Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Баабар “Надад ийм мөрөөдөл байна” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хаврын чуулганы хуралдаан эхлэх гэж байгаатай холбогдуулан ээлжит хуралдаанаа хийлээ. Энэ талаарх сурвалжилгыг нэгдүгээр нүүрэнд хэвлэгджээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцсаныг тэргүүн нүүрнээс харах боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчид ИБУИВНВУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан талаарх сурвалжилгыг улс төрийн хоёрдугаар нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Надад ийм мөрөөдөл байна” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“М.Энхсайхан Улсын ерөнхий прокурорт захидал илгээжээ” сурвалжилгыг дөрөвдүгээр нүүрнээс хараарай.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцсаныг тавдугаар нүүрнээс уншаарай. Тэрээр “Д.Гантулга бид хоёрыг эгүүлэн татна гэж мөрөөдөөд байна. Тийм боломж байхгүй” гэжээ.

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцсаныг хүмүүс нүүрнээс хүлээн аваарай.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр 28 жил ажилласан, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Р.Нямдоржтой уулзаж хөөрөлдсөнийг XIII нүүрнээс үзээрэй. Тэрээр “Монгол бөхийн оройн шүтээн Б.Бат-Эрдэнэ аваргад тамгаа гардуулж буйдаа сэтгэл амгалан байна” хэмээн онцлон хэлжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ улс-төр

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын танилцуулга

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал хэлэлцэж 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталлаа.

Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тухай хуулиудад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар буюу таван насаар 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн билээ.

Бага орлоготой, ядуу бүлгийн иргэдийн болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг иргэдийн дундаж наслалт захиргааны ажил эрхэлдэг иргэдээс бага байна.

Иймд тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчлах шаардлага гарсан.

Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож байна. Нийгмийн даатгалын тогтолцоотой ихэнх улс оронд энэ хугацааг доод тал нь 10 жил, улмаар шимтгэл төлсөн бүх жилүүдийн цалингаас тооцдог.

Одоогийн хуулийн заалт нь иргэд даатгуулагчдыг тэтгэвэрт гарах насанд ойртох үедээ 5 жил дараалан шимтгэлээ өндрөөр төлж, бусад жилүүдийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлж байгаагаас тэтгэврийн сангийн орлого багасаж, тэтгэврийн зардал, улмаар сангийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байна.

Иймд энэхүү дараалсан 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж 7 жил болгох шаардлагатай гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэл шаардлагыг харгалзан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтад холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгалаа.

Хуулийн төсөл хэрэгжсэнээр ахмад настны орлогын баталгаа сайжрах, тэтгэврийн тогтолцооны шударга байдал нэмэгдэх, тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагавар бий болно.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн зүүн хагаст цасан болон шороон шуурга шуурна

цасан шуурга зурган илэрцүүд

Энэ сарын 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зүүн аймгуудын нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно.

Салхи 5-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга, 7,8-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Хөрөнгийн бирж 29 компанийн 945 224 ширхэг хувьцаа арилжсан байна

Зураг

Хөрөнгийн биржийн I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 945, 224 ширхэг хувьцаа арилжсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Мон-Ит Булигаар” MBG+14.94 хувь, “Жуулчин Говь” JGV+17.75 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хай Би Ойл” HBO-10.01 хувь “Улаансан” UNS- 9.03 компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 240 ширхэг үнэт цаасыг 519.9 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,000 ширхэг үнэт цаасыг 100.0 сая төгрөгөөр арилжаалжээ.

Хувьцааны багцын арилжаагаар 40 604 ширхэг үнэт цаасыг 743.0 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Ингэснээр “TOP 20” индекс 20562.83 нэгж болж 2.28 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд 30 тэрбум 337 сая 305 338 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарна уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дагуул хотууд бий болсноор эдийн засгийн шинэ боломжууд үүснэ

Эдийн засгийн өөрчлөгч клубээс “Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг бүтээн байгуулалттай хэрхэн уялдуулах вэ” сэдвээр хэлэлцүүлэг хийлээ. Тус хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, МУГБ, Архитектор Я.Шархүү, Монголын барилгын үндэсний ассоциацын УЗ-ын дарга Д.Цэнд, МҮХАҮТ-ын дэргэдэх барилгын зөвлөлийн дэд дарга Г.Батжаргал нар оролцлоо.

Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд гурван шинэ урсгал буюу Эмээлтээс Бага-Хангайн зөрлөг хүртэлх төмөр замын, хөшигтийн хөндий шинэ нисэх буудал дагасан агаарын, Улаанбаатар-Хөшигт чиглэлийн хурдны зам буюу авто тээврийн дэд бүтцийн шинэ коридорууд бий болох боломж байгаа талаар хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлэгийн эхэнд Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн ярихдаа Агаарын бохирдлын 80 хувийг гэр хороолол эзэлж байна. Барилга байгууламжыг нэмэгдүүлснээр хот төлөвлөлт болоод агаарын, хөрсний бохирдлыг багасгах боломжтой. Хятадаас хоёр тэрбумын буцалтгүй тусламжаар 20 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэхээр болсон. Гэр хорооллыг төв, дундын, захын гэсэн гурван бүсэд хуваан авч үзнэ. Хот байгуулалт ерөнхийдөө баруун урд зүгрүү тэлэх хандалагатай байна. Хөшигтийн хөндийд зөвхөн онгоцны буудалд зориулж хот байгуулна гэж байхгүй. Эдийн засгийн нээлттэй бүс болох ёстой. Хүн суурьшина гэдэг бол тэнд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай. Суурьшлын бүсүүд тогтвортой байх хэрэгтэй. Хөшигтийн хөндийд мөнгөн урсгалыг хэрхэн бий болгох вэ? Мөн онгоцны буудлыг тойрч ямар ямар салбарууд хөгжиж болох тал дээр судалгаа хийж байна. Дараагийн асуудал бол төв цэвэрлэх байгууламж. Хоногт 250м куб бохир цэвэрлэх шугам барихаар зураг төслөө гаргасан. Уг төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтаа шийдсэн. Энэхүү цэвэрлэх байгууламж 30-40 жилийн турш хэрэглээнд байх юм. Гурав дах асуудал бол гүний усны нөөц. Нийслэлд гүний усны нөөц багассаар байна. Сонгинод гүний ус нэмэлт хайгуул хийхээр тохиролцсон. Хоёр дах гүний усны нөөцөө бэлдэхээр ажиллаж байна. Бид ус, бохир, инженерийн дэд бүтэц, барилга хот байгууламж гэсэн үе шаттайгаар ажлуудыг хэрэгжүүлж байна” гэв.

Үүний дараа Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү хэлэхдээ: “Нийслэлийн иргэдийн тулгамдаж буй асуудлууд нь утаа, түгжрэл, нийтийн тээврийг шинэчлэх юм. Улаанбаатар хотод амьдардаг 216000 өрхийн 43 хувь нь орон сууцанд байна. 40000 орчим өрхийг цахилгаан халаагуурт холбох ажил эхлүүлсэн. Үлдсэн айл өрхүүдийг урт хугацаатай орон сууцжуулах ажил явуулна. Эдгээр өрхүүд түүхий нүүрс түлэхгүй, сайжруулсан шахмал түлш хэрэглэх шаардлагатай болж байгаа юм. Төвийн шугам сүлжээнд холбогдох 24 байршилд гэр хорооллын дахин төлвлөлтийг цааш нь үргэлжлүүлнэ. Ойрын арван жилдээ дэд бүтэц очих боломжгүй байгаа дундын бүсэд өөр дээр нь инженерийн бүтцийг барина. Ингэснээр 200-300 өрхийг цахилгаан дулаанд холбон хотхон бий болгох төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Энэхүү хотхонд авто зам, явган зам, камержуулалт, ногоон байгууламж, гэрэлтүүлэгийг цогцоор нь шийднэ. Энэ жил гурван байршилд барилгын ажил эхлэнэ. Намар есөн сард иргэдэд орон сууцыг нь хүлээлгэж өгнө” хэмээв.

