Categories
мэдээ нийгэм

“Их Эе” дахин хуралдана

Монголын үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдаж, маргаан үүсгээд байсан тэд өчигдөр дахин хуралдаж, “Их Эе” хурлыг зохион байгуулах ажлын комисс байгуулах саналд нэгджээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бөхийн холбоог яаралтай учраа олох, маргаанаа эцэслэх чиглэл өгөөд байсан юм. Тиймээс “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат тэргүүтэй Дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, улсын начин Ц.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын комисс байгуулахаар болжээ.

Монголын үндэсний бөхийн холбоо Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр даргатай байсан бол тэд хоёулаа МҮБХ-ны даргаас нэрээ татаж, “Их Эе” хурлаа дахин хийхээр болсон байна. Тиймээс Дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, “Их Эе” хурлаа зохион байгуулах, товлох, зохион байгуулах комиссоор ажиллах юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тавдугаар сард багтаан бөхийн холбоо маргаанаа цэгцэл, үгүй бол Бөхий өргөөг улсын өмчид авна гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Хятадын гүний шумбагч аппарат Марианы хонхрын 8213 метрт хүрч дэлхийн дээд амжилт тогтоов

Image result for chinaХятадын инженерүүдийн зохион бүтээсэн гүний шумбагч аппарат Марианы хонхрын 8213 м-ийн гүнд хүрч чадсан тухай Хятадын Төв телевиз мэдээллээ. “Хайянь — 4000” болон “Хайянь —10000” гэдэг гүний шумбагч аппаратуудыг тээсэн “Сянъянхун-18” хөлөг онгоц 30 хоногийн судалгааны ажил гүйцэтгэсний дараа ням гарагт Хятадын Далай судлалын удирдах газрын боомтод орж ирсэн байна.

Судалгааны явцад эдгээр аппаратууд нийтдээ 18 удаа далайн гүн рүү шумбалт хийж, 8213 м-ийн гүнд нэвтэрсэн нь дэлхийн дээд амжилт болж байгаа юм. Үүнээс өмнө буюу 2017 оны 5 дугаар сард Хятадын “Зяолун” гэдэг гүний шумбагч аппарат Марианы хонхор дахь Челленжерийн хавцал руу 7811 м-ийн гүнд нэвтэрч байжээ. Харин 2012 онд 7062 м-ийн гүнд хүрч байв.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно

Image result for хур тунадас

Улаанбаатар хотод үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 6-11 метр. 10-12 градус дулаан байна. Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, хур тунадас орно.

Салхи төв болон говийн аймгуудын нутгаар хойноос, зүүн аймгуудын нутгаар зүүнээс, баруун аймгуудын нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа

Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваахыг иргэд дэмжиж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгинохайрхан дүүргийн 7, 9 , 24, 25 дугаар хорооны иргэдтэй өчигдөр/04.21/ уулзлаа. Уулзалтад мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, нийслэлийн хэлтэс албад, харьяа агентлагийн дарга нар оролцож иргэдийн санал хүсэлт, асуултад хариулт өгсөн юм.

Иргэдийн оролцоотой бүтээн байгуулалтын жилийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөх чиглэлээр хийж байгаа төслийн хэрэгжилт, явцын талаар иргэдэд мэдээлэл өглөө.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Иргэдтэйгээ уулзаж, асуудлыг сонсож энд ирсэндээ баяртай байна. Энд НЗДТГ, харьяа агентлагийн дарга нар ирсэн. Тиймээс та бүхэн нийслэлээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар санал хүсэлтээ хэлэх, асуулт асуух бүрэн боломжтой. Та бүхэнд гэр хорооллыг барилгажуулах, дэд бүтцийн төвийн талаар холбогдох албаныхан танилцуулга хийлээ.

Агаарын бохирдлыг бууруулахад чухал үр нөлөөтэй энэ ажлыг иргэд дэмжиж ажиллах хэрэгтэй. Айл өрхүүд амьдрах орчноо сайжруулахыг хүсвэл бүлэг болон нэгдэж хүсэлт тавьж болно. Бид та бүхний хүсэлтийг хүлээн авч 200-300 өрхийн дунд дэд бүтцийн төв байгуулах боломжтой. Ингэснээр усны хангамж, бохирын асуудал, дулааныг бүрэн шийдсэн, тохилог амины орон сууцанд амьдрах боломжтой болно. Мөн та бүхэнд төрийн үйлчилгээг бүрэн хүргэх үүднээс дүүргийг хуваах бодлого баримталж байна. Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй. Тиймээс Засаг дарга, хороон дарга нар хүн амдаа хүрч үйлчилж чадахгүй байна. Дүүрэг хувааснаар энэ асуудал үгүй болно. Төрийн үйлчилгээ иргэн бүрт хүрч үйлчлэх болно” гэлээ. Иргэд дүүрэг хуваах асуудлаар сэтгэгдлээ хуваалцлаа.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Ц.Рагчаабазар “Дүүрэг хуваах талаар дүүргийн удирдлагуудтай санал нэг байна. Үнэхээр энэ том газар нутагтай, хүн ам ихтэй газар дарга нар иргэддээ хүрч ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Тэгэхээр хувааж зохицуулснаар иргэдэд хүрэх үйлчилгээ сайжирна гэж бодож байна” гэв.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Ж.Болормаа “Сонгинохайрхан дүүрэг бол нийслэлийн хамгийн том, хүн ам шигүү суурьшсан дүүрэг. Үнэхээр төрийн үйлчилгээ, эмнэлэг, сургуулийн хүртээмж иргэдэд хүртэхгүй байгаа нь үнэн. Дүүрэг хуваах асуудлыг дэмжиж байна” гэж ярилаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэхдээ “Нийслэлийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж анхан шатны нэгжид ажиллаж байгаа энэ явдал туйлын талархалтай байна. Намайг УИХ-д гишүүнээр сууснаас хойш нийслэлийн удирдлагууд ингэж иргэдтэйгээ уулзаж, асуудлыг нь сонсож шийдэж, ярилцаж байсан анхны тохиолдол энэ боллоо. Иргэдэд тулгарч байгаа асуудал, тэдний санал хүсэлтийг сонсож, ажлаа танилцуулна гэдэг маш зөв зүйтэй ажил болж байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр эх дэлхийн өдөр

