Categories
мэдээ нийгэм

Аялал жуулчлалын ажилтан бэлтгэхэд БНСУ-тай хамтрана

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат БНСУ-ын аялал жуулчлалын корпорацийн Улаанбаатар төлөөлөгчийн газрын Захирал Пак Жон Үн, Дунг-А их сургуулийн багийн ахлагч Хуан болон бусад судлаач, профессоруудийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ нь 2017 оны тавдугаар сарын БНСУ -ын аялал жуулчлалын корпорацитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Аялал жуулчлалын сургалтын төв байгуулж хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр төслийг боловсруулаад байна.

Тухайн төслийн зорилго нь аялал жуулчлалын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, аяллын бүтээгдэхүүний нэр төрөл, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын менежментийг сайжруулах, аялал жуулчлалын хүний нөөцийн хөгжлийн хангах, салбарт ажиллагсадын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Уг зорилтуудыг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, салбарын мэргэжилтэй мэргэшсэн боловсон хүчин, ур чадвартай ажилтнаар хангагдаж, улмаар аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хүртээмж, чанарын түвшин дээшилж аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжих нөхцөл бүрдэх юм. Уг төсөл нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хийгдэх зээл тусламжаар бус хөгжлийн албан ёсны тусламжаар байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд санхүүжилтийг шийдэх бөгөөд эцсийн шийд БНСУ–ын төлөвлөлт, санхүүгийн яаманд 5 дугаар сард танилцуулагдаж шийдэгдэх болно.

Categories
мэдээ утга-зоxиол

Номонд дурлагсдын өдөр

Дэлхийн номын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг ном унших дуртай хүмүүс тэсэн ядан хүлээдэг нь дамжиггүй. Дэлхийн номын өдрийг тохиолдуулан “Интерном” их дэлгүүрийн Улаанбаатар хот дахь бүх салбар дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн гурван өдрийн турш бүх номоо 10-60 хувь хямдруулан худалдаалж байна.Хямдралтай худалдаа өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ныг дуустал үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын бүх салбаруудаас гадна www.internom.mn онлайн номын дэлгүүрээс та хүссэн номоо хямдралтай үнээр нь худалдан авах боломжтой.

Энэ талаар Интерном их дэлгүүрийн маркетингийн менежер Л.Энхсайханаас тодруулахад: “Дэлхийн номын өдрийг 1995 оноос эхлэн дэлхий даяар тэмдэглэж эхэлсэн. Манай улсын хувьд өнгөрсөн жилээс номын дэлгүүр, хэвлэлийн газрууд харьцангуй өргөн хүрээнд тэмдэглэж байна. Тодруулбал өнгөрсөн жилийн энэ өдөр Интерном номын дэлгүүр мөн 10-80 хувийн хямдралтай худалдаалсан. Харин энэ жил бусад номын дэлгүүр, хэвлэлийн газрууд ч энэ үйл ажиллагаанд нэгдэж эхэлсэн нь бидний хувьд төдийгүй уншигчдын маань хувьд ч талархууштай үйл явдал болж байна. Мөн удахгүй бид уншигчдадаа зориулан уран зохиолын холбогдолтой болон хүүхэд залуусыг номонд дуртай болгох, уншсан номоо ярилцдаг болгох зорилгоор олон ажлыг төлөвлөн ажиллаж байна” гэсэн юм.

Уншигчдын дунд уран зохиол, хувь хүний хөгжил, хүүхдийн номууд хамгийн их эрэлттэй байдаг ажээ. https://www.internom.mn/бидний-тухай/манай-дэлгүүрүүд холбоосоор Интерном дэлгүүрийн хямдарсан номын талаарх мэдээллийг авч болно.

“Аз хур” номын дэлгүүр 20-30 хувийн хямдрал зарласан байна. Энэ талаар “Аз хур” номын дэлгүүрийн худалдагч Э.Мөнхтуяа ярихдаа:

-“Дэлгүүр маань 21-23-нийг дуустал гурван өдөр хямдрал зарласан. Тухайн өдрүүдэд хүмүүсийн худалдан авалт их байгаа. Ер нь бол уран зохиол, хүүхдийн номын худалдан авалт их байдаг. Дэлхийн номын өдөрт зориулан манай төв салбар өдөрлөг зохиож, бүх салбар дэлгүүрүүдийнхээ номыг хямдруулсан. Төв салбараас дэлгэрэнгүй мэдээлэл, өдөрлөгт оролцож сонирхож болох юм” гэж хэмээн ярив.

