Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгал төлөлтөө гар утаснаасаа хянах боломжтой боллоо

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, цахим засаглалыг бэхжүүлэх зорилгоор НДЕГ-аас “Нийгмийн даатгал” гар утасны аппликейшн ашиглалтад оруулжээ.

Иргэд энэхүү аппликейшнийг ашиглан өөрийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт болон Нийгмийн даатгалын сангаас гаргуулсан зардал, төлбөр зэрэг мэдээллээ авах боломжтай юм. Мөн нийгмийн даатгалын салбарын хууль тогтоомжтой танилцах, тэтгэвэр авагчийн мэдээллээ харах, тэтгэмжийн зардлаа хянах, нэрийн дансаа тооцоолох, нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээний талаар санал, хүсэлтээ илэрхийлж, 10 хоногийн дотор шийдвэрлүүлэх, УИХ, Засгийн газар болон НДЕГ-аас гаргаж буй шийдвэр, мэдээ мэдээллийг авах боломж бүрдэх аж.

Энэхүү аппликэйшнийг гар утсандаа суулгасны дараа иргэд өөрт ойр байрлах Нийгмийн даатгалын хэлтэст иргэний үнэмлэхтэйгээ очиж нэг удаа баталгаажуулах ёстой. Даатгуулагчийн шимтгэл төлөлтийн мэдээлэл нь хувийн нууцад хамаарах тул ийнхүү өөрийн биеэр ирж баталгаажуулахыг шаардаж байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Адууны түүх” жүжиг үзэгчдэд дахин хүрнэ

УДЭТ-ын уран бүтээлчид Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “Адууны түүх” сонгодог жүжиг энэ сарын 27-нд УДЭТ-ын тайзнаа үзэгчдийн хүртээл болно.

Жүжгийн найруулагчаар УГЗ, найруулагч, Б.Баатар агсан, ерөнхий продюссер УГЗ Д.Цэрэнсамбуу, уран сайхны удирдаач Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, ерөнхий зураачаар О.Баярмагнай нар ажилласан бол гол дүр Холстомерийн залуу, идэр, өтөл насанд жүжигчин СТА Э.Тодгэрэл, С.Болд-Эрдэнэ, Ардын жүжигчин Г.Мягмарнаран, адууны эзэн Серпуховский ванд СТА М.Түвшинхүү нар дүр бүтээх юм.

Алаг цоохор төрсөн адууг эзэн нь голсон ч адуунд нүдтэй баян Серпуховский ван түүнийг худалдаж авснаар жүжиг өрнөнө. Төрснөөс эхлээд өтөл насан хүртэлх түүхээ ярьж буй Холстомер адууны амьдралаар Лев Толстой хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёгтлон харуулах нь үзсэн хүнд нэгийг бодогдуулах болов уу хэмээн уран бүтээлчид хэлж байв.

“Холстомер” хэмээх энэхүү бүтээлийг туурвихдаа зохиолч 30 жилийн амьдралаа зориулсан гэдэг. Тэр хэрээр ч эл бүтээл “Дайн ба энх”, “Анна Каренина” зохиолоос нь дутахааргүй алдартай. Зөвхөн урт удаан хугацаанд бичсэн гэдгээрээ бус унших тусам улам гүнд нь уусан шингэж бодол эргэцүүллийн ертөнцөд оюун санаа, сэтгэл зүрх, мөн чанараа дэнслэн үзэх орон зайг хэн хүнд нээж өгдгөөрөө онцлогтой.
Л.Толстойн мэндэлсний 190 жилийн ойд зориулан тус театрын уран бүтээлчид “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “Адууны түүх” буюу холстомер хэмээх хоёр бүлэгт жүжгийг өнгөрсөн 11 дүгээр сард тайзны бүтээл болгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол генералын өдөрт

Энэ 4-р сарын 28-нд МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨР тохионо.

Цэргийн дээд офицерын ГЕНЕРАЛ хэмээх цолыг анх Франц Улсад XVI зуунаас хэрэглэж ирсэн бол ОХУ-д 1657 онд I Петр хаан армидаа хэрэглэж эхэлжээ.

