Categories
мэдээ нийгэм

“Иргэн төсөл”-ийн эцсийн шалгаруулалтад 12 баг өрсөлдөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Иргэн төсөл”-ийн Үндэсний шалгаруулалт буюу Улаанбаатар хот болон орон нутгаас төсөлд оролцож байгаа багуудын хооронд эцсийн шалгаруулалт боллоо.

“Иргэний Боловсролын төв”-өөс 1996 оноос эхлэн хэрэгжүүлж буюу “Иргэн төсөл”-ийг АНУ-ын Хөгжлийн Агентлаг, “World Learning” байгууллагууд дэмжиж ирсэн. Өнөөдрийг хүртэл нийт 7300 гаруй багш, сурагчийг төсөлд хамруулжээ. Энэ удаад төсөлд орон нутгаас 47, нийслэлээс 23 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцсон. Сүүлийн шатанд 12 баг өрсөлдсөн юм. Багууд төслийн хүрээнд хүрээлэн байгаа орчин тойрондоо болон өөрсдөд тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх арга замыг тусгасан төсөл бэлтгэн түүгээрээ шийдвэр гаргагчдад нөлөөлөх нөлөөллийн ажил хийж, бодит ажил болгодог. Жишээ нь, өнөөдөр 29-р тусгай сургуулийн сурагчид 54 жилийн турш энгийн сургуультай адил дуут хонхыг ашиглаж ирсэн байдлыг өөрчлөхөөр “Гэрэлт хонх” төсөл боловсруулж төрийн байгууллагуудад хандсан юм.

“Иргэн төсөл”-ийн Үндэсний шалгаруулалтад Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, нээлтийн үг хэлэв. Тэрбээр “Иргэдийн оролцоог төрийн бодлогод тусгаж байж хууль, шийдвэрүүд иргэдийн хүсэл сонирхол, шаардлагад нийцнэ. Сурагчид өөрсдийн сургууль, орон нутагтаа засч залруулах, өөрчлөн сайжруулах шаардлагатай асуудлуудыг хэлэлцүүлгээр гарган ирж, судалгаа нотолгоо цуглуулан, хууль дүрэм судалж, өөрсдийн бодлогоо боловсруулан төр засгийн байгууллагуудад санал болгох, хамтран шийдвэрлэх зэрэгт сургаж байгаа нь энэ төслийн утга учир юм. Хүүхэд наснаасаа харилцааны мэдлэг чадвартай, идэвхтэй, оролцоотой иргэд болон төлөвших нь Монгол Улсын хөгжлийг хурдасгах, нийгмээ сайжруулан өөрчлөхөд асар их түлхэц болж байгаа хэрэг юм. Манай нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлаас хамгийн их бухимдал төрүүлдэг төрийн байгууллагын хүнд суртал, авлига хээль хахууль зэрэг бусармаг үзэгдлүүдийг буууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, идэвхийг сайжруулахад эдгээр эмгэгүүд хурдан эдгэх юм” гэв.

Төслийн хугацаанд, 2017-2018 оны хичээлийн жилийн туршид 13 аймгийн 47 сургууль /Улаанбаатар хот, Өвөрхангай, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Дорнод, Говьсүмбэр, Хөвсгөл/, 28 сум /Өвөрхангай аймгийн Арвайхээр, Төгрөг, Бат-Өлзий, Баруун Баян-Улаан, Богд, Нарийнтээл, Сант, Хайрхандулаан, Уянга, Хархорин, Баянгол, Бүрд, Хужирт, Тарагт. Ховд аймгийн Алтай, Чандмань, Эрдэнэбүрэн, Үенч сум. Говь-Алтай аймгийн Чандмань сум. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум. Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ерөө, Бугант тосгон. Төв аймгийн Бүрэн сум. Дорнод аймгийн Баяндун, Халх гол сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум/, Улаанбаатар хотын долоон дүүргийн /Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй/ 23 сургууль оролцсон байна.

