Categories
мэдээ нийгэм

Үндэсний музей хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үйлчилж байна

Монголын Үндэсний музей нь чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэлх олон мянган жилийн турш бүрэлдэн бий болсон монголчуудын түүх, соёлыг харуулах 59,000 орчим үзвэр бүхий баялаг цуглуулгатай.

Тус музей нь монгол түмний оюуны сэргэн мандалтад үнэтэй хувь нэмэр оруулах, соёлын биет болон биет бус өвийг судлан олон нийтэд таниулах эрхэм зорилгынхоо хүрээнд байнгын үзүүллэгийн 9 танхимд түүхэн он дараалал, тусгай сэдэв бүхий шилдэг үзмэрүүдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан үнэ төлбөргүй үйлчилж байна.

Монголын Үндэсний музейн цагийн хуваарь:

Өвөл: 09 дүгээр сарын 16-наас 05 дугаар сарын 14-ний хүртэл

Мягмар-Бямба гарагт 09.00-16.30

Ням, Даваа гарагт амарна.

Зун: 05 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15-ны хүртэл

Өдөр бүр 09.00-17.00 цаг хүртэл ажиллана.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг өнөөдөр хүлээж авч уулзлаа.

Монгол Улс түүх, соёлын олон зуун жилийн харилцаатай Энэтхэг улсыг бүс нутаг дахь гол түнш, “гуравдагч хөрш” хэмээн үздэг. Энэтхэг улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модигийн 2015 онд манай улсад хийсэн айлчлал хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал болсон гэлээ.

Монгол Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдаан амжилттай болсонд талархал илэрхийлж, энэ нь хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, эдийн засаг, худалдаа, соёл, шинжлэх ухаан, техникийн болон бусад салбарын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлоход чухал үүрэгтэй гэлээ.

Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцсон газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий тос дамжуулах хоолойн хамт барих төслийг түргэн, шуурхай, чанартай барьж байгуулах нь чухал гэдгийг Ерөнхий сайд хэлж байлаа. Мөн төслийн нийт хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах, хөнгөлөлттэй зээлийн дүнд багтаах боломжийг бий болгох асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ажлыг эрчимжүүлэх талаар Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай уулзахдаа ярилцсан. Энэ төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь Энэтхэг улсын хувьд ч чухал гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд хэллээ.

Батлан хамгаалах, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, мэдээллийн технологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа, мөн Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 3-6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хуралд Энэтхэг улсын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Пүрэвсүрэн: Худаг ашиглан цэвэршүүлэх технологи нь усыг 60-70 хувь хэмнэдэг

Авто угаалгын бизнес эрхлэгч залуус “ECO car wash” угаалгын газарт саарал ус ашиглах дэвшилтэт технологитой танилцахаар цуглалаа. Тэнд мөн телевизүүдийн камер ярайж байв.

“ECO car wash” авто угаалгын газар нь сүүлийн гурван жилийн хугацаанд хэрэглээндээ саарал ус ашиглаж байгаа юм. Нийслэлийн байгаль орчны газар тус авто угаалгатай хамтран энэ төрлийн бизнес эрхлэгч залууст саарал усыг ашиглах практик сургалтыг өнөөдөр хийлээ.

Энэ үеэр “ECO car wash” авто угаалгын газрын менежер Я.Пүрэвсүрэн тус практик сургалтад ирсэн авто угаалгын газрын эздэд зөвлөгөө өгч байв. Машин угаалгын газруудын төлөөлөгчид түүнээс ам уралдан дэвшилтэд технологийнх нь талаар асууж байлаа. Чөлөө гарсан даруй саарал ус ашиглах технологийнх нь талаар түүнээс тодрууллаа.

-Ус цэвэршүүлэх дэвшилтэд технологийнхоо талаар яриач?

-Манай авто угаалга ашигласан усаа цэвэршүүлэн дахин ашигладаг. Доороо худагтай шүүлтүүр бүхий нацостой. Энэ нацос нь америкийн Ханна гэдэг төхөөрөмж юм. Тус нацосд цэвэршүүлэхийн өмнө хэд хэдэн дамжлага дамжина. Зэрэгцээд цэвэршүүлэх гурван худаг бий. Энэ гурван худгаар дамжиж цэвэршээд дараагийн дамжлагад орно. Дамжлагаар явсаар ус саван, воктой холилдон машин угаахад бэлэн болдог.

-Энэхүү тоног төхөөрөмж усыг хэдэн хувьтай цэвэрлэдэг вэ?