Манай улсын хувьд, аугаа их Чингис хааны үеэс дайчин эрсээ илбэн тохинуулж, дэлхийн талыг дайлан туулахад их цэргийн манлайд нь явж байсан мянгат, түмтийн ноёд, өрлөг жанжид бол тухайн үеийн ГЕНЕРАЛУУД байсан нь эргэлзээгүй билээ.

Харин бүр сүүлд, ХХ зууны дунд үед буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор цэргийн удирдах дээд албан тушаалын генерал хэмээх эрхэм хүндтэй энэхүү цэргийн дээд цолыг манай улсад бий болгож: Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамлаж анх 11 хүнд олгосон байдаг юм.

Хожим нь үүнтэй холбогдуулан, 2004 оноос эхлэн жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨР хэмээн нэрийдэж, генерал цолтон бүхий байгууллагууд жил бүр ээлжээр генерал цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, ёслон хүндэтгэж тэмдэглэдэг сайхан уламжлал тогтсон билээ. Энэ жилийн энэхүү тэмдэглэлт өдрийг ШШГЕГ хариуцан, энэ сарын 27-нд зохион байгуулах ажээ.

Цэргийн хэргийн мэдлэг боловсрол, ажил албаны дадлага туршлага, албан тушаалын зэрэг дэв зэрэг тусгай өндөр шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн ГЕНЕРАЛ цолыг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар олгодог онцлогтой.

Тоо баримтаас товч сонирхуулахад:1944 оноос өнөөг хүртэлх 74 жилд төрөн гарсан ГЕНЕРАЛ цолтой 181 хүнээс 96 нь өнөөдөр энх тунх амьдарч байгаагийн 34 нь одоо төрийн тусгай албан тушаал хашиж, бусад нь цэргийн тэтгэвэртээ сууж байгаа ажээ. Хамгийн өндөр настай нь хошууч генерал Т.Алтангэрэл гуай өдгөө 99 насны сүүдэр зоогложээ.

Генерал цолтой дээрхи хүмүүсийн дотор 1921 оны Ардын хувьсгалын партизан агсан 3, 1939 оны Халх голын болон 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон 31, Монгол Улсын баатар 6, ЗХУ-ын баатар 1, Хөдөлмөрийн баатар 3, Монгол Улсын Гавъяат цолтон 10, сансрын нисгэгч 1, БНМАУ-ын төрийн тэргүүн агсан 1, УИХ (АИХ)-ын гишүүн (депутат) асан 69, доктор профессор 37, төрийн сайд асан 20, цэргийн дипломат 30, ОУ-ын Химийн зэвсгийн мэргэжлийн шинжээч асан 1, дэлхийн “халуун цэгүүд”-эд үүрэг гүйцэтгэж НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаа (ЭСА)-ны олон улсын секторын командлагчаар ажилласан 1, ЭСА-ны монгол цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн 6, Иракт олон үндэстний цэргийн штабт ажилласан 1 генерал тус тус байгаа ажээ.

Мянган цэргийг олоху дор хялбар, Нэгэн жанжинг олоху дор бэрх” хэмээн их Чингис хаан нэгэнтээ өгүүлсэн байдаг нь учиртай.

Categories
мэдээ спорт

Даамын ААШТ-ийг Ц.Отгонбилэг тэргүүлж байна

БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотод болж буй даамын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас нийт 67 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд таван тойргийн дараах байдлаар ДДХМ Ц.Отгонбилэг Хятадын тамирчин Пан Иминий хамтаар найман оноотой тэргүүлж байгаа бол эмэгтэйчүүдийг БНХАУ-ын их мастер Жан Ю зуун хувийн амжилтаар өнгөлж яваа аж.