Харин дэлхийн номын өдөр хувиараа бизнес эрхэлдэг, гар дээрээс ном зардаг худалдаачин хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг тодруулав.

Хувиараа ном зардаг Г.Лувсанжамцын ярианаас:

-“Ер нь хүмүүс ном худалдан авах нь муудсан. Социализмийн үеийг бодвол уншихаа больсон. Голдуу уран зохиолын ном л авдаг даа. Би номоо хувь хүнээс аваад ашгийн хэдэн хувь нэмээд, том номын дэлгүүрүүдээс хамаагүй хямд зардаг. Гэвч хүмүүсийн ном унших сонирхол, худалдан авах идэвх муу байдаг” хэмээлээ.

“Интерном” их дэлгүүрийн үйлчлүүлэгч ном сонирхогч С.Цэрэнхүү ярихдаа:

-“Би ном унших их дуртай. Дэлхийн номын өдрөөр номын дэлгүүрүүд хямдрал зарласан гэдгийг олж мэдээд, өөрийн авч уншина гэж бодсон номнуудаа жагсааж бичээд гарч ирлээ. Ганц нэг ном нь олдсонгүй. Ихэнхийг нь олж авсандаа баяртай байна. Ер нь иймэрхүү арга хэмжээ их болж байвал номонд дуртай над шиг хүнд их хэрэгтэй. Би сая зорьж байсан есөн номноосоо долоог нь авлаа. Үүнд шинжлэх ухаан, уран зохиолын ном бий. Бас хүүхдүүддээ зориулж ном авсан” гэж ярьсан юм.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм

Мал төллөлт 96,6 хувьтай байна

Усны шувууд ганганан дуугарсаар нутгийн нуурандаа чуулах арайхан болоогүй ч урь унаж, жаврын үзүүр хэдий нь цаашилжээ. Ирж яваа цагийн урь амсаж, малчны хотонд төлийн дуу цангинаж байна.

Улсын хэмжээнд энэ оны эхний 28.2 сая хээлтэгчийн 35.0 хувь буюу 10 сая 21.7 мянган эх мал төллөж 9 сая 620.7 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 96.6 хувьтай байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.6 саяар нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан” маргааш эхэлнэ

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг зохион байгуулах юм.

Тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан” маргааш буюу 2018 оны 04 дүгээр сарын 24-нд Туушин зочид буудалд эхэлнэ.

Хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг оролцогч улс орнуудтай хуваалцах, бүсийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгарч буй асуудлууд, түүний явц, ололт амжилтын талаар нэгдсэн хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.

Мөн ирэх 7-р сад Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар танилцуулга хийхээс гадна тус хурлаас батлагдан гарах “Улаанбаатарын тунхаглал” баримт бичиг, “Азийн бүсийн 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний талаар хэлэлцэж, санал солилцоно.

Хуралдаанд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 16 улс, олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон олон улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг 19 олон улсын байгууллагаас нийт 120 гаруй төлөөлөгч оролцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Баянгол эмнэлгийн орны тоогоор олон улсын стандарт хангасан анхны жишиг дүүрэг болсон

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа мэдээлэл хийв.

Баянгол дүүрэг нь засаг захиргааны нэгжийн хувьд 23 хороотой, 58756 өрх, 221384 хүн амтай. Нийт өрхийн 78.4 хувь нь орон сууцны хороололд, 21.6 хувь нь гэр хороололд амьдарч байна. Тус дүүрэг өнгөрсөн онд улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 43.826.40 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн аж. Голлох бүтээн байгуулалт эрүүл мэнд, нийгэм, боловсролын салбарт хийгдсэн гэдгийг дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хэлж байлаа. Мөн тэрбээр “Баянгол дүүрэг эрүүл мэндийн салбарын асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилтын хүрээнд өнгөрсөн 5 жилд том, жижиг нийлсэн 13 эмнэлгийг ашиглалтад оруулж, Баянгол дүүргийн хүн амын тоонд харьцуулсан эмнэлгийн орны тоогоор олон улсын стандарт хангасан анхны жишиг дүүрэг болсон” гэдгийг тодотгож байв. Дүүргийн иргэд олон нийт рүү хандсан олон ажил арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд гуравдугаар сараас эхлэн “Зуун мянган цэцэг” аян эхлүүлсэн байна.

