Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.04.17) хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын 2018оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан.

Төрийн санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчдөөс улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт үр ашгийг дээшлүүлэх, төсвийн эрх захирагчдын төсвийн хяналтыг сайжруулах, татвар төлөгчдөөс төвлөрсөн хөрөнгийг ямар нэг хууль эрхийн актгүй, батлагдсан норм, нормативгүй зарцуулж байгааг таслан зогсоох, төсвийн эрх захирагчдын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачилсан байна.

Төсвийн зарлагын үйл явц нь төсвийн зарлагыг төлөвлөх, батлах, гүйцэтгэлийг санхүүжүүлэх гэсэн үе шатаар хэрэгждэг учраас Төсвийн тухай хуулийн 24.6-д шинээр “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийн хяналт хийхдээ дараахь зүйлсийн аль тохирохыг үндэслэнэ” гэсэн заалт нэмж оруулахаар төсөлд тусгажээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалта холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ж.Батзандан, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, З.Нарантуяа, Д.Оюунхорол нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан “24.6-д шинээр “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийн хяналт хийхдээ орцын норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсөл, гарцын хүрэх үр дүн, түүний шалгуур үзүүлэлтийн аль тохирохыг үндэслэнэ” гэсэн нь буруу ойлголт төрүүлэхээр байна. Хуульд аль тохирохыг үндэслэнэ гэж бичиж болохгүй. Тиймээс Ажлын хэсэг дээр энэ асуудлыг эргэн харж, ярилцах хэрэгтэй гэсэн” саналыг хэлж байлаа.

Ингээд Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90,9 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

УЛСЫН
ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар “Өрхийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртлэх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгө олгох босго оноог амьжиргааны түвшний үнэлгээний 554 болон түүнээс доош орлогоор тогтоосугай” гэж заасныг үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684.0 мянган хүүхдэд 164.2 тэрбум төгрөг олгохоор баталсан байна. Монголын нэг өрхийн дундаж орлого нэг сая төгрөг, нийт өрхийн 72.3 хувь нь үүнээс доош орлоготой байна. Нийт хүн амын тоонд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувь 2014 онд 20, 2016 онд 29.6 хувь болж 10.0 пунктээр нэмэгдсэн.Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувь олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд үүнийг 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Батзандан, З.Нарантуяа, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс хүүхдийн мөнгөн тэтгэмж бол Монгол Улсын хүн амаа өсгөх бодлого тул хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж байгаа эсэх, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 80 хувьд олгохоор ОУВС-тай тохирохдоо бусад халамжийн арга хэмжээнүүдийн төсвийг хасах уу гэдгийг илүүтэй лавлаж байлаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Өнгөрсөн хугацаанд Монгол Улс эдийн засгийн буруу бодлогын улмаас санхүү, эдийн засаг хямарч, өрийн дарамтад орж, төгрөгийн ханш суларсан. Энэ үед ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг тогтворжиж, нааштай үр дүн гарч байгаа.Эдийн засаг хүнд үед тусалсан ОУВС-тай тохирсон гэрээ хэлцлүүдээсээ няцаж болохгүй. Гэхдээ Монголын нэг өрхийн дундаж орлого нэг сая төгрөг, нийт өрхийн 72.3 хувь нь үүнээс доош орлоготой байгаа тул хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 80 хувьд олгох талаар 3-4 сар ярилцаж хэлэлцэж байж асуудлыг нааштайгаар шийдсэн. Хэлэлцээр амаргүй байсан гэж хариулж байлаа. Мөнтэрбээр, Өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өндөр хүүтэй зээл авч, олгож ирсэн. Өнөөдөр гэхэд 875 тэрбум төгрөгийн өртэй үлдсэн. Нэмж хэлэхэд, хүүхдийн 80 хувь олгоход 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүй, цаашлаад халамжийн бусад арга хэмжээний хөрөнгөнөөс хасагдахгүй гэдгийг анхааруулав.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамраг хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

УЛСЫН
ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖСЭНГҮЙ

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.


Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгө гэдэг бол халамж биш манай улсын хүн амаа өсгөх бодлого, хүүхдийг багаас нь баян ядуу хэмээн ялгаварлаж, төрөөс алагчилж үзэж болохгүй гэж төсөл санаачлагч үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж,З.Нарантуяа, Д.Оюунхорол, Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар нар асуулт санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа “Хүүхдийн мөнгө Монгол Улсын хүн амаа өсгөх бодлого болохоос халамж биш тул үндэсний бодлогоо дэмжээдхүүхдүүдийн мөнгийг 100 хувь олгох шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол “Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохыг дэмжиж байгаа ч эдийн засгийн өнөөдрийн нөхцөл боломждоо тулгуурлаж 80 хувьд нь олгох нь зүйтэй. Өнгөрсөнд хийсэн судалгаанаас харахад 13-17 хувь нь хүүхдийн мөнгийг огт авдаггүй байна. Иймд Засгийн газар энэ мөнгийг өрх толгойлсон, орлого багатай айл өрхөд нэмж өгөх бодлого барих шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийгдэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54,5 хувь нь дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

БАЙНГЫН
ХОРООНЫ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ


Үргэлжлүүлэн Үндэсний аудитын газрын 2018, 2019 онд гүйцэтгэх “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцуулга хийж, уг танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Батнасан, Д.Оюунхорол, Ч.Улаан нар асуулт асууж, санал хэллээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ч.Улаан, Д.Оюунхорол нарын гишүүдээс гаргасан “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны 2017 оны 06 тоот, 2018 оны 01 тоот тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналын томъёолол бүрээр санал хураалаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны 2017 оны 06 тоот хавсралтын “Хуулийн дагуу гүйцэтгэх аудит” гэсэн хэсэгт тусгагдсан “Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй дуусаагүй барилгуудад аудит хийх, аудит хийж дуусгах хугацаа 2018.01.01-2018.04.01, Улсын Их Хуралд хүргүүлэх хугацаа 2018.05.01, хэлэлцүүлэх Байнгын хороо Төсвийн байнгын хороо” гэсэн сэдвийн аудит хийж дуусгах хугацааг 2018.06.05, УИХ-д хүргүүлэх хугацааг 2018.06.09 гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.Түүнчлэн Үндэсний аудитын газрын 2018, 2019 онд гүйцэтгэх “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.

ТӨРИЙН
АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН 2017 ОНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАВ

Хуралдааны төгсгөлдТөрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн талаар Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг танилцуулсан.

Төрийн аудитын байгууллага 2017 оныг Төрийн аудитын тогтолцооны хууль эрх зүй, бодлогын шинэтгэл, ажилтнуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил болгож, өөрчлөлт шинэчлэлтийн хүрээнд үндсэн долоон том зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж ажилласан. Төрийн аудитын байгууллага нь санхүүгийн тайлангийн 3179, гүйцэтгэлийн 210, нийцлийн 167 нийтдээ 3556 аудит хийсэн. Аудитаар 11,477.9 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, түүний 19.5 хувийг аудитын явцад залруулж, бусад зөрчлийг залруулахаар акт, албан шаардлага, зөвлөмж өгсөн байна.Мөн 2,537.9 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулах албан шаардлага өгснөөс 1,796.6 тэрбумтөгрөгийн зөрчлийг арилгаж, 1.1 тэрбум төгрөгийн орлогыг улс, орон нутгийн төсөвт оруулжээ. Төрийн аудитын байгууллага 2017 онд улсын төсвөөс авсан нэг төгрөгийн санхүүжилтээр 198.57 төгрөгийн үр өгөөжийг бий болгож, харилцагч байгууллагаар хүлээн зөвшөөрүүлсэн. Зөрчил гаргасан 447 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, 87 албан тушаалтын асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Тайлангийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Оюунхорол, Ч.Улаан, Ж.Батзандан нар Үндэсний аудитын газрын албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Үндэсний аудитын байгууллага зөрчил гаргасан албан тушаалтнуудыгхууль хяналтын байгууллагад шилжүүллээ гэдэг.Тус газрын тайланг хэлэлцэх үед хууль хяналтын байгууллагынхныг оролцуулж, зөрчил гаргасан этгээдэд авсан арга хэмжээ, хариуцлагын талаар тодруулах шаардлагатай байна. Иймд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 47.5.-д “Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл тайлан, мэдээллийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал, дүгнэлт гаргаж болно” гэж заасан тул Үндэсний аудитын газрын 2017 оны тайланг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь шаардлагатай гэсэн саналыг гаргасан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь ньуг саналыг дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нйиттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Зураг