Мөн U-8 насны хөвгүүдийн ангилалд З.Аргабилэг (СХД) I, U-11 насны охидын ангилалд Ц.Мягмарсүрэн (Увс) II, Г.Марал (БЗД) III, U-14 насны охидын ангилалд Д.Даваадэжид (Хөвсгөл) III, хөвгүүдийн ангилалд А.Дашчирэв (42-р сургууль) II, U-17 насны охидын ангилалд Г.Дүүрэнбилэг (Хэнтий) I, Л.Уранмөнх (42-р сургууль) III, хөвгүүдийн ангилалд Б.Түвшин (Дорноговь) I, С.Мөнх-Оргил (Өмнөговь, “Хасу-Мегастарс”) II, U-20 насны охидын ангилалд Э.Хүслэн (Дорноговь, “Алтан хүү”) I, Б.Мишээл (БЗД) II, хөвгүүдийн ангилалд Б.Пүрэвжаргал (Дорноговь) II байрт бичигдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Азийн түншлэлийн хурал эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын нээлтийн ажиллагаа өнөөдөр эхэллээ.

Хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирарде нар оролцож, үг хэлсэн юм. Энэ үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, хатагтай Мами Мизуторигийн мэндчилгээг оролцогчдод танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, энэхүү хуралдаан нь ирэх 7 дугаар сард зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II дугаар бага хурлын сүүлийн бэлтгэл хуралдаан болж байгаагаараа онцлог гэдгийг дурдаад, 2017 оны 02 дугаар сард зохион байгуулагдсан НҮБ-ын 71 дүгээр Ерөнхий Ассамблейгаас Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн дэлхийн 7 зорилтот шалгуур үзүүлэлтийг батлан гаргасан нь бүс нутаг, улс орнуудад уг баримт бичгийн хэрэгжилтийн явцыг дотооддоо хянах,тулгамдаж буй асуудлаа тодорхойлж шийдвэрлэх, ахиц дэвшлээ үнэлж дүгнэх, тайлагнах боломжийг бүрдүүлсэн. Улаанбаатар хотод болох Азийн сайд нарын бага хурлаар бид дараагийн 2 жилд хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөг шинэчлэн батлахын тулд уг төлөвлөгөөг 2017-2018 онд хэрэгжүүлэх явцад улс орнуудын гаргасан ололт амжилтууд, тулгарч буй асуудлуудыг хэлэлцэн цаашдын чиглэлүүдээ тодорхойлохыг зорилго болгон ажиллах нь нэн чухал” гэдгийг онцоллоо.

Өнөөдрийн хуралдаан Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Азийн сайд нарын бага хурлаар баталсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа улс орнууд тайлагнах юм.

Мөн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгарч буй асуудлууд, түүний явц, ололт амжилтын талаар нэгдсэн хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана.

Түүнчлэн ирэх 7 дугаар сард Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийн лаган дахь нян бактерийг халдваргүйжүүлэх төхөөрөмж суурилуулжээ

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан худалдан авч, суурилуулж эхлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд Засгийн газрын хуралдаанаас даалгасан юм. Энэ хүрээнд тоног төхөөрөмж суурилуулах, лагийг үнэргүйжүүлэх зэрэг ажил хийгдэж байна.

Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлтийн хувийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тунгаагуур, био цөөрөм барьж байна. Эдгээр нь энэ оны долдугаар сард ашиглалтад орох юм. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин дээшилж, Туулд голд нийлүүлэгдэх усны чанар сайжирна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Мөн лагийн талбай руу шахаж байгаа түүхий лагийг хэт авианы төхөөрөмжөөр оруулснаар лаган дахь нян бактери устаж халдваргүйжих юм байна. Энэ төхөөрөмжийг суурилуулаад байгаа бөгөөд туршилт хийгдэж эхэлжээ.

Төв цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон. Хоногт 160 000-190 000 метр.куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг байна. Гэвч лаг боловсруулах байгууламж байхгүй учир хоногт 1000-1200 метр.куб нойтон /10 тонны даацтай машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний /лагийг ил талбайд усгүйжүүлэн хатаадаг. Үүнээс үүдэн 900 000 метр.куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр байгаа юм.

