Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарын уушги болсон моддыг битгий тайраач

-НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТБОЛД БОЛОН ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР Т.ГАНТӨМӨР НАР АА, МОД БИТГИЙ ТАЙРУУЛААЧ-


Д.Ринчен усны гидро инженер хүн. Унаган багаасаа хотын төв Бага тойрууд өсөхдөө хотын төв гудамжны битүү ногоон төгөлд сэтгэл баясан алхаж явжээ. Өнөө харин хотын төвийн гэлтгүй Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүрэг дэх олон жилийн настай улиаснууд хатангаршин хатаж үхэх болсонд гүнээ харамсан манай сонинд хандан хамт явж сурвалжлага хийхийг хүссэн юм. Тиймээс өчигдөр орой зөвхөн Бага тойруу буюу Ататуркийн нэрэмжит V сургуулиас нэгдүгээр дэлгүүр (хуучнаар) хүртэлх хэсэгхэн зайд очиж мод бүхний дэргэд зогсон эмгэнэл илэрхийлэх шахуу бичил яриа үүсгэсэн юм.


-Та юуны учир бухимдан, зөвхөн модны төлөө ярилцъя гэх болов?

-Энэ хавь Бага тойруугийн гудамж байхгүй юу. Бага тойруугийн гудамж арван жилийн өмнө битүү модтой байлаа. Тавдугаар сургуулийн үүд, Нэгдүгээр дэлгүүр, Соёл урлагийн их сургууль гээд ямар сайхан мододтой байлаа. Тэр үед ямар сайхан байсан гэж санана. Одоо тэгэхэд тожийгоод тожийгоод, зарим мод нь ёрдойгоод хатчихсан, бүр хожуул болчихсон. Байгалийнхаа жамаар өтгөн мөчрөө ургуулж буй модод дээлтэй ханхар хүдэр эрс шиг, харин мөчрөө тайруулсан модод нь биеийн тамирын цамцтай доогуураа нүцгэн, дээгүүрээ халзан өвгөд шиг харагдаж байгаа биз. Хатчихсан мод нь энд тэндээ булцуу ургачихсан байгаа биз.

-Тийм байна. Энэ булцуу ч мөчир биш юм байна шүү дээ?

-Юун мөчир. Мөчрийн ор ч биш. Наадах чинь модны өвчин. Энэ модод яагаад ингэж хатаж өгрөв өө. Яагаад ингэж хатав гэхээр буруу тайралт хийснээс болсон. Модыг тайрч болдгийг дэлхийн олон орны туршлага гэрчилнэ. Модыг тайрахдаа мөчрийн үзүүрээс нь ердөө 10-15 хувийг л тайрдаг. Модны нийт мөчрийн 15 хувиас илүү тайрч болдоггүй юм. Гэтэл манайхан 70-90 хувийг нь тайраад хаячихаж байна. Нэг гол дээр арван мянган мөчир байя гэж саная. Тэр мөчир бүхний тоогоор газар доогуур үндэс байдаг. Нэг үндэс нэг мөчрийг тэжээх гэж л газар доор амьдарч байна. Газар доороос агаар, ус, шимээ авч мөчрөөрөө дамжуулан хотын агаарыг цэвэршүүлж, дуу чимээг шүүж балансыг нь тэнцвэржүүлж байдаг. Нэг мөчир ямар их ус барьдаг, ямар их агаар үйлдвэрлэдэг, ямар их дуу чимээ шингээдэг, ямар их таатай орчин үүсгэдэг, ямар их агаар цэвэрлэдэг гэж санана . Модод хүний нүдний баясгаланг нэмж, үзэсгэлэн гоогоороо гайхуулна. Хамгийн гол нь Улаанбаатарын ганц амьсгалах уушги чинь энэ модод байгаа юм. Тэгэхэд мөчрийг нь тайрсан модны булцуунууд идээ бээртэй нүүр шиг болчихдог. Булцуу үүсээд ирэхээр модонд гажилт үүсдэг. Гажилтанд орохоор үндсүүд хоорондоо тэмцэлдээд мөчрүүд нь хатангаршин үхэж эхэлдэг.

-Модыг тайрах шалтгаан байгаа учраас хотын мэргэжилтнүүд тайрч байгаа байлгүй дээ?

-Орон сууцны айлуудын цонхыг модод хаадаг байлаа гэж бодъё. Цонх руу нь модны мөчир орж ирэх гээд байж болно. Тэгвэл мэргэжлийн хүн зогсож байгаад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах ёстой. Улаанбаатар хотод дендрологич гэж хүн мундаг өндөр цалин цавуу аваад байж байгаа. Дендрологич бол Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ерөнхий архитекторч хүн шүү дээ. Тэр хүн моддыг яагаад ингэж буруу тайруулаад байна вэ гэвэл ямар ч мэдлэггүй хүн байгаа байхгүй юу. Мэдлэггүй ч гэхэд хаашаа юм, тэр нөхөр ямар ч үүрэг хариуцлага хүлээдэггүй хүн байгаа юм. Тэр л бидний уушгийг урж хорт хавдраар ард түмнийг тарчлаахаар моддыг тайрч байна гэхэд хилсдэхгүй. Тэр дендрологич уг нь ХААИС-ийг ч юм уу, гадаадын аль нэг сургуулийн диплом өвөртөлсөн л хүн байж таараа шүү дээ. Жирийн нэг физикийн багшийг тэр албан тушаал дээр тавиагүй л байж таарна. Тэгэхэд тэр хүн “Тайр” гэж хэлэхээс өөр юм мэддэггүй. Хот тохижуулахынхан ч ямар ч засаг замбараагүй хүрч ирээд тайрдаг. Энэ л их харамсалтай байгаа юм. Тавдугаар сургуулийн урд талд доор хаяхад дөч тавиад улиас байлаа. Одоо ердөө наймхан мод л амьд байна. Үхсэн моддын хожуулыг нь туркууд өрөвдөөд хэрэм, шонхор шувууны дүрс гарган сийлсэн байх жишээтэй. Тэрнээс манай хотын захиргааныхан ийм юм хийхгүй шүү дээ.

