Categories
мэдээ спорт

“Улаанбаатар сити” баг анх удаа супер цомыг өргөлөө

Үндэсний дээд лиг, МХБХ-ны цомын аварга багууд хүч үзэж, шинэ улирлын нээлтийг хийдэг. Супер цомын тоглолт өнөөдөр “Эрчим” болон “Улаанбаатар сити” багуудын дунд боллоо.

Анх удаа “Супер цом”-ын төлөө тоглосон “Улаанбаатар сити” багаас Б.Төгсбилэг /11’/, Ц.Түмэнжаргал /35’/ болон шинээр авсан тоглогчид болох Артур Коуасси /31’/, Шон Поуер /39/’ нар нэгдүгээр үед гоол оруулан гэнэтийн бэлэг барив. “Супер цом”-ыг анх зохион байгуулагдсан цагаас нь хойш зургаан удаа түрүүлээд байсан “Эрчим”-ийн залуус хоёрдугаар үед дөрвөн гоолын зөрүүг арилгах хүнд даалгавартай болсон юм.

“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн аварга “Эрчим”-ээс Мотохиро Канаширо, С.Дорж нар хоёрдугаар үед гоол оруулан тооны харьцааг ойртуулсан ч үр дүнг өөрчлөхөд хангалттай цаг байсангүй. Тийнхүү “Супер цом”-ыг 2011 оноос хойш анх удаа “Эрчим”-ээс өөр баг өргөсөн нь “Улаанбаатар сити” клуб боллоо.

Categories
мэдээ спорт

П.Орхон гуравдугаар сарын шилдэг тамирчнаар нэрлэгдэв

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин”-ыг спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулга явуулан тодруулж байгаа.

Тэгвэл өнгөрөгч гуравдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 9-22-ны өдрүүдэд үргэлжилж, “Сарын шилдэг тамирчин”-аар Монголын Үндэсний Олимпийн Хорооноос Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоныг нэрлэжээ. Тэрээр гуравдугаар сард Кыргызстан улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн, аварга болсон юм.

Түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөөнийг ОХУ-ын Екатеринбург хотноо явагдсан жүдогийн их дуулга тэмцээнд түрүүлсэн амжилтаараа хоёр дахь сардаа дараалан энэ шалгаруулалтанд өрсөлдсөн ОУХМ Ц.Цогтбаатар, мэргэжлийн сүмогийн Хару башёд түрүүлсэн их аварга Какүрюү М.Ананд нар үзүүлж удаах байруудад бичигджээ

Categories
мэдээ спорт

Оддын хөлбөмбөгт “Шонхорууд” баг хожлоо

Монголын Хөлбөмбөгийн Холбоо хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний цом Монгол улсад анх удаа зочилж буйтай холбогдуулан “Оддын хөлбөмбөг”-ийн тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Анхдугаар тэмцээнд оролцож байсан урлаг, спортын олон алдартнууд энэ жил дахин өрсөлдсөн. Улаан өмсгөлтэй буюу “Шонхорууд” багт Олимпийн аварга, МУГТ Э.Бадар-Ууган,МУ-ын аварга Ч.Санжаадамба,МУГТ Х.Цагаанбаатар, жүжигчин Т.Бархүү, У.Цогтбаяр, М.Баярбат, н.Манлай, Н.Ялалт, Э.Цогтбаяр, С.Болд-Эрдэнэ, “Ice Top” хамтлагийн дуучин Д.Манлайжаргал, дуучин Т.Батсайхан, “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаатар, загвар өмсөгч М.Оргил, сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч Т.Санчир нар тоглолоо.

Тэгвэл тэдний өрсөлдөгч цэнхэр өмсгөлтэй “Барсууд” багт Олимпийн аварга, МУХБ Н.Түвшинбаяр, МУ-ын аварга С.Мөнхбат, МУ-ын гарьд Н.Ганбаатар, МУГТ Д.Отгондалай, жүжигчин Э.Ууганбаяр, С.Тэмүүжин, Лхагвацэрэн, Д.Энхбаяр, Э.Алдар, “Digital” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг, дуучин П.Идэржавхлан, “Чоно” хамтлагийн дуучин Д.Дэрмээ, “Хурд” хамтлагийн хөгжимчин Мөнхбат, дуучин П.Баярцэнгэл, “Motive” хамтлагийн дуучин Ц.Эрдэнэбаяр, сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч Б.Билгүүн нар талбайд гарчээ. Тоглолтын эхнээс илүүрхэн тоглосон СТА, жүжигчин Н.Онон дасгалжуулагчтай “Шонхорууд” баг өрсөлдөгчөө 3:0-ийн харьцаатай хожсоноор 5 сая төгрөгийн шагналын эзэд болсон байна.