Өдөр тутам шахаж байгаа түүхий лаганд сибфлок гэж бодис найруулж хольж шахсанаар лагийн талбайд шахагдсан лагийн ус хурдан ялгарч, хэмжээ нь багасч, хурдан хатах, бактерийн тусламжтайгаар лагийг идүүлж улмаар үнэргүй бордоо болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, ОХУ-ын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн байгууллагууд хил орчимд ашиглах радио давтамжийн зохицуулалтын уулзалт хийлээ

Радио долгион нь газрын гадаргуу дээр хил хязгааргүй тархах онцлог бүхий хязгаарлагдмал нөөц юм.

Хөрш улс орнууд хил орчмын бүс нутагтаа ажиллах радио төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор энэхүү нөөцийн ашиглалтад техникийн нарийвчилсан зохицуулалт хийх, бүс нутгийн харилцаа холбооны цаашдын хөгжлийг дэмжих, хөрш орнуудын хилийн бүс нутаг орчмын оршин суугчдад харилцаа холбооны үйлчилгээг чанартай хүргэх шаардлагуудтай тулгардаг.

Орчин үеийн өргөн зурвасын хөдөлгөөнт радио холбооны хөгжлийн хандлага нь хил орчмын радио давтамжийн зохицуулалтыг хөгжлийн чиг хандлагад зохицуулан хийхийг шаардсаар байна.

Энэхүү зохицуулалтын хүрээнд 2018 оны 4-р сарын 16- наас 4-сарын 21-ний өдрүүдэд Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хооронд хил орчимд ашиглах радио давтамжийн зохицуулалтын 3 дахь удаагийн уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн уулзалтаар Монголын талаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, ОХУ-ын талаас тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэг эрхлэх газар /Роскомнадзор/-ын Тусгай зөвшөөрлийн газрын дарга Андрей Канцуров нар гарын үсэг зурж баталгаажуулан, дараах асуудлуудыг харилцан тохиролцлоо:

  • Радио давтамжийн 890-915/935-960 МГц, 1710-1785/1805-1880 МГц зурвасуудыг хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд ашиглахаар 2013 оны гэрээнд нэмэлт оруулав.
  • Радио давтамжийн 2500-2690 МГц, 2300–2400 МГц зурвасуудыг хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд ашиглахаар тохирч хоёр гэрээг шинээр
  • Хилийн ойролцоох бүсэд ажиллаж байгаа ОХУ-ын 120 орчим, Монгол Улсын 101 телевизийн дамжуулах станцын техникийн үзүүлэлтийг нэг бүрчлэн тохиров.
  • Радио давтамжийн 694-790 МГц зурвасыг цаашид 2 тал харилцан нөлөөлөлгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээр хамтран ажиллана хэмээн тохиролцов.

Өмнө нь БНМАУ-ын Холбооны Яам, ЗСБНХУ-ын Холбооны Яамны хооронд “Хил хязгаар нутгийн хуурай замын хөдөлгөөнт албаны радио станцад метрийн ба дицеметрийн цараа дахь үелзийн хэрэглээг зохицуулах тухай” хэлэлцээрийг 1983 онд Москва хотод зохион байгуулж, БНМАУ-ын талаас Холбооны Яамны Сайд асан Д.Гарам-Очир, ЗСБНХУ-ын талаас тус улсын Холбооны Яамны Сайд асан Ю.Б.Зубарев нар гарын үсэг зурж баталгаажуулж байжээ.

Энэ цагаас хойш 30 жилийн дараа, 2013 онд Монгол Улс, ОХУ-ын харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудын хооронд уг асуудлаар уулзалтыг Москва хотноо зохион байгуулснаар 2 улсын хил орчмын бүс нутагт радио давтамжийн зохицуулалтыг орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны хөгжилд нийцүүлэх хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм.

