Categories
мэдээ цаг-үе

Ц.Баттөр: Монголчууд нэгнийгээ муулах, үзэн ядах дон буюу сэтгэцийн нэг төрлийн өвчинд нэрвэгдчихээд байна

Сэтгэл судлаач Ц.Баттөрийг уншигч та бүхэнтэй уулзуулж байна. Монголчууд монгол хүнээ үзэж чадахаа байчихсан, бүр үнэн голоосоо үзэн яддаг болсон шалтгааны талаар ярилцлаа.


-Монголчууд монгол хүндээ яагаад дургүй болчихсон талаар танаас асуумаар байна. Нэгнийгээ үзэн ядах, харааж зүхэх, зодох, амь насыг нь хөнөөх гээд л олон зүйлийн талаар танаас асууж тодруулах гэсэн юм. Үүнийг мэргэжлийн сэтгэл судлаачийн хувьд тайлбарлаж өгөхгүй юү?

-Таны хэлж байгаа монгол хүн нэгнийгээ үзэн яддаг болчихсон гэдэгтэй зуун хувь санал нийлж байна. Шуудхан хэлэхэд монгол хүний гол дайсан нь монголчууд өөрсдөө болчихоод байна. Асуудлын гол нь үүнд байгаа юм. Та өнөөдөр анзаарч байгаа байх. Таны ойр тойрны хүмүүс нэг газар цугларч ярилцдаг. Харамсалтай нь ярианы гол сэдэв хэн нэгнийг муу хэлэх, үзэн ядах байдаг. Амьдралын боломж нь сайжирч, мэргэжилдээ амжилт гаргаж яваа хэн нэгнийг бид ярихдаа “Энэ хэзээ ийм байсан юм бэ. Хөгийн амьтан гутлаа чирээд явж байдаг байсан. Одоо бүүр өнгө зүс орчихжээ” гэхэд нөгөөх нь “Наадах чинь тэгж яваад мөнгөтэй болсон гэсэн. Ажилдаа амжилт гаргаад байгаа цаад шалтгаан нь ийм учиртай” гээд л ярьдаг. Амжилт гаргаж яваа эмэгтэй хүнийг аль нэг даргатай явалддаг гэх мэтээр ярьдаг. Харин эрэгтэйг нь даргын цүнх барьж гүйсээр байгаад энэ албан тушаалд ирсэн гээд л яриад байдаг. Амьдрал нь тааруу яваа таньдаг хүнийхээ талаар гэхэд “Үе удмаараа арчаагүй хүмүүс байсан юм. Энэ угаасаа ингэж явах заяанд төрчихсөн амьтан” гэх мэтээр ярьдаг. Яагаад энэ бүгдийг яриад байна вэ гэхээр монголчуудын тодорхой, магадгүй дийлэнх хэсэг хүн муугаар хэлэх дон буюу сэтгэцийн нэг төрлийн өвчинд нэрвэгдчихээд байгаа юм. Хүмүүс өөрийн мэдэлгүй ийм төрлийн өвчтэй болчихоод байна. Хүн муулах, үзэн ядах дон буюу сэтгэцийн өвчин нь хүндрээд ирэхээр олон муу үр дагавар дагуулдаг. Хүн муугаар яриад байхаар өөрт нь ямар ч хамааралгүй хүнийг хүртэл үзэн яддаг болчихдог.

Үүний тод жишээг хэлэхэд Солонгост хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа нэгнийгээ барьж өгдөг хүмүүс байдаг. Монгол хүн монгол хүнээ матаж барьж өгөөд байгаа цаад шалтгаан нь нэгдүгээрт, өөрөөс нь илүү мөнгөтэй болоод байна. Ажлаа сайн хийгээд байна гэж атаархаж боддог. Атаархал нь шууд үзэн ядалт, атаа жөтөө, өс хонзон авах үйлдлийг хийлгэдэг.Өөрөөр хэлбэл, өөрийгөө дөвийлгөх буюу эгоизм хэмээх хувиа хичээх үзэл гэх өвчний хавсарсан шинж тэмдэгтэй хүмүүс бусдад атаархаж, өс санаж явдаг. Ингээд элэг нэгтнээ матаж бариулдаг. Дараагийн жишээ нь замын түгжрэлд явж байгаа жолооч нар хоорондоо муудалцдаг. Түгжрэл дундуур машинтайгаа сүлжиж давхин бие биенийхээ урд, хойно орж шахалцдаг. Урд нь явж байгаад гэнэт тормос гишгэж осол аваар гаргах дөхдөг. Тэгснээ машиныхаа цонхыг онгойлгож янз бүрийн хараал хэлдэг. Үүний дараа замын голд зодолддог. Нэгнийгээ хайрлах энэрэх ямар ч сэтгэлгүйгээр зоддог. Цусыг нь гоожуулж байж санаа нь амардаг. Сүүлийн үед нэгнийгээ хажуугаар нь зөрөхдөө мөрлөж гарлаа гээд муудалцаж зодолдоод амийг нь хөнөөсөн хэрэг олон гарч байна. Хүмүүсийн энэ цочмог хурдан уурлаж, байгаа нь бусдыг үзэн ядах өвчнөөс үүдэлтэй юм.

-Юунаас болж бусдыг үзэн ядах өвчтэй болж байна вэ?

-Дэлхийн бусад оронд хүүхдийг дөрвөн настайгаас нь эхлээд хувь хүн болж төлөвшихөд гол нөлөө үзүүлэх хичээл заадаг. Солонгосчууд гэхэд хүүхдүүдээ багаас нь солонгос хүн оюун ухаан бяр чадал гээд бүх зүйлээс дэлхийн бусад улс орны хүмүүсээс илүү. Хамгийн шилдэг нь гэсэн ойлголтыг бат бөх суулгаж өгдөг. Германчууд ч ялгаагүй яг л ийм байдлаар хүүхдүүдээ хүмүүжүүлж байна. Гэтэл манайхан эсрэгээрээ байдаг шүү дээ. Аав, ээж нь гэртээ хүүхдүүдийнхээ хажууд хэн нэгнийг үзэн ядаж, муулаад байдаг. Хүндэлж хайрладаг, хамгийн ихээр үлгэрлэдэг аав, ээж, хамаатан садан нь хэн нэгнийг муу хэлээд байхаар хүүхдийн оюун ухаанд бусдыг үзэн ядаж болдог гэсэн үзэл бат бөх суучихдаг.

Сэтгэцийн өвчний эх үүсвэр нь ёс суртахуунгүй болж байгаагаас үүдэлтэй. Ёс суртахуун байхгүй болохоор хэн нэгнийг хүндэлж, хайрлахгүй болдог. Бас бусдаас ичиж эмээхээ больдог. Энэ байдал бий болоод ирэхээр бие биенийхээ дээр гарах гэсэн, амьтанлаг, араатанлаг сүргийн сэтгэхүй давамгайлчихдаг. Миний түрүүнд ярьсан бусдыг үзэн ядах, монгол хүн монголчуудаа хайрлахгүй байгаа гол шалтгаан үүнээс үүдэлтэй. Ёс суртахуунгүй хүн ичиж, санаа зовохоо больдог. Үүний дараа хэнийг ч хайрлаж энэрэхгүй араатан шинжтэй болдог. Ёс суртахууны асуудлыг хүмүүс маш жижиг асуудал мэт ойлгодог. Үнэндээ энэ бол чухал зүйл юм. Хүүхдүүдээ ёс суртахуунтай, бусдыг хүндэлдэг, хүн чанартай байх, хэн нэгэнд ялагдаж, ялж сурах, монгол хүний үнэ цэнэ ямар байх ёстойг ойлгуулж чадахгүй байгаагаас болж өнөөдрийн араатан шиг зан авиртай монгол хүнийг бид өөрсдийн гараар бүтээж байгаа юм шүү дээ. Хүмүүсийн хоорондын харилцаа, ёс, суртахууныг өөрчлөхгүй бол энэ төрлийн өвчин улам даамжирч, цар хүрээгээ жилээс жилд тэлнэ гэсэн үг юм.