“Барсууд” багийнхан хэдийгээр ялагдсан ч 3 сая төгрөгний урамшууллыг авчээ. МХБХ энэ жил “Оддын хөлбөмбөг”-ийн тэмцээнийг үзэгчдэд ямар нэг үнэ төлбөргүй үзүүлсэн. Тоглолтын дараа ДАШТ-ий цом ногоон талбайд зочилж, Эрчим – Улаанбаатар Сити клубүүд МХБХ-ны супер цомын төлөө тоглосноор өнөөдрийн арга хэмжээ өндөрлөсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Торонтод болсон халдлагад монгол хүн өртөөгүй

Канад улсын Торонто хотод өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 13.30 цагийн орчимд гарсан халдлагад монгол иргэд өртөөгүй хэмээн Гадаад харилцааны яамны Консулын хэлтсээс мэдээллээ.

Тус хотод микроавтобустай этгээд явган зорчигчдыг санаатайгаар дайрч, халдлага үйлдсэний улмаас 10 хүн нас барж, 16 хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Канадын цагдаагийн байгууллага халдлага үйлдсэн этгээдийг газар дээр нь баривчилжээ. Торонто хотод манай улсын 5000 орчим иргэн оршин суудаг аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг Зохион байгуулах Үндэсний хорооны хуралд тус хорооны гишүүд, салбар хороодын дарга нар оролцлоо.

Зохион байгуулах Үндэсний хороо нь Үндэсний бөх, Хурдан морь, Үндэсний сур, Шагайн харваа, Төрийн ёслол, үйлчилгээ, Урлаг соёлын арга хэмжээ, Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээ, Хэв журам, Хэвлэл мэдээлэл сурталчилгааны гэсэн есөн салбар хороотой байх бөгөөд хурлаар салбар хороодын бүрэлдэхүүнийг баталлаа.

Мөн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулга, хөтөлбөрийн төслийг сонгон шалгаруулах ажлын удирдамжийг баталлаа. Энэхүү удирдамжийн дагуу баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаа, хүндэтгэлийн концертын найруулагчдын багийг сонгон шалгаруулах юм. Монгол Улсын иргэн, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой. Төслийг энэ оны тавдугаар сарын 15-ны өдөр БСШУСЯ-нд бүртгэн хүлээж авах юм байна.

Монгол Улсын Шадар сайд, Зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин,

-Монгол түмэн цагаан сар, наадмаа өргөн дэлгэр хийж, зохион байгуулалттай болбол сайхан цаг ирж байна гэж бэлгэшээж, дараа жилийн цагаан сар, наадам хүртэл ярилцдаг. Иймд зохион байгуулах хорооны төлөвлөгөөнд тусгагдсан болон төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж, баяр наадын бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг салбар хороодын дарга нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдлаа

УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан өнөөдөр 12 цаг 08 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хэрэгжилт, биелэлт болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа танилцууллаа. Тэрээр, Монгол Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоолоор дөрвөн бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлт бүхий “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг 2016 оны хоёрдугаар сард баталсан. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь эдийн засаг, нийгэм, байгаль орчин болон засаглал гэсэн дөрвөн чиглэлд хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдөр ТХЗ-ын үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох, дэлхийн болон үндэсний шалгуур үзүүлэлтийн аргачлал, арга зүй, мэдээллийг эх үүсвэрийг тогтоох үүрэгтэй есөн ажлын хэсгийг МУ-ын Ерөнхий сайдын 2016 оны 44 дүгээр захирамжаар байгуулан ажлын хэсэгт төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, судалгаа шинжилгээ байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан ажилласан. ТХЗ-ын ажлын хэсэг нь үндэсний түвшний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох, Дэлхийн болон үндэсний түвшний шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийн эх үүсвэр, аргачлал, арга зүйг тодорхойлж, бэлэн байдалд үнэлгээ өгөх, суурь болон хүрэх зорилтот түвшний мэдээллийг гаргах, үндэсний түвшний бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах ажлуудыг хийж, гүйцэтгэсэн. Ажлын үр дүнд дэлхийн ТХЗ-ын шалгуур 241 үзүүлэлтээс МУ-д хамааралгүй 13 үзүүлэлтийг хасч, үлдсэн 228 үзүүлэлтийг 335 үзүүлэлт болгон өргөтгөсөн. ТХЗ-ын дэд хороог УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэргэд байгуулан ажиллаж байна.

Харин Үндэсний статистикийн хорооноос ТХЗ-ыг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн ажлын хувьд ТХЗ-ын шалгуур үзүүлэлтийн мэдээллийн бэлэн байдалд 3 удаагийн үнэлгээ хийсэн. 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар ТХЗ-ын нийт 244 шалгуур үзүүлэлтээс МУ-д хамааралгүй 11 үзүүлэлт байна. Өнөөгийн байдлаар 233 шалгуур үзүүлэлтээс 107 шалгуур үзүүлэлтийн мэдээллийг 2015, 2016 оны гүйцэтгэлээр гаргасан. Гарахгүй үзүүлэлт 126 байна гэлээ.

Дараа нь “Засгийн газрын гурван тулгуурт бодлого ба үндэсний хөгжлийн үзэл баримтлал-30, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын уялдаа”-ны талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан танилцууллаа. Тэрээр, Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдан улс орны өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахад юуны өмнө салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлогыг үндэсний хөгжлийн бодлогод нийцүүлэх, уялдуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангахад онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2015 оны чуулганаар Дэлхийн нийтийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсны дагуу манай улс “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтал-2030” баримт бичгийг УИХ-аас батлан гаргасан. Өөрөөр хэлбэр Монгол Улс ирэх 15 жилийн алсын хараагаа тодорхойлж, түүнд хүрэх бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллаж байна. Тухайлбал, улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 6000 орчим баялаг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчийг эхний ээлжинд аж үйлдвэрийн нэгдсэн платформд хамруулснаар төрийн үйлчилгээг үйлдвэр тус бүрт хүргэх болно. Энэхүү платформын тусламжтайгаар үйлдвэрлэл эрхлэгчдийг борлуулалтаар нь дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчтай холбох, бодлогын зээл, хөрөнгө оруулалтыг хийх, ажилтан бэлтгэж өгөх, санхүүгийн зах зээлд гаргах, онлайн худалдааны сүлжээнд холбох, нэгдсэн тээвэр логистикийн үйлчилгээ үзүүлэх, төр, засгаас шийдвэр гаргахын өмнө судалгаа явуулах гэх мэт маш олон давуу талыг баялаг бүтээгч нарт олгох юм. Үндэсний хөгжлийн газраас Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын захирамжаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын даргаар ахлуулсан 350 орчим мэргэжилтэнтэй ажлын хэсгүүдтэй хамтран нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй албан ёсны бүх үйлдвэрлэл эрхлэгч нарыг бүртгэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Үүний үр дүнд бид Дэлхий нийтээр өрнөж буй аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалд хөл нийлүүлэн алхах үндсэн суурь бүрдэх юм гэлээ.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 ба гурван тулгуурт хөгжлийн бодлогын үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонссоны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авсан юм. Тухайлахад, хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн А.Ундраа боловсролын чиглэлээр ямар зорилт тавин ажиллаж буй талаар тодруулав. Ажлын хэсгээс өгсөн тайлбарт, 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд Монгол Улсын бүх аймаг, нийслэл, сум, дүүрэгт ажиллаж, 1-5 онооны үнэлгээтэй судалгаа хийсэн. Ингэснээр тухайн сургууль, цэцэрлэгт шаардлагатай байгаа эд материал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж өгснөөр төсөв мөнгө, мэдээлэл, арга зүйн туслалцаа мөн цаашид хэрэгжүүлэх зорилтыг илүү тодорхой болгох ач холбогдолтой гэлээ.

