Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаанаар хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцэнэ

Зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.

Хуралдаанаар Монгол Улсын Батлан хамгаалах тухай, Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Баяжуулсан хүнсний тухай, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай, Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Мөн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийнэ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол үгээ монголоор бичих үү, яах уу?

Манай хэл сөнөж байна гэж ярих хүн бишгүй л байдаг. Жишээлэхэд, манж хэл мөхсөн байна хэмээн гэрч татах нь энүүхэнд. Мэдээж нэг өглөө босоод иртэл хэл нь алга болчихсон, хоорондоо дохио зангаагаар ойлголцохдоо тулчихсан байвал үнэхээр хэцүү тул хүмүүсийн санаа зовох нь ч бас зөв юм. Манайхан доктор борьпийсор ихтэй улс тул дор нь шинэ хэл зохиолгох чадвартай боловч тэр болтол нь хоорондоо хэл ам авалцах гэж бөөн яршиг л даа.

Тэхээр ойрын үед хэлээ яавч мөхөөж болохгүйг бидний эрх ашиг харуулж байна. Энэ хорвоо дээр сөнөхгүй, мөхөхгүй юм гэж байхгүй, бүтэж бүрэлдсэн бүхэн хувиран арилах нигууртай хэмээн Будда Шагжаамунь сургасныг бодоход хэл байтугай л юм мөхдөг байх нь. Хүн өөрөө үхмээргүй байсан ч үхлээс зайлдаггүй шиг. Гэхдээ хэл судлаачдыг, тэр ч бүү хэл хамгаалах нөхөрлөлийн гишүүдийг төрөхөөс өмнө байсныхаа хувьд тэднээсээ хойш мөхөх биз ээ, энэ хэл гээч юм.

Эрдэмтэн мэргэдээс эхлээд энгийн хүнийг хүртэл хэл төрөх, мөхөх талаар олон зуун үндэслэл бодож олсон боловч энд маш энгийн дүрэм үйлчилдэг. Тэр хэлээр ярих хүмүүс нь байвал хэл оршин тогтноод ярих хүнгүй болчихвол арилаад явдаг. Тэгэхээр монгол хүн байгаа л байвал хэл нь байгаад л байна гэсэн үг. Харин монгол хүн алга болчихвол нэг эзэнгүй хэл дэмий тэнээд явахгүй, эзнээ дагаад арилна гэсэн үг. Тэгэхээр хүнээсээ түрүүлээд хэл алга болчих вий, ярих хэлгүй болж балрах вий гэхчлэнгээр эмээх хэрэг байхгүй мэт ээ.

Харин хэл үргэлж шинэтгэж баяжиж явдаг гэдэг ээ. Монгол хэл угаасаа баян. Дээр нь бидэнд уулаасаа байгаагүй, бид анх санаачилж хийгээгүй зүйлийнхээ нэрийг өргөж аван өргөжиж явдаг. Усан тээвэр хөгжөөгүй ч гэсэн усан онгоцонд өөрийн нэртэй өгч яахав болж байж. Харин “компьютерийг Чингисийн үед ингэж нэрлэж байжээ” гээд өөрийнхөөрөө хэлэх боломжгүй.