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв судалгаа хийсэн гэсэн. Тэр судалгааны үр дүнгээр зургаан хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн төрлийн өвчтэй байгаа гэсэн үү?

-Сэтгэцийн эрүүл мэндийн төв одоогоос хэдэн жилийн өмнө хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй, 17.1 хувь нь нойрны эмгэгтэй, 16.2 хувь нт мэдрэл сульдалтай, 4.4 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна. Товчоор хэлбэл, Монголд 5-6 хүний нэг нь сэтгэцийн эмгэгээр өвчилж байдаг гэх судалгааг гаргасан байна. Манай улсын иргэд өвчилж байгаа өөр нэг өвчин байна. Эгоизм буюу хувиа хичээх үзэл. Өөрийгөө хэт их дөвийлгөх, ерөөсөө л энэ хорвоод өөрөөс нь өөр ухаантай хүн байхгүй гэх үзэлтэй хүн олон болоод байна.

-Эрүүл буюу сэтгэцийн ямар ч эмгэггүй гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Нэр томьёонд бие махбодийн хувьд эрүүл, өвчин зовлонгүй, сэтгэл санааны хувьд амар амгалан, нийгэм дунд эзлэх байр суурьтай, дасан зохицох чадвартай хүнийг эрүүл гэдэг. Дасан зохицох чадвар гэдэг маш чухал юм. Ийм чадваргүй хүн байдаг. Бусадтай харилцаж чаддаггүй, шинэ хамт олны дунд ороод нийгэмшиж, өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Эсвэл хүмүүстэй муудалцаж, дандаа муу талыг нь олж хардаг. Бас хамт ажиллаж байгаа хүмүүсээ удирдлагууддаа матдаг хүмүүс байдаг. Энэ бол нэг төрлийн сэтгэцийн эмгэг гэдгийг хэлмээр байна. Бас заргын донтой хүмүүс байдаг. Заргын дон гэдэг биеэ даасан өвчний хам шинж юм. Гэхдээ зарга хийгээд явдаг хүн болгоныг эмгэгтэй, өвчтэй гэж болохгүй. Шударга үнэний төлөө явдаг хүн бий. Хүний гаргаж байгаа зан авир, зан аашаас болоод тухайн хүнийг шизотой гэж болохгүй. Зан ааш, төрөх үйлийн олон шинж хүнд байдаг учраас тэр болгоныг өвчин, эмгэг гэж хамаагүй хэлж болохгүй.

-Сэтгэл гутралын өвчин сэтгэцийн гаралтай өвчний ихэнх хувийг эзэлж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм ээ. Сэтгэл гутралын өвчтэй хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Сэтгэл гутрал нь залхуу, сул дорой гэсэн үг биш, харин энэ нь даралт ихсэх, чихрийн шижин, үе ìөчний өвчинтэй адил эмчилгээ шаардлагатай өвчин юм. Энэ нь аль ч насны хүмүүст тохиолдож болох ба эрүүл мэндийн тусламжтайгаар эмчлэгдэнэ.Сэтгэл гутрал гэж нэрлэгддэг өвчин түр зуурын уйтгарлаж гунихаас ялгаатай юм. Сэтгэл гутрал нь өвчин бөгөөд уйтгар гуниг нь маш хүчтэй, цаг хугацааны хувьд удаан үргэлжилдэг. Иймд энэ нь таны ажил, нийгмийн байдал гэр бүлийг тааламжгүй байдалд оруулдаг. Сэтгэл гутрал нь сэтгэл цочролд оруулахаас гадна өөр олон шинжүүдээр илэрнэ. Сэтгэл гутралд автснаас болж амиа хорлох харамсалтай хэргүүд ар араасаа цувран гарсаар байна. Ер нь сэтгэл гутралтай эсэхээ тестээр үзэж болдог. Доорх шинжүүдээс танд гурав нь илэрч байвал сэтгэл гутралд орсон байх магадлалтай.

“-Та ихэнхдээ сэтгэл дундуур гонсгор байдаг.

-Урьд өмнө нь сонирхол татаж байсан зүйлдээ сонирхолгүй болсон, өдөр ирэх тусам таашаал авах нь буурч буй.

-Та хэвийн хооллож байгаа ч жин ихээхэн нэмэгдсэн, эсвэл мэдэгдэхүйц буурсан.

-Танд байнга өлсөх мэдрэмж төрдөг болсон, эсвэл хоолны дуршил буурсан.

-Нойргүйдэх, эсвэл үргэлж нойрмоглодог болсон.

-Та байнгын хэт сэрэлтэй байх, эсвэл сулрал болон огцом бууралт мэдэрдэг болсон.

-Таны эрч хүч суларч, амархан ядардаг болсон.

-Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэсэн мэдрэмж төрж, шалтгаангүйгээр өөрийгөө буруутгадаг болсон.

-Таны оюуны чадавх мэдэгдэхүйц буурч сэтгэл санаагаа төвлөрүүлэн шийдвэр гаргах чадвар буурсан.

-Танд үхэл, амиа хорлох талаар бодлууд бий болсон.

-Амиа хорлох оролддогууд хийсэн” гэсэн арваннэгэн шинж тэмдгээс танд нэгэн зэрэг тав нь илэрч байвал сэтгэл гутралд орсныг илтгэнэ. Сэтгэл гонсгор байх нь сонгодог сэтгэл гутралын аль ч хэлбэрийн анхны бөгөөд зайлшгүй илэрдэг дохио юм.


Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хамгийн өндөр чанартай ноолуур Монголынх

Монгол ямаа

Өмнөд Монголын Баяннуур хотын Хангин хойд хошуунд 2016 оны хавар клоны аргаар өндөр чанартай ноолуурын үүлдрийн цагаан ямаа гаргаж авсан. Баяннуурын аж үйлдвэрийн тойргийн мэргэжилтнүүд клоны аргаар гаргаж авсан хоёр ишгийг дэлхийн хамгийн өндөр чанарын ноолуур өгнө хэмээн тухайн үед онцолж байсан билээ. Клоны аргаар хувилж гаргаж авсан ишигнүүд эхнээсээ шүдэлж байгаа гэсэн үг.

Ишигнүүдийг ноолуур нь 13.89 микрон нарийн сэрхний эсийг ашиглан гарган авсан юм байна. Баяннуурын хувьд ноолуурын цагаан ямаагаараа дэлхийд алдартай. 1990-ээд оноос тэр хавийн малчид ноолуурын чанар биш, гарцад илүүтэй анхаарч эрлийзжүүлсэнээр ноолуурын хялгас бүдүүрч 16-18 микрон хүрч Баяннуурын ноолуурын цагаан ямааны үүлдэр устахад хүрээд байсан юм. Үүнд БНХАУ-ын Засгийн газрын зүгээс яаралтай арга хэмжээ авч 2013 оноос ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж нарийн ширхэгт ноолуурын ямаа үржүүлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлж ноолуурын цагаан ямааг үржүүлэх, хамгаалах ажлыг хурдацтай явуулсны үр дүнд 2016 онд анхны төлөө хүлээн авсан нь тэр. Хятад улс клоны буюу амьтныг хувилах аргаар гаргаж авсан уг ямаанаас 13.89 микроноос ч нарийн хялгастай ноолуур гарна хэмээгээд “Дэлхийн хамгийн өндөр чанартай ноолуурын ямааг клоны аргаар гаргаж авлаа”, “Өндөр чанартай ноолуурын ямааг анх удаа клонын аргаар гаргалаа”, “Дэлхийн хамгийн анхны клонжуулсан ноолуурын ямаа” хэмээн тухайн үед хүчтэй сурталчилж, ноолуурын зах зээл дэх идэвхтэй тоглогч, хөрөнгө оруулагчдын харааг өөртөө татаж чадсан. Тэрнээс улбаалж дэлхийн нөлөө бүхий зарим мэдээллийн хэрэгслээр “Хятадууд su­perfine ноолуурын ямаа үржүүлж байна” гэж мэдээлж байсан юм. Энэ нь тухайн зах зээл дэх бизнесмэнүүдийн харааг өөртөө татах гэсэн идэвхжүүлэлтийн арга байсан байх талтай.