-Таны бодлоор яах ёстой бол?

-Мод нэг бүр дээр мэргэжлийн эмч хүний сэтгэхүйгээр хандах учиртай юм. Хэдэн жилийн өмнө Барилгачдын талбай орчмын барилгуудын зоорийн давхраас ус ундраад сүйд болов. Дараа жил нь Засгийн газрын ордон усанд автлаа. Энэ юу болов гээд Усны бодлогын хүрээлэнгийн эрдэмтэд судалгаа хийлээ. Учрыг нь их л удаж олсон. Бага тойруугийн мод үхэж эхэлсэн тул газрын гүнд барьдаг усаа алдаж байж. Тэгээд байшингуудын подваль усанд автсан. Аажимдаа хуурайшсан. Ийм аюултай юм болсон.

Үүнийг өнөөдөр хэн ч тоохгүй л байна. Энэ юу гэсэн үг вэ. Хүнд хагалгаа хийж байгаа нойрсуулагч, нарийн мэргэжлийн эмч, сувилагч, асрагч хэн ч байлаа гэсэн бүгд өөр өөрийн үүрэгтэй. Тэгэхэд модны мэргэжилтнүүд ажлаа огт хийхгүй байна. Тэд шинээр мод ургуулахаа байг гэхэд өмнө нь бие даагаад ургачихсан байсан улиас моддыг устгах л ажил хийж, үүнийхээ төлөө улсаас цалин авч байгаа. Магадгүй тэд Улаанбаатарыг утаатай, чимээтэй байлгаснаар төслийн мөнгөөр амь зууна гэж эндүүрцгээж байх шив. Өнөөдөр үргэлжлүүлээд л тайрч байна. Модод гэр хорооллын утааг маш их хаадаг. Модгүй болохоор хүйтэн орчин барилгын гадна хананд татагдан хотын төв рүү орж ирдэг. Халуун утаа хүйтэн хананд кондинсаци үүсгэх нөхцөлөөр урсдаг.

-Модоо тайрч барсны гашуудал ч барагдахгүй л юм байна даа?

-Хотын төвийн модоо үхүүлсэн гудамжны айлууд дуу чимээнд ядаргаа тусч нойргүйтэл гэдэг өвчинд нэрвэгдсээр байна. Улиас гэдэг мод чинь өөрийнхөө байгалийн жамаар ургахдаа гурав дөрвөн зуун жил насалдаг мод байхгүй юу. Өдөр шөнө, өвөл зун гэхгүй амралтгүй ургана. Бараг услах ч шаардлагагүй. Газрын гүнээс үндсээрээ усаа олоод татчихдаг чадвартай мод.

-Улиасны унгирал хамар ам руу орлоо, харшил хөдөлгөлөө гээд байдаг даа?

-Тэр унгирал чинь хамар руу нэг их ороод байдаггүй юм шүү дээ. Зүгээр л нүдний өмнүүр л мирэлзээд хөвөөд байдаг юм. Харшил огт өгдөггүй юм билээ. Улиас чинь өөрөө байгалийн амьтан. Тиймээс үр хөврөлөө л цацаж байна. Энэ бол байгалийн хууль. Байгалийн хууль явагдаж байхад “Гэрт хийсэж орж ирлээ, хамар аманд орлоо, харшил хөдөлгөлөө” гэж байгаа нь хүмүүсийн хувьд муухай байгаа байхгүй юу. Унгирлаас илүү харшил хөдөлгөхөөр зуны тоос, өвлийн утааг тоохгүй шахуу мөртлөө ургаа хэдэн модоо үзэн ядсаар дуусгаж байх шив дээ.

-Ургаж байсан улиас моддоо устгаж дуусаж байгаа юм байна. Одоо тэгээд яах ёстой билээ?

-Хотын дарга Сундуйн Батболд, хотын менежер Гантөмөр хоёрт захиж “Хотод ургаж байгаа энэ цөөхөн модыг битгий тайруулаач ээ. Тайруулахаар бол инженер нь, дендрологич нь очиж зогсог. Өөрсдийн чинь хумсыг засах гээд хурууг чинь тасдвал ямар байх вэ. Хотын дарга та үсээ сайхан захлуулаад засуулчихъя гээд ортол хуйхыг чинь улайтал хусчихвал ямар байх вэ. Улаанбаатар хотынхоо уушгийг битгий тайраач” л гэж хэлье.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Эрлийз гэж хэлсэн хүний аманд халуун цог хийе

Жаахан хүүхдийг худлаа ярих, муухай үг хэлэх үед дахин ингэж хэлэх юм бол аманд чинь халуун цог хийнэ шүү гэж айлгадаг. Нээрэн ч тэгэх юм болов уу гэж бодоод өнөө хүүхэд дахин муу үг хэлэхээ больдог. Хүмүүжлийн нэг арга юм даа. Үүн шиг монголчууд бид дургүй хүргэсэн нэгнээ эрлийз хурлийзаар нь дуудахдаа гаргууд. Ялангуяа хятадын эрлийз гэвэл хамгийн муухай доромжлол мэтээр хүлээн авдаг. Ер нь Хятадтай холбоотой бүх мэдээлэлд манайхан муугаар ханддаг. Тэгснээ бүр “Хятадын аюул, хятадын эзэрхийлэл, Монголыг хятадууд эзэлнэ” гээд дээр дооргүй хийрхэцгээнэ. Ор үндэсгүй ийм цуу галзуу үгсийг одоо хязгаарлах хэрэгтэй болжээ. Алив юм хэрээс хэтрэхээрээ амьтны элэг доог болоод л өнгөрдөг. Бид олны нүдэнд нэг тиймэрхүү л байдалтай харагдаж байх шиг байна.

Эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлтээрээ дэлхийд тэргүүлж буй Хятад улс XXI зуунд хөрш улсаа эзлэн түрэмгийлнэ ч гэж юу байхав. Хятадын дарга нар ч ийм утгатай үг хэлдэг. Монгол Улс бол хоёр хөрштэйгөө хилийн маргаангүй. Хил хязгаараа тогтоогоод бататгачихсан болохоор хэрүүл үүсэх, эзлэн түрэмгийлэх бодит нөхцөл байхгүй гэж хэлж болно. Хятадын дарга Си Жиньпин Монгол Улсад айлчлахдаа “Хятад улс хэзээ ч хөршүүд рүүгээ газар нутгаа тэлэх, эзлэн түрэмгийлэх бодлого барихгүй” гэдгээ мэдэгдсэн. Мөн тэрбээр “Хамтдаа түлээ цуглуулбал гал өндөр бадарна. Хятад улс Монгол Улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна. Галт тэрэг хурдан ч бай, удаан ч бай бид Та бүхнийг урьж байна. Ганцаар явбал хурдан явна. Олуулаа явбал хол явна” гэж уриад явсан. Бодвол “Та нар биднийг муулах яахав ээ, өөрсдөө жаахан хөгжөөч, биднээс зүүгдээд ч болов наад амьдрал ахуйгаа сайжруулаач” гэсэн санаа биз.

Хятадын аюул, эрлийз хурлийз гэж дээрээсээ эхлээд ард нийтээрээ хийрхэж хашгирахаа ер нь боливол яасан юм. Хэт хийрхэгчдийнхээ амыг хязгаарлаж, анхааруулж баймаар болжээ. Магадгүй энэ хийрхлийг хятадууд улам дөвийлгөн, дараа нь “Та нар ингэдэг байсан, тэгж манай ард түмнийг доромжилдог” хэмээн боож хаахдаа хэрэглэх ч юм бил үү, ямар бодлого байгааг хэлж мэдэхгүй юм. Мөн монголчуудыг нийтээр нь Хятадыг үзэн ядуулах өөр улсын хатгаас ч явж байдаг биз. Тусгаар тогтносон Монгол Улс өөрийгөө хамгаалах, газар нутгаа бүрэн бүтэн байлгах, аюулгүй байдлаа бататгах төрийн хар хайрцагны бодлоготой. Түүнийгээ л чанд сахин мөрдөх нь чухал болохоор дээр дооргүй хөрш улс орноо үзэн ядаж хашгиралдах нь эрүүл үзэгдэл биш. Гудамжинд хөршөө муулж хашгирснаар улс орноо хамгаалж байгаа гэж бодож байвал том эндүүрэл болно. Харин ч эдийн засгийн хөгжлөөрөө тэдний зиндаанд биш юм гэхэд одоогоосоо урагшилж байж л бид улсын дайтай улс гэж бусдад хүндлэгдэнэ.

“Монгол адууг Хятад руу амьдаар нь гаргахгүй” гэж цээжээ дэлдэн хамгаалж байсан У.Хүрэлсүх сайд урд хөршдөө ямар нүүрээрээ очиж, гуйлга гуйж яваа бол. Ямартаа ч энэ удаагийн айлчлалаараа Хятадаас хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж авчээ. Мөн 450 орчим сая долларын санхүүгийн эх үүсвэрийг тодорхой төслүүдэд зарцуулахаар Хятадын талтай тохирсон байна. Мөн Монгол, Хятадын бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 36 гэрээ, хэлцэл байгуулсан байна. Монголчууд Орос руу адуугаа амьдаар нь өгч байсан нь одоогийн нүүр тахлах ганц жишээ нь болдог. Үүний буруу гэж юу байхав. Гэтэл бид одоо өөх өгсөн хүний өмнөөс хэрүүл зарга хийгээд сууж байна. Өнгөн дээрээ дургүй царайлж, есөн шидээр нь муулдаг хэрнээ өгсөн бүгдийг нь аваад байдгаасаа ичдэггүй юм уу. Дэлхийн супер гүрэнтэй хил залгаа амьдарч байж бид өөрөө өөрсдийнхөө сэтгэлгээнд хаалт хийгээд, өөрсдөдөө чөдөр зүүчихээд хөдөлж чадахаа байжээ. Хятадууд биднийг “Хамт хөгжье. Хөгжлийн галт тэргэнд хамт суу” гээд уриад байхад “үгүй” гэж хойш суун зулгарах шалтгаан юу билээ. Монгол, Хятадын одоогийн байдал баян, ядуу хөрш айлуудын амьдрал шиг санагддаг. Баян айлдаа муу хөршийнх нь хүүхдүүд гэр рүү нь чулуу нүүлгэж, гадуур хагалж бутлах юм байвал юу ч үлдээхгүй сүйдэлнэ. Бага хүүхдүүдийг нь шоглоно. Сэмхэн хэрнээ байж суух аргагүй хорлоно. Гэхдээ гэрийн эзэн уулзахаараа “Амьдрал хүнд байна, бидэндээ тус дэмтэй байгаарай” гэж хөрөнгөтэй найзаасаа гуйна. Мэдээж нөгөөх нь тусалж дэмжихээ мартахгүй ч хүүхдүүдийнх нь сахилгагүй байгааг хэлж, цаашид анхаарахыг хүснэ. Хэрэв өмнөх байдал бахь байдгаараа давтагдаад байвал ядуу эцэг хэдэн сахилгагүй, ноорхой хүүхэдтэйгээ буурин дээрээ өлөн зэлмүүн үлдэх нь тодорхой. Хөрөнгө мөнгөтэй айл арай тухтай, өөрсдийг нь байнга хорлоод байдаггүй нутаг руу нүүгээд одно. Үүн шиг л бид хоцрогдсон буурай хуучин буурин дээрээ торойгоод үлдэх нь байна шүү.

