Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын цэргийн акедимийн захиралтай уулзлаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын урилгаар Монгол Улсад айлчлалаар ирсэн ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн акедемийн захирал, хурандаа генерал В.Б.Зарудницкийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр хүлээн авч уулзлаа. Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид батлан хамгаалах салбарын харилцаандаа цэргийн онол, цэргийн урлаг, зэвсэглэл техникийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг ОХУ-тай тогтоосон хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг” гээд, ЗХУ-ын, дараа нь ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академийн үе үеийн төгсөгчид манай цэргийн удирдлагад албаа амжилттай хааж, Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоо, цэргийн байгуулалтыг төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байгааг онцлов.

ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академийн захирал хурандаа генерал В.Б.Зарудницкий Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академитай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсны дагуу багш, эрдэмтдээ солилцож, цэргийн сургалт, судалгааны туршлагаа хуваалцаж байхаар болсныг Шадар сайд Ө.Энхтүвшинд мэдэгдлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, үүний дотор цэргийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа хөгжүүлэхийг Засгийн газрын зүгээс бүх талаар дэмжинэ. 2019 онд бид Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг зөвлөлтийн, Оросын нөхөдтэйгөө тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ ялалтын ойг угтаж бид түүхийн сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, түүхэн болон баримтат кино, ном, зургийн цомог гаргахад танай судлаачдыг оролцохыг хүсье” гэлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд цаг агаар сэрүүснэ

Хугацааны сүүлээр ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орж, сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

2018 оны 04 дүгээр сарын 26-наас 04 дүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар,

26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд төвийн аймгуудын ихэнх, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно.

Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд зарим газраар секундэд 14-16 метр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

Харин Улаанбаатарт ажлын өдрүүдэд цаг агаар тогтуун байх бол амралтын өдрүүдэд сэрүүсч бороо шиврэх юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Их Сургууль Солонгосын өгөгдлийн агентлагтай харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэлээ

Өнөөдөр /2018.04.25/ Монгол Улсын Их Сургууль Солонгосын өгөгдлийн агентлаг буюу Korea Data Agency /K-Data/-тай харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэлээ. Korea Data Agency /K-Data/ нь Өгөгдлийн үйлдвэрлэлийн (Data Industry) өрсөлдөх чадамжийг дээшлүүлэх, өгөгдөл түшиглэсэн шинэ бизнес үүсгэхэд дэмжлэг үзүүлэх, хөгжүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага юм.

Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэх ёслолд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирал Н.Баатарбилэг, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч Н.Оюун-Эрдэнэ, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор Ч.Алтангэрэл, Г.Амарсанаа, Ч.Лодойравсал, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр болон Солонгосын өгөгдлийн агентлагын Техникийн болон чанарын албаны дарга Жүн Хёон Ли /Junghyun Lee/, Техникийн болон чанарын албаны ерөнхий менежер Сун Жон Лим /Sungjoon Lim/, Техникийн болон чанарын албаны ахлах судлаач Ян Сик Ким /Youngsik Kim/ нар оролцов.

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Өгөгдлийг үнэн зөв, бүрэн гүйцэд, анхдагч эх сурвалжаас, олон талаас нь нэгтгэж мэдлэгийн цахим сан үүсгэх чиглэлээр МУИС-ийн Машин оюуны лаборатори, түүний Мэдлэг ба өгөгдлийн инженерчлэлийн баг, өгөгдлийн сангийн удирдлага, гүйцэтгэл, хяналт шинжилгээ чиглэлээр ажилладаг өгөгдлийн сангийн профессорын багууд судалгаа хийж ажилладаг. Бидэнд тодорхой чадвар, туршлага бий ч үүнийг улам бүр хөгжүүлэхэд та бүхэнтэй хамтран ажиллаж байгаад таатай байна. Манай сургуулийн хувьд их өгөгдөл, өгөгдлийн инженерчлэл, өгөгдлийн менежментийг улсдаа хөгжүүлж энэ чиглэлээр шинэ технологи бий болгох, илүү олон хүмүүсийг ажиллуулах, бэлтгэх сонирхол бий. Монгол Улсад өгөгдлийн өрсөлдөх чадварыг хөгжүүлж ирж буй тоон ертөнцөд улсаа хөтлөн оруулах нь бидний хувьд зайлшгүй хүлээх үүрэг мөн. Өгөгдөл бол шинэ зууны баялаг мөн” гээд цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.