ХХ зуунд өнөө бидний ярьж буй орчин цагийн монгол хэл бүрэлдсэн байна. Утга зохиолын яруу сайхан хэлийг төлөвшихөд уран үгийн мастер-зохиолчид ихээхэн хувь нэмэр оруулсан гэдэг. Энэ үеийн монголчуудын шинэ соёлын үлгэр, ундарга, бахархал нь Зөвлөлт буюу Оросын соёл байсан билээ. Бараг тавиад мянган хүн Зөвлөлтөд янз бүрийн шатны боловсрол эзэмшсэн ба шинэ цагийн соёлын түүчээ нь тэд болсон юм. Шинэ цагийн соёл боловсролыг түүчээлэгчид нь орос хэл бичигтэй, нийтээрээ оростой адил үсэгтэй байсан зэргээс үүдэн монгол хэлэнд өрнөдөөс орж ирсэн олон арван шинэ үгс орос бичлэг-монгол дуудлагатайгаар төлөвшжээ. Барьтзаан гэж яриад партизан гэж бичих, орьёон гэж хэлээд район хэмээн тэмдэглэх гэхчилэнгээр. Гэтэл Монгол орон дэлхий ертөнцөд нээлттэй болсон сүүлийн хориод жилд эдгээр үгсийг орос “арга”-аар бичин монгол “билиг”-ээр дуудахад бэрхшээл гарах боллоо. Учир нь бидний эрдэм мэдлэгийн цор ганц гүүр орос хэл байхаа болилоо. Орос хэлийг голж ширвэсэндээ ч биш юм. Илүү олон газар орон, үндэстэнтэй харилцах боломж өгдөг англи хэл тэргүүлэх хэрэгцээ болов. Хуучин орос хэлтэй улсын эзэлж байсан жинг өнөөдөр англи хэлтнүүд үндсэндээ эзлэх болов. Үүнээс үүдээд шинэ үеийнхэн “пэлээтэг”-ийг яагаад “плитка” гэж бичээд байгаагийн учрыг асуухад “Оросоор тэгдэг” гэж хариулах арай л дутуу дулим болоод байна. Учир иймд нэгэнт монгол хэлэнд баттай орж, ойлголт дуудлагаараа манайшсан үгсийг монгол маягаараа бичиж эхэлбэл яасан юм бэ гэсэн саналыг сэтгүүлч, зохиолч, туурвигч нартаа хандаж тавих гэсэн юм аа. Төмөр, дарь, архи, цонх, цүнх, харандаа, дэвтэр, ном, замаг, хаминдаа, жижүүр, гарааш, чагнаал гээд олон арван өргөмөл үгийг цаад эх хэлэндээ хэрхэн бичдэгийг тэр бүр мэддэггүй, сонирхдоггүй. Та бүхэн монгол хэлний тайлбар толийн К,Р,Ф-гээр эхэлсэн үгсийг байг гэхэд Л толгойтой хэсгийг хараарай. Бидэнд төрсөн хүүхдээс ялгаагүй болсон өргөмөл үгс дүүрэн байгаа.

Ингээд та бүхэндээ монгол үгээ монголоороо бичих санал тавьж санаанд орсон хэдхэн жишээг хавсаргая.

1.Пэлээтэг-Гаазын пэлээтэг, миикроопэлээтэг бараг тогтчихлоо

2.Хярлаа (Крыло буюу машины шаврын хаалтын эмжээр хэсэг. Эмээлийн хяр энэ тэр гэдэг шиг сайхан монголжсон байна)

3.Хунляатор (аккумлятор)

4.Аржаатар (Аржийж барзайсан энэ юмыг радиотор гэхээ больё)

5.Амаржийнэ (Машин тэргээр амар, зөөлөн явахад зориулсан хэрэгслэл буюу амортизатор)

6.Бажийнк (энийг заавал ботинка гээд яах ч билээ)

7.Больтоо (Пальто хэмээх дээл)

8.Юүпэг (миинии юүпэг)

9.Шэлээп (Ишляап гэдэггүй байж шляп гэж бичээд хэрэггүй)

10.Эрзээн (Эрзээн мэт сунаад гэхээр захын эмгэн мэднэ)

11.Хаймар (дотуур хаймар, олгой хаймар)

12.Госчоом (госчоом пэнжээх өмсдөггүй монгол хүн алга. Энэ бол шинэ үеийн монгол үндэсний хувцас болсон)

13.Моод (энэ үгийг Мода гэхээр эвгүй, Мод гэхээр ургамал гэж ойлгочих гээд зовлон их байдаг)

14.Хээт (Хээт бол монгол хүний өмсөх дуртай зүйл болж)

15.Пүүз (Найк пүүзтэй хүн ч хүн шиг харагддаг болж)

16.Таагчиг (Сонгуулийн таагчиг чухал)

