Categories
мэдээ нийгэм

Б.Батзориг: Малын вакцинаа эх орондоо үйлдвэрлэнэ

Хувийн хэвшлийнхний санал санаачилгыг Төрийн бодлого боловсруулагчдад хүргэх, оролцоог хангах зорилгоор зохион байгуулдаг “Business breakfast” өглөөний уулзалтын энэ удаагийн зочноор ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оролцлоо.

Уулзалтад ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд болон 80 гаруй бизнес эрхлэгч оролцон, ХАА-н салбарт тулгамдаж буй асуудлаар санал бодлоо хуваалцав.

Сайд Б.Батзориг “Манай салбарт хөгжлийн хувьсгал зайлшгүй хэрэгтэй байна. Мал эмнэлгийн ерөнхий газартай болсноор экспортоор гаргаж буй бүх бүтээгдэхүүнийг Мал эмнэлгийн ерөнхий газар хянах юм. Ингэснээр бүтээгдэхүүний чанар сайжирч, хяналт нэмэгдэнэ. Малын өвчлөлгүй, эрүүл байдлыг хангах, аюулгүй хүнсээр ард иргэдээ хангах, МАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад энэ нь чухал ач холбогдолтой. “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд вакцинаа Монголд үйлдвэрлэх зорилт тавьсан. Хэрэв хөрөнгө мөнгөний боломжгүй байдал үүсвэл зөвхөн ОХУ-аас вакцин авна. Энэ нь эргээд хариуцлага тооцоход ч амар” гэв.

Тус яамнаас Үйлдвэржилт 21:100 хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж байгаа. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр арьс шир, ноос ноолуур, мах, сүү, талх, нарийн боов, жимс, жимсгэнэ гээд ХАА-д суурилсан боловсруулах үйлдвэрийг 21 аймагт байгуулна. Аймаг бүрийн онцлогт тохирсон үйлдвэртэй болох юм. Мөн манай улсын малын тоо 66.2 саяд хүрсэн бөгөөд энэ жил 22 сая төл хүлээж авна. Үүнээс гарах түүхий эд, бүтээгдэхүүнээ чанаржуулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргахаар төлөвлөж байгаа гэлээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Бид өнөөдөр малчдаа анхаарах ёстой. Хоршооллыг дахин байгуулах шаардлагатай. Гэхдээ өмнө нь байсан хоршоодын гашуун дутагдлыг давтахгүй байх ёстой. Иргэд хөдөлмөр, өмчөөр нэгдэн, хоршоогоор дамжуулан малын түүхий эдээ авдаг байх хэрэгтэй. Хоршооноос бусад хэлбэрийг Зүүн Европ хориглодог. Энэ хэлбэр руу орох ёстой. Хэдэн дарга, сайд нарыг харах биш, танхим, хоршоолол дээрээ бодлогоо хамтдаа хийж, асуудлаа шийдэх хэрэгтэй байгаа юм. Хамтрахгүй ганц нэгээрээ үйл ажиллагаа явуулснаар бид түүхий эдээ бусдад алдах магадлал их байгаа” гэв.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, “Хүнс хөдөө аж ахуйн салбар бол Монгол Улсад хамгийн их ажлын байр, иргэдийг орлоготой болгодог салбар. Энэ уулзалтаар хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүнээ хэрхэн экспортлох, ямар бодлого шийдвэр хэрэгтэй байна вэ гэдэг дээр алдаа оноогоо дүгнэн ярилцлаа. Энэ салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг бизнесийнхэн хэлж байна. Тухайлбал, хөнгөлөлтэй зээл, зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулах, жижиг дунд үйлдвэрлэгчдэд олгож байгаа зээлийн хэмжээг нэмэх шаардлагатай байгаа талаар нэлээд саналууд ирсэн” хэмээн дүгнэж хэллээ.

Categories
мэдээ спорт

“Монголын мистер-2018” цол Ш.Амарсайхан хүртлээ

Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос зохион байгуулдаг Бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах “Монголын мистер-2018” тэмцээн ням гаригт боллоо. Бодибилдинг, фитнессийн 200 тамирчин өрсөлдсөн тэмцээний хүсэн хүлээдэг гол шагналын эзнээр энэ удаа “Хар ирвэс” клубын тамирчин Ш.Амарсайхан тодорч “Монголын мистер-2018” цомыг хүлээн авсан юм.

Дөрөвдүгээр сар Монголын бодибилдинг, финессийн спортынхны хувьд онцлох сар болж байна. Ирэх баасан, бямба гаригт Улаанбаатар хотод Ази тивийн аварга шалгаруулах Бодибилдингийн тэмцээн болохоор товлогдсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа тивийн аварга шалгаруулах тэмцээнд 40 гаруй орны баг тамирчид оролцох гэж байна. Өчигдөр УАШТ-ий эхний зургааан байрт шалгарсан тамирчид Азийн аваргад оролцох эрхээ хүртлээ. Энэ удаагийн “Монголын мистер-2018” тэмцээнийг “Хорхон фарм”, “Supra Gut”, “Зиндаа” фитнесс клуб, “TOTAL SPORTS”, “TESO”, “ТВ-5” телевиз болон FM-107.5 ивээн тэтгэсэн байна.

“Монголын мистер-2018” тэмцээний аваргуудыг танилцуулъя.

Боди үнэмлэхүй

Монголын мистер: Ш.Амарсайхан Хар ирвэс клуб
Залуучуудын ангилал
Алтан медаль: О.Дөлгөөнтамир Чандмань жим клуб
Мөнгөн медаль: Ц.Нямдорж Аварга дээд сургууль
Хүрэл медаль: З.Сундуйдамба Зиндаа клуб
Бодибилдинг 60 кг
Алтан медаль: Т.Мөнх-Эрдэнэ Келтон клуб
Мөнгөн медаль: Ц.Батхуяг Чандмань жим клуб
Хүрэл медаль: Н.Хүрэлбаатар Даян хүчтэн клуб
Бодибилдинг 65 кг
Алтан медаль: Б.Осорчамаа Динамик клуб
Мөнгөн медаль: Н.Аюурзэд Ханан жим клуб
Хүрэл медаль: М.Содовболд Арга клуб
Бодибилдинг 70 кг
Алтан медаль: Б.Тогтохболд Хангарьд клуб
Хүрэл медаль: Ч.Баттөр Кельтон клуб
Хүрэл медаль: Э.Түмэн-Өлзий Golden star клуб