Харин төслийн эхний хоёр шатны шалгаруулалт сургууль, аймаг тус бүрт явагдсан бөгөөд хоёр дахь шатны шалгаруулалтад Ховд аймгийн 10 сургууль, Өвөрхангай аймгийн 19 сургууль, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн долоон сургууль, Дорнод аймгийн таван сургууль, Улаанбаатар хотын 23 сургуулиас шалгарсан нийт 12 баг өнөөдөр өрсөлдсөн юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хөдөө орон нутагт явуулын амбулаторийн үйлчилгээ бий болгоно

Image result for у.хүрэлсүх эрүүл мэндийн

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хамралт” сэдвээр УИХ-ын чуулганд мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

УИХ-ын хаврын чуулганы хуралдаанд Монгол Улсын Засгийн газраас хийх эхний мэдээллийг улс орны хөгжлийн нэг чухал тулгуур болох хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, бүх нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хамралтын асуудлаар хийхээр бэлтгэлээ.

НҮБ-аас 2015 онд Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэж, дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх зорилтуудыг тодорхойлсон. Энэ хүрээнд УИХ 2016 онд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлан 2030 онд хүрэх зорилтоо тодорхойлсон билээ. Энэ баримт бичигт эрүүл мэндийн чиглэлээр:

  • Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцлийг хангаж, урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бүрдүүлж дундаж наслалтыг 78-д хүргэх
  • Эх, нялхсын эндэгдэл, хоол тэжээлийн дутагдлыг бууруулах
  • Халдварт болон халдварт бус өвчний тархалтыг бууруулах
  • Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, бэлэн байдлыг хангах, тархалтыг бууруулах гэсэн үндсэн зорилтыг дэвшүүлсэн.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын үндсэн зорилтыг:

“Хүн амыг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх эдийн засгийн тооцооллыг бий болгож, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлнэ”,

“Хүн амын урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсрол олгох, дадал, хандлагыг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж тодорхойлсон.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр 2017 онд Засгийн газар “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн онд эх оронд маань 74 мянга 328 нялх үрс шинээр мэндэлж, хүн ам гурван сая хоёр зуун мянгад хүрлээ. Их зохиолч Д.Нацагдоржийн“Монголын үрс маш олон болтугай”хэмээсэн билэгтэй сайхан ерөөл биеллээ олсоор байна. Нялх үрсээ өлгийдөн авч, ам бүл нэмсэн айл өрх бүрт эрүүл энх, аз жаргал хүсье.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт нь тухайн улс орны хөгжлийн түвшинг илтгэх үзүүлэлт болдог.

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 2016 онд 1000 амьд төрөлтөд 20,8 промиль байсан бол 2017 онд 16,7 болж буурсан. 2030 онд энэ үзүүлэлтийг 9 промильд хүрэхийг зорьж байна.

Нялхсын эндэгдлийн тухайд 2016 онд 1000 амьд төрөлтөд 16.8 промиль байсныг 2017 онд 13.6 болгож буурууллаа. Тогтвортой хөгжлийн зорилтод энэ үзүүлэлтийг 8 промильд хүргэнэ.

Манай улс 2015 онд эхийн эндэгдэлийн үзүүлэлтээр Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн есөн орны нэг болж 100 мянган амьд төрөлтөд 199 просантимиль байсныг 26 болгож бууруулж байсан хэдий ч 2016 онд энэ үзүүлэлт 48-д хүрсэн. 2017 онд 26,9 болсон амжилттай ч бид Тогтвортой байдлын зорилтод хүрэхэд хичээн ажиллах шаардлагатай. Тогтвортой хөгжлийн 2030 оны зорилтод эхийн эндэгдлийн түвшинг 100 мянган амьд төрөлтөд 15 болгохоор заасан. “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ зорилтод бид хүрнэ.

