Categories
мэдээ цаг-үе

О.Мөнхбат: Горьдлого тасарсан ард түмэн далдын хүчинд итгэж, үндэсний баатрын эрэлд гардаг

-АЛДАХ ЗҮЙЛГҮЙ ХҮМҮҮС
НИЙГЭМД ХАМГИЙН ИХ САВЛАДАГ-

МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхмийн багш, доктор профессор О.Мөнхбаттай ярилцлаа.

-Монголчуудын гэнэн итгэмтгий зангийн талаар та юу хэлэх вэ. Аливаа зүйлд ямар ч бодлогогүйгээр даган хөөрсөн хуйларсан байдал сүүлийн үед ихээхэн ажиглагдах боллоо?

-Гэнэн итгэмтгий гэсэн үгийг хэнд хандаж хэлдэг вэ гэдгийг эхлээд бодъё. Гэнэн итгэмтгий гэдэг үг нялх балчир хүүхдэд эсвэл хүн хөгшрөөд хүүхэд шиг болчихсон үед хэлэх нь бий. Наад захын зүйлийг мэдэхгүй хүнийг хөөрхий амьтан гэсэн байдлаар хөөрхийлж дүгнэх нь бий. Түүнээс биш ид сэтгэж боддог хүнийг гэнэн итгэмтгий гэж ярихгүй биз дээ. Тэгэхээр энэ үг магтсан утгаар биш болж таарах нь. Энэ үг хаанаас анх орж ирсэн бэ гэвэл гаднаас орж ирсэн үг. Европынхон, гадныхан монголчуудыг гаднаас нь хараад хөөрхийс гэж дүгнэсэн утгыг магтаалын үг юм гэж ойлгож эндүүрч болохгүй л дээ. Тэр тусмаа энэ үг хувь хүн дээр яригдахаас илүүтэй ард түмний хувьд хэлэгдээд эхлэхээр бахархаад байх сайн зүйл яавч биш. Монголчуудыг цагаан цайлган сэтгэлтэй учраас ингэж харж хэлж байгаа юм гэж эндүүрч болохгүй. Цагаан санаа, гэнэн итгэмтгий гэдэг үг хоёрын дунд маш том ялгаа бий. Хутагт хүн нутагтаа үнэлэгддэгүй гэсэн үг байдаг даа. Монголчууд бид ойр дотнын дэргэдэх хүнийхээ гавъяаг тэр болгон олж харж үнэлдэггүй талдаа байдаг. Гаднаас, холоос харж мундаг сайныг нь гайхдаг. Энэ нь урьд нь сургачихсан бүхэл бүтэн систем манайд байсантай бас холбоотой байж магад. Зөвлөлтийн ах нар, орос мэргэжилтнүүд гэдэг байсан бол одоо барууныхан, америкийнхан юу гэж үзэж байгааг чухалд үздэг болсон үе бий. Таньдаг бурхнаас таньдаггүй чөтгөр гэж ярьдаг хэрнээ бодит байдал дээр таньдаггүй бурхан руу явдаг л байхгүй юу. Монголчуудын өнөөдрийн зан үйлд нөлөөлж буй түүхэн нөхцөл байдал нь энэ болов уу.

-Олон нийтийн цахим сүлжээнд хэн хүн итгэмгүй нэгэн мэдээлэл гарлаа гэхэд бултаараа итгэж байгаа байдал харагддаг. Нухацтай нэгхэн хором бодоод үзээд ирэхээр арай ч ийм гэнэн итгэмтгий байх гэж үү дээ гэж хэлэгдэхээр байна. Яагаад олон нийт ийм байдалд хүрчихэв ээ?

-Хүн хэзээ савладаг вэ гэвэл юу хүсээд байгаагаа мэдэхгүй үедээ хамгийн туйлбаргүй, хувирамтгай, хошуурамтгай байдаг. Миний ашиг сонирхол гэж юу юм, улсын ашиг сонирхол юу вэ. Ашиг сонирхол гэдэг бол хэзээ ямагт ухамсарлагдсан хэрэгцээ байдаг. Энэ бол надад зайлшгүй хэрэгтэй гэж ухамсарлагдаж ойлгосон цагт түүндээ хүрэхийн тулд зорилго болж хувиргадаг. Гэтэл гадаах нь гэрт ороогүй, гэр дэх нь гэдсэндээ ороогүй тохиолдолд бид тогтворгүй савлаж эхэлдэг л дээ. Энэ хүний ярьж байгаа нь үнэн ч юм шиг санагдаад тэр хүнийх нь зөв ч юм шиг санагдаад савладаг. Хүн өөрийн гэсэн үзэл бодолтой, хүрэх замаа мэддэг, түүндээ хүрэхэд алдах зүйлсээ ч бас мэдчихсэн тохиолдолд тэр болгон савлаад байхгүй. Нийгэмд хэн айхтар савладаг вэ гэвэл алдах зүйлгүй буюу юу ч үгүй хүн савладаг гэж ярьдаг. Харин алдах юмтай хүн харсан болгоноо дагаад хуйсагнаад байдаггүй. Тийм учраас нийгэмд алдах зүйлтэй буюу дунд ангийг маш чухал гэж ярьдаг нь тэр. Нөгөөтэйгүүр алдах юмгүй хүн юу ч хийхэд бэлэн байдаг.

