би хар толгойгоороо хариуцна гээд алх цохин шийдвэр гаргаж байсан байдаг. Ингэж явж ирсэн. Хувь хүн талаасаа Оюу толгойг шалгаж байгаа УИХ-ын гурав дахь ажлын хэсгийн дүгнэлт эерэг гарна гэдэгт итгэхгүй байгаа. Дубайн гэрээгээр Монгол Улсын маш том эрх ашиг хохирсон. Оюу толгой том төсөл мөн үү гэвэл мөн. Яалт ч үгүй Монгол Улсын эдийн засагт нэмэр болж байгаа, эдийн засгийг тэлсэн үү гэвэл тэлсэн. Гэхдээ өмнөх орж ирсэн хувилбарууд нь илүү байсан гэдэг. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд УИХ-д танилцуулалгүй хийсэн. Энэ хүн Ерөнхий сайд байхдаа хоёр том асуудлыг нь Их хуралд танилцуулалгүй хуулийн дээгүүр алхаж толгой мэдэн хийсэн байдаг. Нэг нь Дубайн гэрээ, нөгөөх нь Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах эрхээсээ Засгийн газар татгалзсан. Энэ хоёр нь өнөөдөр улсын хэмжээний том асуудал болчихоод явж байна. Улс төр хийгээд эдийн засгийнхаа хүрээнд том дуулиан болж босч ирсэн. Би хувь гишүүний зүгээс Оюу толгойн гэрээг засч сайжруулах ёстой гэж боддог. Монгол Улсад ирэх өгөөжийг нь нэмэгдүүлж, ард түмэн хожих, улс орон хөгжих, эдийн засаг тэлэх ёстой. Оюу толгой ганц хоёр улс төрийн хүчний асуудал биш. Үүний цаана Монгол Улсын үндэсний, язгуур эрх ашиг бий. Тиймээс үүний төлөө хатуу зарчим дээр зогсох ёстой. Нөгөө талдаа Оюу толгойн гэрээг шууд газар дээр нь зогсоож, цуцална гээд байгаа юм биш. Цааш нь явуулах хэрэгтэй. Явуулахдаа гэрээг сайжруулах шаардлагатай. Энэ бизнесийн прожект. Нэг талаас рио Тинто, нөгөө талаас Монгол Улс орж байгаа. Хоёр тал хоёулаа хожих ёстой. Бизнесийн алтан зарчим энэ. Оюу толгойн болон Дубайн гэрээтэй холбоотойгоор давуу байдал бий болгосон байж болзошгүй гээд авлигын хэргээр хэд хэдэн хүнийг шалгаж байна. Хууль хүчнийхэн үнэн зөвийг нь тогтоох байх. Үнэхээр авлига аваагүй бол ард түмний нүдэн дээр зарлах хэрэгтэй. Нэр хүндийг нь цагаатгах шаардлагатай. Хууль зөрчин авлига авсан гэдэг нь нотлогдвол хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг. Энэ хэрэг дээр улстөржиж, улс төрийн зорилгоор цаашдаа ашиглаж болохгүй.

-Гадаад талд Монгол Улс Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнээ шоронд хорилоо гээд шокын байдал бий болчихлоо. Хөрөнгө оруулахаар гэрээ хэлцэл яригдаж байсан хөрөнгө оруулагчид тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа гэсэн мэдээлэл гараад байна л даа. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа бол?

-Баривчилгаатай холбоотой асуудал гадаадын хөрөнгө оруулагчдын бол-гоомжлолыг төрүүлж, гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлж байж болзошгүй юм. Монголын хамгийн том хөрөнгө оруулалт, ганц гэрэл гэгээтэй төсөл нь Оюу толгой. Үүнтэй холбоотой асуудал нь гэмт хэргийн шинжтэй болж дуулиан тарьж байгаа үед хөрөнгө оруулагчид болгоомжлох нь зөв. Өөрсдөө шалгуулъя гээд гадаадаас хүрээд ирсэн хүмүүсийг заавал таслан сэргийлэх шаардлага байсан уу, үгүй юу гэдэг бол өөр асуудал. Дуудсан цагт нь очоод мэдүүлгээ өгөөд явах бүрэн боломжтой байсан байх. Хуулийнхан шалгаж байхад би хөндлөгөөс тэг, ингэ гэх эрх байхгүй. Тийм боломж ч алга.