Эх дэлхийн өдөр

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр эх дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулж Үндэсний статистикийн хорооноос зарим тоон мэдээллийг инфографикаар гаргажээ.

2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд НҮБ-ын 175 гишүүн орон Нью-Йорк хотод чуулж, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын дулаарлын эсрэг арга хэмжээ авахаа хүлээн зөвшөөрсөн юм. Эдгээр улсын нэг нь Монгол Улс билээ.

Эх дэлхийн өдрөөр олон орны тэргүүн Парисын хэлэлцээрт гарын үсэг зурж, нэгдсэн нь олон улсын дипломат харилцаанд томоохон үйл явдалд тооцогдож байв.

Парисын хэлэлцээрийн зорилго нь Тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг бэхжүүлэхэд чиглэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Саруул” хотхонд гал гарч, хүний амь эрсэджээ

galӨчигдөр шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр болох “Саруул” хотхоны 112-р байрны есөн давхарт гал гарчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст “Гал гарч байна” гэх хамгийн эхний дуудлага урьд шөнө 00:01 ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход есөн давхрын айлын том өрөөнөө гал гарц, галын тархалт тагтаар дамжин 10, 11, давхрын айлуудын цонхны хүрээ, тагтан дээрх эд хогшил шатаж байжээ.

Хорт утаажилтын бүсээс 64 том хүн, 24 хүүхдийг гаргаж угаартах аюулаас урьдчилан сэргийлсэн байна. Харамсалтай нь галын улмаас 27 настай эмэгтэй нас баржээ. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэх мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сүүлийн хоёр долоо хоногт орон сууцны барилгад гал гарсан хоёр ч тохиолдол бүртгэгдээд байгаа. Тиймээс Нийслэлийн онцгой байдлын газраас иргэдийг галын аюулгүй байдлаа шалгаж, гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 давхар орон сууцны найман давхарт гал гарч гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги бүрэлдэхүүн очин нэг цагийн хугацаанд галыг унтраасан байдаг. Азаар гал гарах үеэр хүн бэртэж гэмтээгүй юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба-Очир: Оюу толгойн гэрээг цуцлахгүй, сайжруулна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-аас байгуулагдсан Оюу толгойг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очиртой ярилцлаа.


-Оюу толгойг тойрсон яриа сүүлийн үед их гарах боллоо. Уг төслийг зогсоох хүсэлтэй хүмүүсийн зүгээс Оюу толгойг татан буулгахыг дэмжсэн зүйлс ярих болов. Ажлын хэсэг дээр ямар зүйлс яригдаж байна вэ?

-Дөрвөн намын зүгээс Төрийн гурван өндөрлөгт өгсөн шаардлагууд Оюу толгойн гэрээг цуцлах ёстой гэсэн байсан. Өнөөдрийн Монгол Улсын эдийн засаг амаргүй байгаа ч жаахан сэргэлт гарч эхэлж байна. Сэргэлт гарлаа гээд баярлах болоогүй, бид. Энэ эерэг үзүүлэлтүүдээ дунд болон урт хугацаандаа барьж явах ёстой. Тэгж гэмээнэ Монгол Улсын санхүү эдийн засгийн нөхцөл байдал сайжирна. Мэдээж эдийн засагт сэргэлт гарсан тохиолдолд ажлын байр нэмэгдэж, иргэд орлоготой болно. Энэ утгаараа бид хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой юм. Өнгөрсөн жил 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсны нэг тэрбум ам.доллар нь Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт байсан. Тиймээс Оюу толгойн гэрээг цуцлах болон гүний уурхайн төслийг зогсоохгүй. Бид бүгдийг хийх нь Монгол Улсад хэрэгтэй. Нэгэнт Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтаа тухайн хүмүүс нь буцаагаад үүрээд авч гарахгүй. Тэр утгаараа Монгол Улсад оруулж ирсэн тоног төхөөрөмж, ноу-хау гээд бүх зүйл нь бий. Тиймээс Оюу толгойн гэрээг сайжруулах арга хэмжээг авах бодолтой байгаа. Ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гэрээ, хувь эзэмшигчдийн гэрээ, Дубайн гэрээг шалгана.

-Өөр юу шалгах юм бэ. Шалгана гэхээр л гацаана, зогсооно гэж байгаа өнгө аяс харагдаад байдаг л даа?

