Categories
мэдээ цаг-үе

Б.Даваадалай: Эдийн засаг хүнд үед хөрөнгө оруулалт ямар чухал гэдгийг Оюу толгойн гүний уурхай харуулсан

Өнгөрсөн пүрэв гаригт Дэлхийн банкнаас “Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлан”-г танилцуулав. Тайлангийн дүгнэлтээр бол Монголын эдийн засаг өнгөрсөн жилийн таамгаас давж өссөн. Гэхдээ эрсдэл байгаа тухай өгүүлсэн. Энэ талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Б.Даваадалайтай ярилцлаа.


-Дэлхийн банк зүүн Ази, номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайландаа Монголын эдийн засгийн байдлыг сайжирсан гэж дүгнэлээ. Яг ямар үзүүлэлтүүд сайжрав?

-Өмнөх тайланд эдийн засаг хүнд байгаа тухай мэдээлсэн. Тайланд 2017 онд Монголын эдийн засаг өссөн гэж дүгнэсэн. Уул уурхайн баялгийн үнэ өссөн.Шалтгаан нь өмнө төсөөлж байснаас илүү өндөр өсөлт гарсан. Жилийн өсөлт 5.1 хувьд хүрсэн. Үүнд хоёр гол хүчин зүйл нөлөөлсөн. Зэсийн үнэ маш их өссөн. Мөн БНХАУ Умард Солонгосоос авдаг нүүрсээ зогсоож манайхаас илүү ихийг авах болсон. Гэхдээ энэ нь илүү тохиолдлын чанартай нүүрсний борлуулалтын өсөлт. “Оюу толгой”-н хөрөнгө оруулалт бас их нөлөө үзүүлсэн. Бидний тооцож байснаас 900 орчим сая доллараар илүү хөрөнгө оруулалт орж ирсэн. Хоёр дахь том нөлөө бол дотоодод эдийн засгийн чанартай бодлогын арга хэмжээнүүд авсан. Засгийн газар зарлагаа бууруулж, орлого талаа нэмэх бодлого хэрэгжүүлсэн. Ялангуяа НӨАТ-аас ихээхэн хэмжээний орлого олсон. Хамгийн өндөр орлого уул уурхай, НӨАТ-аас орсон. Монголбанкны валютын нөөц ихээр нэмэгдсэн.

-Банкуудын зээл яагаад буураад байна, нөөц хангалттай юу?

-Банкуудад хангалттай нөөц бий. Банкинд үндсэндээ гурван сонголт байдаг. Засгийн газрын болон Монголбанкны бонд авах.

Мөн зээл гаргах. Зээлийн бараг тал хувь иргэдийн хэрэглээний зээл болж байна. Олон улсын түвшинд бизнесийн зээл нь их, хэрэглээний зээл нь бага байдаг. Эдийн засаг сайжирсан ч банкууд компаниудад өгөх зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэхгүй байна. Энэ чинь зээлийн эрсдэл өндөр байгааг харуулж байгаа юм.

8Òүрүүч íü I í¿¿ðò8

Харин нэг сайн мэдээ бол чанаргүй зээлийн өсөлт зогссон. Гэхдээ л чанаргүй зээлийн эзлэх хувь есөн хувь байна гэдэг нь сайн үзүүлэлт биш.

-Цаашдаа яах ёстой вэ?

-Уул уурхайн өсөлт гарахаар уул уурхайтай холбоотой салбаруудын чанаргүй зээлийн хэмжээ буурч байгаа. Өнөөдрийн эдийн засгийн өсөлт банкуудын зээлийн чанарыг сайжруулахад хугацаа шаардлагатай.

-Дэлхийн банк өр ихтэй орнууд мөнгөний бодлогоо чангаруулах хэрэгтэй гэсэн. Харин эсрэгээр өр их манай улс яагаад мөнгөний бодлого суллах бодлого явуулж байна?

-Манай улсын өр 2017 онд буурсан. Өр буурахад хамгийн хүчтэй нөлөөлдөг зүйл бол төсвийн алдагдал. Төсвийн алдагдал огцом буурсан. Засгийн газар хөрөнгө оруулалтад зарцуулах мөнгөө эрс багасгасан. Цаашдаа Засгийн газар төсвөө багасгана гэсэн тохиолдолд мөнгөний бодлогоо жаахан суллахад буруу юм байхгүй.

-Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулсны үр дүн гарсан уу?

-Судалгаагаар бодлогын хүүгийн нөлөө 1-1.5 жилд мэдрэгддэг.

-ОУВС Засгийн газартай байгуулсан гэрээний хүрээнд 5.5 тэрбум доллар орж ирнэ. Энэ манай эдийн засагт хэр их нөлөөлөх мөнгө вэ?

-Маш их нөлөөтэй мөнгө. Манай эдийн засгийг доллараар хэмжвэл 11 тэрбум. Талтай нь тэнцэх мөнгө байгаа биз дээ. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. 2.5 тэрбум хятадын своп байгаа шүү. Эндээс 1.7 тэрбумыг авчихсан байгаа.

-Улс оронд зээлийн даац гэж байдаг уу?

-Энэ ОУВС-ийн шугамаар орж байгаа зээл бол арилжааны зээл биш. Маш урт хугацаатай, маш бага хүүтэй зээл шүү дээ. Ачаалал бага гэсэн үг. Энэ эргэн төлөх боломжийг олгож байгаа юм.

-“Чингис бонд” ОУВС-ийн гэрээний хүрээнд орж ирэх мөнгө ямар ялгаатай юм бэ?

-Хялбараар ойлгуулах гээд үзье. “Чингис бонд”, ОУВС-ийн гэрээний хүрээнд орж ирж байгаа хөнгөлөлттэй зээл бол шал өөр хоёр юм байхгүй юу. “Чингис бонд” гэдэг чинь зах дээрээс авсан бараа. Энэ зээл чинь үнэгүй шахам бараа аваад удаан хугацааны дараа үнийг нь бага хүүтэй төлөхтэй зүйл.

-Дэлхийн банкнаас өгсөн 120 сая долларыг юунд зарцуулж байгаа вэ?

-Тэр мөнгийг тодорхой арга хэмжээнд зориулж байгаа.

-Тодорхой арга хэмжээ гэдэг нь…

-Төсвийн тэнцлийг яаж сайжруулах, төсвийн хөрөнгө оруулалтыг хэрхэн үр ашигтай болгох бодлого боловсруулахад зориулж байна.

-Энэ мөнгөө Дэлхийн банк хянаж чадаж байгаа юу?

-Хангалттай хяналт бий.

-“Чингис бонд”-ыг төсөлгүй авчихаад үр дүн муутай зарцуулсан гэж шүүмжилж байна. Ийм түүх давтагдахгүй гэсэн баталгаа байна уу?

-Би танд “Чингис бонд” бол зах дээрээс авсан бараа шиг чөлөөт үнээр авсан хэрэгсэл гэж хэлсэн. Худалдагч мөнгөө эргүүлж авахыг бодохоос тэр худалдан авагч юунд яаж зарцуулахыг хянахгүй. Гэтэл ОУВС-ийн мөнгө бол хатуу болзолтой. Түүнийг юунд зарах, хэрхэн ашиглах зэрэг нь зээл олгогчийн хатуу хяналтад байх ёстой. Энэ утгаараа энэ мөнгө ямар нэг алдаатай хөрөнгө оруулалт болохгүй. Тэр тусмаа Монголд ашгаа өгөөд оруулсан хөрөнгөө өөрөө нөхөх боломжтой зүйлд л зарцуулагдана. Засгийн газар энэ мөнгийг авахын тулд үүрэг хүлээнэ. Даалгавар биелүүлнэ.

-Мөнгө угаахтай холбогдсон арга хэмжээ гэж юу вэ?

-Олон улсын мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас манай банкуудад үнэлгээ хийсэн гэсэн. Тэгээд алдаа гарч болзошгүй тул арга хэмжээ авах санал хүргүүлсэн гэсэн.

-Яг ямар хэмжээ авахыг хүссэн юм бол?

-Тэр бидэнд ч нууц.

-Яагаад?

-Зах зээл дээр паник үүсгэх аюул байдаг юм. Гэхдээ мэдээж гол санаа нь банкны ил тод байдлын тухай асуудал. Арван сарын хугацаа өгдөг юм. Монголбанкныхан ярьж байгаагаар аравдугаар хууль баталаад асуудлыг шийдчих байх. Мөнгө угаах гэдэг олон улсын хүрээнд хэрэглэдэг хүнд үг хэрэглээд байгаа болохоос манайд бол банкны салбарын ил тод байдлын тухай юм билээ.

-Банкуудын активын шалгалтын дүн яагаад гарахгүй байна?

-Үр дүн хүлээлтээс харьцангуй гайгүй гарсан. Мэдээллээс харахад дутагдаж байгаа мөнгө нь ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээний мөнгө шаардлагатай юм билээ. Азийн хөгжлийн банкны үзэж буйгаар энэ гайгүй үзүүлэлт гэсэн.