-70-80 хувьтай цэвэрлэнэ. Ашиглалтын хувьд бохирдлоос хамаарна. Цэвэршүүлж буй ус дэндүү их бохирдвол тоног төхөөрөмжүүдэд халтай. Цэвэршүүлэх худагт гурван тонн ус бий. Энэ усыг хоёр сар орчим ашиглах боломжтой. Машин угаагаад бохирдсон ус хамгийн эхний худагт ордог. Доошоогоо гурван метр гүн. Сар орчмын дараа гэхэд хоёр метр орчим лаг үүсдэг. Дараа дараагийн худагнуудад үүсэх лагуудын хэмжээ буурна.

-Усыг хэр хэмжээгээр хэмнэдэг вэ?

-60-70 хувьтай хэмнэнэ. Ус сувгаас маш сайн гэсэн үнэлгээ өгсөн. Нэг автомашин угаахад 40-50 литр цэвэр ус ашигладаг. Энэ нь Улаанбаатарын 400 мянган автомашиныг угаахад 16 сая литр цэвэр ус хэрэглэнэ гэсэн үг. Саарал усыг авто угаалгын газрууд хэрэглээндээ нэвтрүүлснээр энэ тоог 9-10 сая литрээр багасгах боломжтой.

-Иймэрхүү цэвэрлэх технологи хэр их өртгөөр бүтдэг вэ?

Манай авто угаалгын ашигладаг технологи их үнэтэй. Учир нь Америкаас орж ирсэн төхөөрөмжтэй юм. Энд ирсэн авто угаалгын менежерүүдэд илүү хямд өртгөөр хийх аргыг танилцууллаа. Гэхдээ энд ярилцаад ямар нэг үр дүн өгөхгүй. Авто угаалга бүр дээр очиж орчинтой нь танилцаж заавар зөвлөгөө өгвөл үр дүн гарна гэв.

-СААРАЛ УС АШИГЛАСНААР ЦЭВЭР УСНЫ ХЭМНЭЛТ 60-70 ХУВЬД ХҮРДЭГ-

Машин угаахад саарал ус ашиглах технологийг бусад аж ахуй нэгжүүд маш их сонирхож байлаа. Тэр дундаас “Хангай” car wash-ын захирал Л.Цогжаргалтай хэсэг хором ярилцсан юм.

-Саарал ус ашигладаг авто угаалгын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Анхан шатны ойлголт авлаа. Дүүргийн ЗДТГ-аас саарал ус ашигла гэж шаардлага тавьдаг. Яаж үүнийг ашиглах вэ гэсэн анхны мэдэгдхүүн байхгүй байсан. Бага ч гэсэн ойлголттой боллоо. Ингэж хийж болох л юм байна. Монголд ганц хоёр газар л саарал ус ашигладаг байх.

-Энэ шийдлийг аж ахуй нэгжүүд хэр хүлээж авч байна вэ?

Надтай адилхан бодолтой байгаа. Хамгийн гол нь практик дээр хийчихсэн байгаа үнэтэй төхөөрөмжийг хараад хүмүүс сайн ойлгохгүй. “ECO car wash” авто угаалгын газрын менежерийн ярьж байгаагаар бага зардалд багтааж сая 500 мянган төгрөгт хийх боломжтой гэсэн. Хоосон ярихаас илүү аль нэг угаалгын газрыг саарал ус ашиглах төхөөрөмжтэй болгон хийж үзүүлэх хэрэгтэй. Энэ талаар сургалт хийвэл бүгд л дуртай байна гэв.

-УЛААНБААТАР ХОТЫН ГҮНИЙ УСНЫ НӨӨЦ 330 МЯНГАН М3/ХОНОГ БАЙДГААС АШИГЛАХ БОЛОМЖИТ НӨӨЦ НЬ 253,7 МЯНГАН М3/ХОНОГ ЮМ-

Саарал ус ашиглах нь цэвэр ус хэрэглэснээс өртөг өндөртэй байдаг байна. Тийм учраас энэ тал дээр ямар эрх зүйн зохицуулалт байдаг талаар Нийслэлийн байгаль орчны газрын дарга Ч.Батсайхан ингэж ярилаа. “Цэвэр усыг ахуйн хэрэглээнд ашигладаг хотууд маш ховор. Нийслэлийн цэвэр усны хэрэглээг багасгах шаардлага байгаа. Хамгийн түрүүнд эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй. Ус бохирдуулсны төлбөрийн хуулийг шинэчлэх ёстой. Нэг литр цэвэр усыг ашиглахад үйлчилгээний газрууд нэг төгрөг 50 мөнгөөр үнэлж авдаг. Уух цэвэр усаа авахад 1000 төгрөг байдаг шүү дээ. Энэ үнэ маш хямдхан байна. Бохир усанд тавих тарифны хэмжээг өндөрсгөх хэрэгтэй. Эрх зүйн орчингоо дагаад аж ахуй нэгжүүд технологио шинэчлэнэ шүү дээ. Манай байгаль орчны газраас худаг гаргах зөвшөөрлийг хотоос өгдөг. Яамдууд бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй. Дан хотын захиргаа энэ асуудлыг шийдэж чадахгүй. Бид нар ганц сургалт хийгээд үр дүн өгөхгүй” гэв.



