Categories
мэдээ цаг-үе

З.Байгалмаа: Улсдаа алдартай олон хүн “Эрдмийн өргөө” цогцолборын төгсөгч

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирал, үндэсний сургагч, зөвлөх багш Зоригтын Байгалмаатай уулзаж ярилцлаа.


-Та хэд дэх жилдээ багшилж байна. “Эрдмийн өргөө” цогцолборын захирлаар ажиллаад удаж байна уу?

-Би Эрхүүгийн Багшийн дээд сургуулийг 1984 онд төгсөж ирснээс хойш боловсролын байгууллагад тасралтгүй 34 жил ажиллаж байна. Багшийнхаа ажлыг хорин жил хийгээд түүнээс хойш сургалтын менежер, захирлаар ажиллаж байна. Яг энэ сургуульдаа 32 дахь жил болж байна. Нийслэлийн 43 дугаар, 56 дугаар гэсэн хоёр сургууль байлаа. 43 дугаар сургууль нь 1970 онд бага сургууль болон, 56 нь 1974 онд тус тус байгуулагдаад X хороолол үүсэхэд хоёр дунд сургууль болсон. Азийн хөгжлийн банкнаас боловсролын бүтцийн өөрчлөлтийн төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хоёр сургууль нэгдэж “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль бий болсон. Цогцолбор сургууль болсны хорин жилийн ой энэ жил тохиож байна.

-“Эрдмийн өргөө” цогцолборынхон ойдоо зориулж юу бүтээж байна?

-Манай сургуульд энэ хичээлийн жилд 95 бүлэгт 4052 хүүхэд сурч байна. Улсын хэмжээнд гурван ээлжээр хорин сургууль хичээллэж байгаагийн нэг нь манайх. Ой угтах ажил есдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Гучин жил болсон сургуулийн 00, хашаа гэдэг хүнд асуудал. “Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй” гэсэн стандартыг хангаж чадахгүй байгаа. Тиймээс энэ хоёр том ажлыг шийдье гэсэн зорилго тавьсан. Хоёр сургуульд нийт 28 жорлон байдаг юм. Хүүхэд ариун цэврийн аятайхан үйлчилгээ авчихдаг болчихвол тухтай байна. Хашааны хувьд хэн дуртай нь даваад, нохой хүртэл орж ирээд хүүхдэд аюултай байдал үүсгээд байгаа. Үүнийг нэг цэгцэлье. Эцэг эхчүүдийн туслалцаа дэмжлэг ч их нэмэр болж байна. Багш, ажилчид, төгсөгчид маань ойгоо угтаж эрвийх дэрвийхээрээ л зүтгэлээ. Шоу цэнгүүн, найр хурим гэхээсээ илүү бүтээн байгуулсан, орчноо тохижуулж, цаашид ажиллах сургуулийн нөхцөлөө сайжруулахад л анхаарлаа. Сурагчдын хувьд онцолж нэг хүүхэдтэй биш нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцуулахыг их хичээж ажилладаг.

Дөрвөн мянган хүүхдэд яаж хүрч ажиллах вэ гэдгийг л манайхан бодож ажилладаг. “Эрдмийн өргөө” сургуульд маань 2018 онд өргөтгөл баригдаж 2019 оны есдүгээр 1-нд түлхүүр гардуулах болзолтой тендер зарлагдах болсон. Хичээлийн гурван байртай болчихвол багш нарын болоод хүүхдийн хөгжил яригдаж эхэлнэ. Одоо гурван ээлжтэй болохоор яг үнэндээ ачаалал ихтэй, нэг ангид байх хүүхдийн тоо 60 гарч байна. Хууль ёсоор нэг ангид 30-35 хүүхэд сурах ёстой шүү дээ. Ийм нөхцөлд би багшаас сурлагын чанар нэхэж чадахгүй байна.

-Танай сургуулийн найрал дууны хамтлаг улсын хэмжээнд их алдартай шүү?

-Найрал дуунд олон хүүхэд хамрагддаг. Хүүхдийн амьд хоолой гэдэг гайхамшиг байдаг. Соёлын тэргүүний ажилтан, Нийслэлийн шилдэг удирдаач багш Лхагвын Отгонцэцэгийн удирддаг манай сургуулийн найрал дууны хамтлаг сүүлийн найман жил улсад дандаа дээгүүр амжилт гаргалаа. Гуравдугаар ангиас арванхоёрдугаар ангийн 180-аад хүүхэд найрал дууны дугуйланд хичээллэдгээс 120-иод нь уралдаан тэмцээнд оролцдог. Өнгөрсөн жил “Миний Монгол” дуугаар улсын уралдааны тэргүүн байр эзэлсэн. Найрал дуунд акустик орчин их хэрэгтэй байдаг. Найрал дуу ганц багшийн ажил биш. Манай хамт олны нэг сайхан чанар нь дандаа багаар ажилладаг. Хувцас хунар жигдрэх, хүүхдээ цуглуулах гээд бүхий л ажилд манай багш нар багаараа ажиллаж байж ийм амжилт гаргаж байгаа. Хүүхдүүдээ сургалтынх нь орчны хүрээнд аль болох л секц дугуйланд хамруулдаг ч гурван ээлжтэй болохоор багш, сурагчидгүй хагас, бүтэн сайн өдөр ч сургууль дээрээ өнждөг дөө. Багш нарт дугуйлан хичээллүүллээ гээд нэмэгдэл цалин байдаггүй ч түмний хүүхдийн төлөө сэтгэл зүрхээрээ л ажиллацгааж байна даа. Багш нарын цалин үнэндээ бага шүү дээ. Шинэ төгсөж ирсэн багш чинь 550 мянган төгрөгөөс татвараа төлөөд гар дээр нь дөрвөн зуугаад мянган төгрөг л очдог. Тэрийгээ хоёр хувааж аваад “ХААН” банкны зээлдээ өгчихөөр гар дээр нь бараг юм үлдэхгүй шүү дээ. Цайны газраасаа ч зээлээр л хооллоно. Багшийн ажлыг мөн чанартаа сэтгэлтэй л хүмүүс хийж байна даа.