Бодибилдинг -75 кг
Алтан медаль: Ш.Амарсайхан Хар ирвэс клуб
Мөнгөн медаль: Г.Ганхөлөг Фортиус жим
Хүрэл медаль: С.Очирпүрэв Pro fit клуб
Бодибилдинг +75 кг
Алтан медаль: Л.Батболд Ирмүүн Оргил клуб
Мөнгөн медаль: Н.Чинзориг Келтон клуб
Хүрэл медаль: н.Алтанцацрал Могул
Ахмадын ангилал
Алтан медаль: Ц.Цогтбаатар Келтон клуб
Мөнгөн медаль: Г.Насанбат Ирмүүн Оргил клуб
Хүрэл медаль: Ш.Лочин Хар ирвэс клуб
Бодифитнесс МИСС
Алтан медаль: А.Мичидмаа Хар ирвэс клуб
Мөнгөн медаль: Д.Доржнамжил Ирмүүн Оргил клуб
Хүрэл медаль: Н.Мөнхтуяа Сарангоо фитнесс клуб
Мистер фитнесс
Алтан медаль: Б.Энхбат Ирмүүн Оргил клуб
Мөнгөн медаль: А.Лувсанжамц МУБИС
Хүрэл медаль: н.Ургахмандах МУБИС
Атлетик фитнесс
Алтан медаль: М.Чинзориг Келтон клуб
Мөнгөн медаль: Б.Нацагням МУБИС
Хүрэл медаль: Б.Ариунбат МУБИС
Мисс фитнес
Алтан медаль: Л.Тэлмүүнсанаа Ирмүүн оргил клуб
Мөнгөн медаль: н.Энхзул Голдс жим
Хүрэл медаль: Б.Мөнхзул Флекс жим
Бикини МИСС үнэмлэхүй
Алтан медаль: Б.Оюунгэрэл Голдс жим клуб
Мөнгөн медаль: Х.Оюунтуяа Хар ирвэс клуб
Бикини МИСС (163 см-ээс доош)
Алтан медаль: Б.Оюунгэрэл Голдс жим клуб
Мөнгөн медаль: Р.Баясгалан Хар ирвэс клуб
Хүрэл медаль: Х.Оюунзул Ирмүүн Оргил клуб
Бикини МИСС (163 см дээш)
Алтан медаль: Х.Оюунтуяа Хар ирвэс клуб
Мөнгөн медаль: Б.Гэрэлцэцэг Хар ирвэс клуб
Хүрэл медаль: н.Цэрэннадмид Голдс жим
Классик бодибилдинг (171 см доош)
Алтан медаль: н.Ганцэрэн Hi tes Nutrition клуб
Мөнгөн медаль: Ц.Батбаатар Протэйм фитнесс клуб
Хүрэл медаль: Б.Мягмаржав Аварга дээд сургууль
Классик бодибилдинг (175 см)
Алтан медаль: Б.Батжаргал Ирмүүн Оргил клуб
Мөнгөн медаль: М.Алтанжаргал Фортиус жим клуб
Хүрэл медаль: н.Очирхуяг Hi tes Nutrition клуб
Менс физик (174 см-ээс доош өндөртэй)
Алтан медаль: Э.Төгөлдөр Ster up клуб
Мөнгөн медаль: Б.Мөнхбилэг Ster up клуб
Хүрэл медаль: Д.Ариунтөгс Наадам центр
Менс физик (174 см дээш)
Алтан медаль: Б.Баасандорж Ирмүүн Оргил клуб
Мөнгөн медаль: А.Энхжин Ирмүүн Оргил клуб
Хүрэл медаль: Н.Төгсбаяр Топ жим
Менс физик үнэмлэхүй
Алтан медаль: н.Баасандорж Ирмүүн Оргил клуб
Мөнгөн медаль: Э.Төгөлдөр Ster up клуб

Categories
мэдээ улс-төр

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2018.04.24) хуралдаан 9 цаг 22 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцлээ.

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын санаачилсан Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.

Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим, бүжгийн дунд сургууль нь анх БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэйгээр байгуулагджээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа нэрээ өөрчилж, 1996 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс Монгол Улсын Гэгээрлийн яамны сайдын тушаалаар Хөгжим, бүжгийн коллеж хэмээн нэрлэгдэх болжээ.

Харин 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Засгийн газрын тогтоолоор Хөгжим, бүжгийн их сургууль буюу Консерватор болсон. Сургуулийн материаллаг бааз, багш, боловсон хүчний нөөц, чадвар болон шаталсан сургалтаар бэлтгэсэн үндэсний боловсон хүчин зэргийг нь харгалзан энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Иймээс Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил мэргэжлийн урлагийн салбарыг хүний нөөцөөр хангах, Монголын урлагийг хөгжүүлэхэд 6-16 жилийн шаталсан сургалтын тогтолцоотой тус Консерваторын сургалтын үйл ажиллагааг төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай байгааг үндэслэн холбогдох хуулийн төсөл боловсруулах асуудлыг судалж үзэх нь зүйтэй хэмээн үзсэний үндсэн дээр Байнгын хорооны тогтооолын төсөл санаачилжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан салбарын сайдаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа үг хэлж тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулиудын хэрэгжилтийг шалгаж, Консерваторын үйл ажиллагаатай танилцан санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагаар ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтлоо.

Дараа нь Засгийн газраас энэ сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх тогтоолын төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа танилцуулсан юм.

Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтаар батапсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж батлахаар тусгасны дагуу “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын 2017 оны 295 дугаар тогтоолоор баталжээ. Ийнхүү Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4-т заасны дагуу “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг Засгийн газрын тогтоолоор баталсантай холбогдуулан “Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, А.Ундраа, Н.Учрал нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд гишүүдээс санал гарсангүй. Салбарын сайд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, өмнө нь тухайн салбарын цаашдын үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурлын тогтоолоор бөталж байсан бол Хөгжлийн бодлого,төлөвлөлтийн тухай хууль батлагдсанаар тодорхой салбарын хөгжлийн талаар баримтлах бодлогыг Засгийн газар баталж байхаар хуульчлагдсан. Энэ үндсэн дээр Засгийн газрын 2017 оны 295 дугаар тогтоолоор “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталсан. Бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, техник технологийг улс орны хөгжлийн асуудалтай уялдуулах, их дээд сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагын уялдаа холбоог сайжруулах замаар мэдлэг, технологид суурилсан чадамж чадавхи бүрдүүлэх, ШУА-ийн статус, санхүүжилтийг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг чадваржуулах, эрдэмтэн судлаачдын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар, салбарын яамнаас юун түрүүнд шинжлэх ухааны байгууллагын үйл ажиллагааг эрх зүйн хувьд чадамжтай болгох, ганц улсын төсвийн эх үүсвэрээс хараат бус байх биш санхүүгийн бусад эх үүсвэрийг хуулиар нээж өгөх нь чухал гэж үзэж байгаа, энэ чиглэлээр ажлын хэсэг гаргаж холбогдох судалгаа тооцоо хийх, санал авах ажлыг эхлүүлээд байгаа гэдгийг хэллээ.

Ингээд тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын гишүүдийн санаачлан боловсруулсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулав.

2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр урьд нь сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх, тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан. Харин төсөл санаачлагч гишүүд төрийн нийгмийн чиглэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, тэдний эрэлт хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний үр дүнг боловсролын үйлчилгээг авдаг иргэдээр үнэлүүлэх, өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан нэг зарчмыг баримтлах үүднээс сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын удирдлагатай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх нь хамгийн бодитой зохицуулалт гэж үзэж байгаа аж.

Тиймээс дээр дурдсан үндэслэл, шаардлагыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Түүнчлэн дүүргийн боловсролын хэлтсийн даргыг хэрхэн томилж, чөлөөлөх асуудал дээрх хуульд тодорхой зохицуулалтгүй орхигдсон байсан учраас “Дүүргийн Засаг дарга тухайн дүүргийн боловсролын хэлтсийн даргыг нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн нийслэлийн боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.” гэсэн агуулгатай хэсгийг хуульд нэмэхээр төсөлд тусгасан байна.

Мөн ерөнхий боловсролын сургуулиудын хоолны зориулалттай байр, талбай, тоног төхөөрөмжийг тухайн сургуулийн захирал хууль тогтоомжид заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар түрээслүүлэх эрхийг хуульчлахаар Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Ц.Цогзолмаа, А.Ундраа, М.Билэгт нар төсөл санаачлагч гишүүдээс асуулт асууж хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Н.Учрал, Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа, Д.Ганболд, М.Билэгт нар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Асуулт асууж тодруулан үг хэлсэн гишүүдийн олонхи нь боловсролын салбарт тогтолцооны өөрчлөлт хийх цаг болсон, тиймээс нөхөөс тавьж байгаа юм шиг байн байн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад байх биш боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг цогцоор нь харж багц хуулийн шинэчлэлтийг яаралтай оруулж ирж хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай, тэгсэн цагт сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийг томилж, чөлөөлөхтэй холбогдсон асуудал аяндаа шийдэгдэнэ гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хуулийн төсөл санаачилж өргөн барих нь гишүүний бүрэн эрхийн асуудал хэдий ч гэлээ Засгийн газраас уг төслийг дэмжих боломжгүй гэсэн саналаа өгсөн байтал салбарын яамны байр суурийг сонсохгүйгээр асуудлыг оруулж ирж байгаа нь зохимжгүй юм. Нөхцөл байдлаас шалтгаалсан гэдэг нэрийн дор боловсролын салбарын хуулиудад байн байн нэмэлт, өөрчлөлт оруулж ирсэн нь салбарын цогц бодлого, боловсон хүчний тогтвортой байдалд алдагдахал хүргэж байна. Иймээс асуудлыг сууриар нь харж, боловсролын багц хуулийг цогцоор авч үзэж шинэчлэх шаардлагатай гэж салбарын яам үзсэний үндсэн дээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Багц хуулийн шинэчлэлийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаа гэдгээ хэллээ. Мөн Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг төвлөрлийг сааруулах үүднээс хуулийн төслийг дэмжээд чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа, хэрэв нэгдсэн хуралдаанаар дэмжигдвэл ажлын хэсэг гаргаад нухацтай хэлэлцье гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 8 нь буюу 67.1 хувь нь хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Эцэст нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэжсанал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулах, мөн дэд ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлсэн гишүүд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь хөдөлмөрийн харилцаанд оролцдог аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрийн эрх ашигтай холбоотой чухал хууль учраас Ажлын хэсэгт орох хүсэлтэй гишүүн бүрт боломж олгож, асуудалд ихээхэн нухацтай, ул суурьтай, олон талаас нь ярилцаж шийдвэрлэх шаардлагатай гэсэн санал гаргаж байв. Иймээс ажлын хэсгийг Байнгын хорооны тогтоолоор биш Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд иргэдээс санал авч тодруулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлийн 21.1-д:

“Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаанд томилно” гэж заасан байдаг.

Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх хуулийн заалтыг иш татаад “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхлэхээр болж байна. АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал оруулах юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байх ёстой.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэсэн шаардлагуудыг хангаж байх ёстой” гэж иргэдэд санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Шашин гэж яг юу вэ?

Хүн төрөлхтний түүхэнд олон шашин буй болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ боловсруулж иржээ. Эдгээрээс дэлхийд үндсэн шашин гэж тооцогддог Хиндү шашин 4000 жил, Иудейн шашин 3670 жил, Заратуштрын шашин 3000 жил, Буддын шашин 2545 жил, Христийн шашин 2000 жил, Исламын шашин 1521 жил, Бахай Шүтлэг 165 жил оршин сургаал номлолоо хөгжүүлж ирсэн байна.