Ийнхүү өнөөдрийн хуралдааныг дүгнэж УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа хэлсэн үгэндээ, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний статистикийн хороо болон УИХ-ын гишүүдээс гарсан зарим саналыг тусгаж холбогдох Байнгын хороодод танилцуулья гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2018.04.24) 11 цаг 27 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан ажиллахаар боллоо.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.5.3.3-д “Байгалийн ургамал, ойн дагалт, нөөцийн экспорт болон ойн үндсэн ашиглалтын огтлолтыг бүрэн хориглож, ойн сангийн нөөцийг хоёр хувиар нэмэгдүүлнэ”, 2015 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын 3.1.5-д “ойгоос олгох модны хэмжээг үе шаттайгаар бууруулж, мод орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн зориулалттай мод, модон материалын хэрэгцээг импортын модоор хангах бодлого баримталж, иргэдийн модон бүтээгдэхүүний хэрэгцээг ойн арчилгаа, цэвэрлэгээний болон түүвэрлэх огтлолт зэрэг нь экосистемд халгүй аргаар бэлтгэсэн модоор хангах” гэж тус тус заасныг хэрэгжүүлэхэд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа мод орлох бүтээгдэхүүн, модон барилгын хийцийг татвараас чөлөөлөх шаардлага тулгарчээ.

2013 оны зургаадугаар сарын долооны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиар Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус гаалийн албан татвараас чөлөөлсөн байдаг. Хуулийн төсөлд Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан байна. Экологи, нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий дээрх хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг ханган боловсруулсан гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, О.Батнасан, Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс хуулийн төсөл нь Төсвийн тухай хуулийн 6.2.5-ыг зөрчиж байгаа эсэх, он гарснаас хойших энэ төрлийн татвараас бүрдүүлсэн орлогын хэмжээ, цаашлаад хуулийн дагаж мөрдөх хугацаа, хууль батлагдсанаар хэчнээн төгрөгийн татварыг хөнгөлж байгааг илүүтэй тодруулав.

Ажлын хэсгийн зүгээс, Хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг батлагдсан өдрөөс хэрэгжиж эхлэхээр төсөлд тусгасан. 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар энэ төрлийн татварын орлого 97.9 сая төгрөг байна. Хууль батлагдвал энэ төрлийн гаалийн албан татвараас 2018 оны үлдсэн хугацаанд 200 сая, 2019 онд 300 сая, 2020-2021 онд 400 сая орчим төгрөгийн орлого татварын хөнгөлөлтөд хамрагдана гэж хариулж байлаа.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол “Монгол Улсын газар нутгийн найман хувь нь ойгоор бүрхэгдсэн талбайтай байна. Ойн санг тодорхой хэмжээгээр нөхөж, нэмэгдүүлж чадахгүй байгаа энэ үед ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуй, модон эдлэлийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжээ дэмжсэн бодлого барих шаардлагатай. НҮБ-аас манай орны ойн нөөц, талбайн хэмжээ маш бага байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Иймд асуудалд улстөржилгүйгээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” гэсэн саналыг хэлсэн.

Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, 2013 оны зургаадугаар сарын долооны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус гаалийн албан татвараас чөлөөлсөн гэдгийг дурдлаа.

Дээрх хуулиудыг хэрэгжүүлэх явцад мод, модон материалын импортын хэмжээ жил дараалан өсч ирсэн бөгөөд энэ хэмжээгээр ойгоос ашиглах, бэлтгэх, мод хууль бус мод бэлтгэлийн хэмжээ буурч, ойг нөхөн сэргээх цэцэрлэгжүүлэх ажлын цар хүрээ нэмэгдсэн байна. Хуулийн төсөлд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, О.Батнасан, Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн “Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэхээр тусгавал хуулийн зөрчилгүй болно” гэсэн саналыг хэлж байлаа.

Ингээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Бямбадэлгэр: Нэмэлт бүтээгдэхүүн “нэрэх” бизнесийн цаана үндэстэн дамнасан компани, улс төрийн томоохон бүлэглэл байгаа гэв

“Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос мэдэгдэл хийлээ. Тэд чанаргүй шатахуун нийлүүлж байгаа талаар “Зууны мэдээ” сонины байранд хэвлэлийн хурал хийсэн юм. Уг хуралд Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэр, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Сайнбаяр болон бусад гишүүд, жолооч нар оролцсон. Энэ талаар тус холбооны гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэрээс тодруулга авлаа.


-Хуурамч шатахуун импортлодог гэх хэдэн компани байна вэ?

-Монгол Улсад гадаад дотоодын 30 гаруй компани 22 төрлийн нефтийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг. Тэр тусмаа керосин, нафта, зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг жилд дунджаар 100 мянга гаруй тонныг импортолдог. Эдгээр нэмэлт бүтээгдэхүүн нь хуурамч шатахуун гаргах түүхий эд болж байгаа. Өдөртөө 280 гаруй вагон нефтийн нэмэлт бүтээгдэхүүн Замын-Үүдийн боомтоор орж ирсэн байна.

-Энэ хуурамч гэх шатахууныг ямар шатахуун түгээх станцаар зарж борлуулаад байгаа вэ?

-Яг тодорхой хаяггүй шатахуун түгээх станц гэсэн газар борлуулж байдаг.

-Үүнээс гарах хохирол эрсдэл нь юу байна?

-Нэгдүгээрт жолооч нарт асар хохиролтой, хуурамч шатахуун тээврийн хэрэгслийн элэгдэл, гэмтлийн эх үүсвэр болохоос гадна агаарын бохирдлын 10-30 хувийг эзэлдэг. Хоёрдугаарт гаалийн болон онцгой албан татварын хөнгөлөлтөд орсон учраас татваргүй орж ирдэг. Өндөр татвартай автобинзен оруулахын оронд, татваргүй нэмэлт бүтээгдэхүүнээр шатахуун “найруулах”, “нэрэх” нь компаниудад ашиг орлоготой бизнес болчихсон. Нэмэлт бүтээгдэхүүн “нэрэх” бизнесийн цаана үндэстэн дамнасан компани, улс төрийн томоохон бүлэглэл байгаа гэж харж байна. Гуравдугаарт 2016-2017 оны хооронд Засгийн газар 22 төрлийн нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээс гаалийн болон онцгой албан татвар авсан бол нийт 60 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрөх байсан. Үүгээрээ төсвийн алдагдал хүлээсэн.

-Хуурамч шатахууныг жинхнээс нь яаж ялгах вэ?

-Шатахуун бол ерөөсөө хоёр төрөл л байдаг. Өвлийнх, зуных гэсэн. Өвлийнх нь царцаадаггүй, зуных нь өтгөрүүлдэггүй шингэн байх зориулалттай. Гэтэл энэ хуурамч нэмэлт бодисыг хольсноор машины амин зүрх болсон эд ангиудад нөлөөлж эвдрэл гэмтлийг их үүсгэдэг. Өнгө, үнэрээс авахуулаад ялгаа их байгаа.

-Холбогдох газар яам, тамгын газруудад шаардлага хүргүүлсэн үү?

-Одоогоор хандаагүй байна. Гэхдээ бид шаардлагаа биччихсэн. Яг одооноос холбогдох яам, Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Улсын Мэргэжлийн хяналт болон Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтад шаардлага хүргүүлнэ. Монгол Улсын хэмжээнд 2016 онд 34000 гаруй тонн, 2017 онд 16000 гаруй тонн керосин, нафта, техникийн керосин, алкилате зэрэг 22 нэр төрлийн нэмэлт бүтээгдэхүүн орж ирсэн. Дээрхи бүтээгдэхүүнүүдэд нь хагас боловсруулсан нефтийн нэмэлт бүтээгдэхүүн учир онцгой албан татвар ногдуулах нь зөв ба татвар ногдуулсан тохиолдолд 2016 онд 27 тэрбум, 2017 онд 30 тэрбум төгрөг тус тус онцгой албан татварын орлогод төвлөрүүлэх боломжтой байсан. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүнүүдэд гаалийн болон онцгой албан татвар ногдуулснаар Монгол Улсад жилд 60 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой. Иймд бид дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүнүүдэд гаалийн болон онцгой албан татвар ногдуулах, чанар стандартыг хангуулах.

