Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан түлшний үйлдвэрийг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо өнөөдөр хуралдлаа.

Хурлаас агаарын чанарыг сайжруулах бүсийн 202 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах аж ахуйн нэгжийг дэмжиж, дөрвөн тэрбум төгрөгөөр бэлтгэл ажлаа эхлэх, үлдэгдэл 46,1 тэрбум төгрөгт баталгаа гаргахаар болов.

Нэр бүхий 10 аж ахуйн нэгжийн найм нь стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшийг тасралтгүй үйлдвэрлэж, нийлүүлэх боломжтой гэсэн судалгаа гарсан байна.

Үүнээс гадна 200 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ирэх есдүгээр сарын дунд гэхэд ашиглалтад оруулахаар боллоо. Нэг тонн сайжруулсан түлш нь түүхий нүүрсний үнэтэй адил буюу тонн тутмыг нь 150 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар төлөвлөөд байна. Энэ оны эцэс гэхэд 80 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэсэн байх ёстой учир цаг хугацаа хожих үүднээс шаардагдах хөрөнгийг Засгийн газар болон бусад эх үүсвэрээс гаргах юм.

Орчны бохирдлыг бууруулах агентлагийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд байгуулах, Хог хаягдлын үйлдвэрийн ажлыг ирэх сард багтаан эхлэх, гэр хорооллын нүхэн жорлонгийн лагийг цэвэрлэх, байгальд ээлтэй, инноваци нэвтрүүлсэн төсөл хэрэгжүүлэхээр тогтлоо.

Өнгөрсөн онд 20 мянган өрхийг эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлууртай цахилгаан халаагуураар хангасан. 2018-2019 оны өвлийн улиралд мөн мөн тооны өрхөд хөнгөлөлттэй үнээр цахилгаан халаагуур нийлүүлэхээр болов. Амьдрал ядуу, зорилтот бүлгийн 50 мянган өрхөд сайжруулсан түлш худалдан авахад нь зориулж улсаас татаас өгөхөөр шийдвэрлэлээ.

2018, 2019 он утаатай тэмцэх, үр дүн гаргах хамгийн хариуцлагатай жил гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна. БНСУ-аас авах 30 жилийн хугацаатай, хүү маш бага, 500 сая ам.долларын зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар тохиролцсон. Энэ хүрээнд түрээсийн орон сууц барих, орон сууцжуулах, гэр хорооллыг цэвэр, бохир, дулаанаар хангах, нийтийн тээврийг шинэчлэх, дэд бүтцийн төв байгуулах зэрэг 15 төсөл хэрэгжүүлнэ. Мөн холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, Агаарын бохирдлын сан байгуулахаар төлөвлөсөн юм. Эдгээрийг ажил хэрэг болговол 2019-2020 оны өвөл гэхэд бохирдлыг 50 хувь бууруулж чадна гэж Засгийн газар үзэж байна.

Эрчим хүчний яам БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2020 оны хагас гэхэд 10 аймагт дулааны станц барьж ашиглалтад оруулах зэрэг ажлаа төлөвлөгөөний дагуу хийж байна.

Хотын захиргаа энэ онд уурын зуухуудыг төвлөрсөн дулаанд холбох, Агаарын чанарын суурин харуулын тоног төхөөрөмжийг шинэчлэх, түрээсийн орон сууц барих, дагуул хотуудыг хөгжүүлэх, ногоон байгууламж бий болгох, хөрсний бохирдлыг багасгах зэргээр ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын яамны танилцуулснаас үзвэл энэ онд 320 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4-5 мянган өрхөд олгоно. Харин ирэх онд 500 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. Урьдчилгаа 30 хувь болон сар бүрийн төлбөрөө тогтмол өгөх боломжгүй тодорхой тооны өрхийг түрээсийн орон сууцаар хангахаар төлөвлөөд байна.

