Categories
мэдээ нийгэм

Маргааш “Хөрсөө хамгаалъя” өдөрлөг болно

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөг нь хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын оролцоог хангаж буйгаараа онцлог юм. Өдөрлөгийн үеэр төрийн болон судалгааны байгууллагууд иргэдэд мэдээлэл өгөх бол хувийн хэвшлийн ААН, эрдэмтэн, судлаачид хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хийгдэж буй шинэлэг ажил, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулах, худалдаалах үйл ажиллагааг явуулна.

Иймээс иргэд олон нийт та бүхэн өөрийн амьдарч, ажиллаж буй орчны цэвэр орчны төлөө мэдлэгээ дээшлүүлэх, мэдээлэл ихтэй “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгт өргөнөөр оролцоно уу гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр

Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна. Анх 2000 онд дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий ассамблейн хуралдаанаар энэ өдрийг дэлхийн оюуны өмчийн өдөр хэмээн тунхаглан зарлажээ. Энэ өдөр Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Оюуны өмчийн газартай хамтран нээлттэй өдөрлөгийг МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд 15.00 -16.30 цагийн хооронд хийх юм байна. Энэ жилийн хувьд “Сэтгэн бүтээхүй: Хойч үе” уриан дор оюуны өмчийн талаарх ойлголтыг олон нийтэд таниулах, иргэдийн тулгарсан асуудалд зөвлөгөө өгөх ажээ.
Дэлхийн оюуны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон гол зорилго нь шинэ бүтээлийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загварууд бидний амьдралд хэр зэрэг нөлөөлдгийг, дэлхийн өнцөг булан бүрт байгаа зохион бүтээгч нарыг дэмжихэд оршдог байна.

“Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг дэлхийн улс орнууд тэмдэглэж ирсэн бол Монгол Улс 2003 оноос эхлэн нэгджээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Тогтохсүрэн: Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор буруу зүйл хийгээгүй бол хүн хэлмэгдүүлж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах саналаа оруулж ир хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан шаардлага хүргүүлсэн. Хоёр сайдыг огцруулах хууль эрх зүйн боломж бий юу?

-Ардчилсан намын бүлэг ч юм уу, УИХ-ын гишүүдийн зүгээс Засгийн газрын гишүүдийг огцруулах саналыг Ерөнхий сайдад тавих эрх нь бий. Сайд нарыг шууд огцруулдаг эрх нь байхгүй болсон. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр Засгийн газар танхимаар ажиллана. Ерөнхий сайдыг огцруулахад 19-өөс дээш гишүүн огцруулах саналаа Их хуралд өргөн барина. Түүнээс биш сайд нарыг нэг нэгээр нь огцруулахаар өргөн барьдаг практик буруу байжээ гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргачихсан байхгүй юу. Тиймээс өргөн барих боломжгүй болсон тул Ардчилсан намын бүлгийнхэн хоёр сайдыг огцруулах саналыг Ерөнхий сайдад тавьсан юм байна гэж би хувьдаа ойлгосон. Үүн дээр хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлье.

-За…

-Ц.Нямдорж сайдыг У.Хүрэлсүхийн Засгийн газрын гол тулгуур нь болж байгаа гэж боддог. Нийгэмд шударга ёсыг тогтоох, хариуцлагыг бий болгох чиглэлд богино хугацаанд ахиц гаргаж байна гэж ойлгодог. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийн асуудал байна. Ц.Нямдорж сайд энэ тал дээр анхнаасаа өөрийн байр суурийг илэрхийлж, 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргуулсан. Нөгөө талд нь төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэргийн асуудал байгаа юм. Шударга ёсыг тогтоож, буруу зүйл хийсэн бол засч залруулъя гээд явж байгаа. Түүнчлэн авлигатай тэмцэж, хариуцлагын тогтолцоог бий болгох чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явагдаж байгааг зарим талаараа Ц.Нямдорж сайдтай холбоотой гэж боддог. Шинэ Засгийн газар бүрдээд зургаан сар болж байна. Тиймээс ойр ойрхон Засгийн газрын гишүүдээрээ оролдох шаардлага байгаа юм уу. Хамгийн гол нь тогтвортой байдал шүү дээ. Өөр нэг өнцөг харагдаж байна. Тэр нь юу гэхээр Ардчилсан намынхны араас Эрдэнэтийн 49 хувь дээр ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдүүд Ц.Нямдоржийг огцруулж байж санаа нь амрахыг үгүйсгэхгүй.

-Тэгвэл Ч.Хүрэлбаатар сайдын тухайд?

-Улс орны эдийн засаг дажгүй өсч байна. 2017 оны эдийн засгийн өсөлт 5.4 хувьтай гарсан бол оны эхний улирлаар төсвийн орлого 200 гаруй тэрбум төгрөгөөр давсан. Нэгдүгээр улиралд орлого давна гэдэг чинь ховор тохиолдол. Ялангуяа манай улсын эдийн засаг улирлын чанартай бизнесээ дагаад өөр байдаг. Дийлэнх нь зун, намрын улиралд бизнес эрхэлдэг. Ийм хэдий ч эхний улирлаар төсвийн орлого ингэж давж байгаа нь сайн үзүүлэлт. Ч.Хүрэлбаатар сайд ОУВС-гийнхантай хэл амаа сайн ололцож байгаа. Зарим татварын нэмэгдэл, тэтгэврийн насыг буцаасан. Хүүхдийн мөнгийг ярилцсаар байгаад 80 хувьд нь олгохоор боллоо. Энэ бүхнээс харахад Ч.Хүрэлбаатар сайд сайн ажиллаж байна. Түүнчлэн макро эдийн засаг болон төсвийн тэнцэлд нэлээд анхаарал хандуулан сайн ажиллаж байгаа. Сайд болоод дөнгөж зургаан сар болоод ажлынхаа үр дүнг үзээгүй байхад нь огцруулъя гээд байгаа нь оновчтой биш. Ардчилсан намынхны тавьж буй санал нь нэг талаасаа хэтэрхий улс төрийн шинжтэй байна лээ.

-Гэхдээ Ч.Хүрэлбаатар сайдыг Хотгор шанагын уурхайг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа өөрийн ах, туслахууддаа авч өгсөн, Төсвийн тухай хуулийг таван удаа зөрчсөн гээд байгаа. Харин Ц.Нямдорж сайдыг Г.Алтангийн мэдлийн үнэтэй хотхонд түрээс төлөлгүй амьдардаг, хүүгээ Эрдэнэт үйлдвэрт шахаа хийхэд голлох үүрэгтэй оролцсон гэсэн байна лээ. Энэ бүхэн огцруулах шалтгаан биш үү?

-Энэ хоёр хүн өнөөдөр сайд хийж байх хугацаандаа ашиг сонирхлын зөрчил гаргасан уу, хууль зөрчсөн үү, бизнесийн ямар нэгэн зүйлд орооцолдсон уу гэдэг өөр асуудал. Таны хэлсэн зүйлс өмнө нь голдуу хэвлэлээр ярьдаг, бичигдэж ирсэн зүйл. Шүүхийн байгууллагаар Ч.Хүрэлбаатар сайдыг лицензийн наймаа хийсэн гэдэг нь тогтоогдсон, Ц.Нямдорж сайд ашиг сонирхлын үүднээс Эрдэнэтэд шахаа хийсэн гэдгийг нь тогтоосон бол ярьж болно. Өнөөдөр хэвлэлээр л шуугиад байгаа болохоос тогтоогдсон зүйл алга. Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж хоёрыг томилогдоход хүртэл энэ зүйл яригдаж байсан шүү дээ. Яг сайд болоод зургаан сарын хугацаанд ийм алдаа гаргасан гээд огцруулах гэж байгаа бол өөр. Олон жилийн өмнөөс хэвлэлээр яригдаж, бичигдээд байгаа үнэн, худал нь мэдэгдэхгүй шүүхийн байгууллагаар тогтоогдоогүй зүйлээр огцруулах санал оруулах нь хэр зөв юм бол доо.

-Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан Санжийн Баяр, Сангажавын Баярцогт нарыг хорьж, шалгаж байна. Дубайн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэг мөн хоригдож байгаа. Гэрээ тойрсон баривчилгаануудын талаар байр сууриа илэрхийлээч. Заавал хорьж шалгах шаардлага байсан юм болов уу?