-Мөн 2015 онд хөрөнгө оруулалтын гүйлгээ нэлээд хийгдсэн байгаа. Тиймээс татварын асуудлыг давхар шалгаад явна. Бид гэрээ Монгол Улсад хэр өгөөжтэй эсэхийг шалгана. Манайхан 50 хувийн өгөөжтэй гэж яриад байгаа. Энэ нь батлагдаж байна уу гэдгийг харна. Бүгдийг нь шалгана, үзнэ.

Бид өнгөрөгч долоо хоногт Оюу толгойн удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр УИХ-ын даргын захирамж болон захирамжийн хүрээнд гарсан удирдамж, ажлын таван дэд хэсгүүдэд шаардлагатай бүх материалуудыг нь гаргаж өг, түүнчлэн шалгах нөхцөл боломжоор нь хангаж өг гэсэн юм. Оюу толгойн зүгээс тэгье гэсэн. Ажлын хэсэг болон Оюу толгойн зүгээс хоёр талаасаа төлөвлөгөө гарган тохиролцоод бүх зүйлээ шалгаад явж байна. Ажлын дэд хэсгүүдийг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар ахалж байгаа. Дэд ажлын хэсэгт нь дандаа мэргэжлийн хүмүүст багтсан. Мөн ТББ, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, улс төрийн намуудын төлөөлөл ч орсон.

Тиймээс мэдээлэл авах, зөрүү ойлголтуудаа баримтжуулах боломж бүрдэнэ. Оюу толгой өөрөө асар том хөрөнгө оруулалт учраас ажлын хэсэг тийм ч амархан шалгаад дуусчих ажил биш. Шалгалтууд явагдсаны дараа дүгнэлт гарна. Дүгнэлтээ УИХ-д танилцуулна. Уг дүгнэлтийг зөв гэж Их хурал үзвэл Засгийн газар хүлээж аваад үндэсний аюулгүй байдал, улс орны өгөөжид нийцүүлэн гэрээг сайжруулах ёстой. Оюу толгойн гэрээг сайжруулах асуудлыг ярьж байгаа болохоос цуцлах асуудлыг яриагүй. Хаана хаанаа бид хариуцлагатай байх хэрэгтэй байна.

-Өнөөдөр Оюу толгойд 55 мянган хүн ажиллаж байгаагийн 94 хувь нь монголчууд гэж байсан. Оюу толгойн талаар янз бүрийн мэдээлэл гарах бүрийд энэ хүмүүсийн амьдрал ард нь савладаг. Энэ бүгдээ тооцсон уу?

-Оюу толгойд 50 гаруй мянган хүн өнөөдөр ажиллаж байгаа бол 1000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Гүний уурхайд 14 мянга, ил уурхайл 2700 хүн гэх мэтчилэнгээр ажиллаж байгаа. Сүүлийн арван жилд Монгол Улсад хөрөнгө оруулалт хамгийн их хийсэн байгууллага Оюу толгойнхон. Тиймээс гадны бүх хөрөнгө оруулагчид манайхыг ажиглаж, Оюу толгой Монгол Улсын Засгийн газар хоорондоо учраа олох нь уу гэдгийг харж байна. Оюу толгойн гэрээ үнэхээр муу хийгдсэн юм бол сайжруулах арга хэмжээ авна гэж ойлгох хэрэгтэй.

-Өнгөрөгч долоо хоногт Ажлын хэсэгтэй уулзсан Рио Тинтогийнхон Оюу толгойн төслөө зогооё гэж ярьсан гэх юм. Энэ үнэн үү. Төсөл зогсвол манай улс эдийн засаг талаасаа шүдгүй арслан шиг болох байх даа?

-рио Тинтогийнхон ямар ч тийм байр суурийг илэрхийлээгүй. Бидний зүгээс Оюу толгойн бүтээн байгуулалт графикийнхаа дагуу явагдаж дуусах ёстой гэж үзэж байгаа. Энэ жилийн тухайд нэг тэрбум ам.долларын бүтээн байгуулалтын ажил явж байна. Хойд давхаргынх нь гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа шүү. рио Тинтогийн зүгээс “Та нар шалгаж байгаа бол бид төслөө зогсооё” гэж яриагүй. Хоёр талдаа ойлголцоод явж байна. Нийгмийн асуудлаас эхлээд ярих зүйл их бий. Ажилтнуудыг гэрт биш орон сууцанд амьдруулах, сургууль, цэцэрлэгтэй болгохоос нь эхлээд шийдэх зүйлс их байгаа.

Оюу толгойн 34 хувь, татварын акттай холбоотой асуудал Засгийн газар дээр яригдаж байна. Гэрээгээ сайжруулаад явах ёстой.

-Гэрээгээ сайжруулаад явах ёстой гэж хүн бүр ярьдаг. Гэхдээ яг ямар заалтыг нь яаж сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Яг ямар заалтууд нь муу байгаа юм бэ?

-Гэрээг бид шалгаж байгаа. Шалгасны дараа ямар ямар зүйлийг нь сайжруулах вэ гэдгээ ярина. Тэгэхгүйгээр би одоо юу хэлэх вэ дээ. Зохимжгүй асуудал. Гэрээнд дордуулсан заалт байдаг гэж нэлээд ярьцгааж байна. Тэр бүгдийг нь бид шалгана, үзнэ. Үүний дараа бодит баримт гаргаж ирээд ярихгүй бол сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж болохгүй. Ажлын хэсгийн шалгалт дөнгөж эхэлж байна шүү дээ. Ажлын хэсэг албан ёсоор шалгалтаа эхлэхтэй зэрэгцээд дэд ажлын хэсгийн шалгалтууд ч эхэлсэн. Шалгах нөхцөл бүрдсэн.