10 мянган хүн амд ногдох зүрх, судасны өвчнөөс шалтгаалсан нас баралт 2017 оны байдлаар 17,4 промиль байгааг 2030 онд 14, хорт хавдраас шалтгаалсан нас баралт 13 промиль байгааг 2030 онд наймд хүргэхийг зорьж байна. Товлолт дархлаажуулалтын хамралтын хувийг 2030 онд 99.8 хувьд хүргэх зорилттой байгаа бол 10 мянган хүн амд ногдох вируст хепатитийн өвчлөлийн тохиолдлыг хоёрт хүргэхээр ажиллаж байна.

Өнөөгийн байдлаар сүрьеэ өвчний тохиолдол тууштай буурахгүй байна. 2017 онд сүрьеэгийн 4300 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, үүнээс 5.6 хувийг нь эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол эзэлж байна.

Тогтвортой хөгжлийн зорилтод 2030 онд 10 мянган хүн амд сүрьеэгийн тохиолдлыг 13 хүртэл бууруулахаар тусгаж, Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна.

Манай улсад нийт 3500 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 549 өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв хүн амд үйлчилж байна. Бүх нийтийг эрүүл мэндийн тусламж , үйлчилгээнд хамруулахад анхан шатны тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэх, тусламж, үйлчилгээний багц болон санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай. 2018 онд өрх, сум, тосгодын эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг өмнөх оноос 9.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

ДЭМБ-ын тайлан илтгэлд жил бүр 150 сая хүн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийн улмаас санхүүгийн дарамтад орж, улмаар 100 сая хүн ядууралд өртөж байгааг анхааруулжээ.

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх тулгуур баганы нэг нь санхүүгийн хамгаалалт буюу иргэн санхүүгийн дарамтгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх явдал гэж үздэг.

Манай улсын иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хувиасаа шууд төлөх төлбөрийн хэмжээ 2014 онд 42 хувь байсан. Энэ нь иргэдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж, ядууралд өртөх шалтгаан болж байна.

Түүнчлэн эмчийн үзлэг, эм болон оношилгоо, шинжилгээний төлбөр зэрэг шууд зардлын улмаас иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ жигд авч чадахгүй байна.

Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Тухайлбал өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв сэргээн засах, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр 5.2 тэрбум төгрөг төсөвт тусган хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн даатгалд хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор шимтгэлээ өөрсдөө төлдөг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй иргэдийн даатгалын шимтгэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувьтай тэнцүү байсныг 2018 оноос нэг хувь болгон бууруулсан. Энэ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд бүх нийтийг хамруулахад ихээхэн чухал алхам болно.

Мөн ирээдүйд иргэдийн эрүүл мэнд, түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын санд эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг одооноос тодорхойлж, түүнд чиглэсэн хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, протез, ортопедийн зардал, хорт хавдрын хими, туяаны өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар төсөвт өмнөх оныхоос дөрвөн тэрбумаар нэмэгдүүлж нийт 34,5 тэрбум төгрөг суулгалаа.

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх удаах тулгуур багана нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм. Өнөөгийн байдлаар нийт 3500 эрүүл мэндийн байгууллагад 50 гаруй мянган эмч, мэргэжилтэн ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарт инновацийг нэвтрүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг нутагшуулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж байгаагийн үр дүнд эх орондоо эмчилдэггүй байсан өвчний тоо 39 байсныг бууруулж 32 болголоо.

Мэдрэлийн мэс заслын хоёр, хавдрын хоёр, гэмтлийн нэг, үргүйдлийн хоёр өвчнийг шинээр эх орондоо эмчилж байна. Тухайлбал, зүрхний хэм алдагдлын эмчилгээ, тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээг дурдаж болно.

Энэ оны нэгдүгээр сард Донорын тухай хууль батлан хэрэгжүүлж эхэлснээр эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэддээ эх орондоо тусламж, үйлчилгээ авах хууль эрх зүйн орчныг бүрдүүллээ.

Өнөөдрийн байдлаар элэгний 48, бөөрний 153, ясны чөмөг шилжүүлэн суулгах 10 удаагийн мэс заслыг амжилттай хийгээд байна. Зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах баг ажиллаж анхны туршилтаа амжилттай хийсэн.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. 2017 онд давхардсан тоогоор 1.5 сая даатгуулагч 26,8 тэрбум төгрөгийн үнийн хөнгөлөлт эдэлсэн. 2018 онд ерөнхий нэршлийн 184, худалдааны нэршлийн 817 эмэнд 40-80 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлжээ.