-Танай сургуулийн бахархал болсон хэн хэн гэж багш нар ажиллаж байв?

-Эл хоёр сургуулийг удирдаж явсан Нацагдорж, Мягмарсанж, Ламжав, Чулуунбаатар, Баасанжав, Цэрмаа нарын мундаг хүмүүс байлаа. Монгол Улсын гавьяат багш Лхагва, Гоошоохүү нар байна. Манай багш нар их сургууль амьтай, цэвэр цэмцгэр хүмүүс байдаг. Гавьяат багш Цэрэнханд гэж гайхамшигтай хүн бидний дунд ажиллаж байлаа.

-Алдартай төгсөгчид олон байгаа биз?

-Саяхан төгсөгчдөө хүлээж авахад бахархмаар хүн олон байна. Ерөнхийлөгч Н.Багабанди гуайн хоёр хүүхэд манай төгсөгч. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч Анужин, кекүшюзан Д.Батбаяр, Олон улсын хэмжээний мастер Мияарагчаа, Хэрлэн, “Хасын хүлгүүд”-ийн тоглогч, сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер Билгүүн, “3х3”-т тоглодог Энхбатын Дөлгөөн, “Эко сургууль” олон улсын хөтөлбөрийн захирал Тэмүжин нар манай сургуулийг төгсчээ.

-Улсын олимпиад тэмцээнд багш, сурагчид аль хэр амжилт гаргаж байна?

-Улсын олимпиадад биолагийн багш Ариунаа, сурагчтайгаа хоёул дэд байр эзэллээ. Англи хэлний багш нартаа онцгойлон анхаарч АНУ-аас сургагч зөвлөх багш урьж хоёр жил ажиллуулсны үр дүн гарч англи хэлний олимпиадад багш, сурагчид маань амжилт үзүүлж эхэллээ. Жудо бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Баярцэцэг маань “Олимпийн танхим” хариуцан ажиллуулж байна. Манай энэ танхим МҮОХ-ны “Бөртэ чоно” шагнал хүртсэн.

-Танай багш ажилтнууд таныг мундаг удирдагч гэж их хүндэтгэх юм аа?

-Аливаа ажил чинь юу хийлгэх гээд байгаа нь тодорхой, юу хийснийг нь яаж үнэлэх нь тодорхой, үнэлсэн хойноо яаж урамшуулах нь тодорхой болохоор хүн сайн ажилладаг. Багш нарыг урамшуулах илүү төсөв байхгүй ч өөрийн сургуулийн нөөц бололцоог дайчилснаар болгож л байна. Манай сургууль сайхан хөлбөмбөгийн талбайтай. Үүнийгээ зуны гурван сар түрээсэлж цугласан мөнгөөрөө тухайн хичээлийн жилд хамт олноо хошуучилж тэргүүлсэн багаа гадаадад аялуулна. Хоёроос дөрөвдүгээр байрт орсныг нь дотооддоо аялуулдаг. Багш нараас нэг төгрөг ч зарцуулахгүй сургуулиас аяллын зардлыг зуун хувь даачихаар багш нар маань их урамтай байдаг. Сургуулийн дэргэд баригдсан орон сууцанд 65 багшаа найман хувийн зээлд хамруулж оруулсандаа баяртай байдаг. Тэд маань ажил дээрээ оройтох үед цонхоороо харчихаад “Багш аа, та хариагүй байгаа юм уу. Оройтчихлоо. Орж ирж хоол ид” гэх ч энүүхэнд шүү. (инээв. сур)

-Багш нар чинь бүгд л ижил хувцастай харагдсан. Ямар учиртай бол?

-Манай сургуулийн багш нар дүрэмт хувцас өмсөж хэвшээд арван жил болж байна. Дүрэмт хувцасны ач тус их бий шүү. Багш маргаашийнхаа өмсөх хувцсанд ач холбогдол өгөөд санаа зовоод байхгүй учир нийгмийн асуудалд нь бага ч гэсэн хувь нэмрээ өгнө. Хамгийн гол нь эмх цэгцтэй харагддаг. Манай багш нар дүрэмт хувцас өмсөж эхэлсэнээс хойш бусад сургуулиуд санаа авч өмсөж эхэлж байна. Дүрэмт хувцсыг багш нарт өмсүүлэхэд бас учир бий. Сургуульд нийт 186 багш, ажилчид ажиллаж байна. Захирал өөрөө дүрэмт хувцсаа өмсөөгүй байж бусдыг өмс гэж шаардах утгагүй шүү дээ. Тиймээс би өөрөө хувцсаа байнга өмсдөг юм. Манай хамт олны бас нэг бахархах зүйл бол цаг сайхан баримтална. Аливаа ажлыг цагаар л дандаа ярина. Өглөө багш нар маань бүгд 07.40 цаг гэхэд ирчихсэн байна. Сурагчид 07.50 гэхэд ирсэн байх ёстой. Саяхан би цагийн менежмент тал дээр судалгаа хийж үзэхэд бусад сургуулийнхаас манай хүүхдүүдийн хоцролт маш бага байна. Сургуульд хонх дуугараад байдаг чинь маш их учиртай юм шүү. Амьдрал дээр цаг хугацаандаа амжиж юмаа хийдэг төлөвшил сууна гэдэг хүмүүжил. Цаг хугацаа барина гэдэг юмыг эмх цэгц, дэг журамд оруулдаг. Одоо манайд чинь цагтаа эхэлдэг хурал цуглаан, тоглолт үзвэр алга. Хаана хаанаа цагаа бариад сурчихвал хөгжил болчих гээд байх шиг санагддаг. “Багш аа, надад авьяас бий” тоглолтын хөтлөгч, улсдаа нэртэй хүн таван минут хожигдоод бүр хүнд цохилтод хүртэл орж байсан шүү.