2019 оны 05 дугаар сарын 15-наас хойш Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй. Мөн өдрөөс хойш хотод утаа шүүгчгүй автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон анхаарууллаа. Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд бүтэн нэг жилийн хугацаанд дор бүрнээ бэлтгэлээ хангахыг сануулж, Үндэсний хорооны гишүүд энэ талаарх мэдээлэл, сурталчилгааг боломжит бүх хэлбэрээр хүргэж байхыг үүрэг болгов.

Иргэдийн эрүүл мэнд, амь нас, үр удамд ноцтой нөлөөлж байгаа утаатай тэмцэхийн тулд энэ мэтээр захиргааны арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж тэрээр хэллээ. Төрийн бүх шатны байгууллага, тэр дундаа хууль хүч, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллага хяналт шалгалтаа чангатгаж, шийдвэр зөрчигсдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авах ёстойг анхааруулав.

Сайжруулсан түлш үйлдвэрлэх, нийлүүлэх, түлш нөөцлөх байр сав, худалдан борлуулах цэгийн байршил зэрэг бэлтгэл ажлаа төлөвлөсний дагуу сайтар хангахыг Үндэсний хорооны гишүүд, сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, холбогдох албан тушаалтнуудад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн газрын алба 1.09 га газрыг дуудлагаар худалдлаа

ЗурагНийслэлийн газрын албанаас өнөөдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хоёр байршилд нийт 1.09 га газрыг дуудлагаар худалджээ.

Уг газрыг “Наранбулагхан” компани 138 сая төгрөгөөр худалдан авсан байна. Нийслэлийн газрын албанаас өнөөдрийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур дүүргийн 29 байршилд нийт 89 га газрыг борлуулах төлөвлөөд байсан.

Гэвч дөрвөн аж ахуйн нэгж Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд байрлах хоёр байршлыг худалдан авах санал ирүүлснээс “Наранбулагхан” компани хамгийн өндөр үнийг санал болгожээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

-Тэрбээр энэ өдөр 56 нас хүрэх байлаа-

Зураг

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан С.Зориг агсны хөшөөнд түүний ар гэрийнхэн, Монголын ардчилсан холбоо болон нийслэлийн дүүргүүдийн ардчилсан намын төлөөлөгчид, иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн дурслаа.

1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр 36 насандаа бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан С.Зориг амьд сэрүүн байсан бол өнөөдөр 56 нас хүрэх байлаа.
Өнөөдөр ч С.Зоригийг хөнөөсөн хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг хууль хяналтынхан шалгаж байна.

С.Зориг агсны дүү С.Оюун энэ үеэр ярихдаа “Өнгөрсөн жил гурван шатны шүүхээр орсон тэр асуудал дээр манай гэр бүл тодорхой байр сууриа илэрхийлсэн. Нэгдүгээрт, шүүх хуралдааныг нээлттэй явуулаач ээ, энэ хэргийг нээлттэй болгооч гэсэн. Шүүх хуралдаан нээлттэй болоогүй. Гэхдээ хэргийн материалыг нээлттэй болгох шийдвэрийг тухайн үед Ц.Нямдоржийн санаачлагаар Засгийн газраас гаргасан. Үүнийг бид зөв гэж үзэж байгаа. Харин өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй. Шийдвэр гарснаас хойш энэ асуудал нээлттэй болсон эсэхийг хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид холбогдох байгууллагуудаас нь асуугаасай гэж хүсч байна. Алдсан хүн арван тамтай гэдэг. Хавтаст хэргийн материал нээлттэй болж байж л эргэлзэх ёстой юм уу, эсвэл шүүх, цагдаа зөв шийдсэн үү гэдгийг олон түмэн, хуульчид дэнслэх эрхтэй болох юм. Энэ бол маш чухал. Өнгөрсөн жилийн гурван шатны шүүхийн шийдвэрт бид эргэлзсэн хэвээр байгаа учраас одоо зөв явж байгаа юу гэдэгт их санаа зовж байна. Мэдээж захиалагч нь илрээсэй, жинхэнэ хэрэг хийсэн хүмүүс нь ял битгий завшчихаасай гэж хүсч байгаа. Мөн хэрэг хийгээгүй хүмүүс хэлмэгдчих вий гэж санаа зовж байна. Шүүх, цагдаа, хуулийн байгууллага нь зөв яваасай гэж хүсч байна, шаардаж, байна, сэтгэл зовниж байна” гэсэн юм.