Монгол Улс гадаад худалдааныхаа 80 орчим хувийг урд хөрштэйгөө хийдэг. Хүссэн ч, эс хүссэн ч байдал ийм л байна. Үүнийг бид одоохондоо яагаад ч өөрчилж чадахгүй. Харин ч хүчирхэг эдийн засагтай, том улстай хөрш байгаагаа давуу тал болгон хөгжих хэрэгтэй юм. Бид Хятад улсыг, хүмүүсийг нь муулж суухаасаа өмнө тэднийг том зах зээл, том боломж гэж харж сурах хэрэгтэй. Тэр том боломжийг яаж ашиглах санаагаа өөр хоорондоо уралдуулъя. Хүн муулж сууснаас хавьгүй үр дүнтэй. Ийм боломж, том зах зээлээ мэдэрч ашиглаж чадахгүй, хятадын эрлийз, хятадууд муу муухай гэж ярьж байгаа хүмүүсийн аманд халуун цог хийе гээд байгаа маань ийм учиртай юм.

О.ТУЯА

Categories
мэдээ нийгэм

Иргэд хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн байгуулах шаардлагатай гэж үзэв


Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсээс Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийгдэх төсөлд иргэдээс авах саналыг нэмэгдүүлж, оролцоог сайжруулах зорилготой гар утасны аппликэйшнийг хөгжүүлж байгаа билээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд дүүргийн 2 болон 3 дугаар хороонд туршилтын санал авах ажлыг зохион байгуулсан байна.

Түүнчлэн уг судалгаанд 2 дугаар хорооны 536 иргэн хамрагдсанаас 363 иргэн саналаа өгсөн бол 3 дугаар хорооны 169 иргэн саналаа өгснөөс 69 иргэн баталгаажуулалт хийсэн юм. Судалгааны дүнд иргэд явган хүний зам тавих, хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн байгуулах шаардлагатай гэж үзжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Б. Даваа-Очир: Хүн ажилдаа явахдаа дуртай явдаг шиг бөх хүн бэлтгэлээ хийхдээ дуртай явдаг

2018 оны “Цагаан сар”-аас эхлэн Ардчилсан намын 28 жилийн ойн барилдааныг оруулан нийт дөрвөн үндэсний бөхийн барилдааны чансаагаар долоодугаарт (2985 оноогоор) эрэмбэлэгдсэн аймгийн арслан Батбаярын Даваа-Очиртой ярилцлаа.

-Хэдэн жилийн өмнө зодог шуудагтай багын зураг чинь цахимаар яваад байсан. Хэдэн настай үеийн зураг вэ?

-Дөрөв, таван настай үеийн зураг байх. Мэдээ орсон цагаасаа аавыгаа дагаад сумын наадам, хөрш зэргэлдээ сумдын наадмыг хэсч бөх үздэг хүүхэд байсан. Ээжийнхээ оёж өгсөн зодог шуудгаар гангарч аваад л явдаг байлаа. Би Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1993 онд төрсөн.

-Эцэг эхээс хоёулаа гэсэн. Эгч чинь спортод хэр элэгтэй вэ?

-Манай эгч нэг их спорт энэ тэр гээд байдаггүй юм. Одоо хоёр хөөрхөн хүүхэдтэй. Хүүхдээ хараад гэртээ байдаг.

-Сумын наадамд анх хэзээ гарч байв?

-Жаахан байхад сумын наадамд 128 бөх барилдана. Хүний тоо хүрэхгүй бол багачуудаа оруулна. Тэгээд хүүхэд байхаасаа л сумандаа барилдаж эхэлсэн дээ. Тэгэж явсаар 14, 15 настайгаасаа нэг, хоёр давдаг болоод 17 насандаа үзүүрлэж 18 настайдаа сумынхаа 80 жилийн ойгоор түрүүлж заан цол хүртсэн дээ.

-Энэ жилийн бэлтгэл хэр байна. Улсын наадамд зодоглох уу?

-Бэлтгэлээ сайн хийж байгаа. Улсын наадамд хоёр жил барилдсан. Хоёуланд нь дөрвийн даваанд өвдөг шороодсон. Ард түмний итгэл хүлээлтийг хангахын төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд явж байна даа.

-Улсын цолтой бөхчүүдээс анх Т. Өсөх-Ирээдүй харцагатай барилдаж байсан гэсэн. Дараа нь ийм мэх хийдэг байж, тэгсэн бол давах байсан юм болов уу гэсэн бодол төрж байв уу?

-Барилдаан болгоныхоо дараа дотроо дүгнэлт хийдэг л дээ. Тэрэнтэй барилдахад тэгэж болохгүй, энэнтэй барилдахад ингэх буруу гээд л. Тухайн үед бол анх удаа л улсын цолтой бөхтэй барилдаж байсан болохоор асар том туршлага л болж үлдсэн дээ.

