Categories
мэдээ нийгэм

Цэвэрлэх байгууламжийн усыг дахин ашиглах боломж бүрдэнэ

Нийслэл хотын хүн амын ус хангамжийн аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжаас хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үүсэх бохирдлыг багасгах зорилгоор хөтөлбөрийн төслийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсрууллаа. Шинэчилж боловсруулсан хөтөлбөрт 9 зорилтын хүрээнд 144 ажлыг 2018-2021 онд хэрэгжүүлэх юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нь Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн хуралд “Нийслэлийн хүн амын усан хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөр”-ийн төслийг танилцуулсныг гишүүд дэмжиж, НИТХ-д өргөн барихаар боллоо.

НИТХ-аас 2014 онд баталсан “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-т зөвхөн ус хангамжийн асуудал багтсан байсан бөгөөд шинэчилсэн боловсруулсан дээрхи хөтөлбөрийн төсөлд ариун цэврийн байгууламжийн цогц асуудал болон арьс шир, ноос ноолуур зэрэг түүхий эдийн анхан шатны боловсруулах үйлдвэрийн бохир ус, цэвэрлэх байгууламжаас гарах цэвэршүүлсэн усыг дулааны станц, ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж эхлэх зэрэг томоохон бодлогын, бүтээн байгуулалтын ажлуудыг тусгаснаараа онцлог юм гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл, Завхан, Сүхбаатар аймагт түймэр гарчээ

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн “Хуштын-Эх” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч орон нутгийн 30 иргэн ажиллаж, дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 13:55 цагт бүрэн унтрааж, Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт таван га орчим талбай өртжээ.

Мөн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газар энэ сарын 15-ны өдөр ойн түймэр гарсан. Өнөөдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон-Уул аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Эрдэнэбулган сумын 76 иргэн, Цагаан-Үүр сумын 40 иргэн, нийт 180 хүн ажиллаж, түймрийн баруун, зүүн урд талыг унтраагаад байна. Одоогоор хойд талдаа буюу “Эрээлж”, “Шар булуу”, “Хөх чулууны булан”, “Рашаантын гозгор”, “Өндөр хидмэгийн хяр” гэдэг газруудад унтраахаар ажиллаж байгаа аж. Түймэрт ойролцоогоор 5800 га талбай өртсөн.

Завхан аймгийн Цагаанчулуут сумын Чавцаг багийн “Сонгино” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 16:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагаанчулуут сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан 14 иргэн, унтраахаар ажиллаж, дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 10:20 цагт бүрэн унтраасан.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Авдрант” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 12:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн найман иргэн, нийт 20 хүн ажиллаж, дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 00:35 цагт цурамд оруулсан.

Мөн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Буурлын пооль” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч ажиллаж, 17:45 цагт цурамд оруулж, 20:05 цагт бүрэн унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын урилгаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-17-ны өдрүүдэд БНАСАУ-д айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны Гадаад харилцааны дарга Ри Сү Ён нартай уулзаж хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хоёр намын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ агуулга хэлбэрээр баяжуулах талаар санал солилцсон байна. Мөн БНАСАУ-ын Намын дээд сургуулийн удирдлагуудтай уулзан намын боловсон хүчин бэлтгэх сургалтын арга зүйтэй танилцжээ.

Монголын зочид төлөөлөгчид Энх тайвны тосгон гэгдэх Панмунжомд зочилж, умард ба Өмнөд Солонгосыг заагласан хилийн зурвас дахь цэрэггүй бүсээр очин, гурван жил үргэлжилсэн Солонгосын дайн ба дайныг цэглэж, талууд 1953 онд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан түүхийг сонирхлоо. Тус бүсээс холгүй орших Кэсөн хотод Корё улсын он тооллын 918 онд байгуулсан Корё улсын 31 дэх хаан Гунмин болон түүний Монгол хатны бунхан бий. Энэ бунханд Д.Амарбаясгалан тэргүүтэй Монголын зочид хүндэтгэл үзүүлсэн юм. Монгол улс, БНАСАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойн хүрээнд болон БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен-ий мэндэлсний 106 жилийн ойг угтан зохион байгуулсан “Нарны баяр”-ын хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын төлөөлөгчид болон гадаадын зарим орны зочид төлөөлөгчид, Пхеньян дахь гадаад улс орнуудын элчин сайдууд мөн оролцсон байна.

Монгол улс, БНАСАУ нь 1948 оны 10-р сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр

Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Дэд бүтцийн сайд С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэртээ 1962 оны дөрөвдүгээр сарын 20-ны энэ өдөр тэрээр мэндэлсэн. 1998 оны аравдугаар сарын хоёрны өдөр бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан юм.

Гэвч түүний байгуулсан гавьяаг Монголын ард түмэн, намын хамтрагчид, гэр бүлийнхэн нь, “Зориг” сангийнхан нь дурсан санаж, жил бүрийн энэ өдөр түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Мөн энэ өдрөөс гадна түүний амиа алдсан аравдугаар сарын хоёрны өдрийг Монголчууд эмгэнэн гашуудаж, өнгөрүүлдэг билээ. Тэрээр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 56 нас хүрэх байжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Харин үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл хийх юм байна.