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Минж булаг” гэдэг газар өчигдөр 18:18 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдөлсөн тухай мэдээллийг тус өдрийн 18:34 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын Ерөнхий газарт цахим шуудангаар ирүүлсэн аж. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нараас нөхцөл байдлыг тодруулахад тухайн тайгын бүс нутагт айл нутагладаггүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, мөн хохирол учраагүй хэмээн мэдээлсэн байна.
“Минж булаг” гэдэг газар нь сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т оршдог юм.
Categories
мэдээ спорт

Бодибилдингийн УАШТ-д 200 тамирчин оролцоно

Бодибилдингийн УАШТ энэ дөрөвдүгээр сарын 22-нд Улаанбаатар хотноо эхэлнэ. Тэмцээнийг зохион байгуулагч Монголын бодибилдинг фитнесийн нэгдсэн холбоо оролцох тамирчны хувийн бэлтгэл, бусад шаардлагыг бүрэн хангасан байдлыг магадлан мандат олголоо.

Зохион байгуулагчид УАШТ-д оролцох тамирчдад бодибилдинг, фитнессийн спортын нэр хүндийг өндөрт өргөж, өрсөлдөгч тамирчид болон бусад хүмүүст хүндэтгэлтэй хувийн сахилга батыг чанд сахиж ёс зүйтэй оролцох ёстой гэсэн зөвлөмжийг хүргүүлээд байна.

Мөн тэмцээний үеэр шүүгч, тайзны шүүгч болон тайзны арын шүүгчдийн шаардлагыг үл биелүүлж, тайзан дээр хоцорч гарч ирвэл тэмцээнээс хасах, Холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар оруулж, хэлэлцэх, тайзны соёл эвдэж, сахилга батын зөрчил гаргасан тамирчны багаас оноо хасах гэх мэт сахилгын сануулгын тухай мэдээллийг танилцуулав.

Энэ удаагийн УАШТ-д хүүхдийн төрөл шинээр нэмэгдсэн бөгөөд хүүхдүүд тайзан дээр анх удаа биеийн хөгжлийн зөв зохицол, чөлөөт үзүүлбэрийг үзүүлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн ахлах ахлагч согтууруулах ундаа хэрэглэсэн ирэнийг осгож амь насаа алдахаас аварчээ

Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаагийн ахлах ахлагч Л.Хишигдорж бусдын амь насыг аварчээ.

Тус сумын 5-р багт оршин суух иргэн Д согтууруулах ундаа хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй гудамжинд хэвтэж байхад нь осгож амь насаа алдахаас нь урьдчилан сэргийлж аварсанд иргэн Д талархал илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын таван иргэнийг албадан саатуулжээ

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу тус прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Гадаадын иргэнийг саатуулах байрны үйл ажиллагаа холбогдох хууль, журмын дагуу явагдаж буй эсэхийг шалгажээ.

Тус саатуулах байранд энэ сарын 13-ны өдрийн байдлаар Солонгос улсын 2, Казакстан улсын 1, Шведийн Вант улсын 1, Холбооны бүгд найрамдах Нигер улсын 1 нийт гадаад улсын харьяат 5 иргэнийг шүүгчийн захирамжийг үндэслэн албадан саатуулсан байна. Саатуулагдсан этгээдийн талаар тус саатуулах байрны жижүүр нь хяналт тавьж буй прокурорт тухай бүрт мэдэгдэхээс гадна Гадаадын иргэн, харьяатын газрын холбогдох албан тушаалтан, тухайн улсын Элчин сайдын яам, Консулын газарт албан бичгээр мэдэгдэж хэвшжээ. Шалгалтын дүнг тус саатуулах байрны удирдлага, албан хаагчдад танилцуулан, цаашид анхаарах асуудлуудын талаар прокуророос үүрэг, чиглэл өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар Ус-Цэвэр орчин 2018” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Улаанбаатар Ус-Цэвэр орчин 2018” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Шинжлэх ухаан технологийн сургуулийн Төв номын санд өнөөдөр боллоо. Эрдэм шинжилгээний хуралд Барилга хот байгуулалт, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох албаныхан болон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, судлаачид, оюутан залуус оролцсон юм.