Эрүүл мэндийн даатгалын санг 04 дүгээр сарын 01-нээс цахим системд шилжүүлж, мэдээллийн технологийг сайжруулан өрхийн эмнэлэг, эмийн сангийн түвшинд нэвтрүүлж эхлээд байна. Цахим програм хангамжийг бүрэн нэвтрүүлснээр даатгуулагч бүрт тусламж, үйлчилгээний талаарх мэдээлэл цахимаар очиж, тусламж үйлчилгээний чанар болон зардалд тавих хяналт сайжирна. Даатгалын сангаас үзүүлж буй тусламж, үйлчилгээний нэр төрөл ил тод болж, иргэдэд учрах тусламж үйлчилгээний чирэгдэл багасна.

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг бий болгох гурав дахь тулгуур нь эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээнд хүн амыг бүрэн хамруулах явдал юм.

Монгол Улсад иргэн бүр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хуульчилж, эрүүл мэндийн даатгалын хамралт 95.4 хувь байгаа хэдий ч, бага орлоготой иргэд, албан бус салбарт ажиллагсад, хөдөлгөөнт хүн ам, даатгалгүй иргэд, алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэд тусламж, үйлчилгээнд хамрагдалгүй орхигдох, эрүүл мэндийн тэгш бус байдалд орох магадлалтай байдаг.

Алслагдсан орон нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ДЭМБ-тай хамтран мобайл технологи нэвтрүүлж, зайн оношилгоонд 54 мянга гаруй малчин, иргэнийг хамруулсан нь ихээхэн үр дүнтэй болж байна.

Засгийн газар хөдөө орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах, урьдчилсан үзлэг хамруулах зорилгоор явуулын амбулаторийн үйлчилгээ бий болгоно. ДЭМБ-аас гаргасан “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэхэд энэ үйлчилгээ ихээхэн үр дүнтэй гэж үзэж байна.

Хүн амын дунд зонхилж улмаар нас баралтын гол шалтгаан болсон элэгний хорт хавдар, элэгний хатуурлыг бууруулах зорилгоор баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хепатит В, С вирүсийн халдварын илрүүлэг шинжилгээний эхний шатны үйл ажиллагааг 2017 онд зохион байгуулсан. Үзлэгт 40-65 насны хүн амын 57 хувь буюу нийт 535 мянга гаруй иргэнийг хамруулжээ.

Шинжилгээнд хамрагдсан иргэдээс 31,1 мянган хүн хепатитийн В вирүс эерэг гарсан бол 58,5 мянган иргэнд С вирүс эерэг гарсан байна. С вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 58,5 мянган хүн хамрагдлаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас энэ үйл ажиллагааг 6,6 тэрбум төгрөгөөр санхүүжүүллээ.

С вирүс устгах эмчилгээнд нийт 20,3 мянган даатгуулагч хамрагдаад байгаа бөгөөд даатгалын сангаас эмчилгээний зардалд 9,6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгоод байна. Мөн хепатитийн В вирүс илрээгүй 93 мянга гаруй иргэнийг сайн дурын дархлаажуулалтад хамрууллаа.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2-р шатанд 15-39 насны, 65-аас дээш насны 1 сая 200 гаруй мянган хүн хамрагдана. 2018 онд даатгалын сангаас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 10,2 тэрбум, элэгний С вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 4,9 тэрбум, С вирүсийн эмчилгээний эмийн хөнгөлөлтөд 18,4 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэхээр тооцож, шаардагдах төсвийг баталсан.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар энэ сарын дөрөвний өдрөөс улс орон даяар эхлүүллээ.

Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр хүн амын дунд хепатитын вирүсийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирүсийн шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, вирүсийн халдвараас үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулж чадна.