-Жилийн өмнө “Суйлаа мэхийг сурмаар байна” гэж ярьж байсан. Одоо хийж сурсан уу?

-Одоо хүртэл давтсаар л байна. Барилдаанд хэрэгжүүлж чадахгүй л байгаа. Сайн болж өгөхгүй. Бүрэн гүйцэт суртлаа давтсаар байх болно.

-Таны гол хийдэг мэх юу вэ?

-Ер нь сугадсан барьцнаас барилддаг. Сугадаж тонгорох, мордох гэх мэтчилэн түлхүү хийдэг. Тэгээд ер нь тийм барилдаан гэхээсээ илүү ямар ч бөхтэй таарсан тухайн үеийн барилдааны мэдрэмжээр ямар ч барьцнаас барилдана гэж боддог.

-Хүчний бэлтгэл хэр хийж байна?

-Энэ жилээс хүчний бэлтгэлээ “Хархорин” фитнест хийж байгаа. Я.Алтангэрэл гээд манай хүчний багш бэтгэлийг маш сайн хийлгэж байгаа. Их зарчимч, шудрага хүн байдаг. Ер нь бэлтгэлийг цагтаа эхлээд цагтаа дуусгадаг. Бэлтгэл таслуулах дургүй. 11 цагт бэлтгэл эхлээд яг 14 цагт тардаг.

-Бэлтгэл тасалж байв уу?

-Шаардлагатай үед би багш руугаа залгаж, учир явдлаа ойлгуулж хэлээд чөлөө авдаг. Түүнээс хэл сураггүй тасалж байгаагүй. Дуртай юмандаа өөрөө зүтгэж байгаа болохоор тасалж чадахгүй. Хүн ажилдаа явахдаа дуртай явдаг шиг бөх хүн бэлтгэлээ хийхдээ дуртай явдаг. Өглөөнөөс орой хүртэл өглөөний бэлтгэл, оройн бэлтгэл гээд яг л ажлын цаг шиг.

-Бэлтгэлийнхээ хажуугаар сурдаг уу?

-Сурах бодол байна. Одоогоор амжихгүй л яваад байгаа. Энэ жил Идэр дээд сургуулиас нэг урилга өгсөн. Дараа жил сурья гээд хойшлуулчихсан. Ер нь бэлтгэлээс бусдыг нь хаячихсан. Ар гэр гээд л. Аав ээж нар маань их тусалдаг даа.

-Аавтайгаа нэг барилдаанд таарсан байсан. Тэр үед аав тань үнсээд явуулж байсан. Барилдсан бол яах байсан бол?

-Тэр үед аав маань зүүний магнай. Би хамгийн бага нь байсан. Аав маань намайг өхөөрдсөн үү эсвэл хүүтэйгээ хүч үздэг аав гэж юу байхав гэж бодсон уу үнсээд явуулж байсан. Барилдсан бол ёстой яах байсныг бүү мэд.

-Багштайгаа бас таарч байсан байх аа?

– Манай нутагт “Чингүүнжавын мэндэлсний ой” болоод би зургаа даваад аймгийн харцага болчихсон байхад багш намайг аймгийн заан болгож байсан. Дараа нь багштайгаа 2011 билүү 2012 онд таарсан. Би улсын начин Оргилоор нэг даваад багштайгаа хоёрын даваанд таарч байсан.

-Цагаан сараас хойшхи барилдаануудад ямар ямар амжилт гаргаж долоод эрэмбэлэгдэв?

-Дөрвөн барилдаан болсон, бүгдэд нь оролцсон. Цагаан сараар дөрөв даваад, дараагийн барилдаанд нь гурав давсан. Нэг барилдаанд нь хоёрын даваанд өвдөг шороодсон. Сүүлд болсон Ардчилсан намын ойн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн. Үндэсний бөхийн холбооны маргаанаас болж саяхан нэг барилдаан цуцлагдсан. Энэ хагас бүтэн сайнд болох байсан барилдаан бас болохгүй л юм шиг байна.

-Залуу бөхийн хувьд үндэсний бөхийн холбооны маргааныг юу гэж бодож байна?

-Би тиймэрхүү юманд оролцдоггүй, ёстой мэдэхгүй юм. Хоорондоо учраа олох байлгүй. Холбооных нь хүмүүс л мэдэж байгаа байх. Бид бэлтгэлээ хийгээд наадмаар л сайн барилдах зорилготой байна.

-Хотод анх 58 кг-тай хүүхэд орж ирж байсан гэсэн. Одоо хэдэн кг-тай байна?

-Одоо 125-тай байна. Хааяа 130 хүрчих гээд л. Жаахан барих маягтай л байна. Оройдоо хөнгөн юм иддэг болсон.

-Аав, ээж хоёрынхоо тухай яриач?

-Манай аав баазын жолооч хийж байгаад ардчилал гарах үед ээж аав хоёр маань гуанз ажиллуулдаг болсон. Ээж маань нэгдлийн нягтлан хийдэг байсан. Тухайн үед би төрсөн байсан уу үгүй юу Шивээ гэж одоо бараг тосгон маягийн газар гуанз ажиллуулдаг болсон. Тэнд 15, 16 айл байсан. Тэгээд л бүгд садан төрөл хүмүүс шиг биенээ сайн мэддэг. Ер нь Хөвсгөлийн бүх л хүмүүс Шивээгийн гуанзанд ирж хоол иддэг. Бөхчүүд тэр чигээрээ ирдэг байлаа. Одоо Хөвсгөлд барилдаан болвол багшийгаа дагуулаад автобус дүүрэн хүн чихэж аваад аав ээждээ очиж таван ханатай гэрт нь чихэж байгаад хооллочихдог. (инээв)

-Гэргий тань аль нутгийн хүн бэ?