-Эрдэнэтийн 49 хувийг нэг сэдэв болгон улстөрчид шуугьсан. Одоо 51 хувь нь тун эргэлзээтэй байдалд орчихлоо. Эрдэнэтийг бүхэлд нь зураглаад хэлбэл ямархуу дүр төрх гарахаар байна…

-Миний хувьд Эрдэнэтийн 49 хувийг монголд авч ирснийг нь буруутгадаггүй. Гэхдээ Монголд авч ирэх шийдвэр гаргасан процесс нь өөрөө буруудсан. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар хуралдаад УИХ-д зайлшгүй өргөн мэдүүлж, танилцуулаад зөвшөөрөл авах ёстой байсан. Тиймээс хууль зөрчсөн гээд байгаа юм. Тэр утгаараа маш том хардлага дагуулсан. Түүнээс 49 хувийг нэг аж ахуйн нэгж байна уу, Орос нь байна уу хувь эзэмших нь өөр ойлголт шүү дээ. 49 хувийн эрхийг худалдаж авахтай холбоотой процедур нь хуулийн зарим зүйл заалтыг зөрчин харайгаад явчихсан. Тиймээс би хууль бус гэдэг байр суурийг илэрхийлж ирсэн. Мөн 49 хувийг худалдаж авсан төлбөрийн асуудал бий. Төлбөрийг ямар байдлаар хийсэн бэ гэдэг дээр сайтар ярих байх. Саяхан Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргаад УИХ-ын 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан.

Харин 51 хувийн тухайд 2012-2016 оны хооронд Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байсан хүмүүс Арбитрийн шүүхэд материалаа гаргаж өгөлгүй асуудалд хойрго хандсан. Бүүр Арбитрийн шүүх хуралдаа хүртэл очихгүй байсан байгаа юм. Үүнийг санаатай гэж ойлгох уу, санамсаргүй гэж ойлгох уу. Зовлонтой, ээдрээтэй олон асуудал бий. Үүнээс болж Монгол Улс Арбитрийн шүүхэд 109 сая ам.доллар төлөх өрөнд орчихсон. Энэ тоглоом биш. Хуурамч гэрээ байгуулаад явсан бол тэр хүн хариуцлагаа хүлээгээд явах нь зүй ёсных. Харин Монгол Улс төлбөр төлөх хэмжээнд Арбитрийн шүүхэд ялагдах хэмжээний асуудал яагаад бий болов гэдгийг нухацтай шалгах ёстой. Намайг ЗГХЭГ-ын дарга байхад надад ирж байсан мэдээллээр Монгол Улс Арбитрийн шүүхэд ялах, өргүй гарах боломж байсан. Өмнөх үеийн Эрдэнэтийн удирдлагатай байсан хариуц-лагатай хүмүүс нь материалаа өгөөгүй, хуралдаа хайнга хойрго хандсанаас ийм зүйл боллоо гэдэг мэдээлэл ирсэн.

-Тэр үед нь танай Засгийн газар яаралтай арга хэмжээ авч болоогүй юм уу?