– Энэ тухайд манай өнөөгийн улстөрчдийн хандлага дээр та юу хэлэхээр байна. Тэд заримдаа алдах зүйлгүй юм шиг л аашлах юм байна шүү дээ?

– Улстөрчдийг би харахдаа ашиг сонирхлоо ухамсарлаагүй, боловсролын хэмжээ доогуур гэж харахгүй байна. Энэ хүмүүсийн хийж буй үйлдлийг гэнэн цайлганаасаа болж хийж байгаа үйлдэл гэж хэлэхгүй. Харин хэлж, ярьж байгаа нь биднээс илүү ашиг сонирхлоо ухамсарлачихсан, бид нараас илүү хүрэх гэж буй зүйлээ олоод харчихсан. Надад ямар ашиг тустай вэ гэдгээ тооцсон хүмүүс. Тэгэхээр энэ хүмүүсийн хийж буй зарим нэг үйлдлийг боловсролгүй тэнэгтээ биш, харин өөрсдийн эрх ашгийн үүднээс биднээр “тоглоод” байгаа юм биш үү. Ард түмэн цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно гэсэн өнцгөөр зарим нь хардаг байхыг үгүйсгэхгүй. Надад хэрэгтэй талыг нь хөөргөж дэвэргэж жаахан онгироогоод өгчихвөл миний эрх ашгийн төлөө хоорондоо уралцана, уралцаж байх нь ашигтай гэх хандлага байгааг үгүйсгэхгүй. Ийм утгаар нь үзвэл энэ нөхөд зорилго чиглэлтэй зохион байгуулалттай хамгийн рациональ үйлдлийг хийж байгаа болов уу гэж боддог юм. Нөгөө талаас үзвэл улстөрчид юм уу эрх мэдэлтэй хүмүүсийн хувьд алдах зүйлтэй хүмүүс. Тийм учраас янз бүрийн аргаар хамгаалалт хэрэглэдэг. Хуулиар өөрсдийгөө хамгаалуулах, лам бөөгөөр хамгаалуулна. Зан үйл, шашин шүтлэг нь хэтрээд ирэхээр мухар сүсэг, агуу ихийн дэмийрэл рүү оруулна. Бусдыг хардах өвчин гэх мэт аливаа зүйл хэмжээнээсээ хэтрээд ирэхээрээ хэлбэр нь хүндэрдэг.

-Манай монголчуудын хувьд урьд нь ямар байсан бэ. Одоо л ингэж гэнэн итгэмтгий ул суурьгүй болчихоод байгаа хэрэг үү?

-Монголчууд бид сүүлийн 20 гаруй жил асар их өөрчлөлтөд орлоо. Дэлхий нийтийн хөгжил хурдацтай өөрчлөгдөж байна. Бид түүнээс ч илүү их өөрчлөлтийг мэдрэх болсон. Заримдаа би, бид хаана явна вэ гэдгээ бодох, анзаарах ч сөхөөгүй явж байна. Үүний зэрэгцээ бидэнд маш их боломжууд бий болсон. Нэг хүнд ногдох хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоогоороо дээгүүрт орж байна. Магадгүй зуун жилийн дараахь ганцаардал гэдэг шиг их цангалт , өлсгөлөнгийн дараа маш их мэдээллүүд ороод ирэхээр хөл алдаж эхэлсэн. Сонин дээр нийтлэгдсэн бичвэр, мэдээлэл бүхэн туйлын үнэн гэсэн уламжлалаар явж ирсэн ард түмэнд сошиал нийгмийн сүлжээ ороод ирэхээр бүр барьц алдаж байна. Урьд нь бид мэдээллийг зөвхөн хүлээж авдаг байсан бол нийгмийн олон сүлжээгээр өөрөө мэдээллийг хуваалцах боломжийг олгочихсон. Илэрхийлэх боломж гараад ирэхээр хүмүүс самгардаж янз бүрийн арга барилаар өөрсдийнхөөрөө илэрхийлэх болсон. Үүнийг цахим донтолт, цахим хийрхэл ч гэж ярьдаг. Гэтэл үүн дээр тоглох прагматик хүчнүүд гараад ирсэн. Эрх мэдэлтэй, эрх мэдлээ барьж байхыг хүссэн ч гэх юм уу олонхийг өөрийнхөө хүссэн зүг рүү явуулахыг эрмэлзсэн тодорхой хүчин, улс төрийн намууд гэх мэт эрх ашгийн сонирхол бүхий хүмүүс тоглолт хийх болсон. Мэдээлэлд живээд эхлэхээр бүх зүйлд итгэдэг байснаа больж сүүлдээ юунд ч итгэхээ больж байна. Итгэл алдрах болсон шалтгаан нь зөвхөн нийгмийн сүлжээнээс хамаараагүй л дээ. Улс төрийн, төр засгийн үйл ажиллагаа гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаална. Бүх зүйлд худлаа даа гэсэн байдлаар аливаа зүйлийг хараад эхлэхээр гэнэн итгэмтгий гэдэг зүйл маань юу руу орох вэ гэвэл бүгдийг үгүйсгэх, үгүйсгэл рүү орж ирж байна. Үгүйсгэлийн энэ үе бол шилжилтийн үе. Энэ үеэсээ одоо хаашаа явах уу?