Categories
мэдээ нийгэм

Залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Нийслэлийн цагдаагийн газраас хийсэн хоёр дахь мэдэгдэлд залилан болон хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай байлаа.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч А.Мөнхсувд ярихдаа:

-Цагдаагийн байгууллагаас 2018 оны IV сарын нэгнээс V сарын нэгнийг хүртэл “Хүүхэд хамгаалал”,”Залилах” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Цаашид энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдтэй өргөн хүрээнд хамтран ажиллана. “Залилан” арга хэмжээгээр тогтоогдсон шийдэгдээгүй хэргүүд одоогийн байдлаар нийт 56,5 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа. Сүүлийннэг жил хүрэхгүй хугацаанд 35000 иргэн энэ гэмт хэрэгт өртөж хохирсон. Иймээс залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд олон нийтийг хамруулах шаардлага үүссэн. Хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчид та бүхнийг цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалж байна гэв.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Л.Цогтсайхан:

Залилах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тоо мэдээнээс харахад 2016 онд 7,9 хувь, 2017 онд 9,2 хувь, энэ оны эхний гурван сарын байдлаар 12,7 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзлэж байна. Жил бүр энэ тоо өсөж байгаа учраас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, иргэдийг өртөж хохирхоос сэрэмжлэх зорилгоор энэ аяныг эхлүүлсэн. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд хүргэх шаардлагатай. Иргэдийг өртөж хохироохоос сэргийлэн, олны танил хүмүүс, сэтгүүлчидтэй хамтран энэхүү аяныг эхлүүлж байна. Үүний үр дүнд хөдөө орон нутаг, нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын сан гэх нэрээр иргэдийг төөрөгдөлд оруулж их хэмжээний мөнгө төвлөрүүлсэн асуудлыг шуурхай шалгаж таслан зогсоосон хэмээн ярилаа.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ улс-төр

Халх голд газар олгосон шийдвэрүүдийг цуцлана

Засгийн газрын хуралдаан 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр боллоо.

Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна

Ухаа худагийн угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулахыг зөвшөөрөв. Үйлдвэр “Эрдэнэс Монгол” компанийн охин компани хэлбэрээр ажиллах юм байна.

Энэ нь ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлшээр орлуулах, улмаар агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын нэг юм.

Үйлдвэр жилд 90 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж борлуулалтын орлогоороо урсгал зардлаа санхүүжүүлнэ. Нэг тонн шахмал түлшний үнэ нэг тонн түүний нүүрсний үнээс ихгүй байхаар тооцож байна.

Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг цуцална

“Халх гол” төслийг хэрэгжүүлэх хугацаа дууссан тул төслийн нэгжийг татан буулгалаа. “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газарт хууль зөрчин, газрыг давхардуулж олгосон шийдвэрүүдийг цуцлахыг салбарын сайдад даалгав.

Бүсийн захиргааны өмнөх захирал дээрх бүс нутагт 24 аж ахуйн нэгжид 317 мянга гаруй га талбай хуваарилан гэрчилгээ олгосон байна. Ингэхдээ энэ бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсвэл дуудлага худалдаа явуулж олгоно гэсэн заалтыг илт зөрчсөн нь аудитын дүгнэлтээр илэрчээ. Мөн Халх гол сумын Засаг дарга, орлогчоор ажиллаж байсан хүмүүс ч их хэмжээний газрыг дур мэдэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд олон жилийн хугацаатай ашиглуулж, улсын тусгай хэрэгцээний газрыг олгосон байна.

БНСУ-ын КОИКА байгууллага төслийн хүрээнд “Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуй”-г гурван жилийн хугацаанд барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам цаашид энэ загвар аж ахуйг эрчимжсэн мал аж ахуй, орчин үеийн газар тариалангийн үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, сургалтын бааз хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Туул голын орчны бүсийг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

УИХ-ын гишүүн А.Сүхбат “Туул голын орчны бүсийг улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан байна. Засгийн газар төслийг хэлэлцэн дэмжлээ.

Иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэрүүд өдөрт 190 мянган м.куб усыг ундны болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байна. Туул гол зөвхөн хур борооны усаар тэжээгддэг бөгөөд хүн ам өсч, бүтээн байгуулалт, барилгажилт нэмэгдэх хэрээр гольдрил дагуух байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх нь алдагдаж, цэвэр усны нөөц хомсдох, шавхагдах аюул ойрхон гэсэн судалгааг эрдэмтэд хийжээ.

“Ногоон говь хөгжил” сан байгуулах болов

“Ногоон говь хөгжил” сан байгуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж, ногоон хөгжлийн бодлого, “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг холбогдох сайд нарт даалгав.

Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр судалгаа, шинжилгээ, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулдаг “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” үйлдвэрийн газар, “Ногоон хэрэм” санг нэгтгэн “Ногоон говь хөгжил” сан болгох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Баярхүү: Мөрдөн шалгах хэргийн ачаалал гурав дахин өссөн

Авлигатай тэмцэх газрын сар бүрийн 25-ны өдөр тухайн сардаа хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг. Тэгвэл өнөөдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү нар мэдээлэл хийлээ. Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн АТГ-ын цахим мэдээллийн сүлжээн байршуулах ёстой. Цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг АТГ батлах хуулийн зориулалттай.

Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог ярихдаа: “Жаст” компани олон улсын “Стандарт” банкнаас зээл авсан асуудалд “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан гэх хэрэгт 2013 оноос хойш эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. АТГ дээр мөрдөн шалгах ажиллагаа явж байна. Анх гэрээ байгуулах үед Монгол Улсын Ерөнхий сайд хэн байсан, Төрийн өмчийн хорооны дарга хэн байсан, Монгол-Оросын советын хэсгийн дарга нар нь хэн байсан, “Эрдэнэт” үйлдвэрийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд хэн байсан гэх мэт бүгдийг нарийвчлан шалгаж байгаа. Нэлээд гүнзгий, анхаарал татахуйц асуудлууд байгаа. Энэ асуудал дээр хэрэг үүсээд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг гэрчээр байцаасан. Одоогоор яллагдагчаар татаагүй. “Жаст” компани, Ш.Батхүү гэдэг хүн хэзээнээс ямар бизнес хийж эхэлсэн, хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулж, хэдэн компани, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан бэ, “Стандарт” банкнаас ямар хэмжээний зээл, ямар дансаар, ямар зориулалтаар Монгол Улсад орж ирсэн бэ гэдгийг нэг бүрчлэн шалгаж байна. Шалгах ажиллагаанд эдийн засгийн тусгай мэдлэг бүхий эдийн засагч, аудитын эрхтэй хүмүүс оролцуулж байна. Нарийвчилсан шалгалт явагдаж байна гэв.т

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү ярихдаа: Өнгөрсөн сард 1055 нийтийн албан тушаалтан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтанд хамрагдсан. АТГ-т ирж буй өргөдөл, гомдол, мэдээлэл, АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийг сүүлийн гурван жилийн нэгдүгээр улирлын байдлаар харьцуулахад сүүлийн жилд мөрдөн шалгах хэргийн ачаалал гурав дахин өссөн гэж хэлж болно. 2017 онынэгдүгээр улиралд 114 хэрэг шалгагдаж байсан бол энэ жилийн мөн үед 374 хэрэг шалгагдсан байна. Өмнөх жилүүдэд байнгын ажиллагаанд 50-60 хэрэг шалгагддаг байсан бол энэ онд 270-300 хэрэг шалгагдаж байна. Үүнтэй холбоотойгоор шалгагдсан хэргийн тоо тав дахин өссөн, мөрдөгч нарын ачаалал нэмэгдсэнээс хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажилтай холбоотой зарим хүндрэлүүд гарч байгаа. Хөдөө орон нутгаас ирүүлж буй өргөдөл, гомдол, мэдээллийн тоо ч өссөн. Тэр бүр манай мөрдөгч нар хүрч ажиллаж чадахгүй байна гэв.

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, ярихдаа: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101-ээр нэмэгдсэн оффшор бүс дэх данс эзэмших, аж ахуйн үйл ажиллагаа явуулах, үл хөдлөх хөрөнгө эзэмшихийг хориглоно гэсэн заалтын хүрээнд гурван сарын хугацаанд нийтийн албан тушаалтнууд эдгээрийг цэгцлэх ёстой байсан. Энэ хүрээнд АТГ-т аж ахуйн нэгжээ бусдад шилжүүлсэн гурван албан тушаалтан мэдэгдсэн. Үүнээс хоёр нь УИХ-ын гишүүн, нэг Монголбанкны ажилтан. Оффшор бүсэд эмчлүүлэх, суралцах, ажиллах хугацаандаа данс, үл хөдлөх хөрөнгө эзэмшсэн тухайгаа 18 албан тушаалтан мэдэгдсэн.

Төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах албан тушаалтнуудын ХОМ /хөрөнгө оруулалтын мэдүүлэг/-ийг гурав дугаар сарын 28-ны өдөр гаргана. Мөн 40071 албан тушаалтны ХОМ-ийг Хувь хүний нууцын тухай хуульд заасан зохицуулалттай уялдуулан хураангуй хэлбэрээр төрийн өндөр тушаалтнуудынхтай адил хэлбэрээр нийтэд мэдээлэхээр хуваарь гаргасан байгаа. Тавдугаар сар хүртэлх хугацаанд 40 мянга гаруй албан тушаалтны ХОМ-ийг нийтэд хураангуй хэлбэрээр зарлана гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

ШУА-ийн эрдэмтэн, судлаачдын туурвисан номыг цахимаар худалдаж байна

ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачдын онолын болон хэрэглээний судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, шинэ технологи, инновацийн бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгох www.bookstore.ac.mn цахим номын худалдааны сайтын нээлтийн ёслол ШУА-ийн байранд өнөөдөр боллоо.

Энэхүү цахим номын дэлгүүрт нийгмийн ухаан, байгалийн ухаан, анагаах ухаан, хөдөө аж ахуй, техник, технологи гээд бүхий л салбарын шинжлэх ухааны ном, туурвил, бүтээлүүдийг худалдаалж байна. Тухайлбал, Монгол аман зохиолын туурвил зүй, Монгол орны мезозойн хурдсын судалгаа, Монголын палеонтологи II, III, Ертөнцийн товч түүх, Физикийн үндсэн сурах бичиг зэрэг сонирхолтой, ховор 30 орчим номыг дээрх цахим хуудсаар борлуулж байна.

Нээлтийн ёслолд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, ОӨУБУГ-ын Аж үйлдвэрийн өмчийн газрын шинэ бүтээлийн шинжээч Б.Оргилмаа тэргүүтэй эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо. ШУА-ийн ерөнхийлөгч Б.Рэгдэл “Өнөөдөр Дэлхийн оюуны өмчийн болон Дэлхийн номын өдөр тохиож байна. Энэ өдрүүдэд ШУА, БСШУСЯ-наас олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү арга хэмжээ юм. Ном хэмээх гайхамшигт бүтээлийн ач холбогдол хийгээд хүний нийгэмд гүйцэтгэсэн үүргийн талаар бид яриад битгий хэл бодоод баримгүй. Ном хэмээх бүтээл анх үйсэн дээр бичигдэж, чулуугаар дамжин хөгжсөөр өнөөдөр CD хэлбэрээр гарч, хувьсан өөрчлөгдөж байна. Хүн төрөлхтөн, ялангуяа хүүхэд багачуудын оюуны хөгжилд гүйцэтгэж буй үүрэг нь улам бүр нэмэгдсээр байгаа энэ үед манай академи мэдлэгийн үйлдвэрлэл явуулж, тэр мэдлэгээр ном бүтээж байгаа. Үүнийгээ хүргэхийн төлөө бид шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглах, нөгөөтэйгүүр номыг хялбар аргаар уншигчдад хүргэхийн тулд цахим худалдааг нээлээ. Та бүхэн манай цахим номын дэлгүүрээр өргөнөөр үйлчлүүлээрэй” гэв.

ШУА нь дотоод мэдээллийн системийг шинэчлэх ажлын хүрээнд мэдээллийн технологийн орчин үеийн боломжийг бүрэн ашигласан нэгдсэн бодлоготой цахим системийг /www.ac.mn/-ийг шинээр хөгжүүлж, тус академийн бүх түвшинд нэвтрүүлэх ажлыг зохион байгууллаа. Улмаар нэгдсэн мэдээллийн “Дундын том сан” бий болж хэрэглэгчид болон байгууллага хоорондын харилцаа холбоо сайжирч, хамтын ажиллагааны үр шим нэмэгдэх чухал ач холбогдолтой. ШУА-ийн цахим номын худалдааны системийг хөгжүүлэх ажлыг “Гөү Смарт” ХХК гүйцэтгэжээ. Цахим номын дэлгүүрт тавигдсан номуудыг энэ өдрүүдэд хямдралтай үнээр худалдаалж байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ЫН ДОТООД СОНГУУЛИЙН ТОВ ГАРЛАА