-Бусад сургуулиас авах туршлага их байна биз?

-Үндэсний сургагч, зөвлөх багшийнхаа шугамаар 21 аймагт очиж сургалт семинар зохион байгуулж иржээ. Хөдөөгийн сумын сургуулиас хүртэл сайхан санаа туршлага олдоно шүү. Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Зүүн бүсийн багш нарын сургалт зохиогдсон. Түмэнцогтод Монгол Улсын гавьяат багш Оюун гэж газар зүйн мундаг багш ганцаараа шахуу сургуулиа битүү ногоон төгөл болгосныг хараад сургуульдаа хэрэгжүүлсэн. Манлайлагч байж л хүнээ хөдөлгөнө. Тиймээс өөрөө эхэлж цэцэг тарьж эхэлсэн. Одоо манай багш нар цэцэг их тарина.

-Сурагчдынхаа таашаалд нийцсэн аялал зохион байгуулдаг гэж сонссон юм байна?

– Танхимд олсон мэдлэгээ байгалийн орчинд, амьдрал дээр яаж хэрэгжүүлж байна гэх үүднээс “Байгаль дахь сургалт” хичээл явуулдаг юм. Энэ бол манай сургуулийн бас нэг гол ажил. Давхардсан тоогоор нийт 211 анги, 1284 багш, 7700-гаад хүүхдийг байгальд аялсан байна. Өнөөдөр аль нэг аялалд гарлаа гэхэд хичээл заах багш нар нь цуг явах замдаа хичээлээ заана. 45 хүний нэг автобус, дөрвөн гэртэй. Анх Хэрлэнгийн Хөдөө аралд аялж байсан. Түүхийн багш маань “Монголын нууц товчоо”-ноос л эшлээд яриад байдаг газар орондоо хичээл заах үнэхээр амьд, сэтгэл догдолмоор байлаа” гэж өгүүлж байсан. Газар зүйн багш маань “Өдрийн цагаар ангид алтан гадас од хойд зүгт байдаг” гээд яриад байдаг.

Нөгөө од нь ч хаана байдгийг хүүхдүүддээ зааж чаддаггүй. Харин аяллаар явахдаа одоо хараад хичээл заана гэдэг гайхамшиг байна” гэж ярьсан. Хүүхдүүд гэрээ өөрсдөө барина. Байгальтай танилцана. Хүүхэд хамт олонтойгоо дотно танилцдаг. Нийт 17 чиглэлд аялах маршруттай. Хоёрдугаар ангиас арванхоёрдугаар ангийнхан хамрагддаг. Аялна гэхээр л манай хүүхдүүдийн нойр хүрэхээ больчихно. Санал хүсэлтийн хайрцагт “Захирал аа, энэ жил хаашаа аялах вэ” гэсэн асуулт их ирнэ. Тавдугаар сарын 1-нээс ангиуд хуваарийн дагуу явна. Цаг агаар болон байгалийн хүчин зүйлүүдийг бүгдийг нь харгалзан үзэж явна даа. Аяллаас ирэхэд ангийн уур амьсгал дотносч, багш нар хүүхдээ сайн сайхнаар мэдэрч ирдэг. Хамгийн гол нь бид байгальд ээлтэй аяллыг зохион байгуулдаг. Гэрээ аль болох хог хаягдал ихтэй газар хэргээр барьчихна. Аялал дуусахад тэр орчин маш цэвэрхэн болно доо. Хүүхдүүдээс бээлий, хогийн уут, амны хаалт, цэвэр устай ирэхийг л зөвшөөрнө. Тэрнээс хүүхдүүдийг хоол унд авчрахыг хориглоно. Хоол ундаа бүгд нэгдсэн журмаар бэлтгэнэ. Хүүхэд болгон хоол унд авчрахаар баян, ядуугийн ялгаа гардаг байхгүй юу. Аяллын газартаа очоод гал дээр хийсэн халуун хоолонд хүүхэд хэзээ ч хорддоггүй. Харин гэрээсээ авч гарсан янз бүрийн юм хольж идээд, элдэв жүүс ундаа уучихаар л хүүхэд хордлогонд ороод байдаг. Цэвэр ус дангаар уусан хүн хордохгүй шүү. Налайхын уурхайтай танилцах аялал зохиож байлаа.

-Хүүхдүүд аяллаас их зүйл сурч мэдэж авдаг юм байна даа?

-Хүүхдүүдэд “Монголдоо хайртай” гэдгээ яаж мэдрүүлэх вэ гэсэн миний нэг мөрөөдөл байдаг юм. Эх нутгаа яаж хайрлах ёстой юм гэхээр ядаж тэр уул усыг нь цэвэрхэн байлгаг л дээ. Сүүлийн найман жил аялуулжээ. Өнгөрөгч намар гэхэд Ноён ууланд аялсан. Дараа нь аяллынхаа талаар сэтгэгдэл, эсээ бичдэг. Аялалд хорьдог зүйл бий. Миний хувьд аялах тусмаа гэдэс гүзээгээ сойх ёстой. Идэж уух тусмаа л байгалиа бохирдуулна гэдгийг манай сурагчид сайн мэднэ. Аялалд анги авч яваа бүх багш нарыг үүрэгжүүлж, удирдлагаар хангаснаар ямар нэгэн бэрхшээл тулгардаггүй. Их газрын чулуу, Бага газрын чулуу, Цонжин болдог, Чойрын богд, Сэлэнгийн Сайханы хөтөл гээд манайхан аялаагүй газар ховорхон.