2. Өнгөрсөн жилүүдэд дээрхи гаалийн болон онцгой албан татварыг төлөгдөөгүй үйл ажиллагаа нь хуулийн дагуу явсан эсэхэд зохих хяналт тавих.

3. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн борлуулагдсан байдалд шалгалт хийж шатахуун хэрэглэгчдийг хохироосон аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох.

4. Газрын тос боловсруулах үйлдвэрийг нэн даруй барьж, ашиглалтад оруулах” гэсэн шаардлагуудыг тавьж байна гэв.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга иргэдтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн иргэдтэй 14 тутамд уулзаж санал хүсэлтийг сонсдог. Хотын даргын ээлжит уулзалт өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл экспо” дахь салбарт болсон.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн иргэн А.Батцэцэг “Манай гэр бүл Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд амьдардаг. Бид байшингаа буулгаж, цахилгаан халаалтын системээр дулааны асуудлаа шийдсэн. Бохирыг хөрс, орчинд хор хөнөөлгүй цементэн байгууламж руу шахдаг болсон. Тиймээс ойр орчны айл өрхүүдээ санаачлан, хамтран энэ ажлыг эхлүүлэх хүсэлтэй байна. Иргэдийг үүргээ биелүүлж дээрх ажлыг хийхэд хотын захиргаа, харьяа байгууллагуудаас арга зүйн зөвлөгөө үзүүлэхийг хүсч байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл хотын зүгээс амины орон сууцыг стандарттай болгох бодлого баримталж байна. Одоо ямар нэг стандартгүй иргэд өөрсдийн хүссэн материалаар барьж байгаа. Стандартын дагуу барьсан байшинг үл хөдлөх хөрөнгө хэмээн бүртгэдэг тогтолцоотой болох юм. Иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэ ажлыг бий болгох хэрэгтэй. Агаарын бохирдол гэдэг өөрөө гэнэт үүсээд бий болсон зүйл биш. Амьжиргааны түвшин, иргэдийн амьдралын хэвшилтэй холбоотой. Иргэд өөрсдөө энэ асуудлаас гарах арга замаа хайж байгаа нь сайшаалтай байна. Таны асуудалд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаарай” гэв.

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг хүртээх, төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах “Дэд бүтцийн” төв төсөл нь 200-300 өрхийн хэрэгцээг хангах боломжтой. Иргэдийн өөрсдийн санаачлагаар инженерийн дэд бүтцээр хангагдсан тохилог амины орон сууцны болох боломж бүрдэх юм. Санал тавьсан тухайн иргэн айл хөршүүдээ бүлэг болон нийлбэл санаачлагыг дэмжиж “Дэд бүтцийн төв” төсөлд санал авах боломжтой юм.

Баянзүрх дүүргийн иргэн Л.Баатар 2014 оноос зөгийн аж ахуй эрхлэхээр туршлага хуримтлуулжээ. Монголын зөгийн аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд ашиглаж эхлээгүй боловч, олон улсад хэрэглэдэг сүүлийн үеийн дэвшилтэт технологитой зөгийн аж ахуй байгуулахаар ажиллаж байна. Зөгийн аж ахуйг байгуулахад шаардлагатай газар олгох боломжтой эсэх талаар саналаа хэлсэлсэн.

Ногоон бүсэд зөгийн аж ахуй эрхлэх нь ургамлын бүрхэвчийг нэмэгдүүлж, хөрсний доройтлыг бууруулахад ач холбогдолтой учир тус санаачлагыг нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга дэмжиж буйгаа илэрхийллээ.

Мөн Баянзүрх дүүргийн иргэн С.Баяр иргэдэд цахимаар өмчлүүлсэн газраас нэгээс хоёр байршил сонгон авч, жишиг төлөвлөлт, дэд бүтэц, тохижилтыг бий болгох ажилд нийслэлээс баримталж буй бодлого зохицуулалтыг хийлгэх, хамтран ажиллах талаар хотын даргад хүсэлтээ уламжиллаа.