-Тэр мөнгийг нь нөхөөд өгчихвөл банкууд дажгүй юу?

-Миний ойлгосноор энэ асуудлыг шийдэхэд дэс дараатай арга хэмжээ авна. Эхний ээлжинд Монголбанк арилжааны банкуудад хугацаатай үүрэг өгнө. Дутагдаж байгаа хөрөнгөө өөрсдөөр нь бүрдүүлэх даалгавар өгнө.

-Гадны хөрөнгө оруулалт татахын тулд бид юу хийх ёстой вэ?

-Энэ тулгамдсан асуудал болчихоод байгаа юм. Засгийн газар олон улсын байгууллагуудтай хамтарч бизнесийн орчныг сайжруулах алхмуудыг хийж байгаа. Гадны хөрөнгө оруулалт ямар чухал гэдгийг хүнд үед оруулсан Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт харуулсан.

-Жишээлбэл?

-Дэлхийн банкнаас хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөр гурван чиглэлтэй. Макро эдийн засгийг сэргээх, өрийн тогтворжуулах, нэгэнт макро эдийн засгийг тогтворжуулах учраас нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах бодлого сайжруулна. Тэдний орлогыг бууруулахгүй байх шаардлагатай. Мөн бизнесийн орчныг сайжруулах бодлого хэрэгжүүлнэ.

-Бизнесийн орчныг яаж сайжруулах вэ?

-Хөрөнгө оруулагчдыг дэмжих, бизнес хийхэд саад болоод байгаа дүрэм журмуудыг өөрчлөх шаардлагатай. Эдийн засгийг төрөлжүүлэх, үүнд хамгийн эхний ээлжинд малыг эрүүлжүүлэх.

-Нийгмийн эмзэг бүлгийг чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Эхний ээлжинд нийгмийн эмзэг бүлэгт очдог хүнсний талоныг үргэлжлүүлнэ.

-Одоо хэрэгжиж байгаа шүү дээ?

-Гэхдээ бид тоог нь нэмэгдүүлэх хүсэлт тавьж байна. Дээр нь мөнгийг жаахан нэмээч гэж байгаа юм.

-Хавтгайрсан халамж гэсэн шүүмжлэл байгаа шүү дээ.

-Энд асуудал байгаа юм. Маш олон халамжийн бодлого яваад байгаа юм. Үүнийг нэгтгэх хэрэгтэй. Гэхдээ аль болох ядарсан хүндээ очдог тогтолцоо бий болгох хэрэгтэй байна.

-Хөтөлбөр хэдэн жилийн хугацаанд хэрэгжих вэ?

-Гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Гэхдээ сая орж ирсэн 120 сая, ирээдүйд орж ирэх доллар зөвхөн төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулна.

-Хариуд нь юу авах вэ?

-Эдийн засгийг сэргээх зөв бодлого санал болгоно.

-Энэ сайн бодлого юу вэ?

-Олон улсын түвшинд валютын нөөц нэмэгдүүлэх, өр бууруулахыг сайн бодлого гэдэг. Зөвхөн алтнаас 700 сая доллар орсон. Одоо зэсээс авах орлого нэмэгдэнэ. Одоо инфляци жаахан нэмэгдсэн асуудал бий.

Инфляци эдийн засаг зөв эдийн засаг уу?

-Улс орон бүр өөрийн эдийн засагтаа тохирсон инфляцитай байх ёстой. Инфляци бага болохоор бизнес хийхэд ашигггүй болдог. Инфляци хэт өсөхөөр иргэдийн худалдан авах чадвар буурна. Бага дунд орлоготой орнууд 5-7 хувийн инфляцитай байх шиг байна. Өндөр хөгжилтэй орнууд хоёр орчим хувьтай байна.


Categories
мэдээ нийгэм

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 18-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цагт “Кемпински” зочид буудалд “Бүс хоорондын Стандартчиллын холбоо”-ны 27 дугаар чуулган болно.

09.20 цагт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарден Сити” төслийн барилга угсралтын талбайд “Барилгын аюулгүй ажиллагаа”үзүүлэх сургалт болно. Утас:99222605

10.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Green talks” уулзалт, ярилцлага болно.

10.00 цагт МУБИС-ийн хичээлийн I байранд “Монголын оюутны дотуур байрны багш нарын улсын IV зөвлөгөөн” болно.

10.00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд тус байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

10.00 цагт Нийслэлийн иргэний танхимд ЦЕГ, Монголын сурагчдын холбоо, “School Police” төв хамтран ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан, эцэг эхийн зөвлөлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулна.

11.00 цагт Спортын төв ордонд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын анхдугаар наадам”-ын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт МҮЭХ-нд Монгол Улс “Ослыг тэглэх алсын хараа” үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний гаралтыг бууруулах дэлхий нийтийн хөдөлгөөнд нэгдэх талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана

11.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгойн нүүрсний уурхайн талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

12.00 цагт “Чоно” хамтлагаас “Чоно 2018” тоглолтынхоо талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Монголын үндэсний бөхийн холбооны маргааны улмаас Монгол бөхийн өргөөнд тоглолтоо хийх боломжгүй болсон уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо”-ноос газар шороо, уул ус, байгалийн баялгийг хайрлан хамгаалахын төлөө үйлдэх Монгол зан үйлийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын драмын урлагийг шинэ төвшинд гаргах холограмм технологийн шийдлийг ашигласан “ФАУСТ” жүжгийн уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Алтанцэцэг:Сөрөг мэдээлэл их уншвал донтуулдаг

Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.


-Өнөөдрийн нийгэм маш их бухимдалтай байна. Нийгмээ дагаад хүмүүс ч бухимдалтай болцгоочихсон. Ийм үед хүн яавал бухимдахгүй байх вэ?

-Улирал солигдох үед хүний бие махбодь, биологийн цаг түүнд дасахад тодорхой хугацаа шаардагддаг. Ялангуяа манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд цаг агаар хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа нь ил тодорхой харагддаг. Хаврын өдрүүдэд сульдах, сэтгэл санаа тогтворгүйтэх үзэгдэл хүн бүрт их, бага хэмжээгээр илэрч байгаа. Ийм тогтворгүй үед нэг зүйл төлөвлөснөөр бүтэхгүй бол бухимдах, тэр бухимдлаа гадагш цацаж эргэн тойрны хүмүүстээ халдаах үйлдлүүд их ажиглагдаж байна. Бид бүгдээрээ л нийгмийн амьтан учраас хамтдаа эвээ олоод амьдрах нь бидний үүрэг. Заримдаа таны төлөвлөгөөнөөс аливаа зүйл гажиж болно, үүнийг хүлээн зөвшөөрчих юм бол юмс их амархан, хялбар санагдаж эхэлнэ. Ер нь бүхнийг хяналтандаа байлгах гээд эсвэл бүхнийг өөрийнхөөрөө байлгах гээд хичээгээд байдаг төгс төгөлдөрт дурлагч хүмүүс л хамгийн их бухимдалтай байдаг. Заримдаа танаас огт хамааралгүй хэн нэгэн ирээд танд стрессээ “наачихаж” магадгүй, энэ үед аль болох анхаарлаа өөр зүйлд хандуулж мартах нь зөв сонголт. Хэн нэгэн таны өдрийг тэр чигт нь стресстэй, бухимдалтай болгож хувиргахыг бүү зөвшөөрөөрэй. Мөн болж өгвөл таныг стресстүүлдэг, бухимдал ихтэй газраар явахгүй байх, яаж цагаа зөв зохицуулбал нийгмийн стресст бага өртөх вэ гэдгээ ч бодож үзэж болно. Жишээ нь, яг ажил эхлэх есөн цагийн үед хүн бүр л ажил руугаа яараад сандруу байдаг. Энэ үед та замын түгжрээнд стресстдэг бол гэрээсээ жаахан эрт гараад үзээрэй.

-Өглөө гэрээсээ гараад замын түгжрэлээс эхлүүлээд бухимдуулах зүйл олон. Хүмүүсийн хөмсөг зангидсан царай, харилцааны соёлгүй байдал, эргэн тойрны болж бүтэхгүй байгаа зүйлс гээд орой гэртээ ирэх хүртлээ бухимдсаар л байдаг?

-Өмнө хэлсэн шиг манай нийгэмд төгс төгөлдөрт тэмүүлэгч перфекшинистүүд болоод бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэсэн айлын эрх хүүхдүүд олон байна. Энэ үед та өөрийнхөө сэтгэл зүйг хамгаалах хэрэгтэй болно. Сэтгэл зүйн дархлаагаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Нэг хүн эвгүй харахад эсвэл эвгүй үг хэлэхэд эмзэглээд, өөртөө тусгаж аваад байвал өөрт хэцүү. Мөн та өөрөө ч бусдад сөрөг сэтгэл хөдлөл тараагаад байгаа юм биш биз гэдгээ бодоод үзэхэд гэмгүй. Бид ихэвчлэн бурууг бусдаас хайх гээд өөрөөсөө бусдыг хамаатуулж ярих гээд байдаг.

