Categories
мэдээ нийгэм

С.Зориг агсны эхнэр Б.Булган ТЕГ-т байцаалт өгчээ

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булган өмгөөлөгчийн хамт өнөөдөр ТЕГ-т мэдүүлэг өглөө. Түүнээс юуны учир ТЕГ-т ирэх болсныг нь тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Түүний өмгөөлөгч Ц.Гүенбаатар хэлэхдээ “Бараг хоёр жилийн өмнө нууцын материалд гарын үсэг зурсан. Тийм учраас юу ч ярьж болохгүй. Боломжгүй. Хэрвээ ярих байсан бол аль хоёр жилийн өмнө л ярих юмаа ярих байсан. Та бүхэн асуух зүйлээ тагнуулынхнаас асуу” гэлээ.

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг жил гаруйн хугацаанд хорьж шалгаж байсан. Улмаар хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан байдаг. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын хүмүүсийг Эрдэнэт хотоос баривчлан шалгаж эхэлсэн. Улмаар гурван шатны шүүхээс эдгээр хүмүүст ялын дээд хэмжээ оноогоод буй. Өнөөдөр Б.Булган ямар асуудлаар ТЕГ-т орж уулзсан нь тодорхойгүй хэвээр үлдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чоно хамтлаг 10 жилийн дараа “Чоно-2018” тоглолтоо хийхээр болжээ

Амьд хөгжмийн гайхамшиг, эрч хүчийг мэдрүүлдэг “Чоно” хамтлаг уран бүтээлээ завсарлаад хэдэн жилийг үдсэн. Тэгвэл тус хамтлаг өнгөрсөн онд эргэн нэгдэж уран бүтээлээ хийж эхлээд байгаа юм. Энэ удаад “Чоно-2018” тоглолтынхоо талаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ нь тус хамтлагийн бие даасан дөрөв дэх албан ёсны тоглолт юм. Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр CROCUS EVENT HALL-д 19:00 цагаас болох аж. Мөн тус хамтлаг тоглолтондоо зориулан гаргасан шинэ цомгоо хүлээж аваад байна.

Энэ талаар хамтлагийн ахлагч, дуучин Д.Дэрмээгээс тодрууллаа.


“Сүүлчийн хичээлийн дараа” дууг шинэчилж дуулсан. Клипэнд зориулж шилдэг зураг шалгаруулна гэсэн. Зургуудаа хэрхэн шалгаруулах вэ?

“Сүүлчийн хичээлийн дараа” дууг шинэчилсэн найруулгатайгаар бусад уран бүтээлчидтэйгээ хамтран дуулсан. Үе үеийн төгсөгчид гэрэл зургаа явуулснаар шилдэг 10 зургийг шалгаруулж клипэнд оруулна. Хамгийн их лайк авсан эхний арван зургийг шалгаруулах юм.

Арван жилийн дараа тоглолтоо хийж байна.Бусад тоглолтоос ямар онцлогтой вэ?

Манай хамтлаг 2017 онд эргэн нэгдсэн. Дөрвөн хуучны уран бүтээлээ сэргээж, хамтлаг дуучидтай хамтарч дуулсан. Шинээр дөрвөн клип хийсэн. Хамгийн сүүлд “Сүүлчийн хичээлийн дараа” дуугаа шинэчилж хоёр гавъяат, дуучин Б.Баярцэцэгтэй хамтарч дуулсан. Хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтарч сонгодог оркестир хэв маягаар гаргасан. Мөн “Залуу нас” дууг Icetop хамтлагийн Боогийтой хамтарч дууллаа. Бид нэгдэн жил гаруй уран бүтээлээ хийсний дараа тоглолтоо үзэгч, фэнүүддээ толилуулах гэж байна.

Тоглолтонд хэдэн дуу дуулагдах вэ?

Нийт 25 дуу дуулагдана.

Шинэ цомог худалдаанд гарсан уу?

CD бол худалдаанд хараахан гараагүй байна. Тоглолтонд ирсэн үзэгчид 20000 төгрөгөөр худалдаж авах боломжтой. Концертны дараа худалдаанд гаргана. Мөн 70000 төгрөгний билет авсан үзэгчиддээ шинэ цомгоо бэлэг болгоно.

Цомогт хэдэн шинэ уран бүтээл орсон бэ?

