Categories
мэдээ цаг-үе

МҮБХ-ны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр: Ойлголцохгүй байсан хүмүүс нь ажлаа өгөөд явчихсан байхад дахин асуудал үүсгээд байгаа нь тэр хүмүүст өөр ашиг сонирхол байна

Монголын үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдчихаад байгаа билээ. Тус холбоог 20 гаруй жил удирдсан Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нар ажлаа өгснөөс хойш асуудал хурцдаж эхлээд байгаа. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн шөнө Бөхийн өргөө рүү Л.Чинбат, дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн А.Сүхбат нарын хүмүүс дайрч орох гэж хаалга үүдийг нь эвдсэн асуудал гарсан. Үүнээс үүдэлтэйгээр цагдаа нар бөхийн өргөөг хамгаалалтад авч, бөхчүүдийг эв зүйгээ олтол аль ч талын хүмүүсийг оруулахгүй гэх шийдвэрийг гаргаад байгаа гэнэ. Энэ талаар болон МҮБХ-ны шинэ удирдлагуудын хийж хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудын талаар Монгол Улсын заан Б.Сайнбаяртай ярилцлаа. Тэрбээр саяхан болсон VIII “ИХ ЭЕ” хурлаас МҮБХ-ны гүйцэтгэх захирлаар сонгогдсон билээ.


-Та МҮБХ-ны гүйцэтгэх захирлын албан тушаалыг аваад удаагүй байна. Наймдугаар “Их эе” хурлын талаар яриагаа эхлэх нь зүйтэй болов уу. Шинэ удирдлагуудаа хэрхэн сонгосон бэ?

-Болж өрнөж байгаа асуудлыг эхнээс нь ярих нь зөв байх. Бөхийн холбооны үйл ажиллагааг шинэчлэх, шинэ зүйл хийх, бөхийн эрх ашгийг хамгаалсан үнэнч шударга дүрэм журамтай байх гээд олон зүйлийг хийж хэрэгжүүлэх шаардлага олон жилийн өмнөөс бий болчихсон байсан.

Бидний үеийн залуус ид барилдаж байсан болохоор энэ бүгдийг өөрсдийн бие, сэтгэл зүрхээр мэдэрчихсэн юм. Шинэ зохион байгуулалтад орох юмсан гэсэн бодол олон жилийн өмнөөс төрөх болсон.

Харин өнгөрсөн наймдугаар хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрч чадлаа. Аварга, арслан, заанууд оролцох эрхтэй хуралд 150 гаруй хүн ирсэн. Хурал эхэлж байхад зарим бөх “Энэ хууль ёсны хүчин төгөлдөр хурал мөн үү” гэж асуусан. Үүнд МҮБХ-ны наймдугаар их хурал ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Хүчин төгөлдөр хурал гэдгийг хэлсэн.

Үүний дараа МҮБХ хоёр хуваагдаж байгаа асуудлын талаар хөндөн ярьсан. Арав гаруй жил хэрүүл тэмцэл хийж, хоорондын үл ойлголцлоос болж шүүх, хууль хяналтын байгууллагад шалгагдаж, шүүхээс гаргасан шийдвэрийг бие бие рүүгээ шидэж байгаа энэ маргаанд цэг тавья гэдэгт бүгд санал нийлсэн. Үл ойлголцох байдал бөхчүүдийг Монголын ард түмэнд муухай харагдуулж байгааг олон бөх хэлж байсан. Хэрүүл маргаанаас болж бөхөө шимтэн үздэг бөхдөө хайртай ард түмний тоо жилээс жилд буурч байгаа асуудлыг ч хөндөн тавьсан. Бөхчүүдийг Монголын үндэсний өв соёлыг авч явдаг хүмүүс гэж би ойлгодог. Бас ард түмний хайр хүндлэлийг ч дааж явах хэрэгтэй.