-Стресстэй нийгэмд амьдарч байгаа ч амар амгалан, баргийн юманд уурладаггүй төлөв төвшин хүмүүс байдаг. Тэд ямар учраас ингэж бухимдахгүй амьдарч болоод байна вэ?

-Хэд хэдэн зүйлээс шалтгаалж байгаа. Нэгдүгээрт, өөрийнх нь төрөлх зан чанар нөлөөлж байгаа байх. Төрөлхийн тайван темпераменттай хүмүүс байна, флегматик болон меланхоликууд. Эдгээр хүмүүсийн тархины мэдээлэл дамжуулах, цочролд хариу үзүүлэх хурд удаан байдаг учир гаднаа тайван, дөлгөөн харагддаг. Холерик болоод сангивиник хүмүүст аливаад түргэн хариу үзүүлэх гээд байдаг.

Хоёрдугаарт, өөрийгөө тайван байлгаж сурсан хүмүүс байна. Өөртөө аль болох цаг гаргадаг, өөрийгөө хайрладаг хүмүүс баргийн зүйлд стресстэж өөрийгөө зовоодоггүй. Энэ хүмүүс иог, фитнесст явж дасгал хийх, ногоо идэх гэх мэт амьдралын хэв маяг нь илүү эрүүл байдаг. Тэр хэрээрээ стресс багатай байдаг. Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлдэг гэсэн үг. Бас дотроо стресстэй, бухимдалтай байгаа ч гаднаа түүнийгээ илэрхийлдэггүй, тайван байдлаа хадгалахыг хичээдэг хүмүүс байна. Энэ бол цэвэр сонголтын асуудал. Би бухимдлаа бусдад цацах уу, эсвэл өөртөө хадгалаад шийдэх үү гэдэг. Тэгэхээр нэг талаасаа энэ хүмүүс эргэн тойрноо хүндэлж байна гэсэн үг. Гэхдээ стресс бухимдлаа тайлах зөв арга нь дотроо хадгалж түгжих биш юм шүү. Аль болох эрүүлээр гадагшлуулж байгаарай, жишээ нь зааланд тоглох, дуу дуулах, хоол хийж идэх гээд олон арга байна.

-Монголчуудын улстөрждөг зан, улстөржимтгий байдал нь эргээд өөрсдийг нь бухимдуулаад байдаг байх шүү. Энгийн иргэн улстөрөөс ангид байвал уг нь амар юм даа?

-Нэг талаасаа улс төрийн оролцоотой байх нь сайн зүйл. Ялангуяа залуучуудын дунд. Харин үүнийг стрессээ гадагшлуулах арга мэтээр хэрэглээд байгаад л асуудал байгаа болов уу. Уурлаж бухимдсан үедээ хүн болгон их бага хэмжээгээр хэн нэгнийг буруутгамаар санагддаг. Сөрөг хандлагатай болчихдог учраас эргэн тойрны болж бүтэхгүй байгаа зүйлс улам тод харагдаж эхэлдэг. Энэ үед нүдэнд тусдаг, эргэн тойронд байдаг зүйл нь улс төрийн мэдээ болж таардаг. Бүр зориудаар сайтуудын коммент хэсэгт уур бухимдлаа гадагшлуулдаг хүмүүс ч байна. Сөрөг мэдээг их уншаад байхаар донтуулах эффекттэй байдаг. Тэндээс авсан сэтгэл хөдлөлөө ахиж мэдрэх гээд анхных шиг нь мэдрэгдэхгүй болохоор улам их уншаад байдаг. Тиймээс танд иймэрхүү шинж илэрч байвал өөрийгөө хянах, үйлдлээ анхаарах цаг болжээ гэсэн үг.

-Интернэтэд зүсэн зүйлийн мэдээлэл бий. Элдэв гэмт хэргээс эхлүүлээд жихүүдэс төрөхүйц явдал гээд тоочвол хэрэггүй мэдээ сэлт их. Тэр болгоныг уншсанаар өөрийгөө сайн дураар бухимдуулж байна гэж үзэж болно биз дээ?

-Яг тийм. Нэг талаасаа энэ төрлийн мэдээг их уншаад байвал та цаг зав ихтэй байна аа л гэсэн үг. Завтай хүмүүс сөрөг зүйл ярьж, энэ талаар уншиж, бусдадаа түгээх нь их. Нөгөө талаас та өөртөө бага зэрэг сэтгэл хангалуун бус байгааг илтгэж байна. Ялангуяа хүүхэд төрүүлсний дараахь сэтгэл гутралын үед илэрдэг нэг шинж нь ээжүүд олон нийтийн сүлжээн дээр сөрөг зүйлс их түгээж, бичдэгээс харагддаг. Энэ нь тэд хүүхдээ харж удаан гэртээ байснаасаа болоод нийгмээс тусгаарлагдсан, бусдад хэрэггүй хүн боллоо гэх мэдрэмж, дээрээс нь биеийн хувьд ядарсан, даавар тогтворжоогүй учраас сэтгэл хөдлөл тогтворгүй байгаа зэргээс шалтгаалдаг. Хэрвээ танд энэ зүйл тохиолдож байвал хүүхэд томорч, биеийн байдал эргээд энгийн үеийнхдээ шилжиж, магадгүй ажилдаа эргээд ороход сэтгэл санаа сайжирна гэдгийг санаарай. Товчхондоо та сөрөг зүйлсэд их ач холбогдол өгөөд эхэлвэл өөрөө сэтгэл зүйн хувьд асуудалтай байна, өөртөө цаг гаргах хэрэгтэй байна гэдгийг илтгэж байгаа том шинж тэмдэг гэж ойлгож болно.

-Хүн гэртээ орж, гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгал дунд стресс, бухимдлаа мартдаг бол одоо үед гэр нь стресс үүсгэгч болчихоод байна уу даа гэж харагдах юм. Эхнэр нөхрийн харилцаанаас авахуулаад тоочих зүйл олон л байх аж?

-Ялангуяа хүүхдүүдэд хэцүү байна. Хүүхдүүд эцэг эхээсээ хамааралтай байдаг. Эцэг эхийн сэтгэл санаа ямар байна хүүхэд яг л тийм байна. Хэзээ аав, ээж хоёр минь муудалцах бол доо гэж байнга түгшдэг хүүхдүүдийн сэтгэл санаа их тогтворгүй, савалгаатай байдаг. Гэр бол бидний тайвшрах, өөрсдийгөө цэнэглэх газар юм. Түрүүн ярьсанчлан нийгмийн стресст өртсөн бол үүнээс ангижрахад тусалдаг газар нь гэр юм. Гэтэл энэ газар стресстэй болоод эхлэхээр хүүхэд, насанд хүрэгчидгүй бүгд цөхөрч эхэлдэг. Өөрсдийнхөө сэтгэл санааг дээрдүүлэх гэж оролдож байгаа нь насанд хүрэгчдэд архи уух, хүүхдүүдэд гэрээсээ гарч тэнэх зэргээр илэрч байна.

-Хүн бухимдахгүйн тулд амьдралдаа ямар зарчмыг мөрдлөг болговол зүйтэй вэ?

-Хамгийн зөв гарц нь хүн бүр сэтгэл зүйн хэвийн тогтвортой байдлыг биеийн эрүүл мэндийн нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч анхаарал тавьдаг болох юм. Сэтгэл зүйн боловсролоо дээшлүүлэхэд цаг заваа зарцуулаарай, бие дааж уншаарай, сэтгэл судлаачтай уулзаж зөвлөлддөг болоорой гэж хэлмээр байна. Үүнээс гадна хүнийг бухимдуулдаг хэдэн шалтгаанууд байдаг. Гомдох, үзэн ядах, хүлээн зөвшөөрөхгүй байх гэх мэт. Тиймээс миний зөвлөх зарчмууд гэвэл, бусдад бүү гомд, бусдыг бүү гомдоо, уучилж болохоор бол уучил, болохгүй бол уучлахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд март, асуудал гарсан бол шийд, сонголтоо хурдан зөв хийхийг хичээ.

-Юунд ч битгий санаа зов, бүх юмыг цаг хугацаанд даатгаад орхи гэж зөвлөөд байдаг. Ингэх нь хэр зохимжтой вэ?