-“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2018.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 8 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

№Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 10 гишүүн 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт”.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд ноолуурын үнэ буурлаа

Хөвсгөл аймгийн хэмжээнд ноолуурын үнэ ханш энэ жил хамгийн өндөр байсан боловч өнөөдрөөс буурч эхэллээ.

Ноолуур анх 90 мянган төгрөгнөөс эхэлсэн бөгөөд үнэ нэмэгдсээр 108 мянган төгрөг болсон боловч ноолуур элбэгшиж эхэлсэнтэй холбогдуулан үнэ ханш нь буурч 104 мянган төгрөг болжээ. Сүүлийн үед цаг агаар тогтворгүй байсан учраас малчид ихэвчлэн эр ямаагаа самнаж байсан бол ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч эм ямаа болон борлонгоо самнаж эхэлсэн байна. Цаашид ноолуурын үнэ ханш буурах төлөвтэй байна гэдгийг ченжүүд хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

“Статистикийн дунд шатны мэдлэг олгох” сургалт болж байна

Цагдаагийн ерөнхий газраас төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгаа, дүн шинжилгээ хариуцсан ажилтнуудад “Статистикийн дунд шатны мэдлэг олгох” сургалтыг Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуультай хамтран зохион байгуулж байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг, зөрчил, тэдгээрт шийтгүүлсэн этгээдүүдийн талаар нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгуулах нь цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлдэг үндсэн чиг үүргүүдийн нэг юм.

Энэхүү чиг үүргийг цагдаагийн байгууллагын хэмжээнд Мэдээлэл нэгтгэн боловсруулах газар хариуцаж, нэгж дээр мэдээлэл судалгааны ажил хариуцсан алба хаагч нар гардан хэрэгжүүлдэг.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл, гэмт хэрэг, зөрчил, түүний шийдвэрлэлтийн талаар бодитой мэдээллийг цаг алдалгүй бүрдүүлэхэд нэгжид ажиллаж буй мэдээлэл, судалгааны ажил хариуцсан алба хаагч нар болон цагдаагийн байгууллагын шат, шатны дарга нарын энэ талаарх мэдлэг, чадвар, үүрэг, хариуцлага нэн чухал.

Энэ шаардлагын үүднээс цагдаагийн байгууллага нь мэдээлэл, судалгааны ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр тэдэнд зориулсан сургалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн сургалт нь алба хаагчдад статистикийн дунд шатны мэдлэг буюу гэмт хэргийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүйг эзэмшүүлэх, гэмт хэргийн тоо бүртгэлийн чиглэлээр мөрдөгдөж буй журам, заавар болон мэдээллийн санд шинээр нэвтэрсэн програм хангамж, статистик мэдээний өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх гэсэн хоёр үндсэн чиглэлээр явагдах юм.

Сургалт энэ сарын 19-20-ны өдрүүдэд үргэлжлэнэ. Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгаа, дүн шинжилгээ хариуцсан нийт 90 орчим алба хаагч хамрагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сүрьеэ өвчнөөс сэргийлэх аян удахгүй эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийг оролцуулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх зорилгоор “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аян эхлүүлэх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хийлээ.

Сүрьеэ өвчин 1990-ээд оноос дэлхий дахинд дахин сэргэж буй халдварт өвчний тоонд зүй ёсоор орж байна. ДЭМБ-ын тооцоолсноор 2016 онд 10.4 сая хүн шинээр өвчилж, 1.7 сая хүн уг өвчний улмаас нас барсан байна. Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөр 7 орны тоонд орж байгаа юм. Өвчлөлийн түвшин 100 мянган хүн амд 182 байгаа нь дэлхийн дунджаас өндөр аж. Аян хэрэгжсэнээр сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлэг хавьтал, халдвар хамгааллын тусламж үйлчилгээнд шаардагдах хүний нөөц, тоног төхөөрөмж, үйлчилгээний чанар хүртээмж сайжрах зэрэг олон эерэг үзүүлэлт гарах юм байна. Зөвлөлийн гишүүд аяныг зохион явуулах нь зүйтэй хэмээн дэмжлээ.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн танилцуулгыг Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн зохицуулагч Д.Авирмэд танилцуулсан. Уг хөтөлбөр нь эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл, аюулгүй, бие даан хөгжсөн дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгох зорилготой юм. 3 үе шаттай хэрэгжих энэ төслийг Азийн хөгжлийн банк хамтран санхүүжүүлж байгаа. Хөтөлбөрийн эхний шат хэрэгжсэнээр Баянхошуу, Сэлбэ дэд төвд нийт 7.57га талбай бүхий ногоон байгууламж бий болж, хотын ногоон байгууламж нэмэгдэнэ. Мөн дэд төв тус бүрт 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг байгуулах, 1 ээлжинд 100 суралцагч хүлээн авах МСҮТ байгуулах юм. Төслийн хүрээнд дулаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, авто замын сүлжээ, цахилгаан холбоо, нийгмийн барилга байгууламжууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

Засаг даргын зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар “Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөр батлах тухай”, “Улаанбаатар бүс, хот орчмын хог төлөвлөлтийн судалгаа, зураг, үр дүнгийн тухай танилцуулга” зэрэг асуудлыг хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.



Categories
мэдээ цаг-үе

Арнауд Суарат: Оюу толгойн ирээдүй гэгээтэй байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Рио Тинто” компанийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суараттай ярилцлаа.