Хурлын үеэр “Улаанбаатар хотын усны хөгжлийн чиг хандлага” НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн Ус хангамж, ариутгах, татуурга, инженерийн бэлтгэл арга хэмжээний бодлого, төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн Д.Анхбат, “Сэлбэ голын орчны өнөөгийн байдлын судалгаа” ШУТИС-ийн магистрант Х.Мөнх-Энэрэл, “Бохир усыг байгаль орчинд сөрөг нөлөө багатай эко химийн бодисоор цэвэршүүлэх туршилт, судалгаа” судлаач Г.Ариунаа, “хүрээлэн буй орчинд ээлтэй Монгол гэрийн инженерийн шийдлийн боломжийн судалгаа” сэдвээр ШУТИС-ийн БАС-н докторант Д.Даваасүрэн зэрэг холбогдох албаныхан болон багш, судлаачдын илтгэл тавигдсан.

Хурлын гол зорилго Улаанбаатар хотын ус хангамж, ариутгал татуургын системд тулгарч буй асуудал, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг шийдвэрлэх, инженерийн байгууламжийн шинэлэг оновчтой шийдэл, шинэ технологийг тодорхойлох, инновацийг бий болгох, салбар байгууллагууд, их дээд сургууль, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдыг дэмжих, харилцан мэдлэг, туршлагаа солилцож хамтран ажиллахад оршино гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Саруул хотхонд гарсан осолд нарийвчилсан шинжилгээ хийгдэж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 гэсэн шуурхай утсанд 2018 оны 04 сарын 16-ны 17 цагийн орчимд Алтай констракшн ХХК-ны захиалгаар Тольт дэнлүү ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхоны B7 блок барилга дээр осол гарсан тухай мэдээлэл ирсэн.

Мэдээллийн дагуу НМХГ-ын барилгын техникийн хяналтын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагчид ослын газар дээр ажиллаж хяналт шалгалт явууллаа. Шалгалтаар 12 цутгамал төмөр бетон карказан хийцтэй барилгын урд угсарсан улсын бүртгэлийн 1760 дугаартай QTZ-40 маркийн 4 тн даацтай цамхагт кран нь дээрээсээ 5-6 секцийн хооронд бэхэлгээ тасарч унахдаа сумны үзүүр хэсэг нь зэргэлдээ орших Баянмонгол хорооллын 410 дугаар байрны дээврийн хэсэг, пронтоны өрөг, нийтийн зам талбай дээр зогсож байсан 4 автомашин, зэргэлдээ орших уг барилгын хашаа болон тор хашааг гэмтээсэн байна. Мөн дээврийн хар цаасан үе , бетон тэгшилгээний үе, дулаалгын үе, пронтоны өргийг цөмлөн гэмтээсэн, айлын цонхны шил хагарсан байдалтой байна.

Кран ойролцоогоор 42 м-ээс унах үед бүхээгт байсан 1 кранчин эмнэлэгт хүргэгдсэн. Тус кранист Алтай констрашны барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй Тольт дэнлүү компаны ажилтан БНАСАУ-ын иргэн 36 настай эрэгтэй байсан бөгөөт гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна. Түүнчлэн мэргэжлийн кранист мөн үү гэдэг асуудлыг тодруулахаар шалгаж байна.

Осол гарах үед Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 9,10 давхарын хийцлэлд нөлөөлсөн , дүүргэгч өрлөгүүд, үндсэн хийцэд нөлөөлсөн байх магадлалтай тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр НЕТГ-тай хамтарсан үзлэгийг хийж эхэлсэн. Нарийвчилсан үзлэгийн дүгнэлт гарсаны дараа мэргэжлийн хяналтын байгууллагаас хүчдэл бэхэлгээ хийх мэт дараагийн шатны арга хэмжээг авч ажиллана.