Монголын ноос ноолуурын холбооноос 2003 онд гаргаж байсан судалгаанд дурдсанаар Монгол үүлдрийн ямаа, Өнжүүл үүлдрийн хэсэг, Залаа жинстийн цагаан, Эрчим, Баяндэлгэрийн улаан, Буурал, Өлгийн улаан, Говь гурван сайхан, Уулын бор, Алтайн улаан үүлдрийн хэсэг гэсэн үүлдэр, үүлдрийн хэсэг, омгийн ямааг үржүүлдэг талаар дурдаж дэлхийд ноолуурын чанараараа Хятад нэгдүгээрт, Монгол хоёрдугаарт ордог гэжээ.

Хятадуудын мэдээлж буйгаар клонын аргаар гаргаж авсан өндөр чанарын ноолуур өгөх ишигнүүд нь

Микрон буюу нарийн голч, өнгөөрөө хятад ноолуур, монгол ноолуураас давуутай ч ширхэгийн уртаараа монгол ноолуур урт. Урт нь их байх тусам ээрэгдэх чадвар нь сайжирдгаараа ээрмэлийн технологийн гол үзүүлэлт болдог гэнэ.

Хятад улс Баяннуурын клонын аргаар гаргаж авсан цагаан ямаанаасаа 13.89 микроноос ч нарийн хялгастай ноолуур авна гэж байгаа ч Монгол Улсын эрдэмтэд 2015 оны хавар мах, ноолуурын чиглэлийн ямааны шинэ үүлдэр гаргаж авсан юм. “Завхан-Буурал” нэртэй уг үүлдрийн ямааны ноолуурын урт нь 5.6-6.8 см, нарийн голч нь 13.7-14.2 микрон. Уг үүлдэр нь бусад ямаанаас 3-8 кг-аар илүү жинтэй. “Завхан-Буурал” үүлдрийн ухныг манай улсын 11 аймгийн 60 гаруй суманд хээлтүүлэгчээр авсан юм байна.

2008, 2009 оны үеэс манай эрдэмтэд ноолуурын хялгасны бүдүүрэлтэд анхаарал хандуулж олон талын ажил явуулсны үр дүнд монгол ямааны ноолуурын ширхгийн голч 13-16 микрон, урт нь 38-43 мм болжээ. Хятад, Энэтхэг, Иран зэрэг орны ямааны ноолуур байгаль, цаг уурын онцлогоосоо шалтгаалан манайхаас 1.5-2 микрон бүдүүн, 5-7 мм богино. Ноолуурын ширхэг нарийхан байх тусмаа зөөлөн байдаг учир зөөлөн, хөнгөн, дулаан байдаг. Тиймээс монгол ноолуур дэлхийд сүүлийн арав гаруй жил нэгдүгээр байрт явж байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна.

МННХ-ны 2003 оны судалгаагаар

2015 онд гаргаж авсан “Завхан-Буурал” үүлдэрийг клонын аргаар гаргаж авсан Баяннуурын цагаан ямаатай харьцуулбал

Хятадын Засгийн газар үйлдвэрүүддээ хүүгүй зээл олгох замаар монгол ноолуурыг их хэмжээгээр авч өөрийнхөө ноолууртай хольж бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулдаг хэмээн хардуулдаг. Тиймээс тус улсаас ноолуурын салбар дахь нэр хүндээ хамгаалахын тулд Баяннуурын цагаан ямааг түшиглэж клонын аргаар хувилсан ямаанаасаа 13.89 микроноос ч нарийн ноолуур авна хэмээн зарласан байх ч талтай л даа.

Ховд аймгийн Алтай сумын улаан зүсмийн үүлдрийн ямааны ноолуурын микрон 13.6 гэж 2003 онд тэмдэглэгдсэнээс үзэхэд Өмнөд Монголын Баяннуурын клонын аргаар гаргаж авсан цагаан ямаа нь дэлхийн хамгийн өндөр чанартай ноолуурыг өгнө нь гэдэг нь худлаа болж байгаа юм.

Монголын ноос ноолуурын холбооноос 2003 онд гарсан судалгаанд монгол ноолуурыг 15.5-16.0 микрон, 38-43 мм урт гэж тодорхойлж байсан бол харин сүүлийн үеийн танилцуулгадаа монгол ямааны ноолуурын ширхэгийн голч 13.0-16.5 микрон, дундаж урт нь 38-45 мм гэж тодорхойлох болжээ.

Энэ бүхнээс харахад дэлхийд хамгийн өндөр чанартай, нарийн микронтой, урт ноолуур нийлүүлж байгаа нь Монгол Улс. Тэгэхээр монгол ноолуур дэлхийн хамгийн өндөр чанартай ноолуур гэдэг нь хэвээрээ юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Даваасүрэн: Манай байгууллагад хамааралгүй үйлдвэрчний эвлэл худал мэдээлэл тарааж, хүндрэл учруулж байна

Зорчигч тээврийн нэгmгэл ОНӨААТҮГ-ын орлогч захирал Б.Даваасүрэнтэй ярилцлаа.


-“Зорчигч тээврийн нэгтгэл компани”-ийн үйл ажиллагаа, үндсэн чиг үүргийн талаар танилцуулахгүй юу?

-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны наймдугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор нийтийн тээврийн үйлчилгээний “Автобус 1”, “Автобус 3”, Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ыг нэгтэн шинээр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулагдсан байдаг. Одоогоор энэ байгууллага маань таван хэлтэс, гурван баазтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллага 367 хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хотын төвийн 25, хот орчмын ес, нийт 34 чиглэлд өдөрт 295 автобус, троллейбус гаргаж 1500 гаруй ажилтан албан хаагч, инженер техникийн ажилтнуудтайгаар үйлчилгээ эрхэлдэг. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нийслэлийн зорчигч тээрийн нийт гаралтын 35 орчим хувийг, шугамын гаралтын 40 орчим хувийг хангаж ард иргэддээ түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэн ажилладаг.

-Ажлын амжилтынхаа талаар манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Манай байгууллага хийж бүтээсэн ажлаа үнэлүүлж хэд хэдэн шагнал хүртсэн. “Нийтийн тээврийн газар”-тай байгуулсан гэрээний биелэлтээ өнгөрсөн онд бүрэн хангаж 97.98 хувиар биелүүлж ажилласан. Энэ амжилтыг өндрөөр үнэлж 2017 онд авто тээвэр байгуулагдсаны 92 жилийн ойгоор Зам тээврийн яамны жуух бичгээр шагнуулсан байгаа. Мөн 2017 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зарласан болзолт уралдаанд тусгай байр эзэлж өргөмжлөл гардсан. Үүнээс гадна нийтийн тээврийн тэргүүний байгууллагаар шалгаруулж байсан. Нийслэлийн аудитын газраас санхүүгийн зөрчилгүй байгууллага гэсэн үнэлгээ авсан.

-Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахаар ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-Бид нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүднээс төлөвлөгөө график гаргаж ажиллаж байгаа. Иргэдэд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах үүднээс өглөө, оройны ачааллын цагаар шугамд нэмж автобус гаргажz ажилладаг. Мөн зорчигч тээврийн хэмжээнд автобусны хоёрдугаар баазыг эко болгосон. Энэ ажлын хүрээнд Каунти, маз автобус, троллейбусыг гээд 117 нийтийн тээврийн хэрэгслийг евро 4 түлшээр цэнэглэн явуулж байна. Нийтийн тээврийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай соёлтой боловсон үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэж байгаа. Үүний тулд “Нарны зам” сургалтын төв, Тээврийн прокурор, нийслэлийн замын цагдаатай хамтарч зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтуудыг хийдэг. Хамгийн гол нь иргэдэд осол зөрчилгүй үйлчлэхийг эрмэлэж туршлагатай жолооч нарыг ажилд шалгаруулж авч үйлчилгээнд гаргадаг. Энэ ч утгаараа 2016 онд 79 осол, аваар бүртгэгдэж байсан бол өнгөрсөн онд 52 болж буурсан. Сүүлийн үед үйлчилгээний гомдол санал ч бүртгэгдэх нь эрс цөөрсөн үзүүлэлттэй байгаа. Үүнээс гадна нийтийн тээвэрт батлагдсан цаг, графикийн дагуу үйлчилгээгээ явуулдаг л даа. Энэ маань улсын байгууллага учраас тогтсон цагт бууж, тогтсон цагт үйлчилгээндээ гардаг.