17.Арьзээтаг (арьзээтаггүй газар тог байгаад нэмэргүй)

18.Богоон (Богоон богоон цээмэнт хилээр орж ирж байна)

19.Бүлтүүзэр (Сонсмоол машинд ачих шороог бүлтүүзэрээр түрж авчирдаг. Харин сэсчээрийн ёонкосонд бол шингэн ачаа ачдаг)

20.Нармайлдах (Өвлийн цагт царцуу машааныг асаамагцаа арван минуут нармайлдах чухалтай)

21.Авьтиирак (эрэг боолтыг түлхүүрээр, шүрүүпийг авьтииракаар эргүүлнэ)

22.Хааз (Дарханы зам дээр хаазаа нэмээд давхина. Сагсуу нөхөр над руу баахан хаазалж байгаад явлаа.)

23.Тооромсог (энэ хэллэгийн хүрээ зөвхөн машинаар зогсохгүй. “Жолоогоо тат” гэдэг хуучин хэллэгийн оронд “Хүүхээ, жаахан тооромсогтой байгаарай” гэсэн хэллэг орж ирж байна.)

24.Манжаатаг (цамцны манжаатаг, Маньвийлддэг тэрэг унадаггүй, манжаатагтай дугуй тавьдаггүй жолооч оо, би.)

Гэхчлэнгээр энэ жагсаалтыг та бүхэн үргэлжлүүлээрэй.

2009.11.17

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Монгол үгээ монголоор бичих үү, яах уу?” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Рио Тинто” компанийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Оюу толгойн ирээдүй гэгээтэй байна” хэмээн ярьжээ.

“Өдрийн сонин”-д Сүүлийн үед улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдалтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлтэй ярилцсан байна. Тэрээр “Би энэ гэрээг хийсэндээ харин ч бахархдаг” гэдэг бол ухаантай улсын хэлэх л ёстой үг” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “Жаст”-ын Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан “Хадгаламж банкийг хууль бусаар төрийн мэдэлд шилжүүлсэн” хэмээн ярьсан байна.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол үгээ монголоор бичих үү, яах уу?” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Багш” нүүрт Мэргэжлээ хэрхэн сонгох талаар Ажил мэргэжлийн чиг баримжааны үндэсний зөвлөх П.Оюунаа “Авьяас чадвараа болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тооцож мэргэжлээ сонгох хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Байтаг Богдын тулаанд оролцсон түрүүч Чойжингийн охин Оюунгэрэл “Байтаг Богд” кинонд Төгөлдөр хүү маань өвөөгийнхөө түүхэн дүрийг бүтээсэн” хэмээн ярьсныг “Удам судар” нүүрээс хүлээн авч уншаарай.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийг дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөлөө

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙГ зурган илэрцүүд

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 16-ны байдлаар амбулаторийн 77.138 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 2644 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 3.4 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшинтэй ижил, өнгөрсөн оны мөн үеэс 0.1 хувиар их байна. Нийт өвчлөгсдийн 34.6 хувийг 0-1 нас, 27.9 хувийг 2-4 нас, 16.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1023 дуудлага ирснээс 40.4 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэж хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөлөө.

Categories
гадаад мэдээ

Башкир улсад дунд сургуулийн сурагч ангийнхаа хүүхэд рүү халджээ

Зураг

Дунд сургуулийн нэгэн сурагч мэдээлэл зүйн танхимд сууж байсан ангийнхаа охин болон багшийг хутгаар гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ хэрэг ОХУ-ын Бүгд найрамдах Башкир улсын Стерлитамак хотын 1 дүгээр дунд сургуульд болсон байна. Гэмт этгээд багш болон сурагч руу халдсаны дараа танхимд шатамхай бодис асган, гал тавьжээ. Дараа нь тэрбээр амиа хорлох гэж оролдсон байна.

Бэртэл гэмтэл авсан 2 сурагч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 1 багш сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа аж.