Өнгөрсөн хугацаанд Дэд ажлын хэсэг байгуулах, бүрэлдэхүүнийг сонгох, өмнө нь Б.Бат-Эрдэнэ гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн болон С.Ганбаатарын шалгаж байсан ч гэх зэрэг материалыг ажлын хэсэгтээ өгч байгаа. Бид мөн гэрээний оригналийг нь гаргаж өгөөд мэргэжлийн хүмүүст чиглэл чиглэлээр нь шалгуулаад явж байна. Ингэж байж бодитой дүгнэлт гарна. Ажлын хэсгийн шалгалтанд ямар нэгэн улс төр байхгүй. Бид бодитой гэрээ, гэрээний заалт, хуулийн заалтаа харж байгаад ярих юм.

-Оюу толгойн зүгээс Засгийн газарт 11 тэрбум ам.доллар шилжүүлсэн гэх зүйлс яригдаж байсан. Юу болсон юм бол?

-Энэ талаар мэдээлэл алга. Хэвлэлээс л мэдээлэл авсан. Гэхдээ татварын байцаагч Оюу толгойд татварын акт тавьсан байдаг. Татварын акт дээр хоёр талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Янз бүрийн аргачлал байхыг үгүйсгэхгүй. Тиймээс цаашаа ойлголцоод явах байх. Татварын асуудлууд дээр зарим зүйлсээ Оюу толгой хүлээж авч байна гэж ойлгож байгаа шүү. Тиймээс Оюу толгой Засгийн газарт төлбөр төлсөн байхыг үгүйсгэхгүй.

-Муугаар бодоод төсөл зогслоо гэж бодоход манайд ямар сөрөг үр дагавартай вэ?

-Хөрөнгө оруулалт үргэнэ. Жаахан ч гэсэн дээшилж буй эдийн засаг хүндэрнэ. Бид хэдий болтол зээлээр амьдрах юм бэ. Сүүлийн үед бид зээл авахыг нь зөвшөөрөхдөө урт хугацааны жилийн 0.1 хувийн хүүтэй нөхцөлтэй зээлийг зөвшөөрч байгаа. Орж ирсэн жаахан хөрөнгө оруулалтыг эс тооцвол бид зээлээр л бүтээн байгуулалтын ажил хийж байна. Цаашдаа энэ байдлаар үргэлжлэх нь зохимжгүй. Болж өгвөл хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулалт хийгдэж, том төслүүд явж байж хийгдэх ёстой. Бидний хамгийн түрүүнд хийх ажил Таван толгойгоо олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж мөнгө босгох хэрэгтэй. Тиймээс бид аль нэг ордоо эргэлтэд оруулах шаардлагатай. Ингэхийн тулд бэлтгэл ажлуудаа хангаж байна.

Хүмүүс нэг зүйлийг мартаад байна. 2016 онд Монгол Улс дампуурах уу, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах уу, үгүй юу гэдгээс эхлээд уг хөтөлбөрт хамрагдахаар манайхныг очиход хүлээж авахгүй байна гэдэг яриа өрнөж байсан. Юун цалин, тэтгэвэр тавих манатай байлаа. Нэг жилийн дараа эдийн засагт сэргэлт гарангуут өчигдрийнхөө байдлыг бид мартах учиргүй. Ийм ч мөнгийг нэм, тэрийг ч тэг гээд шуугиж байна. Энэ бүхэн үе шаттай шийдэгдээд явна. Хэдэн жилийн өмнө төгрөгийн ам.доллартай харьцах ханш ямар байв. Үргэлжийн савлагаатай ханшаа барьж чадахгүй байсан биз дээ. Гэтэл өнөөдөр гурван тэрбум ам.долларын нөөцтэй болчихсон ханшаа бариад байж байна. Энэ нь Монголын эдийн засагт хамгийн сайнаар нөлөөлж байгаа байхгүй юу. Ийм нөхцөл бүрдүүлэхийн тулд нэг жил гаруйн хугацаанд хүн бүрт таалагдахааргүй хүнд шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Ялангуяа Эдийн засгийн байнгын хороо хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа шүү. Байнгын хороогоор орохгүй эдийн засгийн зүйл гэж алга. Тэр бүхэн нь дандаа хэцүү сонголттой таарч байгаа. Амаргүй л байна.

-Рио Тинто төслөө зогсоогоод манайхаас гарчихвал оруулсан хөрөнгийг нь бид төлөх ёстой юу?

-Мэдэхгүй. рио Тинтогийнх-он өөр газар зарчих байлгүй.


Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн мөнгийг хэлэлцэнэ

Image result for хүүхдийн мөнгө хэлэлцэнэ

УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын хуваарийг баталжээ.

Хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 26, 27-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: Гэр хорооллын 202 мянган өрхийн 40 мянган өрхийн дулааныг цахилгаанд холбоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд холбогдох газар, агентлагийн дарга нарын хамт өчигдөр Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв” төслийн явц, байдалтай танилцаж, иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр хотын дарга С.Батболдоос дараахь зүйлийг тодруулав.


-Гэр хороололд “Сервис центр” буюу дэд бүтцийн төв байгуулахаар болсон. Энэ талаар юуны өмнө асууя?