Он гарснаас хойш Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дэд бүтцийн чиглэлийн болон барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй, өргөх машин механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгж байгууллагад сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдэгдлийг хүргүүлж, сургалтууд зохион байгуулж ажилласан. Тухайлбал Алтай Констракшн ХХК-д 2018 оны 01 сарын 22-ны өдөр 339 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн байна. Тус мэдэгдэлд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, дотоодын хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, дотоод хяналт шалгалтаа чангатгах, ажлын байрны аюулгүй ажиллах заавар зөвлөмжийг захиалагч гүйцэтгэгч талууд мөрдөн ажиллах зэрэг зөвлөмжийг өгчээ. Шалгалтын нэгдсэн дүгнэлт гараагүй, хяналт шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

GSP+ механизм ба хүний эрх

Democracy Report­ing International олон улсын байгууллага Глоб Интернэшнл төвтэй хамтран “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Европын холбооны GSP+ буюу хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улс 2005 оноос хамрагдаж эхэлснээр 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнээ Европын зах зээлд татваргүйгээр экспортлох боломжтой болсон. Харин үүний хариуд Европын Холбоо хүний эрх, хөдөлмөрийн эрх, байгаль орчин, сайн засаглалтай холбоотой НҮБ-ын 27 үндсэн конвенцийг дагаж мөрдөхийг шаарддаг аж. Монгол Улс 1992 оныхоо ардчилсан Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг дээдлэн баталгаажуулж 10 дугаар зүйлд “Олон улсын өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх” амлалт авч, мөн зүйлд “Монгол Улсын нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенци “дотоодын хууль адил үйлчлэх” тухай тунхаглан зарласан билээ. Монгол Улс НҮБ-ын суурь конвенциудыг соёрхон баталж, хэрэгжилтийг тайлагнах үүргээ биелүүлж байгаа ч конвенциудын зүйл заалтуудыг хэрэгжүүлэх явцад бэрхшээл учирсаар байгаа юм. Хэдийгээр манай улсад хууль эрх зүйн таатай нөхцөл бүрдсэн ч иргэний болон улс төрийн эрх бүрэн хэрэгжих боломжгүй хязгаарлагдмал, анхаарал татахуйц ноцтой асуудлууд байсаар байна.

“GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төсөл НҮБ-ын үндсэн конвенциудийг үр өгөөжтэй хэрэгжүүлэх, олон улсын өмнө авсан амлалт, үүргээ биелүүлэхэд нь иргэний нийгэм, нийгмийн түншүүдийг мэдээллээр хангах, мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүлж, чадавхжуулах зорилготой юм. Глоб Интернэшнл төв төслийн хүрээнд Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт (ИБУТЭОУП), ялангуяа иргэдийн үзэл бодолтой байх эрх, үзэл бодлоо баримтлах эрх чөлөө, илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан Пактын 19 дүгээр зүйлийг онцлон, хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулна. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад хүний эрхэд суурилсан эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд чухал хөшүүрэг болж, хувь нэмэр оруулна гэж төслийн багийнхан үзэж байна. Democracy Report­ing International олон улсын байгууллага Европын холбооны санхүүжилтээр GSP+ буюу хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдсан Армени, Болив, Кабо Верд, Киргиз, Парагвай, Пакистан, Филиппин, Шри Ланка есөн улсад “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байна.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ спорт

Миами Хит сөрөг цохилт хийж цувралыг тэнцүүллээ

NBA-гийн плэй-офф гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Аваргаа хамгаалагч Голдэн стэйт Варриорс, Сан антониа Спүрстэй цуварлын хоёр дахь тоглолтоо хийлээ. Аваргаа хамгаалагчдаас Кэвин Дурант, Клэй Томпсон нар тус бүр 30-аас дээш оноо авч баг нь 116-101-ийн харьцаатай ялалт байгууллаа. Цуварлын харьцаа 2-0-ээр Голдэнгийн дайчид илүүрхэж байна.