Цаашид үндэсний бөхийн спортод тулгамдаж байгаа ямар асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх вэ гэдгийг хурлаар ярьж, хэлэлцэж, санаа бодлоо солилцож, нэг чиг шугамд хүрсэн байгаа. Хуучин Бөхийн холбоог авч явж байсан тэргүүн энэ их том бүтцийг ганцаараа шахуу авч явдаг байсан. Үүнийг болих хэрэгтэй, тэргүүн, дэд тэргүүн нь орон тооны бус, гүйцэтгэх захирал нь аппаратаа аваад явдаг. Тэргүүлэгч гишүүн 11 байсныг 15 болгож, тэргүүн асуудлыг шийдэх биш, тэргүүлэгч 15 гишүүн МҮБХ-ны бүх асуудлыг шийддэг болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, 15 хүний 11 нь хуралдаж байж асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон гэсэн үг.Саяхан болж өнгөрсөн хурлаар олон асуудлыг шийдэж чадсан, бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилж, шинэ зорилт санаа дэвшүүлсэн гэх мэт маш үр дүнд хүрсэн гэж ойлгож болно. Шуудхан хэлэхэд маш том шинэчлэл хийсэн. Шинэ удирдлага, бүтэц бүрэлдэхүүнээ сонгож, бөхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чадах, сэтгэлтэй хүмүүс сонгогдчихлоо гэж харж байгаа. МҮБХ-ны тэргүүнээр дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн даргаар Дархан аварга Г.Өсөхбаяр, дэд тэргүүнээр улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирлаар миний бие сонгогдсон. Харин Харин МҮБХ-ны тэргүүлэгч гишүүдээр арслан Д.Ганхуяг, Д.Азжаргал, гарьд Д.Рагчаа, И.Доржсамбуу, харцага Г.Элбэг, Л.Бадарч, Т.Өсөх-Ирээдүй, гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Ц.Мягмарсүрэн, бөх судлаач ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар, бөх тайлбарлагч Ц.Батнасан, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр, гарын даа Ё.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс сонгогдсон.

-Та бүхэн шинэ ажилд томилогдоод Л.Чинбат, А.Сүхбат тэргүүтэй хүмүүстэй уулзсан гэсэн мэдээлэл байна. Уулзалтаар ойлголцолд хүрч чадаагүй юм уу?

-Олон жил энэ асуудал яригдаж ирсэн. Шинэ удирдлагууд томилогдоод Р.Нямдорж, Д.Данзан гээд МҮБХ-ны хуучин удирдлагуудтай холбоотой ямар ч хамааралгүй болсон. Тиймээс одоо ямар нэгэн байдал үүсэхгүй байх. Бид эвлэлдэн нэгдэж чадна гэж бодож байсан. Бөхчүүд яагаад эвлэлдэн нэгдэж болохгүй гэж. Болж өнгөрсөн зүйлээ мартаад шинэ зүйл рүү орж, хийж бүтээж чаддаг гэдгийг харуулах ёстой. Бөхөд ямар ч хамааралгүй хүмүүс энэ талбарт орж ирээд өөрсдийн тоглолт хийдэг байдлыг таслан зогсооё. Бөхчүүд холбоогоо мэддэг болъё гэж бид үзсэн. Энэ холбоог яагаад бөхчүүд өөрсдөө аваад явж болохгүй гэж. Бидэнд чадахгүй гэсэн асуудал байхгүй шүү дээ. Төрийн томоохон албан тушаалтнууд бөхийн спортоор хичээллэж байсан тамирчид ажиллаж байгаа биз дээ. Үүний тод жишээ нь УИХ-д улсын цолтой олон бөх сууж байгаа. Дэд тэргүүн Ц.Магалжав бид хоёрын хамгийн эхний ажил нөгөө эсэргүүцээд байгаа хүмүүсийн төлөөлөлтэй уулзъя гэсэн. Уулзалт болсон.

-Уулзалтад хэн хэн оролцсон бэ?

-Энэ сарын 6-ны өдөр Монгол HD телевизийн байранд очиж уулзалт хийсэн. Л.Чинбат, УИХ-ын гишүүн А.Сүхбат, гарьд Б.Гантогтохтой уулзалт болсон. Уулзалтын тэмдэглэл, санал санаачилга гаргаж, дахин хуралдаан хийх талаар санал нэгдсэн болохыг нотлох зүйл ч байгаа. Тэд бид хоёрыг МҮБХ тэргүүлэгч болсонд баярлаж талархаж байгаа гэдгээ илэрхийлсэн. Эв зүйгээ олох бүх зорилгоо тэдэнд хэлсэн. Бидний хамгийн эхний ажил эвлэрч, нэгдэж нийлэх хэрэгтэй. Үүний дараа тодорхой олон ажлыг шат дараалал, дүрэм журамтайгаар хийх талаар яриа өрнүүлсэн. Бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулсан ямар ч асуудалгүй, бид дэмжиж байна гэдгээ хэлсэн. Л.Чинбат нэг хүнийг олон жил тэргүүнээр ажиллуулдаг байдлыг болих хэрэгтэй гэсэн санал гаргасан. Түүний хэлсэн асуудлыг дэмжиж, дөрвөн жил болоод сольдог байх ёстойг хэлж ярилцсан. Энэ их зөв зүйтэй санал байсан даа. Арван аварга, 15 арслан, арван гарьд, 25 заан, аймаг аймгийн дэвжээнээс гурван хүн, хөдөө орон нутгийн бөхийн холбооны хоёр хүн гээд нийтдээ 210 хүнтэй хурлыг дахин хийхээр зөвшилцсөн. Дахиад хуралдаан хийгээд Б.Бат-Эрдэнэ биш, би биш, бөхчүүд өөрсдөө асуудлаа ярилцаж чадна гэвэл би энэ асуудалд оролцохгүй. Надад сонирхол байхгүй гэж Л.Чинбат хэлсэн.