-Оюу толгойн гэрээний хэрэгжилт ямар байна вэ гэдэг чинь нэг өөр асуудал. Оюу толгойн гэрээг байгуулах үед хариуцлага алдсан уу гэдэг чинь мөн л тусдаа асуудал байгаа юм. Оюу толгойн гэрээтэй холбоотой УИХ-аас Ажлын хэсэг гаран шалгаж байна. Гэрээг шалгаад дүгнэлт гаргах учиртай. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээг хоёуланг нь авч үзээд дүгнэлтээ Их хуралд танилцуулна. Тэр үед бид өөр өөрсдийн дүгнэлтээ хийх боломж олдох байх.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 28 жилийн хугацаанд хийгдсэн хамгийн том гэрээ Оюу толгой. Энэ гэрээнд алдаа, оноо аль аль нь л багтсан. Оноог нь бид өнөөдөр төсвийн орлого дээрээ хүртээд явж байгаа шүү дээ. Оюу толгойн гэрээг хүчингүй болгох уу гэдэг яриа гараад эхэлж. Би хувьдаа Оюу толгойн гэрээг зогсоож болохгүй гэсэн байр суурь барьдаг. Энэ гэрээг хүчингүй болговол Монгол Улс асар их хэмжээний өрөнд орно. Гэрээний хариуцлагыг бид хүлээнэ. Мөн цаашид Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үү гэдэг эргэлзээ бий болно. Гадны хөрөнгө оруулагчид манай улсад итгэх итгэл үлдэх үү. Оюу толгойн гэрээнд алдаатай зүйл бий гэдгийг дээр хэлсэн. Тиймээс бид сайжруулах зүйл хийх ёстой. Татварын нөхцөл, Монгол Улсад орох ашгаас эхлээд ярих зүйл бий шүү. Ажлын хэсэг энэ талаас нь харж шийдвэрээ гаргах болов уу гэж бодож байна.

Гэрээ байгуулахтай холбоотойгоор С.Баяр, С.Баярцогт, Дубайн гэрээтэй холбоотойгоор нарыг баривчилсан. Монгол Улс хуулийн засаглалтай. Тиймээс хуулийн хүрээнд асуудалд хандсан болов уу гэж найдаж байгаа. Хуулийн дагуу прокурор нь шалгаж, хуулийн дагуу шүүх нь хорьж, цагдсан болов уу. УИХ-ын гишүүн бид хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хутгалдан оролцож, ямар нэгэн хувийн сэдлээр дүгнэлт өгөх хэрэггүй. Миний хувьд хуулийн байгууллага ямар шийдвэр гаргах нь вэ гэдгийг харж байна. С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэгийг хорьсон нь зөв, буруу, шүүх, прокурор, АТГ алдаа гаргалаа гээд шууд дүгнэх ярих эрх байхгүй.

-Оюу толгойн гэрээг цуцлуулах сонирхол бүхий хэсэг бүлэг байна уу гэж харагдах юм. Та ямар бодолтой байгаа бол?

-Одоо бүх зүйл зохион байгуулалттай болчихоод түвэгтэй байна. Оюу толгойн гэрээг шахсаар байгаад хүчингүй болгуулах нэг хэсэг хүний сонирхол байгаа л байх. Оюу толгойн гэрээг хүчингүй болговол Монгол Улс тун хүнд байдалд орно. Энэ боломжийг ашиглаад барьцаа ахиулах сайжруулаад авах ажил хийвэл Монгол Улсад өгөөжтэй болох байх.

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар С.Баярын бие муудсан тул гаргаж авах асуудлыг хэлэлцсэн гэх юм. Ерөнхий сайд харин бултаад орж ирээгүй гээд байгаа нь үнэн үү?

-Бүлгийн хуралдаанаар ганцхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьсан. Түүнээс биш С.Баяр даргын бие муудлаа, гаргаж авъя гэдэг зүйлийг огт яриагүй. Манай намын бүлэг Оюу толгойтой холбоотой баривчилгаа тойрсон асуудлаар юу ч яриагүй байгаа. Бүлгийн байр суурь хууль шүүхийн байгууллага үнэн зөвийг нь тогтооно биз, буруутай байвал аль намын гишүүн байх нь хамаагүй хариуцлагаа үүрэх ёстой гэж байгаа юм. Харин Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор буруу зүйл хийгээгүй бол хүн хэлмэгдүүлж болохгүй гэдэг байр суурьтай байна. С.Баяр даргатай холбоотой ямар нэгэн байр суурь бүлэг дээр яригдаагүй. Харин ирэх долоо хоногт Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлуудаа эргэж сайтар ярихаар болсон.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэж амжих уу. Бүлгийн гишүүдийн байр суурь нэгдмэл байж урагшаа явна. Өнөөдрийн байдлаар янз бүрийн байр суурь илэрхийлээд нэг зүгт харж чадаагүй байна л даа…

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үнэхээр чухал. Бид өнгөрсөн хугацааны явж ирсэн замаа эргээд харахад Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийхээр олон удаа оролдсон ч чадаагүй байдаг. Өнөөдрийн нийгмийн нөхцөл байдлыг харахаар Үндсэн хуулийг зайлшгүй хийхээр болж. Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол агуулга нь дөрвөн зүйлд чиглэж байгаа.

Үндсэн хуулийг өөрчилснөөр Их хурлыг хариуц-лагажуулна. Тухайлбал, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болъё гэж байна. 2000 онд хийсэн долоон өөрчлөлтийг буцаах юм. Мөн Засгийн газрын эрхийг жаахан нэмэгдүүлээд тогтвортой ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлье гэж байгаа. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бид 16 Засгийн газрын нүүр үзсэн. Нэг Засгийн газрын дундаж нас 1.5 жил байх жишээтэй. Түүнчлэн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн хараат бус байдлын эрх зүйн орчныг бий болгоно. Орон нутгийн тогтолцоог өөрчилж иргэд рүүгээ хандсан болгож өгье. Улс төрийн намуудын орон нутагт оролцдог оролцоог багасгаж өгье гэдэг ийм хэдхэн чиглэлд өөрчлөлт оруулна. МАН мөрийн хөтөлбөртөө тусгасны дагуу эхлээд Их хурлаараа хэлэлцээд гуравдугаар хэлэлцүүлгээс эхлэн ард түмнээс санал асуугаад ард түмэн дэмжлэг Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулъя. Ард түмэн дэмжихгүй бол болъё гэж байгаа юм. Хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээд, ард түмнийхээ санал асуулгыг аваад явна.

-Та Төсвийн байнгын хорооны хуралдаанд суусан. Байнгын хорооны хуралдаан ширүүн болсон. Ж.Мөнхбат гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар долоон удаа хууль зөрчсөн хуулийн төсөл оруулж ирлээ гэж шүүмжилсэн. Төсвийн тодотголоо оруулж ир гэсэн. Байнгын хорооны хуралдаан дээр гишүүд 33, 32-ын бүлгээрээ талцах маягтай маргалдсан. Танай бүлэг дотор эв нэгдэл байхгүй байгаа юм биш үү?

-Хувь гишүүд өөрсдийн байр сууринаас л асуудалд хандаж ярьсан гэж би хувьдаа ойлгосон. Зарим гишүүд хууль зөрчиж байна гэж байсан. Төсвийн орлого буурсан тохиолдолд төсвийн тодотгол хийдэг. Гэтэл өнөөдөр төсвийн орлого давчихсан байгаа үед хөнгөлөлт, чөлөөлөлтийн зарим ажлыг хийхэд төсвийн хуулийн зөрчихгүй гэж бодож байгаа. Ялангуяа өнөөдрийн (өчигдөр) модон материал, ойжуулалтын тоног төхөөрөмж, үр суулгацтай холбоотой татвараас чөлөөлөхийг 2013 оноос хойш чөлөөлсөн. 2018 нэгдүгээр сарын 1-нэгнээс хуулийн хэрэгжилт нь дуусчихсан. Тиймээс үүнийг үргэлжлүүлье, Монголд мод модон материал, ойжуулалт, тоног төхөөрөмж, үр суулгац хэрэгтэй байна гэдэг үүднээс Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх гэж байгаа юм. Татвараас чөлөөлөх асуудал нь ач холбогдлын хувьд маш чухал. Монгол Улсад ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Монгол Улс ойн нөөц багатай тул торх болон модон материал оруулж ирэх хэрэгтэй байна. Энэ нь төсөвт ачаалал үзүүлж байна уу гэхээр үгүй байдаг. 2018 оны улсын төсвийг батлахад чөлөөлж байсан хууль хүчин төгөлдөр байсан. Тиймээс чөлөөлөгдөнө гээд тооцчихсон. Он гарснаас хойш хууль нь байхгүй болчихоор гааль, татварын байгууллагууд татвар авсан асуудал байгаа юм билээ. Хууль гаргаад түүнийг нь буцаагаад олгочихож болно. Энэ нь Төсвийн тухай хууль зөрчөөд байгаа юм байхгүй гэж харж байгаа.