-Таны талаарх мэдээллийг сонирхож байхад дэлхийн олон оронд очиж ажиллаж байсан, бараг тив болгонд хөл тавьсныг тань анзаарлаа. Та хаана мэндэлсэн бэ?

-Би Францын Бургундид төрсөн. Тэндээ 16 нас хүртлээ амьдраад түүнээс хойш дэлхийг тойроод л амьдарч, ажиллаж эхэлсэн дээ.

-Уул уурхай, эрдэс баялгийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-25 гаруй жил энэ салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд дэлхийн бүх л тивд хөл тавьж ажиллалаа, Антарктидийг эс тооцвол (инээв). Өмнөд Африк, Бразил, Венесуэл, Энэтхэг гээд олон оронд очиж ажилласан. Хоёр жилийн өмнө одоо хашиж байгаа Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа хүлээж аваад Монголд ажиллах сайхан завшаан тохиолдсон. Монголд ирэхийг мөрөөддөг олон хүний нэг нь би байсан шүү. Ажлаа хүлээж авчхаад Монгол гэдэг их гоё оронд очих нь ээ гэж дотроо битүүхэндээ догдолж байлаа. Ажил хүлээж авсан намар, есдүгээр сард байхаа анх удаа Өмнөговьд, Оюу толгойд очиж ажилласан. Онгоцноос буухад бороо орчихсон, зүлэг, ногоо тэгширсэн газар угтсан л даа. Түүнээс хойш Монголд олон удаа ирлээ, Оюу толгойд олон очиж ажиллаж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн бямба гаригт Зэс, очир эрдэнийн группийн Удирдах бүрэлдэхүүн, Монгол Улсын Засгийн газрын албаны хүмүүс, мөн гүний уурхайн гол ханган нийлүүлэгчидтэй хамт гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааны явцтай танилцаад ирсэн. Энэ үеэр анхдагч бутлуур суурилуулах “Аварга” хэмээн нэрийдсэн байгууламжийн нээлтийн ёслолд оролцсон.

-Оюу толгой бол Монгол Улсын хувьд маш чухал төсөл. Зарим талаар түүхэн ач холбогдолтой төсөл ч гэгдээд байгаа. Монгол Улс яалт ч үгүй Оюу толгойг түшиглэж хөгжиж байна?

-Оюу толгой төсөл “Рио Тинто” болон Монголын ард түмэн, нийт хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдэд бүгдэд нь маш чухал ач холбогдолтой. Оюу толгой бол гайхалтай төсөл. Дэлхий дээр хэрэгжиж байгаа хамгийн томоохон гүний уурхайн төслүүдийн нэг. Өнөөдрийн байдлаар долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн, гүний уурхайн бүтээн байгуулалтад таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд явж байна. Өөрөөр хэлбэл нэг жилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орно гэсэн үг. Ингэснээрээ ил болон гүний уурхайгаас аль алинаас нь олборлолт хийх бололцоог бүрдүүлнэ.

Өнөөдөр Оюу толгойд 14 мянга гаруй ажилтан байна. Түүн дээр манай ханган нийлүүлэгч 700 гаруй компаниудын ажилчдын тоог нэмбэл нийт энэ төсөлтэй холбоотой ажил эрхэлж байгаа 55 мянган хүн бий. Манай 14 мянган ажилчдын 94 хувь нь монголчууд. Ажиллах хүчтэй холбоотой үзүүлэлтүүдийг ярихад миний хувьд бахархалтай байдаг.

Өмнө нь ажиллаж байсан туршлага дээрээ үндэслээд харахаар ийм богино хугацаанд тухайн үйл ажиллагааг явуулж байгаа улс орнуудын иргэд нь ийм өндөр хувьтайгаар ажил эрхэлж байсан тохиолдол гарч байгаагүй.

Уурхайн үйл ажиллагааг эрхэлж авч явах үүрэг хүлээсэн компанийн хувьд мэдээж хэрэг бид уурхайн зураг төсөл, төлөвлөлтийг мэргэжлийн өндөр түвшинд хийгээд барьж бүтээн байгуулаад уурхайн үйл ажиллагааг эрхэлж явуулахаас гадна дэлхийд тэргүүлэх компанийн хувьд Монгол Улсад олон улсад тэргүүлэх стандарт, туршлага, мэдлэгийг авчрах үүргийг бас хүлээж байгаа. Энэ хүрээнд монголчуудыг сургах, бэлтгэх, энэ уурхайг авч явах боловсон хүчнүүдийг бэлдэж ажиллаж байна. Бидний хувьд ажилчдаа, гэрээт компаниудтай нь зааж сургаж байгаа нь зөвхөн Оюу толгойн тусын тулд биш л дээ. Ханган нийлүүлэгчидтэйгээ ярьж байхад эндээс сурсан, мэдсэн зүйлээ өөрсдийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлснээрээ бусад оролцож байгаа төслүүд дээрээ ч Оюу толгойн тэргүүн туршлагуудыг нэвтрүүлж буйгаа хэлж ийм жишээ олон байгааг онцолж байсан. Би үүний өмнө өнгөрсөн нэгдүгээр сард ирсэн. Тэр үеэрээ, Оюу толгой, “Рио Тинто”-гийн хувьд хамгийн тэргүүн зэргийн зорилго болох аюулгүй ажиллагааны хүрээнд хамгийн нэр хүндтэй группийн шагнал болох Гүйцэтгэх захирлын нэрэмжит “Аюулгүй ажиллагаа”-ны шагналыг Оюу толгойн ажилчдад гардуулж өгсөн.