Өнгөрсөн хугацаанд С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгч хэмээн өдгөө Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 18-23 жилийн ял оноогоод буй. С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийголохоор хууль хяналтынхан ажиллаж байна. Нийслэлийн прокурорын газраас өчигдөрхөн мэдээлэл хийж, С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булганд 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай мэдэгдсэн билээ.

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолын үеэр “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын тэргүүн Д.Дашдаваа Төрийн гурван өндөрлөгт хандаж гаргасан шаардлагыг уншиж танилцуулсан юм. Уг шаардлагад Хэргийн захиалагч илрэхгүй 20 жил болох гэж байна. Иймд олон улсын байгууллага болон гадаадын улс орнуудаас туслалцаа авч хэргийг даруй илрүүлэхийг шаардсан байна.

Categories
мэдээ спорт

Уиктор Мосес Челсид хожил авчирлаа

Английн премьер лигийн 34 дүгээр тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ улиралд аваргуудын лигийн эрхийн төлөө өрсөлдөж буй Челси Бөрнлигийн талбайд зочилж 2:1-ээр ялсан юм.

Тоглолтын нэгдүгээр үеийн 20 дахь минутанд Лонг авто гоол оруулж багаа хөөдөж эхний үе өндөрлөсөн. Харин хоёрдугаар үеийн 64 дэх минутанд Барнс Тибо Куртуагийн хаалганд гоол оруулж багтаа тэнцээ авчирчээ. Тэгсэн ч 69 дэх минутанд Уиктор Мосес гоолдсноор багтаа гурван оноо авчирчээ. Челси 63 оноотойгоор хүснэгийн гуравдугаар байрт бичигдэж байна.

Харин Бөрнли 52 оноотойгоор долоодугаарт жагсаж буй юм. Тэд үлдсэн тойргийн тоглолтуудад ялалт байгуулбал ирэх улиралд европа лигт анх удаагаа өрсөлдөх боломжтой юм.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ улс-төр

Газар өмчлөх хугацааг 10 жилээр сунгах хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, улмаар УИХ-д өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулсан юм.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи өнгөрсөн хугацаанд уг хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд үүний гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацаа буюу хуулийн 19.1.2, 19.1.3, 19.1.4 дэх заалтыг дагаж мөрдөх хугацааг тав таван жилээр сунгаж ирсэн байна. Хууль 2003 оноос хэрэгжиж газар өмчлүүлэх ажил анх эхлэхэд иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг дундаа хамтран өмчилж (өрх) байсан бол 2008 онд газрыг иргэн бүрт өмчлүүлэх, мөн түүнээс өмнөх таван жилийн хугацаанд иргэний дундаа хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд шинээр газар өмчлөх эрх үүсэхээр нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй газар өмчлүүлсэн талаарх судалгаанаас үзэхэд хууль хэрэгжиж эхэлсэн эхний 5 жилд улсын хэмжээнд нийт өрхийн 28.14 хувь нь гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран газар өмчилж авчээ. Харин 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчилж аваад байгаа аж.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагын талаар 2017 онд хийсэн тандан судалгааны үнэлгээгээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацааг сунгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Иймээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг сунгах зорилгоор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгахаар тусгасан байна. Мөн уг хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тус Байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Хуулийн төслийн үзэл баримталын талаарх хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авлаа.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хуульд зааснаар газар нь ашиглах, эзэмших, өмчлөх гэсэн гурван хэлбэртэй байгаа. Энэ удаад Монгол Улсын иргэнд тодорхой хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хуулийн хугацаа удахгүй дуусах гэж байгаа учраас иргэдээ өмчтэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс төслийг боловсруулсан. Уг нь хугацаагүй сунгах саналтай байсан боловч Хууль зүй, дотоод хэргийн яам хугацаа зааж өгөх нь зүйтэй гэсэн учраас 10 жилээр сунгахаар төсөлд тусгасан.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сан бий болгосон. Энэ үндсэн дээр иргэдийн өмчилсөн, иргэд, аж ахуйн нэгжийн ашиглаж, эзэмшиж байгаа газрын бүх мэдээлэл нэгтгэгдэж гарсан, иргэд, хуулийн этгээдийн аль нь ч үзэж танилцах, мэдээлэл авах боломжтой.