-Танайд уламжлал болон тогтсон өөр ямар ажлууд зохиогдохов?

-“Эцэг эхийн нэг өдөр” байна. Ээж аав нь нэг өдөр хичээлд сууж сургуулийн орчинтой танилцана. Урилга хүлээж авсан ээж аав нь хүүхдийнхээ цүнхийг үүрч ирээд бүтэн өдөр хичээлд нь сууна даа. Эцэг эхчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг арван нэг дэх жилдээ зохиож байна. 95 бүлгийн эрэгтэй, эмэгтэй баг авьяас чадвараа сорино. “Багш аа, надад авьяас бий” тоглолтыг “UB palace”-д гурван ч удаа зохион байгуулсан. Хүүхэд нэг бүрийн авьяасыг нээж тайзнаа гаргасан. 2017 онд тайзнаа 3556 сурагч, 172 ажилчид, урлагийн 42 номер үзүүлсэн. “Эрдмийн өргөө” цогцолборынхоо 20 жилийн ойд зориулж энэ сарын 21-ний өдрийн 12 цагт МҮЭСТО-д “Багш надад авьяас бий” тоглолтыг хийх гэж байна даа. Багш, ажилчдын 186 хүний найрал дуу дуулна. 21 ятгачин тоглож, 21 бүжигчин бүжиглэнэ.


Categories
мэдээ цаг-үе

Х.Сайто: Миний хийсэн төхөөрөмж монголчуудыг эрүүлжүүлж, насыг уртасгана

Х.Сайто сан гэрлийн квант энергийн төхөөрөмжийг зохион бүтээжээ. Тэрээр компьютерийн инженер мэргэжилтэй ч, 40 шахам жилийн өмнө эхнэр нь менингит өвчин туссан гэнэ. Эмч нар эхнэрийнх нь өвчин эмчилгээгүй гэжээ. Энэ үеэс хүний биеийг судалж эхэлсэн аж. Тухайн үед Японы нэрт эмч нар эдгэшгүй гэж үзсэн өвчнийг Х.Сайто сан өөрийн зохион бүтээсэн гэрлийн квант энергийн төхөөрөмжөөр эмчилж, өнөөг хүртэл аз жаргалтай, өвчин зовлонгүй амьдарч байна. Тэрээр Монголд ирээд гурав хонож байна. Х.Сайто сан их сайхан инээмсэглэнэ. Намайг асуулт асуухаар жигтэйхэн баяртай хөхрөнө. Түүнтэй хамт түүний ажиллагааг ивээн тэтгэгч бизнесмэн И.Кен сантай ирсэн байна. И.Кен сан Монголд эмнэлгийн чиглэлээр хөрөнгө оруулах боломжийг судалж яваа гэнэ.


-Монголд ямар зорилготой ирэв?

-Би гэрлийн квант энергийн төхөөрөмжөөр хүний өвчнийг эмчлэх төхөөрөмжийг бүтээсэн Х.Сайто байна. Монголчуудын дундаж наслалт өнөөдөр 60. Би өөрийн зохион бүтээсэн төхөөрөмжөөр энэ насыг 20 биш гэхэд 15-аар уртасгах зорилгоор Монголд ирсэн. Энэ төхөөрөмжийг ашигласнаар монгол хүн олон өвчнөөс салах боломжтой болно.

-Өмнө нь ирж байсан уу?

-Анх удаа ирж байна. Гэхдээ хүүхэд байхаасаа монголчууд болон япончууд хоорондоо яагаад ийм адилхан байдаг юм бол. Яагаад бид адилхан хөх толботой төрдөг юм бол гэх мэтээр их боддог байсан. Ер нь би Монголд их элэгтэй хүн.

-Ирэхээсээ өмнө Монголын тухай ямар сэтгэгдэлтэй байв?

-Монгол ардчилсан нийгэмд шилжсэн улс гэдгийг мэдэж байсан. Монгол Улсад ардчилал улам эрчээ авна гэж итгэдэг байсан.

-Монголд ирээд анх ямар сэтгэгдэл төрөв?

-Их амгалан тайван улс гэдэг нь мэдрэгдсэн. Нар салхи, уул ус нь ойрхон. Нарийхан харанхуй гудам байхгүй. Үнэхээр сайхан орон санагдсан. Бас их хөгжилтэй юмтай таарсан.

-Тэр нь юу вэ?

-Өглөө би зургаан цагт зочид буудлаасаа гараад салхилж явсан чинь хоёр хүн ирээд тамхи гуйсан. Би хоёр тамхи өгсөн чинь “Баярлалаа” гээд надтай гар барьсан гээд бод доо. /Инээв/

-Та их инээмтгий хүн үү?

-Би монгол хэл мэдэхгүй. Монголд ирэхийг маш хүсч байсан. Яагаад ч юм монгол хүн харахаар баярлаад, инээмээр санагддаг. Онгоцноос буугаад харсан чинь Япондоо байгаа юм шиг санагдсан. Бид царай зүс, бие бялдраараа их адилхан юм. Харсан бүхэн л их дотно санагдаад байгаа юм. Би энэ төхөөрөмжөөрөө монголчуудад туслах саналтай байгаа юм.

-Энэ төхөөрөмжийн ид шидийн жишээ байна уу?

-Энэ төхөөрөмжийг Филиппиний эмнэлгийн байгууллагад өгсөн. Тэнд нэг хүүхэд гар нь гэмтээд тайрахаас өөр аргагүй болсон. Гэтэл бидний төхөөрөмжөөр эмчлээд ямар ч сорвигүй эдгэсэн.

-Энэ төхөөрөмж туршигдаад хэрэглээнд нэвтэрсэн үү?

