Categories
мэдээ спорт үндэсний-бөx

Аймгийн арслан Д.Амаржаргал түрүүллээ

Увс аймгийн харьяат улсын начин Ө.Сумьяагийн нэрэмжит аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан ням гаригт “Алдар” спорт хорооны зааланд болж өндөрлөлөө.

Увс нуур бөхийн дэвжээнээс зохион байгуулсан барилдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан Д.Амаржаргал түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн хурц бадрангуй арслан Н.Золбоо үзүүрлэсэн юм.

Их шөвөгт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат аймгийн арслан Д.Ариунмөрөн, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан Ж.Ням-Эрдэнэ нар шалгарчээ. Уран барилдааны тусгай шагналыг Хөвсгөл аймгийн харьяат сумын заан Халтарын Бөхбаяр хүртсэн байна. Тэрээр энэ барилдаанд сумын цолтой бөхчүүдээс ганцаараа гурав давж аймгийн хурц арслан Н.Золбоод тахим буулгасан юм.

Сонирхуулахад улсын начин Ө.Сумьяа улсын заан Тулгаагын төрсөн дүү нь бөгөөд Монгол бөхийн өргөөний нээлтийн барилдаанд Увс аймгаасаа ирж олон шилдэг бөхчүүдийг давж шөвгийн гуравт шалгарч байжээ.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ улс-төр

Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын айлчлал маргааш эхэлнэ

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд зурган илэрцүүд

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж 2018 оны 4 дүгээр сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийн айлчлалын зорилго нь манай улсын “гуравдагч хөрш” Энэтхэг Улстай Стратегийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн харилцааг улам бэхжүүлж, хоёр орны аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэхэд оршиж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж нар Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааныг зохион байгуулж, Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тус тус бараалхахаар төлөвлөж байна. Мөн тэрээр Кушок Бакула Ринбүчигийн мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож, үг хэлнэ.

Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд 42 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм. Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Я.Б.Чаван 1976 онд Монгол Улсад айлчилж байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Саруул” хороололд гал гарах үеэр нас барсан гэх бүсгүй гадны нөлөөтэй амиа алдсан байжээ

Холбоотой Зураг

Энэ сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хотхоны 112 дугаар байрны есөн давхарт гал гарсан. Улмаар 27 настай бүсгүй амиа алдсан билээ.

Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр уг бүсгүй гадны нөлөөтэй амиа алдсан аж. Тодруулбал, түүний хоолойг боож, амийг нь хөнөөн, улмаар хэргийн ул мөрийг устгахаар гэрийг нь галдан шатаагаад зугтаасан байжээ.

Талийгаач нь эмэгтэй, 27 настай ганц бие Э байсан бөгөөд түүнийг төрсөн дүү 19 настай эрэгтэй Б, найз 20 настай Э-гийн хамт хувийн өс хонзонгоор бүлэглэн хөнөөжээ. Энэ гэмт хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Уг этгээдүүдийг цагдан хорьжээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн ордонд болох хуралдааны хуваарь

Төрийн ордонд болох хуралдааны хуваарь зурган илэрцүүд

Төрийн ордонд өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсгүүдийн хуралдаантай.

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

– Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

– Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

– Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

– Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд;

– Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;

– “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;

– Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд.

Categories
мэдээ нийгэм

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлцгээе

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлцгээе

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ амралтын өдрүүдэд Дархан цаазат ”Богд хан” уулын ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй бүс газруудад урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангуулах талаар хяналт тавьж, зурагт хуудас, сурталчилгааны материал тарааж, сэрэмжлүүлэг хүргэн ажиллав.

Тухайлбал Төр хурхын ам, Цэцээ гүн, Манзуширын аялалын маршрутын дагуу аялаж, алхаж буй иргэдэд Галын аюулгүй байдлын тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг сурталчилж ажилласан байна.
Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэнэ

“Дэлхийн номын өдөр” зурган илэрцүүд

НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Монгол Улсад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шийдвэрээр “Дэлхийн номын өдөр”-ийг 2018 оны 04 сарын 20-ны өдрөөс 25-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Энэ хүрээнд дараах ажлууд зохион байгуулагдах юм.

-Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хэвлэх үйлдвэрүүд, хэвлэн нийтлэгчид,зохиолчид, номын санчид, уншигчид хамтран “Бид номонд дуртай” өдөрлөгийг Спортын төв ордны өмнөх талбайд зохион байгуулна.
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулна.
-Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын сан /Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан/-д уншигчийн картыг үнэгүй нээнэ.
-Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Олон Улсын номын “Global book service” үйлчилгээнд нэгдэх нээлтийн ёслол болно. Ингэснээр 25 улсын 355,000 гаруй хүртээмжит номтой цахим каталоги, ном дамжуулах автомат системийг ашиглах эрх нээгдэж буй юм. Улаанбаатар хотын нийтийн төв номын сан уг цахим каталогид 210 ширхэг дэйзи, 3400 орчим брайль номоор нэгдэн орлоо.
-ЭЕШ ойртож буйтай холбогдуулан сэтгэлзүйч С.Даваасамбуутай “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” сэдвээр Д.Нацагдоржийн шагналт зохиолчидтой хийх цуврал уулзалтын хүрээнд Д.Нацагдоржийн шагналт зохиолч Б.Баярсайхантай уулзалт хийх бөгөөд 429 дүгээр хаалттай хорих ангид ном хандивлах, зөөврийн номын сангийн үйлчилгээг хүргэх зэрэг ажлууд хийгдэнэ.
-Хүүхдийн төв номын сангаас “Үндэсний өв соёлоо дээдлэхүй” сэдэвт морин хуурын тоглолт, лекц, хүүхдийн зохиолч П.Наранбаатартай зохиолч, уншигчийн уулзалт, “Эртэч хүүхэд” хэлэлцүүлэг, үдшийн уншлага, номын үзэсгэлэн, тойм яриаг зохион явуулна.
-Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордонд зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын сугалаат худалдаа, номын үзэсгэлэн, олон улсын цахим мэдээллийн сангуудын танилцуулга, хамтран ашиглах боломж /танилцуулга/, номын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Түүнчлэн боловсролын бүх шатны байгууллага, шинжлэх ухааны болон нийтийн номын сангууд Дэлхийн номыг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гаргажээ. Тухайлбал, Монгол Улсын Үндэсний Номын Сангаас НҮБ-ын Залуучуудын Зөвлөлийн Холбооны номын буланг байгуулж, Суут хүмүүсийн бүтээлүүд, хуучны орос хэл дээрх сэтгүүлүүдээр номын үзэсгэлэн гаргаж, танилцуулга хийх ажээ.

Мөн “Номтой автобус” төслийг хэрэгжүүлж Хөвсгөл-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл чиглэлийн зорчигчдод номоор үйлчлэх юм. Энэ сацуу оюуны талх болсон номыг хэрхэн сэлбэн засах, сэргээн засварлах “Номоо эмчилье” сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгөх ажээ.

