Categories
мэдээ нийгэм

“Cургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.9-д “Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний загвар” төсөл хэрэгжүүлж, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, эрүүл, баталгаат хоол хүнс хэрэглэх нөхцөл бүрдүүлнэ” гэж заасан.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачлагаар НЗДТГ, нийслэлийн Боловсролын газар, ШУТИС-тай хамтран энэ сарын 25-ны өдөр 84 дүгээр сургууль дээр “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн зорилго нь сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулах, стандарт шаардлагад нийцсэн сургуулийн өдрийн хоолоор үйлчлэхэд цаашид авах арга хэмжээний зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлэхэд оршино.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, ШУТИС, ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Пүрэвжав, НЗАА, НМХГ, НЭМГ, НӨХГ, НХХААГ, Дүүргүүдийн Худалдаа үйлчилгээ, Боловсрол, Мэргэжлийн хяналтын хэлтэс, ОНӨААТУҮГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүд, ЕБС-ийн захирлууд, сургуулийн гал тогоо түрээслэгчдийн төлөөлөл оролцож үдийн цайны хэрэгжилт, тогтолцоог сайжруулах тал дээр санал бодлоо солилцон, цаашид үдийн цайг үдийн хоол болгох боломж, хооллолтоор дамжуулан хүүхдийн бие махбодын болон оюун ухааны хөгжлийг дэмжиж, бие, сэтгэхүйн хувьд эрүүл иргэнийг төлөвшүүлэх, цаашид тулгамдсан асуудлуудын талаар харилцан ярилцаж, хэлэлцүүлэг хийлээ.

Манай улс 2006 оноос “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловч нийслэлийн сургуулиудын 86.7 хувь нь “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд халуун хоолоор үйлчилж байна. Гэвч шаардлага хангахгүй орчинд хоол, цайны үйлчилгээ эрхлэх нь сурагчдын эрүүл мэндийг эрсдэлд оруулах аюултай.

Улс үндэстний хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудал нь нийгмийн тогтвортой байдал, эдийн засаг, тусгаар тогтнолын нэгэн баталгаа тул төрийн бодлогын үндсэн чиглэлийн нэг хэмээн үздэг. Хоол хүнс нь хүний дотор эрхтэнд төдийгүй бүх бие, тархинд, цаашилбал үр удамд дамжин нөлөөлдөг хүний нийгмийн оршин тогтнохын үндэс учир үндэсний аюулгүй байдлын чухал үзүүлэлтийн нэг юм.

Хоол хүнсний илчлэг болон тэжээллэг чанар, зөв зохистой хооллолт, хүнсний бүтээгдэхүүний өртгийг тооцох талаар сургуулийн удирдлага, хөтөлбөр хариуцаж байгаа багш, ажилчдын мэдлэг дутмаг, буруу ойлголттой байгаас хоол хүнсний хэмжээ чанар, хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгааг анхаардаггүй, бүтээгдэхүүний бодит болон нийлүүлж буй өртгийн зөрүүг тооцдоггүй асуудлууд үүсэж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгээс үдийн цайтай холбоотой тулгамдсан асуудлуудад цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулж гаргасан нь хэлэлцүүлгийн гол онцлог боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар марафон-2018” ирэх сарын 19-нд болно

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсгийнхэн “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Энэ жил Улаанбаатар марафонд оролцох иргэдийн тоог нэмэгдүүлэх, гадны олон улсын тамирчдыг түлхүү хамруулах зорилго тавин ажиллаж байна. Тус арга хэмжээг зохион байгуулах 4 дэд ажлын хэсэг байгаа. Удирдлага зохион байгуулалт, санхүү, Сурталчилгаа мэдээлэл, харилцаа хамтын ажиллагаа, Уралдаан тэмцээн зохион байгуулах, Үйлчилгээ хэв журам, аюулгүй байдлыг хангах ажлын хэсгийн ахлагч нар идэвхтэй ажиллах хэрэгтэй” гэв.

Хурлын төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаа “Улаанбаатар марафон” гүйлтэд дүүрэг, хорооны иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудыг идэвхжүүлэн оролцуулах, дэд ажлын хэсгүүдийг хуралдуулж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт авч ажиллах, гүйлтэд оролцох гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүст урилга, мэдээлэл сурталчилгааг хүргэх, урих, оролцуулахтай холбоотой ажлыг зохион байгуулах, онлайн бүртгэлийн цахим хуудсыг шинэчлэн сайжруулж, алдаа дутагдлыг тухай бүр арилгаж ажиллах, Сүхбаатарын талбайд болон гүйлтийн маршрутын дагуу иргэдийн тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор хог хаягдал, бие засах цэг, цэвэрлэгээний ажил, маршрутын дагуу уралдах замыг услах ажил зохион байгуулахыг холбогдох албаныханд тус тус үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Би сэтгүүлчидтэй хэзээ ч зууралдахгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрийнх нь талаар сурвалжлaга бэлтгэсэн сэтгүүлчдийг болон ар гэрийнхнийг нь тагнуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдах болсон.