-Асуудал нэлээд хүндэрчихсэн, галт тэрэг хэдийнээ явчихсан байсан. Өөр нэг эргэлзээ төрүүлээд байгаа зүйл нь 51 хувийн асуудлаар Засгийн газар эхлээд нэг байр суурь илэрхийлсэн бол хэсэг хугацааны дараа “Энэ мэдээлэл ташаа байсан байна” гэдэг залруулга хийсэн. Энэ яагаад ийм болчихов гэж гайхдаг хүний нэг нь би л дээ. Ийм хэмжээний мэдээллийг Засгийн газарт хаанаас гаргаж өгсөн бэ. УИХ-ын таван гишүүний асуулгын хариуд Засгийн газар цаасаар хариу өгсөн. Ингэхдээ Стандарт банкнаас авсан мөнгө нь Эрдэнэт үйлдвэрээр дамжсан гэсэн байсан нь нийгмийг маш их бухимдуулсан. Сүүлдээ тэр мөнгө нь Эрдэнэт үйлдвэрийн дансаар дамжаагүй борлуулалтын орлого болж таарсан. Ингээд Засгийн газрын мэдээлэл ташаа болж хувирсан. Асуулга тавьсан таван гишүүн албан бичгээр хариугаа аваад хэвлэлийн бага хурал хийхдээ цаасаар ирсэн бичгээ үндэслээд ярьчихсан. Гэтэл хэсэг хугацааны дараа баримт нь худлаа болж гишүүд худлаа ярьсан болж хувирч байгаа байхгүй юу. Ийм сонин нөхцөл байдалд орсон.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой ойлголтыг нэг мөр болгох ёстой. Ц.Нямдорж сайд чуулганы хуралдаан дээр “Эрдэнэтийн асуудал дээр хойрго хандсанаас болж Арбитрт ялагдсан нь өмнөх удирдлагуудын алдаа” гэдэг мэдээллийг хийсэн.

-Арбитрт ялагдсан нь үнэн. Тиймээс 109 сая ам.доллараа Эрдэнэт нь төлөх үү, Жастын Батхүү нь төлөх үү?

-Яг наад асуултад чинь хариулна гэхээр би өөрөө мэдээллийн хомсдолд ор-чихоод байна. Засгийн газраас эхэлж цаасаар гаргаж өгсөн мэдээллийг нь хараад Эрдэнэт үйлдвэр төлөх ёстой юм байна гэж ойлгосон. Ташаа мэдээлэл шүү гээд залруулга хийснийх нь дараа Засгийн газрын зарим сайд нар ярихдаа “Энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэр төлөх шаардлагагүй. Буруутай этгээдүүд нь төлөх ёстой” гээд байгаа. Тиймээс дээр хэлсэнчлэн Эрдэнэтийн 51 хувьтай холбоотойгоор Засгийн газар нэн яаралтай нэг байр суурь илэрхийлэхгүй бол Их хурлын гишүүн бүр, Засгийн газрын гишүүд өөр өөр мэдээлэлтэй, өөр өөр зүйл яриад байхаар яг аль замаар явах нь эргэлзээтэй болж, нийгэм өөрөө үл итгэгчийн хэмжээнд хүрчихлээ Үүнийг санаатай санамсаргүй нь мэдэхгүй улс төрийн өнгө аясаар гуядаж, гуйвуулж, мушгиж байгаа. УИХ дээр Эрдэнэтийн 51 хувийг шалгах ажлын хэсэг байгуулагдаж байна. Цөөнхийн бүлгээс ч гэсэн тийм шаардлага хүргүүлсэн байна лээ. Тиймээс ажлын хэсэг бодит мэдээллийг гаргаж өгнө биз. Мөрдөн байцаалт, хэрэг мөрдөлтийн явцыг би мэдэхгүй.