-Би эмч хүн болохоор энэ төхөөрөмжийг зарж чадахгүй. Тийм учраас өөрийн хамтрагчтайгаа ирсэн. Японд энэ төхөөрөмжийг үйлдвэрлээд зарж эхэлсэн. Миний хамтрагч монголчуудад их элэгтэй хүн. Энэ төхөөрөмжийг эхний ээлжид Монголд үйлдвэрлээд хэрэглээнд оруулж монголчуудын наслалт эрүүл мэндийг сайжруулах, улмаар экспортлох зорилготой ирсэн.

-Энэ төхөөрөмж Японд ямар үнээр зарагдаж байгаа вэ?

-400 мянган иен, түүн дээр НӨАТ нэмэгдэнэ. Одоо Японд сар бүр 100 орчим төхөөрөмж зарагдаж байна.

-Компьютерийн инженер хүн эмч нарын эмчилж чадаагүй өвчнийг эмчилдэг төхөөрөмж яаж зохиож чадав?

-Би Японы компьютерийн компаниудад 20-иод жил ажилласан. 1975 онд эхнэр маань мененгит өвчин тусч эмч нар эдгээж чадахгүй бууж өгсөн. Харин би ямар ч үнээр хамаагүй эхнэрээ аврах хүсэлтэй байсан. Өмнө нь би хүний биеийн анатомийг судалдаг байсан. Эхнэрээ өвчилснөөс хойш энэ чиглэлээр дагнан ажилласаар өнөөгийн амжилтад хүрсэн.

-Таны зохион бүтээсэн төхөөрөмж хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн баталгаа байна уу?

-Би өөрөө өмнө нь олон удаа туршилт хийсэн. Одоо бол ямар ч сөрөг нөлөөгүй гэдэг нь батлагдсан.

-Квант энергийг ашиглах төхөөрөмжийг зөвхөн эрүүл мэндийн салбарт ашиглах уу?

– Хүн, амьтан, ургамалд ашиглаж болно. Жишээлбэл, ургамлыг ямар ч бордоо хэрэглэхгүйгээр богино хугацаанд их хэмжээний ургац авна. Ургамлын үрийг ямар ч нөхцөлд тэсвэртэй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

-Манай орны ургац цаг уураас маш их хамааралтай. Ган, зудад тэсвэртэй ургацын үр гаргаж авч болох уу?

-Болно. Гадаах цаг уураас хамаарахгүйгээр ургац авч болно. Тухайн ургамлын үр 17.5 градус дулаанд байж чадвал ямар ч ургамал цаг уураас хамааралгүй ургаж чаддаг.

-Амьтанд хэрэглэж болно гэсэн. Манай малыг эрүүлжүүлэх боломжтой юу?

-Өвчтэй амьтан дээр туршилт хийсэн. Эрүүлжүүлж болно. Нохой жишээлбэл 15 наслаад хөгшрөөд хөдөлгөөний хомсдол, хөгшрөлд ордог. Миний хийсэн туршилтын үр дүнд хөгшин насан дээрээ сэргэлэн цовоо, эрч хүчтэй хэвээрээ байсан.

-Хүн дээр туршиж болох уу?

-Мэдээж хүний эрүүл мэндийн төлөө хэрэглэнэ. 100 хувь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдэг нь батлагдсан. Өнөөдөр япончуудын дундаж наслалт 85 байгаа. Энэ төхөөрөмжийг ашигласнаар 120 болох боломжтой. Би 73 настай. Надад ямар ч өвчин байхгүй.

-Монголчууд Японд бизнес хийж байна уу?

-Манай тэнд Их аварга Асашорюү Дагвадоржийн аж ахуйгаас гүүний эхэс авдаг компани байдаг.

-Гүүний эхсээр юу хийдэг юм бол?

-Эм, гоо сайхны бараа үйлдвэрлэдэг. Өмнө нь гахайны эхэс хэрэглэдэг байсан. Тэр нь маш их үнэр танартай. Харин гүүний эхэс арай бага үнэртэй байдаг. Тэр бүтээгдэхүүний үйлдвэр манай төхөөрөмжийг ашиглаад эхсийг үнэргүй болгож байгаа.

-Манай Улаанбаатарт цэвэрлэх байгууламжийн үнэр гэж аюултай асуудал байдаг. Энэ үнэрийг танай төхөөрөмжөөр дарах боломжтой юу?

-Асуудал тавиад ирвэл боломжтой гэж бодож байна.

-Нийслэлийн утааг бууруулах төхөөрөмж хийж болох уу?

-Болно. Би бас энэ талаар ажиллах бодолтой байгаа.

-Энэ санаа хаанаас төрөв?

-Анх автомашины утааг бууруулах олон туршилт хийж амжилтад хүрсэн. Одоо түүнийгээ улам төгөлдөржүүлэх санаатай. Бидний машины янданд нааж туршсан бүтээгдэхүүн зөвхөн утааг бууруулахгүй. Бензинийг бүрэн шатааж, түлшний хэмнэлттэй байх нь батлагдсан. Хятад зэрэг олон оронд хэрэгжүүлсэн.

-Та Япондоо монгол бараа бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн үү?

-Хэдэн жилийн өмнө би монгол чацарганы үйлдвэртэй хүнтэй хамтарч байсан. Одоо монголтой хамтрах гэж байгаа болохоор илүү олон монгол бараа, бүтээгдэхүүн хэрэглэх байх гэж бодож байна.

-Монголчууд Халх голын дайн гэдэг. Харин япончууд Номун хааны тулгаралт гэдэг. Энэ тухай дуулсан уу?

-Дээхнэ үед сурах бичгүүдэд байсан. Одоо бол энэ тухай ямар ч сурах бичиг байхгүй.