Өнөөдөр дэлхий нийтээр өөрийн гэсэн тодорхой бурхантай, тогтсон зарчимтай, үнэт зүйлтэй сүсэг бишрэлийг шашин гэнэ. Харин ийм зүйлгүй сүсэг бишрэлийг мухар сүсэг хэмээн цээрлэдэг. Гол гурван шашин болох Буддын шашныг Будда, Исламын шашныг Мухаммед, Христийн шашныг Есүс гэдэг хүн бүтээсэн. Тэдний бусдаас ялгагдах гол онцлог нь хүн яагаад нас бардаг вэ, яагаад муу зүйлийг хийгээд байна вэ гэдгийн учгийг тайлж сургаал номлолоо айлдсан хүмүүс юм. Ямар ч шашны хамгийн гол сургаал бол нүгэл хийж болохгүй буян буюу бусдад хэрэгтэй зүйл хий гэдэг. Буян хийгээд дараагийн амьдралдаа сайн төрлийг олж төрөх нь шашны гол зорилго. Иймээс нийгэм эрүүл оршин тогтнож, хүмүүсийн харилцаа худал хуурмаг байх, бие биендээ муу зүйл хийхээс шашин сэргийлдэг. Иймээс ямар ч улсын бие даасан байдал болоод, эрүүл оршин тогтноход шашин чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Харамсалтай нь эдгээр шашин нь маш олон урсгалтай болж бүр хоорондоо дайсагнаж байдаг нь нэн харамсалтай.

Шашиныг мухар сүсэг мэтээр шүтвэл ази, африкийн зарим орнууд шиг өөрийгөө үнэгүйдүүлж бусдыг хоосон шүтэх болно. Мөн лалын шашинт зарим улсууд шиг шашин, итгэл үнэмшил нэрийн дор аллага үйлддэг болно. Үнэндээ хүмүүсийн итгэл үнэмшлийг ашиглаж өөрийн увайгүй үйлдлээ хэрэгжүүлнэ гэдэг хамгийн том нүгэл гэлтэй.

Шашны бас нэг ач холбогдол ньчухамхүү сүм хийдүүдээс шинжлэх ухаан үүсэж их сургуулиуд байгуулагдсанаар хүн төрөлхтөн орчин үеийн хөгжил дэвшилд хүрсэн явдал юм.

Өнөөдөр Монголчууд дэлхийн гол 3 шашин болох Буддын, Загалмайн буюу Христийн, Исламийн шашныг гурвууланг нь шүтэж байна.

Буддын шашин:

Манай эриний өмнөх YI зуунд Энэтхэгт үүссэн хамгийн эртний шашин юм. Энэ шашны бурхан нь “Ертөнцийн эзэн”, “Бүхнийг бүтээгч” бус түүхэн бодит хүн байдаг учир эрдэмтэд “Шинжлэх ухаанд хамгийн ойр шашин” гэх нь бий.

Буддын шашныг хан хүү Сиддхартхи Гаутам бий болгосон гэж үздэг. Аав нь хан хүүг амьдралын муу муухайгаас ангид алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн байна. Хан хүү хайрт бүсгүйтээгээ гэрлэж хүүтэй болжээ. Гэтэл тэрээр дөрвөн зүйлтэй тулгарсны дараа үзэл бодол нь эрс өөрчлөгдсөн аж. Хан хүү эхлээд насны туйль болсон хөгшинтэй дараа нь уяман өвчин туссан нэгэнтэй мөн оршуулах ёслолыг харсан байна. Эцэст нь үгээгүй ядуу нэгэнтэй таарчээ. Энэ бүхний дараа хан хүү ихэд цочролд орж амьдралын утга учрыг олохоор 29 насандаа хааны ордноос оргожээ. Хан хүү Гаутам бясалгалын ачаар амьдралын утга учраг олж 35 насандаа Будда болсон байна. Буддааг 45 наснаасаа өөрийн сургаалийг айлдаж эхэлсэн гэж үздэг. “Номын хүрдийг эргүүлэхүй” буюу түүний эхний сургаал сударт үнэнийг хайгчид мэдрэхүйн жаргалд дурлах болон хэт их хатуужил тэсвэрийг үйлдэх гэсэн 2 төрлийн туйлшралаас сэрэмжлэх хэрэгтэй гэж сургажээ.
Энэхүү төв зам мөрийг тэрээр хутагтын 4 үнэн, 8 гишүүнт зам мөр гэсэн сургаалиудаараа тайлбарлажээ.

Хутагтын 4 үнэн:

  • Зовлон буй
  • Зовлон шалтгаантай буй. Тэр нь шунал
  • Шунал үгүй бол зовлон үгүй
  • Зовлонг устгах арга зам буй.

Зовлонгоос гарах тэрхүү зам мөр нь Хутагтын 8 гишүүнт зам мөр юм. Энэ зам мөр нь 3 хэсэгт хуваагддаг. Шилла буюу зөв явдал, самади буюу сэтгэлийн төвлөрөл, паняа буюу сэтгэлийг бүрэн цэвэрлэн ариусгах билгүүн ухааныг үүсгэх байдаг.

Буддизм нь дотроо маш олон салбар болон задрах ба зарим нэг асуудал дээр ялгарах боловч бүгд Буддагийн боловсруулсан Хутагтын 4 үнэн болон Хутагтын 8 шүүлт мөрийг үндэслэл болгодог юм. Бурхан бээр шунал хүслийн улмаас зовлон үүсч байгааг өөрийн туршлагаар онож мэдэрсэн ба энэ үл төгсөх орчилт орчлонгийн гинжин хэлхээг тасдах аргыг олсон хүн юм. Тэрээр гадаад ертөнцийн юмс болон сэтгэлд орших шунал хүслийн хариу үйлдлүүд хоёр нь бидний биенд илрэх мэдрэмжээр холбогдож байдгийг өөрийн сэтгэлийн гүнд ажиглаж мэдсэн байна. Хүн биеийн 5 мэдрэхүй болон сэтгэлийн мэдрэхүйгээр ямар нэгэн дүрстэй шүргэхэд бидний биед мэдрэмж үүсэх ба тэрхүү мэдрэмжийн зүг тэмүүлэн хүсэл шунал үүсдэг байна. Хэрэв мэдрэмж тааламжтай байвал тэр мэдрэмжийг удаан үргэлжлүүлэн мэдрэх хүсэл үүснэ. Харин тааламжгүй байвал тэр мэдрэмжээс ангижрах хүсэл үүсдэг байна.

Загалмайн шашин:

Загалмайн шашин буюу Христийн шашин нь 1-р зуунд үүссэн бөгөөд Ромын Эзэнт Гүрний Иуда мужад иудей буюу жүүд (израйль) хүмүүсийн дунд бий болсон. Үүний дараагаар Бага Ази болон Египетээр дамжин Грек, Италид тарахсан гэж үздэг. 392 онд Ромын Эзэн Гүрний хаан I Теодосис хаан 2 сарын 27-ний өдөр зарлиг буулган Ромын Эзэнт Гүрний төрийн шашин болгон өргөмжилжээ.