-Асуудал байгааг анзаарсан бол шийдэхийг хичээ, өөрийнхөө төлөө үйлдэл хий. Хүмүүсийг гурав ангилж болж байна. Нэгдүгээрт, асуудал байгааг мэддэггүй, хоёрдугаарт, асуудал байгааг мэдсэн ч үйлдэл хийдэггүй, гуравдугаарт, асуудал байгааг мэдсэн даруйд үйлдэл хийж эхэлдэг. Үйлдэл хийдэг хүмүүс илүү тайван, сэтгэл ханамжтай амьдрах хандлагатай байдаг. Жишээ нь, өглөө бүр ажлаасаа хоцроод яаран сандрах, үүнээсээ болоод өдөр нь түгшүүртэй эхэлдэг хүн байлаа гэж бодъё. Энэ хүн үүнийгээ анзаарах, анзаарсан бол гэрээсээ арай эрт гардаг болох уу, үгүй юу гэдэг нь хувь хүнээс өөрөөс нь хамаарч байна гэсэн үг.

-Зарим хүн бухимдаж байгаа үедээ “Би зүгээр ээ” гээд байдаг. Бухимдалтай байгаа хүний гаргадаг зан ааш ямар байдаг вэ?

-Ихэвчлэн хоёр төрлөөр бухимдалтайгаа тэмцдэг. Нэг нь үгүйсгэх, дарах, тайван байгаа мэт дүр эсгэх. Нөгөө нь гадагшлуулах, бусдад ярих, илэрхийлэх зэрэг юм. Би зүгээр ээ гээд байгаа хүмүүс дарах аргыг хэрэглэдэг гэсэн үг. Энэ үед өөрт нь их хэцүү. Стресс удаан хугацаанд үргэлжилдэг. Бас бөөгнөрсөөр нэг өдөр “дэлбэрэх” аюултай. Байнга гадагшлуулаад, яриад байвал бас сурчихдаг, ойрхон ойрхон бухимдах гээд байдаг болчихдог. Бухимдалтай байгаа хүнийг таних хамгийн энгийн арга нь тэр хүн юмыг ихээхэн сөргөөр харах гээд байдаг болчихдог. Ярианых нь агуулгад “Үгүй ээ”, “мэдэхгүй ээ”, “гэхдээ л…”, “чадахгүй” гэх мэт үгүйсгэсэн утгатай үгнүүд их орж ирдэг.

-Удаан бухимдаж явсанаар тухайн хүний сэтгэл болоод бие махбодид ямар сөрөг нөлөө гардаг вэ?

-Хамгийн наад зах нь эмэгтэйчүүдийн гэдэс сунаж эхэлнэ. Стрессийн гэдэс гэдэг. Энэ нь хоол боловсруулах үйл ажиллагаа муудсантай холбоотой. Мөн зүрх өвддөг, аймхай болно, нүдний хараа муудна. Дархлааны систем муудсанаар өвчинд өртөмтгий болно. Сэтгэл зүйн хувьд уурладаг, бухимддаг нь зуршил болох эрсдэлтэй. Байнга уурлаад байвал сурчихдаг. Ялихгүй зүйлд хүчтэй стрессддэг болчихдог. Мөн сэтгэл хөдлөл тайван биш байснаар анхаарал төвлөрөл болон шийдвэр гаргах чадвар муудна гээд нэрлээд байвал олон сөрөг нөлөө бий.

-Хүнийг бухимдаж байгааг танихад хялбар байх. Тэгвэл бухимдалтай нийгэм, бухимдалтай хамт олонд ямар сөрөг үр дагавар гарч ирдэг вэ?

-Ярилцлагын эхэнд дурдсан шиг бухимдал халдварладаг. Ажлын байран дээр бухимдлаа илэрхийлэх эсэх, яаж илэрхийлэх нь байгууллагын соёлоос их хамаарна. Анхнаасаа нэг нэгнээ хүндэлдэг, эрүүл соёлтой бол асуудал үүссэн ч эрүүлээр шийдчихнэ. Мөн зарим стресс өндөртэй ажлууд байна, ялангуяа харилцааны, үйлчилгээний ажлууд. Төдий чинээгээрээ хүндээ илүү анхаарч стресс менежмент, ангер менежмент хичээл сургалтуудад хамрагддаг байвал сайн. Ажлын байран дээр бид амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөж байгаа шүү дээ. Энд бухимдалтай болоод эхэлбэл хүнд сэтгэл зүйн хувьд их дарамт болж эхэлнэ.

-Бухимдаж эхэлж байгаагаа мэдвэл ямар арга хэмжээ авах вэ?

-Эхний ээлжинд тайвшир. Тайвшрах дасгалууд байна. Иогт явах нь үр дүнтэй. Дараа нь бухимдаад байгаа шалтгаанаа ол. Дараа нь үүнээс болж ахин бухимдахгүйн тулд юу хийх хэрэгтэйгээ бод, ямар нэг шийдвэр гарга. Танаас хамааралгүй асуудал бол аль болох зайгаа барь. Та өөрчилж болохоор зүйл байвал өөрчлөх гээд үз. Танаас хамааралгүй хэрнээ өөрчилж болохгүй, орхиод явж болохгүй зүйл байвал хүлээн зөвшөөр.

Монголчууд сэтгэл мэдрэмжээ үгээр илэрхийлдэг болоход илүү анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Яагаад, юуны учраас бухимдаад байна гэдгээ гэр бүлдээ ярьж байгаасай. Болохгүй зүйл байвал хэлж, болж байгаа зүйлсээ ч хэлж, нэг нэгэнтэйгээ ярилцдаг байх ёстой. Бүхнийг дотроо хадгалаад түгжчихвэл дараа нь эрүүл бусаар гадагшилдаг юм шүү.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Алтанхишиг: Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ төлөө хуулийн өмнө өөрөө хариуцлага хүлээх ёстой

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Ч.Алтанхишигтэй ярилцлаа.


-Танай хүрээлэнгийн шинжээч О.Даваасүрэн өгсөн ярилцлагадаа “АТГ-ынханд Д.Гантулгын хэргийг шийдэх сонирхол байхгүй, МАН-ын даалгаврыг л биелүүлж байгаа” гэсэн байсан. Энэ юу гэсэн үг вэ?

-Сүүлийн үед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай холбоотой маргаантай мэдээлэл сонин, сошиал ертөнцөөр маш их гардаг боллоо. Зарим нэг асуудал нь гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт, түүний хувь заяа, шинжээчийн дүгнэлт шинжилгээний байгууллагын болон мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой байдаг. Иймээс тэр болгон хариу тайлбар өгөх шаардлага гардаггүй юм. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаанд прокурорын байгууллага хяналт тавьж, шүүх эцэслэн шийдвэрлэдэг. Дахин хэлэхэд бид гарсан аливаа хэргийг биечлэн мөрдөн шалгадаггүй. Харин хэргийн холбогдолтой ул мөр, эд мөрийн баримтад төрөл бүрийн шинжилгээ хийж дүгнэлт гарган мөрдөн шалгах ажиллагаанд туслалцаа үзүүлдэг. Бидний гаргасан дүгнэлтийг мөрдөгч, прокурор, шүүх, шүүгчид хэрэг шийдвэрлэх ажиллагаандаа нотлох баримтын түвшинд үнэлж дүгнэн шийдвэрлэдэг. Мөрдөс зүүж, тангараг өргөсөн Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтан, төрийн албан хаагч, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд оролцож, хэргийн холбогдолтой ул мөр, эд мөрийн баримттай байнга харьцаж дүгнэлт гаргадаг. Мөн гэмт хэрэг илрүүлэх ажиллагаанд туслалцаа үзүүлж байдаг. Иймээс ул мөр, эд мөрийн баримтын талаар нийтэд мэдээлэх, хэргийн холбогдолтой нууцлалыг нийтэд ил гаргах, ингэснээр гэмт хэрэг илрүүлэлт, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах эрх бидэнд байх ёсгүй л дээ. Тус хүрээлэнгийн ажилтан, шинжээч О.Даваасүрэнгийн хувьд манай байгууллагад олон жил ажиллаж байгаа туршлагатай нэг ажилтан. Мөн тус ярилцлагадаа “Ж.Оюун шинжээч дүгнэлт гаргасан” гэх зэрэг зөрүүтэй асуудлыг хөндсөн байна. Энэ хэргийг одоо мөрдөн шалгаж байгаа. Тиймээс чухам хэний буруу, хэрэгт ямар материал ирүүлсэн, ямар дүгнэлт гарсан талаар мэдээлэл өгч, шинжээчдийнхээ ажилд үнэлэлт дүгнэлт өгөхөд арай эрт байна.

-Танай ажилтан О.Даваасүрэн өгсөн ярилцлагадаа “… УИХ-ын сонгуулийн дараа тушаал буулгаж Н.Энхтүвшин гэдэг хүнийг томилсон. Н.Энхтүвшингийн эхнэр нь УИХ-ын дарга М.Энхболдын хамаатан юм гэсэн ” байсан. Энэ үнэн үү ?

-Манайд УИХ-ын дарга М.Энхболдын хамаатан гэх Н.Энхтүвшин гэдэг албан хаагч байхгүй. Зөвхөн хүрээлэнд ч биш аймаг, нийслэлийн албанд байхгүй болохыг баттайгаар хэлье.