-Харин хаашаа явах вэ?

– Харддаг, сэрддэг, эргэлздэг болсны дараа эерэг итгэл үнэмшил рүү явах уу эсвэл үгүйсгэл нь үгүйсгэлээр явсаар ангал руу унах уу. Үгүйсгэл ийм л хоёр талтай. Эерэг тал нь эргэлзсэний дараа өөрийн итгэл үнэмшлийг бий болгож бүтээлч хандлага руу сая нэг явах болов уу гэж би хувьдаа найдаж байна. Аливаа зүйлд эргэлзэж шүүмжлэлтэй хандаж үгүйсгэж байна гэдэг нь нэг талын сайн чадвар. Дан нүцгэн шүүмжлэл явуулах биш бүтээлч байх хандлага руу хэлбийх гэх ч юм уу. Ер нь дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болж эргэлзээ барьц алдахад хүмүүс хэнд, хаана, итгэхээ мэдэхээ байгаад ирэхээр тэр орон зайг нь гэгээрсэн, бурхан, ид шидтэй гэх мэтийн хүмүүс эзлээд эхэлдэг юм байна л даа. Хүмүүс яагаад итгээд байна вэ гэвэл хэрэгцээ байна. Үнэнийг олж харахыг хүсч байна. Гэтэл эрж хайж байгаа тэр хүмүүст бурхан шашин, шинжлэх ухаан нь мэдэгдэхгүй ч өөрт нь хамгийн ойрхон тусах, таалагдах үг хэлээр ярьж, түрийвчээ даллаад л баян болчихдог гэх мэт зүйлд эцэстээ итгэчихдэг болж байна. Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр ийм хүмүүсийг залчихаад байна л даа. Харамсалтай нь очиж буй шидтэн нь хэн бэ гэвэл жинхэнэ очих ёстой эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүс, эсвэл лам санваартан нь биш, тэд нар нь таг дуугүй сууцгаагаад байгаа хэрэг. Тэд хүмүүсийн хүсч байгаа хэрэгцээтэй эргэлзээтэй зүйлд нь хариултыг өгч чадахгүй байна. Жишээлбэл, бурхан тэнгэртэй холбоотой хүн итгэмгүй зүйл ярьж байхад шашин судлалын эрдэмтэд, шашны мяндагтан нар яагаад нэг ч үг дуугардаггүй юм бэ. Монгол Улс доктор цолныхоо тоогоор бас дээгүүрт орох орон. Эрдэмтэн, боловсролтой хүмүүс маань соён гэгээрүүлэх нийгмийнхээ үүргийг биелүүлэхгүй байна. Тэгэхээр тэрхүү орон зайг нь бурзай гэдгийг шэйрлээд баяжчихдаг, түрийвчээрээ даллачихдаг, сүлжээний бизнесийн, эсвэл гэгээрсэн цоорсон гэгддэг хүмүүс эзэлчихээд байна. Бид тэдгээр хүмүүсийг буруутгахаасаа илүүтэй эхлээд өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Уг нь ард түмэн чинь миний мэдэхгүй зүйлийг мэдээд өг, миний чадахгүй байгааг чадаад өгөөч гэж төр улсыг, нийгмийн бүхэл бүтэн институцийг бий болгож боломжийг олгож сонголтоо хийдэг. Гэтэл тэр эрхийг нь авсан мань мэтийн нөхдүүд нь довоо борлуулчихаад дуугүй л яваад байдаг л байхгүй юу. Эзэнгүй газрын тарвага дошин дээрээ галзуурна гэдэг шиг хоосон орон зайн дээр эвгүй нөхдүүд орж ирж тоглолт хийж байна.

-Манай монголчуудын амиа бодсон аминч зангийн илрэл нь энэ үү. Бид үүнээс хэрхэн гарах вэ?