Орон нутгийн номын сангуудад:

-Архангай аймгийн нийтийн номын сангаас “Машинтай уншлага”, С.Маршакийн зохиолын дүрийн тоглолт,
-Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас “Хонгор нутгийн яруу эгшиглэн” яруу найргийн дугуйлан, “Алтан агшин” зохиолч уншигчдын уулзалт,
-Булган аймгийн төв номын сангаас “Ном унших 7 хоногийн аян” өрнүүлж, “Дэлхийн шилдэг үлгэр”-ээр “Үлгэрийн баатрууд амилсан нь” номын өдөрлөг зохион байгуулах ажээ.
-Говь-Алтай аймгийн нийтийн номын сангаас “Уншигчдын дунд ном солилцох арга хэмжээ”, “Зургийн уралдаан”,
-Говь-Сүмбэр аймгийн нийтийн номын сангаас Ардын уран зохиолчдын булан байгуулж намтар уран бүтээлүүдийг сурталчлан таниулах,
-Дархан-Уул аймгийн нийтийн номын сангаас “Оюунлаг Дархан” өдөрлөг, Урилгат уншлага явуулах,
-Дорноговь аймгийн нийтийн номын сангаас “50 саяын номтой уналт”, А.С.Пушкины үлгэрээс сэдэвлэн хүүхэлдэйн хуруун тоглолт хийх,
-Дорнод аймгийн төв номын сангаас “Номтой өглөө” уулзалт хэлэлцүүлгийг 14 хоногт нэг удаа зохион байгуулах, “Монголын нууц товчоо” номоор уулзалт хэлэлцүүлэг, Ж.Лодойн 100 жилийн ойн номын үзэсгэлэн гаргаж уншигчдад сурталчлах,
-Орхон аймгийн номын төвөөс хүүхдийн “Дараагийн хуудас” хөтөлбөр, Ардын аман зохиол АСТ,
-Өвөрхангай аймгийн төв номын сангаас Залуучууд хүүхдүүдийн дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор өдөрлөг зохион байгуулах, “НОМ-ХҮҮХЭД-ХӨГЖИЛ” ном унших аяныг нээх,
-Өмнөговь аймгийн төв номын сангаас “Миний уншсан хамгийн шилдэг ном” эссэ зохион бичлэгийн уралдаан, үнэ төлбөргүй карт нээх, хугацаа хэтрүүлсэн номыг үнэ төлбөргүй буцаах,
-Сүхбаатар аймгийн төв номын сангаас “Дэлхийн шилдэг зохиолууд”-аар номын үзэсгэлэн гаргаж сурталчлах, нутгийн зохиолчдын шинэ номоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, худалдаа эрхлэгчдэд болон иргэдэд шинэ номоор үйлчлэх, аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй СӨБ-ийн 1-11 цэцэрлэгүүдийн дунд “Үлгэрийн ертөнцөөр” шилдэг баг шалгаруулах танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулах,
-Сэлэнгэ аймгийн төв номын сангаас Номын санчдын дунд мэргэжил ур чадварын уралдаан зохион байгуулах, Уншигч зохиолчдын уулзалтыг зохион байгуулах,
-Хөвсгөл аймгийн төв номын сангаас ахлах ангийн уншигчдад “Мэргэжил сонголт” лекц зохион байгуулах, АХА тэмцээн зохион байгуулах,
-Дундговь аймгийн төв номын сангаас “Олуулаа уншъя- Номтой нөхөрлөе” аяны нээлтийн үйл ажиллагаа, “Танд ойрхон номын сан”-ийн үйлчилгээ,
-Хэнтий аймгийн төв номын сангаас Хан Хэнтий нутгийн зохиолчид оролцсон яруу найргийн үдэшлэг, Номын санд ном хандивлах үйл ажиллагаа,
-Увс аймгийн төв номын сангаас “Үсэглэлийн хаад” тэмцээн, Америкийн алдарт зохиолч Марк Твейний амьдрал, намтар уран бүтээлээр үзэсгэлэн гаргах,
-Төв аймгийн төв номын сангаас “20 номын хожил” уралдаан тэмцээн зохион байгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд номын сангийн үйлчилгээг хүргэх,
-Ховд аймгийн төв номын сангаас “Ном” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулах, Ном тоослох арга хэмжээг зохион байгуулах,
-Завхан аймгийн төв номын сангаас “Х.К. Андерсений үлгэрийг хэн сайн мэдэх вэ? сэдэвт дүрийн тоглолт, Б.Ренчиний “Нууцыг задруулсан захиа” зохиолоор уншигчдын бага хурал,
-Баян-Өлгий аймгийн төв номын сангаас “Номын ач тус” уншигч, сурагчдын дунд чөлөөт ярилцлага, “Миний дуртай үлгэрийн баатрууд” сэдэвт зургийн уралдаан,
Монголын номын сангуудын консорциумаас нийтийн болон их, дээд сургуулиудын номын сангуудад зориулсан EBSCO цахим мэдээллийн сангийн сургалт, Олон улсын дунд сургуулиудын туршлага солилцох уулзалт,
-Удирдлагын академийн номын сангаас “Эртэч хүн” өглөөний ажил хэрэгч уулзалт, “Уншъя-Урагшилъя” номын өдөрлөг,
-Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Номын Сангаас “Ном бол ертөнцийг харах цонх” яруу найргийн уралдаан, Оюутан-номын санч хөтөлбөр хэрэгжүүлэх,
-Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн номын сангаас ШУТИС-ийн профессор багш нарын бүтээлийн үзэсгэлэн, ховор номын танилцуулга, ном худалдаа, солилцоо, ОХУ-ын томоохон хэвлэлийн газруудаас захиалсан сургалт судалгааны номын болон профессор багш нарын бүтээлийн үзэсгэлэн,
-Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн номын сангаас “Олуулаа уншъя” мэргэжлийн ном сурах бичгийн үзэсгэлэн, номын санчдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард 4, 9 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар татвар төлнө

Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой.

Иргэн та ч гэсэн цаг заваа хэмнэж www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болно.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар,

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө гэж нийслэлийнМэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Иргэн та Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 17:30

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

Categories
мэдээ нийгэм

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.30 цагт Кемпински зочид буудалд “МҮЭХ-ны Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хуралдаан болно.

11.00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд энэ оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулна. Утас: 89989676 96664674 70719926

11.00 цагт Нийслэлийн иргэний танхимд НМХГ-аас барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд техникийн аюулгүй байдал, осол аваарын шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулна.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалын өмгөөлөгч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус шүүхийн энэ оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулна.

Төрийн ордонд

УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.30 цагт УИХ-ын Тамгын газраас Дэлхийн номын өдрийг тохиолдуулан “Номын өдөрлөг” зохион байгуулна.

Гандантэгчэнлин хийдэд

09.30 цагт Элчин багш Бакула Ринбүчэгийн мэлмий гийсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал болох талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Миний монгол бичиг” олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол болно.

“Хөлбөмбөгийн ДАШТ-ий цом Монголд” арга хэмжээний хүрээнд

10.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Оддын хөлбөмбөгийн тоглолт болно.

11.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд ДАШТ-ий цомыг зална.

12.30 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны Супер цомын тоглолт Эрчим, Улаанбаатар Сити клубын хооронд болно.

13.00 цагт “Шангри-Ла Молл”-д Хөлбөмбөгийн ДАШТ-ий цомыг олон нийтэд нээлттэй байршуулна.

Categories
мэдээ цаг-үе

Монголын анхны хурандаа гэр бүлд зочиллоо

Энэ удаагийн “Танайд өнжье”- булангаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал, цагдаагийн хурандаа Ю.Бадамханд нарыг уншигчидтайгаа уулзуулж байна. Зочид маань мөрдэс нэгтэй алба хаагчдынхаа дунд анхны гэр бүлээрээ цагдаагийн хурандаа гэдгээрээ онцлогтой юм. Тэр дундаа бусад мөрдэс зүүдэг хууль хяналтын байгууллагад ч одоохондоо нэг салбарын гэр бүлийн хурандаа ажиллаж байгаагүй нь бидний анхаарлыг татсан юм.