Энэ талаар тэрээр “Би сэтгүүлчидтэй хэзээ ч зууралдахгүй. Харин ийм мэдээлэл явуулж байгаа, бусармаг үйлдэл хийгээд байгаа цаад хүмүүстэй нь хуулийн хүрээнд ярина.

С.Зоригийг амьд байхад ийм дайралт өдөр шөнөгүй явж байсан. Улмаар цаг бусаар явсан. О.Дашбалбар амьд байхад бас ярьдаг л байсан. Өдөр шөнөгүй дайрсаар байгаад явуулж байсан. Одоо ээлж нь над дээр ирж байх шиг байна. Ямар үр дүн гарахыг би мэдэхгүй байна” гэв.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ эдийн-засаг

“Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт сургалтыг зохион байгуулав

Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газраас 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт нэг өдрийн семинарыг зохион байгууллаа. Семинарт банкуудын бэлэн мөнгөний үйл ажиллагаа хариуцсан газар, хэлтсийн захирал, ахлах түвшний ажилтнууд болон Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбаруудын нярав, хянан шалгагч нар оролцов. Энэхүү семинараар мөнгөн тэмдэгтийн олон улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага, бэлэн ба бэлэн бус төлбөрийн хэрэгслийн одоо ба ирээдүй, манай улсын бэлэн мөнгөний динамик хөдөлгөөн, бүтэц, түүний эдийн засгийн утга агуулга, онцлог шинж чанар, зүй тогтол зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн практик түвшинд хуурамч мөнгөн тэмдэгтийг ялгах үндсэн стандартын талаар ерөнхий ойлголтыг өгч, мөнгөн тэмдэгт ялгах шаблоныг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах заавар зөвлөмжийг өгөх, сүүлийн үеийн хуурамч мөнгөн дэвсгэртүүдийн шинж чанаруудын талаар танилцууллаа. Мөн энэ үеэр хамгаалалтын элемент нь шинэчлэгдэж буй 5000-тын дэвсгэртийг танилцуулж, банкуудын АТМ машин цэнэглэлтийн алгоритмыг өөрчлөх боломж зэрэг асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагвасүрэн: Цахим банкны аюулгүй байдлыг нэг шат ахиулна

Туушин зочид буудалд “Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл” анхдугаар форум боллоо. Тус форум нь Монгол банкнаас санаачлан хэрэгжүүлсэн “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ы хүрээнд болж байгаа юм.

Энэхүү олон улсын форумыг Монголбанк, Монголын Банкуудын холбоо, Хаан банк хамтран Монгол улсад анх удаа зохиож байна. Форумын гол төлөөлөгчдөөр Хаан банкны гүйцэтгэх захирал Жон Белл, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын Банкуудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар оролцов.

Энэхүү форум нь Цахим банкны аюулгүй байдал, төлбөрийн картын эрсдэл, цахим банк болон төлбөрийн аюулгүй байдлын тухай иргэд олон нийтийн мэдлэг боловсрол гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа юм.

Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс энэхүү форумын талаар тодрууллаа

-Цахим банкны аюулгүй байдлыг банкны зүгээс яаж хамгаалах ёстой вэ?

-Бидний одоо хэрэглэж байгаа соронзон тууз бүхий төлбөрийн карт бол хамгийн нууцын зэрэглэл багатай карт юм. Үүнийг илүү боловсронгуй нууцыг өндөр зэрэглэлтэй болгохын тулд “чип” гэдэг зүйлийг нэвтрүүлж эхэлж байгаа. Энэ нь аюулгүй байдлын хувьд нэг шат ахисан нууцын зэрэглэлтэй.

-Хувь хүний зүгээс цахим банкныхаа аюулгүй байдлыг хэрхэн хангах шаардлагатай вэ?

-Нууц үгийг чандлан хадгалах ёстой. Пасс код буюу нууц үгээ илүү олон оронтой тоо, үсгээр солих хэрэгтэй. Ойр ойрхон сольж байвал сайн. Харилцагчийн мэдээллийг худлаа өгөөш өгөх замаар хулгайлдаг, зардаг тохиолдлууд нэмэгдэж байна. Энэ өгөөшид автахгүй байх. Жишээ нь танихгүй хүн facebook-ээр олны танил хүнтэй танилцуулж өгье, мэдээллээ явуул гэх мэтийн өгөөшүүдийг хэрэглэж хүмүүсийн нууцад халдаж байна. Үүнд автахгүй байх нь хамгийн эхний асуудал.