-Эхнэр маань Булган аймгийн Сэлэнгэ сумынх. Анх бид хоёр 2014 онд танилцаж байлаа. Одоо нэг гэрт орчихсон. Анхныхаа хүүхдийг өлгийдөж авах гээд хүлээж байна.

-Гэргий тань эмч мэргэжилтэй гэсэн. Таныг хэр ойлгож, дэмждэг вэ?

-Манай хүн Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Германд магистр хамгаалсан. Одоогоор бие давхар болоод ар гэрийнхээ бүх ажлыг зохицуулаад явж байгаа. Намайг бүх л сэтгэл зүрхээрээ дэмждэг. Бэлтгэлдээ явах тоолонд хувцас хунар, хоол цай бүх зүйлийг минь бэлтгэж өгнө. Гэртээ ороод ирэхэд халуун хоолтой. Миний хань жинхэнэ монгол эмэгтэйн шинж бүрдсэн сайхан хүн бий.

-Аав болох догдлол хэр их байна? Хүү бол бөх болгох уу?

-Одоо сар гаруйн дараа боллоо доо. Мэдээж хүү төрвөл бөх болгоно доо.

-Ээж тань эмч бол гэж ятгадаг байсан гэсэн үү?

-Хүүхэд байхад “Миний хүү эмч болох ууу гээд л асуудаг байсан. Би жаахан уурлангуй “Юу яриад байгаа юм би бөхчин болно” гээд л тас зөрдөг байлаа. “Миний хүү эмч болбол гоё юм биш үү” гэнэ. Би “Үгүй ээ, үгүй би бөх болно” л гэдэг байлаа. Мэдээ орсон цагаасаа л бөх болно гэдэг үзэл тархинд суучихсан байсан шиг байгаа юм. Тэгээд аавыгаа дагаад, радио бариад л бөхийн барилдаан дамжуулахыг сонсоод, чихэндээ наагаад явдаг хүүхэд байсан гэсэн.

-Бөхөд хайртай, сонирхон үздэг, талархан дэмждэг хүмүүстээ хандаж үг хэлээч?

-Намайг дэмждэг олон сайхан хүмүүс байдаг. “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний тэргүүн П. Ганхүү ах, Шадар сайдын зөвлөх Батчулуун дарга, “Сүлд” спорт хорооны хамт олон Ц. Амгаланбаяр даргадаа тэр дундаа спорт хорооны дарга А. Давааням ахдаа баярлаж явдаг. ТЭЦ-4 компаний хамт олон, “Имприал голд майнинг” компаний хамт олон М.Энхтайван ах, Т.Мөнхбаяр ах, Х. Мөнхбаатар багшдаа, Монгол Улсын харцага Г. Элбэг багшдаа, жудо бөхийн олон улсын хэмжээний мастер О.Нарангэрэл багшдаа, Улсын их хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Улсын их хурлын гишүүн Л.Мөнхбаатар мөн бид бүгдийг 2010 оноос гурван жил байр, хоол унд, заалаар хангаж, бэлтгэл сургуулилтыг эрчимтэй хийлгэж байсан Монгол Улсын заан С.Хүрэлбаатар багшдаа баярлаж явдгаа хэлье. Та бүхнийхээ дэмжлэгээр би өдий зэрэгтэй яваа. Цаашид улам хичээж, илүү амжилт гаргахын төлөө хичээх болно оо.

С. ОТГОНБАЯР


Categories
мэдээ нийгэм

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цагт Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд “Глобал эдийн засгийн шинэ эрин үеийн эхлэл ба Монгол орон” эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд “Оюутны спорт: Үндэстний эрүүл мэнд, хөгжил дэвшил” эрдэм шинжилгээний VIII хурал болно.

09.00 цагт Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэгт тусгай хэрэгцээт боловсролд хамрагдах бага насны хүүхдийн онцлог, шаардлагын талаар Тусгай цэцэрлэгүүдийн холбооноос мэдээлэл хийнэ. Утас 86091847, 99008935

09.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд Боловсролын зээлийн сан, МУИС хамтран ажиллах гэрээ байгуулна.

09.00 цагт Хангарди ордонд газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно.

09.30 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Монголын Мистер-2018” 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар “Төлсөн, авснаа нийтэл” эвслийн гишүүд мэдээлэл хийнэ.

11.00 цагт НҮБ-ын байранд тус байгууллагын Хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Монгол Улсын ундны усны ауюлгүй байдал, чанар, хүртээмжид хийсэн судалгаагаа танилцуулна.

11.00 цагт Спортын төв ордны өмнөх талбайд “Дэлхийн номын өдөр”-ийн хүрээнд БСШУСЯ-наас “Бид номонд дуртай” өдөрлөг зохион байгуулна.

11.00 цагт Багшийн хөгжлийн ордонд ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш нарыг Эрхүүгийн их сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Соёлын Төв Өргөөнд тус өргөө үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Замын цагдаагийн гүүрэн гарц барих төслийн хүрээнд хийгдэх түр замын барилгын ажилтай танилцана. Утас: 325044, 91113191, 91100461

11.40 цагт МУИС-ийн IV байрны гадна талбайд ОХУ-д болох 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэдээллийг олон нийтэд таниулан сурталчлах, оюутан залуусын оролцоог хангах зорилготой спорт өдөрлөг болно.