Иргэн С.Баярын санал санаачлага, түүний үүсгэн байгуулсан ТББ-ын оролцоотой цахим газар өмчлөл болон өмчилсөн байршлуудыг дэд бүтэц, инженерийн шугам сүлжээгээр хангах, хүний амьдрах таатай орчинг бүрдүүлэх, хөгжүүлэх талаар хамтарч ажиллах боломжтой гэдгийг Газрын албанаас үзэж байна.

Иргэн Н.Энхтуяа нийслэлийн агаарын бохирдол, иргэдийн амьдрах орчны нягтрал их байгаатай холбогдуулан морингийн даваанд шинэ суурьшлын бүс бий болох гэж байгаа билээ. Үүнтэй холбоотой Хөшигийн хөндийд баригдаж нисэх онгоцны буудлын цэвэрлэх байгууламжтай суурьшлын бүс орчмын бохирын шугамыг холбоход нийслэлийн зүгээс туслалцаа үзүүлэх боломжтой эсэх талаар хүсэлтээ илэрхийлсэн.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Иргэний хүсэлтийн дагуу асуудлыг хүлээн авч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бохирын шугамыг шинэ нисэх онгоцы буудлын цэвэрлэх байгууламжтай холбох инженерийн болон техникийн нөхцөл ямар байгааг судлах үүргийг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт өглөө. Мөн газартай холбоотой үүсээд байгаа асуудлыг газрын алба шийдвэрлэнэ. Хүсэлтээ тавьж, бидэнтэй уулзаж байгаа та бүхэнд баярлалаа” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдүүдэд вакцины туршилт хийсэн гэлээ

Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлөөс туршилтын вакциныг хүүхдэд туршиж, уулгаж байна гэсэн мэдээллийг хийлээ. Тус хэвлэлийн хуралд Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Б.Алтанхолбоо, дэд тэргүүн Ц.Эрхэмбаяр, Орон нутгийн эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.

Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Б.Алтанхолбоо ярихдаа

Үндсэн хуульд заасанчлан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн заалтад хар толбо болсон өдөр боллоо. Учир нь ерөнхий боловсролын 15 сургуулийн 8214 хүүхдэд “Д” витамин гэх зүйлийг албадан уулгаж, туршилт хийж байна. Иймээс эцэг эх, эмч, багш нарын гомдлын дагуу энэхүү хэвлэлийн хурлыг зарласан. Бидний олж мэдснээр хоёр удаа хүүхдүүдэд туршилт хийсэн сэжиг бүхий баримт илэрсэн. Хүүхдүүдэд эмийн туршилт судалгаа хийх зөвшөөрөл өгсөн Эрүүл мэндийн яам, хамтран зохион байгуулж Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яам оролцсон болох нь баримтаар тогтоогдсон. Энэ бусармаг үйл ажилгаагаа таслан зогсоохыг шаардсан бичгийг бид эдгээр яамд болон Нийгэм Хөдөлмөр Хамгааллын яаманд давхар өгсөн.

Бага насны хүүхдэд сүрьеэгийн вакцины туршилт хийж байгаа энэхүү бусармаг үйл ажиллагаагаа таслан зогсоо мөн энэ талаар тайлбар ирүүлэхийг шаардаж байна. Хариуг гурав хоногийн дотор өгөхийг шаардсан. Гэвч Нийгэм Хөдөлмөр хамгааллын яамнаас бусад нь бидэнд хариу ирүүлсэнгүй. Иймээс “Сүрьеэ өвчнөөс “Д” витамины нөлөөгөөр урдчилан сэргийлэх” нь гэсэн энэ төсөл хөтөлбөрөө нэн даруй зогсоо. Хүүхдийн эрүүл мэндэд учруулсан хохирлоо судлан тогтоо, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох ажлыг эхлүүлэх шаардлагыг Засгийн газарт энэ хурлыг дууссаны дараа хүргүүлнэ. Ямар үндэслэлээр “Д” витамин хүүхдүүдэд туршаад байна гэсэн баримтыг ярина вэ гэвэл “Эрүүл мэндийн үүсэл” ХХК нь Боловсролын яамнаас зөвшөөрөл авч, Эрүүл мэндийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, сайдын тушаал гарч 15 сургуулийн 8214 хүүхдэд туршилт хийсэн. 2015 оны хоёрдугаар сараас долоо хоног бүр нэг тун “Д” витаминыг хүүхдүүдэд уулгаж араас нь ус өгөөд амыг нь ангайлгаж, шалгаж хүчээр эм уулгадаг. Эмч нар хүүхдүүдэд эм өгч туршиж байгаад сэтгэл өвдөж байгаагаа илэрхийлсэн. Иймээс энэ талаар төр, хууль хяналт, цагдаа хүчний байгууллагад мэдэгдэж, ийм бусармаг үйл ажиллагаагаа зогсоогооч гэдэг үүднээс энэ хурлыг хийж байгаа юм. Бид урьд нь энэ талаар Ерөнхий сайд болон холбогдох гурван яаманд мэдэгдэл хүргүүлж байсан. Бидний мэдэгдэлд хариу өгөхгүй бол хохирсон хүүхдүүдийн ар гэр, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, эмч нарын хамт жагсаал цуглаан зохион байгуулах дараагийн арга хэмжээндээ орно гэдгээ мэдэгдэж байна гэсэн юм.

Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Ц.Эрхэмбаяр ярихдаа

Би нэг талаар Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүний албыг нөгөө талдаа хохирсон хүүхдүүдийн эцэг эхийг төлөөлж байна. Яагаад гэвэл манай эгчийн хүүхэд энэхүү туршилтад хамрагдсан. Энэ туршилтыг хийхдээ эхлээд хүүхдүүдийн цуснаас ямар ч эцэг эхийн зөвшөөрөлгүй шинжилгээ авсан. Тэгээд эрүүл гарсан хүүхдүүдийг сонгож авч эмээ уулгасан. Уг нь эм гэдэг өвчнийг эдгээх ёстой байтал эрүүл хүүхдүүдийг эхлээд өвчлүүлсэн. Туршилтаа хийж эхлэхээсээ өмнө Монголын 10000 гаруй хүүхдүүдэд судалгаа хийсэн. Энэ нь ямар учиртай судалгаа гэвэл “Сүрьеэгийн бага хэлбэрийн тархалтыг судлах судалгаа” юм. Үүнээс гэр хорооллынхоос 5 хувь, байшин хорооллоос 20 хувь хүүхдэд сүрьеэ илэрсэн байна.Тийм болохоор энэ вакциныг хийснээр хүүхдүүдийн сүрьеэ тусах эрсдэл багасна гэж анх туршилтыг эхлүүлсэн байгаа юм. Тэгээд эцэг эхчүүдийг дуудаж уулзан сүрьеэгийн тархалт их байна гэсэн худал ухуулга мэдээ тарааж, үнэ төлбөргүй эмээр хангаж эмчлэх тухай эцэг эхчүүдэд хуурамч гэрээг танилцуулж гарын үсэг зуруулан зөвшөөрөл авсан. Олон улсад үүнийг эмнэл зүйн туршилт гэж нэрлэдэг. Иймэрхүү вакцин эмийн туршилтыг насанд хүрсэн хүнд өөрийн зөвшөөрлөөр хийдэг. Гарч болох эрсдлийг тооцож өдөрт 500 долларын нөхөн төлбөр олгодог. Гэвч Монголд тийм зүйл байтугай эцэг эхэд нь ч үнэн зөв мэдээлэл өгч мэдээллэхгүйгээр туршилт хийж байна. Манай дүү одоо уушги нь өвддөг болсон. Тиймээс биеийн тамирын хичээлдээ орж чадахаа байсан. Нүд нь анивчдаг, амархан ядардаг, сульддаг болсон. Туршилтад орохоос өмнө энэ хүүхэд эрүүл байсан. Иймээс энэ туршилтад орсон 8214 хүүхдийн эцэг эх бидэнд хандаач ээ. Хүүхдэд чинь эрүүл мэндийн ямар нэгэн өөрчлөлт гарсан бол бидэнтэй цуг энэ бусармаг үйлдлийг таслан зогсооход гар бие оролцооч ээ гэж хүсмээр байна хэмээн ярилаа.

С.ОТГОНБАЯР