Categories
мэдээ нийгэм

Багш нар “амны хөндийн эрүүл мэнд” хичээл заахад бэлтгэгдлээ

Багш нар “Амны хөндийн эрүүл мэнд” хичээл заахад бэлтгэгдлээНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулна” хэмээн тусгасан билээ. Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017-2020 онд хэрэгжүүлэх “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдийн амны хөндийг эрүүл байлгах зорилгоор сургалт сурталчилгааг өргөжүүлэн, эрүүлжүүлэх ажлыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Тухайлбал, нийслэлийн есөн дүүргийн төрийн өмчит Ерөнхий боловсролын 134 сургуулийн 1-5 дугаар ангийн 4000 гаруй багшийг “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтанд хамруулахаар зорьж буй юм. Энэ хүрээнд нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын сургалт, мэдээллийн танхимд өнөөдөр тус сургалтын албан ёсны нээлт боллоо. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд зөв угаах дадлыг хэвшүүлэх зорилготой “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын нээлтэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, БГД-ийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл нар болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Өнгөрөгч нэгдүгээр сард зохион байгуулагдсан тус сургалтанд Чингэлтэй дүүргийн 50, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирал, сургалтын арга зүйч, нийгмийн ажилтан, багш зэрэг нийт 120 хүнийг хамруулсан байна. Мөн тус дүүргийн Ерөнхий боловсролын 21 сургуулийн 1-5 дугаар ангийн 700 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчийг ээлжит сургалтанд хамруулжээ. Тэгвэл өнөөдөр Баянгол дүүрэгт нээлтээ хийж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтанд тус дүүргийн Ерөнхий боловсролын 17 сургуулийн 500 гаруй багшийг хамруулж буй юм байна.

Сургалтын хүрээнд бага ангийн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр боловсруулсан “Амны хөндийн эрүүл мэнд“ гарын авлагыг танилцуулж, багш нарын мэдлэг туршлагыг сайжруулахаас гадна тэднээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл зөвлөмж хүргэхээр зорьжээ. Цаашид энэхүү сургалт бусад дүүргийн хэмжээнд ч мөн үргэлжлэх юм байна.

Дашрамд дуулгахад, манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж шүд цоорох өвчлөл нь бага насны хүүхдийг түлхүү хамарч буй бөгөөд олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтанд Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл 5-р байрт жагссан байна. Мөн нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх болон ЕБС-ийн бага ангийн хүүхдийн дунд шүд цоорох өвчин, цоорлын эрчмийн үзүүлэлт (нэг хүүхдийн аманд байх цоорсон, ломбодсон, авагдсан шүдний нийлбэр тоо) нь ДЭМБ-ын гаргасан шалгуураар “маш өндөр” ангилалд хүртлээ өсчээ.

ЭМЯ-аас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургуультай хамтран хүн амын, тэр дундаа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн талаархи сургалт сурталчилгааг насны онцлогт тохируулан тасралтгүй, цэгцтэй явуулах, амны хөндийн эрүүл мэндийг зөв сахих аргад сургах, хоол хүнсний зүйлийг зөв зохистой сонгон хэрэглэх дадал заншилтай болгох зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” гарын авлагыг хэвлүүлж, багш нараар дамжуулан сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт үе шаттайгаар сургалт хийсэн байна.

Түүнчлэн АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургуулиас ЕБС-ийн бага ангийн багш нарт зориулсан гарын авлагыг боловсруулж, “Гүүд нейборс” ТББ-ын дэмжлэгтэйгээр 4000 ширхэгийг хэвлүүлж тараажээ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Абу Даби хотод жюү жицүгийн өсвөр үеийнхний ДАШТ эхэллээ

Image result for abu dhabi jiu jitsu 2018

АНЭУ-ын Абу Даби хотод жюү жицүгийн өсвөр үеийнхний ДАШТ эхэллээ. Тус тэмцээнд 100 гаруй орны 1100 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Өнөөдөр тэмцээний цагаан бүсний М-2 ангилллын 77 кг-ын жинд Л.Соёмбо хүрэл медаль хүртлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Говийн домог” киног бүтээхэд Өмнөговь аймгаас хөрөнгө оруулалт хийжээ

ЗурагӨмнөговь аймагт зураг авалтыг нь хийж говь нутгийн гайхамшгийг харуулсан “Говийн домог” киног бүтээхэд тус аймгаас хөрөнгө оруулалт хийжээ.

Саяхан дэлгэцнээ гарч үзэгч олны хүртээл болоод байгаа уг киног Өмнөговь аймаг, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нийт 230 сая төгрөгөөр санхүүжүүлэн дэмжиж ажиллажээ. UBS телевизийн бүтээл энэхүү киног хоёр жилийн хугацаанд 500 гаруй хүний хүч хөдөлмөр шингээж, нөр их хөдөлмөрөөр бүтээсэн байна. Уг киног хамтран бүтээсэн нь тус аймгийн аялал жуулчлалын салбарт томоохон дэвшил авч ирнэ гэж үзэж байгаа юм. Учир нь “Говийн домог” киногоор дамжуулан говь нутгийн байгалийн үзэсгэлэн, хүн зоных нь зан заншил, соёл уламжлалыг дэлгэрэнгүй харуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Номын дэлгүүрүүд хямдрал зарлажээ

Image result for интер ном

Дэлхийн номын өдөр дөрөвдүгээр сарын 23-нд тохионо. Номын өдрийг дэлхий нийтээр ном уншихыг сурталчлан тэмдэглэдэг бөгөөд уг өдрийг угтан манай томоохон дэлгүүрүүд хямдрал зарлажээ.