Цомогт есөн цоо шинэ уран бүтээл орсон. Нэг уран бүтээл нь “Хар сарнай” хамтлагийн “Бүтээнэ сөнөөнө” дууг хамтарч дуулсан.

Хуучин баг бүрэлдэхүүн бүгд байгаа юу?

Ер нь бол бүгд байгаа. Хуучин хамтлагийн нэг гишүүн албан ёсоор өөр хамтлагт орсон. Тэр гишүүн маань ирж, хамт хоёр дуу тоглоно. Гурван туслах хөгжимчин байгаагаас хоёрдаралтат хөгжим, нэг гитар орж байгаа.

Язгуур урлагийг шингээсэн хэдэн дуу байна?

Тоглолтонд маань хоёр дуу орж байгаа. Шууд язгуур урлагийг шингээсэн этник чиглэлрүү орж болохгүй. Энийг маш багаар өөрсдийн стиль руу рок урсгал руу ивсэн чиг хандлагатай явж байна.

Үзэгчид, фэнүүд хэр хүлээлттэй байна вэ?

Хүлээлт их байсныг мэдэрсэн. Үзэгч фенүүд маань яагаад тарчихав, шалтгаан юу байв гэсэн асуултууд удаа дараа тавьж байсан. Нэгдэх болсон шалтгаан бол эстрад рок поп урлагт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж үлдэх. Бидний хийх ёстой цаг үе нь ирчихсэн байна. Манай хамтлаг 10-аад жилийн хугацаанд уран бүтээлийн хувьд зогсонги байсан. Гол зорилго маань энэ цаг үеийн рок попын төлөөлөл альтернатив чиглэлийг улам хөгжүүлэхэд бид байх ёстой гэсэн үүднээс нэгдсэн. Хамгийн гол нь сайн уран бүтээлүүд залуучууддаа хүргэх хэрэгтэй. Үндэснийхээ язгуур урлаг уртын дуу, морин хуураа рок хөгжимтэй хослуулж шинэ зүйлийг эрэлхийлж хайх зорилготой.

Цаашдаа ямар уран бүтээлүүд хийх төлөвлөгөөтэй байна?

Монгол язгуур урлагаа таниулах. Эстрад, рок хөгжимтэй хольж этник чиглэлийн урсгалыг маш сайн таниулах зорилготой байгаа. Концертын дараа шинэ цомгийн бичлэгт орно. Эх орон, хайр, ээж аав гэсэн мөнхийн сэдвүүд шингэсэн дуунууд байх юм. Энэ цомогтоо хоёроос гурван эх орны дуу оруулахаар ажиллаж байна. Мөн хуучны дуунуудаа залуучууддаа зориулж, сэргээн дуулна. Мөн бид “S” энтертайнмэнттай хамтарч ажиллаж байгаа. Бидний ард техникийн маш том баг ажиллаж байна. Бэлтгэл хангагдаад 100 хувь бэлэн болсон.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Түр замыг хаалаа

Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэлх түр замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.

Учир нь түр зам нь төмөр замын гарамтай огтлолцож байгаа тул аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарц дээр байгаа автомат тоноглолуудыг шилжүүлж, суурилуулах ажлыг хийхээр болж. Энэ ажлын хүрээнд 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний 22:00 цагаас 23-ны 07:00 цаг хүртэл түр замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Тоноглол хийгдэж дуустал цагдаагийн хоёр албан хаагч болон төмөр замын дохиочид байнга ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 24 га ой түймэрт шатжээ

га ой түймэрт шатжээ зурган илэрцүүд

Улсын хэмжээнд Архангай, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг долоон аймгийн 15 суманд 18 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 24 га ой, 31984 га хээр, нийт 32008 га талбай шатсан байна.

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 253 алба хаагч, 21 автомашин, Хилийн цэргийн анги байгууллагаас 21 алба хаагч, хоёр автомашин, орон нутгаас 610 иргэн, 69 автомашин, 53 мотоцикль, 39 морь, нийт 884 хүн, 92 автомашин, 53 мотоцикль, 39 морьтой ажилласан байна.