-Засгийн газрын сайдуудыг огцруулна гээд нэр яваад эхэллээ. Засаг ганхаад байна уу гэж харагдах юм?

-Засгийн газрыг тогтвортой ажиллуулах шаардлага бий. Бид дөнгөж юм хийж эхлээд зургаан сар болж байхад нь оролдоод эхлэх юм. Ийм байж болохгүй. Аль болох тогтвортой ажиллаж, үр дүн гарах ёстой. Нэг жил зургаан сар, хоёр жил ажиллаад үр дүн гарахгүй хууль зөрчөөд байвал энэ асуудлыг ярьж болно. Тиймээс одоохондоо Засгийн газрын гишүүдийг сайн, муу ажиллаж байна гэдэгт дүн тавихад арай эрт байна.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүрээнд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэн. Хуулийн төслийг хэзээ хэлэлцэж дуусах вэ. Уг хууль батлагдсанаар цаашид Д.Гантулга гишүүнтэй холбоотой асуудлыг эцэслэх юм билээ?

-Уг хуулийг баталж байж УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Ямар тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлэх вэ гэдэг нь байхгүй болчихсон л доо. Д.Лүндээжанцан гишүүний өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Пүрэв юм уу баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг нь хийгдчих байх. Тиймээс ирэх долоо хоногт эцсийн хэлэлцүүлэг хийгдээд дуусах болов уу. Үүний дараа Д.Гантулга гишүүний асуудлыг прокуророос оруулж ирвэл хэлэлцэхэд бэлэн болно.

-Та Д.Гантулга гишүүний орооцолдсон энэ асуудалд ямар байр суурьтай байгаа юм?

-Д.Гантулга гишүүн өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулъя гэдэг байр сууриа илэрхийлчихсэн юм билээ. Залуу хүний хувьд үүнийг нь зөв гэж үзэж байгаа. Шалгуулаад үнэн, зөвөө тогтоолгох хэрэгтэй. Нэг талдаа Их хурлын нэр хүнд, нөгөө талдаа хувь хүний нэр хүндийн асуудал. Тиймээс өөрөө түдгэлзээд шалгуулчихад буруудахгүй.

-Эрдэнэт үйлдвэрийг тойруулж нэлээд мөлжиж, улс төр хийлээ. Сүүлийн үед Оюу толгойг тойрсон асуудалд дарагдаад нам гүм болчихлоо л доо. Шинэ мэдээлэл юм ирсэн болов уу?

-Манай бүлэг дээр Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудал огт хэлэлцэгдээгүй. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал тодорхой болчихсон. УИХ, Засгийн газар төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. УИХ, Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор зарим хүмүүс Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Цэцийн шийдвэр УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гээд гарчихсан шүү дээ. Эрх зүйн хүрээнд ямар ч маргаангүй болсон. 49 хувийг авсан талд мөнгийг нь суутган тооцох замаар шийдвэрлах ийм л асуудал үлдсэн. Харин 51 хувьтай холбоотой асуудал нь Арбитрын шүүх, дотоодын шүүхээрээ яваад шийдэгдэх ёстой. Гэрээ байгуулсан албан тушаалтан нь буруутай юу, барьцаанд тавьсан хүн нь буруутай юу гэдгийг хуулийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Компани хоорондын маргааныг улстөржүүлээд байх асуудал биш.


Categories
мэдээ нийгэм

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цагт Төрийн ордонд “Оюуны өмч,инноваци-Хөгжлийн үндэс”форум болно.

09.00 цагт МУИС-ийн Номын санд МУИС-иас “Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологи, Инновацийн Менежмент” Үндэсний семинар зохион байгуулна.

09.00 цагт ШУТИС-ийн Төв номын санд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс их, дээд сургуулиудын удирдлагуудад зориулан “Чанарын дотоод баталгаажуулалт” сэдвээр сургалт зохион байгуулна.

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Цахим банкны аюулгүй байдал ба Төлбөрийн эрсдэл” форум болно

09.30 цагт “Туушин” зочид буудалд “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г танилцуулах уулзалт болно

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно.

10.30 цагт Монголбанкны удирдлагууд өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “МИАТ” компанийн ажилчид тус компанийн хувьчлалын асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Vip auto, moto festival 20183 олон улсын наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт Баянхошууны Хөтөлийн автобусны буудлын дэргэд “Ачлалт хүүхдүүд” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж хамгааллын төвийн шинэ байрны нээлт болно. Утас: 80111336,94049089

14.00 цагт Монголын Хүүхдийн ордонд “Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” хүндэтгэлийн арга хэмжээ болно.

14.00 цагт УДБЭТ-т “Дэлхийн бүжгийн өдөр”, УДБЭТ-ын 55 жилийн ойн арга хэмжээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Иргэний нийгмийн байгууллагууд Оюутолгойн гэрээг дүгнэх ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “МСҮТ-ийн ажиллагсдын түр хороо”-ноос Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Амьд хөгжмийн “Play time” наадам долдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд болно

Жил бүр уламжлал болон зохиогддог амьд хөгжмийн “Play time” наадам энэ жил долдугаар сарын 6, 7, 8-ны өдөр Монгол Шилтгээнд зохион байгуулагдана.

2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан наадам маань энэ жил 17 дахь жилдээ болох бөгөөд Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Энэ удаагийн наадамд дэлхийд алдартай AНУ-ын “Ariel Pink”, Япон улсын “The Fin.”, “Lite”, Монголын домогт “Хөх Тэнгэр”, анхны синт рок “Сөрөг Хүч”, пост панк “The Colors” тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг, Электроник дэнс хѳгжмийн тайзнаа Италийн techno DJ Claudio PRC, Голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй нийт 70 гаруй хамтлаг дуучин, уран бүтээлчид гурав хоногийн турш “Playtime”, “Нааглихац”, “La Vie En Rose” гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэх аж.

Наадам зохион байгуулагдсан цагаас хойш 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэж бөгөөд ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Японы Mono, Envy, Шведийн The Radio Dept зэрэг дэлхийд алдартай хамтлагууд Playtime наадамд ирж тоглож байжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулган өнөөдөр /2018.04.26/ 10.00 цагаас хуралдана. Тус хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм байна.

  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2018.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2018.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2018.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын 3 гишүүн 2018.02.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх буудлын хөрөнгө оруулалт, ашиглалтад оруулахтай холбогдсон асуудлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
мэдээ соёл-урлаг

Байтаг Богдын тулаанд оролцсон түрүүч Чойжингийн охин Оюунгэрэл: “Байтаг Богд” кинонд Төгөлдөр хүү маань өвөөгийнхөө түүхэн дүрийг бүтээсэн

Түрүүч нь 80(5923) дугаарт

Өвөр эгнээнд зүүн гар талаас Гончигзэгвэ, Хаянхирваа, зохиолч Ц.Уламбаяр охин У.Амарсайханы хамт, түрүүч Д.Чойжин. Арын эгнээнд хилчин Пэлжээ болон бусад шагнагдагсад. 1949 оны Ардын хувьсгалын 28 жилийн ойн баярын үеэр. Улаанбаатар хот

Байтаг Богдын тулааны арван хилчин баатрын нэг Доржийн Чойжингийн охин Оюунгэрэлтэй уулзаж хөөрөлдөв.

-Аав тань цэргээс халагдсаныхаа дараа ямар ажил алба эрхэлж байв?

-Залуу байх үед нь Байтаг Богдын арван баатрын нэг гээд ард түмэндээ хүндлэгдээд сайхан амьдарч байлаа. Далан оны дунд үеэс аавыг минь хэлмэгдүүлж ажлыг нь гэхэд улам л бууруулаад байсан. Цэргээс халагдаж ирээд Баянхонгор аймгийн Галуут сумын МХЗЭ-ийн үүрийн даргаар ажиллаж байсан юм билээ. Дараа нь Заг суманд прокуророор очиж ажилласан. Түүнээс хойш аймгийн хөдөө аж ахуйн газрын нягтлан бодогч, арван жилийн сургууль, Өвгөнжаргалантын пионерын зуслан, үнэт цаасны газар зэрэгт няраваар ажиллаж байлаа.