-УИХ-ын гишүүн Гантулгад холбогдох хэрэгт гурван удаагийн шинжилгээний хариу гарсан. Ингэхэд ДНХ илэрсэн, илрээгүй гэх зэрэг зөрчилдөөнтэй хариу гарсан байсан. Энэ талаар тодруулаач?

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн жилд 60-65 мянган шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг. Тус байгууллагаас гаргасан дүгнэлт болгон гэмт хэргийг илрүүлж, гэмт этгээдийн үйлдлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлон тогтоодог. Шүүхийн шинжилгээний хүрээлэнд олон жил шинжээч, удирдах ажилтны алба хашиж байгаагийн хувьд би шударга байх ёстой. Мөн дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой шүү дээ. Иймээс шинжээчид хуулиа дээдлэн, хараат бус үйл ажиллагаа явуулж, шинжилгээг бүх талаас нь бүрэн бодитойгоор хийж, дүгнэлт гаргадаг хэмээн боддог. Манай байгууллагатай ажил амьдралаа холбосон ахмад, дунд, залуу үеийн шинжээчид өргөсөн тангарагтаа үнэнчээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Эдгээр ажилтнуудынхаа болон байгууллагынхаа нэр хүндийг маргаан дагуулсан 5-6 шинжээчийн дүгнэлтээс болж балламааргүй байна. Жилд ойролцоогоор 60 орчим шинжилгээ дахин хийгддэг. Энэ нь 0.1 хувь буюу 5-6 шинжилгээ маргаан дагуулдаг гэсэн үг.

-Эдгээр шинжилгээний хариунуудын аль нь зөв гэж ойлгох юм бэ?

-Уг хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусаагүй. Мөн хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Иймээс ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэг шалгагдан дуусаж, шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн байгууллагууд нь тайлбар өгнө. Тиймээс гурван удаагийн шинжилгээний хариуны аль нь зөв, бурууг дүгнэн хэлэх боломжгүй. Тухайн хэргийг шалгаж байсан хүмүүс нь ямар түвшинд шалгаж, ямар материал шинжилгээнд ирүүлсэн юм гэдгийг мөрдөгч, прокурорын байгууллага мэдэж байгаа учраас энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй юм.

-Шинжилгээг буруу хийсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээх ёстой вэ?

-Бид шинжээчдэдээ байнга ярьж, хэлж сануулж байдаг зүйл бол гэж бий. Тодруулбал, “Таны гаргасан шинжээчийн дүгнэлтээс шалтгаалан хувь хүний болон байгууллага хамт олны хувь заяа шийдэгдэж байгаа. Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ төлөө хуулийн өмнө өөрөө хариуцлага хүлээх ёстой ” гэдэг. Гэхдээ шүүхийн шинжилгээний байгууллагын гаргасан шинжээчийн дүгнэлттэй үл маргах зарчмыг бодитойгоор хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Гадаадын орнуудад шүүхийн шинжилгээний дүгнэлттэй холбогдолтой маргаан бараг гардаггүй. Техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед ДНХ-гийн шинжилгээтэй хэн ч маргах ёсгүй. Учир нь дээжийг ДНХ-ийн шинжилгээний багаж төхөөрөмжид уншуулан шинжлүүлээд гарсан үр дүнг нарийн мэргэжлийн шинжээч уншин дүгнэлтээ гаргана. Ийм үр дүн гарлаа гэдгийг л хэлж байгаа. Үүнийг шүүх, мөрдөн яаж ойлгох нь тэдний асуудал юм. Мөн шүүхийн шинжилгээг дахин хийлгэх явдлыг таслан зогсоох асуудлыг яаралтай шийдвэрлэх цаг нь болсон. Энэ асуудлыг бид Шүүхийн шинжилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой. Шүүхийн шинжилгээний тухай Монгол Улсын хууль 2009 оны УИХ-ын намрын чуулганаар батлагдсан. Тус хууль нь зургаан бүлэг, 45 зүйлтэй байдаг. Уг хууль нь Улсын хэмжээнд шүүхийн шинжилгээ явуулах нийтлэг журам, зарим төрлийн шинжилгээ хийх онцлог багтсан байгаа. Мөн Шүүхийн шинжилгээний байгууллагын тогтолцоо, шинжээчийн эрх зүйн байдал, хариуцлага сахилга батыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулдаг юм. Гэвч манай улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо өсөн нэмэгдэж, эрүүгийн нөхцөл байдал, нийгмийн харилцаанд гарсан өөрчлөлтөөс шалтгаалан тухайн хуулийн зарим заалтыг нарийвчлан тодорхойлж хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа.

-Шүүхийн шинжилгээ, шинжээчийн дүгнэлттэй холбоотой зарим маргаантай асуудлыг яаж шийдвэрлэвэл зүйтэй вэ?

-Энэ нь шүүхийн шинжилгээний байгууллагын хараат бус байдал, шинжээчид хөндлөнгөөс саад дарамт учруулахгүй байх явдал юм. Бас шинжээчийн үйл ажиллагааны биеэ даасан нууцлалын асуудал орно. Нэг ёсондоо гадаад орнуудын шүүхийн шинжилгээний дүгнэлт гаргах үйл ажиллагаа өндөр нууцлалтай байдаг. Тухайлбал, шинжилгээнд ирүүлсэн ул мөр, эд мөрийн баримт хэзээ, хаана, ямар аргаар үйлдэгдсэн, ямар хэргийн холбогдолтой талаар шинжээч нь өөрөө мэдэх шаардлага байдаггүй. Түүнчлэн мөрдөн шалгаж байгаа ажилтан ч хэн гэдэг шинжээчид хуваарилагдсан, ямар үе шатанд явж байгаа, дүгнэлт нь хэзээ гарах талаар ямар нэгэн мэдээлэлгүй байдаг. Энэ нь шинжилгээнд ирүүлсэн бүх дээж ул мөр, эд мөрийн баримтыг тус бүрд нь кодлон шинжилгээний талаарх нууцыг хадгалж байгаа явдал юм.

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэдэг байгууллагын хувьд тоног төхөөрөмжийн шинэчлэл чухал. Танайх ямар тоног төхөөрөмж хэрэглэж байна вэ?

-Шүүхийн шинжилгээний байгууллагын судалгаа шинжилгээний зориулалтын техник тоног төхөөрөмж нь маш өндөр үнэтэй байдаг. Иймд бид лабораторийн техникийн шинэчлэл, мэргэжлийн боловсон хүчний сургалт, давтан сургалт, мэргэшүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр мансууруулах, сэтгэцэд үйлчлэх бодисыг илрүүлэх тогтоох лабораторийн тоног төхөөрөмжийг 2.0 тэрбум, дуу авиа дүрс бичлэгийн лабораторийн тоног төхөөрөмжийг 189.5 сая төгрөгөөр, өнгөт гэрэл зургийн дижитал “Fuji” лаборатори аппарат, хэргийн газрын үзлэгийн цүнх зэргийг 195 сая төгрөгөөр худалдан авч суурилуулаад байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр “Шүүхийн шинжилгээний байгууллагын чадавхыг сайжруулах төсөл “–ийг 13.5 сая ам.доллараар хэрэгжүүлэх ажил судалгааны шатанд явж байгаа.

-Сүүлийн үед гарч байгаа гэр бүл, насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлын талаар яривал…

-Гэр бүл, насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй дан ганц цагдаа, хууль сахиулах байгууллага л тэмцэх биш. Ар гэр, эцэг эхийн хараа хяналт анхаарал халамж тун чухал байна. Эцэг эхчүүд хүүхдүүд нь хаана, ямар ажил үйл эрхэлж, хэнтэй үерхэж нөхөрлөж байгаа, тоглоомын газар, өөр ямар газар орж гарч байгаад нь хяналт тавьж чадахгүй байна. Түүнчлэн эцэг эхчүүдийн өөрсдийнх нь сургах, хүмүүжүүлэх үүрэг хангалтгүй байна. Гэртээ архи ууж согтуурдаг, агсам тавьдаг асуудал ч байсаар буй. Мөн сургалтын байгууллага, сургууль, багш нийгмийн ажилтан нар ч гэсэн сурагчдадаа тавих хяналт муу байгаа юм уу даа гэж бодогдож байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хойд насандаа л уулзаж ярилцахаас…

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Эрдэнэ гуайн амьдралыг өнөө үеийн бичиг номтой болгон цээжээрээ мэддэг. Хэнтийн буриад, арав орчим насандаа эцгээсээ өнчирсөн, тухайн үеийн их хядлагын золиос төдийгүй амьд гэрч, багадаа Улаанбаатарт орж ирэн офицеруудын сургуульд суралцсан, дараа нь МУИС-ийн Анагаахын ангид орж суралцаад эмч болсон. За тэгээд офицерийн сургуульд байхын шүлэг оролдож эхэлсэн, тавиад оны сүүлчээс богино өгүүллэг бичих болж энэ төрөл дээрээ шууд л нэг дүгээр ангилалд багтсан. Шинэ үеийн утга зохиолын монгол хэл буй болоход голлон нөлөө үзүүлсэн хэдхэн хүний нэг. Тэрээр нүдээр үзсэн, сэтгэлээр мэдэрсэн амьдралаа зүйрлэшгүй урнаар дүрслэн үзүүлдэг байлаа. Ийм л учраас түүний амьдралыг хүмүүс цээжээрээ мэддэг болсон хэрэг.