-Улаанбаатар хотод энэ хаврын бүтээн байгуулалтын ажил эхнээсээ хийгдээд явж байна. Тиймээс бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг сонсч байна. Энэхүү уулзалтад НЗДТГ, харьяа агентлагийн дарга нар оролцож байна. Тиймээс ямар ч сэдвээр асуудал байвал асууж, судалж болно. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн 80 хувьд гэр хорооллынхон оршин суудаг. Тиймээс гэр хорооллыг хөгжүүлэх, амьдрах орчныг сайжруулах асуудал үе үеийн хотын дарга нарын өмнө тулгардаг. Гэр хороолол сүүлийн 25 жилд хязгааргүй тэлсэн. Тэлэхийн хэрээр иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд өчнөөн асуудал тулгарч эхэлсэн. Тэр дундаа Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаар, хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь 202 мянган өрх амьдарч буй гэр хороолол. Энэ асуудлыг шийдвэрлэх нэн тэргүүний гаргалгаа нь иргэдийг орон сууцжуулах хэдий ч үүнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Нийслэлийн тулгамдсан асуудал болсон агаар, хөрсний бохирдлыг бууруулахад нэн түрүүнд орон сууцжуулах нь чухал. Үүнийг хэрэгжүүлэхэд маш их хөрөнгө шаардлагатай. Хот төлөвлөлтийн тооцоогоор Улаанбаатарын гэр хорооллын 202 мянган өрхийн 40 мянга орчмын дулааныг цахилгаанд холбож шийднэ. Үлдсэн өрхүүдийг бусад эх үүсвэрээр халаах юм. Хамгийн гол шийдэл нь “Сервис центр” гэж үзэж байна. Нийт 11 байршилд судалгаа хийсэн. Эндээс 2018 оны арваннэгдүгээр сард “Сервис центр” байгуулж дуусгах хоёр байршил сонгосон. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн VII хороон дахь байршил юм. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд хоёр дахь байршил нь байгаа. Өөрийн эзэмшил газар дээрээ, орчин үеийн чиг хандлагаар хүмүүс яаж амьдарч болохыг эндээс харуулахыг зорьж байгаа юм.

-“Сервис центр” төв байгуулах хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Нэг айлын дулаан, цэвэр, бохир усны асуудлыг шийдэхэд 60 орчим сая төгрөг зарцуулна. Үүнийг нийслэлийн төсвөөс гаргаж хийнэ. Төв шугамаас салбар шугамаа байшин руугаа оруулах, байшингаа дулааны алдагдалгүй болгох, дотоод сантехникийн тохирох шийдлүүдээ сонгох гэсэн ажлуудыг иргэд өөрсдөө хийнэ. Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд төсөлд хамрагдаж байгаа өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно. Байшингаа дулаалах зардлын 70 хувийг Дэлхийн банкны төслөөс, 30 хувийг иргэд өөрсдөө гаргая гэж байгаа. Сантехникийн шийдэл, бусад асуудлаа шийдвэл Улаанбаатар хотын Худалдааны танхим, Хас банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ногоон сангаас хөнгөлөлттэй зээл олгоно. Иргэд урин дулааны цагт эдгээр ажлаа хийх хэрэгтэй. Шийдэл гарсан, хүлээх зүйл байхгүй. Ингэж иргэд, төр засаг, нйислэл, хувийн хэвшил хамтарч энэ асуудлыг шийднэ. Анхны энэ ажил амжилттай болбол хүмүүсийг араасаа дагуулна. Иргэд тэвчээр гаргаж, боломжоо дайчилж үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө ажиллаасай гэж хүсч байна. Хэдэн үеэрээ амьдрах сайхан амьдралаа бид өөрсдөө цогцлоох ёстой юм. Тиймээс энэ ажлыг хамтран бүтээхэд анхдагч болж буй Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны иргэддээ маш их итгэл найдвар тавьж байна. Энэ мэт төвүүдийг хотын төвөөс алслагдсан, төвлөрсөн дулааны сүлжээ очих боломжгүй газруудад байгуулах бодлого баримталж байгаа. Одоо аймаг орон нутгаас санаачилга гаргаж хэрэгжүүлье гэж байна.

-Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг ямар шат дараалалтайгаар хэрэгжүүлэх вэ?

-Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт нийслэлийн гэр хорооллыг гурван бүс болгон хөгжүүлэхээр тусгасан. Төвийн бүсийн гэр хорооллыг төвлөрсөн шугам сүлжээнд холбосон өндөр давхар орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ. Дундын бүсийн гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв төслөөр хөгжүүлнэ. Захын бүсийн гэр хороолол буюу уулын орой хэсгээр байгаа бүсийг технологийн бүс гэж зарласан. Айл бүр дээр технологийн шинэ шийдэл нэвтрүүлнэ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд дахин төлөвлөтөд орсон 24 байршилд орон сууц барина гэв.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр нийслэлээс баримталж байгаа бодлого, үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцуулсан юм.

Уулзалтын үеэр иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Чингэлтэй дүүргийн иргэн Х.Долгормаа: Дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дэмжиж байгаа. Бидний энэхүү дэмжлэг улс эх орондоо агаар, хөрсний бохирдлыг арилгахад томоохон хувь нэмэр оруулж буй хэрэг гэж ойлгож байна. Дэд бүтцийн ажлын талаар долоо хоног, сар тутамд хороон дээр уулзалт зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өгдөг. Ингэж иргэд бид өөрсдөө санаачилгатай идэвхтэй оролцох нь нийслэлийн иргэн хүний хувьд бүтээн байгуулалтад оруулж буй хувь нэмэр юм болов уу гэж бодож явдаг.