-Үйлчилгээнд явуулж буй нийтийн тээврийн хэрэгслүүд хэдэн онд Монголд орж ирсэн бэ. Хамгийн сүүлд хэзээ шинэчлэл хийгдсэн бол?

-Бид 650-700 мянган километр гүйсэн Солонгосын “Deawoo 106 S” маркийн автобусыг үйлчилгээндээ хэрэглэдэг. Эд маань захаасаа хуучирч моралийн элэгдэлд орж байгаа учраас нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусыг нэн тэргүүнд солих хэрэгтэй байна. Үүнд төр засгийн дэмжлэг шаардлагатай байгаа.

-Танайх сэлбэг хэрэгслээ хаанаас худалдаж авдаг вэ. Монголд автобусны сэлбэг, хэрэгсэл нийлүүлдэг төрөлжсөн байгууллага байдаг уу?

-Технологийн шинэчлэл дэлхийн нийтээр явагдаж байна. Автобус, троллейбус жил бүр л шинэчлэгдэж, хэрэглэхэд хялбар болж байгаа. Энэ төрлийн унааны сэлбэг өнөөдөр валютын ханш, татвар даатгал зэргээс шалтгаалж үнэ нь өссөөр байна. Манайх сэлбэгээ дотоодын зах зээлээс өдөр тутамд нь худалдаж авч үйл ажиллагаа явуулдаг. Сэлбэгийг гаднаас бөөнөөр нь авч хуримтлуулдаггүй.

-Үйл ажиллагааг явуулахад учирч буй саад бэрхшээлүүд байна уу. Энэ талаар ярихгүй юу?

-Хэд хэдэн хүндрэлтэй асуудлууд байгаа. Бид нийтийн тээврийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүрэгтэй. Гэвч улс төр болон төрийн бус байгууллагуудын оролцооноос шалтгаалж хэвийн ажиллагаа явуулахад хүндрэл учирч байгаа. Өнөөдрийн байдлаар хуучин татан буугдсан үйлдвэрчний эвлэлийнхэн байгууллагын дотоод ажилд хөндлөнгөөс оролцож ажилчдын сэтгэл санааг үймүүлээд байна. Үүнд сэтгэл дундуур байгаа.

-Хэзээ татан буугдсан байгууллага вэ. Та бүхэн шинээр үйлдвэрчний эвлэл байгуулсан юм уу. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өмнөх үйлдвэрчний эвлэлийн сонгуульт хугацаа нь дуусч, манайх шинээр үйлдвэрчний эвлэл байгуулсан. Энэхүү эвлэл байгуулагдсанаар ажилчдын эрх ашгийг хамгаалж хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа.

О.НЯМ

Categories
мэдээ цаг-үе

“Далд өлсгөлөн”-гөөс сэргийлэх нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Б.Цогтбаатартай ярилцлаа.


-Сүүлийн үед далд өлсгөлөн гэж их ярих боллоо. Далд өлсгөлөн гэж яг юуг хэлдэг вэ? Та энэ талаар тодруулна уу?

-Дэлхий дахинаа аминдэм, эрдэс бодисын дутлыг “далд өлсгөлөн” гэж нэрлэдэг билээ. Монгол Улсын хүн ам, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд зарим хэлбэрийн “далд өлсгөлөн” буюу амин дэм, эрдсийн дутал түгээмэл байна. Хүний бие мах бодид амин дэм, эрдэс бодис үүсдэггүй тул тэдгээрийг өдөр тутам хоол хүнсээр зайлшгүй авах шаардлагатай байдаг. Аминдэм, эрдэс бодисыг “бичил тэжээл” гэж нэрлэдэг бөгөөд хүний бие махбодид маш бага хэмжээгээр шаардагдах боловч хэвийн өсөлт хөгжил, эрүүл амьдрал, аливаа өвчнөөс сэргийлэхэд чухал үүрэгтэй.

-Та зарим төрлийн далд өлсгөлөн гэж ярилаа. Яг ямар төрлийн амин дэм, эрдсийн дутал монголчуудын дунд түгээмэл байна вэ. Амин дэм, эрдсийн дутлыг хэрхэн судалж, ирүүлдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь 1992 оноос өнөөг хүртэл үндэсний түвшинд таван удаа нийт хүн ам, хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх судалгааг зохион байгуулсан. Дээрх судалгаагаар хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд төмөр, иод, А, Д аминдэмийн дутал, түүнээс шалтгаалсан эмгэг түгээмэл байгааг тогтоосон.

Цус багадалтын тархалтыг анх 1999 онд хоол тэжээлийн үндэсний II судалгаагаар тогтоосон. Үүнд: Тав хүртэлх насны хүүхдийн 48.5 хувь, төрөх насны эмэгтэйчүүдийн 16.9 хувь цус багадалттай байгааг илрүүлсэн. Судалгаанаас харахад тав хүртэлх насны хүүхдийн дунд цус багадалтын тархалт тогтвортой буурахгүй байгаа бөгөөд тав хүүхэд тутмын нэг нь цус багадалттай байна. Аж байдлын түвшинээр чинээлэг өрхийн хүүхдийн дунд ч цус багадалтын тархалт харьцангүй түгээмэл 18.5 хувь нь, ядуу өрхийн гурван хүүхэд тутмын нэг нь цус багадалттай байгааг илрүүлсэн. Мөн төрөх насны 10 эмэгтэй тутмын нэг, таван жирэмсэн эмэгтэй тутмын нэг нь цус багадалттай бөгөөд төрөх насны болон жирэмсэн эмэгтэйчүүдийн 30 орчим хувь төмөр дуталтай байгаа нь энэ төрлийн “далд өлсгөлөн” манай улсын нэн тэргүүнд шийдвэл зохих, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болохыг илтгэж байна.

-Манай улсын хүн амын дунд А, Д аминдэм дутал түгээмэл байгаа гэж та хэллээ. Ялангуяа Д амин дэм дутлын тархалт маш их байгаа талаар хэвлэл мэдээллээр нэлээд ярьсан. Д амин дэмийн дутлын тархалтын түвшин ямар байгаа вэ?

-Хүний бие махбодын эрчимтэй өсөлтийн үе буюу нялх, балчир, өсвөр нас, жирэмслэлтийн үед А, Д амин дэмийн хэрэгцээ хамгийн өндөр байдаг. Д аминдэм нь кальцийг биед шингээх, ясны хэвийн өсөлтийг хангахад чухалүүрэгтэй. Д амин дэм дутагдахад ясны эрдэсжилтэд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжих, хугарамтгай болох эрсдэл нэмэгддэг. А аминдэм нь биеийн эд, эсийн нөхөн төлжилтөд оролцохын зэрэгцээ дархлааны тогтолцооны бүрэлдэхүүнд багтаж, халдвартай тэмцэхэд тусалдаг. Судалгаануудын дүнгээр А, Д амин дэмийн дутал хүн амын дунд түгээмэл байгааг илрүүлсэн. Тав хүртэлх насны хүүхдийн дунд А амин дэмийн дутал 9.5 хувь буурсан байгаа хэдий ч (ХТҮС-V, 2017он) нөөц багатай буюу дуталд өртөх эрсдэлтэй, “далд өлсгөлөн”-гийн байдалд байгаа хүүхдийн эзлэх хувь маш өндөр (60.1%) байгааг илрүүлсэн.