Тухайлбал:

  • “Интерном” дэлгүүр Улаанбаатар хот дахь бүх салбартаа 4-р сарын 21-23-ны өдөр бүх номондоо 10-60 хувийн хямдрал зарлалаа.
  • “Аз хур” дэлгүүр 4-р сарын 21-22-ны өдөр бүх номоо 10-30 хувь хямдруулан худалдана.
  • “Мир” номын дэлгүүр “Мир ном хэвлэлийн газар” эрхлэн гаргадаг бүх номоо 4-р сарын 22, 23-ны өдөр 30 хувийн хямдралтай үнээр худалдаалах юм байна.
Categories
мэдээ нийгэм

“Тусгай хэрэгцээт боловсролд хамрагдах бага насны хүүхдийн онцлог хэрэгцээ шаардлага-өнөөгийн байдал” сэдэвт нээлттэй өдөрлөг боллоо

БСШУСЯ, Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын санаачилгаар “Тусгай хэрэгцээт боловсролд хамрагдах бага насны хүүхдийн онцлог хэрэгцээ шаардлага-өнөөгийн байдал” сэдэвт нээлттэй өдөрлөгийг Сүхбаатар дүүргийн 186-р цэцэрлэг дээр өчигдөр зохион байгууллаа.

Тогтвортой хөгжлийн боловсролын 4 дүгээр зорилт- “…тэгш хамруулан суралцуулах” зорилтыг хэрэгжүүлэх үүднээс сургуулийн өмнөх насны тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг боловсролд хамруулах, тэдний хамрагдалтыг нэмэгдүүлэх, үүний тулд олон нийтэд мэдээлэл түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулсан уг нээлттэй өдөрлөгт Сургуулийн өмнөх боловсролын газар, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтэс, тусгай хэрэгцээт боловсрол олгож буй цэцэрлэгүүд, үндэсний олон нийтийн мэдээллийн төлөөлөл 90 гаруй хүн оролцсон юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын зөвлөх Г.Мөнхбат өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ тусгай хэрэгцээт боловсролын салбарт салбар яам онцгойлон анхаарч буйг онцлоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийцүүлэн тусгай хэрэгцээт боловсролын байгууллагуудыг тоног төхөөрөмжөөр хангах, сургалтын арга зүйг шинэчилж багш нарыг чадавхижуулсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цаашид ердийн цэцэрлэг, сургуульд хамрагдах түвшинд хүртэл тусгай хэрэгцээт боловсролын сургалтын чанарыг сайжруулах зорилт тавин ажиллаж байгааг хэлсэн юм. Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаалаар энэ онд МУБИС дээр тусгай хэрэгцээт боловсролын тэнхим байгуулагдаж, тусгай хэрэгцээт дээд боловсролтой багш бэлтгэх анхны алхам тавигдсаныг дуулгаад энэ нь тусгай хэрэгцээт цэцэрлэгээс ердийн цэцэрлэг, сургуульд хамрагдах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээс ердийн хүүхэд болох таатай суурь болно гэдэгт итгэж буйгаа мөн онцолсон юм.
Эрт илрүүлэг, тэгш хамрагдалт:
  • Сургуулийн өмнөх насны тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг эрт илрүүлж, засан сайжруулах үйл ажиллагаа явуулснаар тэгш хамруулан сургах боломж бүрдүүлэх,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлж, тухайн хүүхдийг хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээс үл хамааран цэцэрлэгт хамруулан хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр, орчин, тоног төхөөрөмж хэрэглэгдэхүүнээр тухайн хүүхдэд буй согог, бэрхшээлийг сургалтын явцад засан сайжруулах боломжийг нийтэд таниулах зорилгоор өнөөгийн цаг үед тусгай хэрэгцээт цэцэрлэгүүдийн сургалтанд хэрэглэж буй нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлэх, мэдээлэлгүй гэртээ хүүхдээ харж буй гэр бүл, эцэг, эхчүүдэд мэдээлэл түгээх зорилготойгоор өнөөдрийн нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
Тусгай хэрэгцээт боловсрол олгож буй цэцэрлэгүүдийн онцлог:
Өдөрлөгт 186 дугаар цэцэрлэг, Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, “Нарны хаан хүүхдүүд”, “Бяцхан эрдэмтэн” цэцэрлэгүүдийн сургалтанд хэрэглэж буй тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг гарын доорх материалаар хэрхэн бүтээж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн согог бүрт тохирсон үйлдэл хийлгэж буй арга зүйн материалыг олон нийтэд дэлгэн үзүүлсэн.
Тусгай хэрэгцээт боловсрол олгож буй цэцэрлэг нь хараа, сонсгол, хэл яриа, оюун ухаан, сэтгэц, хөдөлгөөн гэсэн бэрхшээлийн төрлөөр төрөлжсөн байх шаардлагатай боловч хүүхдийн хөгжлийн бэрхшээлүүд хавсарсан хүнд хэлбэртэй байгаа нь сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгуулллагад орчин, хэрэглэгдэхүүн, арга зүйд онцлон анхаарах хэрэгцээ байгааг харуулж байна.