Гэрийн эзэн, цагдаагийн хурандаа С.Буянжаргал даргатай холбогдож энэ тухайгаа хэлэхэд “Ажлын онцлогоосоо шалтгаалаад тэр бүр хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй ч энэ сайхан албаныхаа тухай, алба хаагчдынхаа тухай цөөн хором ярилцахад болохгүй нь юу байхав. Манай албаны байр шинээр баригдах гээд түр байрандаа ороод жаахан нүүдэл суудалтай л байна. Гэхдээ бид өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан, иргэдийнхээ төдийгүй алба хаагчдынхаа тав тухтай байдлыг хангах, хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд хичээж л байна” гээд энгийн эелдэг сайхан угтлаа.

Цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба хоёр бол энэ том байгууллагын зүрх, тархи нь юм гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьдаг. Энэхүү чухал албаны бодлогыг улсын хэмжээнд барих, төлөвлөх амаргүй ажил нь өглөө 8.30 цагт эхэлдэг. Долоо хоног, сар, жилээр хэдийнээ төлөвлөгдсөн байдаг ажлынхаа шинэ өглөөг угтдаг юм байна.

Гэмт хэрэг гэдэг бол төлөвлсөнөөс ондоо, төсөөлснөөс өөр, санаснаас зөрүү юм. Ямар хэрэг гарахыг хэн ч таашгүй. Тиймээс өглөө бүрийн шуурхайгаар амар тайван, хэрэг төвөг бага байгаасай гэж алба хаагч бүхэн боддог. Хурандаа ч тэдний нэг. Шинэ өглөө бүрийг гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээ сонсож эхлүүлэн, ажил тарсан гэж амсхийж болдоггүй амаргүй давааг цагдаагийн бие бүрэлдэхүүн үүрэг, тангараг хоёртойгоо үүрч яваа нь хэлж байгаа үг болгоноос нь харагдаж байлаа.

Улсын хэмжээнд нэг хоногт ямар ямар хэрэг зөрчил гарсан, нийслэлийн хэмжээнд эрүү хэв журмын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг байнга хянадаг гэнэ. Даваа, Баасан гаригт нэгдсэн шуурхайгаар гол гол бодлогын ажлуудаа цэгцэлж, ярилцан чиг чигтээ үүрэг авч гардаг ийм л онцлогтой хүмүүс юм билээ.

Бусад өдрүүдэд албаны зохион байгуулалтуудын дагуу нөхцөл байдлын мэдээг цагдаагийн байгууллагын дотоод сүлжээгээр орж танилцан, орон нутгийн мэдээнүүдийг тухай бүрт нь үзэж, төв орон нутагт гарсан бүх хэрэгтэй холбогдуулж, мөрдөн байцаах албаны нэгж, алба ажилтнуудтай холбогддог. Өдөр тутмын мэдээнүүдтэй танилцсаны дараа албаны дарга нарт тухайн нөхцөл байдлыг танилцуулан, ЦЕГ-ын удирдлагыг мэдээллээр хангаж ажиллах гэсэн зарчмаар л үргэлжилнэ дээ гэдгийг хурандаа хэлж байв.

Дараа нь нэгжүүдийн гарсан хэрэг, илрүүлж буй хэргийн баримт, мөрдөж байгаа тоон мэдээг өдөр бүр хөдөлгөөн шийдвэрлэлтийн дор хянадаг. Энэ жил Мөрдөн байцаах алба “хүрвэл зохих түвшин шалгуур үзүүлэлт”-ээ шинэчлэн баталсан нь бид ийм хэмжээнд хүрч ажиллана гэсэн төлөвлөгөөг гаргасан гэсэн үг. Шинэ хуультай уялдуулж, нэг мөрдөгчийн ажлын шалгуур үзүүлэлтийг өдөр бүр дүгнэнэ. Эхний улирлаар хэн гэдэг мөрдөн байцаагч ажлын үзүүлэлтээрээ бусдаасаа түрүүлж явна вэ гэдэг нь тодорхой гардаг. Үүний үр дүнд манай алба хаагчид тавигдах шаардлага, үзүүлэлтийг ханган ажиллахын тулд илүү эрч хүчтэй болсон. Мөн сахилга ёс зүйн асуудал чухал тул тухайн нэгж, хэлтэс бүрт нь анхаарал хандуулж, алба хаагч бүрийг хэрхэн яаж ажиллаж байна вэ гэдгийг дүгнэдэг гэнэ. Албаны дотоод аюулгүй байдал, цагдаагийн байгууллагын эрсдэлээс хамгаалах чиглэл дээр анхаарах, Нийслэлийн прокурорын байгууллагатай харилцах, чиглэлийнхээ хүрээнд прокуророос ямар зүйл шаардаж байна, хуулийн хүрээнд болон мөрдөн байцаалт дээр ямар алдаа дутагдал байна вэ гэдэг дээр прокурорын байгууллагатай хамтарч ажиллах зэрэг ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлдэг гэнэ.

Дараа нь иргэдээс өдөр тутам цагдаагийн байгууллагын мөрдөгчтэй холбоотой санал хүсэлт юу байна вэ гэдгийг тодруулна. Иргэдийн санал хүсэлт, ажлын чанар үр дүнгийн талаар, иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалж байна вэ гэх зэрэг асуудлыг авч үзнэ. Эдгээр ажлууд тодорхой болоод ирэхээр Шуурхай хуралдаан зохион байгуулж, дүүргийн болон орон нутгийн дарга нарыг цуглуулж, онлайн хурал явуулдаг. Энэ долоо хоногийн үйл ажиллагаа ингэж явагдсан байна. Анхаарах асуудал “энэ байна шүү” гэсэн ажлын үүрэг чиглэл өгдөг гээд бидэнтэй ажил албаныхаа талаар илэн далангүй ярилцсан юм.

МӨРДӨН БАЙЦААГЧИЙН АЖИЛ МАШ НАРИЙН, ЧИМХЛҮҮР ЮМ

Мөрдөн байцаах алба, мөрдөгч хүн хуулийг ягштал сахих үүрэгтэй. Хурандаа С.Буянжаргал “Бидний шалгасан мөрдсөн хэрэг эцсийн дүндээ прокурор, шүүхэд шилждэг. Хэргийг үйлдсэн, хохирсон зэрэг бүх хүн бид нарын гараар дамждаг. Мөрдөн байцаагчийн ажил маш нарийн чимхлүүр. Үүнийг буруу хийвэл хүний эрх ашиг хохирно. Амьдралын өргөн талын мэдлэг ч шаарддаг мэргэжил. Одоо бид бүх мөрдөн байцаагч нараас онлайнаар хууль эрх зүйн мэдлэгийн сорилт тестээр авч байгаа. Байнга давтамжтай явуулна. Хуулийг ягштал мэдэж байх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Хуулийн хэрэглээг сайжруулах ёстой. Мөрдөн байцаагч хүн хуулийн өгүүлбэр, үг, цэг таслал бүрийг мэдэж байх ёстой гэсэн шаардлагын дагуу ажиллаж байна” гэж хэллээ. Ажлын цаг хамгийн эртдээ 20.00 цагт дуусдаг ч гэнэтийн хурал, гэмт хэрэг зөрчлөөс шалтгаалаад оройтох нь олонтаа. Ингээд яриад байвал Мөрдөн байцаах алба хэмээх энэ том айлын бодлого чиглэл, нэг өдрийн үйл явдлыг яриад дуусамгүй. Бид яриагаа үргэлжлүүлж, гэрт нь өнжих цагаа товлосон юм.