-Хакераас яаж сэргийлэх вэ, хакердуулж байгаагаа мэдэх боломж бий юу?

-Одоогоор ийм боломж алга. Гэхдээ бид аюулгүй байдлыг сайжруулах тал дээр шат дараалсан ажил хийж байна. Үүний үр дүнг удахгүй хүртэж иргэд олон нийтэд сайн мэдээ дуулгана гэж найдаж байна гэв.

Форумд олон улсын болон дотоодын экспертүүд оролцож, илтгэл тавин хэлэлцүүлэг өрнүүллээ. Тухайлбал цахим банкны аюулгүй байдал сэдвээр Акати Консалтинг компанийн гүйцэтгэх захирал, мэдээлэл технологийн Олон улсын эксперт Кришна Ражагопал, төлбөрийн картын эрсдэл сэдвээр Korea & Mongolia, VISA Inc компанийн Эрсдэл хариуцсан захирал Крис Кан, Цахим банк болон төлбөрийн аюулгүй байдлын тухай иргэд, олон нийтийн мэдлэг, боловсрол сэдвээр Эрүүгийн Цагдаагийн Албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад У.Батнасан нар тус тус илтгэл тавив.

Уг форумд Монгол Улсын бизнесийн салбарын томоохон компаниудын шийдвэр гаргах түвшний 200 гаруй албан тушаалтан оролцлоо.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж бараалхлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Сушма Сваражийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад нь баяр хүргээд, хоёр улсын хамтын ажиллагааг дээд түвшинд ойртуулсан ихээхэн үр дүнтэй айлчлал болж байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монгол Улсад ирсэндээ сэтгэл их өндөр байна, албан ёсны айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар ихээхэн үр дүнтэй яриа хэлэлцээр хийж чадлаа хэмээн онцлов. Мөн тус улстай хамтран хэрэгжүүлэх гэж байгаа нефть боловсруулах үйлдвэр Монгол Улсын хувьд шатахууны хараат байдлаас гарахад хэчнээн чухал болохыг ойлгож ихээхэн анхаарал хандуулж байгаа хэмээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-тай түүх, соёл, шашны хувьд хамтын ажиллагаа сайн хөгжиж байгааг онцлоод, цаашдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн БНЭУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт өөрийнхөө мэндчилгээг дамжуулахыг тус улсын Гадаад хэргийн сайдаас хүслээ.

Талууд хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын хөгжилд анхаарч, бүхий л салбарт хамтын ажиллагааг үр дүнтэй хөгжүүлэх талаар санал солилцож ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн ажилтан сэтгүүлчийг нууцаар тагнасан хэргийг шалгаж байна

Бясман зурган илэрцүүд

Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын газарт ирүүлсэн байна. Прокурорын газраас энэ хэргийг хянаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв. Тэгвэл олон нийтийн сүлжээ, мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өөрийнх нь талаар мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчдийг нууцаар тагнасан, чагнуулсан гэх мэдээлэл гараад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Хэнтий аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр 06:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Батжаргал нарын удирдлагууд оролцлоо.

Сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалган, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явууллаа. Гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг шалгах жагсаалд 500 гаруй ажилтан, алба хаагч, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.

Мөн аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах 11 албадын удирдах бүрэлдэхүүн “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, гэнэтийн ослын үеийн удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлтийн болон мал, амьтны гоц халдварт өвчин, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн гэсэн цагийн байдлын өгөгдлийн дагуу бүлгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хаврын анхны шөнийн худалдаа болно

Наран групп дэлхийн шилдэг брэндүүдийг хэрэглэгч түмнийхээ гарт хүргэсээр ирсэн билээ. Тэгвэл энэ удаа Наран Групп “Эко Сонголт, Эрүүл амьдрал” уриан дор Наран Хаврын яармаг худалдааг 2018-04-20 –с 2018-04-29 –г дуустал 13-р хороолол 3 өндрийн хойно байрлах Монгол Экспо төв, 13-р хорооллын дунд замд байрлах Наран Плэйс худалдааны төв, Хүүхдийн 100 Наран Молл худалдааны төвүүдээр зохион байгуулж байгаа билээ.