Иргэн Д.Баяраа: Дэд бүтцийн төв нээгдэж байгаад баяртай байна. Энэ газарт би 20-иод жил амьдарч байгаа. Байшингаа тохижуулаад орон сууц шиг амьдарвал сайхан байлгүй яах вэ. Энэ ажилд чадлын хэрээр оролцоно.

Иргэн Б.Уранчимэг: Манайх энэ хороондоо олон жил амьдарч байна. Гэрт суудаг. Ам бүл 13-14-үүлээ, хашаандаа гурван өрх байдаг. Бараг ихэнхдээ арван хэдүүлээ нэг гэртээ байдаг даа. Байшинтай, боломжийн амьдралтай болно гэж бодож байгаа. Энэ ажлыг дэмжиж гэрээ байгуулсан гэв.


Categories
мэдээ цаг-үе

Хорин жилийн дараа хонгор бага насныхаа дурсамжийг хөөрөлдөж буй ангийнхан

10а ангийнхны уулзалт

Арван жилийн ангийнхан гэдэг амьдралын хамгийн сайхан дурсамж, аадрын үүл мэт хуралдан байдаг” хэмээн нэрт зохиолч Дөнгөтийн Цоодол гуай хэлсэн удаатай. Үнэхээр ч сурагч насны түүх, дурсамж гэдэг хүний сэтгэл дотор гэнэн цайлган, цагаахнаараа үүрд оршин байдаг болов уу. Цаг хугацаа хэдий өнгөрсөн ч гэлээ ангийнхаа нөхдийг яг л хүүхэд насных нь ааш зан, дүр төрхөөр нь хүлээн авдаг хүмүүс бол арван жилийн ангийнхан билээ. Тэр ч утгаараа энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа хорин жилийнхээ ойг угтан буй Ховд аймгийн Чандмань сумын арван жилийн дунд сургуулийг 1998 онд төгссөн 10а ангийнхныг урилаа.