Бичлэг болгон их хөдөлмөр, авьяас шаарддаг. Томрох тусмаа илүү хөдөлмөр, богиносох тусмаа илүү авьяас нэхнэ. Онигоо, афоризм, дөрвөн мөрт, богино өгүүллэг бол юун түрүүн авьяасаас л хамааралтай. Тиймдээ ч богино өгүүллэгийн түүхэнд төрсөн хамгийн гигант нь гэж нэрлэгддэг Чехов “богино бичлэг гэдэг авьяасын дүү нь” (краткость-это сестрица таланта) гэж тодорхойлжээ. Арай ч дутуудуулчихаа юу! Богино бичлэг бол авьяасаас төрөн гарч буй үр хөврөл нь мэт. Өөрөөр хэлбэл, Авьяасын хүүхэд нь богино бичлэг! Эрдэнэ гуай богино бичдэг байсан. Тэрхүү богино бичлэгт нь бүхий л хорвоо багтдаг байлаа. Хоёрхон нүүр өгүүлэлд нь Библи, Коран, Дармапад гурвуулаа багтана. Түүний баатрын ганц харцанд төрөх үхэхийн хоорон дахь орчлон тэр чигээрээ. Хуланд дурлах залуугийн цээжинд хүн төрөлхтний бүхий л түүх, амьдралын хамаг л утга учир агуулаатай.

Зөвхөн шинэ юм л аугаа байдаг. Хуулбар хичнээн лут байгаад ч оригийнхоо дээр гарахгүй. Өнөөдөр Хамлет, Макбэтийг илүү урнаар, илүү сэтгэл татмаар урлах хүн бишгүй л биз. Гэхдээ тэр олон залуу Шекспирүүдийг хэн ч санадаггүй юм. Эрдэнэ гуай давтагдашгүй шинэ бүтээл хийсэн учраас хэзээ ч мартагдахгүй. Магадгүй тэрээр Монголын утга зохиолд төрсөн цорын ганц ориг ч байж магадгүй. Бид үндэсний юмаа магтан дуулах дуртай. Хоёр зууны өмнө амьдарч байсан математикч Мянгатыг дурсдаг. Яахав үндэсний бахархал. Гэхдээ тэрээр мянган жилийн өмнө лалын математикчдын нээж олсон алгебраар л оролдож байж. Хонь хариулж яваа нүүдэлчний хувьд бол гайхамшиг, гэхдээ тоондоо онц сайн хүүхдийг өдгөө дэлхийн математикийн түүхэнд орлоо гэдэггүй шүү дээ. Харин Эрдэнэ гуай бол од. Огторгуйд олон мянган од бий ч од болох хувь заяа бичиглээч болгонд олддоггүй. Ингэж од болоход ийм болж төрөх хэрэгтэй. Эрдэнэ гуай ингэж төрсөн ажгуу.

Эрдэнэ гуай өөрийн амьдрал, мэдрэмжээ зураглахад нэг сэдэв үргэлж дутаад байдаг байлаа. Энэ бол Монголын түүхэнд тохиосон хамгийн аймшигт явдал болох гучаад оны их хядлага билээ. Эрдэнэ өөрөө энэ хядлагыг туулан гарсан. Үүнийгээ хэлэх гэж тэрээр насаараа хүчилсэн юм. “Хрущевийн уярал” хэмээх хэдхэн жилийн үүлэн чөлөөн нарны туяанд үгээ амжиж хэлсэн хэдхэн зохиолчийн нэг нь Эрдэнэ гуай байлаа. Эргээд энэ бүтээл нь хаагдсан боловч үзэл санаа галд шатдаггүй аж. Ерэн он харанхуй нийгэмд гэрэл тусгамагц тэрээр хэлэх гэхээр боломж олгодоггүй байсан сэдвээ дахин хөндлөө. Аль дал наяад оны үед зориг гарган хэвлүүлсэн “Сэрүүн дуганы мөхөл” дэлгэцэнд шилжлээ. Удалгүй их хядлагын тухай түүний роман хэвлэгдэв.

“Хойд насандаа уулзъя” бол түүний сүүлчийн, цорын ганц эмгэнэлт роман. Тэрээр илүүтэй хөдөлмөр цаг шаардсан зохиолын ийм төрлөөр урьд нь оролдож байгаагүй. Гэтэл энд түүний төрсөн эцэг болон нутаг нугынхныгаа хядуулсан гашуудал, бага насны гомдол, үнэнийг хайсан урт цөхрөл, олон жил хураасан нулимс, үй олон монголчуудын амьдрал амь насаар тоглосон бузар үзэл сурталд хүрсэн уур хилэн, үнсэн нурман дунд өөрийн хөшөөг босгож чадсан омгорхол багтаж ядан чихэлдэх аж. Энэ бүхнийг хоёр хуудсанд багтаах боломжгүй, учир нь зохиолч хүний эмгэнэлээс гадна түүхэн учир шалтгааныг нь гаргах гэж хичээжээ.

Энэ жил хэлмэгдэлтийн 70 жилийн ойн баяр болж байна. Есдүгээр сарын 10-нд болно. Үнэндээ ийм нэршил ч хэлмэгдүүлэлт юм. Хэлмэгдүүлэх гэдэг нь хэн нэгнийг эндүүрээд юмуу, хэтрүүлээд шийтгэчихийг хэлдэг. Гэтэл энэхүү сүүлийн хориод жил тэмдэглэдэг болсон баяр нь ямар ч хэлмэгдүүлэлт биш, цуст аллага юм. Оросууд үүнийг репрессия гэнэ. Ийм төрлийн хувьсгалт аллага анх хийсний хувьд францчууд grand pourge гэж нэрлэх аж. Их хядлага гэсэн үг. Энэхүү хядлагад Монголын насанд хүрсэн бүх эрчүүдийн тав тутмын нэг нь амиа зольсон. Үүнийг гадаад хэлээр геноцит гэнэ. Энэ нь үр үндсээр нь хүйс тэмтэрнэ гэсэн үг. Хэлмэгдлийн баяраас арай лавшруу юм болсон байгаа биз?

Нөгөө талаас хэлмэгдүүлэл гэгч энэхүү үр үндсээр нь хядсан аллага 1937 оны есдүгээр сарын 10-нд эхэлсэн юм биш. Өч төчнөөн мянган лам хядаж байх явцдаа чухам энэ өдөр Монголын төрийн удирдагчдыг бөөнөөр нь баривчилж гарсан. Өөрөөр хэлбэл, энэ өдөр Монголд өрнөсөн хядлага ид дундаа л орж байсан хэрэг. Хядлага 1921 оны эцсээр “Саж ламын хэрэг” гэгч нэрээр эхэлсэн юм. Нэг үгээр хэлбэл, энэ 2007 он бол ардын хувьсгалын ба их хядлагын яруу алдарт 86 жилийн ойн баяр юм. Далаад оны үед хот ороод ирсэн хөдөөний өвгөнөөс сонин юу байна гэж асуухад “Үхсэн оросын 100 жил, Үлдсэн хэдийн 50 жил, Өмч хураасны 10 жил гээд хөөрцөглөсөн амьтан л их байх шив” гэсэн гэдэг. Ингэхээр өдгөө хэдэн арван жил үргэлжилсэн “хэлмэгдүүллийн” дараа үлдсэн хэдийнх нь 86 жилийн ойн баяр болж байна ч гэж хэлж болом.

Эрдэнэ гуайн роман хувьсгалын жилүүдийн ердийн нэгэн оныг хамарна. 1934 он. 1932 онд ард түмний бослогыг цус асгаруулан дарж, бороохой шийдмээр зэвсэглэсэн малчин ардын эсрэг аэроплон, их буу танк бүхий байнгын арми оруулан хядсанаас хоёр жилийн дараа. Шинэ эргэлтийн гэх хувьсгалт бодлого хэрэгжиж байсан тайван нэгэн жил. Тэр жил буриад ястныг үр үндсээр нь хяджээ. “Улаанбаатарын”, “Хэнтийн”, Дорнодын” гэсэн гурван зохиомол хэрэг үүсгэж нийлүүлээд “Лхүмбийн хэрэг” гэж нэрлэсэн аж. Баривчлагсадыг дундад зууны инквизаторын аргаар эрүү шүүлтээр тамлан зовоож байв. Үй олон хүнийг цааш нь харуулсан даа. Эрдэнэ гуайн төрсөн сум Дадалын засаг дарга агсан эмэгтэйг жирэмсэн байхад нь буудан хороосон.