2013 оны уулзалтаар GSM 900/1800, 3G /UMTS 2100 болон өргөн нэвтрүүлгийн системүүдийн зохицуулалтын талаар хэлэлцэж гэрээ байгуулсан бол энэ удаагийн уулзалтаар хөдөлгөөнт холбооны дараа үеийн хөгжилд нийцүүлсэн өөрчлөлтүүдийг өмнөх гэрээнд тусгах, Дэлхийн Радио Холбооны Их хурлын шийдвэрээр Дараа үеийн хөдөлгөөнт холбоонд шинээр хуваарилагдан ашиглагдаж байгаа шинэ зурвасуудыг зохицуулах талаар хэлэлцэж байв.

Уулзалт, хэлэлцээрт нийт 50 төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол Улсын талаас ХХМТГ, ХХЗХ, бусад яам, агентлагуудын харилцаа холбоо хариуцсан албад болон үүрэн холбоо, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, ОХУ-ын талаас тус улсын Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологи, Олон Нийтийн Хэвлэл Мэдээллийн Хэрэг Эрхлэх Газар, ОХУ-ын БХЯ, болон аюулгүй байдлын албаны харилцаа холбооны асуудал хариуцсан ажилтнууд оролцов.

Гэрээнд Монгол Улсын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг төлөөлж ХХМТГ-ын дарга Б.Чинбат, ОХУ-ын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг төлөөлж тус улсын Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологи, Олон Нийтийн Хэвлэл Мэдээллийн Хэрэг Эрхлэх Газрын дарга А.Канцуров нар гарын үсэг зурлаа.

Уулзалт, хэлэлцээр талуудын урьдчилан төлөвлөгдсөн агуулгын хүрээнд амжилттай явагдаж ажил хэрэгч, харилцан ойлголцсон, үр өгөөжтэй боллоо гэж талууд дүгнэлээ.

Categories
мэдээ нийгэм

21 аймагт замын хөдөлгөөний зөвөлгөөн болж байна

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн алба хамтран 21 аймгийн хэмжээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Уг зөвөлгөөний эхлэл болж зүүн бүсийн аймгууд буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцох, тодорхой төрлийн шийдвэр гарган бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зүүн бүсийн зөвлөгөөнийг 2018.04.20-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгууллаа.

Зөвлөгөөн зохион байгуулагдсанаар төрийн болоод иргэний нийгмийн байгууллагууд, оролцогч талуудын уялдаа холбоо сайжирч, тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тогтвортой менежмент хэрэгжүүлэх, урт болон богино хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг зохион байгуулах юм.

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн алба хамтран 21 аймгийн хэмжээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Уг зөвөлгөөний эхлэл болж зүүн бүсийн аймгууд буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцох, тодорхой төрлийн шийдвэр гарган бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зүүн бүсийн зөвлөгөөнийг 2018.04.20-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгууллаа.

Зөвлөгөөн зохион байгуулагдсанаар төрийн болоод иргэний нийгмийн байгууллагууд, оролцогч талуудын уялдаа холбоо сайжирч, тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тогтвортой менежмент хэрэгжүүлэх, урт болон богино хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг зохион байгуулах юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий хүмүүст Бөхийн холбоонд үүссэн зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай албан бичиг хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай албан бичиг гаргалаа.

Албан бичгийн хувийг:

  1. Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ
  2. Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга А.Сүхбат
  3. Дархан аварга Г.Өсөхбаяр
  4. “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат нарт хүргүүлж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Зөрчил тэмцлийг арилгах тухай Е/06 дугаартай албан бичигт:

“Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай

Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдсан зөрчил, тэмцэл эрсдэлт хэмжээнд хүрч даамжран, бөхчүүд төдийгүй, бөх сонирхогчдыг хүртэл талцан тэмцэлдэхэд хүргэж байна. Энэ зөрчилдөөнийг даган үндэсний уламжлал, ёс заншил, хүндлэл, жудаг, журмыг умартсан бусармаг үйлдэл, үйл ажиллагаа хэм хэмжээнээс хэтрэх боллоо.