12.00 цагт Монголын Театрын Музейд ахмад гэрэл зурагчин Л.Санжмятавын “Хот, Хотынхон” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12.30 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн гадна талбайд “Монгол инженер-2018” нэгдсэн арга хэмжээ болно. Утас: 8811-1046

12.40 цагт Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуульд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Яармаг орчинд Улаанбаатар хотын шинэ төв байгуулах төслийн талаар Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийнэ. Утас: 325044, 91113191, 91100461

14.00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд 84 дүгээр сургуулийн уран зургийн дугуйлангийн сурагчдын “Шидэт өнгө-2” үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт “Мишээл Экспо” төвд “Боловсролын шинэчлэл-2018” үзэсгэлэнгийн нээлт болно.

15.00 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуульд Оросын шинжлэх ухаан соёлын төвийн харьяа Орос хэлний төвийн нээлт болно.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”- д “Цэцгийн толгой тастдаггүй” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гарагийн дугаар 20нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог гуравдугаар нүүрээс нэрт нийтлэлч Баабарын “Цэцгийн толгой тастдаггүй” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: Гэр хорооллын 202 мянган өрхийн 40 мянган өрхийн дулааныг цахилгаанд холбоно хэмээн ярьсныг “Цаг үе, үйл явдал” нүүрээс уншаарай.

“Улс төр” нүүрт “Намын санхүүжилт, хандивыг шилэн болгох ёстой гэв” хэмээн өгүүлсэн байна.

Д.Дамба-Очир: Оюу толгойн гэрээг цуцлахгүй, сайжруулна хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт Ц.Баттөр: Монголчууд нэгнийгээ муулах үзэн ядах дон буюу сэтгэцийн нэг төрлийн өвчинд нэрвэгдчихээд байна хэмээн ярьсан байна

“Өдрийнсонин”-ы “Улс төр” нүүрт “АН-ын гишүүдэд хуулийн хамгийн хатуу зарчим үйлчилдэг” хэмээн өгүүлжээ.

О.Баасанхүү: Насыг нь хүндлээд Ц.Нямдорж гишүүнээс уучлалт гуйсан хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы “Спорт” буланд Д.Нямхүү:Спорт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд өөртөө итгэх итгэл төрүүлж өгдөг хэмээн ярьжээ.

Гавьяат жүжигчин Т.Чойжилсүрэн: “Гарьд магнай” киноны Дондогдулам хатны дүрдээ би их хайртай хэмээн “Уран бүтээлч” нүүрт өгүүлжээ

Муу сурлагатай, царай муутай намхан Жек Магийн сэтгэлд ассан эр зориг хэмээн “Ном яръж өгье” буланд өгүүлжээ

Голомт цогцолбор сургуулийг 1988-1998 онд төгссөн “Урлаг, спорт, сурлагаараа тэргүүлэгч 10 ”Г” ангийнхан”“Нэг ангийхан” буланд оролцжээ

“Боловсрол” буланд “Сурагчид өөрөө явдаг автомат мэдрэгчтэй робот угсрав” хэмээн өгүүлсэн байна

Монгол Улс цэргийн чадавхаараа 87-д жагсчээ хэмээн “Дэлхий мэдээ” буланд өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ


Categories
мэдээ нийгэм

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтцийг өөрчилнө.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газраас санаачилсан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” болон “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслүүдийг өргөн барилаа.

2013 оны зургадугаар сарын 07-ны өдрийн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” болон “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулиар Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн ахуйн аж арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSM/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг холбогдох татваруудаас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд чөлөөлсөн юм. Дээрх хугацаанд мод, модон материалын импортын хэмжээ жил дараалан өсч ирсэн бөгөөд энэ хэмжээгээр ойгоос ашиглах, бэлтгэх мод, хууль бус мод бэлтгэлийн хэмжээ буурч, ойг нөхөн сэргээх, цэцэрлэгжүүлэх ажлын цар хүрээ нэмэгдсэн гэж Засгийн газар үзэж байна.

Экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий дээрх хуулиудын үйлчлэх хугацаа дуусгавар болсон тул “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” болон “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж, ийнхүү өргөн мэдүүлж байна.

Мөн Засгийн газраас санаачилсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц өөрчлөгдөж, Оюуны өмчийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газар тус тусын чиг үүргээр ажиллах юм. Ингэснээр Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, тогтоомжууд хэрэгжих нөхцөл бүрдэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Технологи, хөрөнгө оруулалтын Монголд-2017” олон улсын хурал болно

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал энэ сарын 20-21-нд Шангри-Ла зочид буудалд болох гэж байна. “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурлын талаар санаачлагч, зохион байгуулагчид нь өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг арга хэмжээг санаачлагчнь “Би Эм Монголиан Партнерс” ХХК юм. “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурлын талаар “Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн Ерөнхий захирал, “Технологи, хөрөнгө оруулалт Монголд – 2017” ОУ-ын үзэсгэлэн хурлыг санаачлагч Ж.Мядагмаа, “Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн гадаад худалдааны хэлтсийн захирал Н.Энхсайхан, Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн Газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ нар мэдээлэл хийсэн юм.