Тус дүүрэгт хэрэгжүүлсэн нэг үр дүнтэй ажил нь иргэдийн гомдол, мэдээллийн дагуу газар дээр нь очиж ажилладаг “Шуурхай баг”-ийг бий болгосон явдал аж. Уг шуурхай багт хорооны Засаг дарга, дүүргийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаа, дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс гээд асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий албан тушаалтнууд багтдаг байна. Нийтийн эрх ашиг хөндөгдсөн, олон нийтийн анхаарлыг татаж байгаа, оршин суугчдын эрх ашиг хөндөгдсөн газрын маргаан зэрэг асуудлыг шуурхай баг газар дээр нь очиж шийдвэрлэдэг аж. Түүнчлэн технологийн дэвшилтийг ашиглан дүүргийн Засаг даргын үндсэн болон дэргэдэх бүх хэлтэс, албадын дарга нар нэгдэн орсон “Дүүргийн шуурхай групп” бий болгон ажиллаж байгаа юм байна. Аливаа асуудал үүсэхэд цаг алдалгүй шийдвэрлэж, дараагийн ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлэхэд цаг алдахгүй сайн талтай гэдгийг дүүргийн Засаг дарга мэдээлэлдээ онцлон тэмдэглэсэн юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

“Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эцэслэх ёстой”

УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцжээ. “Эцэг” хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж байгаа. Тэрээр энэ талаар бүлэгтээ мэдээлэл өгчээ.

Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

– Нэгэнт Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэлбэл УИХ бусад асуудлыг хэлэлцэхгүй шүү дээ. Энэ удаагийн чуулганы хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж амжих болов уу?

-Бүлгийн хурлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ажлын хэсгийн явц ямар байгаатай танилцсан. Гишүүдийн олонх нь энэ удаагийн чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, эцэслэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Тиймээс ажлын хэсгийн хүрээнд яригдаж байгаа төслөө УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулна. Мөн бусад улс төрийн намууд, холбогдох хүмүүстэй зөвшилцсөний дараа эцсийн хувилбар дээр тохиролцож чадвал энэ жилдээ багтааж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзсэн.

Ажлын хэсгийн хүрээнд нийт 300 гаруй мянган саналыг нэгтгэж, гол зүйлүүдийг нэгтгэх, зарим хэсэг томъёолол гаргаж танилцууллаа. Энэ зөвхөн ажлын хэсгийн хүрээнд яригдаж байгаа зүйл гэдгийг хэлэх ёстой. Цаашид олон нийтийн саналыг тусгах, томъёоллоо хасах, иргэдийн зүгээс ямар санал гарах вэ гэдгийг нухацтай судлах шаардлага бий.

-Танай намын зарим гишүүн Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой гэсэн саналыг гаргаж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд бүлэг байр сууриа нэгтгэж чадах уу?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд засаглалын хэлбэрээ тодорхой болгох ёстой. Түүн дотор парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох уу, парламентаас сонгох уу, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд өөрчлөлт оруулах ёстой гэх мэт олон санал гарч байгаа. Мэдээж, өнөөдөр эцсийн тохиролцоо хийгдээгүй зөвхөн ажлын хэсгийн түвшинд яригдсан. Төсөл яригдах үед МАН-ын бүлэг энэ олон асуудал дээр нэг байр суурьт саналаа нэгтгэнэ.

-Ардчилсан намын бүлэг Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг хөндлөө. Энэ асуудалд бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Хоёр сайдыг огцруулах тухай асуудлыг сонсоогүй. Ардчилсан нам ямар үндэслэлээр ийм асуудал тавьж байгааг мэдэхгүй байна.

-“Оюутолгой”-н гэрээг шалгах ажлын хэсэг бүлэгт урьдчилсан байдлаар мэдээлэл өгсөн үү?