Халдлага үйлдсэн этгээд нь тус сургуулийн 17 настай сурагч байсан бөгөөд тэрбээр нийгмийн сүлжээний “ВКонтакте” хуудастаа аллага, үзэн ядалтын талаархи зураг болон дүрс бичлэгүүдийг оруулдаг байжээ. Халдлага үйлдэхээсээ өмнө тэрбээр АНУ-ын “Колумбайн” хэмээх дунд сургуульд болсон халдлагын талаархи дүрс бичлэгийг “ВКонтакте” хуудастаа нийтэлсэн байна. ОХУ-ын мөрдөн байцаах газар халдлага үйлдсэн сурагчид эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ-т оффшор бүс дэх дансны талаар 20 гаруй албан тушаалтан мэдүүлэв

атг зурган илэрцүүдАТГ-т холбогдох хуулийн дагуу оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаар 20 албан тушаалтан мэдүүлгэ ирүүлэв.

Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа энэ сарын 6-ны өдрөөр дууссан. Гэвч энэ хугацаанд УИХ-ын хоёр гишүүн, Монголбанкны нэг албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад шилжүүлснээ, Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагын удирдах нэг албан тушаалтан өөрийн эзэмшиж байсан 3 дансыг хаалгасан тухай мэдүүлэн бүртгүүлжээ. Түүнчлэн оффшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэж бүртгүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэстний цөөнх тува иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Үндэстний цөөнх тува иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдийн төлөөллийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд авч уулзлаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг тува иргэдийн эрхийн хэрэгжилтийн асуудлаар тэдний санал бодлыг сонсч, урьд өмнө нь хамтран хэрэгжүүлсэн ажил үйлс хэрхэн биеллээ олж байгаа болон үндэстний цөөнхийн эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдал хэр байгаа талаар санал солилцож нээлттэй ярилцлаа. Эдгээр иргэдийн төлөөлөл нь Хөвсгөлийн тайгаас нийслэлийг зорин ирж Монголын Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн 8 дугаар зөвлөгөөнд оролцоод буцахдаа эртний танил П.Оюунчимэг гишүүнийг зорин ийн уулзахаар ирсэн байв. Тэдэнд хамтран ажиллах, шийдвэрлэх асуудлууд цөөн биш байгааг уулзалтын үеэр хөндөж ярилцлаа.

Тухайлбал, 2019 онд зохион байгуулах “2000 цааны баяр”-ыг тэмдэглэхийн сацуу тайгад аж төрж буй хүмүүсийн эрхийн асуудлыг олон нийтэд таниулах, цаа маллаж амин зуулгаа залгуулж ирсэн соёлыг хүндэтгэх, мөн цаатан иргэдийн ажилласан жилийг малчидтай адил тооцуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгодог болгуулах, сум орон нутгийн удирдлагад үндэстний цөөнхийн төлөөллийг оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тува иргэдийн талаарх зарлигийн хэрэгжилт зэрэг сэдвээр ярилцлаа. Монгол Улс дахь үндэстний цөөнхийн нэг болох тува иргэн 470 гаруйхан байгаа бөгөөд тэдний амьжиргааны гол эх үүсвэр цаа бугын бэлчээрийн хүртээмж, баруун, зүүн тайгын газар нутгийн 96 хувь нь уул хад эзэлдэг тул 3-4 хувийг нь бэлчээрээр ашиглах боломжтой байдаг зэрэг нөхцөл байдлыг судалж үзэх шаардлагатай гэдгийг уулзалтын үеэр ярьж байлаа.

Үндэстний цөөнх тува иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Үндэстний цөөнх тува иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Categories
мэдээ нийгэм

Эрдэмтэд аз жаргалтай гэрлэлтийн нууцыг олжээ

Бага орлоготой хосууд гэр бүлийн амьдралдаа илүү аз жаргалтай байдгийг АНУ-ын Жоржи муж улсын их сургуулийн судлаачид тогтоожээ. Судалгааны ажлыг “Social Science Research” сэтгүүлд нийтэлсэн байна.