Цаашид хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн МКУТ-ийн компьютерийн лабораториудад Өгөгдлийн санг удирдах системийн лицензтэй програм хангамжийг K-Data байгууллагаас нийлүүлэх, Төрийн бусад байгууллагатай холбоо тогтоох, хамтын ажиллагаа эхлүүлэхэд зуучлах, Өгөгдлийн технологи, Улс дамнасан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөж байна.

Тус байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулах асуудлыг 2015 оноос хойш ярилцаж хамтран ажиллах чиглэл, боломжийг судалсан бөгөөд Их сургууль, аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өгөгдлийн технологийн хүрээнд хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэн өнөөдөр ийнхүү санамж бичгийг үзэглэлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Анударь: Ятга хөгжим миний төсөөллийн хамгийн сайхан зүйлийн дээд цэг

Монгол Улсын Консерваторийн гуравдугаар курсын оюутан Б.Анударь, хоёрдугаар курсын оюутан Л.Эрдэнэжав нарын уран бүтээлийн тайлан тоглолт боллоо. Тоглолтод Монгол Улсын Консерваторийн үндэсний найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм.

Ятга хөгжмийг гоцлон тоглосон Б.Анударьтай тоглолтын дундуур цөөн хором ярилцлаа

-Хэзээнээс урлагийн хүн болохоор шийдэв?

-Би бага байхаасаа урлагт дуртай хайртай нэгэн болж хүмүүжсэн. Дуулдаг, бүжиглэдэг, шүлэг уншдаг ер нь урлаийн талын авьяас багаас маань илэрсэн. Багадаа Хүүхдийн ордны дууны дугуйланд явдаг байлаа. Харин 2009 оноос ятга хөгжмийг сонирхон Монгол Улсын Консерватори сургуульд Ё.Отгонтуяа багшийн шавь болон сурч байна.

-Тоглолтдоо хэр удаан бэлдэв?

-Ер нь бидний хувьд тайлан тоглолт гэдэг асар том шалгуур, үнэлэмж болж өгдөг тиймээс есөн сард хичээл оров уу үгүй юу л бэлтгэж эхэлсэн.

-Хоёр дах тайлан тоглолт чинь юм байна. Урьдынхаасаа ур чадварын хувьд хэр ахисан бэ?

-Урьд нь бол коллежийн түвшинд сурсан мэдлэгээрээ тайлан тоглолт хийж байсан. Үүнээс хойш олон тоглолтод оролцсон, хамтран тоглосон. Энэ удаад бакалаврын түвшинд юу сурснаа харуулахыг зорьж байгаа болохоор мэдээж ур чадвар маань тодорхой хэмжээнд ахисан.

-Сургуулиа төгсөөд энэ чиглэлээрээ ажиллах уу?

-Монголын урлагийн ертөнцөд нэвтрэх нэгэн гараа маань мэдээж манай сургууль. Олны танил болсон олон уран бүтээлчийг манай сургууль бэлтгэж гаргаж байсан, гаргасаар ч байгаа. Тийм болохоор сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн сайн уран бүтээлч болохыг зорьж байгаа.

-Гэр бүлд нь урлагийн хүн бий юу?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Би л өөрийн багын сонирхлоо хөгжүүлж яваа.

-Аав тань сэтгүүлч хүн байжээ. Таныг хэр дэмждэг байв?

-Аав минь намайг бүхий л сэтгэл зүрхээрээ ойлгон дэмжиж тусалдаг хүн байсан. Энэ мөчид аав минь байсан бол надаар ямар их бахархаж, омогшиж байгаа бол гэж бодогдлоо.

-Ятга тоглоход ямар мэдрэмж авдаг вэ, тэр мэдрэмжээ өөр зүйлээс авч чаддаг уу?

-Ятга бол миний амьдралын зорилго. Хөгжмөө тоглохдоо би маш их тайвшрал, амар амгаланг олдог. Өөр ямар ч зүйлээс би ятга тоглоход авдаг мэдрэмжээ авч чадахгүй.