Мөн манай улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд урьдчилан сэргийлж, харьцангуй эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжтой халдварт бус өвчин зонхилж, хүн амын нас баралтын шалтгааны 77 хувийг эзэлж, эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 70 гаруй хувийг зарцуулж байна.

Судалгаагаар манай улс тамхины хэрэглээний түвшингээр дэлхийд эхний 10-т орж, тамхины хэрэглээ 27.1 хувь, архины хэрэглээ 36.3 хувь, архи хэтрүүлэн хэрэглэгчид 10.3 хувь байна.

Монгол хүний хоногийн давсны хэрэглээ ДЭМБ-аас зөвлөмж болгож буй хэмжээнээс 2,2 дахин их байна. Хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй, сүүлийн үед хүүхдүүдийн дунд таргалалт нэмэгдэх болсон судалгааны дүн гарчээ.

Хүн амын дунд архи, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, эрүүл зохистой хооллолтыг дэмжихийг хүн бүрийн идэвхтэй оролцоонд тулгуурлан хэрэгжүүлж чадвал зүрх судасны өвчлөлийг 80 хувь, чихрийн шижинг 90 хувь, хорт хавдрын өвчлөлийг 30 хувиар бууруулах боломжтой.

Ерөнхий боловсролын сургуулиудад албан ёсны сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг ирэх хичээлийн жилээс эхлэн оруулахаар шийдвэрлэсэн нь ирээдүй хойч үеэ эрүүл саруул амьдралын дадал хэвшилтэй болгоход чухал ач холбогдолтой болно.

УИХ-ын гишүүд ээ,

ДЭМБ-аас гаргасан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын шалгуур үзүүлэлт болох “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ын үзүүлэлт манай улсын хувьд 63.1 хувь байгаа нь бүсийн бусад улс оронтой харьцуулахад дундаж түвшинд байна.

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг хангахад төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь тусламж, үйлчилгээний ачааллыг хуваалцах ач холбогдолтой.

Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, монгол хүнийхээ насыг уртасгах үйлс зөвхөн эрүүл мэндийн салбарын бус хувь хүн, айл гэр, хамт олон, бусад бүх байгууллагын хамтын хүчин чармайлтын үр дүнд хүрэх үйл ажиллагаа юм.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, эрүүл мэндийн салбарт зориулж буй төсөв хөрөнгийн зэрэгцээ иргэн таны эрүүл саруул амьдрах эрмэлзэл, хүсэл зориг, хичээл зүтгэл нэмэгдвэл бид бүгдээрээ өвчин эмгэгээс ангид эрүүл саруул байж, урт наслах бүрэн боломжтой гэдгийг эрдэмтэн, судлаачид зөвлөдгийг эцэст нь тэмдэглэе.

Монголын нийт ард иргэддээ эрүүл энхийг хүсэн ерөөе.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний үед дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна

Нийслэлийн хэмжээнд энэ дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар, амбулаторийн 77.138 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2644 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.4 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшинтэй ижил, өнгөрсөн оны мөн үеэс 0.1 хувиар их байна.

Нийт өвчлөгсдийн 34.6 хувийг 0-1 нас, 27.9 хувийг 2-4 нас, 16.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1023 дуудлага ирснээс 40.4 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатай бүх нийтийн цэвэрлэгээ болно

Зураг

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас маргааш “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болсон байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлт 10:30 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд 11:00-12:30 минутын хооронд нийслэлийн хэмжээнд өрнөх юм. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн харьяа газар, агентлагийн бүх ажилтан албан хаагч, ЕБС-ын Эко клубын сурагчид, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн ажилтан, албан хаагчид болон үйл ажиллагааг сурталчилахаар автомашины болон мото спорт, ууланд авирагчдын клубууд оролцоно.

Цэвэрлэгээний ажил дараах 4 чиглэлээр зохион байгуулагдана.

  • Гудамж, зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг эрчимжүүлэх
  • Гудамж зам талбайн сандал, хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг угаах, засварлах
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах
  • Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээж, угаах
Их цэвэрлэгээний 90 минутыг 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна.

Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт боомтын нүүрсний тээврийн эргэлт нэмэгджээ

Өчигдөр Гашуунсухайт боомтоор нийт 1124 тээврийн хэрэгсэл гарсны 1012 нь нүүрс, үлдсэн нь баяжмал ачсан байжээ. Компани, аж ахуй нэгжээр нь ангилвал Эрдэнэс таван толгой компанийн 780, Энержиресурс компанийн 191, Тавантолгой ХК-ийн 41, Оюутолгой компанийн баяжмал ачсан 112 тээврийн хэрэгсэл тус тус гарсан байна. Харин нүүрс буулгасан 835, баяжмал буулгасан 96, нийт 931 тээвриййн хэрэгсэл хилээр орж ирсэн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн сүүлээр урд хөршийн Ганц мод боомт болон Өмнөговь аймагт байрлах Гашуун сухайт боомтод ажилласан билээ. Энэ үеэр нүүрсний тээврийн жолооч нартай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Мөн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаараа нүүрсний тээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээ авахаар болсон. Тодорхой цэгүүдэд авто зогсоолын цогцолбор байгуулж, тээврийн замд аюул осол гаргаж болзошгүй эрсдэлийг бууруулах, жолооч нарын тээвэрт явах хугацаанд эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэхээр болоод байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ, ӨМӨЗО, Өмнөговь аймагт тус тус томилолтоор ажиллах үедээ Гашуунсухайт боомтоор нэвтрэх нүүрсний тээвэр эргэлтийг нэмэгдүүлэх талаар холбогдох албан тушаалтнуудтай яриа хэлэлцээр хийсний дагуу хилээр гарах тээврийн автомашины тоо эрс нэмэгдээд байна.

Categories
мэдээ нийгэм

“Нээлттэй Улаанбаатар” систем ашиглалтын сургалт болж байна

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах, гүйцэтгэл, захиалагчийн хяналт тавих үйл ажиллагааг ил тод болгож, иргэд, олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх зорилго бүхий open.ulaanbaatar.mn системийг нийслэлийн байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/268 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн шилэн тендерийн бүртгэлийн системийн үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны 60 гаруй байгууллагын холбогдох албан хаагчдад систем ашиглалтын хоёр дахь удаагийн сургалтыг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын хурлын танхимд өнөөдөр зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Ус, ариун цэврийн байгууламж хариуцсан байгууллагуудын уялдаа холбоо муу байна гэв

Зураг

НҮБ-ын Хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Лео Хеллер Монгол Улсын ундны усны аюулгүй байдал, хүртээмж, иргэдийн худалдан авах чадавхийн талаарх судалгааны урьдчилсан дүгнэлтээ өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр Засгийн газрын урилгаар энэ сарын 09-нөөс Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сум, мөн эдгээр хот суурин газруудын ойр орчимд нутаглаж буй иргэдийн ундны усны аюулгүй байдал, хүртээмжид судалгаа хийсэн юм. Судалгааны эцсийн дүгнэлтээ энэ оны есдүгээр сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 39 дүгээр хуралдаанд танилцуулах аж. Аливаа улс орон эрүүл мэндийн шаардлага хангасан усны хүртээмж иргэн бүрт тэгш байх ёстой. Гэхдээ Монгол Улсад ундны усны хүртээмж тэгш бус байна. Энэ нь орон сууцны болон гэр хороололд түлхүү ажиглагдаж байгааг дүгнэлтэдээ тусгасан байна.