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос дараахь сонгуульт албан тушаалуудад нөхөн сонгууль зарлалаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын болон Завхан, Баян-Өлгий, Дорнод, Хан-Уул дүүргийн Үндэсний бодлогын хорооны гишүүний нийт таван суудал дээр нөхөн сонгууль зарлажээ. Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа энэ сарын 26-ны өдрийн 10:00 цагаас энэ сарын 28-ны өдрийн 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Харин сонгуулийн сурталчилгааны ажил ирэх тавдугаар сарын 1-ний өдрийн 10:00 цаг эхэлж, тавдугаар сарын 10-ны өдрийн 22:00 цагаар дуусгавар болох юм байна. Түүнчлэн Дотоод сонгуулийн санал хураалтыг ирэх тавдугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас эхлүүлж, тухайн өдрийн 20:00 цагаар дуусгавар болгохоор шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол инженер-2018” нэгдсэн арга хэмжээг жил бүр зохион байгуулна

Инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерчлэлийн инноваци, шинэ бүтээл, оновчтой саналыг дэмжих зорилготой “Монголын инновацийн 7 хоног” үйл ажиллагааны хүрээнд “Монгол инженер – 2018” нэгдсэн арга хэмжээг Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр энэ сарын 20-22-нд зохион байгууллаа.

“Монгол Инженер – 2018” нэгдсэн арга хэмжээний нээлт болон хаалтын үйл ажиллагаанд БСШУСЯны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т. Амаржаргалан, ШУТИС-ийн захирал Б.Очирбат тэргүүтэй захирлууд болон Ардын багш, академич Ч.Авдай, гавъяат багш Н.Төмөрбаатар нарын хүмүүс оролцлоо. Харин аж ахуй нэгж, байгууллага, компаниас Оюу Толгой, “Вагнер Ази”, ХААН болон Улаанбаатар банк, ЧПМ ХХК, ТЭСО корпораци, Дархан Геомаш ХХК, Монголын залуучуудын холбоо, Мөнгөн пирамид ХХК, Санко Тек ХХК, “Эрдэм транс” ХХК болон Орхон, Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль, ХААИС, ҮБХИС-ийн төлөөлөл, багш нар оролцлоо.

“Монгол Инженер – 2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд инженер, багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурал, инженерийн программын (MasterCAM, Ansys, Solidworks) сургалт, зураг төслийн автоматжуулалтын CAD/CAE/CAM болон Механикийн онолын хичээлүүдийн (Онолын механик, Машин механизмын онол, Материалын эсэргүүцэл, Машины эд анги, Хэрэглээний механик) улсын олимпиад, инженер техникийн ажилтан болон оюутнуудын дунд багийн тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн, ШУТИС-ийн мэргэжил сурталчлах өдөрлөгийг зохион байгуулсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Монгол инженер 2018” арга хэмжээний үйл ажиллагаатай танилцан оюутан залуус, профессор, багш, инженер техникийн ажилтнуудтай уулзаж, харилцан санал солилцон төр-хувийн хэвшил-их дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, инновацийг хөгжүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтойг онцлон уралдаан тэмцээнд оролцогчдод амжилт хүссэн юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үйл ажиллагаатай танилцсан

Арга хэмжээнд нийт 14 албан байгууллагын 48 инженер, техникийн ажилтнууд, дотоодын 14 их, дээд сургууль, гадаадийн нэг их сургуулийн 258 (давхардсан тоогоор) оюутан, 100 гаруй профессор багш ажилтнууд оролцлоо.

Багийн нэгдсэн амжилтаар:

  • Тэргүүн байранд ИТДБ төслийн хамтарсан 2+2 хөтөлбөрийн оюутнууд (шилжин явах цом, диплом, алтан медаль, 1 сая төгрөг) – 68 оноо
  • Дэд байранд ШУТИС. МехТС-ийн оюутнууд (диплом, мөнгөн медаль, 0.7 сая төгрөг) – 55 оноо
  • Гутгаар байранд ШУТИС. БАС оюутнууд (диплом, хүрэл медаль, 0.5 сая төгрөг) – 52 оноо

Инженерийн хувийн амжилтаар (CAD/CAE/CAM):