-Таныг Эрдэнэс Таван толгойг нүүрсний гэрээнээс өөртөө их хэмжээний мөнгө авсан гэж шуугьсан. Үүнд тайлбар хэлэхгүй юу?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө би тайлбар хийсэн. Сонгууль болж байгаатай холбогдуулан намайг Эрдэнэс Таван толгойн нүүрсний гэрээ хийдэг, 720 сая төгрөгийн цаг зүүдэг гэхчлэн гүтгэсэн. Энэ мэдээллийг тараасан хүнийг би хууль хүчний байгууллагад өгч байсан. Өнөөдөр ч гэсэн намайг энэ чиглэлээр гүтгээд явж байгаа. Би намын бүлэг дээрээ ажлын хэсэг гаргаад үүнийг шалга гэдгийг хэлсэн. Концессоос эхлээд надтай нэр холбогдоод байгаа зүйлсийг шалгаж өгөөч гэж ЗГХЭГ-ын даргын ажлаа өгөөд шинэ Ерөнхий сайд болон хуулийн байгууллагынханд хүсэлтээ гаргасан.

Хууль зөрчөөгүй байна гэсэн. Миний хувьд Монголын төрөөс хулгай хийгээд идсэн уусан, зөөсөн нуусан асуудал байхгүй. Үүнийг би ам бардам хэлнэ. Сүүлийн үед Мөнхбат гэдэг хүнийг харлуулах, гүтгэх асуудал гарах болсон. Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглосон гэх мэтээр

-Өмнө нь ч гэсэн яригдаж байсан шүү?

-Би оюутан бага залуу байхдаа казиногоор орж гарч явсан гээд үнэнээ хэлж л байсан. Гэхдээ хууль зөрчиж хулгай хийгээгүй. Найз нөхөдтэйгөө тав арван доллараар сонирхоод тоглож байсан минь үнэн. Үүнийгээ би нуудаггүй. Монгол Улсын хууль, олон улсын гэрээ конвенцийг зөрчөөгүй учраас нуух шаардлага ч байхгүй. Айгаад ичээд ч байдаггүй. Англи, Америк, Франц, Герман, Австралид аялал жуулчлалын газраар орж гарах асуудал нээлттэй байдаг.

-Намрын чуулганы үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх та хоёр маргалдаж олны анхаарлыг татсан даа. Намын Их хурал дээр Ерөнхий сайд өөрөөс чинь уучлалт гуйсан. Эв зүйгээ олсон уу?

-Яахав ээ, Ерөнхий сайд бид хоёр адилхан омголон түргэн зантай хүмүүс. Характер ижилхэн. Хэлье гэснээ хэнд ч түс тас хэлчихдэг. Дараа нь өш хонзон санаад, юм бодоод байдаггүй. Намын нөхдийнхөө дунд тэврэлдэж гар барьж, цаашдаа дахиж муудалцахгүй, жижиг сажиг хэрүүл хийхгүй гээд ойлголцож эвлэрсэн. Ийм маргаан улстөрчдийн дунд байдаг л зүйл. Ам зөрөх зүйл хаа ч байдаг. Тухайн үед засаг төр солигдоод, нэг нь халаагаа өгч, нөгөө нь аваад улс төрийн үйл явц нь өөрөө халуун байсан л даа. Тиймээс өндөр авч янз бүрээр л ярьсан.

-Тэгэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх та хоёр юунаас болж маргалдсан юм бэ?

-Ерөнхий сайд бид хоёр ноцтой улс төрийн том асуудлаас болж маргалдсан юм байхгүй шүү дээ. УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хуулийн заалттай. Их хурлын гишүүнийхээ хувьд тухайн үед Сангийн сайдаар томилогдож байсан Ч.Хүрэлбаатартай холбоотой зарчимын л асуудал ярьсан юм.