-Ятга хөгжмийг юутай зүйрлэх вэ?

-Сэтгэлийн минь хөг эгшиг бүхий л зүйлийг илэрхийлдэг болохоор өөрийнхөө төсөөллийн хамгийн сайхан зүйлтэй л жиших байх даа гэв.

Түүний тоглолтын ая эгшиг бүр хүнд тайвшрал, ухаарал, догдлол, баясал авчирч, сэтгэлийн хөг бүрийг хөндөж байлаа. Монгол Улсын Консерваторийн морин хуур хөгжмийн багш, Нумт хөгжмийн нэгдлийн ахлагч А.Бат-Очир энэ үеэр ярихдаа:

-Суралцагчдынхаа боловсролыг дээшлүүлэхийн тулд тайлан тоглолтыг бид тавиулдаг. Энэ тоглолтод 50 хувиас илүү нь урьд нь тоглогдож байгаагүй ая эгшгүүд эгшиглэж байгаа. Сургууль маань Монголын урлагийн ертөнцийн гол хүний нөөц. Ер нь бол урлагийн хүний нөөцийн 90 хувийг бид бэлтгэдэг. Надад Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхийн тулд манайд тайлан тоглолтуудыг тоглуулах юм бол нэг шат ахих байх гэсэн бодол байдаг. Энэ нөөц боломж нь ч бидэнд байгаа.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын байнгын хорооны ажлын хэсэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ажиллалаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг энэ сарын 24-нд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт байрладаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв дээр ажиллан нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Энхтөр Нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр хийгдэж буй ажил, тоо мэдээ болон “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг товч танилцуулсан.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганболд, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн М.Билэгт, Б.Ундармаа нар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, нийслэлийн нийгмийн халамжийн газрын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл сонсч, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжтай холбоотой асуудлаар байгууллагуудын удирдлагуудаас болон холбогдох албаныхнаас зарим зүйлийг тодруулж, санал дүгнэлт өгөв.

Ажлын хэсгийн ахлагч гишүүн Д. Ганболд “Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хийгдэж байгаа ажил, чиглэл болгон дээр санал гаргаж, салбарын хэмжээнд хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой саналаа ажлын хэсэгт ирүүлж байхыг тэмдэглэсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн М.Билэгт: Иргэдийг ажилтай орлоготой болгохын тулд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа өгч, хуулийн төсөлд саналаа тусган Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлэх мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг сурталчилж, олон нийтэд хөдөлмөрийн боловсрол олгох шаардлагатай байгаа” хэмээлээ. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Б.Ундармаа, Их дээд сургууль, МСҮТ-ийн оюутан залуучууд, ЕБС-ийн 12 дугаар анги төгсөх сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр ямар үр дүнд хүрсэн ажил хийж байгаа талаар тодруулан хөдөлмөрийн боловсрол, хөдөлмөрийн тухай ойлголтыг олон нийтэд таниулах, нэгдсэн ойлголттой болгоход анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон. Уузалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганболд хэлсэн үгэндээ ажил явуулахад тулгамдаж байгаа асуудлаар хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийх, анхан шатны нэгжид тулгарч байгаа асуудал, ажил хайгчид тулгарч байгаа бэрхшээл түүнийг шийдвэрлэх тодорхой саналаа Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлж тухай бүр нь шийдвэрлүүлэх мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийслэлийн байгууллагуудаас тодорхой санал тусган ажиллах хэрэгтэйг тэмдэглэсэн гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хөрсөө хамгаалья” өдөрлөг болно

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Хөрсөө хамгаалья” өдөрлөгийг “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор зохион байгуулна.

Энэхүү өдөрлөг нь хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын оролцоог хангаж буйгаараа онцлог юм. Өдөрлөгийн үеэр төрийн болон судалгааны байгууллагууд иргэдэд мэдээлэл өгөх бол хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, эрдэмтэн, судлаачид хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хийгдэж буй шинэлэг ажил, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулах, худалдаалах үйл ажиллагааг явуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Татварын буцаалтыг олгож эхэллээ

Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ.

Улсын хэмжээнд нийт 68 мянга гаруй татвар төлөгч Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн байна.