-“Рио Тинто” компани жил бүр уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас нэгийг шалгаруулж энэ шагналыг олгодог байх аа?

-Тийм, тийм. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудынхаа аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүдийг нэгтгээд Гүйцэтгэх захирлын баг, Гүйцэтгэх захирал өөрөө хамгийн сайн үзүүлэлттэй уурхайг сонгодог л доо. Үүгээр 2017 оны үзүүлэлтээр Оюу толгой уурхай шалгарсан юм. Баяжуулах үйлдвэрийнхээ үйл ажиллагааг эхлүүлээд тавхан жил болж байгаа залуу хамт олон гэхэд Оюу толгой “Рио Тинто”-гийн хамгийн тэргүүн, шилдэг туршлагуудыг сурч, туршлага хуримтлуулж “Рио Тинто”-гийн хэмжээнд тэргүүлэх хэмжээний аюулгүй ажиллагааны үзүүлэлттэй байгаа нь Оюу толгойн ажилчин, боловсон хүчин ямархуу ур чадвартайг харуулсан том нотолгоо. Үүн дээр нэмж хэлэхэд таван жилийн дотор Оюу толгойн хамт олон дэлхий дээрх хамгийн аюулгүй үйл ажиллагаатай уурхайн нэг болсны зэрэгцээ хүдэр олборлох үйл ажиллагаа, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг хамгийн үр бүтээлтэйгээр эрхлэн явуулж байгаа.

-Одоо та бүхэн юун дээр анхаарал хандуулж ажиллаж байна вэ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна?

-Бидний хувьд одоо дэлхий дээр томоохонд тооцогдох гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлээд явж байна. Энэ бол маш том, аварга, цогц төсөл байх болно. Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тал талын хүчин чармайлт, оролцоо хэрэгтэй. Тэр дундаа “Рио Тинто”-гийн ноу-хау, шилдэг технологиуд оролцоно. Мөн ханган нийлүүлэгчид, Оюу толгойн ажилтан, ажилчдын ур чадвар, мэдлэг, туршлага бүхэн цогцолж байгаа энэ гүний уурхайг амжилттай бүтээн байгуулж байж тэргүүлэх гүний уурхай болгоно гэж зорьж ажиллаж байна.

Оюу толгой гүний уурхайн төсөл бол хувьцаа эзэмшигч, оролцож байгаа бүх талуудад маш чухал төсөл. Тэр дундаа гүний уурхайн анхны хүдрийг 2020 онд гаргаж авна гэж тооцож байгаа. Тухайн цаг үе бол дэлхий нийтээрээ эрэлт, нийлүүлэлтээс үүдэлтэйгээр зэсийн үнэ нэлээн сэргэх хандлагатай байх юм. Ийм цаг үед давхцаж таарч байгаа.

Дараагийн бас нэг чухал гэж үзэж байгаа шалтгаан юу вэ гэхээр гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр өнөөдөр үйлдвэрлэж байгаа металлын хэмжээ гурав дахин, түүнээс ч илүү хэмжээгээр нэмэгдэх тооцоо байгаа. Борлуултын орлого нэмэгдэхээр тэр хэрээр Монгол Улсад төлөх татвар, хураамжийн хэмжээ өснө. Ингэснээр эдийн засагт үзүүлж байгаа эерэг нөлөө улам бүр нэмэгдэнэ. Тэгэхээр эндээс хувьцаа эзэмшиж буй талууд бүгд үр ашгийг нь адилхан хүртэнэ. Монголын ард түмэн томоохон хэсгийг нь хүртэх нь зайлшгүй.

-Оюу толгойд очиж үзээгүй, уурхайн үйл ажиллагааны талаар төдийлөн мэдээлэлгүй хүмүүст тус уурхайн нэг өдрийг сонирхуулна уу. Мэдээж уурхайн үйл ажиллагаа зогсолтгүй үргэлжилдэг?

-Оюу толгойд очих болгондоо хамгийн түрүүнд анзаардаг зүйл бол манай ажилчид. Маш урам зоригтой, маш аз жаргалтайгаар ажил хөдөлмөрөө эрхэлж байгаа хүмүүсийг харахад таатай байдаг. Ил уурхай дээр очно уу, эсвэл засвар үйлчилгээний хэлтэст очно уу, гүний уурхай руу орно уу аль нь ч ялгаагүй, хаана ч очсон тэнд урам зориг, аз жаргалтайгаар ажил хөдөлмөрөө эрхэлж байгаа хүмүүстэй тааралддаг. Мэдээж уурхайн үйл ажиллагаа цогц, нарийн, олон шат дамжлагатай өрнөж байгаа. Тэнд хүдрээ олборлолтод бэлдэж байна, олборлосон хүдрээ том тэрэгт ачаад тэндээсээ хүдрийн дамжлагуудаар дамжаад баяжуулах үйлдвэр рүү ордог.