1054 онд Христ Итгэлд тулгуурласан нэгдмэл шашинд хагарал гарч Зүүн Ром буюу Византад Үнэн Алдартны урсгал бий болжээ. XVI зуунд Ромын католик шашнаас эх авч, шинэчлэгдсэн үзэл санааг түгээх Протестант урсгал бий болсон бөгөөд Протестант урсгал нь дотроо маш олон сектүүдэд хуваагдах болжээ.

Шинэ Гэрээнд өгүүлснээр, Иудей хүн Есүс 30 гаруй настай байхдаа (Христийн тооллын 1-р зууны 30-аад оны үе) эхлэн үйлчлэлээ эхлэн, сургаалаа номлож эхэлсэн. Тэрээр мөнх амь, Тэнгэрбурханд итгэх итгэл болон зөвт, гэм зэмгүй амьдралын талаар заадаг байсан. Есүс өвчтэй хүмүүсийг эдгээж байсан бөгөөд хүмүүсийн гэм нүглийн төлөө загалмайд цовдлогдон нас барсан гэж үздэг. Гэм нүглийн төлөөс нь цус бөгөөд Еврейчүүд гэм нүглээ далдлахын тулд хургаар Тэнгэрбурханд өргөл өргөдөг байсан. Ингэсээр уучлал ирдэг гэсэн ойлголтоос бий болжээ. Христ яг тэр хургатай адил өөрийгөө хүмүүсийн гэм нүглийн төлөө өгсөн бөгөөд ингэснээр Түүнд итгэсэн хүн бүр гэм нүглийн уучлалыг хүлээн авах болно хэмээн заадаг.

Христийн шашин эсвэл Христ итгэл нь Есүс Христ гэх Тэнгэрбурханы Хүү, Мессиа хүн төрөлхтнийг (еврейгээр Аврагч) аварна гэх ганц төвт итгэлийг заадаг итгэл бишрэл юм. Тооцоогоор нийт дэлхийн 2,1 тэрбум хүн Христ итгэлийг дагадаг ба энэ нь дэлхийн нийт хүн амын ойролцоогоор 33,32% юм. Христ Итгэл нь дангаараа шашин биш бөгөөд Христ Итгэлд тулгуурласан шашныг Петр тэргүүтэй Христийн шавь нар Ариун Библи болон Христийн номлол сургаальд үндэслэн залгамжилж, үүсгэн байгуулсан нь Католик шашин юм. Христ Итгэлийг гол цөм болгосон Католик шашнаас Үнэн алдартны урсгал, Протестант буюу Евангелийн шинэ урсгалууд үүсэн бий болжээ. Ингэснээр Христ Итгэлд тулгуурласан нэгдмэл даяар ертөнцийн гэсэн утгатай үгийг Ромын Эзэнт гүрэнд төвтэй Латин сүмүүд залгамжлан авч Ромын Католик хэмээх тодотголыг хэрэглэх болсон байна. Христ итгэлд тулгуурласан цорын ганц Католик шашнаас Үнэн алдартны, Протестант урсгалууд бий болжээ. Үнэн Алдартны сүм, протестант сүм, чуулганы номлол, ёс дэг жаяг, чуулганы зохион байгуулалт зэрэг нь бүгд Католик шашнаас эх авч бий болсон бөгөөд шинэ зүйл бий болгоогүй, шинэчлэл хийсэн учир эдгээрийг “урсгал” хэмээн авч үзнэ. Христ Итгэл нь Библи гэх судрыг хэрэглэдэг бөгөөд энэ нь “Хуучин Гэрээ” ба “Шинэ Гэрээ” гэсэн 2 ботид хуваагддаг. 1600 жилийн туршид нийт 40 гаруй эш үзүүлэгч, дагалдагч нараар бичигдсэн юм.

Исламын шашин:

Монголчуудын хэрэглэдэг “Лал” хэмээх үг нь Төвд хэлний “Лало” буюу Буруу номтон гэсэн үгнээс гаралтай буруу ойлголт бөгөөд дэлхийн бүх хэлэнд Исламын шашин, мусульман хэмээн хэлэгддэг. Ислам гэдэг нь шашиных нь нэр, мусульман гэдэг нь шүтэн бишрэгчдийг нь хэлнэ. Мусульманчуудын тайлбараар бол Ислам гэдэг нэрийг Аллах Эзэн өөрөө хайрласан гэх бөгөөд ислам нь энх амгалан, зөв шудрага, өөгүй сайхан, хор нөлөөгүй гэсэн утга агуулдаг байна. Харин өнөөдөр олон нийт тэр чигээрээ лал, лалын шашин хэмээн бичиж ярьж тэмдэглэж байгаа нь буруу бөгөөд нөгөө талаас лал гэх нь ислам шашинтуудын хувьд томоохон доромжлол юм.

Ислаамын шашинг дотор нь Суннит-Шийт хэмээх хоёр үндсэн том урсгалаар нь бид ойлгож ирсэн. Үнэндээ энэ шашин дотроо Суннит-Шийт-Харижит гэсэн 3 томоохон урсгал, 20 гаруй чиглэл, хэдэн зуун сэкт бүлэглэлтэй юм. Суннит дотор урсгал байхгүй боловч Исламын хуулийн тайллаас шалтгаалж Ханафи, Ханабали, Малики, Шафий гэсэн 4 хэсэгт хуваагддаг. Дараагийн том урсгал нь Шийт (Алигийн бүлэг гэдэг үгний товчлол). 4-р халиф Алиг шүтэн бишрэгчид. Мухаммед нь Алид өөрийнхөө нууцыг дамжуулсан учраас Мухаммедийн цорын ганц дамжуулагч нь Али гэж үздэг байна. Дотор нь Исмайлийн бүлэг, Жафарын бүлэг, Зейдитын бүлэг гэж хуваадаг. Эдгээрээс салбарласан олон урсгалууд байдаг. Харажит дотроо ибадитын бүлэг гэсэн салбартай. Голчлон Йемен, Оман улсуудад энэ урсгал тарахсан. Мусульман хүний мөрдөх ёстой хууль ёсыг бүхэлд нь шариат гэх ба Шариат нь мусульман орнуудын хууль, шүүх байгууллагын үйл ажиллагаанд чухал байр эзэлдэг.