Хөтөлбөр:
  • Бага насны хүүхдийн тусгай хэрэгцээт боловсролын хөгжлийн чиг хандлага
  • Хэл заслын сургалтын үйл ажиллагаа, үр дүн
  • Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын үйл ажиллагаа, үр дүн
  • Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлж буй арга зүй
  • Харааны бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх арга зүй /үзүүлэх хичээл/
  • Аутизмтай хүүхдийг хөгжүүлэх арга зүй, үр дүн
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэгт эрт хамруулах, илрүүлэх тухай тус бүр мэдээлэл, сургалтыг цэцэрлэгийн анги танхим бүрээр үзүүлэх сургалт зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай цэцэрлэгүүдийн анги танхимын тохижилт, хэл заслын аппарат, сэтгэц хөдөлгөөний чадварыг ахиулсан сургалтын хэрэглэгдэхүүнүүд нь хүүхэд бүрийн онцлогт тохирсон ганцаарчилсан сургалтууд давамгай явуулж үр дүнд хүрч байгааг бүрэн харуулсан, онол арга зүйн үндэстэй үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Өдөрлөгөөс гарсан үр дүн буюу шийдэл:
  • Сургуулийн өмнөх насны тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг эрт илрүүлэлт хийх,
  • Багшийн хөгжил /Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй хэрхэн ажиллах арга зүйн талаар сургуулийн өмнөх боловсролын багш нарт явуулж буй зайны сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах/,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлж, согог заслыг хийсний үр дүнд ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, тусгай сургуулиудад тэгш хамруулах, боловсрол олгох боломжийг бүрдүүлэх,
  • Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудад багш мэргэжлээр суралцаж буй оюутан сурагчдад тусгай хэрэгцээт боловсролын үндэс болсон “Согог судлал”-ын шинжлэх ухааны үндэс хичээлийг 6-8 кредит цагийн хөтөлбөрөөр заавал судлуулах /одоогоор багш бэлтгэдэг их, дээд сургуулиудад 2 кредит цаг байгаа нь хангалтгүй байна/ шаардлагатай байна гэсэн санал, шийдлүүд гарлаа.
Статистик:
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд нийт 6000 орчим хөгжлийн бэрхшээлтэй сургуулийн өмнөх насны хүүхдүүд байна гэсэн судалгааны дүн байдаг бөгөөд үүнээс 1600 орчим нь цэцэрлэгт хамрагдаж байна. Төрийн өмчит хоёр цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Цаашид цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарах шаардлага байгаа нь дээрх тоо, статистикаас тодорхой харагдаж байгаа юм. Үүний тулд эрт илрүүлэг хийж, сургуулийн өмнөх боловсролд тэгш хамруулах нь чухал.
Хөгжлийн бэрхшээл зөв сургалтын системийн үр дүнд илааршиж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ердийн иргэний адил нийгэмшсэн тохиолдол цөөнгүй байдаг байна. Энэ үр дүнгийн төлөө Боловсрол, шинжлэх ухаан, спортын яам шат дараатай зорилт тавин ажиллаж байгаагийн дотор Азийн хөгжлийн банктай төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Categories
мэдээ соёл-урлаг

“ШИДЭТ ӨНГӨ-2” уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийв

Улсын тэргүүний 84-р сургуулийн сурагчдын хамтарсан “ШИДЭТ ӨНГӨ-2” уран зургийн үзэсгэлэнгээ Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд Арт” галерейд нээлээ.

Тус үзэсгэлэнд нийт 30 гаруй сурагчийн 100 гаруй бүтээлийг дэлгэсэн байна.84 сургуулийн дүрслэх урлагийн багш Б.Болортуяа ярихдаа, “Манай сургуулийн “Шидэт өнгө” уран зургийн дугуйланд маш олон хүүхэд сурдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд 38 хүүхэд бүтээлээ дэлгэсэн бөгөөд хүүхэд бүрийн сэтгэлийн дотоод ертөнцийг гаргаснаараа онцлогтой. Тэд сэтгэлдээ буусан зүйлээ зургаар илэрхийлдэг. Уран зураг зурж сурснаар хүүхдийн авъяас, зургийн тухай мэдлэг, ур чадвар, гоо зүйн мэдрэмтэй болж өсч хүмүүжихэд чухал ач холбогдолтой” гэв.

Үзэсгэлэнгийн үеэр “Шидэт өнгө” дугуйланд суралцаж зурах ур чадвараараа тэргүүлсэн сурагчдад Монголын багш нарын холбооны дээд шагнал “Алтан мэлмий” шагналыг гардууллаа. Үзэсгэлэн маргааш өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд гарсан түймрийг цурманд оруулжээ

Image result for хөвсгөлд гарсан түймрийг

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас зүүн хойш 60 км-т Зэрлэг гуравдугаар баг “Горхины эх Ухаантын ам” гэдэг газар ойн түймэр гарч, Онцгой байдлын газрын албан хаагчид гал унтараахаар ажиллаж байгаа. Гал гарсан дуудлага ОБГ-т дөрөвдүгээр сарын 15-ны 20:13 цагт ирсэн юм байна. Дуудлагын дагуу түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 64 алба хаагч, таван автомашин, орон нутгаас 116 иргэн, есөн автомашин, нийт 180 хүн, 14 автомашин, бусад техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Тэгвэл түймрийг өчигдөр 15:41 цагт цурманд оруулж, бүрэн хяналтад авсан гэж мэдээлж байна.


Categories
мэдээ нийгэм

Такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хулгай, дээрэм үйлддэг этгээдүүдийг илрүүлэв

Image result for такси дээрэм

Цагдаагийн албан хаагчид такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хулгай, дээрэм үйлддэг этгээдүүдийг илрүүлэн, шалгаж байна. Тодруулбал, цагдаагийнхны шалгалтын явцад уг этгээдүүд нь мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркын автомашинаар нийслэлд такси үйлчилгээ үзүүлэх нэрээр халхавчлан шөнийн цагаар үйлчлүүлсэн иргэдийг зодож, айлгаж сүрдүүлэн эд зүйлийг нь дээрэмддэг байсан нь тогтоогджээ. Мөн тэд бусдын автомашины улсын дугаарыг хулгайлж, энэхүү үйлдэлдээ ашигладаг байснаа хүлээн зөвшөөрчээ.

Уг хэргийг Улаанбаатар хотын харьяат 1993-1997 онд төрсөн И, Б, Э, Б нар бүлэглэн үйлдсэнийг тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Иймд иргэд та бүхэн найдвартай такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн таксигаар үйлчлүүлэх, хувийн таксинд суухдаа улсын дугаар, автомашин маркыг сайтар харж, хэдэн цагийн үед хаанаас сууснаа ар гэрийнхэндээ мэдэгдэж байх зэргээр аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байн