-“Оюутолгой”-н гэрээг шалгах ажлын хэсэг бүлэгт мэдээлэл хийгээгүй байна. Оюутолгойн гэрээг байгуулснаар Монгол Улсын зовлон бий болоогүй, улс төр эдийн засгийн буруу бодлогын үр дүнд бий болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Оюутолгойн гэрээг байгуулснаар Монголын эдийн засаг 2-3 дахин тэлсэн нь гарцаагүй үнэн. Оюутолгойтой холбоотой хүнийг хуулийн дагуу шалгаж, олон нийтэд үнэн зөв мэдээллийг хуулийн байгууллага өгөх хэрэгтэй. Монголын эдийн засгийг урагш нь чирч байгаа томоохон үйлдвэр, компаниуд руу дайрсан олон нийтийг талцуулсан дайралт эрс нэмэгдэж байна. Үүнийг бид анхааралдаа авах ёстой гэж Засгийн газарт ч хандаж хэлсэн. Ер нь бид баялаг бүтээгч нараа элдвээр хэлж, хөөж, зогсоогоод тэгээд Монгол Улсыг хөгжүүлэх тухай асуудлыг яриад хэрэггүй. Энэ асуудалд Засгийн газар, төр нь аль ч гэсэн тодорхой хариулт өгч, маш тодорхой байр суурьтай болгохгүй бол цаашид нийгэмд юм бүтээх гэсэн хөгжүүлэх гэсэн хүмүүс ховордоно. Монголын томоохон компаниуд 5-10 мянган хүнтэй болтлоо зүтгэсэн байхад унагаах, харлуулахын төлөө зүтгэж байгааг нь олон талаас нь бодох ёстой. Засгийн газар ч гэсэн энэ компаниудынхаа төлдөг татвар, ажлын байраар хангаж байгаа гэдгийг тодорхой мэдээлж байх ёстой гэдгийг У.Хүрэлсүх сайдад хэлсэн.

Categories
мэдээ нийгэм

ШУА-иас “Дэлхийн номын өдөр”-өөр ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан номоо гардууллаа

“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан ШУА-иас хүүхдэд зориулж хэвлүүлсэн шинжлэх ухааны хялбаршуулсан, танин мэдэхүйнцуврал номынхоо дээжийг БСШУСЯ болон Улсын төв номын сан, Хүүхдийн номын ордонд тус тус гардуулж өглөө. Эдгээр цуврал номыг БСШУСЯхот хөдөөгийн ЕБС-иудад түгээх юм. Ном гардуулах үеэр дээрх байгууллагуудын төлөөллөөс гадна Нийслэлийн 21-р сургуулийн сурагчид ирж ном гардан авсандаа баяртай байлаа.

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхэд залуучууд, олон нийтэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал номыг 2015 оноос эхлэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгоод байна. Тус цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичснээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

ШУА-ийн эрдэмтэд 2017 онд онд “Нар”, “Нарны аймаг”, “Жигмэд Тогмид хоёр жимсэнд”, “Элементүүдийн үүсэл”, “Монгол орны эртний амьтан ургамал”, “Усан орчны амьдрал”, “Монгол орны цэцэгт ургамал”, “Ой модны экологийн ач холбогдол”, “Эртний улсууд”, “Гуравдагч хөрш”, “Хеликобактер”, “Хэл ба сэтгэхүй” зэрэг 11 хялбаршуулсан номыг хэвлүүлж хүүхэд багачууддаа хүргэж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ШУА-иас эрхлэн гаргаж буй хялбаршуулсан 33 цуврал дугаар олны хүртээл болоод байна. ШУА цаашид ЕБС-иуд, Нийслэлийн Боловсролын газар, багш, эрдэмтэдтэй хамтран цуврал ном хэвлүүлэх ажлыг тогтвортой үргэлжлүүлэх бөгөөд 2018 онд уламжлал ёсоор 10 цуврал гаргахаар төлөвлөөд байна хэмээн Монгол Улсын Шинжлэх ухааны академиас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Говийн мазаалай баавгайг хамгаалах хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол боллоо

Зураг

БНХАУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих Монгол улсын говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол энэ сарын 18-ны өдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яаманд боллоо.

Хэлэлцээрт Монгол Улсын БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сун Вэрэн нар гарын үсэг зурав.

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Ян Чиндун нар баяр хүргэж үг хэлэв. Хэлэлцээрийн дагуу Хятадын тал Монголын талтай хамтран Мазаалай баавгайн амьдрах орчны менежментийн төслийн судалгаа, амьдрах орчны экологийн чанарын үнэлгээний судалгаа, хүнсний ургамлын популяцын судалгаа болон биологийн олон янз байдлын мониторингийн судалгаа хийх бөгөөд Монголын Их говийн тусгай хамгаалалттай газарт техникийн болон мэргэжлийн хүмүүст газар дээрх сургалт зохион байгуулах, БНХАУ-д хоёр удаагийн сургалт зохион байгуулах, төсөлд шаардлагатай тоног төхөөрөмж, материалаар хангах,төслийн хэрэгжилтийн хугацаанд Мазаалай баавгайн тэжээлд зориулан жилд 20 тонн улаан буудайн үр олгох бөгөөд төслийн нийт өртөг 11,63 сая юанийн санхүүжилттэй 3 жилийн хугацаанд хэрэгжинэ.