Элдэв яриа гараад ирүүт Цэргийн хэлтсээс шагналд тодорхойлохоо болиод, гадуурхаж эхэлсэн. Аавын маань хамгийн том шагнал нь Байтагийн тулаанд нэхэн олгосон “Байлдааны гавьяаны улаан тугийн одон” байсан. 1947 оны гуравдугаар сард бүрэн зэвсэглэсэн дайсан барихад олгосон “Онц хилчин” тэмдэгтээ их хайртай байлаа. Далаад оноос ойн медалиар ч шагнагдахаа больсон. Наяад онд тэтгэврээ тогтоолгохын тулд аймгийн театрын урд талд галчаар хүртэл ажилласан. Наян найман онд Байтаг Богдод байлдсан газар нь арван хилчний нэрийг бичсэн хөшөө босгоход аав минь “Баатар цол хүртээгүй, байр сууцаар шагнуулаагүй ч байлдсан газраа нэрээ мөнхлүүлчихлээ” гэж нулимс унаган баярлаж байсан даа.

-Есөн хүүхдээ харж л сэтгэлээ баясгадаг байж дээ?

-Ээж маань 1932 онд Мандал суманд төрсөн Дуламсүрэн гэж тогооч, дэлгүүрийн худалдагч, худгийн ус түгээгч хүн байлаа. Наян дөрвөн онд бурхан болсон. Манай ууган ах Зээчир 1951 онд төрсөн, Улаанбаатар хотын эвлэлийн хорооны үзэл суртал хариуцсан ажилтан байсан. Эгч Дэнсмаа маань аймгийн захиргаанд мэргэжилтэн, Сүхбаатар ах маань Эрдэнэтэд слесарь, Оюунчимэг эгч маань Баянхонгор аймагт мэдрэлийн их эмч. Миний бие 1962 онд төрсөн, сувилагч мэргэжилтэй, Одбаатар гэж цагдаа дүү маань бурхан болсон. Оюунбилэг дүү минь инженер, Одхүү гэж бас нэг эрэгтэй дүү бий. Отгон дүү Оюундэлгэр маань Нийслэлийн 18 дугаар сургуульд багшилж байна. Есөн хүүхэд нь ихэнх нь гурваас дээш хүүхэдтэй шүү.

-Аав чинь хэдэн онд бурхан болов. Өнгөртлөө сэтгэл санаа нь тайвангүй байв уу?

-Аав маань ерэн нэгэн онд бурхан болтлоо мөнхийн дарамттай байсан. Хамт ажиллаж байсан хүмүүс нь хүртэл үг дуугарахаа байчихаар аав маань нэг хэсэг балгаж эхэлсэн. Тэгэнгүүт би аавыгаа хотод авч ирж оюутан дүү нартайгаа хамт аль болох л өөдрөг байлгах гэж хичээдэг байлаа. Аав хотод такси баазад манаач, 24 дүгээр яслид жижүүр хийсэн. Тэтгэврийнхээ хугацааг гүйцээх гээд л байгаа царай нь тэр шүү дээ. Тэр хооронд хотын паспорт олгохгүй. Хотын паспорт хөөцөлдөхөөр бараг л эх орноосоо урвасан ч гэдэг байсан юм уу, юу гэдэг ч байсан юм өгдөггүй. Тухайн үеийн хотын дарга нар дээр зөндөө л орж байсан. Сүүлдээ настай хүн чинь залхдаг ч юм уу “Дарга нартай уулзсан, уулзлаа” гэж хэлнэ. Өрөвдмөөр л байсан даа. Бид чинь олуулаа, айлын хажуу өрөөгөөр амьдарч, ер нь зовлон үзсээн үзсэн.

-Танд Байтагийн найз нөхдийнхөө тухай ярих уу?

-Тэгшээгийнхээ хүрэн халзан морийг их ярьдаг байсан. Манай аавыг цэрэгт явахаасаа өмнө морь сайн уургалдаг, адуунд эрэмгий хүн байсан гэж хөгшчүүл ярьдаг байлаа. Амь үрэгдсэн нөхдөө ярина. Тэгшээ гуай гэхэд их сэргэлэн цэрэг байсан гэдэг. Тэгшээ нь цагаан эсгий гутлаа тостой хөөгөөр тослоод бүжиглэдэг байсан их алиа хүн байсан юм билээ. Гончигзэгвэ гуай нь манайд далан тав, зургаан оны үед нэг охиноо дагуулан ирж аавтай уулзаж байлаа. Өвөрхангайн Богд сумандаа мал маллаж байгаагаа яриад л. Аав бас тэднийд очиж байсан. Аав үнэт цаасны нярав болохоор Өвөрхангайн Нарийнтээл сум руу очиж тооцоо хийдэг, тэр үеэрээ уулздаг байсан гэдэг. Нэг яваад ирэхдээ “Нөхөр минь бурхан болчихож” гэж их гунигтай ирснийг би мартдаггүй. Хаянхирваа гуайтай болохоор хотод ирсэн цагаасаа байнга холбоотой байсан даа.

Дайныг хэзээ ч үзэхийг хүсмээргүй муухай зүйл гэнэ. Гурван нөхрийгөө эрсдэж байхад нүүр нүдгүй гал шунгинаад, дайсан орж ирэхэд улаан тоос босоод, буудалцаж байхад хүн хэзээ ч ар гэр, ах дүүгээ боддоггүй, тэр шунгинаж байгаа суман мөндөр дундуур хэдэн хүн унагаах вэ л гэж амь тэмцэн мэрийдэг гэдэг байсан. Дандархайдав нь морио бариад байж байхад дайснууд миномётоор морьдыг нь буудан дэлбэлсэн юм билээ. Морьд нь гэдсээ чирж ийш тийш давхиад, аав хүртэл морио өрөвдөөд “Амьтан зовоож байхаар” гээд буудсанаа ярьдаг л байсан. Дайн бол кино биш учраас ямар олиг байв гэж.

-Пэлжээ гуайтай уулздаг байсан бол уу?

-Ер нь уулзаж амжаагүй байх. Хөөрхий амьтан, “Увс аймгийн Өндөрхангай сумын өндөр настан Пэлжээ” гэсэн нэг хаяг дэвтрийнх нь булан дээр байдаг байсан. Бодвол цаанаас нь л захиа ирсэн юм болов уу даа. Аавыг Хилийн цэрэг дээр байнга дуудчихна. “Хаянхирваа ухар гэсэн нь үнэн биз дээ. Ухарсан гэж гарын үсэг зур” гээд байнга л байцаадаг байсан. Энэ чинь одоо хэлмэгдүүлэлт мөн биз дээ. Аав “Энэ тулааны талаар нөхөр Хаянхирваа үнэн зөвөөр нь тодорхой ярьж байна. Би үүнийг давхардуулж ярихын хэрэг алга. Энэ тулааны талаар тэр үед зөв зохион байгуулж сайн байлдсан гэж бид бүгд Засгийн дээд шагналаар шагнагдаж, ном зохиол бичигдэн, намын “Үнэн” сонинд хэвлэгдэн, кино хүртэл гарч байсан. Үүнд нь бид их баярлаж явдаг билээ. Тэгэхэд одоо биднийг буруутган хэлмэгдүүлж, худал цуурхал яриа гаргаж, түүхийн үнэнийг гуйвуулж байгаа нь үнэхээр их гомдмоор зүйл болж байгаа юм” гэсэн өргөдөл нь энэ байна. (Д.Чойжингийн өргөдлийг үзүүлэв. сур)


“Байтаг богд” кинонд жүжигчин Т.Төгөлдөр өвөө Д.Чойжингийн дүрийг амилуулав

-Ёстой нулимстай өргөдөл бичиж байж дээ?