-Хотгор шанагын уурхайн асуудал уу…

-Тийм ээ. Ч.Хүрэлбаатар сайд ах, туслах, зөвлөхүүдээрээ дамжуулан Хотгор шанагыг зараад мөнгийг нь авсан асуудал. БНСУ-ын Ерөнхийлөгч асан И Мён Бак авлигын хэргээр шоронд орчихлоо. И Мён Бак Ерөнхийлөгчийн үед улсын мөнгөөр худалдаж авсан юм билээ. Тухайн үед БНСУ-ын хэвлэлээр Хотгор шанагын асуудал баахан шуугьсан даа. Ерөнхий сайд маань тухайн үед лицензийн наймаа, уул уурхайтай холбоотой хүмүүсийг кабинетдаа авахгүй гээд хоёр ч хүнийг буцаасан. Миний хувьд “Монгол Улсын газар нутгийг гадаадынханд зарсан хүнийг та яагаад Сангийн сайдаараа тавьж, мөнгөнийхөө авдрыг бариулж байгаа юм бэ. Дубайн гэрээг шалгах МАН-ын цөөнхийн бүлгийн ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон Ч.Хүрэлбаатар маань тус гэрээг муу боллоо гэсэн дүгнэлтэд гарын үсгээ зуралгүй зугтчихсан хүн. Яагаад Дубайн гэрээг хаацайлж хамгаалаад байсан юм бэ. Эрдэнэтийн 49 хувийг төр, ард түмний мэдэлд авах тогтоол гарч, дараа нь намын бүлэг, Удирдах зөвлөлийн шийдвэр гараад 65 гишүүн дэмжихээр болоход Ч.Хүрэлбаатар эсрэг кноп дарсан. Яагаад ийм хүнийг Сангийн сайдаар томилох гээд байгаа юм бэ. Ямар зарчим байна аа” л гэсэн. Мөн “Энэ Засгийн газрын эмзэг цэг нь Хүрэлбаатар боллоо шүү” гэж хэлээд Ерөнхий сайд бид хоёр муудалцсан. Болоод өнгөрсөн асуудал л даа.

-Гэхдээ Ч.Хүрэлбаатар сайд Хотгор шанагатай холбоогүй гэдгээ мэдэгдэж, эрс үгүйсгэдэг шүү дээ?

-БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Бактай ойр байсан, худалдаж авсан хүн чинь Төрийн ордны нэг давхрын гадны зочидтой уулздаг уулзалтын өрөөнд Ч.Хүрэлбаатар сайдтай инээгээд зургаа даруулсан гэрэл зураг нь байгаа шүү дээ. Хоёр төрсөн ах, зөвлөхийнх нь дансаар БНСУ-аас гурван сая ам.доллар нь шилжээд орж ирсэн. Гурван сая ам.доллар гэдэг чинь өнөөдрийн ханшаар 7.5 тэрбум төгрөг. Баримт нь байгаа. Зарсан асуудал нь хууль зөрчсөн үү гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоох асуудал. Энэ асуудал нь АТГ-т шалгагдаж байгаа гэж мэдээлсэн. Миний баримталсан зарчим уул уурхай, лицензийн наймаатай холбоотой хүмүүсийг кабинетдаа авахгүй гэчихээд жинхэнэ уул уурхайн орд газар, лиценз зарсан хүнийг заавал кабинетдаа авах хэрэгтэй юм уу л гэж асуусан. Өнгөрсөн юмыг яриад яахав дээ.

-Монголын улс төр зарчимгүй боллоо гээд байна. Улс төрийг хэрхэн зөв голдрилоор нь явуулах ёстой вэ. Нэг хэсэг нь Үндсэн хуулиа өөрчил гэж байна. Нөгөө хэсэг нь Улс төрийн намын тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруул гэх юм…

-Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдгийг би дэмждэг. Ойлгомжгүй явж ирсэн олон зүйлийг цэгцлэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт маш чухал. Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэвэл түүн рүүгээ яв. Парламентын засаглалтай болъё гэвэл жинхэнэ утгаар нь сонгодог парламентын засаглалын зарчим руугаа явах хэрэгтэй. Англи, Япон хэдийгээр Үндсэн хуульт хаант засаглалтай боловч үндсэн зарчим нь парламентын засаглал. Үүнийх нь төлөө иргэд нь сонгуулиар дэмжиж саналаа өгдөг. Эдгээр зүйлсээ тодорхой болгохгүй бол олон толгойтой могойн үлгэрээр олон жил явлаа, бид. Үүнийг шийдэх боломж олгож МАН-д 65 суудал өгсөн. Энэ боломжоо ашиглан шийдэхгүй юм бол цаг хугацаа болон түүхийн маш хариуцлагагүй зүйл болох байх. Түүнчлэн улстөрчдийн зарчим, ёс суртахуун гэж том зүйл бий.