Рахит бол Д аминдэм дутлын хүнд, ужиг хэлбэр юм. Хоол тэжээлийн судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдэд рахитыг оношлох үзлэг хийж, нийт хүүхдийн 75 хувь эмнэл зүйн аль нэг шинжийг илрүүлсэн байдаг. Мөн 6-59 сартай 10 хүүхэд тутмын 6 нь (61 хувь) Д аминдэм дуталтай байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.4 хувь нь Д аминдэм дуталтай, 20.2 хувь нь нөөц багатай, 15-49 насны эрэгтэйчүүдийн 40.4 хувь Д аминдэм дуталтай, 41.9 хувь нь нөөц багатай буюу дутлын байдалд шилжихэд ойрхон байгааг судлаачид тогтоосон. Манай улсад зүрх судасны өвчлөл нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаантай өнөө үед насанд хүрэгчид, хүүхдийг Д аминдэм дутлаас сэргийлэх, Д аминдэмийн бэлдмэлийн хангамж, хүртээмжийг сайжруулах нь нийт хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулахад зарим нааштай үр дүн авчрах магадлалтай юм.

Дүрслэл 2. МУ-ын өрхийн иоджуулсан давсны хэрэглээ ба хүүхэд эмэгтэйчүүдийн шээсээр ялгарах иодын дундаж голч хэмжээ, 1996-2017 онд

-Хоол тэжээлийн V судалгааны дүгнэлт, зөвлөмжид иод дутлын асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна гэж дүгнэсэн байсан. Манай улс иод дутлын эмгэгтэй тэмцэх ажлыг олон жил амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэдэг юм билээ. Гэтэл уг асуудлыг бүрэн шийдэгдээгүй байна гэж дүгнэсэн шалтгааны талаар тодруулж ярина уу?

-Таны асуултад хариулахын өмнө иод дутал, түүний хор хөнөөлийн талаар товч мэдээлэл өгмөөр байна. Манай улсын эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй дараагийн асуудал бол “иод дутал” юм. Хоол хүнсээр авах иодын хэмжээ хангалтгүй байх нь иод дутлын үндсэн шалтгаан болдог. Иод дутлаас хүний бие махбодын өсөлт, хөгжилд олон тооны саатал үүсдэг бөгөөд тэдгээрийг бүхэлд нь иод дутлын эмгэг гэж нэрлэдэг. Жирэмсэн эмэгтэй иодын дуталд өртвөл үр зулбах, дутуу төрөх эрсдэл нь нэмэгддэг бөгөөд амьдарч чадсан ургийн өсөлт хоцрогдож,төрсний дараа төрөлхийн өсөлтийн хоцрогдолтой, оюун ухааны хомсдолтой хүүхэд болон өсдөг. Жирэмсэн эх иодын хөнгөн хэлбэрийн дуталд өртөхөд ч, хожим төрөх хүүхдийн суралцах, боловсрол эзэмших, сэтгэн бодох чадвар (IQ) буюу оюун ухааны чадамж 10-15 хувиар буурдаг байна.

Монгол хүний иодын (иод нь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг)хэрэгцээгээ хангах үндсэн эх сурвалж нь иоджуулсан давс юм. Давсыг иоджуулж, иод дутлаас сэргийлэх нь манай улсын хувьд хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй арга зам хэвээр байгаа. Анх 1992 онд иод дутлын эмгэг манай улсын нэлээд олон аймгийн хүн амын дунд “хүнд” зэргийн тархалттай байгааг судалгаагаар илрүүлсэн үеэс эхлэн иод дутлаас сэргийлэх асуудал эрүүл мэндийн салбарын тэргүүлэх бодлого болсон. Хүнсний давсыг иоджуулах арга хэмжээг 1995 онд эхлүүлж, 2003 онд “Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай” хуулийг баталж, хүнсний зориулалтын бүх давсыг иоджуулах асуудлыг хуульчилсан билээ. Гэсэн хэдий ч хүн ам, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд иод дутлын тархалт тогтвортой буурахгүй байгааг судалгааны дүн харуулж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн иодын хангамж хангалтгүй, тэдний шээсээр ялгарах иодын хэмжээ 150 мкг/л-ээс бага, иод дуталтай байгаа нь төрөлхийн иод дуталтай хүүхэд төрүүлэх эрсдэл оршсоор байгааг хоол тэжээлийн үндэсний V судалгаа(2017он)-аар илрүүлсэн. Үүнээс үүдэн иод дутлын асуудал бүрэн шийдэгдээгүй байна гэж судлаачид дүгнэсэн юм.

Тав хүртэлх насны хүүхдийн дундах рахит, А, Д аминдэм дутлын байдал, 2004-2017 онд

-Аминдэм, эрдсийн дутлаас яаж сэргийлэх вэ. Далд өлсгөлөнгөөс сэргийлэх ямар ямар арга байдаг вэ. Танай төвөөс ямар арга замыг зөвлөж байна.

-Дэлхий нийтээрээ “далд өлсгөлөн буюу аминдэм, эрдсийн дутал”-аас сэргийлэх арга хэмжээг хоёр үндсэн чиглэлээр хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, бичил тэжээлийн дуталд өртөмтгий, зорилтот бүлгийн хүн амыг аминдэм, эрдсийн бэлдмэлээр хангах, хоёрдугаарт, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах арга хэмжээг ашиглаж байна.

Хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар аминдэм, эрдсийн дутлаас сэргийлэхийн тулд гурван чиглэлийн арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Үүнд, олон нэр төрлийн хүнсний зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг шаардлагатай аминдэм, эрдсийн бэлдмэлээр тогтмол хангах, хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах гэхчлэн.

Манай улс бага насны хүүхэд, хөхүүл хүүхэдтэй эх, жирэмсэн эмэгтэйчүүдийг А, Д аминдэм, төмөр фолийн хүчил, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ)-ээр хангах зорилтот арга хэмжээг 1993 оноос НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэг хязгаарлагдаж, Засгийн Газрын санхүүжилтийн дутмаг байдалтай холбоотойгоор тав хүртэлх бага насны хүүхэд, хөхүүл эх, жирэмсэн эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээл, Д аминдэмийн хангамж тасарч, улмаар рахит, Д амин дэмийн дутлын тархалт 2010 оны түвшнээс нэмэгдсэн төдийгүй, цус багадалт, төмөр дутлын байдал буураагүй байна. Мөн нийт хүн ам болон жирэмсэн эмэгтэйчүүдэд давсны хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөдөггүй тул тэдний өсөн нэмэгдсэн иодын хэрэгцээг хангахын тулд иод агуулсан аминдэм, эрдсийн бэлдмэл хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд нийт бүс нутгийн түвшинд ≥95 хувьд хүргэхээс гадна, жирэмсэн эмэгтэйчүүдийн иод агуулсан бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээг дэмжих шаардлага тулгамдаж байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд нийт хүн амыг “далд өлсгөлөн”-өөс сэргийлэх үндсэн арга зам, өргөн хэрэглээний хүнсийг баяжуулах асуудал шийдэгдээгүй байна. Хүнсийг баяжуулах нь өртөг багатай, үр ашиг өндөртэй нийгмийн эрүүл мэндийн суурь арга хэмжээ болохыг дэлхийн олон орон туршлагаар баталсан байдаг. Харамсалтай нь манай улсад гурилыг төмөр, цайр, В-гийн төрлийн зарим аминдэмийн холимогоор, сүүг Д аминдэмээр баяжуулах асуудал сүүлийн 10-аад жил яригдаж, ганц нэг оролдлого хийгдсэн ч өнөөг хүртэл бодлого, эрх зүйн зохицуулалт шийдэгдээгүй, албан журмын хүнс баяжуулалт ажил хэрэг болоогүй байна. 2017 онд УИХ-ын гишүүд “Баяжуулсан хүнсний тухай” хуулийн төсөл боловсруулж, батлуулахаар өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг эцэслэн боловсруулж, батлуулах ажлын хэсэг “Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо”-ны дэргэд байгуулагдсан бөгөөд дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд манай төвийн мэргэжилтнүүд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Ярилцсан танд баярлалаа.


Categories
мэдээ улс-төр

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ-бүх нийтийн хамралт” сэдвээр хийсэн мэдээлэлд өгөх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлт Монгол Улсыних хурлын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын эрхэм гишүүдээ,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ-бүх нийтийн хамралт”сэдвээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс дараах дүгнэлтийг хийж байна.