Хядлагын он жилүүд нийтдээ далаад жил үргэлжилсэн. Үүний сүүлийн дөчин жил нь магадгүй үнэхээр аллагын бус харин ердөө л хэлмэгдүүлэлтийн жилүүд байсан байх. Намын хурал дээр даргыг шүүмжилсэн хэрэгт нь буудан өгөлгүй ердөө 25 жил цөлж нийгмээс гадуурхана гэдэг аллага биш хэлмэгдүүлэлт л дээ. Ийм хар дарсан аймшигт урт удаан тамыг хүмүүс мартах учиргүй юм. Дахин давтагдуулахгүйн тулд мартахгүй байх ёстой. Хэргийг зохион байгуулсан нүгэлт институци өдгөө бурхан буян суртчилсан шигээ оршсоор байна. Энэ хэргийнхээ төлөө ард түмнээс уучлал гуйх байтугай өөрсдийгөө хэлмэгдсэн гэсэн шүү юм ярина. 1932 оноос Монголын хэрэгт огт оролцохоо больсон Коминтернийг буруутгана. Намын нэр хүндэд муу гэдэг шалтгаанаар энэ талаар гарсан судалгааны номыг “хэлмэгдүүлэлтийн 70 жилийн ойг” тохиолдуулан бөөнөөр нь шатаасан байх юм. Манай ард түмэн ч уужуу сайхан сэтгэлтэй юм болохоор хар буруу санадаггүй, харин хядуулсан өвөг дээдсийнх нь амь болгонд нэг сая төгрөг төлөхөд хэд хоног сайхан цадсан даа. Буудуулсан 20 мянган ламын хойд дүр болох өнөөгийн улаан шарыг хослуулагсад МАХН-ыг бурхны шашинд хамгийн ээлтэй улс төрийн хүчнээр шалгаруулсан сан. Хамбын овооноос хэдэн мянган ламын ясны овоолго гарч ирдэгийн урьд өдөр шүү. Хувь заяа мөн ч шоглоомтойёо!

Бузар хэргийг мартуулахгүй, өөрөөр хэлбэл, давтагдуулахгүй хамгийн сайн зэвсэг бол урлаг. Монголын уран зохиол, яруу найраг, кино, тайзны урлаг, уран зураг, уран баримал сүүлийн нээлттэй болсон хориод жилд энэ талаар юу бүтээв? Хоосонгүй л байх. Нэгийн зэрэг хөшөө бий, лав. Оргүйд орвол охинтой төдий. Саяхан хэсэг залуус их хядлагын талаар кино хийхээр хөөцөлдөн төрд ханджээ. Ердөө сэтгэл санааны л дэмжлэг хүссэн байна. Арай ч салаавч үзүүлсэнгүй, гэхдээ үгүй л гэж дээ. Ийм киног санхүүжүүлж орхиход хичнээн л юм гарав гэж. Харин үр дагавар нь түүх давтагдахгүй нөхцөлийг бүрдүүлнэ шүү дээ.

Ц.Доржготов “Үр ач танаа” нэгэн роман бичсэн. С.Эрдэнэ гуай “Хойд насандаа уулзъя” гэж болзсон. Ингээд л бараг энэ хоёроор нүүр тахлаад дуусна. Ичмээр юм, үндэсний энэ гамшиг зовлонд хандаж байгаа монгол хүний гүндүүгүй сайхан чанар! Адгууслаг чанар юм болов уу? Өнгөрснийг санахгүй, ирээдүйг төсөөлөхгүй, харин өнөөдрийн үмх махны төлөө биенээ ч барьж идэхэд бэлэн.

2007.07.30

Categories
мэдээ нийгэм

Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан луу өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 18, Буд гариг. Билгийн тооллын 3. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 5:58 цагт мандан, 19:45 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгс болно.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”- д “Хойд насандаа л уулзаж ярилцахаас” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Хойд насандаа л уулзаж ярилцахаас” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгох Ерөнхийлөгчийн төслийг гишүүд дэмжсэнгүй хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Уран бүтээлч” буланд Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж гучин жилийн турш бүтээлээ туурвиж яваа минь их аз завшаан” хэмээн ярьсан байна.

Д.Цоодол: Ринчен гуай, Дамдинсүрэн гуай хоёрын тухай би ярина гэвэл ертөнцийн доог болно хэмээн ярьсныг “Ардын цолтон” нүүрээс хүлээн авч уншаарай

“Улс төр” нүүрт О.Баасанхүү: Оюу толгойн гэрээг олон талаас нь шалгах ёстой” хэмээн өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы “Баримт үйл явдал” нүүрт Эдуард Сүрэнгийн 51 тэрбум төгрөгийн өрийг Төрийн банк барагдуулах шийдвэр гаргав хэмээн өгүүлжээ.

“Нийгэм” нүүрт Судлаач Ц.Энх-амгалан “Бэлчээрийн даац хэтрэлт-Цөлжилт-Зуд”-ны талаар өгүүлсэн байна

Пулитцерийн эзэд тодорлоо хэмээн“Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Диализийн төв” нээгдлээ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийнхэн “Диализийн төв болон шинэ технологиуд” -аа танилцууллаа. Тус эмнэлэг нь Австри улсын Засгийн газрын 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан юм. Эхний ээлжинд 13 төрлийн аппаратыг хүлээн авч эмчилгээнд хэрэглэж байна.

Энэ талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн захирал, дэд хурандаа Л.Баттөрөөс тодрууллаа.

-Танай эмнэлэгт эмчилгээний ямар тоног төхөөрөмжүүд ирсэн бэ?

Өнөөдрийн байдлаар 2 сая еврогийн үнэ бүхий хэт авиан оношлогооны аппарат, ходоод бүдүүн гэдэсний уян дуран дурангийн мэс заслын аппарат, хагалгааны өрөөний зөөврийн рентген аппарат зэрэг 10 гаруй тоног төхөөрөмжийг хүлээн авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Эдгээр аппаратуудыг нэвтрүүлээд сар гаран зарим нь 14 хоног болж байна. Ирэх зургаа, долдугаар сард үлдсэн тоног төхөөрөмжүүд ирнэ. Мөн бид шинээр диализийн төв нээгээд байна.

-Төвийнхөө тухай танилцуулаач?

Бөөр дотоод шүүрлийн тасаг нээсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн санаачлагаар диализын төв байгуулсан. Энэ тасаг дээр диализийн хэсгийг байгуулж давхар эмчилгээний хоёр аппарат дан эмчилгээний хоёр аппаратыг суурилуулаад эмчлүүлэгчээ хүлээж аваад байна. Эхний ээлжийн тоног төхөөрөмж мэдрэлийн үйл оношийн дөрвөн аппарат байгаа. Бусад хэвлийн хөндий дурангийн эмчилгээний аппарат үений дурангийн аппарат, дүрс оношлогооны аппаратууд хагалгааны явцад рентген зургийг авч, газар дээр нь оношлогоо хийж эмчилгээний явцыг хянах боломжтой болсон. Манай төв албан ёсоор өнөөдөр нээлтээ хийгээд өвчтөнгүүдээ эмчлээд эхэллээ. Нэг нь хурц яаралтай тусламж үзүүлэх аппарат, гурван ширхэг нь архаг диализтэй хүмүүст хэрэглэгдэхээр байна. Хэвлийн болон үений дурангийн аппаратаар хэвлийн мэс заслыг дурангаар хийх боломжтой болж байгаа. Мөн цөс, олгойн хагалгааг дурангаар хийж байна. Үений янз бүрийн гэмтэлтэй хүмүүст дуран ашиглан мэс засал хийж байна. Үе түнх солих хагалгаанууд хийгдэж байгаа.

-Өмнө нь ямар аппаратууд хэрэглэж байсан бэ?

Урд нь эмнэлгийн хэмжээнд суурин болон зөөврийн тус бүр нэг аппарат байсан. Төслийн хүрээнд зургаан ширхэг суурин болон зөөврийн аппаратуудаар хангагдсан. Энэ аппаратууд нь ЭХО үзлэгээс гадна B,C вирусын халдвартай холбоотой элэгний хатуурал болон холбогч эдийн өөрчлөлтийг оношлох боломжтой.

-Шинэ тоног төхөөрөмж дээр ажиллах эмч нарыг хэрхэн бэлдсэн бэ?

Энэхүү төсөлд нийтдээ 28 орчим эмч,сувилагч техникийн мэргэжилтэнгүүдийг сургаж байгаа. Одоогоор долоон эмч, сувилагч, инженерүүд сургалтанд хамрагдаад ирсэн. Үлдсэн эмч сувилагч нар удахгүй сургалтандаа хамрагдана.

-Өвчтөнгүүдэд ямар боломж нээгдэж байна вэ?