2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газарт /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийг унтраахаар Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 60 алба хаагч, орон нутгаас 136 иргэн, таван автомашин, найман мотоцикль, 31 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

70 өрх шинэ байрны түлхүүрээ хүлээн авлаа

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн орон сууцыг буулган шинээр ашиглалтад орсон “Шинэ гэр түншлэл” ХХК-ны 152 айлын орон сууц өнөөдөр ашиглалтад орлоо. Ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн зориулалттай 6, 7, 8 дугаар байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлж гүйцэтгэгч компани сууц өмчлөгчидтэй гурван талт гэрээ байгуулсан юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард барилгыг буулгаж, барилга угсралтын ажлыг 12 сарын дотор хийж гүйцэтгэн 152 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Уг орон сууцанд хуучин байранд амьдарч байсан 70 өрх хамрагдах бөгөөд өнөөдөр төлөөлөл болсон иргэдэд орон сууцны түлхүүрийг нь гардуулан өглөө.

Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын дарга Б.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч байсан 70 өрх өнөөдөр шинэ байрандаа орж эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлөөр бүрэн хангагдлаа. “Аз жаргалтай хот” хөтөлбөр нийслэлийн хэмжээнд 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг буулган шинээр барих ажлыг үр дүнтэй зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллана. Энэ ажил зөвхөн нийслэлийн хийх ажил биш. Иргэд, хувийн хэвшил харилцан ойлголцож хамтран ажилласнаар амьдрах орчноо сайжруулах сайн талтай юм” гэж ярилаа.

Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн орон сууцны зориулалттай 234 барилга байгаа юм. Эдгээр барилгуудад 6321 өрхийн 21500 гаруй иргэд оршин сууж байна. Нийслэлийн Засаг даргын 11 удаагийн захирамжаар зургаан дүүргийн шаардлага хангахгүй 138 барилгыг буулган, дахин барилгажуулах шийдвэр гарсан. Энэ оны эхний улирлын байдлаар 292 айлын 18 орон сууцыг буулгаж, 453 айлын дөрвөн орон сууцыг шинээр ашиглалтад оруулаад байна. 2018 онд 727 айлын найман орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж нийслэлийн Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үнэт цаас гаргах хүсэлтэй компаниудад зориулсан уулзалтын цаг авах цэсийг МХБ-ийн цахим хуудсанд байршууллаа

Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд идэвхжиж, үнэт цаасаа гаргаж хөрөнгө босгох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэж байгаа нь 2017 оны арилжааны дүн болон индексүүдийн өсөлтөөс харагдаж байна. Түүнчлэн, сүүлийн хагас жилд Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, анхдагч зах зээлд хувьцаагаа олон нийтэд санал болгох замаар хөрөнгө босгосон компаниудын үнэт цаасны худалдан авах захиалга нийлүүлэлтээсээ 3-16.5 дахин их байсан нь шинэ бүтээгдэхүүний эрэлт өндөр байгааг харууллаа.

Иймд МХБ-ээс үнэт цаас гаргахыг сонирхсон аж ахуйн нэгжүүдтэй ганцаарчлан уулзаж мэдээлэл өгөх зорилгоор МХБ-ийн цахим хуудсанд “Цаг авах” шинэ цэс үүсгэлээ. Үнэт цаас гаргах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд энэхүү цэсийг ашиглан ажлын өдөр бүрийн 11.00 цагаас уулзалт товлох боломжтой бөгөөд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж компаниуд та бүхэн бидэнтэй уулзаж, үнэт цаас гаргах талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Цаг авах цэс рүү энд дарж орно уу.