Тэндээс баяжуулагдаж, савлагдаад худалдан авагчдад хүргэдэг маш цогц нарийн үе шат дамжлагуудтай. Энэ бүх нарийн ширийн ажлуудыг хийж байгаа хүмүүсийн 94 хувь нь монголчууд. Энэ бол гайхалтай үзүүлэлт. Энэ ажлуудыг хийхдээ аюулгүй ажиллахад нь хүмүүсийг сургаж дадлагажуулах нь хамгийн чухал. Ямар нэгэн аюул, осолгүйгээр энэ ажлуудыг хийж гүйцэтгэх ёстой. Ийм ч учраас Оюу толгойн хамт олон маань Гүйцэтгэх захирлын “Аюулгүй ажиллагаа” шагналыг авахад маш их бахархах сэтгэл төрж байсан.

-Оюу толгой хөдөлж эхэлснээр Монголын уул уурхай, эрдэс баялгийн салбарт уул уурхайн соёл гэж зүйл нэвтэрсэн. Манай уул уурхайн салбарын сахилга бат, аюулгүй ажиллагааг нэг шат ахихад “Рио Тинто”, Оюу толгой нөлөөлсөн гэж хэлж болно?

-Баярлалаа. Бид цаашид ч Монголын үндэсний компаниудад манай аюулгүй ажиллагааны соёлоос суралцахад нь дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байна. Тухайлбал, саяхан бид “Эрдэнэт” үйлдвэртэй аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр хамтарч ажилласан гэрээгээ үргэлжлүүлэхээр болсон. Энэ хүрээнд бид өөр өөрсдийн тэргүүн туршлагуудыг харилцан солилцох чиглэлээр ажиллаж байгаа. Үүнээс гадна ханган нийлүүлэгч компаниуддаа Оюу толгойгоос сурсан аюулгүй ажиллагааны соёл, туршлагаа үйл ажиллагааныхаа бусад хэсгүүдэд ч нэвтрүүлж ажиллаарай гэж зөвлөж, тэдэнд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа.

-Улаанбаатарыг чиглэсэн нүүдэл үргэлжилсээр л байна. Эдийн засаг, зах зээл төвлөрч байгаа газар руу тэмүүлдэг нь бичигдээгүй хууль. Харин Өмнөговь аймаг, тус аймагтай хиллэдэг аймгуудын хувьд нийслэлийг бараадах үзэгдэл харьцангуй багассан нь Оюу толгойтой холбоотой гэж тайлбарлаж болох уу?

-Оюу толгой бол Монгол Улсын хэмжээнд, орон нутгийн хэмжээнд аль алинд нь эерэг нөлөө үзүүлж байгаа ийм уурхай. Бид дотоодын бизнес, дотоодын ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд “Монголд үйлдвэрлэв” гэдэг тусгай бодлогыг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Үүний үр дүнд олсон амжилтууд гэвэл, аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэлүүдийг зохих хэмжээгээр дотоодын бэлтгэн нийлүүлэгч, ханган нийлүүлэгчдээс авч эхлээд байгаа. Орон нутгийн зарим ханган нийлүүлэгчдийг ч үүнд татан оролцуулж байгаа. Ханган нийлүүлэлт худалдан авалтын бодлогын хүрээнд нэг гол анхаарч байгаа чиглэл бол дотоодын компаниудтай ажиллах. Өнөөдрийн байдлаар гүний уурхайн бүтээн байгуулалтын хэмжээнд зарцуулж байгаа нийт мөнгөний 86 хувь нь дотоодын компаниудад зарцуулагдаж байгаа. Тэр хэрээр дотоодод үлдэх мөнгөний хэмжээ нэмэгдэж байна.

-Эдийн засагт нааштай өөрчлөлтүүд ажиглагдаж гэгээ тусч байна. Та сая 2020 оноос Оюу толгойн гүний уурхай олборлолтоо хийж эхлэх тухай дурдлаа. Эрдэс баялгийн салбарт 25 жил ажиллаж байгаа мэргэжлийн хүний хувьд Оюу толгойн 10 жилийн дараахь байр байдлыг тодорхойлбол?

-Юуны өмнө нэг зүйл хэлэхэд Оюу толгойн ирээдүй маш их гэгээтэй байна. Яагаад вэ гэвэл дэлхийд томоохонд тооцогдох гүний уурхайг барьж байгуулж байна. Жилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулж байна. Энэ бүхнийг хийхдээ мэдээж хэрэг Монгол Улсын Засгийн газар, хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан суурь баримт бичгүүдийн үндсэн дээр энэ хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Эдгээр нь уурхайн үйл ажиллагааг явуулах гол үндэс суурь болж байгаа. Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл”, “Рио Тинто” компаниуд хамтдаа Монгол Улсын төлөө, хувь нийлүүлэгчдийн төлөө, уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтыг амжилттай явуулж байна. Мэдээж бид хамтдаа ажилласнаар Оюу толгойн ирээдүй гэрэл гэгээтэй байлгаж, дэлхийн хамгийн шилдэг уурхайг бид бүхэн хамтдаа барьж байгуулж байна гэдгээ нотлон харуулна.