-Судалгаагаар үзэхэд монголчуудын хамгийн эрхэмлэн үздэг зүйлсийн тэргүүнд боловсрол, эрүүл мэнд дээгүүрт явдаг бол гуравдугаарт шударга ёс, төр засаг бүр дөрөв, тав руу мөнгө гэсэн үнэлэлт жагсдаг. Өөр улс оронд тухайлбал, Оросын үнэт зүйлсийн нэгдүгээрт мөнгө явдаг байх жишээтэй. Монгол хүнд сониуч юмыг мэдэх гэсэн эрмэлзэл байдаг. Эрдэм мэдлэгт тэмүүлдэг ард түмэн. Ийм эрэлт, хэрэгцээтэй ард түмэнд хүссэн зүйлийг нь нөгөө бий болгосон нийгмийн институц, төр засаг, боловсролын систем нь бүрэн дүүрэн өгч чадахгүй байгаагаас үүдэлтэй. Би Монголын буддын сүм хийдийг гайхдаг. Улайм цайм шашныг нь шороотой хутгаад нэрийг нь барьж мөнгө олоод байхад яагаад сүм хийд өөрийнхөө байр суурийг илэрхийлдэггүй юм бэ. Яагаад үүнд нигүүсэх гэдгээрээ хандаад байдаг юм бэ. Шинжлэх ухааны эрдэмтэд, мяндагтнууд бас ялгаагүй нэрийг нь барьж ашиг хонжоо олоод буй хүмүүсийн эсрэг дуугардаггүй. Шинжлэх ухаан, боловсрол, шашны институц нь өнөөдөр ажиллахгүй байна. Хэрэгтэй нь над дээр ирнэ биз. Намайг гуйгаад ирвэл би очно гэсэн үзэл хандлагаар хандаж байна. Мухамед хэрвээ уул над дээр ирэхгүй бол Мухамед уул руу очно гэж хэлдэгтэй адил бид нар уул руу очих ёстой л байхгүй юу. Тэгтэл уул над дээр ирвэл ирэг харин би очихгүй, би агуу хүн гээд суугаад байна шүү дээ. Ийм байвал нийгэмд үүссэн оюуны манан будангаа арилгаж чадахгүй. Манан будан дотор байж байгаа олон нийт үнэндээ юм мэдэхийг хүсээгүйдээ биш мэдэхийг хүсээд ийш тийшээ гүйгээд байгаа л хэрэг. Монголын сэхээтнүүд социализмын үед ч бэртэгчин байсан. Өнөөдөр ч бүр хэтэрсэн. Одоо үзэл бодлоо илэрхийлэх бололцоо нь нээгдсэн ч бэртэгчин зан дээр нь өөрийнх хувийн ашиг сонирхол нийлж энэ даргын цүнхийг нь барьж явсан нь надад хэрэгтэй, үр хүүхдэд маань хэрэгтэй гэж үздэг болсон. Маш олон хүмүүсээр улстөрчид, олигархи бүлэглэлүүд өөрийнхөө хүссэн зүйлийг хэлүүлж байгааг би анзаарч хардаг. Маш амархан худалдаж авч байна. Үзэл бодол өөрчлөгдсөндөө биш тэр хүний үзэл бодлыг өөрчилдөг болсон.

-Ингэж автаад гүйгээд байгаагаа яаж зогсоох вэ. Монголчуудыг уг нь дотроо бодолтой дороо суурьтай ард түмэн гэж хэлдэг биз дээ?

-Ард түмнийг, монголчуудыг богино ой тогтоомжтой гэж ярих нь бий. Нэг талаасаа яг тийм байдаг. Харин хэн урт хугацааны ой тогтоомжтой байх ёстой вэ гэвэл нийгмийн институц, төр урт удаан ой тогтоомжтой байх ёстой байдаг. Энэ нь өчигдөр тийм байсан өнөөдөр ийм байна, ирээдүйд тэгнэ шүү гэж хэлдэг байх хэрэгтэй. Гэтэл тэр нийгмийн систем ажиллахгүй байгаа. Усанд живж буй хүмүүсийг аврах биш усанд живэх үгүй нь өөрсдөөс чинь хамаарна аа гээд хаячихаж байна. Нийгмийн институц гэхээрээ мэргэжлийн хүмүүс, экспертүүд, мэргэшсэн хүмүүсийн нэгдэл дээр тулгуурладаг. Ер нь ард түмэн өөрөө өөрийгөө хянаж чадахгүй гэж бодож байгаа учраас өөрийг нь хянах, зөвлөх байгууллагыг бий болгосон. Ард түмэн бүгдээрээ ухаалаг байна гэж хэзээ ч байдаггүй. Харин нийгмийн тогтолцоо нь ухаалаг шинжийг агуулж байдаг. Тухайлбал, иргэдээ сайн үйлд уриалж сэдэлжүүлж чаддаг. Муу үйлээс хориглож, зогсоож чаддаг. Одоо энэ байдал манайд дутагдаж байна даа.

-Бид ингэж гэнэн тэнэгтэж явсаар цаашдаа юунд хүрэх бол?