ХӨРӨНГИЙН БИРЖЭЭС МЭДЭЭЛЛЭВ

Categories
мэдээ улс-төр

ОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 55.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 23 минутад эхэллээ. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг танилцуулахад Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар “Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд нийслэл болон орон нутгийн хуулийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн төгсгөлд хуулийг хэрэгжүүлэх явцад зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлэх зөвлөмж гаргасан. Салбарын мэргэжилтэн, судлаачид оролцсон дээрх хэлэлцүүлгийн тайлан мэдээллийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулах хүсэлтэй байна” гэлээ. Байнгын хорооны дарга ирэх долоо хоногийн хуралдаанаар мэдээллийг сонсох нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хуралдааны эхэнд хийж, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулан гарсан саналуудыг хэлэлцсэн байна. Ингээд төслийн зарим нэр томъёог бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, Үндэсний зөвлөлийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд томилох, хуулийн дагаж мөрдөх хугацааг өөрчлөхөөр зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, ажлын хэсгээс мэдээлэл авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төслийн 3.1.11-т “үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх” гэж Монгол Улсын олон улсын гэрээгээр хориглосон хими, биологийн, эсхүл үй олноор хөнөөх бүх төрлийн зэвсэг, тэдгээрийн түүхий эд, эд зүйл, тоног төхөөрөмж, технологийг боловсруулах, үйлдвэрлэх, хуримтлуулах, олж авах, худалдах үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд, эсхүл шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсныг” гэж тусгасан байгаа бөгөөд хууль батлагдаад хэрэгжсэн тохиолдолд дээрх зүйл, заалтаар далимдуулан хүнийг хэлмэгдүүлэх асуудал үүсэх эрсдэл бий гэдгийг Улсын Их Хурлын гишүүд тэмдэглэн Ажлын хэсэгт анхааруулж, найруулга дээр нухацтай ажиллахыг сануулсан. Түүнчлэн төсөл дэх “3.1.12.“үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч” гэж үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүнийг” хэмээх заалт нь энэ төрлийн арилжаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хөндөхгүй байхаар томъёоллыг өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байлаа. Төсөл дэх хууль батлагдсан тохиолдолд дагаж мөрдөх хугацааг 2018 оны долдугаар сарын 01-ний өдөр болгох Ажлын хэсгийн саналыг хуралдаан оролцсон гишүүд 78.6 хувийн саналаар, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаахыг 64.3 хувийн саналаар тус тус дэмжлээ. Ингээд төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Гэрээний төслүүдийг зөвшилцөхийг дэмжив

Үргэлжлүүлэн Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр танилцуулсан. Улс орнууд иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, иргэд хоорондын хэрэг маргааныг чирэгдэлгүй шийдвэрлэх боломжийг бүрдүүлдэг. Манай улс одоогийн байдлаар 17 улстай иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулжээ.Бүгд Найрамдах Беларусь Улстай “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ” байгуулахаар 2014 оноос эхлэн ажиллаж, төслийг тохироод байгаа гэв. Гэрээний төсөл 21 зүйлтэй бөгөөд уг гэрээгээр хоёр улсын эрх бүхий байгууллагууд, хоёр улсын иргэд адил нөхцөлөөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гаргуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, баримт бичгийг гэрчлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа явуулах, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх зэрэг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой эрх зүйн туслалцааг харилцан үзүүлэх журмыг тохирчээ. Танилцуулагатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд гэрээний төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүд 85.7 хувийн саналаар дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Дараа нь “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр төслийн талаар танилцуулав. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр улс орнууд хамтран ажиллаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх, гэмт хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг дундаа үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй зохион байгуулалттай тэмцэх боломжтой болдог байна. Манай улс одоогийн байдлаар 17 улстай эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулаад байгаа аж. Бүгд Найрамдах Беларусь Улстай дээрх гэрээг байгуулахаар 2014 оноос эхлэн ажиллаж, 22 зүйл бүхий гэрээний төслийг тохироод байгаа юм байна. Гэрээний төслийн хүрээнд хоёр улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг, тухайлбал нотлох баримтыг олж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олсон эд зүйл, хэрэгслийг хураан авах зэргээр тодорхой төрлийн ажиллагааг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх аж. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь улс орнууд иргэдээ хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулдаг гэдгийг дурдаад “Энэ төрлийн гэрээ чухал ач холбогдолтой, гэхдээ монголчууд олноор суурьшин ажиллаж, сурч, амьдарч буй улс орнуудтай ийм гэрээ байгуулах чиглэлээр холбогдох яамд ажиллах нь зүйтэй. Манай хэдэн иргэн Беларусь Улсад, тус улсын хэчнээн иргэн Монгол Улсад ажиллаж амьдарч байна вэ” хэмээн тодрууллаа. 2017 оны байдлаар албан болон жуулчлах, суралцах зэрэг хувийн зорилгоор давхардсан тоогоор 4575 Бүгд Найрамдах Беларусь Улсын иргэн манай улсад, харин 43 монгол хүнтус улсад зорчсон талаарх мэдээллийг ажлын хэсгээс өгсөн. Гэрээний төслийг зөвшилцөх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөхийг 92.9 хувь нь дэмжлээ. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

“Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөх тухай асуудлаар хуралдаан үргэлжилж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр танилцуулга хийв. Гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр улс орнууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд харилцаагаа хөгжүүлэх боломжтой болдог байна. Манай улс өнөөдрийн байдлаар 17 улстай эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлдэг бөгөөд 2014 оноос Гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээг Бүгд Найрамдах Беларусь Улстай байгуулахаар ажиллаж эхэлжээ. Энэ хугацаанд 23 зүйл бүхий гэрээний төслийг хоёр тал харилцан тохирсон бөгөөд энэ хүрээнд гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөл, шилжүүлэхээс татгалзах үндэслэл, шаардагдах баримт бичиг, шаардлагатай тохиолдолд гэмт этгээдийг түр саатуулах, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон байна. Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх төрлийн гэрээ хэлэлцэлийг монголчууд олноор ажиллаж, сурч, амьдардаг улс орнуудтай байгуулах чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам санаачилгатай ажиллах шаардлагатай гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Ш.Раднаасэд нар хэлсэн. Ингээд төслийг зөвшилцөхийг гишүүдийн олонх дэмжснээр санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 тоот дүгнэлтийг хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай иргэнээс гаргасан маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хэлэлцсэн байна. 2018 оны дөрөвдүгээр сарын06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Үндсэн хуулийн цэцийн дээрх хуралд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон Ч.Дондогмаа Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд байлцсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Д.Ганболд, Л.Болд, Ж.Батзандан, С.Бямбацогт нар байр сууриа илэрхийллээ. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 тоот дүгнэлтийг дэмжиж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хуралдааны төгсгөлд Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн. Ингээд ОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлтийг гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд нарыг ажиллуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын анхдугаар наадам болно

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын анхдугаар наадам”-г Монгол-БНХАУ-ын найрамдалт хамтын ажиллагааны түүхт 70 жилийн ойн хүрээнд “Нэг бүс-Нэг зам” төслөөр Гранд Чайна Спортс ХХК-ний нэрэмжит болгон зохиохоор болжээ. Тэмцээн Улаанбаатар хотноо ирэх тавдугаар сарын 29-31-нд болох тов гараад байна. Спортын наадамд Дифлимп (сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй), Паралимп (гар хөл, нуруу нугас болон харааны бэрхшээлтэй), Тусгай Олимп (оюуны бэрхшээлтэй) хүүхдүүдийн дунд спортын найман төрлөөр 238 медалийн төлөө өрсөлдөх юм. Одоогоор 493 тамирчин, 81 шүүгч, найман эмч, сайн дурын ажилтнууд оролцохоор бүртгүүлжээ.

Спортын наадмын зохион байгуулах хорооны гишүүн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын дарга Ц. Шаравжамцтай ярилцлаа

-Энэ наадмыг жил бүр уламжлал болгон зохиох боломжтой юу?

-Бид энэ талаар ярилцаж байгаа. Боломжийг бүрдүүлэхийг хичээж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам гэдэг Монголд бол бараг болдоггүй дутмаг асуудал тул уламжлал болгон зохиохоор санал тавьсан. Хятадын талаас хариуг шийднэ.

-Тоног төхөөрөмж, материаллаг баазын асуудлыг яаж шийдэж байна?

-Хятадын талаас ихэнх санхүүжилт гарч байгаа учраас наадмын тоног төхөөрөмжийг хангана. Цаашид энэ материаллаг бааз нь Монголд үлдэж, хэрэглэгдэхүүн болно.

-Эхний гурван байранд орсон тамирчид олон улсын тэмцээнд орох боломж бий юу?

-Олон улсын тэмцээнүүдэд оруулах хүүхдүүдээ шалгаруулахын тулд энэ наадмыг зохиож байгаа. Тийм бүрэн боломж бий. Ер нь цаашлаад ирээдүйн тив дэлхийд өрсөлдөх Паралимпийн тамирчдыг үүгээр дамжуулан шалгаруулж бэлтгэж авах санаа юм.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн биеийн тамирын хичээлийн сургалтын агуулга стандарт ямар байдаг вэ?

-Одоогийн байдлаар ерөнхий боловсролын сургалтын системтэй адилхан явагдаж байгаа. 2018-2019 оны хичээлийн жилээс хөтөлбөрөө шинэчлэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өөрсдийн норм стандартад нийцсэн шинэ хөтөлбөртэй болохоор ажиллаж байна гэв.