Өнгөрсөн долоо хоногт би Чилийн Сантьяго хотод зэсийн салбарын хамгийн томоохон хурлуудын нэг болох “CESCO”-д оролцож илтгэл тавьсан. Илтгэлдээ Оюу толгойн талаар нэлээд дэлгэрэнгүй ярьж, Монгол Улстай хамтраад уурхайн том бүтээн байгуулалт хийж байгаагаа танилцуулсан. Дэлхий нийт, олон нийт Монгол Улс, “Рио Тинто” хамтран хамгийн том, хамгийн шилдэг ийм уурхайг хэрхэн бүтээн байгуулж байгааг маш ихээр сонирхож, ажиглаж байгаа. Манайхаар ийм нэг үг байдаг юм, “Бид нэг завинд суусан” гэж. Ийм болохоор бид хамтдаа Оюу толгойг бүрэн амжилтад хүргэхийн төлөө гар нийлэн ажиллах ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Д.Дэрмээ: “Чоно” сэрж байна

“Чоно” хамтлагийн ахлагч, дуучин Д.Дэрмээтэй бэлтгэлийнх нь үеэр ярилцлаа.


-Танай хамтлаг тоглолт хийх гэж байгаа юм байна?

-Энэ сарын 20-нд “Crocus event hall”-д тоглоно.

-Тоглолтын нэр?

-“Чоно-2018: Чоно сэрэв” гэдэг нэртэй.

-Та нар хэр их “унтсан” юм?

-Долоо, найман жил “унтчихлаа” шүү дээ. Би “унтаагүй”, харин манай хоёр гишүүн “унтсан”. Одоо харин манай хамтлаг сэрж байна.

-“Чоно” хамтлаг хэдэн гишүүнтэй юм бэ?

-Үндсэн гурван гишүүнтэй, туслах хоёр хөгжимчинтэй. Үндсэн нэг гишүүн маань “Хурд” хамтлагт орсон.

-Хэн?

-Гитарчин Д.Мөнхбат. Одоо бол манайх өөр туслах хөгжимчидтэй нийлж тоглолтдоо бэлтгэж байна.

-Танай хамтлаг байгуулагдаад хэдэн жил болж байна вэ?

-Хамтлаг байгуулагдаад үндсэндээ 18 жил болж байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулсан нь 10 жил. 2000 онд байгуулагдсан гэдэг ч үнэндээ 1999 онд байгуулагдаж байсан юм. Сүүлийн найман жил хамтлаг маань уран бүтээл хийгээгүй. Харин би дангаараа уянгын поп дууны чиглэлээр дуунууд гаргаж хамтлагийн ажлаа зогсоохгүй явж ирсэн.

-“Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” жүжгийн дуу, “Залуу нас” зэрэг дуунууд нэгэн үе залуусыг байлдан дагуулсан шүү. Одоо ч сонссоор байгаа?

-“Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” жүжгийн дуу 2002 онд гарсан. Энэ хоёр дууг үе үеийн залуус сонсох дуртай байдаг юм. 2016, 2017 оны төгсөгчид ч энэ дууг их сонсдог. Төгсөгчдийн хонхны баярын үдэшлэг, цэнгүүн дээр очиж энэ дуугаа их дуулдаг юм. Тийм болохоор хүмүүс сайн мэддэг.

-Амьд хөгжмийн хамтлаг ямарваа үйл ажиллагаан дээр уригдаж очиход хүмүүст илүү үнэ цэнийг мэдрүүлдэг. Бүхэл бүтэн хамтлагаараа, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсгүүдээ барьж очоод тоглодог болохоор хүний ой тойнд ч илүү бууж, тэр хэрээр үзэгчдийг сэтгэл ханамжтай үлдээдэг байх шүү?

-Амьд хөгжмийн хамтлаг гэдэг том агууламжтай л даа. Фонограм тавиад ганц дуучин дуулах ч бас өөр агууламжтай. Үүнийг залуус маань ойлгож эхэлж байгаа болов уу гэж бодож байна. Хуучин энэ талаар ойлголт бага байсан шүү. Жишээ нь, нэг дуучин ирээд сая төгрөг аваад дуулж байхад зургаа, долоон хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг тийм хэмжээний мөнгөөр дуулах зэрэг харьцангуй зүйлс бий л дээ.

-“Чоно” хамтлагийнхныг “Хурд” хамтлагтай холбож ойлгоод байдаг?

-“Хурд” хамтлагийнхан манай хамтлагт дуу зохиож өгдөггүй. Бидний өмнөөс бичлэгт ороод, бидний өмнөөс гитар, бөмбөр тоглодог тийм дэмжлэг байхгүй. Бэлтгэлийн байр зэрэг материаллаг зүйл дээр тусалдаг л даа. Сүүлийн жилүүдэд бид өөрсдөө харьцангуй учраа олдог болчихлоо. Анх гарч ирж байхад туршлагатай энэ ах нараасаа дэмжлэг, туслалцаа авч байсан зүйл их ээ. “Хурд” гэлтгүй олон хамтлагийнхан бидэнд тусалдаг.

-Ах нар тань урлагийн хүмүүс болохоор та багаасаа л энэ ертөнцөд татагдан орсон байх. Өөр мэргэжил, өөр орчны талаар төсөөлж байв уу?

-Тийм бодол миний ой тойнд байдаггүй шүү дээ. Би яагаад ч юм өөрөө дуулж сурсан, өөрөө гитар тоглож сурсан. Би өөрөө дууны ая зохиож сурсан. Өөрөө шүлэг бичиж сурсан. “Би хүсээгүй”, “Хайлж урсаж байна” дуунууд, цомгууддаа багтсан бүтээлүүдийн 90-ээд хувийнх нь үг, аяыг зохиосон. Хөгжмийн найруулга, хөгжмийн зохиолоо өөрөө бичээд бүхнийг өөрөө хийдэг. Энэ бүхнийг харахаар надад цаанаасаа тодорхой хэмжээний авьяас заяасан юм болов уу гэж боддог.