Иргэдийн буцаалтыг тавдугаар сарын 15-ны дотор олгох төлөвлөгөөтэй байгаа юм.

Татварын буцаалтын материалыг жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор бүрдүүлэн өгдөг.

Categories
гадаад мэдээ

Норвегид ирэх 10 жилийн дотор цаасан мөнгө хэрэглэхгүй болно

Скандинавын хойгийн Норвеги улс дэлхийн анхны бэлэн мөнгө хэрэглэдэггүй орон болоход ойрхон байгааг тус улсын дээд албаны хүн мэдэгдлээ.

Лондон хотод болж буй City Week чуулганд оролцсон Норвегийн төв банкны дэд ерөнхийлөгч Жон Николайсен тус улсын нийт арилжааны өчүүхэн хувийг бэлэн мөнгө эзэлж байгааг хэлсэн байна.

“Хамгийн сүүлийн тоо баримтаар манай зах зээлд эргэлдэж байгаа мөнгөний 3 хүрэхгүй хувь нь бэлнээр байна. Нийт гүйлгээний 10 хүрэхгүй хувь нь бэлэн мөнгөөр хийгдэж байна” гэж тэрээр дурджээ.

Үлдсэн бүх гүйлгээ, түүний дотор аяга кофе авах худалдаа хүртэл цахим хэлбэрээр гүйцэтгэгдэж байгаа гэнэ.

“Аль ч утгаараа бид бэлэн мөнгө хэрэглэдэггүй нийгэм нэгэнт болоод байна” гэж хэлсэн Николайсен энэ үзэгдлийг засгийн газрын ямар нэг бодлогын үр дүн биш, зөвхөн иргэдийн хүсэл сонирхлын илрэл юм гэжээ.

Ганц Норвеги биш, Скандинавын орнууд цаасан мөнгө хэрэглэдэггүй болох чиглэлд хурдтай шилжиж байгаа. Шведэд цаасан мөнгө олдохгүй болсноос гуйлгачид, явуулын хөгжимчид нь хүртэл карт уншигчтай болсон тухай шог яриа гарч байв.

Тэнд их хэмжээний бэлэн мөнгөтэй яваа хүнийг хуулийнхан гэмт хэрэгтэн, террорист гэж сэжиглэж магадгүйг хэвлэлүүд саяхан бичиж байжээ.

Николайсены үзэж байгаагаар ирэх арван жилийн дотор Норвегид цаасан дэвсгэртүүд бүр мөсөн хэрэглэхгүй болох гэнэ.

Categories
мэдээ спорт

Сэлэнгэд Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болж байна

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээнСэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод эхэллээ. Монголын чөлөөт бөхийн үе үеийн олон шилдэг тамирчид амжилтын гараагаа эхлүүлсэн 41 дэх удаагийн уламжлалт тэмцээнийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Монгол ардын нам, Биеийн тамир спортын газар, чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгууллаа. Тэмцээнд хот, хөдөөгийн 24 байгууллагын 395 тамирчин хөвгүүдийн 13, охидын долоо, нийт 20 жинд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчид хүний эрхийн боловсрол олго сургалтад хамрагдлаа

Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхүүлэн дэмжих чиглэлээр олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулж ирсэн. 2018 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ээ шинэчлэн, цаашид хийх ажлаа тодорхойлж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна.

Энэхүү хамтран ажиллах “Санамж бичиг”, Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилгоор алба хаагчдад хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэн, тэднээр дамжуулан хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг цаашид тасралтгүй зохион байгуулах юм.

Сургалтаар “Хүний эрхийн үндсэн ойлголт, зарчим, хүний эрхэд суурилсан хандлага”, “Олон улсын хүний эрхийн гэрээ, механизм”, “Жендерт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийлэл”, “Хүүхдийн эрх”, “Амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх”, “Эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх” зэрэг сэдвүүдээр Хүний эрхийн үндэсний комиссын сургагч багш нар багаар болон кейс дээр ажиллах, хэлэлцүүлэг зохион байгуулах хэлбэрээр явуулж байна.

Сургалт энэ оны IV сарын 25-27-ны өдрүүдэд үргэлжлэнэ. Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын 26 алба хаагч хамрагдаж байна.