Монгол-Хятадын Биеийн Тамир Спортын ерөнхий холбооны гүйцэтгэх захирал Хоу Да Вэй ярихдаа:

-Монгол-Хятадын найрамдалт 70 жилийн ойн хүрээнд Гранд Чайна Спортс ХХК хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анхдугаар наадмыг зохиохоор болсонд баяртай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын асуудлыг бүх талаар нь анхаарах ёстой. Гранд Чайна Спортс ХХК энэ жил таван тэмцээн зохиохоор төлөвлөсөн. Эхнийх нь энэхүү наадам болж байна. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн наадмаар эхэлж байгаа вэ гэвэл нэгдүгээрт олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын асуудалд анхаарлаа хандуулаасай, хоёрдугаарт Монгол-Хятадын хамтын ажиллагааг тэлэх, гуравдугаарт тавдугаар сарын 29-нд Монголд байгаа хятад байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын үйл ажиллагаанд зориулан хандивын аян өрнүүлж, Монголын Үндэсний Паралимпийн Холбоонд гардуулна. Бидний энэхүү төслийг дэмжиж хамтран ажиллаж байгаа МБТСГ, МҮПХ-нд талархал илэрхийлье. Мөн Монголын Биеийн Тамир Спортын Газрын дарга Ц. Шаравжамцад тусгайлан талархснаа илэрхийлмээр байна.

Монголын Үндэсний Паралимпийн Холбооны ерөнхийлөгч Д. Нямхүү энэ үеэр ярихдаа:

-“Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий цогцолбор барих ажлыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар гүйцэтгэхээр тусгагдан ажиллаж байна. Мөн холбоо маань “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спорт долоо хоног” хөтөлбөр зарлан манай 16 холбоо өөр өөрсдийн хөтөлбөрийг явуулна. Орон нутагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортод татан оруулах, сонирхолтой болгох, ирээдүйн тамирчдыг бэлтгэхээр ажлаа эрчимжүүлсэн” хэмээн ярив.

С.ОТГОНБАЯР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тавантолгой ордоос нүүрс тээвэрлэж буй жолооч нарын нийгмийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Тавантолгой ордоос нүүрс тээвэрлэж буй жолооч нарын нийгмийн асуудлыг шийдлээ

Тавантолгой ордоос улс хооронд худалдаалах нүүрсний тээвэрлэлтийг хилээр саадгүй нэвтрүүлэх, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл болон автозамын ачаалал, осол гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, жолооч тээвэрлэгч нарын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх улсын хилийн зурваст “Авто зогсоолын цогцолбор” төсөл хэрэгжүүлнэ.

Төсөл хэрэгжсэнээр

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд үүсдэг автомашины урт дарааллыг арилгана

-Тээвэрчдийн баталгаат хоол хүнс, тав тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амрах нөхцөл бүрдэнэ.

-Нүүрс тээвэрлэлтийн явцад гардаг осол эндэгдлийг бууруулж жолоочдын амь нас хохирол гардаг асуудлыг таслан зогсооно.

-Орон нутгийн байгаль экологид учирч буй сөрөг нөлөөллийг бууруулна.

-Төслийн хүрээнд рентген төхөөрөмж бүхий гаалийн хяналтын бүсийг байгуулснаар хил гаалийн шалган нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөн ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хилээр хориглосон болон хязгаарласан эд, бараа хууль бусаар нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлнэ зэрэг үр дүн гарах ач холбогдолтой гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамаар нийт 104 аж ахуйн нэгжийн 8700 гаруй автомашин нүүрсний тээвэр хийж байна. Монгол-Хятадын хилийн автозамын Гашуунсухайт боомтын хяналт шалгалт, нэвтрүүлэх хурдаас хамаарч өдөрт 400-1100 автомашин хилээр нэвтэрдэг бөгөөд хэвийн ачаалалтай үед 20-30, ачаалал нэмэгдсэн үед 140 км хүртэл урт дараалал үүсдэг. Үүнээс шалтгаалан жолооч нарын дунд өрсөлдөөн үүсч, зориулалтын бус замаар явах, гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, дараалал дундуур дайрч замын зорчих хэсгийг хаах зэргээр хөдөлгөөнд зүй бусаар оролцдог. Энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчиж осол эндэгдэл гарах, жолооч нарын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох, мөн замын дагуу хог хаягдал үүсгэж орчныг бохирдуулдаг, газрын хөрсийг сулруулж их хэмжээний тоосжилт үүсгэн байгаль орчныг бохирдуулан эко системд хор учруулдаг зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна.