Мөн хэлэлцүүлгийн үеэр барилгын салбарынхан “Налайх, Майдар Сити, Зуун мод, Хөшигтийн хөндий, Өлзийт хороолол, Буянт ухаа, Яармаг гэсэн чиглэлд дэд бүтцээр шинэ хот богино хугацаанд босох боломжтой.Хот байгуулалт гэдэг бол хэдхэн жилийн ажил биш. Хот байгуулалтыг хийж бүтээх, бүтээн байгуулах замаар 50-100 жил үргэлжлэнэ. Дэд бүтцийн гурван шинэ урсгалыг дагаад худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийг давхар төлөвлөнө. Мөн ОХУ, БНХАУ-аас гадна олон улстай хийх худалдаа, эдийн засгийн урсгалыг сайжруулах нь ажлын байр, хүн амын орлогыг нэмэгдүүлэх бодит нөхцөл болно” гэдгийг онцолж байв.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ БАТАЛСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН С.БАЯР БОЛОН БУСАД САЙД НАРЫГ Ч ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын Хаврын чуулганы хуралдаан эхлэх гэж буйтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.04.03/ ээлжит хуралдаанаа хийж, УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулиудын төсөл, Монгол Улсын Засгийн газрын гадаад өр, зээлийн асуудал болон бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

МАН-ын хариуцлагагүй 65 гишүүнээр Үндсэн хуулийг хэлэлцүүлэх нь буруу

Хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хэд хэдэн анхаарал татсан хуулийн төслүүд байна. Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх, үндсэн чиглэлийн биелэлт буюу Засгийн газар бүтэн жилийн ажлыг дүгнэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлтээ гаргана гэдгээ бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд хэллээ. Түүнчлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр бүлгээс нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, ажлын хэсэгт саналаа өгсөн байгаа. Харамсалтай нь уг хуулийн шинэчилсэн найруулга дээр нийслэлийн онцгой статусыг тусгах талаар хангалтгүй заалтууд орсон. Тиймээс Ардчилсан намын бүлгээс нийслэлийн онцгой статусыг бүрэн хангасан, удирдлагын, хот төлөвлөлтийн болон өмч, татвар болоод орлоготой холбоотой асуудлуудыг маш зөв зохицуулсан хууль батлах ёстой гэж үзэж байгаагаа мөн илэрхийллээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүлгийг зүгээс хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа. Учир нь УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудлууд сүүлийн үед их гарах боллоо. Тиймээс Үндсэн хуульд нийцүүлсэн хэмжээнд хуулиудын өөрчлөлтөд анхаарлаа хандуулах болно. Намрын чуулганаар нэг маргаан дагуулсан хууль бол Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Намрын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль нь унаад Засгийн газар руу буцаагдсан учраас тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг дахин хэлэлцэнэ.

Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр орж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага. Ялангуяа УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлага, улстөрийн намуудын тухай, орон нутгийн сонгуулийн бие даасан байдлын, нутаг дэвсгэрийн өөрчлөлт, төсвийн бие даасан байдлын хангах зэрэг асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий. Гэхдээ бүлгийн зүгээс МАН-ын хариуцлагагүй 65 гишүүнээр Үндсэн хуулийг хэлэлцүүлэх нь буруу гэж үзэж байгаа. Үндсэн хуулийг өргөн хэлэлцүүлэг хийж, ард түмнээрээ хэлэлцүүлж, улстөрийн бусад намууд, төрийн бус байгууллагуудтай ярилцаж, шийдэж байж энэ асуудлыг ёстой.

З.Нарантуяа:Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 74.4 хувьд хүрчихсэн байна

Монгол Улсын Засгийн газрын өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь Засгийн газрын гадаад өрийн асуудал болоод байна. Энэ Засгийн газрын тавьсан гадаад хангалттай болчихсон. Үүнээс цаашаа явахаар бол улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал болно. Учир нь Монгол Улсын Засгийн газрын өр өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 74.4 хувьд хүрчихсэн байна. 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар дөрвөн тэрбум гаруй ам.доллар байсан бол өнөөдөр долоон тэрбум гараад явж байна. Эрх баригчид өр тавихдаа өмнөх өрийг хааж байгаа гэж тайлбарлаж байгаа. Гэтэл өмнөх өрийг дарах зорилгоор тэр бум гаруй ам.долларыг л зарцуулсан. Тэгвэл зөрүү тэрбум гаруй ам.доллар хаашаа орсон нь тодорхойгүй байна. Тиймээс Засгийн газрын гадаад өрийн бүх зарцуулалтыг эргэж харах шаардлагатай байна. Мөн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд дахиад нэг тэрбум орчим ам.долларын зээлийг авахаар яригдаж байна. Энэ мэтээр өр нэмэгдэх хүлээлтүүд үүссэн байгаа. Тиймээс бүлгийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын гадаад өр, зээлийн асуудлаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа.