Бид товлосон цагтаа гэрт нь очлоо. Амралтын өдөр байсан учраас цагдаагийн хурандаа С.Буянжаргал, түүний гэргий, цагдаагийн хурандаа Ю.Бадамханд, охин Б.Жаргалсүрэн нар үдийн хоолоо идэхээр тухалж, бид ч бас зочиллоо.

Ажлын өдрүүдэд манайх өглөө 06.00 цагт босоод өглөөний цайгаа заавал уугаад ажил, сургуульдаа яардаг. Орой харьж ирэх цаг янз бүр. Харин амралтын өдөр бол гурвуулаа хамт сууж, амттай хоол идэж ярилцаж суух дуртай гэж хуучиллаа. Хурандаа С.Буянжаргал “Ээж маань одоо 70 гарч яваа сайхан буурал бий. Бага дүүгийнд маань амьдардаг болохоор амралтын өдөр урьж тухлах дуртай. Харин том хүү Б.Нямбаяр маань тусдаа амьдардаг болохоор хааяа “урилга”-аар л ирэх юм даа. Программист мэргэжилтэй. Охин минь Орос 14 дүгээр сургуульд суралцдаг, энэ жил дунд сургуулиа төгсөнө. Хэд хоногийн өмнө Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд тэнцсэн сайхан бэлэг ээж аавдаа барьж, баярлууллаа гэж баяртайгаар дуулгалаа.

Бид хоёрт охиныг бага байхад Оросын холбооны улсад суралцах сайхан боломж олдсон юм. Салбартаа бол анх удаа гэр бүлээрээ Орост суралцсан даа. Үүгээр бид бахархдаг. Тэр үед энэ их итгэл хариуцлага болсон томилолтыг бид хоёулаа онц хамгаалж ирсэн. С.Буянжаргал “Би 2009 онд Оросын Холбооны улсын Дотоод явдлын яамны удирдлагын академид суралцаж, эхнэр маань хүүхэд гэмт хэргээс болж хохирсон талаас нь судалж, докторын зэрэг хамгаалж, гурван жил болоод амжилттай төгсөж ирсэн. Ирээд бид хоёр чиглэл чиглэлээрээ ажиллаж, охиноо харин орос хэлний сургалттай сургуульд сургасан. Үүний үр дүнд охин маань өөрийн хичээл зүтгэлээр Москвад сурах болсон нь манай гэр бүлийн хувьд үнэхээр сайхан баяртай өдрүүд тохиож байна. Ийм өдрүүдэд л та нар зочиллоо доо” гэж хэллээ.

ТЭМДЭГЛЭЛТ БАЯР ЁСЛОЛООР ГЭРТЭЭ БАЙЖ ҮЗЭЭГҮЙ

Харин түүний гэргий Ю.Бадамханд ОХУ-ын Эрхүүгийн Улсын багшийн дээд сургуулийг онц төгсөж байж. Гэсэн хэдий ч тухайн үед цагдаагийн байгууллагын Хүүхдийн албанд сурган хүмүүжүүлэгч мэргэжилтэй хүнийг авч ажиллуулдаг болсныг дуулаад материалаа өгч тэнцэж, Нийслэлийн цагдаагийн газарт Эрүүгийн албаны хүүхдийн төлөөлөгчөөр томилогдон, дэслэгч цолоо гардан авч байсан нь мартахын аргагүй сайхан дурсамж гэдгийг тэрээр онцолж байв. Харин дараа нь тухайн үеийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст томилогдон, 10 гаруй жил хүүхдийн байцаагч, төлөөлөгчөөр тууштай ажиллажээ. Энэ байгууллагад томилогдон ажиллаж байхдаа ханьтайгаа танилцаж, гэр бүл болж, үр хүүхэдтэй болж, ажил амьдрал нэгтэй өдий хүртэл амьдарч, хоёулаа хурандаа болсон сайхан хувь тавиландаа их л бэлгэшээж явдгаа ярьж байв.

Хуучны хүмүүс мэдэх байх. Хурандаа Ю.Бадамхандын аав НАХЯ-ны Намын хорооны дарга, хурандаа Л.Юндэндорж гэж хүн байжээ. Ю.Бадамханд докторын ажлаа “Монгол Улсад насанд хүрээгүй хүнийг гэмт халдлагаас хамгаалах криминологийн асуудал” сэдвээр бичиж байжээ. Сэдвээ судлах хугацаанд түүний аавынх нь “Хүүхдийн тасаг байгуулаад ажиллаж байсан” гэсэн нь санаанд нь орсон гэнэ. Тэгээд архив шүүлгэж. Тэгсэн 1947 онд аавыг нь Эрүүгийн эрэн сурвалжлах албаны Хүүхдийг тасгийн даргаар томилж байсан тушаал олж үзсэн, хүүхдийн байцаагч байсан. Үүнд охин нь баяртай байдгаа дуулгасан юм.

ТӨРИЙН СҮЛДЭЭ МАГНАЙ ДЭЭРЭЭ ЗАЛДАГ САЙХАН АЛБААРАА БАХАРХДАГ

Хоёулаа цагдаагийн алба хаагч болохоор аливаа тэмдэглэлт баяр ёслолоор гэртээ хамт байж үзээгүй. Нэгдсэн арга хэмжээ, зочин гийчний хамгаалалт гээд бүхий л үйл ажиллагаануудад нэг үүрэг чиглэлтэй, тушаал авч, үүрэг гүйцэтгэдэг болохоор хамт ажилтай л байдаг гэж байлаа. Арга ч үгүй юм даа. Цагдаагийн албаны онцлог ерөөсөө л энэ аж. Харин ачааллыг дааж, бие биедээ түшиг, дэм болж, явсаар амьдралыг туулж яваа хурандаагийн гэргий Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад одоо Хууль сахиулахын Удирдлагын академийн дэд профессороор ажиллаж байна. Нөхөр нь түүнийг ер нь хүүхдийн чиглэлээр ажиллах л хүн юм. Гавьяаны амралтдаа суух үеэрээ Хүүхдийн чиглэлээ барьж авч, ажил үйлс хийгээрэй гэж хэлдэг гэдгийг нь чухалчилсан юм.

Харин Хурандаа С.Буянжаргал бага ангидаа сурлагаараа манлайлдаг, ангийн болон бүлгийн дарга байжээ. Тухайн үед зохион байгууллагддаг байсан цэрэг эх орны жагсаалын үзлэг, одоогийнхоор бол ногоон гэрэл, цагаан шугам тэмцээний жагсаалыг командалдаг байж. Цэцэрлэгт байхдаа баруун ташаандаа сэлэм зүүж, эх орны цэрэг цагдаа гэж тоглодог байсан гэнэ. Дунд сургуулиа төгсөх үеэр зах зээл эхэлчихсэн байсан. 1990-ээд оны эхээр хүүхдүүд цэргийн болон цагдаагийн сургууль руу шуурдаг байсан үе. Хурандаа С.Буянжаргал “Манай сургуулийн хөвгүүдийн 80 хувь нь цэрэг цагдаагийн сургуульд шалгалт өгч байсан. Би МУИС-ийн түүхийн ангийг сонирхож байсан ч энэ чиглэлээр сурч, ажиллахаар эр хүн биш болчих юм шиг санагдсан. (инээв) Багаасаа цэрэг, цагдаагийн жагсаал командлагчийн тэмцээнд оролцож байсан болохоор цагдаагийн сургуульд шалгалт өгсөн. Тэр үед цагдаагийн сургууль хоёр зарчмаар элсүүлдэг байв. Түргэвчилсэн хоёр жилээр төгсгөх, тусгай дунд сургалттай байхад шалгалт өгч тэнцсэн. Дээд сургуульд нь орж чадаагүйдээ жаахан сэтгэл дундуур байсан ч миний зарчимч зан цагдаагийн албатайгаа хувь тавилангаа холбох сэжүүр болсон доо. Төрийн сүлдээ магнай дээрээ залдаг сайхан албаараа бахархдаг. Би албаныхаа зарчмын асуудлуудыг хүндрэл бэрхшээл гэж огт хардаггүй. Зарим хүмүүс албаны хууль дүрэм хэрэгжүүлэх, ажлын шаардлага тавихыг буруугаар ойлгож, ханддаг. Үүнийг би харин хуулийн дагуу гүйцэтгэж, дасан зохицож, зөв бодолтой ажиллах ёстой гэж боддог” гэв.