-Цааш нь “Энэ байлдаан дууссаны маргааш Зонров даргатай хүмүүс газар дээр нь ирэн үзэж шалгаад акт баримт бичээд явсан билээ. Тэр хүмүүсийн бүрэлдэхүүнд орж шалгасан, тухайн үед тусгай ангийн дарга байсан Базар энд сууж байна. Энэ хүн үнэний талаар дахин зөв тодруулж ярих байх. Мөн тэр байлдаан болсноос гурав хоногийн дараа хурандаа нөхөр Жамьян сургагчтайгаа очиж шалгаад “Зөв зохион байгуулж, сайн ажилласан байна” гэж баяр хүргэж Хаянхирваатай гар барьж байсныг би одоо болтол мартаагүй байна. Тэгэхэд Гончигзэгвэ бид хоёр цуг явж байсан. Ер нь биднийг үүрэг гүйцэтгээгүй гэж үзсэн бол эхнээсээ яах гэж тэгж магтсан юм бэ. Нөгөө “Махан дээрээ санаагүйгээ шөлөн дээрээ санав” гэгч болж байгаа юм биш үү. Та нар тэр үед бүгд л залуу, ухаантай, сэргэлэн дарга нар байсан шүү дээ. Та нар чинь ганц хил дээр гарсан зөрчилдөөний талаар үнэн зөв шийдээд зогсохгүй, хилийн гаднах улс гүрэнтэй харилцан тохиролцох эрх бүхий томоохон албан үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс биз ээ. Манай дарга нарын дотор худлаа цуурхал тараадаг, өөрөө биеэр оролцож хийгээгүй байж оролцож хийснээр нэр хүнд хөөцөлддөг хүмүүс мэр сэр байна шүү дээ. Үүнийг нам засаг үнэн мөнөөр нь олох нэн түрүүний зорилт баймаар юм даа. Жишээ нь, бидэн дээр хамгийн түрүүнд Ванчин даргаар удирдуулсан туслах групп очсон, дараа нь ахмад Мадригийн групп очсон Зонров, Дулмаа нарын хүмүүс “Би түрүүнд очсон” гэж худлаа яриад байх юм. Зонров “Би тэр дайснуудыг хөнгөн пулёметоор буудаад хөөсөн” гэж худал бичиж байна. Бид дайсанд бууж өгөөгүй, амьд хэл олзлуулаагүй, хил давуулж өөрийн орон нутаг, газар шороог дайсанд алдаагүй, буу зэвсгийнхээ хүчээр, өөрсдийн чадлын хэрээр ядрахын туйлд хүрэн тэмцэж явсныг та бүгд үзсэн бол одоо өрөвдөх сэтгэл төрөх байсан байх. Ер нь амь өрсөлдсөн тийм үед “Манайхаас хэн ирж туслах бол, бидний амийг хэн аврах бол” гэсэн сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан учир хамгийн түрүүнд ирсэн Ванчин, Чимэддорж нарыг, Мадригийн удирдсан туслах группуудээс тов тодхон санаж мартагддаггүй юм. Дайсанд бид тухай бүр цохилт өгч нам засаг, ард түмнийхээ өгсөн даалгаврыг биелүүлсэн гэж баярлаж явдаг юм” гэж хөөрхий амьтан бичсэн байгаа юм.

-Аав чинь ч аргагүй л хэлмэгдсэн юм байна шүү?

-Аав захидал өргөдөлдөө “Гэтэл гуч гаруй жилийн дараа түүхэн үнэнийг ингэтэл гуйвуулах болсон учрыг би одоо болтол бодоод олохгүй юм. Ер нь Цэдэн-Ишийн ном бичигдсэнээс хойш бидний гүйцэтгэж байсан үүргүүд үгүйсгэгдэж, энэ ном ширээний ном болсон гэж би сонссон. Тэгвэл тэр ном хэдий хэрийн түүхэнд хэр зэрэг үнэн юм бичсэн ном юм? Бидний тэр өдрийн байлдаан бол зөвхөн тэнд явж байсан арваадхан хүний үйл явдал биш Хилийн цэргийн түүх, ард түмний түүхтэй холбоотой юм биш үү? Ийм учраас үүний үнэн зөвийг үнэнээр нь ард түмэнд, хилчин дайчдад ойлгуулах цаг болсон гэж би бодож байна” гэж бичсэн байгаа юм.

-Ахмад дайчдад байр орон сууц олголоо л гэдэг. Аав чинь бурхан болохоосоо өмнө байртай болсон байлгүй?

-Ерөөс ганц удаа ч байр аваагүй. Өөрийнх нь байр хүссэн 1989 оны есдүгээр сарын 8-ны өдөр бичсэн өргөдөл энэ байна. 1990 оны нэгдүгээр сарын 3-нд буцааж цохоод ирүүлсэн. Би өвгөнтэйгөө нэг хэсэг “Бөмбөгөр” худалдааны төв дээр ажиллаж байхдаа энд тэнд бараа тарааж явахдаа аль нэг шинэ байрны гадаа очих үед “Энэ олон гэрэл дотор миний аавын нэртэй ганц цонх байхгүй байгаад би их гунигтай байна” гэдэг байсан. Өвгөн минь “За, битгий тэгж хэл” гээд намайг аргаддаг байлаа. (Хоолой нь зангирав. сур) Хань маань Түвдэндорж гэж уурхайчин хүн байдаг.

-Тэнд байлдсан хилчид байтугай Тэгшээгийн хүрэн халзан морь хүртэл арваад жил тэтгэвэртэй байсан гэж би сонсож байлаа. Тэгэхэд аав тань харин ч бүр “Эх орноосоо урвагч” гэх шахуу хэлэгдэн хэлмэгдэж явсан гэхээр мөн ч гунигтай санагдлаа?

-Үнэхээр харамсалтай байсан даа. Хилийн цэргийн ерөнхий газарт хүртэл өргөдөл бичиж байсныг Нэргүй гэдэг хүн дарсаар байгаад сураггүй болгосон. Хүмүүст ярихаар “Арай ч үгүй байлгүй” гээд итгэдэггүй юм. Зарим нь “Та нарын өгсөн өргөдлөөр аавын чинь нэрээр өөрсдөдөө байр авчихсан байх” л гэдэг юм. Тийм ч байж магадгүй. Тийм бол дээрээс харсан юм байж л байгаа байх. Аавынхаа өмнөөс би их гомддог. Өчнөөн тэрбумаар нь ийш тийш нь хадгалуулж байна л гэж байна. Төрийн томчууд үр хүүхдүүдийнхээ нэр дээр гадаадад өчнөөн олон байртай байна л гэж байна. Тэгэхэд яагаад миний аавын нэр дээр ганц өрөө байр байдаггүй юм бол гэж их боддог шүү.

-Танайх хэдэн хүүхэдтэй айл билээ?

-Манайх хоёр хүүтэй. Ах Тулга нь “Хас” банкинд ажиллана. Хүү Т.Төгөлдөр маань “Фантастик” продакшны жүжигчин.

-Аавын чинь болоод алдарт Тэгшээ, Гиваан, Даваадорж нарын тэргүүтэй эрэлхэг баатруудын тухай “Байтаг Богд” уран сайхны киног та үзэв үү?

-Үнэхээр сайхан кино болсон. Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга Баярсайхан гэж хүн хүртэл энэ киног үзээд “Нутгийнхаа баатрыг дэмжилгүй яахав. Тодорхойлолтыг нь бичиж өгнө” гэсэн. Миний хүү тэр киноны багт жүжигчнээр ажилладаг юм л даа.

-Төгөлдөр жүжигчин дүр бүтээв үү?

-Миний хүү чинь өвөөгийнхөө дүрийг амилуулсан хүн шүү дээ. Өвөөгөө өнгөрөхөд дөрвөн сартай байсан юм. Кино урлагийн дээд сургуулийг төгссөн, ардын жүжигчин Сарантуяагийн шавь байгаа юм. “Маш нууц-1” киноны туслах дүрд тоглож байлаа. Өвөөгийнхөө түүхэн дүрд тоглоно гэдэг чинь их хувь ерөөл юм шүү. “Маш нууц-1”-ийг хийчихээд эдний продакшныхан “Маш нууц-2”-ыг Байтагийн арван баатараар хийнэ” гэж хуралдахад хүү маань “Нэг нь миний өвөө шүү дээ” гэтэл нөгөөдүүл нь “Битгий тоглоод байгаарай” гэсэн байгаа юм. Үнэмшихгүй байж байгаад Бат-Өлзий гавьяат эд нар надтай ирж уулзсан л даа. Бүх материалыг үзсэнээр энэ кино бүтэх ерөөл бүрдсэн. Аав минь жаран зургаан насандаа бурхан болсон. Одоо бол ануухан л нас шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Элбэгээ “зус” л буруутай

-ФЕЛЬЕТОН-

Буруу юмнаас битгий ай. Бас буруу юм хийхээс ч битгий ай. Бас буруугаа засах гэж битгий зовж бай. Түүний оронд буруутныг л олчихож бай.