Исламын шашинд бүгдээрээ нэг зүгт алхах нь ашиг тустай хэмээн сургадаг. Ислам шашин өнөөдөр дэлхийн Мусалмаанчуудийн зөвхөн шашин шүтлэг нь төдийгүй, шинжлэх ухаан, тэдний иргэншил, эдийн засаг, улс төрийн амьдралын зохион байгуулалтын үндэс, хэрхэн аж төрөх, ёс уламжлал, ёс заншил, ертөнцийг үзэх үзэл нь болсон байна. Тухайлбал эмнэлэг, анагаах ухаан, математик, физик, одон орон, газар зүй, хөдөө аж ахуй, урлаг, уран зохиол, түүхийн шинжлэх ухааныг өндөр түвшинд хөгжүүлж чаджээ. Мөн дундад зуунд тэг (0) хэмээх тоог алгебрт оруулсанаараа тэд шинжлэх ухааны маш олон шийдвэрлэгдээгүй асуултанд хариулт өгч чадсан байна. Европчуудын нээлтүүдэд чухал үүрэг гүйцэтгэсэн газрын зураг, луужин, квадрат зэргийг мусалмаанчууд нээж хөгжүүлсэн билээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний салбарын Хөдөлмөрийн баатруудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбараас есөн Хөдөлмөрийн баатар төрөн гарсан байдаг. Эрчим хүчний салбарт хийж бүтээх насаа зориулж, Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан дөрвөн буурал энх тунх амьдарч байна. С.Балдорж, Д.Сэдбазар, П.Дамбийбазар, П.Дамдин нарын буурлуудыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын эхэнд эрчим хүчний салбарын шавыг тавилцаж, өнөөгийн хөгжлийг түүчээлсэн ахмад буурлуудын ач буян их гэдгийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлсэн. Өнгөрсөн үед эрчим хүчний салбарт хийж бүтээсэн, өнөө үед хэрэгжүүлэх ёстой олон ажил байгаа гэдгийг Хөдөлмөрийн баатрууд ч онцолж байв.

Эрчим хүчний салбарын Хөдөлмөрийн баатар Д.Сэдбазар: “Анх 1968 онд “ДЦС-3” ТӨХК-д засварчнаар ажиллаж ажиллаж байлаа. Дараа нь Эрчим хүчний нэгдсэн засварт 10 гаруй жил ажиллаж байгаад “ДЦС-3” ТӨХК-даа эргэн орсон юм. Ингээд би Эрчим хүчний салбарт 27 жил ажилласан байна. Энэхүү хугацаандаа Эрчим хүчний салбарын ажилчидтай мөр зэрэгцэн бүх нас, амьдралаа зориулж хөдөлмөрлөж байлаа. Одоо Эрчим хүчний салбар маань улсын хөгжлийг дагаад хөгжиж байгаад их талархаж суудаг. Өнөөдөр Эрчим хүчний яамны сайд Ц.Даваасүрэн өнөөдөр амьд сэрүүн байгаа Эрчим хүчний салбарын дөрвөн Хөдөлмөрийн баатраа хүлээн авч уулзан дотно сайхан ярилцаж салбарын хөгжил дэвшлийн талаар санал бодлыг маань сонслоо. Би хувьдаа Даваасүрэн сайдыг УИХ-ын гишүүд дундаасаа үнэнийг ярьдаг, үнэний төлөө явдаг, Монголын ард түмний төлөө өөрийн оюун ухаан, сэтгэлээ зориулж яваа хүн гэж боддог. Хүнд хэцүү манай салбарыг чадварлаг хүнээр удирдуулж байгаад баяртай байна. Би сайдад нэг санал хэллээ. Энэ нь Монгол улс гадаадаас эрчим хүчээ авдаг асуудлыг зогсоох хэрэгтэй. Монгол орон нүүрсээр үнэхээр баян орон гэдгийг ард түмэн мэдэж байгаа хэдэн арван станц галлах мөн цаашлаад нар сарны эрчим хүчийг ашиглах хэрэгтэй байна. Монголын хөгжлийн түүчээ болсон энэхүү салбарт ажиллаж байгаа сайддаа болон эрчим хүчний салбарын мянга мянган ажилчиддаа халуун баярыг хүргэж ажил амьдрал нь өөдрөг, үр хүүхэд, хань ижил, найз нөхөд нь аз жаргалаар бялхаж байх болтугай гэж хүсье!”

Эрчим хүчний салбарын Хөдөлмөрийн баатар С.Балдорж: “Анх 1970 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Сүхбаатарын нэрэмжит Дулааны нэгдүгээр цахилгаан станцад хуваарилагдан турбиний машинч гэсэн мэргэжлээр ажиллаж эхэлснээс хойш Эрчим хүчний салбарт 34 жил ажилласан байна. 1980 онд “ДЦС-4” ТӨХК-ийг ашиглалтад орж эхлэх үеэс тэнд Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж эхэлсэн. Зөвлөлтийн мэргэжилтнүүдээс их зүйл сурсан даа. Ашиглалтын ажилчид тухайн үед өдөртөө, сардаа, жилдээ хичнээн мянган кВт цахилгаан энерги боловсруулав, ямар ашигтай ажиллав, түлш хэрхэн хэмнэв гэсэн тооцоолол байхгүй байв. Үүнийг Дулааны нэгдүгээр цахилгаан станцийн ахмад инженер н. Баяр, н.Түвшин мастер н. Жамсранжав нарын заавар зөвөлгөөний ачаар анх удаа бид хөдөлмөрийн тоо хэмжээ, чанар , үр ашгийн үнэлгээнд хувийн тооцоог нэвтрүүлж ажилласан. Ардчилалд шилжих үеэр ихэнх Зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцахад Монголын талаас боловсон хүчин дутмаг байсныг хэлэх үү бүгд л цаг наргүй тэвдүү ажиллаж байлаа. Өнөөдөр салбарын сайд маань хүлээн авч уулзлаа. Даваасүрэн сайдыг 10-аад жилийн өмнөөс мэднэ. Анх сургууль төгсөж ирээд манай диспетчерийн албанд инженерээр 2,3 жил ажиллаж байсан. Шийдмэг, хэлсэн үгэндээ эзэн болдог,шинэлэг санаачлагыг гаргадаг сайдтай болсондоо манай салбарынхан их баярлаж байгаа. Ахмадуудыг нэг биш удаа хүндэтгэн хүлээн аван авч уулзаж байгаад мөн талархаж байна”

Уулзалтын төгсгөлд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хөдөлмөрийн баатруудаа хүлээн авч уулзан дотно сайхан ярилцаж салбарын хөгжил дэвшлийн талаар санал бодлыг нь сонсож, хэзээд үүд хаалга нь нээлттэй гэдгийг тодотгон хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговийн 10 багш Филиппин улсад суралцана

Өмнөговь аймагт “Зөгийн үүр” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд нийт 300 гаруй иргэн гадаадад урт болон богино хугацааны сургалт, туршлага судлах арга хэмжээнд оролцжээ.