-Нийгмийн институц нь сайн ажиллахгүй байгаагийн зэрэгцээгээр нөгөө талаас бид юунд ч итгэхээ байсан. Монголчууд 1993 оны судалгаагаар төр засагтаа итгэх итгэл маш өндөртэй гарч байсан. Одоо бидэнд итгэл байхгүй болсон. Итгэлээ алдаж, дараа нь найдаж эхэлсэн. Одоо бол горьдож эхэлсэн. Хамгийн аюултай нь горьдлого тасралт явагдахад ганцхан алхам дутуу байна. Уг нь ард түмэнд төрөөс горьддоггүй л байхгүй юу. Төрдөө итгэдэг, найддаг л байх ёстой. Гэтэл бид горьдлого тасрах амин цэг дээрээ хүрчихсэн. Горьдлого тасарсан учраас лам олдохгүй бол буцахдаа залах болсон олон хэлбэрийг бид харж байна. Хүн горьдлого тасраад ирэхээр далдын хүчинд итгэж эхэлдэг, ердийн үед итгэхгүй байсан зүйлдээ итгэдэг. Ингэж гэнэн тэнэг зан гаргаж буй нь горьдлого тасарч буй хүний үйлдэл. Хүн өвдөөд эмнэлгээс найдлагагүй гэсэн хариу сонсчихоороо яадаг билээ. Хэн сайн, чадна гэсэн рүү горьдлого тасрахгүйн тулд явдаг. Ард түмэн яг ийм байдалд орчихоод байгаа гэж би харж байна. Энэ зам руу ард түмэн өөрсдөө яваад оччихсон биш. Ард түмнийг энэ зам руу авчирчихсан. Итгэл өгсөн төр, институц ард түмнийг ийшээ аваачсан. Удахгүй хамгийн ноцтой байдал руугаа явах байх. Горьдлого тасарч байгаа ард түмний хувьд дараахь хэдэн алхмууд харагддаг. Далдын хүчинд итгэнэ. Энэ нь хамгийн гэмгүй хэлбэр нь шүү. Яахав өөрийнхөөрөө гэнэн тэнэгтэж явна. Үүний дараагийн хувилбар бол үндэсний аврагч, үндэсний баатрыг хайж эхэлнэ. Гуравдугаарт терроризм руу явдаг. Сүхбаатарын талбайд дүүжил, парламентын гишүүдийг бүгдийг нь буудъя, цаазлая гэх мэт хандлага гарч ирнэ. Монголд энэ гурван хэлбэр гурвуулаа ажиглагдаж байна. Монголчууд цөөхүүлээ учраас одоогоор учиргүй нэгнээ дэлбэлчихгүй байна л даа. Энэ нь сайндаа биш, монголчууд цөөхөн нэгнээ мэддэгтээ байгаадаа аврал болж байна. Одоо хамгийн болзошгүй хэлбэр нь үндэсний аврагч, их залуурдагчыг хайж эхлэх рүү явахыг үгүйсгэх аргагүй.

-Сүүлийн үед үндэсний баатар, аврагчтай байх нь зүйтэй гэсэн уур амьсгал ажиглагдах болсон л доо?

-Хэрвээ гадны бодлого хүчтэй яригдах тохиолдолд олон хүнтэй зөвшилцөж тохиролцох эсвэл нэг хүнтэй тохиролцох уу гэдгийн аль нь хялбар байх вэ. Энэ утгаараа үндэсний аврагч гарч ирээд эргээд үндэсний дарангуйлагч болчих вий. Тиймээс алдах юм байгаа гэдгийг дор бүрнээ анзаарч ухамсарлаж аливаад жаахан ч болов ул суурьтай хандах нь зүйтэй юм болов уу. Монголчуудыг нийтээр нь нэгтгэсэн үнэт зүйлс Монголд өнөөдөр байна. Монголчууд эх орондоо хайртай. Монголоороо бахархдаг ард түмэн. Энэ үнэт зүйлсээ үндэсэрхэг үзэл болгож туйлшрахгүйгээр та ч тэр, төр нь ч тэр, институц нь бэхжүүлж төлөвшүүлэх ёстой. Бидэнд алдах юм бий гэдгээ ухаарах хэрэгтэй. Эх орон, тусгаар тогтнол, ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэх мэт бидэнд алдаж болохгүй зүйлс байна. Биднийг хагаралдуулж салгаад байгаа мэт боловч нэгтгэж байгаа хүчин зүйлс маань үүнээс илүү хүчтэй шүү дээ. Одоо үнэт зүйлсийг тойрон хүрээлүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл дутагдаад байна.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ улс-төр

Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав.

Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авсан байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын тандан судалгааг 2017 онд хийсэн. Уг тандан судалгааны үнэлгээгээр газар өмчлүүлэх хугацааг сунгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.
Иймд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг сунгах зорилгоор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгахаар тусгасан юм.
Хуулийн төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг нь батлах санал гарч олонхийн дэмжлэг авсан. Иймд УИХ-ын чуулганы хуралдаанаар мөн асуудлыг авч хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр баталсан нь энэ юм.
Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурт машин цөмөрч, дөрвөн хүн амиа алджээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Хүслийн хад” гэдэг газар Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан зургаан зорчигчтой автомашин нуурын усанд осолдсон тухай дуудлага өчигдөр /04.25 /аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу очиход тус автомашинд зорчиж явсан Ханх сумын харьяат иргэн Г /30 настай, эрэгтэй/, О /15 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд, дөрвөн иргэн нь осолдсон байдалтай байжээ.
Мэдээллийн дагуу ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Эрэн хайх салбар, Хөвсгөл, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч, Цагдаагийн газрын 3, орон нутгийн иргэд нийт 34 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өнөө өглөөний 07:50 минутад осолдсон иргэдийн цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Алба хаагчид осолдсон иргэдийн цогцсыг голын эргээсээ 1300 метрийн зайд, нуурын 15 метрийн гүнээс гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Засгийн газар оюунлаг хүн, оюуны шилдэг бүтээлийг дэмжинэ

Төрийн ордонд“Оюуны өмч, инноваци-Хөгжлийн форум” эхэллээ. Манай улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагад 1979 онд нэгдсэнээс хойш оюуны өмчийн эрх эзэмшигчийн эрхийг хамгаалах олон улсын тогтолцоонд орсоор байна. Энэ жилийн Оюуны өмчийн өдрийг Монгол Улсын Засгийн газар “Өөрчлөлтийг хөтлөгч хүч: шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс хүргэж байна.

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо

Оюуны өмчийн салбарын ажилтан, албан хаагчид аа,

Зохиогч, уран бүтээлч, шинийг санаачлагч, зохион бүтээгчид ээ,

Оюуны өмчийг дэмжигч эрхэм нөхөд өө,

Та бүхэнд Оюуны өмчийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе.

Монгол Улсын өнөөгийн хөгжил үе үеийн шинийг санаачлагч, инженер, зохион бүтээгч, зохиогч, уран бүтээлчдийн хүчин чармайлтын үр дүнд бий болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

Ийм учраас Засгийн газар та бүхэнтэй оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар улс орон хэрхэн хөгждөг тухай, бидэнд ямар асуудал, боломж байна, үүнд УИХ, Засгийн газар ямар бодлого баримталж ажиллах нь зүйтэй болохыг хэлэлцэж байна.

Иргэдийнхээ барагдашгүй далай болсон оюуны өмчийг дээдлэн хүндэтгэж, нийгэм, эдийн засгийн асуудлыг дэвшилтэт техник, технологи, оюуны өмч, инновацид суурилан шийдвэрлэхийг манай Засгийн газар зорьж байна.

Оюуны бүтээл туурвигчдыг дэмжин урамшуулж, тэдний бүтээлийг амьдралд нэвтрүүлэн, контент үйлдвэрлэл, программ хангамж, инноваци, үндэсний брэндийг дэмжсэнээр эдийн засаг дан ганц уул уурхайгаас хараат байхаа болино.

Засгийн газраас саяхан баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тусгасны дагуу эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэлд өртөмтгий байдлыг бууруулахад чиглэсэн алхмыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхийг зорьж байна. Үүний тулд эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгууртай болох зорилтыг хэрэгжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбар дундын уялдааг ханган, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийг зорилго болгосон. Үүнийг хэрэгжүүлэхэд Та бүхний идэвх санаачилга, зүтгэл их чухал. Утаа, хүнсний аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг цахимжуулах болон бусад бүх салбарын хөгжилд оюуны өмчийн үүрэг чухал.

Бид дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд уламжлалт ахуй соёл, түүх, хөдөө аж ахуйн салбар гол үүрэг гүйцэтгэх ёстой гэдэгтэй санал нэг байна.

Ухаалаг төрийн үндэс нь мэргэшсэн төрийн албан хаагч мөн. Тиймээс оюуны өмчийг хамгаалах салбарт ч мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэхэд анхаарна.

Улс орон, ард түмнийхээ өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд оюуны бүтээл туурвигч та бүхний бүтээсэн шилдэг бүтээлд Засгийн газар хөрөнгө оруулалт хийж, худалдан авч нэвтрүүлэх, инноваци нэвтрүүлсэн, контент экспортолсон, экспортод чиглэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн иргэн, аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлье.

Дэлхийн улс орнууд түүний дотор бидний хоёр хөрш оюуны өмчид суурилсан хөгжлийн бодлогоо тодорхойлж хэрэгжүүлж байгаагаас бид суралцах ёстой.

“Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө хүчээ нэгтгэж, хамтдаа зүтгэе” гэсэн уриагаар форумыг нээлээ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүд газраа сонгож нүүхэд бэлэн боллоо

Нийслэлийн хэмжээнд хориглосон бүсэд байгаа малтай айл өрхүүдийг тавдугаар сарын 1-ний дотор зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа.