-“Хурд”, “Чоно”-ыг хамаатуулаад, адилхан гээд байдаг ч хөгжмийн талаасаа огт өөр хоёр хамтлаг шүү дээ?

-Манайх рок алтернатив хамтлаг. 2000-аад оны үед дэлхийн хэмжээнд эстрад хөгжимд эриний шинэчлэлийн үе ирж байсан. Рок хөгжим алтернатив шинэ хөгжмийн давалгаа руу орж ирсэн. Тэр үед манайх гарч ирж шинэ юмыг Монголдоо харуулсан гэж боддог юм. “Хурд” хамтлагийнхны дүү нар гэдгээр нь биднийг шууд хүлээж аваад байсан. Түүнээс биш хийж байгаа уран бүтээл, уран бүтээлдээ оруулж байгаа замнал, хэлж байгаа үг, илэрхийлж байгаа хөгжим огт өөр юм л даа. Манай хамтлагийн “Хүсэл”, “Зөрөг цэцэг” гэж хоёр дууны хөгжмийг “Хурд” хамтлагийн “Аавдаа би хайртай”, “Буцааж нэхэхгүй хайр” зэрэг хит дуунуудыг зохиосон С.Ишхүү ах хийсэн. “Хүсэл”, “Зөрөг цэцэг” гэсэн хоёр дуу маань “Хурд” хамтлагийн зарим дуутай ойрхон сонсогддог байж болох юм. Тэрнээс хойш гарсан бүтээл огт өөр. Үүн дээр би нэг зүйл хэлэхийг хүсдэг юм. “Хурд”, “Чоно” гэсэн хоёр хамтлагийг юугаар нь ялгах вэ гэвэл хөгжмийн өндөр мэдрэмжтэй, хөгжмийн боловсролтой хүмүүс “Танай хоёр хамтлаг огт өөр” гэж хэлдэг. Шууд хэлэхэд хөгжмийн мэдрэмж сулхан хүмүүс “Та нар адилхан. Чи Цогоо ах шигээ дуулдаг” гэж хэлдэг. Бид хоёрын дууны өнгө огт өөр. Дууны хайрцагт тавьж буй тавилт, үгний тавилтууд ч огт өөр.

-Таныг хэдтэй байхад “Хурд” хамтлаг байгуулагдав?

-13, 14-тэй л байсан. Хөгжмүүдийг нь зөөгөөд л хойд талын ажлуудад нь тусалж гүйдэг байлаа.

-Таныг ах нарынхаа нөлөөнөөс ангид байж чадсан. Тэднээс ангид байхын төлөө тэмүүлдэг гэдэг нь харагдаад байдаг юм. Угтаа бол биеийн амрыг бодоод ах нараа дагаад хамтлагт нь явж байж болох л байсан. Та тэгээгүй?

-Тэгэх шаардлагатай. Би уран бүтээлч хүний хувьд үлдэх хэрэгтэй. Би яаж үлдэх вэ гэдэг нь сонин байхгүй юу, эстрад урлаг, Монголын хөгжмийн түүхэнд. Тэгэхээр өөрийн гэсэн үзэл бодол, өөрийн гэсэн хөгжим, өөрийн гэсэн стиль, жанраа тусад нь гаргаж байж би үлдэж чадна. Тэр бүхнээ гаргаж чадахгүй, хэн нэгний, аль нэг хамтлагийн нөлөөнд орж явбал би үлдэж чадахгүй гэдгээ маш сайн ойлгодог. Энэ урсгал, энэ ойлголтоо би цаашид улам батжуулна гэж боддог юм.

-Хүмүүс таныг ах нарынхаа дэмжлэгээр энэ их өндөрлөгт амархан гарч ирсэн гэж боддог. Гэтэл ямар ч хүн амжилтын өөд тэмүүлж байхдаа хэлж баршгүй их зовлон бэрхшээл саад туулдаг шүү дээ?

-Их л амар байсан гэж бодоод байдаг юм. Надад хэд хэдэн хүн тэгж хэлж л байсан. Би өөрийнхөө мэдрэмжээрээ энэ зүйлийг маш сайн ойлгодог. Тэгэхээр бид яаж энэ том ханыг давж өөрсдийн “Чоно” гэсэн өнгө төрх, хоолойгоо гаргах вэ гэдэг нь эхэн үед их хэцүү байсан л даа. “Хурд”-ыг дуурайж “Хурд” шиг байх уу, эсвэл огт өөр стильтэй байх уу гэдэг сонголт бидэнд гарч ирсэн. Миний хувьд хамтлагийнхаа дуу, өнгө гээд бүхнийг тодорхойлдог болохоор тухайн үед “Манай хамтлаг, тэс өөр хөндлөн байх болно. Тийм байж Монголын эстрад урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг үүсгэж чадна” гэж шийдээд алтернатив стилийг сонгосон. Бид төрсөн ах, дүү нар боловч бидний өнгө, төрх өөр.

-“Чоно-2018: Чоно сэрэв” тоглолт нэг удаа тоглогдох уу?

-Тэгнэ.

-Тасалбараа хаагуур зарж байгаа вэ?