  • I байранд зураг төслийн инженер, Ч.Сономжамц
  • II байранд зураг төслийн инженер, Ч.Үнэнбаяр
  • III байранд Эрдэнэт үйлдвэр ХХК, ЗМЗ-ийн инженер, Е.Жүзжасар

Оюутны хувийн амжилтаар (CAD/CAE/CAM):

  • I байранд ШУТИС.МехТС-ийн оюутан Н.Бат-Эрдэнэ
  • II байранд ШУТИС.МехТС-ийн оюутан Н.Цэдэн-Иш
  • III байранд ШУТИС.МехТС-ийн оюутан Б.Эрдэнэтөгс

Оюутны хувийн амжилтаар (Онолын механик):

  • I байранд ИТДБ төслийн хамтарсан 2+2 хөтөлбөрийн оюутан О.Нямсүрэн
  • II байранд ШУТИС.БАС-ийн оюутан Ц.Ариунзаяа
  • III байранд МГТИС-ийн оюутан Н.Төрцэцэг

Оюутны хувийн амжилтаар (Материалын эсэргүүцэл):

  • I байранд ИТДБ төслийн хамтарсан 2+2 хөтөлбөрийн оюутан О.Нямсүрэн
  • II байранд ШМТДС-ийн оюутан Г.Номун
  • III байранд ИТДБ төслийн хамтарсан 2+2 хөтөлбөрийн оюутан Б.Эрхбаяр

Оюутны хувийн амжилтаар (Машин механизмын онол):

  • I байранд ИТДБ төслийн хамтарсан 2+2 хөтөлбөрийн оюутан Н.Дэлгэрсүрэн
  • II байранд ИТДБ төслийн хамтарсан 2+2 хөтөлбөрийн оюутан Б.Энхбат
  • III байранд ИТДБ төслийн хамтарсан 2+2 хөтөлбөрийн оюутан О.Сувд-Эрдэнэ

Оюутны хувийн амжилтаар (Машины эд анги):

  • I байранд ШУТИС.ҮТС-ийн оюутан И.Элбэгжаргал
  • II байранд ШУТИС.МехТС-ийн оюутан Б.Эрдэнэтөгс
  • III байранд ШУТИС.МехТС-ийн оюутан А.Өсөхбаяр

Оюутны хувийн амжилтаар (Хэрэглээний механик-1):

  • I байранд ШУТИС.ЭХС-ийн оюутан Б.Жамъянсүрэн
  • II байранд ШУТИС.ЭХС-ийн оюутан Э.Билгүүн
  • III байранд ШУТИС.ҮТС-ийн оюутан Т.Нандинзаяа

Оюутны хувийн амжилтаар (Хэрэглээний механик-2):

  • I байранд ШУТИС.ХШУС-ийн оюутан Х.Намуун
  • II байранд ШУТИС.ГУУС-ийн оюутан Я.Бадраа
  • III байранд ШУТИС.ҮТС-ийн оюутан А.Сэндэр

Багийн тэмцээн (Оюутан):

  • Тэргүүн байранд МГТИС-ийн оюутнууд
  • Дэд байранд Орхон аймаг дахь ТС-ийн оюутнууд
  • Гутгаар байранд ИТДБ төслийн хамтарсан 2+2 хөтөлбөрийн оюутнууд

Багийн тэмцээн (Инженер):

  • Тэргүүн байранд Дархан Геомаш ХХК (шилжин явах цом, диплом, алтан медаль, 1 сая төгрөг) – 112,4 оноо
  • Дэд байранд Эрдэнэт үйлдвэр ХХК, Засвар механикийн завод (диплом, мөнгөн медаль, 0,7 сая төгрөг) – 99,05 оноо
  • Гутгаар байранд Е.Жүзжасар ахлагчтай инженерүүдийн баг (диплом, хүрэл медаль, 0,4 сая төгрөг) – 98,25 оноо

Шилдэг бүтээлээр:

  • Тэргүүн байранд ШУТИС.ҮТС-ийн оюутан А.Сэндэр “Нарны халаагуур” бүтээлээр
  • Дэд байранд ШУТИС.МехТС-ийн оюутан Б.Амарбат нар “Сур элдэх хүндийн хүчний төхөөрөмж” бүтээлээр
  • Гутгаар байранд ҮБХИС-ийн Ч.Бямбацэрэн нар “Автомашины автомат хурдны хайрцагны шингэн солих” төхөөрөмж бүтээлээр
  • Тусгай байранд 1-р дунд сургуулийн 12г ангийн сурагч Б.Төгс-Эрдэнэ “Автомашины прототип загварууд” бүтээлээр