Хурандаа С.Буянжаргалын аав, ээж хоёр нь барилгачин. Эгэл жирийн ажилчдын дунд хүү. Удамд нь цэрэг, цагдаагийн алба хаагч байгаагүй. Иймээс өөртөө маш их хариуцлагыг даах ёстой гэх зарчмыг оногдуулжээ. Нэгэнт энэ замыг туулах ёстой, шударга ажиллах хэрэгтэй гэж бодож, зорьсон бол амьдралаа авч явж, эх орныхоо төлөө зүтгэвэл зүтгэсэн шиг зүтгэх хэрэгтэй гэж боддог байжээ. Тэрээр “Надад цагдаагийн албанд ажиллах шалгуур үзүүлэлтүүд дарамттай байгаагүй. Хүнд өдрүүд байсан ч ялан дийлж, давж гарч чадсан. Манай хошууч генерал Б.Пүрэв гуай “Цагдаагийн ажил амьдрал дан сүүдэртэй талд нь явдаг. Эр хүн хийвэл хийсэн шиг хийдэг хийморьтой алба шүү” гэж байсан. Энэ үнэн үг. Хүн өөрөө хийнэ гэсэн зорилготой, сэтгэлтэй байвал болно. Анх ажлын гараагаа эхэлсэн Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хотын зүрх нь шүү дээ. Тэнд Сүхбаатар жанжны хөшөө байна. Мөн төр засгийн бүхий л үйл ажиллагаа явуулдаг газар нутаг. Тухайн үед уламжлагдаж байсан яриа бол “суръя гэвэл Сүхбаатарт оч” гэдэг байсан. Учир нь ажил их өрнөдөг газар. Маш их ажил өрнөсөн газар хүн их юм сурдаг онцлогтой. Анх Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдийн байцаагчаар томилогдсон. Зах зээлийн нийгэмд шилжчихсэн үед бага насны хүүхдүүдийн гэмт хэрэг ихэсч, бид уйгагүй тэмцэж, үр дүнг нь үзэж байсан. Сайхан ханьтай учирсан, цагдаагийн албаны анхны томилолтоо авсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэстээ эрүү, мөрдөн, хэв журам, хэрэг бүртгэх алба, төв орон нутгийн нэгжид ажиллаж байгаад 20 гаруй жилийн дараа даргаар нь томилогдон гурван жил гаруй хугацаанд ажилласандаа маш их бэлгэшээдэг. Тэндээс би Мөрдөн байцаах албаныхаа дэд даргаар томилогдож ирсэн дээ” гэж хуучиллаа.

Тэрээр 1995-2002 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдийн байцаагч, жижүүрийн шуурхай албаны мөрдөн байцаагч, эрүүгийн жинхэнэ төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Мөн 2002-2008 онд Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2008-2009 онд мөн газрын Үнэлгээ, хяналт шалгалтын хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2009 онд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. 2009-2011 онд ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академид сонсогч, 2012-2013 онд Улсын мөрдөн байцаах газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, 2013-2014 онд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх ажил эрхэлсэн дэд даргаар ажиллаж байж. 2014-2015 онд Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга, 2015-2018 онд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар тус тус ажиллажээ.

С.Буянжаргал: ОХУ-Д СУРАЛЦАЖ БАЙХАД ТУШААЛ ГАРЧ, ДЭД ХУРАНДАА ЦОЛОО АВЧ БАЙСАН

Цол гэдэг бол цагдаагийн байгууллагын алба хаагчдын бахархал. Урам зориг, эрч хүч авдаг. Хурандаа С.Буянжаргал “Цагдаагийн байгууллагын алба хаагчийн цол авах хугацаа нь болчихвол сүүлийн гурав, дөрвөн жилийн ажлын үр дүнг анхаарч үздэг, заавар журамтай. Сургууль төгсөөд дэслэгч цолыг авч байхдаа баярлаж байсан. Бүх цолоо хугацаанд нь авсан. Хамгийн их догдолж авсан цол бол дэд хурандаа цол юм. Өөрөөр хэлбэл, ОХУ-д Удирдлагын академид сурч байхдаа тушаал гараад авч байсан. Тухайн үед аавыгаа бодож, баярын нулимстай гуниглаж сууж байсан. 2002 онд аав маань бурхан болсон юм. Би 2002 онд ахмад цолтой байсан. Удирдлагын академид сурч байхдаа гэнэт “аав маань намайг ийм амжилттай явна” гэж бодож байсан болов уу. Хүү нь ОХУ-д сурч, дэд хурандаа цол авчихлаа шүү дээ гэж бодогдсон юм. Намайг дэслэгч болоход л том цэргийн хүн болчихлоо гэж ярьдаг байсан. Алс хүний нутагт байгаа хүн улам зөөлөн элгэмсүү болдог юм билээ” гэж байлаа.

Харин түүний гэргий “Миний хувьд дэслэгч цол авч байсан минь санаанаас огт гардаггүй. Цагдаагийн байгууллагын Эрүүгийн албанд хүүхдийн төлөөлөгчөөр томилогдоно гэдэг хэр баргийн хүнд тохиох хувь биш байх. НАХЯ-ны сайдаас дэслэгч цол гардаж авч байсан. Цол болгон сайхан. Дараа нь хошууч цолыг олон жил зүүсэн. Ингээд дэд хурандаа цолыг зэрэг дэв дээгүүр авсандаа маш их баярлаж байсан. Хурандаа цолыг авахад маш их сайхан санагдаж байсан. Аав маань хурандаа, хурандаагийн гэргий байна гэдэг том аз завшаан. Манай нөхөр эхэлж хурандаа цолоо авсан. Дараа нь би авсан. Хоёулаа хурандаа цол авсан учраас ярилцаад хамтдаа тэмдэглэсэн. Хамт олноос маань Монголын анхны хурандаа гэр бүл гээд олон сайхан урмын үг хэлсэн. Эрхэлж байгаа ажилдаа дуртай, зөв сэтгэлтэй, төрийн албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, шантрахгүй, унтрахгүй байвал бүх зүйл аяндаа сайхан бүтнэ гэж бодож, үүнийгээ зарчим болгон ажилладаг нэг гэр бүлийн хоёр хурандаа маань гэр бүлийн үнэ цэнэ гэдэг бол бие биенийгээ сайн ойлгох гэдгийг нэгэн зэрэг хэлсэн юм.