Уг ажлыг зохион байгуулах нийслэл, дүүргийн ажлын хэсэг малтай иргэдтэй удаа дараагийн уулзалт, таниулга хийсний үр дүнд нийслэлээс зөвшөөрсөн Сонгинохайрхан дүүргийн Ногоон толгой хэмээх газрыг сонгосон иргэдэд газрыг нь олгосон. Ингэхдээ нүүх өргөдлөө өгсөн малтай 50 айл өрхөд олгох газрыг сугалаагаар тодруулан, нийслэлээс олгосон нүүлгэлтийн зардлыг нь хүлээлгэн өгөв.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир “… нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа энэхүү ажлыг дэмжин хүндэтгэлтэй хандаж, зөвшөөрсөн бүс рүү нүүж байгаа иргэддээ талархаж байна” гээд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсүүдэд худаг ус гаргах, гэрэл, цахилгаан тавих гэх мэт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгааг онцлон танилцууллаа гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийг хотхоноор нь хөгжүүлнэ

Налайх дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийг хотхоноор нь хөгжүүлэхэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Сангийн яам, Германы хамтын ажиллагаа болон Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиуд дөрвөн талт хурлын тэмдэглэлд гарын үсэг зурлаа. Ингэснээр судалгааны лаборатори, номын сан бүхий цогц хотхон болж хөгжих боломж бүрдэж байна. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм “ХБНГУ-ын Хөгжлийн банкнаас санхүүжилт авахын тулд хийгдэж буй эхний ээлжийн алхам нь талууд тэмдэглэлд гарын үсэг зурах үйл явдал байлаа. Манай сургуулийн оюутан, багш нарын хувьд судалгааны лабораторитой болох зам нээгдлээ. Биднийг дэмжиж, санаачилга гаргасан салбарын яамдад талархаж байна” гэв. ХБНГУ-ын KFW хөгжлийн банкны Ази тив хариуцсан Эдийн засийн хөгжлийн тогвортой байдлыг хангах төслийн ахлах менежер Бэнжамин Грэедлэр “Энэ удаагийн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хамтын ажиллагааг судлах шалгалтын группийн хурал амжилттай боллоо. Сургуулийн цаашдын хөгжлийн хамтын ажиллагаанд ХБНГУ-ын зүгээс олгох хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх эсэх асуудал яригдлаа. Шалгалтын явцад хөрөнгө оруулалтын тал дээр эерэг хандлагатай байгаа. Хөрөнгө оруулалт шийдэгдвэл цаашид тус сургуулийн өргөтгөл, бүтээн байгуулалтад нөлөөлөх олон ажлыг эхлүүлнэ” гэв.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь герман стандарттай, герман инженерийн боловсролоор Монголын хүүхэд, залуучуудыг бэлтгэн гаргаж байна. Герман инженерийн боловсрол олгохын тулд төдий хэмжээний дэд бүтцийн шаардлагыг хангах хэрэгтэй болдог байна. Цаашид тус сургууль Монгол Улсын дээд боловсрол, ялангуяа инженерийн боловсролд өөрчлөлт, шинэчлэлийн томоохон алхмуудыг хийхээр төлөвлөж байгааг дурдсан юм. Германы талаас ч зөвхөн нэг удаагийн бус олон жилийн тогтвортой, урт хугацаанд үргэлжлэх санхүүжилт олгохоор зэхэж байгаа нь тус сургуулийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

Мөнгө угаахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаарх Монгол Улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд Харилцан үнэлгээг дахин хийж, үнэлгээний тайланг Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 20 дахь удаагийн жилийн ээлжит хурлаар баталжээ. Дээрх хурлаар Монгол Улсад энэ оны 10 дугаар сар хүртэлх 15 сарын хугацаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмж өгч, тухай бүрт тайлагнахыг үүрэг болгосноос гадна УИХ-ын 2016 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”-д Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгажээ.

Дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй, эсвэл хэрэгжүүлээгүй тохиолдолд ФАТФ-ын “Зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй улс буюу хар жагсаалт”, эсвэл “Зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлдэг буюу саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй төдийгүй үүнээс улбаалан манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх хориг арга хэмжээг олон улсаас авч хэрэгжүүлэх эрсдэл үүсэх аж. Иймд хууль өөрөө цаг үе, нийгмийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн, аливаа зөрчил, хийдэлгүй байх нийтлэг зарчимд тулгуурлан ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, “Хуулийн төслийг дэмжиж байна. Монгол Улсаас гарч байгаа бизнес эрхлэгчдийн мөнгийг болон гаднаас оруулж ирж байгаа хөрөнгө оруулагчдын мөнгийг тодорхойгүй байдлаар шалгадаг байж болохгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэнээр хуулийг баталлаа.
Categories
мэдээ нийгэм

Монголд өнгөрсөн жил 36 мянган удаа газар хөдөлжээ

Шадар сайд Ө.Энхтүвшин “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2016 оны 34 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулжээ.

Гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах үүднээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж 2017 онд УИХ-аар батлуулсан. Мөн Засгийн газрын 2016 оны 262 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө” болон газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг хүчитгэх, буулгаж шинээр барих болон холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 20 гаруй дүрэм, журам, бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулж батлуулан хэрэгжүүлж байна. Түүнчлэн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэхбайнгын ажиллагаатай зөвлөл байгуулагдаж, Шадар сайд ахлан ажиллаж байгаа. Өнгөрсөн онд аймгуудад салбар зөвлөл байгуулснаар үйл ажиллагаагаа нийт улс орныг хамруулан зохион байгуулж ажиллах боломжтой болсныг дурдлаа.