Цуварлын өмнөх тоглолтод Филидэльфа 76-чууд, Миами Хитийг бут ниргэж плэй оффыг сүр дуулиантай эхлүүлж байсан. Харин өнөөдөр Миами Хитчүүд өшөөгөө авч 113-103-аар цуварлыг тэнцүүллээ. Тус тоглолтод Дуайн Вэйд 28 оноогоор багаа тэргүүллээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

С.Баяр, Ч.Сайханбилэг шиг зориглох Ерөнхий сайд нар ойрын үед төрөхгүй

1990-ээд оноос хойш Оюу толгойн орд улстөрчдийн хувьд хэрүүлийн алим, талцах талбар нь байсаар ирсэн. Тал талаас нь шүүмжилж, хөрөнгө оруулагчдыг үргээж байснаас биш ажил хэрэг болгохоор сэтгэл, зориг шулуудсан хүн үгүй байлаа. Тэгтэл 2009 оны намар тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурснаар уул уурхай, эдийн засаг төдийгүй улс эх орны ирээдүй, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх маш том ажлыг эхлүүлсэн юм. Үүгээрээ түүхэн болоод гавьяатай үйл хэргийг С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн. Эрдэнэтээс дөрөв дахин их ашигт малтмалын нөөцтэй Оюу толгойн ордыг ашиглаж эхэлсэн нь Монголын төдийгүй дэлхийн хэмжээнд томоохон үйл явдал болсон. Тийм ч болохоор С.Баяр “Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурсан минь том гавьяа” хэмээн ярьсан нь яалт ч үгүй үнэн. Оюу толгойгоос өөр ийм хэмжээний өөр ямар том төсөл хөдөлснийг хэлэх хүн байна уу.

Оюу толгой хөдлөхөөс өмнө 2008 онд манай улсад нийт 709 тэрбум төгрөгийн гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан бол 2009 онд 801 тэрбум, 2010 онд нэг их наяд 25 тэрбум төгрөг гадаадын шууд хөрөнгө оруулалтын шугамаар улсын эдийн засагт шингэж байжээ. 2011 онд Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт эрчимжсэнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын хувьд дээд амжилт болж тэмдэглэгдсэн гэж болно. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн их наядад хүрсэн 2011 оноос монголчууд “Хүний хөгжил” сангаас сар болгон 21 мянган төгрөг авч, оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч тодорхой хэмжээний мөнгийг сар бүр олгож, аймаг, сум бүрт төсвөөс олгох хөрөнгийн зардлыг нэмэгдүүлж, манай эдийн засаг тухайн онд 17.3 хувиар өссөн нь мөн л хамгийн дээд үзүүлэлт болсон. Эдийн засаг 17.3 хувиар өслөө гэдэг сайхан мэдээг бүгд сонсоод баярлаж “Хүний хөгжил” сангийн мөнгөнд дугаарлаж, сар болгон Оюу толгойн үр шимээс хүртэж байснаа та бүхэн санаж байна уу. Хоёр жил гаруй хугацаанд улсаас ингэж мөнгө авч байснаа мартаагүй биз дээ. Энэ бүхэн бол Оюу толгойг хөдөлгөсний л ач тус байсан. Одоо ч Оюу толгой хөдөлж байгаагийн хүчинд Монголын ард түмэн хоёр идэхгүй, хоосон хонохгүй болоод л байна.

2012 оны сүүлээс ажиглагдаж эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал Монгол Улсад нөлөөлж 2013 онд байдал хэцүүдэж эхэлсэн. Эдийн засгийн бүхий л салбар уналтад орж, Монголын эдийн засаг дэлхийн уул уурхайн зах зээлийг дагаад хямарсан. Оюу толгойн ордын 20 хувь болох ил уурхайг ажиллуулж эхэлснээр эдийн засгаа бид 17.3 хувьд хүргэж байсан. Энэ хямралаас болж Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил гацаж, 80 хувийг бүрдүүлж байсан далд уурхайг ашиглалтад оруулах зайлшгүй шаардлага тулгараад байсан юм. Ингээд 2015 оны сүүлээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюу толгойн далд уурхайн 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг Дубайд үзэглэж эдийн засгийн гацааг арилгасан бас нэгэн гавьяатан.