Тэрбээр, “ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран Монгол Улсад 2017 онд хийсэн судалгаагаар хөдөөгийн оршин суугчдын 56 хувь нь ариун цэврийн байгууламжгүй байгаа юм. Мөн орон сууцны нэг оршин суугч хоногт дунджаар 200 литр ус хэрэглэж байхад гэр хорооллын иргэдийнх 7-10 литр байна. Үүнд их хэмжээний тэгш бус байдал ажиглагдаж байгаа юм. Гэр хорооллын иргэд хэрэглээний болон ундны усаа худгаас зөөдөг, халуун усны газарт мөнгө төлж усанд ордог зэрэг цаг хугацаа, эдийн засгийн хохирол ихтэй. Мөн гэр хорооллын 300 өрхөд нэг худаг ногдож байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс энэ байдлыг нэн даруй шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт зөвлөж байна. Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр өсвөр насны охид ариун цэврээ сахих хэмжээний нөхцөл, бололцоог бүрдүүлж чадахгүй байна. Олон сургуулийн дотуур байрны ариун цэврийн байгууламж гадаа байрлаж байгаа. Энэ нь охидуудад багагүй бэрхшээл болж байгаа юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчүүлэх олон нийтийн бие засах газар хангалтгүй байна. Ус болон, ариун цэврийн байгууламж бол хүний эрхийг хангах энгийн зүйлс. Тиймээс Монгол Улс НҮБ-ын гишүүний хувьд ундны ус болон ариун цэврийн байгууламжийг хүн бүрт тэгш хүргэх ёстой. Монголд ус болон ариун цэврийн байгууламжийн хангамжийн асуудлыг эрхэлсэн төрийн олон байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа хангалтгүй байгаа тул Засгийн газар энэ чиглэлд ч анхаарлаа хандуулах нь зөв юм” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

С.Ганбатын гомдолд хариу өглөө

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу өөрийн болон хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг бусдад шилжүүлсэн, өөрийн албан үүргийн хүрээнд эзэмшиж байсан дансыг хаалгасан албан тушаалтнуудын нэрсийг Авлигатай тэмцэх газар нийтэд зарласан. Тэдгээр албан тушаалтнуудын нэг болох Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн штабын дарга С.Ганбат нь Авлигатай тэмцэх газарт хандан гомдол гаргалаа. Тэрээр “Би Хонконг дахь Консулын газарт ажиллаж байх хугацаандаа албан үүргийн дагуу эзэмшиж байсан дансаа хаасан тухай мэдүүлсэн байтал намайг оффшор данстай мэтээр зарласанд гомдолтой байна” гэжээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4, 101.5 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлсэн нэр бүхий дипломат ажилтнуудаас С.Ганбат нь албан ажлын шугамаар эзэмшиж байсан дансаа хаалгасан талаар мэдүүлж бүртгүүлсэн байна. Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албаны ил тод байдлыг хангах хуулийн зорилтод нийцүүлэн албан тушаалтнуудын оффшор бүс дэх хөрөнгийн талаарх мэдүүлэг, мэдэгдлийг нийтэд мэдээлсэн болно. Иймд хуульд заасан үүргээ биелүүлсэн дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг оффшор бүсэд хөрөнгө эзэмшиж байгаа гэж дүгнэн буруутгах үндэслэлгүй бөгөөд оффшор бүс дэх хөрөнгийн талаар мэдэгдэж бүртгүүлэх нь шинээр батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм гэж АТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сард олон жилийн дунджаас дулаан, хуурайшилттай байхыг анхаарууллаа

Он гарсаар улсын хэмжээнд Архангай, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Завхан, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 8 аймгийн 16 суманд 21 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 4828 га ой, 31999 га хээр, нийт 36827 га талбай тус тус түймэрт өртөж шатжээ. Түймрийг унтраахад Онцгой байдлын байгуулагаас 341 алба хаагч, 29 автомашин, Хилийн цэргийн анги байгууллагаас 22 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 667 иргэн, 75 автомашин, 53 мотоцикль, 39 морь, нийт 1030 хүн, 106 автомашин, 53 мотоцикль, 39 морьтой ажилласан.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийг унтраахаар Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 60 алба хаагч, 5 автомашин, орон нутгаас 136 иргэн, 5 автомашин, 8 мотоцикль, 31 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байна.