Categories
мэдээ цаг-үе

“Аригун” брэндийг үүсгэн байгуулагч “Их-Өсөлт” ХХК-ний захирал Х.Ихбаяр: Монгол Улсаас лаа экспортолсон анхдагч нь “Аригун” брэнд болсонд баяртай байна


“Аригун” брэндийг үүсгэн байгуулагч “Их-Өсөлт” ХХК-ний захирал Х.Ихбаяртай ярилцлаа

– “АРИГУН” брэндийн талаар танилцуулахгүй юу?

Эрт дээр үеэс харанхуйг гэрэлтүүлэхэд л ашиглаж байсан лааг өнөө цаг үед гоёл чимэглэл, зан үйл, ажлын байр, гэр орныхоо энергийг сайжруулах зорилгоор лааг өдөр тутамдаа бид ашиглаж байна. Зах зээл дээр хэрэглээгээ дагаад төрөл бүрийн өнгө, үнэр, орцтой олон төрлийн лаа худалдаалагдах болсон. Тэгвэл лааны тосыг гарган авч буй материал нь органик бус химийн гаралтай байх тусмаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг талаар эрдэмтэд хэдийнээ судалж тогтоосон байна.

Амьтны гаралтай, нефтийн параффин зэрэг тосоор үйлдвэрлэсэн, химийн элдэв орц найрлагатай өнгө будагч бодис нэмсэн лаанаас дэлхий нийтээрээ татгалзаж буй энэ үед бидний үйлдвэрлэж буй “АРИГУН” брэндийн лаа 100% экологийн цэвэр бүтээгдэхүүн болох шар буурцагны тосыг ашиглан эх орондоо үйлдвэрлэж байгаа эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй “эко” бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой байгаа.

Судалгаа шинжилгээ, туршилтын үр дүнд эх орондоо үйлдвэрлэсэн “Аригун” брэндийн тансаг үнэрт лааг үйлдвэрлэж буй манай хамт олон “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй,хаягдалгүй” гэдэг уриаг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

”Аригун” брэндийн бүтээгдэхүүнийг Япон улсын итгэмжлэгдсэн олон улсын лабораторид шинжлүүлж үзэхэд хүний биед сөрөг нөлөөгүй эко бүтээгдэхүүн болох нь батлагдсан төдийгүй маш өндөршалгууртай Япон улсын стандарт шаардлагад нийцсэн учраас “Аригун” брэндийн лааг экспортод гаргах боломжтой болж Монгол улсаас анх удаа Япон улс руу лаа экспортолсондоо “Их-Өсөлт” ХХК-ний хамт олон бид маш их баяртай байгаа.”Монголд үйлдвэрлэв” гэсэн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх, тэр тусмаа бүтээгдэхүүн бүрийн цаана монгол хүний хүч хөдөлмөр оюун ухаан ур чадвар шингэсэн байдаг болохоор улам хичээн ажиллах болно.

Бид “Аригун” брэндийн бүтээгдэхүүнээрээ АНУ, БНХАУ, БНСУ-ын үзэсгэлэн худалдаануудад амжилттай оролцож цаашид экспортын сувгуудаа нэмэх тал дээр анхааран ажиллаж байна.

– Лааны энерги чадварын талаар мэдээлэл өгнө үү?

Гал гэдэг маань өөрөө ариутгах чадвартай. Өнөө үед гэр, ажил дээрээ тэр бүр гал түлээд байх боломжгүй шүү дээ. Лаа нь гал гэдэг утгаараа энерги сайжруулдаг төдийгүй “Аригун”брэндийн лааны анхилуун үнэрүүд нь тайвшруулах, тав тухыг бий болгоход тусалж, стресс ядаргаа тайлна, сэтгэн бодох чадварыг сайжруулж, зүрх судасны үйл ажилагааг тогтворжуулдаг. Хүний үнэртэх мэдрэмжээр дамжин тархинд шууд мэдээлэл хүрсэнээр эдгээр нөлөөллүүдийг үзүүлж байгаа юм. Мөн хоолны эвгүй үнэр, агаарын бохирдол , утаа, тамхины эвгүй үнэр зэргийг маш сайн дардаг. Хамгийн гол нь хүний биед сөрөг нөлөөгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн.