Үндэсний бөхийн асуудал бол зөвхөн бөхчүүдийн болон бөхийн холбоонд хамааралтай хүмүүсийн асуудал биш. Бөх бол үндэсний их өв соёл, түүхэн уламжлал, монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээсэн спорт. Өнө эртнээс улбаатай, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн Төрийн их баяр наадмын цөм болдог үндэсний бахархлын нэг юм.

Гэтэл хэсэг хүмүүс эрх мэдэл, албан тушаалын төлөө ард түмний хүндлэл, бишрэлийг үл тоон үндэсний их өв соёлыг гутаах хорон муу үр дагавартай зүй бус үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаа нь уучлан тэвчих аргагүй юм. Цагдаагийн байгууллагаас Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдсан тэмцлийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар надад мэдээлэл, баримт материал ирүүлсэн. Нөхцөл байдал маш эрсдэлт хэмжээнд очсон, хүний амь нас эрүүл мэнд ноцтой эрсдэлд орохоор хэмжээнд хүрч хурцадсан байна.

Миний бие төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах үүрэгтний хувьд Үндэсний бөхийн нэр хүндийг сэвтээсэн хууль бус, ёс зүйгүй үйлдэлтэй хэрхэвч эвлэрэхгүй бөгөөд нийгмийн хэв журам болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Цаашилбал гэмт хэрэг, зөрчилд холбогдсон ёс зүйгээ умартсан улсын цолтой бөхчүүдийн цолыг ч бүрэн эрхийнхээ цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдэж байна.

Төрийн бус байгууллагын тухай хуульд нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулж, ашгийн төлөө бус ажилладаг байгууллагыг төрийн бус байгууллага гэж тодорхойлсон. Мөн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг тодорхой салбараа хөгжүүлэх, зорилтот бүлэг, давхаргынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан байдаг.

Монголын Үндэсний Бөхийн холбоо нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд үндэсний бөхийн спортыг шударга зарчмаар хөгжүүлэх, өв соёлоо хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, ард түмний хүндлэл бишрэлийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний чиг үүрэг хүлээж ажиллаж ёстой.

Харамсалтай нь Монгол бөхийн өргөө, Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдан зөрчилдөж байгаа талуудаас өнөөдрийг хүртэл зорилго, зорилт, хөтөлбөрөө танилцуулсан бодлогын дорвитой өрсөлдөөн гарсангүй.

Иймд та бүхнийг хуулиас гадуурх зөрчил тэмцлээ нэн даруй зогсоож, ТББ-ын дүрмийн дагуу өөрсдийн дээд эрхийг барих “Их эе” хуралдаанаа зохион байгуулах ажлыг зөвшилцөн, асуудлыг эв зүйгээр, хууль ёсоор шийдвэрлэхийг анхааруулъя.

Хэрэв “Их эе” хуралдаанаар асуудлаа нэгмөр шийдвэрлэхгүй, хууль бус зөрчил, гэмт үйлдлийг гааруулж, үргэлжлүүлэх тохиолдолд Бөхийн Өргөөг улсын өмчлөлд хураан авч, ёс зүйгүй бөхчүүдийн улсын цолыг хураах, төрийн их наадам, мөн цагаан сарын барилдаанд барилдах эрхийг хасах хүртэл арга хэмжээ авч хариуцлага тооцох болно гэдгийг анхааруулъя. Төр өгч болсон юм, буцаагаад хурааж авч болно.

Та бүхэнд эвлэрэл, ойлголцлыг хүсье” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын байнгын хороо хуралдана

УИХ-ын дөрвөн байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд болно.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэхээс гадна Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохион байгуулсан “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг”-ээс гаргасан зөвлөмжийн танилцуулгыг сонсох юм.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Соёл, урлагийн боловсон хүчний асуудалтай танилцаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн албан татвараас болон Нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Мөн Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдаанд Үндэсний статисктикийн хорооны дарга А.Ариунзаяа “Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарх мэдээллийн мониторинг” сэдвээр, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Засгийн газрын гурван тулгуурт бодлого ба үндэсний хөгжлийн үзэл баримтлал-30, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын уялдаа” сэдвээр танилцуулга хийх аж.