Буруу юм хийсэн хүн буруутдаггүй, харин буруутныг олоогүй учраас буруугаа өөрөө үүрсэн түүх бол байна аа. Тийм учраас буруутан гэж байдаггүй, зүгээр л буруутныг олоогүй хүн гэж байдаг юм.

Чухамдаа бол, буруутныг олж чаддаг нийгэм л жаргалтай байдаг юм. Монголчууд социализмд маш жаргалтай байсан гэдэг нь үнэн шүү. Учир нь суурь машин эвдэрвэл хорлон сүйтгэгчдийн буруугаас, ноосны төлөвлөгөө дутвал Маоизмын жанжлах үзлээс, бараа бүтээгдэхүүний хомсдол Америкийн империалистуудын явуулгаас болдог байв.

Гэтэл энэхүү өөрсдөө буруутдаггүй жаргалант нийгмийг маань Элбэгдорж тэргүүтэй ардчилагчид нураасан даа. Ингээд бид буруутангүй нийгэмд унасан юм. Хэрвээ бид жаргаагүй бол Элбэгээ “зус” л буруутай.

Бид буруутныг олж чадахгүй олон жил өөрснийгээ зовоолоо. Ноднин өдийд бид чинь хямралын бурууг эдийн засгаасаа, машины түгжрээг замаасаа, нурсан бизнесийнхээ бурууг мөнгөний хүрэлцээгүйгээс, бүтэлгүй дурлалын бурууг өөрийхнээ царайнаас хайдаг байлаа. Бараг л бурууг өөрсдөөсөө хайх шахаж байсныг бодоход үнэхээр хүнд үеийг туулжээ.

Харин энэ жил бид энэ бүхний буруутанг олж магнай тэнийж эхлээд байна. Явж явж муу Элбэгдорж “зус” өөрөө энэ бүхний буруутан байсан байна. Энэ жил бид бүгдээрээ буруутнаа олсон учраас хийсэн буруу юмнаасаа ч айхгүй, хийх буруу юмандаа санаа зовохгүй, сайхан байна аа сайхан байна.

Бүтэлгүй залуусын золгүй дурлалын буруутан нь Элбэгээ “зус” байсан байгаа юм даа. Бүтэлгүй яваагийнхаа буруутанг олоогүй залуус чинь дэмий гутарсандаа царай алдаад, тэгээд дурлал нь бүтэхгүй байсан юм байна. Одоо Элбэгээ “зус”-ыг буруутай гэдгийг мэдснээсээ хойш өнгө ороод хайр дурлалууд жигтэйхэн бүтэлтэй байх болсон юм байхаа.

Одоо энэ бөглөрөл, түгжээ их байгаагийн буруутан бол бид ч биш, зам биш харин Элбэгээ “зус” мөнөөсөө мөн. Машин нь биднийх гэж үү? Хэрвээ Элбэгээ “зус” л хүмүүс хувьдаа машин авах боломжийг нээгээгүй бол юу гэж бид хувьдаа машин авах юм бэ? Тэрнээс л болж байгаа юм.

Манай монголчууд гадаад гэмт хэрэг хийж байна. Гадаадын хүний юмыг хулгай хийж байна, гадаад хүнийг зодож алж байна. Бас л үүнд Элбэгээ “зус” буруутай шдээ. Энэ Элбэгээ, Үүл хоёр л “монгол хүнд гадаад паспорт олго” гэж ирээд л яалаа. Гэтэл одоо байж байгаа царайг нь хар. Хэрвээ гадаад паспорт олгоогүй бол тэр хүмүүс чинь эх орондоо биднийгээ зодоод л, маниусыгаа дээрэмдээд л, тэр бүгдэд нь Элбэгээ “зус”-ыгаа буруутгаад л жаргаж байхгүй юү?

Хүчингийн хэрэг их гараад байгаагийн цаад буруутан нь Элбэгээ “зус” шүү дээ. Цаадах чинь Ерөнхийлөгч байхдаа шинэ жилээр архитай хундага өргөхийн оронд сүүтэй стакан өргөөд, хүмүүс сүүнд дурлаад…Хамгийн гол нь эрчүүд сүүнд орчихоороо амархан донтдог гэнэ. Тэгээд эмэгтэй хүн харангуутаа сүү бодогдоод шууд л мээмийг хөхмөөр болдог байна. Тэгээд хүмүүжилгүй шиг зарим нь “нэгэнтээ мээмийг нь хөхчихсөн юм чинь…” гээд, тийм хэрэг гараад байгаа юм гэнэ. Ингээд л Элбэгээ “зус”-аас болж байгаа юм.

Сая л гэхэд миний компьютерт вирус орчлоо. Манай Гаамп хэлж байна “хужаа нар монголыг мөхөөх гээд зохиосон вирус. Уг вирус орсныхоо дараа таны кейбоорд ямар ч юм бичсэн ханзаар галиглаад унадаг. Тэгээд өөрийнхээ бичснийг ойлгохын тулд ханз сураад, нэг мэдэхэд хятадаар ярьдаг ” гэнэ. Хятадаар ярьдаг хүн чинь тэгээл хятад л болно биз ээ.

Мэдээж энэ бүхэнд Элбэгээ “зус” л буруутай. 1988 онд Зөвлөлтийн цэрэг монголоос гараагүй юү. Тэгээд монгол хятадын харилцаа сайжирсан ш дээ. Тэр үед “Ардчилсан холбоо” энэ тэр байгаагүй нь ямар хамаатай юм бэ? Элбэгээ тэгэхэд армийн “Улаан од” сонинд байсан даа. Мань хүн тэгээд сурвалжлага хийнэ гэж гараад хэдэн цэрэг дагуулж очоод оросын цэргийг хөөчихгүй юү? Нөгөө цэргүүдээ “Ах нь сонин дээр зурагтай нь гаргаж өгнө” энэ тэр гэж панаалдснаас зайлахгүй.

Эдийн засгийг чинь Элбэгээ хямруулаад байгаа юм билээ. Яаж гэж үү, тэр нь чамд ямар хамаатай юм бэ? Буруутныг нь олоод өгч байхад юу гэнэв? Чи л буруугүй байхад хаваасаг ш дээ. Хамтдаа буруудахгүй гээгүй юм бол…

Ямар нэгэн юм чинь бүтэхгүй байна уу. Та битгий санаа зов. Элбэгээ л буруутай болохыг бид нотлоод өгнө, за?

Буруутныг олсон ард түмэн Элбэгээг буруутгаж, түүнийг “цаазлах”-ыг шаардаж байгааг бүрэн дэмжинэ.

Ер цаазалчих хэрэгтэй гэснээс бодоод байхнээ цаазалчихаар чинь үхчих юм байна, цаадах чинь. Тэгэхээр албан ёсны буруутан үхчихвэл бид нэг хэсэгтээ хэцүүднэ. Хэн нэгнийгээ түүний оронд буруутгах хэрэг гарна. Тэр нь хэн маань ч болчих юм билээ.

Аягүйтвэл буруутан олж чадахаа болиод хамаг бурууг өөрсдөөсөө эрэхэд хүрвэл яана. Үнэхээр ч тэр буруутан нь бид өөрснөө байвал хаашаа харж үхнээ, айн?…

Categories
мэдээ цаг-үе

П.Оюунаа: Авьяас чадвараа болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тооцож мэргэжлээ сонгох хэрэгтэй

Судалгаанд оролцсон оюутнуудын 30 гаруй хувь нь одоо сурч байгаа мэргэжилдээ сэтгэл хангалуун биш гэж хариулжээ. Мөн сурагчид мэргэжлээ биш эхлээд сургуулиа сонгочихоод байдаг гэнэ. Мөн оноо таараад сургууль авч байвал аль сургуульд ямар ч мэргэжлээр хамаагүй сурчихъя гэх хандлага үүссэн гэдгийг багш нар хэлж байна. Энэ нь нэг талаараа дээд боловсролтой ажилгүйчүүдийн эгнээг нэмэх шалтгаан болж байгаа аж.