Шилдэг илтгэлээр:

  • Тэргүүн байранд Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Засвар механикийн заводын инженер Ц. Чулуун-Эрдэнэ “Булингын ГРАТ 1400/40 шахуургынажлын хэсгийн өөрчлөлтийн судалгаа” сэдэвт илтгэлээр
  • Дэд байранд ШУТИС.МХТС-ийн ахлах багш Л.Батзориг “Инерцийн хүч ашиглан цусны цагаан, улаан эсүүдийг ялгах био-чипын загварыг хөгжүүлэх нь” сэдэвт илтгэлээр
  • Гутгаар байранд “Сейф Трек” ХХК-ийн захирал Ц.Дүүрэнбилэг “Бум бум амортизорын хийцийг сайжруулах судалгаа” сэдэвт илтгэлээр тус тус шалгарав.

нар тус тус шалгарав.

Хаалтын ажиллагааны үеэр олимпиадыг ивээн тэтгэсэн байгууллага, оролцсон сургуулиудын багш, профессоруудын төлөөлөл шагналт байранд шалгарсан баг, оюутнуудад шагнал гардуулж баяр хүргэлээ.

Үйл ажиллагааны хүрээнд инженер техникийн ажилтан, багш нарт зориулсан инженерийн программын (MasterCAM, Ansys, Solidworks) сургалт зохион байгуулж тухайн ажлын байранд тулгарч буй инженерийн асуудлуудыг компьютерийн симуляци ашиглан тооцоолох, үр дүнг оновчлоход сургалтын агуулга чиглэгдэж байв. Мөн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын шинэ үр дүнгээс хуваалцах, үйлдвэр албан байгууллагуудад шинээр нэвтрүүлж буй технологиуд, инженерийн шийдэл шаардаж буй асуудлуудыг танилцуулах зорилгоор эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд нийт 29 илтгэл ирүүлж бүтээлийн эмхэтгэлд хэвлүүлснээс есөн илтгэлийг сонгон инженер, техникийн ажилтнууд, профессор багш нар тавьж хэлэлцүүллээ.

“Монгол инженер 2018” нэгдсэн арга хэмжээний Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд цаашид энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулах, “Төр-их, дээд сургууль-үйлдвэрийн газрууд” хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй хөгжүүлэх, санамж бичиг байгуулах, оюутнууд, инженер, техникийн ажилтнууд бүтэн жилийн 360 хоногийн турш “Монгол инженер” арга хэмжээнд бэлтгэж хүлээдэг, бүтээлэн үзэсгэлэн болон бусад арга хэмжээний шалгаруулалтад тав хоногийн турш оролцдог “360+5” зарчмыг хэрэгжүүлэх талаар санал, зөвлөмж дэвшүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.04.25) хуралдаан 10 цаг 16 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс иргэдэд газар өмчлүүлэх хуулийг үр дүнд хүргэхийн тулд эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах, нийслэл хотод өмчлөх газар байгаа эсэх, цаашдаа улсын хэмжээнд бэлчээр, тариалангийн бүс, тусгай хэрэгцээт газраас бусад иргэд өмчлөх газрын нийт талбай нөөц хэр байгаа талаар тодруулав.


Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хариултдаа, Иргэдэд газар өмчлүүлэх хуулийн хугацааг өмнө нь гурван удаа сунгасан бөгөөд энэ хугацаанд манай улсын нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчилж аваад байна. Иргэдийн хувьд дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд холбогдсон газрыг өмчлөх сонирхолтой байдаг. Нөгөөтэйгүүр, 1997 онд баталсан газрын суурь үнийг өнөөдөр хүртэл мөрдөж байгаа учраас эдийн засгийн эргэлтэд оруулахболомж, нөхцөл тааруу байна гэдгийг онцолсон.

Харин Ажлын хэсгийн зүгээс, одоогоор нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргүүдэд иргэдэд өмчлүүлэх газар байхгүй. Харин Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Багахангай дүүргүүдэд өмчлөх газар бий. Түүнчлэн нийслэлийн иргэд аль ч аймаг, сум, дүүргийн нутагт газар өмчилж авах эрх хуулиар нээлттэй. Ер нь шинэ суурьшлын бүс байгуулахдаа дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ байгуулах асуудлыг тусгах шаардлагатай байна. Одоогоор 840 орчим мянган га газар өмчлүүлэх боломжтой. Засгийн газраас улсын хэмжээнд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвийг гаргах ажлыг эхлүүлээд байна гэж хариулав.


Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь нь дэмжсэн. Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.