2015 онд НҮБ дэлхийн улс орнуудын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэж, Монгол Улс эх нялхасын болон 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдлийг бууруулж чадсан дэлхийн есөн орны нэгд багтаж чадсан билээ. Мянганы хөгжлийн зорилтын үргэлжлэл болгон НҮБ-ын Ерөнхий ассамблей 2030 он хүртлэх дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтыг тодорхойлж манай улс энэхүү тунхаглалд нэгдэж, өмнөх парламентаар “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг баталж, энэ парламент “Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг тус тус баталсан.

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь эмнэлэгт хийж байгаа төлбөрийн улмаас монгол хүн ядууралд өртөх эрсдэлгүйгээр чанартай,үр дүнтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах тухай ойлголт юм. Энэ ойлголт шинэ бодлого, шинэ зорилт биш бөгөөд энэхүү бодлого үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаж ирсэн. Эрүүл мэндийн салбарт ямарч улс төрийн явцуу эрх ашиг байж болохгүй гэдэг утгаар Ерөнхий сайдын энэхүү мэдээлэл Эрүүл мэндийн салбарын цаашдын зорилтыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Гэхдээ Ерөнхий сайдын мэдээлэлд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрүүл мэндийн талаар МАН-ын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт хэрхэн биелэгдэж байгаа талаар үнэлэлт, дүгнэлт дурдагдсангүй. Монголын ард түмэн таны мэдээлэлээс үүнийг хүлээж байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Томоохон эмнэлэгүүдэд нэг цэгийн үйлчилгээ бий болгох, хүнд суртал, чирэгдлийг арилгах, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг төгөлдөржүүлж, хот, хөдөө, орон сууц, гэр хороололд ялгалгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, эмнэлгүүдийн эдийн засаг санхүүгийн бие даасан байдлыг хангаж удирдлага зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч сувилагчдын чадавхийг сайжруулж, санхүүжилтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангасанаар төвлөрөл буурч, хүртээмж нэмэгдэн шудрага өрсөлдөөн бий болж, эрүүл мэндийнтусламж үйлчилгээний чанар бүх нийтийн хамралт сайжрана гэж бид үздэг.

Бүх нийтийн эрүүл мэндийн асуудалд намаар талцаж нийтийн эрх ашгийг хохироох эрх та бидэнд байхгүй учраас бодлогын чанартай дараах 9 асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байна.

1. Бид өмнөх парламентаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчилэн баталж, ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээний нэр төрөл, багцыг өргөтгөж, өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, протез, ортопедийн зардал, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, хорт хавдрын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх 4 төрлийн тусламж, үйлчилгээг нэмж, үндсэн 12 төрлийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Энэ зорилтыг бүрэн дүүрэн хангахад ЭМД-ын санг өргөтгөх асуудал онцгой ач холбогдолтой байсан. Тийм учраас бид эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувьтай тэнцүү болгож, төр хариуцдаг эрүүл мэндийн даатгалын хүрээг цөөлж нэг хүнд сард олгож байсан 670 төгрөгийг 3400 орчим төгрөг болгож өсгөсөн. Энэ заалтыг 2016, 2017 онд амжилттай хэрэгжүүлснээр даатгалын сан мэдэгдэхүйц нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамралт сайжирч эхэлсэн.

Харамсалтай нь та бүхэн энэ заалтыг өөрчилж нэг хувь болгосоноортом ухралт хийсэн. Даатгалынхаа санг бууруулчихаад эмнэлгийн тусламж үйлчилгээний хамралтыг сайжруулах тухай яриад ч хэрэггүй. Иймд хүчингүй болгосон заалтаа эргэж сэргээх хэрэгтэй гэж АН-ын бүлэг үзэж байна.

2. МАН-ын мөрийн хөтөлбөрийн “Эрүүл мэндийн даатгалын бие даасан тогтолцоог бүрдүүлнэ” гэсэн зорилтоо хэрэгжүүлэх үүднээс та бүхэн ямар ч тооцоо судалгаагүйгээр Эрүүл мэндийн даатгалыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж хяналтын тогтолцоогүй болгосон нь даатгалын тогтолцоог гажуудуулсан явдал болсон. ЭМЯ төрийн нэрийн өмнөөс даатгуулагч нарын мөнгийг хяналт тавих боломжгүйгээр захиран зарцуулах нөхцөл үүссэн.

Ер нь эрүүл мэндийн стратегийн худалдан авалт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хамралтын төлөөх санхүүжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэххэрэгсэл.

Тийм учраас ЭМД-ын байгууллага нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулж юу худалдан авах, хэнээс худалдан авах, үйлчилгээ ямар өртөгтэй байх, үйлчлүүлэгчдийн төлбөрийн хувь хэмжээ ямар байх вэ гэдгийг шинжлэх ухааны үндэстэй тогтоож, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын оношлогоо эмчилгээний үр дүнг цахим хэлбэрээр хянаж түүний дагуу сангийн хөрөнгийг зарцуулдаг хараат бус цогц байгууллага байлгадаг нь дэлхийн жишгээс гажуудсан.

Хэрэв МАН гаргасан шийдвэрийнхээ дагуу энэ тогтолцоогоор явна гэж үзэж байгаа бол юуны өмнө эмч сувилагч эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг төрийн албан хаагчдын нэгдсэн сүлжээнээс гаргаж, эхний ээлжинд удирдах зөвлөлтэй болгож, тэдний санхүүгийн бие даасан байдлыгхангах хэрэгтэй. Үүний тулд өмнөх парламентаас баталсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийн амин сүнс болсон зарим заалтуудын хэрэгжих хугацааг хойшлуулсан алдаагаа энэ хаврын чуулганаар засах ёстой.

3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2016 оны хавар Эрүүл мэнд спортын яам “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн жагсаалт, түүний жишиг үнэ, даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээ”-г боловсруулж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлуулсан. Ингэснээр иргэдийн хувьд оношлогоо эмчилгээнд хамрагдахдаа тодорхой хэмжээний зардлыг даатгалаас авах нөхцөл бүрдэж өнөөдөр амжилттай хэрэгжиж байна. Энэ бол анхны том алхам. Гэхдээ үйлчилгээ үзүүлсэн эмч сувилагч нар мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө эрүүл мэндийн даатгалаас ямарч хувь хүртэхгүй байгаа нь тэдний оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулж байгаа гэдгийг анхаарч дээрх даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээнд энэ урамшуулалыг хэрхэн тусгах талаар ЭМЯ судалж үзэх нь зүйтэй гэж үзэж байна.

4. Ерөнхий сайдын мэдээлэлд нийт 3500 эрүүл мэндийн байгууллагад 50 гаруй мянган эрүүл мэндийн ажилтнууд хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэж байгаа талаар дурьдсан ч тэдний нийгмийн хамгааллын байдал цалин хөлс ямар байгаа, цаашид хэрхэх талаар тоо баримт хэлсэнгүй. Үнэндээ тоо баримт хэлэхэд ч “санаа зовмоор” тооцоо гарч байгаа.

Иймд УИХ-ын эрхэм гишүүд Та бид эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, хамралтыг нэмэгдүүлэхийн тулд эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг 2019 оны төсөвт 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх зоримог алхам хийж, эмч эмнэлгийн ажилтнуудын орон тоо, норматив, эмч сувилагчдын харьцааг эргэн харж сувилагчдын тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэж АН-ын бүлэг санал болгож байна. Нөхцөл байдлыг бодитой авч үзэж үр ашиггүй зардлыг бууруулж зардлын хуваарилалтыг зөв зохистой болгож чадвал энэ алхамыг хийх боломж байгаа гэж бид үзэж байна.