Ямар ч тохиолдолд хүлээцтэй хандаж, гэр бүлийн хүмүүжил, боловсролыг дээдлэн, амьдарвал буцаад таны үр хүүхэд зөв хүмүүжлээр өсөн торниж, ирээдүйд үнэ цэнэтэй сайхан амьдарна. Өвөг дээдэс, удам судар ээж ааваараа бахархаж хүндлэх ёстой гэж боддог. Хоёр талын аав, ээжүүд минь шударга, зарчимч хүмүүс. Хийвэл хийсэн шиг хий гэдэг байсан. Харин цагдаагийн байгууллагын удирдагч хүн ямар байх ёстой вэ гэсэн асуултад Хурандаа С.Буянжаргал “Бид нийгэм, цаг үеэсээ ч байнга суралцаж, хөгжиж байх ёстой. Би ОХУ-д Удирдлагын академийн чиглэлээр суралцах хугацаандаа энэ олон сая хүн амтай газар яаж дэг журмыг сахиулж байна вэ гэдгийг ажигласан. Гол зохион байгуулалт нь ерөөсөө л сахилга бат юм билээ. Удирдах албан тушаалтан муу зуршлаасаа салж, өөрийгөө хөгжүүлэх үе шатнаас огтхон ч хоцорч болохгүй. Мэдэхийн төлөө явж, ажлаа сайн мэддэг байх ёстой. Манлайллыг өөрөөсөө эхлүүлж, ажилдаа чин сэтгэл гаргахыг хичээдэг дээ” гэж хариуллаа.

Жирийн сайхан монгол хоол цайгаараа хооллож, аль болох амьдралын зөв хэмнэлийг эрхэмлэн, цаг зав гарвал амралтын өдрөөр ойрхон ч болов салхинд гарч, ил задгай гал дээр өөрийн гарын хоол зоог, мах шарж, гэр бүл найз нөхдөө дайлах дуртай энгийн нэг аав, эгэл жирийн эр хүн бол хурандаа С.Буянжаргал. Тэрээр хэдийгээр цаг зав бага, ажил ихтэй байдаг ч аль болох эхнэр хүүхдийнхээ төрсөн өдөр, тэмдэглэлт сайхан үйл явдалд нь баяр хүргэж, баярлуулахыг хичээдэг гэнэ. Харин гэргий Ю.Бадамханд “Гэр бүлээрээ байх л хамгийн сайхан. Амралтын өдрөөр хамтдаа хооллоод, салхинд гарах сайхан даа” гэж хуучилсан юм.

Нийгэмд шуугиан тарьж байсан олон хэргүүд дээр хамтарч ажиллаж байсан ажлын хэсгийнхэн, цагдаагийн байгууллагын үе үеийн сайн удирдлага, хамт олон, удирдлагынхаа алба хаагчдадаа талархаж явдаг тухайгаа ч ярилаа. Аргагүй л оюун билгийн орд цагаан өргөөгөө сүндэрлүүлж, олон түмнийхээ бахархал болсон хос хурандаа маань ард иргэдийнхээ амар амгаланг сахиулах ариун үйлсдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж, эрдэм билгийг дээдлэн, эцэг эхээ хүндлэн, үр хүүхдээ эх орныхоо тулах багана болгон өсгөн хүмүүжүүлсэн эрхэм хүмүүс байлаа.


Categories
мэдээ цаг-үе

Ю.Үнэнбүрэн: Энэ байдлаараа арван жилийн дараа хурдан морь унах хүүхэдгүй болно байх

“Арвагар хээр” уяачдын холбооны тэргүүн Ю.Үнэнбүрэнтэй ярилцлаа.


-Морин уралдааны орчин дахь хамгийн сүүлийн үеийн дуулиан шуугиантай үйл явдал бол Дүнжингаравын уралдаан байлаа. Хурдан морины орчинд байдаг хүний хувьд юу гэж дүгнэж байна?

-Хурдан морины уралдаан бол өвөг дээдсээс үндэсний гэж тодотгож ирсэн баяр. Энэ баярыг үзээгүй, мэддэггүй, аав ээж нь морьтой холбоогүй байсан нэг ч монгол хүн байхгүй. Энэ утгаараа монголчууд бөх, морь гэхэд нүд нь сэргэж баярладаг ард түмэн. Гэтэл сүүлийн үед бодитойгоор дүгнэлт хиймээр юм олон болжээ. Нэгдүгээрт уяачид эрлийз, монгол морь гэх зэргээр хоёр талцаж байна. Мөн уяачдын холбооны бодлого зөв, буруу явж байгааг дүгнэхээ больж. Үүнээс гадна морь уралдахад нэг талд алуурчид, нөгөө талд нь хүүхэд хамгаалдаг энэрэнгүй үйлстэнгүүд байгаа юм шиг болсон байна. Монгол Улсын тод манлай уяач цол авсан, олон жил Монголын соёлын төлөө зүтгэсэн хүмүүсийн ярьж байгаа ганц сэдэв нь л хурдан морь уралдуулах тухай яриа болчихож. Морио тариа хийгээд ч хамаагүй хурдлуулж наадмын түрүү авч цол хүртэх тухай л ярьцгаадаг болж. Үүнийг дагаад залуу уяачид энэ хэлбэр рүү орчихсон. Энэ дунд нэг насаараа морины төлөө зүтгэсэн доктор, профессорууд морины хөгжил төлөвшлийн талаар юу ч ярихгүй байна. Энэ л бидний хамгийн том алдаа. Жишээ нь, хурдан мориор улс төрийнхөн лобби хийж сонгогдож байна. 100 сая төгрөгөөр сэтгүүл хийж тарааж байснаас, хурдан морь худалдаж аваад наадамд нь айрагдуулчихвал амархан алдаршиж олонд танигдаж байна. Гэхдээ хөрөнгө оруулалт зөвөөр хийгдэж байсан учраас буруу нь ч юу байхав.

-Хурдан морины уралдаанд яг бодитой алдаа юу байна?