Улс төрийг албан тушаалд хүргэдэг лифт гэж ойлгодог, эрх мэдэлд хүргэдэг такси гэж боддогоо болих хэрэгтэй. Ийм хандлага их болсон. Улс төрийн зарчим гэдэг бол улстөрч өөрийгөө хэн бэ гэдгийг таних асуудал. Чи түмний төлөө өөрийгөө хойш нь тавьж, золиосолж зориулах үүрэгтэй хүн. Түүнээс биш ямар нэгэн элч төлөөлөгч, хаан, заан, халдашгүй хүн биш гэдгээ ойлгох ёстой.

Би түүх нэлээн сонирхож уншдаг л даа. “Долоон бурхан харвадаггүй” гэж Ардын хувьсгалын анхны долоогийн тухай, “Бүү март” гээд Ж.Батмөнх даргын 1990 оны ардчилсан өөрчлөн байгуулалтын тухай хоёр ч кино хийсэн. Кино зохиол бичихийн тулд архивт нэлээд сууж судалсан. Төр түмний төлөө тэмцдэг удирдагч хүн байна гэдэг бол хувийн эрх ашигаа тээр тэнд хаях ёстой, мартах ёстой. Ж.Батмөнх, Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, анхны долоо гээд байна. Гэрээ хүртэл зарж морь аван хөл залгаж Орос руу явж байсан. Бидний үеийн улстөрчдийн зарчим, ёс суртахуун хаана байна вэ гэдгийг эргэж харах ёстой юм билээ. Хэтэрхий их эрх мэдэл, албан тушаалын төлөөх улайрал МЭӨ хаант засаглалтай улсаас эхлээд өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршсоор байна. Эрх мэдлийн төлөөх алаан дунд хэн хохирдог вэ гэхээр улс үндэстэн хохирдог. Үүнийгээ л ялгаж сурах хэрэгтэй. Тийм хэмжээний мундаг том эх оронч, улстөрч болно гэдэг маш том шалгуур. Эцсийн эцэст үнэний шалгуур ард түмэн, цаг хугацаа хоёр байдаг.

Афиныхан мэргэдээ талбай дээрээ гаргаад “Хамгийн тэнэг хүмүүс” гээд шатааж, дүүжилж байсан түүх бий. Тэр хүмүүс нийтээрээ шударга үнэнийг тогтоолоо гэж бодож байсан. Гэтэл хэдэн зуун жилийн дараа шатаасан хүмүүсийн буруу байж гэдэг нь тогтоогдсон. Шударга ёс гэдэг чинь өөрөө сонин асуудал. Цаг хугацаа, ард түмний шүүлтүүрийг даваад гарч ирнэ гэдэг бол ёс суртахуун, том зарчим юм.

-Залуу гишүүдийн дунд ёс зүйн доголдол их гарч байна. Ойрын жишээ гэвэл УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудал. Бүрэн эрхээсээ түдгэлзэхээр өргөдлөө өгсөн ч УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гээд байгаа. Үүнийг та хэрхэн харж байгаа вэ?

-Сая ярьсан зарчим, ёс суртахуун гэдэг зүйл чинь үүн дээр авч ирж байгаа юм. Тэр сайн, энэ муу гэж ярих нь хаашаа юм. Энэ зарчмыг цаашид улстөрч хүн мөрдлөг болгох хэрэгтэй. Зөвхөн ёс суртахуун дээрээ биш, үйл ажиллагаан дээрээ зарчим алдаж байгаа хүмүүс их байна. УИХ-ын гишүүдээс гадна Засгийн газрын гишүүд ч бий.