Газар өмчлөх, газар олголтод иргэдэд учирч байгаа төрийн байгууллага, албан тушаалтнуудын чирэгдэл, хүнд суртал, хөшүүн хойрго байдлыг арилгах, газрын үнэлгээг шинэчилж бодитой болгох чиглэлд Засгийн газар анхаарч байгаа. Газрын үнэлгээг аль 1997 онд тогтоосноос хойш шинэчлэгдээгүй явж ирсэн нь газар өмчлөлтийг эрчимжүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажилд саад тотгор болж байгаа учраас газрын үнэлгээг шинэчлэх чиглэлээр судалгаа тооцоо хийж байгаа.

Иргэдэд газар өмчлүүлэх хуулийн хугацааг өмнө нь гурван удаа сунгасан, одоо дөрөв дэх удаагаа сунгах асуудал яригдаж байна. Одоогоор манай улсын нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчилж аваад байна гэсэн тооцоо судалгаа гарсан. Ер нь газар өмчлүүлэх хуулийн хугацаа дуусах дөхөөд ирэхээр газар өмчлөх асуудал идэвхждэг, хугацааг сунгасны дараа саардаг тал бий гэдгийг хэллээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү улсын хэмжээнд өмчилсөн, ашиглаж, эзэмшиж байгаа бүх газрын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлж, бүртгэлийг иргэдэд ил тод болгосон. Мөн хаягжилтыг тодорхой болгож цэгцлэх ажлыг эхлүүлээд байгаа. Одоогоор улсын хэмжээнд 570700 иргэн өөрт ногдох газраа үнэгүй өмчилж аваад байгаа. Үүнээс 170 мянган иргэний газрын өмчлөл хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа. Учир нь газар нь өмчлөгдөж улсын бүртгэлд орсны дараа үлд хөдлөх хөрөнгийн бүртгэл хийгддэг. Хуулийн сурталчилгаа, газар өмчлөхийн ач холбогдлыг жилд хоёроос доошгүй удаа улс орон даяар нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж иргэд олон нийтэд сурталчилж ойлгуулах, мэдээлэл өгөх ажлыг хийж байгаа гэсэн хариулт өгөв. Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллага нь газраа ашиглаагүй хоёр жил өнгөрсөн бол төр буцааж авах эрх хуулиар нээлттэй, хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаж байгаа гэдгээ хэллээ.
Мөн Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар гишүүдийн асуултад нэмэлт хариулт өгсөн юм. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах суурь үндэс нь үнэлгээний асуудал. 1997 онд тогтоосон үнэлгээгээр газрын үнэлгээг улсын хэмжээнд дөрвөн бүс болгосныг нарийвчилж өөрчлөх, зөвхөн Улаанбаатар хотод гэхэд дөрвөн бүс болгосон байсныг газрын зориулалт, ашиглалтын хэлбэрээс нь хамааруулан 16 бүс, 30 гаруй бүсчлэл болгох санал боловсруулан олон нийтээр хэлэлцүүлэх ажил зохион байгуулж байгаа. Одоогоор нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд иргэд өмчлүүлэх газар байхгүй. Гэхдээ иргэн аль ч аймаг, сум, дүүргийн нутагт газар өмчилж авах эрх хуулиар нээлттэй гэдгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын холбогдох албан тушаалтнууд хэллээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, О.Баасанхүү, Д.Тогтохсүрэн, М.Билэгт, Я.Санжмятав, Д.Ганболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд үндэсний эрх ашигт нийцсэн, иргэдээ өмчтэй, үл хөдлөх хөрөнгөтэй болгоход чиглэсэн энэ чухал хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, зөвхөн хуулийн хугацааг сунгаснаар асуудал шийдэгдэхгүй, тиймээс хугацаа заах эсэх асуудлыг хэлэлцүүлгийн шатанд нягталж үзэх, газар өмчлөх чиглэлээр хууль эрх зүй, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хуулийн сурталчилгааг сайн хийж иргэддээ ойлгуулах, соён гэгээрүүлэх ажилд анхаарах, газрын төлөвлөлт, бүртгэлийг боловсронгуй болгох, замбараагүй газар олголтыг цэгцлэх, салбар дундын ажлын уялдаа холбоо, хяналтыг сайжруулах, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч газрын үнэлгээг яаралтай шинэчлэх, газар өмчлөлийг аймаг, сум, нийслэлийн төлөвлөлт, орон сууцжуулалт, хотын дахин төлөвлөлт, аялал жуулчлал, фермерийн аж ахуйг хөгжүүлэх асуудалтай уялдуулж цогцоор нь авч үзэх шаардлагатай зэрэг саналууд хэлж байв.