5. Бөөр орлуулах гемодиализын тусламж, үйлчилгээний хүрээ өргөжиж улсын төсвөөс ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа талаар мэдээлэлд дурьдлаа. Үнэхээр тийм байгаа. Гэхдээ Засгийн газар бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг өргөтгөхийн тулд боловсон хүчний хангалт, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, донорын асуудлыг оновчтой шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Ингэвэл төсөв хөрөнгийн үр ашиг дээшлэх төдийгүй үйлчлүүлэгчдийн хувьд эрүүл саруул хөдөлмөрлөх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

6. Ерөнхий сайдын мэдээлэлд Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийг нэвтрүүлсэнийг хөдөөгийн алслагдсан сумдад амьдарч байгаа малчид иргэдийг үзлэг шинжилгээнд тогтмол хамруулах явуулын эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлж байгаа мэтээр дурьдлаа.

2016 оны 6 дугаар сард ЭМСЯ анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор ДЭМБ-ын санхүүжилтээр Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ бол явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ биш, чагнуур, даралтын аппаратаас өөр гартаа барих “багжгүй” сум, өрх, багийн эмч нарын эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх талаар авсан арга хэмжээ байсан. ДЭМБ-ын зорилго ч ийм байсан.

Манайд зарим төв эмнэлэгт тоноглогдсон авто машин авч ийм үйлчилгээг хүргэж эхэлсэн бөгөөд үүнийг өргөтгөж хөгжүүлж чадвал явуулын тусламж үйлчилгээ жинхэнэ утгаараа ард түмэндээ очино. Үүнийг хийхэд зөвхөн санхүүгийн эх үүсвэр томоохон хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж харж байна.

7. Ерөнхий сайдын эмчлэх гэхээсээ илүү Нийгмийн эрүүл мэндийн бодлогод анхаарах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. 2011 онд батлагдсан “Эрүүл мэндийн тухай” хуульд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анх удаа тэргүүн зэрэгт тавьж сум, өрхийн эмнэлгийг эрүүл мэндийн төв болгон өөрчилж Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн үлгэрчилсэн дүрэм, стандарт, гүйцэтгэлийн гэрээ, сонгон шалгаруулах журам гээд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг баталж мөрдүүлсэн. Өнөөдөр 21 аймаг, нийслэлийн 8 дүүрэгт 218 Өрхийн Эрүүл Мэндийн Төв, 7 салбар нийт 225 нэгжид 3000 гаруй эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд ажиллаж, давхардсан тоогоор 2.2 сая хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж байна. Гэвч Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн төсөв хүрэлцээгүй, бас 2016 онд батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын тухай” хуульд сум, Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн өдрийн эмчилгээ, зарим оношилгоо шинжилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, гэрээр үйлчлэх үйлчилгээг ЭМД-аас санхүүжүүлэхээр тусгасан ч дөнгөж 2018 оноос дутуу хагас тооцож, хасч танаж байж хэдэн төгрөг олгосон нь хаанаа ч хүрэхгүй байна.

Түүнчлэн сумын өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчдын мэргэжлийг 5 жил тутамд улсын төсвийн хөрөнгөөр дээшлүүлэх Эрүүл мэндийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлж, баклаварын боловсролтой сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг Ерөнхий эмчийн резидентурт сургах тогтолцоог бүрдүүлж тэднийг сум өрхийн эрүүл мэндийн төвд тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

8. Ерөнхий сайдын дэргэд эм, хүнсний бүтээгдэхүүний бодлого, зохицуулалт, хяналтын бие даасан хараат бус байгууллага болох “Эм хүнсний агентлаг”-ыг яаралтай байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. 2016 оны хавар “Эм, эмнэлгийн хэрэгсэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулагад энэ асуудлыг тусгаж УИХ-аар хэлэлцүүлсэн хэдий ч батлагдаж чадалгүй буцсан.

Үнэндээ дэлхийн улс орнууд эм хүнсний асуудалд онцгой анхаарч бие даасан байгуулагатай болж олон улсын байгууллагад нэгдэж амжилттай ажиллаж байхад бид энэ тогтолцооноос салангид байх боломжгүй юм. Эмийн, хүнсний аюулгүй байдал алдагдсанаас иргэд эрүүл мэндээрээ ихээхэн хохирч байна. Тийм учраас “Эм, эмнэлгийн хэрэгсэлийн тухай” хуулиа яаралтай баталж, энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.

Судалгаанаас үзэхэд ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, МХЕГ, Хил, гааль дээр ямарч бодлого зохицуулалтгүй энэ чиглэлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа 50 шахам мэргэжилтэн байгаа нь Эм, хүнсний агентлагыг төсөвт хүндрэлгүйгээр байгуулах боломж байгаа гэдгийг харуулж байгаа төдийгүй үйл ажиллагааныхаа зардлыг одоо мөрдөгдөж байгаа холбогдох хуулийн дагуу өөрсдөө бүрдүүлэх боломжтой гэдгийг онцлон тэмдэглэж байна.

9. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтаныг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Өнөөдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд 650-иас дээш оноотой хүүхдүүд элсэж байхад хувийн анагаахын 20 шахам сургуульд онооны босгыг 400 болгож бууруулсан нь чанаргүй мэргэжилтний тоог нэмэгдүүлж байна. Иймд анагаах ухааны сургуульд элсэгчдийн босго оноог Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд элсэгчдийн онооны түвшинг үндэслэн 550-иас доошгүй байхаар тогтоох хэрэгтэй.

Эмч хүн бол хүний эрүүл мэнд амь насыг хариуцдаг онцгой мэргэжил. Харин төрийн зүгээс багш мэргэжлээр элсэгчдэд давуу эрх олгосоны адил эрүүл мэндийн салбарт сувилагчийн орон тоо дутагдалтай, элсэгчдийн тоо буурч байгааг харгалзан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн сувилахуйн сургуульд суралцагчдын төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс хариуцаж бодлогоор дэмжих хэрэгтэй. Нөгөө талаар анагаахын боловсон хүчнийг ямар ч төлөвлөлтгүй эмх замбараагүй бэлтгэж байгааг зогсоож анагаахын сургуулиудад тавих стандарт шаардлагыг өндөржүүлэх нь зөв.

Олон жил ярьж байгаа ч эрүүл мэндийн яам салбарынхаа мэргэжилтнийг бэлтгэх ажлаас хэт хөндийрч эрүүл мэндийн боловсон хүчин бэлтгэх хэтийн болон ойрын төлөвлөлт, мэргэжлийн арга зүйн удирдлага эзэнгүй, хариуцлага хүлээх хүнгүй болоод удаж байгааг та бид мэдэж байгаа. Тиймээсмэргэжилтэн бэлтгэх ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулах, анагаахын мэргэжилтэн бэлтгэх ажлыг удирдлага арга зүйгээр хангах, сургууль байгуулах эрх олгох, магадлан итгэмжлэл явуулах зэрэг эрх үүргийг БСШУС-ын яамнаас гаргаж, ЭМЯ-нд шилжүүлбэл зөв гэж дүгнэж байна. Дашрамд тэмдэглэхэд Хууль зүйн яамны харьяа Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг ч ЭМЯ-ны харьяанд шилжүүлж эмч, мэргэжилтнүүдийг эрүүл мэндийн нэгдсэн бодлогод хамруулах хэрэгтэй байна.

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм гишүүдээ,

Бид эрүүл мэндийн асуудалд сөрөг хүчний хувьд монгол хүний эрүүл мэндийн эрх ашгийн төлөө та бүхэнд бодлогын шинж чанартай зарим асуудлыг сонордууллаа. Авах гээхийн ухаанаар тунгаан бодлого, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллана гэж найдаж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
гадаад мэдээ

Арсен Венгер “Арсенал”-ыг орхихоор болжээ

1996 оноос хойш Лондонгийн “Арсенал”-ыг удирдаж Английн аваргаар гурван удаа,Английн цомуудыг долоон удаа эзэмшсэн Францын мэргэжилтэн Арсен Венгер олон жил хашсан ахлах дасгалжуулагчийнхаа албанаас энэ улирал дуусгаад огцорхоор шийджээ. “Багийн дотор үүсээд байгаа нөхцөл байдлыг сүүлийн үед нилээн тунгаан бодлоо. Одоо Арсеналаас явах цаг ирсэн бололтой. Багтаа өчнөөн олон жил үр дүнтэй ажиллах боломж олгож байсанд туйлын их баярлалаа. Арсеналын бүх бие бүрэлдэхүүнд мөнхөд талархан амьдрах болно” гэж Венгер бичиж байна.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны тогтоолоор Ажлын хэсгүүд байгууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2018.04.20) үдээс хойш хуралдаж, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолуудыг хэлэлцэж баталлаа.