Тиймээс өөрийн онцлогт тохирсон, ирээдүйд улам эрэлттэй байх, ажлын байр сайн олдох, цалин хангамж өндөртэй мэргэжлийг сонгох шаардлага нэгэнт үүсчээ. Дэлхийд 7000 гаруй мэргэжил бий хэмээн сэтгэж сайтар судлах шаардлагатай аж. Техник технологийн үсрэнгүй хөгжилтэй өнөө үед шинээр маш олон ажил мэргэжил урган гарсаар байгаа. Тухайлбал, веб хөгжүүлэгч, IT инженер, програмист гэх мэт.

Харин уламжлалт мэргэжлээс цэцэрлэгийн багш, бага ангийн багш, эмч, сувилагч цахилгаанчин, хүнд болон хөнгөн үйлдвэрийн нарийн техникч, аялал, жуулчлалын мэргэжилтэн, экологийн мэргэжилтэн, инженерүүд, хими, химийн технологи, эрчим хүчний салбарын мэргэжилтэн, нанотехнологчид, зар сурталчилгааны мэргэжилтэн, авто зам, барилгын инженер, гидрогеологич, гидромеханик инженер, усны нөөцийн инженер, уул, уурхайн машин техник тоног төхөөрөмжийн инженер, малын эмч, газрын тосны хадгалалт, тээвэрлэлтийн мэргэжилтэн, сантехник, инженерийн байгууламж, цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний инженерүүд, биотехнологич, онош зүйч, эмнэлзүйн шинжлэх ухаан судлаач зэрэг мэргэжлүүд олон улс болон Монголд ч хамгийн эрэлттэй, байгаа ажээ.

Мэргэжлээ хэрхэн сонгох талаар Ажил мэргэжлийн чиг баримжааны үндэсний зөвлөх П.Оюунаатай ярилцлаа.

-Мэргэжлээ сонгохдоо юун дээр анхаарах шаардлагатай вэ. Яаж мэргэжлээ зөв сонгох вэ?

-Энэ асуултад хариулахаас өмнө нэг зүйлийг сануулмаар байна. Энэ бол “мэргэжил” биш “ажил мэргэжил” юм. Мэргэжил гэдэг нь тодорхой албан болон албан бус сургалтад хамрагдаж ажил хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн байхыг хэлдэг. Гэтэл бодит байдалд зарим хүн албан эсвэл албан бус сургалтад хамрагдалгүйгээр “ажил хийх” сонголт хийдэг. Ийм учраас бид “ажил мэргэжлийн” сонголтын талаар ярих хэрэгтэй. Ажил мэргэжлээ сонгох тогтсон алхмууд байдаг. Жишээ нь, эхлээд өөрийн авьяас, чадвар, сонирхол, үнэт зүйлээ таньж мэдэх, өөрийн сонирхол, чадвар, үнэт зүйлд тохирсон ажил мэргэжлийн боломжуудыг хөдөлмөрийн зах зээлээс олж мэдэх, эдгээр боломжийн талаар судалж үзэх, ажлын туршлага хуримтлуулах, судалгаа хийх, тавигдах шаардлагыг таньж мэдэх, эцэст нь ажил мэргэжлийн сонголт хийх ёстой.

Манай эцэг эхчүүд ч гэсэн хүүхдээ ажил мэргэжил сонгоход цаг гаргаж, тусалж дэмжих хэрэгтэй. Жишээ нь, ЕБСийн ахлах ангийн нэг хүү ингэж ярьж байсан. Тэр хүү өөрөө архитектурч болох хүсэлтэй, үүнийгээ эцэг эхдээ хэлсэн байна. Гэтэл эцэг эх нь архитектурч юу хийдгийг бид мэдэхгүй, бас тогтвортой ажлын байртай байх боломжгүй ажил гэж хэлээд шууд хорьсон байдаг. Гэтэл аав, ээжүүд шууд ингэж няцаахын оронд хүүгээ архтиектурын чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлдэг хүнтэй уулзуулж, тодорхой хугацаанд тэр хүнийг юу хийж байгааг ажиглаж, зарим ажил үүргийн хүрээнд туршлага хуримтлуулж, ажил олгогчидтой танилцуулж, бас энэ чиглэлийн сургалтын байгууллагатай танилцаж туршлага судлах боломж олгох хэрэгтэй байгаа юм. Ингэж байж таны хүүхэд сонирхож байгаа ажил мэргэжил нь өөрт нь тохирох эсэхийг мэдэх боломжтой. Ер нь бол ажил мэргэжлийн чиг баримжааны төлөвшил тодорхой үе шаттай байдаг учраас эцэг эхчүүд хүүхдэдээ хамгийн сайн тохирсон ажил мэргэжлээ сонгоход тусалж, дэмжих хэрэгтэй.

-Хамгийн эрэлттэй, ирээдүйд өндөр цалин авах боломжтой мэргэжил юу, юу байна вэ?

-Хамгийн эрэлттэй ажил мэргэжил, ирээдүйд өндөр цалин авах тухай ярихад хамгийн сүүлийн үеийн, бодитой мэдээлэлд үндэслэх хэрэгтэй. ХНХЯ-ны судалгааны институтийн “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа 2017” тайланд дурдсанаар 2018 оны байдлаар барилга, бөөний болон жижиглэнгийн худалдаа болон боловсруулах үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн салбарт эрэлт ихтэй төлөв харагдаж байгаа.

Цалин хөлсний хувьд мөн энэ институтын гаргасан “Цалин хөлсний бүтцийн судалгаа 2017” тайлангаас харахад уул уурхай, мэргэжлийн шинжлэх ухаан болон техник, санхүү, даатгал, мэдээлэл холбооны салбарын ажил мэргэжил улсын дунджаас өндөр цалин хөлстэй байгаа юм. Хөдөлмөрийн зах зээлийн дээрх судалгааны таамаглалт жил нь нэг байдаг учраас гурваас цааших жилийн төлөвийг таамаглаж ярих нь бодитой бус. Хялбар биш гэж бодож байна.

-12 дугаар анги төгсөгчдийг мэргэжлээ зөв сонгоход нь хэзээнээс, яаж бэлдэх хэрэгтэй байна вэ?

-12 дугаар ангийн төгсөгчид ажил мэргэжлийн сонголт хийхтэй холбоотой төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэж үздэг. Ер нь бол зөвхөн 12 дугаар ангид орсон хойно нь бус бүр эртнээс хүүхдээ ямар зүйлд сонирхолтой байна, түүнийг нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудал дээр нийгэм, сургууль, эцэг, эх тал талаас нь анхаарах ёстой юм. Сургууль төгсөх дөхөөд ирэхэд нь анхаарч эхэлж байгаа нь оройтож байгаа гэсэн үг. Сүүлийн жилүүдэд манай ЕБС-ийн ахлах ангид суралцах хичээл, хөтөлбөрөө сонгодог болсонтой холбогдуулан ажил мэргэжлийн чиг баримжааг наймдугаар ангиас эхлэн системтэй олгох хэрэгтэй. Ахлах ангийн хичээл сонголт үндсэндээ ажил мэргэжлийн сонголтоос шалтгаалж байгаа. Энэ үед дор хаяж гурван мэргэжил сонголтын төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. 12 дугаар ангийн хүүхдүүдийн эхний сонголт бүтэхгүй бол дараа дараагийн сонголтын төлөвлөлт үргэлж бэлэн байх хэрэгтэй. Ер нь бол нийтэд нь хандаж хэлэхэд ажил мэргэжлийн төлөвлөгөөнд ажилгүй болбол яах вэ, яаж богино хугацаанд ажилтай болж болох вэ гэдэг төлөвлөлт ч бас байх ёстой юм.

-Мэргэжлийн чиг баримжаа олгох ажил манай улсад хэр явагдаж байгаа вэ?

-Аливаа улс орны хөгжил тухайн орны хүн амын хөгжлөөс шууд хамаардаг. Монгол Улсын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн цөм нь монгол хүн. Тэр дундаа өсвөр үе, залуучуудын хөгжил Монгол Улсын тогтвортой хөгжлийн үндсэн нөхцөл нь бөгөөд тэднийг хариуцлагатай, бие, хэл, сэтгэлгээний чадамжтай, бүтээлч, өрсөлдөх чадвартай, ажил мэргэжлийн чиг баримжаатай иргэн болгон төлөвшүүлэх нь Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар бодлого боловсруулж, шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь ерөнхий боловсролын салбарт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ, үйл ажиллагааг эхлүүлсэн явдал юм.