Үзэсгэлэн худалдаагаар Adidas, Timberland, Esprit, Celio*, Samsonite, Delsey, American Tourister, Yves Rocher, Swarovski, Seiko, Swatch, Luminarc, Zara Home, Victorinox гэх мэт эко амьдралын хэв маягыг цогцлоогч, байгаль дэлхийгээ энэрэн хайрладаг Дэлхийн шилдэг брэндүүд 10%-70% хүртэл огцом хямдарч, ₮50’000 –ны худалдан авалт бүртээ хамгийн шилдэг OSIM брэндийн ₮1’000’000 –ны үнэтэй тасалгааны агаар, дуу, гэрлийн бохирдол цэвэршүүлэгч төхөөрөмжийн азтан шалгаруулах сугалаанд оролцох юм байна.

Харин 2016-04-26 –ны өдрийн 19:00 – 22:00 цагын хооронд 13-р хорооллын Монгол Экспо төв дээр Улаанбаатар хотын энэ хаврын хамгийн анхны шөнийн худалдааг Наран Групп зохион байгуулах гэж байгаа бөгөөд дэлхийн брэндүүд 70% хүртэл хямдарч ₮50’000 –с дээш худалдан авалт бүрт OSIM брэндийн агаар цэвэршүүлэгчийн сугалаанд оролцох эрхээс гадна гарын бэлэгтэй урамшуулалт худалдааг явуулахаар болжээ.

“Наран хаврын яармаг” Улаанбаатар хотын энэ хаврын анхны хямдралтай шөнийн худалдааны хөтөлбөр:

  • 19:00 – Нээлт
  • 19:40 – Гайхамшигт бартендерын шоу үзүүлбэр
  • 19:50 – ESPRIT, CELIO, CORTEFIEL брэндүүдийн загварын шоу.
  • 20:00 – Aimar Production бүжгийн үзүүлбэр
  • 20:15 – Adidas брэндийн загварын шоу
  • 20:20 – Ковер дуучин
  • 20:30 – Хөгжөөнт, цэнгээнт тоглоомоор 1 азтан шалгаруулна.
  • 20:45 – Timberland, Samsonite брэндүүдийн загварын шоу
  • 20:55 – Танин мэдэхүйн асуулт 1 азтан тодруулна.
  • 21:10 – Ковер дуучин
  • 22:00 – Цаг хүртэл шөнийн хямдралтай, урамшуулалт, бэлэгтэй худалдаа үргэлжлэх юм байна.
Categories
мэдээ нийгэм

Эрчим хүч хэмнэх үндэсний уулзалт эхэллээ

Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах, салбарын бодлого үйл ажиллагааны уялдааг хангах, үр дүнтэй хэрэгжүүлэхээр санал солилцох уулзалтыг зохион байгуулжээ.

Тус уулзалт эрчим хүчийг хэмнэх, эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт түгээлт, хэрэглээний бүхий л түвшинд үр ашгийг дээшлүүлэх, хууль эрх зүй зохицуулалтын орчинг боловсронгуй болгох эрчим хүч хэмнэлтийн бодлогын талаар нэгдсэн ойлголттой болох, төрийн байгууллагууд хоорондын зохицуулалт, мэдээллийн урсгалыг сайжруулах, бодлого үйл ажиллагааны уялдааг хангах, санхүүжилт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг оновчтой бүрдүүлэх, олон улсын байгууллагын үүрэг оролцоог тодорхойлох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой.

Уулзалтын талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан ярихдаа:

Монгол Улсад эрчим хүч хэмнэх бодлого, хууль эрх зүйн орчин цогц байдлаар бүрдэж байгаа. Цаашид тогтвортой нэгдсэн бодлогоор зөв хэрэгжүүлэх нь эрчим хүчний бодит хэмнэлтийг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг хангахад нэгэн чухал хөшүүрэг болно. 2015 онд батлагдсан “Эрчим үчний тухай хууль”-ийн хүрээнд төрийн өмнө үүрэг хүлээсэн 135 байгууллагын 15 байгууллагад эрчим хүчний 64 аудитын шалгалт хийсэн. Үүнээс улбаалан тус байгууллагууд 20-30 хувийн эрчим хүчний хэмнэлтийг хийж чадсан. Цаашид үүнээс илүүг ч хэмнэх боломж бий. Жилд 260 сая киловат буюу мөнгөн дүнгээр 35 тэрбум төгрөг хэмнэсэн. Агаарт хаягдаж байгаа хүлэмжийн хийн хэмжээ 620000 метркубээр хэмжээгээр багассан. Эрчим хүчийг салбар бүрээр нь хянаж хэмнэх арга хэмжээг өрнүүлж байна хэмээн ярилаа.

С.ОТГОНБАЯР