– Бүтээгдэхүүний түүхий эд маш чухал , бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс давуу тал юу вэ?

– Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ цэвэр шар буурцагны тосыг сонгон авсан. Үйлдвэрлэлээ эхлүүлж байх үед хараахан Монголд маань шар буурцаг тариалаагүй байсан учраас бид материалаа европоос оруулж ирээд өөрийн лабораторидоо үнэр болон орц найрлагыг нь тааруулж эх орондоо үйлдвэрлэж байна. Хамгийн гол нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй химийн нэмэлт бодис ороогүй дээрээс нь олон талын ашиг тустай анхилам үнэртэй лааг хэрэглэж үзсэн хэрэглэгчид маань Монголчууд маань дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байнаа гэдэг олон сэтгэгдэл ирүүлсээр байгаа нь бидэнд маш их урам зориг өгч байгаа. Цаашид эх орондоо ургасан шар буурцагны тосоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх бодолтой байгаа. Боломж бүрдэнэ гэдэгт итгэж байна.

– “АРИГУНбрэндийн лааны орц, найрлага төрлүүдийн талаар?

АРИГУНбрэндийнлааны төрөл тус бүр нь өөр өөрийн өвөрмөц нандин үнэртэй бөгөөд байгаль дэлхийн сайхан үнэрт ургамал жимс, цэцэгсийн охь дээжсийн увидаст үнэрээрээ олон талын ач тус анагаах чадварыг өөртөө агуулсан байдаг.

Өнгө, будагч бодис ороогүй шатах явцдаа ямар нэгэн тортог гарахгүй төрөл бүрийн савалгаатай тансаг үнэрт лаанаас сонголтоо хийх боломжтой.

“Хүсэлт жимс, Ягаан жүрж”/Passion fruit, Pink grapefruit/,”Лавандар цэцгийн нандин нууц” /Lavender fields/, “Усны сараана цэцэг” /Water Lily, “Розмарин, Далай давс”/ Rose mary, Sea salt/, ”Лийр жимсний цэцэг”/Dewy Рear blossom/ зэрэг үнэрүүдийг гаргаж аваад байгаа. Цаашид үнэр болон савлагаа төрлүүдээ нэмж байна. Тухайлбал савлагаандаа 10 ширхэгтэй, хуш модны үнэртэй /tealight/ лааг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлээд байна. Хүнд бэлэглэх, гэр болон ажил дээрээ, иогоор хичээллэх үедээ асаах, буяны зэд-д ашиглаж болохоор багц бүтээгдэхүүн болгон гаргаад байна. Мөн лааны дагалдах хэрэгсэл болох төрөл бүрийн лааны сууриуд, асаагуур, унтраагуур зэргийг санал болгож байна .Дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулгыг манай https://www.facebook.com/ArigunLuxuryBrand/хуудсаар зочилж авах боломжтой.

– Хаанаас худалдан авах боломжтой вэ? Үнийн хувьд?

-Манай нэрийн барааны дэлгүүр “И Март”их дэлгүүрийн VI давхарт байрлаж байна. Мөн “Мишээл” төвийн С8 павильон, ТБД андуудад байрлах “Старс” супермаркет, Ривер гарден 302 үзэсгэлэнгийн танхимд байрлах “Enemog-Kohler Mongolia” дэлгүүр, Наран Плаза “Bernardo Mongolia”, “Home PLaza” I болон II дэлгүүрт,”Сарнайх” I, II болон III дэлгүүрүүдэд борлуулагдаж байна. Тун удахгүй “Зайсан хилл” цогцолборт нэрийн дэлгүүрээ нээх гэж буйг дуулгахад таатай байна. Хэрэглэгчиддээ улам ойртуулахын тулд хүргэлтийн үйлчилгээг мөн үзүүлж байна.

Үнийн хувьд 8500-30000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

– Баярлалаа танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Баярлалаа аз жаргалын гэрэл гэгээ айл бүхэнд гэрэлтэж байхын ерөөл өргөөд“Аригун” брэндийг онцолж урьсан танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Олон улсад болон дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ таниулах тал дээрүйлдвэрлэл эрхлэгчид,компаниудаа үргэлж дэмжиж байдаг МХАҮТ-ийн нийт хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.