Хэрвээ 2015 онд Дубайн гэрээг байгуулаагүй байсан бол Монгол Улс дэлхийн эдийн засгийн хямралд өртөх байтугай, дампуурахад сүүлчийн ганц шидэмс нь тасрахад бэлэн байсан. 2008-2009 онд үргэлжилсэн дэлхийн эдийн засгийн хямрал, 2013 оноос одоо хүртэл үргэлжилж байгаа олон улсын хямралд Монгол Улс Оюу толгойнхоо хүчээр л хөл алдахгүй, элгээрээ мөлхчилгүй явсаар ирсэн. Нийгэм, эдийн засгийн хямралт хэдэн жилийн хар бараан шөнийг та бид Оюу толгойн нөмрөөр л давж үүр хаяарууллаа. Одоо эдийн засагт өсөлт ажиглагдаж, гэгээ тусч эхэллээ. Монголчуудын хувьд хямрал цагийн жамаар, аяндаа арилж байна гэхээсээ илүүтэй Оюу толгойн далд уурхай хөдөлж эдийн засагт өсөлт гарч байна гэж тайлбарлах нь зүйтэй. Гэтэл улс эх орноо, ард түмнээ хүнд үеүдэд чирч гаргаж гавьяа байгуулсан Ерөнхий сайд нараа гэмт хэрэг хийсэн хэмээгээд шоронд хорьж байна.

Өнгөрсөн оны байдлаар Оюу толгойн Монгол Улсад зарцуулсан мөнгөн хөрөнгө долоон тэрбум ам.доллар, гүний уурхайн төсөл дээр монгол компаниудтай байгуулсан гэрээний дүн 1.4 тэрбум ам.доллар давж 2017 онд л гэхэд 180 сая ам.долларыг татварт төлж, 5.7 сая ам.долларыг Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийн төслүүдэд оруулаад байгаа аж. Нийтдээ 2010-2017 оны хооронд дотоодын худалдан авалтдаа 2.2 тэрбум ам.доллар зарцуулчихаад байгаа юм байна.

Оюу толгойг хөдөлгөх ёсгүй, хэвтэж л байх ёстой байсан гэж эх орончид хэлдэг. Хэвтэж болно л доо. Хэрвээ хэвтэж л байсан бол Монгол Улс эдийн засгийн хямрал, донсолгоонуудыг яаж туулж гарч ирэх байсан бэ.

Оюу толгойг хөдөлгөсөн, ард түмнээ хоолтой байлгасан Ерөнхий сайд нарыг шоронд хийсэн бол араас нь “Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг чичлээд эхэллээ. Байдал нь бүр дэн дун болоод ирж байх шиг байна. Яагаад ч юм Эрдэнэт, Таван толгой, Оюу толгой гээд бүгдийг гацаах гэсэн гинжин хэлхээ яваад байх шиг байна. Эрдэнэтэд хулгай нүүрлэчихээд байгааг та бид харж байна. 49, 51 хувь гэж хуваагдчихаад хоёр талаас нь хулгайлцгаасан байгаа бол Оюу толгойг улстөржилтөөр гацаачихаад байна. Эрдэнэтэд хийсэн хулгайн хэргээ дарахын тулд Оюу толгой дээр ингэж зориудаар шуугиан дэгдээж байгаа юм.

Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкныхан удаа дараа бидэнд “Танай улс Оюу толгойнхоо хүчинд амьдраад байна шүү” гэдгийг сануулаад байгаа. Өөрсдийн хулгайгаа нуух гэж Оюу толгой дээр гаргаж байгаа улстөржилтөөс үүдэж дэлхийд нэр хүндтэй Рио Тино компанийн хувьцааны үнэ ханш буурч байна. Бага багаар сэргэж байсан гадны хөрөнгө оруулагчдын нааштай байсан хандлага үүнээс болж татрахыг үгүйсгэх аргагүй. Монголчууд аа, цаашид хэдүүлээ яаж амьдрах болж байна аа. Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой, төмөр зам, цахилгаан станд гээд бүтээн байгуулалт, уул уурхайг хөдөлгөсөн болгоныг шоронд хийгээд байхаар юу болох вэ. Ажил хийсэн болгоныг барьж хориод байвал энэ улсад чинь юм хийх эр зоригтон үгүй болох нь. Эсвэл ОХУ, БНХАУ-ын тусламжаар амиа зогоох хувилбарыг сонгож хоосон хармаандаа гараа хөлөргөж гудамж метрлэх болж байна уу. Шонгийн модны ухсан нүхээ бүтээн байгуулалт хэмээн ойлгож сүү дусааж, нийтийн бие засах газар байгууллаа гээд тууз хайчилсаар байх юм уу.