-Хүмүүс үндэснийхээ соёлыг дэмжээд эхлэх цаг үед нь хоёр аюултай зүйл гарч ирсний эхнийх нь хууль. 2003 онд үндэсний баяр наадмын хууль гарч ирээд “Засгийн газрын тогтоолтой уралдаан болон улсын их баяр наадамд тэдэн айраг түрүү авбал тийм алдарт уяач болно” гэх мэт амьдрал дундаас урган гараагүй, хэн нэгэн өөрийнхөө эрх ашигт тааруулсан хууль баталснаас бүх юм эхэлсэн. Тиймээс хууль эрх зүйн орчин буруу явсан нь том алдаа. Жишээ нь үндэсний бөх зөвхөн төрийн наадмын даваагаар л цол олгодог. Гэтэл хурдан морь болохоор улсын баяр наадам, зургаа долоон бүсийн уралдаанд түрүүлбэл цол олгодог болоод байгаа юм. Зөвхөн төрийн баяр наадамд л цол олгож байсан бол нэг жилд 30 хүн улсын алдарт цол авах боломжтой. Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдааныг хамаад оруулаад ирэхээр жилд 240 хүн цол авах боломж бүрдээд байгаа юм. Тэр 240 хүнийг тооны хойноос уралддаг болгож байгаа юм л даа. Өнөөдөр алдар цол аваад бахархуулах, хүндлүүлэх юм байхгүй болчихлоо. Монгол Улсын тод манлай уяач гэхэд 40,50 байна. Гэтэл үндэсний бөхөд дархан аварга цолтон гарын таван хуруунд багтахаар байгаа биз дээ. Тэгэхлээр Тод манлай уяач болж байгаа болзлуудыг эргэж харах шаардлага гарч ирж байна. Д.Даваахүү гуайг ярихад 61 жилийн морины түүх ярина. Гэтэл мөнгөтэй нөхөр сайн морь худалдаж авч, хүнээр уяулаад гурван жилийн дотор энэ цолыг авч байна шүү дээ. Адуун дээрээ ч цөөхөн очдог нэг нөхөр л ийм шагнал худалдаж аваад байна. Дээрээс нь нэг хууль бус үйлдэл нь эрлийз нас уралдуулж байгаа явдал. Баяр наадмын тухай хуулинд зургаан насны морь уралдуулна гэж заасан. Гэтэл наадмаар үндсэн зургаан насан дээр нэмж эрлийз гурван нас уралдуулж цол олгож байгаа нь хууль бус. Яагаад цол олгоод байгааг нь судлаад үзэхэд баяр наадмыг зохион байгуулах хороо нэг журам гаргасан байдаг юм байна лээ. Тэр журман дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурж цол олгож байгаа нь буруудаад байна. Энэ бүгдийг зөв голдрилд оруулья гэвэл баяр наадмын тухай хууль шударга, уяачийн гаргасан амжилтыг зөвөөр үнэлдэг байх явдал. Алдарт уяач болж байгаа хүний хамгийн эхний шалгуур нь уралдуулж цол авсан адууных нь 50 хувь нь өөрийнх нь унаган адуу байх ёстой гэдэг ч юм уу. Мэдээж тэр хүн заавал азарга адуутай байгаа. Тиймээс унаган адуугаараа улсад уралдахын тулд сүргийнхээ бүтцийг сайжруулна. Өөрийн унаган адуугаараа уралдаж айрагдахад уяач илүү сэтгэл ханамж авна. Энэ нь монголын уламжлалт үндсэн систем рүү хөтлөх юм л даа. Өнөөдөр ийм нарийн заалт байхгүй байгаа учраас элдэв аргаар цол авсан хүмүүс нийгэмд морин уралдааныг муухай харагдуулж байна. Дараагийн асуудал нь эрлийз адуу. Энэ нь ард түмнийг талцуулж үзэгчдийг байхгүй болгож байна. Эрлийз адууг тухайн үед оруулж байхад нь Монголын морин спорт уяачдын холбоо шинэ цагийн монгол адуу гэж өөрсдөө нэр өгөөд дэвэргэж давхиулж байхын оронд оруулж ирж байгаа хэдхэн тооны хүмүүсийн азаргыг нь бүртгэлжүүлээд, эрдэм шинжилгээний ажил хийлгээд явсан бол өөр хэлбэрт орох байсан. Өнөөдөр наадмаар эрлийз адуу түрүүлвэл мөнгөтэй хүний эсвэл Улсын Их хурлын гишүүнийх байдаг. Сүүлдээ нэг овооны наадам болсон ч өндөр адуу очоод түрүүлчихдэг. Дараа нь энэ нөхөр эрлийз уралдууллаа гээд хоорондоо хэрэлддэг. Үүнээс харахад ард түмэн шударга уралдааныг хүсээд байна шүү дээ. Нэг гараан дээр нэг стандартын адуугаар өрсөлдөхийг хүсээд байна. Дэлхийн стандарт ч ийм байдаг. Гэтэл манай зарим нэг мөнгөтэй хүмүүс “Энэ хэдэн уяачийг дээрэлхэж л байвал” гэсэн шиг эрлийз адуу уралдуулаад байдаг. Эхнээсээ хэцүү юм хийсэн хүмүүс шүү дээ. Монгол төрийн наадамд гадны цэвэр араб адууг хэдэн монгол адуутайгаа уралдуулаад л түрүүлэхэд нь цоллоод байсан хүмүүс. Гэхдээ мэдээж эрлийз адуутай хүмүүсийг бүр хориглож болохгүй. Энэ хүмүүс өөрсдөө бодлоготойгоор эрлийзжүүлж, сайн адуу гаргах хэрэгтэй. Тэрийг нь ямар уралдаанд уралдах шийдвэрийг эзэн нь биш төр юм уу, уяачдын холбоо гаргах цаг болсон байна. Харин монгол төрийн наадамд монгол адуу л уралдаг. Монгол адуугаа харж монголын ард түмэн сэтгэлийн цэнгэл эдлэг. Саяны Дүнжингаравыг дүгнээд хэлэхэд нэг талаасаа эрлийз адуунд хэтэрхий их мөнгө зараад, хэтэрхий их эрлийзтэй болсон хүмүүс үржүүлсэн адуугаа зарах зах зээлээ болгосон. Дүнжингаравт түрүүлүүлж хурдан гэдгийг нь батлах ёстой. Нөгөө талаас монгол адууны уяачид зөвшөөрөхгүй байсан зөрчил туйлдаа хүрээд л ийм зүйл болж байна.

-Монгол адууны үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр зэргийг яаж таних вэ?

-Хүн болгон л энэ шалтгаанаар ам таглаад байна. Гэтэл үүнийг өнөөдөр шинжлэх ухаан дээр тулгуурлаж ялгах ёстой. Нэг өндөр монгол адуу хөтлөөд ирэхэд нь хасаад байвал монгол морины уяач хохирч байна. Морь зохион байгуулах хорооныхонд итгээд явах боломжгүй шүү дээ. Яагаад гэвэл тэр хүмүүсийн чинь ах нь, найз нь эрлийз морь мордуулавал яахав. Өнөөдөр бид адууны үс, цусаар нь шинжлээд ялгаж болно. Үүнд чинь ДНК нь хадгалагдаж байдаг. 1976 онд монгол эрдэмтэд үсээр нь шинжлээд баталчихсан шинжлэх ухааны бүтээлүүд байна. Үүнийг нь бид нар ашигладаггүй. Үүнийг томчууд ашиглахаас татгалзаад байгаа нь их сонирхол татдаг юм. Солонгост манайхтай ойролцоо юм болж л дээ. Англи адууг нутагшуулаад дундаас нь гарсан адууг хала адуу гээд нэрлэчихэж. Өнөө хала адуу чинь нутгийнхаа үндсэн адуутай уралдахад хол тасархай түрүүлээд байдаг. Тэгэхэд нь Солонгос эрдэмтэд судалгаа хийгээд Солонгос адууны цусыг шинжлээд стандартыг нь тогтоочихсон юм байна лээ. Дараагаар нь манайд тэдэн адуу байна, тэр нь Англи адуу, тэдэн хувь нь хала адуу гээд үнэмлэхжүүлсэн байна лээ. Тэгэхлээр хала нь халатайгаа, үндсэн чежү адуу нь хоорондоо уралдаад маргаан цэгцэрсэн юм билээ. Энэ судалгаан дээр манай Монголын эрдэмтэн Баатарцогт гэж залуу хамтарч ажилласан байна. Энэ сарын 18-нд энэ судалгааг ахалж хийсэн эрдэмтэн нь Монголд ирж байгаа. Бид уриад ийм шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ялгаж болох талаар сургалт зохион байгуулаад удирдах албан тушаалтнуудад ойлгуулмаар байна. Ингэвэл Монгол адуу 100 хувь эрлийз болоогүй учраас зохион байгуулалттай, хатуу хяналттай комисс гаргаж нутаг, нутгаас адуу, адууны дээжийг авчирч цусыг нь шинжилж стандарт тогтоох хэрэгтэй. Дорнод, Сүхбаатар чигээр хэтэрхий эрлийз болсон учраас хэцүү. Тэгэхлээр Өвөрхангай, Булган аймгаас ч юм уу адуу авчирч стандарт тогтоох хэрэгтэй. Хувь хүн үүнийг хийгээд явахад зардал өндөр гарах учраас төр өөрөө дэмжиж шийдмээр байна. Үүнийг далимдуулаад цусыг шинжилж дээжийг нь гаргаж ирсэн хүн чипийн системийг дэлгэрүүлэх хэрэгтэй. Чипенд нь тэрний тийм монгол адуу, тийм наадамд тэгж наадаж байсан гээд мэдээллүүдийг нь суулгаад өгчих хэрэгтэй. Энэ чинь ердөө л 20-30 мянган адууны л асуудал байхгүй юу. Энэ ажлыг хэрэгжүүлбэл улсын баяр наадамд морь барихад будилдаг бүх асуудал цэгцэрнэ. Зүгээр бар код бариан дээр уншуулаад л бүртгэл нь компьютер дээр гараад ирнэ. Яг л олон улсын уралдаан шиг болно гэсэн үг л дээ. Ийм ажлыг нэвтрүүлэх цаг аль хэдийнээ болсон. Ийм зүйл дэлхийн шинжлэх ухаанд нэвтэрчихсэн.