Д.Эрдэнэбат: Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудлаар ажлын хэсэг байгуулахыг УИХ-ын даргаас шаардана

Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр гээд уул уурхайн том стратегийн ордуудыг тойрсон асуудлыг судлах ажлын хэсэг байгуулахаар болов. Оюутолгойтой холбоотой асуудлаар Ардчилсан намын гурван хүнийг баривчилсан байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор гэрээ хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баярт өгсөн тогтоол байгаа. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг УИХ батлаагүй. Харин С.Баярын Засгийн газар баталсан юм. Ажлын хэсгийн нь тухайн үеийн Эрдэс баялгийн сайд Д.Зоригт ахалж байсан. Тэгвэл уг гэрээтэй гол холбогдож байгаа хүмүүсийг шалгахгүй, байцаахгүй Ардчилсан намтай холбоотой гурван хүнийг баривчилж байгаа нь улс төрийн захиалга байна уу гэсэн болгоомжлол бий болгож байна. Тиймээс шалгах л гэж байгаа бол намаар нь ялгахгүй тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр, Эрдэс баялгийн сайд Д.Зоригт гээд шалгах хэрэгтэй.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкны барьцаанд тавьсан. Түүнээс үүссэн хохирлын асуудлаар ажлын хэсэг байгуулж, учирсан хохирлыг холбогдох этгээдүүдээр төлүүлэх шаардлагыг УИХ-ын даргад УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хүргүүлж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар Арбитрын шийдвэрийг Засгийн газар дотоодын шүүхээрээ авч хэлэлцэх боломж байгаа гэсэн зүйлийг яриад байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
З.Нарантуяа:Олон Улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг Монгол Улсын хувьд эргэж авч үзэх тухай асуудал байхгүй. Ямар ч гарц байхгүй гэсэн үг.

-Оюутолгойтой холбоотой УИХ-аас байгуулсан ажлын хэсэгт Ардчилсан намаас гишүүн байгаа юу?

Д.Эрдэнэбат: Ардчилсан намаас З.Нарантуяа гишүүнийг оруулсан байна. Гэхдээ эд нар ажлын хэсэг байгуулаад анхныхаа хурлыг хийсэн байна. Маш ноцтой нэг зүйл нь энэ ажлыг хэсгийг урьдчилсан байдлаар дүгнэлтээ гаргачихаад, өмнөх шалгалтууд дээр үндэслээд дүгнэлт гаргана гэсэн асуудал яригдсан байгаа юм. Ингэж болохгүй. Хэрвээ ажлын хэсэг гаргасан л юм бол шинээр бүгдийг нь шалгаад, дүгнэлтээ цоо шинээр гаргах ёстой. Ажлын хэсгийн гол зорилго нь хөрөнгө оруулалтын гэрээг шалгах юм. Түүнээс Оюутолгойн үйлдвэрийг шалгах биш. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нь нийтэд ойлгомжтой болсон. Энэхүү гэрээний буруу, зөв нь юундаа байсан, Монгол Улс яаж хохирсон юм гэдгийг үнэн зөв дүгнэж гаргах ажлын хэсэг. Тиймээс ч дүгнэлтээ яг үнэн зөвөөр нь гаргаарай гэдэг үүргийг ажлын хэсгийн гишүүн З.Нарантуяад өгсөн.

-Ардчилсан намын зүгээс шалгагдаж байгаа намынхаа гишүүдийг өмгөөлж, хамгаалах уу. Өнөөдрийн байдлаар С.Баярцогтыг Ардчилсан намаас хөөчихсөн. энэ хүнийг өмгөөлж, хамгаалах уу?

Д.Эрдэнэбат: Ардчилсан нам гишүүдээ өмгөөлөлгүй яахав. Гэхдээ асуудалд тэнцвэргүй, улстөрийн өнцгөөр хандаад байвал бид үгээ хэлэх л ёстой. Ардчилсан намын гурван гишүүнийг би шалгуулахдаа үнэн зөвөө олоод гараасай гэж үзэж байгаа. Бидний эмзэглэж байгаа нэг зүйл нь яагаад зөвхөн Ардчилсан намын гишүүдийг бариад байгаа юм. Яагаад гол хариуцагч болох Засгийн газрын тэргүүн, ажлын хэсгийг ахлагчийг барихгүй байна вэ гэхээр МАН харагдаад байгаа юм. Тэгэхээр нь чинь улстөрийн хэлмэгдүүлэлт руу явчих вий гэсэн болгоомжлол байгаагаа л хэлж байна. Танай, манай намын гэсэн ялгаврыг байлгаж болохгүй зүйлийг хууль хяналтын байгууллагууд хийж байгаа шүү гэдгийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Махатма гандийн гудамжийг нарны замтай холбох 0.41 км түр замын ажил эхэллээ