-1900-1950 лавлах болон www.ticket.mn-ээр захиалж авч болно. Тасалбар худалдаанд гараад гурав, дөрөв хонож байна. “Чоно” хамтлаг эргэж нэгдлээ гээд ганц хоёр удаа бэлтгэл хийгээд тоглолт тавих гэж байгаа юм биш. Бид жилийн өмнөөс төлөвлөж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн. 2016 оны сүүлээс тоглолтын ажлаа эхлүүлсэн. Энэ хугацаанд 6-7 клип гаргалаа. 2-3 хуучны бүтээлээ энэ цаг үеийн шинэ уран бүтээлчидтэй хамтран шинээр дууллаа. Одоо бид юу хийхээр зорьж байна вэ гэхээр тоглолт хийж ашгийн хойноос явахыг хүссэнгүй. Бид маш сайн уран бүтээлийг, “Чоно” гэж ямар сайн хамтлаг вэ гэдгийг л харуулахыг зорьж байна. Энэ тоглолт дээр “АПУ”, “Эрэл” компанитай хамтран ажиллаж байгаа. Өнөө үед тоглолт зохион байгуулахад их хэмжээний мөнгө хэрэгтэй. Тэр бүхнийг, бусад бүх зардлыг “Чоно” хамтлаг өөрсдөө л гаргаж байгаа. Бид өөрсдийн гэсэн хүчийг харуулах, “Чоно” эргэж гарч ирэв, сэргэв гэдэг тэмдэглэгээг түүхэнд “Чоно-2018: Чоно сэрэв” гэж үлдээхийг хүсч байна.

-Та бүхний хувьд хамтлагаа “Чоно” гэж нэрлэсэн нь цаагуураа энэ хийморьлог амьтны сүр хүчийг бэлгэдсэн нь тодорхой. “Чоно” хэмээн дуудуулах нь магадгүй зарим талаараа эрч хүчийг өгдөг ч байж мэднэ?

-Тэгэлгүй яахав. Өдөр тутам бэлтгэл хийх, бидний дуу хоолой, нэгдээд амьд хөгжмөө дуугаргах болгонд мэдрэгддэг зүйл бол чоно. Нэр бол цаагуураа том агууламжтай. Ганцхан Монгол ч гэлтгүй дэлхий даяараа хөх чоныг хүндэлдэг. Энэ амьтны эр зориг, амьдрах ухааныг биширдэг болов уу. Хамтлагаа “Чоно” гэж нэрлэсэн нь бидний юуг илэрхийлэх гээд байгаа дуу хоолой, характер, хэв маягийг энэ нэр тодорхойлдог гэж бас боддог шүү.

-Та сая бэлтгэлийн үеэр дууны дундуур хөөмийллөө?

-Бидний зорьж байгаа нэг зүйл бол Монголын язгуур урлагийг рок хөгжимтэй хослуулж шинэ өнгө төрхийг тодорхойлж гаргаж ирнэ. Бид азичуудаас юугаараа ялгаатай вэ. Бид азичуудтай адилхан төрхтэй. Монгол хүн, монгол туургатнууд азичуудаас юугаараа ялгагдах вэ гэхээр үндэсний өв соёлоороо л ялгарна. Бусдаараа бол юугаар ч ялгарахгүй. Тэгэхээр үндэсний өв соёл, язгуур урлагаараа л ялгарах болохоор бид энэ урлагийг рок хөгжимтэй хослуулж гаргаж ирнэ.

-Танд хөөмий заадаг багш бий юу?

-Багш байхгүй. Мэргэжлийн хэмжээнд хөөмийлж чадахгүй л дээ. Би бас уртын дуу дуулдаг. Уртын дууны багш байхгүй. Мундаг уртын дуучдын дууг сонсч байгаад л дуулж сурсан.

-Дуулах дуртай уртын дуунууд гэвэл?

-“Эрдэнэ засгийн унага”-ыг шуранхайлчихна шүү. “Хүрэн толгойн сүүдэр”, “Жаахан шарга” гээд дуунууд байна аа, байна. Саяхан нийтэд цацсан “Уухай” дуун дээрээ шуранхайлсан.

-Урлагийн хүмүүсийг харахад дуу хөгжим хөөцөлдсөн, баргийн юманд санаагаа чинээлдэггүй амар хүмүүс гэж хардаг ч үнэндээ хамгийн эх оронч хүмүүс урлагийнхан байдаг юм шиг ээ?

-Монголчууд гадны соёлыг хэтэрхий их шүтээд байна. Боловсролдоо сайн анхаарах хэрэгтэй байна. Ёс зүй гэдэг юмыг уландаа гишгэчихэж. Салбар салбартаа хүн болгон ёс зүйтэй байх ёстой. Тэгж байж улс эх орон хөгжинө. Хамгийн гол зүйл бол өв соёл, “Би монгол хүн” гэдэг утга учрыг л маш сайн эрхэмлэх ёстой юм. Гадны соёлыг хэт их шүтэж байна, хэт их баруунжиж эхэллээ. Бид яаж дэлхий дээр оршин тогтнох вэ гэхээр өв соёл, ёс заншлаа л найдвартай барих. Ингэж байж л оршин тогтноно. Тэгэхгүй бол одоо ингээд л задарна. Энэ бол хамгийн үнэн зүйл.