Судлаачид 24-89 насны 3,5 мянган хүнтэй ярилцлага хийж, тэднийг ганц бие хүмүүс, гэрлэсэн хосууд, дөнгөж гэрлэсэн хосууд гэсэн гурван бүлэгт хуваажээ. Судалгаагаар ганц бие хүмүүс харилцаагаа удаан үргэлжлүүлж байгаа хүмүүсээс илүү сэтгэл санааны гүн хямралд өртдөг нь ажиглагджээ.

Түүнчлэн гэр бүлийн амьдралдаа аз жаргалтай байх нь орлогын түвшинтэй холбоотой болохыг судлаачид олж тогтоосон бөгөөд бага орлоготой хосууд хамгийн их аз жаргалтай байгаа нь судлаачдыг гайхшруулжээ. Гэрлэсэн эсвэл хосоороо амьдардаг хүмүүс ганц бие хүмүүсээс илүү амьдралаас таашаал авдгийг судлаачид өмнө нь тогтоосон юм.

Categories
мэдээ спорт

“MGL-1 FIGHT NIGHT 2” чансаа ахиулах тулаан маргааш болно

Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, SPS HD телевиз хамтран чансаа ахиулах 14 шилдэг тулаанчийн “MGL-1 FIGHT NIGHT 2” тулааныг 2018 оны дөрөвдүгээр сарын 19-нд Спортын төв ордонд 19:00 цагт зохионо.

Холимог тулааны хамгийн хөнгөн жингийн нэг номерийн төлөө “Хөх чоно” клубын тамирчин Ц.Батнасан түүний эсрэг “Ширэн бээлий” клубын тамирчин А.Аюуш, мөн 77 кг жинд “Шандас дожо ТУНГАА team”-ийн тамирчин Ховд аймгийн харьяат Б.Энх-Оргил, Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сумын харьяат Э.Даваабаяр нар тулалдаж ялсан тамирчин аваргын бүсийн төлөөх тулааны эрхээ авах юм.

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Б.Сарантуяа “Инээмтгий хүн” тоглолтоо шинэчлэн хүргэнэ

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа одоогоос 23 жилийн өмнө тавьж байсан “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо дахин сэргээж, төрсөн өдрийн баяраа үзэгчдийнхээ хамт тэмдэглэхээр боллоо.

Энэ сарын 20-нд “Corporate Convention centre”-т болох тоглолт хоёр хэсэг, 22 дуунаас бүрдэх юм. Тоглолтын I хэсэг “Инээмтгий хүн” театрчилсан тоглолт, II хэсэгт хит дуунууд болон “Морин хуур” наадмын дэд байрын шагналт “Амьдрал” киноны дуу зэрэг шинэ уран бүтээлүүд эгшиглэнэ.

2016 онд дуучин Б.Сарантуяа яруу найрагч Р.Эмүжингээр “Зууны дуу хоолой, Би Сараа” номоо бичүүлж, 2017 оны 12 дугаар сард “Хөх Монгол принтинг”-ээр хэвлүүлсэн бөгөөд Дархан, Эрдэнэт, Өмнөговьд номын баяраа тэмдэглэн, тоглолтоо толилуулсан юм. Харин нийслэлийн үзэгчиддээ төрсөн өдрийн тоглолт, номын баяраа ийнхүү хамтад нь хүргэх гэж байна. Тоглолтын завсарлагаар номын зохиогч Р.Эмүжин, дуучин Б.Сарантуяа нар ном худалдан авсан үзэгчидтэйгээ уулзан, гарын үсгээ зурах юм.

1995 онд “Saraa’s music production”-ы “Инээмтгий хүн” тоглолтыг “On’n Off” продакшн зохион байгуулж байсан бол энэ удаагийн тоглолтыг “Skin entertainment” хариуцан ажиллаж, УДБЭТ-ын балетын бүжигчид, орчин үеийн бүжгийн хамтлаг, дуучин Сараагийн амьд хөгжмийн “Random” хамтлаг оролцох юм.
Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч 70, 90 мянган төгрөгийн үнэтэй байх аж.