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замын ажлыг эхлүүлээд байна. Тус замыг барьснаар Гандигийн гудамж Нарны замтай холбогдож, Энхтайваны гүүр, Соёолжийн нүхэн гарцын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг бууруулах ач холбогдолтой юм. Уг зам нь 2 эгнээ, 7 метрийн өргөнтэй, нэг талаараа явган хүний замтай байхаар төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар хуучин гүүрний хучилтын хавтанг бүрэн хуулж, 2 дугаар алгаслалын 11 ширхэг дам нурууг авч, хуучин гүүрийн 4 ширхэг тулгуурыг буулгаад байна.

Мөн хог хаягдлыг цэвэрлэх, газар чөлөөлөх ажлууд хийгдэж байгаагийн зэрэгцээ 650м2 ул хөрсний нягтруулалт, 350м газар хөрсний хуулалт хийгдээд байна. Уг замыг 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусгаж, хүлээлгэн өгнө гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ

АНУ-ын Н-2 виз мэдүүлэх эрх нээгджээ

Image result for H-2B

Гадаад харилцааны яамнаас “IV сарын 1-нээс АНУ-ын Н-2 виз мэдүүлэх эрх нээгдсэн талаар мэдээллээ. Энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласнаар Монгол Улс H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын нэг болсон.

Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг байна.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг байна. Энэхүү визтэй холбоотой мэдээллийг Consul.mn сайтын “Хөдөлмөрийн виз” гэсэн хэсэгт байршуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ сарын 14-нд болно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цэвэрлэгээг нэгэн зэрэг нийслэл даяаар 11:00 цагт эхлүүлэх бөгөөд иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.

Их цэвэрлэгээний 90 минут 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна. Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриалж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ЗурагЗочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ижил мэргэжлийн ажилтнуудтай туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, ажил мэргэжлийг сурталчилах зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоо, Аялал жуулчлалын мэргэжлийн ур чадварын сургууль хамтран ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав.

Тэмцээнд зохион байгуулагчдын зүгээс тавьсан шалгуур болон мэргэжлийн ур чадвараараа шалгарсан Шангри-Ла, Баянгол, Нотел наян, Зүчи, Рояал моунтайн зэрэг нийт 18 зочид буудлын 40 гаруй оролцогч 5 төрлөөр мэргэжлийн аваргад өрсөлдсөн байна. Үүнээс Зочин хүлээн авагч мэргэжлийн аваргаар Шангри-Ла зочид буудлын ажилтан Ч.Хулан, Өрөөний үйлчлэгч мэргэжлийн аваргаар Баянгол зочид буудлын ажилтан Л.Эрдэнэчимэг, Угаалгын ажилтан мэргэжлийн аваргаар Шангри-Ла зочид буудлын ажилтан Н.Насанжаргал, Тогооч мэргэжлийн аваргаар Нотел наян зочид буудлын ажилтан Г.Ган-эрдэнэ, Зөөгч мэргэжлийн аваргаар Баянгол зочид буудлын ажилтан М.Жамсран нар тус тус шалгарч цом, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
Мөн тэмцээний үеэр зочид буудал зоогийн газрын үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан хүнс, ахуй хангамжийн үзэсгэлэн худалдаа хамт явагдсан бөгөөд нийт 30 гаран байгууллага өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан оролцлоо. Үзэсгэлэнгийн шилдэг оролцогч байгууллагаар Тарпеза ХХК, Шилдэг талбайн тохижилт хийсэн байгууллагаар Монгол кофе ХХК-д шалгарч ивээн тэтгэгч байгууллага М.А.Т турс ХХК-ны нэрэмжит шагнал болох Япон улсын Токио хот руу аялах нислэгийн тийз, дараа жилийн үзэсгэлэнд оролцох талбайн эрх зэргээр шагнуулсан байна.