Бид хуралдааны тэмдэглэл хөтөлж, түүнийг баталгаажуулж гарын үсэг зуруулсан. Дэд тэргүүн Ц.Магалжав бид хоёр тэргүүлэгч 15 хүнтэйгээ уулзалдаж зөвлөлдөх ёстой гэдгээ албан ёсоор хэлсэн. Ингээд хурал тарсан. Тухайн үед бид асуудал нэг тийшээ шийдэгдэж, зөвшилцөлд хүрэх боломжтой юм байна гэж ойлгосон.Хамгийн гол нь нөгөө ойлголцохгүй байсан Р.Нямдорж, Д.Данзан нар ажлаа өгчихсөн болохоор хэн нэгэн рүү дайрч давшлах асуудал дуусчихлаа гэж ойлгосон. Гэтэл удалгүй дахиад л Л.Чинбат, А.Сүхбат нар асуудал гаргаад эхэлсэн. Яг тэр мөчид Монголын үндэсний бөхийн ноён оргил, зүүний манлай дархан аварга Ж.Мөнхбат гуай хүнд өвчний улмаас бурхан болсон байсан. Монголын ард түмэн гашуудаж байх энэ үед бид бөхийн холбооны асуудлаар муудалцаад байх нь үнэндээ зохимжгүй байсан. Үгүй ядахдаа буяны ажлыг нь дуусгаж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэх ёстой байсан. Хүн ёсны жудаг, хүн чанар байдаг бол үйл ойлголцох байдлаа хойшлуулаад хоног хугацаа тавих байсан юм даа. Гэтэл тэд Бөхийн өргөө рүү гэнэт дайраад эхэлж байгаа юм. Тэд Бөхийн өргөөг авч болно. Эзэлж түрэмгийлээд орж болно.

Хамгийн гол нь ард түмэнд бөхийн нэр хүндийг муухай харагдуулах зүйл хийлээ. Үүнд маш их харамсч байна. Бид ийм байдалд орох гэж энэ холбоог аваагүй юм аа. Ийм байдлыг хүсээгүй. Бид эвлэрэх, нийлэх, бөхийн шинэчлэл хийх гэж явж байгаа. Бидэнд ганцхан л зорилго байгаа. Монгол үндэсний өв соёл болсон бөхөө цаашид хөгжүүлж түгээн дэлгэрүүлээд явах сонирхолтой. Үймээн самуун дэгдээж, хаалга үүд эвдэж байгаад харамсч байна. Үл ойлголцолд хүрээд байсан хүмүүс нь ажлаа өгөөд явчихсан байхад ийм асуудал үүсгээд байгаа нь тэр хүмүүст өөр ашиг сонирхол байгаа юм байна гэж бодоход хүргэсэн. Бөхчүүд хоорондоо маргаан хийх нь үнэндээ зохимжгүй.

-Монголын үндэсний бөхөд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Олон асуудал байна. Үнэхээр системтэйгээр хийж, хэрэгжүүлэх асуудал олон байна. Шүүлт маргааны асуудлыг нэг мөр шийдэж, камержуулах асуудлыг нэн тэргүүнд хийх ёстой. Барьц, сонгоо, сэргээшний асуудал байна. Шинэлэг олон зүйл хийхийг бөхийн хорхойтнууд хүсч, хүлээж байгаа. Монгол үндэсний бөх гэдэг нь өөрөө үр хойч үеийнхэндээ үлдээж байгаа маш том өв соёл, дархлаа юм. Хэдэн мянган жил уламжлагдаж ирсэн энэ их өв соёл, уламжлал болсон үнэт зүйлээ хагалан бутаргаж, болохгүй. Тиймээс бөхчүүд ёс зүйгүй гэж ард түмэнд харагдуулахгүй байх нь юу юунаас илүү чухал зүйл гэдгийг энэ ярианыхаа төгсгөлд онцлон хэлэх нь зүйтэй болов уу.