Ингээд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 59 гишүүний 46 нь буюу 78 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Олон Улсын Хэмжээний Мастер Мандаагийн Алтангэрэл агсны нэрэмжит Насанд хүрэгчдийн аварга шалгаруулах волейболын тэмцээн дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд спортыг төв ордонд болно.

Categories
мэдээ спорт

“Дэлхийн аваргын цом” Монголд зочилно

Монголын Хөл Бөмбөгийн Холбоо өнгөрсөн жил “Үндэсний дээд лиг”-ийн нээлтийн үеэр урлаг, спортын одод оролцсон “Оддын хөлбөмбөг” тэмцээнийг анх удаа зохион байгуулсан билээ.

Тэгвэл дөрөвдүгээр сарын 23-ны өдөр буюу Даваа гарагт Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний цом Монголд анх удаа ирэх өдрийг тохиолдуулан “Оддын хөлбөмбөг” тэмцээнийг дахин хийх гэж байна. Энэ удаад Монгол улсад Олимпийн наадмын анхны алтан медалийг авчирч байсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, МУГТ Э.Бадар-Ууган нар хоёр багийг ахалж, ерөнхий дасгалжуулагчдаар СТА Н.Онон, МУГЖ Г.Золбоот нар ажиллана.

Тухайн өдөр тэмцээн 10:00 цагт эхлэж “Оддын хөлбөмбөг”-ийн араас 11:00 цагт ДАШТ-ий цом МХБХ-ны ногоон талбайд орж ирэх бол 12:30 цагаас Эрчим – Улаанбаатар Сити клубүүд Супер цомын төлөө тоглоно.

Categories
мэдээ спорт

“Монголын мистер -2018” УАШТ-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал анх удаа нэмэгдлээ


“Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар паласын Концертын их танхимд болох юм.

Энэ тухай өнөөдөр Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тус хуралд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Монголын бодибилдинг фитнессийн холбооны Дэд ерөнхийлөгч Г.Мөнгөн, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар, МБФХ-ны Ерөнхий шүүгч, ОУ-ын шүүгч Г.Батзориг, Дэлхийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэг нар оролцов.

Анх 1990 онд “Монголын сайхан залуу” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан “Монголын Мистер-2018” 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал шинээр нэмэгдэж байгаагаас гадна олон онцлог зүйл байгаа юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор МБФХ-той хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Саяхан нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 22 бодибилдинг, фитнессийн клубүүдэд Даваа-Баасан гарагийн 10:00-17:00 цагийн хооронд бүх насны иргэд ямар нэг шалгуургүйгээр өдрийн цагаар 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэйгөөр үйлчлүүлэх боломжийг нээсэн. Энэ ажил маань амжилттай хэрэгжиж байгаа.

Санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Монголын мистер-2018” тэмцээнийг зохион байгуулахад дэмжин оролцож байна.