Тавантолгой-Гашуунсухайт замд 2016 онд зам тээврийн 1596 осол гарч, 8 хүний амь нас хохирсон бол 2017 онд 1000 орчим осол гарч, 7 хүн амь насаа алджээ.

Нүүрсний тээвэрлэлтийн урт дарааллыг зохицуулах, жолооч нарын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр, улсын хилийн зурваст газарт (48 га талбай) “Автозогсоолын цогцолбор” байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

“Авто зогсоолын цогцолбор” төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, шаардлага хангасан хуулийн этгээдийг сонгон үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгалаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хуулийн төсөлд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх үйл ажиллагааг 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 10 жилд хэрэгжүүлж дуусгах мөн хуульд тусгах шаардлагатай нэр томъёоны тодорхойлолт, төрөөс газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх, газар өмчилж авах өргөдөл гаргах, түүнийг хянах, газар өмчлөгч иргэнд хориглох зүйл, иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон бүртгэл, хөдөлгөөний талаар тодорхой зохицуулалтуудыг нэмэх, өөрчлөн найруулах саналыг тусгажээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх 2002 оны зургадугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хугацаанд хуульд 7 удаа нэмэлт өөрчлөлт орж, үүний гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацааг тав, таван жилээр сунгасан байна.

2017 оны байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18,3, нийт өрхийн 62,54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авчээ.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан

Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолттой холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Өмнөговь, Дундговь аймагт энэ 12-14-нд ажилласан томилолтын мөрөөр дараах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

-Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн ашиглагдахгүй байгаа хуучин барилгыг орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэх,

-Дундговь аймгийн Дэлгэрхангай, Өлзий сумдыг шилэн кабельд холбох арга хэмжээ авч ажиллах,

-Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын тавьсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн болон нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн тодорхой хувийг орон нутагт хуваарилах, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх шилжүүлгийн хэмжээг бууруулах” зэрэг саналыг судалж, шийдвэрлэх,

-Дундговь аймагт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотын Монгол эмнэлгийн хорооны салбар эмнэлгийг байгуулах саналыг судалж хариу өгөх, аймгийн Нэгдсэн эмнэлэгт бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн автомашин, зарим шаардлагатай тоног төхөөрөмж олгох,

-Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах зардал болон тус шинээр барих хөрөнгийн эх үүсвэрийг 2019 оны улсын төсөвт оруулж шийдвэрлүүлэх

-Дундговь аймгийн төвд 2010 оноос эхлэн шинээр баригдаж байгаад орхигдсон аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажлыг дахин эхлүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулах эсэх асуудлыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Товч мэдээ

  • -Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • -Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж энэ сарын 24-26-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
  • -БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд 2018 оны дөрөвдүгээр сарын 20-нд “Инвест Монголиа” олон улсын хөрөнгө оруулалтын чуулган болно. Чуулганд оролцох Монголын талын төлөөлөгчдийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ахална.
  • -Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг 2018 оны дөрөвдүгээр сарын 17-18-нд Бүгд Найрамдах Социалит Вьетнам Улсын Данан хотод зохион байгуулагдах “Уур амьсгалын ногоон сангийн Азийн бүсийн зөвлөлдөх уулзалт”-д оролцохыг зөвшөөрч удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
  • -Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-ын Вашингтон хотод энэ сарын 16-22-нд зохион байгуулагдах Олон улсын валютын сан, Дэлхийн банкны 2018 оны Хаврын уулзалт, Нью-Йорк хотод энэ сарын 23-26-нд болох Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гуравдугаар чуулга уулзалт, Филлипин Улсын Манила хотод ирэх сарын 3-5-нд болох Азийн хөгжлийн банкны Захирагч нарын 51 дүгээр жилийн уулзалтад оролцохыг зөвшөөрлөө.
  • -Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын 2018 оны гуравдугаар сарын 6-9-нд Бүгд Найрамдах Турк улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгав.
  • -УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг зарчмын хувьд дэмжсэн саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр болов.
  • -УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын санаачлан боловсруулсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд холбогдох саналыг хууль санаачлагчдад уламжлахаар тогтов.
  • -Ганболдын Ганбаярыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар томилов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

чуулган зурган илэрцүүд

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гарах шийдвэрийг тодорхой болгох үндэслэл, шаардлагад нийцүүлэн уг хуулийн төслийг боловсруулжээ.

Төсөлд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулахаар, уг асуудлаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргахаар тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринесдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс