Categories
мэдээ нийгэм

АТГ: 6.5 тэрбум төгрөгийн зээл олгож, их хэмжээний хөрөнгө шилжүүлэн авсан хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна

АТГ зурган илэрцүүд

АТГ-аас сар бүрийн 25-нд мэдээлэл хийж ажлаа тайлагнадаг. Албан тушаалтнуудын гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэнгүй. АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, “Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар ямар нэгэн эрүүгийн хэрэг, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөхгүй. Асуултыг бичгээр авч вэб сайтаар албан ёсоор мэдээлэл өгнө” гэв. Тус газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн гуравдугаар сард гэмт хэргийн шинжтэй 100 гомдол мэдээлэл хүлээн авч, шалгасан байна. Мөн авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас харьяалал тогтоосон 344 хэргийг мөрдөн шалгажээ. Үүнээс эрүүгийн найман хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар, 24 хэргийг хаах, долоон хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү ярихдаа “Зарим хэргээс дурдвал УИХ-ын гишүүн Л.Энхболд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Таван толгой” ХК нь хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж “Эрдэнэс таван толгой” компанийн лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268.3 тонн нүүрс олборлон 20 сая орчим ам.долларын хохирол учруулсан талаарх мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Мөн Дархан-Уул аймгийн Төрийн банкны эрх бүхий албан тушаалтнууд нэр бүхий компаниудад удаа дараагийн үйлдлээр 6.5 тэрбум төгрөгийн зээл олгож, зээлдэгчээс хамаарал бүхий этгээдээс их хэмжээний мөнгөн хөрөнгө хувьдаа шилжүүлэн авсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 305 эрүүгийн хэргийг шалгаж ажиллаж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс ачаалал дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг” гэв.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал буурч, хэвийн горимд шилжсэн гэв

Томуу, томуу төст өвчлөл 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний байдлаар нийт амбулаторийн үзлэгийн 3.4 хувийг эзэлж, өвчлөлийн тархалт буурсан байна. Гэхдээ энэ жилийн хувьд томуу, томуу төст өвчний хүндрэл, хэвтэн эмчлүүлэх өвчтөний тоо их, эдгэрэлтийн хугацаа урт байсан тул нэгдсэн эмнэлгүүдэд орны ачаалал нэг хэсэг тодорхой хувиар нэмэгдсэн аж. Харин одоо томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт эрс буурч, эмнэлгүүдийн ачаалал хэвийн горимд шилжсэн гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас өглөө.

Томуу, томуу төст өвчлөлөөс сэргийлэх зөвлөмж

  • Хаврын улиралд хүүхдэд амин дэмээр баялаг, илчлэг хоол хүнсээр тогтмол хооллох
  • С аминдэмээр баялаг ундыг халуун бүлээнээр нь уулгах, шингэн их уулгах
  • Хүүхдийг сайн амраах, ажил амралтын дэглэмийг зөв зохицуулах
  • Гэрийн эрүүл ахуйг зөв сахих
  • Гарыг нь халуун бүлээн савантай усаар тогтмол угаалгаж хэвшүүлэх
  • Хүүхдийг олон нийтийн газарт дагуулж явахгүй эсвэл амны хаалтыг байнга зүүж хэвшүүлэх
  • Өвдсөн үед гэрт нь тусгаарлан эмчийн зөвлөгөөний дагуу эмчлэх
  • Дур мэдэн эмчлэхгүй байх, ялангуяа антибиотикийн хэрэглээнд анхаарах
Categories
мэдээ спорт

Эхний тулаанд Ливерпүүл илүүрхлээ

Европийн хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа.

Аваргуудын лигийн таван удаагийн аварга Ливерпүүл “Анфилд рөүд” цэнгэлдэхдээИталийн Ромаг хүлээн авч 5:2-оор яллаа.

Ливерпүүлийн дасгалжуулагч Юрген Клоппдовтолгоондоо тааамаглаж байсан ч лан Сайдо Мане, Мухамед Сала, Роберто Фирмино нарыг гаргасан бол Ромагийн довтолгоонд Эдин Жеко тоглосон юм.

Тоглолтын эхнээс Ливерпүүл довтолж Сайдо Мане хоёр ч гоолын боломжийг салхинд хийсгэсэн.Харин 35 дахь минутанд Мухамед Сала хувийн ур чадвараа гайхуулж эхний гоолыг оруулсан. Энэ үеээс Ромагийн хамгаалатын зохион байгуулалт алдагдаж үеийн төгсгөлд Салда дахин нэг гоол оруулж багийнхаа тэргүүлийг баталгаажуулсан. Ливерпүүлийн довтолгоо үүгээр зогссонгүй хоёрдугаар үеийн 56 дахь минутанд Сайдо Мане Салагийн дамжуулалтаар гоолдож тоглолтын хувь заяаг шийдэж орхив. Үүний дараа Бразил довтлогч Роберто Фирмино 61 болон 68 дахь минутанд гоол оруулж Ливерпүүл 5:0-ээр тэргүүлж эхэлсэн.

Тоглолтын төгсгөл 81 дэх минутанд Эдин Жеко Ромагаас эхний гоолыг оруулсан Перотти 11 метрийн торуулийн цолхилт амжилттай болгосноор өндөрлөсөн юм.

Ингэснээр долоо хоногийн дараа явагпах хариу тоглолтод Рома 3:0-ялж байж финалд шалгарах хүн даалгавартай хоцров.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Д.Чойжамц хамбад бараалхлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монгол Улсад өчигдөр хүрэлцэн ирсэн билээ. Тэрбээр албан ёсны айчлалынхаа эхэнд Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд морилон, Тэргүүн хамба лам гавж Д.Чойжамцад бараалхлаа.

Энэтхэг Улсын төрийн тэргүүнүүд 2000 гаруй жилийн түүхтэй Бурханы шашин, соёлын эртний барилдлагатай Монгол оронд айлчлахдаа хамгийн эхэнд МБШТөв Гандантэгчэнлин хийдэд айлчилдаг уламжлалтай юм байна.

Categories
энтертаймент-ертөнц

Монгол үзмэрүүдийг интернэтээр үзэж болно

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.ЭНХСАЙХАН

Шведэд Монголын түүх, соёл, ахуй амьдралд холбогдох олон мянган үзмэрүүд хадгалагдаж байна.

Нийтдээ 10 мянга гаруй эд зүйлс, 500 орчим гэрэл зураг, 300 гаруй баримт бичиг, өөр олон зүйлс сайтад ил тавигджээ. Дараахь холбоосоор орж сонирхсон зүйлээ “mongoliet” гэж хайгаад, үзэж харж болохнээ.

Дэлхийн соёлын үндэсний музейнүүд (Швед)

Өчигдөрхөн (2018.04.23) Музейн удирдлага, судлаачидтай ЭСЯ-аа төлөөлөн уулзалдаж хамтран ажиллах бололцооны талаар санал солилцов. Энэ үеэр Монголд холбогдох ховорхон үзмэрүүдийг тусгайлан бэлтгэж үзүүлсэнд талархаж байна.

IMG_8945 Mrs. Ann Follin, Director General, National Museums of World Culture,

  • Бурханы зураг

19 дүгээр зууны үеийн бурханы зураг. Дэлхийн олон газар иймэрхүү зургийг сэргээн засварлах маягаар явдаг.

Шведэд ийм зургийг аль болох анхдагч байдлаар нь хадгалахыг эрмэлздэгээрээ ялгаатай гэв.

Энэхүү бурханы зураг түвдийн зургуудаас ялгаатай монгол зураг гэж тайлбарлаж байв.

IMG_8941

  • Хэт хутга

Хэт нь пааландсан эмжээртэй, хутганы хэмжээ нь ердийнхөөс урт зэргийг харахад гоёл, ёслолын зориулалттай байсан боловуу гэж тайлбарлав.

IMG_8960

  • Гавлын ясаар хийсэн аяга

Аяганы суурийг ихэвчлэн мөнгө болон бусад металлаар хийсэн байдаг. Модоор хийсэн энэ хийцийг монголынх гэж тайлбарлав.

IMG_8950

  • Ятга хөгжмийн зэмсэг болон малгай

Эдгээр үзмэрүүдийг монгол хийц гэж үзэж байгаа гэв.

IMG_8940

  • Монгол ном

Монгол бичгээр бичсэн үлгэр, яруу найрагийн номууд Шведийн чухал үзмэрт ордог хэмээв.

IMG_8954

  • Суварга

Энэхүү суваргыг монгол хийц гээд дотроо ном, эд зүйлсийг агуулж байгаа гэдгээ сөхөж харуулав.

IMG_8964

Шведийн музейнүүдэд хадгалагдаж байгаа монголын соёлд хамаарах эд зүйлсийг аль болох дижитал хэлбэрт оруулах ажил хийгдэж байгаа бөгөөд нийт үзмэрүүдийн 70 орчим хувь нь сайтад фото зураг, тайлбартайгаар нээлттэй болжээ.

Музейд хадгалагдаж байгаа монгол номыг орчуулж нийтийн хүртээл болгох тал дээр Монгол, Шведийн талууд хамтран ажиллаж болохоор санагдав.

Солонгосчууд Шведийн талтай хамтарч солонгосын соёлд хамаарах үзмэрүүдийн фото зургуудыг шинээр 3D 360 градусын өнцгөөр харж болох “THE KOREAN DATABASE PROJECT” төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Санаа авууштай.

Screen Shot 2018-04-24 at 1.14.25 PM

Музейн үзмэрүүдийг нийтийн хүртээл болгоход орчин үеийн мэдээллийн технологийг ашиглах асуудал нэн чухал болсныг дээрх эрхэмүүдтэй хийсэн уулзалт харууллаа.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Ниелс Хэгэвишийг хүлээн авч уулзав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн А.Ундраа, Д.Тэрбишдагва нар өнөөдөр (2018.04.24) ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Ниелс Хэгэвишийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг урилгыг нь хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, Байнгын хорооны үйл ажиллагаа, эрхлэх асуудлын хүрээний талаар товч танилцуулга хийлээ.

Тэрбээр, Монгол Улс дахь нийгмийн цахим сүлжээний нэгдсэн зохицуулалт, хууль эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх талаар санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, нийгмийн цахим сүлжээний хэрэгжилтийг сайжруулах тухай хууль, эрх зүйн орчныг Монгол Улсад хэрэгжүүлж, бэлтгэхэд дараах хэд хэдэн санал байгааг танилцууллаа. Үүнд: ХБНГУ-ын Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг сайжруулах тухай хуулийг санаачилсан, ажлын хэсэгт нь ажилласан хууль тогтоогчидтой уулзалт хийж, туршлага судлах, нийгмийн цахим сүлжээнд иж бүрэн судалгаа хийж, үүнтэй уялдуулан цуврал уулзалт, хэлэлцүүлгийг Байнгын хороотой хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Суурин төлөөлөгч Ниелс Хэгэвиш УИХ-ын гишүүдэд ХБНГУ-д 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг сайжруулах тухай хуулийн үзэл баримтлал, гол зарчмын талаар танилцуулга хийж, мэдээлэл өгөв. Мөн Байнгын хорооны даргын тавьж буй саналуудыг хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн А.Ундраа, Д.Тэрбишдагва нар сонирхсон асуултдаа хариулт авч, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Хөрсөө хамгаалъя” өдөрлөг болно

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөг нь хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын оролцоог хангаж буйгаараа онцлог юм. Өдөрлөгийн үеэр төрийн болон судалгааны байгууллагууд иргэдэд мэдээлэл өгөх бол хувийн хэвшлийн ААН, эрдэмтэн, судлаачид хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хийгдэж буй шинэлэг ажил, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулах, худалдаалах үйл ажиллагааг явуулна.

Иймээс иргэд олон нийт та бүхэн өөрийн амьдарч, ажиллаж буй орчны цэвэр орчны төлөө мэдлэгээ дээшлүүлэх, мэдээлэл ихтэй “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгт өргөнөөр оролцоно уу гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Цагдаагийн алба ба Хүний эрх” сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ЦЕГ-ын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран 2018 оны 04 дүгээр сарын 25-нд цагдаагийн байгууллагын алба хаагчдад зориулсан хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг эхлүүллээ. Сургалтад Цагдаагийн ерөнхий газрын харъяа алба, байгууллагуудын сургалт хариуцсан орон нутгийн 16, нийслэлийн 10 ажилтан, нийт 26 алба хаагч оролцож байна. Тэд энэхүү сургалтад хамрагдан хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдэх бөгөөд хүний эрхийн сургалтыг өөрийн байгууллагадаа бие даан явуулах ур чадварт суралцах юм.

Ингэснээр хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах боломж бүрдэж, улмаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйгээр иргэдэд үйлчлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн сургалтыг санаачлан зохион байгуулагчдын зүгээс зорьж байна.

ХЭҮК, ЦЕГ-ын хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд зохион байгуулж буй “Цагдаагийн алба ба Хүний эрх” сургалтад оролцогчдод ном гарын авлага, хэрэгцээт мэдээлэл бүхий DVD зэрэг хэрэглэгдэхүүнээр хангана. Сургалт гурван өдөр үргэлжилнэ.

Categories
мэдээ спорт

ФИЛАДЕЛЬФИ 76 хоёрдугаар шатанд шалгарлаа

Дорнод бүсийн гуравдугаар байраар плэе оффд шалгарсан Филадельфи 76 болон Майами Хит багуудын цувралын тав дахь тоглолт “Уэльс Фарго” центрт болж өндөрлөлөө.

Тоглолтын эхний хагас эн тэнцүүхэн өндөрлөсөн ч гуравдугаар үеээс талбайн эзэн Филадельфи 76 илүүрхэж 14 онооны тэргүүлэл авч үүнийгээ төгсгөл хүртэл хадгалснаар үндсэн цагт 104:91-ээр буулгаж авсан юм.

Энэ өдөр талбайн эздээс ЖЖ Рэдик 27 оноо, Жоел Эмбийд 19 оноо 12 самбар, Бэн Симмонс 14 оноо 10 самбар 6 оновчтой дамжуулалт өгч багаа ялалтад хөтөлсөн юм.

Ингэснээр Филадельфиа цуврал тоглолтод 4:1-ээр илүүрхэж хоёрдугаар шатанд шалгарлаа

Тэд хамгийн сүүлд 2012 онд Дорнод бүсийн нэгээр шалгарсан Бостон Селтиксийг ялж хоёрдугаар шатанд шалгарч Майами Хитд хожигдож байсан билээ.

Филадельфи 76 баг хоёрдугаар шатанд Бостон Сэлтикс Милоуки Бакс багуудын ялсантай нь тоглох болно.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ улс-төр

Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.04.25) 09 цаг 36 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцууллаа. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан “Улсын Их Хурлын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 60 тоот захирамжаар байгуулагдсан Санхүүгийн зохицуулах хорооны даргын үйл ажиллагааны чиг үүрэгтэй холбоотой зарим асуудлыг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийг долоо хоног хойшлуулж, дээрх ажлын хэсгийн дүгнэлттэй хамт хэлэлцэх зүйтэй хэмээн үзэж горимын санал гаргаж байна” гэв. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханы гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 83.3 хувийн саналаар дэмжин, Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Дараа нь Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Ундармаа төслийн талаар танилцууллаа. 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа Эдийн засгийн байнгын хороо Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр гишүүдээс гаргасан тодорхой саналуудыг нэгтгэн судалж, Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Үндэсний статистикийн хорооны хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, түүний үйл ажиллагааг хүрэлцээтэй төсөв, санхүү, мэргэжлийн боловсон хүчнийг чиглэлээр идэвхтэй дэмжихтэй холбоотой 3 хэсэг, 7 заалт бүхий чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Л.Болд, Д.Тэрбишдагва нар байр сууриа илэрхийлж, төсөл холбогдуулан зарим саналуудыг гаргасан. Тухайлбал, мэдээллийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээтэй уялдуулан статистикийн мэдээллийн үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх, мэдээллийн бодит байдлыг хангах зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж буюу сум, хороодод статистикчийн орон тоог бий болгох үйл ажиллагааны зардал, төсвийг нэмэгдүүлэх асуудлыг хасах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар илэрхийлсэн. Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх үеэр макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг нарийвчлалтайгаар гаргахад шаардлагатай бүтэц, төсвийн асуудал хөндөгдөж байсныг Байнгын хорооны тогтоолд тодорхой тусгах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хэлсэн. Гишүүдээс гаргасан саналуудыг төсөлд тусгах асуудлыг хэлэлцээд, эцэст нь тогтоолын төслийг батлах эсэхээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжсэн тул Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.