Categories
мэдээ нийгэм

Хотын дарга PC тоглоомын газруудыг хаахыг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн “Нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал” хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал, салбар дундын зохицуулалтыг хангах талаар холбогдох салбарын байгууллагууд буюу нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийсэн. Өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны антеныг цэгцлэх, хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйгээр далимдуулан орлого олж буй PC тоглоомын газруудыг хаах асуудлыг онцлон ярилцаж, холбогдох албаныханд үүрэг өглөө.

Мөн хуралдаанаар нийслэлийн хэмжээнд Хүүхдийн эрхийн Конвенц, Зөвлөмж, “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах, “Хүүхдийн хөгжил, хамгаалалын үндэсний хөтөлбөр”-ийг 2018-2021 онд нийслэлд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний тогтоолууд батлагдсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн зүгээс хүүхэд хамгааллын талд нэлээн ажлыг зохион байгуулж байгаа. Нийслэл, дүүргүүдэд Хүүхдийн төлөө зөвлөл, дүүрэг бүрт хууль зүйн зөвлөгөө өгөх хороонууд ажиллаж байна. Хүүхдийг хүчирхийлэх, гэмт хэрэгт холбогдуулах, томчуудын хайхрамжгүй үйлдлээс болж амиа алдах асуудлыг зогсоох хэрэгтэй. Хүүхэд зам тээврийн осолд өртдөг явдлыг үгүй болгох ёстой. Энэ бол бидний хэтэрхий хайхрамжгүй байгаагаас үүдэлтэй. Энэ талд НҮБ-ын Хүүхдийн хорооны хурлаар Монгол улс онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн. Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувийг хүүхэд эзэлж байна. Тиймээс хүүхдийн хараа хяналтыг сайжруулах үүднээс бид шийдвэр гарах учиртай” хэмээгээд дараах шийдвэрийг гаргаж, холбогдох албаныханд үүрэг өглөө.

Багахангай дүүрэгт байгуулсан хүүхдийн асран хамгаалах төвийн санхүүжилтийг Засгийн газраас гаргуулан үйл ажиллагааг нийслэлийн зүгээс хариуцаж хүүхдүүдийн хараа хяналт, бүртгэлийг сайжруулах, хүүхдийн эрхийг хамгаалж ажиллах үүргийг тус дүүргийн Засаг даргад,

Өнгөрсөн онд хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх тоо 50 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан ч энэ талд судалгаа, хяналтаа сайжруулах, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэх асуудлыг онцгой анхаарч ажиллах, хамгааллын цогц үйлчилгээг эрчимжүүлэх шаардлагатайг холбогдох албаныханд,

Сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны оператор компанийн антены асуудлыг цэгцлэх, энэ асуудлаар оператор компаниуд руу албан бичиг явуулж бүх антеныг авах үүргийг Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөрд өгч “Гар утасны хүчтэй долгион цацруулагчийг сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулна гэдэг байж болохгүй зүйл. Тиймээс ирэх долоодугаар сарын 1 гэхэд оператор компанийн антенуудыг авсан байх ёстой” хэмээн онцолж байв.

Түүнчлэн хотын дарга хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж буй PC тоглоомын газруудын үйл ажиллааг хаахыг үүрэг болгосон.

Тэрбээр “Хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйгээр орлого олдог тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоох шаардлагатай. НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг нь хамтраад тус тоглоомын төвүүдийн зөвшөөрөл олголтын асуудлыг судалж, хяналт шалгалтыг нийслэлд шилжүүлэх хэрэгтэй. Хүүхдээрээ тоглож ашиг олж болохгүй” хэмээлээ.

Улсын хэмжээнд 0-18 насны 1.2 сая хүүхэд байгаагаас 470 гаруй мянга нь буюу 42 хувь нь нийслэлд амьдардаг байна. Нийслэлийн 380 мянган өрхийн 270 орчим нь гэр хороололд байдаг. Нийслэлийн хэмжээнд байгаа нийт хүүхдийн 10 хувь нь хүчирхийлэлд өртөх, хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэх чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй, гамшиг осолд өртөх, сургууль завсардах магадлалтай зорилтот бүлгийн хүүхдүүд байдаг байна. Тиймээс нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөглийн газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, зорилтот бүлгийн хүүхдээдэд хамгааллын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.