Хариуцсан яам, салбараа хувийнхаа компани мэт хандаж ажилладаг сайд нарын тухай сүүлийн үед нийгэм, хэвлэлийнхэн, Их хурлын гишүүд дунд ярьж байна. Албан тушаал мөнхийн зүйл биш. Цаг зуурын үүлэн чөлөөний нар шиг зүйл. Үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрөх зүйл дээр суучихаад өөрийгөө мөнхийн гагнуулчихсан мэт бодохоороо л буруу болдог. Үе үеийн төрийн түүх бидэнд үүнийг ойлгуулдаг шүү дээ. Тиймээс Засгийн газрын зарим гишүүд энэ байдлаа цаашид засах ёстой. Яамны ажилтнууддаа өөрийнх нь гэрийн үйлчлэгч нар байгаа мэт аашилдаг. Хувийн компанийн ажилтнуудаа халж сольж байгаа мэт аягладаг сураг дуулдах юм. Энэ үнэн бол, ийм хандлагаар ажиллах юм бол цаашаа явахгүй ээ.

-Тэр сайд нарыг солих уу?

-Угаасаа албан тушаал мөнх биш. Өнөөдөр байдаг маргааш байдаггүй зүйл. Өчигдөр өөр хүн сууж байсан, өнөөдөр өөрөө сууж байгаа, маргааш өөр хүн сууна, нөгөөдөр бүр өөр хүн суудаг байхгүй юу. Ийм л зарчимтай. Тиймээс улстөрч хүн зарчим барьж, ийм зүйл дээр анхаарч ажиллах ёстой.

-Хэн хэн гэдэг нэрийг нь шууд хэлчихээч…

-Заавал надаар хэлүүлж яах гэсэн юм бэ. Тэр хүмүүс нь өөрсдөдөө дүгнэлт хийг…

-Энэ хаврын улс төрийг, ирэх сонгуулийг юу гэж харж байна?

-Хаврын хаварт л улс төржилт байж л байдаг шүүдээ. Болдог юм болдогоороо л болох биз. Ирэх сонгуулийн тухайд ярихад эрт байна. Манай намын дарга, Ерөнхий сайд маань “гал, ус, сонгууль гуравт ам гарч болдоггүй юм байна” гэж Шадар сайд байхдаа хэлж байсан. Энэ үнэн шүү.


Categories
мэдээ нийгэм

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Монголын телевизүүдийн чуулган” болно.

09.00 цагт МҮХАҮТ-д “Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилттай төслийн хүрээн дэх худалдан авалтын бизнесийн боломжууд” уулзалт болно.

10.00 цагт “Hollyday Inn” зочид буудалд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд татварын орчин сайжруулах нь” хэлэлцүүлэг болно. 99095302, 99829895

10.00 цагт Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт “Хөгжлийн үндэс” төслийн хүрээнд хороодын нийгмийн ажилтан, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, туршлага солилцох сургалт болно.

11.30 цагт Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуутын хогийн цэгт “Нарны хүүхдүүд2” цэцэрлэгийн шав тавих ёслол болно. Утас 99010499. 99127029

12.00 цагт УУХҮЯ-нд “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн талаар тус дүүргийн иргэд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Диализын төв болон шинэ технологиуд” танилцуулах арга хэмжээ болно.

12.30 цагт Сонгинохайрхан дүүргийн 30, 26 дугаар хороонд шинээр барьсан хоёр цэцэрлэгийн нээлт болно. Утас 99010499. 99127029.

14.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Номын санд “Цус бүлэгнэлтийн эмгэг буюу гемофили өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ болно.

14.00 цагт Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуульд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дотрын тасгийн эмч нар тус сургуулийн хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийнэ. Утас: 88075009

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

15.00 цагт Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд Стандарт, хэмжил зүйн газар Туркийн стандартын байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслол болно.