Ерөнхий сайд Ү.Хүрэлсүх юуг ч хөдөлгөж чадахгүй. Улстөрийн оноо авахын тулд яахав авлигатай тэмцэж байна гэж шуугиан дэгдээсээр хугацаагаа өнгөрөөх байх л даа. Яагаад вэ гэвэл тэр айж байгаа, юм хийхээс эмээж байгаа. Хэрэвзээ зоригтой хөдөлж, шийдвэр гаргаж ажиллавал дараагийн Засгийн газар гарч ирээд өөрийг нь өчиггүй баривчилж хийрхсэн ард түмэн нүүр рүү нь нулимна гэдгийг мэдэж байгаа.

Юм хийсэн хүмүүсийг ингэж баривчилж шоронд хийгээд байхаар эх орон, ард түмнийхээ төлөө зоримог шийдвэр гаргах Ерөнхий сайд гарч ирэх үү. Лав л ойрын арван жил С.Баяр, Ч.Сайханбилэг шиг Ерөнхий сайд дахин төрөхгүй шүү.

Ийм их улстөрждөг, хийрхсэн ард түмнийг хоолтой байлгахын тулд ажил хийгээд хариуд нь шоронд орохыг хэн хүсэх юм бэ.

Монголын хамгийн анхных гэж хэлж болохоор том хөрөнгө оруулалт, барууны гуравдагч хөршийн дэмжлэгээр хөдөлсөн Оюу толгой гацах шинжтэй болчихлоо, эх орончид оо. Монгол Улс яаж хөгжих юм? Оюу толгойн гэрээг байгуулахад байлцсан Б.Бямбасайхан, С.Баярцогт нарыг ч хорьчихлоо. Өрнөж байгаа үйл явдлыг гайхан харж суугаа Оюу толгойн хөрөнгө оруулагчид “Бидэнтэй гэрээ хийсэн болгоныг шоронд хийгээд байх юм уу. Бүх гэрээ хэлцлээ Арбитр дээр тохиролцож байя” гэж байна.

Хийрхсэн ард түмнийг хоолтой байлгах гэхдээ л хийсэн ажлууд шүү дээ, уг нь. Хулгайгаа нуух гэсэн, атаа жөтөө, хувийн өс хонзонгоо тайлах гэсэн хэсэг бүлэг этгээдүүдийн захиалгаар л энэ хүмүүсийг ар араас нь шоронд хийж байна. Хийж, бүтээсэн хүнээс алдаа олох шиг амархан юм үгүй. Юм хийж байгаа хүн л хамгийн их шүүмжлүүлдэг хойно. Бурхныг ч хүртэл шүүмжилдэг ард түмний төлөө ямар ч Ерөнхий сайд чөмгөө дундартал, үсээ цайтал зүтгэлээ ч хожим нь ингэж зэмлэл хүлээх байтугай төмөр торны цаана суудгийг бүгд харж байна. Алдаа олъё гэвэл юунаас ч алдаа олдоно. Өө эрвэл өндөгнөөс өө гардаг гэдэг дээ. Ард түмнээ хоолтой байлгах гэж толгойгоо гашилгаж, томоохон төслүүдийг хөдөлгөсөн Ерөнхий сайд нарыг бөөнөөр нь барьж аваад хориод байгаа нь үнэхээр ч Монгол Улсын гадаад нэр хүндэд халтай л даа.

Нөгөөтэйгүүр хойшид Монгол Улсад юм хийх Ерөнхий сайд нарын зоригийг энэ бүхнээрээ мохоож байна. Зүтгүүргүй, хүчгүй галт тэргийн цуваа хаана хүрнэ гэж вэ. Зүтгүүргүй бол тэр галт тэргүүд зам дээрээ зэвэрнэ. Хүчит хөдөлгүүр, зүтгүүрээ тасалж хаяад байвал байрнаасаа хөдлөхгүй шүү.