Шадар сайдын танилцуулснаар, манай орны нутаг дэвсгэрт тохиолдож буй газар хөдлөлт байнга нэмэгдэж байгаа, сүүлийн хоёр жилд газар хөдлөлтийн идэвхжилт, эрсдэл 1.3-2.1 дахин өссөн, зөвхөн 2017 онд гэхэд 36 мянган удаа газар хөдлөлт болсон, тэр дундаа 2.5-аас дээш магнитудын хүчтэй хөдлөлт 77 удаа болжээ. Энэ нь гамшгийн эрсдэл өндөр түвшинд байгааг харуулж байгаа аж.

Гэтэл өнгөрсөн онд аймаг, орон нутагт хийсэн нэгдсэн судалгаагаар нийт барилгын 10.5 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь тогтоогджээ. Энэ оны байдлаар улсын хэмжээнд нийт 6627 орон сууц ашиглагдаж байгаагаас ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай барилга гэхэд нийслэлд 349, орон нутагт 702, үүнээс мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглахыг хориглосон орон сууц нийслэлд 234, орон нутагт 221 байгаа. Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулахаар 131 барилгыг 45 багц болгон хэгсэгчилсэн төлөвлөгөө хийж, тендер зарласнаас 19 багцын 60 барилгыг буулгаж шинээр барих төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Харин 26 багцын 71 барилгад хөрөнгө оруулах төсөл хэрэгжүүлэгчийг урьж сонгон шалгаруулалтыг удаа дараа зарласан ч эдийн засгийн хямрал болон бусад шалтгаанаас болоод гүйцэтгэгчийн санал ирэхгүй байгаа аж.

Түүнчлэн улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа 72 сургууль, 53 цэцэрлэг, 64 соёлын байгууллагын барилгыг 2019-2024 онд шинэчлэхэд 336.3 тэрбум, 99 эмнэлгийн барилгыг 2018-2021 онд шинэчлэхэд 222.1 тэрбум, аймаг, нийслэл дэх орон сууцны 275 барилгыг буулгаж шинээр барихад 570.9 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгааг Шадар сайд хэлж байв. Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан. Энэ үндсэн дээр ҮАБЗ-өөс энэ сарын 16-нд УИХ, Засгийн газарт хандаж зөвлөмж гаргасан талаар тэрбээр танилцуулсан юм.

Шадар сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, А.Ундраа, Н.Энхболд, О.Содбилэг нар Шадар сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан. Мөн хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Анар, холбогдох бусад албан тушаалтнууд гишүүдийн зарим асуултад хариулж, нэмэлт тодруулга, мэдээлэл өгөв.

Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Ц,Цогзолмаа, Х.Баделхан, Д.Сарангэрэл, А.Ундраа, Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг нар Шадар сайдын танилцуулга болон тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр Байнгын хорооноос гаргах тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд төвлөрлийг сааруулахын тулд Засгийн газар, нийслэлээс бодитой, зоримог тодорхой шийдвэр гаргах цаг болсон, энэ талаар санаачилгатай ажиллах хэрэгтэй байна, гамшгаас хамгааалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүжилт чухал шаардлагатай учраас зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хараад суухгүйгээр төр-хэвийн хэвшлийн түншлэлээр асуудлыг шийдэхэд анхаарах, гамшгийн хамгийн өндөр эрслэлтэй бүсээс эхэлж эрэмбэлэх замаар ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон сургууль, эмнэлгийн барилгыг буулгаж шинээр барих хөрөнгө санхүүгийн асуудлыг 2019 оноос эхлэн улсын төсөвт суулгах замаар үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай зэргийг хэлж байлаа. Иймээс Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар гишүүдээс гаргасан саналуудыг нэмж тусган Байнгын хорооноос тогтоол гаргаж, Засгийн газарт тодорхой үүрэг чиглэл өгөхөөр тогтжээ.

Categories
мэдээ нийгэм

Айлын хашаанаас их бууны долоон ширхэг сум олджээ

Дорнод аймагт айлын хашаанаас их бууны сум олджээ.

Тодруулбал, тус аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын хоёрдугаар багт оршин суух иргэн Б-гийн хашаанд их бууны сум байна гэсэн дуудлага өчигдөр /04.25/ 17:50 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч ажиллаж тэсрүүлэгчгүй долоон ширхэг их бууны сумыг авч Зэвсэгт хүчний 327 дугаар ангид хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Ирланд Улсын парламентийн доод танхимийн дарга айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел 2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел нар албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд ноён Шон О’Фарел Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах юм.

Монгол Улс Ирланд Улстай 1998 оны 12 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн жилд болж буйгаараа онцлог юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.