Тэртээ 1988 онд шинэхэн үзгийн үзүүр чимхэж, цагаан цаасан дээр цэнхэр бэхийн толбо татуулж, үеийн жаалуудтайгаа тохой нийлүүлэн анх сууж байсан хүүхдүүд өдгөө хийж бүтээхийн ид насандаа яваа, амьдрал ахуй нь тогтсон хүмүүс болжээ. Сумын төвийн сургуулийн хашаа, уурын зуух, наадмын стадион, морины бариа, урд, хойд гол, Дөргөн нуур, Хар-Ус нуур, Бумбат, Жаргалант хайрхан зэрэг газруудын нэрийг нь сонсоод л сурагч насны нэгэн дурсамж сэтгэлд асах нь сайхан хэмээсээр ангийн андууд болох Ш.Үүрцайх, А.Чинбат, Ариунболд нар нь бидэнтэй уулзсан юм. П.Цэрэндулам багштай 10а ангийнхан 1998 оны хавар дурсамж хичээлээ үзэж, дүрэмт хувцсаа тайлснаас хойш өдгөө хорин жил өнгөрчээ. Анги удирдсан багш нь биеийн тамирын багш учир спортын аливаа уралдаан тэмцээнд шавь нараа бэлтгэн, амжилттай оролцдог байсан гэнэ. Үүний нэг жишээ нь Ховд аймгийн “Бага олимпт” эдний ангийн сагсан бөмбөг, волейболын шигшээ баг амжилттай оролцож, сумынхаа хамгийн анхны медалийг хүртсэн байна. 1998 онд тус сургуулийг төгссөн төгсөгчид, нэг үеийнхэн 150 гаруй буюу хамгийн олон төгсөгчтэй жил байж. Хэдий өөр бүлэгт, нэг анги болон төгссөн ч гэлээ бага ангидаа нэг анги байсан болохоор тэр ангийн төгсөгчид гэж ярихаас илүүтэйгээр нэг үеийн төгсөгчид буюу нэг анги хэмээн ярих дуртай юм байна. Өөрөөр хэлбэл 10 а-гийнхан гучин долуулаа төгссөн ч бусад бүлгээ нэг анги л гэж явдаг гэнэ. Тийм болохоор энэ удаагийн нэг анги буланд оролцож буй энэхүү анги 150 гаруй хүүхэдтэй гэж ойлгож болох юм. Эдгээр төгсөгчид өдгөө нийгмийн төрөл бүрийн салбарт ажиллаж, зарим нь орон нутагтаа малаа маллан аж төрж байгаа аж. Тэр бүгдийг тоочиж, тэмдэглэх боломжгүй учир төлөөлөл болгон зарим нөхдийг нь онцлон хүргэе. Сурагч байхын л хэнэггүй, сахилгагүйгээрээ сургууль, сум даяар цуутай ангийн анд А.Чинбат нь өдгөө хувийн бизнес эрхлэн нийслэл хотдоо аж төрж байгаа аж. Хэдий дүрсгүй ч гэлээ урлаг, спортоороо сум орон нутагт ангийнхаа нэрийг өндөрт өргөдөг хүүхэд байжээ. Чандмань сумыг хөөмийн өлгий нутаг хэмээн улс даяар шагшдаг. Тэр ч утгаараа А.Чинбат багын л дуулах, хөөмийлөх авьяастай хүү байсан гэв. Ёстой л наадамд гурван даваатай, найранд гурван дуутай хүн хэмээн ангийн нөхөд нь түүнийг онцолж байсан юм. Сумын сургуулийн хүүхдүүд учир зун, намартаа нийгмийн ажил, сургуулиас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх нь ойлгомжтой. Чандмань сумын Ногоон бургас гэх газар чацаргана жимсний төгөл бий гэнэ. Тэрхүү төгөлөөс намар жимс түүхээр сургуулийн хүүхдүүд очдог байна. Энэ ажил нь ч хүүхдүүдэд их сонирхолтой байж. Тийм ч учраас эдний ангийн А.Чинбат тэргүүтэй нөхдүүд ангийнхаа охидтой хамт литрийн бетон барин тийшээ явах их дуртай байсан гэв. Гэвч өгсөн үүрэг даалгавар биелүүлж, бетон дүүрэн жимс түүж ирэхээс илүүтэйгээр идсээр байгаад орой сургуульдаа ирдэг байж. Нөгөө “Жигмэд, Тогмид хоёр жимсэнд хамт явжээ” хэмээх дуу шиг зүйл тухайн үед болдог байжээ. Эдний ангийн дарга нь Ю.Нямцоож хэмээх багын л даруухан, хичээлдээ сурлагатай охин байж. Анги хамт олондоо байнга шаардлага тавьж, зөв зүйлд үргэлж уриалан дууддаг хүүхэд байсан гэв. Тэрээр өдгөө Нийслэлийн 67 дугаар сургуульд математикийн багшаар ажиллаж байгаа ажээ. Ангийн төлөөллүүдийн дурсамж түүх хөөрхөн охин Ц.Цэвээнсүрэнгээр үргэлжилнэ. Ц.Цэвээнсүрэн нь багын л хөвгүүдийн хайрыг татсан хөөрхөн охин байж. Түүнд захиа өгөөгүй нэг ч хөвгүүн эдний сургуульд байгаагүй гэдгийг ангийнх нь залуучууд дурсаж байлаа. Гэвч нидэр дээрээ түүнд хоёрхон захиа ирсэн гэдгээ тэрээр онцолж байсан юм. Харин бусад хөвгүүд захиагаа замдаа гээсэн үү, эсвэл бусдыгаа даган ярьдаг байсан уу гэх асуудал одоо дурсамжийн салхинд туугдсан болов уу хэмээн хөөрөлдөж байсан юм. Гэхдээ эдний ангийн охид бүгд л хөөрхөн, хөвгүүдээ гэсэн сэтгэлтэй, хөвгүүд нь ч ангийнхаа охидын төлөө байж. Даруухан, хөөрхөн, сурлагатай охин Ц.Цэвээнсүрэн нь өдгөө Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны харьяа агентлаг болох Сэргээн засалт, сургалт үйлдвэрийн төвд эм зүйчээр ажилладаг байна. Түүнд үеийнх нь хөвгүүдээс ирсэн хоёрхон захианы нэг эзэн нь Ш.Үүрцайх гэнэ. Тэрээр багын л даруухан, хичээл, ном хоёроос салдаггүй хүүхэд байжээ. Бусад хөвгүүд шигээ дүрсгүйтэж хичээл тасалж үзээгүй ч тэдний хийж чадахгүй зүйлийг ийн хийж бусдад захиа өгсөн байна. Тэрээр математикийн хичээлдээ ангийнхаа ганц “гавал” нь байсан аж. Тэр ч утгаараа сургуулиа төгсөөд МУИС-ийн математикийн багш мэргэжлийг сонгон суралцаж төгсөөд өдгөө Санхүү эдийн засгийн дээд сургуульд мэргэжлээрээ ажиллаж байгаа аж. Анги хамт олон дунд дуугүй нэгэн ч байна, дүрсгүй нэгэн ч байна. Ангийнхаа хамгийн сахилгагүй хөвгүүдийн ахлагч Л.Төмөр нь багын л бизнес сэтгэлгээтэй хүүхэд байжээ. Хичээл гэхээсээ илүү хэрхэн хөдөлмөрлөж бизнес хийж болох вэ гэдгээ боддог хүүхэд байсан хэмээн ангийн нөхөд нь дурслаа. Гэхдээ хичээлээ нэг суугаад мэрийх юм бол хэнээс ч дутахааргүй “толгойтой” сурагч байсан гэв. Багынхаа төлөвшлөөр явсаар өдгөө улс, нийгэмд хэрэгтэй сайн үйлс бүхнийг хийж, хэрэгжүүлж яваа мундаг бизнесмэн, бүтээлч, хөдөлмөрч хүн болсон байна. Түүний энэхүү хөдөлмөрч, нийтэч зан чанар нь өвөөгөөс нь улбаатай хэмээн ангийн нөхөд нь ярьж байна. Түүний өвөө Хөдөлмөрийн баатар Ринчингийн Чадраабал гуай ажээ. Нэг өдөр хичээл дээр Л.Төмөр ирсэнгүй гэнэ. Ангийн багш нь түүнийг олж ир хэмээн хэдэн шавь нартаа үүрэг өгсөн байна. Түүнийг хайх ажлын хэсэг ийнхүү гарч сумаар нэг эрэл болж. Гэтэл мань хүн нэг дэлгүүрт тарвас идээд, юу ч болоогүй юм шиг зогсож байсан гэнэ. Ажлын хэсгийнхэн түүнийг сургуульд авчирч ангид оруулахад нөгөөх тарвасаа хаяхгүй, самбарын өмнө багшид загнуулж байсан ч тарвасаа идээд л зогсож байсан хөгжилтэй дурсамжийг ангийн анд Т.Ариунболд нь бидэнд хуучилсан юм. Тэрээр мөн л багын дүрсгүй, ангийнхаа хүүхдүүд битгий хэл хааяа багш нараа хүртэл чадчихдаг элдэвтэй сурагч байсан гэнэ. Нийгмийн идэвхтэй, хамт олонч, спортдоо сайн, хүү байж. Т.Ариунболд өдгөө уул, уурхайн нэгэн компанид хүнд даацын автомашины жолооч хийдэг гэв. Дурлалын хөтөч Д.Дамдиндорж эдний ангийнхны хэнийг нь хэнтэй үерхүүлэх үү гэдгийг мэддэг хүүхэд байж. Ангийн дурлалын менежер болсон залуу гэнэ. Өөрөө ч олон охинд захиа өгч байсан хэмээн ангийн нөхөд нь хошигнон ярьж байв. Тэрээр өдгөө Ховд аймгийн Дуут сумын багийн эмчээр ажиллаж, амьдарч байгаа ажээ. Дурлалын хөтчийн ачаар эдний үеийнхнээс нэлээд олон хос төрж, өдгөө гал голомтоо бадраасан өрх, айл болжээ. Тэдгээр гэр бүлүүдийг төлөөлж Б.Батзаяа, Л.Отгон нар, Ж.Гантөмөр, Д.Саруул нар, М.Үнэнбат, Д.Мөнхчулуун нар, З.Галбадрах, Б.Цогзолмаа нарын гэр бүлийг дурдаж болох юм гэж ангийн нөхөд нь дурдсан юм. Тус сумын алдартнуудын нэг Монгол Улсын хүний гавьяат эмч Т.Данзанлхагвын хүү Отгонбаяр эдний ангийнх. Тэрээр хүүхэд байхдаа их нийтэч, анги хамт олноо бүх зүйлд уриалан дууддаг, манлайлдаг хүүхэд байж. Өдгөө тэрээр Эрдэнэт үйлдвэрт нягтлан хийдэг гэнэ. Эдний ангиас төрсөн эрдэмтэн докторуудын нэг Ц.Мөнхцэцэг сурагч байхдаа хичээнгүй хүүхэд байж. Юм бүхэнд мэрийлттэй, зүтгэлтэй, сурлага сайтай охин байсан гэв. Тэрээр өдгөө Япон улсад химийн шинжлэх ухаанаар мэргэжлээ дээшлүүлэн суралцаж, химийн хүрээлэнгийн судлаач, багшаар ажилладаг аж. Нийслэл болон хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа ангийн нөхдийн төлөөлөл нь ийм бол төрсөн нутаг, усандаа удам залгаж, малчин болсон нэлээд хүмүүс байдаг талаар ангийн нөхөд нь ярьж байв.