Монголын бодибилдинг фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар:

Энэ жилийн “Монголын мистер-2018” УАШТ-нд тайзны засалтаас эхлээд олон онцлог бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал анх удаа шинээр нэмэгдэж байгаа бөгөөд уг спортоор хичээллэж, үр дүн гаргаж, нийгэмдээ зөв чиг хандлага үзүүлж байгаа учраас Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо дэмжин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг уг тэмцээнд оролцуулснаар бусдадаа зөв үлгэр дуурайл болж, өөрт тулгарах бэрхшээлийг даван туулахад нь эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

“Монголын мистер-2018” 27 дахь удаагийн УАШТ-нд эхний гурван байр эзэлсэн тамирчдыг Олон улс, Тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах томоохон боломж хүлээж байна. Мөн “Монголын мистер” хэмээх эрхэм хүндтэй цолыг 3.000.000 сая төгрөг дагалдана.

Бодибилдинг фитнессийн тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээн болох “Арнольд классик”, “Мистер Олимпиа арматур” буюу сонирхогчдын төрлийн бүх тэмцээнд оролцох боломжтой болох юм. Үүний нэг жишээ бол 5 дугаар сарын 27-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод болох Азийн сонирхогчдын Мистер Олимп тэмцээнд УАШТ-ний эхний гурван байрт шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулалт хийж оролцуулах юм.

“Монголын мистер-2018” 27 дахь удаагийн УАШТ-нд нийт 19 ангилалд 108 тамирчин өрсөлдөх бөгөөд шагналт таван байр, цомтой байгаа.

Мастер ангилал: 50 наснаас дээш

Залуучуудын ангилал: 21 хүртэлх

Бодибилдинг ангилал: 60кг, 65кг, 70кг, 75кг, 80кг +80кг

Фитнесс ангилал: Эрэгтэй, эмэгтэй ангилал

Эмэгтэй модель ангилал: 160 см хүртэл, 165см хүртэл, 165 см дээш

Эрэгтэй спорт модель 170 см хүртэл, 175 см хүртэл, 175 см дээш гэсэн ангиллуудаар өрсөлдөнө.

Приус центр ХХК Монголын мистер тэмцээнийг хоёр дахь жилдээ ивээн тэтгэж байна. Мөн Дабль Пирамид ХХК, Сибирийн эрүүл мэндийн байгууллага, Батаар ХХК, Үндэсний спорт хувцасны брэнд, Ногоон сор ХХК, Профит фитнесс клуб, “АNN” ХХК /уургийн компани/ зэрэг компаниуд ивээн тэтгэж байгаа. Дээрх бүх компаниудын удирдлагууд болон нийт хамт олонд нь баярласнаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье. Мөн нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, залуучуудыг спортоор хичээллэх нөхцөл бололцоог дээшлүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье гэлээ. гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Филадэлфа 76 баг цувралыг 3-0-ийн харьцаатай итгэл төгс тэргүүлж байна

PHILADELPHIA 76 3-0 зурган илэрцүүд

NBA-гийн плэй-оффын эхний шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр гурван тоглолт боллоо.

Филадэлфа 76 баг Миами Хитийн талбай дээр зочлон тоглов. Өмнөх тоглолтод дасгалжуулагч Эрик Споэстрогийн ур ухаанаар ялалт байгуулж чадсан дөлнүүд тоглолтын эхний гурван үед хүч тэнцүү тоглосон. Ялангуяа Жастайс Винслов, Горан Драгич нар тоглолтыг эрчтэй эхлүүлсэн юм. Харин өмнөх тоглолтод онцгой байсан Дуайн Вэйд энэ удаа тааруу тоглолт үзүүллээ. Дөлнүүдийг довтлох бүрт 76-чууд эргүүлэн оноог авч байв. Бэртлээсээ эргэн ирсэн Жоэл Эмбид цөөхөн минутад ашигтай тоглож сэлгээнээс Марко Бэлинэли найдвартай шидэж байлаа. Сүүлийн дөрөвдүгээр үед хоёр багийн оноо бараг тэнцүү эхэлсэн ч төгсгөл хийх ур чадвартай тамирчин Миамид байсангүй. Улмаар тоглолт 128-108-ын харьцаатай Филадэлфа 76-чуудын давамгайллаар өндөрлөв. Цувралын харьцаа (2-1)