Англи хэлний багш нарыг энэ онд багтаан Филиппин улсад сургахаар төлөвлөсөн ба өнөөдөр 10 багштай гэрээ байгуулж, Филиппин улсад сургахаар болов. Тэд 2 сарын хугацаанд дүрэм, яриа, заах аргыг суралцаж өөрсдийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлээд аймаг, орон нутагтаа ирж ажиллана. Он гарсаар нийт 20 багшийг гадаадад сургаж байгаа бөгөөд сургалтын төлбөрийг 100 хувь аймаг, орон нутгаас хариуцжээ.

Categories
мэдээ нийгэм

Тэгээс тэрбумтан болсон эрхэмийн сургааль үгс

Интернет худалдааны “Alibaba Group Holding Ltd-г үндэслэгч Жэк Ма бол яах аргагүй технологийн салбараас төрсөн тэрбумтны нэг юм. Тэрээр тэгээс тэрбумтан болтлоо бүгдийг өөрийн гараар босгосон бөгөөд өөрийнх нь 22 тэрбум ам.долларын хөрөнгө нь түүнийг хятадын төдийгүй дэлхийн баян хүмүүсийн нэг болгосон. Alibaba-гийн гаргасан IPO $25 тэрбум ам.долларыг 24 цагийн дотор босгон бизнесийн ертөнцийг шуугиулан түүхэн дэх хамгийн аварга IPO-гоор бичигдэн үлдсэн.

Тэрээр саяхан болж өнгөрсөн Давосын дэлхийн эдийн засгийн чуулганы үер өөрийн бизнесийн түүхийгярихдаа “Манай сайт уруу өдөрт 100 сая хэрэглэгч хандан худалдан авалт хийж байна. Өнгөрсөн хугацаанд Alibaba шууд болон дамаар 40 сая гаруй ажлын байр бий болгосон.“ гэж хэлсэн билээ.Иймээс энэ хүний сургааль үг манай залууст яах аргагүй тэрбумтан болох сургууль болох нь дамжиггүй. Тэрээр “Олон ч хүн надад E-bay илүү, Google илүү дээр гэсэн урам хугармаар зүйлсийг хэлж байсан. Гэхдээ бид тэдний бодлоос хамаагүй сайн байсан л даа. Харалдаа өнөөдөр бид хэчнээн том болсон байгааг.”, “Хүмүүс нүүр тулан шууд харилцахыг илүүд үздэг тул чи итгэлцлийг бий болгох хэрэгтэй. Онлайн бизнес явуулахад итгэлцэл хэрэгтэй. Онлайн худалдааны хамгийн чухал зүйл бол итгэлцэл байдаг.”, “Хэрвээ чи хийж эхлэхгүй бол тэр зүйл чинь бүтэшгүй хэвээрээ л байсаар байна. Хэрвээ чи хийж эхэлвэл ядаж чамд итгэл найдвар төрнө.”, “Хийж буй зүйлдээ итгэ. Хүмүүст таалагдаж байгаа эсэхийг үл тоон хийж буй ажилдаа л дурла.”гэж бидэнд сургажээ.

Г.АМАРСАНАА


Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн түншлэлийн хуралдааныг нээлээ

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг энэ оны долдугаар сарын 3-6-нд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан Улаанбаатар хотноо болж байна. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.04.24) уг арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНСУ,БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, Шри-Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 16 улс, олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон олон улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг 19 олон улсын байгууллагаас нийт 120 гаруй төлөөлөгчид хандан үг хэлснээр хуралдаан эхэллээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон бодлого, зорилтын талаар өгүүлээд, “Дэлхийн нийт хүн амын ихэнх хувь нь амьдарч байгаа хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь улс орон бүрийн анхаарах асуудал болж байна. Монгол Улс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас санаачлан дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “Гамшигт тэсвэртэй аюулгүй, хот” хөтөлбөрийг бүрэн дэмжиж бүх аймгийн төв, хотуудаа нэгтгэсэн Азийн анхны орны хувьд гамшигт тэсвэртэй эрсдэлийн мэдрэмжтэй хот төлөвлөлтийг зорилгоо болгон ажиллаж байна. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үеэр Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулах онцлох хуралдааныг “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна” хэмээв.

Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр өдөр үргэлжлэх Азийн түншлэлийн хуралдаанд амжилт хүсээд, Азийн сайд нарын бага хурлаас гарах Улаанбаатарын тунхаглал, оролцогч талуудын мэдэгдэл зэрэг баримт бичгүүд болон Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлын хөтөлбөрийг эцэслэн батлахад оролцогч тал бүр санаа, оноогоо тусган сайтар хэлэлцэхийг үгийнхээ төгсгөлд онцоллоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшиний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт хатагтай Хибер-Жерардет,

Хүндэт зочид төлөөлөгчдөө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо !

Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаарбага хурлын бэлтгэл ажлын хүрээнд 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаанд хүрэлцэн ирсэн та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлсэнээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор зохион байгуулахаар Монгол Улсад суугаа гадаад улсын элчин сайдын яамдууд, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, иргэд олон нийттэй хамтран ажиллаж байна.

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын манлайлал дор дэлхийн улс орнууд 2015 онд Япон Улсын Сендай хотноо хуралдаж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг баталсанаас хойш 3 жил, Азийн улс орнуудын сайд нар БНЭУ-ын Нью Дели хотноо хуран цуглаж, Азийн бүсийн Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө болон Нью Делигийн Тунхаглалыг баталсанаас хойш нэг жил хагасын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Азийн улс орнууд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж бодит үр дүн гарган ажиллаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол Улсын хувьдДэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгүүдэд дэвшүүлсэн зорилт, тэргүүлэх чиглэлүүдийгхэрэгжүүлэх, салбарын бодлого, хөтөлбөрүүдэд тусгахадонцгойлон анхаарч байна.

Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх үндэсний стратегийг батлан гаргаж, төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, шинжлэх ухаан, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийт, олон улсын байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байна.

Мөн гамшгаас хамгаалах менежментээс гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо руу шилжих явцыг удирдлагаар ханган ажиллах, гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж бэхжүүлэх үүрэг бүхий Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийг байгуулж, орон нутгийн салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна.

2017 оны 02 дугаар сард зохион байгуулагдсан НҮБ-ын 71 дүгээр Ерөнхий Ассамблейгаас Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн дэлхийн 7 зорилтот шалгуур үзүүлэлтийг батлан гаргасан нь бүс нутаг, улс орнуудад уг баримт бичгийн хэрэгжилтийн явцыг дотооддоо хянах,тулгамдаж буй асуудлаа тодорхойлж шийдвэрлэх, ахиц дэвшлээ үнэлж дүгнэх, тайлагнах боломжийг бүрдүүлсэн.

Улаанбаатар хотод болох Азийн сайд нарын бага хурлаар бид дараагийн 2 жилд хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөг шинэчлэн батлахын тулд уг төлөвлөгөөг 2017-2018 онд хэрэгжүүлэх явцад улс орнуудын гаргасан ололт амжилтууд, тулгарч буй асуудлуудыг хэлэлцэн цаашдын чиглэлүүдээ тодорхойлохыг зорилго болгон ажиллах нь нэн чухал билээ.

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө !

Ази Номхон далайн бүс нутгийн улс орнууд нийгэм, эдийн засгийн хөгжлийн бүтээн байгуулалтыг бий болгож, олон сая хүнийг ядуурлаас ангижруулсан эерэг өөрчлөлтүүд гаргаж байгаа хэдий ч байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн өмнө хүчин мөхөстөж, олон мянган хүн гамшгийн аюулд өртөн хохирол амссан хэвээр байна.

Нийгэм эдийн засгийн хөгжлийг дагасан хот суурин газрын төвлөрөл, хүн амын нягтаршил, үйлдвэржилт, экосистемийн доройтол, байгалийн нөөцийн болон газрын зохисгүй ашиглалт нь бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.

Дэлхийн нийт хүн амын ихэнх хувь нь амьдарч байгаа хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхнь улс орон бүрийн анхаарах асуудал болж байна.

Монгол УлсНҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас санаачлан дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж,тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “Гамшигт тэсвэртэй аюулгүй, хот” хөтөлбөрийг бүрэн дэмжиж бүх аймгийн төв, хотуудаа нэгтгэсэн Азийн анхны орны хувьд гамшигт тэсвэртэй эрсдэлийн мэдрэмжтэй хот төлөвлөлтийг зорилгоо болгон ажиллаж байна.

Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үеэрМонгол Улсын Засгийн газраас зохион байгуулах онцлох хуралдааныг “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна.

Эрхэм хатагтай, ноёд оо !

Энэхүү өнөөдрийн хуралдаан нь ирэх 7 дугаар сард зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаарбага хурлын сүүлийн бэлтгэл хуралдаан болж байгаа бөгөөд хурлаар дараах асуудлыг хэлэлцэх гэж байна. Үүнд:

– Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын бэлтгэл ажлын явцыг хэлэлцэх,

– Улаанбаатарын тунхаглал, оролцогч талуудын мэдэгдэлзэрэг хурлаас гарах баримт бичгүүдийн агуулгыг хэлэлцэн та бүгдийн санаа,оноог тусгах,

– Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаарбага хурлын хөтөлбөрийг эцэслэн баталгаажуулах явдал юм.

Энэхүү түншлэлийн хуралдаанаар Та бүхний дэвшүүлсэн санал, санаачилга болоод энэхүү хуралдаанаас гарах шийдвэрүүд нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулах, түүний ач холбогдол, үр дүнг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаарбага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах шийдвэрийг гаргаж, Монгол Улсын Засгийн газарт бүх талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах газар, холбогдох талуудад дахин талархал илэрхийлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Монголын сайхан оронд тавтай морилно уу.

Анхаарал тавьсанд баярлаллаа.

Categories
мэдээ улс-төр

Зээлийн хүүд хязгаар тогтоох тухай хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ “Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх эрх зүйн үндсийг бий болгох зорилго бүхий уг хуулийн төсөлд зээлийн хүүгийн хязгаарын түвшинг зээлийн 4 төрлөөр ялгавартай тогтоох нь бодлогын хувьд оновчтой шийдэл гэж үзсэн байна. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн 100 сая хүртэл төгрөгийн дүнтэй зээлийн болон цалингийн зээлийн дээд хязгаар жилийн 18 хувь, тэтгэврийн зээлийн дээд хязгаар жилийн 12 хувь, бусад төрлийн зээлийн дээд хязгаар жилийн 24 хувь байхаар төсөлд тусгажээ.

Түүнчлэн банкуудын одоогийн мөрдөж буй зээлийн өндөр хүүг бууруулах асуудлыг дорвитой шийдвэрлэсэн хязгаарын түвшинг шууд заах, хуулийн үйлчлэх хүрээнд банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, ломбард зэрэг зээлдүүлэгчид, тэдгээрийн зээлийн үйл ажиллагааг хамруулахаар тусгасан байна.

Мөн зээлийн үйл ажиллагаанд хязгаараас илүү гарсан хүү тогтоож мөнгө хүүлэхийг, зээл олгох, сунгах, бэлэн мөнгө гаргах зэрэгт шимтгэл хураамжууд тогтоож хэрэглэгчээс авах зэргийг хориглосон заалтууд, тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон заалтууд туссан байна.

Энэ хууль батлагдсанаар зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурах, ялангуяа банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү багасан, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана гэж тооцжээ. Улмаар бизнесийн үйл ажиллагааны зардал буурах, ашиг хуримтлал нэмэгдэх, бизнесийн орчин сайжрах, төлбөрийн чадвар дээшлэх, татварын бааз суурь тэлэх, төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг нөлөөлөл гарна гэж төсөл санаачлагч үзжээ.