Манай үйлчлэх хүрээний хүн амд мэдрэлийн өвчлөл их байдаг. Эдгээр аппаратууд ирснээр оношлогоо үйлчилгээний чанар сайжирч байгаа. Манайд ходоодны дуран байхгүй байсан. Хэвтэн эмчлүүлж байсан ходоодны шархтай хүн цус алдах тохиолдол гарсан. Дурангийн аппарат байхгүйгээс өвчтнөө зөөвөрлөх шаардлага гарч байсан. Одоо бол эмнэлэг дотроо оношлогоо үйлчилгээгээ хийх боломжтой. Зарим аппарат анх удаа улсын эмнэлгүүдэд орж ирж байгаа.

-Зөвхөн танай эмнэлэгт байдаг тоног төхөөрөмж бий юу?

Нойрны төвийн аппарат байгаа. Рефлекс гээд хувийн эмнэлэгт байдаг. Сүүлийн үеийн 3D, 4D ЭХО-нууд орж ирж байна. 4D ЭХО нь элэгний бүтцийг тодорхойлж, элэгний цироз, өөхлөлт, хатуурал ямар түвшинд байгаа мөн хордлогын гаралтай гепатитыг ялгадаг болсон. Энэ бол Монголд ганцхан байгаа аппарат.

-Танай эмнэлэг зөвхөн төрийн тусгай албан хаагчдад үйлчилж байна уу, жирийн иргэд танайд ханддаг уу?

Манай эмнэлэг бол нэгдсэн эмнэлэг. Нэгдсэн эмнэлэг нэр бүхий найман тусламж үйлчилгээ үзүүлдэг. Төв эмнэлэгт үзүүлдэггүй тусламж үйлчилгээг манайх үзүүлдэг. Эмэгтэйчүүд, хавдар, хүүхэд гэх мэт. Нэгдсэн эмнэлэг илүү давуу талтай. Гэмтэл болон мэс засал назалогийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хууль зүй дотоод хэргийн харъяа 11 агентлаг байгууллага, төрийн тусгай албан хаагчид болон албан хаагчдын ар гэр, тэтгэвэрт гарсан ахмадууд мөн чингэлтэй дүүргийн иргэдэд мэс засал болон гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Хотын даргын онцлох 10 ажил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн онцлох 10 ажлыг нэрлэж байна.

  • Улаанбаатар хот өргүй боллоо. Нийслэлийн өмнөх удирдлага 2012-2016 онд концессын олон төсөл хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод концессын 80 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөр үүсээд байсан. Хэдий нийслэлийн эдийн засаг хүнд байсан ч хотын удирдлагын баг өмнөө тавьсан зорилтоо биелүүлэн, төсвийн орлогоо давуулан биелүүлж, аж ахуйн нэгжүүдэд концессын эргэн төлөлтийг хийж Улаанбаатар хот өргүй болов.
  • Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэгдэнэ. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг ирэх онд хийж хэрэгжүүлэхээр болоод байна.
  • Хот иргэдээ орон сууцтай болгохыг дэмжиж сан байгуулав. Сан байгуулагдсанаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус сангийн дэмжлэгтэйгээр 60 гаруй иргэн орон сууцанд ороод байна.
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хотын дарга Засгийн газар, УИХ-тай хамтран олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буй. Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөний хязгаарлах, Улаанбаатар хотын суурьшлын бүс болон агаарын чанарын бүсийг тогтоох захирамж гаргасныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжин ажил хэрэг болсон. Засгийн газартай хамтарч цахилгааны шөнийн тарифыг тэглэж, иргэд цахилгаан халаагуур хэрэглэх бололцоо нөхцөл хангасан. Мөн гаднаас оруулж ирж байгаа цахилгаан халаагуурыг гаалийн НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Түүнчлэн нийслэлд буй бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ангиудад дотоод агаар цэвэршүүлэгч суурилуулаад байна. Мөн эмнэлгүүдийн хүүхдийн тасаг, өрөөнүүдэд ч агаар цэвэршүүлэгч тавиад байгаа юм.
  • Хаврын бүтээн байгуулалт. Өнгөрсөн онд нийслэлд нийтдээ 338.3 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн бол 2018 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 116.2 тэрбум, замын сангийн хөрөнгөөр 36.8, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 16.3 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 193.8 тэрбум, гадаадын зээл тусламжаар 51 тэрбум буюу нийтдээ 414.1 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ. Боловсрол, эрүүл мэнд, автозам, инженерийн дэд бүтэц гээд энэ хавар бүтээн байгуулалтын олон ажил өрнөж байна.
  • Хотын даргын хувьд эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулж, элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмж авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэсэн. Мөн дүүргүүдийн эмнэлгийн хүчин чадлыг сайжруулж, тэнд иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, гурван дүүргийн эмнэлэгт мэс заслын тасаг нээж, хавдрын эмчилгээний анхан шатны эмчилгээг хийдэг болоод байна. Хавдартай хүмүүс ХСҮТ-д очиж дугаарлах бус дүүргийн эмнэлэгт үзүүлээд явах бололцоог бүрдүүллээ. Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлгийн гадаа 350, ХСҮТ-ын гадаа 250, ГССҮТ-ийн гадаа автомашины зогсоол, онгоцны талбай, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг гадаа машины зогсоол байгуулсан. Иргэд эмнэлгийн үйлчилгээ авахдаа гадна талд нь машинаа тавиад санаа зоволтгүй үйлчлүүлдэг боллоо.
  • Боловсролын салбарт бүтээн байгуулалт өрнөж, сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж байна. Энэ онд нийслэлд 34 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг шинээр барих буюу өргөтгөхөөр боллоо. Хотын дарга ажлаа авах үед хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт 60 гаруй хувьтай байсан бол энэ жил 76 хувьд хүрсэн. Ирэх жил 85 хувьд хүргэхээр хотын удирдлага ажиллаж байна. 2016 онд 3 ээлжээр хичээллэдэг сургууль 34 байсан бол өдгөө 17 бол 2 дахин буурчээ. Улаанбаатар хотын сургуулиуд ирэх намар гэхэд бүгд 2 ээлжинд бүрэн шилжих юм.
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд батлахад Улаанбаатар 400 мянган хүн амтай хот байсан. Өдгөө 1.3 сая хүн амьдарч ажиллаж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж буй хотын хувьд хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байгаа юм.
  • Шинэ Яармагтөв. Нийслэл хотын төв Бага тойруу, Их тойрууд бүх их дээд сургууль, засаг захиргааны байгууллага байдаг тул төвлөрөл энэ цэгтээ бий болж, үүнээс улбаалсан хүндрэлүүд улам ихсэх болсон. Энэ төвлөрлийг сааруулахын тулд нийслэлээс олон арга хэмжээ авч байна. Иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг ойртуулж зургаан буудал, Дүнжингарав, Мишээл, Драгонд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулсан. Улаанбаатар хотыг задлахын тулд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Яармаг, Сонсголон зэрэг дэд төв байгуулж байна. Үүний зэрэгцээ төвлөрлийг сааруулахад хот өөрөө үлгэж жишээ болох ёстой хэмээн хотын захиргааг Яармаг руу нүүлгэхээр шийдсэн. Яармагийг бизнес санхүүгийн төв болгон хөгжүүлэх хотын удирдлагын шийдвэрийг Засгийн газар болон НИТХ-ын Тэргүүлэгчид дэмжээд байна. Яармагийн хувьд хөгжих бололцоотой дэд бүтэц, шинэ нисэхийн хурдны зам орсон, шинээр гүүр баригдаж байгаа зэрэг боломж нөхцөл бүрдсэн.
  • Сервис центр. 200-400 өрх айл өөрсдийн сайн дураар нэгдэж, дэд бүтэц бүхий амины орон сууцтай болох боломжийг хот олгож эхэллээ. Эхний ээлжид дөрвөн байршилд “Сервис центр” байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 200 айлын дэд төвийг гэрэлтүүлэг камержуулалт, цэвэр, бохир усаар хангах системээс бүрдсэн орчин үеийн шийдэлтэй “хаус” хороолол болгох ажлыг эхлүүлнэ. Цаашид 11 байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр иргэд дунджаар 60 сая төгрөгөөр амины орон сууцанд амьдрах орчин бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Ердийн хэрэглээний 40 хоногийн шатахууны нөөцтэй байна гэв

шатахууны нөөц зурган илэрцүүдУлсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдхүүний нөөцтэй байгааг салбарын яамнаас мэдээллээ.

Тодруулбал А-80 автобензин 77, Аи-92 автобензин 30, дизелийн түлш 41, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн нөөцтэй байгаа аж.

Манай улс энэ онд 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ сарын 11-ний байдлаар 1.93 сая баррель буюу 262 мянган тонн тос олборложээ. Ингэснээр эхний улирлын байдлаар улсын төсөвт 53.3 тэрбум төгрөг төвлөрүүлж 23.86 хувийн гүйцэтгэлтэй байна.