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.

Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гарах шийдвэрийг тодорхой болгох үндэслэл, шаардлагад нийцүүлэн боловсруулсан уг хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нар ажиллахаар болов.

Мөн тус Байнгын хорооны энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцээд гишүүдийн саналын дагуу Ажлын хэсэг гаргаж ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Засгийн газарт өгөх чиглэлийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, О.Содбилэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар Байнгын хорооны тогтоол баталлаа. Түүнчлэн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг байгуулав.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Засгийн газарт өгөх чиглэлийн төслийг боловсруулан 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдөр Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Түр замуудын ажлын явц 80 хувьтай байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Нийслэлд шинээр баригдаж байгаа авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Замын цагдаагийн гүүрэн гарц барих төслийн хүрээнд хийгдэх түр замын ажлын явцтай танилцаж газар дээр нь ажиллалаа. Гүүрэн гарц барих ажлын хүрээнд “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, тус замын хөдөлгөөнийг Махатма Гандийн гудамж, “40 жилийн өндөрлөг” буюу Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл барьсан түр зам руу шилжүүлсэн. Түр зам төмөр замын гарамтай огтлолцож байгаа учир аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарцан дээр байгаа автомат тоноглолуудыг шилжүүлж, суурилуулах ажил хийгдэж байна. Ажлын хүрээнд энэ сарын 19-ний 22:00 цагаас 23-ны 07:00 цаг хүртэл түр хугацаанд замын хөдөлгөөнийг хязгаарласан байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлыг дэмжихийг юуны өмнө иргэдээс уриалмаар байна. Нийслэлд давхар болон огтлолцлын зам барихгүйгээр түгжрэлээс гарах бололцоо харагдахгүй байна. Бид 100 метр явахгүй түгжирдэг байдлаас гарах хэрэгтэй. Цаашдаа ихэнх том гол замуудад явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөж байна. Тиймээс бүтээн байгуулалтыг ажлыг иргэд дэмжих хэрэгтэй байна” гэлээ.

Төмөр замын гармын дохиолол, тоноглолыг шилжүүлэх ажил 60 хувьтай байна. Төмөр замын дохиолол, холбоо сүлжээний албаны 100 гаруй хүн ажиллаж байгаа юм. Замыг хаах байгууламжаас бусад тоноглолууд хийгдсэн. Хуучин гармаасаа төмөр замын хаах байгууламжаа зөөн байрлуулах ажил явагдаж байна. Ажлын гүйцэтгэлийг тогтсон хугацаанд чанартай хийж гүйцэтгэх, даваа гарагийн өглөө 05:00 цагт замын хөдөлгөөнийг чөлөөтэй нэвтрүүлж байх ёстойг Нийслэлийн Засаг дарга С.Батболд үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрийн бүтээн байгуулалт энэ оны 11 сард дуусна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Яармагийн шинэ гүүрийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа. Энэ нь 250,2 урт, 20,5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй болох юм. Үндсэн гэрээгээрээ 2019 оны нэгдүгээр сарын 31-нд хүлээлгэж өгөх юм байна. Гэхдээ ажил 70 хувьтай явж байгаа тул 7 дугаар сарын 11 буюу наадмын өмнө шинэ үндсэн гүүрээ ашиглалтад оруулж хөдөлгөөнийг нээх зорилго тавьжээ. Мөн хуучин гүүрийг засах ажилд орж, 11 дүгээр сар гэхэд хоёр гүүрийг хөдөлгөөнд оруулахаар төлөвлөн ажиллаж буйг ажил гүйцэтгэгчид хэлж байлаа. Төлөвлөсөн ажил графикийн дагуу, 24 цагаар, яг цагтаа явж байгаа аж.

Хотын дарга С.Батболд технологийн горим, хугацааны хувьд яаж явж байгааг энэ үеэр тодрууллаа. “Гүүрийн ажил технологийн дагуу, нэлээд шахуу, шаргуу явж байгаа. Энэ оны гуравдугаар сарын 20-ноос гүүрийн бэлтгэл ажил эхэлсэн. Үндсэн хэсгийг наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” гэдгийг Зөвлөх компанийн хяналтын багийн ахлагч хэлж байв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн дундуур урсдаг Туул гол дээгүүрх гүүр 1960-аад оны эхээр ашиглалтад орсон. Бараг 60 жилийн насжилттай. Яармаг, Сонсголон, Баянзүрхийн зэрэг хуучин гүүрүүдийг иж бүрнээр шинэчилж байна. Зайсангийн гүүр үлдэж байгаа. Хотын төв дэх гүүр учраас Зайсангийн гүүрийг нэлээд гоёмсог хийхээр зураг төсөл гаргасан. Үүнийг хот өөрийн төсвөөр хийх бодолтой байгаа. Ингэснээр Туул гол дээгүүрх гүүрэн байгууламж бүгд шинэчлэгдэнэ.

Яармагийн гүүр бол нийслэл рүү баруун урдаасаа ордог хамгийн том гарц төдийгүй Улаанбаатар хотыг Олон улсын нисэх онгоцны буудалтай холбодог. Мөн бид Яармагт Улаанбаатар хотын бизнесийн шинэ төвийг цогцлоохоор болж байгаа. Энэ нь уг гүүрийн ач холбогдлыг улам нэмж байна. Шинэ гүүрийн шавыг бид өнгөрсөн жилийн тавдугаар сард тавьсан. 2017 оны зун, намар эрчимтэй ажилласан. Графикийн дагуу 2019 оны нэгдүгээр сард ашиглалтад өгөх боловч барьж буй компаниудын амлаж байгаагаар үндсэн гүүрээ энэ оны наадмын өмнө ашглалтад оруулъя. Туслах гүүр, замуудаа 10 дугаар сард оруулъя гэж байгаа. Ингэснээр 10 дугаар сар гэхэд нийслэлчүүд цоо шинэ гүүртэй болно гэсэн үг. Баянзүрхийн гүүрийн ажил 4 дүгээр сарын 5-нд эхэлсэн. Энэ зундаа гүүрийн тулгуур, дам нуруу тавих ажил хийнэ. Энэ ажлууд бүгд 2019 оны өвөл гэхэд дууссан байхаар төлөвлөөд байна.

Яармагийн гүүр Улаанбаатар хотын үзэмжид өнгө нэмэхээр гүүр болно. Дан гүүр биш, уулын арын замаас орж ирсэн давхар гүүр болно. Цаашаа гуравдугаар цахилгаан станцын уулзвар, хотын төв, Гурвалжингийн гүүр рүү явах туслах гүүрүүдтэй болно. Ажилд нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хяналт тавиад ажиллаж байна” гэж ярилаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн ‘’Хүүхдийн төлөө зөвлөл’’-ийн анхдугаар хуралдаан болов

Баянзүрх дүүргийн ‘’Хүүхдийн төлөө зөвлөл’’-ийн анхдугаар хуралдаан болов

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг ‘’Хүүхдийн жил’’ болгон зарласантай холбогдуулан дүүргийн ‘’Хүүхдийн төлөө зөвлөл’’-ийг шинэчлэн баталсан билээ. Тэгвэл өнөөдөр уг зөвлөлийн анхдугаар хуралдаан болж шинээр батлагдсан зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулж, зөвлөл цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлээ гаргасан юм.

Зөвлөлийн тэргүүнээр дүүргийн Засаг дарга Т.Баясах томилогдсон бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан-Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, Хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Цэнгэлмаа болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийн төлөөлөл багтсан байна.

Түүнчлэн тус зөвлөл нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд зохион байгуулах чиг үүрэг бүхий байгууллагын хувьд цаашид хүүхдийн хөгжил, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа, хүүхдийн санал санаачлагыг хэрхэн дэмжиж хамтран ажиллах талаар санал солилцож ажлын төлөвлөгөөг гаргалаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.