Хэдхэн хоногийн өмнө плэй-оффд орох үгүй нь тодорхойгүй байсан Нью Орлэанс Пэликансчууд бахдам амжилттай явна. Ихэнхи аналистууд Пэликанс плэй-оффд орох шаардлагагүй ганц тоглогчын баг гэх мэт олон шүүмж хэлж байсан. Харин тэдний эсрэг Портланд Триал Блайзэрс тоглож байгаа. Тус хоёр багийн цувралын гурав дахь тоглолт өнөөдөр боллоо. Пэликансчууд тоглолтын эхнээс эрчтэй байж олон онооны зөрүүг бий болгосон. Ялангуяа гарааны тамирчид нь довтолгоо хамгаалалт гайхалтай байгааг онцлох нь зүйтэй. Портланд Триал Блэйзэрсчууд тоглолтын турш Пеликансчуудын араас нэхсэн ч гүйцсэнгүй 119-102-ын харьцаатай ялагдал хүлээлээ. Цувралын харьцаа (3-0)

Сан антониа Спүрс багийн дасгалжуулагч Грег Попович ар гэрийн шалтгааны улмаас өнөөдрийн тоглолтод оролцоогүй. Харин тэдний баг өрнөд бүс төдийгүй NBA-гийн хүчирхэг баг Голдэн Стэйттэй эхний шатны тоглолтуудаа хийж байгаа. Дасгалжуулагчийн эзгүйд Спүрсчүүд эхний хагаст Голдэн стэйтийн дайчидтай эн тэнцүү хүчийг үзсэн. Ламаркус Алдриж болон, Тони Паркэр нар багийнхаа оноог явуулж байсан гол хүмүүс байлаа. Улмаар гуравдугаар үед уламжлал ёсоор дайчдын тоглолт орж онооны харьцааг холдуулж улмаар 110-97-ын харьцаатай ялалт байгуулав.

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ нийгэм

“Эх баригчийн ур чадварыг бэхжүүлэх” төслийн хаалт боллоо

Эрүүл мэндийн яам, Францын Санте Сюд төрийн бус байгууллагатай хамтран «Эх баригчийн ур чадварыг бэхжүүлэх төсөл»-ийг 2016-2018 онд амжилттай хэрэгжүүлж дууслаа. Уг төслийн хаалтын үйл ажиллагаа буюу дүгнэлт-уулзалт хэсэгт Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Бүгд Найрамдах Франц Улсын онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд хатагтай Элизабет Барсак, Санофи Эспуар сангийн хөтөлбөр харилцааны менежер Амэли Мориц, «Санте Сюд» Төрийн бус байгууллагын хөтөлбөрийн менежер Анн Бургонион болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, 21 аймгийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн амаржих газрын дарга нар мөн ажил үйлсээрээ шалгарсан эх баригчдын төлөөлөл уригдан оролцлоо. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн төслийн хаалтын үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ Монгол Улсын хүн амаа өсгөх бодлогыг хэрэгжүүлэх, эх, нярайг эсэн мэнд амаржуулахад эх баригчдын оруулсан хувь нэмэр их гэдгийг онцлоод, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам улс орны хөгжил, дэвшлийн гол үзүүлэлт болсон эх, нярайн эрүүл мэндэд онцгой анхаарч, эх барихуйн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд хүний нөөцийг бэхжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагийн нэг жишээ нь Францын «Санте Сюд» ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн Эх баригчийн ур чадварыг бэхжүүлэх уг төсөл болсныг дурьдлаа.

Францын «Санте Сюд» ТББ нь 1994 оноос хойш манай улсын нийгэм-Эрүүл мэндийн салбарт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2016 оноос «Эх баригчийн ур чадварыг бэхжүүлэх төсөл»-ийг эхлүүлж, 2 жилийн хугацаанд үргэлжилсэн ч эх баригчдын бодлого эрхзүйн орчин, сургалтын өмнөх ба дараах хөтөлбөрт өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн богино хугацааны үр дүнтэй төсөл болж өндөрлөлөө.