Уг үзэсгэлэн хуралд ХБНГУ, Австри, Щвейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн нэр хүндтэй компаниуд уул уурхай, барилга, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, ерөнхий зориулалтын нисэх, хөдөө аж ахуй мах сүү боловсруулалтын чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компаниуд оролцоно. Гадны компаниудын 40 гаруй төлөөлөгч технологио танилцуулахаас гадна Австри, Щвейцарь, Хонгконгоос банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарын хүмүүс ирнэ. Мөн Монголын уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт голлох салбарын томоохон компаниуд оролцохоор бүртгүүлээд байна.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” шиг нэг дор таван салбарыг хамарсан технологийн олон үзэсгэлэн өмнө нь манай улсадболж байгаагүй юм. Энэ удаагийн үзэсгэлэн, хурлын хоёр дахь давуу тал нь барууны шилдэг технологиудыг танилцуулахаас гадна хөрөнгө оруулагчидтай холбогдож ажил хэргийн яриа, уулзалт зохион байгуулах боломжийг бизнес эрхлэгчдэд олгоно.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд – 2017” ОУ-ын үзэсгэлэн хурлыг санаачлагч “Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн захирал Ж.Мядагмаа олон улсын үзэсгэлэнд оролцох компаниудын талаар товч мэдээлэл өглөө. Хуурай аргаар нүүрс баяжуулах дэлхийн хамгийн том үйлдвэрийг барьсан“Allmineral” компани ХБНГУ-аас ирэх юм байна. Нүүрс зэсийг нойтноор баяжуулахад гарах их хэмжээний хаягдал усыг шүүж дахиж ашиглах боломжтой тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Андриц”компанийн Австри болон Өмнөд Африкийн салбарынх нь удирдах түвшний хүмүүс ирэхээр болжээ. Аялал жуулчлалын салбарт өндөр төвшний үйлчилгээ үзүүлэх боломжтой гэх мэт олон салбарт эрэлт хэрэгцээтэй байдаг бага оврын онгоц үйлдвэрлэгч “Даймонд” компанийн төлөөлөл Австриас ирж технологи болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулна гэж зохион байгуулагчид нь онцоллоо. Бага оврын онгоцоор Монголд нисэх боломж, бэрхшээлийн талаар салбар хуралдаан хүртэл болох юм байна.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурлыг нийслэлээс дэмжиж оролцож байгаа юм. Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн Газрын дарга Б.Бат-Эрдэнэуг арга хэмжээг дэмжиж оролцох болсон шалтгаанаа “Энэ удаагийн олон улсын чуулга уулзалт эдийн засагт голлох таван салбарыг онцолж шилдэг технологиудыг танилцуулж байгаагаараа үр өгөөжтэй, онцлогтой. Технологи руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг онцолж буй нь бизнес эрхлэгчдэд боломж олгож байгаа хэрэг. Нийслэлээс уг үзэсгэлэн, хурлын хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт гэсэн салбар хуралдаануудад илтгэл тавьж оролцохоор болжээ.Энэ үеэр нийслэлд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад танилцуулахаар төлөвлөсөн байна. Мөн нийслэлээс чуулга уулзалтад оролцохоор Швейцарь, Хонгконгоос ирэх хөрөнгө оруулагчидтай хамтарсан уулзалт хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“БИДНИЙ ТЕАТР” жүжгийн уралдаан болно

“БИДНИЙ ТЕАТР” жүжгийн уралдаан болно

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Улсын драмын эрдмийн театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран Нийслэлийн 9 дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилго бүхий “Бидний театр” жүжгийн уралдааныг зарлалаа.

“Бидний театр” жүжгийн уралдааны хүрээнд УДЭТ-аас 9 найруулагч ажиллаж, нийслэлийн дүүргүүдийн ЕБС-ийн ахлах ангийн авьяаслаг сурагчдаас жүжгийн багаа бүрдүүлж, жүжгүүдээ тайзнаа амилуулах юм.

Дүүрэг бүрийн хамгийн шилдэг гэсэн авьяаслаг сурагчдаас бүрдсэн жүжгийн баг дүүргээ төлөөлөн бусад дүүргүүдтэй өрсөлдөх бөгөөд жүжгийн уралдаан 2 үе шаттай явагдаж, нэгдүгээр шатанд дүүргүүдийн ЕБС-ийн сурагчдад жүжгээ үзүүлэх үзлэгийн шатыг зохион байгуулах бол хоёрдугаар шат Нийслэлийн Улаанбаатар чуулгад 2018 оны 05 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд явагдаж, театрын урлагийн нэрт зүтгэлтнүүд жүжиг тус бүрт үнэлгээ өгч шүүн явуулна. Тус уралдаанаар шилдэг жүжиг 1,2,3 дугаар байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг найруулагчийг тус тус тодруулна гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Зураг

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тус хуулийн төсөл батлагдсанаар:
– Шимт, тэжээллэг хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж импортын бүтээгдэхүүнийг орлоод зогсохгүй өөрийн орны баялаг түүхий эдийн нөөцийг ашиглан баяжуулагч бэлдмэлийн экспортыг хөгжүүлэх боломжтой.
– Хүнс баяжуулах үйлдвэрлэл эрхлэх, баяжуулсан хүнсийг үйлдвэрлэх, боловсруулах, савлах, шошгожуулах, хадгалах, тээвэрлэх, худалдах, импортлох, экспортлохтой холбоотой эрх зүйн зохицуулалт бий болно.
– Баяжуулсан хүнсийг баталгаажуулан бүртгэж, тусгайлсан шошготойгоор нийтийн хэрэгцээнд нийлүүлэх тогтолцоо бүрдэнэ.
– Хүнсний аюулгүй байдал, хүн амыг аминдэм, эрдэс бодисын дутлаас сэргийлэх, улмаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой.
– Олон улсад магадлан итгэмжлэгдсэн лабораториар хүнсний баяжуулалт, агуулгыг тодорхойлдог болсноор хэрэглэгчид, худалдан авагчдын эрх ашгийг хамгаалж чанарын баталгаатай хүнс хэрэглэх боломжийг нэмэгдүүлнэ.
– Дотоодын хүнсний үйлдвэр, бэлтгэн нийлүүлэгчид, лабораториуд техникийн шинэчлэл хийж, бүс нутагтаа өрсөлдөх чадвартай болох юм.

Хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооны дэмжсэн 14, дэмжээгүй 3 зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.