Э.БААТАР

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Төв суурингаас бусад газрыг иргэдэд чөлөөтэй өмчилмөөр байна” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонинТанайд өнжье буланд Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмч нарыг “үйлдвэрлэдэг” АШУҮИС-ийн нэг өдөр” хэмээн өгүүлжээ.

“Элэгний эмгэггүй Архангай” төслийн I шатанд 2300 иргэн элэгний с вирусгүй болжээ” хэмээн өгүүлснийг “Томилолт” булангаас хүлээн авч уншаарай.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгойн гэрээ тоглоом биш” хэмээн ярьсан байна.

“Баримт, үйл явдал” нүүрт “268 мянган тонн нүүрсний хэргийг АТГ шалгаж байна” хэмээн өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Төв суурингаас бусад газрыг иргэдэд чөлөөтэй өмчилмөөр байна” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

УИХ-ын хаврын ээлжит чуулганы баасан гаригийн хуралдааны талаар “Улс төр” нүүрт “Аж ахуйн нэгж нь газраа ашиглаагүй хоёр жил өнгөрсөн бол төр буцааж авах эрх нь нээлттэй” хэмээн өгүүлжээ.

“Үйлдсэн хэргээ нуухын тулд найман настай хүүг хөнөөжээ” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы “Спорт” нүүр “Сүүлчийн динозавр” хэмээн өгүүлжээ. Мөн тус нүүрт Олон улсын хэмжээний мастер Алтангэрэл агсны аав спортын мастер Т.Мандаа “Бид хоёр спортын талбарт багш шавь, талбайн гадна аав хүү байсан” хэмээн ярьсан байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Майми хит хожигдох эрхгүй боллоо

Дорнод бүсийн гуравдугаар байраар плей оффд шалгарсан Филаделфиа 76 нэгдүгээр шатанд Майми багтай таараад байгаа билээ. Өнөө өглөө багуудындөрөв дэх тоглолт явагдаж Филделфиа 76 106:102-оор ялалт байгуулж цуврал тоглолтыг 3:1-ээр илүүрхэж эхэллээ.

Энэ өдөр холбогч Бен Симмонс 17 оноо, 13 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч анх удаагаа плей оффийн тоглолтод трибл дабл гүйцэтгэжээ. Мөн Филаделфиад эхний улиралдаа тоглож буй Жж Редик 24 оноогоор багтаа тус хүргэсэн бол Хорват залуу Дарио Сарич 11 оноо авчээ. Талбайдаа цувралыг тэнцүүлэх даалгавартай гарсан Майми хитээс Дуэн Уэде 25 оноо авчээ. Тэрээр 22 довтогооныхоо 10-ыг нь оноо болгосон юм. Харин Словани холбогч Горан Драгич сайн ээлжит сайн тоглолтоо үзүүлж 20 оноогоор багтаа тусласан юм. Гэсэн ч Майми хитийн бусад тамирчид хангалтгүй тогложплей оффын гурав дахь ялагдлаа хүлээжээ. Ингэснээр Филаделфиа ахиад нэг л ялалт байгуулахад хоёрдугаар шатанд шалгарна.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ спорт

Пеликанс хоёрдугаар шатанд шалгарлаа

Дорнод бүсийн гуравдугаар байраарплей оффт шалгарсан Портланд Трейл Блейзерс эхний шатанд Нью Орлион Пеликансд цуврал тоглолтод 4:0-ээр “шүүрдүүлж” улирлаа өндөрүүллээ.

Хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолтөнгөрсөн шөнө явагдаж Пеликанс131:123-аар ялалт байгуулсан юм. Энэ тоглолтод цувралын турш шилдэг тоглолт үзүүлж байгаа холбогч Жрү Холидей гялалзаж 40 оноо, найман оновчтой дамжуулалт өгч багаа хожилд хөтөлсөн байна.Багийн төвийн тоглогч Энтони Девис47 оноо, 11 самбар авч үүргээ сайн биелүүлжээ. Мөн туршлагатай холбогч Ражон Рондо 16 оновчтой дамжуулалт өгч чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Харин хожигдох эрхгүй талбайдгарсан Портланд Трейл Блейзерсээс довтлогч СЖ Маккалум 38 оноо авч багаа тэргүүлжээ. Тэрээр 22 довтолгооныхоо 15-ыг нь амжилттай болгосон байна. Багийн ахлагч Лиллардын тааруу тоглолт энэ өдөр ч үргэлжилж 19 онооавсан юм. Лиллард тоглолтын турш 16 довтолгоо гүйцэтгэж долоог нь л амжилттай болгожээ. Ийнхүү улиралдл 49 хожил байгуулж бүсийн аваргын төлөө өрсөлдөх тааварт байсан Портланд нэгдүгээр шатнаас л өрсөлдөөнийг орхиж байна.

О.ДАШНЯМ

Categories
гадаад мэдээ

​Дэлхийн банкны хөрөнгийн хэмжээг 13 тэрбум доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

ЗурагДэлхийн банкны хувьцааг эзэмшиж буй хөрөнгө оруулагчид бямба гарагт хуралдаж, тус банкны хөрөнгийн хэмжээг 13 тэрбум доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Үүнээс 7,5 тэрбум долларыг Олон улсын Шинэчлэл хөгжлийн банкинд, 5,5 тэрбумыг нь Олон улсын Санхүүгийн корпорацид зориулан олгох аж. Ингэснээр дэлхий даяар ядууралтай тэмцэж байгаа, ялангуяа тусламж нэн шаардлагатай байгаа бүс нутагт ажиллаж буй байгууллагуудын боломжийг тэлэх юм.

Үүний дүнд Дэлхийн банкны санхүүгийн боломж 2019-2030 онд жилийн дүнгээр 100 тэрбум орчим долларт хүрэх аж.

“Энэхүү түүхэн тохиролцоог дэмжсэнээрээ манай хувьцаа эзэмшигчид дэлхий дахины хамтын ажиллагаанд итгэх итгэл сэргэж буйг харууллаа, гишүүний орнуудын зүгээс үзүүлсэн энэхүү дэмжлэгийг бид өндрөөр үнэлж байна” гэж Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким мэдэгдсэн байна.

Дээрх хөрөнгө нь дэлхий дахины аюулгүй байдал, тогтвортой байдалд учирч болох эрсдэлүүд, ялангуяа тогтворгүй, ядуу буурай улс орнуудад үүсэх эрсдэлүүдэд түргэн шуурхай хариу арга хэмжээ авах боломжийг Дэлхийн банкинд олгоно” гэж Ким Ён Ким онцлон тэмдэглэлээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын чанартай зам дагуу газар олгоход баримтлах бодлоготой болно

ЗурагБулган аймгийн ИТХ “Улсын чанартай авто зам дагуух газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, өмчлүүлэхэд баримтлах чиглэл”-ийг улам боловсронгуй болгон бодлого гаргаж хэрэгжүүлэх зөвлөмжийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өглөө.

– Хөдөөгийн хүн амын хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөн багасах, орон нутгаар дайран өнгөрөх улсын чанартай зам дагуу иргэд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж, амьжиргааны түвшингээ нэмэгдүүлэх, нийгмийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр “Улсын чанартай авто зам дагуух газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, өмчлүүлэхэд баримтлах чиглэл”-ийг гурван жилийн өмнө батлуулсан юм. Энэ зориулалтаар эзэмшүүлэх, өмчлүүлэх газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган ИТХ-р батлуулан газар олголтыг хийж байгаа боловч газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хугацаа дууссан шаардлага хангахгүй болсон мөн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, зураг төслийн баримт бичиг хийлгээгүйн улмаас хэрэгжих боломжгүй байна.

Газар зохион байгуулалтын асуудлыг хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй зайлшгүй уялдуулах, төсөв хөрөнгийн асуудлыг шат дараалалтай шийдвэрлэх шаардлагатай байгаа юм гэж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ү.Бямбасүрэн ярилаа.

Тус аймагт 2015-2017 оны байдлаар улсын чанартай авто зам дагуу нийт 498 иргэнд 35,29 газрыг өмчлүүлэхээр төлөвлөж, 331 иргэнд 23,27 га газрыг өмчлүүлсэн байна. Мөн иргэн, хуулийн этгээдэд нийт 60,9 газрыг эзэмшүүлэхээр төлөвлөснөөс 355 нэгж талбарын 36,58 га газрыг эзэмшүүлжээ.