Харин Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гарсан түймрийн голомтонд тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ирэх тавдугаар сард Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгийн ихэнх нутаг, Увсын баруун, Ховд, Архангай, Төв, Сүхбаатар, Дорнодын хойд, Хөвсгөл аймгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөв гарчээ. Иймд түймэр гарахаас урьдчилан сэргийлж хаврын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, ой хээрт явахдаа оч баригчгүй автомашин техникээр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын тэргүүлэгчид нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаарх мэдээлэл сонслоо

Зураг

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар НОСК орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (ОНӨААТҮГ)-ыг өөрчлөн байгуулах тухай, “Монгол Наадам цогцолбор” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг дөрвөн асуудал хэлэлцэж байна.

Хурлын эхэнд Нийслэлийн нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаар Нийслэлийн тээврийн газрын мэдээллийг сонслоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийслэлийн өмчит нэг, хувийн хэвшлийн 20 аж ахуйн нэгж 87 чиглэлд 837 тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дунджаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобусны 38 хувь нь арваас дээш жилийн насжилттай байгаа аж.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд БНСУ-д стандартаар үйлчилгээнээс хасагдсан хуучин тээврийн хэрэгсэл импортоор оруулан парк шинэчилэлт хийх байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна гэж Нийслэлийн нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа хэллээ. Жил бүр нийтийн тээврийн үйлчилгээнээс 150-200 автобус насжилтаар хасагдаж байгаа тул энэ орон зайд стандартын шаардлага хангасан шинэ тээврийн хэрэгслээрпарк шинэчлэлт хийх шаардлагатай байгаа юм. Мөн нийтийн тээврийн зогсоолуудыг үе шаттайгаар тохижуулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах үүднээс гэрэлтүүлэг, бие засах газар байгуулах асуудал зэргийг шийдвэрлэх шаардлагатай байна гэлээ.

Мөн үеэр “Смарт карт” компани үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө. Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлсээр 4 дэх жилдээ орж байна. Одоогийн байдлаар энэ системийг 2 компани хариуцаж ажилладаг аж. “Смарт карт” компаний 24 хувийг нийслэл эзэмшдэг. Тус компани шугамын орлогын болон хөнгөлттэй зорчих иргэдэд олгох татаасын 9.6 хувийг сар бүр авдаг байна
“Смарт карт” компанийн хэлтсийн дарга н.Түвшинжаргал “Манай компанийн хувьд анх оруулсан хөрөнгө оруулалтаа бүхэн нөхөж амжаагүй. Төсөл хэрэгжүүлэх явцад төхөөрөмж эвдрэх, камерыг жолооч нар зориудаар гэмтээдэг байсан. Мөн бүх мэдээллийн дата-г байршуулах серверийг одоогоор өөрийн компанид байршуулж байгаа. Эдгээр дата-г Нийслэлийн мэдээлэл технологийн газарт хүлээлгэн өгөх гэсэн боловч тус газраас өрөө тасалгаа болон серверийн хүчин чадалыг хүлээн авах боломжгүй байна гэж тайлбарласан” гэв.
Хэлэлцсэн асуудлын төгсгөлд НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, “Нийтийн тээврийн байгууллагад хуримтлагдсан олон асуудал бий, эдгээр асуудлыг Аудитын байгууллага болон АТГ, холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой. Ард түмнийг хохироогоод байна уу, төсвийн мөнгийг үргүй зарцуулаад байна уу, үнэхээр иргэдэд хүрсэн сайн үйлчилгээг үзүүлээд байгаа юмуу гэдгийг шалгах цаг болсон” гэв.

Мөн НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Нийтийн тээврийн үйлчилгээ арчилгаа цэвэрлэгээ султай, тав тух муутай, жолооч нь дотроо тамхи татдаг, хурд хэтрүүлэн давхидаг гэх мэтийн гомдол санал иргэдээс тасардаггүй. Тиймээс нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг чанаржуулах, цаашлаад “Смарт карт” компанид нийслэл 24 хувь эзэмшдэг юм бол тэр хэмжээгээр компанийн засаглалд оролцох, санал хүсэлтээ илэрхийлж ажиллах ёстой” гэлээ.