-Баатарцогт гэж эрдэмтэн монгол адуун дээр энэ судалгааг хэр хийсэн хүн бэ?

-Одоо бид хамтарч хэсэг монгол адуунд туршиж үзэхээр бэлдэж байна. Энэ туршилт амжилттай болбол монгол адуугаа тодорхойлж өгнө. Үүн дээр тулгуурлаж төр засаг үндэсний наадмыг, үндэснийхээр нь хийнэ. Ард түмэн наадаад олон мянган жилийг элээж ирсэн юм байдгаараа байг. Эрлийз адуунууд өдөр болгон уралддаг тойргийн асуудлыг яаралтай шийдэж, бооцоот тоглоомыг нь зохицуулаад өгөх хэрэгтэй. Одоо бид санхүү босгохын тулд уяачдаасаа мөнгө босгодог асуудал хуулийн хүрээнд ярихад бооцоот болж хувираад байгаа. Бооцоот тоглоомынх нь хууль өнөөдөр манайд байхгүй. Төр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр монгол адууны стандартыг тогтоож лабораторио байгуулж, чипийн системийг нэвтрүүлээд энэ соёлоо авч үлдэж болно шүү дээ. Нөгөө талд нь монгол адуутай улс нь цол зэргийнхээ төлөө уралдаад л алдарт, манлайгаа аваад л яваг л дээ. Эрлийз нь бооцоогоо тавьж уралдаад л олон улсын системрүү орж болно. Өдөр болгон ч хамаагүй уралдаж болно. Монголчууд морь үзэх дуртай, ирээд л үзнэ. Манай Максын Ганбаатар энэ жил тойруулга ашиглалтад оруулах гэж байгаа юм байна лээ. Ийм гаргалгаануудыг бид өнөөдөр харах ёстой. Энэ дунд уяачийн ёс зүй гэж асуудал байхгүй болчихлоо. Тав зургаахан жилийн өмнө наадам дээр түрүүлсэн мориныхоо хурдыг нь гайхаад уяачид нэгэндээ баяр хүргээд, амжилт хүсээд салдаг байсан. Өнөөдөр аймаг, сум, овооны наадам дээр ч мөнхийн хэрүүл зодоон. Шалтгаан нь эрлийз, монгол адуу. Сүүлдээ бие, биенийхээ амь насанд заналхийлж байна. Сайхан монгол уяачдын ёс зүй газарт унаад байна. Үүнийг монгол хэвээр нь авч үлдэхэд шинжлэх ухаанчаар хандахаас өөр арга байхгүй. Угаасаа сайн адуу хэнд байгааг нь мэддэг болчихлоо. Сайн адуу яаж гаргах ухаанаа ойлгодог болчихлоо. Одоо бие биедээ хүндэтгэлтэй хандаад эрлийз адуутай хүмүүс ухамсартай байж монгол адуутай уралдуулахаа болимоор байна. Энэ шинжлэх ухаанч бүтээлийг хэрэгжтэл хоёр жил орчим л болох биз. Энэ хугацаанд л манай уяачид уужуу, хүлээцтэй байвал ямарч асуудал гарахгүй.

-Хурдан морь унаач хүүхдийн асуудал байна. Зарим хүмүүс насанд хүрсэн хүнээр унуулах тухай ярьж байна?

-Ер нь энэ хэвээрээ яваад байвал 10-15 жилийн дараа морь унах хүүхэдгүй болно. Намайг бага байхад нэг морийг унах гэж таван хүүхэд хоорондоо өрсөлддөг байлаа. Тэгээд хэн сайн нь унадаг. Тааруу нь уйлаад хоцордог. Харин өнөөдөр таван адуун дээр нэг хүүхэд л үлдсэн байна. 2003 онд судалгаа явуулахад 30 мянга гаруй унаач хүүхэд тоологдсон бол өнөөдөр 10 мянга болсон байна. Одоо таван мянга, гурван мянга болно. Энэ тоо том сонсогдож байгаа ч 21 аймаг, 360 суманд хуваахад юу ч биш болж байгаа. Тэгэхлээр төрийн наадамд тав зургаахан морь уралдах гээд байна. Үүн дээр хүүхдийн төлөө байгууллага дөрөөлөөд зарим зүйл дээр арай буруу хандаад байна. Ямар нэг улс өөрийнхөө соёлыг зөв хадгалж байгаа тохиолдолд л оршин тогтоно шүү дээ. Бид өөрийнхөө соёлоо устгачихвал, ямар нэг үндэстэнд уусаад л алга болно. Энэ ч олон зүйл дээр харагддаг. Жишээлбэл, одоогоос 10 жилийн өмнө соёолон гараанаас гарахад Улаанбаатар хот хоосроод бүгд Хүй долоон худаг явдаг байсан. Өнөөдөр тэнд соёолон уралдахад хот түгжрээтэй хэвээрээ л байна. Залуучууд нь Туул гол дээрээ шар айраг уугаад сууж байна. Өнөөдөр морь уралдуулна гэхлээр хөдөөний малчны хийдэг ажил шиг хүлээж авч байна. Хотоос бол морь унадаг хүүхэд гэж ч байхгүй шүү дээ. Морь унаж соёлыг тээж байгаа хүүхдүүдийг буруутгах биш хүүхдийн төлөө байгууллага, төр засаг харин ч унаач хүүхдүүдэд гоц анхаарал тавимаар байна.

-Ирэх тавдугаар сард уяачдын холбооны долдугаар хурал болох гэж байна. Энэ хурлаас та ямар шийдэл хүлээж байна вэ?

-Монголын морин спорт уяачдын холбоонд мэдлэг боловсролтой олон хүмүүс байгаа. Урьдын хурлууд бол аймаг аймгаас таван хүн нэр цохогдож ирээд маазарч байгаад тардаг байлаа. Энэ удаагийн их хурал ажил хэрэгч хурал байх ёстой. Учир нь бид энэ өв соёлоо төр засагт, ард түмэнд яаж ойлгуулахав гээд тулгамдсан асуудал өмнө ирлээ. Бид маш зөв гарц олох хэрэгтэй. Хуралд 331 сумаас нэг нэг төлөөлөгч заавал ирэх шаардлагатай. Сум бүр хуралдаж тулгамдсан асуудлаа хэлэлцэж илэрхийлж чадах ганц төлөөлөгчөө илгээх хэрэгтэй. Үнэхээр зардал мөнгө болдоггүй бол аймгийн уяачдын холбоо хариуцмаар байна. Ийм өргөн хэмжээнд хуралдаж жинтэй шийдвэр гаргах хэрэгтэй.

О.ДАШНЯМ