Таван жилийн өмнө улсын чанартай авто зам дагуу 6 сумын 7 байршилд 1697 га газарт улсын чанартай авто зам дагуу Монгол Улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газрын нөөц, хэмжээ, байршлыг тогтоон, байр зүйн зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулсан байна. Түүнээс Гурванбулаг, Сайхан, Сэлэнгэ, Могод сумын улсын чанартай авто зам дагуу өмчлүүлэх боломжтой нөөцөөр тогтоогдсон газарт хүн амын төвлөрөл, дэд бүтцийн асуудлаас хамаарч газар олголт хийгдээгүй байгаа аж.

Categories
гадаад мэдээ

​Дэлхийн хамгийн өндөр настай хүн нас баржээ

Зураг

Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Японы иргэн Наби Тажима 117 насандаа өөд болжээ.

“Киодо” агентлагийн мэдээлснээр, 1900 оны наймдугаар сарын 4-нд төрсөн Наби Тажима нь амьдралынхаа сүүлийн мөчүүдэд орноосоо босож чадалгүй байсаар эмнэлэгт нас барсан байна.

Н.Тажима нас барснаар тус улсын иргэн Тиё Мияко дэлхийн хамгийн өндөр настай хүн болж байна. Тэрбээр 1901 оны тавдугаар сарын 2-нд төржээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш түр замууд нээгдэнэ

Image result for түр замууд

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор Замын цагдаагийн уулзварт гүүрэн гарц барих ажил үргэлжилж буй. Үүнтэй холбогдуулан нийт найман түр зам барьж, ашиглалтад оруулахаар болсон. Гэвч түр замын уулзвар нь төмөр замтай огтлолцож байгаа учраас дахин түр байгуулсан таван замыг хааж, төмөр замтай огтлолцох хэсэг дээр дохиолол, холбоо, эрчим хүч, аюулгүй байдлыг хангах чиглэлээр төмөр замын ажилчидтай хамтран ажиллаж байгаа юм байна.

Тиймээс түр замуудыг маргааш буюу дөрөвдүгээр сарын 23-ны 05.00 цагаас эхлэн нээхээр бэлтгэл ажлаа хангажээ. Гүүрэн гарцыг анх 2.5 жилд барихаар төлөвлөж байсныг компаниудтай нь ярьж байгаад 1.6 жилд барьж дуусгахаар ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Төл бойжилт улсын хэмжээнд 96.6 хувьтай байна

Image result for төл бойжилт

Улсын хэмжээнд оны эхний дөрвөн сарын байдлаар 28.2 сая хээлтэгчийн 35 хувь буюу 10 сая 21.7 мянган эх мал төллөж, 9 сая 620.7 мянган төл бойжиж байна. Төл бойжилт улсын хэмжээнд 96.6 хувьтай байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 2,6 саяар нэмэгдлээ.

Ус цаг уурын үндэсний хүрээлэнгээс мэдэгдсэнээр Архангай, Баянхонгор аймгуудад цастай, бусад нутгаар дулаарч байна гэж мэдэгджээ. Тиймээс цаг агаарын мэдээ мэдээллээ малчид цаг алдалгүй авч байхыг албаныхан анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Боксчин Б.Мөнгөнсаран БНХАУ-ын боксчинг яллаа

Зураг

Тайландын Бангкок хотноо боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 51 кг-д манай тамирчин Б.Мөнгөнсаран БНХАУ-ын боксчинг 5:0-ээр яллаа.

Хятадын тамирчинг дэлхийн аварга болно хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байсан бол ийнхүү манай боксчинд ялагджээ. Б.Мөнгөнсарангийн хувьд Унгар улсад болох Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний эрх авах боломж бүрджээ. Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин ур чадвар, хүчээ сорьж байгаа юм.

Энэ сарын 28-нд өндөрлөх Ази тивийн 2018 оны залуучуудын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 49 кг-д Ч.Ууганхүү, 52 кг-д Ч.Мөнх-Очир, 56 кг-д Т.Энхтөр, 60 кг-д О.Тулга, 64 кг-д С.Өсөхбаяр хүчээ сорих бол эмэгтэйчүүдийн 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д Э.Мичидмаа, 57 кг-д Д.Хонгорзул, 69 кг-д Н.Ану нар өрсөлдөж байна.