1998 оны Мартын 8. 10а ангийн охид

Тэдний нэг аймгийн аварга малчин Ц.Алтангэрэл багын л малд нүдтэй хэрсүү хүүхэд байж. Тэр үеийн сургуулийн сурагчид зуныхаа амралтаар аргал түүж, намар сургуульдаа норм биелүүлдэг байна.

Тэрхүү арга хэмжээнд Ц.Алтангэрэл идэвхтэй оролцдог, ер нь нийгмийн идэвхтэй хүүхэд байсан талаар дурсав. Хоёр хос Алтайнхаа өвөрт, холбоо гурван нуурынхаа хөвөөнд таван хошуу малаа сүрэглэн хариулж, өсгөн суугаа андууддаа хорин жилийн ойн баярын мэнд хүргэе хэмээн нийслэлд суугаа ангийн нөхөд нь мэндчилгээ дэвшүүлсэн юм. Анги хамт олны дурсамж олон байдаг. Эдний ангийнхан тээр жил анги дэвших улсын шалгалтаа өгчихөөд гарч иртэл ангийн анд Т.Билэгсайхан нь шалгалтаа өгөх үү гэсээр ирж байсан зэрэг хөгжилтэй дурсамжууд их ажээ. 10 а-гийнхан болоод тэдний үеийнхэн өдгөө нийгмийн төрөл бүрийн салбарт зүтгэж, амжилт бүтээлээрээ үеийнхээ залуучуудыг манлайлсаар яваа ажээ. Малчидтай, манлайлагчидтай, бизнесмэнтэй, багш нартай, бүтээлч инженер, эрдэмтэдтэй эгэл жирийн ангийн түүх дурсамж дундаршгүй юм. Энэ жил ангийн хорин жилийн ой тохиож байгаа учир төгсөгчдийн зүгээс төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн гэлээ. Эхний ажил нь сумын иргэдийн дунд жил бүр зохион байгуулагддаг спортын наадмыг энэ жил эдний ангийнхан нутгийн зөвлөлтэйгөө хамтран зохион байгуулахаар болжээ. Мөн зургадугаар сард 20 жилийн ойн баярын албан ёсны арга хэмжээг зохион байгуулах, энэ үеэр сум орон нутагтаа болоод төрөлх сургуулийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болно гэдгээ хэлж байсан юм.


П.Цэрэндулам багштай Сургуулийн шигшээ баг