Дэлхийн улс орнууд ажил мэргэжлийн чиг баримжааг боловсролд үр ашигтай хөрөнгө оруулалт хийх (сургууль завсардалтыг бууруулах, сурлагын амжилтыг дээшлүүлэх гэх мэт), хөдөлмөрийн зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх. Эдийн засгийн хувьд чадамжтай ажилтантай байх, нийгмийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлогын зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэрэгсэл гэж үзэж байна. Монгол Улс ч мөн энэ үзэл баримтлалын дагуу ажил мэргэжлийн чиг баримжааг хэрэгжүүлэх юм.

Ирэх хичээлийн жилээс 10-12 дугаар ангийн суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг бүх сургуулиудад хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбоотой шаардлагатай гарын авлага, хэрэглэгдэхүүн бэлэн болно. Энэ оны наймдугаар сар гэхэд ЕБСийн ахлах ангийн сурагч, багш, эцэг эх болон сургуулийн удирдлагад эдгээр материал хүрнэ. Мөн 20182019 оны хичээлийн жил эхлэхээс өмнө сургуулийн удирдлага, сургалтын менежер, нийгмийн ажилтан болон ахлах ангийн багш нарт шаталсан сургалт зохион байгуулагдана. ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход БСШУСЯ болон ХНХЯ хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Нэгэнт ажил мэргэжлийн чиг баримжааг ЕБСийн наймдугаар ангиас эхлэн олгох болсонтой холбогдуулан багш бэлтгэх сургуулийн сургалтын хөтөлбөрт тодорхой агуулгыг тусгах шаардлагатай байгаа. Эхний байдлаар МУБИС-ийн оюутны дадлагын дэвтэрт 8-9 дүгээр ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжааг яаж олгох тухай агуулгыг оруулсан.

-Ямар мэргэжил чамд тохирох вэ гэсэн сорилго тестүүд байдаг юм билээ. Монгол хүүхдийн онцлогт тохирдог уу. Сорилгоор үзээд мэргэжлээ сонгох нь хэр зөв бэ?

-Ажил мэргэжлийн сорилго, тест бүр зөв сонголт хийхэд тусалж чадахгүй. Сорилго, тест бүр өөр өөр зорилготой бас өөр өөр бүлгийн хүмүүст зориулсан байдаг. Жишээ нь, насанд хүрэгчдийн ажил мэргэжлийн сонирхол тодорхойлох сорилго ЕБС-ийн сурагчдад зориулсан сорилгоос арай өөр. Учир нь сорилгын асуултын түвшин, тавил зэрэг нь тэр болгон хүүхдэд тохирсон байж чаддаггүй. Зарим асуулт нь хүүхдэд ахадхаар байдаг. Тиймээс янз бүрийн сорилгод шууд итгэж ажил мэргэжлийн сонголт хийхээс татгалзах хэрэгтэй. Хамгийн зөв арга нь өөрийгөө таньж мэдэж, ажил мэргэжил, сургалтын боломжтойгоо уялдуулж, ажил мэргэжлийн туршлага хуримтлуулж, судалгаа хийж, хөдөлмөрийн зах зээлийн ерөнхий хандлагад баримжаалан сонголт хийх хэрэгтэй. Ер нь олон талаар өөрийгөө сорьж, тодорхой туршлага хуримтлуулж, тухайн ажил мэргэжлийн бодит нөхцөл, шаардлагыг таньж мэдэж, эртнээс төлөвлөж сонголт хийх нь хамгийн зөв шийдэл.

Монгол хүүхдийн онцлогт тохирох тухайд бол ямар ч сорилго, тестийг хэрэглэхээс өмнө түүний тохирц, найдвартай байдлыг шалгасан байх хэрэгтэй байдаг. Хэрэв энэ хоёр үзүүлэлт шаардлага хангаж байвал тухайн сорилго, тестийг ашиглаж болдог. Жишээ нь, насанд хүрэгчдэд зориулсан сорилго, тестийн хүүхдээс авах тохиолдолд түүний тохирц, найдвартай байдал заавал шалгах хэрэгтэй.

-Зарим нь сонгосон мэргэжлээрээ амжилт олдог ч зарим нь тэр мэргэжлээрээ огт ажиллаагүй байдаг. Мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа гол шалтгаан юу юм бэ?

-Энэ нь хэд хэдэн шалтгаантай байдаг. Нэгдүгээрт, өөрт хамгийн сайн тохирсон ажил мэргэжил сонгоогүйгээс болдог. Хүүхэд залуучууд ихэнхдээ эцэг, эх эсвэл багшийн санал болгосон, найз нөхдөө дуурайсан эсвэл элсэлтийн шалгалтад амжилт үзүүлэх боломжтой хичээлээ баримжаалж ажил мэргэжлийн сонголт хийдэг. Хоёрдугаарт, үндэсний болон хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээлэл их дутмаг байна. Эцэг эхчүүд, хүүхэд, багш нар өөрсдийнхөө мэддэг цөөн хэдэн мэргэжлийн хүрээнд сонголт хийдэг. Хөдөлмөрийн зах зээлийн шингээлт, шинээр бий болж байгаа ажил мэргэжлийн талаар ойлголт их хязгаарлагдмал байдаг нь энд их нөлөөлдөг. Энэ чиглэлийн олон нийтэд чиглэсэн сурталчилгаа, танилцуулга ч гэсэн бага байна. Өөрт хамгийн сайн тохирсон ажил мэргэжлээ хөдөлмөрийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн статистик мэдээлэл үзэж сонголт хийдэг хүмүүс ер нь цөөн. Гуравдугаарт, сонирхож буй ажил мэргэжлийн талаар судалгаа хийдэг, таньж мэддэггүйгээс болоод эзэмшсэн ажил мэргэжлээрээ ажиллаж чадахгүй болдог.

-Эдийн засагч, хуульч, сэтгүүлч гэх мэт нийгэмд илүүдэлтэй мэргэжил сонгохгүй байх нь зөв үү. Эсвэл үнэхээр тухайн мэргэжлээр амжилт гаргана гэвэл сонгох хэрэгтэй юу?

Энд шууд хариулахад хэцүү асуулт байна. Нийгэмд илүүдэх гэхээс илүүтэй хөдөлмөрийн зах зээлийн эрэлт ханасан эсвэл технологийн хөгжлийн нөлөөгөөр аажмаар шаардлагагүй болж байгаа ажил мэргэжил энд яригдана. Хүн ажил хөдөлмөрт амжилт гаргах хамгийн том хүчин зүйл нь тухайн ажил мэргэжил өөрийнх нь чадвар, авьяас, эрхэмлэдэг үнэт зүйл, хүсэл сонирхолд хамгийн сайн тохирсон байх ёстой. Дараа нь тухайн ажил мэргэжлийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт чухал хүчин зүйл болно.


Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Элбэгээ “зус” л буруутай ”хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы ард түмний дуу хоолой болдог “Баримт үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Элбэгээ зус л буруутай ” хэмээн өгүүлжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар боллоо хэмээн “Улс төр” нүүрт өгүүлсэн байна.

Э.Анар: Цахим мөнгөний журмаар криптовалютуудыг зохицуулахгүй хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьжээ.

“Улс төр” нүүрт Л.Энхболд: Ашигт малтмал олборлолтын зөвшөөрлийг цуцлах нэрээр зарим аж ахуйн нэгжүүд хохироод байна хэмээн өгүүлжээ.

“Багш” буланд У.Доёд: Зах зээлийн нийгэмд юм бүтээдэг математик сэтгэлгээтэй хүн л хэрэгтэй байна хэмээн ярьсан байна.

“Нэгдүгээр эмнэлгийн авто зогсоол тэр чигээрээ тамын таглаа” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Улс төр” нүүрт Х.Нямбаатар: Намайг мөрдөж, мөшгиж байгаа хүмүүст сайн ажиллаарай гээд хэлчихье хэмээн ярьжээ.

“Өдрийн сонин”-ы “Цаг үе, үйл явдал” нүүрт Ж.Батзандан: Би төрд шургалсан мафийн бүлэглэлийн дарамт шахалтын өмнө толгой бөхийхгүй хэмээн ярьсан байна.

“Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлсэн байна.

Ш.Лхагвасүрэн: Хүүхэд, залуус хар тамхинд нэрвэгдэж, монгол үндэстэн мөхлийн ирмэг дээр ирчихээд байна хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы “Боловсрол” буланд “Билэг оюуны тунгалагшил л” хэмээн өгүүлсэн байна.

Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт Сингапур, Улаанбаатарын аль нэгэнд болох бололтой хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